Categories
мэдээ нийгэм

Хотын гудамж талбайг цэвэрлэв

Нийслэлчүүд энэ амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийж хотынхоо өнгө төрхийг сэргээж байна. НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны албан хаагчид өнөөдөр хуваарьт талбай, саадын хогийг цэвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэлэхдээ “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүрийн хавар нийслэлийнхэн их цэвэрлэгээ хийгддэг. Үүний дагуу нийслэлийн бүх дүүрэг өөр өөрийн захирамж гаргаж, дүүргийн харьяа байгууллагууд дүүргийн нутаг дэвсгэр дэх далан суваг, гэр хороолол, жалга гууны хогийг цэвэрлэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны албан хаагчид Централ таураас Багшийн дээдийн уулзвар хүртэлх талбай, саадын хогийг цэвэрлэлээ. Захирагчийн ажлын албаны албан хаагчид хонхтой цэцэрлэгийн хогийг цэвэрлэж байна. Нийслэлийн хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны 84 байгууллага цэвэрлэгээнд оролцож байна” гэлээ.

Үүнээс гадна төрийн бус байгууллагууд мөн их цэвэрлэгээнлд оролцож байгаа юм. Байгууллагуудын цэвэрлэгээнд оролцож байгаа байдалд иргэний хяналт тавих юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн чансаа олгох тэмцээнд Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ

Гүржийн Тбилис хотод жүдо бөхийн дэлхийн чансаа олгох гранпри тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 36 орны нийт 256 жүдоч хүч үзэж байгаагийн ес нь манай жүдочид юм. Тэмцээний эхний өдөр манай таван бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Азийн аварга Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ. Тэрээр алтан медалийн төлөө Гүржийн бөхтэй барилдаж ялагдав.

Мөн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Д.Алтансүх нар долоо, 57 кг-д Ц.Хулан тавдугаар байрт шалгарав. Ц.Хулангийн хувьд эхний даваанд тэмцээн зохион байгуулагч орны бөхийг ялсан. Дараа нь “Рио-2016” олимпийн наадмын үеэр гавьяат тамирчин Д.Сумъяаг алтан медалийн төлөөх барилдаанд ялж аварга болсон Рафаэла Сильвад ялагдсанаар тавдугаар байрт орлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японы үйлчилгээний байгууллага өөрсдийн дүрмээр бизнесээ эрхэлдэг

караоке зурган илэрцүүдЯпоны Токио хотод монгол хоолоор үйлчилдэг “Улаанбаатар” гэж караоке бий. Тэнд ажиллаж амьдарч буй, Токио хотоор дайрч өнгөрсөн монголчууд сайн мэднэ дээ. Сумогийн ордны ойролцоо байх уг газрын эзэнтэй гурван жилийн өмнө уулзаж байлаа. Тэгэхэд уг караокег арав гаруй жил хэрхэн ажиллуулж буй тухай сонирхуулсан юм. Ямартай ч түрээсийн үнэ нэмэгдэнэ гэх ойлголттой ганц ч удаа тулгарч байгаагүй гэсэн. Бас мэргэжлийн хяналт, цагдаа гэхчлэн янз бүрийн хяналтын хүмүүс нэг ч удаа орж ирэхгүй. Харин дүүргийнх нь үйлчилгээ хариуцсан мэргэжлийн байгууллага улирал бүр хүлээн авч уулзаад тэдэнд хэрэг болохуйц зөвлөгөө өгдөг ажээ. “Та бүхэн бизнес эрхэлж ард түмэндээ үйлчилж байгаад баярлалаа. Цагийн хуваариа өөрсдөдөө ашиг олох боломжтой цагаараа сонгоорой” гэдэг гэсэн. Тиймээс хүсвэл 24 цаг нээлттэй ажиллаж болно. Цагдаа нарын хувьд хэзээ ч зөвшөөрөлгүйгээр дотогш дайрч орохгүй. Хэрэг зөрчил гараад дуудлага өгсөн бол гадаа нь ирээд орж болох эсэхийг заавал лавлана. Бусад үйлчлүүлэгчдийн тав тухыг алдагдуулахгүйн тулд тэр. Харин түрээсэлж буй хүн баяр ёслолын үеэр “Манайхыг удаан хугацаанд найдвартай түрээсэлж буйд тань баярлалаа” гэх зурвасын хамт бэлэг сэлт илгээнэ. Заримдаа орлого оруулна гээд найз нөхдөө дагуулаад ирдэг гэсэн. Иймэрхүү байдлаар хувийн хэвшлийнхний бизнес эрхлэх боломжийг дэмждэг юм билээ. Төр нь ерөнхийдөө ашиг олох боломж бүхнийг ашигла гэсэн хандлагатай. Харин манайд торгууль, шалгалт, хяналтаас их зүйл байхгүй. Тэгсэн мөртлөө үйлчилгээний чанар нэг их дээрдэхгүй байна. Тиймээс Япон шиг хувийн хэвшлийнхэнд бизнес эрхлэх эрх чөлөөг нь өгчихмөөр юм. Төрөөс гуйж, халамж нэхээгүй тэд өөрсдийн бизнес сэтгэлгээгээр орлогоо нэмэгдүүлэг л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Өлзийбаатар: Дэлхийн газрын зургаас арчигдсан монголчууд түүхээ бичээд босоод ирсэн

Түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатартай уулзаж хөөрөлдлөө.

-Таны уншсан “Монголчууд” цахим түүхийн сонсдог ном “Hi Fi” рекордсын бестселлэрийг олон долоон хоног тэргүүлж байна. Монголчууд маань сүүлийн үед эх түүхээ их сонирхдог болсных уу, нууц нь юунд байна?

-Цомог маань борлуулалтаараа тэргүүлж байна гэсэн сургийг саяхан сонссон. Үүнд би их баярлаад байгаа. Хамгийн гол нь цомгийн борлуулалт сайн байгаад баярлаж байгаа юм биш. Хүмүүс түүхээ сонсож, сонирхож байгаад би баярлаад байгаа. Энэ цомог тийм ч хямдхан биш, нийт дөчин цагийн төгс лекцийн хэмжээний зүйл багтсан. Анх энэ цомгоо 1980 оноос хойш төрсөн, завсрын үеийн залууст Монголын түүхийн ерөнхий мэдлэг өгье гэж бодож санаачилсан юм. Яагаад гэвэл наяад оны хүүхэд залуусын сурч боловсрох үе нь нийгмийн ороо бусгаа үед таарчихсан. Яг л ид түүхээ сурдаг, бага, дунд, дээд боловсролтой болох үед нь хувьсгал таараад сургалтын чанар муудаж, боловсролын тогтолцоо өөрчлөгдсөн. Энэ үед түүхийн хичээл хаягдсан. Монголчууд нийтээрээ түүхээ сонирхохоо ч байсан үе. Түүх их уйтгартай болчихсон байсан. Тиймээс түүхийг ойлгуулъя гэж хийсэн. Аль ч орны иргэн бай түүхээ мэдэхгүй бол эх оронч гэсэн бодол хэзээ ч төрөхгүй. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд эх орноороо бахархах, эх түүхээ дээдлэн шүтэхийн их гал дүрэлзэн бадарч байдаг. Энэ галд л би нэгэн цучил нэмэхийг хүссэн. Монголчууд шиг түүх нь дэлхийн хэмжээгээр яригддаг байсан ард түмний үр сад түүхээ маш сайн мэдэж байх ёстой.

