Categories
мэдээ улс-төр

Элчин сайд М.Энхсайхан итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж Монгол Улс Шведийн Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Уул уурхай, сэргээдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф онцлон тэмдэглэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын Гаалийн ерөнхий газрууд хар тамхины чиглэлээр хамтарч ажиллана

Монгол Улсын ГЕГ-ын дарга Б. Асралт БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоутай хоёр талт ажлын уулзалт хийлээ.

Тус уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хилийн боомтын үйл ажиллагаа, дэд бүтэц, менежментэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцлоо. Үүнд:

  • Хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэлтэд хяналт тавих, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр нягт хамтын ажиллагаатай ажиллахын зэрэгцээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарал хандуулахаар болов.
  • “Манифестийг цахимжуулах төсөл”-ийн хүрээнд манифестийг цахим хэлбэрээр солилцох туршилтын ажлыг эхлүүлэхээр тохиролцов.

Монгол, Хятадын хилийн боомтуудын хөгжил, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцон, нэгдсэн ойлголтод хүрч, протоколд гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

Барилгын материалд шалгалт хийжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын материалуудад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр ил задгайгаар худалдаалагдаж буй“МЕН ГАО” нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй гарсан байна. Уг цементэд барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй байв. Мөн стандартаар 50 кг байхаас 47,48 кг жинтэй савлагдсан нь илэрчээ.

БНХАУ-аас импортоор оруулж ирсэн “Мен гао” үйлдвэрийн цемент Монгол улсад 2016 оны зургаадугаар сараас хойш орж ирээгүй байна. Уг цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байжээ.

Цементээс дээж авч барилгын сорилын дүнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж үзэхэд барьцалдах шинж чанарын хувьд чанарын шаардлага хангахгүй гарсан байна. Орц найрлагад ямар бүтээгдэхүүн хольсон тухай шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаааж.

Иймд ард иргэд барилгын материал худалдан авахдаа хуурамч бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлж, хаяг шошго, дагалдах баримт бичгийг сайтар үзэж авахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

1000 ажил олгогчийн зөвлөгөөн болж байна

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран зохиож буй 1000 ажил олгогчдын зөвлөгөөн Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байна.

Энэхүү арга хэмжээг шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулах, олон нийтэд сурталчилах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэх, хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Зөвлөгөөнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 1000 ажил олгогч оролцож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарыг сайжруулах чиглэлээр саналаа өгөөрэй

ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, шинэлэг, оновчтой санал, санаачилгыг дэмжих, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс санал авч байна.

Иргэд дараах чиглэлээр саналаа өгөх боломжтой аж.

  • Эмчилгээ, үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулах – (51) 261847, 261742
  • Эмч, ажилчдын харьцаа хандлагыг сайжруулах – (51) 266178, 263846
  • Урьдчилан сэргийлэх буюу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах – (51) 263925, 261129
  • Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох – (51) 263957
  • Бусад – (51) 261858, 263695

Саналаа ЭМЯ-нд бичгээр, ЭМЯ-ны www.mohs.mn сайт руу орж, ЭМЯ-ны холбогдох газруудын утсаар, ЭМЯ-ны moh@moh.gov.mn и-мэйл хаяг руу тус тус саналаа явуулах юм байна.

Мөн саналаа өгөхдөө “Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулгад гэж гарчиглан нэр болон холбогдох утасны дугаараа тодорхой бичиж явуулах ёстой гэнэ. Ийнхүү хамгийн оновчтой саналыг ирүүлсэн гурван хүнд сувилалд хэвтэн эмчлүүлэх эрх олгох ажээ.

Иргэдийн саналыг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 20 хүртэл авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хилийн цэргийн генералуудад хүндэтгэл үзүүллээ

ФОТО: Хилийн цэргийн салбараас төрсөн генералуудад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан Хилийн цэргийн салбараас төрсөн үе үеийн генералуудыг ХЗДХЯ-нд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан генералуудад хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бол та бүхний баярын өдөр. Өдгөөгөөс 73 жилийн өмнө генерал цол үүссэн түүхтэй. Манай хил хамгаалах салбараас 17 генерал төрсөн. Та бүхэн монгол төрийн түшиг тулгуур юм шүү. Тиймээс бид генералуудаа хүндэлж, дээдэлж, тэднийхээ үгийг сонсч хариуцсан ажилдаа тусгаж хэрэгжүүлж байх учиртай ” гэсэн юм.

