Categories
мэдээ цаг-үе

Д.Амарбаясгалан: Эцсийн хариуцлагыг сонгогчид намтай л тооцдог

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.


-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын алба олон нийтийн анхаарлын төвд байдаг албан тушаал. Та энэ албыг хүлээн авснаас хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна. Тиймээс нэлээд өргөн хүрээнд ярилцана гэж ойлгож байна. Ингэхэд өөрөө ууган энэ намын хэд дэх генсек болж байгаа билээ. Бас яах аргагүй залуу ерөнхий нарийн бичгийн даргын нэг болох байх?

-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Улс төрийн ууган хүчин гэдэг утгаараа ч, уламжлагдан ирсэн дотоод тогтолцооныхоо хувьд ч манай намын ерөнхий нарийн бичгийн даргын ажил бусад улс төрийн хүчнээс илүү анхаарлын төвд байдаг гэдэгтэй санал нэг байна. Үүнд мэдээж түүхэн шалтгаан бий л дээ. Шинэ Үндсэн хуулиас өмнөх тогтолцоонд намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал төрийн тэргүүний ажил байлаа шүү дээ. Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх гээд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд бүгд л манай намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалаар овоглодог байсныг та мэднэ. Шинэ нийгэмд шилжсэнээс хойш ч 2000 он хүртэл намын ерөнхий нарийн бичгийн дарга намын даргын үүргийг гүйцэтгэдэг байсан. Тиймээс энэ бүх түүхэн сэжим өнөөдрийг хүртэл үргэлжилж үе, үеийн манай намын ерөнхий нарийн бичгийн даргын алба чухалд тооцогддог, тэр хэрээрээ бүгд л энэ эрхэм үүргийг нэр төртэй хашихыг хичээсээр ирсэн. Миний хувьд ч мөн адил үүргээ ухамсарлаж байгаа. Насны хувьд залуудаа орно оо. Энэ нь удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх ууган нам хэрхэн шинэчлэгдэж залуусаа дэмжиж чаддагийн нэг нотолгоо болох болов уу.

-Та намаа сөрөг хүчин байх үед нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ер нь сөрөг хүчин байх үед намын аппаратад байх, эрх баригч байх үед генсек байхын хооронд хэр зөрүү байдаг вэ?

-Маш их. 2015 оны арванхоёрдугаар сард МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож байлаа. Манай нам анх удаа сонгууль хариуцсан нарийн бичгийн даргатай болсон. Жижиг 76 тойрог учир тойрогт нэр дэвших намын удирдлагуудын орон зайг нөхөхийг хичээсэн шийдэл байсан. Оновчтой ч алхам байсан гэж боддог.Сөрөг хүчний байр сууринаас ажиллах заримдаа амаргүй ч заримдаа эрх баригч байхаас амар байдаг.

Харин эрх баригч намын тэр дундаа 65 суудалтай намын ерөнхий нарийн бичгийн дарга байна гэдэг өөр асуудал. Эрх баригч намын Удирдах зөвлөлийн шийдвэр Монгол Улсын төр засгийн бодлого болж хэлбэршдэг. Нөгөө талаасаа 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хяналт үнэлгээг намын Удирдах зөвлөл хийх ёстой болно. Иргэд өнөөдрийн төр засаг гэхээс илүү Монгол ардын нам л гэж ханддаг, харьцуулдаг. Тиймээс бид хичээж ажиллах хэрэгтэй байгааг алхам тутамдаа мэдэрч байна. Дээр хэлсэнчлэн 65 гишүүнтэй бүдүүн бүлэгтэй улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол амар биш. Би өнгөрсөн долдугаар сард үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, арванхоёрдугаар сард албан ёсоор болсон гэж үзвэл энэ албыг аваад бараг арван сар болж байна. Цаг мөч өнгөрөх тусам амаргүй алба гэдгийг мэдэрч, тэр хэрээрээ хичээн ажиллаж байна.

-Орон нутгаар явж ажиллаад байгааг тань анзаараад байгаа л даа. Ер нь Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийгээд яваад байна аа даа?

-Тэгж ойлгож болно оо. Намын дэргэдэх стратеги академи, хөндлөнгийн судалгааны байгууллага, төр засгийн шийдвэр гаргагчдын төлөөлөл гээд томоохон баг ажилласан. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн бухимдал, цаашдын чиг хандлага гээд олон зүйлийг газар дээр нь мэдрэх хэрэгтэй. Ингэхгүй бол нөгөө алдарт вакумжих гэдэг өвчинд эрх баригчид дорхноо л нэрвэгддэг. Өнөөдрийн төрийн бодлогын хэрэгжилтэд намын Удирдах зөвлөл дүгнэлт өгөх үүрэгтэй. Маш энгийнээр тайлбарлахад иргэдийн хүлээлт төр засгийн бодлого хоёр нийцвэл намын нэр хүнд өсч, зөрвөл унадаг шүү дээ.Тиймээс мөрийн хөтөлбөрт хяналт үнэлгээ хийж, болохгүй тохиолдолд хариуцлага тооцохоос өөр сонголт байхгүй. Үүнийг ч сонгогдсон, томилогдсон бүх албан тушаалтнуудаас шаардана.Намаас сонгогдсон хийгээд томилогдсон хүмүүстэй ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулж ажиллах болно. Томилолт бол хариуцлага. Нам дотор хариуцлагын асуудлаа ярьж байж ард түмний өмнө дүнгээ тавиулна. Томилсон бол бас татаж болно гэдгийг шат шатандаа анхаарч ажиллах нь зүйтэй. Нам сонгогчдоос санал авдаг, эргээд дүнгээ тавиулдаг. Эцсийн хариуцлагыг сонгогчид намтай л тооцдог.

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Нэг хүн ажилдаа эзэн болж чадахгүй бол тэр хүн гэхээс илүү МАН л гэнэ. Тиймээс энэ бол хамтын хариуцлагын зарчим, нөгөө талаас нийтийн эрх ашиг.

-Зоримог сонсогдож байна. Албан тушаалтнуудын ажлыг дүгнэж, хариуцлага тооцно гэхээр. Улс төрийн намын шинэчлэлийн хувьд олон асуудал цаашид гарах байх. Шинэчлэл гэснээс МАХН МАН болж нэрээ сольсноос болж ялагдсан, энэ нь хэлбэрийн асуудал байсан гээд олон шүүмжлэл байдаг…

-Парламентын тогтолцоотой улс орнуудын хувьд нам сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, төрийн бодлогыг тодорхойлдог. Тиймээс намын шинэчлэл өөрөө улс орны хувь заяатай холбогддог. Манай намын хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэчлэхийг эрмэлзсээр ирсэн улс төрийн хүчин. Мэдээж алдаа онооны аль, аль нь бий. Гэхдээ Монгол Ардын Нам болсон нь хэлбэрийн биш агуулгын шинэчлэл байсан гэдэгт итгэдэг. Ерээд оноос хойш ардчилсан нийгэмд хүн болж төлөвшсөн залуу хүний хувьд өнөөдрийн нийгэмд Хувьсгалт намын Социалист үзэл баримтлал хэр хол явж чадах байсныг төсөөлдөггүй. Мэдээж шинэчлэл өөрөө төлөөстэй. Гэхдээ хэн нэгэн хийх ёстой. Энэ дэвшилтэд өөрчлөлтөд тухайн үед намын хэлтсийн даргын хувьд оролцсондоо сэтгэл хангалуун байдаг.

Ер нь аливаа нам олон нийтээс алсрах тусам суларч, иргэдийн сэтгэлзүйг бодитоор мэдрэх тусам хүчирхэгжин бэхэждэг. Цаашдаа эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, “Олон нийтэд суурилсан (people based), бодлогод тулгуурласан (policy ori­ented ) дэвшилтэт (progres­sive) улс төрийн хүчин болж төлөвшинө. Энэ талаар төлөвлөж, хийж байгаа олон ажил байгаа. Дэлхийн бусад социал демократ чиглэлийн намуудтай ч санал бодлоо солилцсон, ирэх сард олон улсын томоохон хурал хийхээр ажиллаж байна.

-Эрх баригч намын генсек байх амаргүй нь тодорхой ч эрх мэдлийн хувьд тун нөлөөтэй албан тушаал гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Томилгоонууд дээр их оролцдог, бүх төрийн албаныхан, сайдуудад нөлөөтэй байж чаддаг. Гэхдээ элдэв томилгоонууд дээр өөртэй чинь холбоотой яриа төдийлөн сонстоогүй. Анхнаасаа томилгоонуудаас ангид байхаар бодсон юм уу, эсвэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан үе таарсан учраас боломж гарсангүй юу?

-Би ямар ч тохиолдолд эхлээд зарчмаа барих ёстой гэж боддог. Угаасаа миний баримталж ирсэн зарчим ч тэр, нөгөө талаас шинэ залуу үеийн төлөөлөл болж намын өндөр албан тушаалыг хашиж байгаа хүний хувьд зарчим барьж хичээн ажиллах ёстой гэж ойлгодог. Аливаад зарчмаа барьж, шударга, илүү хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрдэг тэр боломжийг нээлттэй байлгах үүднээс хандаж ирсэн, тэгэх ч болно. Өнөөдөр хэн ямар ч эрх мэдэлтэй байсан байж болно, ямар ч албан тушаалд хүрсэн байж болно. Гэхдээ намын өмнө бүгд эрх тэгш хариуцлага хүлээнэ гэдгийг л ойлгох ёстой.

-Намын удирдлагад байгаа хүмүүс эрх мэдлийнхээ хүрээнд бусдад боломж олгож, эргээд өөрийнхөө багийг бүрдүүлдэг жишиг байдаг л даа. Харин та бол арай өөрөөр зарчим гээд яриад байх юм…

-Заавал надаар томилгоонуудад ямар оролцоотой байсныг хэлүүлэх гээд байна аа даа. Үнэнийг нь хэлье. Сонгуулийн үр дүн бидний бодож байснаас ч өндөр гарсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэдийгээр сонгуулийн үеэр судалгааны дүн өндөр гараад байсан ч тэрэнд итгээд тайвшрах эрх байгаагүй. Дандаа дарж, тооцоолж байсан. Гэтэл үр дүн бодсоноос ч өндөр гарсан. Үүний дараа хэсэгтээ хөл толгойгоо олохгүй үе байсан нь бас үнэн. Зөвхөн УИХ-ын сонгуулийн дараах биш аймаг нийслэл гээд зэрэгцээд олон сонгуулийн дүн гардаг болохоор эмхлэх цэгцлэх том ажлууд үүссэн. Богино хугацаанд бүх зүйл бужигнаад л өнгөрсөн. Намын Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс бүх зүйл дээр ороод ингэнэ тэгнэ гээд яваад байх боломж ч байгаагүй, хугацаа ч гараагүй. МАН бүх түвшний ерөнхийлөн захирагчид, аймгуудын шинэ Засаг дарга нар, нийслэлийн Засаг дарга цаашлаад Ерөнхий сайдад баг бүрэлдэхүүнээ бүрдүүлээд ажиллах боломж нөхцөлийг олгосон. Харин ингэж олгосон шигээ хариуцлагыг нэхэх болно. Эрхийг нь авсан шигээ үүргээ ухамсарлаж, биелүүлэх ёстой гэсэн үндсэн зарчмаар асуудалд хандана.

