Үндэсний бөхийн улсын шүүгч Ж.Цэрэвтэй ярилцлаа.
-Бөхийн өргөөнд болсон Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд арслан Р.Пүрэвдагва, харцага Т.Баасанхүү хоёрын түрүү булаацалдсан барилдаан нэлээд шүүмжлэл дагууллаа. Бөхчүүдийн ёс жудаг алдагдсаны том жишээг харлаа гэж бөх сонирхогчид ярьж байна?
-Өндөр чансаатай 128 бөх барилдсан. Нэг их олон бөх өдөржин барилдсанаас өндөр чансаатай бөхчүүд нь хүч үзээд тэргүүнээ шалгаруулах нь зөв л дөө. Сонгинохайрхан уулын хишиг барилдаан ер нь л боломжийн боллоо. Гэхдээ сүүлийн хоёр бөхийг хүмүүс олон өнцгөөс нь хүлээж авлаа. Нэг нь дэвжээний зах руу зугтаж нөгөөх нь барих гэж зүтгэх. Бөхийн ир гэж байдаг юм. Барилдааны явцад ир, идэвх, эр зориг нь орчихсон бөхийн ирийг мохоох гэж учраа нь зугтааж, цааргалдаг. Энэ аргыг улсын арслан Р.Пүрэвдагва хэрэглэсэн юм болов уу. Т.Баасанхүү ч олон бөх давчихлаа, тэр эр зоригоороо барилдвал арсланг давчихна гэсэн ойлголттой барилдах гэж оролдлоо. Арслан дэвжээний дэвсгэрт орооцолдож уналаа. Үүнийг бөхийн ёс жудгийн талаас нь аваад үзэхэд тэр хоёр олны өмнө дэвжээн дээр гарсан бол сайхан л барилдах ёстой. Нэг нь зугтаж, нөгөөдөх нь хөөж, бүдэрсэн гэдэг шалтгаанаар дахиад барилдахгүй, үзэгчдийг чилээх, барилдааныг удаашруулж байгаа нь бөхийн ёс жудагтай холбоотой асуудал. Энэ асуудал зөвхөн уг барилдаан дээр ч гарсан юм биш, өмнө нь хэд хэдэн барилдаан дээр гарсан. Тийм учраас манай бөхчүүд талбай, дэвжээн дээр гарсан л бол ард түмэнд сайхан барилдаан үзүүлж, олныг баясгасан сайхан мэх хийж, барилдаан гаргаж барилдах нь бөхийн хөгжилд их ач холбогдолтой. Гэтэл ганцхан давааны төлөө бөөцийсөн, нөгөө бөхийнхөө ирийг мохоох зэрэг байдал, өнгө аяс гаргах нь бөхийн ёс жудагт нийцэхгүй.
-Спорт талаас нь харвал тэр хоёр бөх бол түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөгчид. Үндэсний бөх гэдэг хэдий спорт ч гэлээ Монголын ард түмний эв нэгдэл, баяр цэнгэлийн манлай болсон бэлгэдлийн чанартай том зүйл. Эрчүүдийн маань хийморийг сэргээсэн наадаан. Гэтэл тэр үндэсний спортоор барилдаж байгаа залууст нь жудаг гэж юм бараг алга шив?
-Олон жилийн түүхэн уламжлалтай монгол бөх шүү дээ. Хүү төрвөл барилдуулж, хүлэг төрвөл уралдуулдаг Монголын заншлын нэг том наадам. Сайхан шударга барилдаж, уран мэх хийж, сэтгэлгээ гаргаж, ухаан бодлоо уралдуулан байж барилдах нь монгол бөхийн жинхэнэ утга агуулга, мөн чанар нь. Гэтэл сүүлийн үед тийм биш болчихлоо. Давааны төлөө яаж ч мэдэхээр байна. Цааргалж, уначихсан мөртлөө тэрийгээ мэдэхгүй дахиж барилдах гэж оролддог. Давсан нь өөрийгөө давсан гэхээр нөгөөх нь зөвшөөрч өгдөггүй. Энэ бүхэн нь ёс жудаггүйг харуулахын зэрэгцээ, үзэгч олныг хүндлэхгүй байгааг илтгэж байна. Олон түмнийг баясгасан сайхан барилдаан гаргах, ийм сайхан бие хаатай төрснөөрөө сайхан барилдаан харуулж ард түмнээ баясгах ёстой гэдэг боловсон ойлголт зарим бөхчүүдэд дутагддаг. Сонгинохайрхан уулын хишиг барилдаан дээр тиймэрхүү зүйл харагдаж л байсан. Хоёр сайхан бөх гар бариад л барилдчихдаг байхгүй юу. Унасан нь инээгээд л тахимаа өгөөд унагасан нь ч инээгээд л тахим авдаг. Ингэж л үзэгчдээ хүндлээд явах байтал давааны төлөө тэр хоёр бөх юу хийнэ үү, яана уу гэдэг нь ард түмэнд хамаагүй юм шиг л ноцолддог. Телевизээр, орон даяар шууд дамжуулж байгаа тэр сайхан үйл явдлыг хүндэтгэхгүй байгаа юм уу, эсвэл ухаарахгүй байгаа юм уу. Эсхүл ерөөсөө тийм сэтгэлгээтэй болчихсон юм уу, энэ бөхчүүд.
