Categories
мэдээ спорт

Буудлагын Дэлхийн цомд Э.Даваахүү 43 дугаар байрт оржээ

ХБНГУ-ын Мюнхен хотод буудлагын спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний хийн 10 метрийн гар бууны дасгалд 112 тамирчин өрсөлдсөнөөс Украины буудагч Павло Коростулов түрүүлжээ. Харин Японы буудагч, дэлхийн аварга Мацуда Томоёоуки, БНСУ-ын буудагч, олимпийн аварга Жин Жон О нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд өрсөлдсөн манай шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Даваахүү 574 оноогоор 43 дугаар байрт оржээ.

Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээний үеэр хоёр ч дэлхийн рекорд амжилт шинэчлэгдэн тогтоогдсон байна. Тодруулбал, 4 удаагийн олимпийн аварга Жин Жон Го эрэгтэйчүүдийн гар бууны 50 метрийн дасгалд шигшээ буудлагад 230.5 оноо авсан бол, ОХУ-ын тамирчин Сергей Камински 10м-ийн хийн гар бууны дасгалд 250.9 оноогоор дэлхийн рекордыг тус тус шинэчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж байна. Сүүлийн жилүүдэд тархац нутаг нь эрчимтэй хумигдаж, амьдрах орчин нь зуслангийн бүсийн суурьшлаар хязгаарлагдсан тоо толгой нь цөөрч цаашлаад устах аюулд хүрээд байгаа цөөнгүй тооны тарвага нийслэлийн ногоон бүсэд байдаг. Газар малтагч энэ амьтныг амьд “экскаватор” хэмээн зүйрлэдэг. Учир нь гурван метр гүн, олон салаа нүх ухдаг газрын өнгөн давхрааг сийрэгжүүлэн хольж, ус, агаар нэвтрэх боломжоор ханган, газрын гүнд байсан ургамлыг хөрсөн дээр гаргаж тэр нь үр болж ургадаг бөгөөд хөрсний бүтцийг сайжруулдаг байна. Ингэснээрээ ургамал ургахад асар их нөлөө үзүүлдэг аж. Тарвага байгаа учраас хуурай газарт үнэг нутаглаж, шувууд үүрлэх зэрэг бусад амьтны амьдрах орчны үндэс суурь нь болдог байна. Ийнхүү экосистемд чухал үйлчилгээ үзүүлж байдаг тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлд анх удаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар зуслангийн бүсээс нийт 15 тарвагыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОУВС өнөөдөр шийдвэрээ гаргана

ОУВС-ийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдана. Хуралдаанаар манай улс тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах асуудлыг шийдэх юм.

Монголын асуудлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар эцэслэн шийдэх байсан ч тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар нийтдээ 5,5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэнэ. Гэхдээ үүний 400 сая ам.долларыг ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлээр авч, үлдсэнийг нь бусад улс орнуудаас зээлжих нөхцөл бүрдэнэ. Манай улс гурван жилийн хугацаанд эдийн засгаа тогтворжуулж, санхүүгийн сахилга батаа бэхжүүлнэ гэж тооцож байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн хөгжлийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна

Зам, тээврийн хөгжлийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулах юм. Арга хэмжээний нээлт 10:30 цагаас болох бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат үг хэлэх юм байна.

Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулахаас гадна хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаарх мэдээллийг авах боломжтой.

Мөн “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”ыг танилцуулах аж.

Өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой үзүүлэн болох АН-2 онгоцыг монгол инженер, техникчид шинэчлэн заса буй талаар мэдээлэхээс гадна шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа болно.

Categories
мэдээ нийгэм

Хотын төвд бие зассан гадаад иргэдийг 15 мянган төгрөгөөр оргожээ

Улаанбаатар хотын төв талбай, НЗДТГ-ын байрны гадна ил задгай бие засаж буй хоёр гадаад иргэний зураг фэйсбүүк, твиттерээр цацагдсан. Уг зургийг харсан иргэд ихээхэн бухимдаж, эгдүүцсэн юм.Улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид эрэн сурвалжлан, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан гадаадын хоёр иргэнийг захиргааны хэрэг бүртгэлт хийж, шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуутус бүрийг нь 15000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Зөрчил гаргасан гадаад иргэд тус өдөр “Улаанбаатар марафон 2017” Олон Улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт иржээ. Улмаар хэлмэрч, хөтөчгүй явсан тул бие засах газар ололгүй, ийнхүү бие зассан хэмээн хэлсэн байна.Мөн өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, Монгол Улсын иргэдээс уучлал хүсч байгаагаа цагдаагийн байгууллагаар уламжлуулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Монголын газар нутгийг аж ахуйн нэгжүүд барьцаанд тавина гэж юу байх вэ дээ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Манай орны хувьд эдийн засаг хүнд байгаа. Гадны хөрөнгө оруулалтууд бараг байхгүйтэй ижил боллоо. Тиймээс Хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Үүнийг нээх боломж нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гээд байгаа. Таны байр суурийг сонирхъё?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэд хэдэн үндэслэлээр дэмжиж байгаа. Юуны өмнө манайд банк, санхүүгийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахад энэ хууль үнэхээр чухал. Бонд, хувьцаа гэх мэт ч хөдөлгөөнд орж эхлэх тул үнэт цаасны зах зээлд ч амь тариа болно гэж бодож байна. Хоёрдугаарт, манай аж ахуйн нэгжүүдийн хувьд хөрөнгө оруулалт хийх зээлийн олдоц муу, олдсон ч өндөр хүүтэй. Ялангуяа өнөөгийнх шиг Засгийн газар нь арилжааны банкуудаасаа төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор маш их зээл авчихсан тохиолдолд зээл олно гэдэг бол овоолчихсон өвсөнд гээгдсэн зүүг олохтой л ижил гэж бодож байгаа. Хөрөнгө оруулалт нэмж хийх битгий хэл компанийхаа хэвийн үйл ажиллагааг явуулах зээл ч олдохгүй байгаа талаар олон олон компаниуд гомдоллож байна. Гуравдугаарт, манай олон аж ахуйн нэгжүүд зөвхөн Монголоос биш гадаадаас хөрөнгө босгож байна, зээл авч чадаж байна. Өөрөөр хэлбэл гадаадын томоохон хөрөнгө оруулалтын банкуудын шаардлагыг хангадаг манай үндэсний компаниуд их байгаа, цаашид ч улам нэмэгдэнэ гэж бодож байгаа. Иймд манай аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулалтын банкууд нь гадаадад биш Монголд хамтарч ажиллах боломжийг нь төр бүрдүүлж өгөх ёстой гэж бодож байна.

