Categories
мэдээ нийгэм

“HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” болно

Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар зүй ёсоор орж, жил ирэх тутам ажлын байр, хөрөнгө оруулалт нэмэгдэх боллоо. Тус салбарын хөгжлийг даган олон улсын техник технологи нэвтэрч, гадаад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл олшрох болсон байна. Үүнтэй уялдан Монголын зочид буудлуудын холбоо нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид, хүнс, ахуй хэрэглээний ханган нийлүүлэгч байгууллагуудын дунд “HORECA ULAANBAATAR ЕХРО” үзэсгэлэнг жил зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид хоорондоо хамтран ажиллах, мэдээлэл солилцох, шинэ техник технологитой танилцах, туршлага судлах боломжууд нээгддэг юм.

Жил бүр үзэсгэлэнд оролцогчдын тоо эрс нэмэгдэж байгаагаас харахад салбарын бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсныг илтгэж байна. Энэ удаагийн “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” үзэсгэлэн 9 дахь жилээ зохион байгуулагдах бөгөөд 04-р сарын 14-15-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. Мөн ХХҮҮХҮЯ, БОАЖЯ, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, НМХГ зэрэг байгууллага үзэсгэлэнг дэмжин ажиллаж байгаа нь зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид нэгдсэн нэг бодлого чиглэлтэй ажиллаж байгааг харуулж байгаа юм. “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” үзэсгэлэнгийн үеэр шилдэг оролцогчдыг “Шилдэг стэнд”, “Өвөрмөц оролцогч”, “Ивээн тэтгэгч” гэсэн номинациар шалгаруулна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Муу нүүрт

Социализм Монголд ид оргилдоо хүрэн мандаж байх үед жилд таван уран сайхны кино бүтээдэг байжээ. Сайн муугаас нь үл хамаараад бид бүгдийг нь үзнэ. Ямар одоогийнх шиг кинон далайд живчихсэн байсан биш. Жилдээ 50 орчим нэр төрлийн ном хэвлэгдэж гардгийн 10 орчим нь уран зохиол. Бас л хүн толгойтой болгон бүгдийг нь уншина. Боловсролын дэд сайд Ё.Отгонбаярын тоолсноор өдгөө жилдээ 15 мянга орчим нэр төрлийн ном хэвлэгддэг юм байна. Кино бол зарим жилд 50 орчим монгол уран сайхны кино. Өнөөдөр монголчууд урьдахтай харьцуулахад улам олон ном уншдаг, хавьгүй олон кино үздэг болсон. Харин гарсан болгоныг нь уншиж, үзэж хүчрэхгүй. Гар утас, компьютер, интернэт гээд чөлөөт байтугай чөлөөгүй цагаа өнгөрүүлэх юмс зайгүй чихсэн өнөө үед тийм олон ном уншиж, тийм олон кино үзэхэд хүний нас хүрэхгүй. Сонголт арвинтай болсон учир хүмүүс шилж голдог болжээ.

Э.Оргил гэх үл таних хүний найруулсан кино үзэв ээ. Таалагдав. Нэр нь “Муу нүүрт”. Жанр нь миний ойлгосноор нуар фильм. 1950-иад оны үед Америкт үүссэн кино урсгал. Гутрал, үл итгэлцэл, бачимдал, төөрөгдөл, битүүлэг байдал, тэчъяадам мөрдлөг, төсөөлөөгүй төгсгөл бол нуар киноны үндсэн технологи. Стэнли Кубрик, Альфрэд Хичкок, Орсан Вэльс гээд олон аваргууд ийм төрлөөр кино бүтээх дуртай байлаа.

“Муу нүүрт” бол энэ урсгалын гэмээр бүтээл. Түүнээс гадна нэг тасалгааны кино. Бүх үйл явдал ганц өрөөнд болоод өнгөрнө. Энэ бол кино бүтээлд тун төвөгтэй хэцүү ажиллагаа. Кино бүтээгчдээс маш их ур чадвар шаардана. Ийм хэлбэрийн Сиднэй Лүмэтийн “12 ууртай хүн”, Эльдар Рязановын “Гарааш” мэтийн лаг кино цөөнгүй. Энэ хоёр жанрыг нийлүүлэхэд Английн “хар” гэгдэх пэсимист урсгалд дөхөөд ирнэ. Энэ бүхний гол гогцоо зохиолоос хамааралтай. Зохиолыг Д.Ундраа гэх бас нэг сонсогдоогүй хүн бичсэнийг олж мэдэв. Зочид буудал барихад гурван гол шаардлага тавьдаг: нэгдүгээрт байрлал, хоёрдугаарт байрлал, гуравдугаарт байрлал гэж Хилтон хэлсэн гэх. Кино бүтээхэд гурван гол шаардлага тавьдаг: нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол гэж араас нь гарсан үг ч өнөөдөр цээжлэгдсэн афоризм. Муу нүүртийн зохиол, сюжэт, дизайн, композииц их дажгүй. Мэдээж цоо шинэ юм биш. Аль нэг зохиол болон жүжиг, киноноос санаа авсан ч байж болно. Үүнд ер муу юм байхгүй. Утга зохиол судлаачид бүх түүхэнд зохиогдсон утга зохиолыг 36 сэдэвт хуваадаг. Бүхий л уран зохиол эдгээр 36 сэдвийн салбар. Цоо шинэ 37 дахь сэдвийг хэн нэг нь олж туурвих юм бол өнөөгийн Шекспир. “Шинэ юм гэдэг бол сайтар засварласан хуучин юм” гэсэн афоризм болхидуу боловч үнэн ажгуу. Нэгэнт 36 хананы дунд тал бүрээсээ бүслэгдсэн хоригдол болсон болохоор эндээс гарах гарц олдохгүй. Харин кино бол сэдвийн хувьд хальж чадахгүй ч арга техник, өгүүлэх барил, нэмж дэлгэрүүлэх панаал зэргээр хязгааргүй өргөн бололцоо олгож байгаа юм.

Киноны уран бүтээлчид ч, шүүмж бичиж буй би ч ердөө “манай сумандаа л Маркс” болохоор энэ өгүүлэл дэлхийн цар хүрээтэй зэрэгцүүлсэн, голсон болон магтсан юм ер байхгүй шүү. “Манай сумын жишиг”-ээр авч үзвэл жишээ нь зураг авалт “гайхалтай”. Гэрэлтүүлгийн тохиргоо, өнцөг, зураг авалтын план, ойртолт, холдолт зэрэг нь манайдаа л Маркс. Кастинг сонголт дээр тэр бүр оновчтой болоогүй ч гол дүр бүтээгчид бас Маркс. Ялангуяа Р.Батогтох, О.Долгор. Нэг үгэндээ монголчууд кино хийж сурч байна л гэх гэсэн юм даа.

Шинэ санаа, шинэ урсгал чиглэл олно гэдэг өнөө үед өвсөн дундаас зүү хайхаас олон мянга дахин бэрх. Тэр дундаа бид киноны орон биш. Хүн цөөнтэй үндэстэн. Монгол хэлээр ярьдаг хүнээ тоолохоор ядруу. Технологи, туршлага, уламжлал зэргээ тооцвол даржин. Магадлалаар төчнөөн хүн тутамд нэг лаг кино зохиолч төрдөг гээд бодохоор бидэнд хэд ноогдох бол? Кино бол маш үнэтэй “тоглоом”. Иймээс түүнд их мөнгө зарцуулсан бол ядахнаа хагасыг нь эргүүлж олж авахгүй бол шатах байтугай түлэгдэж үхнэ. Гэтэл манай зах зээл өчүүхэн. Тэгээд гарсан болгоныг нь толгой дараалан хүлээж авдаг социализмын сайхан цаг өнгөрсөн болохоор юун гадаад зах зээл, дотроо аймаар өрсөлдөөнтэй болчихсон. Дотоод өрсөлдөөн давж гарахын тулд сайн зохиол хэрэгтэй.

Сайн зохиол “гадаадад” бий. Жишээ нь Шекспир бол “сайн зохиолч”. Гамлет нь гэхэд театрын тайзан дээр 400 жилийн туршид хэдэн арав, зуун мянган удаа тавигдаа биз ээ. Кино Гамлетад цоо шинэ бололцоо олгосон. 1900 онд буюу дөнгөж кино үүсч байхад Францад Гамлетыг анх дэлгэцийн бүтээл болгосон гээд бод доо. Лорэнс Оливэр, Григорий Козинцов гээд аваргууд ориг Гамлетаар оролдоно. Гэтэл зүгээр л Шекспирээс сэдвийг нь аваад орчин үеийн шал өөр гамлетууд бүтээх болжээ, кино урлаг. Финландын “Гамлет бизнес хийхээр мордов” ч гэх шиг, Италийн “Сэкс Гамлет” ч гэх шиг, Хятадын “Банкет” ч гэх шиг. Бараг хүн болгон үзсэн болов уу, “Симба” хүүхэлдэйн кино чинь Гамлет шүү дээ. Гэхдээ Гамлетыг матарлаад хаячихвал үзэгчид өмнөөс чинь ичиж орох газраа олохоо болино. Ерээд оны эхээр манайхан Сартрын өгүүллэгээр кино хийж байна гээд зохиолыг зохиолчтой нь, экзистэнциализм урсгалтай нь бөөнөөр нь дүүжлээд алчиж билээ. Гэхдээ яахав дээ, нэг л анхдагч оролдлого шүү дээ. Тэгээд ч тийм аугаа юмыг хэсэг монгол залуус алчихна гэж хаашаа харсан юм байхав, хэн ч анзаараагүй байх.

Ер нь дэлгэцийн Гамлет бараг зуу байгаа байх шүү. Энэ бүхэн гавлын яс барьчихаад “орших, эс орших” гэж бодолхийлдэг өнөө ориг Гамлет биш. “Орших, эс орших” ч буруу орчуулга. Яана гээд байгаан? Үхдэг юм бил үү, үхэхээ больдог юм бил үү гэж уймраад байгаа юм уу? Тэгвэл аль нэгээр нь шийдээд болчих мэт. Үхээд, эсвэл үхэхгүйгээр шийднэ гэвэл түүнд гарц байна гэсэн үг. Гэтэл Шекспирийн ориг Гамлет үхэж ч болдоггүй, үхэхгүй байж ч болдоггүй, өөрөөр хэлбэл гарцгүй болчоод буй нэгэн. Заавал үхэж хатахаар нь тайлахаа болъё л доо, төрсөн эхтэйгээ тэмцэж ч болдоггүй, хойд эцэгтэйгээ тэмцэхгүй байж ч болдоггүй? Ингэхээр дэлгэцийн монгол Гамлетад бол харин ч зөндөө гарц гараад ирж байгаа биз? Гамлет биш Ганболд байг л дээ.