Тухайн албан тушаалд хэн гэдэг хүн яаж, хэний дэмжлэгтэй томилогдсон гэдэг чухал асуудал биш. Гагцхүү тэр хүмүүс МАН-ын өмнө хариуцлага хүлээж ажиллах нь чухал. Сонгуульд МАН оролцсон, дараагийн сонгуулиар МАН ажлаа дүгнүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө, намаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө бүгд хамтран ажиллах ёстой. Одоо бүгд нэг завин дээр суучихсан явна, бид. 2020 гэхэд энэ завьтайгаа хүрэх газраа хүрч чадах уу, сонгогчдын өмнө амласан амлалтаа биелүүлэх үү. Тэр газраа хүрэхийн тулд сонгогдсон, томилогдсон хүмүүсийн хэм хэмжээ, ёс зүй ямар байна, тэд үүргээ биелүүлж байна уу гэдэг чухал. Нэг албан дээр очоод чадсан, чадаагүй хадаастай юм шиг байдаг нь буруу. Хэрэв чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд ажлаа өгдөг байх хэрэгтэй. Түүнээс завьтайгаа бүгдээрээ живж болохгүй биз дээ. Тийм ч учраас үнэлэлт өгч, эргээд хариуцлага тооцдог тогтолцоог хэрэгжүүлнэ гээд байгаа юм шүү дээ.

-Сүүлийн сонгуулиудад гардаж оролцлоо. Ямар учраас ийм адармаатай ажлаа танд даатгаад байдаг юм бэ. Ямар зан чанарт чинь итгэдэг хэрэг вэ?

-Би 2004 оны сонгуулиас эхлээд ямар нэг байдлаар сонгуулийн үйл ажиллагаанд ороод эхэлжээ. 2004 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчтэй ажиллаж, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ажлын хэсэгт орж ажиллаж, 2006 оны нөхөн сонгуулиар ч ажилласан. 2008 онд өөрөө НИТХ-д нэр дэвшиж, бас УИХ-ын сонгуулийн багт орж ажилласан гэвэл бас нэлээд хэдэн сонгуулийн нүүр үзжээ. Тэр дундаа хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлд голлон ажиллаж ирсэн. 2012 онд сонгуулийн хэвлэл мэдээлэл, пиарыг хариуцан ажиллаж байлаа, 2016 онд сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан. Сонгуулийн кампанит ажлыг намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга удирдаж чиглүүлдэг юм. Өнгөрсөн сонгуулиар ч тэгсэн. Манай дарга нар аль аль нь тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн болохоор би голлосон харагдаж байгаа байх л даа. Төв штабт суурин ажиллаж, удирдах хүн хэрэгтэй байсан болохоор намайг туршлагатай гэж үзсэн байх. Надад яагаад итгэдэг юм гэж үү. Би ажлын гүйцэтгэлийг өндөр түвшинд тавьдаг. Энэ бол гэр бүлийн хүмүүжил, миний унаган зан. За бол за, ёо бол ёогүй л байх хэрэгтэй. Чадахгүй бол чадахгүйгээ хэлэх ёстой. Тэгвэл дараагийн арга замаа хүмүүс олно. Миний зарчим ийм. Тэгж ч ажилладаг, хамт байгаа хүмүүстээ ч тийм шаардлага тавьдаг. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой надад итгэдэг байж болох юм. Таныг асуухад ингэж л бодогдож байна даа.

Ер нь аливаа хийж байгаа ажил, гаргах шийдвэртээ өөрийн хувийн ашиг сонирхол, улс төрийн агуулгыг шингээхгүйгээр нийтийн буюу төр, намын үндсэн зорилгоо бодож ажиллах ёстой. Тэр дунд миний жижигхэн эрх ашиг хамаа ч байхгүй. Тэгээд ч нийтийн эрх ашиг хангагдаж чадвал тэр дунд миний эрх ашиг ч хангагдана биз дээ.

-Сонгуульд хэвлэл мэдээллийн чиглэлд түлхүү ажиллаж байсан гэлээ. Өөрөө инженер мэргэжилтэй хүн байх аа. Яаж яваад хэвлэл мэдээллийн салбар руу орчихсон юм бэ?

-Тийм ээ би инженер хүн. Мэдээлэл хэмжлийн электроник, цахилгаан холбооны инженер гэсэн хос мэргэжлээр төгссөн ШУТИС-ийн анхны гурван оюутны нэг. Оюутан байх үеэсээ бусдын адил ажил хийдэг байлаа. Манай гэр бүлийнхний бизнес бол хэвлэлийн салбартай холбоотой. Ерээд оны сүүлээс ах нартайгаа нийлж эхлүүлсэн бизнестээ идэвхтэй оролцож явсаар инженерээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Харин хэвлэлийн салбарын хүн болж хувирсан. Хэвлэлийн компанийнхаа үйл ажиллагааг өргөтгөх зорилготой явсаар чөлөөт хэвлэл эрхлэх болж, улмаар өдөр тутмын сонин хүртэл гаргаж энэ гал тогоонд чанагдах болсон. Энэ ч утгаараа сонин хэвлэл, пиар улс төрийн намын сонгууль гэж явсаар сүүлдээ сэтгүүлч гэж андуурах болтол хэвлэлийн хүн болж хувирсан юм уу даа.

-Яагаад МАН-д элссэн юм бэ. Танай үеийнхэн ардчиллыг дэмжиж тийшээ хошуурч байсан баймаар юм?

-Манай аав Говь-Алтай 60 жил гэсэн хоршооллын намын үүрийн даргаар олон жил ажилласан. Ээж маань насаараа боловсролын салбарт ажилласан хүмүүс л дээ. Би дөрвөн хүүхэдтэй айлын отгон нь. Манай ах, эгч нарын хэн нь ч улс төрийн намын харьяалал байхгүй. Хамаатан саданд маань ч улс төр, нийгмийн зүтгэлтэн байгаагүй. Намайг 18 нас хүрдэг жил одоогийн МҮОНРТ-ийн хойхно байдаг БГД-ийн МАН-ын үүр дээр ээж маань дагуулж очоод намын гишүүн болгосон юм. Одоо бодоход намын сонгуулийн кампанит ажлын хүрээнд идэвхжүүлэлтэд ороод аав, ээж яриад аваачиж элсүүлсэн байх. Насаараа намын үзэл бодлыг түгээн дэлгэрүүлэхэд оролцож явсан хүмүүс ядаж нэг хүүгээ намд элсүүлье гэж бодсон байлгүй дээ. Эхний 4-5 жилд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явсангүй. Оюутан бас хажуугаар нь бизнес эрхэлдэг хүн. Гэвч аандаа намынхаа мөр зэрэгцэн зүтгэж яваа ах нар, найз нөхөдтэйгөө нөхөрлөж, үзэл бодлоо нэгтгэн улс төрийн үйл ажиллагаанд оролцоод эхэлсэн. 2007 оны сүүл гэхэд БЗД-ийн 37 дугаар үүрийн дарга болж, 100 гаруй гишүүн удирдаж байлаа. Цаашлаад нийслэлийн намын хорооны гишүүн, намын бага хурлын гишүүн, намын хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга гэж шат шатаар нь дамжиж явсаар ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байна. Хэдийгээр би нас залуу ч намын гишүүн болоод 17 жил болчихсон бас ч хуучны хүн, намын шат шатны ажлын туршлага чамгүй зузаан гэгдэх учраас ерөнхий нарийн бичгийн даргын албанд залуудна гэж бодохгүй байгаа. Зүгээр ч явж байгаад генсек болчихсон гэж боддоггүй юм аа.

-МАН-ыг хуучинсаг нам гэж үзэх хүмүүс бий. Залуу хүмүүсийг ийм намыг сонгох үед хачирхах хүмүүс ч байдаг?

-Хүмүүс янз янзаар л хардаг байх. МАН-ыг хуучинсаг гэж хардаг хүмүүсийг буруутгах арга байхгүй. Гэхдээ МАН-ыг өөрчлөлт шинэчлэлийг зоригтой хийдэг гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч бий. Ерэн оны ардчилсан өөрчлөлт шинэчлэл болох үед би есөн настай байлаа. Тэгвэл тэр есөн настай хүү 27 жилийн дараа тэр хуучинсаг гэгдээд байгаа намын ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон байна. Харин 1990 онд Ардчилсан намын толгойд байсан хүмүүс бас тэндээ л байна. Тэр үеийн есөн настны хэд нь энэ намд эрх мэдэл, хариуцлага хүлээх албанд байгаа вэ. Ингээд бодоод үзвэл МАН өөрчлөлт шинэчлэлийг хамаагүй хурдтай хийдэг нам гэж би хэлнэ. Ерээд оноос хойшоо хэд хэдэн үе солигдчихсон, социал демократ үзэл баримтлалаа тодотгочихсон, МАХН нэрээ анхны байгуулж байсан МАН нэрээрээ сольчихсон. Ер нь өөрчлөлтийг бол хамаагүй хурдтай хийж байна шүү дээ.

-Та НИТХ-д гурав дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдлоо. Өнгөрсөн дөрвөн жилд цөөнхийн бүлгийг ахалж, Э.Бат-Үүл даргатай нэлээд тулж байсныг санаж байна…

-Нутгийн өөрөө удирдах байгууллага бол маш өндөр хариуцлагатай байгууллага. Иргэдийн хурлын гаргаж байгаа шийдвэрүүд шууд хүний амьдралд нөлөөлж байдаг. Тэр ч үүднээсээ Иргэдийн хурлын шийдвэр улстөрждөггүй, прагматик шийдвэр байх ёстой. Би НИТХ-д намаа олонхи байхад нь ажиллаж байлаа, цөөнх байхад нь ч бүлгээ ахалж ажиллаж үзлээ. Сая бас даргаар ажиллаж байгаад ерөнхий нарийн бичгийн даргын албатай хавсарч хийхэд цаг хугацааны боломж бага байсан тул даргын ажлаа шилжүүлсэн. Э.Бат-Үүл даргыг шүүмжилж, багагүй тулдаг байсан нь өнөөх зарчимтай л холбоотой. Манай нам ч байна уу, өөр нам ч байна уу. Худлаа дүр эсгэсэн байдалтай эвлэрч чаддаггүй. Түүнтэй зөрөлдөх болсон шалтгаан тийм асуудлаас эхтэй. НИТХ-ын шийдвэр хүмүүсийн амьдралтай шууд холбогддог байхад олон жил улс төр хийж, тийм тавцанд явсан хүн хотын дарга болсноор бодит байдлаасаа гажаад ирсэн. Эрхгүй бид шүүмжилж, алдаа дутагдлыг нь хэлэхээс аргагүй болсон. Хотын парламент бол УИХ биш. Тэнд улстөржиж, ард түмэнд таалагдах гэж худлаа хэлж болдоггүй. Гаргасан шийдвэр болгон амьдрал ахуй дээр нь очиж тусдаг. Авлигачдыг чангаар дууддаг хүн өөрөө ч тийм байх ёстой. Тиймээс би ам ажлын зөрүүг нь нэхэх болсон. Хүүгийнх нь барилгын компани дээр хүртэл очиж, хөшигний ард байгаа дүрийг нь ил болгож эхэлсэн. Гэвч бидний шүүмжлэлийг хүлээж авах байтугай үл тоож, асуудал байхгүй мэтээр ажлаа явуулсан. Дагалдагчдад нь хурал дээр усны саваар шидлүүлж, хэлж ярьж байгаа маань хад мөргөх мэт болдог байлаа. Олонхийн хүчиндээ дулдуйдаж, цөөнхөө үл тоосон. Уг нь энэ хүмүүс яагаад ингээд байна, ямар асуудал байна гэж анхаарч үзэхийн оронд Амарбаясгалангийн амнаас гарсан үг бүрийг эсэргүүцэх бодлого барьсан. Энэ бүхэн тэдний алдаа байсан болов уу. Би зарчим барьж шүүмжилж явсан болохоос Э.Бат-Үүл даргын нас намба, улс төрд өнгөрүүлсэн цаг хугацааг нь хүндэтгэдэг. Түүнийгээ ч хэлдэг байлаа. Гэвч цөөнхөө үл тоож, хүч түрэмгийлсэн. Үүнийхээ горыг ч 2016 оны сонгуулиар хүртсэн.

-Олноороо хүч түрэмгийлж яаж асуудал шийддэгийг нийслэл гэлтгүй УИХ дээр ч харж байсан. Одоо АН-ынхан биш та нар тэгэх эрсдэлт нөхцөлд байна. Энэ талаар бодолцож байгаа юу?

