Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 19 минутад гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүүрэн, Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг, О.Баасанхүү нар санал хэлсэн юм. Гишүүдийн хувьд хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг яаравчлан оруулж ирснийг илүүтэй тодруулж байлаа.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсний дагуу асуудлыг оруулж ирсэн гэж хариулав.

Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын угтогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.Байнгын хороо дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг дараах байдлаар төсөлд тусгалаа. Үүнд: Тогтоолын төслийн “2016-2020 он” гэснийг “2017-2020 он” гэж, 3.2 дахь дэд заалтын “Улсын Их Хуралд тайлагнаж байх” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд 2019, 2021 оны 1 дүгээр улиралд тус тус тайлагнах” гэж өөрчлөх саналуудыг төсөлд тусгав. Мөн төслийн хавсралтын дөрөвдүгээр бүлгийн “Зорилт 8”-ыг бүхэлд нь, 22.1.10 дахь дэд заалтыг “далд эдийн засгийн тооцоог олон улсын стандартын дагуу сайжруулах, нөөц ашиглалтын хүснэгтэд тусгах” гэж өөрчлөн найруулах, 6.2 дахь заалтын “2018 оны 06 дугаар cap” гэснийг “2019 оны нэгдүгээр улирал” гэж, “2020 оны 6 дугаар cap” гэснийг “2021 оны нэгдүгээр улирал” гэж тус тус өөрчлөх, хөтөлбөрийн хугацааг өөрчилсөнтэй холбогдуулан 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаарх 2.1.2, 2.1.6, 13.1.8, 13.1.23 дахь дэд заалтууд болон эдгээр арга хэмжээнд зарцуулсан 2.8 тэрбум төгрөгийг хөтөлбөрийн санхүүжилт хэсгээс хасах зэрэг саналуудыг төсөлд тусгасан гэдгийг онцоллоо. Хуралдаанд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаны бусад хүмүүс оролцов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд статистик бол мэдээллийн системийн амин сүнс. Статистикийн мэдээлэл буруу байвал Монгол Улсын бүх ажил буруу тийшээ хазайна. Иймд улс төр, удирдлагын нөлөөнд авталгүй статистикийн мэдээллийг үнэн зөв гаргаж байх ёстойг захиж, анхааруулж байлаа. Ингээд “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлахыг дэмжье гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80,8 хувь нь дэмжив.

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.

Байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг төслүүдэд нэг бүрчлэн тусгасан. Хуулийн төслүүдийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томъёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг хийсэн гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн танилцуулгадаа онцоллоо. Эдийн засгийн байнгын хорооны уг хуулийн төслүүдийг батлахыг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Сүхбат нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд, Усан замын тээвэрлэлтээс болоод иргэдийн амь нас хохирч байна. Үүнээс урьдчилан сэргийлэх талаар зохицуулалтыг хуульд хэрхэн тусгасныг илүүтэй тодруулав. Ажлын хэсгийнхэн хариултдаа, “Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөвөлт хийх улирлын нээх, хаах хугацааг хуулиар зохицуулж өгсөн. Мөн энэ чиглэлээр ажиллах байцаагчийн тоог нэмэх, хөвөлтөд гарах нэгж нь цаг агаарын мэдээллийг урьдчилж авах үүрэг хүлээлгэсэн. Мөн гол, мөрөн, нууртай нутгийн захиргааны удирдлага нь хөвөлтийн улиралд Онцгой байдлын нэгж болон Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газартай хамтран байнгын бус ажиллагаатай аврах багийг ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн” гэдгийг онцлов.

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи батлах нь зүйтэй гэж үзлээ.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлэн шийдвэрлэв

Үүний дараа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татахаар болжээ.

Иймд Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмэдийн Баттөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарыг тус тус томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлжээ.

Элчин сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн нь 1964 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1984-1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, Олон улсын харилцааны мэргэжилтэй. ХБНГУ, Шинэ Зеланд, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн, орос, англи, герман хэлний мэдлэгтэй. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломатын албанд 28 жил ажилласан байна.

Элчин сайдад нэр дэвшигч А.Баттөр 1965 онд Ховд аймагт төрсөн. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1995 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль, 2001 онд Шинэ Зеландын Виктория их сургууль, 2010 онд Бельгийн Вант Улсын Брюссель хот дахь Европын Стратеги, олон улсын харилцааны төвд мэргэжил дээшлүүлсэн. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломат албанд 16 жил ажилласан аж.

Элчин сайдад нэр дэвшигч Д.Ганбат 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд ЗХУ-д (хуучнаар) Уралын улсын их сургууль, 1987 онд МУИС-ийг төгсч, ХБНГУ, АНУ, Италид мэргэжил дээшлүүлсэн, орос, англи, герман хэлний мэдлэгтэй, төрийн албанд 33 жил ажиллажээ.

Элчин сайдад нэр дэвшигч Г.Тэнгэр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1998 онд Япон улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль, 2016 онд МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг төгссөн. Англи, япон хэлний мэдлэгтэй, төрийн албанд есөн жил, дипломат албанд нэг жил ажилласан байна.

Элчин сайдад нэр дэвшигч Ё.Отгонбаяр 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1995 онд БНЭУ-д Маркетинг менежментийн сургууль, 2000 онд ОХУ-д Дипломатын академийг төгссөн. Орос, англи, хинди, урду, франц хэлний мэдлэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой, дипломат албанд 13 жил ажиллажээ.

Элчин сайдад нэр дэвшигч Н.Чимгүүндарь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсөж, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, дипломат албанд 11 жил ажилласан байна.

Уг асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Д.Цогтбаатар, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ. Т.Аюурсайхан, С.Эрдэнэ. Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сумьяабазар, Ё.Баатарбилэг, Н.Цэрэнбат. Б.Ундармаа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд, амаргүй байгаа энэ үед Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд багтдаг, гол хандивлагч орнуудад Элчин сайдаар томилогдвол Монгол Улсаа үнэн зөв, шинэлэгээр сурталчлахад анхаарах, хөрөнгө оруулалтыг татахад бүтээлчээр ажиллах, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэхэд эрч хүчтэй ажиллахыг онцгойлон анхааруулж байв.

Түүнчлэн оюутан, залуусыг гадаад улс орнуудад өндөр боловсрол эзэмшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэхэд идэвхтэй ажиллах, тухайн улс оронд сурч ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эх хэл, зан заншлаас суралцахад нь тусалж дэмжих, дипломат албаны ёс зүйг чанд сахихын зэрэгцээ гадаад бодлогод Монголоо гэсэн нэгдмэл байр суурьтай, улс төржихгүй ажиллахыг нэр дэвшигчдэд захиж байв. Мөн гишүүдийн зүгээс Монгол Улсаа төлөөлж ажиллахдаа хэрхэн идэвхтэй бүтээлчээр ажиллах, хууль, ёс зүй зөрчсөн, хариуцлага алдсан тохиолдолд хариуцлагаа үүрч ажиллах эсэхийг тодруулж байлаа.