Харин “орших, эс орших” гэж монголоор үглээд байгаа хэсэг чинь мон(г)олог биш шүү. Апарт гэхээр үзэгчид рүү, монолог гэхээр бусад дүр рүү ханддаг бол солилокви нь цэвэр дотоод шаналал. Тайзан дээр Офэлиа, Полони нар Гамлеттай зэрэгцээд зогсож байдаг болохоор монолог гээд ойлгочихдог нь Гамлетыг тэр чигээр нь дампууруулчиж байгаа нь тэр. “Орших оршихгүйгээ” шийдэж ч амжаагүй байхад нь найруулагч, жүжигчид урдуур нь ороод өмнөөс нь цаазаар аваад хаячиж байгаам даа.

Куросова бол урьдын сонгодог зохиолуудыг хачин гоё япончилдог нэгэн байсан. Тэрээр Акутагавагийн хоёр өгүүллийг нийлүүлж “Рашомон” хийснээр дэлхийд нэрд гарчээ. Достоевскийн “Солиот”, Горькийн “Шаарлагдсан хүмүүс”, Шекспирийн “Лир ван”, “Макбет”, Арсеновын “Дэрсү Узала”, Толстойн “Иван Ильичийн үхэл” гэх мэт олон сонгодог бүтээлийг дэлгэцнээ амилуулсан. Бүгдээрээ л япончууд. “Цустай титэм”, “Ран” хоёр нь Шекспирийн дэлгэцэнд буусан хамгийн аугаа бүтээл гэж шүүмжлэгчид үздэг юм билээ. Кино бол аугаа эд л дээ. Сонгодог болон алдартай, алдаргүй зохиолыг яаж л бол яаж хувиргаж байна. Мюзикл, хүүхэлдэй, элэглэл…

Олдас Хакслигийн “Гайхам шинэ ертөнц” зохиолоор Холливүүд “Зи шоргоолж” гэж ёстой гайхам гоё хүүхэлдэйн кино хийсэн. Гэхдээ Хакслид байхгүй илүү гоё санааг киноны эцэст суулгаж өгсөн байгаа юм. Юу гэхээр мань Зи болбоос шоргоолж төрөлхтөн дотроо гайхмаар том баатарлаг үйлс байгуулж энэтэр. Холын хол аялаад л, нисээд л, авраад л, байлдаад л. Шүтэж үхмээр! Кино төгсөхөд Зи шоргоолжийн баатарласан бүхий л газрыг холдуулан харуулдаг. Хашаанд байгаа нэгэн айлын жорлонгийн орчим дахь нүдэнд ч олигтой торохгүй жижигхээн шороо. Дуран улам холдоход Нью- Йоркийн тэнгэр баганадсан байшингууд алсад харагдана. Биднийг шоглоод ч байгаа юм шиг. Энүүхэндээ хэрэлдээд л, байлдаад л, нэг нь ялаад л, дараа нь нөгөө нь дийлээд л, эх орноо авраад л, элэг буруутанг хөөж туугаад л, инээсэн дайсны өгч байгаа хорноос шууд эрс татгалзаад л, баатарлаг үйлс өрнүүлээд л… харин жорлонгийн хажуугийн бяцхан шороон овгор дээр түжигнэцгээн довоо нураачих шахаж буй биднийг анхаарч анзаарч байгаа хэн ч энэ хорвоод байхгүй.

Энд римэйк яриагүй л дээ. Шукшиний киногоор римэйк хийж туршсан явдал бий. Маскийнхан Чехов, Мольер энэтэрийг тайзан дээр танигдахын аргагүй болгон их хөөрхөн монголчилдог (Маск чинь бас муу нүүр биз дээ?). Бүр даварсан галзуу сэтгээд юуг ч Зи шоргоолж болгож болмоор санагдана. Ромео Жүлиэт хоёр бол аягүй гоё болно доо. Дурлал хаана ч байдаг шүү дээ. Гэхдээ үндэстэн, байгаль орчин, уламжлал зан заншлаасаа болоод өөр өөр өнгөтэй. Ядуу, шударга, жагсаалчин цуглаанчийн охин, балиар муухай офшоорчин олигархийн хүү хоёр дурлалцаг л дээ, яадгийн! Хоёр тал болж дайсагналцан гэрийнхээ унийг сугалж ирээд тулалдаг. Нэг нь гитар үүрээд, гар утсаа маажаад яваг, нөгөө нь шилбүүр барьчихсан гүүргий гүүргий гээд алхаг… Худлаа худлаа, тоглосон юм. Гэхдээ дураараа сэтгээд монгол амьсгаа үнэр оруулаад нэмж панаалдаад урлаг бүтээхэд болохгүй юм юу байхав дээ, тээ? Монголын үнэртэй салхи байж болоод байгаам чинь, Монголын үнэртэй дэлхийн сонгодог шилээвэр байж яагаад болохгүй гэж?

Заавал муу нүүртэй болгох албагүй, сайхан нүүртэй ч болгож болно шүү дээ. Алин ч бай, “энэ бол урлаг мөн” гэсэн яг таг барьц байхгүй ч мэдрэгдээд байдаг нэгэн өвөрмөц хэмжүүрт л тохирч байх ёстой. Тийм үү?… Аа-йн? Юу гэнээ?

2017 оны 4 сарын 1

Categories
мэдээ цаг-үе

Чинээлэг дундаж давхаргын эрлэг нь чихэлдсэн тав, арван компани байна

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №072 (5639) дугаарт

Монголд дундаж давхаргыг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгж байж манай улс ядуу нэрнээсээ салж, хөгжинө. Гэтэл Монголын эдийн засгийг цөөхөн том олигархиуд барьчихаад бусдад ямар ч боломж олгохгүй байгаа талаар “Өдрийн сонин” хөндөн бичиж эхэлсэн билээ. Олигархиуд Монголыг ядуурлаас гаргахыг хүсэхгүй байгаагийн хамгийн энгийн жишээ бол дундаж давхаргыг хувааж идсэн явдал. Тэд улс төрд их нөлөөтэй. Тиймээс зөвхөн өөрсдөдөө зориулан хууль гаргуулдаг. Өнгөн дээрээ ямар ч хэрэг зөрчилгүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэдэг боловч үнэндээ лоббины хууль баталж байна. Дундаж давхарга байхгүй болоход төр засгийн хүнд суртал, эдийн засгийн хямрал зэрэг нөлөөлдөг гэдэг. Эдгээр хүчин зүйлүүд нөлөөлөхийн хувьд нөлөөлсөн байх л даа. Гэхдээ том компаниуд гарч ирээд бизнесийн орчинг хамснаас дундаж давхарга байхгүй болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гуравхан сая хүн амтай жижигхэн оронд чихэлдсэн тав, арван компани дундаж давхаргыг дуусгасан. Манай нийгмийн амьдрал ийм л байна. Бүгд цатгалан, аз жаргалтай амьдарч байвал улсынхаа ирээдүйн төлөө өөдрөгөөр ярьцгаана. Гэтэл өнөө маргаашаа аргацаасан, цалингаас цалингийн хооронд, ажлын байран дээрээ дэнжигнэн тогтож байгаа өлсгөлөн хүмүүстэй улс орноо хөгжүүлэх тухай юу ч ярих билээ. Энэ дэлхийд хүн ганцаараа жаргана гэж байдаггүй юм байна. Бүтэн 100 жилийн өмнө гарсан октябрын хувьсгал хөрөнгөтнүүдийг яалаа даа. Цөөхөн хэдхэн баячууд хэт тансаглаж байсан болохоор хөрөнгийг нь хураасан. Монголд яг энэ дүр зураг одоо харагдаж байна. Ердөө 200-гаадхан айл Монголын эдийн засгийг бүхэлд нь залгичихлаа. Тэд бусдыг юу ч хийлгэхгүй болгож бүх салбарыг эзэлжээ. Бид тэдний хувийн эд хөрөнгийг хураах ёстой гээгүй. Гагцхүү “Жудагтай байгаач ээ, ард түмнээ жаргалтай амьдруулах тэр л боломжийг нь чөлөөлж өгөөч ээ. Зөвхөн чаддаг салбараа хөгжүүлж, дэлхийн хэмжээнд гаргаач ээ” гэж байгаа юм. Бүгдээрээ аз жаргалтай байвал хэний ч хөрөнгийг хураадаггүй. Ингэхийн тулд дундаж давхарга бий болгоё. Энэ жижиг зах зээлд томчууд нь хамаад авчихаар бусдад орон зай үлдэхгүй байна. Ховдог “мангас”-ууд аль ашигтай гэсэн салбар руу орж, жирийн бизнесээ аваад явж байсан компаниудыг унагасан жишээ олон.

Барилгын салбарыг хар л даа. Хөл дээрээ тогтоод босч байсан энэ салбарт олигархиуд ороод дампууруулчихсан. Том компаниуд улсаа тэжээж байна гэж өөрсдийгөө дөвийлгөдөг. Нэг том компани жижиг, дунд бизнесүүдээ тэжээдэг гэсэн дэлхийн онол манай улсад тохирохгүй. Яагаад гэвэл Монгол бол цөөхөн хүн амтай, хоёрхон хөрштэй орон. Солонгосын “Самсунг”, “Хюндэй” зэрэг том компаниуд улсаа тэжээж болоод байгаа юм шиг харагддаг. Харамсалтай нь Монголд ийм компаниуд алга. Дэлхийн брэнд гаргасан том компани ч манайд байхгүй. Учир нь монголчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хоёр том хөрш маань тоож шиншлэхгүй. Дэлхийд эдийн засгийнхаа үзүүлэлтээр тэргүүлж байгаа том гүрнүүд биднээс юм худалдаж авна гэвэл өөрсдийгөө доромжилсон болох биз. Тэгэхээр Монголын цөөхөн олигархи компаниуд дотоод зах зээлээ мөлжиж, шинэ бизнес эрхлэгчдээ дарамталж байна. Ийм нөхцөлд бизнесийн талбар дахь зах зээлийн шударга хуваарилалтыг хиймээр байгаа юм. Дэлхийд үүнийг монополийн хуулиар зохицуулдаг байна. Манайд ч ялгаагүй энэ хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэвч Монголын эдийн засагт цөөхөн хэдэн компани даам гарсан байгаагаас харахад энэ хууль хэрэгжихгүй байна. Энэ бол мөнгөтэй, эрх мэдэлтэй олигархиуд хуулийн дээр сууж байгаагийн тод илрэл юм.

