Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдлагууд УБТЗ-ын ажилтай танилцлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа болон холбогдох албаны хүмүүсийн хамтарсан баг өнөөдөр Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаатай танилцлаа. Хамтарсан баг “Улаанбаатар-1”, “Амгалан”, “Толгойт” өртөөний үйл ажиллагаа болон төмөр замын зурвас газруудад тулгамдсан асуудалтай танилцаж газар дээр нь хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар төмөр зам дагуу дагуу айл өрх, ААН-үүд хашаа хатгах, барилга барих зэргээр хууль, дүрэм, журмыг зөрчих нь нэмэгдсэн. Мөн харуул хамгаалалтгүй цэгүүдэд иргэд хашаа, хайсыг эвдэж төмөр зам дээгүүр зорчдог нь ихэссэний уршгаар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, иргэдийн амь нас эрүүл мэндэд хор уршиг учирах болсоныг онцоллоо. Тиймээс Зам тээвэр, хөгжлийн яам, Улаанбаатар төмөр замын удирдлагууд энэ байдлыг таслан зогсоож, хууль бус газар олголтыг хүчингүй болгуулах, төмөр замын гарам, гарцыг нэмэгдүүлэх гээд тодорхой асуудлыг шийдүүлэх зорилгоор Нийслэлийн удирдлагуудыг ийнхүү Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх төмөр замын зурвас газруудын өнөөгийн байдалтай танилцууллаа.

Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа “Хоёр өртөөний хоорондох төмөр замын шугмын дагуу тэнхлэгээс хойш 50 м газар төмөр замын зурвас газар байдаг. Энэ байдал алдагдаж маш олон аж ахуйн нэгж, иргэд энэ хэсэгрүү шахаад хашаа барилга барьж байна. Энэ нь төмөр замын аюулгүй байдлаас авахуулаад шинэ зам барих зэрэг хөгжлийн үйл ажиллагаанд саад болж байна” хэмээв.

“Улаанбаатар төмөр зам нь 1949 оны Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас энэхүү хэлэлцээрийг өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулж шинэчлэх зүй ёсны шаардлага гарсан гэж удаа дараа өөрчлөх хүсэлтийг Оросын тал тавьж зөвшөөрүүлсэн байна. Үүний дагуу МУ-ын Ерөнхий сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулаад хэлэлцээр дээр ажиллаж байна. Хэлэлцээрийн хүрээнд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх болно. Өнөөдөр нийслэлийн удирдлагуудтай хамтран зурвас газруудаар явж үзэж байна. Цаашид зурвас газруудыг чөлөөлж гэрчилгээжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ” хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ярилаа.

Төмөр зам, авто замтай нэг түвшинд оглолцож байгаагаас түгжрэл үүсэх, осол аваар гарах зэрэг олон сөрөг талтай юм. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төмөр зам авто зам огтолцож байгаа цэгүүд дээр гүүр, нүхэн гарц барихаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр төмөр замын үйл ажиллагаа болоод тулгамдаад байгаа асуудлуудтай танилцаж байна. Төмөр замын гарам, гарцтай холбоотой маш их зөрчил байна. Үүнийг хэрхэн шийдэх талаар холбогдох албаны хүмүүстэй ярилцаж байна. Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа төмөр зам дагуу хэд хэд гүүр, 13 нүхэн гарц барихаар төлөвлөөд байна. Төмөр замын аюулгүй байдлыг бид хангах ёстой. Тийм учраас нэлээд олон газрын газар эзэмжих захирамжийг хүчингүй болгох шаардлага гарна. Мөн зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ. ЗТХЯ, УБТЗ, НЗДТГ хамтарсан ажлын хэсэг байгуулаад төмөр замын өмнө тулгамдаж байгаа асуудлаар дэс дараатай ажлын төлөвлөгөө гаргаад ажиллана. Улаанбаатар Налайх чиглэлийн суудлын галт тэргийг явуулж өгөх хүсэлт иргэдээс их ирж байна. Налайхын уурхайн ашиглалтаас хамаараад суудлын галт тэрэг явахгүй байгаа. Уурхайн зориулалтаар олгосон газрын хэмжээг тодорхойлоод, аюулгүй байдлыг хангасны дараа суудлын галт тэргийг явуулах боломж бүрдэнэ гэж бодож байна” гэлээ. Төмөр замын хашаа, хайсанд тулган барилга барьж, хашаа хатгасан аж ахуй нэгж, иргэдийг албадан нүүлгэх арга хэмжээ авна. Улаанбаатар төмөр замтай хамтран олон шинэ ажлуудыг эхлүүлэхийн тулд ийнхүү Нийслэл хот, салбарын яамтай хамтран ажлын хэсэг анх удаа байгуулж байгааг хэллээ. Газрын харилцаа, зорчих хөдөлгөөн, гарц гарам нэмэгдүүлэх зэрэг дорвитой ажил хийнэ” гэж нийслэлийн удирдлагууд хэлж байна хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

