Categories
мэдээ нийгэм

Монгол-Оросын бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр /2017.04.04/ Монгол-Орос хоёр орны залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулах талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОХУ-ын Нэгдсэн Орос намын дэргэдэх “Молодоя Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбарын удирдагч Артём Цындыжапов, Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний тэнхимийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар оролцлоо.

Хэвлэлийн бага хурлыг нээж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах мэдээллийг өгөв.

УИХ-д залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд уг бүлэг болон зохион байгуулагч талуудын санаачлагаар энэхүү чуулганыг хийхээр болсон. Чуулганы хүрээнд хоёр талын төлөөлөгчид хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хил орчмын бүс нутгийн аялал жуулчлал, байгаль орчин, экологи, эрчим хүч, барилга угсралт, барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, залуучуудыг дэмжих төрийн бодлого гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцоно.

Түүнчлэн хоёр орны залуу бизнес эрхлэгчид харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, бизнесээ өргөжүүлэх боломж бололцоог судлана. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудлыг дэвшүүлэх бизнес уулзалтууд болсноор хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлж, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэлээ.

Мөн, сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт буурсан статистик үзүүлэлт жил дараалан гарч буй учир хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг шинэ түвшинд гаргахад залуу бизнес эрхлэгчдийн энэхүү чуулган чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тэмдэглэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Нэгдсэн Орос намын дэргэдэх “Молодоя Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбарын удирдагч Артём Цындыжапов хийсэн мэдээлэлдээ “Молодоя Гвардия” буюу “Залуу гвард” байгууллага чуулга уулзалтын үеэр бизнес саналуудаа танилцуулна. Саналыг маань Монголын залуучууд хүлээж аваад, хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

Одоогоор хоёр орны 100 орчим бизнес эрхлэгч оролцохоор төлөвлөсөн ба нэмж хамрагдах хүсэлтэй залуу бизнесмэнүүд 99990445 утсаар холбогдон, Нийгмийн ардчилал Залуучуудын холбоо болон Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний тэнхимд бүртгүүлэх бөгөөд анхдугаар чуулган 2017 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Гадаад харилцааны яаманд болох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Б.Батхишиг 9 дэх удаагаа улсын аварга болов

Монголын ширээний теннисний 2017 оны УАШТ Дархан-Уул аймагт болж, эрэгтэй теннисчдээс ОУХМ Э.Лхагвасүрэн дөрөв дэх, эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Батхишиг ес дэх удаагаа түрүүлж дархан аваргууд гэдгээ нотлов.

Энэ удаагийн УАШТ-ий нэг онцлог нь шинэ үеийн тамирчид түрэн гарч ирж байгаа гэдгээ зарлалаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Тодруулбал, эрэгтэй шигшээ тоглолтод шалгарсан тамирчдын дөрөв нь, эмэгтэй шигшээ найман тамирчны зургаа нь шинэ залуу тамирчид байв.

Эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтын 1/8-ний нугалаанд улсын аварга Л.Бэгзийг дэд мастер Эрдэнэбаяр 3:0-ээр, улсын аварга Б.Баярмагнайг дэд мастер Г.Чулуудай 3:2-оор, улсын аварга Д.Энхсайханыг дэд мастер Батдэлгэр 3:1 харьцаагаар тус тус ялж шигшээ дөрөвт шалгарч тэмцээний гол шуугианы эзэд болов.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шинэтгэл удаан явж байна гэв

Холбоотой Зураг

Төрийн ордонд өнөөдөр Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудлууд сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болж байна.

Уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, доктор /Ph.D/, профессор Ч.Өнөрбаяр, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайхан нар тус тус удирдан явуулж байгаа юм.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:

“Төрийн албаны шинэтгэл, тулгамдсан асуудлын талаар санал, бодлоо солилцохоор хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

1992 онд батлагдсан Үндсэн хуулиар төрийн үйл ажиллагааг улс төрийн нам, аж ахуйн үйл ажиллагаанаас тусгаарлаж төрийн албаны чиг үүргийг тодорхойлсон заалтууд хуульчлагдаж, 1992 оны УИХ-ын сонгууль засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу явснаар төрийн үйл ажиллагаа аж ахуйн үйл ажиллагаа, ялангуяа сумдын түвшинд хөдөө аж ахуйн нэгдэл, захиргааны үйл ажиллагаа тусдаа явагдах болсон юм.

Монгол Улсын төрийн албаны шинэ тогтолцоо 1995 онд бие даасан хуулиар зохицуулагдах болсноос хойш ардчилал бүрэлдэн төлөвшихөд түүхэн үүргээ гүйцэтгэж ирсэн. Эдүгээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай; Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Захиргааны ерөнхий хууль зэрэг олон хууль батлагдсан нь төрийн албаны хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн ахиц дэвшлийг авчирсан юм.

Харин салбарын суурь хууль болох Төрийн албаны тухай хуулийн тухайд 2002 онд батлагдсанаасаа хойш нийт 40 удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч зарчмын өөрчлөлтгүйгээр өнөөдрийг хүрчээ. Төрийн албаны шинэтгэл сүүлийн 7 жил гаруйн хугацаанд яригдаж, төрийн албаны хуулийн олон ч төсөл боловсруулагдсан. Улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид идэвхтэй оролцож, ажлын хэсэг байгуулж ажилласан. Өнөөдрийн байдлаар гэхэд Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал хэлэлцэхээр бэлтгэж байна. Гэсэн хэдий ч энэхүү шинэтгэл удаан явж байна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, ард иргэд бүгд төрийн албанд тулгамдаж буй асуудал бол тогтвортой байдал, залгамж чанар гэдэгтэй санал нийлнэ. Бид асуудлаа санал нэгтэйгээр тодорхойлж чадаж байгаа нөхцөлд шийдлийн хувилбаруудыг хэлэлцэж нийгмийн зөвшилцөлд хүрэхэд хялбар юм.

Олон жил яригдаж буй шинэтгэлийг хийхэд хамтран ажиллаж, олон талын санаа бодлыг сонсож, асуудалд ул суурьтай, судалгаатай хандан ирээдүйд чиглэсэн ухаалаг шийдвэрийг гаргах ёстой. Энэ хурлын зорилго ч мөн салбарын мэргэшсэн судлаачдын судалгааг сонсож, бодлого тодорхойлогчдын шийдлээ уралдуулах суурь хөрсийг бордоход чиглэж байгаа юм.

Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангаж түүний залгамж чанарыг бэхжүүлэх, төрийн алба хаагчид нь ашиг сонирхлын зөрчил болон намын аливаа үйл ажиллагаанаас ангид, хариуцлагатай байж, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг; төрийн албаны томилгоо нь чадахуйн зарчимд суурилдаг байх зарчмуудыг тогтоож бэхжүүлэх нь бидний нэн тэргүүний үүрэг юм.

Ажлын үр дүн, мэргэшлийн түвшин хангалттай, хууль, ёс зүйн хэм хэмжээг чандлан сахидаг албан хаагч хэдэн жилийн дараа ямар албан тушаалд очихоо төлөвлөж болохуйц Төрийн албаны тушаал дэвших тогтолцоо; төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, байгууллагын удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн ч ажлаа илтгэл төгс, айх айдасгүй хийх тогтвортой байдал; Удирдлагын хууль бус шийдвэрийг эсэргүүцэх зоригийг өгөх баталгааг бүрдүүлэхэд төрийн албаны шинэтгэлийн зорилго орших ёстой.

Олон намтай улс төрийн тогтолцоот Монгол Улсад мэргэшсэн тогтвортой төрийн алба ажиллах нь төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хангаж монгол төрийн дархлааг бэхжүүлэх суурь нөхцөл юм. Монгол Улсын төрийн албаны тогтолцоо бол ардчиллыг бодитоор хэрэгжүүлэх нөхцөл, баталгаа мөн.

Эрдэм шинжилгээний хурал нээснийг мэдэгдэж, Та бүхнийг хурлын үйл ажиллагаанд идэвхийлэн оролцохыг хүсье.

Та бүхэнд баярлалаа“ гэлээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо үг хэлж, “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт ба тулгамдсан асуудал” сэдвээр доктор /Ph.D/, профессор П.Одгэрэл, Мэргэшсэн, тогтвортой, үр дүнтэй боловсон хүчин төрийн албаны үндэс болох нь: Япон Улсын туршлага” сэдвээр доктор /Ph.D/, П.Амаржаргал, Төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын хариуцлагын эрх зүйн зохицуулалт” сэдвээр доктор /Ph.D/ Н.Мөнхзул, “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж” сэдвээр доктор /Ph.D/, Д.Сүнжид, “Төрийн албаны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй зарим хүчин зүйл” сэдвээр доктор /Ph.D/ Д.Мөнхтөр, “Төрийн албаны хуулийн зөрчил, хийдэл, бусад хуультай уялдаа холбоо, шийдвэрлэх арга зам” сэдвээр доктор /Ph.D/, профессор Б.Уранцэцэг нар тус тус илтгэл хэлэлцүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ханш нээх өдөр буюу өнөөдөр хилийн боомтууд амарна

Хилийн боомт зурган илэрцүүд“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын Ханш нээх өдөр тохиож буйтай холбоотойгоор ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих боломжтой аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлтэд үг хэлнэ

Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлт зурган илэрцүүд

УИХ-ын хаврын чуулган маргааш 10.00 цагт нээлтээ хийнэ. Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэх юм байна.

Монгол Улсын Yндсэн хуулийн 33 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд ийнхүү оролцож үг хэлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Чулуудай: Би оффшорт компани байгуулсан нь үнэн. Гэхдээ ямар ч данс нээлгээгүй

Өнөөдөр Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өөрийн оффшортой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр ямар ч байсан өөрийгөө оффшорт дансгүй, нэг ч гүйлгээ хийгээгүй гэдгээ шүүх цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Үүнийг нэг тийш нь болгож, асуудлыг заавал мухарлаж та бүхэндээ мэдэгдэх болно гэв.

Б.Чулуудай: Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байгаа үндсэн зорилго маань өнгөрсөн тав дахь өдөр Сүхбаатарын талбай дээр “Оффшорчдын эсрэг” жагсаал боллоо. Тэрэнд оффшорт данстай хүмүүс ил гарах ёстой гэсэн. Тиймээс энэ талаар байр сууриа илэрхийлэх гэсэн юм. Өмнө нь би оффшорын талаар байр сууриа илэрхийлж байсангүй. 2016 оны сонгуулиар Монгол HD болон бусад нэр бүхий этгээдүүд намайг оффшорт данстай, дансанд нь мөнгө байгаа, дансны гүйлгээ хийсэн, тэр нь тогтоогдлоо гэж мэдээлэл цацсаныг та бүхэн санаж байгаа байх.

Энэ мэдэгдэлтэй холбоотой манай өмгөөлөгч мэдээлэл тэр үед хийж байсан. Тухайлбал, “Бид оффшор бүсэд компани байгуулсан. Тэгээд дараа нь татан буугдсан. Компани байгуулахтай холботой ямар нэг данс нээлгээгүй. Дансны гүйлгээ огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн байгаа. Үүний дараа хууль хяналтын байгууллагуудад хандаад үүний үнэн мөнийг тогтоогоочээ гээд өнөөдрийг хүртэл явж байна. Одоо ч гэсэн шүүхэд хандчихсан тодруулах гээд байж байгаа.

Оффшорын асуудал хамгийн анх Монгол HD телевиз зарласан байдаг. Иргэн Б.Чулуудай оффшор дансаар гүйлгээ хийсэн нь нотлогдлоо гэсэн. Би данс нээгээгүй. Нэг ч гүйлгээ хийгээгүй гэдгээ дахин хэлье. Бизнес хийхэд гадаадын том компаниуд оффшор компаниар дамжуулан харьцдаг. 2011 онд энэ компани байгуулагдаж 2013 онд татан буугдсан байдаг. Хөрөнгийн бирж дээр уул уурхайн чиглэлээр мөнгө босгох, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор тус компани байгуулагдсан. Монгол HD дараа нь энэ талаараа үргэлжлүүлэн нэвтрүүлэг хийнэ гэсэн ч сонгуулийн дараа нэг ч удаа явуулаагүй. Баримтуудыг гаргаж тавиагүй. Тиймээс би баримт нь байгаа гээд байгаа хүмүүсийг шүүхэд хандаачээ, үнэн мөнийг тогтоогоочээ гэж хүсч байна. Би өөрийнхөө зүгээс баримт нотолгоогоо шүүхэд гаргаад өгчихсөн байгаа. Мөн эзэн биегүйгээр фэйж хуудсаар хүний нэр төрийг гутааж байгаа асуудлуудыг цагдаагийн байгууллагаар шалгуулна.

Б.Чулуудай оффшор данс нээгээгүй гэдгийг дахин хэлье. Интернэтээр ороод ийм данс нээлгэхэд ямар бичиг баримт шаардлагатай байдаг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно. Хэрвээ миний буруу нь шүүхээр тогтоогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгээ л хэлэх гэсэн юм.