-Уг хууль хэрэгжиж эхэлсэнээр манай орны арилжааны банкуудад ямар нэгэн сөрөг нөлөөлөл бий юу. Манай банкны салбарыг татаад унагачих юм биш биз дээ. Гадны хөрөнгө оруулалтын банк яг ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Банкны хоёр шатлалтай тогтолцоонд шилжсэн 26 жилийн түүхэнд ХОТШ, Ард, Даатгал, Баянбогд, Сэргээн босголт, Анод, Зоос, Хадгаламж зэрэг арваад арилжааны банк дампуурчээ. Одоо системийн шинжтэй хоёр ч томоохон хямралыг даваад гарчихсан 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа.

Өнгөрсөн 26 жилд эдгээр арилжааны банкууд засаглалаа сайжруулж, эрсдэлээ хянаж, зохицуулж, удирдаж чаддаг болсон гэж бодож байгаа. Боловсон хүчин ч сайтай. Хиймэл, хаалттай орчинд биш өрсөлдөөний орчинд ажиллах чадвар олон банкинд байгаа гэж бодож байна. Харьцангуй хямд зээл, банк, санхүүгийн найдвартай үйл ажиллагаа хүсч байгаа аж ахуйн нэгж, иргэд бүр ч их байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Одоо эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулж байгаа дэлхийн олон оронтой хөлөө нийлүүлээд урагшаа алхах цаг нь болсон. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан. Хуулиа бусад орны дэвшилттэй, амжилттай туршлагуудыг сайтар судалж байгаад нухацтай хэлэлцээд гаргах байх аа гэж бодож сууна.

-Хууль хэрэгжиж эхэлсэнээр ямар ямар орны банкууд орж ирэх бол. Санал тавьсан зүйлс байгаа болов уу. Манайхан бол Хятадын банк орж ирэх нь гээд байгаа л даа?

-Ямар хууль гарахаас л шалтгаална. Үнэхээр сайн хууль батлагдвал хөрөнгө оруулалтын банкууд ороод л ирнэ. Хэрэгжүүлэхэд түвэгтэй, саад бэрхшээл ихтэй, хүнд суртал ихтэй хууль гарвал хөрөнгө оруулагчдыг гуйгаад ч орж ирэхгүй. Хуулиа баталчихаад нилээд сайн сурталчилж байж л хөрөнгө оруулагч нар орж ирнэ, олон оронтой өрсөлдөж байж хөрөнгө оруулагчдыг татна шүү дээ. Бид ч их хичээх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчин муу бол хөрөнгө оруулагч нар зугтаад гараад явдгийг 2012-2016 оны хоорондоо хангалттай харлаа шүү дээ. Гаргасан алдаагаа давтаад байх шаардлагагүй.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг дэмжих хүмүүс олон байна. Гэхдээ банкны барьцааны асуудал анхаарал татаж байгаа. Томоохон аж ахуйн нэгжүүд зээл авлаа гэхэд уурхайн орд газраас эхлээд Монголын газар нутгийг барьцаанд тавина гэх юм. Үнэхээр тийм заалт байгаа юм уу?

-Монголын газар нутгийг аж ахуйн нэгжүүд барьцаанд тавина ч гэж юу байх вэ дээ. Үндсэн хуулинд газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтын тухай асуудлыг маш тодорхой заагаад өгчихсөн шүү дээ. Ажлын хэсэг сайн судлаад хуулиа хэлэлцүүлэгт бэлтгэх байх аа.

-Тантай уулзсаных ОУВС-гийн хөтөлбөрийн талаар асуулгүй өнгөрч болохгүй нь. УИХ-ын тогтоолын төслөөс эхлээд өөрчлөлт оруулж ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих боломжийг аль болох нээж өгч байна. Таны хувьд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих ёстой гэдгийг байнга хэлдэг. Хөтөлбөр хэзээнээс хэрэгжих вэ?

-Одоогоос гурав, дөрвөн сарын өмнө ямар байдалтай байснаа эргээд санацгаая. Гуравдугаар сард 580 сая ам.доллар төлнө гээд улс орон даяараа хандив цуглуулахдаа хүрч зарим иргэд хандиваа ч өгч байсан шүү дээ. Төгрөгийн ханш ч гэрлийн хурдаар унаж нэг ам.доллар 2500 төгрөгт хүрч улстөрчид, бизнес эрхлэгчид, иргэд бүгдээрээ л сандарч байсан. Засгийн газрын гадаадаас мөнгө босгох хоёр ч оролдлого амжилтгүй болсон. Яг тэр үед мөнгө зээлдүүлэх банк, улс олдоогүй юм. Харин их мөнгөний тоо хэлж, худал ярьж гүйсэн шуналтнууд, луйварчид бол байсан. Ийм л цаг үед ОУВС нааштай хандсан гэдгийг хэлэх ёстой. ОУВС хөтөлбөр хэрэгжүүлэх боллоо гэдэг мэдээ 580 сая ам.долларын өрийн асуудлыг хэрхэн яаж хурдан шийдэв, хөрөнгө оруулагч нар яагаад Монголыг сонирхоод эхлэв гэдгийг олон хүн ойлгож байгаа байх. Эргэж буцаад байх шаардлагагүй. Монгол Улс өмнө нь ОУВС-тай хамтарч таван хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хамгийн сүүлд 2008-2009 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралыг амжилттай давж гаран улмаар хоёр жилийн дараа эдийн засгийн өсөлтийг 17.5 хувьд хүргэж байсан юм. Энд би нэг зүйл онцолж хэлмээр байна. Монголыг монголчууд бид өөрсдөө л хөгжүүлэх учиртай. ОУВС бол манай улсыг энэ хямралаас гаргахад зөвхөн бодлого, мөнгөөр дэмжих юм. 2012-2016 онд эрх барьсан нөхдүүд Монголыг хямралд оруулсан авторууд юм шүү. ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын 24-нд хуралдана гэсэн.

-Энэ сарын 24-ний өдөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэнэ гэдгийг дуулсан. Ямар нэгэн байдлаар дахин хугацаа алдаж хойшлохгүй гэх баталгаа бий юу. Уг нь бол даруйхан эхлүүлчих хэрэгтэй санагдах юм?

-Хөтөлбөрийг батална гэж би итгэж байгаа. Засгийн газар ОУВС-тай холбогдож байгаа байлгүй дээ.


Categories
мэдээ цаг-үе

С.Молор-Эрдэнэ: Чингис хаан эх орондоо юу ч бүтээгээгүй

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та нэгэн лекцийнхээ үеэр Чингис хааны үед төр гэж байгаагүй, тэр бүү хэл хууль ч гэж байгаагүй талаар дурдсан. Таныг ингэж хэллээ гэж олон хүн дургүйцлээ илэрхийлж, өөр өөрийнхөөрөө шүүмжиллээ?

