Categories
мэдээ нийгэм

ИНЕГ-ын Тэргүүн дэд даргыг томиллоо

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын тушаалаар ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Алтанцомыг тус албан тушаалд жинхлэн томиллоо.

ЗТХ-ийн сайдын тушаалд, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг, төрийн албаны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлж ирүүлсэн Балдандоржийн Алтанцомыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилсугай” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Төсөлд зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ хэмээн тодорхойлсон бөгөөд баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулж, баривчлах шийтгэл эдлүүлэх журмыг хуулиар тогтоохоор тусгах саналыг Ажлын хэсгээс оруулжээ. Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй юм байна. Дээр заасны дагуу баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно хэмээн тусгажээ. Хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэрийг биелүүлэхийг хойшлуулж болох бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно хэмээн баривчлах шийтгэлтэй холбоотой саналыг томьёолсон байна. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Түүнчлэн Ажлын хэсгээс хуулийн төсөл дэх Албадан сургалт гэсэн зүйлийг өөрчлөн найруулах саналыг гаргажээ. Ажлын хэсгээс, Шүүх баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. Албадан сургалтыг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ. Албадан сургалт арван цагаас тавин цагийн хугацаатай байна. Апбадан сургалттай холбоотой харилцааг хуулиар зохицуулна хэмээн найруулах санал гаргасныг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи мөн дэмжсэн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танхайрах үйлдэлтэй холбоотой зүйлийг өөрчлөн найруулах санал гаргасныг олонхи дэмжсэн.

Ингээд төсөлд, Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн бол, түүнчлэн үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна хэмээн тусгахаар боллоо.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн бол хүнийг хоёр зуун нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг гишүүдийн олонхи дэмжлээ.

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар тусгасан санал гишүүдийн дэмжлэгийг авсан.

Хуулийн төслийг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банк “Алт-2”хөтөлбөрийн хүрээнд зээл олгож байна

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудал шийдэгдсэн байна. Зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкинд хандаж хүсэлтээ гаргах аж.

Монгол Улсын Хөгжлийн банк нь өөрийн шаардлагын дагуу зээлийн нөхцлийг бүрэн хангасан аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ байгуулах ба тухайн аж ахуйн нэгж нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлсэн нөхцөлд хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэнэ.

Categories
мэдээ нийгэм

18 шатахуун түгээх станцын цахилгааныг хязгаарлаж, торгожээ

Шатахуун зурган илэрцүүдНМХГ шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг станцуудад шалгалт хийжээ. Шалгалтын үеэр Юнигаз ХХК, Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК, НЕС ХХК, Евро ойл ХХК, Шунхлай трейдинг ХХК-ийн нийт 22 автомашин хийгээр цэнэглэх станц нь ШТС-ын талбай дээр байрлан үйл ажиллагаа явуулж байгаа нь аюултай байдлыг үүсгэж байгаа аж. Горгаз ХХК, Дашваанжил ХХК-иуд дангаараа буюу өөрийн эзэмшлийн талбай дээр автомашин хийгээр цэнэглэх станц суурилуулсан байжээ.

Шалгалтанд хамрагдсан 32.5 хувь нь улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй автомашин хийгээр цэнэглэх станц байршуулан шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн байна. Зөрчил гаргасан 13 газар байгаагаас Горгаз ХХК-ийн тав , Тэс петролиум ХХК-ийн дөрөв, Дашваанжил ХХК-ийн гурав, Синчи ойл ХХК-ийн нэг обьект байгаа аж.

Тиймээс цахилгаан хангамжийг хязгаарлаж, таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авчээ. Түүнчлэн Петростар ХХК-ийн нэг, Содмонгол групп ХХК-ийн хоёр, М ойл групп ХХК-ийн хоёр, нийт таван шатахуун түгээх станцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг цахилгааныг нь хязгаарлаж, торгуулийн арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо

Хурлыг тус компанийн толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Түмэнцогт даргалан явууллаа. Тус компанийн хувьцааг эзэмшиж буй хоёр сая гаруй иргэнийг төлөөлөн 64 иргэн хуралд оролцов.