127 дугаар сургууль шинэ барилгатай боллоо

127 дугаар бүрэн дунд сургууль зурган илэрцүүдНийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 127 дугаар бүрэн дунд сургуулийн барилга ашиглалтад орж, өнгөрсөн баасан гаригаас сурагчдаа хүлээн авч эхэлжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тус сургууль нь 640 сурагч хүлээн авах хүчин чадалтай. Баянзүрх дүүргийн 27 дүгээр хорооны 780 хүүхдүүд суралцана. Сургуулийн барилгыг “Сити плазе” ХХК барьж гүйцэтгэжээ.

127 дугаар сургуулийн барилгын ажил 2012 онд эхэлсэн хэдий ч хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн зогсоод байсан юм. Иймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон удирдлагууд, эцэг эхчүүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр ажлыг шуурхайлснаар хүүхдүүд ийнхүү шинэ сургуультай боллоо.

Categories
мэдээ нийгэм

Таксины жолооч нарт сургалт явуулав

Таксины жолооч зурган илэрцүүд

Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулжээ.

Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг жолооч, I эгнээ, автобусны буудал дээр түр буюу удаан зогсох журам зөрчсөн жолооч нарт энэхүү сургалт зориулагдсан аж. Тус сургалтаар жолооч нарт Замын хөдөлгөөний дүрэм, Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам болон бусад хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын талаар мэдээлэл хийж, хуульд заасны дагуу хариуцлага тооцон, дахин зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авсан байна.

Иргэдийг чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол болон түр зогсох хориотой газруудад зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголын үнэртэй салхи

Монголын үнэртэй салхи зурган илэрцүүд

Монголын үнэртэй салхи гэж манай дуучид дуулдаг. Хээрийн салхинд үнэрсээд байх ч юув гэж эгдүүцэх нэгэн байхад Монголынхоо хилээр орж ирэхэд салхи нь хүртэл өөр шүү гэж нэг хэсэг нь зүтгэдэг. “Нээрэн Монголын салхи бусад орныхоос огт өөр байдаг” гэж нэг инженер залуу ярихыг сонслоо. Тэрбээр Салхитын хөндийд сүндэрлэсэн Салхин цахилгаан станцад ажилладаг бөгөөд “Монголын салхи хуурай хөнгөн байдаг болохоор том том салхин сэнсийг эргүүлэх хурд нь бага байдаг. Тэр хэрээрээ цахилгаан эрчим хүч төлөвлөснөөрөө гаргаж чаддаггүй” гэлээ. Тэгвэл Өмнөд Солонгост салхин сэнс яг стандартынхаа дагуу эргэж, төлөвлөсөн цахилгаанаа ч гаргаж авч чаддаг гэнэ. Учир нь өмнөдийн салхи чийгтэй хүнд байдаг бөгөөд түүгээр үлээгдсэн сэнс ёстой сэнсэртэл эргэдэг юм байх.

Тал нутгийн маань сэрүүн салхи бууж нисэх бор шувуу шигээ хөнгөн хөөргөн байдаг ажээ. Тиймдээ ч зуны аагим халуун өдөр исгэрэх төдийд сэвэлзтэл дэгдээд ирдэг байх нь.

“Халуун оронд салхиа л санаж явлаа” гэж манайхан ярьдаг. Аргагүй шүү дээ, тэндхийн хүнд залхуу салхинууд юу гэж л манайхныг исгэрэх төдийд сэрж өндийв гэж. Тийм газар оронд сэрүү таттал үлээдэг Монголынхоо салхийг саналгүй л яахав ээ.


Categories
мэдээ улс-төр

Хоёр танхимтай байх асуудлыг хэлэлцэж байна

Монгол Улсын Үндсэн хуульд зурган илэрцүүдМонгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь өдрийн арга хэмжээ болж байна.

Дараахь гурван сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, төгсгөлд нь иргэдээр санал асуулгын хуудас бөглүүлэх юм байна.

  1. Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай байх.
  2. Улс төрөөс хараат бус мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх.
  3. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах.