Иргэн Б.Чулуудай би өөрөө өөрийгөө шалгуулах гэж өнөөдрийг хүртэл явж байна. АТГ-т хандахаар намайг төрд ажиллаж байгаа хүн биш учир манайд хамаагүй гэдэг. Цагдаад хандахаар гадаадын иргэнээс мэдээлэл ирсэн юм байна, шалгана гэдэг ч хариу өгдөггүй гэв.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал дээр хүүгийнхээ компанийг тендерт ялуулсан гэсэн асуудал яваад байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-АТГ-с 2013 онд БЗД-ийн 12-р хороонд баригдсан дахин төлөвлөлтийн барилга, байшингийн тал дээр ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй гэсэн бичиг ирсэн. Тухайн газар нутгийн оршин суугчид өөрсдөө манай компанийг заавал сонгоно гээд сонгосон байдаг. Өнөөдөр иргэд байраа аваад амьдарч байгаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дунд суудлын хуралдаантай

Цэцийн дунд суудлын хуралдаан болно зурган илэрцүүдХяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хуульчилсан байна.

Энэ нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох гэсэн Үндсэн хуулиар баталгажсан эрхийг нь зөрчсөн хэмээн нэр бүхий иргэн үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл ирүүлжээ.

Түүний дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээлллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Золзаяа: Ээж нь биедээ сэтгэл хангалуун, эсвэл өөрийгөө голох нь охинд нь дамждаг байна

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын захирал Б.Золзаяатай ярилцлаа.


-Танай байгууллагаас гаргадаг “Сайхан бие” үзэсгэлэн хоёр дахь удаагаа гарлаа. Рекламны гол дүр хэн нэгэн шиг болох гэж өөрийгөө зовоох бус биедээ сэтгэл хангалуун байх гэдэг үзэл санаа нь таалагддаг. Өмнөхтэй харьцуулахад хүмүүсийн хандлагад өөрчлөлт гарсан болов уу?

-“Сайхан бие” үзэсгэлэн хоёр дахь жилдээ гарлаа. Хүмүүсийн хандлага харьцангуй эргэсэн. Гэхдээ нийгмээс ирж байгаа тулгалт шахалт илүү хүчтэй байгаа. Энэ эмэгтэй шиг болох ёстой гэсэн дүр төрх бүтээчихдэг. Тэр эмэгтэй нь ихэнхдээ загвар өмсөгч, реклам сурталчилгаанд тоглодог хүмүүс байдаг. Түүн шиг байлгах гэж эмэгтэйчүүдийг шахдаг. Гэтэл бид долоон тэрбум хүн өөр гэж ярьдаг хэрнээ тэр нь тунхагийн төдий. Үнэндээ өөр байдлыг хүлээн зөвшөөрч байна уу гэвэл асуудалтай. Хувь хүмүүсийг хайрцагласан, бий болгосон дүр төрх рүү түлхдэг. Урьд цагт гоо сайхан гэдэг ойлголт хүрэхэд ойр байсан бол одоо маш их фотошопдсон засварласан дүр төрхөд жирийн хэн нэгэн дөхөж очиход амаргүй болчихоод байгаа юм. Эмэгтэйчүүд үүнээс болоод сэтгэл зүйн дарамтад орж, цаг мөнгөө үрэх, өөртөө итгэлгүй байдал үүсдэг нь гадны судалгаагаар нотлогдсон. Монголд ч 800 эмэгтэйн дунд судалгаа хийсэн л дээ. Судалгаанд оролцогчдын 90-ээд хувь нь биедээ сэтгэл хангалуун бус байв. Тэдний 80 хувь нь биеийн жингийн асуудалгүй хэрнээ турах тухай мөрөөддөг гэсэн үр дүн гарсан. “Сайхан бие” үзэсгэлэнг хоёр дахь удаагаа ирж үзэж байгаа хүмүүс эерэг хүлээж авсан л даа. Анх удаа үзэж байгаа хүмүүсийн хувьд нэлээд шинэ мэдрэмж төрүүлсэн байх. Яагаад гэвэл хагас нүцгэн, нүцгэн хүмүүсийн зураг байгаа шүү дээ.

-Ийм биетэй хүнийг сайхан гээд байгаа юм байх даа гэж зарим нь гайхсан байх л даа?

-Бид зочидтойгоо ярилцсан л даа. Өмнө нь бид модель хүнийг л хагас нүцгэн, нүцгэн байдлаар харж байсан болохоор үнэхээр шинэ зүйл байсан байх л даа. Ирж үзсэн хүмүүс “Би өөрийгөө харж байгаа юм шиг санагдлаа. Надад ч гэсэн ийм язралт, харвин бий” гэсэн. Гэтэл бид гоёчилсон дүр төрхийг харж дассан байдаг. Үрчлээгээ хүчээр дарж арилгах оролдлогууд хийдэг. Тэр нь эрүүл мэндэд хортой. Турж л байвал юу ч хийсэн яах вэ гэсэн хандлага түгээмэл.

Гоё сайхан гэдэг ойлголт юунаас үүссэн юм бэ. Соёлоос гадна эдийн засаг, хоол хүнстэй ч холбогдоно. Антропологичдын судалгааг харвал хоол хүнс багатай нийгэмд махлаг хүнийг сайхан гэж үздэг байж. Одоо ч Африкийн зарим соёлд тарган эмэгтэйг илүүд үздэг. Бидний амьдарч байгаа хэрэглээнд суурилсан капиталист нийгэмд хэвлэл, мэдээлэл, гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанаас болоод бид тодорхой дүр төрхийг сайхан гэж үзэж байгаа. Хэрэв бид тэр болгоныг цааш нь тавиад, өөрийгөө толинд харвал өөртөө таалагдана. Гэтэл үүний оронд өөрийгөө хиймэл, бүтээсэн дүр төрхтэй харьцуулж голдог.

-Гоо сайхан ертөнцийг аврана гэж ярьцгаадаг. Үнэндээ бол Достоевский гоё сайхан хүүхний тухай яриагүй амьдралын эгэл гоо сайхны тухай хэлсэн юм биш үү?

