Categories
мэдээ нийгэм

Эхнэр гурван хүүхдээ сүхээр цавчиж хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 40 настай Б гэгч архидан согтуурсан үедээ эхнэр, гурван хүүхдийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн байна. Гэмт хэрэгтэн 4-11 настай гурван хүүхэд, эхнэрээ сүхээр цавчиж амь насыг нь хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэсэн гэнэ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Хэргийн газраас 16 настай охин зугтааж амьд гарсан байна. Охин гэмт хэрэгтний дагавар охин байсан гэнэ. Цагдаа нарын хэлж буйгаар гэмт этгээд гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжиж байгаад гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Мөн 16 настай охиноос хэргийн талаар гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ.

Э.БААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг шүгэл үлээдэг нь ямар учиртай вэ

Монголын улс төр, эдийн засгийн хүрээнд болж өнгөрсөн буруу солгой үйл ажиллагаануудыг сануулж байхгүй бол болохгүй нь. Улс орон, ард түмнийхээ эсрэг гэж болох муу үйлсийн эзэд өнөөдрийг хүртэл оршин тогтносоор байна. Тэдний нийгмийн анхаарлыг татах сэдвээр эхэлж дуугардаг, эцсийн хортой үр дүнг бодохгүйгээр хувийн эрх ашгийн үүднээс хашгирахыг шүгэл үлээх гэдэг юм.

Хэтээсээ С.Ганбаатар бол гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг цогтой тэмцэгч юм. Монголын Уго Чавес гэсэн үг. Уго Чавес бол эх орноо гадаадын хөрөнгө оруулагчдаас, гадаад ертөнцөөс салган тусгаарлахын төлөө цогтой тэмцсэн нэгэн. Өнөөдөр Венесуэльд ямар тамын үйл явдал болж байгааг дэлхий харж байна. Тэр ард түмэн одоо сүйрч байна. Тэр улсад хариуцлага хүлээх, хүлээлгэх хүн алга.

Үүнтэй агаар нэг юм даа, Монгол Улс нэр бүхий хэдэн хийрхсэн “эх оронч”-доос болж гадны хөрөнгө оруулалтыг хөөж гарган, түүнийхээ гороор өнөөдөр ядарч байна. С.Ганбаатар Монголоо гэсэн сэтгэлтэй хөвгүүдийн нэг байж болно. Түүнийхээ төлөө гудамжинд жагсаж болно. Гэхдээ тэр наад зах нь 8000 хүнийг хоолтой нь залгуулж буй компанийг, нэг их наядаар тоологдох татвар төлж буй уурхайг хаалгаа барьтал нь “эх оронч” үйлдэл хийж болохгүй. Энэ дэлхийн бүх улс оронд Ганбаа шиг популистууд байсан, байсаар ч байгаа. Америкт ч, Анголид ч өнөөдөр популизмаар улс төр хийгсэд байна. Ялгаатай нь хөгжлийн өндөр түвшинд гарсан Америк зэрэг оронд иймэрхүү поп улстөрчдөдөө эрх мэдэл өгдөггүй. Хөгжиж ядаж буй манайх шиг улсад харин эрх мэдэл өгдөг. Үүнд л аюул нь байна. Хэрэв Оюу толгой, Таван толгой… гээд уул уурхайн том төслүүд хэвээр үргэлжилсэн бол өнөөдөр бид хэн байхаар байв. 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, дэлхийн баячууд манайх руу анхаарлаа хандуулж, бид пээдгэр байлаа шүү дээ. Өнөөдөр тэгсэн гадагшаа бадар барьсан хэдэн даргынхаа юутай ирэхийг нь хүлээн чагнасан гурван сая иргэн сууж байна.

Ийм түвэгтэй цаг үеийг авчрахад онцгой үүрэгтэй оролцсон, Монголын Уго Чавес гэж хэлж болох хүнийг МАН, МАХН хоёр улс төрийн наймаа тохироогоор Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг нь ямар учиртай юм бэ хэмээн улс төр судлаачид ярьж, бичиж эхэллээ. Дэлхий Монголыг гурван зүйлээр л мэднэ. Нэгдүгээрт, Чингисээр мэднэ. Хоёрдугаарт, Оюутолгойн ордод дэлхийн акул Рио Тинто орсноор зах зээлд шилжсэн орон юм байна гэж мэдсэн. Гуравдугаарт, Монголд коммунистуудын үлдэгдэл байгаа гэдгээр нь гадарладаг юм шиг байна лээ. Баруунд популистуудыг коммунистууд гэж үздэг юм. Ийм л гурван зүйлээр өнөөдрийн дэлхий Монголыг анзаардаг.

Өнөөдрийн даяаршиж, хавтгайрсан дэлхийд нууц юм гэж байхгүй болсон. Хоорондоо холбоо, хамааралгүй улс орон ч гэж байхгүй болсон. Дэлхийн 200 гаруй улсын дотор юу болж байгааг бүгдээрээ тал талаас нь ажиглаж, бусдадаа зарлах, мэдээлэх, бүр болгоомжлуулах ч боллоо. Жишээ нь бид АНУ-ыг харж байна. Шинэ Ерөнхийлөгч Трампын гайхшруулсан үйлдлүүд нь, болчимгүй алхмууд нь өөрийн орныхоо тэрбумтнуудын хөрөнгийг даруй 30 тэрбум ам.доллараар бууруулаад байгааг дэлхий сонслоо. Үндэсний хөрөнгөтнүүдээ устгаж эхэллээ гэж ч бичиж байна. Трампын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөхөө халсан, залгуулаад Тагнуулын төв газрын даргаа бас чөлөөлсөн, ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа нууц задалсан гэх мэт наад захын бодлогогүй үйлдлүүд нь богинохон хугацаанд олон улсын бирж дээр 30 тэрбумын шууд алдагдалд ортол нөлөөллөө. Сүүлдээ АНУ-ын конгрессоос түүнд итгэл үзүүлэх эсэхдээ тулж байх шиг байна.

