Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд мэргэжил сурталчлах өдөрлөг болж байна

Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулиас зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөг нь СУИС-ийн элсэгчдэд зориулсан мэргэжил сурталчлах хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн 16.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит уг өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.

Өдөрлөгт тус сургуулийн оюутнууд өөрсдийн бүтээлүүдээ танилцуулж байгаа бөгөөд зарим нэг бүтээлүүдээс нь худалдан авах боломжтой юм байна. Хувцас дизайн, уран бичлэг, уран сийлбэр, зураасан зураг, уран баримал, уран дархан, уран зураг, Монгол зураг, монументаль уран зураг, чимэглэх урлаг, арьсан урлагийн урлангийн оюутнуудын бүтээлүүдээс сонирхох боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Дурсгалын зургаа татуулав

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах уулзалт Төрийн ордонд болж байна. Санал асуулгын хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан 750 оролцогч оролцож байна. УИХ-ын дарга уулзалтыг нээж үг хэлсний дараа оролцогчид их эзэн Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зургаа татуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоожээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн шилжилт хөдөлгөөнийг зогсоожээ. Сонгуулийн тухайн хуулийн 66.2 дэх хэсэгт зааснаар “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” гэж заажээ. Үүний дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж.

Харин иргэдийн шилжилт хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр буюу зургадугаар сарын 27-ны өдөр сэргээж, хэвийн үргэлжлүүлэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Намжим: Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар Засгийн газар зохисгүй шийдэл бүү гаргаасай

Монгол Улсын сайд асан, ШУА-ийн жинхэнэ гишүүн, ШУ-ы гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Академич Т.Намжимтай ярилцлаа.


-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох талаар яриад нэлээд удлаа. Ярьснаараа бол аль хэдийнэ байгуулагдаад, бүтээгдэхүүнээ гаргаад ирэхээр хугацаа болчихсон. Одоогийн байдлаар таны ярьдаг япончуудтай хамтарсан төслөөс өөр төсөл байгаа юу?

-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох явдал үнэхээр шаардлагатай тулгамдсан асуудал гэдгийг бүгд л мэдэж байгаа. Манайд одоогийн байдлаар Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар бэлтгэгдсэн төслөөс гадна “Сод Монгол” компанийн шугамаар Сайншандад Газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай яриа байгаа дуулдана. Тус компанийн захирал нь Энэтхэгийн банкнаас авахаар зөвшилцсөн нэг тэрбум ам.долларын зээлийг авч, Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр барихаар сайд дарга нартай яриад явж байгаа юм байна гэж ойлгосон.

-Дарханы төсөл юунаас болоод урагшлалгүй өдийг хүрчихэв. Юу нь болдоггүй юм бэ?

-Дарханд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл саатаж эдүгээ хүрсэн явдал өнөөгийн тогтолцоо, эрх баригч, төрийн түшээдийн улс эх орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавих сэтгэл, ухамсар, мэдлэг дутсантай холбоотой. Гэхдээ энэ төслийг тодорхой хугацаанд саатуулсан нэг учир холбогдлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банкны буцалтгүй зардлын санхүүжилтээр хийгдсэн энэ төслийн ТЭЗҮ-д тусгагдсан графикийн дагуу Дарханд уг үйлдвэрийг Японы тухайн банкны экспортын харьцангуй таатай нөхцөл бүхий зээлийн хөрөнгөөр 2009-2012 онд барьж ашиглалтад оруулах ёстой байсан.

Гэвч манай улсад 2009 онд тохиосон санхүүгийн хямралын улмаас ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт орсон, улмаар зээлийн хязгаарлалтын хориг тавигдсан учраас 2012 он хүртэлх хугацаанд баригдах боломжгүй болсон юм.

-Хэрэв тооцоолж байснаараа үйлдвэрээ байгуулчихсан байсан бол ямар ашиг авчрах байсан бол. Тооцоолол байгаа л байх даа?

-Хэрэв Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, 2012 онд ашиглалтад оруулсан бол жилд дунджаар 1.6 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, улсын төсөвт 576 тэрбум төгрөгийн татварын орлого оруулах байсан тооцоо байна. Тэгэхээр өнгөрсөн болон өнөөгийн найман жилийн нийлбэр дүнгээр 12.8 их наяд төгрөгийн Нэмүү өртөг бүтээх, 4.6 их наяд төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт оруулах боломж алдагджээ. Энэ үйлдвэр маань ашиглалтад орчихсон байсан бол өнөөдөр УИХ, Засгийн газар эдийн засгийн хямрал, хүндрэлийг яаж давах вэ гээд яриад сууж байхгүй л байсан юм. Шинэ Засгийн газар байгуулагдаад есөн сар болсон ч энэ төслийг урагшлуулах ямар ч шийдэл гаргаагүй болохоор бидний алдагдсан боломжийн тооцоо нэмэгдсээр л байна гэсэн үг.

-Гэхдээ энэ Засгийн газар чинь Газрын тос боловсруулах тал дээр тогтоол шийдвэр гаргаад ажиллаад байгаа юм биш үү?

-Сүүлийн үед Засгийн газрын гаргаж байгаа тогтоолыг анхааралтай харж байна л даа. 2017 оны хоёрдугаар сард Энэтхэг улсын банкны нэг тэрбум ам.долларын зээлийн хөрөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай, гуравдугаар сард газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хүрээнд 100 хувь төрийн өмчит компани байгуулах тухай хоёр удаа тогтоол гаргасан байна.

Тэрхүү хоёр тогтоолоор чухам хаана барих асуудлыг шийдээгүй байна. Энэ үйлдвэрийн тухайд байршил тун чухал. Тиймээс байршлын асуудлыг, тэдгээр төслүүдийн ТЭЗҮ, судалгаа тооцоог харьцуульж үзсэний үндсэн дээр төрийн өмчит тодорхой нэр, хаяг бүхий компани байгуулах асуудлыг шийдэх нь зүйн хэрэг болов уу. Сайншандын хувьд ТЭЗҮ байхгүй, судалгаа тооцоо дутмаг байгаа нөхцөлд Дарханы төсөлтэй харьцуулалт хийх боломжгүй байж болох юм.

-Байршил яагаад чухал байдаг, ийм төрлийн үйлдвэрийн байршлыг тогтоодог ямар үндсэн зарчим байдаг юм бэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн байршлыг регионал эдийн засгийн шинжлэх ухааны арга зүй болон олон улсын хэмжээнд тогтсон нийтлэг хэв туршлагын үндсэн дээр хоёр зүйлийн зарчим, шалгуурыг баримтлан тогтоодог зүй тогтолтой. Нэг дэх нь нефть боловсруулах үйлдвэрийг олборлодог газарт бус, чухамдаа бэлэн бүтээгдэхүүний хэрэглээний төв бүст байгуулдаг. Тэгэхээр олборлож байгаа Тамсагт барих нь зөв гэж бодоод байгаа нь буруу ойлголт. Манай улсын бензин шатахууны хэрэглээний 85 орчим хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Төв, Сэлэнгийн бүс нутагт ногддог учраас үйлдвэрээ энэ бүс нутгийн нэг тулгуур төвд байгуулах ёстой юм. Үүнд Дархан шууд нийцдэг. Харин Сайншанд бол Улаанбаатараас 450 км, Дарханаас 670 км, Эрдэнэтээс 830 км зайтай болохоор бензин шатахууныг хол зайд тээвэрлэх төмөр замд ихээхэн ачаалал, хэрэглэгчдэд зардал, чирэгдэл үүдэх сөрөг талтай болно.

Хоёр дахь шалгуур бол үйлдвэрийн бүхий л шаардлагыг хангах дэд бүтцийн иж бүрэн нөхцөл бүрэлдсэн газарт байгуулдаг. Манай орны бензин шатахууны ойрын ирээдүйн хэрэглээг хангах, жилд хоёр сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэрийн 45 мВт цахилгааны, хоногийн 5000 тонн цэвэр усны хэрэглээг хангах боломжтой, магистрал төмөр зам, авто зам дээр байрладаг төв суурин газар бол Дархан хот гэдгийг төр засгийн эрхэм түшээдэд ойлгуулах нь чухал болсон байна. Сайншандад ийм төрлийн үйлдвэр ажиллуулах эрчим хүчний болон цэвэр усны эх үүсвэр, техникийн байгууламж байхгүй. Ялангуяа усны хэрэглээг шийдэх боломж огт байхгүй.

-Дарханы үйлдвэр баригдвал жилд ямар хэмжээний түүхий тос боловсруулна гэдэг билээ?

-Жилд хоёр сая тонн, хоногт 44 мянган баррель түүхий тос боловсруулахаар ТЭЗҮ-д тусгасан. Энэ хэмжээ манай улсын шатахууны ойрын хэрэгцээг л хангах юм. Түүнээс бага бол хангаж чадахгүй, эдийн засгийн үр ашиггүйгээс гадна дагаад зохих стандартыг хангасан бүтээгдэхүүн гарахгүй байх талтай. Дарханд барих үйлдвэрт Японы нефть химийн үйлдвэрийн мэргэжлийн хамгийн том компани болох Чиёда корпораци, үйлдвэрлэлийн бүрэн циклийн техник төхөөрөмжийг нийлүүлж, барилга-угсралтын ажлыг “түлхүүр гардуулах” нөхцлөөр гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгөх тохиролцоотой байгаа юм. Ийнхүү Японы техник технологиор барьснаар, олон улсын дээд зэрэглэлийн стандартад тэнцэх, хар тугалга, хүхрийн хорт агуулгагүй бензин шатахуун үйлдвэрлэнэ.

-Дарханы төслийн хөрөнгө оруулалт хэрхэн шийдэгдсэн байдаг, одоо яригдаж байгаа төслүүд ямар хэмжээнд явж байгаа бол?

-Японы JBIC Банкны боловсруулсан ТЭЗҮ-д Дарханы төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд харьцангуй урт хугацаатай (10 жил), бага хүүтэй (2.39 хувь) экспортын зээл олгохоор тусгасан тохиролцоотой байгаа юм. Мөн Монгол, Японы Засгийн газрын хооронд 2013 онд байгуулсан Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт (2013-2017) Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны (JBIC) болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр Монголын Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлж байгуулахаар заасан. Харин Сангийн сайдын саяхны ярилцлагаас харахад Сайншандын төсөлд Энэтхэгийн банкны нэг тэрбум долларын зээлийг ашиглах, мөн Хятадаас нэг тэрбум долларын зээл авах хэлэлцээр явагдаж байгаа юм билээ. Ер нь нэг тэрбум ам.доллар бол манай шатахууны хэрэглээг хангах хэмжээний хүчин чадалтай олон улсын стандартын техник технологитой үйлдвэр болон түүхий тос, бэлэн бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц хадгалах резервуар савны паркийн хамтаар байгуулж дийлэхгүй. Шаардлагатай хөрөнгө оруулалтын гуравны хоёрт хүрэх хөрөнгө л дөө. Сайншандын төслийн хувьд ТЭЗҮ нь хийгдээгүй учраас хаанаас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө нийлүүлэх, хэрхэн барьж байгуулах асуудал тодорхойгүй нь мэдээжийн хэрэг байгаа.

-Энэ үйлдвэрийг барилаа гэхэд түүхий тосоор хангана гэдэг том асуудал шүү дээ. Үүнийг яаж шийдэх вэ. Дарханы үйлдвэрийн хувьд Монголоосоо биш гаднаас оруулах тухай яриад байдаг нь ямар учиртай юм бэ?

-Мэдээж, Монголоосоо олборлосон тосоо боловсруулбал нэн сайн. Гэхдээ Хятадын компанийн манай нутагт олборлож буй газрын тосны 20 гаруй хувь нь Монголынх, үлдэх 80 шахам нь Хятадынх. Хэдийгээр Монголын газар нутгаас гаргаж авсан тос ч гэсэн олон улсын зах зээлийн үнээр авах учраас хилийн гаднаас авч байгаатай адилхан гэдгийг хэн хүнгүй ойлгох учиртай. Зүүн бүсийн Тамсагийн сав газарт хийж байгаа Хятадын Петро Дачин Тамсаг компанийн олборлож байгаа түүхий тос манай шаардлагыг хангах хэмжээнийх байж чадах уу гэдэг хамгийн том үзүүлэлт. Түүхий тосны ашиглах нөөцийн талаас нь авч үзвэл, Тамсагийн сав газарт 40 орчим сая тонн ашиглалтын нөөц тогтоогдож батлагдсан юм билээ. Өнөөг хүртэл олборлосон болон 2020 оныг дуустал олборлох тосыг хасч тооцвол 30 орчим сая тонн буюу арван хэдэн жил л ашиглах түүхий тосны нөөц үлдэх тооцоотой байгаа юм. Бас жилд нэг сая тонн орчим түүхий тос олборлож байгаагаа нэмэгдүүлэх хэдий ч 1.5 сая тонноос хэтрэхгүй гэж мэдэгдсэн учраас жилийн 2 сая тонн түүхий тосны манай хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй. Манайд үйлдвэр байгуулагдлаа ч Хятадын тал түүхий тосоо нийлүүлэх магадлал бага. Учир нь цаанаа улсын үйлдвэртээ урт хугацааны гэрээгээр нийлүүлж байгаа. Манай мэдлийн 20 гаруй хувь гэдэг нь 240-360 орчим мянган тонн шүү дээ.

Бас нэг бэрхшээл байдаг нь тэндээс наашаа тээвэрлэх зам тээврийн нөхцөл байхгүй. Ер нь автозамаар түүхий тос тээвэрлэнэ гэвэл зардал асар өндөр болно, төмөр зам барина гэвэл наад зах нь 2,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Дамжуулах хоолойны талаар бас яригддаг. Унгарын “EUROIL” компанийн хийсэн урьдчилсан судалгаагаар гэхэд л энэ нь ихээхэн зардал чирэгдэлтэй, төвөгтэй болох нь тогтоогдсон юм билээ. Тээвэрлэлтийн тухайд иймэрхүү шалтгаантай. Нөгөө талаас Тамсагийн түүхий тос нь зуурамтгай бөгөөд царцамтгай. Тийм болохоор түүхий тосны урсах чанарыг сайжруулахын тулд их хэмжээний шингэлэгч бодис буюу нафта, керосин, мөн тосны царцах хэмийг бууруулахын тулд мөн тусгай бодисыг нэмэх шаардлагатай гэсэн тооцоо бий.

-Тэгвэл дотоодоосоо түүхий эдээ авахгүй гэвэл хаанаас авах нь илүү дээр гэж?

-Мэдээж хойд хөрш. Монгол улсын болон ОХУ-ын Засгийн газрын хооронд, мөн хоёр улсын холбогдох компаниудын хооронд, түүнчлэн Монгол, Японы холбогдох яам, корпораци, компанийн хооронд буюу гурван түвшинд түүхий тос нийлүүлэх харилцан тохиролцооны баримт бичиг байгуулагдсан байгаа. Дарханд баригдах үйлдвэрийн хувьд Иркутскийн нефтийн компанийн шугамаар нийлүүлэхэд нэг тонн түүхий тосны тээврийн зардал Наушка-Дарханы хооронд 3 ам.доллар хавьцаа байх юм. Хэрэв Тамсагаас түүхий тосыг төмөр замаар тээвэрлэнэ гэж бодвол нэг тонн түүхий тосны тээврийн зардал 30-35 ам.доллар байх тооцоо гардаг л даа. Импортын түүхий тосны тээврийн зардал дотоодынхоос арав дахин хямд болдог. Энэ харьцуулалт тоог харахаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс газрын тос боловсруулах үйлдвэрт дотоодын газрын тосыг ашиглах тухай 2014 онд гаргасан зөвлөмж нь эдийн засгийн тооцоо үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй өрөөсгөл хандлагаар гаргасан буруу үйлдэл юм билээ.

-ОХУ-аас манайд түүхий газрын тос нийлүүлэхгүй гэсэн яриа байдаг. Та үүн дээр ямар хариулт өгөх вэ?

-Зарим хүн зориудаар ийм худал хуурмаг яриа гаргадаг байх. Гэтэл бид нэгэнт албажуулж, бичиг баримт дээр гарын үсгээ зурчихсан. Ер нь олон улсын нийтлэг журмаар өөр хоорондоо дайны байдалтай болж харьцаа нь хурцадсан улс орнууд л нөгөөдөө газрын тос нийлүүлдэггүй жишиг байдгаас өөр тохиолдолд тийм зүйл байдаггүй. Хэрэв тэгж түүхий тос нийлүүлэхгүй юм бол, ах дүүгийн найрамдалт харилцаатай байсан хоёр улсын хоорондын харилцааг хэн гэдэг дарга, сайдын үед ингэтлээ муудуулсан хэрэг вэ гэж хариуцлага ярих хэрэгтэй болох байх. Тэгээд ч ОХУ олон жилийн хүчин чармайлтынхаа хүчинд саяхан Дэлхийн худалдааны байгууллагад гишүүн болсон. Ийм орны хувьд Монгол Улсад газрын тос нийлүүлэхгүй гэсэн асуудал байхгүй л дээ.

-Таны хэлж байгаагаар Дарханы төслөөр үйлдвэр баригдахад бүх зүйл бэлэн байгаа гэж та хэлэх гээд байна аа даа. Яг юун дээр гацаад байдаг юм бэ?

-Дарханы үйлдвэрийн техникийн зураг төслийг эцэслэн боловсруулах гэрээг Чиёда компанитай 2015 оны дөрөвдүгээр сард байгуулсан ч уг ажлыг хийх боломж бүрдэхгүй байсаар өнөөг хүрээд байна. Яагаад гэвэл, Японы тал Монголын өнөөгийн Засгийн газар өмнөх бүтэлгүй Засгийн газрын алдааг засч, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухайд зөв шийдэл гаргана гэж найдан хүлээж байгаа. Уг нь аливаа зүйл шударгаар шийдэгддэг сэн бол Дарханы төсөл бол бэлэн төсөл. Дарханы төслийн ТЭЗҮ, БОНҮ болон бусад Япон, Монголын талуудын хооронд хийсэн гэрээ хэлэлцээр зэрэг баримт бичгүүдтэй танилцсан зарим сайд, УИХ-ын гишүүд, төр засгийн ажилтнууд “Энэ чинь бэлэн төсөл юм байна шүү дээ, яагаад хэрэгжүүлж болдоггүй юм бол доо” гэж гайхаж байдаг юм.

Сайншандад барина гэдэг бүтэл муутай, сүүлдээ үр дүнгүй юм болно. Ийм янзаар манай улс 2030 он хүртэл нефть боловсруулах үйлдвэртэй болж чадахгүй нь гэх хүмүүс ч олон байна. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн намрын чуулганы нээлтийн үгэндээ “Тамын тогооны үлгэр хэлэлцэхээ хойш тавьж, гацаанд ороод байгаа томоохон төслүүдийг хөдөлгөх цаг нь одоо болсон. Дөрвөн жил өнгөрсний дараа, хийж амжаагүйдээ халаглан харамсч суухгүйн тулд хурдтай ажиллах шаардлага УИХ, Засгийн газрын аль алинд нь тавигдаж байна” гэж хэлэхийг нийтээрээ л сонссон байх. Дарханы төсөл бол яг тийм тамын тогооны үлгэрийн эргүүлгэнд орчихсон байгаа юм л даа.

-Дарханы төсөл Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар хэрэгжих учиртай төсөл. Тэдний зүгээс энэ байдлыг юу гэж хардаг бол?

-Таны асуусан үнэхээр сэтгэл зовоож буй асуудал. Японы Засгийн газар, Монгол Улсыг нефть боловсруулах үйлдвэртэй болгох зарчмын бодлогоор энэ төсөлд хандсан юм. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны гуравдугаар сард манай улсад айлчилсан үедээ энэ төслийг хэрэгжүүлэх асуудалд онцгойлон анхаарал тавьсан байдаг. Тэгээд ч хэдэн сарын дараа Монгол, Японы Засгийн газрын хооронд байгуулсан Стратегийн түншлэлийн анхны дунд хугацааны хөтөлбөрт “Японы JBIC банкны болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр Монголын Дарханд газрын тос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлэн барьж байгуулна” гэсэн зарчмын заалт тусгагдсан байгаа. Энэ төслийн Техник-эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, техникийн зураг төсөл, үйлдвэрийг барьж байгуулах гэрээ, хэлэлцээрийн баримт бичгүүд Японы банк, корпорациудын оролцоотой хийгдсэн, хөрөнгө оруулалтын санхүүжилт, инженер-техникийн ажилтныг сургаж бэлтгэх асуудал бүгд Японы тусламж дэмжлэгтэй шийдэлд хүрсэн юм. Япончууд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн гол асуудлыг шийдэх том бодлогоор Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх шийдэл гаргаж, бэлтгэлийг хангаж ирсэн. Япон бол үргэлж манай том хандивлагч байж ирсэн. Одоогийн хүндрэлтэй үед ч 850 сая ам.долларын буюу ОУВС-гийн амласан мөнгөнөөс бараг хоёр дахин их хэмжээтэй нэн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Гэтэл манай улсын Засгийн газар, Япон улсын талаас үзүүлж буй энэ тусч үйлсэд нь “хариу” болгож байгаа юм шиг зөрүүлээд Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар бэлтгэгдэж ирсэн “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” Төслийг хэрэгжүүлэх явдлаас татгалзах явдал гаргаж хараахан боломгүй юм даа.

Та бидний энэ ярилцлагын төгсгөлд онцолж хэлэх зүйл бол Засгийн газрын удирдлага, УИХ-ын эрхэм гишүүд маань газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах байршлын тухайд шударга бус өрөөсгөл хандлагаар үндэслэл тооцоо муутай, улс орныхоо эрх ашигт алдагдал хохирол учруулахаар эндүү ташаа шийдэл бүү гаргаасай гэж залбирах байна.


Categories
мэдээ цаг-үе

Микрофон хэрэглэхгүй ч хамгийн арын суудалд сууж байгаа үзэгчдэд ч хүргэхээр дуулах нь бидний үүрэг

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай ярилцлаа.


-“Травиата” дуурийн 40 жилийн ой өнгөрсөн амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Та энэ дуурийн ямар дүрийг хэзээнээс амилуулж эхлэв. Энэ тухай уншигчидтайгаа хуваалцахгүй юу?

-Анх 1977 онд дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Травиата” дуурь Монголын тайзнаа мэндэлсэн түүхтэй. УДБЭТ-ын хамт олон тус дуурийнхаа 40 жилийн ойг тэмдэглэн амжилттай тоглолоо. Тоглолтын үеэр “Травиата” дуурийг тавихад оролцсон үе, үеийн уран бүтээлчид ирсэн нь онцлууштай байлаа. Би энэ дуурьт гол дүрийн эмэгтэй болох Виолеттад тоглосон. Виолетта бол дэлхийн саппрон хоолойтой дуучин бүрийн хүчээ сорихыг хүсдэг дүр л дээ. Энэ дүрийг манай театрын тайзнаа хамгийн анх Х.Уртнасан гуай амилуулсан байдаг юм. Түүнээс хойш дөрөв дэх үе нь би. Миний хувьд тав дахь жилдээ энэ дуурийг дуулж байна. Харин “Травиата” дуурийнхаа 40 жилийн ойн тоглолтоор Виолеттагийн дүрийг амилуулсандаа маш их баяртай байна. Хариуцлагатай басхүү азтай тохиол гэж ойлгож байгаа.

-Та театртаа ажиллаад хэр удаж байна вэ?

-Миний хувьд 2002 онд Соёл урлагийн их сургуулийг төгсчихөөд 2003 онд дуурийн театрт дуучнаар орсон юм. Тухайн үед театрт орж буй дуучдыг найрал дуунд дуулуулж, дадлагажуулдаг байсан л даа. Одоо бол тийм биш. Би зургаан сарын турш найрал дуунд дуулж байгаад гоцлол дуучин болж байсан юм. 14 жил өнгөрчихсөн байна шүү. Хэрэв хүний хувь, заяаг бурхан зурдаг бол минийхийг урлагтай салшгүй холбоотойгоор л зурсан юм байлгүй гэж боддог юм. Хүүхэд байхын л урлагт дур, сонирхолтой хүүхэд байлаа даа. Мөн аав, ээж минь сайхан дуулдаг учраас нөлөөлсөн болов уу.

-Таны хувьд театраас гадна хувийн уран бүтээл дээрээ ажиллаж байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

-Хувийн уран бүтээл гэвэл гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн баяраар тоглолтоо хийсэн. Харин энэ жилийн театрын уран бүтээл маань “Травиата” дууриар эхэлж байгаа. Мөн цаашлаад ирэх тавдугаар сард миний дуулдаг дууриуд тавигдсан. Тийм учраас дуурийн бэлтгэл их хийнэ. Мэдээж хувийн уран бүтээлүүдээ амжуулалгүй яахав. Зарим дуунуудаа клипжүүлэх мөн ятгын Мөнх-эрдэнэ эгчтэй хамтран сонин, содон уран бүтээл хийе гэж бодож байгаа. Иймэрхүү төлөвлөгөөтэй байна даа.

-Таны мэргэжлийн багш бол МУГЖ Д.Банди гуай. Энэ хүний шавь нараас дуурийн урлагт хувь нэмрээ оруулж яваа хүмүүс цөөнгүй гэдэг юм билээ?

-Тийм шүү. Би яах аргагүй Монгол улсын гавьяат жүжигчин, дэд профессор Д.Банди багшийн шавь. Багшийн минь эрдэм, ухааныг өвлөсөн олон сайхан шавь нь УДБЭТ-д гоцлол дуучнаар ажилладаг. “Травиата” дуурьт л гэхэд Альфредод тоглож буй Б.Батжаргал багшийн минь шавь байна. Их олуулаа дуурийн театрт ажиллаж байгаа даа. Энэ бол багшийн минь бидэнд сэтгэл зүрхээ гарган байж зааж сургасных нь ач гавьяа гэж бодож байна. Ер нь бол дуурийн театрын нэг үеийг бэлдээд өгчихсөн гэхэд хилсдэхгүй болов уу. Мөн манай төгсөлтөөс гэхэд олон сайхан дуучин төрсөн. Од дуучин ихтэй анги гэхэд болно шүү (инээв). Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин Бат-эрдэнэ, Буриадын ардын дуучин, театртаа гоцлол дуучнаар ажиллаж байгаа Н.Мөнхзул, мөн Хишигбаяр гээд л сайхан дуучид бий.

-Та гадны орнууд руу явж дуулах тухайд ямар бодолтой байдаг вэ. Санал ирвэл явах уу?

-Мэдээж дуулалгүй яахав. Хувь хүн өөрийгөө дэлхийн зах зээлд гаргаж байгаа менежмэнт гэсэн үг шүү дээ. Тухайн хүн дуурийн дуучин хүнд байх чадваруудыг эзэмшээд л болно, бүтнэ гэж байвал болохгүй зүйл байхгүй. Боломж, чадвар нь байвал хэн ч аль ч газрын театрт очиж дуулах нь нээлттэй. Манай залуучууд гадагшаа гарч дуулж байгаа нь олзуурхууштай хэрэг. Манай Монголын дуурийн дуучид маш мундаг гэж бид боддог. Тийм ч учраас дэлхийд тоогдож байгаа болов уу. Дэлхийн дуучид нэг төрлийн дууриа дуулаад нэг жил аялан тоглодог. Харин манайхан нэг жилд олон төрлийн дуурийг дуулж байна. Мэдээж үзэгчдэдээ чадвар, чансаатай хүргэхийн тулд уран бүтээлчид маань хичээж ажиллаж байдаг. Манай дуучдын хоолойн өнгө арай л өөр, тослог. Техник гэхээсээ байгалийн өнгө байгаа нь ажиглагддаг юм.

-Ер нь дуурийн дуучны бусад дуучдаас ялгагдах онцлог нь юу юм бол?

-Дуурийн дуучин бол хамгийн их ачаалал даах чадвартай. Дуулаачийн хамгийн дээд хэлбэр нь дуурийн дуучин гэж хэлж болно. Нийтийн болоод поп дуунд түүртэхгүй юм шиг надад санагддаг. Яагаад гэхээр нийтийн дуучин хүн гурван бадаг дуу дуулж байхад бид гурван цаг тайзан дээр дуулахад бэлтгэгдэж байдаг. Микрофон хэрэглэхгүй ч хамгийн арын суудалд сууж байгаа үзэгчдэд ч хүргэхээр дуулах нь бидний үүрэг. Басхүү тийм чадварыг эзэмшдэг. Тийм учраас хоолойгоо бид тордож байх хэрэгтэй юм.

-Дуурийн дуучин өөр төрөл, жанраар дуулахад хоолой нь эвдэрдэг гэж ярьдаг. Энэ хэр үнэн бол?

-Биднийг нийтийн дуу ч юм уу, ер нь өөр чиглэлээр дуулахыг хатуу хорьдог байсан. Оюутан байх үед хоолойгоо эвдэнэ халтуур хийж дуулж болохгүй гэнэ. Халтуур хийж байгаад баригдах юм бол баларлаа л гэсэн үг. Барагтай бол халтуур хийхгүй учраас ээж, аавынхаа явуулсан мөнгөөр л бүх зүйлээ зохицуулдаг байсан даа. Ер нь дууриас өөр төрлөөр дуулж болохгүй, тийм дектатуртай байсан даа. Одоо бол хамаагүй болсон юм шиг байна лээ. Гэхдээ биднийг оюутан байх үед хүмүүс эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр зэргийг одооных шиг нүсэр, сүртэй тэмдэглэдэггүй байсан юм. Шинэ жилийг л харин арай дээр тэмдэглэдэг байж. Тэр үед багш нараасаа нууцаар ганц, нэг арга хэмжээнд дуулна. Оролцож байсан арга хэмжээнүүдээс санаанд хамгийн тод байдаг нь багш нарын баяраар Соёлын төв өргөөнд дуулж байсан минь л юм даа. “Тоска” дуурийн ари дуулах гэтэл даашинз байдаггүй. Манай Банди багш дуурийн театр луу Ардын жүжигчин Б.Жавзандулам эгчид хэлж л дээ. Харин Б.Жавзандулам эгч их гоё алтлаг шар даашинз өгч билээ.

-Тоглолтоор хөдөө орон нутгаар хэр их явдаг байв?

-Манай анги Төв аймгийн оюутнууд ихтэй. Тийм болохоор ангийнхаа хүүхдүүдийн сум руу нь явж тоглолт хийчихээд явна. Мөнгө төгрөг олно гэдэг нь ч худлаа л даа. Явсан зардлаа олоод л ирвэл болдог байлаа. Бас нэг удаа Багануур луу явж билээ. Тухайн үед шороон замтай байсан юм. Шороон замаар хэдэн цаг явж байгаад наана нь байдаг нэг суман дээр хэсэг амсхийдэг юм байна. Хэсэг суугаад явчихсаныг ч хэлэх үү, хөшсөн амьтад цэцэрлэг дотор нь орж тоглох юм болов. Янз бүрийн тоглоомуудтай. Хэдэн нөхөд саваагүйтэж байгаад миний гарыг хугалчихаж билээ. Оюутан хүүхдүүд байсан болоод ч тэр үү, дэггүй байж дээ. Одоо ангийн хэдтэйгээ таарахдаа “Хөөш, гар эвлүүлж өгөөрэй” гээд л цаашлуулна. Их дурсамжтай санагддаг юм.

-“Классик жем” хамтлаг дахин нийлж уран бүтээл хийх болов уу. Анх хэрхэн хамтлаг болж уран бүтээл туурвиж эхэлсэн юм бэ?

-Дуурийн театрт орсныхоо дараа хамтлагтай болж байлаа. 2005 оны үед юм байна. Гурван жил маш идэвхтэй уран бүтээлээ туурвиж, үзэгчдэдээ танигдсан. Их хурдан хугацаанд хүмүүст танигдсан шүү. Манай хамтлагийн хоёр гишүүн ОХУ-д сурдаг байсан юм. Тэр хоёр маань амралтаараа ирээд л бид хэд театрын нэг давхрын цонхон дээр сууцгаачихсан. Хамтлаг байгуулаад “Эх орон” дууг эхлээд дуулцгаая гэж ярьж байсан үе минь саяхан мэт санагдаж байна. Улс төрийн “Үүрийн туяа” хамтлагийн дуу шүү дээ. Бид сэргээж, шинэчилж дуулсан юм. Ер нь манай хамтлаг гурван жилийн турш маш их юм хийсэн шүү. Бүх л аймгуудаар явж тоглолтоо хийсэн. Нийтдээ гурван цомог гаргаж, нэг бие даасан тоглолт хийж байлаа.

Миний хувьд хамгийн түрүүнд хамтлагаасаа гарсан. Театртаа гоцлол дуучнаар ажилладаг учраас хэт хувийн уран бүтээлээ хөөгөөд явж болохгүй л дээ. Хэтэрхий өөр чиглэлээр дуулаад байх нь дуурийн дуучны хувьд зохимжгүй байдаг учраас хамтлагаасаа гарсан. Одоо бүгд тус тусынхаа ажлыг хийгээд явж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Жавзан: Ус нөхөгддөг ч дуусашгүй баялаг биш

ШУА-ийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын Усны шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор Ч.Жавзантай ярилцлаа.


-Монголын ус судлалын салбарын сүүлийн үеийн сонин сайхныг дуулгахгүй юу. Та өөрөө ямар төрлийн судалгаа, бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би усны чанар судлалаар ажилладаг. Бид Монголын бараг бүх томоохон голын усны чанарын судалгааг хийж байсан ба одоо ч судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа. Говийн бүсийн усны чанараар мөн ажиллаж байна даа. Бас цэнгэг усны гол эх үүсвэр болсон Хөвсгөл нуурын өвлийн судалгаанд яваад ирлээ.

-Хамгийн түрүүнд нийслэлчүүдийн ундны усны чанар ба хатуулаг ямар байгааг асуух хэрэгтэй байх?

-Нийслэлчүүдийн ус хангамжийн эх үүсвэр нь Туул голын аллювийн хурдаст гаргасан олон цооногуудын ус юм л даа. Энэ ус бол маш сайн чанартай. Гэхдээ ус дамжуулах шугам хоолойн насжилттай холбоотой хэрэглэгчдэд очихдоо зарим тохиолдолд зэв зэрэг механик хольц илэрч байгаа нь нууц биш. Бид крантаа онгойлгохгүй олон хоносны дараа нээхэд зэв гардаг нь ийм учиртай. Шугам хоолойг солих замаар механик хольц, зэвийг арилгах, усыг халдваргүйжүүлэх ариутгах талаар гадны дэвшилтэт технологийг судлах ажил хийгдэж байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хатуулагтай усны судал нэлээдгүй тааралддаг. Гэр хороололд хүмүүс хувиараа худаг гарган ундны усны хэрэглээгээ хангаж байна. Ингэхдээ хатуулаг ихтэй, шүүж хэрэглэх шаардлагатай усыг ундандаа шууд хэрэглэх явдал их. Тиймээс төвлөрсөн шугамд холбох асуудал эн тэргүүнд байх ёстой. Энэ ажил нэлээд эрчимтэй хийгдэж байгаа юм билээ.

-Тэгвэл Монгол орны усны чанарын асуудал бүхэлдээ ямар түвшинд байна. Гадаргын болон гүний усны горим хэр өөрчлөлттэй байгаа юм бол?

-Манай орны Хангайн бүсийн усны чанар сайн, цэнгэг зөөлөн ус зонхилно. Харин Говийн бүсэд хатуулаг ихтэй уст цэгүүд олон бий. Зөөлрүүлж хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Шууд хэлбэл усны чанар байгалийн бүс бүслүүрээсээ хамаараад харилцан адилгүй. Нэг газар нутагт ч усны чанар өөр, өөр байх нь бий. Гадаргын ус нь ихэнхдээ өндөр уулын бүсэд бүрэлдэн бий болдог онцлогтой учир цэнгэг, зөөлөн байдаг. Түүнээс гадна манай орны голууд байгалийнхаа үндсэн голдрилоор урсаж байдаг учир усан орчны амьдрал унаган төрхөөрөө байгаа. Харин газар доорх усны хувьд хүн амын ус хангамжийн гол эх үүсвэр болдог онцлогтой. Чанарын хувьд ялангуяа говь хээрийн бүсэд тэр бүр ундны усны шаардлага хангахгүй, эрдэсжилт, хатуулагтай, зарим бичил элементүүдийн агууламж өндөртэй байдаг. Энэ үүднээсээ говийн бүсэд усны чанар ихээхэн асуудал дагуулдаг. Говьд бүрэлдэн бий болсон усны тэжээгдэл янз бүр. Ихэнхдээ тэжээгдэл муутай, насжилт өндөртэй ус байдаг нь нэгэнт тогтоогдож эхлээд байна. Бид энэ чиглэлийн изотопын судалгааг үргэлжлүүлэн хийж усыг ашиглаж болох экологийн боломжит хязгаарыг тогтоохоор ажиллаж байгаа. Үүний үр дүнд энэ районд арай ядан бүрэлдэн бий болсон усыг уул уурхайд ашиглах нь хэр зохистой вэ гэсэн асуултын хариултыг бодитоор гаргах боломжтой болно.

-Насжилт өндөртэй гэдэг нь унданд ашиглаж болохгүй гэсэн үг үү?

-Газрын давхаргын завсар, ус үл нэвтрүүлэх үеийн дунд үүсэн хуримтлагдсан ус олон мянган жилийн насжилттай байдаг юм байна. Харин газрын гадаргын усны нас жил, сараар яригдана. Мөн гүний ус нөхөгдөхдөө маш удаан бол гадаргын усны эргэлт хурдан. Үүний зэрэгцээ гадаргын ус ширгэж дундрах улмаар алга болдог бол гүний ус ямар байсан тэр хэвээрээ дахин хэдэн мянган жил ч хадгалагдах боломжтой. Тэгэхээр ямар ч тохиолдолд гүний усаа хамгаалж, гадагш урсан гарч буй усыг түлхүү ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй.

-Ус бохирдлоо, булингартлаа гэсэн мэдээллүүд их бий. Монгол орны аль хэсгийн ус юунаас болж бохирдоод байна вэ?

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас ус булингартан бохирдож унаган төрх, шинж чанараа алдан, усан орчны экосистемд зарим өөрчлөлт орох хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Туул гол Заамарын районоос доош, Орхон гол эхэн хэсэгтээ тунгалаг чанараа алдаж, усны амьтад загас жараахай хэвийн өсөж үржих нөхцөл алдагдаад байна. Булингар гэдэг бол зөвхөн харагдах байдлаасаа зохимжгүй байдаг юм биш. Түүнд агуулагдах элементүүд усан орчин, усны чанарт сөрөг нөлөөтэй. Энэ нь урсгалынхаа явцад ёроолын хагшааст сууж ингэснээр байнгын бохирдлыг үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн Хангал гол маш их хэмжээгээр бохирдоод байгааг хараад сууж болохгүй. Хөвсгөл нуурын өвлийн судалгааг ч хийгээд ирлээ. Энэ цэвэр усны эх үүсвэрээ бид бохирдуулчихвал хамгийн том асуудал үүснэ. Хөвсгөл нуурын усны чанарын гурван жилийн судалгааны эцэст бохирдуулагч, бохирдуулж болзошгүй эх үүсвэрийг тогтоож, бодит арга хэмжээ авах үндэслэлийг гаргах болно.

-Ер нь Монгол орон нуур, цөөрөм, гол горхио хамгийн сүүлд хэзээ тоолсон бэ?

-Гол горхи, нуур цөөрөм, булаг шанд, худаг уст цэгийн тооллого жил бүр хийгддэг болсон. Ер нь гол горхи ширгэлээ гээд хэт яаран дүгнэж болохгүй. Энэ нь цаг хугацааны асуудал байдаг. Ширгэсэн гол дараа жил нь урссан байдаг жишээтэй. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байгааг дуулгах хэрэгтэй. Усны ундарга багасах болсон нь хүний үйл ажиллагаатай ихэнхдээ холбоотой байгааг судалгаагаар тогтоочихоод байгаа.

-Усгүй боллоо гэж их ярилаа. Гэхдээ ус нөхөгддөг. Хөрсний чийг ч ус үйлдвэрлэж байдаг. Эндээс харахад дэлхийн иргэд усны хомсдолд санаа зоволтгүй юм биш үү?

-Хамгийн их зовох ёстой асуудал чинь ундны усны нөөц. Бид усыг хайрлаж гамнахгүй байгаад асуудал байгаа юм. Усаа мартаад хэт их уул уурхай, хэт их үйлдвэрлэлийг шүтсэнээс цэвэр усны нөөцгүй болж, хэрэглээгээ гаднаас худалдан авч хангадаг жишээ олон бий. Харин усаа зүй зохистой, гамтай, ухамсартай хэрэглэж хэвшвэл цэвэр усны нөөц биднийг хангасаар л байх болно. Хайр гамгүй, хайхрамжгүй үрэлгэн хэрэглэж, бохирдуулаад байвал тун удахгүй цэвэр усны нөөц маань хумигдаж эхэлнэ гэсэн үг. Ус нөхөгддөг ч зөв хэрэглээ байхгүй бол хомсдоно. Бас ус нөхөгддөг ч дуусашгүй баялаг биш. Тиймээс зөв хэрэглээ юу юунаас чухал байгаа юм.

-Усны бага эргэлт гэж бий. Монголын газрын гадаргаас хэдэн мянган метр куб чийг ууршиж ус болдог тухай тоон баримт, судалгааны дүн байдаг болов уу?

-Ийм судалгаа бий. Манай усны салбарынхан олон чиглэлээр судалгаа хийж байгаа. Гэхдээ яг энэ асуудал миний судалгааны ажил биш. Энэ асуудлыг судалдаг хүмүүс нь үүнд хариулт өгсөн нь илүү дээр. Яагаад гэвэл би буруу мэдээлэл өгчихвөл бусдынхаа ажлыг үнэгүйдүүлсэн хэрэг болно.

-Шар усыг авч үлдэх, ашиглах тухайд шинэ санал санаачилга хэр байгаа бол. Дэлхийн жишээ ямар байна?

-Маш их ус гадагшаа урсан гарч байна. Өөрийн оронд бүрэлдэн бий болсон усыг аль болох эндээ ямар нэг хэлбэрээр тодорхой хувийг нь ч болов авч үлдэх нь чухал. Олон улсын жишгээр хуримтлуулж амралт зугаалга гэх мэтээр өөр олон чиглэлээр ашигладаг. Ядаж л хуримтлуулсан ус нь эндээ ууршиж, усны бага эргэлтэд орж орчны экосистемд эерэг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэсгийг нутагтаа үлдээх л ёстой. Уул уурхайн үе эхлэхэд Орхон-Говь, Хэрлэн-Гoвь төслүүд яригдсан ч одоо чимээгүй болчихож. Эдгээр төслүүдийг улс төрөөс ангид авч үзээд олон улсын хууль эрх зүйн хүрээнд хийх боломж бүрэн бий. Хувь хүмүүс ч усан сан, хиймэл нуур хийж загас үржүүлэг бусад хэлбэрээр ашиглаж эхлэх цаг нь болсон.

Categories
мэдээ нийгэм

Г.Цагаандарийн гурилын бүтэн жилийн хэрэглээг өгчээ

Бөөрний өвчтэй хэмээн оношлогдсоноор нөхөртөө хаягдаж, хоёр охинтойгоо гэрийнхээ буурин дээр хаягдсан Г.Цагаандарийн талаар манай уншигчид андахгүй биз ээ. Өнөөдрөөс яг сарын өмнө тэрээр хоёр охиноо дагуулан Толгойтын өртөөнд хоног төөрүүлж байсан билээ.

Тэгвэл Г.Цагаандарь өнгөрсөн хугацаанд өвчнөө эмчлүүлээд зогсохгүй өөрийн гэсэн хашаа байшин, гэртэй боллоо. Үүгээр ч зогсохгүй тэрээр ИНЕГ-т ажилд орох болсон.

Тэднийг Толгойтын өртөөнд хоног төөрүүлэн явахад “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус уулзаж, түүнд туслах хандивын аяныг орон даяар эхлүүлсэн юм. Энэ хугацаанд хандивын дансанд 15 сая гаруй төгрөг цугларсан бөгөөд ард түмний хандиваар цугларсан уг мөнгөөр “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус Г.Цагаандарь болон түүний бяцхан охидод хашаа байшин худалдан авч, засварлан энэ сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн юм.

Тэгвэл Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Од Групп” компани Г.Цагаандарь бүсгүй болон түүний гэр бүлд бүтэн жилийн хэрэглээ болох Ургац гурилыг хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүүн болон говийн бүсийн телевизийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ 4 дүгээр сарын 24-25-нд Дорнод аймагт ажиллах үеэрээ орон нутгийн телевизийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийв. Уулзалт, ярилцлагад Монголын мэдээ телевиз, Eagle телевиз, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сэтгүүлчид оролцлоо.

Уг уулзалт, ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын мэдээ телевизийн сэтгүүлч Б.Батбаяр: -Сайн байцгаана уу, үзэгчид ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны биелэлтээ танилцуулахаар Дорнод аймагт ажиллаж байна. Бид энэ сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой ярилцах гэж байна. Бидэнтэй хамт Eagle телевиз, зүүн болон говийн бүсийн орон нутгийн телевизийн сэтгүүлч, сурвалжлагч нар ажиллаж байна.

Ингээд эхний асуултыг асууя. Та Дорнод болон бусад аймгаар бодлого үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж явна. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллалаа. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар иргэдэд мэдээлэл хийж, ярилцах зорилготой явж байна. Хамгийн гол нь хийсэн ажлынхаа талаар танилцуулга хийнэ. Дорнод бол манай зүүн бүсийн гол аймаг. Дорнод аймгийн зэргэлдээ орших Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговиос хэвлэлийн төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн байна. Сэтгүүлч та бүхнээрээ дамжуулаад тухайн аймгийнхаа ард иргэдэд ажлаа тайлагнах боломж гарч ирж байгаад баяртай байна.

Дорнод аймгийг 1943 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Сая Сүхбаатарын одонгоор шагналаа. Төрийн дээд энэхүү шагналыг Дорнод аймагт гардуулах ажлаар бид ирсэн. Дорнод аймгийн эдийн засаг 2016 онд 9.6 хувиар өссөн. Энд үйлдвэрлэл, үйлчилгээ сайн хөгжиж байна. Дорнод 2030 он хүртэл хөгжлийн хөтөлбөрөө гаргасан. Мөн Дорнод нь манай хоёр хөрштэй хиллэдэг. Хоёр хөршийн эдийн засагтай уялдуулан хөгжлийнхөө хөтөлбөрийг гаргасан. Энэ аймагт болж буй сайн зүйлийн талаар өчигдөр бид сайтар ярилцсан.

“Дорнод” телевизийн сэтгүүлч Алтанцэцэг: -Дорнодчуудын хувьд өчигдөр баярын өдөр байлаа. Манай аймаг 70 гаруй жилийн дараа Сүхбаатарын одон авлаа. Нийт дорнодчуудын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Та сая хэллээ, өчигдрийн уулзалтаар ч ярьсан. Дорнод аймгийн хөгжил сайн, бүтээн байгуулалт их байгаа гэж. Дорнод аймгийн өнөөгийн хөгжил болон цаашдын чиг хандлагын талаар чухам ямар бодолтой байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Энэ шагнал бол зөвхөн Дорнод аймгийг шагнаж байгаа юм биш, зүүн бүсийн нийт иргэдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж байгаа гэж харж болно. Дорнод аймагт ажиллаж амьдарч байсан үе үеийн иргэдийг шагнаж байгаа. Дорнод аймаг бол улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангахад их хувь нэмэр оруулсан. Халхын голын дайн, Чөлөөлөх дайн гээд яривал зүүн бүсийн аймаг, ялангуяа Дорнод аймаг чухал үүрэгтэй байсан. Энэ ахмад үеийнхний хөдөлбөр зүтгэлийг үнэлж байгаа. Мөн өнөөгийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр оруулж буй хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байна. Энэ нутгаас олон удирдагч төрж гарсан байдаг. Ардын хувьсгал, ардчилсан хувьсгалын олон удирдагч энэ аймгаас төрсөн байдаг. Энэ үүднээс Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс энд төрсөн.

Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн хөгжил сайн байж хүний хөгжлийн индексээр улсдаа тэргүүлэх байр суурьтай байгаа. Бүх аймаг дээр өрсөлдөх чадварын судалгаа гэж гаргадаг. Дорнод аймаг бизнес хийх орчноор улсдаа хоёрт ордог. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн орчин хамгийн сайтай аймгийн тоонд багтдаг. Нэг аймаг сайн байвал тухайн бүс нутагт оршин суух иргэдийн амьдрал улам сайжирна гэсэн үг. Энэ бүхнийг урамшуулж Сүхбаатарын одонгоор шагнасан.

Өмнөговь аймгийн телевизийн сэтгүүлч Энхцэцэг: -Та хувь хүний хөгжлийн талаар их ярьдаг. Дунд сургуулийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны хичээлээр нь дамжуулан экологийн боловсрол олгох талаар та ямар бодолтой байна. Мөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих талаар ямар бодолтой байна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Монгол Улс ард иргэдийнхээ оролцоог урамшуулж, тэдэнтэй зөвлөлдөж асуудлаа шийдэх, цаашид хөгжих замаар урагшилж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны өдрөө Төрийн ордон дахь өөрийн өрөөг Иргэний танхим болгох ажлыг хийсэн. Одоо бүх аймаг, сум Иргэний танхимтай болжээ. Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороо Иргэний танхимтай болоод байна.

Манай орон нутгийн удирдлагууд ч адилхан, гаргах гэж буй шийдвэрийн өмнө иргэдээсээ саналыг нь сонсдог ийм сайхан уламжлал тогтсон. Ард иргэдийн санааг хамгийн ихээр зовоодог асуудлын нэг бол мэдээж байгаль орчны асуудал шүү дээ. Монголын цаг агаар хуурай учраас байгаль орчин нь эмзэг байдаг. Манай орны байгалийн баялаг голдуу говийн ус багатай бүс нутагт байдаг. Тэгэхээр энэ бүхнийг бид зөв ашиглаж зохицуулах хэрэгтэй. Бид байгаль орчинтойгоо нягт уялдаатай амьдарч ирсэн. Иймээс бид энэ бүхнийг хөрөнгө оруулагч нартаа ойлгуулан хамтарч ажиллах хэрэгтэй.

Үүний дагуу бид иргэний боловсрол, байгаль орчны боловсрол гэдэг хичээлийг анх санаачилсан. Монголчуудын уламжлал ёс заншил гол төлөв байгальтай холбогдсон байдаг. Байгалиа хэрхэн шүтэх вэ, уул устайгаа хэрхэн харьцах вэ гэх мэт. Энэ хичээлийг бага ангиас эхлээд орж байгаа. Сайн иргэн, сайн хүн болж төлөвшихөд бид хүүхдээ багаас нь сургаж байна. Эхлээд бид хүүхдээ монгол хүн болгоё. Түүхээ мэддэг, эх орноороо, байгалиараа, уламжлал ёс заншлаараа бахархдаг. Тэгээд монгол хүмүүжилтэй болгоё. Дараа нь бусад орны хэл, ёс заншлыг судлаад явах боломжтой. Энэ чиглэлээр нэмж хийх ажлууд бидэнд их бий.

Миний нийт хийсэн ажлыг бараг гуравны нэг хувь нь энэ чиглэлд хийсэн байна. Тухайлбал, Монголын түүх, өв соёл, байгаль орчинтой холбоотой. Удахгүй мод тарих өдөр болох гэж байна. Жилд хоёр удаа мод тарих үндэсний өдрийг зохион байгуулдаг болсон. Манай Дорнод болон говь, тал нутгийн аймгууд энэ ажилд идэвхтэй оролцдог. Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулаад аймагтаа мод тарьдаг болсон. Иргэд маань мөн хашаа хороондоо мод тарих ажилд их анхаардаг болсон. Бидний хүрээлэн буй орчин сайхан байвал бидний сэтгэл санаа сайхан байдаг шүү дээ. Энэ ажил цаашид уламжлал, соёл болоод яваасай гэж бодож байна.

Дорноговь аймгийн телевизийн сэтгүүлч Энхзул: – Зүүн бүсийн сэтгүүлчидтэй уулзаж байгаад баяртай байна. Гадаад харилцааны чиглэлээр та дорвитой ажлууд хийсэн нь миний сонирхлыг татсан. Тухайлбал, АСЕМ-ыг амжилттай зохион байгуулсан, Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын гурван талт хэлэлцээрийг түүхэнд анх удаа зохион байгуулж, эдийн засгийн коридор байгуулах тухай хэлэлцээрийг баталсан. Тэгэхээр энэхүү ажлууд нь одоо ямар явцтай урагшилж, ямар үр дүнд хүрээд байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Монгол Улс өвөрмөц байршилтай. Дэлхийн хоёр их том гүрний дунд оршдог. Нэг нь хамгийн их газар нутагтай, нөгөө нь хамгийн их хүн амтай. Иймээс Монгол Улсын гадаад харилцаа өргөн хүрээтэй байж, том хэмжээнд сэтгэх шаардлагатай. Нөгөө талаас, Монголын гадаад харилцаа бол аюулгүй байдал, хөгжил дэвшил, дэд бүтэцтэй холбоотой асуудал. Энэ салбарт бид сүүлийн жилүүдэд нэлээд санаачилгатай ажилласан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Монголын цөмийн зэвсэггүй байх статусыг баталсан. Энэ бол бидний хувьд чухал шийдвэр. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 52 дахь гишүүнээр Монгол элссэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Европын орнууд Монголын аюулгүй байдлын төлөө хамтран ажиллах хариуцлага хүлээж байгаа. Бид үүгээр дамжуулаад өөрийн тусгаар тогтнол аюугүй байдлаа баталгаажуулж байгаа. Ингээд яриад байвал олон зүйлийг ярина.

Сүүлийн жилүүдэд гадаад харилцааны салбарт гаргасан амжилт бол олон жилийн турш явуулж ирсэн бидний бодлого, хамтын ажиллагааны үр дүн юм. Сая эдийн засгийн коридорын талаар асуусан. Энэ их чухал асуудал.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд анх удаа уулзаж, энэ уулзалтыг тогтмол болгох талаар тохирсон. Гурван улсад хамаатай, ялангуяа Монголд хамгийн ихээр хамаатай асуудал олон байна. Тухайлбал, төмөр зам, авто зам, хил, гааль гээд чухал асуудал байна. Жишээ нь, хил дээр Монголын хилээр шалгуулсан тээврийн хэрэгслийг Хятадын хилээр шалгахгүй өнгөрөөх ч юм уу. Иймэрхүү байдлаар үйл ажиллагааг хөнгөвчлөх асуудал байна. ОХУ руу манай улсын иргэд визгүй зорчдог болсон. Энэ мэт иргэдэд тустай арга хэмжээ олныг авсан.

Хамгийн сүүлчийн гурван талт уулзалтын үеэр бид эдийн засгийн коридор байгуулахаар тохирсон. Монголыг дамжуулаад төмөр зам байгуулъя гэж ярьсан. Төмөр замын сүүлийн үеийн томоохон төслүүд Монголыг тойроод байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Энэ нь Монголыг гадуурхаад байгаа хэрэг биш юм. Аливаа улс орон өөрийн газар нутагт нэг км ч болов зам илүү тавихыг л боддог. Манай хоёр хөрш зүүн хэсгээр төмөр зам тавьдаг нь тэнд оршин суугаа иргэддээ хүрэхийг л бодож байгаа. Нөгөө талаар Монголоор дайруулаад төмөр зам тавих нь бидэнд ч хэрэгтэй, төмөр замын хувьд дөт болох ашигтай юм.

Эдийн засгийн коридорыг дагаад 32 төслийн тухай яригдаж байна. Гурван орон хамтраад хэрэгжүүлэх боломжтой 32 төсөл байна. Эхний ээлжинд судалгааг нь гаргах гээд ажиллаж байгаа. Гурван улсын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг боловсруулж, судлах төвийг Улаанбаатар хотод нээхээр ярилцаж байна. Манай дарга нар гадаадын төлөөлөгчидтэй ажил ярьчихдаг. Гэтэл тэр ажил нь үндэслэл, судалгаагүй байдаг учраас хэрэгждэггүй. Тэгэхээр хоёр хөршийн болоод Монголын төлөөлөгчдийг оролцуулсан судалгааны төв байгуулъя. Тал талынхаа саналыг судалгааны төвөөр дамжуулан авъя гэж байгаа. Судалгааг олон улсын түвшинд хийе гэж ярилцаж байна. Энэ чиглэлээр ирэх жилүүдэд дэвшил гарна гэж бодож байна.

Энэ ажлыг хэрэгжвэл бидэнд сайн талтай. Ялангуяа Дорнод аймгийн хувьд давуу талтай болно. Энэ нутгаар дамжуулаад хоёр хөршийн төмөр замтай холбогдох боломжтой байна. Үүнийг дагаад бизнесийн орчин сайжирч, ард иргэдийн амьдрал ахуй дээшлэх юм. Хамгийн гол нь энэ бүхний суурийг хэдийнэ тавьсан. Мөн Азийн томоохон авто замын сүлжээг Монголоор дайруулах нь чухал. Баруун талаар Казахстанаар дамжаад, зүүн талаар Монголын хилээс цааш төмөр зам тавьж, бид орхигдох гээд байна. Тэгэхээр бид энэ сүлжээнд нэгдэх хэрэгтэй.

Монгол далайд гарцгүй орон. Бид голдуу Тяньжины боомтоор үйлчлүүлдэг. Гэтэл өөр боомт, гарц бидэнд хэрэгтэй. Нөгөө талаас хилийн цаана орших хөрш орны иргэд манай улсад бас зочлох, жуулчлах сонирхолтой байна. Энэ боломжийг олгох хэрэгтэй. Ингэвэл бид хөгжинө, Говийн бүсийн, хязгаар нутгийн иргэдийн аж амьдрал дээшлэх боломжтой болно. Энэ сайн эхлэлийг үргэлжлүүлээд ажил хэрэг болгоно гэж найдаж байна.

Говьсүмбэр аймгийн телевизийн сурвалжлагч Болдбаатар: – Сүүлийн дөрвөн сард бид ярилцлага, хэлэлцүүлэг, сургалтын шугамаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хоёронтаа уулзаж байгаадаа ихэд таатай байна. Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр таны хийсэн ажлын залгамж чанар ямар байгаасай гэж бодож байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Батлан хамгаалах, цэргийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогод иргэд маань дуртай байдаг. Энэ чиглэлээр миний санаачилсан ажлуудын хамгийн дэмжлэг авсан нь “Оюутан цэрэг” хөтөлбөр юм. Хүүхдээ цэрэгт явуулах сонирхол иргэдэд бий. Цэрэгт татах тоо хязгаар бага байдаг. Тиймээс бүх иргэд маань үр хүүхдээ цэрэгт явуулах боломж бага гэсэн үг. Тэгэхээр оюутнууд маань их, дээд сургуульд сурч байхдаа цэрэгт явах боломжтой болсон. Эхний хоёр сард цэргийн бэлтгэлд явуулан эх орноо хамгаалах гэдэг учир утгыг ойлгуулдаг, дараагийн хоёр сар нь цэргийн анги дээр дадлага хийлгэдэг, сүүлийн хоёр сар нь хилийн ангиудад ажиллуулдаг боллоо. Тэгээд оюутан цэргийн зургаан сарын хугацааг цэргийн алба нэг жил хаасанд тооцдог болсон.

Энэ хөтөлбөр дөнгөж эхэлж байгаа. Мөн Дорнод аймгийн оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. Энэ хөтөлбөрийн хамрах хүрээг цааш нь тэлж, улам олон оюутныг хамруулах хэрэгтэй. Энд мэдээж төсөв хөрөнгө гэх мэт асуудал гарна. Энэ хөтөлбөр бол зөвхөн оюутнуудад цэргийн амьдрал үзүүлж байгаа хэрэг биш. Энэ хөтөлбөр оюутнуудад эх оронч хүмүүжил, бие бялдрын хүмүүжил олгодог. Мөн цаашлаад эр хүн болоод өрх гэрээ толгойлоод явах чадварыг олгодог.

Мөн энхийг сахиулах үйл ажиллагаанд монгол цэргүүд идэвхтэй оролцож байна. Зөвхөн Дорнод аймгаас гэхэд 500 гаруй цэрэг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна. Аймаг тус бүрт барилга инженерийн анги байгуулъя гэсэн санаа надад байдаг. Сүүлийн найман жилд бид таван аймагт энэ ангийг байгуулсан. Одоо нэмээд гурван аймагт байгуулъя гэж бодож байна. Энэ ангиар дамжуулаад цэргийн боловсрол, эх оронч хүмүүжил олгож байна.

Москвагийн Улаан талбайд эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадад монгол цэргүүд жагссан. Та бүхэн харсан байх. Энэ бол монгол цэргүүд анх удаа Улаан талбайд жагссан тохиолдол байсан. Мөн манай цэргүүд Бээжин дэх Тянь Ань Миний талбайд парадад оролцсон. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хэцүү тэр цаг мөчид Зөвлөлт улсын хамгийн ойр дотны түнш Монгол байсан. Тэр үед бид 500 мянган морь бэлэглэж байсан, хувцас хэрэгсэл өгсөн гээд бодохоор одоо бид бахархдаг. Хойд хөршийн өнөөгийн удирдлага үүнд ихэд баярладаг. Өр зээл гэх мэт асуудалд ОХУ өнөөдөр нааштай ханддаг нь манай ахмад үеийнхэн тухайн үед тусалж байсны тус эргэж ирж байгаа юм. Хүний сайн тус тухайн үедээ биш ч гэсэн дараа нь заавал эргэж ирдэг гэсэн ойлголт байдаг шүү дээ. Монголчууд бусдад хүнд үед нь тусалдаг.

Монголчууд 1945 онд өмнөд хөршөө харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд оролцож явсан. Одоо тэр дайн тулаан болсон Жанчхүүгийн даваа гэдэг чинь Монголын газар нутаг биш шүү дээ. Монголын цэргүүд тийм хол газар яваад, амь насаа өргөөд явж байсан. Үүнтэй холбоотой дурсгалуудыг бид сэргээсэн. Тухайн үед монголчуудын байгуулсан гавьяаг өнөөдөр дурсан ярилцдаг болсон.

Батлан хамгаалах, цэргийн чиглэлд бидний эхлүүлсэн эдгээр ажил үргэлжлэн хэрэгжээсэй гэж боддог. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв гэж байна. Монголд одоо ийм сургууль 50-иад бий. Энд сурч байгаа залуусыг давхар цэргийн мэргэжилтэй болгомоор байгаа юм. Хоёр жилээр сурдаг шүү дээ.

Швейцарь гэж төвийг сахисан бодлоготой орон бий. Энд бүх иргэд нь цэрэгт явах үүрэгтэй байдаг. Энэ улсад 30-хан минутын дотор 200 мянган цэрэг татах боломжтой байдаг. Цэргээс халагдахад нь буу, хувцсыг нь өгөөд халдаг. Хэрэгтэй үед хувцсаа өмсөөд, буугаа үүрээд, дугуйгаа унаад гараад ирдэг. Манайхан бол морио унаад гардаг ч юм уу. Дайн тулаан гэхээсээ илүү эх оронч хүмүүжлийг иргэдэд ойлгуулах нь чухал. Энэ бодлогыг иргэд маань их дэмждэг. Энэ чиглэлээр олон чухал хуулийг бид батлуулж чадсан.

Би Ерөнхий сайд байхдаа Онцгой байдлын байгууллагыг байгуулж байсан. Саяхан 13 жилийн дараа очиход үнэхээр өргөжин тэлсэн байсан. Говийн аймгуудад бид онцгой байдлын байгууллагуудыг нэмж байгуулж байна. Дорноговьт гэхэд Баян-Уул суманд онцгой байдлын ангийг нэмж байгуулсан. Эндээс гараад явахад 3-4 цаг явдаг. Тэгвэл тэнд ямар нэг түймэр, халдварт өвчин гарлаа, усанд хүн осолдлоо гэхэд Баян-Уул сумын онцгой байдлын ангиас маш богино хугацаанд очдог болсон. Ядарсан, зовсон, хүнд хэцүү цаг мөчид бэлтгэлтэй бэлэн байдалтай анги байна гэдэг маш чухал.

Дорнод аймгийн телевизийн сэтгүүлч Дэлгэр: -Манай аймагтай холбоотой хэд хэдэн баярт үйл явдал таны ажилласан энэ сүүлийн найман жилийн хугацаанд болжээ. Албан ёсоор Баатар хот гэсэн зүйл байхгүй ч Чойбалсан хотыг Баатар хот гэдэг. Өчигдөр Дорнод аймаг Сүхбаатарын одонгоо шагнууллаа.

Гол асуултдаа оръё. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө жилээс жилд хасагдсаар байхгүй боллоо. Яагаад энэ мөнгийг хасаад байдаг юм бол?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Орон нутгийн хөгжлийн сан бол хамгийн чухал. Орон нутгаас сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст хэлэх саналд орон нутгийн хөгжлийн сангийн талаар оруулах нь чухал. Энэ сан Улаанбаатар хотод хүртэл хэрэгтэй. Дүүрэг, хороодод очдог байсан хөрөнгө шүү дээ. Аймгаас жишээ авахад Дорнод аймагт хамгийн дээд тал нь 13 тэрбум төгрөг жилд ирж байлаа шүү дээ. Одоо энэ хөрөнгө багассаар байгаад дөрөвхөн жилийн дотор хоёр тэрбум дээр бууж байна. Орон нутаг руу очих хөрөнгө ингэж багасна гэдэг бол орон нутгийн иргэдийн мөнгө багасна гэсэн үг. Улаанбаатарын иргэд, шийдвэр гаргагчид чухал, орон нутгийн иргэд чухал биш гэж болохгүй. Шийдвэр гаргагчид орон нутгийн санг онцгой анхаарах хэрэгтэй. Үүний дагуу орон нутгийн хөгжлийн санг анх байгуулъя гэж оруулсан юм. Тэгээд хөгжлийн сангийн мөнгийг олгоё гэсэн. Хөгжлийн сангийн мөнгийг ашигт малтмалаас олж буй хөрөнгийн тодорхой хувь, 10 хувь гэж оруулсан юм.

Ашигт малтмалаас олж байгаа орлогын тодорхой хувь буюу 10 хувийн татвар Рояалти гэж байдаг. Тэндээс нөөц ашигласны төлбөр, бусад орлогоос олж байгаа 5 хувийг оруулаад тусад нь сан бий болгоё. Тэр нь улсын төсвөөс шууд авч байгаа биш, тэнд орж ирж байгаа орлогоо эргүүлээд орон нутагтаа өгдөг больё гэсэн санаа л даа. Сүүлийн дөрвөн жилээр авч үзэхэд 600 тэрбум төгрөг болсон, энэ бол маш их мөнгө. 600 тэрбум төгрөг манай 21 аймаг, 400 гаруй сум руу очсон байгаа юм. Та бүхэн харж байгаа байх.

Сүүлийн гурав дөрвөн жил манай сум, аймгийн төвүүд ч адилхан, нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдлөө гэж ярьдаг. Би бүр багийн хуралд очиж сууж байсан. 100 гаруй сая төгрөг нэг баг дээр ирчихсэн. Багийн хурлаа хийгээд хүмүүс маш гоё цуглачихсан. Манай багт мөнгө ирсэн юм байна гээд бүгдээрээ босоод, ийм ийм асуудал байна. Үүнийг ингэж шийдье гээд санал хураагаад, асуудлаа эрэмбэлж байгаад юмаа шийдэцгээж байгаа юм. Худаг гаргая, хадлангийнхаа бэлчээрийг хашъя гэх мэтээр шийддэг.

Орон нутагт яваад очихоор наад захын гэрэлтүүлгийн асуудал байна. Манай сум хогондоо дарагдсан байна, үүнийг нэг зөв шийдье. Хогоо хаядаг цэгтэй болъё. Орон нутагтаа тодорхой газруудад хогийн сав байрлуулъя. Явахаар бөөн цагаан шороо болоод байх юм, энд явган хүний зам бий болгоё. Орой шөнө явахад харанхуй байна, гэрэлтүүлэг хийдэг болъё гээд одоо сумуудад яваад очиход гэрэлтүүлэгтэй болчихсон. Аймгийн төвүүд гэрэлтүүлэгтэй болчихсон, өөр болоод байгаа. Засмал замаа тавьчихсан. Зарим газар цэцэрлэг барьчихсан. Эмнэлгийн засварт төвөөс хөрөнгө оруулалт хийхгүй олон жил боллоо, эмнэлгээ засъя гээд эхэлдэг. Ингээд орон нутгийн өнгө сайжирна. Нэг сумын амьдрал сайхан болоод ирвэл бүх сумын амьдрал, Монголын амьдрал сайхан болоод ирнэ.

Манайхан нэг юмыг ойлгомоор байгаа юм. Бүх сумынхаа өнгийг өөрчлөөд хүмүүс сайхан амьдардаг болоод ирэх юм бол Улаанбаатар руу чихээд байдаг хүмүүс багасна. Сүүлийн гурван жилд Улаанбаатараас 36500 хүн хөдөө орон нутаг руу буцаж нүүсэн. Энэ бол анх удаа Монголд гарч ирж байгаа үзэгдэл. Манай хотынхон, төв суурин газрынхан зун цагаар орон нутаг руугаа, аав ээж дээрээ ирдэг. Нэг бол баяр наадмаар очдог. Баяр наадмаар очсон хүн бүхэн л ярьж байгаа. “Увс, Ховд, Дорнод, Өмнөговь аймгууд ямар сайхан болчихсон юм бэ. Тэнд Улаанбаатараас сайхан амьдарч болж байна шүү дээ. Хашаандаа машин тавьчихсан байна. Ийм бизнес хийж байна. Олж байгаа орлогыг нь сонсохоор их сайхан болчихсон юм байна. Ер нь буцаж очоод тэндээ амьдарвал яасан юм бэ” гэсэн ийм ойлголт бий болж байгаа.

Монгол даяар бид ийм уудам газар нутагтай. Энэ нутагтаа эзэн болоод, Монгол даяар сайхан амьдрахын тулд орон нутагт нь орон нутгийн хөгжлийн санг бий болгоод мөнгө өгөх нь их чухал юм. Би гурван жилийн өмнө үүний өмнөх УИХ-д санаачилж төсөл оруулсан юм. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийн түвшингээс бууруулж болохгүй. Үүнийг нэгдүгээрт хуульчилж авъя.

Хоёрдугаарт, Улаанбаатарааас алслагдах тусам арай илүү мөнгө ноогддог хэлбэр рүү оруулъя. Дээр нь хүн амын тоог давхар тооцдог болъё. Ийм томъёоллоор оруулсан. Өмнөх УИХ энэ хуулийг баталж өгөөгүй. Одоо ч мөн адил. Янз бүрийн шалтаг хэлээд буцаагаад байгаа. Манай УИХ-ын гишүүдийн дунд буруу ойлголт байдаг. “Орон нутаг руу мөнгө өгчихөөр буруу зүйлд зарцуулаад алга болгоод байдаг. УИХ-ын гишүүн, төвийн дарга нарт хуваарилахаар зөв зарцуулаад байдаг” гэсэн буруу ойлголттой. Орон нутгийнхан муу зарцуулаад байдаг гэсэн зүйл хэзээ ч байдаггүй. Харин ч орон нутгийн сангаар дамжсан мөнгө бол хамгийн зөв зарцуулагдана.

Зарим нэг дүүрэгт онигоо хүртэл гарч байсан. Сургуульд 00-ийн асуудал шийдэх гэтэл хашааных нь гадна барьчихсан байсан гэж байгаа. Дарга нар бол хаана 00 барих вэ гэдгээ мэдэхгүй улс байгаа юм.

Харин иргэд орон нутагтаа хамгийн зөв шийдлийг олдог. Нэгэнт орон нутагтаа шийдэж байгаа учраас орон нутгаас хүмүүс ажилтай болдог. Зам талбай засах, мод тарих, гэрэлтүүлэг хийхэд, наад зах нь нүх ухахад орон нутгийн залуучууд оролцдог. Хэдэн төгрөг нь орон нутагтаа эргээд, хүмүүстээ орлого болоод ордог. Түүнд орон нутгийн иргэд нь хяналт тавьчихдаг.

Тэнд зарцуулагдаж байгаа 50 сая төгрөгийг хамгийн зөв зүйлд зарж, бүр хамгийн хямдхан худалдан авалт хийж байгаа харагддаг. Хамгийн хямдхан бүтээгдэхүүнээр сум, орон нутгаа тохижуулж байгаа. Тэгэхээр хамгийн зөв зарцуулагдаж байгаа мөнгө бол орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө байдаг юм. Хотоос сайд, дарга нар ирэхэд, УИХ-ын сонгууль болоход орон нутгийн телевизийхний дандаа санаа зовж асууж байх ёстой нэг зүйл бол энэ байгаа юм. Та бүхэн бүгдээрээ мэдэж авах хэрэгтэй. Манай зарим аймагт 8 тэрбум төгрөг хуваарилж байсан бол одоо хоёрхон тэрбум төгрөг болсон байгаа.

“Яагаад ингээд орон нутгийн мөнгө багасчихсан юм бэ? Энэ хуулиа та бүхэн батлаач. Та бүхэн сонгогдохдоо аймгаа сайхан болгоно гэж ярьдаг биз дээ. Ард иргэдийн амьдралыг өөд нь татна гэж ярьдаг. Та нар олон амлалт хэлээд хэрэгггүй. Орон нутгийн хөгжлийн мөнгийг өмнөх оноос нь бууруулахгүй, харин нэмэгдүүлнэ гэж л хэл” гэж дарга нараас шаардах хэрэгтэй.

Сая ярьж байсан. Эхлээд бид зам талбайгаа засчихсан бол дараа нь орон нутагтаа жижиг, дунд үйлдвэртээ зээл болгоод, эргэлтийн хөрөнгө болгоод өгч болно шүү дээ. Иймэрхүү маягаар эргэлтийн хөрөнгөтэй болоод, хүмүүсээ бизнестэй болгоод, дараа дараагийн ажлаа улам өргөжүүлээд улам сайжраад явна.

Улаанбаатарт байранд хүртэл лифтээ сольдог шүү дээ. 20 жилийн өмнө баригдсан байрны тааз, дээвэр муудсан байгаа. Түүнийгээ сольж байгаа. Яг ингээд аваад үзэхээр энэ мөнгө хамгийн зөв зарцуулагдаж байгаа мөнгө. Тиймээс бид орон нутгийн хөгжлийн санд өгч байгаа мөнгөө цаашаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоо энэ хямралаар дамжуулаад, дэндүү их далимдуулаад бууруулчихлаа. Бууруулсан энэ байдлыг одоо зогсоох хэрэгтэй. Одоо бид үүнээс цааш өсгөх тухай ярих хэрэгтэй.

Бас нэг зүйл. Орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны хүмүүс харж байгаа байх. Нэг зүйл дээр хүмүүс бүгдээрээ санал нэгддэг. Орон нутагт мөнгө ирнэ гээд манай орон нутгийнхан төлөвлөөд бөөн ажил хийчихдэг. Санхүүжилт нь орж ирдэггүй. Та бүхэн өөрсдийнхөө дарга нартай уулзахад энэ тухай ярьж байгаа. Бид мөнгөө төлөвлөөд хийчихсэн, компаниудыг ажиллуулсан, тэр аж ахуйн нэгжүүд мөнгөө гаргаад юмаа хийчихсэн чинь төсвөөс орж ирэх мөнгөө өгдөггүй. Тэгээд өрөнд орчихдог. Одоо энэ өрөө яах вэ. Ажил хийчихсэн хүмүүс нь биднээс мөнгөө нэхээд байна. Бид нар Сангийн яамаас нэхэхээр өгөхгүй байна гээд орон нутгийн удирдлага ийм байдалд ороод байдаг юм. Наад зах нь төлөвлөсөн мөнгөө гүйцэтгэлээр нь бүрэн олгож байх хэрэгтэй. Энэ зүйл дээр та бүхэн их анхаарч энэ сэдвийг нэг сэдэв болгон авч явбал их чухал байгаа юм.

Сүхбаатар аймгийн ВВС телевизийн сэтгүүлч Нарантунгалаг: -Таны найман жил хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсч байна. Таны хийсэн нэг томоохон ажил бол шүүхийг нээлттэй болгож чадсан явдал. Шүүхийн шинэтгэл, шударга ёсны талаар хийсэн ажлынхаа талаар манай иргэдэд танилцуулна уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Аймаг бүхэнд шүүхийн байгууллага байгаа. Шүүх гэдэг бол амьдрал дээр тулж очдог хамгийн хүнд бэрх асуудлыг шийддэг байгууллага. Бид Шүүхийг нээлттэй болгоё гэж их ярьсан. Шүүхийг нээлттэй болгоход иргэдийн нээлттэй хяналт ороод ирж байгаа юм. Шүүгчид хаалттай юмны цаана буруу зөрүү янз бүрийн шийдвэр гаргаж болдог. Нээлттэй болоод, хүмүүс хянаад, хэвлэлийнхэн, иргэд хянаад ирэхээр тэд шийдвэрээ илүү зөв гаргахын төлөө явдаг.

Шүүхийн шийдвэрээ ил болго. Шийдвэрээ битгий нуу. Үнэхээр л улсын нууцад хамаарахгүй бол веб сайт дээрээ тавьж бай гээд, ийм шаардлага гаргаад, хуульчлаад өгчихөөр манай шүүгчид өөр болоод явчихдаг. Хуулийн чиглэлээр сурч байгаа оюутан, багш нар, жирийн иргэд, шүүхээр орж хэргээ шийдүүлсэн хүмүүс шүүхийн шийдвэр рүү орж харж, уншиж байна. Тэндээс болохгүй зүйл олох юм бол эргээд заргалдана. Эргээд тэр шүүгчтэй хариуцлага тооцно. Шүүхээр орсон хүмүүс хэлж байгаа. “Шүүх үнэхээр үйлчилгээний байгууллага болчихжээ. Шүүх шударга ажилладаг гэдгийг шүүхээр орж байж, асуудлаа шийдүүлж байж мэдлээ, ойлголоо” гэсэн иргэдийн яриа маш их байдаг юм.

Бид “Шүүхийн иргэдийн төлөөлөгч” гэсэн уулзалтыг Улаанбаатарт хийлээ. Эвлэрүүлэн зуучлах гээд сайн хууль гарсан. Манай хүмүүс ярьдаг. Заавал би энэ хүнийг хэрэгт оруулах гээд байгаа юм биш. Бид хоёрт маргалдсан асуудал байгаа. Ойлголцохгүй явсаар байгаад энэ хүрлээ гэдэг. Өмнө нь бол мөнгө төгрөгөө өгсөнгүй гээд хуулиар шийтгэгдээд нэг нь шоронд явдаг. Нэг нь хохироод үлддэг байсан бол одоо хамтарч суугаад шүүхийн шийдвэр гарчихаар тэр нь заавал биелдэг болсон. “За, та тийм мөнгө өгөх ёстой юм байна. Ингэж ойлголцсон юм байна. Монголын хуулиар бол ийм байна. Та үүнийгээ ийм хугацаанд төлчих. Тэгэх юм бол танд шүүхийн ямар нэгэн хариуцлага тооцохгүй. Ингээд мөнгөө төлчихөөр та сэтгэл хангалуун байна уу” гэдэг. Ингэхэд тэр хоёр хүн эвлэрээд гардаг.

2016 онд 18000 хэрэг эвлэрүүлэн зуучлалаар орж шийдэгджээ. Энэ бол маш том зүйл. Энэ нь эргээд манай иргэдэд өгөөжтэй байна, хүртээмжтэй байна. Энэ их чухал зүйл гэж би үзэж байгаа.

Шүүхэд шүүн таслах ажиллагааг шүүгчид л хийдэг болсон. Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж тусдаа байгуулагдсан. Түүгээр дамжуулж шүүгчдээ сонгодог болсон. Монгол Улсад өнөөдөр 470-аад шүүгч ажиллаж байна. Түүний 150 гаруй нь сүүлийн жилүүдэд солигдлоо. Нэг үгээр хэлбэл, нарийн шалгуур дор, хүний оролцоо хамгийн багаар оролцож, хамгийн сайн цус сэлбэсэн газар бол шүүх байгаа юм. Компьютерээр авдаг шүүхийн шалгалт маш хүнд шалгалт байдаг. Жил бүр шүүгчид шалгалтаар орж байдаг.

Ер нь хамгийн их мэргэжлийн өндөр шаардлага тавьдаг хүмүүс бол шүүгчид болж хувирсан. Бусад иргэдийн цалинг шийддэггүй юм гэхэд наад зах нь шүүгчдээ хүний гар хардаггүй болгоё. Хүнээс утасны нэгж гуйгаад сууж байгаа, хүнээс хүргээд өгөөч гээд сууж байгаа, шүүж байгаа хүнээсээ унаа, бензин гуйгаад сууж байгаа, айлын тогоо харж байгаа шүүгч асуудлыг хэр зөв шийдэх вэ?

Миний ажилласан хугацаанд хамгийн их өөрчлөлт гарсан, хамгийн том суурь өөрчлөлт гарсан байгууллага бол шүүх салбар. Өмнөх УИХ-аар яриад шийдсэн хууль сая буцсан. Эрүүгийн хууль гэдэг бол бүх л гэмт хэрэгтэй холбоотой хууль. Дээрээс нь зөрчлийн хууль гээд гарсан, энэ их зөв болсон. Өмнө нь зөрчил эрүүгийн хэрэг болоод явчихдаг байсан бол одоо бол ялгадаг болсон. Ер нь хүн эхлээд зөрчил гаргахад тэр үед нь “Зөрчил гаргалаа шүү” гээд анхааруулчих юм бол дараа нь алддаггүй. Эхлээд залуу хүн нэг алдаад, түүгээрээ дамжаад ялд унаад, шорон энээ тэрээ болбол харин ч засрахаасаа илүү эвдрээд эхэлдэг. Энэ хоёр хуулийн дагуу тэр хэргүүдийг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр дахиад хоёр тусдаа хууль гарна. 500-600 гаруй зүйл заалттай маш том хуулиуд л даа. Ийм дөрвөн хууль 7 дугаар сарын 1-нээс өмнө гарах ёстой. Энэ УИХ төлөвлөгөөндөө оруулсан байгаа. Гаргахаас өөр аргагүй. Гаргаад ирэхээр барьдаг хууль нь, барьдаг судар нь, шийддэг хууль нь зөв болоод, манай шүүх үйл ажиллагаа, нийгэм эрүүлжиж, бидний яриад байгаа шударга ёс тогтоход асар ач холбогдолтой. Энэ санаачилгууд гараад, энэ хуулиуд батлагдаж хэрэгжих байх. Энэ чиглэлээр цаашдаа бүр их дэвшил гарна гэж би хувьдаа найдаж байна.

Хэнтий аймгийн “Хэнтий” ТВ-ийн сэтгүүүлч Батжаргал: -Түрүүн та цухасхан ярилаа. Монгол бахархал, Монгол омогшил гэлээ. Энэ тал дээр дэлгүүлж асууя. Манай Монголчууд өвөг дээдсээсээ ахуйгаараа өөрөө үлгэрлэн үр хүүхдээ хүмүүжүүлж авч явдаг мундаг өв соёлтой ард түмэн. Энэ найман жилийн хугацаанд та Монгол хүний үнэ цэнийн тухай, Монгол бахархал, Монгол дархлаа тогтоох тал дээр өөрөө үлгэрлэн яг юуг хийсэн бэ? Ирээдүйд Монголыг удирдах удирдлагууд монгол дархлаатай байх, монгол хүний үнэ цэнийг өсгөх тал дээр ямар зам жимээр явах ёстой вэ? Энэ тал дээр таны санал бодол ямар байдаг вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Монголчуудын хувьд их азтай ард түмэн. Ямар ард түмнийг аугаа ард түмэн гэж үнэлдэг вэ гэхээр тэр шалгуурын нэг нь өөрийн гэсэн өвөрмөц соёлтой байх, өөрийн гэсэн зан заншилтай байх гэсэн шалгууртай. Монголчууд үнэхээр өөрийн гэсэн соёлтой. Бичиг үсэгтэй, хэлтэй, хүнтэйгээ, байгальтайгаа харьцдаг бүхэл бүтэн соёлыг бий болгосон. Урлаг соёл, үндэсний дээл хувцас ямар гоё билээ.

Монголчууд дэлхий дээр байлдан дагуулт хийгээд, Их гүрэн байгуулаад явж байхад тэр үед бусад улсын ард иргэд монголчуудыг дууриадаг байсан гэдэг. Хүчийг дуурайна гэж юм байдаг юм. Хүн хүчтэй, өөрөөсөө илүү харагдаж байгаа юмыг дууриадаг. Монгол цэргүүдийн үсний засалтыг дуурайдаг байж. Монголчууд гайхалтай байсан. Чингэс хаан, Хубилай гээд кинонуудыг үзэх юм бол өмсөж буй хувцас, хатад, жанжин, баатар, цэргүүдийнх нь хувцаслалт тухайн бүс нутагтаа одоогоор хэлэх юм бол “тасарчихсан” байсан. Тийм хувцас, соёл байсан. Зөвхөн тэр үед тийм байсан уу гээд аваад үзэхээр бүр Хүннүгийн үед, 2000-3000 жилийн өмнөх малтлагаас олдож байгаа гайхамшигтай олдворуудыг харахаар өнөөгийн уран зураг, өнөөдрийн хийсвэрлэн сэтгэхүйгээс давсан зүйлс олддог. Бугыг дүрсэлж байгаа, амьдралыг дүрсэлж байгаа нь шал өөр, маш гоё байдаг. Тэр цутгамалууд байна, монголчууд одоо яг тэгж цутгаж чадахгүй байгаа шүү дээ. Яг тэр найрлагаар бусад газар ч хийж чадахгүй байгаа. Тийм өндөр түвшинд хүрсэн байсан. Зарим үед харж байхад бид хөгжөөд байна уу, эсвэл тэр үед биднээс ч илүү хөгжилтэй болчихсон байсан уу гэж хүртэл бодогдохоор.

Хүмүүс ингэж боддог. Монголчууд гаднаас сураад байна. Ардчилал гэдэг юм гаднаас орж ирлээ гэдэг. Энэ гаднаас орж ирээгүй, Монголын уламжлал юм. Монголчууд хаанаа сонгодог байсан. Хаанаа цуглаж сонгодог, хүмүүсээ цуглуулж ярилцаж шийдвэрээ гаргадаг байсан. Тэр иргэний оролцоо, Иргэний танхим гэдэг чинь бид уламжлалаа сэргээж байгаа юм.

Монголчууд Их Засаг хууль гэж гаргаж, тэр хуулийг хэрэгжүүлэхийн төлөө явдаг байсан. Монголчууд байгаль орчинтойгоо сайхан харьцдаг, буруу харьцвал шийтгэдэг байсан. Монголчууд, Монголын төр хүний хувийн өмчийг хүндэтгэдэг байсан. Хүний хувийн малыг хулгайлбал, морийг хулгайлбал ингэж торгоно, шийтгэнэ гээд аль өмнө нь Хүннүгийн үед ч, Их Засаг хуульд ч тэр бүгдийг оруулчихсан байсан. Монголчууд хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмждэг байсан. Чөлөөт худалдааг хамгийн их дэмждэг байсан. Торгоны зам гэж ярьдаг. Түүний хамгаалалтыг Монголчууд бий болгосон учраас торгоны зам дагасан олон улсын ард иргэдийн сэтгэлийг татсан гэж байгаа юм. Заавал очоод байлдаж эзлээд байх биш, хүмүүсийн сэтгэлийг тат.

Чингис хааны хэлсэн нэг сайхан үг байна. “Сэтгэлийг нь хураа. Сэтгэлийг нь хураачих юм бол бие нь хаачих юм бэ” гэж. Монголчуудын өнөөдрийн явуулж байгаа бодлого ч мөн адил. Хүмүүс, ард иргэддээ зөв юм өг, зөв ойлголт өг гэдэг бодлого бол бидний өвөг дээдсийн үед хэрэглэж байсан тэр зүйлээ эргэж сэргээгээд, өнөөгийн нөхцөлд нийцүүлж авч явж байгаа зүйл шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ чиглэлийн бодлогыг хүмүүстээ суулгаж өг. Нэг үгээр хэлбэл, өвчнөөс сэргийлэхэд вакцин хийдэг. Монгол хүн гаднын улс орны соёлын өмнө Монгол соёлоо авч явахын тулд тэр вакциныг үргэлж хийж байх хэрэгтэй.

Монголчууд наадам, цагаан сараа хэчнээн сайхан хийдэг болж байна. Үндсэний эрх чөлөөний хувьсгал гэж Монголд хамгийн чухал үйл явдал болсон юм. Их гүрэн байгуулж явсан манай Монгол гүрэн тарж бутраад, хоорондоо байлдаад, эв нэгдэлгүй болоод, бусдын эрхшээлд, Манжийн эрхшээлд орсон гэж ярьдаг шүү дээ. Эргээд 1911 онд эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон.

Түүний 100 жилийн ой дээр би “Монголчууд аа, олуулаа болъё” гэж үг хэлж байсан. Монголчууд Монголдоо гурван сая, гадагшаа гараад явахаар 7 сая гаруй. Өмнөд хөршид 5 сая гаруй нь амьдарч байна. Сая гаруй хүн хойд хөршид амьдарч байна. Дэлхийгээр тараад 2 сая орчим өөрийгөө Монгол гэж үздэг хүмүүс байна. Тэр хүмүүсийн тодорхой төлөөлөл Монголд ирээд, хамтраад ажиллаад явах юм бол Монгол өөр болно л доо.

Тэднээсээ хамгийн сайн оюун ухаан, хамгийн сайн боломжтой улсыг бид урамшуулж татахын төлөө явах ёстой. Монгол хэл бичиг, Монголын төлөө үнэхээр хайртай байх ёстой. Монгол руу хараад цайныхаа дээжийг өргөдөг хүмүүс маш их байдаг гэж байгаа шүү. Тусгаар тогтносон ийм улс байгаад би үргэлж баярлаж байдаг гэж үр хүүхдэдээ хөгшчүүл нь үргэлж хэлж байдаг. Миний хүү, миний охин Монголд нэг очиж үзээрэй. Бурхан Халдун уулын барааг нь холоос харчихаарай, Чингис хааныхаа хөшөөнд очоод нэг мөргөөрэй гэдэг. Монголыг их гайхдаг гэж байгаа. “Яваад очихоор ямар гоё юм бэ. Хүн бүр Монголоор ярих юм” гэж. Бусад газарт, их гүрэнд байгаа улсууд бол өөр өөрсдийн хэлээр л ярьж байгаа шүү дээ. Эртний соёл нь хадгалагдсан байдаг. Би нэг жишээ хэлэхэд Марко Пологийн бичсэн тэмдэглэл дотор байдаг юм. “Монголчууд маш цэвэр нямбай юм. Гэрийн эзэгтэй босоод данх, шанага бүх юмаа өдөрт гурван удаа зүлгэх юм. Гэрт нь яваад орохоор их цэвэрхэн амьдардаг юм байна” гэж монгол айлд ороод гаднын хүн тийм сэтгэгдэл аваад, түүхэнд бичээд үлдээчихсэн байна. Энэ зүйлээ л бид өөрийнхөө үр хүүхэд, залуучууддаа сургах хэрэгтэй юм.

Би хэлдэг. Ээжүүд охидоо юм оёулж сурга, сайхан хоол хийлгэж сурга. Аавууд хөвгүүддээ өөрийнхөө хамгийн сайн юмыг зааж сурга. Ерөөсөө л ээж аав, гэр бүлээсээ тэр боловсролыг авбал Монголын сайн сайхан эхэлнэ. Энэ дээр бас нэг зүйл хэлэхэд сайн санаачилга их амархан түгдэг. Сурагч солилцооны хөтөлбөр гэж байгаа. Би Монгол ТВ дээр 9 дүгээр сарын 1-нд очиж хичээл заадаг. Найман жил найман удаа хичээл заасан. Нэг их багш болох гээд байгаадаа ч биш. Тухайн үед гарч ирж байгаа тэр сэдвийг хүүхдүүддээ хүргэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч гарч ирээд багшийг төлөөлөөд ярихад манай багш нар, хүүхдүүд тэр асуудал чухал юм байна гэж ойлгож авдаг. Дорноговьд амьдарч байгаа хүүхэд баруун аймагт очоод долоо хоноод хүрээд ирэхэд тэр амьдрал, тэр аймгийнхан яаж амьдарч байгаа сонин шүү дээ. Улаанбаатарын хүүхэд хөдөө орон нутагт очоод, хөдөө орон нутгийнхан Улаанбаатарт сар болоод буцна. Тэр хүүхдийн сургуульд сураад, гэрт нь амьдраад, үүгээр телевизийн нэвтрүүлэг хийж байнга явуулдаг. Иймэрхүү зүйлийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоод хийх юм бол их чухал. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллагууд асар хүчтэй болж байгаа.

Бас нэг сайн санаачилгыг ард иргэд их дэмжсэн. Архигүй Монгол. Архины асуудал айл бүхэнд шахам л байлаа. Айл бүрт шахам архи дарс уудаг, буруу харилцаатай хүн байдаг байсан. Одоо оюутнууд нийлэхдээ архигүй нийлдэг болсон. Сүүлийн үед харин жаахан нэмэгдэх гээд байна. Тиймээс юмыг яриад орхидог биш, амьдралдаа хэвшүүлэхийн төлөө бүгдээрээ зүтгэдэг байх ёстой. Архигүй аймаг болъё. Манай зарим аймаг, сум санаачлаад, архи уудаг хүмүүс хамтарч клуб байгуулаад, өөрсдөдөө дүрэм зохиогоод, бүгдээрээ архинаас гарч байна. Энэ бол маш сайн үйл явц. Төсвийн мөнгийг архинд зарцуулахаа больё. Хот хүрээнээс дарга нар ирэхэд архиар дайлдагаа, хүлээн авалт хийхээ больё. Цагаан сараа хүртэл архигүй хийдэг болъё. Миний очсон газар архи хэзээ ч харагддаггүй. Үүнийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд дарга сайдууд, Засаг дарга нар нь хэрэгжүүлээд явж байгаа. Хүмүүсээс гарч байгаа санаачилгыг дэмжээд өгөхөд зөв санаачилга өөрөө цаашаа явчихдаг юм байна.

Eagle ТВ-ийн сэтгүүлч А.Уянга: -Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Найман жилийн хугацаанд хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнаж байна. Ер нь дарга нар хийсэн ажлаа тайлагнаад байдаггүй. Таны тайлын дээр ард иргэд сэтгэл хангалуун байна гэж хэлж байсан. Таны хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд ард иргэдэд хамгийн их хүрсэн гол чухал ажил, шийдвэр юу байсан бэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Eagle ТВ, Монгол Медиа корпораци бидэнд санал тавьсан. Ерөнхийлөгчийн хийсэн ажлын талаар ард иргэдээр үнэлэлт дүгнэлт өгүүлье гэсэн. Би хувьдаа энэ бол их зөв санаачилга байна гэж харж байгаа. Миний хувьд ч хийсэн ажлаа ярих, ойлгуулах нь зөв. Хүмүүстэй яриад ирэхээр “Би хувьдаа хамгийн их мэдээлэл авдаг гэж ойлгодог. Гэтэл Ерөнхийлөгчийн хийсэн ямар олон зүйлийг би мэдээгүй байсан юм бэ” гэдэг. Бас нэг гол зүйл бол би үүнийг санаачилж хийгээд байгаа юм биш. Хүмүүсээс гарч байгаа зөв санаачилгыг л бид дэмжиж байгаа юм.

Хүмүүс их гайхдаг юм. Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын Ерөнхийлөгч төсвөө хамгийн их хассан интитуци. Ерөнхийлөгчийн төсөв 2013 онд 11,6 тэрбум төгрөг байсан, өнөөдөр 4,5 тэрбум төгрөг болсон. Хүмүүс буруу сонсоогүй, ерөөсөө 4,5 тэрбум төгрөг болсон. Жилдээ 60 хувиар төсвөө хасахад бид ажиллаж болоод л байна. Гэхдээ бид тэндээсээ тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад Монголын эх түүх ном хэвлүүлэх, Монгол үгийн цахим толь хийх, Монголын төв номын сан дээр байгаа бүх номыг цахимжуулах зэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвөөс 800 сая төгрөг гарсан. Тэр бол маш том хөрөнгө оруулалт гэж би хувьдаа боддог. Тэнд байгаа ганц хувь номыг хүн эргүүлээд байвал хэдэн жил эргүүлээд л алга болно. Түүнийг бүгдийг цахим руу оруулаад хэрэглэвэл мөнх болж байгаа. Иймэрхүү маягийн санаачилгууд бид их гаргаж ажилласан. Монгол бичиг, монгол уламжлалын чиглэлд маш олон санаачилгууд гаргасан.

Үүнийг яриад байгаагийн гол санаа юу вэ гэхээр эрдэмтэд хүмүүсийн зүгээс гаргаж байгаа санаачилгыг нэгдүгээрт дэмжиж байгаа юм. Хоёрдугаарт, миний хэлэх гээд байдаг юм бол соёл болж үлдэх ёстой. Нэг ийм үг байдаг юм. Сайн удирдагч гэдэг бол тэр зүйлийг санаачилсныг нь хүмүүс мартсан ч гэсэн тэр санаачилга нь соёл болоод үлдсэн. Түүнийг хэн ч өөрчилж чадахгүй болсон. Тийм бодлого, үйл ажиллагаа явуулж чадах юм бол тэр үнэхээр сайн удирдагч, сайн ажил хийжээ гэж үзнэ.

Тэр хүн яваад өгөхөөр, жишээлбэл, шүүхийн шинэчлэл алга болоод шүүх эргээд хаагдмал болчихдог. Тэр яваад өгөхөөр Иргэний танхим алга болоод, архитай холбоотой зөв ажлууд нь алга болчихдог. Орон нутгийн хөгжлийн сан хаагдчихдаг, тийм байж болохгүй. Тэр ажлууд нь үлдээд, хүмүүст хүрч амьдралд нь хэрэг болоод, улмаар соёл болж тогтоод, ямар ч төр, засаг гарч ирсэн, өөрчилж чадахаа болихыг хэлж байгаа юм.

“Оюутан цэрэг” хөтөлбөр зогсох ёсгүй, улам цаашаа өргөжөөд явах ёстой. Гадаад бодлого дээр хэрэгжүүлж байсан олон ажлууд байна. Хийсэн ажилтай бол үүнийгээ хүмүүст яриад таниулдаг ажил уламжлал болон тогтох хэрэгтэй. Цаашдаа аймгуудын Засаг дарга нар, яамдын сайдууд, агентлагын дарга нар, УИХ-ын гишүүн ч ажлаа ярьдаг болчих хэрэгтэй.

Манайд хамгийн их дутагдаж байгаа, хамгийн хүнд асуудал бол улс төр. Улс төр дотроо хариуцлагын асуудал байна. Эрх мэдэлд хүрэх юм бол хариуцлага хүлээдэггүй. УИХ-ын гишүүнийг буцааж татах тухай юм ярьж болдогггүй. Тэр рүү яваад орчихвол бараг гэмт хэрэг үйлдчихсэн байсан ч хариуцлага хүлээдэггүй. Үүнээс болоод л хүмүүс бухимдаад байна.

Сайд дарга болоод ирэхээр амьдрал нь сайжраад, мөнгө төгрөг нь буруу зарцуулагдаад гэж яригдаад байгаа болохоор Монголын төрдөө итгэх итгэл унаад байгаа юм. Засгийн газрын гишүүдийн 30 хувь нь жил дотор солигдчихдог. Тэр дотроос 3-4 сайд нь хариуцлага хүлээдэг, улс төрийн хувьд уучлал гуйгаад, би буруу юм ярьсан байна. Би буруу үйл ажиллагаа явуулсан байна гээд өөрчлөгдчихдөг юм уу. Ийм болоод ирвэл эргээд хүмүүс итгэж эхлэнэ. Хариуцлагын хуулийг гарга гээд би шаардаад байгаа юм. Би үүнийг өргөн барьсан.

Улс төрийн нам гэж байна. Манайд намаараа талцдаг. Намын үйл ажиллагаа далд байдаг, намын данс шилэн болох ёстой. Намын гишүүдийн бүртгэл нь бүгдээрээ шилэн болох ёстой. Намын гишүүд бүгдээрээ оролцож асуудлаа шийддэг байх хэрэгтэй. Зөвхөн нэг фракцаар толгой дээр гарсан хүмүүс асуудал шийдээд явдаг. Дундаа хагаралдаад байдаг байж болохгүй. Би үргэлж хэлдэг. “Чи улс төрд орж явах гэж байгаа бол чамайг хүмүүс үргэлж харж байгаа. Төрийн ажилд орж байгаа бол нэг зүйлийг л бод. Ард түмний мөнгөнөөс хулгай хийж болохгүй. Албан тушаалаа буруугаар ашиглаж болохгүй. Ах дүүтэйгээ хуйвалдаж мөнгө завшиж болохгүй. Хэрэв завшсан бол чиний хойноос ямар ч шүүх, ямар ч хуулийн байгууллага явах л ёстой шүү дээ” гэдэг. Энэ ажлуудыг бид хуульчилж өгмөөр байгаа юм. Гэтэл одоо батална гэж хэлээд хаячихаад байгаа юм.

УИХ-ын гишүүнтэй яаж хариуцлага тооцох юм. Түүнийгээ хуулиндаа бичээгүй бол нэг ээлжит шуугиан болоод алга болчихоод байгаа юм. Хууль болгож бичээд, түүнийгээ улам чангалаад явах хэрэгтэй Монголд Хариуцлагын хууль хамгийн чухал байна. Улс төрийн намын тухай хууль хамгийн чухал байна. Төрийн албаны хууль хамгийн чухал байна. Тэгэхээр энэ хуулиудаа батлаад, төр нь зөв болох юм бол Монгол зөв болно.

Би ч гэсэн сэтгүүлч мэргэжилтэй. Манай ард иргэд орон нутагт ч адилхан, төв суурин газарт ч адилхан шаардаж байх хэрэгтэй. Тэгээд тайлангаа тавьдаг хүмүүстэйгээ ярьдаг, орон нутгийн сэтгүүлчидтэй ярилцдаг байх хэрэгтэй. Орон нутгийн сэтгүүлчдэд Ерөнхийлөгчтэйгээ уулзаад асуулт асуух, хийж байгаа зүйлийнх нь талаар мэдээлэл авах боломж тэр бүр байдаггүй.

Сэтгүүлч: –Орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж байгаад баярлаж байна Монгол Улсын Ерөнхийлөгч таны өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлаас хүний эрхийг дээдэлсэн их олон ажил хийсэн гэж дүгнэж байна. 2012 оноос эхлэн цаазын ялыг түтгэлзүүлсэн. Энэ нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийсэн том ажлын эхлэл болсон гэж үздэг. Энэ талаар таны бодлыг сонсъё.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Хүний эрх гэдэг дээр хамгийн дээд тал болсон нэг үг байдаг. Төр нь наад зах нь хүнээ алахгүй болох ёстой. Нийгэмд муу хүмүүс байдаг, муухай гэмт хэрэг үйлддэг хүмүүс байдаг. Энэ асуудал дээр хүмүүс янз бүрээр ярьдаг. Гэхдээ үүний цаана хоёр гурван засч болохгүй алдаанууд гараад байдаг юм.

Цаазын ялтай холбоотой ийм тохиолдол гарч байсан. Нэг гэмт хэрэгтнийг аваачаад цаазалчихсан чинь дараа нь жинхэнэ гэмт хэрэгтэн нь нотлогдож баригдсан. Гэтэл гэмгүй хүнийг цаазалсан байдаг. Цаазын ялыг алга болгосон нь тэр хэргийг буруу шийдсэн бол жинхэнэ эзнийг олж гаргаж ирэх боломж гарч ирдэг. Нөгөө талд нь дэлхий нийтээрээ цаазын ялыг халж байгаа хандлага байгаа юм. Цаазын ялгүй болох маш их үйл ажиллагаа явж байгаа. Дээрээс нь өнгө мөнгөний хорвоо гэдэг шиг хэдэн арван сая төгрөг аваад хүний өмнөөс хэрэг хүлээгээд, ороод цаазлуулчихдаг, тийм асуудал гардаг.

Цаазын ялыг халчихлаа гэхээр ял нь бүр алга болоод, цаазлагдах ёстой хүмүүс нь чөлөөтэй явдаг юм байх гэж боддог. Тийм биш. Түүнийг бүх насаар нь хорих ялаар өөрчилчихсөн байгаа. Бүх насаараа хамгийн хүнд чанга дэглэмтэй шоронд насаа элээнэ. Амьдарч байгаа тэр цаг хугацаандаа түүнийхээ төлөөсийг төлж, түүнийгээ даахгүй намайг цаазлаад өгөөч гээд орилж байдаг. Тэр бол тэр хүний хүсэл. Гэтэл түүнийг бүх насаар нь хорино гэдэг бол цаазын ялаас илүүтэй хамгийн том шийтгэл болдог. Тэр дэглэмд тарчилж хоригдоно гэдэг бол түүгээрээ эргэж төлж байгаа хэрэг. Тэр дэглэмийг давж гарсан хүний тоо бараг байхгүй. Тийм учраас буруу үйлдэлдээ ялаа үүрээд, түүнийхээ төлөөсийг үүрээд явах нь зөв байгаа юм.

Монголын төр Хүннүгийн үеэс авахуулаад хэдэн мянган жил явахад дандаа цаазыг хэрэглэж байсан. 1930-аад оны үед хэрэв цаазгүй байсан бол нийгмийн сэхээтэн, өнгө болсон тэр сайдууд, тэр олон лам нар, тэр оюун санаа, эр зориг болсон хүмүүсээ цаазлахгүй л байсан. Хэрэв шоронгийн ялтай байсан бол хэдэн жил байдаг юм, 20 жилээр ч болсон яваад, тэр хүмүүс гараад ирэх боломжтой байсан шүү дээ. Цэндийн Дамдинсүрэн гуай хүртэл цаазын ял аваад, орчуулгын ажил хийлгэх гэж ялыг нь зогсоогоод гаргаж байлаа шүү дээ. Бямбын Ренчин гуай тэр замаар орж л байсан. Тэгэхээр би Монголын түүхэнд, төрийг тэргүүлж байх үедээ цаазын ялаас татгалзсан. Түүнийг байнгын болгож мөрдөж байгаа бараг анхны тохиолдол болж байна.

Цаазын ял бүх үед энэ байсан. Түүнийг буруу хэрэглээд ирэхээр улс төрийн зэвсэг болгож хувирах гээд байдаг. Улс төрийн аргаар өөрийнхөө эсрэг хүмүүсийг хэлмэгдүүлээд, янз бүрийн хэрэгт оруулаад, цаазын ял руу оруулаад, өөрийнхөө замаас зайлуулах ийм зэвсэг болгож хувиргадаг. Бид хоёр том гүрний дунд байгаа. 1930-аад оны үед болсон үйл явцыг бидний хажууд байгаа том гүрэн ашигласан шүү дээ. Тэндээс орж ирсэн сургагч нарын бодлогыг хэрэгжүүлсэнгүй гээд, Монгол гэсэн сэтгэлтэй, эх оронч тийм хүмүүс байна. Тэдэнд та нар арга хэмжээ авахгүй байна, цаазлахгүй байна гээд өөр улс төр, өөр улс орны бодлогын золиос болдог. Үүний цаана ийм чухал юм байгаа юм. Монгол Улсын оршин тогтнох чухал амин хэрэгцээ байгаа юм. Нөгөө талаас хүн төрөлхтний нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлж алхах тухай асуудал байгаа юм шүү гэдгийг бодох хэрэгтэй.

Сэтгүүлч: –Таны өнгөрсөн найман жилд хийсэн ажлын тайланг нарийвчлан сонслоо. Бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Түүнээс өмнө амжуулах, шийдвэрлэх ямар ажил байгаа вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Би бүрэн эрхийн хугацаандаа нийт 30 гаруй хууль санаачилж оруулсан байдаг юм. Түүнээс арваад хууль УИХ-аас буцсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч олон юманд оролцож байна, дэндүү их эрх мэдэлтэй байна гэж манай хүмүүс боддог. Энэ хүнээсээ шалтгаалж байж магадгүй. Санаачилж оруулсан хуулиудаа харахад УИХ-ын гишүүдийн зүгээс хэзээ ч санаачлахгүй, Засгийн газраас санаачлахгүй, гэхдээ Монгол Улсад хэрэгтэй хуулиуд байдаг.

Жишээлбэл, Шилэн дансны тухай хууль гээд байна. Засгийн газартай холбоотой хүмүүс, эрх мэдэлтэй хүмүүс, төсөв захиран зарцуулдаг хүмүүс асуудалд орохгүйн тулд тэр хуулийг хэзээ ч оруулахгүй. Шилэн дансны хуулийг УИХ баталж өгөхгүй маш их татгалзаж байсан шүү дээ. Шилэн данс байхдаа яадаг юм, цаана нь ширэн данс байх юм уу, модон данс байх юм уу. Энэ буруу, нэр нь хүртэл буруу байна гэсэн. Дансыг нээлттэй болгоё. Нэрээсээ хүртэл шилэн байх ёстой. Яагаад Монголд ийм нэртэй хууль байж болохгүй юм. Шилэн гэдэг нэрийг хүн бүхэнд нээлттэй гэж ойлгодог. Хүмүүс ярьдаг болсон байна шүү дээ, дансаа шилэн болгоё гэж ярьдаг болсон.

Шилэн дансны хууль орон нутагт сайн хэрэгжиж байгаа юм. Орон нутгийн санаачилгатай Засаг дарга нар, орон нутагт ажиллаж байгаа ажлаа зөв хийх гэсэн хүмүүс үүнийг их сайн хэрэгжүүлдэг.

Хамгийн муу хэрүүл бол мөнгөтэй холбоотой хэрүүл. Манай дарга ингээд идчихсэн байна, тэд тэгээд уучихсан байна гэдэг. Тэгтэл орон нутагт тэдэн сая төгрөгийн төсөв батлагдаж ирээд, тэр нь ингэж задраад, цалин, төсөв, урсгал зардалд хэд нь зарцуулагдаж байгаа юм. Тэр бүхнийг харуулах гэж байгаа юм. Тэр явж байгаа томилолтын зардал чинь ил байг. Ийм хуулийн дагуу тэр мөнгийг ингэж зарцуулсан. Төрийн хэрэгцээ, ажлын дагуу ингэж зарцуулсан гээд хүмүүстээ харуулахад тэнд ажиллаж байгаа Засаг дарга, тэнд ажиллаж байгаа хүмүүст тэр муу нэр наалдахгүй.

Тэгээд хүмүүс бүгдээрээ түүнийг харж байх юм бол давуу тал нь зарцуулагдах төсвөө зөв төлөвлөж эхэлдэг. Бид энд зарцуулсан мөнгө буруу байна, түүнийг орон нутгийн хөгжлийн санд хийе гээд зөв болж эхэлнэ. Хүлээн авалтын зардлыг өндөр төлөвлөж байна. Олон дарга нарын өрөөний засварыг ийм өндөр төлөвлөж байна, үйлчилгээг өндөр төлөвлөж байна гэдэг ч юм уу. Төсвийн мөнгө хэмнэх үүднээс жишээлбэл, дарга нарын унадаг машин тэргийг худалдаж авахгүйгээр түрээсэлж болно шүү дээ.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга албаны машинтай байж болно. Бусад бүх дарга нь түрээсэлж хэрэглэх боломжтой. Даргад албаны ажлаар явах ажлын машин гээд дуудахад жолоочтойгоо хүрээд ирдэг. Төр тэр машины засвар үйлчилгээ, жолоочийн зардлыг шууд хариуцахгүй. Төр түрээсийн төлбөрөө төлөөд л хангалттай. Төрийн том байр байшингуудыг цэвэрлэхэд заавал төрийн цэвэрлэгч байх ямар хэрэг байна. Тэр цэвэрлэгээг хариуцсан хувийн аж ахуйн нэгж байдаг. Тэр компани хүрч ирээд ажлыг нь хийгээд өгчихдөг. Тэр компанид байгаа үйлчилгээний ажилчид цэвэрлэгээгээ хийгээд явчихдаг. Тэр хүмүүсийн нийгмийн даатгал, зардлыг төр үүрэх хэрэггүй. Та нар бод доо, төрөөс ямар их зардал хэмнэж болж байна.

Сая би УИХ дээр үг хэлэхдээ төрийн зардлын тухай ярьсан. Төр бизнес рүү ордгоо больчих. Төр аж ахуй эрхэлдэгээ больчих гэж хэлсэн. Манайхан гайхдаг юм. Төр аж ахуй эрхэлдэг юм уу гэдэг. Төр аж ахуй эрхэлдэг юм. Бүх яам байшин барьдаг болсон. Боловсролын яам гэхэд сургуулийн барилгын төлөө хөөцөлдөж байгаа юм. Тэр сургуулийн барилгын төлөө хөөцөлдөж яах юм бэ. Сургуулийн барилга барьдаг аж ахуй нэгжүүд түүнийгээ хариуцах хэрэгтэй. Төрийн хөрөнгө оруулалт хариуцсан нэг жижиг нэгж хариуцаад, хууль дүрмийн хүрээнд гэрээгээ байгуулчихдаг. Байгуулж байгаа гэрээ нь бүгдээрээ шилэн байдаг, бүгдээрээ хариуцлагатай байдаг.

Хувийн хэвшлийнхэн харин ч илүү хариуцлагатай. Ажлын байрууд нэмэгдэнэ. Сайд дарга нар бүх тендэрийн хойноос хөөцөлддөг, тэндээс юм унагах гэж явдгийг хуулиар хориглоод өгчих хэрэгтэй байгаа юм. Тэгэх юм бол Монголын төр асар цэвэр болно. Тэгэх юм бол Монголын төр зөв бөгөөд сайн болно.

УИХ-ын хүрээнд гарч байгаа муухай том хэрүүлүүд юунаас болж гардаг вэ гэхээр аж ахуйн үйл ажиллагаанаас болдог. Төмөр замтай холбоотой хэрүүл, нүүрсээ ийш тийш нь гаргах гэж байгаа байдлыг УИХ шийдээд байгаа болохоор яах юм бэ. Тэнд байгаа “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” гэдэг ч юм уу, аж ахуйн нэгжүүд шийдээд явах хэрэгтэй. Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төрийн өмчийн компани гэдэг бол цаасны компани байдаг. Голдуу хуульчдаас бүрдсэн, гэрээ хийдэг компани байдаг юм.

Түүнд сайд очиж гэрээ хийдэг биш, тэр компани мэргэжлийн болчихсон. Тэр компани гэрээгээ хийдэг. Төр нь туслах, шаардах ёстой зүйлдээ хяналтыг л тавьж байх ёстой. Дарга өөрөө оролцоод, гэрээнд оролцоод, сонирхолд оролцоод, тэндээс мөнгө авчих юм бол тэр яам нь ажиллаж чадахаа больчихдог. Төр өөрөө барьцаанд орчихдог юм. Тэр компани буруу зүйл хийсэн бол тэр компанийн удирдлагатай хариуцлага тооцох хэрэгтэй. Ингэж явах хэрэгтэй. Төрийн тендэр, төрийн аж ахуйн бүх үйл ажиллагааг төрөөс салгах хэрэгтэй. Төрөөс ингээд салгачих юм бол төрийн зардал ямар их багасна гэж бодож байна.

Та бүхэн нэг зүйлийг цээжилж авах хэрэгтэй. Социализмын үед төрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байсан зардал 40 хувиас хэтэрдэггүй байсан. Өнөөдөр төрийн эзэлж буй хувь хэмжээ 50 гаруй хувь, 60 хувьд дөхсөн явж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийгэмд бүтээгдэж буй бүх зүйлийн 60 хувийг төр нь буцаагаад идчихэж байгаа юм. 100 төгрөг олоод түүнийхээ 60-ыг, 1000 төгрөг олоод түүнийхээ 600 төгрөгийг буцаагаад идчихэж байгаа юм. Үүнийг 20 хувь хүртэл бууруулмаар байгаа юм.

Би нэг зүйл хэлж байгаа юм. Үндсэн хуулинд тийм засаглал, ийм засаглал, янз бүрийн даргатай болно гээд яриад байх юм. Үнэхээр Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа бол төрийн мөнгөний энэ зарчмыг өөрчлөхөө л суулгаад өгчих, энэ бол хамгийн гол нь юм. Жишээлбэл, төсвийн алдагдал гэж байдаг. Айл дээр жишээ хэлэхэд өөрийн олж байгаа орлогоосоо илүү зарлага гаргаад байвал тэр айл өрөнд орно шүү дээ. Миний өөрийн цалин, эхнэрийн цалин ийм байна. Үүгээрээ л тооцож хувцас авч өмсөнө. Түүндээ таарсан хоол хүнсээ бэлтгэж, түүндээ тааруулж хүүхдээ хувцаслая гээд тооцчих юм бол тэр айл өрөнд орохгүй. Яг түүнтэй адилхан төрийг тийм болгох хэрэгтэй байгаа юм.

Төрийн орлого зарлага, төсвийн орлого зарлага тэнцүү байна гээд, хэрэв зарлагыг хэтрүүлэх юм бол Сангийн сайд хариуцлага хүлээнэ. Засгийн газар хариуцлага хүлээнэ. Сангийн сайд төсөв төлөвлөж орж ирэхдээ 2 хувиар зарлагаа илүү гаргавал хариуцлага хүлээж огцрохоор болох юм бол тэгж орж ирэхгүй. Манайд тэгэхэд 18 хувиар зарлагаа илүү тавиад ороод ирж байна шүү дээ.

Би 2005 онд Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Монгол Улсын түүхэнд анх удаа манай улсын төсөв ашигтай гарсан шүү дээ. Яагаад ашигтай гарсан гэхээр би авилгатай тэмцэж эхэлсэн. Дарга нарын халаасанд ордог байсан мөнгө төр рүү ороод явсан. Анх удаа төсөв ашигтай гарч, дараа оны нэгдүгээр сард УИХ намайг огцруулж байхад 160 тэрбум төгрөгийн илүүдэлтэй төсөвтэй хүлээлгэж өгч байсан. Дараа нь гарч ирсэн Ерөнхий сайд тэтгэврийг гурав дахин нэмж байсан шүү дээ. Сүүлийн гурав дөрвөн жилд гурав дахин байтугай гурван хувь ч нэмж чадаагүй байна.

Тэтгэвэр гурав дахин, төрийн албан хаагчийн цалинг гурав дахин нэмж байсан. Уг нь тэр мөнгийг тусад нь сан бий болгоод, илүү гарч байгаа мөнгийг хадгалж өсгөөд, мөнгө дутвал түүнээсээ ашигладаг, ийм ухаалаг бодлого явуулмаар байна. Үүний төлөө явдаг баймаар. Өөр бас нэг зүйл бол улсын тавьдаг өрийн хэмжээг заагаад өгчихдөг баймаар байна. Засгийн газрын тавьж байгаа өр 60 хувиас хэтрэх ёсгүй гээд заамаар байгаа юм. Одоо манайх 80 хэдэн хувь болсон. Баахан бондын өр гээд, монголчууд бүгдээрээ өртэй болчихлоо гээд яриад байгаа. Төрсөн хүүхдэд тэдэн төгрөг ноогдлоо гээд байгаа. Тэр юмаа л Үндсэн хуульдаа оруулчих хэрэгтэй. Түүнийг хэтрүүлэх юм бол Сангийн сайд огцордог, Ерөнхий сайд огцордог л болгочихъё. Тэгэх юм бол эрх баригч нам тийм юм хийхгүй.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зардал 40 хувиас хэтрэхгүй гээд л тавьчих. Өнөөдөр 60 хувь хүрч байна гэж би хэллээ шүү дээ. Харин ч 40 хувиас доош бууруулмаар байна. Бүр 40 хувиас бууруулсан, 35 хувь болгосон Засгийн газрыг дахиад сонгох хэрэгтэй. Төсвийн орлого, зарлагаа бариад явж байгаа Засгийн газрыг дахиад сонгох хэрэгтэй. Ер нь үүгээр л хандах хэрэгтэй.

Мөнгө их байвал энэ улс төрчид чинь мөнгөнд дуртай улс. Мөнгө их байвал зарж л байдаг. Аль ч улс орны Засгийн газар тийм л байдаг. Түүн дээр хязгаар тавихын тулд Үндсэн хуульдаа, бусад хуульдаа миний энэ ярьж байгаа өөрчлөлтийг оруулах хэрэгтэй.

Би хувьдаа хэлээд байгаа, 27 жил улс төрөөр явлаа. Найман жил Монголын төрийг толгойллоо. Ерөнхийлөгчийн суудал бол Монголын төлөө юм боддог хүнд бол юм бодуулдаг юм. Улс оронд ямар асуудал болохгүй байна. Яаж шийдвэл зүгээр байна. Дэлхий нийтэд яаж шийдэж байна гэдгийг би харж байна. Би энэ юмаа хэлж өгье гэж шинэ УИХ сонгогдсоны дараа 10 цаг хаалттай мэдээлэл хийж ярилцсан. Өмнө нь үг хэлж байхад 2 цаг яриад гардаг байсан. Сая 10 цаг болсон. Яагаад гэвэл энэ их хурлын 76 гишүүний 41 нь шинээр сонгогдсон.

Тэр хүмүүс анх удаа яриа сонсож байгаа. Тэр хүмүүс сонсоод юу гэж хэлж байна гэвэл УИХ-ын гишүүн болоод ийм юм ярих гэж л би сонгогдсон гэдгээ одоо л мэдэрлээ. Үнэхээр Ерөнхийлөгчийг шал өөрөөр ойлгож явсан чинь ийм юманд санаа зовж явдаг юм байна. Монголын аюулгүй байдал, Үндэсний эрх ашиг, гадаад харилцаа, бүс нутаг гэдэг ингэж шийдэх ёстой юм байна. Энэ дээр ийм хүндрэл гардаг юм байна. Ингэж шийдэх ёстой юм байна. Ингэж ойлгож авлаа гээд их сайхан харилцаж байсан. Тэгэхээр энэ бол бас хэрэгтэй байгаа юм.

Би УИХ дээр үг хэлсэн шүү дээ. Монгол төрийн хар хайрцаг гэдэг бол хүнтэйгээ яваад өгч болдоггүй юм. Хүн нь яваад өгдөг, түүнтэй өөрийнх нь ойлгосон бүх юм хамт яваад өгч болохгүй. Ийм учраас үүнийг үлдээе гэж байгаа юм. Энэ тайлан танилцуулга гэж байгаагийн цаана бас ийм санаа яваад байгаа юм. Тэгэхээр ийм юм хийж ирлээ. Энэ олон түмний дэмжлэг хүлээлээ шүү.

Ийм юмыг хийж чадсангүй. Ийм юман дээр алдаа гарлаа. Бидний алдаад байгаа зүйл энэ байна. Үүнийг бид ингэж засч болж байна гэж хэлээд байгаа. Үүний хамгийн гол агуулга нь энд байгаа. Өнөөдөр та бүхэнтэй ярьж байгаа олон зүйлийн цаана ийм зүйл байгаа юм.

Монголын мэдээ телевизийн сэтгүүлч Б.Батбаяр: –Монголын мэдээ телевиз, Eagle телевиз, говийн бүсийн болон зүүн бүсийн аймгуудын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн 8 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, бодлогын биелэлтийн талаар өөртэй нь ярилцлаа. Бидний асуусан асуултад дэлгэрэнгүй хариулсанд баярлалаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -За их баярлалаа. Өнөөдөр бол Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн төлөөлөл, Сүхбаатар аймгийн хэвлэл мэдээллийн төлөөлөл, Хэнтий аймгийн хэвлэл мэдээллийн төлөөлөл ирсэн. Бас говийн аймгуудыг сэтгүүлчдийг энд урьсан. Дорноговь, Чойр, Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн төлөөллийн хүмүүс ирлээ.

Бид аливаа асуудлыг Улаанбаатарт ярьдаг, заавал Улаанбаатарт очиж ярилцлага авдаг, нэг бол Улаанбаатарт гарч байгаа мэдээллийг орон нутгийнхан дамжуулах маягтай суудаг биш, яг эхнийх нь эх сурвалжаас мэдээлэл авч, түүнийгээ ард иргэддээ хүргэнэ гэдэг бол их чухал байдаг. Сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд энэ их чухал зүйл гэж бодож байгаа. Дорнодод ажиллахдаа би бас нэг шинэ жишиг тогтооё гэж бодсон юм. Цаашаа иймэрхүү уламжлал тогтоогоод аваад явах байх гэж найдаж байна.

Би хувьдаа Монголын ирээдүй сайхан байна гэдэгт итгэдэг. Яагаад ингэж итгэдэг юм бэ гэхээр нээлттэй нийгэм урагшилдаг. Манай хүмүүс ингэж бодоод байгаа юм. Энэ нийгэм рүү орсон чинь бухимдал, муу зүйл улам их боллоо гээд байгаа юм. Бид нар энэ тухайгаа ил хардаг болсон. Өмнө нь бол хөшиг татчихсан байсан. Ганц телевиз, ганц радиотой, тэр нь цензуртай. Ийм зүйл ярьж болохгүй, ийм юмны тухай ойлгож болохгүй гэдэг байсан. Одоо мэдээлэл нээлттэй. Нээлттэй, ил шарх хүртэл наранд байлгаад байхаар амархан аньдаг шүү дээ.

Ухаантай хүн бол бусдын алдааг давтдаггүй. Бусдыг хараад л ойлголт авчихдаг. Ийм байж болохгүй юм байна гээд ойлголт авчихдаг. Ийм байдлаар нээлттэй нийгэм урагшилдаг юм. Тийм учраас би энэ нийгмийн ирээдүйд итгээд байгаа юм. Тийм учраас хэвлэл мэдээлэл чөлөөтэй байх ёстой. Нийтийн мэдээлэл гээд твиттер, фэйсбүүк байна. Энэ бүхэн чөлөөтэй байх ёстой гэж би хэлээд байгаа. Үүгээр дамжаад Ерөнхийлөгчөө ч шүүмжилдэг байж болно.

Миний нэг зарчим байгаа. Би нэг ч сэтгүүлчийг цагдаад өгч байгаагүй. Энэ буруу нэвтрүүлэг хийлээ. Намайг гүтгэчихлээ, үүнийг шүүхээр шийтгээд өгөөч. Миний нэр төрийг сэргээгээд өгөөч гэж хандаж байгаагүй. Хэрэв ингэх юм бол ард иргэдийнхээ зоригтой үгээ хэлдэг, нээлттэй үгээ хэлдэг зоригийг мохооно. Нэг хүн дээр төр үйлдэл гаргах юм бол дараа нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа олон мянган хүний зориг зүрхийг мохооно гэсэн үг. Тийм учраас үүгээрээ үлгэрлэж харуулах хэрэгтэй байгаа юм.

Бас энэ ажлыг хийж байгаад харж байхад 10 зүйл, 100 хувийн юм гарч байхад бараг 9 зүйл, 99 хувь нь худлаа л байдаг. Үнэхээр түүнийг шалгаж үзээд үндэслэлгүй нь тогтоогдож байдаг. Гэхдээ би энэ зүйлээ ойлгуулаагүй юм байна. Намайг ингэж харж байна. Тийм учраас би илүү ажиллах хэрэгтэй юм байна. Арай илүү эрт босох шаардлагатай юм байна гэж боддог. Тэгэхээр нээлттэй нийгэмд наад зах нь тэнд ажиллаж байгаа, хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс хүртэл сайжирдаг, чангардаг.

Хэвлэл мэдээлэл өөрөө эрүүл мэндийн салбар. Ерөөсөө нийгмийг анагаадаг салбар. Ард иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байж л нийгмээ анагаана. Монгол Улс энэ замаар явах ёстой. Бусад хаадаг боодог нийгмийг бид дуурайж болохгүй. Яагаад гэвэл бид цөөхөн хүн амтай. Хүн амаа зөв хөгжүүлж, бүгдээрээ л сургамж авч, урагшилж байж энэ нийгэм маань сайн болно гэж би ийм итгэл үнэмшилтэй байдаг юм. Шийдвэр гаргаж байгаа бүх хүмүүст энэ итгэл үнэмшил байгаад, бүгд үүн дээрээ зогсох юм бол Монголын нийгэм урагшилна. Бид нар сүүдэрээ нуух хэрэггүй. Бид нар алдаа хийсэн бол алдаагаа хүлээгээд сурчих хэрэгтэй. Наад зах нь уучлаарай гээд хэлчих хэрэгтэй.

Буруу үг хэрэглэсэн бол уучлаарай. Би нэг буруу үг хэрэглэчихлээ гээд хэлэхэд л дараа нь тэр нь давтагдахгүй, дахиад тийм алдаанд орохгүй байх баталгаа болдог. Түүгээрээ тэр нийгэм урагшилж байдаг. Тэр нийгмийн ёс зүй засагдаж байдаг юм.

Манайд байгаа бас нэг дутагдал бол бие биеэ доош нь хийдэг. Бие биеэ татаж унагадаг. Хэвлэл мэдээлэл, янз бүрийн юмыг ашиглаж бараг бизнес болгоод хувиргасан ийм чиглэл хүртэл бий болсон байна. Гэхдээ үүнийг хүмүүс мэдээд эхэлсэн байна. Энэ улстөрч ийм замаар явдаг. Яг үнэндээ бол ийм биш. Энэ хүний хийж байгаа нь хэлдгээсээ зөрдөг ч гэдэг юм уу. Энэ хүн бол бүтээн байгуулалтын төлөө биш. Харин энэ улсууд бол бүтээн байгуулалт хийх гэж явж байгаа ч гэдэг юм уу, хүмүүс үнэнийг мэддэг болоод байна. Ийм маягаар цаашаа явах ёстой. Тэгэх юм бол Монголын ирээдүй гэрэл гэгээтэй сайхан байна гэж боддог.

Өнөөдөр ийм боломж гарч та бүхэнтэйгээ уулзсандаа их баярлалаа. Та бүхний үзэгчдээр дамжуулаад нийт ард иргэддээ талархал илэрхийлье. Энд биднийг үзэж байгаа тэр бүх хүмүүст сайхан мэнд дамжуулъя.

Та бүхэнд их баярлалаа” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос дахин баллистик пуужин харвасан байна

Умард Солонгос орон нутгийн цагаар өнөөдөр үүрийн 5:30 цагийн үед баллистик пуужин харвалаа гэж АНУ болон Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдэгдлээ.

Пхеньянаас хойд зүгт орших Өмнөд Пёнган аймаг дахь пуужин хөөргөх талбайгаас нэг баллистик пуужин харвасан байна. Харвасан пуужин Умард Солонгосын нутаг дэвсгэрээс гарч чадалгүй дэлбэрсэн гэж АНУ-ын Номхон далайн командлал мэдэгдэв.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэхдээ “пуужин харваснаас хэдхэн секундийн дараа дэлбэрсэн” гэлээ.

Чухам ямар төрлийн пуужин харвасныг нь олж тогтоохоор АНУ болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

Умард Солонгос үүнээс өмнө энэ сарын 5-нд болон 16-нд зүүн нутгийн Өмнөд Хамгён аймгийн Синпо хотоос холгүй орших газраас баллистик пуужин харвасан боловч пуужингууд дэлбэрэн туршилт амжилтгүй болсон юм.

АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байгааг Пхеньян эрс эсэргүүцэж байна.

Умард Солонгосын ГХЯ энэ долоо хоногийн мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “АНУ түрэмгий үйлдэл хийвэл манай улс цөмийн зэвсгээр цохилт өгөх болно” гэж анхааруулсан билээ.

Умард Солонгос хэзээ ч өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй гэж үзэн АНУ болон Өмнөд Солонгосын армийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөлдөх уулзалтыг нээж М.Энхболд үг хэллээ

Эрхэм хатагтай, ноёд оо,

Хүндэт зочид оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын нэр хүндтэй үйл хэрэгт оролцож буй Та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.

Монгол Улс 1992 онд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго дор шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан билээ.

Шинэ Үндсэн хуулийг одоогоос 26 жилийн өмнө нийт ард түмнээрээ 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлж, нийт 1.2 сая сонгогчдын 900 гаруй мянгаас нь давхардсан тоогоор 200 мянга гаруй санал авсан байдаг. Тэдгээр саналын 44.3 хувийг төсөлд ямар нэг байдлаар тусгаж,Улсын Бага Хурал 4 удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй.

Энэ утгаараа Монгол Улсын шинэ Үндсэн хууль Монголын бүх ард түмний хамтын бүтээл, зөвшилцөл ойлголцлын эрхэм баталгаа болсон билээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал зөвхөн парламент, эсвэл санал санаачилга гаргасан хүмүүсийн санаан зоргоор хийх ажил биш бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа миний бие Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон.

Нэмэлт, өөрчлөлтийг урьдын адил нийт ард түмнийхээ санал бодол, хүсэл зоригт тулгуурлан, тэднээсээ асууж, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ил тод байдал, зөвлөлдөх ардчиллын зарчмыг бүрэн хэрэгжүүлж хийх учиртай гэж үзэж байна.

Өнөөдөр энэ танхимд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, батлахад оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд хүрэлцэн ирээд байна.

2000 оноос хойш Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 8 хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг болон өдийг хүртэл зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлуудаасҮндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий болсон талаар цөөнгүй судалгаа, зөвлөмж гаргажээ.

Түүнчлэн, иргэд, эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа дараа санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлэх болсон.

Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газар болон УИХ дахь Монгол Ардын Намын бүлэгт байгуулагдсан Ажлын хэсгүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар судалгаа хийхэд хамрагдсан иргэдийн олонхи нь шинэ зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тухайлбал, Монгол Улсад хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдал, хоорондын уялдаа холбоо бүрэн хангагдаагүй гэж 96.7 хувь нь, УИХ-ын бүтэц, зохион байгуулалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна гэж 73.1 хувь нь, Засгийн газрын гишүүн нэг зэрэг УИХ-ын гишүүн байх нь буруу гэж 51.5 хувь нь үзсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг байх нь зөв гэж 57.3 хувь нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг ямар нэгэн хэмжээгээр өөрчлөх нийгмийн шаардлага бий болсон гэж 79.3 хувь нь саналаа илэрхийлсэн байна. Энэ бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар нийтээрээ зөвлөлдөн хэлэлцэх, зохих шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага буй болсныг харуулж байгаа юм. Энэ шаардлагыг үндэс болгон өнөөдөр Та бүхэн Ардын Их Хурлын танхимдаа хуран цуглаад байна.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэлэлцэж баталсан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтуудад өөрчлөлт оруулахаар бол зөвлөлдөх санал асуулгыг зайлшгүй явуулахаар заасан болно. Мөн 5.3.4-т тус санал асуулгын дүнгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулна гэж заасан юм.

Эдгээр хуулийн дагуу Монгол Улсын Их Хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолыг батлан гаргаснаар Монгол Улсад анх удаа зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж буй түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна.

Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцогч Та бүхэн хоёр өдрийн хугацаанд тодорхой мэдлэг мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсний дараа саналаа өгөх болно. Та бүхний өгсөн саналыг Улсын Их Хурал харгалзан үзэж шийдвэр гаргана. Тиймээс Та бүхэн энэхүү түүхэн үйл хэргийн үнэ цэнийг ухааран ойлгож, нэн хариуцлагатай хандана гэдэгт бүрэн итгэж байна.

Монголын насанд хүрсэн бүх иргэдийн нэрсийн жагсаалтаас математик-статистикийн аргаар санамсаргүй байдлаар сонгогдсон Та бүхэн нийгмийн бүхий л анги давхарга мэргэжил, сонирхлын бүлэг, нас, хүйсийг буюу Монголынхоо нийт ард түмнийг бүрэн төлөөлж, түүхэн чухал шийдвэр гаргах онцгой эрхийг эдэлж буй нь хувь хүний хувьд нэн завшаантай, баярт үйл явдал болж байгаа юм. Тиймээс Та бүхэндээ дахин баяр хүргэж, мэргэн ухаан саруул оюун орших болтугай гэж ерөөе.

Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.