Categories
мэдээ нийгэм

Хорват, Албани улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид визийн шаардлагаас чөлөөлөгдөнө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээр 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан. Уг хэлэлцээрт Монгол Улс, Хорват Улсын хүчин төгөлдөр дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд нөгөө талын нутаг дэвсгэрт 30-аас дээшгүй хоног визгүйгээр нэвтрэн орох, гарах, дамжин өнгөрөх болон зорчих эрхтэй байхаар тусгагдсан юм. Тэгвэл тус хэлэлцээр өнөөдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Түүнчлэн цахим /биометрийн/ дипломат болон албан /сервис/ паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Албани Улсын Сайд нарын зөвлөл хоорондын хэлэлцээр нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Уг хэлэлцээрээр хэлэлцэн тохиролцогч аль нэг талын хүчин төгөлдөр цахим /биометрийн/ дипломат болон албан /сервис/ паспорт эзэмшигч иргэд хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэн орсноос хойш 180 хоногийн хугацаанд 90-ээс дээшгүй хоног визгүйгээр нэвтрэн орох, гарах, дамжин өнгөрөх болон зорчих эрхтэй байхаар тусгагдсан байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын холбоонд айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Европын Холбоонд албан ёсны айлчлал хийнэ.

Сайд Ц.Мөнх-Оргил Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхаж, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Федерика Могеринитэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрээр мөн айлчлалынхаа хүрээнд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета Григуле болон гишүүд, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс, Европын Холбооны Худалдааны Комиссарын орлогч Мариа Асениус нартай тус тус уулзахын сацуу Бельги, Нидерланд, Люксембургт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийнэ.

Тус айлчлал нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, Монгол Улсын худалдааны гуравдахь гол түнш болох Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2000 онд Европын Холбоонд айлчилснаас хойш 17 жилийн дараа ийнхүү албан ёсоор айлчлах гэж байна.

Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байна. Хоёр талын худалдааны эргэлт 2016 онд 1 тэрбум орчим ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 646,3 сая ам.доллар, импорт 373,3 сая ам.доллар байв.

Хоёр талын харилцааны үндсэн механизм болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 17 дугаар хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Ганбаатар: ОУВС-гийн шийдвэрийг харахад Монгол Улс “Рио Тинто”-гийн улс нэртэй уурхай болжээ

Өнөөдөр ОУВС-гийн гаргаж буй шийдвэр болон тэдний тавьж байгаа саналууд хэний эрх ашгийн үүднээс хийгдээд байна вэ гэдэг талаар УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, эдийн засагч Т.Баярхүү, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар: ОУВС-ийн гаргаж буй шийдвэрийг харахад Монгол Улс “Рио Тинто”-гийн улс нэртэй уурхай болжээ. Валют манайд дутагдаж байгаа. ОУВС зүй нь бол та бүхэн Оюутолгой, Центерра Гоулд, Рио-Тинто зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниас баялаг босгож байгаад Монголдоо валютыг ав, валютын урсгалыг нь дотогшоо оруулах нь зөв гэсэн зөвлөмж өгөх ёстой. Гэтэл тэд баялгаа хамаагүй гаргаад надаас зээл ав гэсэн шаардлага тавьж байна. Олон улсын хочилсон нэрээр нь ОУВС-г олон улсын алуурчны сан гэж нэрлэдэг юм шүү дээ. Тэгэхээр ОУВС зээлээ өгөхгүй байгаа нь монгол төрийг энэ 76 гишүүн удирдаад байгаа юм биш, Рио –Тинто-гийн гар хөл болсон хүмүүс удирдаад байгаа юм бишүү хэмээв.

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: Бид сүүлийн хоёр жил үнэгүй Монголын төлөө тэмцэж байгаа. Манай С.Ганбаатар сүүлийн 10-аад жил “Рио Тинто”, “Оюу-толгой” гэж яриад байгаа. Гэтэл өнөөдөр бидний хэлснээр онош маань зөв батлагдлаа. Өнгөрсөн тав дахь өдөр Вашингтонд болсон ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаар Монгол Улстай хөтөлбөрөө хэрэгжүүлэх болоогүй гэсэн. Шалтгаан нь та нар Монголын баялгийг Монголын банкаар дамжуулна гээд бид нартай тэрсэлдээд байна. Тиймээс та нартай хөтөлбөрт гарын үсэг зурахгүй гээд жинхэнэ эзэн Рио Тинто нь гарч ирж баганынхаа цаанаас цухуйж байна. Сүүлийн үед төгрөгийн ханш унаад өрөнд ороод ядуураад байгаа бүх юмны шалтгаан нь дотоод гадаадын мөнгө хүүлэгчид байна шүү гэдгийг бид мэдээлэхийг зорилоо.