Энэ жишээгээр юу хэлэх гээд байна гэхээр Монгол Улсыг жижиг гэхгүй гадны улс орнууд, дэлхийн баячууд, хөрөнгө оруулагчид харж ажиглаж байгаа. Наад зах нь л Оюу толгойгоо тэд популист улстөрчдөөсөө болж гацаасан, одоо популистуудаа яаж байгаа бол, арай эрх мэдэл өгч байгаа юм биш биз гэхчлэн. Учир нь дэлхийд гайхагдсан эрдэс баялгийн их нөөц Монголд байна. Тэд шунаж байна. Шунал нь хөдлөхийн хэрээр Монголыг харж байна. С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр боллоо гэсэн МАХН-ын их хуралдайн шийдвэртэй зэрэгцээд шахуу “Ройтерс” агентлаг олон улсад мэдээлэл цацлаа. Тэр мэдээнд юу гэж байна гэхээр “Монгол дахь Оюутолгойн төсөл болоод гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай эсэргүүцэгч, парламентын гишүүн асан С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо” гэж. Ойрын өдрүүдэд Монголын талаар дэлхийд очсон хамгийн муу мэдээлэл энэ байв. Гадны хөрөнгө оруулагчид одоо сонгууль дуустал гацна. Гэтэл орчин үед бизнесийн ертөнцөд цаг хугацаа алтнаас үнэтэй байдаг.

Сая Н.Энхбаяр телевизээр ярилцлага өгөхдөө “МАН, МАХН хоёр сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын өмнө олон удаа уулзаж, улс төрийн наймаа ярьсан” хэмээн нийгмийн өмнө ил шулуун ярив. “М.Энхболдод би Ерөнхий сайд болъё гэж хэлсэн” гэж хүртэл ярих юм. Эрх мэдэл, албан тушаалын төлөө ил цагаандаа гарсан яриа шүү. Эдгээр ярианы үргэлжлэл нь мэдээж “АН-ын нэр дэвшигч Х.Баттулгын саналыг хэн хуваах вэ” гэдгээр өрнөж С.Ганбаатарыг гаргаж ирэх шиг байна. Энэ хоёр намд эх орноо, ард түмнээ гэх сэтгэл өчүүхэн ч байхгүй нь эндээс харагдана. МАН, МАХН хоёр ийм хүнийг олж нэр дэвшүүлсэн нь хариуцлагагүй, ёс суртахуунгүй гэдэг үг багадахаар, хувиа хичээж, амиа бодсон, эрх мэдлийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй болсон хүмүүсийн тохиролцоо юм даа.

Тоглоом тоотой нь дээр, толгой мөлжүүртэй нь дээр гэж үг бий. Та нарын улс төрийн тоглоом хэрээс хэтэрч, мөлжүүр чинь дуусч байгааг ард түмэн мэдэж байгаа байх. С.Ганбаатарыг нэр дэвшүүлж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг улам үргээх дохио боллоо. МАН, МАХН хоёрын тохироогоор Х.Баттулгын саналыг хуваах золиосонд С.Ганбаатарыг гаргаж байгаа нь дан ганц та хэдийн хэрэг явдал биш. Цаана нь гадны хөрөнгө оруулагчдыг өшиглөж, эх орныхоо эдийн засгийг агшааж хатаасан улс орны хувь заяаны асуудал юм. Үүнд л гол горойж байна. Ингэж эх орноороо тоглож болохгүй. Эх орноороо тоглосон хүмүүс эх оронгүй болдог гунигт хувь зохиол дэлхийн улс орны удирдагчдын дунд бий шүү дээ.

Өнөөдрийн дэлхий ертөнцөд бизнес цаг минутаар хэмжигдэж байгааг сая хэллээ. Нэг сар байтугай нэг цагийн алдагдал ч хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт саад тотгор болно. Нөхцөл байдал ийм байхад, цаг хугацаа ийм үнэ цэнэтэй байхад Монголд гадны хөрөнгө оруулалт дахиад хүлээлтийн байдалд орлоо. Аягүй бол Валютийн сангийн хөтөлбөр ч хойшлогдож магадгүй. Ийм хүн гараад ирвэл манай хөтөлбөр будаа болж магадгүй гэж ОУВС-гийн захын нэг захирал хойшлогдсон тайлбартаа хэлэх байлгүй.

Яахав, өөдрөгөөр төсөөлөхөд том ганц нэг төсөл цаг хугацаандаа хөдлөөд явна гэж бодъё. Цаана нь өчнөөн дунд болоод жижиг уул уурхайн төсөл хөтөлбөрүүд хүлээгдэж байна. Нэлээд хэмжээний гадны хөрөнгө оруулалттай хайгуулын ажил бий. Бүгд л Монголд орж ирэх мөнгө шүү дээ. Энэ бүх ажил зогсчихлоо. Ганц тайлбар нь “Танай сонгуулийн дүнг харна” гэж. Үнэндээ сонгуулийн эцсийн дүнг тэр өдрийн тэнгэр л мэднэ. Ялангуяа ганц хүнийг сонгох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд. 2009 онд Н.Энхбаярыг Ц.Элбэгдорж ялна гэх боломж харагдахгүй байсан юм. 300 ажилтантай байгууллага дээр Ц.Элбэгдорж уулзалт хийхээр очиход бүгдээрээ хаяад гарах нь наад захын үзэгдэл байлаа. Ямар ч найдваргүй юм байна гэсэн тийм л нөхцөлд Элбэгээ ялсан. Тэгэхээр таамаглахад бэрх.

Тийм болохоор улс төрийн наймаа гэсэн нэрийн дор МАН, МАХН хоёр болчимгүй алхам хийлээ гэж үзэж байна. Монгол Улсын хувь заяаг хариуцаж явсан, хариуцаж байгаа хүмүүсийн хувьд улс орноороо тоглоом хийж, ард түмнээрээ тохуурхсан ийм л үйлдэл хийлээ. Улс төрийн тохироо гэдэг бол тоглоом наадгай биш. Ард түмний амьдралтай холбоотой, улс орны хувь заяа юм. Монголчууд бид наадам хүртэл хагас Чавес улс, хэрэв наадмаар С.Ганбаатар ялбал бүтэн Чавес улс болох нь тодорхой боллоо. С.Ганбаатарын юу ярьж, юуны эсрэг тэмцдэгийг гадаад ертөнц мэдэхгүй байв гэж дээ.

С.БАТМӨНХ

Categories
гадаад мэдээ

Манчестерын цэнгэлдэх хүрээлэнд дэлбэрэлт болсны улмаас 19 хүн амь үрэгджээ

ЗурагИх Британийн Манчестер хотод террорист халдлага болсны улмаас 19 хүн амь үрэгдэж, 50 хүн шархаджээ.

Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд Америкийн поп дуучин Ариана Гранде тоглолтоо хийсний дараа буюу орон нутгийн цагаар өчигдөр оройн 22:35 цагт дэлбэрэлт болсон байна.
Чухам юуны учраас дэлбэрэлт болсон нь тодорхойгүй байгаа хэдий ч Их Британийн Терроризмтой тэмцэх газар мэдэгдэхдээ “террорист халдлага байж магадгүй” гэв.

Манчестер хотын цагдаагийн газар хохирогчдын ар гэрийнхэнтэй холбоо барихаар ажиллаж байна.

Дэлбэрэлт болсон газрын ойролцоогоос сэжиг бүхий төхөөрөмж олдсон гэж цагдаа нар ВВС телевизэд мэдэгдсэн аж.

Манчестерын цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний танхимд дэлбэрэлт болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулна

Сонгуулийн Ерөнхий хороо энэ сарын 27-ны бямба гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны ээлжит сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар бүртгүүлсэн. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулсан өдрөөс саналын хуудас хэвлэх ажиллагаа эхлэх юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1983 сонгуулийн хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Тодруулбал, 22 аймаг 339 сум, дүүрэгт сонгуулийн хороо байгуулсан. Сум, дүүрэг болон иргэдийн хурлын тогтоолоор зурагт хуудаст байршуулах 23500 орчим газрыг тогтоогоод байна. Сонгуулийн зардлын хэмжээг намууд 6.8 тэрбумаар, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум төгрөгт багтаахаар тогтоожээ.

Categories
мэдээ цаг-үе

Я.Санжмятав: Хуулийн шинэ төслөөр бол улстөрчид төрийн албаны томилгоонд улам нөлөөлөх нь

“Өдрийн сонин”-ы №110 (5677) дугаараас авч нийтлэв

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон шинэчилсэн найруулгын төсөлд санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


-Ардчилсан намын бүлэг сая (өчигдөр) хуралдлаа. Бүлэг дээр Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн талаар чухам юу яригдав. гишүүд ямар байр суурьтай байна. Тухайлбал таны байр суурь ямар байгааг сонсмоор байна?

-Шулуухан хэлэхэд АН-ын бүлгийн гишүүд энэ хуулийн шинэчлэл дээр сэтгэл дундуур байгаа. Хуулийн шинэчлэлийн хоёр төсөл явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Нөгөө нь УИХын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төсөл гэж. Эдгээрийг УИХаар хэлэлцэх нь. Уг хуулийн төсөлд санал дүгнэлт өгөх үүрэг бүхий АН-ын ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байгаа юм.

Хоёр хуулийн төсөлд агуулга, үзэл баримтлал, зарчмын хувьд адил төстэй зүйл нэлээд тусгагдсан тул хуулийн хоёр төслийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой юм байна гэдэгтэй санал нийлсэн. Гэвч хуулийн төслүүдэд зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлүүд олон байна.

-Тухайлбал юу байна. Төрийн алба үнэхээр чадваргүй, дорой болчихсон учраас хуулийн шинэчлэл хийх гээд байна уу?

-Тэгж нэг талдаа хэт туйлширч болохгүй. Мэдээж сайнтай муутай байгаа. Одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль бол долоон бүлэгтэй, 41 заалттай, цөөхөн бүлэг, зүйл заалттай хууль л даа. Гэхдээ л батлагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл монгол төрийн үйл ажиллагаа, төрийн албаны зөвлөлийн хараат бус байдлыг зохих хэмжээгээр хангаж ирсэн. Би хувьдаа боломжийн хууль гэж үздэг. Өнөөдөр оруулж ирж байгаа хуулийн төслүүдтэй харьцуулахад боломжийн гэдэг нь бүр ч мэдрэгдэж байгаа. Мэдээж өнгөрсөн практикаас дүгнэлт хийж засаж өөрчлөх, сайжруулах, зохицуулалт хийхээр байгаа нь ойлгомжтой. Гэхдээ наана нь бид нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Монгол Улсад баталсан хууль нь муудаа биш юм, шат шатандаа хэрэгжүүлэхгүй байгаад л гол асуудал нь байгаа. Сонгуулиар олонх болж гарч ирсэн намууд хэм хэмжээнээсээ хэтэрсэн улстөржилтийг хийж байна. Гүйцэтгэх засаглал нь тэр чигээрээ улстөржиж, төрийн албыг хавтгайд нь бужигнуулаад байна. Үүнтэй их олон хүн санал нийлнэ. Тэрнээс биш Төрийн албаны зөвлөл дэндүү муу ажиллаж байна гэж дүгнэж болохгүй. Төрийн албан хаагчид муу ажиллаж байна гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Би бөөрөнхийлж байгаа юм биш. Монгол төрийн төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа том фронт бий шүү дээ. Тэднийгээ бид үгүйсгэж болохгүй. Харин төрийн албан дахь улстөржилтийг үгүйсгэж, алга болгох хэрэгтэй.

-Хуулийн төсөлд амьдралд нийцэхгүй ямар зүйл заалтууд тусгагдсан байна. Тодорхой хэлж өгөөч?

-УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь долоон хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй байна. Энэ нь өмнөх хуулиас бүлэг, зүйлийн тоо нь 3-5 дахин нэмэгдэж маш том хууль болжээ. Зүйл заалтын тоо ихэсч хуудасны тоо олон болсноор хууль сайн болохгүй. Энэ бол амьдралаар батлагдсан үнэн. Миний байр суурь бол өмнөх хуулийнхаа суурин дээр сайжруулах, зохицуулах, өөрчлөх шаардлагатай зүйл хэсгээ тусгаад явах ёстой гэж бодож байгаа. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн зарчим, заалтуудтай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан заалт, нэр томьёо хэрхэн нийцэж байгааг сайтар шүүж нягталмаар байна. Хуулийн шинэ төсөлд тусгаснаар бол улс төрийн намын гишүүн төрийн албанд ажиллахаар бол намын гишүүнээсээ татгалзах заалт байна. Уг санаа нь зөв л дөө. Гэвч Үндсэн хуульд зарим төрлийн албан хаагчийг намын гишүүнээс түдгэлзүүлж болно л гэж байгаа. Тэрнээс татгалзана гэсэн заалт байхгүй. Мөн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлнэ, Шүүхэд гомдол гаргаж болохгүй гэсэн агуулга байна. Энэ нь Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд Шүүхэд гомдол гаргах эрхийг хөндсөн ноцтой асуудал болох нь. Ийм илэрхий бүдүүлэг, бярдсан агуулга, үзэл санааг хавчуулж болохгүй л дээ. Энэ нь ямар зорилготой юм гээд цааш ярина. Тэгээд ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хөндөн ярьж байгаа өнөөдрийн цаг үед төрийн албаны тухай хуулийн шинэчлэлээ эцэг хуультайгаа сайтар уялдуулсан зохицуулалт оруулах нь чухал гэж харж байгаа.