УИХ-ын дарга сая Бангладеш улсад Олон улсын парламентын холбооны хуралд оролцож үг хэлэхдээ 2030 онд гэхэд монголчуудын 80 хувь нь дундаж, чинээлэг давхаргад хамрагдана гэжээ. Түүний хэлсэн энэ мэдэгдэл бидний бичиж байгаа сэдэвтэй агаар нэг бөгөөд цагаа олсон явдал боллоо. Эрдэмтэн, судлаачдын хэлж байгаагаар дундаж давхаргыг үүсгэхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой гэдэг. Энэ нь нэг том компани үй, түмэн хүнийг ажлын байраар хангана гэсэн ойлголт биш. Ажлын байрыг бий болгогчийг дэмжихийг хэлж байгаа юм. Ингэхийн тулд бизнесийн орон зайг суллаж өгөх хэрэгтэй. Солонгосын “Самсунг” корпораци гэхэд салбартаа тэргүүлэгч нь. Тэдний ханган нийлүүлэгчээр 3000 аж ахуйн нэгж ажилладаг байна. Энэ дунд түүний охин компани нэг ч байхгүй. Үүнийг нь тухайн улсын хуулиар зохицуулсан байх жишээтэй. Гэтэл манайд толгой цохидог том компаниуд яадаг билээ дээ.

Бүх салбарт түрэмгийлэн орж, бизнесээ өргөжүүлж байгаа “Номин Холдинг”, “АПУ” группийг өмнө онцолсон. Энэ удаад “Женко” болон “Наран” группийн ноёрхлыг сонирхуулъя. Энэ хоёрт хоёуланд адилхан байдаг бизнес бий. Тэр бол хэвлэл мэдээллийн салбар. Ер нь хүмүүс мөнгөтэй болонгуутаа хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөгөө тогтоох гэж зүтгэдэг. Ингэхийн тулд өнөөдөр Монголын нийгэмд нэр хүндтэй, байр сууриа хэдийнэ бататгасан хүчтэй сонин, телевизийг онилдог. Харамсалтай нь салбараа хөгжүүлэх гэж зүтгэж яваа мэргэжлийн байгууллагууд тэдний гарт амархан ордоггүй. Тийм болохоор мөнгөтэй эрх мэдэлтэй эрхмүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулдаг жишиг тогтоод удаж байна. Тэд эндээс бусад салбараас хүүлдэг шигээ ашиг олно гэж юу байхав. Гагцхүү өөрийгөө хамгаалах бамбайгаа болгон ингэж бэлтгэдэг.

Монголын нийгэмд нарийн тооцоотойгоороо алдартай С.Болдхэтийн “Наран” групп

С.Болдхэт эзэнтэй “Наран групп” нь бизнесийн салбарт нийтийн хоол, худалдааны төв, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг. Түүний “Наран Трейд” компани гадаад худалдааны салбарт тэргүүлэгч Монголын топ таван компанийн нэг. Тэгвэл “Наран их дэлгүүр”, “Наран фүүдс”, “Наран Косметикс” зэрэг компаниуд худалдааны салбарт манлайлж яваа. Эдгээр компаниуд нь тус тусынхаа чиглэлээр хүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнүүдийг импортолдог юм. “Наран Косметикс” нь өргөн хэрэглээний гоо сайхны бүтээгдэхүүн, шил шаазан эдлэл, хүүхдийн тоглоомыг оруулж ирдэг байна. “Наран фүүдс” нь хүнсний бүтээгдэхүүн импортолдог гэнэ. “Наран март” компани Францын “Ив Роше” компанийн албан ёсны дистрибьютер “Наран Бьюти Уорлд” компани нь дэлхийн алдартай гоо сайхны брэндүүдийг оруулж ирдэг байна. Тус компани нь гоо сайхны салоны үйлчилгээг үзүүлж, мэргэшсэн гоо засалчдыг бэлтгэдэг гэнэ. “Наран Эло” компани болохоор гэр ахуйн хэрэглээний цахилгаан барааг импортлогч ажээ. Мөн автомашины засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Наран Моторс” компани нь Германы BMW брэндийн машины борлуулах албан ёсны эрхтэй. С.Болдхэтийн нийтийн хоолны салбар дахь “Интер Кюзин” компани нь “Тай Экспресс”, “НьюЙорк НьюЙорк” ресторануудыг Монголд анх удаа оруулж ирсэн. Мөн “Туул” рестораны өнгө төрхийг өөрчлөн ажиллуулж байгаа юм билээ. Дээрхээс гадна “Сити Рийл Эстэйт” ХХК-д С.Болдхэт хувьцаатай. Тус компани нь орон сууц, барилгын арилжаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ эрхэм “Супервижн” кабелийн телевиз, “SBN телевизтэй. Бүх л салбарт хүчтэй нөлөөгөө тогтоосон Монголын том компаниудын нэг яах аргагүй мөн. Группийн эзэн С.Болдхэт нарийн тооцоотой гэдгээрээ Монголын нийгэмд алдартай. Тэрбээр татвар нэмэх асуудлаар нэлээд ширүүхэн байр сууриа илэрхийлж байсан нэгэн. Тэрбээр өнгөрсөн намар Төрийн ордонд болсон чуулга уулзалт дээр үг хэлэх боломжийг ашиглахдаа ганц ч хүн цалинжуулж үзээгүй УИХ-ын гишүүд татвар нэмэх гэлээ гэж ирээд л уурлаж байв. Улмаар бизнес эрхлэгчдийг төр дэмжье гэвэл НӨАТ-ыг арав биш тав болго хэмээн бухимдаж байлаа. С.Болдхэт тооцоотой гэж яригддагаараа алдартай болохоор татварын асуудал цочир санагдсан байх. Тухайн үед Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн төрлийн татварыг нэмэх асуудал орж ирсэн байв. Аж ахуйн нэгжийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай, Онцгой албан татваруудыг нэмэх тухай тусгасан байсан юм. Гэвч энэ төсөл цааш яваагүй. Харин ОУВС-гийн хөтөлбөрийг авах хүрээнд эдгээр татвар нэмэх асуудлууд дахин орж ирж байгаа юм.

Ер нь том компаниуд их татвар өгөхөд яагаад болохгүй гэж. Том ч бай, жижиг ч бай компаниуд бүгд л ижил арван хувийн татвар төлдөг. Тиймээс энэ асуудалд бизнес эрхлэгчид нэлээд маргаантай байдаг. Дэлхийн олон онол жижиг зах зээлтэй манай оронд тохирохгүй. Их мөнгөний арван хувьтай татвар, цөөхөн мөнгөний арван хувийн татварын дэргэд хамаагүй их мөнгө төлдөг гэж хөрөнгөтнүүд маргалддаг. Өнгөц харахад “Наран” л тийм харагдаж байна. Гэхдээ хэдэн зуун тэрбумын орлогоос арай ахиу татвар төлбөл энэ ядуу улсад хэрэгтэй. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ээлж хоёр болж, хүүхдээ цэцэрлэгт өгөх сугалаанд хожсон залуу аав, ээж диваажинд очих баталгаатай сугалаа хожсон мэт хөөр хөл болохоо болихсон. Ингэж татвар алаг, цоог болох нь татвар нуултыг ихэсгэж олон жижиг компани бий болох аюултай тухай бид чихээ дөжиртөл сонсдог. Энэ жижигхэн оронд, цөөхөн хүнд хүсвэл хэн хаашаа хараад унтаж байгааг ч төр нь мэдэх боломжтой. Төр тэрийгээ л хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл татварын хяналтыг сайжруулах ёстой гэсэн үг.

“Женко” группээр овоглоСон Х.Баттулгын “охид”

Монголын толгой баячуудын нэг Х.Баттулгыг бүгд танина. УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга 1990 онд бизнесийн салбарт хөл тавихаар шийдэж “Женко” ХХК байгуулсан түүхтэй. Одоо тэрбээр арав гаруй охин компанитай, нэг телевиз, хоёр сонинтой. Түүний мэдэлд хүнсний салбарт тэргүүлэгч “Талх чихэр”, мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэгч “Мах импкес”, гурилын “Милл хаус” үйлдвэрүүд байдгийг бүгд мэддэг болсон. Х.Баттулга аялал жуулчлалын салбарт “Женко тур бюро”, “Нүүдэл трейд” компанитай. Мөн энэ салбарт “XIII зуун”, “Их Майдар”, “Чингис хаан хөшөө”, “Гольф”, “Түмэн хишигтэн” гэсэн амралт зугаалга, аялал жуулчлалын цогцолбор газар байгуулсан. “Түмэн хишигтэн” компанийн хувьд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үнэт цаасны салбарт “Женко тур брю” компани бий. Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр өргөжсөн “Эмээлт” зах, “МИК эмээлт” компани 100 хувь Х.Баттулгын мэдлийнх. Хотын баруун хэсэгт орших “Эмээлт зах”ын хувьд малын гаралтай гол түүхий эдийн наймаа өрнөдөг. “МИК эмээлт” компани нь махны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг байна. Боловсролын салбарт хамгийн өндөр төлбөртэй сургуулиудын нэг “Hartford Institute” мөн л Х.Баттулгынх. Энэ сургууль нь Сингапурын үнэт цаасны зах зээл дээр бүртгэлтэй, бизнес менежмэнтийн чиглэлээр боловсрол олгодог тэргүүлэгч байгууллага юм билээ. Түүний хөрөнгө үүгээр дуусчихгүй “ХИД” компани, “Баянгол” зочид буудал багтдаг. Мөн “Женко холдинг” компанид 25, “Хаус дизайн”-д 51, “Өүпэнспейс”-д 80 хувийн хувьцаа эзэмшдэг байна. Ганзагын наймаанаас бизнесээ хөгжүүлсэн Х.Баттулга дээрх компаниудад эзэн суухаас гадна хэвлэлд нөлөөтэй. Тэрбээр “С1” телевиз, “Монголын мэдээ”, “Ардчилал” сонинтой.

Ингээд харахаар эдгээр компанид ер нь үлдээсэн салбар гэж байна уу. Та бодоод үз дээ. Эдэнтэй өрсөлдөх гэвэл хэн ч бай шууд шахуулаад дампуурна. Ийм том мөнгөтэй дээрээс нь тэдний их улс төрийн нөлөөг нь хэн ч тэсвэрлэж чадахгүй.

Үргэлжлэл бий


Categories
мэдээ цаг-үе

Б.Отгонтуяа: Би “Эмоци” продакшинд ороогүй. “Шинэ үе”-эс ч яг гарчихаагүй, чөлөөт уран бүтээлч

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам болж өнгөрлөө. Ингээд тус наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарч, алтан цолмын эзэн болсон “Шинэ үе” продакшны жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Отгонтуяатай ярилцлаа.


-Хошин урлагийн “Азтай бадарчин” их наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарсанд тань баяр хүргэе. Энэхүү наадамд хэд дэх удаагаа оролцож байна вэ?