Тус хурлын үеэр компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүний томилгоо хүмүүсийн анхаарлыг татаж, шүүмжлэл өрнүүлэв. Хурлын төлөөлөгч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд одоогийн хараат бус гишүүдийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүнээр П.Өлзийнаран, Э.Ганбаатар, Х.Болор-Эрдэнэ гэж гурван хүн одоо ажиллаж байгаа бөгөөд тэднийг компанийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаар томилжээ. Хараат бус гишүүд нь “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэний эрх, ашгийг хамгаалж байх ёстой. Гэвч иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар дээрх гишүүд санаачилгатай ажиллаж чадахгүй байгааг хуралд оролцсон олон хүн хэлж байлаа. Одоо хараат бус гишүүнээр ажиллаж байгаа Х.Болор-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү юм байна. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан аж.

Хараат бус гишүүдийг томилохдоо хурлын зарыг хангалттай түгээгээгүй, ердөө 30 минутын хугацаанд хуралд оролцох иргэдийг бүртгэсэн, хурлын танхим жижиг байна, хурлыг хаалттай явуулж байна гэх шүүмжлэлийг эдийн засагч Л.Наранбаатар хэлж байлаа. Мөн тэрээр хурлын танхимын 3G сүлжээг хаасанд бухимдан, компанийнхаа ажилчдаар энэ танхимыг дүүргэсэн байна гэж хардаж байгаагаа ний нуугүй илэрхийлэн юм.

Өнөөдрийн хуралд ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн гадаадад томилолттой яваа учир оролцсонгүй. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал ч ирээгүй юм.

ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮДМЙН НЭРС

Удирдлага:

  • ТУЗ-ийн дарга – У.Бямбасүрэн

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Дэд дарга

  • ТУЗ-ийн нарийн бичгийн дарга – Ш.Мөнхцэрэн

Гишүүд:

  • ТУЗ-н гишүүн – Х.Батжаргал

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга

  • ТУЗ-н гишүүн – С.Амгалан

Эрдэнэс монгол ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал

  • ТУЗ-н гишүүн – С.Батболд

Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

  • ТУЗ-н гишүүн – С.Наранцогт

Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга

  • ТУЗ-н гишүүн – Г.Нандинжаргал

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

  • Хараат бус гишүүн – П.Өлзийнаран
  • Хараат бус гишүүн – Э.Ганбаатар
  • Хараат бус гишүүн – Х.Болор-Эрдэнэ
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд генералуудад мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр (2017.04.28) Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ойг тохиолдуулан генералуудыг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн их танхимд хүлээн авч мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генералууд Та бүхэнд Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн тэмдэглэлт ойн өдрийг тохиолдуулан баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч, тухайн үед хууль хяналт, зэвсэгт хүчний байгууллагад ажиллаж байсан 11 албан хаагчид цэргийн дээд генерал цол олгосноор Монгол Улсад орчин цагийн цэргийн дээд генерал цол бий болсон түүхэн үйл явдал эхэлсэн байдаг. Энэ өдрийг Монголын генералуудын өдөр гэж тэр үеэс өнөөдрийг хүртэл тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Уламжлал ёсоороо өнөөдөр Монголын генералуудын өдрийг Та бид тэмдэглэж байна. Энэ өдөр генерал цолтой, энэ цолыг хүртсэн Батлан хамгаалах, Шүүхийн шийдвэр, Онцгой байдал, Тагнуул зэрэг байгууллагад ажиллаж байсан Та бүхэн энэ салбарын үйл ажиллагааг удирдаж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ амгалан тайван ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд оюун ухаанаа зориулсныг зориуд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Ингээд генералууд Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг дахин хүсэн ерөөж байна” хэмээлээ.

Ёслолын ажиллагааны үеэр “Монгол генерал” ТББ-ын тэргүүн, хошууч генерал С.Баасанхүү, хошууч генерал З.Болдбаатар нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод дурсгалын зүйлс гардуулан өгсөн юм.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн генералуудтай хамт дурсгалын зураг татуулав.