-Их байсан Монгол минь цагийн эрхээр бутран жижгэрч талд цацсан шагай шиг болж. Гэхдээ таны түүхийн цомог монгол хүн бүрийн сэтгэлд агуу их бахархлыг төрүүлж байгаа шүү…

-Сэтгэлийн бах, бахархлын сэдлийг өдөөх зорилготой энэ сонсдог номыг гаргасан. Тэрнээс түүхийн ямар нэг онолын зүйлийг оруулахыг чухалчлаагүй. “Хаашаа явж буйгаа мэдэхийн тулд хаанаас эхэлснээ мэд” гэсэн үг байдаг. Ядрахын цагт агуу түүх маань хань болж, босохын цагт эх түүхээ тулж өндийдөг ард түмэн дээ бид. Энэ түгээмэл түүхийн номыг минь сонсоод цаашид түүхийн мэдлэгээ өөрсдөө баяжуулаарай гэсэн санаатай хийсэн. Цомгийг хийгээд хоёр гурван жил өнгөрлөө. Эл хугацаанд зөвхөн залуучууд гэлтгүй нас насныхан сонсож байгаа нь надад анзаарагдаж байна. Цахимаар надад талархлын захидал маш олон ирдэг. “Монголчууд” сонсдог номондоо Монголын эртний болоод дунд үеийн түүх, хорьдугаар зууны түүхийг өгүүлсэн. Хорьдугаар зууныг яагаад сонгов гэхээр Монголын түүхэнд XIII-XIV зуун, XX зуунууд маш их нөлөө үзүүлсэн.

-XIII-XIV зуун ч монголчуудын ид мандан бадарсан үе л дээ, тийм ээ?

-Тэгэлгүй яахав. Бидний өвөг дээдэс Ази-Европыг холбосон их гүрэн байгуулж, дэлхийг нэг дэг журамд оруулж, хүн төрөлхтөн нэгэн дээвэр дор нэг санаа зорилготой ажиллаж, амьдарч болох юм байна гэдгийг анх удаа харуулсан. Дэлхийн ард түмэн яагаад нэгэн дээвэр дор байж болохгүй гэж гэсэн үзэл одоо ч явж л байна шүү дээ. Хүн төрөлхтөн тэгш эрхтэй, нэг зорилготой болох уу, үгүй юу гэсэн өнөөгийн даяаршил чинь тэр үеийн монголчуудаас эхтэй. Мөнгө, эрх мэдлийг гартаа оруулсан хэсэг бүлэг хүмүүс дэлхийг атгандаа хураах гэж байна гэсэн үг яриа байдгийг үгүйсгэх аргагүй. Хүн төрөлхтөн одоо хүртэл баян, ядуугийн ялгаа арилаагүй байна. Улс орнуудын хувьд ч хүчтэй, сул гэсэн зааг байсаар л байна. Тэр үе бол монголчуудын түүхийг тодотгосон, дэлхийн анхаарлыг татсан том үе. Үүнийг тодруулж бүрэн түүхийн хэмжээнд ярьсан. Хорьдугаар зуунд монголчууд сэргэн мандаж, өнөөгийн монголчууд бий болсон онцлог зуун. Харааж муушаагаад байсан социализмын үед бидний ахмад үе яаж ажиллаж, аж төрж байсныг өгүүлсэн.

-Одоогоос зуун жилийн өмнө монголчууд угсаатны хувьд бүрэн устаж мөхөхийн ирмэг дээр ирсэн байсан гэдэг байх аа?

-Хорьдугаар зууны эхэн үе гэхэд монголчууд түүхийн хуудас, дэлхийн газрын зургаас алга болчихсон байлаа. 1600-гаад оноос монголчууд Манж гэдэг гүрний эрхшээлд ороод тусгаар улсын хувьд оршин тогтнож байсан байдлаа алдсан. Өмнө нь олсон асар их нэр хүнд мартагдчихсан байсан үе. Түүхийн хуудаснаас арчигдсанаа, дэлхийн газрын зургаас алга болсноо эргэж бичсэн үе нь хорьдугаар зуун. Энэ зуунд монголчууд зовлон ч туулсан, жаргал ч амссан. Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үрээр сөнөж мөхөж байгаа гэсэн үнэлгээтэй байсан ард түмэн чинь түүхээ бичээд босоод ирсэн. Өмнөхөөсөө маш их жижгэрсэн.

-Жижгэрэхдээ бид хэдий хэрийн газар нутгаа алдсан байв?

-Манжид дагаар орох үеийн Монголын үндсэн газар нутгийн хэмжээ Умар зүгт Байгаль нуураас урагш Цагаан хэрэм, зүүн зүгт Хянганы нуруунаас барууншаа Ил Тарвагатай, Балхаш нуур хүртэл өргөн уудам нутаг бол монголчуудын үндсэн газар нутаг байсан. Нийтдээ долоон сая дөрвөн зуун мянган метр квадрат талбайтай нутаг байлаа. Энэ газар нутаг дээр аж төрж байсан монголчууд мөхлийнхөө ирмэг дээр хоёр зуу гаруй жилийн дараа тусгаар тогтноод босож ирэхдээ нэг сая таван зуун мянган квадрат газар нутгийг авч үлдэж чадсан. Бусад газар нутгаа өмнөд, хойд хөршийн улс төрийн том бодлого, дипломат ажиллагааны үр дүнд бид алдсан. Одоо бидний Монгол Улсын эргэн тойронд дан монголчууд л байгаа. Умар зүгт буриад, урд зүгт Өмнөд монголчуудтайгаа л бид хиллэж байгаа шүү дээ. Өөрөө өөрсөдтэйгөө л хиллэж байна.

-Гунигтай ч гэмээр түүхэн хувь заяа юм даа?