Тухайлбал, Элчин сайдад нэр дэвшигч Г.Тэнгэр “Монгол Улс Япон улстай стратегийн түншлэл байгуулсан. Энэ хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг цаасан дээр бус бодит ажил болгоход анхаарч ажиллана. Мөн иргэнлэг, хүмүүнлэгийн харилцаанд ахиц гаргахаар ажиллана” гэж байсан бол Элчин сайдад нэр дэвшигч Ё.Отгонбаяр “АНУ Монгол Улсын хооронд улс төр, батлан хамгаалах, хүмүүнлэгийн харилцаа хангалттай түвшинд ажиллаж байгаа. Харин эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгаа” гэдгийг онцлов. Түүнчлэн Элчин сайдад нэр дэвшигч Н.Чимгүүндарь “Канад улсад монголын 5000 иргэн ажиллаж, сурч амьдарч байгаа. Монголчууд маань албан ёсны эрхтэйгээр амьдарч байгаа ч, монгол иргэдийн хоёр дахь үе эх хэл, зан заншлаа мэдэхгүй өсөх хандлагатай байгаа. Иймд энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллана. Цаашлаад хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн шатанд хүргэх зорилготой байгаа” гэж байсан бол Элчин сайдад нэр дэвшигч А.Баттөр “Франц Монгол Улсын харилцаанд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэр бүхий дөрвөн том төслийг урагшлуулахад идэвхтэй ажиллана гэж бодож байгаа” гэж байлаа. Мөн Элчин сайдад нэр дэвшигчид томилогдсон газраа хууль журмын хүрээнд ажиллах, дипломат албаны ёс зүй, хууль дүрэм зөрчсөн хүмүүстээ хариуцлага тооцдог, асуудал гарвал хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байлаа.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.0 хувь нь дэмжлээ. Дараа нь Элчин сайдаар томилох саналыг нэр дэвшчигч бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 60,4-100 хувийн дэмжлэг авсан тул Улсын Их Хурлын саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Талын баясгалан” тоглолт болно

Япон, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Япон, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Талын баясгалан” тоглолт болно. Япон Улсын алдарт бүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Азүма Канхо тэргүүтэй Японы язгуур урлагийн уран бүтээлчид Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, “Улаанбаатар” чуулгын бүжиг дэглээч, бүжигчин, СТА Д.Энхгэрэл, Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд уг тоглолтыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн тоглолтоор хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл “Талын баясгалан”-г толилуулна. Морин хуурын чуулга, Японы уртын дуучин, хөгжичмид, Монгол Японы үндэсний бүжиг хосолсон энэхүү уран бүтээлээр хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг харуулах юм. 2002 онд анх тоглосон энэхүү уран бүтээлийг бидний хамтын ажиллагааг тууштай дэмжиж, биечлэн удирдаж байсан Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын Морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч Ц.Батчулуун агсны гэгээн дурсгалд зориулж байна. Түүнчлэн Азүма Канхогийн дэглэлтээр СУИС-ийн Бүжгийн Урлагийн сургуулийн 21 оюутны оролцсон “Ёосакой Сооран”, ЕБС-ын Шинэ Монгол сургуулийн долоон сурагчийн “Сакура” Япон бүжгийн уран бүтээлийг толилуулж байна гэж Нийслэлийн соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Азид байгаа боломжоо нээвэл Монголын компаниуд илүү өрсөлдөх чадвартай болно

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, “Нова Терра” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.


-Манай эдийн засгийн өсөлт 2019 онд найман хувьд хүрэх хандлагатай байна гэсэн өөдрөг төсөөллийг Монголын бизнесийн зөвлөлөөс гаргасан байна лээ?

-ОУВС-тай хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд манай эдийн засаг тогтвортой өсөх ёстой шүү дээ.Тэр төсөөллийг хэлж байгаа юм л даа. Олон улсын банк, санхүүгийн байгууллагын судалгааг бид гишүүддээ өгдөг.

-Монгол дампуурах нь гээд байсан. Одоо өсөлтийн тухай ярьж байна. ОУВС бидний өрийг дарчихаагүй зүгээр л хойшлуулсан. Тэгэхээр гол асуудал маань яаж шийдэгдэх вэ?

-Бид гол нь бизнесээ хийгээд, өргөжүүлээд, татвараа төлөөд байвал зээлийн эргэн төлөлт асуудал биш болчихно шүү дээ. Өртэй хүн муухай гэж ойлгох хэрэггүй. Эдийн засаг өсч, компаниуд томорч, орлого нь нэмэгдэж, зээлүүд төлөгдөнө.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг бизнес эрхлэгчид эерэг хүлээж авсан. Харин гадаадын банк оруулж ирэх асуудлыг та яаж хүлээж авч байна вэ. Газар нутгаа барьцаанд тавих эрсдлийн тухай их ярьж байна?

-Эдийн засаг томрохын хэрээр банкны салбар өрсөлдөөнтэй болно. Өрсөлдөөнтэй байж хэрэглэгч буюу зээл авч байгаа бид хожно. Зах зээлийнхээ зарчмаар л явах ёстой. Тэр үүднээс зохицуулалт хийх байлгүй дээ. Түүнээс биш тодорхой бүлгийн эрх ашгийн төлөө шийдвэрүүд гараад байвал эдийн засаг томрохгүй шүү дээ.

-Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулна гэж яригдсан. Ингэж байж мөнгийг Монголдоо тогтооно гэж олон нийтэд ойлгуулаад байгаа. Үнэндээ ингэх нь зөв үү?

-Энэ тухай нэг хүн надад гоё зүйрлэл хэлсэн юм.Таван литрийн бидонд 40 литр ус хийх гээд зүтгэхтэй адил юм болж байна. Манай эдийн засаг тийм л жижигхэн. Манай банкууд бидэндээ л том болохоос олон улсын хэмжээнд бол өчүүхэн тоглогчид. Мөнгө байнга арвижиж байх ёстой. Банк санхүүгийн систем мөнгийг хамгаалж байдаг. Хамгаална гэдэг гадуур нь урсгахын нэр биш. Манай эдийн засаг томрохын хэрээр мөнгө орж ирнэ. Түүнээс биш ордонд нэг дарга тушаал гаргаад шийдчихдэг асуудал биш.

-Монголын бизнес эрхлэгчид цуглаад, Азийн боломж, тэр тусмаа урд хөршийн “Бүс ба зам” санаачилгад монголчууд ямар оролцоотой байх тухайгаа хэлэлцэх гэж байгаа гэж сонслоо?

-Монголын бизнесийн зөвлөлөөс “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвээр ирэх зургадугаар сарын 19-нд хоёрдугаар чуулга уулзалтаа хийх юм. Монголын бизнесийн зөвлөл гэдэг 250 компанийн гишүүнчлэлтэй байгууллага гишүүд бусад бизнесийнхнийг уриад, жил болгон бизнесийн чуулга уулзалт хийж байгаа. Энэ удаагийн сэдэв нь “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” юм. Компаниуд хоорондоо мэдээллээ түлхүү солилцъё. Азийн бүс нутагт ямар боломжууд байгааг Монголын компаниуд сайн ойлгох юм бол ирээдүйн бизнесийн стратегиа тодорхойлоход тустай. Азид байгаа боломжийг нээвэл Монголын компаниуд илүү өрсөлдөх чадвартай болно шүү дээ. Саяхан Ерөнхий сайд Бээжинд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд болсон дээд хэмжээний уулзалтад оролцоод ирлээ. Тэнд 29 орны төр засгийн тэргүүнүүд оролцож, “Бүс ба зам” буюу орчин цагийн Торгоны зам гэж нэрлэгдээд байгаа бүс нутгийн эдийн засгийн ирээдүйн тухай хэлэлцсэн. Үүнийг яаж бодит амьдралд хэрэгжүүлэх вэ гэдэг талаас нь ярилцлаа. Монголыг гадныхан маш том боломж гэж хардаг. Газар нутаг томтой, байгалийн баялаг, эрчим хүчний нөөц ихтэй. Хятад гээд дэлхийн хамгийн том зах зээлийн дэргэд байдаг гэдэг. Урд хөршөө бид илүү сайн ойлгох учиртай. Бүх л дэлхийгээрээ “Бүс ба зам” санаачилгад оролцох гээд явж байна. Үүнийг Монголын компаниуд яаж бизнес болгох вэ гэдэг талаар бид ярилцах юм. Энэ бол Монголын эдийн засгийн 20-30 жилийн тогтвортой байдал, өсөлт, дэд бүтцийн салбарын хөгжил гээд олон зүйлтэй уялдана. 2014-2016 онд гурван жилийн хугацаанд “Бүс ба зам” санаачилгад оролцож байгаа улсууд Хятадтай гурван их наяд ам.долларын худалдаа хийжээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Азийн бүс нутаг 2016-2030 онд 26 их наяд ам.долларыг дэд бүтцийн салбарт оруулна гэж тооцоолсон. Үүнээс 14 их наяд ам.долларыг эрчим хүчний салбарт, найман их наяд ам.долларыг зам тээвэрт, харилцаа холбооны салбарт хоёр их наяд ам.доллар зарцуулах юм байна.

