Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн байгууллагууд нээлттэй өдөрлөг зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Тус ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болоод байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт агентлаг, харьяа газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн байгууллагууд нээлттэй өдөрлөг зохион байгуулнаНийслэлийн байгууллагууд нээлттэй өдөрлөг зохион байгуулна

Нийслэлийн байгууллагууд нээлттэй өдөрлөг зохион байгуулна

Categories
мэдээ спорт

Асашёорү Д.Дагвадорж: Тулааны урлагаар дамжуулаад монгол залуусыг дэлхийд гаргахад хамтран ажиллаж байна

Мэргэжлийн холимог тулааны “Зэв” холбооноос зохион байгуулж буй “Zev fight night -1” тулааны хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд “Зэв” холбооны капитан Асашёорү Д.Дагвадорж, холбооны удирдах зөвлөлийн гишүүн “Hero” интертайментийн захирал Б.Баатар, мөн тус холбооны гүйцэтгэх захирал Б.Баярбямба, холбооны Ерөнхий менежер Ц.Ганзориг нар оролцлоо. 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн баяраар тулааны урлагт сонирхолтой залуус энэхүү холбоог байгуулжээ. Ер нь тамирчид маш сайн бэлтгэл хийдэг ч гадагшаа тэмцээн уралдаанд явах нь бага байдаг учир холбоо байгуулаад энэ спортоо хөгжүүлэх тал дээр хамтран ажиллая гэж бодсон хэмээн тэд ярилаа.

Холбоог үндэслэгч Б.Баярбямба: “Бид цахимаар Асашёорү аваргатай холбогдож байсан. Тэмцээн уралдаан зохион байгуулах тал дээр өөрийн нэр хүндийг ашиглан сурталчилж өгөөч гэдэг байдлаар анх холбогдож байлаа. Анхны уулзалтууд хийгдээд ажил хэрэг болоод анхны тэмцээн маань тавдугаар сарын 6-нд АСА циркт зохион байгуулагдах гэж байна. Кик боксийн төрлөөр зохион байгуулагдах бөгөөд 64, 67 кг-ийн жинд дөрөв дөрвөн шилдэг тамирчид оролцсоноос хоёр нь тавдугаар сарын 28-нд Японы Нагоя хотод болох “STAND FIGHTING NETWORK K-ING” олон улсын тэмцээнд оролцох эрх авах юм” гэв.

Асашёорү Д.Дагвадорж: Миний зүгээс энэ холбоог дэмжигчийн байр суурьнаас оролцож байна. Монголын маань өнцөг булан бүрт энэхүү тулаанд оролцох боломжтой залуус байгаа. Энэ тулаанд явах тамирчдыг дагалдаад холбооны капитан Асашёорү гэсэн нэр гарах юм бол Японд илүү олон хүн таних болов уу гэж бодсон юм. Дээрээс нь Асашёорү гэдэг нэрийг та бүхэн минь ашиглаарай гэсэн үүднээс дэмжин оролцож байгаа юм шүү. Гол нь 2004 оноос монголын тулаанчид олон тулаанд амжилттай явж ирсэн. Ур чадвар бол их сайжирсан. Энэхүү тулааны урлагаар дамжуулаад залуусыг дэлхийд гаргах, суурь хүмүүжлийг сайжруулж өгье гэсэн бодлоор хамтарч ажиллаж байгаа юм. Цаашид энэ эрхэм зорилгоо хадгалж яваарай гэж хүсч байна. 12 дугаар сарын 31-нд мөн тэмцээн японд болдог. Цааш цаашдын тэмцээнд оролцоод оргилд нь монгол залуус маань хүрээсэй гэдэг нь миний эрхэм зорилго юм шүү” гэв.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/ZEVfc/ хаягаар сонирхоорой.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг хуралдах завгүй

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ирц хараахан хүрээгүй тул хуралдсангүй. Есөн гишүүнтэй тус бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн Ж.Батзанданд ар гэрийн гачигдал тохиолдож, чөлөө авчээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа гадаад томилолттой яваа бол Ардчилсан намын дарга С.Эрдэнэ дотоод томилолттой яваа аж.

Categories
мэдээ нийгэм

Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг болон ЭХЭМТ, Солонгос улсын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг энэ бямба гарагт амжилттай хийж дуусгалаа. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд гурван эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нийт 80 гаруй хүн оролцсон бөгөөд нийт 20 цаг үргэлжилжээ.