-Гэхдээ Монгол гэдэг том ард түмний үр сад өнөөдөр дэлхийн газрын зураг дээр зурагдсан явдал хорьдугаар зууны хамгийн том ололт шүү. 1918 онд Монголд судалгаа хийж “Орчин цагийн Монгол” ном бичсэн Орос-Зөвлөлтийн томоохон судлаач Майский тухайн үеийн Монголын нийгэм-эдийн засгийн байдал, хүн ам, малын тооллого бүхнийг судлаад “Энэ ард түмэн одоогийнхоо байдлаар үлдвэл хүн төрөлхтний түүхээс үндэстний хувьд алга болох гунигт хувь тавилан руу гулсах байдалтай байна” гэж дүгнэж бичсэн байдаг. Тэр үед Монголын хүн ам Буриад Монгол, Өмнөд Монголыг оролцуулахгүйгээр таван зуухан мянга болсон байсан. Халхын дөрвөн аймгийг шавьтай нь хамт Ар Монгол гэж ярьдаг даа. Арван найман онд ингэж бичигдэж байсан ард түмэн тавин жилийн дараа цоо шинэ ард түмэн болоод босоод ирсэн. Хүн ам нь өсөж байгаа, эрүүл чийрэг, дээр нь нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан шинэ Монгол бий болсон. Энэ бол манай түүхэнд тод томруун эерэгээр бичигдэх зуун. Ерөнхийд нь би энэ зууны түүхийг “Тусгаар тогтнолын төлөө” гэж нэрлэсэн. Хорьдугаар зууны монголчуудын хамгийн гол үнэт зүйл бол тусгаар тогтнол. ОХУ ч юм уу, БНХАУ-ын хувьд тусгаар тогтнолын асуудал биднийх шиг үнэт зүйл болж тавигдахгүй. Орос, Хятадын тухайд тусгаар тогтнол алдагдах аюул нэг хэсэгтээ л тун бага. Манай тусгаар тогтнол байнга сэрж, харж хамгаалж явахгүй бол эмзэг хэврэг байгаа. Монголчуудын үндэсний язгуур эрх ашиг бол тусгаар тогтнол. Ийм хоёр том гүрний дунд бид тусгаар оршиж байж л монгол хэл, соёлтойгоо, монгол зан заншилтайгаа байж чадна. Монгол Улс гэдэг утгаараа дэлхий нийттэй монгол хэлээрээ харьцаж байна.

-Тусгаар тогтнол ч асар их үнэ цэнээр олдсон байх шүү?

-Монголчууд тусгаар тогтнолоо асар их үнэ цэнэ, гарз хохирол амсаж байж олж авсан. Өмнөх хүчирхэг байдал, газар нутгаа алдсан. Тусгаар оршихын төлөө монголчууд өөрийнхөө хүчтэй байсан олон соёл, үнэт зүйлүүдийг алдсан. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын алтан ургийн хэлхээ тасарсан. Нийгмийн томоохон соёлт давхарга болж байсан лам нараа аймаглан устгуулсан. Үндэсний соёл мартагдсан. Бичиг үсгээ солиулсан. Олон хүнд сорилтуудтай тулгарсан. Энэ сорилтуудыг даван туулж байж Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан. Бид нэг хэсэг социализмыг “Аймшигтай нийгэм. Монгол бол дээвэргүй шорон” гэж ерээд оны эхээр бичсэн шүү дээ. Аливаа нэг хувьсгал болоход өмнөх нийгэм, төрийн зүтгэлтнээ муулдаг, алдаг, хороодог жамтай байна л даа. Ганцхан Монголд ч биш хувьсгал гарсан улс орон болгонд ийм зүйл тохиолддог. 1921 оны хувьсгалын дараа баахан хүнээ хөнөөсөн чинь үүнтэй л холбоотой. Энэ чинь хувьсгалын л долгио. Феодалын бурангуй ёсыг хална, шинэ засаг төрийг тогтооно гэдэг нэрийн доор үндэснийхээ үнэт зүйл рүү халдаж довтолсон нь гунигтай шүү. Яг түүнтэй адилхан зүйл ерээд онд давтагдсан. Өмнөх нийгмийн үнэт зүйлс рүүгээ бид бас довтолсон.

-Социализмыг одооны хүүхэд залуус сайн мэдэхгүй байх аа?

-Социализмын үед төрд зүтгэж байсан зүтгэлтнүүдээ доромжилж буруушаасан. Жанжин Сүхбаатар, маршал Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг дарангуйлагчид гэж үзэж нулимсан. Цаг үе ийм бурангуй явдлыг төрүүлж өөгшүүлдэг юм байна л даа. Гэтэл социализм гэдэг чинь Монголыг их өөрчилж шинэ үнэт зүйлтэй болгосон тогтолцоо байж. Зүүн Европын пост социалист орнууд хөгжлийн хувьд хойшоо ухарч хоцорсон байж болно. Тэдэнд бол энэ яах аргагүй алдаатай зүйл байсан байж болно. Монгол Улсын хувьд социализм боломж, давуу тал, хожил байсан гэж хэлж болохоор байгаа. Монголчууд л социализмаас хожсон ард түмэн гэж би боддог юм. Энэ үед л хүн ам өсөж, эрүүлжиж, боловсорсон. Шинэ монгол хүн төрсөн. Тиймээс би сонсдог номондоо “Социализм системийн хувьд нэлэнхүйдээ саарал өнгөөр харагдаж байсан бол зөвхөн Монголд л өнгө өнгийн цэцэгтэй социализм байсан юм” гэж ярьсан. 1930 оноос өмнө Монголд ямар ч үйлдвэр байгаагүй. 1926 онд анхны Төмрийн завод гэдэг жижигхэн үйлдвэр Германы тусламжтайгаар одоогийн Бөхийн өргөөний тэнд байгуулагдсан. Аж үйлдвэрийн комбинатын суурь 1930 онд тавигдаад анхны цахилгаан станц баригдсан. Үүнээс хойш л Монгол орон бүтээн байгуулалтын замаар хөгжих суурь тавигдсан шүү дээ. Хөгжлийн энэ үеийг гучаад оны хэлмэгдүүлэлт, дөчөөд оны дэлхийн дайн тасалдуулсан. 1946-1990 он хүртэлх дөчөөд жилд ганц мал шүтэж аж төрдөг байсан Монгол хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болж хувирсан. Эрүүл мэнд, боловсрол үнэ төлбөргүй байлаа. Энэ боломжийг монголчууд өнгөрөгч зуунд олж авсан учраас түүхээ зөв харах хэрэгтэй юм.

-Социализмыг чинь гажуудсан нийгэм байсан гэж дэлхий нийтээрээ яриад байдаггүй бил үү?

-Систем болж тогтсон социализм хуарангийн социализм байсан нь үнэн. Гажуудсан социализм байсныг наяад оны сүүлчээр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тогтолцоо ч бүхэлдээ нурж унасан. Монголд л ганцхан социализм нурж унаад бид ардчилсан хувьсгал хийчихсэн юм биш. Нэг гол анхаарах зүйл бол Монголд тогтож байсан социалист дэглэм өнөөгийн Хойд Солонгосынхоос шал ондоо зүйл шүү дээ. Энд тэнд хүмүүсийн бичсэн зүйлсийг харж байхад социализм гэдэг чинь одоогийн Куба, Хойд Солонгост байгаа социализмтай адилхан гэсэн байх юм. Энэ бол тийм биш гэдгийг залууст үнэн зөвөөр ойлгуулах учиртай. Хоёр систем оршиж байсан учраас хүний эрхийг хаан боогдуулах, үзэл суртлаар боомилох, капиталист системийн соёлыг хөрөнгөтнийх гэж өөртөө дэлгэрүүлэхгүй байх зэргээр хавчиж байсан нь үнэн. Би социалист тогтолцоонд гучин жил амьдарсан хүн. Одоо капиталист дэглэмд хориод жил аж төрлөө. Капитализмд амьдарч байгаа залуу үеийнхэнд тэгэхээр социализмыг үнэн бодитоор л ярьж өгөх учиртай юм.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Ж.Билгүүн: Алс хол өөрийгөө сорьж яваа залуусаа дуудаасай л гэж хүсдэг

Японы “AVEX” энтертаймент группийн Гадаад харилцаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн менежер Ж.Билгүүнтэй ярилцлаа.