-Монголын эзэнт гүрний үед Евро-Азийг хамарсан чөлөөт худалдааны том бүсийг бий болгож байсан. Торгоны зам дэлхийн худалдааны хөгжилд асар том хувь нэмэр оруулсан гэдэг. Тийм учраас манайхан Хятадын “Бүс ба зам” санаачилгыг өөрсдөдөө хамаатуулж ойлгож байгаа. Харин орчин үед Евразийн төвд оршдог гэсэн газар зүйн ашигтай байрлалаас өөр биднийг тоож үзэх ямар шалтгаан байгаа вэ?

-Өнөөдөр манай эдийн засаг хэвээрээ байх уу, илүү томрох уу гэдэг асуулт бидний өмнө байна. Яаж томрох вэ гэхээр Монголд байгаа боломжуудаа экспортлох тухай юм. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулна гэдэг жишээлбэл бидний үйлдвэрлэж чаддаг уул уурхайн бүтээгдэхүүнтэй холбоотой. Төмөр, зэс зэргийг дэд бүтэц байгуулахад ашиглана шүү дээ. Хятадын эдийн засгийн бодлого манай нүүрс, төмрийн хүдрийн үнэ, хэмжээтэй шууд холбоотой. Нэгэнт л бид хорвоо дэлхийтэй холбогдсон учраас энэ уялдаа, холбоогоо улам л сайжруулж байж манай эдийн засаг хөгжинө. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өрсөлдөх чадварын тайлан гаргадаг. Бид аймгуудынхаа өрсөлдөх чадварыг, Монголыг бусад эдийн засагтай харьцуулж үзэж байна. Эрчим хүч, дэд бүтэц, зам харилцааны салбарт бид сүүл барьдаг. Энэ бүхэн бидний бизнес хийх зардлыг нэмж байгаа хэрэг. Монголд бүтээн байгуулалт хийхэд бусадтай харьцуулахад үнэтэй. Шаардлагатай тоног төхөөрөмжөө зөөж авчрах бөөн зардал, түүнийгээ угсарч тавихад бас илүү мөнгө төлдөг. Бид улам уялдаа холбоотой болно гэдэг Монголын компаниуд ирээдүйд бизнес хийхэд илүү өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Тэрийг л боломж гэж харж байна. Тодорхой салбаруудаар нарийвчилж ярилцах юмнууд гарна. Эрчим хүч миний гадарладаг салбар л даа. Хятад, Орос, Япон, Солонгостой уялдаж, сүлжээнд орохгүй бол Монголоос эрчим хүч экспортлох боломжгүй. Судалгаа хийж байна. Монголд газар аваад нар, салхины эрчим хүчний судалгаануудаа хийгээд явж байгаа компаниуд бас бий.

-Уялдаа холбоогоо сайжруулах гэснээс эргэлзээтэй юмнууд бас байдаг. Орос, Хятадын хооронд байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголоор дайруулах тухай их яригдсан. Бид ашигтай байрлалд байгаа гэж итгэсэн. Гэтэл энэ хийн хоолой Монголыг тойрчихсон шүү дээ?

-Ашигтай байрлалд байгаа гэж бид бодож байгаа. Гэхдээ бодох нэг хэрэг, судалж, хийх нэг өөр. Хийхийн тулд бодитой судалгаа хийх учиртай. Гэтэл бид зах зээлээ судлаагүй байж, ийм юм үйлдвэрлээд зарчихна гэж ярих утгагүй. Эсвэл газрын зураг харж байгаад “Манай нутгаар дамжихад ойрхон юм байна” гэдэг. Гэтэл яг тэр хэсэгт нь өндөр уул байвал хоолой тавихад асар их зардал гарна. Тэр бүхнийг тооцож хардаггүй. Суурь судалгаа, тооцоогоо хийж байж хүнтэй ярих хэрэгтэй. Ийм боломж байна гэдгээ эдийн засаг, санхүү, техникийн талаас нь судалж үзэж байж, тэр төслүүдийг хийнэ. Түүнээс биш хий хоосон ярих амархан. Монголд үнэхээр нөөц байгаа юу гэвэл бий. Яг юу байгаа, гол нь хэн хэрэглэх вэ гэдгийг ойлгож байж амжилтад хүрнэ. Тийм учраас энэ чуулганыг хийж байгаа юм. Монгол компаниудад маань ямар боломж байгааг, бид юу үйлдвэрлээд хаашаа зарж болох вэ гэдгийг сайн ойлгох учиртай. Тэгэхийн тулд бид хил дамнасан дэд бүтцүүдийг барих хэрэгтэй.

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх, гурван улсын хамтарсан эдийн засгийн коридор байгуулах асуудалд ахиц гарах шиг болсон. Бас уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай яригдсан. Тэр нь бодвол сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой байх?

-Хятадын зах зээлийг жаахан ажиглаад үзье л дээ. Маш том зах зээл учраас бид бүгдийг нь ойлгож, мэдэхгүй. Жилд 6-7 хувьтай өснө гэж ОУВС, олон улсын байгууллагууд мэдэгддэг. Эрчим хүчний хэрэгцээ нь бас жилдээ гурваас дөрвөн хувиар нэмэгдэх төлөвтэй. Хятад дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч шүү дээ. Тэр хэрэглээг яаж байгаль орчин, уур амьсгалд сөрөг нөлөөгүйгээр хангах гэдэг дэлхийн улс орнуудын толгойгоо ажиллуулж байгаа сэдэв. Хятадын сүлжээ рүү яаж холбогдох вэ гэдэг судалгааг Монгол Улс хийж байна. Тодорхой хариу гарахаар Монголд ийм хэмжээний нар, салхины эрчим хүчийг бий болгож болох юм байна. Энд нүүрсний том ордод түшиглээд цэвэр нүүрсний технологийг ашиглан, станц байгуулаад цахилгаан гаргах юм байна гэдэг тодорхой болох юм. Банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангууд дурын нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхээ байсан. Яаж цэвэр эрчим хүч үйлдвэрлэх вэ гэж харж байна.

-Та Монголын анхны салхин цахилгаан станц барих ажлыг удирдсан хүн. Гэхдээ одоо ч хүмүүс манай салхи хуурай, чанар муутай гэх мэтээр ярьцгаадаг. Үнэхээр бид нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ бусдад зарах боломж байгаа юу?

-Ерөнхий судалгаа бий. Түүнийг харвал “Тийм боломж бидэнд бий” гэдэг нь ойлгомжтой болсон. Монголын хил даваад салхи нь илүү чанартай, нар нь илүү илчтэй болчихгүй шүү дээ. Манайд нөөц байгаа нь ойлгомжтой. Хэрэглэгч, зах зээлээ бид ойлгож судалж байж, юу үйлдвэрлэх вэ гэдгээ төлөвлөнө.

-Орос, Хятад гээд эрчим хүчний хамгийн том хэрэглэгч хөршүүдийн маань зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллах сонирхол байгаа гэж ойлгож болох уу?

-Байгаа. Бүс нутгийн эрчим хүчний сүлжээг яаж бий болгох вэ гээд ажлууд идэвхитэй хийж байна. Хятад, Орос, Солонгос, Японы эрчим хүчний компаниуд ч мөн судалгаа хийж байгаа. Дээд хэмжээний уулзалт, айлчлалуудын үеэр энэ тухай яригдаад ажил болоод явж байна. Ерөнхий сайдын айлчлал, Ерөнхийлөгчийн ноднин тохирсон эдийн засгийн коридор чухал. Бидэнд орон зай нээж өглөө шүү дээ.