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах асуудал гурван сар өнгөрөөд байхад шийдэгдэхгүй саармагжсан байдалтай байна. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн эргэн тойронд болж буй 49 хувийн талаарх асуудлыг эдгээр асуудлуудыг дүгнээд монгол түмний баялаг жинхэнэ эзэддээ хүрэхэд саад болж буй гол хүчин зүйл бол сүүлийн 26 жил монголын төрд шургалсан нам дамнасан МАНАН бүлэглэл юм байна гэсэн дүгнэлтийг хийгээд байна. Тиймээс өнөөдөр МАНАН-гийн толгойлогчид тодорхой болсныг зарлах гэсэн юм. УИХ-аар хоёрдугаар сарын 10-нд гарсан тогтоолыг их хурлын дарга зүйл бүрээр нь саармагжуулж байна. Монгол төрөөс Эрдэнэтийн 49 хувийг хулгайлах ажлыг зохион байгуулсан удирдан чиглүүлсэн этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж яаралтай шалгаж өгөхийг шаардаж байна.

Засгийн газрыг төлөөлж байсан Б.Энхбаяр гэж хүн шүүх хурал дээр очоогүй байна. Тэгэхээр энэ хүн дээр МАНАН бүлэглэлээс маш том дарамт ирсэн байна. Учир нь Б.Энхбаяр гэж хүн 2005 онд Үндсэн хуулийн маргаан үүсэхэд өөрөө үндсэн хуулийн гомдол гаргаж ялсан хүн. Гэтэл ялалтаа шүүхэд гаргаж тавилгүй УИХ-д түдгэлзэх боломжийг яагаад олгож байгаа юм бэ. Тиймээс энэ хүнтэй нэн даруй хариуцлага тооцохыг шаардаж байна гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг ОУВС-гийн хөтөлбөр хойшлогдсоныг, МАН-ын бүлэг концесс ярьж байна

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Уг хуралдаанд Сангийн яамныхан оролцож концесстой холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Засгийн газар энэ онд концессын жагсаалтаар есөн ажил хийхээр төлөвлөсөн. Гэвч эдгээр хийх ажлын жагсаалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын хувь эзэмшдэг Цагаан суваргын орд руу цахилгаан эрчим хүч татах ажлыг концессын жагсаалтаар хийхээр төлөвлөснийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж шүүмжилж байсан. сөрөг хүчнийхэн ч ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж шүүмжилсээр байгаа билээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотойгоор Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс мэдээлэл авахаар төлөвлөжээ.

Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд болсон ч Монгол Улсыг дээрх хөтөлбөрт хамруулах эсэх асуудлыг хэлэлцүүлэлгүй хойшлуулсан. Иймээс хөтөлбөр ямар шалтгаанаар хойшлов, хөтөлбөрт хамрагдахгүй бол цаашид ямар асуудал үүсэх вэ гэдгээс эхлээд олон асуултад цөөнхийн бүлэг мэдээлэл авах бололтой. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэж “Өдрийн сонин”-д сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэгдэж байсан түүний хувьд өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Н.Энхбаяр ийнхүү яаран мэдэгдэл хийсэн нь Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэртэй холбоотой байж магадгүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж Н.Энхбаярт байхгүй учраас Сүхбаатар дүүргийн шүүхээс албан ёсоор энэ тухай нь мэдэгдсэн гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Баялаг бүтээгчид болон ногоон хөгжил”-ийг дэмжих Ерөнхийлөгчийн ажилд дүн тавина

Ерөнхийлөгчийн ажилд дүн тавих “Ардын үг” зөвлөлдөх аяны дөрөв дэх хэсэг өнөөдөр эхэлж байна. Дөрөв дэх уулзалтаар “Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлээр Төрийн тэргүүн өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласныг санамсаргүй түүврээр сонгогдсон иргэд буюу “Ардын эксперт”-үүд дүгнэхээр боллоо. Ерөнхийлөгчийн хувьд мод тарих санаачлагыг эхлүүлж, хулгайн мод бэлтгэх, тээвэрлэхийг хориглох шийдвэр гаргасан. Мөн баялаг бүтээгчдээ дэмжих, байгаль орчноо хамгаалах чиглэлд олон санаачлага гаргасан байдаг. Энэ хүрээнд дэлгэрэнгүй, бодит мэдээллээр иргэдээ хангахаар Монголын медиа корпораци энэ долоо хоногийн турш ажиллах юм. Учир нь олон талын эх сурвалжаас, бодит мэдээлэл авсан иргэд Ерөнхийлөгчийн хийсэн ажилд илүү бодитой дүгнэлт хийх боломжтой болох билээ. Монголын медиа корпорациас санаачлан хэрэгжүүлж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан түүний өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачлагад иргэдээр дүн тавиулж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын ШУА-ийн тэргүүнүүд 18 жилийн дараа уулзлаа

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын эхэнд БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, профессор Бай Чун Лиг Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА –д хүлээн авч уулзлаа.