-Шүүмжлэл гэж хэлж болохгүй. Эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлсэн гэж болно. Номын хүн, тэр талаар ойлголттой хүмүүс л шүүмжлэх байсан. Танд онолын хувьд тэнд алдаа байна, мэргэжлийн хувьд тэнд алдаа гаргалаа гэх байлаа. Гэтэл хоосон эсэргүүцээд тэр нь сүүлдээ хүн доромжлох, мэргэжлийг нь доош хийх, хувь хүний амьдрал руу орж, зарим нь бүр ална хядна гэж байгаа шүү дээ. Фэйсбүүкээр хүнийг ална хядна гэдэг чинь хууль зөрчсөн асуудал, уг нь. Үүнээс л харахад хуульгүй гэдэг нь мэдэгдэж байна. Юун Чингисийн үед хуультай байхтай манатай. Өнөөдөр XXI зуунд фэйсбүүкээр “Чамайг ална” гэж хэлэхэд яах ч үгүй байна.

-Чингис хааны үед Их хуралдай нь хуралдаж, Их засаг гэдэг хуультай байсан шүү дээ. Гэтэл та тэр бүгдийг үгүйсгэсэн?

-Үгүйсгэлгүй яахав. Үгүйсгэхийн тулд тэр чинь цаг 30 минут үргэлжилсэн лекц байсан. Тэр лекцийн нэр нь “Социализмын анхны онол”. Эцсийн эцэст социализм гэдэг нь анх ямар зорилготой байсан юм. 1924 онд буюу 100 хүрэхгүй жилийн өмнө социализмын замаар хөгжье, орчин үетэй танилцъя, эмнэлэгтэй болъё, сургуультай, боловсон болъё, соёлтой амьдаръя гэсэн. Бидний урд Хятад гэж айхавтар соёлтой ард түмэн амьдраад байдаг, хойд талд л гэхэд Европын соёлыг хөгжүүлчихсэн хөрш байдаг. Ингээд монгол хүн эсгий гэрээсээ гараад саравчлаад харсан чинь нээрээ бид хоцорчихсон байсан. “Эдэнтэй адилхан хөгжье” гээд л бид орчин үеийн амьдрал руу орсон. Орчин үеийн амьдрал руу ороод хамгийн түрүүнд төртэй болсон. Тэр төр маань хүнийг хамгаалах төр. Иргэн хүн эрх чөлөөтэй, айж ичихгүй, хэний ч хүчирхийлэлд өртөхгүй, хүссэн мэргэжлээрээ ажиллаж амьдраад нутаг орон, аав ээждээ хоргодохгүй, эмээ өвөөгийнхөө зан заншилд баригдахгүйгээр, эрх чөлөөтэйгөөр хайртай хүүхэнтэйгээ суугаад өөрийнхөө хүүхдүүдийг төрүүлээд гэр бүлтэйгээ сайхан амьдрах боломжийг монголчууд 1924 оноос мэдэрсэн. Төртэй болж, хамгаалуулж байгаа байхгүй юу. Төр байхгүй байхад намайг хүчтэй нэг нь ирээд зодож болно, миний хохь болж, азгүйтэл минь л тэр болно. Аав, ээж нь хүрч ирээд “Чи тэгж дураараа дургихгүй шүү. Хэнтэй суухыг чинь би мэднэ” гэдэг байсан.

-Богтлоод өгчихдөг байсан?

-Тийм богтлоод өгчихнө. Эмээ, өвөө өнөө л зан заншлаа ярина. “Чи энэ сайхан малаа орхиод явах гэж байгаа юм уу. Энэ нутаг усаа орхиод явах гэж байгаа юм уу. Чи яасан толгой нь эргэсэн хүн бэ. Хэнээс, юунаас бузартчихав” гэдэг байсан. Харин 1924 оноос тийм байхаа больсон. “Уучлаарай би барилгачин болно”, “Би эмч болно”, “Би адуучин болмооргүй байна”, “Би саальчин болмооргүй байна”, “Би зохиолч эмэгтэй болмоор байна. Орос эмэгтэйчүүд чинь зохиолч болдог юм байна ш дээ”, “Хятад эрчүүд гадаадад яваад сургуульд сураад эргэж ирээд улс орноо хөгжүүлдэг юм байна. Би ч бас Орос руу ч юм уу, хаашаа ч юм, явж эрдэм сураад эргэж ирээд улс орноо хөгжүүлмээр байна” гэдэг болсон. Харин 1924 оноос өмнө төр ярих ямар ч боломжгүй.

-Эзэн богд Чингис, тулгар төр, Монголын эзэнт гүрэн, Монголын аугаа төр гэж ярьдаг шүү дээ?

-Аливаа нэг ард түмэн төртэй болохын тулд эхлээд тогтоол гарах ёстой. Үндсэн хуультай байх ёстой. Үндсэн хуулиараа хэнийг хаан болгох вэ, хааныг сонгох, хааныг баталгаажуулах тамгатай бичиг байх ёстой. Төр нь яамд, сайдуудтай байх ёстой. Чингис хааныг хэн томилсон юм, ямар хүн томилсон юм. Хэдэн оны ямар тамгатай бичгээр томилсон юм. Хэний тамга дарсан юм. Тэр тамга нь одоо хаана байна. Хэсэг хүмүүс тойрч сууж байгаад “Энэ хүнийг хаанаа болгочихъё” гэвэл өөр хэрэг. Окей. Тэгээд хэдэн хүмүүс хаан болгочихсон л юм байна. Тэрийг ямар хуралдай гэх юм. Тийм бол хуралдайн бичиг хэрэгтэй. Тэр баримт нь надад хэрэгтэй. Тэгж байж би төр ярина.

2500 жилийн өмнө Грек, Энэтхэг, Хятадад төр анх үүссэн. Энэ бол яах аргагүй үнэн. Хятад бол төртэй, байшинтай, сайдтай, албатуудтай, тэд нь тогтмол ажилладаг. Тэндээ бүр төвлөрч амьдардаг байсан. Харин манайд тийм юм байгаагүй. Чингисийн үед төр байгаагүй, тэр байтугай хот ч байгаагүй. Төр яагаад хэрэгтэй юм, хэнд төр хэрэгтэй юм. Хот газарт хэрэгтэй. Хөдөөд төр хэрэггүй, яагаад гэвэл тэнд нийгмийн амьдрал байхгүй учраас. Хотод танихгүй хүмүүс нийлээд хамтдаа гар үйлдвэрлэл байгуулна, эмч болно, хуульч, барилгачин, жолооч, сувилагч, багш болно. Ийм тосгоны амьдрал томроод хотын амьдралд шилжээд ирэхээр хууль хэрэгтэй болдог.

-Тэр хүмүүсийг зохицуулах хэрэгтэй учраас?

-Зохицуулалт хэрэгтэй болдог. Хүнийг хамгаалах, хүнд эрх чөлөө хэрэгтэй учраас, хүний хүсэл, мэргэжлийг нь хамгаалахын тулд хуулийг ашигладаг болсон.

-Их засаг хуульд ч иймэрхүү зохицуулалтууд байсан. Ингэвэл тэгвэл тэгж торгоно, ингэж шийтгэнэ, ташуурдана гэж заасан байдаг?

-Энэ бол зөвхөн хорионууд. Хууль бол хүмүүсийн хоорондын амьдралыг зохицуулдаг. Таны дээр дурдсан зүйлүүд бол зөвхөн хорио. Айлгасан хорио, “Тэгвэл ална шүү” гэсэн заналхийлэл.