-Хятадын зах зээлээс яаж ашиг хүртэх вэ гээд дэлхийн улсууд тэмцээд байдаг. Гэтэл монголчууд хамгийн ойрхон байж ашиг хүртэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл явдаг?

-Монголын нийт бараа эргэлтийн 68.7 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа байна. Тэрийг ашиг хүртэхгүй байна гэж хэлэх үү. “Бүс ба зам”-аас ашиг хүртэх гээд явж байна. Ерөнхий сайд нь хамтарч ажиллана шүү гээд хорь гаруй хэлэлцээр хийлээ. Ажил явж байна. Монголын зах зээл маш жижигхэн. Зөвхөн Монголд бизнес хийе гэж хүн бараг л ирдэггүй. Гурван сая хүнд юу зараад бизнес томрох юм бэ. Монголд ирж бизнес хийж байгаа хүн яаж энэ бүс нутгийн зах зээл рүү гарах вэ гэж харж байгаа. Зах зээлээ маш сайн ойлгодог улсууд л Монголд ирдэг. Гэхдээ хүн өөрт байхгүй юмаа бусдад зарж чаддаггүй. Өнөөдөр эрчим хүчнийхээ дотоодын зах зээлийг хөл дээр нь босгох хэрэгтэй. Тэгэхийн тулд дор хаяад үнийн асуудлаа шийдэхгүй бол ахиад бид том боломжоос хоцрох гээд байна. Үнэ нэмэхгүй гээд байвал эрчим хүчний салбар хөл дээрээ босохгүй. Тэгвэл бид яаж Хятад руу том экспорт хийх тухай ярих вэ. Бодлогын шийдвэрүүд тууштай хэрэгжээд явбал эдийн засаг эрүүлжнэ. Гаднаас хүн ирээд Монголд хөрөнгө оруулдаг болно. Дотооддоо сэргээгдэх эрчим хүчээ хангалттай хэрэглэж, ашигладаг, барьж байгуулдаг болчихоод бид гадныханд зарна шүү дээ.

-Зарах гэж байгаа бүтээгдэхүүнийх нь үнийг доод түвшинд барьчихаар эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийн хувьд ашиггүй болчих байх л даа?

-Шинэ станц барихад хөрөнгө оруулсан зардлаа нөхөх хэрэгтэй байдаг. Хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээний төлбөр хийгдэхгүй бол хүн бизнес хийхгүй, энэ салбарт хөрөнгө оруулахгүй шүү дээ.

-Сая Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихаар болсон байна лээ?

-Мандалговь, Улаанбаатарыг холбовол төвийн эрчим хүчний сүлжээ илүү бат бэх найдвартай болно гэсэн үг. Өнөөдөр манай сүлжээ, жижигхэн, найдваргүй. Том үйлдвэр барихад эрчим хүч шаардлагатай болдог. Ийм тохиолдолд гаднаас үйлдвэр барихаар ирсэн хүн өнөөдөр хийх хөрөнгө оруулалтаа хойшлуулахаас аргагүй. Дотоодын зах зээлийг яаж өсгөх нь гадаад зах зээлтэй холбоотой. Түүнийгээ зөвхөн улстөрчид ярьдаг биш компаниуд нь ярьдаг болъё. Ямар боломжууд байна гэдгээ судалъя. Монгол компаниуд ч бас л хөршүүдтэйгээ бизнес хийж байж л томроно.

-Бизнес эрхлэгчид чуулахдаа зөвхөн Монголын компаниуд биш гаднаас хүмүүс урих юм байна лээ. Ямар хүмүүс ирэх вэ?

-Бүс нутгийн дэд бүтцийг санхүүжүүлэхээр байгуулсан, шинэ банк сангууд, олон улсын банк санхүүгийн төлөөлөгч нар ирж, дэд бүтцийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаар ярилцана. Өөрөөр хэлбэл боломжуудыг бидэнд илүү ойлгуулж өгнө. Эрчим хүчний компанийнхан ирж, эрчим хүчний зах зээлийн талаар ярилцана. Элчин сайд нар, яамдын төлөөлөл ирж бодит мэдээлэл өгнө. Бодит мэдээлэл олж авч байж бизнесийн оновчтой шийдвэр гаргахад ашиглана.

-Бид Азийн, цаашилбал дэлхийн сүлжээнд нэгдэх тухай ярьж байна. Харин дотооддоо хэр сүлжээнд орж, бие биенээ ойлгож чаддаг улс вэ. Мэдээж Монголын бизнесийн зөвлөл нэг сүлжээ нь байх л даа?

-Компаниудын хувьд хамгийн зөв шийдвэрийг ямагт гаргахыг хүсдэг. Өнөөдөр бизнесийн шийдвэр гаргахад хамгийн хэрэгтэй өгөгдөл бол мэдээлэл. Монгол компаниуд мэдээллээ олж авах өөрийн гэсэн суваг хангалттай бий. Манай компаниуд ер нь сүрхий шүү. Монголын бизнес эрхлэгчид хамт суугаад ярилцдаг, гарц хайдаг, мэдээлэл авдаг болсон.


Categories
мэдээ цаг-үе

Д.Мэндбаяр: Хүмүүс намайг “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа баатраар ч төсөөлөн магтдаг, “Мандухай цэцэн хатан”-ы Юнгэн хатны дүрээр ч бодон муулдаг

Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах “Cinema аwards” наадам өнгөрсөн баасан гаригт болж өндөрлөлөө. Наадмын шилдгийн шилдэг бүтээлээр соёлын тэргүүний ажилтан Б.Амарсайханы гол дүрд нь тоглосон “Итгэл” уран сайхны кино шалгарав. Мөн тэрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн билээ. Тус кино наадамд өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөж ийнхүү шилдгүүдээ тодруулсан юм. Тухайлбал шилдэг нүүр хувиргагчаар “Бүү март” киногоор Ц.Дэлгэр, шилдэг дууны найруулагчаар “Үргээлэг-2” киноны дууны найруулагч Б.Билгүүтэй, шилдэг хөгжмийн зохиолчоор “Итгэл” киноны хөгжмийн зохиолч Б.Одбаяр, шилдэг туслах эмэгтэй дүрээр “Атганд үлдсэн эрдэнэ” киноны уран бүтээлч гавьяат жүжигчин У.Уранчимэг, шилдэг туслах эрэгтэй дүрээр “Ээж” киноны уран бүтээлч гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, шилдэг найруулагчаар “Lov­ers” киноны найруулагч Ж.Сэнгэдорж нар шалгарсан юм. Ингээд тус кино наадамд “Ээж” киноны дүрээрээ шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн Монгол Улсын ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяртай ярилцлаа.


-Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах “Cinema аwards” наадамд “Ээж” киноны эхийн дүрд тоглон шилдэг эмэгтэй жүжигчин болсонд баяр хүргэе. Энэхүү наадмын тухайд болоод тоглосон уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-“Ээж” хэмээх уран бүтээлийг залуу авьяаслаг зохиолч Б.Мөнхтуяа бичиж, найруулагчаар нь жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажилласан юм. Тус уран бүтээлийн зохиолыг Б.Мөнхтуяа арав гаруй жил бичиж, улмаар эхийн дүрд нь намайг тоглуулах санал ирүүлсэн. Өдий насанд “Ээж” уран сайхны киноны эхийн дүрд тоглох болсон маань бас нэгэн хувь заяа юм уу даа. Миний уран бүтээлийн их зам болоод өнгөрсөн амьдралдаа үзэж, харсан монгол эхчүүдийн олон сайхан зан араншин, нийтлэг эх хүнийг төлөөлөн энэхүү дүрийг бүтээсэн гэж хэлж болно. Киноны зураг авалт өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Дорноговь аймгийн Зүүнбаянд хийгдсэн болохоор шороон шуурга ихтэй, ер нь цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд киноны багийнхан ажилласан. Энэ нутагт зураг авалтынхаа 80 гаруй хувийг авсан байгаа. Кино сайн болох уу, муу болох уу гэдэг хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдээс их шалтгаалдаг л даа. Харин энэхүү уран бүтээлийн хамт олон үнэхээр сайн ажилласан. Тийм ч болохоор уран бүтээл маань үзэгч түмэнд их хүрсэн дээ. Миний шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн маань энэ бүх хүмүүсийн ач тус, үр шим юм аа. Мөн хаврын хавсарганаар Зүүнбаянд зураг авалт хийж байхад уугуул нутгийн ард түмэн бидэнд чин сэтгэлээсээ тус дэм болж байлаа. Тэр нутгийн ард олон “Мэндбаяр гуай ирчихсэн байна. Энэ их шуурга салхитай үед ажиллаж байгаа болохоор ядарчих вий дээ” гэсээр өдөр бүр борцтой, банштай цай хийж авчирдаг байсанд үнэхээр их баярлаж байна. Энэ их сэтгэлээр манай кино багийнхан маань ажлаа амжилттай хийж дуусгасан шүү. “Ээж” уран бүтээлийн гол утга агуулга нь 1986 онд Дорноговь аймгийн Зүүнбаян хотод өрнөдөг юм. Гол дүрийн ээж буюу Ханд 63 настай, Увс аймгийн малчин хүн. Хэнзхэн гарсан ганц хүүтэй. Хүү ээжийнхээ хайранд юугаар ч дутахгүй өсөж, цэргийн сургуульд суралцаж, төгсөөд Ардын армид албаа үргэлжлүүлэн хааж байхдаа, хайртай ээжээ удахгүй ирж авна гэж хүүгийнхээ хэлсэн баярт мэдээг сонсож Ханд хүлээнэ. Гэвч хүү нь ээжийгээ ирж авах биш, ээж нь хүү рүүгээ явах хэрэг гардаг юм. Учир нь хүү нь хэрэгт холбогдож шоронд орсноор үйл явдал өрнөж, ээж нь хорвоогийн бүх зовлон бэрхшээлийн өмнө үрээ хайрлах эхийн цагаан сэтгэлээр бамбай хийн тулалдаж, ялалт байгуулдаг. Монгол эхчүүдийн нийтлэг араншин, эх хүний үрээ гэсэн сэтгэл ямар байдаг вэ, монгол эхийн ухаан бусдаас арай өөр шүү гэдгийг энэхүү уран бүтээл хүргэж байгаа юм. Ийм сайхан эх хүний дүрийг өдий насандаа бүтээж, шилдэг гол дүрийн шагнал хүртсэндээ баяртай байна. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Башкортостан улсын нийслэл Уфа хотноо зохион байгуулагдсан “Серебряный Акбузат” кино фестивалаас миний бие энэхүү уран бүтээлийн ээж дүрээр “Шилдэг эмэгтэй дүр”- ийн шагнал авсан. Манай улсаас энэхүү наадамд тавиад жилийн өмнө “Ардын элч” киноны Ариунаад тоглосон гавьяат жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн гуай мөнгөн шагнал авч байсан түүхтэй юм билээ. Энэ бол Зүүнбаянчууд, кино багийнхан, миний гэр бүл, үр хүүхдийн минь сэтгэлийн галаар дулаацсан уран бүтээлийн үр шим ээ.

-Энэхүү наадам жил бүр уламжлал болон зохион байгуулагдах уу?

-Уламжлал болгон зохион байгуулагдах талаар мэдэхгүй юм. Ер нь манай улсад кино үзвэр гаргаж, олон түмэнд хүргэдэг кино театрууд хамтран Монголд анх удаа кино урлагийн их наадам зохион байгуулсанд үнэхээр талархаж байна. Намайг залуу байхад кино наадмыг хувь уран бүтээлч болоод кино үйлдвэр зохион байгуулдаг байлаа шүү дээ. Тухайн үед шинээр гарсан уран бүтээлийг кино театрууд авч гаргадаг, заримыг нь хүн үзэхгүй байна гээд буцаадаг, олсон хэдэн төгрөгийн ихэнх хувийг кино гаргасан газар нь авчихдаг байсан. Харин одоо үед кино театрууд боловсронгуй болж, үзэгч түмэндээ бидний бүтээсэн уран бүтээлийг сэтгэл гарган хүргэдэг болж.

-Тайз дэлгэцийн их урлагт анх хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу?

-1957 онд намайг долдугаар ангид байхад манай ангийн багш Дэндэв гэж хүн байлаа. Монголын радиод олон жил сэтгүүлч хийсэн, хэл уран зохиолын багш хүн л дээ. Багш маань “Муурын байшин” гэдэг жүжгийг тавиад ангийнхаа хүүхдүүдийг тоглуулсан юм. Би тэр жүжигт баян муурын дүрд тоглож байлаа. Тэгэхэд л би анх драмын жүжиг гэж байдаг юм байна гэдгийг мэдэж авсан юм. Манай сургууль төмөр замын сургууль байсан болохоор бид жүжгээ төмөр замын дагуу Сайншанд хүртэлх зөрлөгүүдээр явж тоглодог. Анх урлагийн зах зухаас мэдэрч эхэлсэн үе минь гэвэл энэ л юм даа. Үүнээс хойш өдгөө театрын урлагт 50 гаруй жил ажиллалаа. Өдгөө 180-аад жүжгийн гол ба туслах дүрд тогложээ. Монголын тайз дэлгэцийн их урлагт оруулсан хувь нэмрийг төр засаг, түмэн олон маань үнэлж, 2005 онд ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хайрласан.

-Та хамгийн анх ямар кинонд тоглож, ямар дүр бүтээж байсан юм бэ?

-Нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ хүүхнүүд үү” киноны Должингийн дүрд тоглосон маань миний хамгийн анхны дэлгэцийн дүр байсан юм. Тухайн үед би оюутан байлаа. Р.Доржпалам гуай манай ангид киноны түүхийн хичээл заадаг, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай тайзны яриа, Э.Оюун багш театрын түүх заадаг байж билээ. “Энэ хүүхнүүд үү” кино 1962 онд хийгдсэн. Багш нар маань энэ кинонд тоглосон, найруулсан болохоор манай ангийнхан бүгд туслах дүрд тоглох боломж олдсон юм. Манай Н.Мягмар Дулмаагийн дүрд, би найз охин Должингийнх нь дүрд тоглож байлаа. Кинон тоглох эхлэл болсон энэхүү сайхан уран бүтээл өнөөдрийг хүртэл хүмүүсийн үзэх дуртай кино хэвээр байдагт баярлаж явдаг аа.

-Өдий олон жил кино урлагт зүтгэж, олон сайхан дүрээр үзэгч олонтойгоо уулзлаа. Ер нь таны бүтээсэн дүрүүдээс таны амьдралд хамгийн ойрхон нь хэний дүр байсан бол?

-Ер нь хүмүүс намайг “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа баатраар ч төсөөлөн магтдаг, “Мандухай цэцэн хатан”-ы Юнгэн хатны дүрээр ч бодон муулдаг. Ингэж олон түмнийхээ дунд тоглосон киноныхоо дүрээр сайн, муугаар хэлүүлэх нь жүжигчин хүний хөдөлмөрийн үр шим байх хэмээн санадаг.

-Та Ховд аймгийн Манхан сумын хүн. Танай нутгаас төрөн гарсан алдартнууд хэн, хэн байна вэ?

-Олон ястны өлгий нутаг Ховд аймгаас төрөн гарсан алдартнууд их бий. Харин манай нутгаас Монгол Улсын баатар хилчин Цэндийн Олзвой, хөдөлмөрийн баатар Борондонгийн Лувсан, Улсын их хурлын дарга асан Дамдины Дэмбэрэл гуай гээд хүмүүсийн мэдэх олон сайхан алдартнууд төрөн гарсан байдаг.