-Гоо сайхан гэдэг өргөн хүрээтэй ойлголт. Beauty гэдэг үгийг орчуулахаар зөвхөн гадаад гоо сайхны тухай бид төсөөлдөг. Гоо сайхныг харж байгаа нүднээсээ л шалтгаалдаг. Таны нүд гоо сайхныг олж хардаг уу, үгүй юу. Ихэнхдээ бид өөрийгөө байнга голж хардаг. Өрөөлийг ч тэр шалгуураараа хардаг. Өөрөөр хэлбэл билгийн нүдээ нээх хэрэгтэй байгаа юм. Нүд маань маш их хайрцаглагдсан. Бид энэ жил дэлхийн шилдэг 22 зургийг сонгож авсан. Зуун зууны туршид хамгийн алдартай байсан уран зураг, уран зураачид гоо сайхныг өөр өөрөөр харсан байдаг. Эдгээр зурагт эмэгтэй хүн хамгийн их дүрслэгдсэн. Гэхдээ 90-60-90 гэх мэт тогтсон хэмжээсүүдээр биш огт өөрөөр харжээ. Гоо сайхан гэдэг ганцхан ойлголт байсан бол бүгд нэг л хэлбэрийн юм зурна шүү дээ. Саяхан олны танил нэг эмэгтэй ярьсан. Түүний биеийн нэг хэсгийг өөрчлөх саналыг хүмүүс тавьж л дээ. Тэгэхэд нь тэр хүн “Миний энэ хэсэг л намайг илэрхийлж байгаа. Хэрвээ би үүнийгээ өөрчилчихвөл би биш болчихно” гэж хариулж л дээ. Хүн болгон өөрийнхөө түүхийг бүтээж, онцлогийг мэдэрч, амьдралыг өөрийнхөөрөө туулах ёстой болохоос биш өөр хэн нэгэн шиг болох нь чухал биш.

Хэрэглээнд суурилсан нийгмийн хохирогч нь бид болчихоод байна. Саяхны нэг сургалтан дээр эмэгтэй хүнийг засч “сайжруулах” үйлчилгээнүүдийн тухай ярьсан. Гэтэл бүх эрхтнийг засварлах боломжтой байна. Үснээс авахуулаад нүд, хамар, ам, өгзөг, гэдэс бүхнийг засч сайжруулна гэсэн сурталчилгаа явж байна. Тэгэхээр бид маркетингийн талбар болчихож.

-Бидний энэ мэт хандлага хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Зарим сургуульд “Царай муутнуудыг дэлхийгээс зайлуулъя” гэдэг хөдөлгөөн өрнүүлсэн байна лээ?

-Ээж нь биедээ сэтгэл хангалуун байх нь охинд нь дамждаг гэдэг. Хүүхдийнхээ дэргэд толинд хараад, өөрийгөө шүүмжлээд байх юм бол охин нь ч гэсэн би дутуу юм байна гэж бодно. Энэ хандлага өөртөө итгэлгүй байдлыг бий болгодог. Өөртөө итгэлгүй байдал амжилтаас хойш чангаана. Эмэгтэйчүүд өөртөө сэтгэл хангалуун байх учиртай. Яагаад эмэгтэйчүүдийг онцлоод байна гэхээр эрчүүдэд яг энэ асуудлаар бага дарамт ирдэг. Эр хүн сармагчингаас арай дээр царайтай байхад болно гэсэн үг ч бий. Бид эмэгтэйчүүдийг нүүрээ битгий буд гэж хэлээгүй. Тэр бол хувь хүний сонголт. Хамгийн гол нь эхлээд өөрийгөө мэдэр. Өөрийгөө хайрла. Түүний дараа өөрийнхөө юуг илүү тодруулах, гэрэлтүүлэх гэдэг нь чухал. Дотроосоо гэрэлтэх учиртай.

Цахим ялгаварлан гадуурхалт их байгаа нь боловсролтой холбоотой. Хүмүүст хувийн орон зайн мэдрэмж, мэдээлэл хүлээн авах шүүлтүүр буюу шүүмжлэлт сэтгэлгээ төдийлөн төлөвшөөгүй байна. Аливаа мэдээллийг шалгадаггүй, шууд хүлээж авдаг сул талтай. Бүтээлч сэтгэлгээ, дүн шинжилгээний чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, олон талт байдал чухал байна. Энэ болгоныг боловсрол олгодог байх учиртай.

Олон тохиолдолд бид өөр хүн шиг байх гэж хичээдэг. Гэтэл өөртөө итгэлтэй хүнд хүмүүс татагддаг шүү дээ. Туранхай, өндөр, нам, өөр байх нь хамаагүй. Энд зөвхөн тарган, туранхайгийн тухай яримааргүй байна. Улс орны хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүр ч олон асуудалтай. Хүмүүс хүлээн зөвшөөрөгдсөн дүр төрхөөс өөр хүнийг ялгаварлан гадуурхах хандлагатай байдаг. Нийгэм хэр хүмүүнлэг байгааг илтгэдэг хүний эрхийн асуудал энэ. Олон тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дутуу гэж үздэг. Гаднаас нь хараад ялгаварлаж ханддаг. Хүний эрхийг дээдэлдэг улс оронд бол дунд сургуулийн сурах бичиг дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, таягтай хүмүүс, хараагүй хүүхэд, өндөр, нам, тарган туранхай хүмүүсийн зураг байдаг. Бид сурах бичгийн зурганд мониторинг хийж үзэхэд яг л нэг хэвийн эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн зураг зонхилж байлаа. Ийм байх нь энгийн, өөр бол байж болохгүй гэсэн мессежийг хүүхдэд өгч байгаа нь ялгаварлан гадуурхалт бий болоход нөлөөлдөг. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэртээ нуугдахад хүрдэг. Гарвал ялгаварлан гадуурхалтанд өртөнө, эсвэл зүгээр л гарах боломжгүй байдаг.

-Зарим эцэг эхчүүд ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байвал “Манай хүүхэд ийм хүүхэдтэй хамт сурах ёсгүй” гээд заргалдаад явдаг юм билээ. Үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ангид байснаар нийгмийн олон өнгийг хүүхэд мэдэрч, зөв харьцаж сурах давуу талтай л даа?

-Яг үнэн. Сурах бичиг, сургуулийн орчинд бусдыг ялгаварлан гадуурхахгүй байхаас ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг, олон талт байдалд зохицож амьдардаг иргэд төлөвшинө. “Сайхан бие” үзэсгэлэнд олон янзын хүмүүсийг оруулахыг зорьж байна. Трансжендер эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг өөр дүр төрхийг бид нийгэмд байхгүй мэтээр нүдээ аньж, ил гарч ирсэнийг нухчин дарах нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуульд заасан үнэт зүйлд маань нийцэхгүй.

-Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд юуг хамгийн их өөрчлөхийг хичээж байгаа вэ?