-1950, 1960-аад оны үед Чингис гэж хэлэхээсээ айж, амнаасаа “Чингис, Тэмүжин” гэдэг үг унагахаас эмээдэг байсан?

-Тийм юм байхгүй. Тэр үед шүлэг бичдэг л байсан, ном бичдэг л байсан. Тэр нь цаанаа ямар зорилготой байсан бэ гэхээр Орос, Хятад хоёр биднийг ерөнхийдөө “Та нар урагшаа яв, хөгжөөч. Та нар хойшоогоо харах л юм бол хөгжихгүй, Чингис бол та нарын бахархал байх боломжгүй. Харин та нарын хийсэн бүтээсэн чинь бахархал байх ёстой. Нэг хүнийг тахин шүтэж болохгүй” гэдгийг л ойлгуулах гэсэн. Гэтэл бид Чингисийг хэтэрхий тахин шүтэж байна. Зураач зураг зурахаараа л Чингисийг зурдаг, хөшөө босгохоороо Чингисийн хөшөө босгоно. Архи уухаараа Чингисийн нэр, зурагтай архи ууна, бүх юм Чингис болчихсон. Энэ бол солиорол. Нэг хүнийг ингэж тахин шүтэж болохгүй. Тэр ч байтугай би философич хүн, би хэзээ ч Чингисийг тахин шүтэхгүй. Би бурхан ч шүтдэггүй хүн.

-Та хүмүүсийн тахин шүтдэг Чингисийг шүүмжилчихлээ?

-Чингис бол гурван том алдаа гаргасан. Нэгдүгээрх том алдаа бол тэр их аугаа Ром, Хятадын Бээжин хот хөгжчихсөн байхад тэр бүхнийг хараад Монгол нутагтаа ганц сайхан хот байгуулаагүй. “Нууц товчоо”-нд Хархорум гэж гардаггүй шүү. Тэгэхээр “Нууц товчоо” Хархорумтай ямар ч холбоогүй. Хоёрдугаарт, бидэнд Күнзтэй адил нэгэн соёл, нэгэн үнэмшилтэй, нэг үнэт зүйлийг бүтээж өгөөгүй. Монгол соёлыг бүтээж өгөөгүй. Биднийг урагшаа хөгжихөд, сайн сайхан явахад зориулсан соёлыг бий болгоогүй. Гуравдугаарт, өөрийгөө насан өөд болсны дараа хаан залгамжлалын хатуу зарчим үлдээгээгүй. Том хүү нь л залгамжилдаг гэсэн нэг юм явж байсан. Хатан гэсэн хүмүүс нь бүгд хүрч ирээд хүүгээ хаан болгоно гэж зүтгэсэн. Тэгээд л хатдын дайн эхэлж байгаа шүү дээ. Хятадын хаан тэгж байгаагүй. Бага хатан гэж байгаагүй. Ганцхан л хатантай. Бусад нь бүгд татвар эмс. Тийм харилцаатай арваад эмэгтэй ордонд нь байнга байж байдаг. Хаан дуртай үедээ тэднийхээ нэгийг дуудаж авчирдаг байсан.

-Тэднийхээ хэнийг ч хатны хэмжээнд үздэггүй байсан гэсэн үг үү?

-Хэзээ ч үгүй. Гэтэл Чингис хаан бага хатадтай. Нөгөөдүүл нь их хатдаа нухах гээд, их хатад нь бага хатадтайгаа үзэлцээд л. Ийм байсныг нь бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм цаг агаартай газар амьдрахад, ордон барихад хэцүү. Эсгий гэртэй. Хэн нь хэнийхээ гэрээр орж гарч, хоноглож байгааг мэдэхэд хэцүү. Тэгтэл Хятадын хааны ордонд зассан буюу тайган эрэгтэйчүүдийг ажиллуулдаг байсан. Тэр ордонд байдаг хааны мэдлийн эмэгтэйчүүд хүүхэд төрүүлбэл хааны л хүүхдийг төрүүлэх ёстой учраас тайган эрчүүдийг ажиллуулдаг байсан.

Харин манайхан замбараагүй. Чингисийн хүүхэд гэж явж байсан хүүхдүүдийн дунд өчнөөн өөр хүний хүүхэд явж л байсан байдаг. Ер нь эрчүүд яагаад өөрийнхөө ээж дээр эхнэртэйгээ хамт очиж амьдардаг вэ. Авгайгаа өөр хүнтэй унтчих вий гэж сахиулж байгаа хэрэг байхгүй юу (инээв). Эмээ нар ач зээгээ харах гэж байгаадаа биш бэрээ сахиж байгаа л нэг хэлбэр. Бэр нь хүүгээс нь өөр эрийн хүүхэд төрүүлчихвэл яах юм. Энэ чинь бидний нүүдэлчин, эсгий гэр дэх амьдралын хэв шинж байхгүй юу даа. Хэт их хөгжилтэй хоёр хөршөөсөө бид суралцаж амьдарч байсан. Тэгээд нэг өдөр хартал энэ хоёр маань маш их түүхтэй болчихсон, бид ямар ч түүхгүй байснаа мэдсэн. Ингээд л монголчууд түүхтэй болохын тулд тээр тэндэх 800 жилийн өмнөх тоосон дотроос нэг хүн гаргаж ирсэн. Тэр нь хэн ч юм мэдэгдэхгүй. Хаана төрсөн нь ч мэдэгдэхгүй, “Нууц товчоо” гэдэг үлгэр байдаг. Нэг л домогт баатар. Чингисийг бодит хүн гэхэд хэцүү. Царайг нь ч бид мэдэхгүй.

-Хөрөг нь бий дээ?

-Тэр зургийг хэн ч зурчихдаг л зураг. Хүн шүтэж аль ч ард түмэн хөгждөггүй. Чингисийн хөшөөг барьснаас өөрсдийнхөө бүтээлээр бахарх. Уран барилга барьж бахархах хэрэгтэй. Уран гоё зураг зурж бахарх. Түүнээс биш зөвхөн Чингисийн нүүрийг зураад, түүнд зориулж шүлэг бичээд л байна. “Интер ном” дэлгүүрт Чингисийн түүхийг өгүүлсэн хичнээн ном байна вэ. Чингистэй холбоотой хичнээн роман байна вэ, зуу зуугаараа байна даг. Яагаад өнөөдрийн энэ XXI зуунд, интернэт хөгжчихсөн байхад фэйсбүүк, твиттерийн тухай роман бичихгүй байгаа юм. Яагаад энэ автомашин, интернэт, орчин үеийн амьдралын тухай бичихгүй. Оронд нь 800 жилийн өмнөх тоосонд дарагдсан домог яриад байгаа юм бэ. Бид ямар Харри Поттер юм уу. Монголчууд бид Харри Поттер шиг л амьдарч байна шүү дээ. Зүгээр л нэг домог, үлгэр.