-Баярлалаа. “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарсандаа баяртай байна. “Азтай бадарчин” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр (Батаа), “Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнэ, “Шилдэг хамтлаг”-аар “Маск” продакшны уран бүтээлчид маань тус тус шалгарсан. Ийнхүү “Азтай бадарчин” наадам маань 13 жилийн дараа дахин боллоо. Жүжигчдийн чадвар, чансааг сорьсон өрсөлдөөнтэй наадам болж өндөрлөлөө гэж бодож байна. Намайг яг хошин урлагийн жүжигчин болж байх үед тус наадам зохиогдохоо больчихсон юм. Тиймээс би анх удаагаа оролцож байгаа минь энэ л дээ. Энэ удаагийн их наадам үзэгчдээс санал асуулга авснаараа онцлог байлаа. Мөн хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран үзүүлбэрүүдээ толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа тус бүр таван эрэгтэй, эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгсөн. Тодруулбал, хоёр, хоёроороо хамтран тухайн үед сугалсан сэдвийн дагуу таван минутын дотор богино хэмжээний үзүүлбэр үзүүлсэн юм. Мөн жүжигчин ах нараасаа нэгийг нь сонгох боломжтой байсан. Миний хувьд “Эмоци” продакшны жүжигчин Тэмүүжин, “Маск” продакшны жүжигчин Баярмагнай ахтайгаа хамтарсан. Энэ даалгавар хэн нь хэн бэ гэдгийг таниулж, жүжигчдийн чадвар, чансааг утгаар нь харууллаа гэж би бодож байна. Хамтран тоглосон найз Тэмкадаа болон, Магнай ахдаа маш их баярлалаа. Мөн Магнай ахтайгаа тайзнаа анх удаа хамт гарсан сайхан тохиол болсон.

-Тус наадамд өнөө үеийн хошин урлагийн төлөөлөл болсон бүхий л мундаг жүжигчид өрсөлдсөн. Таны хувьд өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Үе тэнгийн найзууд болох Гэрэлээ, Жавхаа маань болон мөн дүү нар өрсөлдлөө. Тэд маань бүгд л маш мундаг уран бүтээлчид. Миний хувьд түрүүлчих байх гэсэн бардамнал бол байгаагүй. Яах бол гэсэн айдас, догдлолтой л байлаа. Тайзнаа гараад хийх ёстой зүйлүүдээ гүйцэтгээд, үзээд алдъя л гэж бодсон. Мэдээж тэмцээн уралдаан учир нэг нь түрүүлдэг жамтай шүү дээ. Ямартай ч “Азтай бадарчин” бол хошин урлагийн салбарын жүжигчдийн хувьд том наадам, шагнал байдаг. Тиймээс энэ том наадамд шалгарсан болохоор баярлахын сацуу үүрэг, хариуцлага минь улам нэмэгдэж байгааг ойлгож байна.

-Жүжигчин болсон тухайгаа яриач. Хүүхэд ахуй насандаа мэдээж авьяаслаг охин байсан болов уу?

-Миний багын мөрөөдөл жүжигчин болох байсан. Харин гэр бүлд минь урлагийн хүн байхгүй. Миний аав жолооч, ээж минь тогооч мэргэжилтэй. Энгийн л ажилчин хүмүүс. Яахав, аав минь сайхан дуулж, хөгжимдчихдөг.

Ямартай ч миний хувьд багын мөрөөдөлдөө тууштай явсаар л өнөөдөр жүжигчин гэх эрхэм мэргэжлийг эзэмшсэн байна. Багын л их дүрсгүй, хөдөлгөөнтэй, дуу хөгжимд дуртай хүүхэд байсан л даа. Эмээдээ л дуулж, бүжиглэж, жүжиглэж үзүүлдэг байж билээ. Дээр үеийн 270-ын цагаан ор гэдэг байсан даа, тэр орныхоо урдуур хөшиг татаад түүнийгээ том тайз мэт төсөөлж, янз бүрийн жүжиг тоглодог байсан. Миний хамгийн анхны үзэгч бол эмээ минь. Ингээд л сүүлдээ Архангай аймгийнхаа Хөгжимт драмын театрын тоглолт, уралдаан тэмцээн гээд бүхий л арга хэмжээнд оролцдог болсон. Би 1998 онд арван жилээ төгсчихөөд 2002 он хүртэл театртаа ажилласан юм. Учир нь арван жилээ төгсөхөд минь СУИС-ийн жүжигчний ангийн хуваарь ирээгүй юм л даа. Цаг хугацаа их хурдан. Нэг л мэдэхээд дөрвөн жил болчихсон шүү. Ингээд л 2002 онд их сургуульдаа элсэн орж, Найдангийн Ганхуяг багшийн удирдлага дор суралцаж эхэлсэн.

-“Шинэ үе” продакшнд орсон тухайгаа яриач?

-Би 2003 онд буюу хоёрдугаар курст байхдаа “Шинэ үе” продакшнд орж байсан юм. Ангидаа сууж байтал Бооёо ах намайг дууддаг юм байна. Гараад очтол “Чи манай хамтлагт тоглох уу” гэсэн. Миний хувьд гайхах, баярлах зэрэгцэж шууд л зөвшөөрсөн. Тэр бол миний амьдралд тохиолдсон сайхан мөчүүдийн нэг яах аргагүй мөн. Одоогоос 14 жилийн өмнө юм байна шүү дээ.

-Та “Шинэ үе” продакшнаасаа яагаад гарсан юм бэ. Одоо “Эмоци”-д харьяалагдаж байгаа юу?

-Би “Эмоци” продакшнд ороогүй. Хүмүүс орчихсон л гэж эндүүрээд байх шиг байна. Зүгээр л хамтарч уран бүтээл хийсэн юм. Мөн “Шинэ үе” продакшнаас ч яг гарсан юм байхгүй л дээ. Яахав, одоогоор бол чөлөөт уран бүтээлч гэж хэлж болно.

-Таны хувьд урлагийн хүн байхын хамгийн сайхан нь юу вэ?

-Оноогдсон дүрээ тайзнаа гараад амилуулж байх тэр үе бол жүжигчин хүний хамгийн сайхан мөч байдаг. Гэхдээ мэдээж хамгийн сайнаар үзэгчдэдээ хүргэх хариуцлагатай үүрэг хамт дагаж явдаг. Ямартай ч энэ мэргэжлийг эзэмшсэндээ өөрийгөө азтайд тооцож явдаг шүү. Сайхаан сайхан. Ер нь ч тэгээд хүн хүссэн зүйлээ хийж байна гэдэг амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмж гэж боддог юм даа. Хөдөө орон нутгаар ч юм уу, тоглолттой явах үед үзэгчдийн минь сайхан халуун дулаан үг маш их урам зориг өгдөг шүү гэдгийг мөн хэлмээр байна.

-Гэр бүлээ танилцуулаач. Хэдэн хүүхдийн ээж болсон бэ?

-Би нөхөртэйгөө 2003 онд танилцсан. Манай хүнийг Гансэлэм гэдэг. Манай доод курсын оюутан байсан юм. Одоо бол хувиараа ажил эрхэлдэг. Хань минь амжилт ололт, алдаа оноог минь дэнсэлж, үнэнчээр дүгнэдэг. Мөн намайг үргэлж тусалж дэмжиж байдаг түшиг тулгуур минь. Тиймээс ханьдаа маш их баярлаж явдаг даа. Манайх ам бүл дөрвүүлээ. Хүү, охин хоёртой.

-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Жүжигчин Ганбаа, Сөрөлт бид гурав хамтарч богино хэмжээний кино хийж байгаа. Энэ кино маань удахгүй төлбөртэй сувгуудаар цацагдах байх. Мөн энэ сардаа багтаад залуу жүжигчид хамтарсан тоглолт хийхээр төлөвлөж байна. Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох, хэзээ болох зэрэг талаар үзэгчдэдээ цаг тухай бүрт нь дуулгах болно. Одоогоор тоглолтынхоо бэлтгэлд орчихсон явж байна. Залуу хүмүүс учраас хийх зүйлүүд их байна. Цаашид бодсон, зорьсон ажлууд зөндөө бий.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасайхан: Сэргээгдэх эрчим хүч манай эдийн засгийн ирээдүйн нэг тулгуур

Баянжаргалын Бямбасайхан. Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан энэ эрхэм Монгол Улсын анхны салхин цахилгаан станцын төслийг 2012 онд удирдан гүйцэтгэсэн юм. Тэрбээр Монголын технологийн хөрөнгө оруулалтын тэргүүлэгч компани болох Ньюком группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга. МУИС болон АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг дүүргэжээ. Өндөр өсөлттэй эдийн засагтай, эрчим хүчээр хангасан Азийн хөршүүдээрээ дамжуулан Монгол Улс бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч байх боломжтой гэж тэр үздэг. Тэрбээр АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банкинд эрчим хүчний чиглэлээр ажиллаж байсан нь сэргээгдэх эрчим хүчний том төсөл дээр ажиллах суурь болжээ. Б.Бямбасайхан өдгөө төслийн менежмент, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг “НоваТерра” ХХКийн захирлаар ажиллаж байна. “НоваТерра” ХХК Өмнөговь аймгийн Ханбогд суманд нарны цахилгаан станцын төслийг Тайландад төвтэй “Symbior Solar” компанитай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Салхи эрхшээгч энэ эрхмийн хөгжлийн тухай яриа, эрчим хүч үйлдвэрлэлтээрээ улсдаа гуравдугаарт ордог Салхитын салхин паркийг байгуулсан адал явдалтай дурсамжийг эндээс уншаарай. Б.Бямбасайхан ийнхүү ярьж байна:

Эрчим хүч бидний амьдралын салшгүй хэсэг. Эрчим хүчний худалдаа гэдэг бол маш том эдийн засаг юм. Азаар би Америкт 1999-2004 он хүртэл АНУын Олон улсын хөгжлийн агентлагийн төсөл дээр ажиллаж байсан юм. Америкийн шинэ технологийг ялангуяа эрчим хүч, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчны менежментийн шинэ технологийг Азийн хөгжиж буй улсуудад нутагшуулах зорилготой америк компаниудыгаа дэмждэг байгууллага. Тэнд эрчим хүчний чиглэлээр анх ажиллаж үзсэн. Манайхан эрчим хүч гэхээр заавал нэг инженер байх ёстой гэж ойлгодог. Харин би олон улсын хөгжлийн бодлого, хэрэгжилтийн чиглэлээр ажиллаж, Энэтхэг, Шри-Ланк, Вьетнам, Филиппин, Тайландад олон төслүүдийг хэрэгжүүлсэн. Азийн хөгжлийн банкинд очиход том өөрчлөлтийн үе таарсан юм. Жилдээ дөрвөн тэрбум долларын зээл өгдөг байснаа яг намайг орсноос хойш дотроо шинэчлэлт хийж, 2007 он гэхэд 17 тэрбум долларын зээл өгдөг болтлоо өргөжин тэлсэн юм. Яг тэр шинэчлэлтийн явц дунд ажилласан болохоор азтай. Эрчим хүчний салбарт яагаад түлхүү орсон гэхээр АХБ гол мөнгөө эрчим хүч, зам харилцааны салбарт оруулдаг. “Банкинд ажиллаж, амжилттай карьер хийе гэж бодож байгаа бол гол үндсэн салбарынхаа аль нэг рүү ор” гэсэн зөвлөгөө сонссон юм л даа. Эрчим хүчний чиглэлээр өмнө нь бага зэрэг ажилласан учраас ийшээ орж явчихсан.