-Төрийн албан хаагчийн шалгалт гэж том босго, шалгуур бий болсон. Энэ үнэ цэнэ хуулийн шинэ төсөлд хадгалагдаж байгаа биз дээ. Бас л өөрчлөлт орсон уу?

-Наана чинь асуудал үүсэхээр байгаа. Тухайлбал шинэ хуулийн төсөлд төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноо авсан тав хүртэлх төрийн албан хаагчаас нэгийг нь сонгож, томилно гэж тусгасан байна. Тэгэхээр тухай албан тушаалд таван хүн өрсөлдөхөд онооны жагсаалтаар хамгийн сүүлд нь буюу тавдугаарт орсон хүнийг ч томилох боломжтой болох нь. Ер нь шалгаруулалтад орж байгаа иргэн яах гэж шалгалт өгч, оноо дүн авч, шалгуур шаардлага давж байгаа юм. Одоо бол шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн нь томилогдож байгаа нь шударга зарчим. Хууль ингэж өөрчлөгдвөл Төрийн албаны шалгалт тэгсгээд утгаа алдах биз дээ. Хуулийг ингэж муутгаж болохгүй.

-Энэ хуулиар сургууль төгссөн залуучууд төрийн албанд орж ажиллах боломж хэр нээлттэй байгаа вэ?

-Төрийн албанд шинэ хүмүүс орж ажиллах боломж зарим талаасаа хязгаарлагдмал байхаар байна. Жилд нэг удаа шалгалт авч нөөцөд бүртгэнэ, дараа нь сул ажлын байр гарсан тохиолдолд эхлээд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээс уг ажлын байрыг нөхнө. Ингэсний дараа л нөөцөд байгаа хүмүүсээс дахин тусгай шалгалт авч сая дурдсан зарчмаар эхний таван хүнээс алийг нь ч сонгож мэдэхээр төсөлд тусгагдсан байна лээ. Мөн төрийн албаны нөөцөд байх хугацаа гурван жил байхаар төсөлд тусгагдсаныг ч бодолцох хэрэгтэй. Хууль бол төрийн албыг тогтвортой, чадварлаг, цомхон байлгах, төрийн албаны нэр хүндийг өргөж, хариуцлагатай ажиллуулахад зориулагдсан байдаг. Тухайлбал, тодорхой хугацааны дараа түвшин тогтоох, мэдлэг ур чадварын шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс авдаг байх нь зөв гэж ойлгож байгаа.

-Хуулийн шинэчилсэн найруулгаар одоо байгаа Төрийн албаны зөвлөлийн ажил үүргээс зарим төрийн байгууллага хуваалцахаар тусгагдсан байна гэж сонссон?

-Төрийн албаны зөвлөлийн хараат бус байх үндсэн зарчим алдагдах агуулга бүхий заалт шинэ төсөлд байна. ЗГХЭГ нь дангаараа болон хамтран оролцоотойгоор удирдах албан тушаалын жагсаалт, нөөцийн бүртгэл, ажлын байрны тодорхойлолт гаргах нь. Тэр байтугай, төрийн албан хаагчийн мэргэжлийн сургалтын агуулга, хөтөлбөр, төрийн албан хаагчийн шалгалтын агуулга, хэлбэр болон бүр шалгалтыг нь авна гэхчилэн Төрийн албаны зөвлөлийн зуун хувь хариуцан гүйцэтгэх ажилд оролцохоор байна. Энэ нь Төрийн албаны зөвлөл үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана гэсэн заалттай ч зөрчилдөж байгаа юм. Шулуухан хэлэхэд улстөрчид төрийн албаны томилгоонд улам гүнзгий орох нөхцөл үүснэ.

-Ингэхэд энэхүү хуулийн шинэчлэлд мэргэжлийн байгууллагуудын оролцоо, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж, дүгнэлт хэр туссан бэ?

-Хуулийн төслийг боловсруулахдаа Мэргэжлийн байгууллага болох Төрийн албаны зөвлөл болон энэ чиглэлийн туршлага бүхий хүмүүсийг оролцуулах тал дээр хууль санаачлагчид дутуу ажилласан юм уу гэж харагдаж байгаа. Эсвэл санал авсан ч хуулийн төсөлд тусгаагүй байх. Төрийн албаны зөвлөлийн даргаар болон гишүүнээр ажиллаж байсан, төрийн байгууллагуудад ялангуяа төрийн яамд, агентлагт ажиллаж байсан онолын болон амьдралын туршлагатай олон ахмадууд байгаа. Тухайлбал, Норовсамбуу, Зүмбэрэллхам, Чадраабал, Өнөбаатар гуай нар шиг олон арван төрийн зүтгэлтнүүдийн санал бодлыг сонсож, хуульд тусгах шаардлагатай юм. Хуулийн ажлын хэсгүүдэд ч тэднийг заавал оролцуулж санал бодлыг нь авах хэрэгтэй байсан байх. Ингэж байж л үр дүн нь сайн гарч, олон жилийн настай, амьдралд хэрэгжихүйц хууль батлагдана биз дээ.

-АН-ын бүлгээс хэлэлцүүлэг хийх гэж байгаа нь ийм үзэл санаатай юм байна?

-Ерөөсөө л тийм. Манай намын бүлгээс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон нэмэлт өөрчлөлтийн төслөөр дээрх хүмүүс болон салбар бүрийн төлөөлөл, мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байна.

-Ингэхэд Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн ажиллах хугацааны тухайд та ямар бодолтой байгаа вэ?