18 жилийн дараа уулзаж буй хоёр тал Монгол, Хятадын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
Монгол, Хятадын сайн хөршийн харилцан итгэлцсэн үр дүнтэй түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Хоёр орон БНМАУ-ын ШУА, Хятадын ШУА хоорондын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай 1991 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталгаажуулсан хэлэлцээр болон Монгол Улсын ШУА, Хятадын ШУА-тай 1991, 1999 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичиг, протоколуудын хүрээнд хамтран ажиллаж байна. Харин энэ удаагийн айлчлалаар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар төлөвлөжээ.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол, Хятадын найрсаг солилцооны жилийн хүрээнд эрдэм шинжилгээний хамтарсан хуралдаануудыг 2014 онд, Торгоны замын олон улсын форумыг БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын оролцоотой тус тус зохион байгуулсан байдаг.

Categories
мэдээ улс-төр

О.Магнай сайд нарыг “хулгайч” хэмээн зарлав

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ярихдаа “УИХ долоон концесстой холбоотой асуудал хэлэлцэж эхэлсэн байгаа. 744 тэрбум 90 сая төгрөгийн концессийн гэрээнүүд хийгдэхэд бэлэн болоод байна. Нэр бүхий хүмүүс гэрээ зурж байгаа. Н.Номтойбаяр бол Ж.Эрдэнэбатын мэдэж тавьсан сайд. 78 тэрбум 752 сая төгрөгийн концессийн гэрээ хийхэд бэлэн болоод байна. УИХ-ын гишүүн байхаасаа өмнө үндсэн хийдэг ажил нь улсаас тендер авах байсан С.Бямбацогт Хууль зүйн сайд хийгээд ханаж цадаагүй байна. 77 тэрбум 695 сая төгрөгийг Чойрын дэд станцын өргөтгөл шинэтгэл нэрээр Засгийн газраас концессийн гэрээгээр авсан. Энэ нөхдөд ичих булчирхай байхгүй, улаан цагаандаа гарсан байна. Засгийн газрын гишүүд нь Засгийн газартайгаа гэрээ хийж концесс авна гэдэг байж болохгүй зүйл. Яруу найрагч гэдгээр нь бүгд мэддэг Ж.Мөнхбат ил цагаан хэлсэн байна лээ. “Өмнөговь аймгийг төвийн дизельтэй холбосон 59,6 км замын концесс минийх юм байгаа юм шүү” гэсэн.

Дараагийн нэг нөхөр Ж.Эрдэнэбат 26 тэрбум төгрөгийн концесс авч байгаа юм байна. Агуулгаар нь дүгнээд хэлэхэд 2016 оны сонгуулийн үр дүнд гарч ирсэн энэ Засгийн газрын нөхөд өөрсдийн Засгийн газартай гэрээ хийж, хулгай хийж байна … “ гэх зэргээр ярилаа.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2017” эхэллээ

“Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдөр Өмнөговь аймагт танхимын сургалтаар эхэлж байна. Энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй.

Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн стандарт үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зорилгын хүрээнд болж байгаа энэ удаагийн “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургууль нь энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ.

Дадлага сургуулийн үеэр Даланзадгад, Цогтцэций сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн улмаас үүссэн уурхайн осол, нуранги, аврах ажиллагааны болон мал, амьтны цэцэг өвчний үед ажиллах хээрийн эмнэлэг дэлгэх зэрэг дадлага сургуулиудыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах алба, өмнөд бүсийн Онцгой байдлын газруудын аврагчид АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын аврагчидтай хамтран гүйцэтгэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга өндөрлөлөө

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга 2017 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь өдөр /2017.04.30/-ийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

2017 оны 04 дүгээр сарын 30. Ням гараг.

“ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА НЬ АИХ, ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГА НЬ УБХ ГЭСЭН ХОЁР ТАНХИМТАЙ БАЙХ” СЭДВИЙГ ТАНИЛЦУУЛАВ

“Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав.

1924, 1940 оны Үндсэн хуульд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Ардын Их Хурал хадгалах бөгөөд түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах” гэж, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал байна” гэж заажээ.