-Бодохоор барах уу. Ер нь ямар ч үед сөрөг хүчний үгийг ард түмэн илүү сонсдог. Эрх баригчид ард түмэнд таалагдах, таалагдахгүй олон шийдвэрийг гаргахаас аргагүй байдалд орж байдаг. Сөрөг хүчний үгийг анхааралтай сонсох ёстой юу гэвэл тийм. Үгэн дотроос нь авахаа аваад явдаг. Түүнээс дандаа улстөрждөг гээд үл тоогоод байж болохгүй. Манай намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсч, хүндэтгэж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэр зарчмыг бид баримтлах болно. Сөрөг хүчнийхээ үгийг дөрвөн жил сонсоогүй АН өнөөдөр ямар байдалтай байгааг бид харж байна. Ганц АН, МАН биш ард түмнээрээ, улс орноороо хохирчихоод сууж байна. Өндөр хүүтэй бондыг ямар ч төлөвлөгөө бодолгүй гаргаж, зарцуулалтын тал дээр сөрөг хүчний шүүмжлэлийг нэг ч тусгаж аваагүй. Сөрөг хүчний үг бүрийг аваад байх боломжгүй ч ажил хэрэгч саналыг анхааралтай сонсч, шүүмжлэлийг нь үйл ажиллагаандаа тусгах ёстой. Бид тэгж ажиллах болно.

-Нам албан тушаалтнуудыг шахаж ажиллуулж, хариуцлага тооцно гэдэгтэй санал нийлж байна л даа. Гэхдээ гишүүд, сайд албан тушаалтнуудад намаас шахалт үзүүлнэ гэхээр мөнгө босгоход шахалт үзүүлчих вий гэсэн айдас давхар байна. Гаалийн Х.Баатарыг намаас нь шахаад мөнгө босгуулсан гэдэг дээр генсек нь гарын үсгээ зурсан түүх бий?

-Улс төрийн нам хуульд тодорхой заасны дагуу гишүүд, дэмжигчдийн татвар, хандив, хураамжийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хувь хэмжээ нь ч тодорхой. Энэ байдлаар намын санхүүжилт босч байдаг. Алдаа гарч байсныг үгүйсгэхгүй. Бид илүү нээлттэй, ил тод зарчмаар ажиллана. Ер нь нам, олон нийтийн ажил гэдэг мөнгө гэхээсээ илүү чин сэтгэлийн ажил байдаг юм шүү. Мэргэжлээрээ ажиллах, гэр бүл үр хүүхэд, найз нөхдөдөө зориулах цаг хугацаагаа улс төрийн үйл хэрэгт зориулан ажиллана гэдэг бас их сэтгэлийн хат шаардсан ажил байдаг. Албан тушаалаа ашиглан мөнгө босгодог, албан тушаал зардаг, мөнгө хийдэг тэр байдлыг хаах ёстой. Манай намд албан тушаал зарж, нам дээрээ мөнгө төвлөрүүлж байгаа зүйл байхгүй гэдгийг би бардам хэлнэ.

-Өнгөрсөн сонгуулиар 60 тэрбум босгох төлөвлөгөөний талаар бичлэг явсан даа. Та түүнийг юу гэх вэ?

-Тэр бол сонгуулийн үеийн ядмаг зохиол байсан. Гэхдээ нэг зүйл тодорхой болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд АН өөрөө тийм схемээр ажиллажээ гэж. Нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа хэлэв гэдэг шиг. Мэддэг, гардан хэрэгжүүлсэн хүмүүст ийм зохиол гаргахад амар байсан байх. Сая болж өнгөрсөн АН-ын дотоод сонгуулиар юу болов. Сошиалд хүмүүсийн ил гаргасан тооцоогоор бол АН-ынхан дотоод сонгуулиараа 60 тэрбумыг босгочихсон байна лээ. Албан тушаалаар мөнгө яаж босгодгийг АН-ынхан төгс эзэмшжээ гэж ойлгогдохоор байна. Төрийн албыг хэн төрлийн алба болголоо доо. Бид ийм байдлыг даган дуурайж болохгүй.

-Гэхдээ нэг засаг солигдохоор бүх албан хаагчид солигддог бурангуй байдал газар авлаа. Сайд дарга нь яамай гэхэд энгийн мэргэжилтэн хүртэл ажилгүй болж байна. Завханы Идэрт гарсан хэрэг явдал ийм байдал хэрээс хэтэрсний баталгаа боллоо. Төрийн мэргэшсэн алба хаагчдыг дөрөв, дөрвөн жилээр солиод байх буруу биз дээ?

-Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах ёстой гэдгийг МАН сонгуулийнхаа хөтөлбөрт оруулсан. Үүнийг хатуу хуульчлахгүй бол аль нэг улс төрийн хүчин ялахаар төрийн албан хаагчдыг өөрчилдөг байдал байсаар байна. Завханы Идэр суманд 28 жил төрийн санд ажилласан эмэгтэйг АН-ын суманд ялсан дарга гарч ирээд өөрчилснөөр шоконд орж, түүнээсээ гарч чадахгүй байсаар амиа хорлосон эмгэнэлт хэрэг гарлаа.

-Энэ удаад АН-ын засаглаж байгаа газарт гарсан нь үнэн ч гэсэн тэр энэ гэлтгүй хольж, сольж байна. Тэгэхээр энэ байдлыг яаж өөрчлөх вэ. Намын харьяаллаас бус мерит тогтолцоогоор төрийн албаныхныг үлдээдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

-Хуульчлахаас өөр аргагүй. Одоо Төрийн албаны тухай хууль хэлэлцэгдэж, хаврын чуулганаар батлах гээд явж байна. Энэ хуулийг олон талаас нь сайн бодож хийх ёстой. МАН-ынхан өөрсдөө гарчихаад өөрсдийнхөө хүмүүсийг үлдээхээр хуульчилж, хуулиар хамгаалах гэж байна гэж сөрөг хүчин ярьж байгаа. Гэхдээ үүнийг өнөөдөр хуульчилж төрийн мэргэшсэн алба тогтвортой байх бодлогыг баталгаажуулж авахгүй л бол энэ цааш үргэлжилсээр байх болно. Монгол Улсын Ерөнхийлөгч ч хэлсэн үгэндээ хариуцлагыг хуульчлах ёстой гэсэн. Хуулиар баталгаажуулж явахгүй бол байнга ийм тогтворгүй байдал үргэлжлэх болно.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ямар зарчмаар тодруулах вэ?

-Ерөнхийлөгчид намаас хэрхэн яаж нэр дэвшдэг талаар эргээд харахад 2013 онд намын дарга Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ гишүүн хоёр өрсөлдөж байсан. 2009, 2005 онд намаас нэг хүнийг буюу Н.Энхбаярыг нэр дэвшүүлж байсан. 2001 онд мөн нэг хүнийг өрсөлдөгчгүй нэр дэвшүүлж байжээ. Голдуу намын дарга нарыг өрсөлдөгчгүй дэвшүүлдэг байсан нь харагдана. Энэ удаад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг нам дотроо ярилцана. Намын жирийн гишүүд олноороо санал бодлоо хэлж байна. Нэлээд нь 2016 оны сонгуульд намаа үнэмлэхүй олонхийн ялалт байгуулсан намын дарга М.Энхболд байх ёстой гэж байгаа. Бас УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг дэвшүүлмээр байна гэсэн санал зарим гишүүдээс ирсэн. Өөрийнхөө зүгээс албан ёсоор илэрхийлсэн хүн одоогоор байхгүй. Бид бүхий л саналыг тусган, судалгаанд үндэслэн намынхаа Бага хурал дээр асуудлаа шийднэ. Өөрөөр хэлбэл, манай Бага хурлын 310 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвшихийг шийднэ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорхой, цаашлаад намын дараагийн хуваарилалт Намын их хурлын талаар танай дотор яригдаад эхэлчихсэн байна лээ. Бүр арваннэгдүгээр сард гэж хүртэл тов сонстсон шүү..

-Монголчуудын дунд алаагүй баавгайн арьсыг арав хуваах тухай үлгэр бий дээ. Улс төрийн намын хувьд хамгийн чухал асуудал бол Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ том сонгуульд бид бэлтгэлээ сайн хангаж, сайн оролцох ёстой. Тэр ч утгаараа бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийгээд явж байна. Түүнээс Намын их хурлын талаар яригдсан зүйл байхгүй.

-Өөрийг тань залуу Б.Даш-Ёндон гэж онцолсон байсныг харж байсан юм байна. Ахмадуудаасаа дуурайл авна биз?

-Б.Даш-Ёндон дарга намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 1992-1996 онд манай нам мөн төр барьж байлаа. Тэр үед бас л эдийн засгийн хувьд маш их хямралтай, дээрээс нь 72 гишүүнтэй буюу бүдүүн бүлэгтэй байсан. Нөхцөл байдлын хувьд өнөөдрийнхтэй адил гэмээр юм уу. Тэр утгаар нь адилтгасан байж болох юм. Б.Даш-Ёндон дарга бол манай намын уураг тархи нь болсон гайхалтай хүн. Түүний үгийг үе, үеийнхэн сонсч, зөвлөгөөг нь авсаар ирсэн байдаг. Би ч гэсэн Б.Даш-Ёндон даргыгаа улс төрийн бодлогын зөвлөхөө болгоод өдөр тутмын бодлого, чиглэлээ зөвлөлдөөд явж байна даа. Энэ бас манай намын соёл, төлөвшил, үнэт зүйл юм да.

-Сонгуулийн дараагаас танай намынхан АН-ын хийсэн болгоныг үгүйсгээд, тушаал шийдвэрийг өөрчлөөд явсан. Ингэх шаардлага байдаг юм уу, сайныг нь үргэлжлүүлээд саарыг нь засаад явж болдоггүй юм уу?

-АН-ын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Бид нэг л эх оронтой. Тиймээс тэгж бүх зүйл дээр хандаж, айхтар өндөр авсан зүйл гэж бодохгүй байна. Сайн зүйлсийг цааш үргэлжлүүлээд явуулах нь аль нэг нам гэлтгүй монгол хүн бүрийн үүрэг байх. Түүнээс АН-ын эхлүүлсэн зүйл гээд унагаадаг байж болохгүй. Үүнийг манай намын нэрээр сонгогдсон хийгээд томилогдсон албан тушаалтнууд ч анхаарч ажиллах ёстой. Энэ бол улс эх орны эрх ашиг. Хэрэв асуудалд тэгж хандаж байгаа хүн байвал намын нэр хүндийг унагаж байна гэж хэлнэ. Дахин дахин хэлэхэд сонгогдож, томилогдсон бүх нөхөд эргээд МАН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ ухамсарлах ёстой шүү.

-Төрд бизнесийнхэн бөөнөөрөө орж ирсэн талаар парламентаас парламентад ярьж шүүмжилдэг. Энэ талаар ууган намын залуу генсекээс бодлыг нь сонсмоор санагдчихлаа…

-Бизнесээ явуулахын тулд улс төрд орж ирж болохгүй ээ. Улс төрд орчихоод бизнес хийж болохгүй. МАН-ынхан бол мэргэшсэн төрийн хүмүүс гэж бид бахархан ярьдаг байсан. Тэр итгэл үнэмшил, байр сууриа олж авах ёстой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Та мөнгө хиймээр байгаа бол бизнесээ хий. Төрд ажиллаж байгаа бол төрийн албан тушаалтан гэдгээ ухамсарлаж ажиллах хэрэгтэй” гэсэн үнэхээр үнэн. Тэгж л ажиллах ёстой. Төр мөнгө хийдэг газар биш. Үүнтэй МАН-ынхан тэмцэх ёстой. Бид албан тушаалтан аливаа хэрэгт холбогдвол туйлын анхааралтай хандана. Хэдийгээр шүүхээс гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад бид хариуцлага хүлээлгэх боломжгүй ч томилсон хүнээ буруу зөрүү ажиллаж байгаа эсэхийг нь хянаж, шаардлага тавих хүмүүс байдаг юм шүү гэдгийг сануулчихъя.