-Төрийн албаны зөвлөлийн гишүүний тоо, ажиллах хугацааг дахин сайтар нягталмаар юм билээ. Одоо бол орон тооны гурав, орон тооны бус дөрөв, нийт долоон гишүүнтэй ажиллаж байгаа. Гэтэл шинэ хуулийн төсөлд тусгагдсанаар ердөө гурван гишүүнтэй ажиллахаар байна. Энэ нь тус зөвлөлийн тогтвортой, хараат бус ажиллах боломжид сөргөөр нөлөөлөхүйц заалт. Харин ч төрийн албаны зөвлөлийн гишүүдийн тоог нэмэх ёстой. Гурван гишүүнтэй байх нь хамтын шийдвэр гаргахад нөлөөлнө. Хүний амьдрал баян болохоор янз бүрийн шалтгаанаар нэг гишүүн нь л байхгүй байхад шийдвэр гаргах боломжгүй болохоор байгаа юм. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг хугацаагүйгээр томилохоор байгаа нь хэдийд ч чөлөөлөх, өөрчлөх боломжийг олгохоор байна. Үүний оронд харин эсрэгээрээ тодорхой хугацаатай томилдог, ажлын үр дүнг нь харгалзан улируулан ажиллуулах эсэхийг шийддэг байхаар хуульд тусгах нь зөв л дөө.

-Өнөөдөр төрийн албан дахь халаа сэлгээ замаа алдаж байх шиг байна. Энэ хуулийг эрх баригчид өөрсдөдөө зориулсан гэж зарим судлаачид үзэж байгаа юм билээ?

-Улс төрийн сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчийг орон тооны бүтэц зохион байгуулалт нэрээр ажлаас нь ямар нэг аргаар халах, чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ удаагийн Их хурлын сонгуулийн дараа 23 мянга гаруй төрийн албан хаагч төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн тухай Төрийн албаны зөвлөлийн тайланд дурдагдсан байна лээ. Тодорхой хэсэг нь хуулийн дагуу тэтгэвэрт гарсан байх. Харин дийлэнх нь намын харъяаллаар ажлаас чөлөөлөгдсөн нь бодит үнэн. Үүнийг худлаа гэж хэлэх хүн байхгүй. Өнөөдөр эрх барьж байгаа нам нь өөрсдийнхөө эрх ашигт илүү нийцүүлсэн нэг хууль гаргана. Маргааш нөгөө нам нь та нар өөрсдөдөө тохируулж хийсэн гээд дахин өөрчилнө. Ийм байхаар Төрийн албаны тогтвортой байдал, улс төрөөс хараат бус байх зарчим алдагдсаар л байна. Тэгэхээр энэ хуулийг олуулаа олон талаас нь ярьж, олон жилийн настай хууль баталмаар байна. Хуулийг хэтэрхий яарч өөрчлөн батлах гээд хэрэггүй. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг хэтэрхий гоомой хууль гарчих вий гэдэг болгоомжлол үндсэндээ аль аль талдаа байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Миний зүгээс ингэж л харж байгаа. Тэрнээс “Тогтохсүрээн, чи ингэхгүй шүү” гээд дайрах шалтгаан хэнд ч байхгүй шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Долларын ханш багадаа 2100, ихдээ 1500 руу ч уруудах магадлалтай

Олон улсын валютын сангийн захирлын зөвлөл Засгийн газрын хүсэлтийг хүлээж авсан нь ам.долларын ханшид нөлөөлөөд эхэлчихлээ. Тэд энэ сард хуралдана. Товчхондоо бид тун удахгүй валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болчихсон гэсэн үг. Монголыг валютын сангийн хөтөлбөрт хамруулах эсэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг уншигчид санаж байгаа байх. Сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсөвтөө тодотгол хийсэн ч УИХ-аас баталсан тогтоолд хөрөнгө оруулагчдад таагүй нөлөө үзүүлэхээр заалт орсон гэх үндэслэлээр ОУВС товлосон өдрөө хуралдаагүй юм. Засаг сангаас ирүүлсэн зөвлөмжид толгой дохисноор байдал нааштайгаар эргэж байна. ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголыг өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртөө оруулах тухай асуудлыг энэ сарын 24-ний өдөр хуралдаж шийдвэрлэнэ.

Сангийн мөнгө их биш хагас тэрбум орчим ам.доллар ч хөтөлбөр дагаж орж ирэх ам.долларын урсгал хэдэн тэрбумаар яригдаж байгаа. Нийтдээ гурван тэрбум гаруй ам.доллар орж ирэх тооцоо бий. Түрүү жилийн арваннэгдүгээр сард түүхэн рекорд эвдэж цойлсон ам.долларын ханш он гарснаас хойш номхорсоор өнөөг хүрсэн нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн хүлээлтээс үүдэлтэй юм. “Найман шарга” валютын зах дээр өчигдөр нэг америк долларыг 2420 төгрөгөөр авч 2425 төгрөгөөр зарж байна. Сүүлийн үед ханш 2400-гаас 2500 руу орж цойлохгүйгээр тогтворжиж буй нааштай хандлага анзаарагдаж байгаа. Бизнес эрхлэх таатай орчинг холоос хайх шаардлагагүй, валютын ханш л тогтвортой бол дажгүй аж төрөөд байх боломжтой гэж бизнесмэнүүд ярьдаг. Энэ өнцгөөс харвал бизнесийн орчин огцом савлагаагүй өдрүүд үргэлжилж байна. Долларын ханш цаашид ч уруудна гэсэн хүлээлт үүсчээ. Наад зах нь 100-300 төгрөгөөр буурна гэсэн таамгууд дуулдаж байна. Валютын сангийнхан Монголын хүсэлтийг хойшлууллаа гэх мэдээлэл ногоон валютын ханшийг бага зэрэг өсгөсөн ч эргээд нааштай хандаж эхэлсэн нь валютын захын хувьд хамгийн том эерэг дохио. Долларын хадгаламжаа төгрөг рүү шилжүүлэх процесс эрчимжсэн гэж төв банкныхан хэлж байгаа. Төгрөгийн ханш чангарахад нөлөө үзүүлэхээр эерэг мэдээ мөнөөсөө мөн.

Шинжээч Ч.Эрдэнэдалай “Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр зах зээлд итгэл сэргэнэ. Тэр утгаараа төгрөг тодорхой хэмжээгээр чангарах хүлээлт бий. Зах зээлд томоохон өөрчлөлт гарч их хэмжээний гадаад хөрөнгө оруулалт орж ирвэл суурь нөхцөл өөрчлөгдөнө. Ингэснээр төгрөгийн ханш төсөөлснөөс чангарах магадлал байж болно. Гэхдээ эхний ээлжинд зөвхөн хөтөлбөрт хамрагдаж байна гэдэг талаас нь харвал түр зуурын чангаралт бол ажиглагдана. Өөдрөгөөр төсөөллөө гэхэд 2100 руу уруудах боломж бий. Үүнээс уруудна гэдэг таамгийн хувьд аажимдаа магадгүй. Ямартай ч ханш тогтворжих нь тодорхой болж байна. Долларын ханш нэг түвшинд тогтвортой байвал өрсөлдөх чадвар, бизнест эерэг нөлөөтэй” гэсэн бол СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан “Долларын ханш өсөхгүй нь ойлгомжтой болсон. Ханш бага зэрэг сулрах болов уу. Эдийн засгийн идэвхжил ямар байх нь одоогоор тодорхойгүй учраас тэдэн төгрөгөөр суларна гэх мэт нарийн тоо хэлэх боломж алга. Эдийн засгийн идэвхжил түрүү жилийнхээс сайн гарсан. Цаашдаа яах нь бүрхэг хэвээр байна. Эдийн засаг сул байгаа дээр ганц хоёр тэрбум ам.доллар ороод ирвэл төгрөг таамаглалаас илүү чангарах бололцоотой” гэлээ.

ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад ам.долларын ханшид мэдрэгдэхээр өөрчлөлт гарсан тохиолдлууд өнгөрсөн түүхэнд бий. Манай улс 2009 оны дөрөвдүгээр сард ОУВС-тай “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байв. Тэр үед 229 сая ам.доллар орж ирж байсан юм. Долларын ханш одоогийнх шиг хаашаа ч эргэж мэдэхээр савлагаатай, валютын нөөц шавхагдах тийшээ хандсан, гадагшаа зарж валют олдог нүүрс, зэсийн ханш сайн биш, импортоо гадаад валютын нөөцөөрөө санхүүжүүлж байсан тухайн үед хөтөлбөр хэрэгжсэнээр долларын ханш 620 төгрөгөөр суларч байв. 2048 төгрөг хүрч галзуурсан ногоон валютын ханш 1428 болж шалдаа унасан баримтыг валютын ханшийн түүхээс харж болно. Тэгэхээр өдгөө 2400 гаруй төгрөгөөр хэмжигдэж буй ам.долларын ханш судлаачдын таамаглаж буй 2100 төгрөгөөс ч уруудаж мэднэ. 1900 бүр цаашлуулж өөдрөгөөр сэтгэвэл 1600, 1500 гэсэн таамаг хэлэхэд хэтэрхий гэнэн харагдахгүй. Учир нь тэр үеийнхээс олон давуу тал бидэнд байгаа. Наад захын том боломж гэхэд нүүрсний үнэ өндөр байна. Зэсийн ханш ч дажгүй явсаар өнөө жилийг давах зураг аль эрт гарчихсан.

Алтны тухайд хэзээд ханшаа алддаггүй металл учраас эмээж болгоомжлох шалтгаан хэтээсээ байхгүй. Засгийн түвшинд эрчимтэй яриад эхэлсэн “Алт-2” хөтөлбөр төв банкийг алтны нөөцөө зузаалахад том дэм болох нь хэнд ч ойлгомжтой асуудал. Импортын хамаарал маань тэр үеийг бодвол тийм ч өндөр байхаа больсон. Наад зах нь Эрээнээс хонон өнжин дугаарлаж цемент зөөх шаардлагагүй. Цементээ дотоодоосоо 100 хувь хангах чадалтай үйлдвэрүүд үүдээ нээгээд удаж байна.

Тэгэхээр энэ зун, ирэх намартаа ам.долларын ханш мэдрэгдэхүйцээр уруудна гэсэн таамаг үнэнд ойрхон сонсогдож байна.


Categories
мэдээ цаг-үе

И.Энхболд: Солонгосын хойгийн асуудлын гол зангилаа нь шинэ ерөнхийлөгч Мүн Жэ Ин байна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин сонгогдсон билээ. Түүнийг ямар бодлого баримтлах талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Солонгос судлалын секторын эрхлэгч И.Энхболдтой ярилцлаа.


-Мүн Жэ ин ерөнхий-лөгчөөр сонгогдсон даруйдаа ажлаа эхлүүллээ. Тэрбээр Хөх ордонд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Өмнөх ерөнхийлөгч нарт ийм уламжлал байв уу?

-Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд АНаас нэр дэвшигч Мүн Жэ Ин бусад өрсөлдөгчдөөсөө илт давуу 41.1 хувь буюу 13 сая хүний саналаар ялалт байгуулсан. Сонгогчдынх нь дийлэнх 20-40 насныхан байгаа юм. Урьд нь ерөнхийлөгчийн сонгууль арванхоёрдугаар сард явагддаг байв. Харин төрийн тэргүүн нь хоёрдугаар сарын 25нд ажлаа хүлээж авдаг. Энэ хоёр сарын хугацаанд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, өмнөх Засгийн газрынхаа ажлыг үргэлжлүүлж, өөрийнхөө багийг бүрдүүлдэг л дээ. Харин энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд тийм цаг байхгүй учраас тавдугаар сарын 9нд сонгуулиа явуулаад шууд маргааш нь ажлаа эхлүүлсэн. Мүн Жэ Иний хувьд Хөх ордонд суухгүй гэдгээ мэдэгдлээ. Урьд нь Пак Гын Хэ ерөнхийлөгч Хөх ордонд бүгсэн, ард түмнээс хол байсан. Тэрбээр хэдхэн удаа гарч ирж хэвлэлийн бага хурал хийж байсныг эс тооцвол Хөх ордондоо амарч байсан гэх шүүмжлэлийг хүртсэн. Иймд мань хүн тэр шүүмжлэлийг эвдэхийн тулд УИХ, Засгийн газар гээд улс төрийн байгууллагуудын төв болсон газарт шинэ оффис байгуулаад ажлаа явуулахаар болсон. Тэндээ ард түмэнтэйгээ ойрхон байх үүднээс ийм шинэчлэлийг хийж байгаа юм.

-Тэрбээр байлдааны бэлэн байдлыг хангана гэж мэдэгдсэн байна лээ. Хойд Солонгос, Америк, Хятадтай ямар бодлого баримтлах бол?