-Монголыг залуусын орон гэдэг. Гэтэл залуус маань яагаад урагш харахгүй ингэж хойш эргэж хараад зогсчихов. Энэ гажуудал юутай холбоотой вэ?

-Шалтгаантай. Нэгдүгээрт, хүнд гайхуулах бүтээлч хүн бидний дунд төрөөгүй байна. Жишээ нь, Хятадын Күнзтэй адил. Оросын Толстой, Достоевскийтой адилхан тийм бахархах хүн төрөөгүй учраас бидэнд бахархах гэхээр бахархах хүн байдаггүй.

-Бидний дунд энэ маань л гайгүй байж магад гээд нэгнээ гаргаж ирэх гэж үздэг шүү дээ?

-Тэр нь Чингис л байдаг. Тэрнээс өөр хэн байгаа юм.

-Нутаг уснаасаа гарсан зарим хүнээ төр нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч байсан гэдэг. Тэгж хэлэгддэг хүмүүс байгаа биз дээ?

-Тэд бол том түвшний хүмүүс биш. Тэрэндээ юу юу гэнэв, баахан нэр зүүгээд гаргаж ирдэг. Бидэнд номын сантай байсан түүх байхгүй. Бид 1940-өөд оноос хойш л их сургуультай болсон. Их сургууль анх байгуулагдахад орос, хятад багш нар л байсан. Монгол багш байгаагүй. Тэгэхээр бид хүн төрөлхтний орчин үеийн амьдралтай танилцаад 60, 70 жил л болж байгаа. Түүхч гэсэн хүмүүс түүхийг өмчилж аваад өөрсдийнхөө үлгэрийг л яриад байгаа шүү дээ. Үнэн юм байхгүй. Жишээлбэл, Улаанбаатар хотыг 1600-гаад оны үед байгуулагдсан гэдэг. Улаанбаатар яагаад ч 300, 400 жилийн түүхтэй байх боломжгүй. Хэдийд хот үүсдэг вэ гэхээр хотын даргатай, хотын даргын байшинтай боллоо. Тэгээд л хот үүсдэг. Хотын дарга “Өнөөдрөөс энэ хотыг хот гэж нэрлэе” гээд тушаал гаргаж тамга дардаг. Ингэж л Улаанбаатар хот байгуулагдсан. Тэр нь 1924 он. Тэрнээс өмнө хотын даргатай байгаагүй, хотын даргын байшин ч байгаагүй. Та бүхэн дэлхийн хотуудын түүхтэй танилцаарай. Дандаа бичиг гаргаж ирдэг. Энэ хот төдөн онд ингэж байгуулагдсан гээд бичгийг нь үзүүлдэг. Түүнээс бид энэ хотоо хонины хот шиг л юм яриад байгаа ш дээ. Улаанбаатар, хонины хот хоёрыг чинь бараг адилхан боддог байсан. Залуучууд эсгий гэрээсээ ичээд байгаа байхгүй юу. Хятад, Орос, Европ руу очихоор тэнд маш их түүхтэй, асар их юм бүтээчихсэн байдаг. Тэрийг хараад монгол залуус сэтгэлээр унадаг.

Магтан бахархдаг Чингис хаан нь эх орондоо юу ч бүтээгээгүй. Ром, Хятад, Оросын хаад яадаг байсан бэ гэхээр дайнд мордлоо, хөрөнгө мөнгө цуглуулж ирээд улс орноо хөгжүүлдэг. Дайнаас олсон олзоороо хотоо хөгжүүлдэг. Гэтэл Чингисийн баатрууд хаачсан нь бүү мэд. Тэгээд л яваад өгсөн. Тэндээ үлдчихсэн. Тарчихсан. Тэнээд алга болчихсон. Өнөөдөр ч ялгаагүй. Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс бүгдээрээ тэнээд явчихсан, улсынхаа мөнгийг аваад явчихсан. Улс орон ард түмэндээ хөрөнгө оруулж байгаа нь хаана байна. Тэр Ерөнхийлөгчийн хөрөнгө оруулсан ордон, тэр Ерөнхий сайдын бариулсан номын сан гэж нэрлэх юм юу байна. Тэдний бариулсан сургууль хаана байна вэ. Мөнгөтэй боллоо, тэгээд л улс орноо хаяад явчихна. Нэг их дээр үе рүү хайгаад ч хэрэггүй. Тийм хүмүүс өнөөдөр энд байна.

-Чингис хаан одоо л эргэн төрнө, эргэн төрөх цаг нь ойртсон. Биднийг ядаж Путин шиг нэг хүн гарч ирж удирдах ёстой гэж их ярих юм. Яагаад ингээд заавал хэн нэгнийг хүлээгээд байгаа юм бол?

-Путин шиг гарч ирэхийн тулд ямар хүн байх ёстой вэ гэхээр мэдээж Ар Монголд төрсөн хүн байх ёстой. Хоёрдугаарт, юм үзэж нүд тайлсан байх хэрэгтэй. Ухаалаг л хүн байх хэрэгтэй. Шашин шүтдэггүй байх хэрэгтэй. Мухар сүсэггүй байх ёстой. Түүхээс хол, түүх ярьдаггүй байх хэрэгтэй. Энэ ард түмнийг би яаж хоолтой байлгах вэ, маргааш яаж хоолтой байлгах вэ гэж өдөр шөнөгүй бодож байдаг тийм хүн хэрэгтэй.

Чингис бидэнд хоол өгөх юм уу, Чингисийн түүх бидэнд байшин барьж өгөх юм уу. Чингисийг зүгээр номондоо л биччих. Бид хүчтэй хүн гэхээр хүн айлгадаг, баздаг, шанааддаг хүчирхийлэгчийг хараад байдаг. Хүчтэй хүн гэж ухаантай хүнийг хэлнэ. Түүнээс булчинтай, бяртай хүнийг хэлэхгүй. Толгой нь хүчтэй, тэнхээтэй, тэвчээртэй, хүнд хайртай, шуналгүй хүн байх хэрэгтэй. Мөнгө сонирхдоггүй хүн хэрэгтэй. Бидний дотроос л тэр хүн гарч ирэх ёстой. Тэр хүнээ хүлээн зөвшөөрч, гаргаж ирэх ёстой. Оросын хувьд улс орон нь өөрөө хөгжилтэй учраас Путин тэр хөгжлөөр л хөгжчихсөн хүн байхгүй юу. Хуульч мэргэжилтэй, тагнуулын байгууллагад ажиллаж байсан, чөлөөт цагаараа жүдогоор хичээллэдэг тийм л хүн. Гэхдээ тэр чинь дээд сургууль төгссөн хүн шүү. Манай энэ бөхчүүд шиг биш. Толгой нь ажилладаг бөх шүү.