-Хүмүүс юуг өөрчлөх гэж байна гэж асуудаг. Энэ нийгэмд ялгаварлан гадуурхалтгүй, тэгш, авьяас байвал зам нээлттэй гэдэг зарчим жинхэнээсээ хэрэгждэг байгаасай гэж хүсдэг. Одоо бол ингэж бидэнд итгүүлж байгаа ч тухайн хүн хэн байхаас маш их юм шалтгаалж байгаа. Бизнес хийе, өөрийгөө таниулъя гэхэд хаанаас гаралтай, эрэгтэй эмэгтэй, баян хоосон, хэдэн настай, мөнгөтэй юм уу, хэнийг таньдаг вэ гээд маш олон зүйлээс амжилтад хүрэх эсэх нь шалтгаалдаг. Одоо бол эмнэлэгт үйлчлүүлэхэд ч таны хэн гэдгийг хардаг. Дэлгүүрт ороход ямархуу хувцасласнаас үйлчилгээ нь шалтгаалдаг. Хүн бүрд тэгш боломж олгодог нийгэм биш байна. Бүгдийг нь хүчээр тэгшитгэнэ гэсэн үг биш л дээ. Бүгд шударгаар үнэлэгдэх боломжийн тухай ярьж байгаа юм. Мөн хүн бүр өөрийнхөөрөө байхыг хүлээн зөвшөөрдөг нийгэм байгаасай гэж хүсч тэмүүлдэг.

“Сайхан бие” төсөл бол түүний зөвхөн нэг хэсэг. Дэлхий дахинд яригдаж байгаа жендерийн тэгш эрхийн нэг сэдэв “Биедээ эерэгээр хандах” юм. Монголд биднээс өөр энэ талаар дуугарч байгаа байгууллага хараахан алга. Энэ бол маш чухал асуудал. Мэдээж шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, гэр бүлийн хүчирхийлэл гээд зөндөө асуудал бий.

-Та нар богино юбкатай жагсаал хийж, “Үтрээний хүүрнэл” жүжиг тавих гээд содон аргаар өөрсдийгөө илэрхийлдэг шүү дээ. Сүүлийн үед бэлгийн боловсролд анхаарал хандуулж байгаа гэл үү?

-Саяхан дунд сургуулийн эрүүл мэндийн хичээлийг хассан нь дэлхийд өрсөлдөх монгол хүнийг бэлтгэж байгаа сургалтын хөтөлбөрийн хүрээнд хийсэн өөрчлөлт гэнэ. Математик, хими, физикийнхээ цагийг нэмсэн юм байна. Гэтэл бэлгийн боловсролгүй хүн дэлхийд яаж өрсөлдөх вэ. Бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт өсвөр насныханд тулгарна. Хүн болгон эрдэмтэн болохгүй, хүн бүр бэлгийн харилцаанд орно. Эрүүл мэндийн хичээлийг чанаржуулах, залууст бэлгийн боловсрол олгохыг зорьж “Улаан булан” гэсэн төсөл хэрэгжүүлэх юм. Бэлгийн боловсрол бол зөвхөн бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлтээр дуусахгүй. Бидний хандлага, хүчирхийлэл ч энд багтана. Наад зах нь сайн дураараа бэлгийн харьцаанд орно гэж юу гэсэн үг болох талаар залуустай ярилцана. Ихэнх тохиолдолд бид маш буруу ойлголттой байдаг. Бэлгийн боловсрол дутуугаас болоод ихэнх тохиолдолд өсвөр насныхан таамаг, бие биенээсээ авсан буруу мэдээлэлтэй байдаг нь сөрөг үр дагавартай. Эцэг эх нь, багш нь ярихгүй,интернэтээр мэдээлэл хайхад ямаршуухан үр дагавартай нь ойлгомжтой.

-Монгол эцэг эхчүүд угаасаа хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын талаар ярьж сураагүй хүмүүс. Ярилаа гэхэд яаж зөв өнцгөөр ярих вэ гээд асуудал их л дээ?

-Эцэг эх, багш нь тохирсон насанд нь хүүхэдтэйгээ ярих ёстой юм байна. Яриагүйгээс болоод эрсдлүүд үүсдэг. Солонгосын жишээ гэхэд л цэцэрлэгийн наснаас нь эхлээд биений чинь аль хэсэгт хүн хүрч болох, болохгүйг заадаг. Ингэж зааж өгөхгүй бол олон тохиолдолд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаагаа өөрөө ч мэдэлгүй өнгөрдөг. Энэ бол хүн хүрч болохгүй газар гэдгээс л бүх юм эхэлнэ. Түүнээс биш шууд 18 нас хүрсэн хүнд ярьж байгаа юм шиг ярихгүй. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ “Бэлгийн харилцаанд орж болохгүй, аюултай” гэж хэлдэг. Ингэж хэлээд хол явахгүй. Хэзээ ийм харилцаанд орох тохиромжтой, бэлгийн харьцаанд орсон тохиолдолд өөрийгөө яаж хамгаалах вэ гэдгийг нь зааж өгөх ёстой.

-Эцэг эхчүүд бол насанд хүрэхээс нааш бэлгийн харьцаа байж болохгүй гэдэг ч бодит байдал дээр эсрэгээрээ байх нь их. Сурагчид эрт бэлгийн харьцаанд орж байгааг судалгаа харуулдаг. Хамгийн сүүлд гэхэд л 15 настай хүүхэд ДОХ-ын халдвар авсан тухай мэдээлэгдсэн шүү дээ?

-Үзэж харж байгаа юм нь юу вэ гэдгийг бодох ёстой. Нүцгэн, хагас нүцгэн хүмүүс харуулдаг клипүүд, кино маш их гарч байна. Эцэг эх, багш нар зааж сургасан гэхэд хэцүү. Ихэнхидээ болохгүй л гэж загнадаг болохоос биш жинхэнээсээ хүүхдэдээ чи ингээрэй, тэгээрэй гэж ярилцсан нь цөөхөн.

-Зурагтаар хараал, хэрүүл, хүчирхийлэлтэй кинонууд ямар ч цензургүй гарч байна. Ийм тохиолдолд эцэг эх бүгдийг хянаж чадахгүй л дээ?

-Жон Ленноны хэлсэн үг байдаг. Бид хүүхдэдээ хүчирхийллийг чөлөөтэй үзүүлдэг хэрнээ хайрын тухай яагаад ярьдаггүй юм бэ гэж. Хүчирхийлэлтэй киног хамт үздэг хэрнээ, үнсэлт гарахад хүүхдийнхээ нүдийг нь тагладаг шүү дээ. Хайрыг тохирсон насанд нь үзүүлж, хүчирхийлэл харуулсан кинонд болгоомжтой хандах учиртай. Телевизүүдийн холбоонд энэ талаар хандаж ч болно.

-Ингэхэд улаанбулан хаана ажиллах вэ?