Categories
мэдээ цаг-үе

Эрсдэлтэй үргэлж нүүр тулдаг эгэл баатрууд

Монгол орны өнцөг булан бүрт хүрч аврах үйл ажиллагаа явуулдаг цорын ганц бие бүрэлдэхүүн байдаг. Энэ бол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт тусгай анги юм. Тэд сүүлийн таван жилийн хугацаанд 200 гаруй эрдэнэт хүний амийг аварсан ажээ. Энэ цагийн эгэл баатар хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн аврагчдын хуарангаас “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ.

Хурандаа д.Намсрай захирагчтай аврах тусгай ангийн хаалгаар ортол яг л ажилчин шоргоолжнуудын дунд ороод ирсэн мэт санагдаад явчихлаа. Энд ч нэг хэсэг нь зүлэг услаад л, тэнд ч бөөн хүн мужаан, засварын ажил өрнүүлнэ. Ангийн хашааны хойхно талд трактороор залуус хэмжилт хийж байгаа харагдана. Спортын талбай байгуулахаар газрыг нь бэлдэж буй аж. Тус ангийнхан дор бүрнээ л ажил ихтэй байв. Штабын байрны ханан дээр “аврах тусгай анги 1967” гэж уйгаржин монгол бичгээр том гэгч бичсэн нь нүдэнд тод туслаа. Хагас зуун жилийн түүхийн жимийг сонирхуулбал, Монгол ардын цэргийн төмөр замын тусгай батальон нэртэйгээр байгуулагдаж байсан байна. Тухайн үедээ чиг үүргийн хувьд манай улсын тэргүүлэх зэрэглэлийн дэд бүтэц байсан төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцоод зогсохгүй засвар үйлчилгээг нь хариуцдаг байжээ. Төмөр замын дэр мод солих, аюултай, огцом эргэлтүүдийг засварлаж байсан гэнэ. Ингээд 1969 оноос БХЯ-ны харьяа Иргэний хамгаалалтын инженерийн тусгай батальон болсон байна. Тэр үед нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдан гуай “ОХУ-д иргэний хамгаалалтын цэрэг гэж байна. Ер нь бол ямарваа нэгэн дайны цагт иргэнээ хамгаалдаг цэрэг байх нь зүйтэй” гэж үзээд онцгой байдлын албаны суурийг нь тавьж, салбарынхаа хуулийг санаачлан аИХ-аар батлуулсан байна. Тус анги Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад зах зээлийн нийгэмд шилжсэн 1991 оноос Зэвсэгт хүчний 122 дугаар анги гэгдэх болжээ. Харин 2004 оноос буцаад Гамшгаас хамгаалах тусгай анги, 2005 оноос ОБЕГ-ын харьяа тусгай анги болсон байна. Ингээд 2006 онд хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит болж, 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. Тусгайгийнхны онцлог бол агаараас, газар дээр, усан доогуур гээд ямар л гамшиг осол болно, тэр бүгдэд эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг. дээрээс нь тэд онцгой байдлын салбарынхаа урлагийн бүх үйлчилгээг хариуцдаг байна. Тиймээс ангийн захирагч хурандаа Д.Намсрай бие бүрэлдэхүүнээ “4D ангийнхан” гэж нэрлэх дуртай ажээ.

ГАРЫН УР ДҮЙТЭЙ АВРАГЧИД

Аврах тусгай ангид өмнө очиж байсан хүмүүс одоо дахин босгыг нь давбал гайхна. Ажилсаг “шоргоолжнууд”-ын ачаар ангийн өнгө төрх хачин гоё сэргэсэн байна лээ. Балгас байсан, ашиглагддаггүй байшин савнуудаа бүгдийг нь тохижуулчихаж. Цайны газрын үүдний хүйтэн, зэвхий даасан хэсэг байсныг өвөрмөц шийдлээр засварлаж, гэрэл зургийн үзэсгэлэнгийн танхим болгожээ.

Хугацаа нь дуусч ашиглалтаас гарсан шүхрийн материалаар таазаа урлажээ. Мөн өнгө өнгийн модон абажурыг өөрсдөө хийсэн байна. Шалнаас тааз хүртэл шүхрийн уяаг холбож үүн дээрээ гэрэл зургуудаа тогтоожээ. Ханаа цоолж муухай болгохгүйн тулд ийм шийдлийг сонгосон гэнэ. Зургийн жаазнаас авахуулаад энэ бүгдийг аврагчид, аж ахуйн албаныхан хийжээ. Үзэсгэлэнгийн танхимыг тус ангийн ажилтан, албан хаагчдын баярт үйл явдлын сонирхолтой гэрэл зургууд чимнэ. Нийт 200 гаруй зургийн фондтой гэсэн. Энэ танхимтай залгуулаад билльярд, караокены VIP өрөө байгуулжээ. Үүгээр зогсохгүй цайны газрын танхимыг шинэчилж, тайз зассан харагдав. Бас тус ангид ашиглалтын жагсаалтаас гарчихсан байсан жижигхэн байшинг засварлаж, япон маягийн саун болгожээ. Мөн ангийн хашаанд мод суулгаж, цэцэрлэгжүүлсэн байлаа. Бас гадаа ил гал дээр шорлог хийх боломжтой хоёр ч хэсэг газрыг зориулалтынх нь дагуу тохижуулчихаж. Аврагчдын хувьд хөдөө орон нутагт олон хоног үүрэг гүйцэтгэдэг болохоор ямар ч тогоочоос дутахааргүй гал тогоо барьж чаддагаараа давуу талтай. Одоо бүр эднийх япон хоолны хоёр тогоочтой болсон гээч. Ангийн захирагч Д.Намсрай аврагчдаа японы хоолны алдарт тогооч Микогийн сургалтад хамруулжээ. Тэд сүшиг ёстой мэргэжлийн өндөр түвшинд хийдэг болсон аж. “Сүшиний тогоочтой болсон биш хутганы өрөнд орчихлоо” гээд Д.Намсрай хурандаа инээх нь тэр. Биднийг штабын байр руу ороход тэрбээр японоор хэн нэгэнтэй утсаар удаан ярьж дууссаныхаа дараа ингэж хэлсэн юм. Ер нь сүшиг хийхэд зориулалтын гурван төрлийн хутга хэрэгтэй гэнэ. Тэр нь Монголд байхгүй болохоор ангийн захирагч Япон руу найздаа захижээ. Сонирхуулахад, сүшиг зөвхөн эрэгтэй хүн хийдэг байна. Эмэгтэй хүний биеэс их дулаан ялгарч байдаг болохоор загасны амт өөрчлөгдөхөд нөлөөлдөг аж.

ХОРИН ЖИЛИЙН ДАРАА “АМИЛСАН” ТАЙЗ

Штабын байрандаа энэ ангийн суурийг тавьсан Сандивын Равдан гуайн гэгээн дурсгалд зориулсан өрөөтэй юм билээ. Тэр хүнтэй холбоотой түүх намтар, байгуулсан гавьяа, гэр бүл, үр хүүхдүүдийнх нь тухай хүртэл сонин содон баримтууд байв. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Равдан гуай Дорнод аймгийн харьяат хүн юм байна. Гадаадын 20-иод оронд Элчин сайдаар ажилласан, өндөр боловсролтой нэгэн байжээ. Түүний үр хүүхдүүд одоо болтол Аврах тусгай ангитай холбоотой байдаг гэнэ. Жил бүр шилдэг аврагчийг шалгаруулж, мянган ам.долларын шагнал гардуулдаг аж. Тэнд С.Равдан гуайн ач хүү Б.Баяр ирсэн байлаа. Тэрээр өвөөгийнхөө нэрэмжит ангийн Соёлын төвийн нээлтийн арга хэмжээнд уригдан ирсэн нь энэ аж. Бүхэл бүтэн 20 жилийн турш хаалттай байсан Соёлын төвийн тайзны хөшиг өнгөрсөн баасан гаригт нээгдсэн юм. ЗХЖШ-ын харьяа, МУСГЗ хурандаа Ч.Гансүх даргатай Үлгэр жишээ үлээвэр хөгжмийнхөн бүрэлдэхүүнээрээ ирж, урлагийн бүрэн хэмжээний тоглолт үзүүлж, амьд хөгжмийн тоглолтоор танхимын жаврыг үргээлээ. Ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, НОБГ-ын Тамгын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Нийслэлийн аврах ангийн дарга, хурандаа Д.Чинзориг нар ирсэн байлаа. “Түүхт 50 жилийнхээ ойн босгон дээр ирсэн Аврах тусгай ангийнхан гаднах тохижилтоос эхлээд олон ажлыг зохион байгуулсан байна. Тайз нь нурж унах дөхсөн Соёлын төвөө хоёр сар гаруйн хугацаанд өөрсдийнхөө хүч хөрөнгө, санхүүгийн боломжоор өөд нь татаж, үйл ажиллагаа хэвийн явуулах бололцоо бүрдсэнд ОБЕГ-ын удирдлагуудын зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэж Г.Ариунбуян дарга хэллээ. Тус анги амьд хөгжмийн “Тэнгэр” хамтлагтай аж. Хамтлагийн ахлагч нь ангийн захирагч Д.Намсрай хурандаа юм билээ.

Аврагчид энэхүү соёлын төвийнхөө бүх заслыг өөрсдөө хийсэн байна. Шоо хэлбэрийн уналттай тааз нь өвөрмөц харагдаж байв. Соёлын төвтэйгөө залгуулаад зочид хүлээн авах монгол гэр хэлбэрийн өргөө барьж, саяхан ашиглалтад оруулсан байна. Бас хонгилын давхрын харанхуй хэсгийг фитнесс танхим болгож, бүхий л тоног төхөөрөмжөөр хангасан харагдав. Энд аврагчдын бэлтгэлийг Улсын харцага Д.Батболд хийлгэдэг юм байна. Аврагчдын гол онцлог ур чадвараас гадна тэсвэр тэвчээр, бие бялдрын хөгжил сайтай байх ёстой. “4D” ангийн залуучууд тэр аяараа тэвхийсэн ханхар цээжтэй, эрүүл чийрэг, булчинлаг залуус байсан нь дасгалжуулагч багштай яах аргагүй холбоотой юм. Бас аврагчдын биеийн байдлыг тогтмол хянадаг эмч нар, тэдэнд мэргэжлийн холбогдолтой номууд болон сонгодог уран зохиолуудаар хангадаг номын сан ч тус ангид бий.

Ангийн захирагч хурандаа Д.Намсрай

“ДАРЬ ҮНЭРТСЭН ХҮН”

Аливаа албан байгууллагын даргын арын өрөө зөөлөн буйдантай, амралтын маягийнх байдаг. Тэгвэл тус ангийн захирагч албан өрөөгөө хурлын танхим, арын өрөөгөө “cof­fee break” болгосон байв. Харин Д.Намсрай хурандаа өөрөө жижигхэн өрөөнд сэтгэл хангалуун сууж байна лээ. Ер нь штабын байр, түүний өрөө, үзэсгэлэнгийн танхим зэргийг ажиглахад Д.Намсрай хурандаагийн хобби шууд харагдана. Тэрбээр гэрэл зураг авах, тэмдэг цуглуулах сонирхолтой ажээ. Түүний 20 гаруй жилийн хөдөлмөр шингэсэн арвин цуглуулга штабын байрны ханан дээр ярайж, олны нүдийг хужирлана. Тэнд бүх улсын цэрэг, цагдаа, нисэх болон зэвсэгт хүчний байгууллагуудын тэмдгүүд хэдэн зуугаараа тоологдохоор арвин юм билээ. Харин ажлын умгар өрөөнийх нь хана гэрэл зургийн цомгоор битүү бүрхжээ. Хоймортоо Монголын алтан соёмбот бүхий ханцуйн тэмдгийг нандигнан байрлуулсан байна. Энэ бол Маршал Х.Чойбалсангийн өмсч байсан цэргийн формны ханцуйны тэмдэг ажээ. 1939 оны Халх голын дайнд оролцож явахдаа Х.Чойбалсан гарандаа шарх авч, нэгэн сувилагч эмэгтэйгээр эмчлүүлсэн байна. Сувилагч бүсгүйн гар тун ч эв дүйтэй, Маршалд өвдөлт бага мэдрэгдсэн бололтой. Х.Чойбалсан гуай түүнд талархаж, ханцуйн дээрх тэмдгээ хуу татан өгч байсан ажээ. Хожим энэ тэмдгийг сувилагч эмэгтэйн хүү Ганболд гэж хүн Д.Намсрай хурандаад дурсгасан юм байна.