-Мүн Жэ Ин ерөнхийлөгч болохоосоо өмнө THAAD системийн эсрэг байр суурьтай байсан хүн. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанаас нь харахад “Америк, Солонгосын харилцааг өндөр түвшинд аваачна, улам гүнзгийрүүлнэ” гэсэн амлалтыг өгч байсан. Энэ амлалтаас нь харахад өмнө илэрхийлж байсан THAAD-ийг эсэргүүцсэн байр суурин дээрээ байвал харин ч Америк, Солонгосын харилцаа таарамжгүй болно. Умард Солонгос мэдээж пуужин эсэргүүцэх системийг хүлээн зөвшөөрөгүй байгаа. Хэрэв хойдууд зургаа дахь цөмийн туршилтаа явуулбол THAAD систем зайлшгүй байх ёстой гэж Мүн Жэ Ин мэдэгдсэн байгаа. Энэ систем нь Хятадын газар нутгийн ихэнхийг нь хяналтдаа авах юм. Үүнийг эсэргүүцэж Хятад өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй Солонгосын “Лотте” корпорацийн 99 салбарын 74-ийг нь галын аюулгүй байдал хангаагүй гэдэг шалтгаанаар хаасан. Үүнээс болж Солонгосын тал 300 тэрбум орчим воны алдагдал хүлээгээд байгаа юм. Мөн Солонгос руу явах хятад жуулчдын урсгалыг нь хаалаа. Чежү арал бараг хүнгүй болчихсон байна. Онгоцны авиа компаниуд алдагдалд ороод байгаа.

-Үүнд Солонгос яагаад хариу арга хэмжээ авахгүй байна вэ?

-Өмнөд Солонгос гадаад худалдааны хамгийн их буюу 25 хувийг Хятадтай хийж байна. Хэрэв Хятад үүнийг зогсоовол бүр ч их алдагдалд орно. Тэгэхээр аясыг нь харж байна. Солонгос АНУ-тай болохоор 16 хувийн экспорт хийж байгаа. Америктай чөлөөт худалдааны хэлэлцээрээр жилдээ 27 тэрбум орчим ам.долларын ашиг олдог. Өмнөд Солонгос энэ хоёр орноос хоёулангаас нь ашиг хүртэж байгаа. Тэр утгаар хариу арга хэмжээ аваад байх сонирхолгүй байх шиг. THAAD системтэй холбоотойгоор алдагдлыг тооцож үзэхэд Солонгосын ДНБ-ий таван хувийг эзэлж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, найман тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээж байна гэсэн үг.

-Шинэ ерөнхийлөгч энэ тал дээр яаж ажиллах юм бэ?

-Ямартай ч Мүн Жэ Ин Хятад, Америктай хэлэлцээр хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Д.Трамп болохоор NAFTA-тай чөлөөт худалдааны хэлэлцээрийг дахин байгуулна гэж мэдэгдсэн. Үүний дараа Солонгостой чөлөөт худалдааны хэлэлцээрийг эргэж харна гэсэн. Хэрэв ингэх юм бол чөлөөт худалдааны шинэ хэлэлцээр 2021 он гэхэд сэргэх боломжтой. Солонгосын хувьд ашиг нь хумигдахаас гадна том алдагдал хүлээх гээд байгаа юм. Энэ хүртэл Солонгос нь 17 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээж, 150 мянган ажлын байр байхгүй болно гэсэн судалгааг эрдэмтэд гаргаад байна л даа. Тэгвэл Мүн Жэ Ин ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүнд 810 мянган ажлын байрыг шинээр нэмэгдүүлнэ гэж тусгаад байсан. Үүнийхээ 500 мянгыг хувийн хэвшлээс, үлдсэнийг нь төрийн албанд бүрдүүлнэ гэсэн. Америктай хийх чөлөөт худалдааны хэлэлцээрийг зогсоосноор Солонгосын талын хүлээх алдагдал тус улсын нийгэмд том нөлөө үзүүлэхүйц ноцтой зүйл.

-Мүн Жэ Ин улс орноо амаргүй үед нь хүлээж авч байх шиг байна. Түүнийг Солонгосыг яаж удирдана гэж судлаачийн хувьд харж байна вэ?

-Солонгосын өсөлттэй байсан үйлдвэрүүд нь унаад, том гэрээнүүд цуцлагдаж эхлээд байна. Тухайлбал, Арабын орнуудтай том гэрээтэй усан онгоц, машин нийлүүлдэг байсан нь хумигдаад ирэхээр тэр том үйлдвэрүүдийг дагасан жижиг үйлдвэрүүд хаалгаа барих маягтай боллоо. Тэр хэмжээгээрээ ажлын байр байхгүй болж, эдийн засаг нь доошоо болох хандлагатай байна. Энэ мэт том хүндрэл, сорилтууд тулгарч байна. Дээрээс нь хуучин ерөнхийлөгч нь авлигын хэрэгт холбогдсон. Ард түмний итгэл алдарсан байгаа. Мүн Жэ Ин улс орноо дотоод болон гадаад харилцаа нь амаргүй үед хүлээж авлаа. Тэгэхээр түүний яг ямар бодлого баримтлах нь одоогоор таашгүй байна. Яамдаа ч байгуулаагүй байна. Ямартай ч мань эр “Хүчирхэг Солонгос орныг бий болгоно” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрөө боловсруулж, сонгуульд ялалт байгуулсан. Энэ хүний Засгийн газар, баг нь ямар үйл ажиллагаа явуулж, хэрхэн ажиллах нь судлаачдын анхаарлыг татаж байгаа.

-Солонгосын хойгийн асуудал нэг хэсэг шуугиан тарилаа. Тэнд байгаа гадаадын Элчин сайдын яам, консулынхан нутаг буцах гэж байгаа гэх мэдээлэл ч гарсан. Ер нь Мүн Жэ Ин ерөнхийлөгч Солонгосын хойгийн асуудалд ямар оролцоотой байх вэ?

-Солонгосын хойгийн асуудлаас болж хоёр янзын мэдээлэл гарсан л даа. Нэг хэсэг нь өнөө маргаашгүй дайн болох нь гэсэн бол нөгөө талд энэ мэдээллийг үгүйсгэж байв. Америкчууд THAAD системийг байгууллаа. Дайн боллоо гэхэд Солонгосын хойгийн асуудлын гол оролцогч нь өмнөд Солонгос гэдгийг тэд мэдэгдсэн. Улмаар “Бидний саналгүйгээр Америк, Хятад дангаараа шийдэх боломжгүй. Хэрэв дайн боллоо гэхэд манай улс хамгийн их хохирол амсана. Тиймээс бидний оролцоо чухал” гэж байр сууриа илэрхийлээд байгаа. Үүнээс болоод ч тэр үү, асуудал намжлаа. Энэ бол нэгдүгээрт, Солонгосын хойгийн асуудал. Хоёрдугаарт, бүс нутгийн асуудал. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн асуудал учраас үүнийг хамтдаа шийдэх нь чухал юм.