Хүрэлцэн ирсэн генералуудын төлөөллөөс Хилийн тухай хуулийг баталсанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлжээ. ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хилийн цэргийн салбараас төрсөн генералуудад бэлэг гардуулж, дурсгалын зураг авахуулсан байна.
ФОТО: Хилийн цэргийн салбараас төрсөн генералуудад хүндэтгэл үзүүллээ
ФОТО: Хилийн цэргийн салбараас төрсөн генералуудад хүндэтгэл үзүүллээ

ФОТО: Хилийн цэргийн салбараас төрсөн генералуудад хүндэтгэл үзүүллээ

ФОТО: Хилийн цэргийн салбараас төрсөн генералуудад хүндэтгэл үзүүллээ

Categories
мэдээ нийгэм

Сайншандад нарны цахилгааны станцын шав тавилаа

Дорноговь аймгийн Сайншанд хотод нарны цахилгаан станцын шав тавилаа. Монголын хамгийн том буюу 30мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг Дезерт Солар Пауэр Вуан ХХК Герман улсын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх аж.

Тус нарны цахилгаан станцыг Сайншанд сумын III багийн нутаг дэвсгэрт 714000м.кв талбайд барих бөгөөд бүтээн байгуулалтын хүрээнд түр болон байнгын 150 гаруй ажлын байр шинээр бий болох аж. Энэхүү нарны цахилгаан станц нь жил бүр 52.276 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчинд нийлүүлэх юм байна. Нарны цахилгаан станцыг барих ажил тавдугаар сараасэхлэх бөгөөд энэ ондоо багтаан барьж дуусгахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдана

Холбоотой Зураг

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудал энэ сарын 28-ны өдөр ОУВС-гийн захирлуудын хурлаар орно” хэмээн мэдэгдсэн билээ. Өнөөдөр болох хурлаар Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-төө багтаах эсэхээ шийдэх юм.

Хэрвээ хөтөлбөрт орохоор болбол эхний ээлжинд Япон улсаас 850 сая ам.долларын зээл манайд олгогдох юм. Гэхдээ Монгол улс энэ хөтөлбөрт орох эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь ОУВС-д Зарим хөрөнгө оруулагчдаас гомдол гаргажээ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийгдэж улмаар Төсвийн тодотголын хуулийг дагаж баталсан УИХ-ын тогтоол батлагдсан. Тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, хөрөнгө оруулагчдад халтай заалт орсон гэж хөрөнгө оруулагчид үзсэн байна. Тиймээс цуцлагдах магадлал өндөр байгаа аж.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд дөрөвдүгээр сарын 30-ны 14 цагаас Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.

Дашрамд дурдахад, 2014 оны долдугаар сард Хөвсгөл аймагт болсон Хотгойдын чуулганы даншиг наадамд улсын хурц арслан Ц.Бадамсэрээжидийг урьж оролцуулан тус аймгийн удирдлага, Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээ 2015 онд болох насных нь ойг угтаж суудлын япон машин, үнэт зүйлсээр урамшуулан шагнаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлт гаргалаа

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ.

2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс хуулийн дагуу хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 01-нээс хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж Онцгой албан татварын хэмжээг нэмэхээр болсон билээ.

Тэгвэл ийнхүү хуулийг батлагдсанаас хойш иргэд, автомашин импортлогчид хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг удаа дараа ирүүлээд байна. Уг нь олон улсын жишгээр Онгой албан татварыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах зорилгоор ногдуулдаг. Гэтэл шатахууны зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй, жирийн иргэдийн өдөр тутмын ахуйн хэрэглээ болсон гибрид буюу хос тэжээлт приус автомашин болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинаас онцгой албан татвар авч байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн халаасанд гар дүрсэн туйлын буруу шийдвэр болсон байна. Тиймээс дээрх хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-д яаралтай өргөн барьж батлуулахыг хүслээ.