Categories
мэдээ соёл-урлаг

“Тов” роман Бүдрагчаагийн Оюунчимэгийн орчуулгаар “мэндэллээ”

“Тов” романыг орчуулагч МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн хөтлөгч Бүдрагчаагийн Оюунчимэг ийнхүү өгүүлжээ.

“ Улс оронд сонгуулиуд ар араасаа болж, сайд нар өөрсдийн багтайгаа ээлжлэн солигдож, санхүү, аж үйлдвэрийн том том нэгдлүүд яг л хөөсөн бөмбөлөг мэт хагарч, өчигдөрхөн Ерөнхийлөгчийн мөрийг алгадан “найрч” явсан олигархиуд хог шаар болон хувирч байлаа. Харин хэн ч таньдаггүй байсан, загас мэт чимээгүй нэгэн улс төр, санхүүгийн тэргүүн суудлыг эзэгнэж эхлэв…”
Энэ бол миний орчуулан хэвлүүлсэн “Тов” романы хэсэг. Зохиолч Марина Юденич социалист тогтолцоо нуран унасны дараах Оросын байдлыг зохиолдоо энэ мэтээр өгүүлсэн нь манайхтай, “бидэнтэй” дэндүү адилхан санагддаг. Тэрээр сэтгүүлч, дээр нь улс төрийн технологчийн хувьд: “Ардчилсан” нэртэй сонгуулиуд эцэстээ хүмүүсийн нүдэнд харагдаж, танигддаггүй “Хэн нэг”-ний хүсэл зоргоор яваад байгаа юм биш биз?!” гэсэн асуултыг уншигч өөртөө тавиасай гэж хүссэн гэж бас боддог. Би энэ асуултыг өөртөө олонтаа тавьсан. Ялангуяа өнөөдөр…

“Тов” романыг “Интерном”-ын салбаруудаар худалдаж байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэ-гийн анхны албан ёсны шүүх хурал маргааш болно

Маргааш Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-гийн албан ёсны шүүх хурал Сөүлийн төв дүүргийн шүүхэд болно. Тэрээр 59 тэрбум 200 сая воны авлигын хэрэгт холбогдон шүүгдэж байгаа юм. Шүүх хурал өглөө 10:00 цагт эхлэх бөгөөд 40 жил үерхсэн найз Чуй Сүн Шил нь түүнтэй хамт тэй зэрэгцэн суух аж. Тэрээр Чуй Сүн Шил-тэй өнгөрсөн 10 дугаар сараас хойш уулзаагүй бөгөөд долоон сарын дараа ингэж хоёр биенээ харах боломж бүрдэж буй аж.

Мөн түүнтэй хамт Лотте группийн эзний шүүх хурал болно. Пак Гын Хэ-г Сөүлийн цагдан хорих төвөөс өглөө 8:00 цагт тусад нь нэг машинд авч явах ба хоёр талаас нь цагдаагийн машин хамгаалан явах юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Японд төмс экспортолж, Хятадтай хамтарсан лаборатори байгуулна

-Ерөнхий сайд өнөөдөр Булган, Орхон аймагт ажиллана-

Энэ онд улсын хэмжээгээр 381,6 мянган га-д үр тариа, 23,6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23,2 мянган га-д тэжээлийн таримал, 28,6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил ид явж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 21-ний ням гаригт газар тариалангийн бүс нутаг Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, зарим аж ахуйн нэгжийн тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочидтой уулзан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонслоо. Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Булган, Орхон аймагт ажиллах юм.

Япон Улсад төмс экспортолно

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амралтын энэ өдөр эхлээд Төв аймгийн Жаргалант сумын нутаг дахь “Хөх баян булаг” ХХК-ийн улаан буудайн тариалалтын явцтай танилцлаа.

Тус компани энэ онд 3000 га-д улаанбуудай тарихаар төлөвлөсөн байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд тариалалт эхэлсэн, өнөөдрийн байдлаар 93 хувьтай байна. Газрын чийг сайн байна. Энэ жил Засгийн газар үүлэнд зориудаар нөлөөлөх хөрөнгийг шийдвэрлэсэн. Иймд хур бороо, чийг хангалттай сайн авна гэдэгт итгэж байгаагаа тус компанийн захирал Ж.Ариунболд хэлээд Засгийн газрын тэргүүнд талархлаа илэрхийллээ.

Хүнсний ногоо, ялангуяа төмсний борлуулалтад Засгийн газар бодлогоор дэмжиж оролцох, төрийн худалдан авалт хийж ногоочид, тариаланчдаа дэмжихийг тус компанийн захирал хүсч байлаа. Энэ асуудалд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Японы компаниуд монгол төмс худалдан авах захиалга ирүүлж байгаа. Одоогоор хоёр удаагийн дээж явуулсан нь тус улсын стандартад тэнцээд байгааг Ерөнхий сайд хэлж байлаа. Ингэхдээ тариаланчид маань төмс, хүнсний ногооны чанарт онцгой анхаарч, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргах ёстой гэдгийг хэлж байлаа.

Төв аймгийн Засаг даргын захирамжаар тариалалтын штаб байгуулагдсан. Тавдугаар сарын 5-нд аймгийн хэмжээнд тариалалт эхэлсэн. Энэ үеэр чийг унасан. Өнөөдөр л гэхэд хөрсний чийг хангалттай байна. Манай аймаг 93 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн, энэ сарын 20-ны байдлаар тариалалт 50 хувьтай, 6500-га-д төмс, 900 гаруй га-д хүнсний ногоо, 7000 гаруй га-д тэжээлийн ургамал тариалж байна. Энэ эрчээрээ явахад зургадугаар сараас өмнө тариалалт дуусна гэж тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл хэлж байлаа.

Хөрс арчилгаа, хөрс хамгаалах чиглэлээр Хятадтай хамтарсан лаборатори байгуулна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дараа нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Газар өгөөж” ХХК-ийн хаврын тариалалтын явцтай танилцлаа.

Тус компани нийт 7300 га талбай эзэмшдэг бөгөөд энэ онд 4500 га-д нь улаан буудай тариалахаар төлөвлөжээ. Одоогоор тариалалтын явц 80 гаруй хувьтай байна гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. Тус компани 2012 оноос хойш техникийн шинэчлэл бүрэн хийсэн, улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа зэрэг таримлуудыг сэлгэн тариалж байгаа ажээ.

Энэ уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь хөрс арчилгааны тухай байлаа. Тариаланчид арвин ургац авахын тулд хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх нь чухал. Тус компани эзэмшил талбайдаа мэргэжлийн шинжилгээ хийлгэх, дутагдаж буй эрдэс бодисоор бордох, сэлгэн тариалалт хийх зэрэг арга хэмжээ авч буй гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Хөрс арчилгааны чиглэлд Монгол Улс БНХАУ-тай хамтран ажиллана. Энэ хүрээнд хөрс арчилгаа, шинжилгээний хамтарсан лаборатори байгуулахаар тохирсон” гэж хэллээ.

Дархан-Уул аймаг энэ жил 16100-га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн. Гүйцэтгэл нь 75 хувьтай байна. 14 хоногт багтаан төлөвлөгөөт тариалалтаа бүрэн хийх боломжтой. Зургаан сарын эх гэхэд үр тариа, төмс, хүнсний ногоогоо тарьж дуусна. Манай аж ахуйн нэгжүүд ургац алдахгүй, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, ажлын байрыг тогтмолжуулах, чадавхжуулахад анхаарч байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хөгжил жил ирэх бүр сайжирч байна. Боловсон хүчний нөөцөө өндөр хөгжилтэй орнуудад сургаж бэлтгэхэд ахиц дэвшил гарч байгаа гэж тус аймгийн Засаг дарга С.Насанбат ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Засгийн газрын хэрэг эрхлэх газарт эрх мэдлийг төвлөрүүлсэн хуулийн төсөл болжээ” гэж АН-ын бүлэг үзжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт нь хэт улстөржсөн байгааг тэд онцлов.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төрийн албаны зөвлөлийг үгүйсгэсэн хууль болж байна. ЗГХЭГ-т эрх мэдлийг төвлөрүүлсэн нь улстөржсөн үйлдэл юм. Төрийн албанд орох эрх нь бүх иргэнд нээлттэй байх ёстой. Шинээр сургууль төгссөн мэргэжил боловсролтой боловсон хүчнийг төрийн албанд ороход нь саад учруулах заалтууд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн парламентын үед өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төсөл сайн, чамбай болсон байсан. Одоогийн хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан байсан төрийн албан хаагчдыг цахим бүртгэлтэй болгох заалт байхгүй байна. Үндсэндээ ЗГХЭГ улс төрийн байгууллага болж хувирах нөхцөл бүрдүүлсэн төсөл болжээ. Төрийн албаны зөвлөл Үндсэн хуулийн цэцтэй адил байгууллага байх ёстой” гэлээ.

2016 оны ээлжит сонгуулиас хойш төрийн албанд 22235 хүн солигджээ. Тодруулбал, 3100 хүн тэтгэвэрт, 6100 хүн өөр ажилд шилжиж, 7700 хүн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, 5200 хүн хууль бусаар ажлаасаа халагдсан байна. Эрх баригчид Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь дээрх томилогдсон хүмүүсээ шинэ батлагдах хуулийн хүрээнд ажилд нь үлдээх зорилго хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байгаа аж. Тиймээс энэ хуультай хамтатган УИХ-ын тогтоолыг батлах ёстой гэлээ.

Түүнчлэн төрийн албаныхан дунд аттестачлал заавал явуулах ёстой гэдгийг ч хэлсэн. Мөн улс төрийн албан тушаалтан гэдэгт ямар хүмүүс орох вэ гэдгийг дахин тодорхойлох хэрэгцээ шаардлага үүссэн хэмээн АН-ын бүлгийн дарга хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Тийз худалдаж авах боломжтой ТҮЦ машин туршиж байна

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд “Метатек” ХХК-ийн зохион бүтээсэн автотээвэр, төмөр зам, агаарын тээврийн тийз худалдан авах боломжтой ТҮЦ машиныг туршилтын журмаар суурилуулжээ

Цаашид улс, хот хооронд, орон нутагт зорчиж буй зорчигчид автобусны билетээ зорчигч тээврийн төвүүд болон онлайн захиалгаас гадна өөрт ойр байрлах ТҮЦ машинаас авах боломжтой болох гэнэ.



Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн хөтөлбөрийн V дугаар чуулганд оролцож байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн V дугаар чуулган 2017 оны 05 дугаар сарын 22-26- ны өдрүүдэд Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо болж байна. Тус дэлхийн хөтөлбөрийн V дугаар чуулган нь 2015 онд дэлхий дахинд батлагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилт-2030 баримт бичгээс хойш зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Чуулганд Засгийн газрын тэргүүн, сайд, парламентын гишүүд, НҮБ-ын дээд түвшний удирдлага болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын 5000 гаруй төлөөлөгч, хуралдааны нээлтийн үйл ажиллагаанд Мексикийн Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Энрик Пена Нието оролцох юм.

Харин Монгол Улсаас Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, хошууч Д.Баасансүрэн нарын тэргүүтэй төлөөлөгчид уг чуулганд оролцож байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн 5 дугаар чуулган нь улс орон, байгууллага, салбаруудын хооронд харилцан уялдааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад гарсан тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг солилцох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг чуулга уулзалт юм.

Чуулганы тэргүүлэх ач холбогдол нь засгийн газар, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхий дахинд батлагдсан гэрээ хэлэлцээр, хөтөлбөр үйл ажиллагаа, тухайлбал 2005 онд батлагдсан Хёогогийн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд стратегийн зөвлөмж, чиглэл гаргахад оршиж байна.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Байгууллага хоорондын тусгай хороог 2000-2005 онд байгуулан гамшгаас хамгаалах олон улсын хамтын ажиллагааг бүх шатанд эрчимжүүлэх зорилго тавьж ажилласан ба 2005 онд Япон Улсын Кобе хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн бага хурал”-ын үеэр дээрх хороог өргөжүүлж Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг байгуулах тухай саналыг гаргасан.

Бага хурлаас хойш нэг жилийн дараа буюу 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы тогтоолоор гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хөтөлбөр үйл ажиллагааг зохицуулалтаар хангаж хэрэгжүүлэх, стратегийн чиглэлүүдийг боловсруулж, гишүүн улс орнуудад зөвлөмж гаргах, түншлэл хамтын ажиллагааг олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэх зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг байгуулсан.

Уг платформын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн чуулга уулзалтыг 2007 2009, 2011, 2013 онуудад Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулсан бол 2015 онд Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн чуулган Япон Улсын Сендай хотноо зохион байгуулагдаж, “Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Харин 2017 оны ээлжит V дугаар чуулганыг Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ удаагийн чуулганыг “Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх удирдамжийн дэлхийн болон бүсийн платформын талаарх 28, 49 дүгээр заалтыг үндэслэн 1. Сендайн хүрээ хөтөлбөрийн тэргүүлэх 4 үндсэн чиглэлээр дэлхийн болон бүс нутгийн хэрэгжилтийг дүгнэх, 2. Олон улсын түншлэл хамтын ажиллагааг эрчимжүүлэх, 3. Тогтвортой хөгжлийн зорилт-2030-ыг хангуулах гэсэн үндсэн зорилтын хүрээнд зохион байгуулна.

Чуулганы үр дүн нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулган, Тогтвортой хөгжлийн зорилтууд, дээд түвшний хөгжлийн форумуудын хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тусгуулахад чухал хувь нэмэр болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сүхбаатар аймгийн АН, МАН-ынхан зөвшилцжээ

Сүхбаатар аймгийн ИТХ 33 суудалтай бөгөөд МАН 17, АН 16 суудал авч хүч тэнцүүхэн болсон. Тэнцүүхэн шахам суудал авсан намууд аль нэгийгээ хүлээн зөвшөөрөлгүй маргасаар өнөөг хүрчээ.

