Монголын эртний нийслэл Хархорум хотын буурин дээр тоглож, Орхон түшээ мөрний номин цэнхэр хөндийд сурагч ахуй насныхаа гэгээн өдрүүдийг үдсэн хамт олныг “Нэг ангийнхан” буландаа онцолж байна. Энэ ангийнхныг 16 нас шүргэн наймдугаар ангиа дүүргэн, есдүгээр ангид ороход нь ерэн оны цагаан морин жилийн хувьсгал Монгол орон даяар өрнөж, нийгэм солигдож, 18 нас хүрч сургуулиа төгсөхөд нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж байсан түүхтэй. Нийгмийн шилжилтийн донсолгоо, цаг үеийн шуургыг хамгаас илүүтэй мэдэрснээрээ тэд онцгой түүхийн эзэд болцгоосон юм. Тэртээ ерэн хоёр оны хавар Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдүгээр арван жил буюу эдүгээгийн “Орхон” цогцолбор сургуулийг төгсч, өөр өөрийнхөө зам мөрөөр их, дээд сургуулийн босго алхсан тэд 25 жилийн дараа Улаанбаатар хотноо эх орныхоо өнцөг булан бүрээс баяр бахдал дүүрэн цугласан. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Осорын Батмөнхийн нэрэмжит Хархорин сумын улсын тэргүүний нэгдүгээр арван жилийн сургуулийн түүхт 60 жилийн ой, нийгмийн ухааны төрөлжсөн анги болох Янгуг багшийн шавь нарын төгсөлтийн 25 жилийн ой давхацсан халуухан уулзалт өрнөх нь тэр.
Хорин таван жилийн өмнө 10Б-гийн 41 сурагчаа энгэрээсээ үдсэн багш нь нүүр дүүрэн инээмсэглэл гэрэлтүүлээд, цагаан саарал ноолууран дээлээр гангарч, энгэртээ төрийн дээд Алтан гадас одон тэргүүтнийг гялалзуулаад хөнгөн хөнгөн алхалсаар хүрээд ирэв. Ерэн онд наймдугаар анги төгссөн гурван сургуулийн сурагчдаас шилж сонгон нийгмийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээсэн нь эл өдрийн “Нэг ангийнхан” булангийн хүндэт зочид билээ. Нийгэм судлалын хичээл долоо хоногт хоёр цагаар ордог байсныг гурван цаг болгож, жилдээ 34 цагийн хичээл илүү ордог болсон, мөн хичээлээс гадна мэргэжлийн дугуйлан хичээллэдэг зэрэг нь гүнзгийрүүлсэн сургалттай ангийн гол үзүүлэлт нь байв. Ерэн оноос өмнөх хичээлийн хуваарьт марксизм, ленинизм гээд л бүхний оргил болсон хичээл ордог байсан бол эдний ангийнхан дэлхийн нийгэм судлалыг, онол үзэл санааг нь жинхэнэ утгаар нь сурч эхэлсэн. Нийгмийн шилжилтийн давалгааг хамгийн түрүүнд мэдэрсэн гэж тодорхойлсон нь ийм учиртай ажгуу.
Эртний нийслэл Хархорум бол тэр чигээрээ Монголын түүхийг хадгалсан өлгий юм. Эрдэнэзуугийн 108 суварга гэрэлтэх энэхүү ариун дагшин газар шороонд төрж өсөж, сурч боловсорч, тэндээс л амьдрал мөрний их урсгалд хөл нийлсэн хүмүүн ямархан тэнгэрлиг хувь тавилантай байдгийг тэд өөр өөрсдийнхөө замналаар харуулж явна. Монголын хууль цагдаагийн зүтгэлтнүүд, нэр хүндтэй багш сурган хүмүүжүүлэгчид, эрүүл мэнд, бизнесийн салбарын төлөөлөгчид, инженер, спорт, урлагийн мастерууд гээд салбар бүрийн манлайлал болон ажиллаж буйг нь харахад бахдал төрсөн.
Тухайлбал, нийгмийн ухааны нэртэй багш Гүнсэнхорлоогийн Янгугийн хайрт шавь нарынх нь нэг Лхагвасүрэнгийн Ууганбаяр өдгөө Нийслэлийн замын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагчийн албыг нэр төртэй хашиж байна. Цагдаагийн хошууч цолтой тэрээр сурагч ахуй үедээ волейболын спортод хорхойсч, шилдэг тоглогчийн нэг байж, спортын мастерын болзол хангасан нэгэн. Цагдаагийнхаа ёслолын дүрэмт хувцсыг өмсөөд ангийнхныхаа түүхэн уулзалтад хүрэлцэн ирсэн байв. Уг ангиас мөн л монгол төрийн цагдаагийн хурандаа тодроод буй. Тэрхүү эрхэм Монголын цагдаагийн байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж буй Хаянхярваагийн Түмэнбаяр. Хархорин суман дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа цолтой. Хоёр сайхан шавь нь ёслолын хувцсаа өмсөж, мөрдсөө зүүгээд хоёр талд нь сууж байх цаг дор Янгуг багш нь “Би чинь хоёр төрийнхөө дунд сууж байна даа” хэмээн омог бардам, ончтойхон үг хэлж байсан.
