Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НӨАТ-ын баримтын сугалааны ээлжит тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын баримтын сугалааны ээлжит тохирол өнөөдөр “Боловсрол ТВ”-ээр 19:30 цагаас орон даяар шууд явагдана.

Энэ удаагийн тохирлоор дөрөвдүгээр сард хамаарагдах сугалааны азтнуудыг тодруулна. Тиймээс дөрөвдүгээр сард хийсэн худалдан авалтын баримтаа өнөөдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлэх шаардлагатай юм.

Мөн он гарснаар супер сугалааны шагналын эзэн тодроогүй тул шагналын сан 250 сая төгрөг болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2017 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 22-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-29 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы цахим сониныг 5000 төгрөгөөр захиалаарай

Image may contain: one or more people and text“Өдрийн сонин”-ы цахим сонины төлбөр нэмэгдэх болсон билээ. Энэ гуравдугаар сарын 1-нээс уншигч та бүхэн цахим сониноо 5000 төгрөгөөр захиалах боломжтой болсон. Манай цахим сонины төлбөр сүүлийн найман жилд тогтвортой 3000 төгрөг байж ирснийг эрхэм уншигч та бүхэн мэднэ.

Харин одоо эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим сонины төлбөрт өөрчлөлт оруулж буйг эрх уншигчид маань ойлгож хүлээж авах буй за. Хэрэв та захиалахыг хүсвэл дараах холбоосоор хандана уу.

https://admin.dnn.mn/plugins/news/login/

Categories
мэдээ цаг-үе

Ц.Дашцэвэл: Вьетнамтай харилцаагаа идэвхжүүлснээр Зүүн өмнөд Азийн том зах зээл рүү хөл тавина

БНСВУ-ын дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь манай улсад хийсэн албан ёсны айлчлалын эргэн тойрондох асуудлаар Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, доктор профессор С.Дашцэвэлтэй ярилцлаа.


-Вьетнамын дэд ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний айлчлал хэдийгээр богино хугацааных байсан ч их ажил амжууллаа. Эмэгтэй хүн болоод ч тэр үү, айхавтар ажил хэрэгч, чамбай нэгэн юм байна. Одоохондоо Монгол, Вьетнамын харилцаа даруухан байгаа. Ялангуяа эдийн засгийн харилцаа идэвхтэй биш. Манайхан Зүүн өмнөд Азийн зах зээлийг судлаагүй. Учир нь Монгол, Вьетнамын хооронд том гүрэн хөндөлдөөд байж байна. Хятадыг давж Зүүн өмнөд Азийн орнууд руу орж чадахгүй байна. Хэрэв Вьетнамын зах зээл рүү орвол бидэнд хэрэгтэй. Саяын дэд Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол, Вьетнамын худалдаа-эдийн засгийн харилцааг яаж өргөжүүлэх асуудлаар талууд ярилцаж, тохиролцсон нь нэлээд чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл Вьетнамтай харилцана гэдэг бол Зүүн өмнөд Азийн АСЕАН хэмээх холбооны хамгийн том хаалгыг татаж, босгоор нь алхлаа гэсэн үг. Тус улс Зүүн өмнөд Азийн орнууд дотроо нэр нөлөө ихтэй орон. Сүүлийн үед түргэн хөгжиж байгаа. Эдийн засгийн өсөлт нь өндөр Хятадын дараа орж байна. Дайн үзсэн улс болохоор ард түмэн нь их хөдөлмөрч.

Бид энэ оронтой харилцаагаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Зүүн өмнөд Азийн арван улс АСЕАН-ы холбоонд нэгдээд худалдааны чөлөөт зах зээлд шилжчихсэн. Худалдааны чөлөөт зах зээлийг амжилттай хэрэгжүүлж байна. Европын холбооныхоос ч их хүн амтай том хамтын нийгэмлэг болчихоод байна.Тэгэхээр Вьетнамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэг бол дээрх холбооны улсуудын 600 сая хүн амтай том зах зээл рүү хөл тавьж байна гэсэн үг. Тиймээс энэ удаагийн дэд Ерөнхийлөгчийн айлчлалын ач холбогдлыг бага үнэлж болохгүй.

-Манайхаас ямааны мах авахаар болж байна. Туршилт амжилттай болбол 200 мянган тн ямааны мах авна гэлээ. Энэ дүн өсөх боломжтой юу?