Намуудын үл ойлголцлоос болж иргэд хохирох ёсгүй тул намууд зөвшилцөхөөр болжээ. Ингээд 5-р сарын 20-ны өдөр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөр, Сүхбаатар аймгийн АН-ын хорооны дарга М.Идэрбат нар хамтарсан зөвшилцөлд хүрч, санамж бичигт гарын үсэг зуржээ. Хоёр зүйлтэй тус санамж бичиг байгуулсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг чимэглэлээ

Иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангах, их хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрлээр чимэглэлээ. Уг гүүрний урт нь 25 метр бөгөөд хоёр талын хашлага буюу бариул, лифтэнд гэрэлтүүлэг суурилуулаад байна. Ийнхүү гэрлэн чимэглэл нь гүүрэн гарцыг бүхэлд нь гэрэлтүүлж, өнгө нэмж байна гэж Улаанбаатар зам засвар арчлалтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг ус, дулаанаар хангах “Сервис центр” төслийн ажлын хэсгийнхэн хуралдлаа

Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр”-ийг барьж байгуулах, төлөвлөлт, шийдлийн санал боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт ээлжит хуралдаанаа зохион байгууллаа. Тус хуралд ажлын хэсгийн ахлагч БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, нийслэлийн Засаг даргын орлогч ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэг болон бусад гишүүн оролцсон юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү “Сервис центр” бол иргэдийн газар дээр зохион байгуулалт хийж, ус болон дулаанаар хангах төсөл юм. Эхний ээлжид БХБЯ, нийслэл, хувийн хэвшил хамтран энэхүү ажлыг эхлүүлж, жишиг төвийг барих хэрэгтэй. Бидний туршлага судалсан орнуудад ус, дулаанаа шийдчихсэн тохилог хауст амьдардаг иргэд олон байдаг нь ажиглагдсан. Гэр хороололд тийм л орчинг бүрдүүлэхийн тулд “Сервис центр” төслийн ажлыг хурдан эхлүүлэх хэрэгтэй байна” хэмээлээ.

“Бичил дэд төвийг барьж байгуулах, төлөвлөлт, техник шийдлийн санал боловсруулах ажлын хэсэг хуралдааны үеэр гэр хорооллын суурьшлын бүсэд бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Бичил дэд төв” барьж, байгуулах ажлын ТЭЗҮ байгуулах, уг зохион байгуулахдаа Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн ажлын уялдаа холбоог ханган ажиллах, төслийн удирдах хороо, төслийн нэгжийг хууль журмын дагуу байгуулах, ажлын хэсэгт орсон мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэж, тэдэнд нэгдсэн цогц ойлголтыг өгөх зэрэг шийдвэрийг гаргав.

Ирэх сарын 16,17-ны өдөр БХБЯ нь “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Сервис центр” төслийг илүү өргөн цар хүрээтэйгээр иргэдэд танилцуулахаар боллоо. Энэ ажилд нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран оролцох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Дэлхийн хотуудын дээд хэмжээний уулзалтад Ш.Анхмаа оролцлоо

Сингапурын Үндэсний хөгжлийн яам, Сингапурын “Тав тухтай хот” төв, Сүжоу хотын Ардын Засгийн газар хамтран БНХАУ-ын Жяньсу мужийн Сүжоу хотод энэ сарын 18-21-ний өдрүүдэд дэлхийн хотуудын 8 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд “Дэлхийн хотын дарга нарын форум” болон “Дэлхийн залуу удирдагчдын симпозиум” болсон юм. Дэлхийн 60 гаруй хотын төлөөлөгч оролцсон энэхүү уулзалтаар хотуудын өмнө тулгарч буй асуудлууд болох дэд бүтцийн санхүүжилт, хотын засаглал, хотын өв соёлыг хадгалан хөгжүүлэх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг ханган тогтвортой хөгжүүлэх зэрэг асуудлаар илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг явагдсан байна. Мөн оролцогчид харилцан санал солилцож, уулзалт илүү ажил хэрэгч хүрээнд өрнөж дууссан аж. Дээд хэмжээний энэхүү уулзалтад Улаанбаатар хотыг төлөөлж, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа оролцлоо. Тэрбээр хэлэлцүүлэгт өөрийн санал бодлоо илэрхийлж, зарим хотын удирдлагатай уулзан туршлагаас хуваалцав.

Дашрамд дурьдахад Сүжоу нь уламжлалт өв соёлоо хадгалж үлдсэн түүхт хот бөгөөд Сингапурын удирдагч асан Ли Киан Ю-ын нэрэмжит дэлхийн шилдэг хотоор 2014 онд шалгарч байсан аж. Дэлхийн хотуудын 9 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт ирэх оны долоодугаар сард Сингапурт зохион байгуулагдана.