Аврагчид, албан хаагчдын ярьж байгаагаас сонсоход Д.Намсрай хурандаа ёстой хамт олныг бүрдүүлж, аливаа шинэлэг зүйлийг санаачлан хэрэгжүүлэхэд өөрөө үлгэр дуурайл болдог хүн ажээ. Тиймдээ ч ангийн өнгө төрх, аврагчдын ажиллах нөхцөл боломж сайжирсан гэж байлаа.

Д.Намсрай хурандаагийн хувьд 1993 оноос хойш энэ салбартай холбогджээ. Уг нь мэргэжлийн десантын цэрэг аж. Тэрбээр зэвсэгт хүчний 084 дүгээр ангид цэргийн алба хаагаад ОХУ-д Агаар десантын дээд сургуульд таван жил суралцаж төгссөн байна. Түүнийг энэ салбартай холбосон хүн бол Иргэний хамгаалалтын дарга байсан Г.Дамдинсүрэн генерал гэнэ. Ер нь Д.Намсрай хурандаагийн онцгой байдлын салбарт ажилласан он жилүүдийн ихэнх хугацаа нь Аврах тусгай ангитай салшгүй холбоотой юм билээ. Энэ ангийн салбарын дарга, штабын дарга хийж байгаад захирагчаар нь томилогдсон хоёрхон хүний нэг нь аж. Зуд үзсэн мал гэдэг шиг Д.Намсрай хурандаа бол жинхэнэ “Дарь үнэртсэн хүн” гэж Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл тодотгон хэлэх нь ёстой л нэг байгаа оносон үг шиг санагдав. Учир нь Д.Намсрай хурандаа 2001 онд Увс аймгийн Малчин суманд унасан нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн цөөхөн хүний нэг юм. Бүх биеийнх нь 40 хувь нь түлэгдэж үхэл амьдралын зааг дээр ирж байсан хүн. Мөн 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд үүрэг гүйцэтгэж явсан “Ми-8” нисдэг тэрэг осолдоход тэрбээр амьд үлдсэн хүмүүсийг очиж аварч байсан юм. Эрхэм хурандаа энэ тухай ярихдаа “Одоо энэ ослоос амьд үлдсэн хүмүүсийн гурав нь энэ ангидаа ажиллаж байна. Харамсалтайгаар амь үрэгдсэн нөхдийнхөө гэгээн дурсгалыг мөнхжүүлэхийн тулд хийж байсан ажлыг нь үргэлжлүүлж байгаа алба хаагчид нь сайн ажиллаж байна. Би өөрөө ч үхчих гээд, хамт зүтгэж байсан нөхдөө ч алдаад юм юм л үзсэн дээ” гэж нам дуугаар өгүүлэв.

Д.Намсрай хурандаа Монголын шүхрийн спортын холбооны тэргүүн. Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярыг “Пепси” ундааны рекламанд тоглоход нь түүнийг шүхрээр буулгажээ. Энэ үйл явдалд дурсгал болгож аваргын зүгээс өөрийнхөө зургийг Д.Намсрай хурандаад бэлэглэснийг ажлын өрөөнийхөө хананд өлгөжээ. Мөн түүний өрөөнд сумо бөхийн алдартнууд болох Асашёорү аварга, Кёкүшюүзан, Цэвэгням нартай авахуулсан зураг ханыг нь чимнэ. Түүний зураг бүхэн түүхтэй. Тэр дундаас хамгийн хөгжилтэй түүхийг өгүүлэх зураг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном гуайтай авахуулсан зураг байлаа. Д.Намсрай хурандаагийн овог нь Д.Содном гуайнхтай адил Думаа аж. Мань эр ОХУ-д сурч байхдаа сургуулийнхаа захиргаанаас банга хүртжээ. Ингээд захиргааны хурлаар орох гээд байж байтал улс төрийн орлогч нь дуудаад “Чи чинь Думаагийн Содномын дүү биз дээ” гэхэд нь “Дүүрсэн хэрэг гэж бодоод, тийм” гээд хариулчихжээ. Тэгэнгүүт өнөөх хатуу чанга багш нар нь түүний “толгойг илээд” өнгөрөөсөн байна. Сүүлд Д.Содном гуайтай Оросын Элчин сайдын яамны хүлээн авалт дээр таараад “Сайн байна уу ах аа” гэтэл ихэд гайхжээ. Түүний овгийг зээлсэн тухай хөгтэй явдлыг ярьтал Д.Содном гуай бөөн инээдэм болж “Алив нааш ир үнсье” гээд сүйд болж байсан гэдэг. Тэгснээ “Думаа чиний ээж үү, аав уу” гээд Д.Намсрай хурандаагаас асуутал “Ээж” гэж. Д.Содном гуай “Минийх ч бас ээж” гээд түүнийг тэвэрч аван зургаа хамт татуулсан ажээ.

ОЛОН УЛСАД УР ЧАДВАРААРАА ДЭЭГҮҮРТ ҮНЭЛЭГДСЭН АВРАГЧИД

Аврах тусгай анги 220 гаруй албан хаагчтай. Тэдний 20-иод нь энгийн ажилтнууд. Эрэн хайх, агаарын ажиллагааны, тусгай чиг үүргийн гэсэн гурван салбартай. Тусгай чиг үүргийн салбар нь химийн хортой, цацраг идэвхт бодис, хүн малын гоц халдварт өвчин, сум, галт хэрэгсэл зэргийн гамшгийн үед ажилладаг байна. Хамгийн сүүлд гэхэд зүүн аймгуудад дэгдсэн малын шүлхий, Налайхад гарсан хонины цэцэг өвчний голомтод ажилласан байна. Энэ ангийн бас нэг онцлог нь хөгжмийн тусгай бүлэгтэй. Цэргийн ёслол хүндэтгэл, урлаг соёлын үйл ажиллагаанд тэд оролцож, салбарынхаа нүүрийг тахалдаг авьяастнууд юм билээ. Тэгвэл холбооны тусгай бүлэг нь аливаа гамшиг ослын үед аврагчидтайгаа хамт үүрэг гүйцэтгэж, мэдээлэл солилцож, дамжуулах чухал хүмүүс. Техникийн тусгай бүлэг нь болохоор тээвэрлэлт, тусгай зориулалтын техник төхөөрөмжийг хариуцдаг ажээ.

Хаана гамшиг, аюулт үзэгдэл болно эдний аврагчид хамгийн түрүүнд үүрэг аваад морддог. Тэд улс орны хэмжээнд төдийгүй хилийн чанадад ч ажилласан туршлагатай. Таван жилийн өмнө Японы цунами, үүний дараа ОХУ-ын Буриад улсад дэгдсэн түймэр очиж ажилласан бөгөөд аврагчдын ур чадвар олон улсад үнэлэгдэж чаджээ. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Аврах тусгай ангиас хамгийн олон алба хаагч амжилттай оролцдог юм байна. Аврагчдын хувьд ОХУ, Солонгос, Ази Номхон далайн орнуудад очиж, хамтарсан сургалт хийж, бусад орны туршлага судалж, ур чадвараа нэмэгдүүлэхэд анхаардаг ажээ. Аврагчид дандаа л хүн осолдсон газарт хүрч ажилладаг. Тэгэхээр өөрсдийнх нь ч амь нас эрсдэлд орох аюултай. Гагцхүү аврагч хүний онцлог нь ур чадвар, овсгоо самбаа, бэлтгэл сургуулилт байдаг. Мөн багаж, тоног төхөөрөмжүүдээ чадамгай эзэмшсэн байх ёстой гэнэ. Одоо тус албаныхан 5000 гаруй багаж, тоног төхөөрмжийг аврах үйл ажиллагаанд ашигладаг бөгөөд байнгын засвар үйлчилгээ хийдэг гэнэ. Ер нь аврагчдынхаа болоод ард түмнийхээ аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал нь сүүлийн үеийн дэвшилтэд технологи зайлшгүй байх шаардлагатайг тэд ярьж байлаа. Улсын хэмжээнд аврах үйл ажиллагаа явуулдаг цорын ганц энэ ангийн хувьд багаж хэрэгслээр тийм ч хангалттай биш бололтой.

Аврах тусгай ангийн бас нэг бахархал бол Чехэд 4200 метрийн өндрөөс чөлөөт уналтын дасгал хийж шүхрээр буусан залуус аж. Тэднийг М.Билгүүдэй, Г.Тэлмэн гэдэг. Саяхан ОХУ-д мастерын зэрэг аваад ирсэн байна. Онцгой байдлын албанд арав гаруй жил ажиллаж байгаа тэд Монголын шүхрийн спортын шигшээ багийн тамирчид бөгөөд хэт хөнгөн онгоцны нисгэгчээр бэлтгэгджээ. Харин онгоц нь энэ ангид хараахан байхгүй гэнэ. Уг нь ийм онгоцоор үүрэг гүйцэтгэвэл түймэр гарлаа гэхэд тандалт хийж, бага дээр нь барьж авах бүрэн боломжтой юм байна. Одоохондоо тус анги 2000 метрийн өндөрт гарах хүчин чадалтай панатомаар гамшиг аюулт үзэгдлийн тандалтыг агаараас хийдэг ажээ.

Аврагчдын хувьд гүний шумбалтын дээд рекорд нь 50 метр гэнэ. Тэд хэдэн жилийн өмнө шатахуун тээврлэж явсан хоёр хүнд даацын машин Хөвсгөл нууранд живж, манай улсын хамгийн том цэнгэг усны ай сав бохирдох аюул учраад байхад гүний шулбалт хийж аврах ажиллагааг амжилттай явуулсан байна. Ийм гүнд шумбасан аврагчийн хялгасан судаснууд нь хагарчээ. Өөр нэгнийх нь чихний хэнгэрэг гэмтсэн гэнэ. Энэ мэтчилэн эрсдэлтэй үргэлж амь өрсөн тэмцдэг эгэл баатрууд юм, тэд.

Түүхт 50 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа тус ангийн удирдлагуудын зүгээс аврагчдынхаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг хангаж, байнга анхаарал тавьж ажилладаг нь илт харагдаж байлаа. Мөн ангийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал тохиож байгаа нь төр, нийгмийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ой болж буй юм байна. Аврах тусгай ангид эрчимтэй өрнөж байгаа бүтээн байгуулалтууд бол дээрх түүхэн ойнуудад зориулагдсанаараа онцлог гэнэ. Энэ бүгдийг хандив тусламж, дотоод нөөц бололцоогоо ашиглан цогцлоож чаджээ. Цаашид ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ умарталгүй нэр төртэйгөөр биелүүлж, татвар төлөгчдийнхөө урмыг хугалахгүйн төлөө хичээж зүтгэхээ аврагчид маань амлаж байна лээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Дэлгэрням: “Говь повер” компани Г.Дэнзэн болон түүний эхнэртэй хамааралгүй гэдэг нь хангалттай тогтоогдсон

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн долоо хоногт таван өдөр үргэлжлэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жил, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэх, Г.Дэнзэн, “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаа нараас 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямтай ярилцлаа.