-Вьетнам бол халуун орон учраас сэрүүн чанарын мах хэрэглэдэг. Манай улсын хувьд тэдний эрэлт хэрэгцээний дагуу ямааны мах их хэмжээгээр нийлүүлэх бүрэн боломжтой нь тодорхой. Энд нэг зүйлийг хэлэхэд Вьетнам улс малын махыг Австралиас авч байгаа. Энэ хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээгээр махны гаалийн татварыг багасгачихсан. Дээр нь далайгаар тээвэрлээд хямд мах авдаг. Тийм учраас тэдэнтэй өрсөлдөх хэрэг гарна. Тус улс манайхаас мах авах гэхээр үнэтэй тусдаг. Тиймээс юуны түрүүнд хоёр улс гаалийн татварын асуудалдаа анхаарах хэрэгтэй. Харин саяхан махны асуудалд том тээг болж байсан хорио цээрийн асуудлыг шийдсэн.

Вьетнам руу гүн хөлдөөсөн мах экспортлоход заавал Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх болохоор тээврийн зардал гэх мэтийг Хятадын талтай нарийн ярилцах хэрэг гарах болов уу даа. Учир нь Хятадад махны хэрэгцээ асар их байгаа. Өөрийнхөө зах зээлд шингээх бодлого бий.

Хэрэв Вьетнам улс манайхаас ямааны махыг тогтвортой авдаг болчихвол цаашдаа АСЕАН-ы гишүүн Лаос, Камбож, Тайланд гээд бусад орнууд нь ч сонирхоод эхлэх магадлал өндөр шүү. Халуун орны хүмүүс сэрүүн чанарын мах түлхүү хэрэглэх дуртай. Тэдгээр улсууд чинь чөлөөт худалдааны бүс болчихсон учраас гаалийн татваргүй хямд мах Вьетнамаас авах боломжтой.

Сонирхуулахад, вьетнамчууд ямааны махыг арьстай нь авна гэдэг. Тэд хуйхалсан мах иддэг уламжлалтай. Тийм болохоор энэ саналаа манайд бас тавьдаг. Манайх хуйхалсан мах нийлүүлэх болбол өртөг нь өндөрсөх учраас боломжгүй юм билээ.

-Мөн манай улсад нефть нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа. Харин манай улсын аль салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг вэ?

-Вьетнамын өмнөд нутгийн далайд нефтийн ордууд бий. Вьетнамчууд түүхий нефтиэ экспортолдог. Хэрэв манай улс нефть нэрдэг үйлдвэртэй болбол зөвхөн Оросоос аваад байх биш өөр гарц нээгдэж байна гэсэн үг. Тус улс бас ашигт малтмал, нефтийн эрэл хайгуулд оролцох сонирхолтой. Тэд энэ салбарт хөрөнгө оруулах боломжтой. Мөн зам гүүрийн барилга байгууламж бүтээн босгох ажилд туршлагатай улс. Вьетнамчууд сүүлийн үед давхар зам гүүрийг богино хугацаанд чанартай барьж байгуулж байгаа. Иймэрхүү ажилд оролцох сонирхол бас бий.

Манайхаас махнаас гадна, арьс шир сонирхдог. Тэдний гутал, пүүзний үйлдвэрлэлийн орлого нь газрын тосны дараагаар ордог юм. Одоо манайх арьс ширээ түүхийгээр нь гаргаж байна. Энэ салбарт вьетнамчуудтай хамтарч ажиллавал аль аль талдаа хэрэгтэй. Ер нь мах, арьс, шир, ноос, ноолуурын үнэ дэлхийн зах зээлд байнга хадгалагдаж байдаг. Ийм салбар руу хөрөнгө оруулбал хоёр талд ашигтай. Вьетнамчууд манайд мах боловсруулах үйлдвэрт хөрөнгөө оруулбал өөрсдөө мах аваад зогсохгүй гадаад зах зээлд гаргах боломж ч бүрдэнэ.

-Саяын айлчлалаар яригдсан бас нэг асуудал бол батлан хамгаалахын салбар байлаа. Тус улстай энэ салбарт яаж хамтран ажиллах вэ?

-Вьетнам бол олон жил дайнтай байсан. Тэр үед Өмнөд Вьетнамд Америк, Хойт Вьетнамд нь ЗХУ тусалсан. Тэгэхээр вьетнамчууд энэ хоёр том гүрний аль алиных нь зэвсэг, техник, арга тактик гээд олон зүйл үлдээж авсан. Батлан хамгаалах чадварын хувьд Зүүн өмнөд Азийн хамгийн чадалтай улс юм. Тиймээс тус улстай батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах өнцгийг анхаарах л асуудлын нэг гэж би хувьдаа бодож байна даа.