-Клуб дээрээ ажиллуулна. Бэлгийн боловсрол, сексийн асуудлаар ярилцая гэсэн юм.Танд сонирхуулахад “Дайвар хүйстэн” гээд Симон Де Бовоурын ном байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд өөрийнхөө бэлэг эрхтнийг мэдрэх, ярилцах чухал гэдэг. Монголчуудын хувьд ч эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтнийг “тамхилах” гэх мэтээр бахархуулж өсгөдөг. Эрэгтэй хүн бэлэг эрхтэнтэйгээ бахархлын харилцаатай. Эмэгтэй хүн болохоор бэлэг эрхтнээ бараг л байхгүй юм шиг ханддаг нь эргээд бэлгийн амьдралд нь сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс болоод маш цөөхөн эмэгтэй бэлгийн таашаал авдаг гэнэ. Эмэгтэй хүн үтрээний хэсгээ мэдэрч, хайрлаж, яаж баярлуулах тухай төдийлөн боддоггүй. Муухай юм шиг ханддаг. Энэ бүхэн сексийн идэвхигүй оролцогч болоход нөлөөлдөг юм байна. Эмэгтэй хүнийг хүссэн, хүсээгүй хэзээ ч секс хийж болно, эмэгтэй хүн таашаал авч байгаа үгүй нь тийм ч чухал биш гэсэн тогтсон хандлага бий. Гэтэл хэлүү бол хүний биеийн хамгийн мэдрэмтгий эрхтэн. 8000 мэдрэлийн эстэй. Тийм мэдрэмтгий эрхтэн байхад зарим нь байгааг нь ч мэдэхгүй шахуу амьдардаг. Америкт эрэгтэй, эмэгтэй хүмүүс сексийн үеийн мэдрэмжүүдээ ямар үгээр илэрхийлж байгааг судалжээ. Бүсгүйчүүдийн 30 хувь нь өвдөлт, доромжлол, таагүй байдал гэсэн бол эрчүүд ялан дийлсэн, таашаалтай мэдрэмжүүдтэй байсан. Эмэгтэй хүн юу хүсч байгаагаа мэдэж байвал хүссэн харилцаандаа орж, хүсээгүйдээ орохгүй байх эрхтэй. Сексийн таашаал авах нь амьдралд эерэгээр хандах, сэтгэл өөдрөг байхад сайн нөлөөтэй. Маш олон тохиолдолд секс сайн муу болсон гэдэг хэмжүүр нь эрэгтэй хүн дур тавьсан уу гэдгээр үнэлэгддэг. Эмэгтэй дур тавих эсэх нь тийм ч ач холбогдолтой бус байх жишээтэй. Уг нь бэлгийн эрх бол хүний үндсэн хэрэгцээ. Биднийг кофе шопд суух, сонин унших, зурагт үзэх гэх мэт нэмэлт хэрэгцээнүүдээс холдуулаад уулын мухарт аваачвал хоол олж иднэ, аюулгүй байдлаа хангана, секс хийнэ.

Канадад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байдаг. Тэд өөрсдийгөө хүний эрхийн байгууллага гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний бэлгийн асуудлыг байхгүй юм шиг л ханддаг шүү дээ. Харин тэд тэр хүмүүст хүрч очиж, бэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнуудаа нийгмийн ажилтан, хүрч очих ажилтан гэж нэрлэдэг юм билээ. Канадын байгууллагын ажилтнууд би ажил хийж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүн эрхээ эдлэхэд нь тусалж байгаа гэж ярьж байна лээ. Бэлгийн шударга ёс гэж яригдаж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сексийн үед эрх мэдлийн огт өөр байр суурьтай оролцож байна. Уг нь эрэгтэй, эмэгтэй хоёулаа бэлгийн харилцаанаас кайф авдаг бол хосуудын аз жаргалд нөлөөлдөг.

Categories
гадаад мэдээ

Петербургийн метронд бөмбөг тавьсан этгээдийн зураг нийтлэгджээ

ОХУ-ын санкт Петербург хотын метронд өчигдөр өдөр орон нутгийн цагаар 15.04 цагт (Монголын цагаар 20.04) бөмбөг дэлбэрчээ. Эхлээд ирж байсан мэдээгээр таван хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн нэрвэгдсэн байв. Шархдагсдыг хотын эмнэлгүүдэд тараан байршуулжээ.

Хэдэн минут өнгөрсний дараа амь үрэгдэгсдийн тоо 10 болон нэмэгдлээ. Оросын Ерөнхий прокурорын хэргийн талаар мэдээлэн мөрдөн байцаалтыг эхлүүлэв.

Гучаад минутын дараа метроны цэнхэр шугамын долоон станцыг хаасан байна. Энэ үеэр Москвагийн метронд аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээг авч эхэлжээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин амь үрэгдэгчдийн ар гэрт эмгэнэл илэрхийлэв. Ерөнхийлөгч Путин болсон хэрэг явдлын гурван хувилбарыг нэрлэв. Терророос гадна ахуй ба гэмт хэргийн хувилбарууд нэрлэгджээ.

Дэлбэрсэн төхөөрөмж нь бага хүчтэй, жижиг хэмжээнийх байсан гэсэн мэдээлэл гарч байна. Станцуудад дэлбэрэлт үргэлжилж байгаагийн улмаас бүх станцууд хаагдсан гэх мэдээлэл сүлжээгээр цацагдаж байна. Интерфакс мэдээлснээр тэсрэх төхөөрөмжийг метронд үлдээсэн ба амиа золиослогч нарын талаар яригдсангүй. Тэсрэх төхөөрөмжийн хүч нь 200-300 граммын тротилийн хэмжээнийх гэнэ. Хотын сүлжээний ачаалал эрс нэмэгдсэний улмаас Яндекс-карт, Яндекс такси сүлжээ унаж байна.

«Площадь Восстания» станцаас нэг тэсрэх төхөөрөмжийг илрүүлэн аюулгүй болгож байгаа тухай “Фонтанка” сайт мэдээлэв.

Өдрийн 16 цагийн байдлаар нийт хэлмэгдэгчдийн тоо 50 орчим болоод тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Петербургийн метро дахь дэлбэрэлтийг алан хядах ажиллагаа байсан гэж Ерөнхий прокурорын газрын төлөөлөгч Александр Куренной мэдэгдлээ. Холбооны мөрдөн байцаах товчоо «Сенная площадь», «Технологический институт» гэсэн хоёр станцын хоорондын зам дээр вагонд ганцхан бөмбөг дэлбэрсэн гэж мэдээлэв.