Эрчим хүчний төлөө хүн хэдийг ч төлөхөд бэлэн байдаг. Тэр нь эрчим хүч байж байгаад байхгүй болсон үед мэдэгддэг. Байж байгаа үед нь киловатт цагт 5 цент үнэтэй байна гэж ярьдаг хүмүүс байхгүй үед нь дизель мотор 55 центээр ажиллуулдаг. Арав дахин их үнэ төлөөд авдаг бүтээгдэхүүн. Эрчим хүчний хил дамнасан худалдаа сонирхолтой. Стратегийн орд гэхээр бид өөрсдөө ч заримдаа ойлгохгүй сонин ойлголтууд явдаг. Бүтээгдэхүүний хувьд эрчим хүч тэр дундаа цахилгаан эрчим хүч, нефть, байгалийн хий нийлээд жинхэнэ стратегийн бүтээгдэхүүн болдог юм байна л даа. Түүхээс харвал эрчим хүч худалддаг худалдаалдаг хоёр тал муудалцдаггүй юм билээ. Бие биенээсээ хамааралтай болсон учраас тэр л дээ. Дэлхийн түүхэнд болж байсан том мөргөлдөөнүүдийн шалтгаан нь эрчим хүчний эх үүсвэр, нөөцтэй холбоотой. АХБ-наас саяхан сонирхолтой судалгаа хийжээ. Азийн бүс нутгийн хөгжиж буй эдийн засаг 2030 он хүртэл 26 их наяддолларын хөрөнгө оруулалт шаардагдана гэсэн тооцоо хийсэн байна. Үүний 14.7 нь эрчим хүчний салбар, 8,4 нь зам харилцааны салбарт зарцуулагдах юм. Өмнө нь тооцоолж байснаас хурдан нэмэгдэж байгаа. Уур, амьсгалын өөрчлөлттэй холбоотой хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн байна. Энэ бол манай эдийн засгийн ирээдүйн боломж. Ийм их хэрэгцээ шаардлага байна. Зөвхөн Хятадын суурилагдсан хүчин чадал 1 тераватт гэдэг тоондоо хүрчихсэн. Хятад, Америк хоёр л дэлхий дээр нэг тераватт гэдэг хүчин чадлыг хэрэглэдэг. 2030 он хүртэл тооцож үзэхээр жил болгон зөвхөн цахилгааны хэрэглээ нь 3-4 хувиар нэмэгдэх юм. Нэг тераваттын 3-4 хувь гэдэг асар их тоо. Ийм боломж байна. Үүн дээр бид ямар байдалтай тоглох вэ?

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораториос гаргасан судалгаагаар Монгол жилдээ 2550 тераватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн тооцоо байдаг.

2013 онд Хятадын Ши Жиньпин дарга Нэг бүс нэг замсанаачилга зарласан. Хятадын эдийн засгийн урт хугацааны бодлого гэх юм уу даа. Хятад улс ойрын 50 жилд яаж тогтвортой эдийн засгийн өсөлтөө хангах бодлого, нөгөө талаас бүс нутгийг яаж улам холбох вэ. Дэд бүтцийн маш олон холболтуудыг хийж энэ бүс нутаг улам л уялдаа холбоотой болох юм. Тэгж байж тогтвортой өсөх юм байна. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зөвхөн зарлаад орхих бус санхүүгийн эх үүсвэрийг нь бас бүрэлдүүлж өгөөд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулаад, Торгоны замын сан бий болгож шинэ том төслүүдийг энэ банк, сангаараа дамжуулж санхүүжүүлнэ гэдэг. Сүүлийн гурван жилд гадаадад бизнесийн хурал цуглаанд явахад хоёр л үндсэн сэдвээр ярьдаг юм даа. Нэг нь “Нэг бүс нэг зам”-тай холбоотой. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх том компаниуд технологийн, үйлдвэрүүд, уул уурхайн компаниуд яаж энэ “Нэг бүс нэг зам” гэдэг эдийн засгийн бодлоготой нь өөрийнхөө бизнес стратегийг уях вэ. Яаж хятад компаниудтай түншилж, ирээдүйд бизнесээ тэлэх вэ гэдэг талаас нь яриад байгаа юм. Нөгөө нэг сэдэв нь өнөөдөр BIG DATA гэж яриад байгаа. Мэдээллийн эрин үе гэх юм уу даа. Их мэдээллийн эрин үед технологи асар худтай хөгжиж байгаа. Жишээ ньХарвонигээд эм Big Data-гийн бүтээл шиг байгаа юм. Өмнө нь С вирусийг эмчлэхэд маш өндөр зардалтай, удаан хугацаанд, хүнд эмчилгээ шаардагддаг байсан бол өнөөдөр өдөр болгон нэг эм уугаад тариа хийлгэх шаардлагагүй өвчтөн бие нь муудаж, үс нь унах, турахгүйгээр гурван сар эм уугаад эрүүл болдог болсон нь үүний нэг жишээ гэж ярьж байгаа.

Технологийн хөгжил асар хурдассан. Түүний дотор цахилгаан эрчим хүчийг дамжуулдаг технологи хурдан хөгжиж байна л даа. Зарим том инженерүүдтэй уулзахад электроныг дамжуулах физикийн хуулиар л явдаг. Тэнд шинэлэг юм гарахгүй гэж ярьдаг хүмүүс байдаг. Өнөөдөр урт хол зайд бага алдагдалтайгаар яаж эрчим хүчийг дамжуулах вэ, сүлжээгээ яаж удирдах вэ, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг сүлжээндээ яаж нийлүүлэх талаар том дэвшлүүд гарч байгаа. Батерей буюу хураагуурын технологи асар хурдан хөгжиж байгаа юм. Дэлхий ертөнцийн хөгжлийн хэв маягийг технологи өөрчилж байна. Өнөөдөр эрчим хүчний салбар, технологи, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний хөгжил асар хурдацтай явагдаж, өмнө нь байгаагүй боломжуудыг бидэнд бий болгож байгаа.

Монгол шиг жижиг, цаашид томрох боломжтой эдийн засагт шинэ технологи, шинэ эрчим хүчний үүсвэрүүдийг ашиглавал дэлхийн томоохон хэрэглэгчдэд хүргэж чадна.

АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭ…

Монголд нар, салхины эрчим хүчний асар их нөөц бий гэж бид ярьдаг. Нөөцийг нь мэдээж судлаад хэлж байгаа учраас үнэн. Түүнийг яаж бүс нутгийн зах зээлд нийлүүлэх вэ гэдэг асуудал бий. Таван жилийн өмнө би Япон улсын Софт банк компанийн ерөнхийлөгч МасаюшиСонтой уулзсан юм. Форбесийн хамгийн баян хүний жагсаалтын эхэнд нь явдаг энэ хүн Фукишимагийн атомын цахилгаан станцын ослын дараа “Ер нь атомын энерги аюултай юм байна. Эрчим хүчнийхээ салбарыг тэр чигээр нь өөрчилье. Сэргээгдэх эрчим хүчээр болж өгвөл ихэнхи хэрэгцээгээ хангадаг болъё” гэсэн концепци гаргажээ. Мань эр хэлж байгаа юм. “Дэлхийн газрын зураг дээр хараад байсан чинь манайд ойр байгаа эрчим хүчний хамгийн их нөөцтэй газар Монгол юм байна. Монголчуудтай хамтарч ажиллая” гэсэн. Бид бүр тайзан дээр гарч, үүнийгээ олны өмнө тунхаглаад гар барьсан юм. Азийн супер сүлжээ гэдэг концепцийг тэгж эхлүүлсэн. Сайн мэдээ нь тэр концепци өнөөдөр судлагдаад явж байна. Бид бага зэрэг хоцорч байгаа ч судалгаануудаа хийсний дараа Монголд хаана, ямар нөөц байгаа, түүнийгээ яаж энэ сүлжээ рүү холбох, шинэ төслүүд хаана хийх нь тодорхой болох юм. Өнөөдөр манай суурилагдсан хүчин чадал өчүүхэн шүү дээ. Тэгэхээр бид 20 000, цаашлаад 30000 мегаваттыг сууриллуулаад түүнийгээ экспортлоё гэсэн холын зорилго байж болох юм. Зүгээр нэг амандаа орсныг хэлж байгаа юм биш тооцоо хийгээд гаргасан тоонууд. Тэгэхээр манай эдийн засгийн ирээдүй энэ чиглэл рүү байна гэж үзэж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫН ТУЛД БИД ХӨРШҮҮДТЭЙГЭЭ УЛАМ ИЛҮҮ ХОЛБООТОЙ БАЙХ ЁСТОЙ

Судалгаа яагаад чухал гэхээр Сайншандын төслийг муугийнжишээнд дурдая. АХБ-нд ажиллаж байхдаа юу сурсан гэхээр төсөл боловсруулна гэдэг дандаа дороос эхлэх учиртай гэдгийг ойлгосон. Хаана ямар асуудал байна вэ гэдгээ судалж шийдлүүдээ гаргадаг. Монголд хориод эрчим хүчний том төслүүд бий. Тэд яагаад хэрэгждэггүй гэхээр дээрээс улстөрийн шийдвэр гаргаад “Энд ийм цахилгаан станц барина” гэдэг учраас болдоггүй юм. Өөрөөр хэлбэл зах зээл байгаа эсэхийг судлаагүйтэй л холбоотой. Сайншанд яагаад бүтдэггүй гэхээр зах зээл байгаа эсэхийг одоо хүртэл бид мэддэггүй. Зах зээл гэдэг бидний хувьд хамгийн түрүүнд Хятад шүү дээ. Хятадыг бид ерөөсөө ойлгодоггүй юм байна. Бид Хятадтай олон жилийн турш өвөрмонгол залуугаар дамжиж харьцсан. Яг хажууд нь байж соёлыг нь, хэлийг нь мэддэггүй. Нэг нөхрөөр дамжуулж харьцахаар юу ч болдог юм. Хулхи бараа ч үүнтэй холбоотой шиг байгаа юм. Энэ бол сүүлийн хорин жилд Хятадтай харилцаж байсан ихэнхи хүний мэдэх зовлон. Гадныхны биднийг гайхдаг нэг зүйл энэ. “Та нар Хятадын хажууд, хамгийн том боломжтой байдаг. Тэгсэн мөртлөө хятадуудыгаа мэддэггүй, ойлгодоггүй” гэдэг. Мэдээллийн орчин, технологи өөрчлөгдөөд тэр байдлаасаа салж байна л даа.

Эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд бид хөршүүдтэйгээ улам л холбоотой байвал аюулгүй байх юм байна гэж боддог болсон. Эрчим хүчний аюулгүй байдал гэдэг концепци байдаг. Тэр нь юу гэхээр хилээ хаасан ч бие даагаад өөрийнхөө хэрэгцээг хангаж чаддаг бол аюулгүй байдлаа хангасан гэж үзнэ гэдэг. Эгийн голын станц, Шүрэнгийн усан цахилгаан станц барих гэж үзээд чадахгүй байна шүү дээ. Өнөөдөр оросууд биднийг бариулахгүй л байгаа биз дээ. Хятадууд мөнгө өгөөд барья гэсэн ч оросууд нь зогсоочихдог. Миний бодлоор усан цахилгаан станц барих асуудал их л хүнд байх.

20 ХЭДЭН ЖИЛ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ГЭЭД ЧАДААГҮЙ ЮМ ЧИНЬ АРГАА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙЛГҮЙ ДЭЭ

Уламжлалт эрчим хүчний аюулгүй байдал гэдэг ойлголт болохгүй байна.Эгийн гол дээр усан цахилгаан станц барьчихвал манай систем өөрөө тохируулах чадвартай болчихно. Тэгвэл Оросоос бид цахилгаан импортлох шаардлагагүй. Барих ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ 20 жил барих гээд чадаагүй юм чинь аргаа өөрчлөх хэрэгтэй байлгүй дээ.Нэг аргаар үр дүнд хүрэх гээд зүтгээд болохгүй бол солиорол гээд Энштейн хэлсэн юм билээ. Технологи бидэнд өөр боломжуудыг өгч байна. Батерейн технологи хөгжчихвөл бид заавал усан цахилгаан станц барихгүйгээр тохируулга хийх боломжтой болчих ч юм билүү.

Хамгийн чухал хүчин зүйл манай газар нутаг. Маш өргөн уудам газар нутагтай. Тэнд нүүрс нь ч байдаг. Нар, салхины хувьд манай бүс нутаг өндөрт оршдог. Салхины чанар сайн учраас бид Салхитыг барьсан. Одоо би Ханбогдод нарны цахилгаан станц барих гээд үзэж байна. Энэбиш гуай сая Дарханы 10 мегаваттыг ашиглалтанд оруулчихлаа. Өндөрт байдаг, нарны тусгал радиаци бүх юм нь чанартай байдаг. Чанар нь юунд нөлөөлж байна гэхээр өртөг багасна. Сүүлийн арван жилд Хятад шиг нар, салхины эрчим хүчний станцыг ихээр барьсан газар байхгүй. Салхитын төсөл амжилттай яваа. Салхитад 2004 оноос хойш судалгаа хийсэн. Судалгаа хийхэд тухайн үедээ л нэлээд зардал гарч байлаа. Хэмжилтийн станцууд тавина. Тэр нь уулан дээр 50 метрийн өндөрт хэмжилтээ хийдэг. Салхит уул боломжийн газар байна гэдэг дүгнэлт гаргасан учраас станц барихаар болсон юм.

“САЛХИТЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЧИ ИРЭЭД ДУУСГАЧИХ” ГЭЖ НАМАЙГ “ХОШГИРУУЛСАН”…

Ньюком компани маш их зардал гаргаж, хөдөлмөрлөсний үндсэн дээр Салхитын салхин цахилгаан станцыг барьсан шүү дээ. 2007 онд би Монголд хурал зохион байгуулсан юм. Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа гээд АХБ-наас явуулдаг хөтөлбөр байдаг. Хятад, Монгол, Казахстан, Киргиз, Узбекстан, Тазикстан, Азербейжан, Афганистан сүүлд Туркмен, Пакистан нэмэгдсэн. Энэ улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний зохицуулагч нарын форум хийдэг байсан юм. Гол нь эрчим хүчний зохицуулалт гэдэг чинь бараг л шинжлэх ухаан болчихсон. Туршлагаа хуваалцдаг арга хэмжээ. Эрчим хүчний зах зээлийг улам боловсронгуй болгох, зах зээлд хувийн хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэж ажиллаж байсан. Тэр үед манай зохицуулах газар бүс нутагтаа боловсронгуйд тооцогдож байлаа. 2001 онд Эрчим хүчний тухай хууль батлагдаж, бие даасан механизм бий болгосон. Зохицуулалт улс төрөөс хараат бус байх ёстой гэдэг зарчмаа нэлээд бариад явчихсан. Монголыг жишээ болгож бусдадаа сурталчилж байгаа юм. Мэдээж хэрэг би монгол учраас Монголдоо хурлаа хийхийг бодно. Олон газрын улсууд цуглачихсан. Манай зохицуулахынхан “Бид дөнгөж сая салхины эрчим хүчний эх үүсвэр барих компанитай гэрээ байгууллаа. 2009 онд Салхитын цахилгаан станц ашиглалтад орчихно. 70 сая долларын хөрөнгө оруулалтыг хувийн компани хийнэ” гэж ярьсан. Би тэрийг нь гурван жил орчим энд тэнд ярьж явсан юм. Ялангуяа дундад Азийнхан дээр очоод “Цаана чинь монголчууд хүртэл салхин цахилгаан станц барьж байна шүү дээ. Та нар одоо тарифаа чөлөөл, реформоо хий ингэ, тэг гэдэг байсан.

2010 оны гуравдугаар сард Пакистанд ажиллаж байсан юм. Эрчим хүчний дутагдалд орчихсон том төслүүдийг АХБ санхүүжүүлдэг байв. Тэнд явж байсан чинь утас дуугарлаа. Монгол дугаар байна. Нэг залуу ярилаа. “Намайг Болд гэдэг. Би Ньюком компанийн гүйцэтгэх захирал гээд мань эр өөрийнхөө талаар товчхон танилцууллаа. Би олон жил Америкт ажиллаж, амьдраад жилийн өмнө Монголд ирлээ. Энд амьдрал цэцэглэж байна. Салхитын цахилгаан станц гэж өөрөө сонссон уу гэсэн. Сонсохоор барах уу гэлээ. Тэр төсөл маань явахгүй байна. Намайг таньтай холбогдоорой гэж Хаан банкны захирал Питер Морроу санал болгосон юм. Өөрийг чинь л энэ төслийг явуулна гэжхарж байна гэсэн. За за би Монголд удахгүй очоод сууж байгаад ярья гэлээ. Хэдэн долоо хоногийн дараа Монголд ирээд Болдтой уулзлаа. Тэгээд сэтгэл шулуудаж эх орондоо ирсэн дээ. 2010 онд намайг ирэхэд Ньюком компани 2004 оноос хойш салхины нөөцийн судалгаагаа үнэхээр сайн хийжээ. 2007 онд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үедээ л хоёр, гурван сая долларыг зарчихсан байсан л даа. Гэхдээ энэ төсөл маань хөрөнгөө босгож чадаагүй байлаа. Хошигнож хэлэхэд тухайн үедээ намайг хошгируулсан байгаа юм л даа. “Бүх юмаа хийчихсэн. Чи ирээд л дуусгачих” ухааны юм хэлсэн. Анх ажил аваад “ТЭЗҮ маань хаана байна, харъя” гэсэн. Тэгсэн чинь яахав нэг юм авчирч байна аа. Тэгээд л миний ажил эхэлсэн дээ. Санхүүжүүлэгчдийн шаардлага хангасан ТЭЗҮ гэдгийг хийгээгүй байсан үе. Яаж шаардлага хангадаг гэхээр өөрийн гэсэн аргачлалтай. Тэр дагуу хийх ёстой. Олон улсын хэмжээнд ажилладаг инженерийн компаниар хийлгэхгүй бол хүн итгэдэггүй. Тэрийг хийлгэхэд сая долларын зардал гарч байгаа юм. Хамгийн түрүүнд ТЭЗҮ хийх ажлын сонгон шалгаруулалт хийсэн. Тендер зарлахад дөрөв, таван компани саналаа ирүүлсэн. АХБнд ажиллаж байхад Шотландын нэг компани байв. Жижигхэн боловч сэргээгдэх эрчим хүчнийхээ чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн компани. Тэд боломжийн санал өгчихөж. ТЭЗҮ хийх гэж их ажил болсон. Европын сэргээн босголтын хөгжлийн банк энэ төсөлд их дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкуудын гол зорилго тэр шүү дээ. Монгол шиг хөгжиж байгаа зах зээлд шинэ зах зээл бий болгох, шинэ салбарыг хөл дээр нь босгох, хувийн хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийн салбарт нь хөрөнгө оруулна гэсэн бодлоготой банкууд юм чинь. Бид юу хийсэн гэхээр худалдах худалдан авах гэрээ 70 хувьтай байсан. Банкны шаардлага хангахын тулд дахиад өөрчлөх хэрэгтэй боллоо. Тухайн үед зохицуулахынхан, дамжуулахынхан, яамныхантай ажилласан л даа. Нэг сайхан юм нь шинэ учраас бүгдээрээ өөдрөг, хийе бүтээе, болгоё гэж зүтгэсэн. Эрчим хүчний салбарынхны онцлог бий. Бүгд нэг зорилгын төлөө явж чаддаг улсууд. Салхитын төсөлд Ньюком, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Голландын хөгжлийн банк болон Женерал электрик гээд Америкийн технологийн компани хөрөнгө оруулж дэмжиж ажилласан. 122 сая долларын хөрөнгө оруулалттайгаар энэ төсөл боссон. Анх 70 сая долларт босно гэж тооцож байсан ч ТЭЗҮ хийгээд контракторуудаа сонгон шалгаруулаад явахад 120 сая доллар болж байгаа юм. Тэр нь Монголын дэд бүтцийн өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотой. Монголд аливаа юмыг барихад бусад оронтой харьцуулахад дунджаар 30 хувиар үнэтэй босдог. Заримдаа 50 хувиар ч үнэтэй тусдаг. Тэр үед том тоног төхөөрөмж тээвэрлэх гэж бөөн адал явдал болсон.

