Categories
мэдээ нийгэм

Толгойтын замыг засч байна

Сонгинохайрхан дүүргийн Толгойтын эцсээс хуучнаар Авто сургуулийн автобусны буудал хүртэлх зам засварын ажил өчигдрөөс (2017.04.01) эхэллээ. Өнгөрсөн жилээс эхэлж зам засварын ажил эхэлсэн ч зөвхөн төмөр бетон гүүрийг барьж ашиглалтад оруулснаар энэ ажил зогссон юм.

Анх энэ замыг 1978 онд барьж ашиглалтад оруулж байсан. Түүнээс хойш буюу 30 гаруй жилийн хугацаанд огт гар хүрээгүй, харин өнгөрсөн жилээс өргөтгөн шинэчлэхээр болж, ажил эхэлсэн юм. Улаанбаатар хотуудын авто замуудаас хамгийн сүүлд өргөтгөн, шинэчлэгдэж байгаа зам гэж хэлж болно.

Гүйцэтгэгчээр нь “Тотал инж” компани ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОУПХ-ны ерөнхийлөгчтэй уулзав

ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУПХ-ны ерөнхийлөгч Сабер Хоссейн Чаудритай уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад нь баяр хүргээд, “Монгол Улс ОУПХ-ны үйл ажиллагаанд элссэн цагаасаа хойш идэвхтэй оролцож ирлээ. Манай улс 1962 онд ОУПХ-нд элссэн. 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үеэс харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан” гэв.

Дэлхий даяар тэгш бус байдлыг арилгах, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах, хүн амын сайн сайхан амьдралын нөхцөл бололцоог бүрдүүлэх сэдвээр энэ удаагийн Чуулган болж буйд сэтгэл хангалуун байна. Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг парламентаараа баталсан. Дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид 2015 онд дэлхий нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг баталсан билээ. Монгол Улс эдгээр зорилтыг биелүүлэхийн төлөө урьдын адил чармайж ажиллана гэж УИХ-ын дарга М.Энхболд онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр “Ази, Номхон далайн бүлгийг тэргүүлж байгаагийн хувьд тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ. Тиймээс манай Тамгын газрын ажилтнуудыг ОУПХ-ны шугамаар зохион байгуулагдаж буй сургалт, бусад арга хэмжээнд оролцуулах талаар анхаарч өгнө үү” гэсэн хүсэлт тавилаа.

Ноён Сабер Хосейн Чаудри ОУПХ-ны үйл ажиллагаанд Монгол Улс байнга идэвхтэй оролцсоор ирснийг үгийнхээ эхэнд тэмдэглэв.

Тэрбээр улс орнуудын үндэсний парламент улам илүү нэгдэж ажиллах шаардлагатай байгаа нь дэлхий нийтэд өрнөж буй сүүлийн үеийн асуудлуудаас тодорхой байна. Биднээс тухайн улс орны ард иргэд, дэлхий нийт илүү ихийг хүсэн хүлээж байгааг бид ойлгох ёстой. Тиймээс парламентууд үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага урьд урьдынхаас илүү чухал болж байна гэж онцлов.

Ноён Сабер Хосейн Чаудри ОУПХ-ны шугамаар үндэсний парламентын ажилтнуудыг сургалтад хамруулах, дадлага хийх боломжоор хангадаг. Энэ арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг хамруулах боломжтой гэж бодож байна гээд хүний эрхийг хамгаалах, түүний дотор хүний эрхийг хамгаалах үүрэгтэй парламентчдын өөрсдийн эрхийг хамгаалах асуудал чухал байна. Тиймээс энэ удаагийн чуулганы үеэр Та өөрийн төлөөлөгчдийн дотроос ОУПХ-ны бүтцийн нэгж болох Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд нэг хүнийг томилж оролцуулна уу гэсэн хүсэлт тавилаа. Түүнчлэн парламентыг чадавхижуулах нь чухал тул чадамжаа өөрсдөө үнэлэх ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран танай парламент хэрэгжүүлбэл бид баяртай байх болно гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд туршлагатай парламентч Д.Лүндээжанцанг томилон оролцуулъя, чадамжаа үнэлэх ажилд оролцоход татгалзах зүйлгүй гэж хэллээ.