1992 оны Үндсэн хуулийн төсөл боловсруулах үеийн үзэл баримтлалд Улсын Их Хурлыг өөрчлөх хоёр хувилбарыг дэвшүүлж байжээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улс парламентын хоёр танхимтай байх асуудлаар санал хураалт явуулсан боловч олонхийн дэмжлэг аваагүй байна.

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ЗУРГАА ДАХЬ СЭДВЭЭР ХЭСГҮҮД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЭВ

Хэсгийн хэлэлцүүлгээс нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг томъёолж, экспертүүдээс асуулт асууж хариулт авах юм.

Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдвийн хүрээнд:

– Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах;

– Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох сэдвээр хэлэлцэх юм.

ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙН ТАЛААРХ VI СЭДВИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар өнөөдөр (2017.04.30) хоёр дахь өдрөө үргэлжилж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулга “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, Хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” сэдвийг 10.40-12.10 цагийн хооронд нэгдсэн хуралдаанаараа хэлэлцлээ.

Энэ сэдвийн нэгдсэн хуралдааныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат даргалж, хэсгүүдээс ирүүлсэн асуултад хууль зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан, Ардын Их Хурлын депутат асан, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, хууль зүйн ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа нарын экспертүүд хариулт өгөхөөр оролцов. Хуралдаан даргалагч экспертүүдэд хандан хэт нэг тал болон хувь хүний байр суурийг баримталсан мэдээллээс зайлсхийж, олон улсын нөхцөл байдал, судалгаа шинжилгээнд тулгуурласан баримт, тайлбар бүхий хариулт өгөх шаардлагатай гэдгийг анхааруулав. Төлөөлөгч нэг минутад багтаан асууж, эксперт хоёр минутад багтаан хариулт өгөх журмыг нэгдсэн хуралдаанд баримталсан юм.

ТӨРИЙН АЛБЫГ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ГУРАВДУГААР СЭДВИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалт (2017.04.30) “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийн танилцуулгаар үргэлжлэв. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дээрх үндсэн сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалтын нийт төлөөлөгчдөд хэлэлцүүлэх 3 саналыг танилцууллаа.

Төрийн албыг тогтвортой, улс төрөөс хараат бус болгохын тулд 2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж улс төрчдөөс бусад бүх төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон аж. Гэвч, төрийн албан тушаалд томилох, халахдаа улс төрийн намын харьяаллыг харгалзан шийдвэрлэсэн асуудалтай холбоотой гомдол захиргааны хэргийн шүүхэд ихээр ирдэг. Түүнчлэн албаны тоон үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа халаа сэлгээ хийх нь их байна. Энэ нь төрийн алба улс төрөөт хараат байсаар байгааг харуулж байна хэмээн үзжээ.

“ТӨРИЙН ХАРИУЦЛАГА, САХИЛГА, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ, ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ” СЭДВИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Зөвлөлдөх уулзалтад оролцогчдод УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг танилцууллаа.

Судлаачид үзэхдээ нэг талаас улс төрөөс хараат бусаар энэ байгууллагыг байгуулснаар төрийн өндөр дээд албан тушаалтны сахилга хариуцлага тооцох, харилцан хяналтын тогтолцоо бодитой хэрэгжинэ гэж үздэг бол нөгөө талаас ийм байгууллага нь одоо байгаа байгууллагын эрх хэмжээтэй давхардаж байгаа, тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт тодорхой биш, байгууллага байгуулснаар зорилгодоо хүрнэ гэсэн баталгаа байхгүй гэж шүүмжилдэг.

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ГУРАВ, ТАВ ДАХЬ СЭДВЭЭР ХЭСГҮҮД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

Зөвлөлдөх санал асуулгын гурав дахь сэдэв буюу “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, тав дахь сэдэв болох “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” талаархи сэдвүүдийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар хийсэн юм.

Тэгвэл дээрх сэдвүүдээр үдээс хойш 13.20 цагт оролцогчид 49 хэсэгт хуваагдан нээлттэй хэлэлцлээ..

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГЭЭС СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны ажлын хэсгийн Хэвлэл мэдээлэл хариуцсан ажлын дэд хэсгийн ахлагч М.Оюунчимэг өнөөдөр (2017.04.30) 14.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс нийгмийн бүх давхаргыг төлөөлсөн түүврийн судалгааны аргачлалаар сонгогдсон 700-гаад хүн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Анхдугаар санал асуулгын хэлэлцүүлгийн талаарх нэгдсэн хуралдааныг телевизүүд шууд дамжуулан олон нийтэд хүргэж байгааг дурьдаад анхдугаар Зөвлөлдөх санал асуулга нээлттэй, ил тод байдлаар үргэлжилж байгааг онцлов.

“УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС, МЭРГЭШСЭН, ЧАДВАРЛАГ, НЭР ХҮНДТЭЙ ТӨРИЙН АЛБЫГ БЭХЖҮҮЛЭХ” СЭДВИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаархи анхдугаар зөвлөлдөх санал асуулгын өнөөдрийн /2017.04.30/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийг хэлэлцлээ.

Энэхүү сэдвийн нэгдсэн хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан даргалж, хэсгүүдээс тавьсан асуултад Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sс.D), профессор Ч.Энхбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайхан, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нарын экспертүүд хариулт өгсөн юм.

Нэгдсэн хуралдаанд Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгох тулгамдсан шаардлага бий юу. Ингэснээр улстөрөөс хараат бус байж чадах уу гэсэн хэсгүүдээс ирүүлсэн асуултуудад экспертүүд хариулт өглөө.

Эксперт Д.Тогтохсүрэн, Үндсэн хуульд төрийн албаны талаар тун бүрхэг тусгагдсан. Төрийн алба улс төрөөс ангид байх, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх зэрэг таван үндсэн зарчмыг Үндсэн хуульд тусгах саналтай байгаа. Ингэж чадвал бусад асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаад явах боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

СҮҮЛИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР “ТӨРИЙН ХАРИУЦЛАГА, САХИЛГА, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ, ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ” СЭДВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хамгийн сүүлийн нэгдсэн хуралдаанаар “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” тавдугаар сэдвийг хэлэлцлээ.

Энэ сэдвийн хүрээнд:

– Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох,

– Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах зорилгоор парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулах боломжийг Үндсэн хуулиар бий болгох,

– Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД САНАЛ АСУУЛГЫН ХУУДАС БӨГЛӨЛӨӨ

“Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” зэрэг нийт зургаан сэдвийн хүрээнд тодорхой мэдлэг мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцсон Монгол Улсын бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн, нийгмийн бүх давхарга, ажил мэргэжил, сонирхлын бүлэг, нас хүйсийг төлөөлөл болсон 750 орчим төлөөлөгч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулгын хуудсыг бөглөлөө.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ЗОХИОН БАЙГУУЛСАН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулга Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өнөөдөр (2017.04.30) өндөрлөлөө.

Нэгдсэн хуралдааны үеэр хэсгүүдээс нийт 91 асуулт буюу нийт хэсгийн 57,1 хувь нь хоёроос дээш асуулт, үлдсэн хувь нь нэг асуулт тавьжээ. Мөн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэн 68 настай Б.Отгоннамжил найман асуудлаар 20 гаруй хуудас протокол хөтөлж, Зөвлөлдөх зөвлөлийнхөнд хүлээлгэн өгөв. Төлөөлөгчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулгын хуудас бөглөж, Зөвлөлдөх зөвлөл тэрхүү санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж гаргаж, УИХ-д танилцуулахаар боллоо.

Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хааж үг хэлэв.

Тэрбээр, Бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хоёр дахь бодит оролдлого хийж байна. Анхных нь 1999-2000 оны УИХ, Үндсэн хуулийн Цэц дамжсан үйл явц, эцэст нь одоо “дордсон” гэж нэрлээд байгаа долоон өөрчлөлт. Тэр үед нэг талаас төрийн ажил гацсан, эрх зүйн зохицуулалтын зөв буруугийн талаар тодорхой хэмжээний эргэлзээ үүссэн уур амьсгалтай байсан. Нөгөө талаас дээрх өөрчлөлтүүдийг өргөн олон нийтээр хэлэлцүүлээгүй, зөвхөн улс төрийн хүрээнд тухайн үед эрх барьж байсан намын, УИХ-ын хүрээнд түргэн гоомой шийдвэрлэсэн. Энэ нь дээрх өөрчлөлтүүдийг шүүмжлэх гол шалтгаан болсон. Тийм ч учраас сүүлийн гурван УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд улс төрийн хүрээнд болон нийгэмд яригдаж, тодорхой саналууд гарч, хуулийн төслүүд өргөн мэдүүлж байсан. Харин тодорхой шалтгаанууд тухайлбал, нийгэм даяараа нэгдсэн ойлголтод хүрэх ажлын зохион байгуулалт, дэг журам тодорхой бус, төвөгтэй, магадгүй нийгэм дэх хүлээлт өөрөө зүй ёсны түвшиндээ хүрээгүй байсан зэргээс болоод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оролдлого бодитой үр дүнд хүрээгүй юм” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.