Бид түүхээ одоо өөрсдөө бүтээх цаг нь болоод байна. Бидэнд бүтээсэн түүх байхгүй. Яахав, морь унаад урагшаа давхисан юм байна, хятадуудыг тайван амьдарч байхад очиж үймүүлж торгыг нь хулгайлж дээрэмдсэн юм байна. Цай, шүдэнз, лааг нь булааж ирсэн юм байна. Тэгэхээр нь “Энэ нэг хэдэн бүтэхгүй нөхдийг оруулахгүй” гээд хашаа босгосон. Тэрийг нь бид л хэрэм гээд байгаа шүү дээ. Уул нь тэр чинь том хашаа л байхгүй юу (инээв). Тэр хашааг нь бид хэрэм гээд ч байх хэрэггүй. Өнөөдөр ч бид торгоо зөөсөөр л байгаа. Одоо наадам боллоо. Бид хятад торгоор л дээл хийнэ. Хятадын торгогүйгээр наадмаа хийх ямар ч боломжгүй. Бүгдээрээ л хятад торгоор гангардаг мөртлөө тэр торгыг хийсэн хүмүүсийг яагаад хужаа нар гээд байгаа юм. Намайг хүртэл тэгж байгаа юм “Энэ муу хужаа” гэж. Би лекцэндээ “Бид Хятад, Оросын тусламжаар л өдий зэрэгтэй яваа. Хэрвээ энэ хоёр туслаагүй бол бид өнөөдөр байхгүй байсан” гэсэн. Тэгсэн чинь л намайг хятадын тагнуул, муу хужаа гээд байгаа юм. Намайг тэгж доромжилж байгаа залуусын ээж нар нь хужаагийн торгоор дээл хийж өмсөөд наадмаар гангардгийг мэдэхгүй л байгаа байхгүй юу. Бахархах түүхгүй байж Хятад, Орос хоёрыг дуурайж түүхээрээ бахархах гээд байх юм. Бидэнд бахархах түүх байхгүй, бид их сургууль бариагүй. Улаанбаатарын байшингуудыг хятадууд, орос цэргүүд л барьсан ш дээ. Одоо энэ өндөр шилэн барилгуудыг хэн барьж байна вэ.

-Хятадууд?

-Тийм шүү дээ. Тэгээд яах гээд байгаа юм. Энэ бидний сууж байгаа рестораныг тохижуулсан сандал, ширээ, хөшиг, дотоод заслын эд зүйлсийг хаанаас авчирсан юм бэ. Эрээнээс л авчирсан. Ресторанаа тохижуулна гээд мөнгөө хамж аваад наймаа хийнэ ээ гээд Завхан руу явдаг гэж бодож байна уу. Үгүй шүү дээ, Эрээн рүү л явдаг. Тэгээд энэ бүхнийгээ хүлээн зөвшөөрөөч. Яагаад бодит байдлыг харж чадахгүй байна вэ. Сохорчихсон юм уу.

-Таныг Чингис хааныг шүүмжилсний төлөө хужаа гэж дуудсан гэлээ. Ингэхэд та аль аймгийнх вэ. Аав ээжийн нутаг гэвэл?

-Төв аймгийн Жаргалантынх. Би тэнд төрсөн. Тэнд би аравдугаар ангиа төгссөн. Би чинь ерөнхийдөө хөдөөний нөхөр шүү дээ. Гэхдээ яах вэ, манай ээж Улаанбаатарт орж ирээд намайг татаж авсан юм (инээв).


Categories
мэдээ цаг-үе

МАН, Д.Дамба-Очир та хоёр ард түмнийг багахан шиг элэг бариарай

Монголчууд эртнээс аливаад хүлээцтэй ханддаг ард түмэн. Хөндлөнгийн зүйлд битгий хэл өөрийнхөө юманд ч түрүүлж дуугараад байдаггүй. Жишээлбэл, нэг хар юм эхнэртэй нь нэр холбогдоод байгаа тухай гадуур шуугиад байхад хүртэл нүдээр хараагүй л бол огт тоодоггүй. Тэр байтугай өнөөх дуулианы эзэн гэрт нь ирээд ойр зуурынх нь ажилд туслаад байхад нөхөр “Манай энэ мөн ч ажилсаг хүн дээ” гэж эхнэртээ магтаад байх нь тэр. Харин шөнө унтахад ажилсаг эр эхнэрийнх нь урдуур ор засах юм бол нөхөр сая цаад учрыг мэддэг. Олны яриа ортой байсныг ойлгосон нөхөр тэдэнд хандаж нэг л үг хэлдэг сэн. “Та хоёр багахан шиг элэг бариарай” гэдэг. Энэ бол зүгээр л хэлээд өнгөрдөг үг биш юм. Цаанаа ямар айхавтар давхар утга агуулдгийг бүгд мэднэ. Ийм үг сонссон эхнэр нь ч тэр, цаад хар юм нь ч тэр шууд ойлгодог.

Хүмүүс багахан шиг элэг бариарай гэж тэр бүр амнаасаа цухуйлгаад байдаггүй. Ер нь аливаа асуудал болохоо байж, хэрээс хэтэрсэн үед энэ үг хэн нэгэн рүү чиглэдэг гэдгийг Монголын тал нутагт амьдарч байгаа ард түмэн бүгд мэддэг. Тэгвэл энэ үгийг МАН болон гишүүн Д.Дамба-Очир та хоёрт ард түмний өмнөөс хэлье. Та нар ард түмнийг багахан шиг элэг бариарай.

Парламентад 65-ын бүдүүн бүлэгтэй МАН, түүний гишүүн Д.Дамба-Очир хоёр ард түмний итгэлийг авч төрд гарч ирчихээд арай дэндүү ичгүүр, сонжуургүй авир гаргаж байгаа юм биш үү. Д.Дамба-Очир гишүүн таныг байнгын хорооны хуралдаан дээр согтуу сууж, хөл нь дэлхийгээ олохгүй, хэл нь тагнайгаа олохгүй таль таль хийж, шүлсээ үсчүүлэн мэдэмхийрч байгааг түмэн харлаа. Энэ бол нам нь ард түмнийг, Д.Дамба-Очир гишүүн өөрөө сонгогчдоо доромжилсон хэрэг мөн. Тиймээс МАН ард түмнээс уучлал гуйж Д.Дамба-Очирыгоо эргүүлэн татах хэрэгтэй байна. Үүнээс өмнө Б.Ундармаа гэх эмэгтэй гишүүн бас суудлаа олохгүй согтуу тэмтэрч явахыг ард түмэн харсан. Ер нь МАН 65-уулаа УИХ-д гарсандаа эрдэж төрийг төр биш, улсыг улс биш болгон тоглох нь хэрээс хэтрээд байна.