-Анх 17 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх үндэслэлээр Г.Дэнзэн нарыг шалгаж эхэлсэн байдаг. Шүүхийн гаргасан шийдвэрийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Улс орон даяар 17 тэрбум төгрөгийн гэх тодотголтойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг өөрийн эхнэр Г.Уянгын нэр дээр “Говь повер” гэх ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг шилжүүлж, улмаар “гаалийн хяналтын бүс шалгаруулах тендер”-т хууль бусаар шалгарч, онц их хэмжээний мөнгө завшсан … гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр нэлээд дуулиан шуугиан болсон гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан таван өдрийн турш үргэлжилж, миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээр дурдсан ял шийтгэл оногдуулсан. Шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэр нь шүүхийн бүрэн эрхийн асуудал гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Нэгэнт энэхүү шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй буюу шүүхийн нээлттэй танхимаар шууд дамжуулагдсан. Тус шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийнхэн хангалттай ажиглаж, бичлэг хийж байгаа харагдсан. Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг дараахь хоёр асуудлаар буруутгасан байдаг. Эхнийх нь 2010 онд Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар “Замын-Үүд” Эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдож, албан тушаал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, өөрийн хамаарал бүхий “NIDB” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан гэж.

Дараагийнх нь Г.Дэнзэнд ямар ч хамааралгүй, Д.Баярмаа гэх эзэнтэй “Говь повер” ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлж, тендерт хууль бусаар шалгаруулан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж тус тус буруутгасан. Эхнийх нь үйлдлийн хувьд Г.Дэнзэнгийн гэм буруутай гэх үйлдэл огт тогтоогдоогүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьсанд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Жишээ нь, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан байдаг байтал улсын яллагчаас тус хэрэгт холбогдон, сэжигтнээр шалгагдаж байсан Н.Э гэх хүнээс авсан гэрчийн мэдүүлэг болон түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтдээ Г.Дэнзэнг буруутгах эх сурвалжаа болгосон нь дээрх хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Мөн Замын-Үүд чөлөөт бүсэд “ГХ” ХХК-иас 179 сая төгрөгөөр буюу үнийн хувьд илтэд зөрүүгүйгээр нийлүүлэгдсэн адил чанар, стандарт бүхий пүү байсаар байтал зөвхөн Г.Дэнзэнг буруутгаад байгаа нь ойлгомжгүй байсан.Хоёрдугаар буруутгаад буй үйлдлийн хувьд, хамгийн гол нь Г.Дэнзэнгийн гэм буруугүй, “Говь повер” ХХК-тай харилцаа холбоогүй, хэн нэгнээс ямар нэгэн мөнгө, хөрөнгийг хувьдаа авч ашиглаагүй гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байдаг. Жишээ нь, бид бүгдийн маш сайн мэддэг нэг зүйл бол “Нотлох баримт эх хувиараа эсвэл эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд л нотлох баримтын шаадлагаа хангадаг” гэх процесс юм. Гэтэл яг л энэхүү шаардлагыг хангаагүй, хаана, хэнээс хуулбарласан нь тодорхойгүй “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г мөн л Г.Дэнзэнг буруутгах гол нотлох баримт болгосон нь ЭБШ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх заалтыг зөрчиж, тус нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээний хуулбарыг нотлох баримтандаа шинжлэн судалсан.

-“Говь повер” компанийн захирал эмэгтэй Г.Дэнзэнг өөрийн компанитай холбоогүй гэдгийг хэлсэн байдаг юм уу?

-“Говь повер” ХХК-ийн албан ёсны эзэн, хөрөнгө оруулагч бөгөөд тус ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж буй Д.Баярмаа гэх эмэгтэй “Говь Повер” ХХК нь миний компани, би энэ компаниа өөрийн төрсөн дүү Баярхүү, мөн өөрийн төрсөн дүүгийн эхнэр Ч.Уянгаагийн нэр дээр анх нэг тэрбум төгрөгөөр Хятад улсын иргэнээс худалдаж авсан, тендерт албан ёсоор зохих журмын дагуу оролцсон, “ЭТТ” ХК-иас өөрсдийн үйл ажиллагаагаа өргөтгөх болсонтой холбогдуулж, манай компаниар гурван тэрбум гаруй төгрөгийн ажил хийлгэсэн, тус ажлыг би өөрийнхөө 47 ажилчин, албан хаагчтай хамтран дээр нь мэргэжлийн чадвартай байгууллагуудаар туслан гүйцэтгүүлж байсан, Монгол Улсад ганцхан байдаг 40 метрийн урттай пүү болон түүнээс гадна 200 тоннын даацтай хоёр пүү, 150 тоннын даацтай хоёр пүү, нийт таван пүү суурилуулж, тусгай захиалгаар угсруулсан найман ширхэг цоо шинэ ковш маркийн хүнд даацын машиныг захиалан авсан, газар маань өөрөө онцгой сайхан байршил бүхий 13,5 га газар байсан бөгөөд тойруулаад өндөр төмөр хашаа, салхины хаалт, газрын доод уландаа нүүрсээр ул дэвссэн байсан. Мөн замын сайжруулалтыг өндөр түвшинд хийсэн, ажилчдын болон гаалийн ажилтан, алба хаагчдын байр, оффисын байр болон тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь чанарын өндөр түвшинд бэлтгэсэн талаараа өнгөт фото зургийн үзүүлэлтүүд болон тэдгээрт зарцуулсан мөнгийг зөвхөн банкаар шилжүүлсэн албан ёсны нотлох баримтуудаа гарган өгсөн. Гэтэл ийм их ажил, үйлчилгээг өчнөөн сарын турш “Говь повер” ХХК-иар “Эрдэнэс Таван толгой” ХК хийлгэчихээд, дараа нь “танайхтай хамтран ажиллах гэрээгээ цуцаллаа” гэсэн утга бүхий мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Байгаа бүхнээ “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгынх нь төлөө зориулсан. Байхгүйгээ бусдаас зээл тавьж, хоёргүй сэтгэлээ зориулсан “Говь повер” ХХК-ийнхан энэ аймшигт гэнэтийн мэдэгдлийг хүлээж аваад, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг болж, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийн өрөөнд Д.Баярмаа уйлаад орсон байдаг. Захирал Я.Батсуурь “Та шүүхэд хандсан нь дээр биз дээ, бид танай компанийн гаргасан мөнгө, хөрөнгийг гаргаж өгч чадахгүй” гэж луу унжсан байдаг. Иймээс өчнөөн хүний амьдрал хувь заяаг нуруундаа үүрч, Монгол Улсдаа хангалттай татвараа төлж, эх орондоо ихийг хийж бүтээж явна гэсэн дэврүүн хүсэлтэй явсан энэ компанийн захирал эмэгтэй арга буюу иргэний шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан байдаг. Тус нэхэмжлэл нь Иргэний хууль болон бусад хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байсан тул шүүгч захирамж гаргаж, Иргэний хэрэг үүсгэн, улмаар хариуцагч тал болох “Эрдэнэс Таван толгой” ХК-иас хүсэлт гарган, шүүх хүсэлтийг хүлээн авч, шинжээч томилж, үнэлгээ хийлгэж, тус үнэлгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэх эрх бүхий байгууллагаар албан ёсны дүгнэлтээ гаргуулсан байдаг. Түүний дараа шүүх хуралдаан болж, тус хурлын сүүл хэсэгт талууд ойлголцож, “Говь Повер” ХХК-иас нэхэмжилсэн үнийн дүнг хасуулж, эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Тус эвлэрлийн гэрээг шүүх баталж, ийнхүү асуудал хуулийн дагуу болж өрнөсөн байдаг. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” ХК нь эвлэрлийн гэрээгээр төлөх төлбөрөө төлөлгүй гурван сар болсон тул арга буюу “Говь повер” ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дөрвөн удаа явагдаж, тус мөнгөө “Говь повер” ХХК авсан болох нь хавтаст хэргийн материал болон бусад баримтаар хангалттай нотлогддог. Шүүх хуралд оролцоод эвлэрлийн гэрээ байгуулж байгаа хоёр компанийн хувьд мөнгөн дээрээ тохиролцоод эвлэрэх эрх нь нээлттэй. Цаашилбал, компанийн актив хөрөнгийн 25 хувиас доош үнийн дүнтэй хэлцэл болон маргааныг заавал ТУЗ-д мэдэгдэж, зөвшөөрөл авах шаардлага байхгүй болох нь компанийн тухай хууль, “Эрдэнэс Таван толгой” компанийн дүрэм гэх мэт олон төрлийн эрх зүйн актуудад тусгагдсан байдаг.

-Тэгэхээр улсад учруулсан хохирол гэгдээд байгаа 5.5 тэрбум төгрөг чинь шүүхийн шийдвэрийн дагуу “Говь повер” ХХК-ийн дансанд шилжсэн мөнгө болж таарч байна уу?

-Тийм ээ. “Говь повер” ХХК-ийн захирал Д.Баярмаа гэх эмэгтэй “Эрдэнэс Таван толгой” компаниас шүүхийн шийдвэрийн дагуу орж ирсэн мөнгөө хаана хаана, ямар гүйцэтгэлд төлсөн тухайгаа маш дэлгэрэнгүй тайлан гаргасан, дансаар мөнгөө шилжүүлсэн байдаг. Үүнийгээ АТГ-д гаргаж өгсөн. Энэ мөнгөн гүйлгээн дотор Г.Дэнзэнд нэг төгрөг ч шилжүүлсэн зүйл байхгүй. “Эрүүгийн хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ” гэх заалт ч байдаг. Иймээс Г.Дэнзэнгийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа. Давж заалдах гомдлоо гаргах болно. Мөн “Говь повер” ХХК шүүхийн шийдвэрийн дагуу өөрийнхөө дансаар мөнгөө шилжүүлээд авчихсан. Г.Дэнзэн нэг ч төгрөг аваагүй нь тодорхой байхад “Говь повер” ХХК-тай хувааж төл гэсэн шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.

-Г.Дэнзэнгийн эхнэр “Говь повер” ХХК-д хувьцаа эзэмшиж байгаа гэх нотлох баримт байдаг гэсэн биз дээ. Гол буруутгаад байгаа зүйл нь энэ гэж яригдаж байсан?

-Ямар ч нотлох баримт байхгүй. Нэг канондчихсон гэрээ гэх зүйл үзүүлээд байдаг. Канондчихсон гэрээ хууль ёсны дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй гэдгийг хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа хуульчид битгий хэл жирийн иргэн ч мэднэ. Үгүй ядахдаа нотариатаар батлуулах ёстой. Гэтэл огт тийм биш. Канондсон цаасыг техник, тоног төхөөрөмж хөгжсөн өнөө цагт хэн дуртай нь хийх боломжтой байх. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгыг “Говь повер” ХХК-ийн эрх шилжүүлсэн гэрээ хийсэн гэж үзээд, буруутгаад байгаа гэрээ нь өөрөө албан ёсны нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар юм.

Ер нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. 284.2.Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ. 284.3.Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх Эрүүгийн хуулийн 284 дүгээр зүйлд заасан заалтын шаардлагыг хангаагүй шийдвэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

-Шүүх хурлын үеэр Шүүх шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг биш хувийн үнэлгээний компанийн гаргасан дүгнэлтийг шийдвэр гаргах гол үндэслэл болгосон. Тэр газрын үнэлгээчин өөрсдийн гаргасан үнэлгээ бүхий дүгнэлтээ хамгаалж чадахгүй байсан гэх мэдээлэл гараад байсан. Энэ талаар?

