Монгол улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан өнгөрсөн бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 256 бөх барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын уугуул, аймгийн арслан Оргихын Хангай найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, улсын харцага Нэгдэлийн Жаргалбая долоо даван үзүүрлэлээ. Аймгийн арслан О.Хангай энэ сарын 13-нд болсон Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын арслан Н.Батсууриар найм давж, түрүүлсэн билээ. Ийнхүү улсын аварга, арслан цолтнуудын барилдаанд дараалан түрүүлж, буй аймгийн арслан О.Хангай “Монгол бөхийн ноён оргил болсон аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ. Удахгүй болох наадмаар олон түмнийхээ итгэлийг алдалгүй, хичээж барилдах болно” хэмээв. Улсын аварга цолтны хүндэтгэлийн барилдааны их шөвөгт Сэлэнг аймгийн Мандал сумын уугуул, улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат нар үлдсэн юм. Бөхийн барилдааны үеэр өнөө цагийн улсын аварга цолтонгууд зүлэг ногоон дэвжээн дээр гарч хүндэтгэл үзүүлсэн билээ. Энэ үеэр хүчит аваргуудын сэтгэлийг сонссон юм.
Дархан аварга Х.Баянмөнх: Бөхчүүд, үзэгчид, наадамчин олон тэсэн ядан хүлээсэн бөхийн барилдааныг харчих шиг боллоо
Монгол төрийнхөө баяр наадамд 10 удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн, Монгол Улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнх:
-Өнөөдрийн барилдаан үнэхээр сайхан болж байна. Монгол Улсын аварга цолны барилдааныг жил бүр нисих хүчний байгууллага хамтран хийдэгт талархаж байна. Өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээндээ зургаан сар хүрээгүй байхад гарлаа. Үнэхээр сайхан байлаа. Удахгүй болох үндэсний их баяр наадам дөхсөөр л байна. Бөхчүүд, үзэгчид, наадамчин олон тэсэн ядан хүлээсэн бөхийн барилдааныг өнөөдөр бараг харчих шиг боллоо. Мөн төв цэнгэлдэхэд аваргуудын суудал зассан нь их сайхан болж.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Наадмаар цолоо ахиулж, урамтай сайхан барилдаан гаргахыг хүсье
Батлан хамгааллахын сайд, Монгол Улсын дархан аварга Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ: – Монгол Улс өнөөдөр агаарын цэргийн, хуурай замын цэргийн хүчин хэмээх хоёр төрлийн цэргийн командлалтай байхаар хуульчилсан байгаа. Улсын аварга цолтны хүндэтгэлийн барилдаан нисэх хүчний 92 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой болж байна. Энэхүү барилдаанд Монгол Улсын даяар дуурсагдах олон сайхан аваргууд, бөхчүүд хүрэлцэн иржээ. Шинэ залуу бөхчүүд маань бүгд л их сайжирсан, өнгөтэй харагдаж байна. Эдгээр бөхчүүддээ удахгүй болох үндэсний их баяр наадмаар цолоо ахиулж, урамтай сайхан барилдаан гаргахыг хүсье.
Дархан аварга А.Сүхбат: Наадмаас өмнө зүлэг ногоон дэвжээн дээрээ гараад үзчихнэ гэдэг их хэрэгтэй юм
УИХ-ын гишүүн, Монгол Улсын дархан аварга Агваансамдангийн Сүхбат: -Би тавдугаар сарын сүүлээр, зургаадугаар сарын эхээр төв цэнгэлдэх хүрээлэнд бөх барилдаж байсныг үнэндээ мэдэхгүй юм байна. Их сайхан байна. Ер нь манай бөхчүүдэд туршлага суух, дэвжээндээ дассан их хэрэгтэй сайхан барилдаан болж өглөө. Сар гаруйхны дараа наадам болох гэж байна. Наадмаас өмнө энэхүү зүлэг ногоон дэвжээн дээрээ гараад үзчихнэ гэдэг их хэрэгтэй юм.
Улсын аварга Г.Эрхэмбаяр: Удахгүй болох наадмаар урамтай сайхан барилдах болно
Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр: -Юуны өмнө аваргууддаа болоод нийт бөх сонирхогч, үзэгч түмэндээ баярын мэнд хүргэе. Өнөөдрийн барилдаан их сайхан болж байна. Монгол Улсын аварга хэмээх тэргүүн цолыг хүндэтгэн, уламжлан болгон зохион байгуулдаг нисэх хүчний байгууллагууддаа баярлалаа. Удахгүй болох наадмаар урамтай сайхан барилдах болно. Нийт Бөхчүүддээ амжилт хүсье.
Улсын аварга Ч.Санжаадамба: Наадмаас өмнө зүлэг ногоон дэвжээн дээрээ гарч зодоглон гэдэг сайхан юм
Монгол Улсын аварга Чимидрэгзэнгийн Санжаадамба: -Үндэсний бөхийн аварга цол гэдэг үнэхээр үнэ цэнтэй, өнгө жавхаатай цолоо. Аварга цол хүртэнэ гэдэг бөхчүүдийн чин хүсэл, мөрөөдөл нь байдаг. Нөгөө талаас асар их үүрэг хариуцлага байдгийг санаж байх хэрэгтэй юм. Нэг сарын дараа яг энэ дэвжээ дээр нэгийн даваа эхлэх болно. Түүнээс өмнө зүлэг ногоон дэвжээн дээрээ гарч зодоглоно гэдэг үнэхээр сайхан юм.
Тавын даваа:
Г.Эрхэмбаяр \у.ав\ – Б.Хишигбаатар \а.а\
Ч.Санжаадамба \у.ав\ – Т.Санчир \у.з\
С.Мөнхбат \у.ав\ – Ш.Шинэбаяр \у.н\
Р.Пүрэвдагва \у.а\ – Б.Соронзонболд \у.з\
Б.Гончигдамба \у.г\ – О.Гантулга \а.х.а\
М.Өсөхбаяр \у.з\ – Б.Батмөнх \у.з\
Н.Жаргалбаяр \у.х\ – Э.Энхбат \у.н\
Ч.Хөхчирэнгэр \у.н\ – О.Хангай \а.а\
Зургаагийн даваа:
Г.Эрхэмбаяр \у.ав\ – Б.Батмөнх \у.з\
Ч.Санжаадамба \у.ав\ – Н.Жаргалбаяр \у.х\
С.Мөнхбат \у.ав\ – Б.Гончигдамба \у.г\
Р.Пүрэвдагва \у.а\ – О.Хангай \а.а\
Долоогийн даваа:
Г.Эрхэмбаяр \у.ав\ – Н.Жаргалбаяр \у.х\
С.Мөнхбат \у.ав\ – О.Хангай \а.а\
Наймын даваа:
Н.Жаргалбаяр \у.х\ – О.Хангай \а.а\
\үзүүрлэсэн\ \түрүүлсэн\
Э.МӨНХТҮВШИН