Багахан шиг элэг бариарай гэдэг үгийг 1996-2000 онд ард түмэн Ардчилсан намд хэлж, парламент дахь 50 суудлыг нь нэг болгож байсан юм шүү. Дараа нь 2012-2016 онд бас л ингэж хэлсэн. Үр дүн нь өнөөдрийн УИХ-ын бүтэц. Энэ бол ийм л урхагтай үг. Харин одоо үүнийг ард түмэн МАН-д зориулан хэлж байна. Тиймээс та нарт Д.Дамба-Очирыгоо буцааж татан хийсэн гэм нүглээ наминчилж, итгэл даах тулхтай улс төрийн нам гэдгээ харуулах хэрэгтэй болжээ.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаярын жолоог эвхүүлсэн нь Монголын ардчилалд мууг ёрлож байгаагийн дохио

Парламентад суудалтай гурван намаас гурван нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд уяа сойлгоо тааруулж байсан. Сойсон хүлэг уралдаанд орохоо байхыг уяа мултарсан, жолоог эвхүүлсэн гэдэг. Үүн шиг гурван нэр дэвшигчийн нэг Н.Энхбаярын уяаг мулталж, жолоог эвхүүллээ. Н.Энхбаярыг Монголын ард түмэн сайнтай муутай нь хангалттай мэднэ. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн, зохиолч орчуулагч, Монголын төрийн хамгийн өндөр албан тушаалуудыг бүгдийг хашиж явсан, оймс гозолзож, шүүхэд очиж, хоригдож, эмнэлэгт хүргэгдэж, нам байгуулж дарга нь болсон гээд сүүлийн үеийн үйл явдлууд дуулиантайхан өрнөснийг андахгүй мэдэж байгаа. Өнгөрсөн ням гаригт Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдэхээр хуралдлаа. Н.Энхбаяр намын үнэнч хэдэн нөхөд болон эмээ, өвөө нарыг улаан бүч малгай өмсгөөд дагуулаад очсон ч тусыг эс оллоо. Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хороо өөрийг нь бүртгэхгүйг өмнө тооцоолсон болоод л ингэж сүр бараатай очсон биз. Сонгуулийн ерөнхий хорооны хурлын шийдвэр яаж гарахыг ч иргэд аль хэдийнэ гадарлаж байсан даа. Таамаглаж байсанчлан нөгөө хоёрыг нь ногоон гэрлээр бүртгэчихсэн. Харин Н.Энхбаярыг бүртгэсэнгүй. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшүүлэхгүй болсон албан бичигтээ гурван үндэслэл дурдаж. Эхнийх нь, нэр дэвшигчийг хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй учраас бүрдүүлэх материал дутуу өгсөн гэж үзжээ. Нөгөө нь, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэж. Түүний ялтайд тооцох хугацаа нь энэ оны наймдугаар сарын хоёронд дуусна гэжээ. Эндээс түүнийг сонгууль дууссан хойно л ялгүй гэж үзэх юм байна гэдгийг хэн ч ойлгоно. Эцэст нь таваас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй гэв. Тухайлбал, 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны аравдугаар сарын 9-нийг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж.

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ болилоо гэж үсээ үгтээн, харамсч халаглаад байх ч юу байхав. Энэ хүн өөрөө нэр дэвшихээ болиогүй. Нэр дэвшүүлэхгүй гэж бүхий л шатанд хичээж, санасандаа хүрсэнд хамаг учир байгаа юм. Монголын ардчилал, Монголын төр, Монголын удирдагчид юу хийж чаддаг, ямар болсныг Н.Энхбаярыг УИХ-д, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байгаагаас харж болно. Зөвхөн Н.Энхбаярт зориулж, зөвхөн энэ хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж хуульд ямар заалт суулгасныг, энэ хуулийн өөрчлөлт бүхнийг хийж болж байгааг бид харж байна. Ганц хүнд зориулж хэрхэн хуулийг өөрчилж, хуулийг тайлбарлаж, хуулийн хэрэгжилтийг хойшлуулсныг эргэн саная.

2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхдээ 2016 оны есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжихээр заасан бол МАН эрх баримагцаа гэнэт энэ хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр хугацааг хойшлуулсан. Уг нь Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг ингэтэл удаан хойшлуулах нь олон үр дагавартай байдаг ч зөвхөн Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд хуулийн хэрэгжих хугацааг ингэж хойшлуулчихав. Эрх баригчид үүнийг бэлтгэл ажил хэрэгтэй учраас гэж тайлбарладаг. Ингэж хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар 8000 гаруй хоригдлын суллагдах хугацаа нь мөн хойшлогдсон гэсэн үг.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Парламентад Шударга ёс эвсэл 11 гишүүнтэй байлаа. Тэд Ардчилсан намтай хамтарч засаг барьсан. Гэтэл жижиг намуудыг шахах зорилгоор ялангуяа Н.Энхбаярыг хүчгүй байлгахын тулд улс төрд тоглолт хийх боломжийг хаахын тулд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан гэж үздэг. Уг нь сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй заалттай байхад түүнийг авч хэлэлцээгүй. Энэ өөрчлөлтөөр пропорциональ системийг халсан билээ. Уг нь пропорциональ системд шилжих гэж чамгүй юм болж байж баталж, энэ системээр хоёр ч сонгуулийн нүүр үзсэн. Ингээд Үндсэн хуулийн Цэц 2012 онд пропорциональ системийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн хэрнээ 2016 онд эсрэг шийдвэр гаргасан. Тэгэхээр өмнө нь пропорциональ тогтолцоогоор явуулсан сонгууль бүгд хүчингүй мэт ойлгогдохоор болчихсон. Гэвч үүнийг хүчээр шийдээд баталчихсан. Үүнийг нь дэмжихгүй байсан Цэцийн дарга Ж.Амарсанааг албаны хэрэгцээнд үнэтэй машин авсан гэж шалтаглан чөлөөлж байлаа.

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 5-д “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэдэг нь анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заажээ.

Харин Н.Энхбаяр гадаадад эмчлүүлж байх 13 сарын хугацаандаа зургаан сарын дотор Монголд ирж очиж байсан байх юм. Цаашлаад хилийн алба гэдэг нь иргэнийг хилээр гарч байгааг бүртгэдэг газар болохоос гадаад, дотоодод оршин сууж байсан эсэхийг тодорхойлдог газар биш.

Сонгуулийн ерөнхий хорооны татгалзсан хоёр дахь үндэслэл нь шүүхийн шийдвэрт үндэслээгүй шүүхийн захирамжид үндэслэснийг МАХН-ынхан хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн нэр дэвшигчийг хилийн бичиг дутуу өгсөн гэх хэрнээ хилийн бичгээ үндэслэн шийдвэр гаргасныг ч МАХН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.

Энэ бүхнийг харахад ил харагдах байдал нь бүгд хуулийн дагуу юм шиг. Нэг нь хууль санаачлаад парламент нь шууд баталж байна. “Энийг захиалгаар оруулаад ирлээ. Ганц хүнд зориулж ингэж болохгүй. Энэ чинь Н.Энхбаярт зориулж ” гэж хэн ч асууж, хэн ч дуугарахгүй нь хачин юм шүү. Нэгэнт хууль санаачлах ёстой субьект санаачилж оруулж ирээд парламент хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар баталсан болохоор ёс журам, хуулийн дагуу болоогүй гэж хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ захиалгаар ийм юм болоод байгааг бид харж байна. Нийт ард түмний төлөө хууль үйлчилдэг байхад хэдхэн хүний карьер, өрсөлдөгчөө намнахын тулд гаргадаг шийдвэр биш.