Метронд тэсрэх төхөөрөмжөө үлдээсэн хүний зураг нийтлэгджээ. Гэрч эмэгтэйн яриагаар тэр славян биш царайтай, хачин харагдаж байсан гэнэ.

Тэр эрэгтэй вагонд үүргэвчтэй орж ирээд түүнийг үлдээн дэлбэрэхээс нь хэдхэн секундын өмнө өмнө гарчээ. Өндөр биетэй, хууз өтгөн сахалтай жихадист төрхийн хүн байсан нь дүрс бичлэгээс харагдаж байна.

Энэ зураг дээр байгаа 22 настай казах Максим Аришев тэсрэх төхөөрөмж метроны вагонд тавьсан байж магадгүй гэж мэдээлжээ. Ийнхүү цагдаагийнхан энэ хэргийн хоёр сэжигтэнг идэвхтэй эрэн сурвалжилж байна.

Хамгийн сүүлд авсан мэдээгээр, амиа алдсан хүмүүсийн тоо 14 болж нэмэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Сувд: “Мандухай”-г 30 жилийн турш үзэж байна гэдэг надад хамгийн том шагнал

Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд дэлхийн “Театрын өдөр” тохиодог. Энэхүү өдрийг УДЭТ хэрхэн угтаж байгаа тухай болоод урлаг уран бүтээлийнх нь талаар тус театрын уран сайхны удирдаач, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай ярилцлаа.


-“Театрын өдөр”-ийг угтаж Улсын драмын эрдмийн театр үзэгчдэдээ ямар бэлэг барьж байна вэ?

-1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрт байх театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч бүхний баяр байдаг. Манай театрын зүгээс энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд” болгон зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг. Энэ жилийн “Сонгодог жүжгийн өдрүүд” маань гуравдугаар сарын 6-наас эхлэн энэ сарыг дуустал тоглогдох болно. Харин баярын өдөртөө зориулж дэлхийн сонгодог бүтээлийн гурван ноён оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжиг тайзнаа тоглогдох юм.

Мөн театрын баярын өдрийг тохиолдуулан Дорнод Сибирийн Соёл урлагийн их сургуулийн профессор ОХУ болон Буриад улсын гавьяат жүжигчин Төрийн шагналт “Алтан маск” наадмын шагналт найруулагч Бадагаева Туяна “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвүүдээр сургалт зохион байгуулахаар бэлтгэж байна. Тэрээр манай сонгодог жүжгүүдийг үзэж, мэргэжил нэгт нөхөдтэйгөө дугуй ширээний уулзалт хийн, хамтарч ажиллаж байна. Түүнчлэн ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин, Төрийн шагналт С.Д.Норбосампилович энэ өдрүүдэд манай театрт ажиллах болно. Ер нь бид өнгөрсөн жилээс эхлэн туршлага солилцох сургалтуудыг явуулж байгаа. Хамгийн анх бидэнд Германы мэргэжилтэн ирж сургалт явуулж байсан. Тус сургалтад найруулагч, судлаач, хөдөө орон нутгийн төлөөлөл, оюутнууд маань ирж оролцож байгаа юм. Ийм арга хэмжээнүүд дор театрын өдрөө тэмдэглэж байна.

-Та хэд дэх удаагаа “Театрын өдөр”-ийг тэмдэглэж байна вэ. Ер нь манай Монголын театрынхан энэ баярыг хэзээнээс тэмдэглэх болсон юм бол?

-Манай театр 1992 оноос эхлэн “Театрын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн. Түүнээс хойш л тэмдэглэж байна даа. Мөн би олон улсын Драмын хороонд Монгол орноо төлөөлөн 1997-2010 оны хооронд дэд ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Монголд олон улсын театрын фестивалиуд зохиож байлаа. Энэ фестивалиудын үеэр болон 2001 оноос эхлэн олон улсын сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Тухайн үед Олон улсын театрын институтын ерөнхийлөгч ирж манай театрын амьдралтай танилцаж байлаа. Харин манайд 1992 онд Олон улсын театрын институтын Монголын төв байгуулагдсан юм. Ер нь бол олон улсын хэмжээнд Монголын театрыг сайн мэддэг болсон. Манай театр олон улсын сургалтыг зохион байгуулах, гадныхантай хамтарсан уран бүтээл хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэх мэт арга хэмжээнүүдийг хийдэг. Энэ ажлыг одоо залуучууд маань маш сайн үргэлжлүүлэн авч явж байна.

– Театрын уран бүтээлчид ирэх сард хөдөө орон нутгаар аялан тоглолт хийнэ гэсэн. Ямар бүтээлүүд тоглогдох вэ?

-Монголын төрөөс баримталж буй соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилготой “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ удаад Монгол Улсын томоохон хотууд болох Дорнод аймгийн Чойбалсан, Дархан-Уул, Орхон аймагт театрын өдрүүд болох юм. Тодруулбал, Дорнод аймагт У.Шекспирийн “Ромео Жульетта”, Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг тоглогдох бол Дархан-Уул, Орхон аймагт оны өмнөхөн нээлтээ хийсэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг болон “Царцаа Намжил” драмын жүжгүүдээ тоглоно. Бид драмын театрын тайзнаа тавиад удаагүй байгаа энэ том жүжгүүдээ хөдөө орон нутгийнхаа үзэгчдэд халуунаар нь хүргэж байгаа юм. Аль болох хугацаа алдахгүй шинэхэн дээр нь л хүргэхийг зорьж байна. Харамсалтай нь бүх аймагт тоглож чадахгүй юм. Учир нь тайзны бололцоо нөхцөл бүх аймагт ижил биш байна л даа. Бололцоотой газарт бол бид очиж тоглох болно.

-Та сүүлийн үед тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглосон уу?

-Би нэг их уран бүтээлд ороод байдаггүй. Ер нь уран сайхны удирдаач гэх ажлыг авснаас хойш тайз дэлгэцийн бүтээлд тоглосон нь их бага. Яахав, ажлынхаа зав зайгаар л цөөхөн жүжигт тоглосон болов уу.

-Та Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг дүүргэсэн. Багш нар тань юу гэж зааж, зөвлөдөг байв?

-Миний мэргэжлийн багш Борис Андреевич Бабочкин гэж ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин хүн байлаа. Манай үзэгчид Чапаевын дүрээр нь сайн мэддэг. Амьдрал дээрээ ч яг Чапаев шиг хүн. Энэ мундаг хүний хатуу гараар хүмүүжсэн учраас гайгүй суурь тавигдсан юм болов уу гэж найдаж байна.

-Таны хувьд тайз, дэлгэцийн бүтээлээс тань хамгийн сэтгэлд үлдсэн дүр аль вэ?