-АТГ-аас Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтийг “хууль бус дүгнэлт” гэж үзээд ашгийн төлөө байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” нэртэй хувийн байгууллагаар гаргасан дүгнэлтээр үнэлгээ тогтоолгож, түүнийг туйлын үнэн гэж үзсэн нь харамсалтай. Дээрх ашгийн төлөө хуулийн этгээдийг төлөөлж, үнэлгээ гаргасан үнэлгээчин н.Соёлмаа гэх эмэгтэй нь сүүний технологич мэргэжилтэй, эд хөрөнгийн үнэлгээчин гэх мэргэжлээ курсээр эзэмшсэн гэх, тэрээр 2015.06.24-ний өдөр үнэлгээ хийсэн боловч, тусгай зөвшөөрлөө үнэлгээ хийснээс хойш буюу 2015.12.18-ны өдөр авсан, өөрөөр хэлбэл үнэлгээ хийх үедээ албан ёсны эрхгүй этгээд байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн хөрөнгийн үнэлгээчин н.Соёлмаа “Говь повер” компанитай холбоотой асуудлаар үнэлгээ, дүгнэлт хийхдээ Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тухай хуулиа огт уншаагүй гэдгээ өөрөө мэдүүлсэн. Хоёрдугаарт, үнэлгээ гаргахдаа зах зээлийн үнэлгээгээр тогтоосон гэж мэдүүлсэн боловч хэрхэн, ямар аргачлалаар үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй. Үүнийгээ өөрөө хамгаалж чадаагүй. Мөн “Та үнэлгээ гаргахдаа хаана хаанаас үнэ аваад, дундаж үнийг нь гаргасан юм бэ” гэх асуултад хариулж чадахгүй байсан. АТГ-ын мөрдөн байцаагч “Та үнэлгээндээ оруулаарай” гээд холбогдох бичиг баримт өгсөн байдаг. Гэтэл дур мэдээд тэр жагсаалтын заримыг нь хасаад үнэлгээ хийгээгүй орхигдуулсан. Хэрэв энэ үнэлгээчин зөв зүйтэй “Эд хөрөнгийн үнэлгээ” тогтоосон байсан бол Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйлийн хэргийн талаар нотолбол зохих асуудлууд гэж байдаг. Энэ хуулийн хамгийн гол зүйл заалт буюу 80.1.5-т заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирлын хэмжээг зөв тогтоох боломжтой байсан боловч харамсалтай нь тэгж бодитой үнэлгээ тогтоож чадаагүй.

-“Эрдэнэс Таван толгой” компанийн тендер шалгаруулах комиссын таван гишүүн байсан. Зөвхөн нэг хүнийг нь буруутгаж, дөрвөн гишүүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үү?

-“Эрдэнэс Таван толгой” хувьцаат компани өөрөө ашгийн төлөө компани. Тус компани нь Компанийн тухай хууль, өөрсдийн компанийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл анги руу оруулж, гэм буруутайд тооцоод байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болоод байгаа юм. Үүгээрээ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байгаа үйлдэл болсон гэж үзэж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг шүүх хэрэглээгүйг дурдмаар байна. Шүүхээс гаргасан шийдвэр болон бусад нотлох баримтуудын талаар санал бодлоо солилцож байгаа нь зөвхөн өмгөөлөгч миний хувийн бодол, дүгнэлт гэдгийг хэлэх нь зүйтэй байх.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Татвар ба Валютын сангийн хөтөлбөр

Төсвийн тодотгол батлагдах нь тодорхой болчихлоо. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй нөхцөл үүссэн учраас тэгэх ёсгүй, ингэж учиргүй гэж улстөржих хэтээсээ илүүц л дээ. Ерөнхий сайдын хэлж байгаачлан Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлбэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй олон улсын банк санхүүгийнхэн бидэнд үүдээ нээнэ, урсгал нь татраад амь тавих гэж буй гадаадын хөрөнгө оруулалтын талаар таатай мэдээнүүд дуулдаж эхэлнэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн чуулганы хуралдааны үеэр гишүүдэд “Дэлхийд тэргүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай дотоодын санхүүгийн зах зээлд орж ирснээр Монголын нэр хүнд өсөх, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломж нэмэгдэх, хямд өртөгтэй эх үүсвэрийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгох, цаашлаад урт хугацааны хөгжлийн зээл, төгрөг-юанийн своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг сунгахад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Цаашид ч энэ байдал хэвээр хадгалагдана” гэсэн тайлбар хийнэ лээ. Санал нэг байна, ийм боломжууд бидний өмнө нээгдэх нь үнэн. Товчхондоо Валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүй шалтгаан нэгэнт үүсчихсэн. Хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц бидэнд байхгүй.

Гэхдээ “Юманд учир суманд гичир” гэж үг бий. Валютын сангаас ногоон авах зорилготой төсвийн тодотгол нэг л биш гэдгийг дээр, дооргүй шүүмжилж байна. Наад захын жишээ гэхэд баргийн дарамтыг тэвчээд өнгөрдөг бизнес эрхлэгчид нэгдэж тэмцэхээ дуулгалаа. Тэднийг төлөөлдөг Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс мэдэгдэл гаргачихлаа. Компанийн эзэд төсвийн тодотголыг энэ хэвээр нь баталбал татвараа төлөхгүй шүү гэдгээ хугацаа зааж байгаад зарлав. Нэмэгдсэн татвар төлж нуруугаа авахуулснаас татвар төлөөгүйнхээ төлөө торгуулдаг хоногийн 0.01 хувийн алдагдлыг төлсөн нь дээр гэж үзэж байгаа бололтой. Арга чаргатай бол хэн ч илүү мөнгө алдаж алданги төлөх гарц сонгохгүй. Аргагүйдээд сонгосон гарц болов уу гэж харагдаж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл дан ганц компаниудад ачаа болохгүй. Авдаг хэдээ байрны лизингдээ бараад дуусч буй иргэдэд дарамт нэмэх учраас үйлдвэрчний эвлэл бас дуугүй суусангүй. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараар оролдох юм бол ажил хаялт зарлана гэчихлээ. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын татварыг нэмэх санал гаргасан төр зардлаа хэдэн зуун тэрбумаар өсгөсөн учраас энэ удаагийн тодотгол “хэрүүлийн алим” болсон хэрэг.

Энэ удаагийн тодотгол Валютын сангийн даалгавраар гэсэн тамгатай болохоор Сангийн сайд ам бардам “Валютын сан ингэж даалгасан учраас бид төсвөө ингэж тодотголоо” гэсэн тайлбар хийж сууна. Валютын санд орох сураг бидэнд “Сезам хаалгаа нээ” гэдэг шиг л сонсогдсон. “Али Баба ба дөчин дээрэмчин” дээр ингэж хэлэхээр эрдэнэс нуусан агуйн үүд нээгддэг дээ. Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл бидэнд “эрдэнэсийн үүд” нээгдэнэ. Валютын сангийн амлаж буй 440 сая ам.доллараас гадна Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас гурав орчим тэрбум ам.доллар орж ирнэ. Нийтдээ таван тэрбум гаруй ам.долларын сураг дуулдаж буй. Хамгийн түрүүнд ам.долларын ханш суларч, төгрөг чангарна гэсэн сайн мэдээ бий. Валютын ханшийн галзууралгүй орчин гэдэг бол бизнес хийх таатай суурь гэх мэт эерэг тайлбарууд дуулдаад эхэлчихсэн. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тухайд Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх зургаа дахь хөтөлбөр. Хугацаа нь 36 сар. Харьцангуй урт хугацаатай, хүү багатай гэсэн давуу талтай. Гэхдээ “Үнэгүй бяслаг хавханд бий” гэдэг шиг энэ их мөнгө бидэнд зүгээр ирэхгүй. Товчхондоо хариуд нь төлөөс өгөх учиртай мөнгө.

Тэтгэвэрт гарах нас маань нэмэгдэнэ, дээр дурдсанчлан нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар өснө. Мөнгө нь хэрэгтэй ч татвараа нэммээргүй байдаг. Шуудхан хэлэхэд хүсэл, хясал зэрэгцчихээд байна. Энэ талаас нь харахаар УИХ-ын гишүүд төсвийн тодотголыг нэгэн дуугаар батлахгүй нь эхнээсээ л тодорхой байсан. Төрийн өмчийн компаниудаа ашигтай ажиллуул, алдагдалтайг нь хувьчил гэх мэтээр төр өмчийнхөө компаниудад шударгаар, зах зээлийн зарчмаар хандах хэрэгтэй гэж дуугарсан гишүүн цөөнгүй байлаа. Энэ талаар нэлээд жинтэй үг хэлсэн нь Л.Энх-Амгалан гишүүн. Түүний “Өмч хувьчлалын орлогыг төсвийн орлогод бүртгэхгүй байгааг дэмжихгүй. 100 гаруй төрийн өмчит компани бий. 11.3 тэрбумын алдагдалтай ажилласан. 2012 онд 187 тэрбумын ашигтай ажилладаг байсан. Хувьцаа эзэмшигчдэдээ 8.4 тэрбумын ногдол ашиг хуваарилдаг байсан ч одоо 1.5 тэрбумын ногдол ашиг хуваарилсан. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид 2012 онд 40300 хүн ажилладаг байсан бол өнгөрсөн онуудад 455618 болж нэмэгдсэн. Ялсан намын компани болж хувирдгийг нь болиулъя. Удирдлага, менежмэнтийг цоо шинэ шатанд гаргаж ирэх ёстой. 10 их наядын хөрөнгөтэй компани байдаг ч өгөөж нь тэг” гэсэн үг анхаарал татаж байв.

Гишүүдийн шүүмжлэлд өртсөн өөр сэдвүүд гэвэл хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл ба тэтгэврийн нас, нэмэх нь төрийн тансаглал. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг дэмжихгүй. Хувь хүний орлогын албан татвар нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бүлгийнхэнд хамаарч байгаа. Хоёр ч төрлийн татвар нэгэн зэрэг нэмэгдэх болж байна. Ингэвэл иргэдэд дарамт нэмэгдэнэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Тэтгэврийн насыг 65 хүргэхээр хатуу хуульчлан тогтоосноос сонголтыг нь өгчих. Хүссэн нь 60 насандаа тэтгэвэртээ гараг, цааш ажиллая гэсэн нь 65-тайдаа тэтгэвэртээ гарч болно” гэж байв. Монгол компаниудын дундаж нас арав гэсэн судалгаа байдаг юм билээ. Арван жил ажиллаад дампуурдаг, алга болдог нь олон гэсэн үг. Тэгэхээр тэтгэврийн нас нэмэгдвэл хувийн хэвшилд ажилладаг хүмүүс хохирч таарна. Төрд ажиллагсдад халгүй ч олонхи иргэдэд халтай заалт гэдгийг эндээс төвөггүй харчихаж болж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудал дээр УИХ-ын гишүүн Х.Баделхан “Эдийн засаг хүндрэлтэй үед дарамт учруулна. Үйлдвэр аж ахуйн газрууд хүнд байдалд байгаа учраас анхааралтай хандах хэрэгтэй. Төсвийн байгууллагад хүндээр нөлөөлөхгүй. Уул уурхайнханд том нөлөө үзүүлэхгүй. Хөнгөн үйлдвэрийнхэнд хүнд тусна” гэж байр сууриа илэрхийлж харагдсан. Эдийн засгийн үзүүлэлтүүд дажгүй байхад татвар нэмэхээс өөр арга алга гэж мөрөө хавчих нь буруу гэх шүүмжлэл ч давтамжтай дуулдсаныг дурдахгүй өнгөрч болохгүй.

