Categories
мэдээ улс-төр

Гаалийн албан татвараас чөлөөлөх хугацааг сунгалаа

Image result for Гаалийн албан татварЗасгийн газрын ээлжит хуралдаан (2017.04.12) болж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2008 онд батлагдсан. Хуулийн дагуу импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.

Энэ нь уналтад орсон, зардал өндөртэй газар тариалангийн салбарыг сэргээж, тогтвортой өсөлт бий болгох, тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжиж, иргэдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах томоохон дэмжлэг болжээ. Иймээс гаалийн албан татвараас чөлөөлөх хугацааг сунгах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг татварын бодлого, санхүүгийн лизингийн аргаар дэмжинэ гэж заасан юм.

Одоогоор үр тарианы шинэчлэл 65 хувьтай байгаа бөгөөд төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар хийдэг. Мөн бордоо, ургамал хамгааллын бодисыг ихэвчлэн импортоор авч байна.

Categories
мэдээ улс-төр

СӨХ төрд шилжих үү

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хэлэлцэв. Иргэдээс СӨХ-той холбоотой 467 өргөдөл тус байнгын хороонд иржээ. Энэ дагуу БХБЯ-наас ажлын хэсэг гаргаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 240 СӨХ-ийн үйл ажиллагааг шалгасан байна.

Шалгалтаар СӨХ-ны мөнгөө иргэд өгдөггүй, санхүүжилт дутмаг байдлаас үүдэж ажил хийх боломжгүй байдаг гэх мэт зөрчил гарсан байна. Нийтийн эзэмшлийн газрыг СӨХ-ны дарга нь дур мэдээд зарсан зөрчил илэрчээ. Нөгөө талаас СӨХ-д хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин тодорхойгүй, СӨХ-д цуглаж байгаа мөнгийг юунд зарцуулдаг талаарх тайланг байдаггүй зэрэг асуудал байдаг.

Шалгалт хийсэн ажлын хэсэг “Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн тухай хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Иймээс хуулийн цоорхойг засах шаардлагатай. Орон сууцны асуудал хариуцсан төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, СӨХ ажиллах ёстой эсвэл төрд шилжих үү гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Үүнтэй холбогдуулан Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгааг Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “СӨХ-ны гишүүд ажлын арга барилдаа өөрөөр хандах хэрэгтэй. Орчин үед сошиал хөгжиж байна. Тиймээс ажил хариуцсан хүмүүс энэ системийг ашиглаад СӨХ-той тулж ажиллах арга замыг сүвэгчлэх хэрэгтэй. Хуулийн зохицуулалтад СӨХ, иргэдийн эрх, уялдаа холбоог зохицуулсан сайн хууль гараасай гэж хүсэж байна. Жишээ нь: арк буулгахад Эрүүгийн хуулиар зохицуулагдана гэх мэт зүйлийг яриад сууж байж болмооргүй байна. Мөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна, засвар хийдэг энэ бүх асуудлыг хуулийн төсөлд маш сайн суулгах ёстой” гэсэн бол

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл:

СӨХ-ны үйл ажиллагаанд аудит хийе гэхээр СӨХ өөрөө хуулийн этгээд биш учраас хүндрэлтэй байна гэдэг асуудлыг ажлын хэсэг хэлж байна. Тэгэхээр СӨХ хариуцлага хүлээдэггүй субьект болж таарлаа. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтийг хуульд тусгах зайлшгүй шаардлага байна. Дээр нь барилгын компаниуд оршин суугчдаа үл байлцуулан СӨХ байгуулдаг. Энэ нь шинээр ашиглалтад орсон байрны оршин суугчид СӨХ байгуулахгүй хугацаа алддагтай холбоотой байх. Тиймээс эдгээр асуудлын хуулийн хүрээнд засч залруулах шаардлагатай юм байна гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

“Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулав

Image result for Эгийн голын усан цахилгаан станцЗасгийн газрын ээлжит хуралдаан (2017.04.12)-наар “Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл болон барилга угсралтын ажлыг хариуцан, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулахаар боллоо. Төвийн эрчим хүчний системийн диспетчерийн горим, тохиргоог хангаж, импортын эрчим хүчийг бууруулах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Үүнтэй холбогдуулан “Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийн нэгжийг татан буулгахаар боллоо.

Усан цахилгаан станцын төсөл нь манай улсын эрчим хүчний системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, цэвэр усны нөөцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой. Шинээр байгуулах компани нь энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл, газар эзэмшихтэй холбоотой гэрчилгээнүүдийг эзэмшиж, Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах инженеринг, худалдан авалт, барилга угсралтын гэрээ, холбогдох бусад гэрээ байгуулах эрхтэй бөгөөд станц баригдаж дууссаны дараа ажлыг нь бүрэн хариуцах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЗХЖШ-ын удирдлагууд хариуцлага хүлээхэд бэлэн гэв

ЗХЖШ-ын удирдлагууд өөрийн байранд хэвлэлийн бага хурал хийлээ. Өчигдөр Нийслэлээс 55 км-т байрлах Таван толгойн сургалтын нэгдсэн төвд 17:40 цагийн үед ЗХЖШ-ын 350-р анги байлдааны сургуулилт хийж байх үеэр осол гарч, хоёр байлдагч амиа алдсан хэрэг гарсан билээ. Ахмад Б.Мөнгөншагай багаа ахалж байгаад дэлбэрэлтийн үеэр газар дээрээ нас барсан. Мөн хугацаат цэргийн албан хаагч Б.Ариунболд нас барсан байна.