Шавь нараас нь багшийнхаа үндсэн мэргэжлийг өвлөж авсан нь Монголын үндэсний их сургуулийн түүх философийн багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Сугарын Баттөр юм. Монголын боловсролын байгууллагад 21 дэх жилдээ багшилж байгаа эл эрхэм “Манай ангиас багшийн мэргэжил эзэмшсэн сурагчид бий. Бага ангийн багш байна, мөн нийгмийн ажилтан байна. Харин Янгуг багшийнхаа үндсэн мэргэжлийг өвлөж авсан нь би юм” хэмээн бахдал дүүрэн хэлж байсан. Тэрээр “Чойжамцын Ганзориг, хурандааТүмэнбаяр бид хэд дотно сайхан үерхэж ирлээ. Наймансайхан, Үүрийнтуяа бид чинь нэг гудамжныхан учир мөн л дотно нөхөрлөнө. Мөнхжаргал, Түмэнжаргал гээд манай фракцийнхан байна даа” гэж найз нөхдөөрөө үргэлж бахархаж явдгаа дуулгасан юм. “Би бол их нийтэч хүн шүү, багын л тийм хүүхэд байсан” гэж Баттөр багш үнэнээ өчсөн. Хархорин сумын ерэн хоёр оны нийт төгсөлтийнхнөөс хорь гаруй сурагчид онц дүнтэй, алтан медальтай төгссөний дотор 10Б-гийн Жигмэддулам, Түмэнбаяр, Үүрийнтуяа, Отгонцэрэн, Булгантамир, Баттөр нарын нэр зурайдаг юм билээ.
Энэхүү ангийнхны бас нэгэн бахархал болсон сурагч нь ангийн дарга, онц сурлагатан, мөн хамгийн хөөрхөн сурагч гэгдэх Бүддоржийн Жигмэддулам. Орос хэлэнд гарамгай тэрээр есдүгээр ангид байхдаа орос хэлний олимпиадад аймагтаа хоёрдугаар байрт шалгарч, шуугиулж байсан удаатай. “Бидэнд олон багш нар орос хэлний хичээлийг гардан зааж байсан. Тэр дундаас миний бие Чимэддоржийн Батчимэг багшийгаа дурсахгүй байхын аргагүй юм. Орос хэлний дүрэм ярих чадварыг илүүтэй гүнзгий заасан” хэмээн Жигмэддулам хэлж байна.
Хуучин Гадаад хэлний дээд сургуулийн орос- франц хэлний ангийг амжилттай дүүргэсэн эрхэмсэг хатагтай эдүгээ украйн орос зоог, барилга, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Серж интернэшнл” ХХК-д менежерийн албыг хариуцаж байна.
Бас нэг онцлох сурагчийн нэг нь Батчулууны Нямхүү юм. Хархорины Үндэсний их сургуулийг зураг хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн тэрээр Монгол Улсын ардын зураач, нэрт сийлбэрч Лэгшидийн Чуваамэдийн гарын шавь нарын нэг. “Монголын урлагт нэрээ мөнхөлнө шүү” гэж Чуваамэд багш нь гэртээ аваачин сийлбэр зааж ахуйдаа захисан гэдэг. Мань хүний зураач мэргэжлийг өвлөх болсон нь ангийнх нь нөхөдтэй холбоотой. Хөвгүүд хайр дурлалын билгэдэл хос хун шувууг Нямхүүгээрээ ширээн дээрээ зуруулна. Тосон будгаар бараг л бүгдийнх нь ширээн дээр цагаан хунгаас аваад олон зүйлийг захиалгынх нь дагуу зурдаг байжээ. Ямар сайндаа багш нь “Чи энэ ширээ бүхнийг арчиж цэвэрлэ. Чамаас өөр хэн ингэж завааруулахав” гэж зэмлэж байхав.