Уулзалтын төгсгөлд Монголын болон Бангладешийн парламентад хоёр орны парламентын бүлгийг байгуулж харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа хоёр тал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын цаг агаар ийм байна

Цаг уур орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх талаар урьдчилсан төлөв гаргажээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.


Баруун зүгийн нутаг.. Энэ сарын агаарын температурын дундаж нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 7-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Баян-Өлгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба эцсээр харьцангуй дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Баян-Өлгий, Увсын ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед түр зуур 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч шөнөдөө Дархадын хотгороор 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Өвөрхангай, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр 12-17 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Хөвсгөлийн баруун, Өвөрхангайн хойд, Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Архангайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар 2-7 градус дулаан буюу Сүхбаатарын ихэнх нутаг, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эх ба сүүлийн хагаст хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 18-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар бага зэргийн цас, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр 8-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс харьцангуй дулаарч ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй. .

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Сайд Ц.Мөнх-Оргил Вьетнам улс руу мордлоо

Ц.Мөнх-Оргил зурган илэрцүүдГадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-д айлчлал хийхээр өнөөдөр тус улсыг зорилоо. Айлчлалын хүрээнд сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд нартай уулзахаар төлөвлөөд байна.

Айлчлалаар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хоёр орны хоорондын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар тус тус санал солилцоно.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2001 онд БНСВУ-д айлчилснаас хойш 16 жилийн дараа хийж буй айлчлал болох юм.

Монгол Улс, БНСВУ-ын хооронд 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2016 онд 42.8 сая ам.долларт хүрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван аймагт түймэр гарчээ

Гурван аймагт ой хээрийн түймэр гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлж байна.

  • Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн Хөндлөнгийн-Эх гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлага гуравдугаар сарын 30-нд 15:40 цагт иржээ. Дуудлагын дагуу онцгойинхон тус сумын 20 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, оройн 20:00 цагт түймрийг цурманд оруулсан байна.
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн Хагархай толгой гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага гуравдугаар сарын 31-нд 12:15 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 4 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өдрийн 14:25 цагт унтраажээ.
  • Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн Бугант толгой нэртэй газар ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 14:39 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж оройн 19:29 цагт цурамд оруулсан байна.
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн Рашаан гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 17 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ажээ.
  • Хаврын улирал эхэлж хуурайшилт ихэссэн учраас иргэдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганыг лхагва гаригт нээнэ

Хаврын чуулган зурган илэрцүүд

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн лхагва гариг буюу дөрөвдүгээр сарын 5-нд нээнэ.

Хуульд зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулганыг нээдэг.

Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ хамгийн тэргүүнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батална.

Засгийн газраас Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн мэдүүлээд байгаа. Төсвийн тодотголд улсын нэгдсэн төсвийн алдагдал 2.7 их наяд байхаар заасан.

Алдагдал өндөр байгаа нь бондын хүүгийн төлбөрийн дарамт их байгаатай холбоотой юм. Тодруулбал, 2.7 их наяд төгрөгийн алдагдлын 1.3 их наяд нь бондын хүүгийн төлбөр эзэлж буй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НҮБ-ын Тусгай төлөөлөгч Монгол Улсад айлчилна

Улаанбаатар хотноо ирэх долоо хоногт Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн уулзалт зохион байгуулагдах гэж байгаа. Тэгвэл уг уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер оролцохоор болжээ. Энэ үеэр уулзалтад зориулж үг хэлэх гэнэ.

Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр буюу дөрөвдүгээр сарын 5-нд Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж “Хамтран ажиллах мэдэгдэл”-д гарын үсэг зурах бол дөрөвдүгээр сарын 6-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нартай уулзахаар төлөвлөжээ.

Ноён Роберт Глассер Австралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.