Хятад, Америк, Умард Солонгосын удирдагчийн байр суурь тодорхой. Харин Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн байр суурь тодорхой бус байна. Тэрбээр энэ том асуудлын гол зангилаа нь. Гэхдээ Мүн Жэ Ин ерөнхийлөгч “Америктай харилцаагаа сайжруулна. Умард Солонгостой ямар нэг нөхцөл тавихгүйгээр ширээний ард суухад бэлэн байна” гэдгээ мэдэгдсэн. Солонгосын үе үеийн ерөнхийлөгч хойд Солонгостай хэлэлцээ хийхдээ хатуу байр суурьтай ханддаг байсан.

-Мүн Жэ Ин ерөнхийлөгч болсноор Монгол Солонгосын харилцаа цаашид ямар байх вэ?

-Мүн Жэ Ин бол тун зөөлөн хүн. Солонгосын ерөнхийлөгч байсан Но Му Хентэй хамт хуулийн фирм ажиллуулж байсан гэдэг. Ингээд ерөнхийлөгч болоход Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан, хамгийн ойрынх нь зөвлөх байжээ. Харин одоо “Но Му Хен” сангийн тэргүүн. Тэгэхээр Но Му Хен ерөнхийлөгчийн бодлогыг үргэлжлүүлэх болов уу. Но Му Хений үед БНСУ манай улстай тун зөөлөн бодлого баримталж, сайхан харилцаатай байсан. Тэгэхээр Мүн Жэ Инийг ерөнхийлөгч байх хугацаанд манай хоёр орны харилцаа эрс харилцаа муудаад ч юм уу, тэнд байгаа иргэдэд хатуу шаардлага тавихгүй байх. Пак Гын Хэ ерөнхийлөгч байхдаа 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монголд өгнө гэж байсан. Өмнө ямар ч ерөнхийлөгч ийм өндөр дүнтэй зээл өгч байгаагүй. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газар 500 сая ам.долларын зээлийг Солонгосоос 0.2 хувийн хүүтэй авах хүсэлтэй байгаагаа шийдвэрлэсэн байна лээ. Үүнийг Мүн Жэ Ин ерөнхийлөгч үргэлжлүүлж, Монгол, Солонгосын харилцааг улам гүнзгий болгох байх гэсэн хүлээлт байна. Ер нь Солонгосын үе үеийн ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчуулдаг болгох талаар ярьж байсан ч үр дүнд хүрээгүй. Хэрэв Мүн Жэ Ин энэ асуудлыг шийдэж чадвал Монголын түүхэнд тодоор бичигдэж үлдэнэ. Түүнийг өмгөөлөгч байсан болохоор их зөөлөн талдаа хүн гэх юм билээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрүүл нийгмийн төлөө жагсана гэвэл 300 хүн, эрүүл биеийн төлөө гүйнэ гэвэл 30000 хүн” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, уншигч таны гарт хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тэргүүн нүүрт Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяртай хийсэн ярилцлага нийтлэгджээ. С.Баяр “Суусан газраасаа чулуу атга” хэмээн хэлжээ.

Энхбаяр дарга албаа өгсөнийхөө дараа хачин сонин юм ярьдаг болсон. Эхэндээ бол арай гайгүй байсан. Сүүлдээ бүр давслах биш болоогүйг зохиож ярьдаг, шууд гүтгэдэг болсон байна. Сая “ам нээгээд” ярьсан зарим зүйл нь эрүүл ухаанд багтамгүй. 2009 оны сонгуулиар түүний сурталчилгааны материалыг тэвш дүүрэн машинд ачаад Цагаан давааны хог дээр намын удирдлагын заавраар шатаасан ч гэх шиг. Сонгуулийн дараа би түүнтэй уулзаад “Шоронд хийнэ шүү” гэж сүрдүүлсэн ч гэх шиг. Энэ арай дэндэнэ хэмээн С.Баяр ярьжээ.

Өдрийн сонин өмнө нь “Korean air” компани монополь давуу эрхээ ашиглан монголчуудыг шулж байгаа тухай мэдээлсэн. Харин энэ удаа “Монголчуудын халаасыг сэгсэрч буй “Korean air”-ийг ШӨХТГ-аас шалгах боломжтой” гэсэн тухай мэдээлжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Эрүүл нийгмийн төлөө жагсана гэвэл 300 хүн, эрүүл биеийн төлөө гүйнэ гэхэд 30 000 хүн”нийтлэл хэвлэгджээ.

“Танин мэдэхүй” нүүрээс “Дэлхийн эрчим хүчний шинэ эх үүсвэр шатдаг мөс”-ний тухай уншаарай.

“Урлаг, спорт”нүүрт “Яг түүн шиг шоу”-ны ялагч “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэгтэй ярилцжээ.

Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор Д.Уламбаяртай хийсэн ярилцлага гарчээ. Тэрбээр “ОУВС Монголын хөгжилд сөрөг нөлөөлж байгаагүй” гэж ярьжээ.

Татварын ерөнхий газрын ахлах байцаагч Д.Баярцэцэг “Карт уншуулаад НӨАТ-ын баримт шууд баталгаажих системд шилжнэ” гэжээ.

“Эмч” нүүрт амьтнаас эрхтэн шилжүүлэх мэс засалд оролцсон Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүн Л.Ганболдтой ярилцжээ.

Тэрбээр “Гахайн зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг бид шат дараатай хийнэ” хэмээн ярьжээ. Туршилтын мэс заслуудын дараа хүнд зүрх ши лжүүлэн суулгах нөхцөл бүрдэх гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын сонгуулийн штабыг Я.Санжмятав удирдана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-ны өдөр болно. Харин хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-ны өдөр явуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан нам хүчнүүд сонгуулийн бэлтгэл ажлаа хангасаар байна. Тэгвэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын Сонгуулийн штабын менежерээр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад байгаа 7374 иргэн ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлжээ

Гадаадад санал өгөхөөр салбар комисст нийт 7374 иргэн бүртгүүлснээс хамгийн олон буюу 1629 иргэн БНСУ-ын Сөүл дэх Элчин сайдын яаманд, 1011 иргэн АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд тус тус бүртгүүлээд байна.

Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ сарын 20-ны өдөр бүртгүүлж дуусчээ. Иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ, БНЭУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан юм. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөр Төв комисст ирүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд гадаад улсад байгаа нийт 6233 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж байсан бол энэ удаад 1000 гаруй иргэн илүү бүртгүүлжээ.

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр 07:00-22:00 цагт авах юм.