Нийгэмд дэг журам, шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор нийгмийн харилцааг зохицуулж байдаг заавал биелэгдэх шинж бүхий хэм хэмжээний цогцыг хууль гэж тодорхойлдог. Энд дурдсан шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, дэг журам хаана байна. Ганц хүнд зорилуаад хууль санаачлах, сахиулах, биелүүлэх, хянах бүх л байгууллага нь ажиллаж байна. “Барьж хорь” гэхээр нь цагдаа, тагнуул, АТГ нь бөөнөөрөө очоод Холливүүдийн детектив кино ард түмэндээ бодитоор үзүүлчихэж байна. Нууцаар бичлэг хийж байна. Шүүх нь шийдвэр гаргаж байна. Ард түмний төлөөллөө болгоод сонгосон парламент нь үг сүггүй хууль баталж байна. Үйл явдлын цаана нэг хүн рүү хандсан өрнөл болоод байгааг мэдэвч буруу гээд хэлэх гэхээр бүгд процедурын дагуу болчихсон.

Монголын парламент ямар ч дархлаагүй байгаагийн, хууль ёс яаж алдагдсаны гол шинж энэ мөн. Ямар бүлэглэл төрийн толгойд байна, парламент тэрний заавраар л хөдөлж байна. Өнгөрсөн парламент ч тэр, одоогийн парламент ч тэр, хэний, ямар бүлэглэлийн заавраар энэ бүхнийг хийсэн нь хүн бүрийн нүдэнд ил. Дээрээсээ удирдлагатай, багцлагдаад аль ч нам олонх болсон ялгаа алга. Өмнөх парламентад цөөнх нь ядаж дуугарч болох байсан, эсэргүүцэж болох байлаа. Гэтэл тэгээгүй. Өнөөдөр 65-уулаа олонх нь нэг талд гарчээ гэж бодоход цөөнх нь бас дуугарч болноо доо. Бас л тэгсэнгүй. Ингэж нэг удирдлагатай ярайтал сууж байгаад олонхи цөөнхгүй баталчихаж байна.

Энэ л бидний санааг зовоох гол асуудал болоод байгаа юм. Бүлэглэлүүд төрийн толгойд нь гарчихаад тэр бүлэглэлийн толгойд хоёр, гуравхан хүн бүхнийг найруулж суухад Монголын ардчилал Монголын эмгэнэл болж байна. Монголын парламентын дархлаа ийм сул, хэн нэгний үгнээс гарахгүй, дохио зангаагаар дуулгавартай хууль баталдаг болсон нь Монголын ардчилалд муу ёрлож байна. Эрх мэдэлтэй хүн л бүхэл бүтэн улсыг юутай хээтэй нь ингэж удирдан залж 6-8 жил нэг бүлэглэл нийгмээр нь атгаж хүссэнээ хийж, хийлгэж байхад ардчилал баталгаатай байна гэж хэлж болох уу. Хамгийн их санаа зовох асуудал энэ болоод байгааг хэн хүнгүй л мэдэж байна. Нэг бүлэглэлийн дараа дахиад л өөр нэг бүлэглэл мөн л ингэж удирдан чиглүүлнэ. Ард түмэн энэ бүхнийг мэдэж байгаа ч хууртаад байдаг. Нийгэмд болж буй улс төр, эдийн засгийн бүх үйл явц найруулагчтай, найруулгатай болчихлоо. Ямар нэг тоглолтын хөтөлбөрт хөтлөгч ингэж зарлаад дараа нь дуучин тийм дуу дуулсны дараа тэр гэдэг бүжигчин тэгж бүжиглэнэ, төгсгөл нь ийм байна гэдэг шиг Монголын төрд болж буй үйл явц яг тэр чигээрээ хэрэгжиж, тэр бүү хэл үзэгч нь хэрхэн алга нижигнүүлэн ташихыг зааж байна.

УИХ-ын сонгууль болж байхад аль нам ялах нь тодорч, аль намаас хэн гарч ирж, ямар албан тушаалд очих, дарга нь хэн байх, Ерөнхийлөгчид хэн дэвших нь тодорхой болчихсон байдаг. Хэн гуайн хүү нэр дэвшинэ гэж УИХ-ын сонгуулиар ярьж байсан. Хэн гуайн хүүг дэвшүүлэхгүй гэж дээр дооргүй яриад эхэлсэн. Яг тэр ёсоор боллоо. Одоо хэн гуайн хүү яаж ялахыг бас яриад эхэлчихлээ. Ирэх зургадугаар сарын 26-нд хэн гуайн хүү Ерөнхийлөгч болохыг ч аль хэдийнэ тодруулчихаад л ярих юм. Бас л ёсоор болох вий. Хаана байна, хайран ардчилал минь, хаана байна бидний ардчилсан сонголт.

Categories
мэдээ нийгэм

Баабарын “Ганбаатарыгаа дэмжиж Ерөнхийлөгч болгосон нь зөвдөнө дөө” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Х.Нямбаатар “Хуцаж буй нохой болгон руу чулуу шидээд ч яахав дээ” ярилцлага лхагва гаригийн дугаарт нийтлэгдлээ

Гавьяат хуульч С.Нарангэрэлтэй сонгуулийн өмнө ярилцлага хийж амжжээ. Тэрээр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоонд орж байсан юм. Тэрээр “ Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хумьж болох ч ард түмний эв нэгдлийг сахих эрхийг нь бүрэн хангаж өгөх учиртай” хэмээжээ.

Саяхан уулан дээрээс далавч хэлбэртэй шүхрээр нисэх олон улсын тэмцээнд оролцож монголын анхны хүрэл медалийг авчирсан Х.Ариунбаатартай хийсэн сонирхолтой ярилцлага 12-р нүүрт хэвлэгджээ.

“Нова Терраа” компанийн захирал Б.Бямбасайхантай хийсэн “Азид байгаа боломжоо нээвэл Монголын компаниуд илүү өрсөлдөх чадвартай болно” ярилцлага эдийн засгийн 19-р нүүрт нийтлэгдлээ.

Соёмботой уулыг ухаж эхэлснийг манай сонин сурвалжиллаа. Баримт, үйл явдлын 7-р нүүрээс та шөнийн цагаар ч хамаагүй ажлаа үргэлжлүүлэн аймшиггүйгээр нийслэлчүүдийн шүтээн болсон энэхүү уулыг баячууд ухаж эхэлсэн талаар уншиж болох юм. Хэн гээч эрх мэдэлтэн нь хэзээ энэхүү газрын зөвшөөрлийг өгснийг та энэ дугаараас уншаарай.

УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг 13-р нүүрээс уншаарай. Тэрээр “Үргээлэг-2” киноны гол дүрд тоглож, өөрөө найруулсан талаараа дурсжээ. Мөн тэрээр хамгийн анх “Аав” киног найруулж байсан юм.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