Тэрбээр 2016 оны нэгдүгээр сараас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр АН-ын дотоод сонгуультай

Ардчилсан намын дотоод сонгууль өнөөдөр болно. Ардчилсан намыг бодлогын нам болгон шинэчлэх зорилготой сонгуулиар Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг энэхүү санал хураалтаар тодруулах юм. Намын 160 мянга гаруй гишүүн саналаа өгнө.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр, сумогийн их аварга Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр, улсын арслан Д.Азжаргал зэрэг олон бөх энэ удаагийн дотоод сонгуульд нэр дэвшээд байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм. Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргад Кекүшюзан Д.Батбаяр, улсын арслан Д.Азжаргалтай өрсөлдөнө. Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргад аймгийн арслан Р.Сэддорж, Булган аймгийн Ардчилсан намын даргад самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ нар өрсөлдөж буй.

Харин нийслэлийн Хан-Уул дүүргийн Ардчилсан намын даргад аймгийн арслан Р.Дамдин хүч үзэж байна.

Үндэсний бодлогын хороонд самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Х.Баттулга тэргүүлэн улсын харцага М.Батжаргал, улсын начин Ц.Гэрэлт-Од, их аварга Асашёорюү Д.Дагвадорж нар өрсөлдөж байгаа юм.

Тэгвэл нийслэлийн Ардчилсан намын даргын суудалд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөж байна. Хэн нь нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдохыг есөн дүүргийн гишүүдийнх нь санал шийдэж өгнө.

Нэр дэвшигчид зургаагаас 90 сая хүртэлх төгрөгийг намынхаа дансанд хийснээр өрсөлдөх эрхээ олж авсан. Үүнийг нь нэр бүхий гишүүдийн зүгээс “Мөнгөтэй хүмүүст нэр дэвших боломжийг олгосноороо Ардчилсан намын үнэт зүйлийг уландаа гишгэлээ. Мөн мөнгөтэй хүмүүсийн халаасанд гишүүдээ оруулах увайгүй үйлдэл рүү түлхэж байна” гэж шүүмжлэлтэйгээр хандаж байсан юм.

Нэр дэвшигчдийн сонгуулийн хураамжийн төлбөрийг тодруулбал,

  • Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд 3 сая, дэнчин нь мөн 3 сая
  • Нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая
  • Аймгийн намын даргад өрсөлдөхөд 15 сая
  • Дүүргийн намын даргад өрсөлдөхөд 20 сая
  • Багануур, багахангай, Налайх дүүргийн намын даргад өрсөлдөхөд 10 сая
  • Сумын намын хорооны даргад өрсөлдөхөд 200 мянга
  • Нийслэлийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 1.5 сая
  • Аймгийн намын хорооны гишүүнд өрсөлдөхөд 50000, дэнчин нь 120000
  • Дүүргийн намын хорооны гишүүн 250000
  • Багануур, Багахангай, Налайх дүүргийн гишүүнд өрсөлдөхөд 250000
  • Сумын намын хорооны гишүүн 12000 төгрөг

Сонгуулийн сурталчилгаа хаах өдөр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос Сэлэнгэ аймгийн 25 дугаар тойргоос нэр дэвшсэн С.Баярцогтын нэрийг нэр дэвшигчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийг Дотоод сонгуулийн хороо Ардчилсан намын үндсэн дүрэм зөрчсөн талаар маргаан ирсэн тул нэр дэвшигчийн бүртгэлээс хаслаа хэмээн тайлбарласан байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн АН-ын дарга маргааш тодорно

Ардчилсан намын Дотоод сонгуулийн сурталчилгааны ажил өчигдөр 00:00 цагаар дуусгавар боллоо. Сонгуулийн сурталчилгааны хаалт Баянгол дүүрэгт болж, Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж буй Д.Баттулга, Ш.Түвдэндорж болон Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигчид Баянгол дүүргийн намын гишүүдтэйгээ уулзсан юм.

Нэр дэвшигчид нам сонгуульд ялагдсан шалтгаан мөн хэрхэн ажиллавал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах талаар өөрсдийн үзэл бодлоо хэлж гишүүдээсээ санал сэтгэгдлийг нь сонсон юм.

Ардчилсан нам байгуулагдахад анхаас нь эхлэн хүчин зүтгэсэн хүмүүсийхээ хувиар тэд өнөөдрийн залуучуудад ийм нийгэм, энэ ардчилал ямар их үнэ цэнээр олдсон тухай, ардчиллын үнэт зүйл мөн чанарыг зөвөөр таниулах мөн энэхүү үйлсд хүчин зүтгүүлэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж байлаа.

Мөн энэ үеэр нийслэлийн намын хорооны гишүүнд нэр дэвшиж байгаа 30-н хүн дүүргийхээ иргэдтэй уулзаж мөн санал сэтгэгдэлийг нь сонслоо.

Ийнхүү нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн гишүүдтэйгээ хийх уулзалт өндөрлөж байгаа бөгөөд маргааш нийслэлийн 26700 гаруй гишүүн сонголтоо хийснээр нийслэлийн АН-н дарга хэн болох нь тодорхой болох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга М.Энхболд Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн чуулганд үг хэлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөж, Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо өнөөдөр эхлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцохоор хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцох үеэрээ ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалахын зэрэгцээ ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт “Тэгш бус байдлыг арилгах нь: Хүн төрөлхтнийг нэр төртэй, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах нь” сэдвээр үг хэлэх юм. Мөн тэрбээр улс орнуудын парламентын дарга нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийнэ.

УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцох нь энх тайвныг сахин хамгаалах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаарх парламентуудын хамтын хүч чармайлтад хувь нэмрээ оруулах, Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор тэгш бус байдлыг арилгах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээрх манай улсын бодлого, арга хэмжээг танилцуулах, УИХ, ОУПХ-ны хооронд хөгжиж ирсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Олон Улсын Парламентын Холбооны тухай

Дэлхийн улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо нь анх 1889 онд Франц Улсын нийслэл Парис хотноо байгуулагдсан бөгөөд өдгөө 171 жинхэнэ, 11 хавсарга /бүс нутгийн парламент/ гишүүнтэй. ОУПХ нь улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх; олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, зөвлөмж, тогтоол гарган, парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулах; парламентын үйл ажиллагааг сайжруулах болон түүний салшгүй хэсэг болох хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилготой.

УИХ, ОУПХ-ны хамтын ажиллагааны тухай

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-нд 1962 онд гишүүнээр элссэн. 1990-ээд оны эхээр Монгол Улс улс төр, эдийн засгийн хосолмол шилжилт хийж, шинэ тогтолцоонд шилжин, ардчилсан Үндсэн хуулийн /1992 он/ дагуу анхны байнгын ажиллагаатай парламентыг байгуулснаар УИХ, ОУПХ-ны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан.

Монголын парламент ОУПХ-ны Ассамблейд гишүүнээр элссэнээс хойших өнгөрсөн 55 жилийн хугацаанд 1967, 1973, 1993 оноос бусад жилүүдэд нийтдээ 81 удаа төлөөлөгч илгээж, үүнээс 29 удаад нь дээд удирдлагын түвшинд оролцсон байна.

УИХ-ын даргын түвшинд УИХ-ын дарга Н.Багабанди 1994 онд 1, Р.Гончигдорж 1996 онд 1, Д.Дэмбэрэл 2011-2012 онд 3, УИХ-ын дарга З.Энхболд 2013 онд 1 удаа, УИХ-ын дэд дарга Ж.Гомбожав 1992-1996 онд 4, Ц.Элбэгдорж 1999-2000 онд 2, Ж.Бямбадорж 2000-2004 онд 6, Д.Лүндээжанцан 2004-2006 оны хооронд 4, 2007-2008 онд 2, 2008-2010 онд 2, С.Баярцогт 2012-2013 онд 2, Л.Цог 2015 онд 1 удаа тус тус оролцож байжээ. Чингэхдээ олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар байр сууриа илэрхийлж ирснээс гадна бусад орны парламент, парламентын бүлгэмүүдтэй харилцаа тогтоон, харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, хамтран ажиллах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.