Ёслолын ажиллагаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган түр завсарлаад байна

УИХ өнөөдөр Зөрчлийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Гишүүд зарчмын зөрүүтэй 80 орчим саналаар санал хурааж байгаа юм. Энэ үеэр тэдний илэрхийлсэн буй байр суурийг хүргэж байна.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:


-УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр “Асуулт, хариулт байхгүй. Гишүүд зөвхөн үг хэлнэ” гэж тайлбарласан. Гэтэл өнөөдөр Ардын намын бүлэг гэнэт хуралдаж орж ирээд, өөр юм яриад эхэллээ. Бид энэ хуулийн санал хураалтад оролцохгүй.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү:


-Хүний биед хохирол учруулахгүй халдах гэж Зөрчлийн хуульд тусгасан байна. Хохирол учруулахгүй халдах гэж юу гэсэн үг вэ. Сая Х.Нямбаатар гишүүн намайг нэгдүгээр курсын оюутан болгочихлоо. Б.Дэлгэрсайхан гишүүн намайг танхайрсан гэлээ. Энэ байдал чинь надад халдсан гэсэн үг. Хоёрдугаарт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон бол торгох гээд оруулчихсан байна. Хүн зодох гэдгийг Эрүүгийн хуулиар шийдэх хэрэгтэй. Та нар коммунист дэглэмээр асуудлаа шийдвэл шийд. Өнөөдөр О.Баасанхүү гэдэг хүн та бүхэнд гай болоод байгаа юм биш. Та нар өөрөө өөрсдөдөө гай болоод байгаа.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:


-О.Баасанхүү чи, “Та нар” гэдэг үгээр далимдуулж, 65 хүн рүү нэг бүрчлэн дайрахаа боль. Түүнийхээ дараа өөрийнхөө асуудлыг яриарай. Ганц хүн их эрхлэхээр тэнэг болдог юм. Мэдэж ав. Чи дандаа хүн доромжилж байдаг хэн болчихсон юм. Чи бүр час улаан коммунист намын нэр хулгайлж авснаа мэдэж байна уу?

Өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 80 гаруй саналаар санал хураана. Үдээс өмнөх хуралдаанаар 17 саналаар санал хурааснаар чуулган түр завсарлалаа. Үдээс хойш Зөрчлийн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн сурагчид нийлж хулгай хийжээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Н-ын гэрийн вакум цонхыг түлхэн орж, мөнгөн аяга, хөөргийг хулгайлсан хэрэги гарчээ. Тус хэргийг ЕБС-ын сурагч А, оюутан С, М, тодорхой эрхэлсэн ажилгүй О, С нар согтуурсан үедээ үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна. Мөн тус дүүргийн 18 дугаар хороонд оршин суух М-ын гэрийн хаалганы цоожийг хөшиж, мөнгөн аяга, 32 инчийн зурагтыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б согтуурсан үедээ хулгайлсан хэргүүдийг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай илрүүлсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Тамир нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болж байна

Шүүх зурган илэрцүүдТээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн. Улмаар шүүхийн шийдвэрээр Н.Сүхбаатарт 6.5 жилийн хорих ял, Х.Тамир болон хамсаатан Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноосон юм.

Тэд давж заалдсан бөгөөд өнгөрсөн сарын 29-нд болсон давж заалдах шатны шүүх хуралдаанаар тэдэнд оноосон ялыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүх рүү буцаажээ. Тиймээс өнөөдөр өглөө 08:30 минутад тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарынхан иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

barilgaӨнөөдөр “Мишээл экспо” төвд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “BARILGA EXPO 2017” Олон улсын үзэсгэлэн яармаг нээгдлээ. Тус үзэсгэлэн нь “Орон сууц, ногоон барилга”-ын чиглэлээр 2017 оны 04-р сарын 28-30, “Барилгын материал, шинэ техник технологи”-ийн чиглэлээр 05-р сарын 05-07-ны өдрүүдэд тус тус болох аж.

Ес дэх жилдээ зохион байгуулагдаж, барилгын салбартаа брэнд болон танигдсан энэхүү үзэсгэлэн нь орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ногоон барилга, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид гээд 200 гаруй компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэгэн дээвэр дор төвлөрүүлж, иргэддээ хүргэдэг уламжлалтай.

Оролцогч компаниуд зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд хөнгөлөлт урамшуулал, хонжворт сугалаатай худалдаа явуулах бөгөөд иргэдэд зориулсан амины орон сууцаа өөрсдөө барих тухай, технологийн зөвлөгөө өгөх олон сургалт, семинар үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм байна.