-Та Наран улсад сурч, ажиллаж амьдраад 16 жил болж байна гэсэн. Өөрийгөө хагас япон хүн гэж тодотгох дуртай юм шиг санагддаг…?

-Тийм ээ, сурч хийж бүтээх ид үеэ энд өнгөрөөж байгаа болоод ч тэр үү, аливаа зүйлд хандах хандлага маань яг л япон хүмүүсийн хэм хэмжээг дагачихсан гэх үү дээ. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ. Заримдаа монголчууд маань ч “Та япон хүн үү” гэж андуурах тохиолдол гарч байсан. Сүүлийн үед Монгол руугаа очих дуртай болчихоод байгаа. Өнгөрсөн жил гэхэд л дөрөв, тав яваад ирлээ. Очих бүртээ надад хийж чадах юм байна уу, өөрийнхөө бололцоогоор улс орондоо хэрэгтэй зүйлд оролцох юм сан гэж хардаг, хайдаг.

-Тухайлбал, юуг олж харсан бэ?

-Япон улсад амьдраад чамгүй олон жил болсон болохоор тодорхой хэмжээнд танилтай болж. Тэгээд энэ хүрээндээ нэг зүйлийг хийж болох юм байна гэж бодсон. Тэр нь юу вэ гэхээр Монгол, Японы хооронд жижиг, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг холбох, тэдэнд тулгарсан асуудал дээр нь зөвлөх, эдийн засгийн боломжуудыг гаргаж өгөх зэргээр Монгол руугаа их, бага хамаагүй хөрөнгө оруулалт татах бололцоо байна.Энэ тал дээр тусламж хэрэгтэй хүмүүс надтай холбогдож болно гэдгийг дуулгаад өгөөрэй.Одоогоор Монголоос 50 орчим байгууллага, хувь хүмүүстэй холбоо тогтоогоод байгаа. Тэднийг Японы 40 гаруй аймагтай хамтарч ажиллахад нь анхаарч байна.

-Үндсэн ажлаасаа гадуур ийм олон нийтийн ажилд анхаарахад цаг нэлээд шаарддаг байх. Яаж амжуулж байна?

-Энд байгаа монголчууд маань хэсэг бүлгээрээ нэгдээд ийм ажлуудыг хийж л байдаг. Ерөнхийдөө хувь хувьдаа бодож хийж яваа тэр олон санаа, боломжийг нэгтгэж төвлөрүүлэх бас нэг зорилго болохоор саадгүй хийчихдэг.

-Та Азийн хүчирхэг энтертаймент группт ажиллаж байна. Монголын уран бүтээлчдийн цар хүрээ тийм ч айхтар тэлэгдэхгүй байна. Азидаа яригддаг уран бүтээлч гаргах тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Бидэнд амжилт гаргах бүрэн боломж, авьяас, өвөрмөц соёл байна. Гэвч, зөвхөн авьяас, соёл нь байна гээд шоу бизнест үсрээд гарчихдаггүй. Дорвитой менежмент хэрэгтэй. Эдийн засгийн нөхцөл бас нэг түлхэц болдог. Энтертаймент, шоу бизнес бол нийгмийнхээ ард явдаг. Эхлээд манай нийгэм, эдийн засгийн байдал сайжирчихвал түүний дараа ийм асуудлыг ярьж болно. Миний бодлоор эхлээд програмчлагдсан уран бүтээлч бэлдэх сургалт, тусгай арга барилтай дугуйлан, клубүүд нээгдэх хэрэгтэй. Энтертаймент компаниудын хэтийн төлөв, гаднын зах зээлд хандуулан хийж байгаа маркетинг судалгааг анзаарах ёстой болов уу. Тэгээд түүнд тулгуурлаж уран бүтээлчдээ бэлтгэвэл магадгүй яваандаа Ази болон Европ, АНУ-д гарах эхний асуудал мөн байх.

-Өмнөд Монголоор дамжуулан Монголынхоо уран бүтээлчдийг Хятадын зах зээлд гаргах талаар бодсон санасан юм бий гэсэн. Энэ тухайгаа тодруулж яриач?

-Элэг нэгт ахан дүүстэйгээ бид урлаг соёлоороо нягт байж, зах зээлийг нь зөв харах хэрэгтэй гэж би боддог. Одоо урд таван сая орчим монголчууд байдаг. Цаашлаад Монгол Улсын эргэн тойронд нийлээд 10 сая орчим монгол гаралтай хүмүүс байна. Тэгэхээр энэ 10 сая хүнд зориулаад уран бүтээл туурвиж болно. Урлаг соёл хил хязгааргүй орон зай шүү дээ. Би өөрийн компаниар дамжуулан Өмнөд Монголд концерт хийж болох уу гэдгийг нэг, хоёр жил судлан компанийнхаа төлөвлөгөөнд оруулах тал дээр хичээж байгаа. Үүндээ монгол хамтлаг, дуучдаа хамруулах санаатай.

-Танай компанийн сүүлийн үед хийж буй гол ажил юу байна вэ?

-Манай компани 30-аад жилийн түүхтэй. Одоо 1700 орчим ажилтантай болоод байгаа. Манайх есөн давхар байраа 19 давхар болгохоор газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын ажил хийж байна. Манай ажлын газар “Токио-2020” олимпийн наадам болох төв цэнгэлдэхтэй ойрхон байдаг юм. Тиймээс өнгө үзэмждээ анхаарч байгаа хэрэг. Саяхан АНУ-д хоёр охин компаниа байгуулсан. Одоо Хятадад салбараа нээж байна. Миний харьяалагддаг хэлтэс Бээжин, Шанхай хот руу хандсан судалгаа хийж байна.

-“AVEX” групп гаргаж ирж буй одууддаа ямар шаардлага тавьдаг вэ?

-Энэ ч мэдээж маш олон шалгуур байгаа. Бас нөгөө талаас компанийн нууц байдаг учир үнэхээр сонсох гэсэн хүн надад хандаасай гэж хүсч байна.

-Та фэйсбүүк, инстаграмм гээд сошиал хуудсаа идэвхтэй хөтөлдөг. Ямар үр дүн мэдрэгддэг вэ?

-Сошиал медиа бидэнд өдөр тутам хэрэгцээтэй байна. Энэ бол сонирхолтой ертөнц. Миний хувьд ажилдаа хэрэгтэй аппликейшнуудыг хэрэглэдэг. Мэдээж, фэйсбүүкээ хөтөлнө. Гэхдээ нээгээд л “Би ингэмээр байна, тэгмээр байна” гэж элдэв үг урсгахыг хүсдэггүй. Явсан газрынхаа зургийг оруулдаг. Тухайн өдөр ямар ажил хийсэн бэ гэдгээ харуулж, жаахан ч болов эерэгээр хөтлөхийг чармайдаг. Холбоотой найзуудаасаа суралцах гэх мэтээр тэндээс авахыг нь авна.