Хагалгаа 22-ны өглөө 06.00 цагаас эхэлж, улмаар шөнө дуусчээ. Хагалгаанд орсон Л.Бүжинлхам охин нярай үедээ шарлалт нь арилахгүй, улмаар бие нь шар, нүд нь ногоон туяатай байсан учраас гурван сартайд нь эмчид хандаж улмаар төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэсэн онош сонсжээ.

Энэ хагалгаа нь манай улсад хийгдэж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх удаагийн хагалгаабөгөөд хүүхдэд хийж байгаа гурав дахь хагалгаа юм байна.Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Жаргалсайхан: Ойрхон, дээр, хажууд байгаа үзэсгэлэнтэй ертөнцийг хүүхдүүдэд хүргэхээр ноднингоос зургуудаа цуглуулсан

Амралтын өдрөөр “Хүннү молл”-ыг зоригчдын анхаарлыг татсан нэг зүйл шувууд байлаа. “Шувууны Жаргал ба түүний нөхөд” шувууны гэрэл зургийн үзэсгэлэн энд гарчээ. Шувуу сонирхогчид олон юм аа. Ялангуяа бяцхан үзэгчдийн хувьд нисдэг андынхаа талаар мэдлэгээ зузаатгах сайхан боломж байлаа. Хотод харагддаг цөөхөн хэдэн жигүүртнийг бодвол уг үзэсгэлэнд олон төрлийн шувууд “зочилжээ”. Эндээс үзэлцэж байгаа шувууд, дэгдээхэйгээ дагуулсан “ээж” нар, гоо үзэсгэлэн, амьдралын төлөөх тэмцэл, эрх чөлөөний мэдрэмжийг олж үзэж болохоор байв. Үзэсгэлэнг санаачлагч Ламжавын Жаргалсайхан шувууны гэрэл зурагчин, шувуу сонирхогч нэгэн. Тэрбээр “Хүмүүс намайг шувууны Жаргал гэдэг. Гэхдээ энд гол баатрууд нь шувууд” гэж хэлсэн юм. Л.Жаргалсайхан ЗХУ-д Олон улсын харилцааны дээд сургууль төгсчээ. Гадаад яаманд 15 жил ажиллаж байгаад сүүлийн 20 жил уул уурхайг түшихдээ шувуунд дурласан гэнэ. Зургийн тайлбарууд нь хөгжилтэй. Сүүлт хөхбухандайг гэхэд л “Худгийн засварчид” хэмээн нэрлэжээ. “Сүүлт хөхбухандай гэдэг бяцхан найз нар маань цас мөс хайлж, хаврын горхи урсах цагт ээлжээ хүлээгээд л усанд орж байгаа нь энэ. Энэ шувуухайн бие 13-15 см урт байдгаас сүүл нь 7-9 см. Теннисны бөмбөг шиг жижигхэн, хурдан хөдөлгөөнтэй болохоор ойж буугаад дурангийн хараанд ордоггүй, зургийг нь буулгах гэж ядаж билээ. Үржлийнхээс бусад цагт бүлсэг, хамаатан саднаараа амьдардаг” хэмээн тайлбарлажээ. Үзэсгэлэнгийн эзэнтэй хэдэн хором ярилцлаа.


-“Шувууны Жаргал ба түүний нөхөд” үзэсгэлэн хэдийнээс таны бодол санаанд төрсөн бэ?