-Ийм жудаггүй байдал гаргаад байгаа нь залуу бөхчүүдийн ааш авир, харилцаатай холбоотой юу. Эсвэл тэдэнд ахмад, улсын цолтой бөхчүүд нь зааж зааварлахгүй байна уу?
-Би Орхон аймгийнхаа Үндэсний бөхийн холбоонд ярьдаг юм. Шинэ залуу, гарч ирж байгаа залуу бөхчүүдэд Монголын үндэсний бөхийн ёс жаяг, хэв маяг, гараа дэвээ, шаваа, тахим өгч авахаас эхлүүлээд бөхийн уран сэтгэлгээ, мэдрэмжтэй барилдахыг заах сургалт хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ залуу бөхчүүд дур дураараа л барилдана. Тааруухан аашилдаг бөхийг дуурайгаад л явчих юм бол сайн бөх болж, ард түмэндээ хүндлэгдэхгүй. 1930 онд Ховд аймгийн Ванчинхүү, Дорнодын “Гулзгай” Дамчаа хоёр үзүүр түрүүнд үлдээд хоёулаа бараг зэрэг унасан байгаа юм. Тэгтэл Ванчинхүү түрүүлж босоод “Миний дүү чи давлаа. Чи давсан. Ах нь тахимаа өгье” гэсэн чинь Дамчаа “Үгүй ээ, ах аа. Та давсан. Би танд тахимаа өгөх ёстой” гэсэн гэдэг. Ингээд Дамчаа Ванчинхүүд тахимаа өгснөөр Ванчинхүү түрүүлж арслан болсон ч хоёуланд нь арслан цол өгсөн шүү дээ, тэр жил. Ийм сайхан ёс уламжлал байдаг. Үүнийг би бөхийн тухай номдоо бичсэн. Бөхийн хорхойтнууд, бөхчүүд маань уншдаг бол их л зүйлийг ойлгох байх шүү.
-Сүүлийн үеийн залуу бөхчүүд ингэж чих халууцуулж байгаа болохоос биш үндэсний бөхөд жудагтай бөхчүүд бий шүү дээ?
-Байлгүй яахав. Цагаан сарын барилдаанд 13, Нууц товчооны 370 жилийн ойн барилдаанд түрүүлсэнтэйгээ нийлээд улсын наадамд 12 удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аварга байна. Маш жудагтай, намбатай сайхан барилддаг. Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Х.Баянмөнх байна. Монголын үндэсний бөхийн түүхэнд түрүү бөхийн тоог анх удаа хоёр оронтой тоонд хүргэсэн бөх шүү дээ. Энэ хүн бол бас их даруу. Тэр үед бөхчүүдийн дунд аатай гэж нэрлэгддэг зарим нэг сагсуувтар бөхийн тоонд хавчигдаж, орж ч байлаа. Тэгсэн ч Х.Баянмөнх уналаа гэвэл унадаг, давлаа гэвэл даваад явчихдаг л бөх. Энэ мэтээр сайхан явж ирсэн жудагтай бөхчүүд байгаа. Гоё, гоё жудагтай бөхчүүд байсан. Өмнөговийн, улсын арслан Г.Дэмүүл бас их аатай мөртлөө унаснаа хүлээдэг жудагтай бөх байсан. Манай аваргууд чинь мундаг шүү дээ. Д.Цэрэнтогтох аваргаас эхлүүлээд бүгд л унасан бол унаснаа хүлээдэг. 1991 оны улсын наадамд улсын гарьд П.Сүхбат шөвгийн дөрөвт Б.Бат-Эрдэнэ аваргатай үлдсэн. Б.Бат-Эрдэнэ аварга амлаж аваад барилдахад зүүн хөлд нь баруун хөлийн этээг хагас хийгээд л өвдөглүүлчихсэн. Тэгэхэд Б.Бат-Эрдэнэ аварга босч ирээд сайхан өмсөөд л тахимаа өгч л байсан. Одоо бол зарим бөхчүүдийг харахаар тэгж тахимаа өгөхөө больчихож дээ гэж харагдах юм.
-Учраа бөхөө унагачихаад дээрээс нь дарж, бүр нудраад, шанаадаад босч ирж байгаа нь харагддаг?
-Энэ бол ёстой муухай. Унагачихаад дээрээс нь дараад нидрээд байдаг. Унагачихаад дээрээс нь унах шаардлагагүй, биеийнхээ тэнцвэрийг олчихсон байж л дараад унадаг. Улсын харцага Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамбыг унагачихаад гарыг нь мушгиад л. Б.Гончигдамба гараа мушгиулчихаад л босч чадахгүй байсан. Унагасан бол унагасан ш дээ. Уначихсан байхад гарыг нь мушгиад дороо хийгээд байдаг. Энэ бол маш муухай. Уначихсан мөртлөө унаснаа хүлээхгүй зогсдог, унагачихаад дээрээс нь дарж нидэрдэг ийм зүй бус зүйл манай энэ бөхчүүдэд их байна. Үүнийг бөхийн сонгуультнууд, бөхийн холбоод маань анхааралдаа авч сургалт явуулах хэрэгтэй. Манайхан бөхөө барилдуулж байна, бөхийн тоо олон болж байна гэдэг ч үндэсний бөхийн тэр сайхан ёс жаягийг эзэмшүүлэх, гаргасан дутагдлыг дор нь засуулах зэрэг нь дутагдалтай байна.
-Уран гоё мэх хийж үзэгчдийг суудлаас нь өндөлзтөл барилддаг бөхчүүд их сайхан. Бас унасан ч инээгээд л босч ирдэг бөхийг хүмүүс их хайрлаж хүндэлдэг. Гарьд П.Сүхбат агсныг ард түмэн одоо ч хайрладаг?
-Тийм шүү дээ, П.Сүхбат чинь тийм л бөх байгаа юм. Унасан ч инээж байдаг, давсан ч инээж байдаг. Би цолгүй залуу бөхөд уначихлаа гээд харамсахгүй. Тээр жил улсын наадамд залуу бөх Баянмөнхийн Гантогтохтой барилдахдаа буруу мэх хийхтэй зэрэг нь нөгөөх нь эргээд чөлөөт бөхийн мэх хийгээд унагачихсан. Долоогийн даваа, зааны даваан дээр тэгж унасан юм. Духандаа гараа хүргээд л өөрийгөө унаснаа хүлээн зөвшөөрөөд инээгээд л тахимаа өгч байсан шүү дээ. Их сайхан. Цолгүй байсан залуу бөх Б.Гантогтох заан цол авч байх жишээтэй. Тийм л их гоё, өрсөлдөгчөө өрөвддөг, өрсөлдөгчөө зөв үнэлдэг бөхчүүдийг харахаар баясал төрж над мэтийн бөхийн хорхойтнуудын нүднээс нулимс гарах шиг л болж байгаа юм. Тэгтэл унаснаа хүлээдэггүй, ёс зүйн алдаа гаргадаг, унагасан бөхөө дарж нидэрдэг ийм юмнууд чинь хүмүүсийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж байгаа юм.
-Үндэсний бөхийн хийморилог сайхан шинж чанар нь гээгдээд үзэхэд ч аймаар тал руугаа ороод байна. Хоёр учраа бөх биш өстөн дайснууд л таарчихсан юм шиг авирлацгаах нь харамсалтай?
-Харин тийм ээ. Бөхийн сэтгэлзүйг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа тэр бөхчүүдэд сургалт хэрэгтэй, ахмад бөхчүүд, цолтой бөхчүүд, улсын шүүгч, бөхийн засуул, сонгуультнуудын сургамж, хичээл хэрэгтэй. Бүр шаардлага гарвал дүрэмд өөрчлөлт оруулж тийм ганц давааны төлөө ёс жудаггүй загнаж, үзэгчдээ хүндэлдэггүй бөхчүүдэд хариуцлага тооцож явах ёстой. Сар, жилээр нь барилдах эрхийг нь хасах зэргээр хариуцлага тооцох цаг нь болсон. Ийм өөрчлөлтийг бөхийн дүрэм журамд суулгавал олон түмэн ч бөхөө хүндэлнэ.
Аймаг, цэргийн цолтой 700 гаруй бөх бий. 1921 оноос хойш улсын цол авсан бөхчүүдээс 600 гаруй нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. 1000 гаруй сайхан цолтой бөхчүүд байна. Тэдгээр бөхчүүд чинь ойлгоно ш дээ. Ийм том бөхчүүдийн дунд би ганцаараа ингэж өвчигнөж, дөвчигнөх ёсгүй юм байна. Энэ хүмүүсийн хийсэн сургалт, хичээл, уламжлалаас харахад огт тэгж болохгүй юм байна гэдгийг ухаарна.
Нудрах, чичих, бие бие рүүгээ нүдээ хурцлах тэр асуудал бол муухай. Энэ ертөнц дээр байгаа хоёрхон бөх нь тэр хоёр биш ш дээ. Тэр хоёрын цаана 1000 гаруй цолтой бөх байна. Тэр хоёрын барилдааныг харсан жаахан хүүхэд “Ээ энэ хоёр бөх чинь нэгнээ зодох нь. Бөхчүүд гэдэг чинь танхай маягийн хүмүүс байдаг байх нь” гэж ойлгохоор байна. Үүн дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд бөхийн тайлбарлагчид маань бөхөө их зөв тайлбарлах ёстой. Бөхийн тайлбар дээр манайхан алдаж байгаа юм байна. Дандаа л “Өвдөг шороодлоо” гэж ярих боллоо. Монголын Үндэсний бөхийн дүрэмд “Өвдгөөрөө өвсний толгой шүргэх буюу газар хүрэхийг өвдөг шороодно” гээд биччихсэн байгаа. Бүр дээр үед Богд хааны үед ноёны бөх гэж байхад ардын бөх ноёны бөхтэй барилдаад хальт унагаад босгоод ирэхэд зөвшөөрөхгүй. “Үгүй үгүй, унагаагүй. Зөвхөн өвдөг нь шороодсон. Дахиж барилдуулъя” гэдэг байж. Өвдөг шороодох гэдэг чинь тэрнээс гаралтай юм. Түүнээс биш одоо энэ сайхан дэвсгэр, цэлгэр танхим, цэнгэлдэхийн зүлгэн дээр бөхчүүдийг шороотой хутгаад байх юм байхгүй. Телевизийн зарим тайлбарлагч өвдөг шороодлоо л гээд яриад байдаг. Тэгж ярихгүйгээр, “Уналаа”, “Тэр бөхөөр давлаа” гэж ярих нь зүйтэй. Бөхийн тайлбарт янз бүрийн алдаа их гарна аа, тэгж хэлээсэй, ингэж хэлээсэй гэж бодогдоно. Хоёр аймгийн дөрвөн арслан барилдаж байхад л “Дөрвөн аймгийн арслан барилдаж байна” гэж байгаа юм. Тэрийг нь хартал Ховдын хоёр, Говь-Алтайн хоёр арслан л барилдаж байх жишээний.
-Таны бөхийн номууд их эрэлттэй байдаг. Та аварга, арслан цолтнуудын тухай ном бичсэн. Одоо гарьд, заан цолтнуудын тухай өгүүлэх номны ажилдаа орчихсон байгаа гэл үү?
-“Үндэсний бөхийн 21 аварга” номыг 2013 онд хэвлүүлсэн юм. 1921 онд улсын наадамд түрүүлсэн, Архангай аймгийн харьяат Лу гүний Вандан аваргаас Г.Эрхэмбаяр аварга хүртэлх 21 аваргын тухай энэ номд бичсэн. 1921-2013 он хүртэл улсад түрүүлсэн, үзүүрлэсэн их шөвөгт үлдсэн бөхчүүдийн талаар судалгаа гаргасан юм. Харин өнгөрсөн жил 51 арслангийн тухай номоо гаргасан. 1923 онд Ардын хувьсгалын наадамд Архангайн Далантай арслан түрүүлснээрээ ардын хувьсгалын жилүүдийн анхны арслан болсон. Энэ хүнээс эхлүүлээд 2015 онд арслан болсон Э.Оюунболд хүртэл бичсэн юм. Бас л барилдааны бодит байдлыг уран сайхны аргатай хослуулж гарал үүсэл, төрөлх аймаг нутаг, ямар барилдаанаас гараагаа эхэлсэн юм. Улс, аймаг, сумын барилдаанд хэрхэн барилдсан юм. Ямар ямар амжилт гаргаж хэдэн удаа шөвгөрсөн юм гээд их дэлгэрэнгүй бичсэн л дээ. 2003 оноос гарьд гэж цол өгдөг болсноос хойш 11 гарьдтай болоод байгаа. Тэдний тухай бүх мэдээ сэлт, материалаа олоод бэлдээд тавьчихсан байна. Өнөө жилийн наадмаар нэг гарьд төрөх байх. Тэгэхээр 12 болгоод ирэх намраас хэвлүүлнэ гэж төлөвлөчихсөн. Энэ номны дараа хэвлэгдэх 140 гаруй зааны хураангуйг бичиж байна. Жишээ нь хамгийн их заан цолтон төрсөн Булган аймгийн 29 заан. Архангай, Завхан, Өвөрхангай гээд л заануудынхаа гарал үүсэл, төрсөн он сар, нутаг хошуу, улсад үзүүлсэн амжилтуудыг нь базаад бичиж байна даа.