-Цахим орчинд шүүмжлэл, талархал, баяр гомдол гээд бүхий л зан төлөв ил харагдаж байдаг. Та хэр шүүмжлэгч вэ?

-Юманд залуу хүний эрч хүчээр хандаж, шинэ соргог байх юмсан гэж хичээдэг. Би өөрийн мэдэх зүйлдээ бол шүүмжлэлтэй хандана шүү. Тухайлбал, урлаг надад илүү ойр учраас Монголынхоо урлагийн салбарт юу болж, юу болохгүй байгааг танил дотно хүмүүстэйгээ ярилцаж, заримдаа хатуухан үг хэлчихдэг.

-Ирээдүйн төлөвлөгөөгөө яаж тодорхойлсон бэ?

-Монголдоо удахгүй очиж эх орондоо хийж бүтээе, суралцъя гэж бодож байгаа. Хэрвээ надтай ижил сонирхолтой хүмүүс байвал хамтрах, шинэ монгол залуусын хүрэх ёстой түвшинд очихыг ихэд зорьж өөрийгөө бэлдэж байна. Амьдрал суралцсаар явдаг учраас баян шүү дээ.

-Гадаадад амжилттай яваа залуус Монголдоо ирэх сонирхол тун бага байдаг. Яагаад гэдгийг та өөрийнхөөрөө хариулаач?

-Үгүй ээ, эсрэгээрээ. Тэд очих цагаа л хүлээж буй юм. Тэрнээс биш айгаагүй, зугтаагүй. Хүн эх орондоо байх хамгийн сайхан. Алс хол хэцүү нөхцөлд өөрийгөө сорьж буй шинэ залуусаа ирээрэй гэж дуудаасай л гэж хүсдэг. Өөрийгөө бэлдсэн хугацаа нь л хүн хүнд өөр гэхээс нутагтаа очих хүсэлгүй монгол гэж байхгүй.

-Таны аав Сорогдогийн Жаргалсайханыг нэртэй зохиолч гэдгийг уншигчид мэднэ. Харин аавын хувьд танд аминчлан юуг захидаг байв?

-Аав минь бүтээж туурвиж, нийгэмдээ үнэт зүйл үлдээхийг хүссэн хүн. Шекспир 52-тойдоо бурхан болсон ч 30-аад жүжиг бичиж амжсан. Миний аав 51-тэйдээ бурхан болсон. Надад гэхээсээ илүү өөрийнхөө бүтээлд их зүйлийг үлдээсэн гэж боддог. “Хаан түүх”, “Тэмүжин”, “Жамух” жүжиг, “Илүү сартай зун”, “Үхэж үл болно, Чингис хаан” кино энэ бүгд л тухайн нийгэмдээ хэлсэн магтаал зэмлэл, харуусал гомдол, атаа жөтөө урвалт бүгд туссан байдаг. Энэ нь аавын надад бас өгсөн хамгаалан хайрлаж явах ухаан биз ээ. Уншиж үзэж эдгээрээс би ухаарал авдаг. Миний аав үргэлж “Хүн шиг л байх хэрэгтэй. Чи хүний хэлснээр тийм болчихгүй. Зэмлэл, магтаал хоёрыг сайтар ухаж тунгаан, эцэст нь хүнээс хараат бус өөрөө өөрийгөө авч явах нийгэмшсэн хүн л бол” гэж надад захидаг байсан. Одоо би заримдаа яахаа мэдэхгүй үед өөрөөсөө асууна. Тэгээд “Чингис хааны нууц түүх” номноос нь аавынхаа үгийг уншина. Сэтгэл онгойж, хийх ёстой зүйлс урд минь байна гэж мэдэрдэг.

-Аав тань хүүгээ их эрхлүүлдэг байсан уу?

-Би айлын бага болохоор эрх танхи, тэр болгон хүнээс хатуу хөтүү үг сонсоогүй өсч дээ. Намайг арван сартайд өвөө, эмээд үзүүлнэ гээд Хөвсгөл рүү өвөртлөөд явчихсан гэсэн. Аавынхаа энгэрт багтдаг өөдөсхөн юм байж. Гуравтайд аав “Илүү сартай зун” киноныхоо натурт дагуулж явсан юм. Тэрнээс хойш бүх л уран бүтээл дээр нь дагаж явж байв. Аав тэр болгон бодсон санаснаа ил гаргадаггүй хүн байсан.

-Ингэхэд өөрөө хүүхэд байхдаа “Еэ еэ Шар Буд аа” киноны Буд хүүгийн дүрд тоглож байсан?

-Өмнө нь “Найрын ширээний ууц”, “Би гэртээ харимаар байна” кинон дээр зурганд орж үзсэн. Яг гол дүрийг “Еэ еэ шар Буд аа” кинонд бүтээсэн. Аав нэг өдөр Кино үйлдвэр дээр дагуулж очоод пробанд оруулсан юм. Цэцгээ найруулагч, оператор Маш ах нар шалгаад тоглуулсан.Дэлдэн шар хүү “Эмээ та чинь яасан үгэнд дуртай хүн бэ”, “Та яагаад одоо энэ чоныг дандаа зодоод байдаг юм бэ” гээд зарим монологийг өөрийнхөөрөө гаргасан байдаг. Хурц өнцгийг хүүхдийн нүдээр олж харж, тухайн нийгмийг шүүмжилсэн тийм кино.

Ц.БАЯРЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

О.Нямаа: Аав минь Их тэнгэрийн аманд намаг хатааж, Чойбалсан даргад “Алтан гартай хүн” гэж үнэлэгдэж явсан

Г.Одон гэргий Н.Цэрэндуламын хамт. Болгар Барна Хар далайн амралт. 1975 оны VIII сар

Ардын зураач Г.Одонгийн охин Нямаатай ярилцлаа.

-Ардын зураач Г.Одон гуай олон сайхан бүтээлээрээ Монголын ард түмний оюун санаанд хөрөнгө оруулж ирсэн нэрт сэхээтнүүдийн нэг. Уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэх үү?

-Аавын уран бүтээлд хөрөг зураг чухал байр эзэлдэг. Хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл болсон нүдийг зурна гэдэг гайхамшигтай зүйл байдаг. Нүдийг нь сайн зурж чадсан бол хаанаас нь ч харсан тэр хөрөг зураг чам руу харна. Миний аав хөрөг зургийг амилуулж чаддаг байсан. Тавиад онд зурсан Д.Ичинхорлоо гуайн эхнэр хувцастай зураг, Л.Цогзолмаа гуайн ид залуугийн зургууд байна. Намайг бол өчнөөн мянга зурсан.

Улс орныхоо нийгмийн хөгжлийг харуулсан сэдэвт зураг их зуржээ. Тэдний нэг бол 2005 онд Монгол Улсын соёлын өвд бүртгэгдсэн таван бүтээлийн нэг болох “Ажлын дараа” зураг юм. Энэ бүтээлээ аав минь дөрвөн жил зурсан гэдэг. Жаран жилийн дараа “Ажлын дараа” зураг өнгөрөгч намар нээлтээ хийсэн “Шүүдэр дундуур” киноны гол сэдэв болж өгсөн нь тэр зургийн үнэ цэнийг харуулжээ гэж бодогддог юм.

Мөн аав сэтгэлийн гүн дэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж амьдралынхаа сүүлийн жилүүдэд түүхийн сэдэвтэй зургууд зурж байлаа. Чингис хаан, Чингисийн дөрвөн хүү, өрлөг жанжнууд, Есөнтөмөр хаан гээд олон бүтээл нь өдгөө Цэргийн музейд хадгалагдаж байна.

-Г.Одон гуай “Ажлын дараа” зургийнхаа талаарх дурсамж тэмдэглэл бичиж үлдээсэн байдаг. Энэ мэт уран бүтээлүүд нь хэрхэн бүтсэн талаар сонирхолтой түүх, дурсамж хуваалцахгүй юу?

-Аавын ажил, уран бүтээлийнхээ талаар тэмдэглэл хөтөлж байсан олон дэвтэр бий. Гэхдээ бүгд уйгаржин монгол бичгээр таталж бичсэн болохоор би тэр бүрийг ойлгож чаддаггүй. Кириллээр бичсэн нэг дэвтэрт нь 1951 онд зураг урлалын газрын дарга Чойдог гуайн даалгавраар Жаргалантын сангийн аж ахуй руу томилогдсон талаар тэмдэглэл байсан. Тэр үед атар эзэмших, нэгдэлжих хөдөлгөөний талаар зургийн сэдэв амьдрал дээрээс олох гэж явуулж л дээ. Сангийн аж ахуйн амьдралыг бичиж тэмдэглээд, “Сангийн аж ахуйд” уран бүтээлээ туурвисан.

Аавын минь “Ажлын дараа” зураг бол судлагдаж дуусаагүй уран бүтээл шүү дээ. Аав зуны амралтаараа нутагтаа очиж ээждээ өвс, хадлан тэжээлийг нь бэлдэж өгдөг байж. Гар хадуураар нүдээ боогоод ч хадаж чаддаг байсан гэдэг. Нар шингэх үеэр хадлан дээрээ байж байхад нь эмээ аавыг оройн хоолоо ид гэж дуудаад, яваад очиход нь их гоё дүр зураг харагдсан байна. Эмээ ээж газар зууханд тогоо тавьж хоолоо хийчихээд, хөлөө жийгээд сууж байж. Аргалын утаа үнэртээд, өвсөн овоохойныхоо хажууд ширээ тавьсан байгаа нь сэтгэлд нь хадгалагдан үлдэж л дээ. Тэгээд л янз бүрээр зурсаар байгаад “Ажлын дараа” зураг бүтсэн гэдэг. Энэ зургийн голд суугаа өвгөн бол барилгачин Цогоо гуайн аав, цэнхэр хүрэмтэй эмэгтэй бол барималч Дамдимаа эгч гэх мэтээр бүгд эзэнтэй. Энэ зургийн талаар хэний ч мэдэхгүй, аавын ярьсан нэг сонирхолтой зүйлийг ярьчих уу?

-Тэгэлгүй яахав?

-Аав энэ зургаараа төрийн шагнал хүртчихсэн байсан үе. Яагаад ч юм нэг удаа надаас энэ “Ажлын дараа” зураг чамд ямар санагддаг вэ гэж асуулаа. Би ч “Ямар хачин юм асуудаг юм бэ” гэхэд, “Миний охин ер нь зураг хэр ойлгодог юм бэ. Энэ зургийг сайн хараадах даа” гэж байна. Би юуг нь харах юм бэ гэхэд “Гол дүрийн зэмлүүлж байгаа эрэгтэйг сайн хар” гэсэн. Тэгээд аав нь энэ зургийг хоёр санаатай зурсан юм ш дээ. “Ажлын дараа” гэхээр хүмүүс их ажлын дараа амарч байгаа хүмүүс байна гэж боддог. Тэр үед үзэл суртал чанга байсан болохоор уран сайхны зөвлөлд тэгж хэлсэн юм. Нөгөө талаар би зэмлүүлж байгаа нөхрийг ажлын садаа гэдэг утгаар зурсан. Сайн харах юм бол түүний өвөрт лонхтой юм байгаа. Чи харж байна уу” гэсэн юм. “Юу гэнэ ээ” гээд өврийг нь харахад лонхтой юм байж байдаг байгаа. Тухайн үед уран сайхны зөвлөл ч, өнөөдөр ч хүмүүс үүнийг анзаардаггүй нь сонин шүү.

-Аавын тань удам сударт гарын ур дүйтэй, зураг зурдаг хүмүүс байсан уу. Анх уран зурагт хэрхэн, яаж хөл тавьж байсан бол?

-Манай өвөг дээдсийн түүх их өрөвдөлтэй. Аав минь 1925 оны дөрөвдүгээр сарын 16-нд одоогийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт төрсөн. Шарайд овгийн буриад хүн шүү дээ. Өвөг дээдэс маань 1917 онд Орост гарсан иргэний дайнаас дүрвэж Монголд орж ирсэн буриадын удам угсаа. Аавын өвөө Жалсан, миний өвөг эцэг Гэлэг нар гарын уртай хүмүүс байсан гэдэг. Жалсан өвөө аавыг уран хүн болно гээд Одон гэдэг нэр хайрласан юм билээ. Тухайн үед хойд хязгаарт их түгшүүртэй, хүмүүс хүүхдүүдээ сургуульд өгөх нь битгий хэл гэрээсээ холхон гаргадаггүй байсан үе. Гэвч эмээ ээж маань холыг харж 1934 онд зэргэлдээх Баяндунгийн сургуульд шар тэргээр хүүгээ хүргэж өгсөн гэсэн. Тэгж аавын маань эрдэм ном сурах, авьяас билэг нь нээгдэх эхлэл тавигдсан юм билээ. Тэгээгүй бол аав минь нутагтаа нэг буриад баавай насыг барах байсан гэдэг. Улмаар 1937 онд аавыг хоёрдугаар ангид байхад Дашбалбар, Баяндун, Баян-Уул сумдын насанд хүрсэн бүх буриад эрчүүдийг баривчилж Дотоод явдлын яамны тогтоолоор буудан алах ялаар шийтгэхэд өвөө маань багтсан байдаг. 1992 онд буриадуудын хувьсгалын эсэргүүний хэргийг цагаатгасан шүү дээ.