-Шувууны гэрэл зураг сонирхоод тав, зургаан жил болж байна. Би судлаач биш, зөвхөн гэрэл зураг сонирхдог хүн. Шувуу ажиглагчдын клуб гэж байдаг. Арваад жил үйл ажиллагаа явуулж байна. Нүүр номын 4000-5000 дагагчтай Монголын шувуу ажиглагчдын том бүлэг бий. Тэр клубын уулзалтууд жилдээ нэг, хоёр удаа болдог. Тэнд оролцоод явж байхад гурван жилийн өмнө надад нэг санаа төрсөн юм. Гадныхан манайд гоё гоё шувуудын зураг их авах юм. Яагаад бид өөрсдөө авч болдоггүй юм гэж бодоод, тэр үеэс олон улсад тоогдохоор сайхан зураг дарах гэж хичээсэн. Шувуу судлаач найз нарынхаа тусламжтайгаар идэвхитэй сурч байна. Шувууны гэрэл зурагчдын хүрээ ч тэллээ. Нөхөдтэйгээ нийлээд 480-аад шувууны зураг авчих шиг боллоо. Энэ мэдээллээ хүүхэд, багачуудад хүргэх юмсан. Шувуу гэдэг амьд ертөнцийн нэг том хэсэг. Ойрхон, дээр, хажууд байдаг гоё, үзэсгэлэнтэй ертөнцийг хүүхэд, багачуудад хүргэчих юм сан гэсэн санаагаар ноднин жилээс авахуулаад зургуудаа цуглуулсан. Мэргэжлийн гэрэл зурагчдын туслалцаатайгаар энэ үзэсгэлэнг зохион байгуулж байна. Бид авсан зургаа хүмүүст үзүүлэхдээ дуртай байлгүй яах вэ.Энэ үзэсгэлэнгийн гол баатрууд шувууд юм.

-Олон сайхан шувуудын зураг тавигджээ. Энд нийтдээ хэдэн шувуутай танилцах боломжтой вэ?

-Энд 12 зурагчны 57 бүтээл тавигдсан байгаа. 55 зүйлийн шувууны мэдээлэл орсон гэсэн үг. Монгол орны 490-ээд шувууны бараг арваад хувийнх нь мэдээлэл энд бий. Үүнийг хүүхдүүдэд хүргэхийн тулд зургаа том, нам дор байрлуулаад, товч тайлбартайгаар хүргэж байна.

-Шувуу байтугай амьтны зураг авахад хэцүү шүү дээ. Та яаж энэ жигүүртнүүдийн зургийг дурандаа буулгаж авч үлдээд байна вэ?

-Ер нь хүн нэг юманд төвлөрөх юм бол юуг ч чадна. Би шувууныхаас өөр зураг авдаггүй. Камер, аппарат, дуран зохицсон байх ёстой. Манайхан камер, дурангаа эхэлж авчихаад, дараа нь сэдвээ сонгох гэдэг. Тийм биш, яг эсрэгээрээ. Их цаг хүч оролгүй яах вэ. Ялангуяа эхний хоёр жил сайн, муу янз бүрийн зурагтай л явсан. Одоо ч нэг өдөр мянга гаруй кадр авахад дөрөв, тав нь л сонгогдож үлддэг.

-Юу таныг шувуу сонирхоход хүргэв?

-Би уул уурхайн байгаль орчны асуудал хариуцаж байсан юм. Биологийн нөхөн сэргээлт ямар үр дүнд хүрсэнийг мэдмээр санагдсан л даа. Хүмүүс уул уурхайнхныг байнга шүүмжилдэг. Гэтэл тэд байгаль орчныг боломжийн хэмжээнд нөхөн сэргээж чадаж байна уу, үгүй юу гэдгийг үзэхээр шийдээд ШУА, ХААИС-ийн залуу эрдэмтэдтэй хамтран ажиллаж эхэлсэн юм. Тэр ажлынхаа явцад шувуу сонирхож судалдаг залуу эрдэмтэдтэй танилцаж, хамтарч ном товхимол гаргасан юм. Тэгэхэд тэд зургаа үзүүлсэн. Энэ зургийг яаж авдаг юм бэ гэсэн чинь ингэж ингэж авдаг гээд зааж өгсөн юм. Түүнээс сэдэл авсан. Эхний хоёр жил камер, дурангаа ч мэдэхгүй будилсан. Дараа нь шувуу судлаач багш нар залуучуудтай танилцаад одоо бол зургийн чанар гайгүй болж байгаа байх. Энэ долоо хоногт хээрийн бүргэдийн зураг авсан юм. 120-иод кадр дарсан. Нэг, хоёр л кадр авч үлдсэн. Энэ зургийг нэтээр 24 цагийн дотор 60 мянган хүн үзчихэж байгаа юм. Монголын хээрийн бүргэдийг гадаад ертөнц мэдэхгүй. Үүнийг таниулж мэдүүлж байна гэж өөртөө л боддог юм. Сайхан шүү дээ. Баянцогтын цаахна Хустай руу эргэдэг замаас ойрхон тариан талбайд авсан зураг л даа.

-Шувууны зураг авахад хамгийн гол нь юу вэ. Тэвчээр шаардах байх л даа?