-Вьетнамын боловсролын чанар ямар вэ. Хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын тоог нэмэгдүүлэх тал дээр тохиролцоонд хүрлээ шүү дээ?

-Манайхан тус улсыг соёл, боловсролын хувьд тааруу, их хоцрогдсон гэсэн ойлголттой байдаг л даа. Вьетнам хүнийг гадна талаас нь хараад дүгнэх аргагүй. Харин дотоод ертөнц рүү нь өнгийвөл их мэдлэг соёлтой улс. Жишээлбэл, энгийн хар бор ажлын хүн гэхэд л улс орныхоо үүх түүхийн маш нарийн зүйлийг гайхалтай сайн мэддэг. Аль XIII зууны Вьетнамтай харилцаж байсан Хубилай хааны үеийн түүхийг гэхэд гайхмаар нарийн юм ярьж байх жишээтэй.

-Манай улсад ажилладаг авто засварын газруудын дийлэнх нь вьетнамчууд байдаг. Энэ удаагийн айлчлалаар хөдөлмөрийн гэрээний санамж бичиг байгуулсан нь тэдний асуудалд төр анхаарлаа хандуулна гэсэн үг үү?

-Хоёр улсын хооронд ажиллах хүчний хөдөлмөрийн гэрээ гэж байгаагүй. Монголд мэргэжилтэй, мэргэжилгүй янз бүрийн вьетнам хүн амьдарч байна. Албан ёсоор ажиллуулахад улсаас эрүүл мэндэд нь анхаарч, нийгмийн даатгалд хамруулах зэрэг хариуцлага байх ёстой. Харин вьетнам авто засварын газруудын тухайд хөдөөгийн ажилгүй шахам хүмүүс голдуу байдаг. Зарим нь Вьетнамдаа энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байна. Тэд Монголд ирээд авто засварын газар байгуулж, бие биеэ сургаж, амьдралыг нь сайжруулах маягаар дэмждэг. Тэд манай улсыг гадаадаас хуучин машин авдаг, засч унадаг зэргийг сүрхий анзаарч харсан байгаа юм. Тэгээд олон засварын газар байгуулсан.

-Манай Засгийн газрын тэргүүн Вьетнамын дэд Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээний дараа Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил “Тус улсаас бэлэн бүтээгдэхүүн түүн дотроо радио электрон, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлох бололцоотой” гэж байсан. Өөр юу, юу авч болох вэ?

-Ер нь энэ улс халуун дулаан бүсийн орон учраас манайд байдаггүй зүйл их бий. Жишээлбэл, кофе тэндээс авбал хамгийн ойрхон зах зээл. Тус улс экспортоор Бразилийн дараа ордог. Мөн чихэр, жимс, цагаан будаа авч болж байна. Зүүн өмнөд Азидаа перцээрээ хамгийн алдартай орон. Эд барааны хувьд жинхэнэ хүр хорхойн мяндсан торго байдаг. Мөн бэлэн хувцас нь чанартай бас хямд.


Categories
мэдээ цаг-үе

Оюутнууд цахилгаан автомашин бүтээжээ

Аливаа улс орон, аж ахуйн нэгжийн хөгжлийн түвшин инновацийн идэвхжлээр тодорхойлогдож буй эрин үед бид амьдарч байгаа билээ. Инноваци нь өрсөлдөх чадварыг бий болгоод зогсохгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл, хөдөлгөгч хүч. Үүний үр дүнд үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийн дэвшилд хүргэдэг болохыг бүх нийтээр хүлээн зөвшөөрч буй цаг үе. Иймд Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд бүтээлч сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг ШУТИС болон Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газраас зохион байгуулж байгаа юм. Үүний хүрээнд өчигдөр Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” болж өнгөрлөө. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компаниуд, инновацийн төв, лаборатори зэрэг өндөр технологийн төлөөлөл болсон байгууллагууд оролцлоо.