-Аав, ээжийнхээ тухай болоод гэр бүл, үр хүүхдийнхээ талаар ярихгүй юу. Ач зээ хэд хүрч байна?

-Миний аав Ховд аймгийн Манхан сумын харьяат Лооройн Дагвадорж гэдэг хүн байлаа. Төмөр замын хамгийн анхны ажилчдын нэг. Халхын голын дайнд орж “Бид ялав” гэсэн тэмдэг, “Алтан гадас”, “Цусан гавьяаны одон”-гоор шагнуулсан, шударга, сайхан сэтгэлтэй, хүний мөстэй хүн байсан даа. Өдгөө амьд сэрүүн байсан бол зуун настай буурай байх байж дээ аав минь. Бага нас минь Зүүнхараад өнгөрсөн. Аав маань ах, бид хоёрыг Сайншанд хүртэл вагондоо авч явдаг байсан. Зуны цагт яшик гэдэг жижиг ачааны вагонд амьдардаг байлаа. Ингэж явсаар л аав минь бид хоёрын хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэсэн. Намайг хоёр настай байхад ах бид хоёр аавыгаа дагаж, хотод орж ирсэн. Тийм болохооор хар багаасаа ээжээсээ хол өссөн. Би ханьтайгаа анх 1968 онд танилцаж, 1971 онд нэг гэрт орсон юм. Өнөөдрийг хүртэл 40 гаруй жил хамт амьдарч байна. Миний хань бид хоёр өдгөө гурван сайхан үртэй, арван ач, зээ, дөрвөн гучтай өнөр олуулаа, энх тунх, элбэг хангалуун амьдарч явна.

-Сүүлийн үед шинээр гарч ирж буй киноны тухайд таны бодол ямар байдаг вэ?

-Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа кинонуудад сайн уран бүтээл ч байна, бага зэрэг тааруу болсон кино ч байна. Гэхдээ залуучууд юмыг хийж, бүтээж байна гэдэг сайн хэрэг. Хийж л байхад болдог юм, алдсан ч алдаан дээрээ суралцах боломжтой. Юм хийхгүй байвал алдах ч үгүй, онох ч үгүй шүү дээ.


Categories
мэдээ спорт

П.Болдбаатар пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастер-1 ангиллын +120 кг-д Монголын тамирчин П.Болдбаатар 305 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ.

Литви улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ энэ сарын 22-нд эхэлсэн юм. Тус тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөж Монголын баг ийнхүү анхны медалиа хүртсэн юм.

Энэ тэмцээнд өсвөр үеийнхний 66 кг-д С.Сүхбат, насанд хүрэгчдийн 74 кг-д Б.Баярбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Д.Түмэнжаргал, -120 кг-д Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл нар оролцож байгаа бөгөөд мастер-1 ангилалд П.Болдбаатар хүч үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ус, цахилгааны тоолуур, төлбөр, үйлчилгээний асуудлаар Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2017.05.24) иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу ус, цахилгааны тоолуур, төлбөр, үйлчилгээний асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагын албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн Г.Мөнхцэцэг, М.Билэгт, Н.Амарзаяа, Д.Мурат, Д.Дамба-Очир нар оролцов.

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Улаанбаатар хотын захирагчийн алба, Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл оролцсон.

Хэлэлцүүлгийн эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Улаанбаатар болон орон нутгийн иргэдээс орон сууцны конторууд, эрчим хүчний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой цэвэр ус, цахилгаан тасалсан, үнэ тариф нэмсэн, ойлгомжгүй нэмэлт төлбөрүүд авсан зэрэг гомдол 900 гаруйг ирүүлсэн. Байнгын хороо дэгийнхээ дагуу 900-ээс дээш өргөдөл, гомдол ирүүлсэн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийдэг. Тиймээс энэ удаад эл асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа талаар хэлэв. Мөн иргэдийг бухимдуулдаг энэ асуудлыг заавал авч үзэж, хаана алдаа дутагдал, үл ойлголцол гарч байгааг тодорхой болгоод, засч залруулах шийдлийг хэлэлцүүлгээс гаргах зорилготойг тэмдэглэсэн юм.

Иргэд дулаан, халаалт муу, байвал зохих градустаа хүрдэггүй, халуун ус тасардаг, мэргэжлийн бус хүн сайн дураараа цахилгаан, ус хязгаарладаг, орон сууцны конторууд сууц өмчлөгчдийн өмнөөс даатгалын байгууллагатай гэрээ хэлцэл хийж, даатгалын хураамж нэрийдлээр мөнгө авдаг, гэртээ хүнгүй байсан шалтгаанаар байцаагч нар усны тоолуурын заалтыг таамгаар бичдэг, шинээр баригдсан барилгуудын цэвэр ус зэвтэй гардаг зэрэг өргөн хүрээтэй асуудлаар өргөдөл, гомдол гаргасан байна.

Байнгын хорооны хэлэлцүүлгээр дэгийн дагуу мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсов. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Мөнххад Орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан.

Иргэдийг төлөөлж Сүхбаатар дүүргийн дугаар хорооны Ахмадын хотхонд амьдардаг иргэн М.Должинсүрэн өргөдлөө танилцууллаа. Тэрбээр, төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр цахилгааныг нь тасалж, түүнээс хойш хоёр жил гаруй хугацаанд цахилгаанаа залгуулж чадаагүй яваагаа тайлбарлав. Дээрх иргэн тайлбартаа цахилгаан тасалсан асуудал холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо, алдаанаас болсныг тодотгосон юм.

Мэдээлэл, тайлбар сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүн Г.Мөнхцэцэг, иргэн М.Должинсүрэн гуай шиг гомдолтой айл өрх олон байгаа гэдгийг онцолж асуусан юм. Гишүүний асуултад, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Ч.Энхсайхан хариулахдаа “Иргэний гомдлын хариуг өгсөн, ойлгосон гэж бодсон. Манай компани Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифыг мөрддөг. Төлбөр гарснаас хойш 10 хоногийн дараа цахилгаан хязгаарладаг, 14 хоногийн дараа алданги тооцож эхэлдэг. Дуудлагын дагуу цахилгааныг буцааж залгахдаа үйлчилгээний хөлс авдаг нь холбогдох байгууллагаас баталсан дүрэм журмын хүрээнд болдог” гэв.

Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, иргэн М.Должинсүрэн гуайд тулгарсан асуудлыг энэ танхимд шийдэх бололцоотойг сануулаад 25-нд төлбөрөө төлөх ёстой байсан гээд 26-нд тог тасалдаг тухай гомдол иргэд ирүүлсэн учир ийм асуудал байна уу гэдгийг тодруулсан. Албан тушаалтнууд энэ асуултад айл өрхүүдтэй шууд харилцаж буй цахилгаанчин, байцаагчид ийм ашиг сонирхлын зөрчил гаргадгийг үгүйсгээгүй.

Хэлэлцүүлгийн үеэр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн дарга Д.Баатарням, Дуудлага хүлээн авах төвд зарим тохиолдолд иргэдээс өдөрт 5000 гаруй дуудлага ирүүлдгийг тухай бүрт шийдвэрлэхээр ажилладаг. Цахилгаан тасалж буй асуудал иргэд гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байх нь дийлэнх учир үүргээ биелүүлж, цаг тухайд нь төлбөрөө төлж байхыг хэллээ. Түүнчлэн зусланд гарсан айл өрхүүд хотын байрныхаа тогийг салгуулаад явах тохиолдолд суурь хураамж гардаггүй уян хатан тогтолцоо үйлчилдэг талаар мөн мэдээлэл өгсөн юм.

Үргэлжлүүлэн усны тариф, төлбөр тооцоо болон зэвтэй ус гардаг талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хэлэлцүүлэг өрнөлөө.