Ингээд аав 1938 онд Баяндунгийн сургуулийг дүүргээд, 1939 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн техникумд суралцаж усан техникч мэргэжил эзэмшсэн юм. Сургуулиа төгсөөд мал тариалангийн яаманд мэргэжлээрээ ажиллахын хажуугаар зураг урлалын газрын дарга Д.Чойдог гуайн зураачдын бүлгэмд явдаг байжээ. 1945 онд тус бүлгэмийн зураачдын уран бүтээлээр үзэсгэлэн гаргахад тухайн үеийн ерөнхий сайд Х.Чойбалсан гуай аавын “Шөнийн айл” зургийг таалж зураачтай нь уулзмаар байна гэжээ. Тэр үед аав малын бойн дээр ажиллаж байж. Маршал дуудсан гэдгийг сонсоод ухаан алдах шахсан гэдэг. Тэгээд л айх, гайхах зэрэгцээд очиход маршал “Чи нөгөө алтан гартай хүн байна ш дээ. Чи бас зураг зурдаг юм уу” гээд таньсан гэнэ лээ.

Г.Одон 1960-аад он

-Маршалтай урьд нь уулзаж байсан гэсэн үг үү?

-Тийм. Урьд жил нь Их тэнгэрийн аманд аав Мал тариалангийн яамны Содномцэрэн гэдэг анхны усан техникчийн хамт намаг хатаах ажил хийсэн юм билээ. Тэр жил хур бороо элбэг, их тэнгэрийн ам битүү намагтай Маршалын гэрт тулаад ирсэн байж л дээ. Тэгээд л Маршал усан техникч нарт намаг хатаах даалгавар өгсөн байна. Намгийг яаж хатаасан талаар ааваас асуухад “Галын үнс хутгадаг төмрөөр тэр хавийн газрыг хатгаад яваад байсан. Тэгж яваад усны судал олсон юм. Хар ухаанаар хэлэхэд тэр төмрөөрөө усны голдирлыг өөрчилсөн” гэсэн юм. Ингээд нэг сар болоход намаг хатсан байна. Чойбалсан дарга “Ингэж намаг хатааж болдог байх нь ээ. Та нар чинь ёстой үнэтэй мэргэжилтэй, алтан гартай хүмүүс байна. Нэр чинь хэн билээ?” гэсэн гэдэг.

-Тэгээд юу болсон бэ?

-Маршал Чойбалсан зураг урлалын газрын дарга Чойдог гуайд “Энэ хүүхдийг Москва руу сургуульд явуул” гэж хэлсэн гэнэ лээ. Аав 1945 оны есдүгээр сард Н.Чүлтэм гуайн хамт Суриковын нэрэмжит уран зургийн ангид очиж суралцсан байна. Ингээд 1951 онд Монгол Улсад сонгодог уран зургийг нэвтрүүлэх анхны мэргэжилтнүүд болж төгсч ирсэн. Төгсч ирээд л Зураг урлалын сургууль, Багшийн дээд сургуулиудад багшилж, нэг насаа Монголын уран зургийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд зориулсан. Аавыг хүмүүс зураач, багш гэдгээр нь илүү мэддэг. Гэхдээ аав минь төрийн албанд алба хашиж байсныг тэр бүр мэддэггүй. Би аавынхаа амьдрал, уран бүтээлийн талаар ном бичих ажилдаа орчихоод байгаа.

-Төрийн албанд ажиллаж байсан гэхээр ямар ажил эрхэлж байсан юм бол. Тэр талаар нь намтар түүхэнд нь тодорхой зүйл байдаггүй байх аа?

-Аав 1973 оны нэгдүгээр сарын 6-наас эхлээд Соёлын яамны дүрслэх урлагийн тасагт дүрслэх урлагийн бодлого тодорхойлох ажлыг хийж эхэлсэн байдаг. 1980 он хүртэл. Тэр үед Соёлын яамны орлогч сайдаар С.Лувсанвандан гуай ажиллаж байжээ. Түүхийн хуудсыг сөхөөд үзэхээр аавыг ажиллаж байсан энэ цаг үед соёлын өвийг сэргээх ажил эхэлсэн байдаг. Энэ ажлын хүрээнд Дорнод аймгийн Халхын голд байдаг Тогтохтөр вангийн бүтээсэн хэвтээ Майдар бурхныг ард түмний хамгаалалтад авсан байна. Мөн энэ хугацаанд Урлаг судлалын хүрээлэнг байгуулахад аав хувь нэмрээ оруулж явсан байгаа юм. Тийм болохоор энэ ажлыг нь аавын тухай номонд нэг бүлэг болгож оруулахаар төлөвлөж байгаа. Мөн Баянзүрх дүүргээс сонгогдож, найман жил депутатаар ажиллаж байснаас гадна, цэргийн түүхийн музей байгуулах ажилд гар бие оролцож явсан гэдэг.

-Аав ээж хоёр тань хэрхэн танилцаж байв. Гэр бүлийнхээ талаар дурсамж хуваалцаач?

-Манай ээж эмнэлэгт насаараа асрагч, сувилагч хийсэн хүн. Аавын амьдардаг газар, ээжийн ажлын газар ойрхон байсан болохоор танилцаж дотноссон гэдэг. Бид эцэг эхээс тавуулаа байсан. Би хоёр ах, хоёр эрэгтэй дүүтэй айлын ганц охин болохоор аавдаа их эрх байжээ. Цагийн эрхээр бүгд цуваад явчихдаг юм байна. Одоо ах, дүү бид гурав л байна даа. Миний ах О.Нямдаваа аавын авьяасыг өвөлж киноны зураач болсон. Талийгаач дүү Гандаваа минь мөн л зураач, бурхан бүтээдэг хүн байсан. Даанч 37-ны жил дээрээ бурхан болсон. Харин дүүгийн маань охин Японд хувцасны загвар зохион бүтээдэг.

Ээж бид хэд аавын ар талын ажлыг хариуцна. Зургийн раман дээр зотон даавуу татаж, маш нарийн хадаасаар үрчийлгэхгүй хадах, модны цавуу, цагаан будаг түрхэх ажлыг хариуцаж хийнэ. Аавын бийр арчдаг даавууг удаан жил хэрэглэсэн зөөлөн даавуугаар хийнэ. Орны даавууг дахин дахин угааж, индүүдэж зөөлрүүлээд гоё хэлбэртэй хайчилж, дунд нь нүх гаргадаг байлаа. Энэ бидний хувьд их нандин зүйл байсан.

-Аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамж гэвэл?