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар төр хувийн хэвшил, Монголын томоохон аж ахуйн нэгжүүд юу авахыг хүсч байна вэ, ямар инноваци хүсч байна вэ гэдгийг олж мэдэх боломжтой хэмээн харж буйгаа албаныхан тайлбарлаж байв. Энэ үзэсгэлэнд хамгийн их анхаарал татсан бүтээл гэвэл Монголын үндэсний их сургуулийн төгсөх дамжааны оюутнуудын хийсэн “G500” маркийн автомашин байлаа. Үүнийг Suzuki, santona загварын автомашинуудын загваруудаас санаа авч бүтээсэн ажээ. Энэ нь “MGL170” нэртэй юм байна. Тодруулбал, таван ширхэг аккумулятортой, тогонд бүтэн цэнэглээд 100 километр явах боломжтой, 800 кг-ын даацтай, дөрвөн хүний суудалтай, хоёр хаалгатай энэ автомашиныг харахад “G сlass”-ын жижгэрүүлсэн загвар шиг харагдах аж. Энэхүү машиныг 7,5 сая төгрөгөөр зохион бүтээсэн гэнэ. Оюутнууд энэ бүтээлээ сургуульдаа үлдээх хүсэлтэй ч худалдан авъя гэсэн хүмүүс олон байгаа гэнэ. Мөн оюутнууд бүрэн автомат хаусны загвар бүтээжээ. Бүх зүйл нь удирдлагатай байхаар зохиосон аж.

Үүнээс гадна эм, эмийн бүтээгдэхүүн, гарааны компаниудын өрөмдлөгийн 3D машинуудаар хийсэн гэр зэрэг байв. Энэхүү үзэсгэлэн нь соёл урлаг, боловсролын гэсэн олон нэр төрлийн инновацууд оролцсноороо онцлог ажээ. Ихэнх нь гадагшаа зах зээлд гараад танигдчихсан байна. ОХУ-д гардаг бүтээгдэхүүнүүд энд тавигдсан байлаа. Шинжлэх ухааны академи дээр байгаа оюуны өмчийн зарим патентуудыг иргэдэд үнэгүй өгч байгаа юм байна. Патент авахын тулд Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хандах ёстой ажээ.

Мөн энэ өдөр Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” болж, Монголд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэх бодлого, стратеги, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар оролцогчдод нэгдсэн ойлголт өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад боллоо

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд зохиогдох “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад 14:00 цагаас эхэллээ. Энэхүү арга хэмжээг Залуучуудын холбооноос санаачлан, зохион буй аж. Парадад оролцсон 1000 дугуйчин Монгол орны газрын зураг болон үг бүтээж, уриалга гаргах зорилготой юм. Дугуйн парад МУИС-ийн хичээлийн 1-р байрны 4 замын уулзвараас эхэлсэн юм.

О.ӨНӨР

Гэрэл зургуудыг С.ГЭРЭЛТ-ОД


Categories
мэдээ нийгэм

Төгсөгчдийг ЭЕШ-ын суудлын хуваариа хэвлэж авахыг анхааруулж байна

ЭЕШ-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн байна. ЭЕШ-ыг Улаанбаатарт 27 шалгалтын байранд, хөдөө орон нутагт 22 шалгалтын байранд зохион байгуулна.

Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

Хэвлэхдээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсэгт дарна. Дараа нь зүүн дээд буланд байрлах хэвлэх гэсэн хэсэгт дарж хэвлэх ёстой аж. Шалгуулагчид Монгол хэлбичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

1.Бүртгэлийн хуудас \ Баталгаажуулсан байх. Энэ онд ЕБС төгсөж байгаа бол сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Өмнөх оны төгсөгч бол БҮТ-д ирж гарын үсэг зуруулж баталгаажуулна\

2.Суудлын хуваарь

3.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсролын баримт бичиг

4.Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Автомашингүй өдрийн аз жаргалтай ЖААЛУУД

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ нийгэм

Автомашины хөдөлгөөний хязгаарлалт 18:00 цагт дуусна

Жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна. Үүний хүрээнд зарим замын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллаж байна.

Тодруулбал, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжаас дотогш замуудыг түр хугацаагаар хаан, авто хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

Энэхүү хязгаарлалт 08:00 цагт эхэлсэн бөгөөд 18:00 цагт дуусах юм.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНАСАУ-д айлчлав

ЗурагМонгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн-ий урилгаар энэ оны 5 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд БНАСАУ-д айлчлав.

Дэд сайд Б.Батцэцэг айлчлалын хугацаанд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга, Намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, Ардын Дээд Хурлын Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ен, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн-тэй албан ёсны хэлэлцээ хийв.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, бүс нутгийн байдлын талаар санал солилцов. Яриа хэлэлцээний үеэр дэд сайд Б.Батцэцэг энэ оны 6 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IV бага хуралд БНАСАУ-аас албан ёсны төлөөлөгч оролцохыг урив. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд боллоо.