Анх төмөр замаар тээвэрлэчих юм байна гэж баярлаж байв. Салхит төмөр замын өртөөн дээр байдаг юм л даа. Салаа төмөр зам бариулаад, төмөр замын ачих буулгах байгууламж барина гээд гэрээлэгчдээ сонгон шалгаруулсан чинь тэд төмөр замынхантай учраа олоогүй. Төмөр замынхан 49 оны гэрээгээ бариад болохгүй болохгүй болохгүй гэсэн. Том оврын тоног төхөөрөмжөө төмөр замаар тээвэрлэх боломжгүй болж байгаа юм. За тэгээд авто замаар тээвэрлэе гэсэн чинь Чойроос цааш зам баригдаагүй байсан. Тухайн үедээ Салхитаддараа хавраас тээвэрлэлт эхлүүлнэ гээд авто замынхантай хамт сууж ярьж бүх юмаа тооцсон. Тэд болохоор “Графикаар ашиглалтад орчихно” гэсэн. Хавар болдог зам байдаггүй. Салхин цахилгаан станц барих гэсэн биш бүр замын ажил хийсэн. Над руу олон хүн ярьсан даа. “Чиний буянд ЗамынҮүд рүү хэдэн цаг давхиад ирж байна” гэсэн. Замаа тэгшилчихээр бусад хүмүүс ч явсан л даа.(Салхин сэнсний далбаа гэхэд л 39 метр урттай. Энэ далбааг хугалахгүйгээр тээвэрлэх учиртай. Суурь баганы өндөр нь 80 метр байдаг) Манай зарим нэг дарга “Аа наад салхины станц чинь Монголд ерөөсөө тохирдоггүй юм. Манай салхи болдоггүй юм, эвдлээд хаячихдаг гэсэн” гэдэг. Хаана билээ дээ, төслүүд хэрэгжсэн, бага оврын салхин станцууд эвдэрсэн байдаг. Яагаад эвдэрсэн нь бас л шалтгаантай. Уг нь инженерүүд судалгаа хийж, хэмжиж үзсэн юм билээ л дээ. Энд хийх ёстой гэхээр “Наана чинь хүнд харагдахгүй юм байна, нааш нь авчир” гээд сумынхаа төвд суурилуулсан байгаа юм. Тэгээд тэр төслүүд нь амжилтгүй болчихсон чинь хүмүүсийн сэтгэхүйд “Монголын салхи болдоггүй” гэсэн ойлголт үлдчихсэн. Өндөр дээрх салхины урсгал, чанар өөр байдаг. Уулан дээр өвөл барилгын ажил явсан. Тэгэхэд их гоё юмнууд болно. Дарга нар үзье гээд очно. Машины хаалга нь онгойдоггүй. Тийм их салхитай. Арай хийж хаалгыг нь онгойлгоно. Хоёр минут болоод л өвлийн хүйтэнд тэр дээр тэсэхгүй байгаа юм чинь. Австрали, Энэтхэг гээд янз бүрийн орны инженерүүд анх ирэхдээ хэцүүхэн байдаг. Хэдэн долоо хоног ажиллаад сүүлдээ тоохоо больж байгаа юм. Хавар уулан дээр ёслол үйлдэхээр очиход мөнгөн аяган доторх шингэн салхинд эргэлдээд асгарчихдаг гээч.

Хамгийн том эрсдэл нь цаг агаарын огцом өөрчлөлт болоход турбинууд дээр нь мөс тогтдог. Гэхдээ салхин сэнсний турбинууд ухаалаг болчихсон. Мөс тогтохоор зогсоод цэвэрлэсний дараа буцаж эргэдэг. Салхин станцыг барихад оролцсон компаниуд их юм сурсан. Сүүлд уулзахдаа “Их баярлалаа” гэдэг. Арванхоёрдугаар сард хөрсний шинжилгээ авахуулахаар уулын орой дээр өрөмдлөг хийлгэсэн юм. Тийм хүйтэнд өрөмдлөг хийдэг туршлага Монголд байгаагүй. Нэг нөхөр чадна л гээд байдаг. Эхэндээ хийж болохгүй, техник нь эвдэрнэ хугарна гээд зөндөө юм болсон. Овоо хэдэн цооног өрөмдөхөд сүүлдээ учраа олчихдог. Тэр компани анхны цооног өрөмдөх гэж 14 хоносон бол сүүлдээ долоон цагийн дотор хийчихдэг болсон. “Хүйтний улиралд өрөмдлөг хийдэг туршлагатай болсон” гэж тэд талархсан. Цэцийд хоёр дахь станц баригдаж байна. Эхний удаагийн компаниуд бүгд тэнд оролцож байна.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ЗӨВХӨН ЦАХИЛГААНЫ ҮНЭЭР ТООЦОХ БОЛОМЖГҮЙ

Салхитын цахилгаан станц арваад жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхнө. Бид яагаад гурав, дөрөвдүгээр цахилгаан станц хямдхан гэж ярьдаг гэхээр дөрөвдүгээр цахилгаан станц баригдаад гуч гаруй жил болчихсон ч өртгөө нөхөөгүй. Их өрийн хэсэг болоод явчихсан. Түүнээс биш өөрөө орлого олоод, барьсан хөрөнгө оруулалтаа нөхөөгүй. Ер нь том цахилгаан станцууд зардлаа удаан нөхдөг.

Одоо нэг ийм асуудал үүсээд байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний үнэ дэлхий даяар хямдарч байгаа нь үнэн. Капитал хөрөнгө оруулалт хийдэг зардал нь багасч байгаа юм. Хятад, Энэтхэг, Герман, Америк зэрэг том улсууд асар их хэмжээгээр бариад байхаар хөрөнгө оруулалтын зардал мэдээж багасна. Технологи нь улам нарийн болоод, бүх л тоног төхөөрөмжийг нь Хятадад чанартай үйлдвэрлэдэг болчихсон. Үнэ унаж байгаа. Гэхдээ дандаа том зах зээл дээр. Өөрөөр хэлбэл Хятадын компаниуд яагаад нэг хэсэг салхины цахилгаан станц руу хөрөнгө оруулсан бэ гэхээр бүгдэд нь хөшүүрэг өгчихөж байгаа юм. Сэнс үйлдвэрлэдэг компанид нь хөнгөлөлттэй эсвэл хүүгүй зээл өгнө. Эрчим хүчний компанид нь чи ийм хүчин чадалтай станц баривал тарифын хөнгөлөлт үзүүлнэ, татвараас нь чөлөөлнө гэж байгаа юм. Ийм орчинд энэ зах зээл маш хурдан хөгжсөн юм. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэдэг юм чинь өөрөө бизнесийг ийш нь түлхсэн. Манай Сэргээгдэх эрчим хүчний 2007 оны хууль сайн. Тэр хуулиар бид юу хийж чадсан гэхээр сүлжээн дэх үнээс бусад цахилгаан станцуудтай харьцуулбал өөр үнээр буюу Монголын нөхцөлд илүү үнээр худалдаж авах механизмыг суулгасан. Тэр нь Европт ихэнхдээ хэрэглэдэг нэг арга. Европ 20 жил тэр механизмыг хэрэглээд одоо бол манай сэргээгдэх эрчим хүчний салбар хөл дээрээ зогслоо гэж ярьж байгаа юм. Сүүлийн үед манайд сэргээгдэх эрчим хүчний компаниуд руугаа “Та нар үнээ бууруул” гэдэг шахалт үзүүлж байгаа. 20 жил Европт ашиглаад одоо л хөл дээрээ босч байна шүү дээ. Гэтэл Монголд дөнгөж 60МВт өнөөдөр cүлжээнд ашиглалтанд орсон.

Мэдээж технологийн шийдлээр утаанаас салж чадна. Энэ нь эрчим хүчний эх үүсвэрийг цэвэр болгоно гэсэн үг. Тиймээс зөвхөн цахилгааны үнээр өртгийг хэмжих боломжгүй. Цогц асуудал ярьж байгаа үед эрүүл мэндийн өртгийг хүртэл авч үзэх ёстой байдаг. Маш том зах зээл урд байна. Тэр зах зээл рүүгээ хүрэхийн тулд бид сэргээгдэх эрчим хүчээ өөрсдөө хэрэглэх учиртай. Хүнтэй наймаа хийхдээ хийж чадах юмаа л наймаалцахаас биш байхгүй юмаа наймаалцдаггүй. 2020 онд манай цахилгаан эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчинд хүргэнэ гээд зорилт тавьчихсан. Түүндээ хүрэх ёстой. Тэр хүртэл тууштай байхгүй бол хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Бодлого, эрх зүйн орчин тогтвортой л байгаасай. Эрчим хүч байнгын орлоготой гэдэг ч өндөр эрсдэлтэй салбар. Хөрөнгө оруулалт их шаарддаг. Эрсдэл олон янз. Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт, бодлогын орчин тогтвортой, урт хугацааны байх ёстой.

Манай хэрэглэгчдийн нуруун дээр ачаа болно гэсэн үзэл бодол байдаг. Аль ч зах зээлд тарифын асуудалулс төрийн сэдэв байдаг. Хэн ч тариф нэмэхэд дуртай байдаггүй. Бид 100 төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлээд 50 төгрөгөөр зардаг байсан. Нэмсээр байгаад 80-90 төгрөг болгож байгаа. Гэхдээ зуун төгрөгөө нөхдөг байх хэрэгтэй. Саяхны жишээ хэлье. Торонтод уул уурхайн чуулган болсон. Манайхан очиж, Монголд ийм боломжууд байна гэдгийг тодорхойлж, засаг төр дэмжнэ гэж ярьсан юм билээ. Хүмүүс дуртай сонсч байсан чинь төгсгөлд нь “Бид уул уурхайнхаа хуулийг улам сайжруулна” гэсэн чинь хүмүүс толгой сэгсэрчгарсан гэж тэнд оролцсон нэг хөрөнгө оруулагч хэлж байна лээ. Тогтвортой байдал нь илүү чухал. Уул уурхайн хууль хэдхэн жилийн өмнө өөрчлөгдөөд, хүмүүс дөнгөж ойлгож түүндээ тааруулаад ажиллаж эхэлж байхад ахиад өөрчлөнө гэхээр эрсдэлтэй харагдана гэсэн үг.

Салхины эрчим хүч, нүүрсний эрчим хүчнээс цахилгаан гаргах өртөг бараг л ижил болж байгаа. Австралид сүлжээнд нийлүүлж байгаа бусад эх үүсвэртэй нэг хэмжээнд очиж чадсан гэж байгаа юм.

ФРИЙДЛАНДЫГ МОНГОЛЫН БААТАР БОЛГОЁ ГЭЖ ЗАРИМ ХҮН ЯРЬДАГ

Уур амьсгалын өөрчлөлтөд хүн буруутай. Хөгжингүй эдийн засгууд буруутай болж таарч байгаа юм. Асар их хэмжээний нүүрс шатааж, байгаль орчинд нөлөө үзүүлсэн. Түүнийгээ яаж нөхөх вэ гэдэг механизм бий болгосон юм билээ. Өөр газар нүүрс хэрэглэдэггүй төсөл байвал тийш нь хөрөнгө оруулж, өмнө нь хийсэн нүглээ цайруулдаг зарчим. Үр ашиг гэдэг зөвхөн мөнгө биш. Салхит Монголын гурав дахь том цахилгаан станц. Анхных байсан учраас бахархалтай. Олон ч удаа уйлсан. Ямар ч байсан барьж чадсан.

Фрийдланд Оюу толгойг хөрөнгө мөнгө босгох хүртэл 300 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Аливаа том төслийг хэрэгжүүлэхэд нийт хөрөнгийн 5-10 хувь нь төслийг бэлтгэх, боловсруулах гарааны шатанд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл 100 сая ам.долларын төслийг эхлүүлэхийн тулд 5-10 сая ам.доллар зарцуулна. Энэ нь цэвэр тухайн компанид ирж буй санхүүгийн эрсдэл юм. Хөрөнгө оруулалтын эхний үе хамгийн эрсдэлтэй. Фрийдландыг яагаад зарим хүн Монголын баатар болгоё гэж ярьдаг гэхээр тэр хүн хувиасаа 300 сая долларыг зарж байж Оюу толгойн хөрөнгө оруулалтыг босгосон байхгүй юу.

Эрчим хүч барж идэж дуусахгүй салбар. Бид бүгдэд хийх ажил их байна. Би эрчим хүчний салбарын хүн гэж хаана ч очоод хэлж чаддаг. Гэхдээ би инженер биш. Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан. Олон улсын харилцааны сургууль төгссөн нөхөр. Яаж эрчим хүчний салбарт амжилт олох вэ гэж залуус надаас асуудаг. Сайн хуульч, банкир, байгаль орчны нарийн мэргэжилтэн ч байж болно гэж хэлдэг. Өнөөдөр Салхитад шувуу судлаач хамгийн их цалин авч байгаа шүү дээ. Ийм нарийн мэргэжлийн хүн Монголд цөөн байдаг. Европын сэргээн босголтын хөгжлийн банк зээл өгөх нэг нөхцөл нь энэ байсан. Жилд 100 гаруй мянган долларын зардал гаргадаг. Гэхдээ л үүнийг хийхгүй бол зээл өгөхгүй учраас байх ёстой мэргэжил. Судалгаа яагаад хийсэн гэхээр шувуудыг үргээдэг долгион суурилуулах шаардлагатай эсэхийг тухайн үед хэмжиж үзсэн юм. Энэ хавийн шувууны нүүдэл асуудалгүй учраас нэмэлт төхөөрөмж суулгах шаардлагагүй гэж үзсэн л дээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нийтлэлч Баабарын “Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Таван толгой дээр болсон хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Энэ тухай манай сонины нэгдүгээр нүүрнээс унших боломжтой.

Нийслэлийн Засаг дарга болоод Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцжээ. Ингэхдээ тэд Сүхбаатарын талбайгаас Офицеруудын ордон, Офицеруудын ордноос Хан-Уул дүүрэг хүртэлх маршрутын автобусаар зорчиж, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Энэ тухай Улс төрийн хоёрдугаар нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна” нийтлэл хэвлэгдэн гарлаа.

“Юнивишн” компани хэрэглэгчдэдээ мэдэгдэлгүйгээр үйлчилгээнийхээ үнийг нэмжээ. Иймээс хэрэглэгчид нь бухимдаж, тухайн компанитай хийсэн гэрээгээ цуцална хэмээн зогсоо зайгүй гомдол мэдүүлэх болсон байна. Энэ тухай Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Түүнчлэн 12 дугаар нүүрнээс МУГЖ Ж.Оюундарьтай хийсэн ярилцлагыг сонирхон уншаарай. Сонирхуулахад, Улсын драмын эрдмийн театр хөдөө орон нутгаар явж аялан тоглолт хийх гэж байгаа юм байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Дэлхийн гурван удаагийн аварга Мао Асада зодог тайллаа

Японы уран гулгалтын домогт тамирчин Мао Асада 26 насандаа зодог тайлжээ. Тэрээр сүүлийн улирлын тоглолтоо дуусгаад энэ спортоор үргэлжлүүлэн хичээллэх шаардлагагүй болсон гэж ярьжээ. Тэрээр 2014 онд дэлхийн гурван удаагийн аварга болсон хийгээд Сочигийн олимпод зургаадугаарт байрт орсоноо өөрийн амжилтын хамгийн оргил үе гэж үздэг байна.

Тэрээр өөрийн блогтоо энэ тухайгаа “Хэдий би энэ спортын карераа дуусгасан ч гулгах хүсэл минь хаашаа ч алга болохгүй. Гэхдээ би дахин эхэлсэн ч хүссэн амжилтандаа хүрч чадахгүй байсан болов уу гэж айж байна. Мөн зодог тайлсандаа огт харамсахгүй байна. Би цаашид шинэ зорилго, хүсэл мөрөөдөлтэй болж өөртөө итгэл дүүрэн амьдрахыг хүсч байна” хэмээн бичжээ.

Тэрээр Сочигийн олимпийн дараа 2015 онд тэмцээнүүддээ оролцож эхэлсэн юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард Үндэсний 12 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний үеэр зодог зодог тайлах шийдвэрээ гаргажээ. Учир нь тэрээр үргэлжлүүлэн гулгах хүсэлгүй болжээ.

Мао Асада нь таван настайгаасаа эхлэн гулгаж эхэлсэн ба 2008, 2010 онд гайхалтай гурвал эргэлтээрээ дэлхийн аварга болж байсан. Мөн 2010 оны Вонкуверийн олимпийн мөнгөн медальтан тамирчин юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газрын бүрэлдэхүүнд Улсын нөөцийн салбаруудыг нэгтгэлээ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоол, Шадар сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн дагуу ОБЕГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар орон нутгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүнд Улсын нөөцийн салбаруудыг нэгтгэлээ.

Харин Булган, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймаг дах Улсын нөөцийн салбаруудыг Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги нэртэйгээр бүтэц, орон тоог өргөтгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Таван толгой” дахь сургуулилтын үеэр гранат дэлбэрч 2 цэрэг амиа алдаж, 8 цэрэг шархаджээ

Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний “Таван толгой” хээрийн сургалтын төвд гранат дэлбэрч 2-3 цэргийн аминд хүрчээ. Мөн найман цэрэг шархадсан мэдээ байна. Тэднийг Цэргийн төв госпитальд авчиран эмчилж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар амиа алдагсад Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн цэргүүд байсан гэнэ. Уг хэрэг өнөө орой 18:00 цагийн орчимд гарсан байна. Тэд марш тактикийн тэмцээнд оролцож байгаад ийнхүү осолдсон байна.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол Улсын аюулгүй байдлын орчин-Батлан хамгаалах бодлого”-ыг хэлэлцлээ

“Монгол Улсын аюулгүй байдлын орчин-Батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ҮБХИС-ийн “Тэмүүжин Өрлөг” сургуулийн хурлын танхимд өнөөдөр болов.

Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг болон БХЯ, ЗХЖШ, ГХЯ, БСШУЯ, ҮАБЗ-ийн харъяа Стратегийн судлалын хүрээлэн, ШУА, МУИС, ХСИС, ХУИС, Дипломатын академи, Үндэсний тагнуулын академи зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцлоо.

Аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогод тулгамдаж байгаа асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж, хурлаас гарах үр дүн, санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны гарын авлага болгох үүднээс тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс зэрэг бодлогын тулгуур баримт бичгүүд шинэчлэн батлагдсантай холбогдуулан улс орны аюулгүй байдлыг батлан хамгаалах эрх ашгийн үүднээс судалж, судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байгааг хуралд оролцогчид тэмдэглэж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хурлын нээлтэд зориулж хэлсэн үгэндээ:

Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар боловсруулсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг 2015 онд, “Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль”, “Зэвсэгт хүчний тухай хууль”, “Цэргийн албаны тухай хууль”, “Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-ийг 2016 онд Улсын Их Хурал шинэчлэн тус тус баталсан. Эдгээр хууль, тогтоомж нь Монгол Улсын аюулгүй байдлын орчныг бүрдүүлэхэд нэн ач холбогдолтой баримт бичгүүд болсон.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар батлан хамгаалах бодлогоор дамжуулж улсын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон төрлийн судалгаа, санал-санаачилга, мэдээллийг Та бүгд хэлэлцэнэ. Мөн олон улс, үүний дотор Ази,Номхон далайн бүс, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, Монгол Улсын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрэх чиглэл, арга замыг тодорхойлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний үзэж танилцсан, анхаарлын гадна орхиж болохгүй нэгэн асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Их тэнгэр цогцолбор”-т Төрийн цэргийн байгууллын төлөөлөгч нарт хандаж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, санаачилга юм.

Аливаа эрдэм шинжилгээний бага хурал, онол практикийн хэлэлцүүлгүүд заавал үр дүн авч ирдэг, олон хүнд шинэ ойлголт, мэдлэг өгдөг байх нь чухал. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал санаачилгын талаар, батлан хамгаалах бодлогын үндсийн үндэс болсон иргэнийг бэлтгэх талаар хөндөж хэлэлцэх нь зүйтэй.

Бидэнд дэлхийн, бүс нутгийн, улсын хэмжээний асуудлыг багцлаад хэлэлцэх мэдлэг, чадвар хангалттай байгаа боловч аймаг, орон нутаг, сум дүүрэг, багийн хэмжээнд аюулгүй байдлыг хэрхэн хангах, батлан хамгаалах бодлогыг хэрхэн өөриймшүүлэх талаар ахиц гаргах, тодорхой түвшинд хүргэх талаар хангалттай ажиллаж чадахгүй байна.

Хүнд ноцтой гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, элдэв халдварт өвчин, зам тээврийн осол гээд улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, батлан хамгаалах чадамжид хор уршиг учруулж болзошгүй олон асуудал ажиглагдах боллоо.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий коммандлагч Ц.Элбэгдоржийн нэрийн өмнөөс талархлаа дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин үг хэлэхдээ “Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчин хурдацтай өөрчлөгдөж, аюулын мөн чанар, эх сурвалж олон талтай, ээдрээтэй болж байна. Дэлхийн дэг журмыг тодорхойлогч гүрнүүдийн харьцаа, хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт гарч, улс төр, эдийн засаг, цэргийн салбар дахь өрсөлдөөн эрчимжихийн зэрэгцээ олон улсын хэмжээнд уламжлалт бус шинэ шинэ аюул занал бий болж байна.

Манай улсын дотоодод ч ихээхэн өөрчлөлт бий болж засаглалын чадавхийг боловсронгуй болгох, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчинтой холбоотой олон шинэ шинэ асуудал тулгамдаж байна.

Судлаачдын хувьд үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал асуудлын нэг болох нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аюулгүй байдал, гадаад бодлогын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын чадавхийг бэхжүүлж, төрийн бодлого боловсруулахад тэдний оролцоог нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Тийм учраас ҮБХИС, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, БХЯ-тай хамтран зохион байгуулж байгаа энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд ҮАБЗ ихээхэн ач холбогдол өгч байна” гэв.

Уг хурлаар “Олон улсын геополитикийн шинэ нөхцөл байдал Монгол Улсад хамаарах нь”, “Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудалтай батлан хамгаалах бодлогыг уялдуулах онол, арга зүй”, “Аюулгүй байдлын шинэ нөхцөл ба Монгол Улсын батлан хамгаалах бодлогын шинэчлэл” зэрэг олон сэдвээр илтгэл сонслоо.