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар: Шархадсан найман цэргийг өчигдөр Улаанбаатар хот руу авч ирсэн байгаа. Алба хаагчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, хагалгаа хийх бэлтгэл ажлыг хангах бие бүрэлдэхүүнээр хангахаас гадна ар гэрийнхэнд нь цэргийн албан хаагчдыг сахих, биеийн байдлыг нь харах нөхцөл боломжийг хангах зэрэг ажлыг зохион байгуулсан. Ирсэн даруйд нь хоёр албан хаагчид хагалгаа хийж эрчимт эмчилгээ хийж байна. Нас барсан ахмад Б.Мөнгөншагай нь 1987 онд төрсөн, 30 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан. Батлан хамгаалахын их сургуульд Зэвсгийн албаны офицер мэргэжлээр бэлтгэгдэж төгссөн, хэд хэдэн цэргийн ангид ажиллаж, Афганистан, Судан улсуудад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн туршлагатай офицер байсан. Ахлагч Б.Ариунболд 1993 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад цэргийн ажиллагаанд оролцож байсан. Бусад шархадсан найман алба хаагчид 22-28 насны, бүгдээрээ мэргэжлийн ахлагч бэлтгэх сургууль төгссөн. Энхийг сахиулах ажилд оролцож байсан туршлагатай хүмүүс байсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр удахгүй болох марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг хангах үүднээс бэлтгэлд гарсан гэх ташаа мэдээлэл гарсан байна. Бид зэвсэгт хүчнийхээ энэ оны аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сарын дунд үед зохион байгуулна. Марш тактикийн үеэр байлдааны хэрэглэл ашигладаггүй. Тэмцээнд оролцох бүрэлдэхүүн маань дөрөвдүгээр сарын сүүлээр бэлтгэлд гарах нэгдсэн зохион байгуулалтад шилжсэн байгаа” гэв.

Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Дэд хурандаа Т.Сүхбаатар:

“Осол болсон даруйд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн. Хоёр албан хаагч хүнд зэргийн гэмтэлтэй. Ослын талаар мэдээллийг шуурхай хүлээн авч, 2 эмнэлгийн баг бүрэлдэхүүн очиж яаралтай тусламж үзүүлсэн. Хоёр цэргийн албан хаагч яаралтай мэс засалд орсон. Өнөөдөр хоёр албан хаагчийн биеийн байдал хэвийн, эрчимт эмчилгээний тасагт, эмчилгээ хийлгэж байгаа” гэв.

Мэдээллийн үеэр Зэвсэгт хүчний жанжин штаб ослын шалтгааныг хууль хяналтынхан тодруулж, дүгнэлт гарсны дараа хэрвээ буруутай бол хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон замын төлбөрийг концесс эзэмшигчийн татвараас суутгана

Засгийн газрын ээлжит хуралдаан (2017.04.12) боллоо. Уг хуралдаанаар Дорноговь аймгийн Сайншанд болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай автозамын төслийн концессын гэрээг “Засаг чандмань майнз” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрлөө.

Замын төслийн нийт хөрөнгө оруулалт болох 162,869,202,818.00 /163 орчим тэрбум/ төгрөгийг төсөвт дарамт болохгүйгээр концесс эзэмшигчийн улсад төлөх татвараас суутгах замаар шийдвэрлэхийг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад даалгалаа.

Мөн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозамын концессын гэрээг “Шинжиан шинфа” ХХК-тай байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрөв. Төсөлд зарцуулах 67,907,000.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөхөөр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

“Нэг өрх-нэг ажлын байр” нээлттэй өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч ар” клуб хамтран энэ сарын 14-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж ахуйн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага оролцоно.

Тус өдөрлөгийн зорилго нь нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчнээр хангагдахад дэмжлэг үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад оршино. Нээлттэй өдөрлөгийн онцлог нь төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Нэг өрх-нэг ажлын байр” уриан дор иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос хүргэх, нөгөөтэйгүүр их, дээд сургууль төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэх, ажил олгогч байгууллагууд шинэ залуу боловсон хүчнээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

Өдөрлөгөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

  • Ойрын болон дунд хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэх
  • Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон төвийн 6 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх
  • Ажил олгогч 70 орчим аж ахуйн нэгж байгууллага сул чөлөөтэй болон шаардлагатай, хомсдолтой 2000 орчим ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх
  • Мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд ажил горилогчдод “Маргаашийн ажилтан” сэдэвт ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлэг барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2017.04.12) Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж, гарын үсэг зурах эрхийг Үндэсний хөгжлийн газар /Б.Баярсайхан/-д өглөө.

Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм. Концессын гэрээний дагуу эмнэлгийн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгнө. Засгийн газар төслийн нийт хөрөнгө оруулалт болох 25,724,600,000 төгрөгийг 2020 оноос тодорхой хуваарийн дагуу эргэн төлөх юм.

Categories
мэдээ улс-төр

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан (2017.04.12) болж, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолсон байна.

Хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.

Хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийхээр тусгажээ.

Засгийн газраас өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөр, стратегийн үр дүнд сүүлийн таван жилд вируст хепатитийн өвчлөл өмнөх таван жилийн дунджаас буурсан. Гэсэн ч сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний өмөн, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В,С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байна.

Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” НҮБ-ын санаачилгад нэгдлээ

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” НҮБ-ын санаачлагад Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгууд нэгдэн орсон байна. Тус санаачлагад заасан зайлшгүй шаардлагатай 10 үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд стратеги, төлөвлөгөө боловсруулан ажилладаг ажээ. Уг ажлын хэрэгжилтийг ханган ажиллахад чухал үүрэгтэй сургалт ОБЕГ-т эхэллээ. Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн хойд Азийн бүсийн төв, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнтэй хамтран Монгол Улсад “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх”, “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” НҮБ-ын санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр цуврал сургалтыг зохион байгуулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл, ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангах, гамшгийн эрсдэлийг үнэлэх нь” сэдэвт II шатны сургалт Онцгой байдлын ерөнхий газарт болох юм.

Энэ удаагийн II шатны сургалтад Нийслэлийн Онцгой байдлын газар, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон гамшгаас хамгаалах улсын албадын нийт 26 оролцогч хамрагдаж байна.

Албан хаагчид сургалтын үеэр эрсдэлийг тооцоолох түргэвчилсэн аргад суралцахын зэрэгцээ цаашид орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тусган ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хуралдаанд оролцоогүй гишүүдийн шалтгааныг сандлынх нь түшлэгийн ар дээр бичиж тавьдаг болмоор санагдана

СБД-ийн IV хорооны өндөр настан Ш.Батсүх

Улс, эх орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдрал ахуйг сайжруулахын төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэхээ андгайлж, сонгогч түмний саналыг авч УИХ-ын гишүүн болсон, төрийн түшээд маань гишүүнийхээ эрх үүргийг хэрхэн биелүүлж байгаадаа цаг ямагт дүгнэлт хийж ажиллаасай хэмээн бодогдоно. УИХ-ын гишүүн бол хууль дээдлэх, хууль журмыг цаг үеийн шаардлагатай уялдуулан боловсронгуй болгох санал санаачилга гаргах, намынхаа мөрийн хөтөлбөр, сонгуулиар сонсогчдод өгсөн амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө цөхрөлтгүй ажиллах, хуралдаатогтмол идэвхтэй оролцох үүрэгтэй билээ. Гэтэл одоогийн УИХ-ын хуралдааны ирцийг харахад нөгөө 76 гишүүн маань 60-80 орчим хувиас хэтрэхгүй ирцтэйгээр хуралдаж, оролцсон гишүүдийн 70-80 хувийн саналаар хэлэлцсэн асуудал батлагдаж байх жишээтэй. Тодруулж хэлбэл, нөгөө 76 гишүүн 70 хувийн ирцтэй хуралдахад 53 гишүүн оролцож, 23 гишүүн хуралдаа оролцоогүй гэсэн үг. Иймд хэн, хэн ямар шалтгаанаар оролцоогүйг мэдээлдэггүй байгаа нь цаанаа нэгэн учир шалтгаантай байдаг биз ээ. УИХ-ын гишүүд өөрсдийгөө хүндэтгэж, нэгэн жигд хувцасласан, цөм цагаан цамц зангиатай байвал аятайхан харагдана. Гэтэл зарим гишүүд зангиагүй, хоолой хэнхдэгээгаргачихсан, гараа эвхчихсэн, шанаагаа тулчихсан нэг л уйтгартай байдалтай сууж харагдах юм. Энэхүү байдал бусдад ямархан санагдахыг бодууштай юм. Бидний үр хүүхдүүд ЕБС-д суралцахдаа сурагчдын формоо өмсөөд, багшийгаа хичээл зааж байхад хоёр гараа зөрүүлж тавиад хичээлдээ анхааралтай нь аргагүй суудаг байтал аав, ээж, эмээ, өвөө болсон УИХ-ын гишүүд маань хуралдаа ямархан байдалтай оролцож байгааг жишээлээд бодоход илүүдэхгүй биз ээ. УИХ-ын Тамгын газраас чуулганы хуралдаанд оролцоогүй гишүүдийн шалтгааныг сандлынх нь түшлэгийн ар дээр бичиж тавьдаг болмоор санагдана.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН