Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Тус ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болоод байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт агентлаг, харьяа газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Month: April 2017
“Эрдэнэс Таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос компанийнхаа гүйцэтгэх захирал Д.Ариунболдод шаардлага хүргүүлсэн байна. Тус компанийн 203 ажилтан өнгөрсөн жил “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-нд түр шилжин ажилласан ба энэ хугацааны урамшууллыг тус компаниас “Эрдэнэс Таван толгой” компанид шилжүүлсэн байна. Ти Ти Жи Ви Си Өү” компаниас ажилчдын урамшууллыг шилжүүлсэн гэдгээ албан бичгээр мэдэгджээ.
Гэвч “Эрдэнэс Таван толгой”-д ажилчдын урамшууллын цалин орж ирсэн ч дээрх 203 албан хаагчид олгоогүй байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор Үйлдвэрчний эвлэлээс шаардлага хүргүүлжээ. “Мөн энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг тодорхой шалтгаангүйгээр зогсоосон байна. Жолооч нар сул зогсолтын цалин урамшуулал авна гэдгээ мэдэгджээ.
Урлагийн тоглолтын тасалбарт НӨАТ-ын баримт олгодог болох гэж байна. Тодруулбал, 2017 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг Нийслэлийн соёл урлагийн газраас зохион байгуулах гэж байна.
Энэ нь урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ногдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах зорилготой аж.
Тиймээс, Татварын ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Татварын ерөнхий газарбайгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс цахим төлбөрийн “И баримт” системд холбогдон, бүртгэлийн машин хэрэглэж, худалдан авагчид төлбөрийн баримт олгож хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Өчигдөр Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг саатуулж ажиллажээ.
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 335 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 10 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 4 нь сургуулийн насны хүүхэд байсан байна.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 осол, мөргөлдсөн 5 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Тухайлбал, СБД-ийн нутаг Дарь эхийн зам, 58-р сургуулийн хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь 10 настай эмэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг Хэрэг бүртгэх тасагт шалгаж байна.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын А/11 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын А/87 дугаар захирамжийн дагуу “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг өчигдөр Баянзүрх дүүрэгт зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Тамгын газрын харьяа хэлтэс, албад, 28 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд зэрэг нийт 100 аж ахуйн нэгж, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж оролцсоноороо онцлог байв.
Энэ удаагийн бэлэн байдлын үзлэгээр дүүргийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудын 200 гаруй техник хэрэгслийн гамшгийн үеийн ашиглалт, бэлэн байдлыг үзэж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шаардлагатай багаж хэрэгслээр хангасан эсэхийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр хангагдсан байдлыг үзэж Мэргэжлийн ангиуд, аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгийн үед үүсч болзошгүй нөхцөл байдлаар цагийн мэдээг өгч ажиллалаа.
“Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийн зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулахад оршдог гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Засгийн газрын хуралдаанаар Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг хоёр тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
Наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд даалгалаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/, Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл бюу “Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” хэлэлцэх юм.
Гишүүдийн ирцийн талаар танилцуулбал одоогийн байдлаар Ж.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Н.Энхболд, Б.Чойжилсүрэн, С.Жавхлан нарын 16 гишүүн хуралдаандаа ирээгүй байгаа бол Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар гадаадад томилолттой байгаа аж.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурч орон нутгийн замын нөхцөл байдал хүндрээд байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тухайлбал өчигдөр Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, замын халтиргаа гулгаа үүсэн тус чиглэлийн замыг түр хаасан бөгөөд шуурхай арга хэмжээ авч тус чиглэлд зорчиж байсан 202 зорчигчийг аюул осолгүй суурин газар шилжүүлэх ажлыг зохион байгууллаа. Одоогоор зүүн аймгийн ихэнх нутгаар цаашлаад төвийн болон говийн аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байна.
-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулаг, сэрэмжлүүлгийг дагах,
-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэдийн холбоо тасрах зэрэг тохиолдол гарч болзошгүй тул жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцхыг анхааруулж байна.
Нийслэлчүүд жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг “Хөрс хамгаалах” өдөр болгон тэмдэглэхээр боллоо.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотой байгаль орчин, экологийн асуудал, тэр дундаа Хөрсний бохирдлын асуудал илүү хурцаар тавигдах болсон.
Тиймээс НИТХ дахь АН-ын бүлгээс Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөртэй болгох санаачилга гарган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, уг өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тогтмол тэмдэглэж, Нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллаж байхаар заасан тогтоол батлуулсан байна.
Цагдаагийн ажилтан гурван хүүхдтийн амийг аварсан байна. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох нь энэ сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 3 хүүхэд осгосон байдалтай байхад нь амь насыг нь аварчээ.
Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохыг очих үед Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр гурван хүүхэд хэвтэж байжээ. Түүнийг очиход 7 настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой зогсож байсан ба 4, 5 настай хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон, хөлдөж мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Цахир сумын хүн эмнэлгийн эмч, сувилагч нар шаардлагатай эрчимт эмчилгээг хийж 5 настай хүү Д.Ганхуяг, 4 настай хүү Т.Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 4-5 цагийн дараа ухаан орж, 7 настай хүү С.Цэрэнрандалд анхны тусламж үзүүлжээ. Одоогоор дээрх 3 хүүхдийн биеийн байдал сайжирсан байна.