-Тэвчээр, тууштай чанар шаардагдана. Маш их хүлээх хэрэгтэй болдог. Аажуухан ойртох ёстой. Шувуу тайвшрах учиртай. Үргээж, хөөж болохгүй. Амралтын өдрөөр оройгоор яваад хархираа тогорууны зураг авах гээд чадсангүй. Гурван тогоруу таарсан юм л даа. Үзэсгэлэн дуусаад ирэх хагас, бүтэн сайнд явна даа.

-Хотод шувуу олж харах амаргүй. Шувууны жиргээ анзаарч сонсолгүй явах нь олонтаа. Та хотод бол хаанаас шувууд олж хардаг вэ?

-Биднийг багад хотод ногоон байгууламж ихтэй байлаа. Ордны арын цэцэрлэг, МУИС-ийн арын цэцэрлэг, “Гутлын 22”-ын ард талд жимсний мод мойл, моносны модод дээр өвөл шувууд их ирдэг байсан. Одоо бол харьцангуй багассан л даа. Манай хоёр зээ шувуу харна гээд тагтан дээрээ хоол тавьдаг юм. Түүн дээр долоо, найман шувуу ирнэ. Хөх бух, бялзуухай, боршувуу, шаазгай, хэрээ ирнэ. Хотод байдаг арваад шувуу ойрхон байгаа. Хотод ойрхон Сонгинод өмнө нь бургас мод ихтэй үед сайхан байлаа. Гачуурт, хойшоо цэргийн амралт байна. Хүн сонирхсон юмаа олоод авна аа. Орон нутгийн хувьд би Баян-Өлгийгөөс бусад аймгаар нэлээд явсан.

-Ямар үед таны сэтгэл хөдөлдөг вэ?

-Үзэж хараагүй шувуу л ер нь их гоё байдаг. Монголд урьд нь бүртгэгдэж байгаагүй шувуу таван жил болоход ганц нэг таарсан. Зургийг нь авч байгаагүй, хараагүй үзээгүй шувуу харахаараа их баярладаг. Энэ ямар шувуу вэ, ямар ч байсан зургийг нь аваадхая гэдэг. Гэртээ ирээд ном лавлахаас шүүж, тогтоож чадахгүй бол найз нартаа хандана. Найз судлаач нар маань тодорхойлохгүй бол гадны судлаачдаас асууна. Ингэж суух ёстой гоё.

-Шувуу ажиглах гэдэг аялал жуулчлалын нэг хэв маяг болжээ. Юу нь тэгж сонирхол татдаг юм бол?

-Миний бодлоор бол нүүдэлчдийн соёл, суурин соёлын ялгаа байх шиг байна. Манайхан шонхор, харцага, бүргэд гээд махчин шувуу сайн мэддэг. Бургасны жижиг шувууд, усны шувуудыг бага анзаардаг бол тариачин удамтай Европынхон бол жимсний мод хамгаалах үүднээс жижиг шувуудыг маш сайн мэддэг байх жишээтэй. Англи, Америкт зуугаад жилийн өмнө анх “Амьтан агнахаа больё, зургийг нь л авъя” гэсэн хөдөлгөөн өрнөжээ. Цахим, техник хэрэгсэл, дуран сайжирч байна. Сүүлийн арваад жил аз дайрсан хэн ч ямар ч мундаг зурагчингаас илүү зураг авах боломжтой болсон. Зам харилцаа сайжирч байна. Хоноод хүрдэг байсан Хөвсгөл рүү 40-50 мянгаараа явж байна шүү дээ. Сайн ч муу ч байсан хүмүүсийн амьжиргаа, соёлын түвшин дээшилж байна. Гол нь үзэсгэлэн дээр харж байхад хүүхэдтэй хүмүүс их ирж байгаад баяртай байна гэв.

Categories
мэдээ нийгэм

“Хотын шийдэл-хөрсний бохирдол” хэлэлцүүлэг болно

НИТХ дахь АН-ын бүлэг тогтмол зохион байгуулж буй “Хотын шийдэл” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр “ХОТЫН ШИЙДЭЛ-ХӨРСНИЙ БОХИРДОЛ” сэдвээр Хангарди ордны 14 давхарт 10:00 цагаас төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийг оролцуулан зохион байгуулах гэж байна.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд ойлголт мэдээлэл өгөх, мөн төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын баримтанд тусгах санал, зөвлөмж боловсруулахад оршино хэмээн АН-ын бүлгийн Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтүзэж байна.

Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг тодорхой цэгүүдэд хар тугалга, зэс, цайр зэрэг хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-35 дахин ихэссэн байгаа нь энэхүү асуудалд төр, олон нийт, төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулах болсныг харуулж байгаа тул Нийслэлийн Хөрс хамгаалах өдөртэй болгох санаачлага гаргаж тогтоол батлуулаад байгаа билээ гэж НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхолтой АН-ын гишүүдтэй уулзжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 8 хоногийн дараа албан ёсоор тодорч, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ.

Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Батбаяр, Б.Жаргалсайхан нар өрсөлдөнө гэдгээ албан ёсоор болон албан бусаар илэрхийлээд байгаа.

Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн гишүүдтэйгээ хоёр ч удаа уулзалт хийжээ.

Энэ уулзалтад Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав нараас гадна Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан ч ирж оролцсон байна. Б.Жаргалсайханы хувьд АН-ын даргын сонгуулийн өмнө тус намд элссэн боловч БНН-ын даргаас нь албан ёсоор чөлөөлөөгүй байгаа гэнэ. Гэсэн ч тэрээр Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхлоо намын удирдлагуудад илэрхийлжээ.

АН-ын зүгээс нэр дэвшигчдээ сунгаагаар тодруулна гэсэн боловч Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ сунгаагаар бус хоёр хүний нэрийг Үндэсний бодлогын хороонд нэр дэвшүүлж, сонгоно гэж ярилцаж байгаа гэнэ. Энэ нь зөвхөн хоёр нэр дэвшигчийг Үндэсний бодлогын хороонд нэр дэвшүүлж, хамгийн өндөр санал авсан нэг хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлнэ гэсэн үг юм.

Хуулийн дагуу намууд тавдугаар сарын 2-5-ны өдрүүдэд нэр дэвшигчээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх учиртай.

Тиймээс намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ энэ долоо хоног нэр дэвшигчээ тодруулна.

Categories
мэдээ нийгэм

Урлагийн үйлчилгээг “И баримт” системд холбоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулаллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа.

Тэгвэл ирэх зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулахаар болжээ.

Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэл хотын албан татварын тухай хууль болон бусад татварын хууль тогтоомжийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Татварын ерөнхий газар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс цахим төлбөрийн “И баримт” системд холбогдон, бүртгэлийн машин хэрэглэж, худалдан авагчид төлбөрийн баримт олгож хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар өнгөрсөн долоо хоногт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ноогдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах юм. Мөн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох асуудлыг шийдэрлэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүнийг төрийн ордон дахь өрөөгөө суллаж өгөхийг шаарджээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг өрөөгөө суллаж өгөхийг шаарджээ.Тэрээр энэ тухай мэдээллийг өөрийн цахим орчноороо дамжуулан олон нийтэд хүргэв. Тодруулбал, О.Баасанхүү гишүүн “Өнгөрсөн долоо хоног нэлээд шүүмжлэлтэй, дайралттай болж өнгөрсөн. Би “Төсвийн хэмнэлт хийгээч, олон тасалгаатай өрөөгөө багасгах зэргээр хэмнэлт гаргаач” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль орж ирсэн. Хэлэлцүүлгийн үед “Монголд зээл олгох банк олон бий. Хамгийн гол нь Монголд Хятадын банк орж ирээд мега төслүүд, төмөр замыг зээлийн барьцаанд авах гээд байна” гэж хэлсний төлөө намайг нэр төрөөр доромжлох, гүтгэх гээд олон зүйл болсон. Өнөөдөр өглөө ажилдаа ирсэн чинь Төрийн ордонд байдаг өрөөнөөс минь хөөх албан ёсны бичиг гарсан байна. Тийм учраас би төрийн ордны булангийн коридорт суух гэж байна” гэв. Тэрээр 11:30 цагт энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.

Categories
мэдээ спорт

Монгол Улсын Гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд харцага Ө.Бат-Орших түрүүллээ

Монгол Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Тус барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, Т.Санчир, Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Б.Бат-Өлзий, начин Э.Энхбат, Ч.Цогбаяр тэргүүтэй хүчит 256 бөх барилдсан юм. Их шөвөгт арслан Н.Батсуурь, заан Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.