Төрийн тансаглалыг шүүмжилсэн гишүүдийн нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат. Д.Эрдэнэбат гишүүний “Төрийн зүгээс хувийн унаа, агентлагийн дарга нараа хасахгүй байж, татвар нэмж, иргэдийн нуруун дээр ачаа тохохоо боль” гэсэн шүүмжлэлд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Та бүхний тавьсан өр. Одоо матрын нулимс унагаж, ард түмэнд худлаа хайр зарлаад яах вэ” гэсэн хариу өгнө лээ. Сангийн сайдын хувьд хэтэрхий улстөржсөн жижиг хариулт өглөө энэ тэр гээд шүүмжилж болж л байна. Тэтгэврийн нас нэмлээ гэх шүүмжлэлд “Олон улсын жишгээс тэтгэврийн насаараа хоцрох гээд байна” гэсэн хариу өгснийг нь сонсоод “Олон улсын жишигт хүрэхээр амьдрах, ажиллах, бизнес хийх орчин бүрдүүлж өгсөн бил үү” гэх мэтийн тайлбар өгмөөр санагдсан. Гэхдээ одоо Сангийн сайдыг ийм тийм гэж шүүмжилж, чи, би гэж улстөржиж суух цаг биш.

Төр нь хасмаар тансаглалаа танаж, татвар дээр бизнес эрхлэгч, жирийн иргэдээ туйлдуулчихгүй шиг ухаалаг хандаж, хуучин машин гэх мэт улс даяар нөлөөлөөд байхааргүй татварууддаа анхаарч, аль аль талдаа хохирол гомдол багатай хувилбарыг олоод урагшлахаас өөр зам бидэнд байхгүй.

Валютын сан шаардсан учраас төсвийн тодотголоо ингэж хийхээс өөр гарц олдсонгүй гэсэн тайлбарыг засгийн зүгээс өгч байгаа. Яг үнэндээ эрх баригчид өнөөг хүртэл валютын сан яг ямар шаардлага тавьсныг цагаан дээр хараар бичсэн баримт, нотолгоотой нь хэнд ч харуулаагүй. Валютын сангийнхны тухайд үрэлгэн зардлаа тана, нэмж болох татвараа өсгөх ч юм уу, ямар нэг аргаар төсвийнхөө орлогыг өндөр болго гэсэн ерөнхий чиг өгсөн байх. Лав л төрд зардлаа хэдэн зуун тэрбумаар өсгө гэж зөвлөөгүй болов уу. Дахиад хэлэхэд аль аль талдаа учраа ололцох зам л бидэнд үлдсэн. Мэдэгдэл гаргаад байгаа бизнес эрхлэгчдээс голлох хэдийг нь сонгоод валютын сангийнхантай хэлэлцээрийн ширээний ард сууж яагаад болохгүй гэж. “Төрийн ордонд суугаа тансаг амьдралтай улстөрчид Баянхошуунд зүдрүүхэн амьдардаг Дулмаагийн амьдралыг ойлгохгүй байна” гэж ирээд шүүмжилдэг шиг ОУВС-гийн эдийн засагчдад Монгол гэдэг улсын дотоод зовлон үнэндээ хол сэдэв. Тэр зовлонг нь хэлэх хүмүүсээ хөтөлж аваачаад валютын сангийнхантай уулзуулчихад болохгүй юмгүй. Энэ мэт бодитой гарц олж чадахгүй, хөнжилдөө хөлөө жийлцээд байвал өнөө гоё “Сезамын хаалга” эргэж нээгдэхгүйгээр хаагдана. Хаагдчихвал дампуурлаа зарлахаас өөр сонголт бидэнд үлдэхгүй.


Categories
мэдээ нийгэм

“Оффшорчдыг эсэргүүцсэн жагсаал суултаар үргэлжиллээ” сурвалжлага нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өдрийн сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрний гол нийтлэлээр “Ааглаж сагсуурсан дэд сайдуудаа цомхотгохгүй байж Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан тамирчдынхаа цалинг хасна гэдэг ёс жудаггүй асуудал биш үү” нийтлэл хэвлэгдлээ.

Нэгдүгээр нүүрт Драмын театрын залуу гэр бүл Г.Алтангэрэл, Г.Номуун нарыг сонины уламжлалт булан “Танайд өнжье”-д урин оролцууллаа.

Улс төрийн хоёрдугаар нүүрт оффшорын хуулийн ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай хийсэн “Оффшорын хууль сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хамааралтай” ярилцлага нийтлэгдлээ.

Улс төрийн тавдугаар нүүрт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирал Г.Ганболдтой хийсэн “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван толгой” компаниуд ашигтай ажиллаж, иргэн бүр ногдол ашиг хүртэх боломжтой болно” ярилцлага нийтлэгдлээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “17 настай хүү аавыгаа хутгалж амь насыг нь хөнөөжээ” эрэн сурвалжлах нийтлэл хэвлэгдлээ.

Үндсэн хуулийн эх баригч Б.Чимидийн өөрийн гараар бичиж үлдээсэн захиасыг та 10-р нүүрээс уншаарай.

“Ус нөхөгддөг ч дуусашгүй баялаг биш” ярилцлагыг 16-р нүүрээс сонирхон уншаарай. ШУА-ийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын Усны шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор Ч.Жавзантай энэхүү сэдвээр ярилцжээ.

23-р нүүрийн “Өөрөөс нь” буланд зохиолч Г.Жамъяантай хийсэн “Надад үзсэн, хүнд хэлчихмээр нууцалж явсан элдвийн юм бий” ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр саяхан “Сөрж, сөхөрч туулсан хорвоо” хэмээх шинэхэн номоо гаргасан юм.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 82,5% нь хамгаалах бүс хэрэглээгүй байжээ

Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, зорчигчдын 64,4% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 19,1% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 16,5% нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй гэсэн үзүүлэлт гарчээ.

Харин амь насаа алдсан хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээнээс харахад 4,2% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82,5% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 13,3% нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй, тогтоогдоогүй гэсэн судалгаа байгаа юм.

Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга, цонхыг мөргөж толгойдоо хүнд гэмтэл авч амь насаа алддаг байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дах хэсэгт “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг. Зарим жолооч нарын хувьд өөрөө хамгаалах бүс зүүсэн хэдий ч зорчигчдод хэрэглэхийг шаарддаггүй байна. Дээрх байдал нь орон нутгийн замд осол гарахад нөлөөлөн иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байна.

Иймд жолооч, зорчигч та автомашиндаа суугаад аюулгүйн бүсээ заавал бүслээрэй. Айдасгүй, аюулгүй амьдрал таны гарт.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад ял эдэлж буй монгол иргэдийн тоо 171-д хүрчээ

Гадаадад ял эдэлж буй монгол иргэд зурган илэрцүүд

Манай улсаас гадаад улс орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийн хувьд хулгай, хар тамхины хэрэгт ихэвчлэн холбогддог гэсэн тоон судалгаа гарчээ. Тодруулбал, энэ оны эхний гурван сарын байдлаар гадаадад ял эдэлж буй иргэдийн тоо 171-д хүрсэн байна. Эндээс 25 хувь нь хар тамхи, 30 хувь нь хулгай, 20 хувь нь танхай, 20 хувь нь хүн амины хэрэг үйлдсэн бол таван хувь нь бусад төрлийн гэмт хэрэгт холбогджээ.

Саяхан Герман улсад ажиллаж амьдардаг монгол залуу тус улсын хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хороосон цуврал аллага ч гэж хэлж болохоор хэрэг гарсан.

Мөн энэ оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсын 12 иргэн гадаадад ямар нэг шалтгаанаар нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнгөрсөн онд манай улс Хятад улсаас хоёр, Казахстан улсаас нэг ялтанг эх оронд нь ялыг нь эдлүүлэхээр авч иржээ. Нийт 10 орчим иргэдийг ялтан шилжүүлэх гэрээгээр өнгөрсөн хугацаанд авчирсан байна. Ялтан шилжүүлэх гэрээг манай улс одоогоор 56 улстай байгуулсан бөгөөд эдгээр улс орнуудад ял эдэлж буй иргэддээ хүсэлт ч явуулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, та энэ ялаа эх орондоо эдлэх сонирхолтой байна уу гэсэн хүсэлт явуулжээ. Тухайн иргэн зөвшөөрсөн тохиолдолд гэрээний дагуу Засгийн газрын төвшинд яриа хэлэлцээ явагдаж улмаар шилжүүлэх эрх үүсдэг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний хэмжээнд гэмтлийн тусламж, үйлчилгээг сайжруулна

Сүүлийн жилүүдэд түлэгдэлтийн тохиолдол ихсэж түүнээс шалтгаалсан нас баралт өндөр байгаатай холбогдуулан түлэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг дээшлүүлэх мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн гэмтлийн эмч, Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын эмч нарт цахим сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар:

· Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын

тасгийн үйл ажиллагаа

· Түлэнхийн ерөнхий ойлголт, эмчилгээ, эрт үеийн шингэн сэлбэх эмчилгээ,

· Хүүхдийн түлэгдлийн эмийн эмчилгээний тун хэмжээ

· Түлэгдэлтийн үеийн өвдөлт намдаалт, тээвэрлэлтийн үед анхаарах зүйлс

· Түлэгдэлтийн урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

ЭМЯ, ГССҮТ-өөс зохион байгуулсан уг цахим сургалтыг цаашид уламжлал болгон зохион байгууллахаар болж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван минутын дүрэлзсэн их уур хилэн

Ид хийж бүтээх насан дээрээ залуус гэмт хэрэг үйлдэж, олон жилийн эрх чөлөөгөө хасуулдаг. Тэр тусмаа залуус хүн амины хэрэг үйлдэж, 15-20 жилийн хорих ялаар шийтгүүлж буй гэмт хэрэг жил ирэх тусам өсч байгаа нь харамсалтай. Тэдний ноцтой хэрэг үйлдсэн шалтгаан нь ердөө л хэдхэн минутын дүрэлзсэн их уур, омог, хийж байгаа үйлдлээ хянаж чадаагүйгээс болсон байдаг. Залуус найз нөхөдтэйгөө нийлж архи, согтууруулах ундаа хэрэглэж, баар цэнгээнийн газар ордог. Ингэхдээ хэн нэгэнтэй ялихгүй зүйлээс болж маргалдан улмаар зодолддог. Ямар ч зодоон ердөө 3-5 минутын хооронд л болж өнгөрдгийг мэргэжлийнхэн тогтоосон байдаг. Гурван минутын уур хилэнгээ барьж дийлээгүйгээс хүн амины хэрэгтэн болж, амьдралдаа хэзээ ч арилшгүй хар толботой болж үлддэг.

Мөн ид хийж бүтээх, хайрлаж дурлаж, эхнэр, үр хүүхэдтэй болох хугацаагаа төмөр торны цаана өнгөрүүлэх болдог. Гэмт хэрэгтэн болж эрх чөлөөгөө хасуулсан залуусын олонхи нь “Талийгаач намайг янз бүрээр хэлж, доромжилсон. Үүнээс болоод гэнэт уур хүрч, зодолдож эхэлсэн. Маш богинохон хугацаанд бүх зүйл болоод өнгөрсөн” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Саяхан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хүний амь насыг хөнөөсөн мянга орчим гэмт хэрэгтнээс судалгаа авсан байна лээ. Судалгаанд хамрагдсан хоригдлуудын 90 гаруй хувь нь хэдхэн минутын уур хилэнгээ тэсвэрлэж чадаагүйгээс болж хүний амь нас хөнөөсөн талаараа ярьсан байна. Саяхан гэхэд цэргийн баяр тэмдэглэж явсан найзууд хоорондоо зодолдож байгаад нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан. Гэмт этгээд уураа барьж дийлээгүйгээс болоод талийгаачийг ширээний тавцангаар цохиж аминд нь хүрсэн байдаг. Энэ мэт хоромхон зуурын уураасаа болж олон мянган залуус гэмт хэрэгтэн болж байна. Тиймээс ялангуяа залуус найз нөхдөө харж онгирч, хэт дэрвэх, мөн хэдхэн минутын дүрэлзсэн их уур, омгоо дараад сурчихвал өөрийнхөө эрх чөлөөг болоод бусдын аз жаргалыг ч бүрэн хамгаалж, хадгалж үлдэх юм шүү.


Categories
мэдээ нийгэм

381.6 мянган га-д үр тариа тариална

2017 онд улсын хэмжээгээр 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийнэ.

498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаанбуудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна.