“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь энэ сарын 1-ний өдрөөс лист төмөр, цацруулагч хуулга ашиглан 18 см урт, 8 см өргөнтэй цацруулагч үйлдвэрлэж, 3080 ширхэгийг нийслэлийн гол гудамж, замуудын хайсанд суурилуулаад байна. Үүнд, Чингэлтэй дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын замын хайсанд 158, Сүхбаатар дүүрэг 32-ын тойргоос 17 чиглэлийн замын хайсанд 265, Баянзүрх дүүрэг Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө хүртэл 545, Бөхийн өргөөнөөс Багшийн дээд хүртэл 442, Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангаас Саппоро хүртэл 968, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангаас Хан-Уул дүүргийн 19-ын автобусны буудал хүртэл 702 ширхэгийг тус тус суурилуулжээ. Цаашид Энхтайваны өргөн чөлөө болон нийслэлийн гол гудамж, замуудад байрлах явган зорчигч болон эгнээ тусгаарлах бүх хайсанд байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
Month: April 2017
Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэлжээ. Тус хэлтэс нийтийн эзэмшлийн талбайд байрлаж буй зар сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд зөвшөөрөлгүй байрлуулсан 70 самбар илрүүлсэн бөгөөд байрлуулсан аж ахуйн нэгжүүдэд нь өөрийн хөрөнгөөр буулгах албан шаардлага хүргүүлсэн байна. Түүнчлэн дүүргийн зам талбайн ажилчид, иргэдийн бүлэгтэй хамтран зөвшөөрөлгүй байрлуулсан зарлал, хулдаасан хэвлэлийг цэгцлэх ажлыг өрнүүлж байна. Тухайлбал, Дарь-Эх, Эрдэнэтолгой, Амгалан, Улаанхуаран, Жуков, Алтан-Өлгий, Монел болон орон сууцны хорооллын байрны хананд наасан 51 ширхэг хулдаасан хэвлэлийн сурталчилгаа, 553 гэрлийн шон дээр наасан цаасан зарлалыг арилгажээ.
ЮНЕСКО-гоос энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ард иргэдийн дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна.
Испанийн Каталониа хотын ард иргэд 1436 оноос хойш хайртай, хүндэлдэг хүмүүстээ сарнай бэлэглэдэг Сарнайн өдөр хэмээх баярыг тэмдэглэсээр иржээ. 1926 оноос хойш Сарнайн өдрөөр хүмүүс бие биедээ ганц сарнай биш ном бэлэглэдэг сайхан уламжлал тогтжээ
Хаврын тариалалтад 7.1 мянган тонн, уринш боловсруулалтад 7.9 мянган тонн, ургац хураалтад 5.4 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 20.4 мянган тонн дизелийн түлшийн нөөцийг бүрдүүлэх шаардлагатай аж. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор зохицуулалт хийхээр болжээ.
Ингэхдээ холбогдох яамнаас дутагдах үрийн буудайг 40 хувийн, 4200 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох гэнэ. Үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр холбогдох аж ахуйн нэгжүүд, байгууллага болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан хооронд гэрээ байгуулж эхэлжээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна. Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд:
- Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах
- Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол
- Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв
- Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.
- Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр
- Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв
- Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст
Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь 4000 төгрөг байна гэж Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас мэдээллээ.
“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт амралтын өдрүүдэд зохиогдож байна. Уг чуулга уулзалтын үеэр “Өмч хувьчлал Монголд: Боломжууд ба өнгөрснөөс авах сургамж” хэлэлцүүлэг оролцогчдын сонирхлыг татаж байлаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, эдийн засагч Р.Амаржаргал, Л.Наранбаатар “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал Г.Ганболд нар оролцож, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны асуудлаар санал бодлоо илэрхийлсэн. Сү.Батболдын Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь өнөө ч эдийн засаг, улс төрийн хэрүүлийн гол сэдэв байсаар байна. Тэгвэл чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал Г.Ганболдын өгсөн мэдээлэл эдийн засгийн хувьд шинэ мэдээлэл байлаа. Тэрбээр 1072 ширхэг хувьцааг “амь оруулах” үүднээс “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компаний Сангийн яамтай хамтарч хувьцааны бүртгэлийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлүүлэхээр ажиллаж байгааг дуулгаад, энэ оны хоёрдугаар улиралд нааштай шийдвэр гаргана гэсэн шинэ сонинг дуулгасан юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг бүртгэлжүүлснээр, иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааны ногдол ашгийг 2018 оноос эхлэн жил болгон хүртээх боломжтой болохыг Г.Ганболд захирал хэлсэн юм.
Чалкогийн өрийн төлсөнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргах ёстой гэсэн яриа ч эдинй засгийн хүрээнээс сонсогдох болсон. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ын захирал энэ асуултад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд эхний ээлжинд хувьцааны бүртгэлээ хийж дуусгана. 2018 оны дундуур зарим урт хугацаат өр төлбөрийг цэгцэлж IPO хийх үйл ажиллагаандаа орох байх. Мэдээж IPO хийхийн тулд санхүү болон үйл ажиллагааны тодорхой шалгууруудыг хангасан байх шаардлагатай. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд ихэнхи хөрөнгийн биржүүдийн шаарддаг санхүүгийн үзүүлэлтүүдээ сайжруулах нь нэн тэргүүний ажил. Ийм учраас IPO хийх үйл ажиллагааг хангахын тулд тодорхой цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй” гэсэн юм. Ийнхүү зургаа, долоон жил үхмэл цаас байсан “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа эдийн засгийн эргэлтэд орох хүлээлт үүсээд байна.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр /2017.04.22/ их хэмжээний гал гарсан дуудлага Онцгой байдлын газарт 23.25 цагт иржээ. Тодруулбал, “Буян Ухаа-2” хорооллоос цааш Өлзийт хороолол руу явах зам дагуу байрладаг “Амгалан” хотхонд их хэмжээний гал гарсан байна. Тус хотхоны хоёр байранд гал гарсан бөгөөд гал унтраах гурван анги шуурхай ажиллажээ. Галд түлэгдэж, бэртсэн хүн байхгүй бөгөөд галын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байна.
Ирэх сард цочир хүйтэрнэ
Малчид, иргэдэдзориулсан мэдээ :
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхи шуургатай сэрүүхэн байна.
04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 градус, Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАРХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 4-6 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
04 дүгээр сарын 24-нөөс 04 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24, 25-нд Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 24 болон 27-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст сэрүүсхэн Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар дулаарна.
Тэгвэл ирэх сард ихэнх нутгаар агаарын температур дундаж хэмжээнд байна. Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Ховд, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ аймгийн нутгаар дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох аж. Харин Алтайн өвөр хэсгээр дунджаас бага хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг цаг уурын үзэгдэл, давтамжид ихээхэн өөрчлөлт орж, температурын огцом өсөлт, хур тунадасны бууралтаас хуурайшилт нэмэгдэж хөрсний чийгийн хангамж улам бүр багасжээ. Үүнтэй уялдан цаг агаарын таагүй үзэгдэл ажиглагдах болсон аж. Тиймээс тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтрэх магадлал өндөрг байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
“Морин хуурын чуулга”-ын ёочин хөгжимчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Алтантуултай ярилцлаа.
-Таны хань бол “Морин хуурын чуулга”-ыг үүсгэн байгуулсан, Ардын жүжигчин Цэндийн Батчулуун гуай. Түүний сэтгэл, оюунаа чилээн байж хөл дээр нь босгосон тус чуулгын 25 жилийн ой болох гэж байгаа гэж сонслоо. Ойн хүрээнд ямар үйл ажиллагаа зохиогдох вэ?
-Бид 25 жилийнхээ ойн хүрээнд зориулсан тоглолтуудаа хийгээд эхэлсэн. Өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд киноны хөгжмөөр дагнасан тоглолтоо хийсэн. Харин дараагийн тоглолт маань орчин үеийн, шинэлэг бүтээлүүд байх болно. Энэ тоглолт дөрөвдүгээр сарын 16-нд болох юм. Энэ өдрийг сонгох болсон учир нь “Морин хуурын чуулга” маань байгуулагдчихаад анхны тоглолтоо 1993 оны эл өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт хийж байсан түүхтэй.
Манай чуулгынхан энэ сарын 17-нд ханийн минь төрсөн нутаг болох Дорноговь аймгийн Мандах суманд очиж тоглолтоо хийнэ. Мөн дурсгалын хөшөөнийх нь шавыг тавих юм. Үүнээс гадна орон нутгийн удирдлагуудтай хамтран Морин хуурын чуулгыг 25 жилийн ойгоор нь ханийнхаа нэрэмжит болгох тухай санал гаргана гэсэн бодолтой байгаа.
-“Морин хуурын чуулга” үүсгэн байгуулагдсан тухай та яриач?
-Хань минь 1985 оноос Хөгжим бүжгийн коллежид багшилж эхэлсэн. Тэр үеэс л чуулга байгуулах тухай бодож, зорьж байсан гэж болно. Ингэж явсаар 1992 оны долдугаар сарын 9-нд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар хамгийн сүүлчийн хуралдаанаараа Морин хуурын чуулга байгуулах шийдвэр гаргасан юм. Чуулга ч албан ёсоор байгуулагдаж нээлтийн тоглолтод Ж.Чулуун, Х.Уртнасан, Б.Зангад, Н.Норовбанзад гээд томчууд уригдаж, тухайн үедээ алдаршиж байсан Д.Сосорбарам, Г.Эрдэнэбат, Б.Нармандах, А.Энхтайван зэрэг уран бүтээлчдийг урьж оролцуулж байсан санагдана. Ингээд уламжлалт болон орчин цагийн гэсэн хоёр чиглэлээр уран бүтээлээ хийж эхэлсэн дээ. Хамгийн анх 1996 онд Улаан-Үүд, Хөх хотод тоглож, дараа жил нь Японы үзэгчдэд морин хуурын эгшгээ хүргэсэн түүхтэй юм. Энэ тоглолтууд л манай залуу уран бүтээлчдэд урам зориг хайрлан, Морин хуурын чуулгыг хөгжүүлэхэд гол түлхэц болсон гэж хань минь ярьж байсан. Ер нь бол чуулга анх 28 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм шүү дээ. Өөрийнхөө шавь нартаа түшиглэн байгуулж байлаа. Мөн төгөлдөр хуурын багш Уртнасан, ятгын багш Цолмон, миний бие тэргүүтэй хүмүүс чуулгад орсон доо. Нийгэм солигдчихсон хүнд үед бид Хөгжим бүжгийн нэг ангид бэлтгэлээ хийдэг байсан. 1997 оноос хойш уран бүтээл жигдэрч, эхэлсэн гэхэд болно. Ер нь тэгээд манай чуулга байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсад Монголынхоо өв соёлыг сурталчилж, эх орныхоо нэрийг чамгүй гаргасан.
-Ц.Батчулуун гуай бол Г.Жамьян хуурчийн эрдэм ухааныг өвлөн авсан азтай хүмүүсийн нэг. Багшийнхаа тухай юу гэж дурсдаг байв?
-Тийм шүү. Г.Жамьяан багшийн олон шавь нарын нэг нь. Энэ хүний удирдлага дор морин хуурын эрдэм мэдлэгийг сурч, боловсорсон. Харин 1971 онд төгсөөд Хөгжим бүжгийн дээд сургуулийг Улсын ардын дуу бүжгийн чуулгад морин хуурчаар ажилласан юм. Дараа нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт хөгжмийн багш, удирдаачаар ажиллаж байгаад Хөгжим бүжгийн дээд сургуульдаа багшаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэс хойш өөрийн шавь нараа бэлдэж, Жамьяан багшийнхаа эрдэм мэдлэгийг шавь нартаа түгээсэн гэж хэлж болно. Харин 1992 оноос бурхны оронд очин очтолоо Монгол Улсын “Морин хуурын” чуулгадаа сэтгэл, зүрхээ зориулсан даа.
Миний хань Жамьяан багшийгаа үргэлж хүндэлж, хайрлаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх, үндэслүүлэх тухай ярьдаг байсан. Багшдаа буян хийх юмсан ч гэж их ярьдаг байлаа. Энэ хүслээ биелүүлж багшийнхаа тухай өөрийнхөө гар бичмэлээр ном болон уран бүтээлийнх нь цомгийн хамт гаргаж байсан.
-Ер нь морин хуурч болох сэдэл нь юунаас үүдэлтэй юм бол?
-Багын найз нь Хөгжим бүжгийн коллежид морин хуурын багш байсан юм билээ. Тэр найз нь л морин хуурч болоход уруу татсан гэдэг юм.
-Одоогоор морин хуурын чуулгад хичнээн уран бүтээлч ажиллаж байна вэ?
-Одоо чуулга маань 35 хүний бүрэлдэхүүнтэй. Ханийн минь гарын шавь Түвшинсайхан чуулгыг удирдаад явж байгаа. Мөн олон сайхан шавь нар нь ажиллаж байгаа даа. Одоогоор Улсын филармонийн байранд Морин хуурын чуулга уран бүтээлээ туурвиж, ард түмэндээ хүргэсээр байгаа.
-Та тус чуулгад хэзээ орж байв?
-Би Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашдаваагийн удирдлага дор Хөгжим бүжгийн дээд сургуулийг ёочин хөгжимчнөөр 1975 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн юм. Харин Морин хуурын чуулга байгуулагдсан цагаас эхлэн чуулгадаа өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байна даа. Г.Дашдаваа багшийнхаа шавь нараас тарсалтгүй хөгжимчнөө хийж байгаа хүн нь би байгаа юм. Үүндээ их баярлаж явдаг. Дашрамд сонирхуулахад Г.Дашдаваа багшийн 80 насны ой энэ онд тохиож байгаа. Ингээд энэ жил байгуулагдсан Монголын ёочин хөгжимчдийн холбоо санаачилж ойн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Ойн хүрээнд шавь нар нь багшдаа зориулж “Багш дор мөргөмүй” гэсэн хүндэтгэлийн тоглолтыг дөрөвдүгээр сарын 16-нд хийхээр төлөвлөж байна. Мөн багшийнхаа нэрэмжит танхимыг Хөгжим бүжгийн коллежид хийхээс гадна намтар, уран бүтээлийн тухай болоод сургалтад зориулагдсан нот, гарын авлага зэргийг эмхэтгэн гаргах юм. Манай багш 1962 онд Хөгжим бүжгийн коллежид багшаар ирсэн. Тэр үеэс хойш мэргэжлийн ёочин хөгжмийн анги нээн сургалтын үндсийг тавьсан гавьяатай хүн юм.
-Та ханьтайгаа танилцаж байсан тухайгаа дурсаач?
-Бид хоёр Улсын ардын дуу бүжгийн чуулгад хамт ажиллаж байсан юм. Тэр үед танилцаж гэр бүл болцгоон басхүү уран бүтээл дээрээ ч тэр хамтдаа явсаар ирсэн дээ. Хань маань мэдээж маш сайн хөгжимчин, олон сайхан шавь нарыг бэлтгэн гаргасан гавьяатай хүн. Чуулгынхаа өнөөдрийг хүртэл амжилттай, сайн сайхан явах замыг тэгшитгэж, түшиг тулгуур нь болсон. Мөн сайн хань, аав хүн байсан юм шүү. Энгийн, даруу их сайхан хүн байсан даа миний хань.
-Б.Бат-Эрдэнэ аваргатай их ойр байсан гэдэг…
-Миний хань спортод их дуртай хүн байсан л даа. Теннис, бокс, шатар, ялангуяа үндэсний бөхөд их хорхойтой. Баяр наадмаар бөхөө үзэх гээд л ажлаасаа чөлөө аваад явна. Бөхөд дуртай байсан болоод ч тэр үү, бөхчүүдтэй их ойр. Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй их нөхөрлөнө. Аварга наадамд түрүүлчихээд эсвэл өмнө нь юм уу “Би ийм гайхалтай морин хуурч хүнтэй нөхөрлөж байгаагийн хэрэг юу билээ. Хуураа хөглүүлж гэрийн жавраа үргээлгэнэ” гээд л гэртээ аваачдаг байсан. Бөх хүн учраас морин хуураараа хийморь сүлдээ сэргээхийг эрхэмлэдэг байсан болов уу. Ер нь олон сайхан хүмүүсээр хүрээлүүлж байсан шүү. Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад гуайтай уран бүтээл дээр их сайхан гар нийлдэг байлаа. Улсын ардын дуу бүжгийн чуулгад хамт ажилладаг байхдаа сайн морин хуурч байсан учраас хамтран ажилладаг байсан болов уу. Ганцхан Монголын тайзан дээр ч гэлтгүй дэлхийн тайзанд хамтдаа гарч томоохон шагналууд хүртэж явсан. Н.Норовбанзад гуай “Хамт явахад түшигтэй. Даруу төлөв” гэж их үнэлдэг байсан даа.
Б.Баасандорж өөрийн шавь “Супер тархи” буюу Э.Энхмөнхтэй хамт
Монголын оюун ухааны академийн багш дасгалжуулагч, Олон улсын мастер Баттулгын Баасандоржтой ярилцлаа.
-Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах урьдчилсан шатны шалгаруулалт болоод УАШТ ямар журмаар хэрхэн явагдаж байна вэ?
-Урьдчилсан шатны шалгаруулалтад 110 гаруй хүүхэд оролцож, оюун ухаанаараа өрсөлдсөн. Энэ удаагийн тэмцээнд Эрдэнэт, Дархан, Хөвсгөл, Зүүнхараа, Сэлэнгэ зэрэг хөдөө орон нутгаас шинэ залуу тамирчид зорин ирж оролцож байгаа нь ой тогтоолтын тэмцээн жилээс жилд илүү өргөн хүрээтэй болж байгааг илэрхийлж байна. Эцсийн шатны шалгаруулалтад нийт 56 тамирчинг шигшиж авах учиртай. Зохион байгуулагчдын зүгээс ямар тамирчдыг шигшээд үлдээх вэ гэдгийг нийлбэр дүн, оноогоор нь тогтоож авдаг. Улмаар энэ сарын 18,19-нд болох ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байна гэсэн үг.
-Монголын оюун ухааны академид хэзээнээс багш, дасгалжуулагчаар ажиллах болов?
-Монголын оюуны академи анх 2009 онд Монголын оюуны хөгжил, оюуны спорт төрийн бус байгууллага нэртэй байх үед би долоо дахь төгсөлтөд нь хамрагдаж байсан. Түүнээс хойш энэ спортоор хичээллэж эхэлсэн. Одоогоос таван жилийн өмнөөс ой тогтоолтын багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
-Энэ спортоор хичээллэж, багшлах хугацаанд гаргасан амжилтууд гэвэл?
-Миний хувьд олон улсын тэмцээнд оролцож байгаагүй л дээ. Гэвч миний хувийн амжилт бол шавь нарын минь амжилтаар илэрхийлэгдэх байх гэж боддог. Гэр бүлийн байдлаас болж, ямар нэгэн олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох боломжгүй байсан. Тийм учраас Монголд оюуны спортыг хөгжүүлэх талаас нь түлхүү ажиллах болсон. Монголд анх өсвөр насны ангилал гарч ирээгүй байхад тамирчин бэлтгэж, тэмцээнд оролцуулж байлаа. Өдгөө манай өсвөрийн тамирчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа нь миний бахархал юм.
-Багшийн эрдэм шавьд хэмээдэг. Таны гарын шавь нараас Олон улсын их мастер Э.Энхмөнхийг “Супер тархи” нэрээр нь олон түмэн мэднэ. Шавь нарынхаа тухайд яриач…
-Сүүлийн үед манай оюуны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын амжилтыг зөвхөн Монголд биш дэлхийд гайхан бишрэх болсон. Энэхүү амжилтыг бүтээж буй тамирчдын төлөөлөл болох 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2016 оны “Super Brain” шоуны ялагч оюун ухааны академийн тамирчин, Олон улсын их мастер Эрдэнэбатхааны Энхмөнх миний хайртай шавь нарын нэг. Анх 2013 онд манай академид элсэн орж, миний шавь болсон түүхтэй. Эхлэн сурагч нар энэ спортоор анх хичээллэж эхлэхэд мэдэхгүй, чадахгүй зүйлс их гарч ирдэг л дээ. Энэ их тоог яаж цээжлэх вэ, боломжгүй юм байна гэх зэргээр шантрах тохиолдол бий. Энэ бүхнийг өөрийн хичээл зүтгэл, авьяас билгээрээ давж чадвал амжилт чиний гарт шүү гэж шавь нартаа үргэлж захидаг. Э.Энхмөнхийн хувьд цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж, энэ эрчээрээ зүтгэх юм бол олон сайхан амжилт гаргах бүрэн бололцоотой, манай улсын шилдэг тамирчдын нэг.
-Монголын оюуны спортын тамирчид дэлхийд толгой цохиж байна. Бусад орны тамирчидтай харьцуулбал ямар давуу тал ажиглагдаж байна вэ?
-Монголын оюуны спортын академийн тамирчид 2011 оноос хойш багаараа тэмцээн уралдаануудад оролцож ирсэн түүхтэй. Өдгөө 42 удаагийн олон улсын чанартай дэлхийн аварга, оюуны олимп гэсэн томоохон тэмцээнүүдэд оролцож байсан. Үүнээс нийт 677 медалийг эх орондоо бахархалтайгаар авчиржээ. Тэр дундаа Монголын өсвөрийн тамирчид 2013 оноос хойш дэлхийн аваргын тэмцээнд тасралтгүй түрүүлсээр байгаа нь монгол хүний оюун ухаан ямар гайхамшигтай болохыг харуулж байгаа хэрэг юм. Дэлхийд ой тогтоолтоороо тэргүүлдэг Герман, Швед, Англи, Япон улсын тамирчид энэхүү спортоор тасралтгүй 10-аас дээш жил хичээллэдэг. Бүр өөрийнхөө мэргэжил болгож чаддаг л даа. Мөн улсаас нь хангамж сайтай байдаг. Гэтэл манай улсын тамирчид чөлөөт цагаараа энэхүү спортоор хичээллэж байна. Тэглээ гээд гадаадын алдартай тамирчдын арав гаруй жил хичээллэж байж эзэмшсэн ур чадварыг нэгээс хоёр жилийн дотор л эзэмшдэг. Хамгийн ойрын жишээ гэвэл саяхан Солонгос улсад болсон ой тогтоолтын олон улсын тэмцээнд манай тамирчид багаараа тэргүүн байр эзэллээ. Мөн дунд насны ангиллаас насанд хүрэгчдийн ангилал руу шилжин орж байгаа Энхшүр, Мөнхшүр хэмээх ихэр тамирчид тив дэлхийн мундгуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж, хоёр, гуравдугаар байрт шалгарч, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан.
-Ой тогтоолтын спортын онцлог, давуу тал мэдээж их байх. Энэхүү спортынхоо тухайд яривал?
-Оюуны спорт гэж ярихаар хүмүүс шатар, даам гэж боддог. Ингэж бодох нь ч зөв. Яах ч аргагүй энэ спортын хатан, хаан болсон төрөл шүү дээ. Гэвч оюуны спорт дотроо маш олон төрөл бий. Манай академи оюуны спортын арван төрлөөр хүүхдүүд, тамирчдаа бэлтгэдэг. Улмаар тэмцээнд арван төрлийнхөө нийлбэр оноогоор аваргаа шалгаруулдаг. Энэ арван төрөлд харааны ой тогтоолтыг шалгасан хүний нэр, царай зүс цээжлэх, багц хөзөр цээжлэх, тоо, түүхэн үйл явдал цээжлэх, сонсголын ой тогтоолтыг шалгасан дуут цифр цээжлэх зэрэг бий. Ер нь оюуны спорт нь дан ганц тамирчин, хүүхэд гэлтгүй хүн бүрийн өдөр тутмын амьдралд хэрэг болж байдаг. Бидний амьдралд наад зах нь хүний утасны дугаар цээжлэхэд бэрхшээл гарч ирдэг шүү дээ. Тэгвэл оюуны спортоор хичээллэсэн хүүхэд, тамирчид үүнийг төвөггүйхэн цээжилчдэг. Ер нь бидний амьдралд асар их цээжлэх зүйлс өдөр бүр л гарч ирдэг. Тэр бүрийг яг таг цээжилнэ гэдэг энгийн хүний хувьд их хэцүү. Харин оюуны спортоор хичээллэсэн хүний хувьд энэ бүх зүйл ямар ч асуудалгүй болдог. Гэхдээ заавал энэ спортоор хичээллэж тамирчин болох албагүй л дээ. Хамгийн чухал нь үүнийг ажил, амьдралдаа ашиглаад явах нь чухал.
-Хэд хоногийн өмнө юу хийсэн, хэнтэй уулзаж, юу ярьсан гэдгээ мартах тохиолдол амьдрал дээр их л дээ. Тэгвэл энэ спортоор хичээллэснээр энэхүү мартах өвчнөөс салж чадах уу?
-Зарим шаардлагатай мэдээллийг мартах эсвэл гэнэт мартах зэрэг үзэгдлийг өөр өөрийнхөөрөө би “зөнөж” байна, “мартдаг өвчтэй” болсон байна гэх зэргээр ташаа ойлгодог. Ер нь марталт бол нийтлэг тохиолддог бөгөөд оюун ухааны хэвийн үзэгдэл юм. Сэтгэл судлаач, ой тогтоолт судлаач, алдарт “The Memory” номыг бичсэн Херман Эббингауз цээжилж, тогтоосон мэдээллийг дахин давтаж санахгүй бол цаг хугацааны багахан нарийвчлалд мэдээллийн тогтоомж огцом буурдгийг олж тогтоосон. Амьдрал дээрх энгийн нэгэн жишээг авч үзье. Оюутан, сурагчид шалгалтын өмнө хичээлээ давтах нь мэдээллийг хадгалах үйл явц болдог. Шалгалтын үеэр мэдээллийг эргэн санах үйл явц тохиодог. Харин дараа нь шалгалтын өмнө хадгалсан мэдээллийг давтахгүй бол 20 минутын дараа мэдээлэл бага багаар алдагдсаар 31 өдрийн дараа юу ч үгүй болдог. Үүнтэй холбоотойгоор Б.Ф.Скиннер “Ой тогтоолтоос үлдсэн хэсгийг боловсрол гэнэ” хэмээн хэлсэн удаа ч бий. “Decay” буюу гажуудлын онолоор мэдээлэл нь ой тогтоолтын ул мөр гэдэг ойлголттой холбоотой. Ямарваа шинэ зүйлийг цээжлэхээр бол ой тогтоолтын ул мөр шинээр үүсдэг. Тэрхүү ул мөр нь мэдээлэл өнгөрөн явсан гэдгийн баталгаа гэсэн үг юм. Энэхүү ул мөрөөр мэдээлэл нааш цааш явахгүй тохиолдолд ул мөр бага багаар бүдгэрч алга болдог. Иймд өнөөх марталт үүсдэг гэж үздэг л дээ. Манай академид ойр зуурын юм мартчихаад байдаг боллоо гэсэн хүмүүс их ирдэг. Тэгэхээр яаж мартахгүй болох вэ. Юуны өмнө өдөр бүр тодорхой оюуны дасгал хийдэг байх ёстой. Юмыг мартах гол шалтгаан нь стресс. Тэгэхээр өөрийгөө аль болох тайван байлгаж, аливаа юманд уурлаж, бухимдалгүй, зөвөөр ойлгож, ой тогтоолтын энгийн дасгал хийж, стресстэхгүй амьдарвал мартах өвчнөөс салж чадна.
-Ой тогтоолтын энгийн дасгал хийснээр аливаа юмыг мартахгүй болно гэхээр ямар дасгал хийх хэрэгтэй юм бэ?
-Та өөрийгөө аливаа зүйлийг мартаад байна гэж бодож байвал өдөр бүр гучин минут ямар нэгэн ном унших, үгийн сүлжээ бөглөх, судоку тоглох зэрэг ой тогтоолт сайжруулдаг энгийн дасгалыг хийх хэрэгтэй. Эдгээр дасгалуудыг өдөр тутмынхаа амьдралд хэвшил болгосноор аливаа юманд анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаг болно. Анхаарал төвлөрч байна гэдэг нь бид тэр зүйлд ач холбогдол өгч байна гэсэн үг. Ач холбогдол өгч байгаа нь тухайн юмсыг мартахгүй болж байгаа хэрэг л дээ. Ер нь мартсанаа шууд санана гэдэг боломжгүй. Тийм болохоор мартахгүйн тулд тухайн зүйлдээ хариуцлагатай хандаж, үйл явдал бүрийг ер бусын мэдээр төсөөлөн бодож, ач холбогдол өгч байх нь чухал юм.
-Ойрын хугацаанд болох олон улсын чанартай ямар тэмцээн уралдаанд шавь нараа бэлдэж байна вэ?
-Ирэх наймдугаар сард Хонгконгт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Үүнд удахгүй болох улсын аваргын тэмцээний сүүлийн шатанд шалгарсан тамирчдыг шигшиж, сонгон авч явах болно. Тийм болохоор Азийн аваргад оролцох тамирчид манай улсын шилдэг тамирчид байна гэсэн үг.
-Ер нь энэхүү спортын арга техникийг ерөнхий боловсролын системд хамруулан зааж, хичээллэх боломж бий юү?
-Бага насны хүүхдэд, тэр дундаа бага ангийн сурагчдад ордог хичээлүүдийн 50-иас илүү хувийг нь тухайн хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх чиглэлийн хичээл байвал эерэг үр дүн гарах болов уу гэж багш, дасгалжуулагч хүний хувьд боддог. Манай улсын боловсролын системд бага сага дутагдал бий. Тухайлбал, хүүхдийг багаас нь эхлээд математик, хими, монгол хэл, нийгэм, физик, гадаад хэл зэрэг олон төрлийн хичээлээр тал талаас нь “нүдэж” өгдөг. Эдгээр хичээлүүдийг тухайн хүүхдэд сонирхолтой арга барилаар зааж сургах нь чухал. Манай улсын бага ангийн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь математикийнхаа хичээлд дургүй гэсэн судалгаа байдаг. Гэхдээ математик гэх хичээлийн учрыг нь олчих юм бол маш хялбар, амар хичээл шүү дээ. Тэгэхээр бага ангийн хичээлд тухайн хүүхдийн баруун тархийг хөгжлүүлэх чөлөөт сэтгэлгээний хичээлүүдийг оруулж өгөх юм бол маш сайн үр дүнгээ өгөх учиртай. Оюун ухааны академид хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэх спорт тоглоомын төсөл хэрэгжиж эхэлсэн байгаа. Үүнийг одоогийн байдлаар цэцэрлэгийн хөтөлбөрт хамруулж байна. Мөн сургуулийн биеийн тамирын хөтөлбөрт оруулж өгснөөр дан ганц сагс, гар бөмбөг гэх биш оюун ухааны спорт төрлөөр дасгал хөдөлгөөн хийснээр оюун санааны өв тэгш хөгжилтэй болох юм. Ирэх намраас оюун ухааны академийн нэрэмжит бага сургууль байгуулагдана. Цаашдаа сургууль маань өргөжих юм бол хүссэн хүсээгүй ерөнхий боловсролын системд ой тогтоолтын тодорхой нэршилтэй хичээл орохыг үгүйсгэхгүй .