-Сайн ч бай, муу ч бай бүх л дүрүүд маань надад ойр байдаг. Учир нь жүжигчин хүн оюун санаа, сэтгэл зүрх бүх зүйлээ зориулж ажилладаг. Хүн бүхий л зүйлээ зориулж үр хүүхдээ өсгөдөг шүү дээ. Уран бүтээлд ч мөн ялгаагүй дүр бүхнээ ингэж л бүтээдэг. Ингэж чин сэтгэл гаргасан дүрүүд үнэ цэнэтэй байх нь дамжиггүй. Тийм учраас би бүх дүрдээ хайртай байдаг юм. Яахав, зарим дүр минь муугүй болоод шагнал, урамшуулал, магтаал, сайшаал сонсож л байсан. Зарим санаанд хүрээгүй дүрүүд ч бий. Энэ дундаас нийтэд үнэлэгдсэн нь Ибсений “Нора”, В.Вешневский “Үхэвч үнэн ялна”, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн Өүлэн эх зэрэг дүрүүдээр шилдэг дүрийн шагнал хүртэж байлаа.

-Харин дэлгэцийн уран бүтээлүүдээс тань “Мандухай” болон “Хань” зэрэг киноны дүрүүд их үнэлэгдсэн гэдэг…

-Тийм шүү. Дээрх тайз, дэлгэцийн дүрүүд маань шагнал авч, олон улсын наадам, фестивалиудад оролцож байсан. “Мандухай” кино 1988 онд хийгдсэн гэхээр одоо бараг 30 жил болох гэж байна. Энэ гучин жилийн хугацаанд үзэгчид энэ киног анхааралтай үзэж, сонирхож байна гэдэг надад ирж байгаа хамгийн том шагнал. Энэ кинонд ажилласан зохиолч, найруулагч, жүжигчид, оператор, нүүр будагч, хувцасны зураач, сийлбэрчин, мужаан гээд бүх л хүмүүсээр бахархаж байдаг юм. Энэ хүмүүсийн ачаар өнөөдөр ч гэсэн “Мандухай” кино маань үзэгчдийн сонирхлыг татсан уран бүтээл хэвээрээ байгаад би баяртай байна.

-Мөн та “Анхны хайрын дууль”, “Моторын дуу” гэх мэт дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн. Тэр үеүдийнхээ тухай дурсаач?

-Тухайн үеийн энэ сайхан бүтээлүүдийг алтан үеийнхэнтэйгээ хамтарч хийж байсан. Тэр л хүмүүсийн ач буянаар бид өдий зэрэгтэй явж байгаа гэж би боддог. Бид ээж, аавыгаа дагаж л хүн болдог шиг тэр мундаг хүмүүсийг харж жүжигчин болсон. Жүжигчин гэх диплом авах нь жүжигчин болчихож байгаа хэрэг биш. Үнэхээр энэ урлагийн гал тогоонд орж загнуулж, уйлж, инээж, магтуулж, зэмлүүлж, унаж, босож байж л сая нэг жүжигчин болдог. Тийм учраас тэр л ахмадууд болоод хамт олны хүчээр бид жүжигчин гэдэг нэр дуудуулах эрхтэй болдог гэж хэлмээр байна. Гэхдээ жүжигчин гэх мэргэжлийг төгс эзэмшдэг гэж хэлж мэдэхгүй юм. Үхэн үхтлээ л сурч байх ёстой мэргэжил болов уу.

-Та театрынхаа залуу уран бүтээлчдийн хувьд ямар үнэлэлт, дүгнэлттэй явдаг вэ?

-Манай залуучуууд мэргэжлийн хувьд зохих түвшинд очсон гэж боддог. Гэхдээ бид залуучуудаа уран бүтээлийн хувьд биежиж, уран бүтээлч хүн болгохын тулд эхлээд театрын дэргэдэх студидээ бэлтгэдэг. Энэ анхан шатны студид жилд арав гаруй жүжигчинг авдаг юм. Харин нэгээс хоёр жилийн дараа жинхлүүлдэг ийм уламжлалтай. Тэгэхээр энэ уламжлалын дагуу олон залуу уран бүтээлч театрт минь ажиллаж байгаа. Харин тэд маань үр бүтээлтэй, сайн ажиллаж байгаа гэж би ам бардам хэлж чадна.

-Та мэдээж залуучууддаа заавар зөвлөгөө өгдөг байх…

-Тэгэлгүй яахав. Заавал хөгшин, залуу, алдар цолтой гэж ялгахгүй. Хэлмээр зүйл гарвал хэлдэг. Ер нь албан тушаал, алдар нэр гэдэг тайзанд огт хамааралгүй. Бүгд л ижилхэн байдаг. Тиймээс бид нэг нэгэндээ хэлж, түүнээс нь сурч байдаг юм.

-Та Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг хөтөлж байгаа. Нэвтрүүлэг хөтлөх саналыг хэрхэн хүлээж авав?

-Нэвтрүүлгийн хөтлөгч хийх саналыг их удаан хугацаанд тавьсан. Баатар найруулагч өөрийн биеэр ирсэн. Мөн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн хүсэлтээ тавьсан. Би энэ нэвтрүүлгийг хөтөлж байна гэж ам бардам хэлж чадахгүй л дээ. Миний туршиж үзэж байгаа нэг шинэ алхам. Ер нь бол жүжигчний мэргэжил гэдэг хүнийг болоод хүний амьдралыг судалдаг мэргэжил шүү дээ. Тэгэхээр энэ судалгааны минь ажилд сонирхолтой, нэмэртэй зүйл л гэж би бодож байна.

-Таныг хүмүүс сайхан эмэгтэйн үлгэр жишээ гэлцдэг. Ер нь сайхан эмэгтэй байхын нууц юунд байдаг бол?

-Тэгж боддог бүх хүнд баярлаж байна. Тэр хүмүүсийн итгэл найдвар, хүндэтгэлд би урамшиж явдаг. Гэхдээ сэтгэлд нь нийцдэггүй, таалагддаггүй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хүчээр би өөрийнхөө болох, болохгүй зүйлээ олж хардаг. Ер нь хүнд тохиолддог бүхий л эерэг, сөрөг зүйлс надад байгаа. Жаргалгүй зовлон гэж байдаггүй, зовлонгүй жаргал гэж байдаггүйн үлгэрээр амьдрал эрээн бараантай л байдаг. Үүнийг бусдын л адил туулж байна. Бид амьдралаас сайнаас нь ч муугаас нь ч сурах юм бий. Тиймээ ч би амьдралд суралцсаар л яваа хүний нэг.

О.АРИУНЦЭЦЭГ