-Монголын зураачид 1962 оноос Хүрхрээгийн аманд зусланд гардаг болсон. Тэр үед би зургаан настай байж. Тэнд олон сайхан дурсамж үлдсэн. Гомбосүрэн ахынх, Чүлтэм, Амгалан, Сэнгэцохио гуайнх гээд л бүгд зусланд гарна. Нэг айл нь мах чанавал бүгд очно. Нэг гэр бүл шиг дотно байсан. Аав минь судалбар зураг их хийнэ. Одоо гэрт аавын хувийн архивт 1500 шахам судалбар зураг байна. Би чинь найман нас хүрчихээд аавдаа үүрүүлээд уул хадаар явдаг байсан. Намайг ганц охин гээд их эрхлүүлнэ. Гэхдээ юмны наад цаадахыг ойлгуулж хэлнэ. Тэр жил зусланд гарахад би ихэд хөөрч уулын бэл рүү очоод баглаа цэцэг түүгээд ирсэн юм. Аав тэгэхэд ямар гоё цэцэг вэ, даанч ээж аав нь уйлж байгааа даа, миний охин. Чи хар даа гэж хэлсэн. Тэгээд нээрээ харсан чинь цэцгийн дэлбээн дээр шүүдрийн дусал дусчихсан байгааг хараад балчир ухаандаа уйлж байна гэж ойлгосон. Яагаад уйлж байгаа юм бэ гэж асуухад “Гуравхан сар амьдардаг цэцгийг тасалчихсан болохоор уйлж байна” гэсэн. Би их хачин болоод “Буцаагаад аваачаад тавьчих уу” гэхэд “Одоо нэгэнт тасалчихсан юм чинь усанд хийчих, хэд хоног амьдрах л байх. Ахиж битгий таслаарай” гэж хэлсэн. Би түүнээс хойш ахиж цэцэг таслаагүй. Цэцгэн дээр ч гишгэдэггүй. Аав бас цэцэгнээс “Чи яагаад ийм хөөрхөн байгаа юм бэ” гээд л “Би богинохон настай болохоор ийм хөөрхөн байдаг юм” гэж цэцэг хэлж байна гэх мэтээр аливаа зүйлийг надад амьдчилж хэлж өгдөг байсан.

-Аавынхаа амьдрал, уран бүтээлийг ном болгох ажилд нь амжилт хүсье?

-Баярлалаа. Бид 2015 онд аавынхаа төрсөн нутаг Дашбалбар сумын 90 жилийн ойгоор гэр музей байгуулсан. Тэнд 250 гаруй зураг, өмсч эдэлж явсан бүх зүйл нь байдаг юм. Тэр жил сумаас санаачилж гэр музейг хотод гаргахаар болж, Бест галлерэйд гаргасан. Хоёрдугаар сарын 2-7-ны ажлын таван өдөр үзүүлсэн. Би дотроо аавыг маань хүмүүс мартсан байх, үзэсгэлэнгийн нээлтэд олон хүн ирэхгүй биз гэж бодоод 50 урилга тараачихаад байж байлаа. Гэтэл маш олон хүн ирж ажлын таван өдөр манай үзэсгэлэн битүү хүнтэй байсан. Эндээс би нэг л зүйлийг ойлгосон. Өнөөгийн нийгэмд уран зургийн маш олон урсгал бий болсон ч реалист сонгодог уран зургийг, аавыг минь битүүхэн үгүйлж явдаг хүмүүс байдгийг мэдэрсэн. Тийм болохоор аавынхаа тухай ном бүтээхийг зорьсон. Энэ жилдээ багтаад гараас гаргачих болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм

“ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтын нээлт боллоо

“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Өнөөдөр тус сургалтын нээлт Нийслэлийн Иргэний танхимд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн цэргийн штаб, холбогдох албаныхан, оюутан цэргүүд оролцлоо.

Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.

Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Өнгөрсөн жилүүдийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 2400 орчим оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөсөн. Оюутнуудын хувийн сахилга хариуцлага дээшилж, найз нөхдөө манлайлсан сайн оюутан болж төлөвшихийн зэрэгцээ анги хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт эерэгээр нөлөөлж байна. Цэргийн алба, цэргийн эрдэм гэдэг хүнд асар их зүйлийг өгдөг. Наад зах нь цаг ягштал баримтлахыг суралцана. Та бүхэнд амжилт хүсье.” гэлээ.

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдрөөс эхлэн картаар төлбөрөө хийж, зорчино

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгын хүрээнд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хотын нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгсэл ашиглах болж байгаа. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зардлаа төлнө.

Карт ашиглаагүй болон үйлчилгээний хөлсөө төлөөгүй зорчсон тохиолдолд Автотээврийн тухай хуулийн дагуу тухайн иргэнийг 1000-5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх буюу борлуулах 451 цэг ажилллаж байгаа бөгөөд цаашид тоог нэмэж, үйлчилгээг нэмэгдүүлэх аж. Автобусны буудлын ойролцоо байрлах эдгээр цэгүүдэд картаа цэнэглэх буюу худалдан авах боломжтой.

Мөн сарын турш хязгааргүй зорчих эрхтэй карт худалдаанд гарсан байгаа ба 25 мянган төгрөгийн үнэтэй аж. Хязгааргүй зорчих эрхтэй эл картыг “Улаанбаатар смарт карт” ХХК хэрэглэгчийн төв болон Дүнжингарав, Мишээл, Драгон зэрэг төвүүдээс авах боломжтой аж.

Орон нутгаас ирж буй иргэдийн хувьд түр хэрэглэх карт авч ашиглах нь тохиомжтой.

Одоогоор нийслэлийн хэмжээнд 921 автобус хотын тээвэрт үйлчилж байгаа гэх мэдээллийг албаныхан мэдэгдсэн.

Сануулахад, автобусанд картаар үйлчлүүлээгүй мөртөө эсэргүүцэж, төлбөр төлөхгүй тохиолдол гарвал Авто тээврийн улсын байцаагч тухайн иргэнд хуулийн дагуу торгох арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй иргэдийн 20 мянган ширхэг картыг өнөөдөр, маргааш нийгмийн ажилчидтай хамтран нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст тараах ажлыг зохион байгуулах аж. Үнэгүй зорчих эрхийн карт авсан иргэд карт борлуулах, цэнэглэх төвүүдэд очиж, тухайн картаа цэнэглүүлэн, нийтийн тээврээр зорчих боломжоо нээлгэхийг анхаарай.

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Автобусанд суухдаа дараах картын төрлүүдээс сонгоно.

  • Та өөрт ойр байрлах ТҮЦ, дэлгүүрүүдээс энгийн U money картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлж зорчоорой.
  • Банк, АТМ болон интернетээр цэнэглэн ашиглах боломжтой нийтийн тээвэр төлбөр тооцооны хосолсон СИТИ ПАСС картыг Улаанбаатар хотын ХААН БАНК – Khan Bank-ны салбараас захиалан авах.
  • Гар утасны сим картаа Unitel-ийн салбаруудад хандуулан солиулан NFC сим картаараа төлбөрөө төлж зорчих.
  • Сарын хугацаатай хязгааргүй зорчих эрхтэй картыг худалдан авч нийтийн тээврээр зорчих.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг 70151289 болон 326352, 323176 дугаарын утсаас авах. Мөн www.uscc.mn, facebook.com /uscc.mn/, twitter.com /umoneycard/ хаягаар холбогдон мэдээлэл авахыг зөвлөж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус, троллейбус болон карт борлуулах төвүүдэд мэдээлэл тавигдсан байгааг уншиж, иргэд зорчигчид та бүхийг хуулийн дагуу үүргээ биелүүлэн, эрхээ эдэлж, хамтран ажиллахыг албаныхан уриаллаа.