Хүүхэд ахуй насандаа гадны орнуудаар аялахыг мөрөөддөг, гадаад хэл нийгмийн ухааны хичээлд тун чиг сонирхолтой Осорын Отгонцэрэн өдгөө аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт алба хашиж байна. “Сургууль төгсөөд 25 жил боллоо. Нас маань дөч гараад ирлээ. Одоо л бидний ахуй амьдрал, бүх зүйл тэгширч байна. Жинхэнэ хат суусан, намба төгөлдөр аав ээжүүд боллоо” хэмээн ухааны сайхан үгийг ангийн нөхдөдөө хэлж байв. Амьдралынхаа 30 шахам жилийг багшийн ариун хөдөлмөрт зориулж ирсэн буурал багш Янгугийн шавь нараас Б.Даариймаа нийслэлийн 58 дугаар сургуульд бага ангийн багшаар, Л.Булгантамир Архангайн багшийн сургуулийг төгсөөд ус нутагтаа мөн бага ангийн багшаар, З.Бадамзул Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгсөөд Орхон аймгийн “Эрдэнэт” цогцолбор сургуульд нийгмийн ажилтнаар, мөн Утга зохиолын сургуулийг дүүргэсэн Ж.Үүрийнтуяа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр, Б.Мөнхзул Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ариутгагчаар ажиллаж байна. Унгар, Солонгос зэрэг орнуудад ажиллаж амьдарч ирсэн Д.Чинжаргал “Натураль эссеншлс” компанид, аливаад идэвхи санаачилгатай ханддаг Г.Түмэнжаргал “Гарьд манлай” эмнэлэгт, С.Ганзориг барилга угсралтын “Сувдан алх” компанид, Д.Ганболд “Хасу мегават” компанид, Ч.Ганзориг, Хархорины шугам сүлжээд, Ж.Даариймаа “Атга дүүрэн” компанид, П.Мягмардорж “АМОБ” компанид захирлын албатай гээд бүгд л нэртэй төртэй хамт олноо хошуучлан ажиллаж амьдарцгааж буй.
Солонгост ажиллаж амьдарч байгаад ирсэн Б.Уранчимэг хувиараа бизнес эрхэлж байгааг, Батбилэг, Х.Оюунчимэг, Ж.Наймансайхан нар нутгийнхаа тэнгэр дор голомтоо сахиад тус тусынхаа ажлыг эрхэлж байгаа нь эрхгүй бахархал төрүүлнэм. Ингэж л бага балчраасаа сэтгэл зүрхээрээ нэгдэж, нэгнээ элгэн халуун сэтгэлээр үргэлжид дурсч явдаг ангийнхны тухай өгүүлэхэд сайхан байна. “41-үүлээ Янгуг багшийнхаа өвөр дээрээс шувуу шиг холыг зорин нисч байлаа. Өнөөдөр хоёр сайхан анд нөхөр минь бурхны оронд явчихсан нь харамсалтай” гэж хоолой зангируулан дурсацгаана. Тэднийг үнэхээр эвтэй гэж бусад бүлгийнх нь атаархдаг юм билээ. Ямар сайндаа л аравдугаар ангид байхад нь завсарлагаанаар бусад ангийн банди нар ангид нь цугладаг гэж байгаа. 10Б-гийнхэн ангидаа нийлээд хөзөр тоглох, боксын бээлий өмсөөд өрсөлдөх гээд олон зүйлийг санаачилна. Хэзээний урлагт дуртай Мөнхбат нь сургуулиа төгсөөд олон ч газар ажиллаж, “касио” хөгжмийг ёстой нэг уйлуулна гэж нөхөд нь дурссан. Монгол хэлний Нямхишиг, орос хэлний жижиг Батчимэг, физикийн Намхай гээд олон сайхан багш нараа тэд дурсч байна.
Хорин жилийнхээ уулзалтыг төрөлх сум Хархориндоо, төгссөн сургуульдаа тэмдэглэсэн бол 25 жилийн уулзалтыг ийнхүү Улаанбаатар хотноо өргөн дэлгэр тэмдэглэж нэг нуурын шувууд шиг, нэг зэлний унагад шиг, нэг уяаны морьд шиг тал талаас сэтгэл зүрхнийхээ галыг асаан ирсэн нь энэ бүлгээ. Уулзалтыг амжилттай зохион байгуулсан Уранчимэг, Жигмэддулам, Үүрийнтуяа нартаа бусад нь талархлын үгээ хэлж, халуун дотноор тэврэлдэн байв. Энэхүү уулзалтын хамгийн хүндтэй зочин нь мэдээж Янгуг багш нь. Ямар чиг цагт хэзээд ихэмсэг, цэмцгэр байж, өндөр соёл нэвт ханхлуулдаг багш нь инээмсэглэл тунаруулсаар хүрч ирэн, зочдын ширээний хоймрыг эзэгнэсэнд шавь нар нь сэтгэл ихэд хангалуун, жигтэйхэн баяр хөөртэй байсан юм.
Монголын эртний нийслэл Хархорумын туурин дээр тоглож, Орхон түшээ мөрний хөвөө, Эрдэнэзуугийн 108 суварганы гэрэл гэгээнд сурагч ахуй насныхаа гэнэн хонгор мөрөөдлөөр жигүүрлэсэн нийгмийн ухааны шилдэг анги 10Б-гийнхний амжилт бүтээл хийгээд 25 жилийн тэртээх инээд хөөр цалгиасан дурсамж дурдатгалынх нь уулзалтаас товчлон хүргэхэд ийм буюу.