Усны мөнгөө төлөөгүй үндэслэлээр төлбөрөө төлсөн айлуудын цэвэр усанд давхар хязгаарлалт хийдэгт иргэд гомдол ирүүлжээ. Энэ асуудалд Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын албан тушаалтнууд хариулахдаа “Шугам хоолойн нэгдсэн байдлаас болоод нэг өрхийн усыг хязгаарлана гэж байдаггүй. Байр, орцоор нь хэсэгчилж хаахаас өөр аргагүй байдаг. Зарим тохиолдолд Орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд иргэдээс төлбөр хураамж авчихаад, шилжүүлдэггүй. Тусгай зөвшөөрөл эзэмшдэг ийм компаниудад тооцоогоо дуусгахыг сануулж 1-2 цагаар ус таслах тохиолдол гардаг, үүнээс олон цагаар хязгаарладаггүй” хэмээн тайлбарлав.

Зэвтэй ус гарч буй асуудалд албан тушаалтнууд хариулахдаа шинэ барилга ашиглалтад хүлээж авдаг улсын комисст Ус сувгийн удирдах газраас мэргэжилтэн оролцож, усны шугам хоолойн чанарт хяналт, шалгалт хийдэг байсныг болиулсан. Хяналт тавихаа больсон учир зарим компаниуд зардлаа хэмнэж чанаргүй, зориулалтын бус шугам хоолой суурилуулах явдал гардгийг хэллээ. Дулаан хангамжийн зориулалтаар ашиглаж байсан хуучин хоолойг шинэ барилгын цэвэр усны хангамжийн шугам хоолой болгон ашигласан сэжигтэй тохиолдол бий гэдгийг тэд онцлон хэлсэн юм. Сүүлийн үеийн барилгууд их хэмжээний ус нөөцлөх сав суурилуулж, түүндээ хуримтлуулсан усыг ашигладаг нь эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байгааг мөн хөндлөө.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үргэлжлүүлэн дэгийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлэв. Гишүүн М.Билэгт, Д.Дамба-Очир, Д.Мурат нар саналаа хэллээ. Тухайлбал гишүүн М.Билэгт шинээр ашиглалтад оруулсан барилгуудаас гадна төвлөрсөн шугам хоолойн чанар муугаас зэвтэй ус гардаг. Улсын комисс ашиглалтад барилга хүлээж авахаас өмнө Мэргэжлийн хяналтын байгууллага үүргийнхээ дагуу зориулалтын шугам хоолой суурилуулж байна уу гэдэгт хяналтаа тавиад явах боломжтой талаар санал хэллээ.

Хэлэлцүүлгээс зөвлөмж гаргахаар болж, мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх зөвлөмжид хэд хэдэн асуудлыг тусгахыг Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл танилцууллаа.

Ус сувгийн удирдах газрын төлөөллийг барилга ашиглалтад хүлээн авч буй улсын комисст оруулах,

Орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо чадавхид нь анхааралтай хандах,

Ус, цахилгааны төлбөр, тооцоо, тарифтай асуудлаар иргэдэд зөв ойлголт, мэдээлэл түгээх ажлыг хэвшүүлэх,

Шинээр ашиглалтад оруулж буй барилгын ус хангамжийн шугам, хоолойн чанарт тавих хяналтыг чангатгах

Ус, цахилгааны тоолуур, төлбөр, үйлчилгээний асуудлаар иргэдтэй холбогдож ажилладаг ажилтнуудынхаа үйл ажиллагаанд холбогдох байгууллагууд хяналтаа сайжруулах зэрэг асуудлыг зөвлөмжид тусгахаар болсон юм.

Зөвлөмжийн дагуу хийсэн ажлаа холбогдох байгууллагууд заасан хугацаанд Өргөдлийн байнгын хороонд ирүүлэх бөгөөд, ирүүлсэн мэдээлэлд үндэслэн өргөдөл, гомдол гаргасан иргэдэд хариулт өгнө гэдгийг Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл төгсгөлд нь хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдуудын хэн нь хэн бэ?

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 5 дугаар сарын 24-ний хуралдаанаар Монгол Улсаас гадаад улсад суух зарим Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна.

Элчин сайд нарыг танилцуулахад:

Лүндэгийн Пүрэвсүрэн: Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож буй. Тэрээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. ХБНГУ, Шинэ Зеланд, АНУ-д олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат дээд цолтой. Герман, англи, орос хэлний мэдлэгтэй. Тэрбээр 1989 онд ажлын гараагаа Гадаад явдлын яаманд туслах ажилтнаар эхлүүлж, атташе, гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, Гадаад хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажилласан, гадаад харилцааны бүхий л шат дамжлагыг дамжсан, удирдах ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай дипломат.

Авирмэдийн Баттөр: Монгол Улсаас Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож буй. Тэрээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Францын Үндэсний удирдлагын их сургуулийг төгссөн. Шинэ Зеландын “Виктория” их сургууль, Бельгийн Вант Улсын Брюссель хот дахь Европын Стратеги, олон улсын харилцааны төвд мэргэжил дээшлүүлсэн. Төрийн захиргааны магистр. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат дээд цолтой. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрбээр 1989 онд ажлын гараагаа Гадаад явдлын яаманд туслах ажилтнаар эхлүүлж, атташе, газрын захирал, Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, технологийн сайд, Гадаад хэргийн дэд сайд, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Батлан хамгаалахын дэд сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөхөөр ажилласан, удирдах ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн, мэргэжлийн ур чадвартай дипломат.

Наваан-Юндэнгийн Чимгүүндарь: Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож буй. Тэрээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Францын Үндэсний удирдлагын их сургуулийг төгссөн. Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцаа, дипломат албаны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Олон улсын харилцааны магистр. “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой. Англи, франц, орос хэлний мэдлэгтэй. 2006 онд ажлын гараагаа Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр эхлүүлж, атташе, гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, газрын дэд захирал, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажилласан, гадаад харилцааны бүх шат дамжлагыг дамжсан туршлагатай, мэргэшсэн, мэргэжлийн ур чадвар нь өсч буй залуу, эмэгтэй дипломат.

Ёндонгийн Отгонбаяр: Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож буй. Тэрээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Маркетинг, менежментийн сургууль, ОХУ-ын Дипломатын академийг төгссөн. Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, хинди, урду, франц хэлний мэдлэгтэй. Сургуулиа төгсөөд 1989 онд ажлын гараагаа Гадаад харилцааны яаманд атташегаар эхлүүлж, улмаар хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажилласан, мэргэшсэн, мэргэжлийн ур чадвартай дипломат бөгөөд удирдах ажлын дадлага туршлагатай төрийн түшээ.

Дамбын Ганбат: Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож буй. Тэрээр ЗХУ-ын Уралын Улсын их сургууль, МУИС, ХБНГУ-ын Баден Вюртемберг мужийн Гадаад худалдааны академийг төгссөн. Улс төрийн шинжлэх ухааны доктор. АНУ, ХБНГУ, Итали, ЗХУ-д мэргэжил дээшлүүлсэн. Герман, англи, орос хэлний мэдлэгтэй. Тэрбээр багш, эрдэм шинжилгээний ажилтан, дээд сургуулийн захирал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажилласан, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн албан хаагч.

Гончигзэвэгийн Тэнгэр: Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож буй. Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, Япон Улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг төгссөн. Улс төр судлалын магистр. Япон, англи хэлний мэдлэгтэй. МАН- ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан. Удирдах ажлын дадлага туршлагатай, япон хэлний өндөр мэдлэгтэй.

Categories
мэдээ улс-төр

Таны сонгосон УИХ-ын гишүүн өнөөдөр хуралдаа ирсэн үү?

Эрхэм гишүүд 10 цагт чуулгандаа морилдог. Харин өнөөдөр хэн нь хэдэд ирсэнийг ирцийн мэдээнээс хараарай.

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

1

Н.АМАРЗАЯА

10:11

39

Д.ОЮУНХОРОЛ

10:09

2

Т.АЮУРСАЙХАН

10:20

40

М.ОЮУНЧИМЭГ

10:00

3

О.БААСАНХҮҮ

10:01

41

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

4

Ё.БААТАРБИЛЭГ

09:59

42

Б.ПҮРЭВДОРЖ

10:04

5

Х.БАДЕЛХАН

Томилолт /гадаад/

43

Ш.РАДНААСЭД

Чөлөөтэй

6

С.БАТБОЛД

11:49

44

Я.САНЖМЯТАВ

09:45

7

Ж.БАТЗАНДАН

10:45

45

Д.САРАНГЭРЭЛ

10:18

8

Б.БАТЗОРИГ

Чөлөөтэй

46

Б.САРАНЧИМЭГ

Томилолт /гадаад/

9

О.БАТНАСАН

Томилолт /орон нутаг/

47

Я.СОДБААТАР

09:59

10

Б.БАТТӨМӨР

10:08

48

О.СОДБИЛЭГ

11

Ж.БАТ-ЭРДЭНЭ

09:44

49

Г.СОЛТАН

10:24

12

Б.БАТ-ЭРДЭНЭ

09:45

50

Д.СУМЪЯАБАЗАР

10:47

13

М.БИЛЭГТ

09:53

51

А.СҮХБАТ

10:26

14

Л.БОЛД

09:58

52

Д.ТОГТОХСҮРЭН

10:09

15

Х.БОЛОРЧУЛУУН

Томилолт /орон нутаг/

53

Г.ТЭМҮҮЛЭН

10:08

16

С.БЯМБАЦОГТ

09:50

54

Д.ТЭРБИШДАГВА

10:02

17

Ж.ГАНБААТАР

09:57

55

Ч.УЛААН

10:58

18

Д.ГАНБОЛД

10:02

56

Б.УНДАРМАА

10:15

19

Д.ГАНТУЛГА

57

А.УНДРАА

20

Ц.ГАРАМЖАВ

10:06

58

Н.УЧРАЛ

10:53

21

Ц.ДАВААСҮРЭН

10:17

59

Д.ХАЯНХЯРВАА

10:07

22

Д.ДАМБА-ОЧИР

10:06

60

Ч.ХҮРЭЛБААТАР

10:22

23

Б.ДЭЛГЭРСАЙХАН

09:44

61

Ц.ЦОГЗОЛМАА

Чөлөөтэй

24

Б.ЖАВХЛАН

09:45

62

Д.ЦОГТБААТАР

10:00

25

C.ЖАВХЛАН

63

Н.ЦЭРЭНБАТ

09:59

26

Г.ЗАНДАНШАТАР

10:00

64

С.ЧИНЗОРИГ

10:12

27

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

10:09

65

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

10:09

28

Л.МӨНХБААТАР

10:16

66

Л.ЭЛДЭВ-ОЧИР

09:50

29

Ж.МӨНХБАТ

Томилолт /гадаад/

67

Б.ЭНХ-АМГАЛАН

30

Ц.МӨНХ-ОРГИЛ

10:07

68

Л.ЭНХ-АМГАЛАН

09:50

31

Г.МӨНХЦЭЦЭГ

Томилолт /гадаад/

69

Ж.ЭНХБАЯР

09:59

32

Д.МУРАТ

10:41

70

М.ЭНХБОЛД

10:16

33

З.НАРАНТУЯА

10:09

71

Н.ЭНХБОЛД

11:27

34

Б.НАРАНХҮҮ

72

Л.ЭНХБОЛД

Эмнэлгийн чөлөөтэй

35

Н.НОМТОЙБАЯР

Томилолт /гадаад/

73

Ө.ЭНХТҮВШИН

10:22

36

Х.НЯМБААТАР

Чөлөөтэй

74

С.ЭРДЭНЭ

10:26

37

Ц.НЯМДОРЖ

10:16

75

Д.ЭРДЭНЭБАТ

11:18

38

Н.ОЮУНДАРЬ

10:04

76

Ж.ЭРДЭНЭБАТ

10:23

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа 6 сарын 1-ний өдрөөр дуусна

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа 6 сарын 1-ний өдрөөр дуусна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

  • 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
  • 4, 8 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг 6 сарын 1-ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болно.

Татвар төлөгч Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлөхдөө өөрийн харъяа дүүргийн татварын хэлтсийн дансны дугаарын дагуу аль ч банкинд төлөх боломжтой. Мөн аль ч татварын хэлтэс, татвар хураах цэгүүдэд албан татвар, төлбөр төлсөн баримтаа үзүүлж, тамга даруулан баталгаажуулах боломжтой.

Холбоо барих:

Цахим хуудас: www.nta.mn, www.facebook.com/niisleltax

Харилцах утас: 1800-1288, 7011-0705

Татварын хэлтэс

Харилцах утас

Цахим хаяг

Багануур

7021-3343

baganuur@mta.gov.mn

Багахангай

7049-1189

bagakhangai@mta.gov

Баянгол

7000-1288

bayangol@mta.gov.mn

Баянзүрх

1145-1288

bayanzurkh@mta.gov.mn

Налайх

7023-2383

nalaikh@mta.gov.mn

Сонгинохайрхан

7018-1288

songino@mta.gov.mn

Сүхбаатар

7011-2092

sukhbaatar@mta.gov.mn

Хан-Уул

7011-1288

khan_uul@mta.gov.mn

Чингэлтэй

1131-2728

chingeltei@mta.gov.mn

МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ

7 дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа

  1. Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/

75 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага

75.1.4. … үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Дүүрэг

Татвар хэлтэс, цэгүүд

Ажиллах цагийн хуваарь

Хан-Уул

ХУД-ийн 16-р хороо, миний супермаркет

08.00-18.00

ХУД-ийн 4-р хороо, сансар супермаркет

09.00-18.00

ХУД-ийн 3-р хороо, Татварын хэлтэс, өөрийн байранд

08.00-17.00

Баянзүрх

БЗД-ийн 13-р хороо, Татварын хэлтэс, өөрийн байранд

08.00-17.00

Да Хүрээ зах

10.00-19.00

Дүнжингарав худалдааны төв

10.00-19.00

Сүхбаатар

СБД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд

08.30-17.30

Саруул захын байранд

08.30-17.30

Сансар 32 худалдааны төвийн байранд

08.30-17.30

Баянгол

БГД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд

08.00-17.00

БГД-ийн 1-р хороо, БГД-ийн байранд

08.00-17.00

Багануур

БНД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд

08.00-17.00

Багахангай

БХД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд

08.00-17.00

Авто замын пост дээр

08.00-17.00

2-хорооны байранд

08.00-17.00

Налайх

НАД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд

08.00-17.00

Сонгинохайрхан

СХД-ийн 7-р хороо

08.00-18.00

БГД 20-р хороо Монгол Хьюндай

08.30-19.00

СХД-ийн 18-р хороо Татварын хэлтэс өөрийн байранд

08.00-19.00

Чингэлтэй

ЧД-ийн Татварын хэлтэс, өөрийн байранд

08.00-19.00

ЧД-ийн нэг цонхны үйлчилгээ

08.00-17.00

7-н буудал Эмон трейд

08.00-19.00

Дэнжийн 1000 12-р хорооны байранд

08.00-19.00

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө

Өмгөөллийн байгууллага бий болсны 89 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, НЗДТГ хамтран “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг Сүхбаатарын талбайд энэ сарын 28-ны өдөр зохион байгуулах гэнэ.

1928 оны тавдугаар сарын 28-ны өдрийн Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 52-р тогтоолоор “Шүүн таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм” нэртэй байгуулснаар Монголын Өмгөөллийн байгууллагын эх суурь тавигдаж байжээ.