Ингээд эхний сэдэв болох Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай байх гэсэн сэдвийг хэлэлцүүлж эхэлэв. Эхэнд нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хоёр танхимтай байх асуудлаар танилцуулга хийсэн юм. Тэрбээр “Ард түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, хууль тогтоох үйл ажиллагаанд ард түмний оролцоог нэмэгдүүлэх, хууль батлах-гүйцэтгэх эрх мэдэл хоорондын харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, парламентын өөрийг нь хянах хяналтыг сайжруулахад Улсын Их Хурлын дотоод хийгээд үндсэн бүтцийг хоёр танхимтай /дээд, доод/, хоёр шатлал бүхий танхимтай байх хувилбараас аль нь зохистой байх асуудлыг дэвшүүлж, энэхүү сэдвийг хэлэлцүүлэхээр тогтсон. Олон нийт, иргэний нийгмийн байгууллага, “Ардын Их Хурал” хөдөлгөөнөөс Улсын Их Хурлыг “хоёр танхимтай”, эсхүл “хоёр шатлал бүхий танхимтай” байх тухай хэлэлцүүлгийг зөвлөлдөх санал асуулгаар шийдвэрлэх нөхцөл, үндэслэл бүрдэж байна” гэв.

1924, 1940 оны Үндсэн хуульд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Ардын Их Хурал хадгалах бөгөөд түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах” гэж, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал байна” гэж заажээ.

1992 оны Үндсэн хуулийн төсөл боловсруулах үеийн үзэл баримтлалд Улсын Их Хурлыг өөрчлөх хоёр хувилбарыг дэвшүүлж байжээ.

Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улс парламентын хоёр танхимтай байх асуудлаар санал хураалт явуулсан боловч олонхийн дэмжлэг аваагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн

20 дугаар зүйлд “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”

21дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэйбайна” гэж хуульчилсан байдаг.

Тэгвэл Монгол улстай адил парламентын бүгд найрамдах засаглалтай 54 улс байдаг байна. Үүнээс:

15 улс нь хоёр танхимтай парламент;

36 улс нь нэг танхимтай парламент;

3 улс нь хоёр шатлал бүхий парламент байна.

Мөн нэгдмэл улсууд нь ихэвчлэн парламентын нэг танхимтай, байдаг бол холбооны улсууд болон улсуудын холбоо нь парламентын хоёр танхимтай байна.

Улс төрийн дэглэмийн хувьд социалист улс хоёр шатлал бүхий парламентын загвартай байна. Тодруулбал: Лаос, Вьетнам, БНХАУ юм.

Дээд танхимыг гурван зарчмаар бүрдүүлнэ. Үүнд:

томилгооны зарчим;

сонгуулийн зарчим;

  • томилгоо болон сонгуулийн хосолмол хэлбэрээр

Доод танхимыг ард түмний төлөөлөл болж, бүх нийтийн, чөлөөтэй, шууд сонгуулиар бүрдүүлдэг.

Хоёр шатлал бүхий парламенттай улсын хувьд парламентын доод танхим нь дээд танхимаасаа томилогдсон гишүүдээс бүрддэг онцлогтой. Энэ нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчимтай зөрчилдөнө.

Санал болгож буй өөрчлөлт:

Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах.

Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох

Categories
мэдээ нийгэм

Осолд өртсөн хоёр иргэнийг аврав

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-иас Яармагийн гүүр чиглэлийн автозамын зорчих хэсэгт энэ сарын 28-ны өдөр 89-67 УНР улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин, 24-73 УБВ улсын дугаартай “Маяти” загварын ачааны автомашин, 03-96 УБЛ улсын дугаартай “Портер” загварын ачааны автомашинууд мөргөлджээ.

Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байсныг нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн 40 настай, эрэгтэй М, 37 настай, эрэгтэй Б нарыг гаргаж, ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймэр гарчээ

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр одоогоор хоёр аймаг түймэртэй байна. Тодруулбал,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн Шар жалга гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 26-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 10 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 30 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын Нүхтийн-Ам гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 26-нд ирж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 55 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурманд оруулсан аж. Одоогоор цурмыг манаж буй байна. Түймэрт 8 га орчим талбай өртжээ.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багийн Хавчуу гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын .28-нд ирж, Орхон, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 62 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Ар-Бэрх гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага мөн энэ сарын 28-ны өдөр ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 53 хүн, нийт 65 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОУВС Монголын асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулав

ОУВС зурган илэрцүүд

Олон улсын валютын сангийн /ОУВС/ захирлуудын зөвлөл дөрөвдүгээр сарын 28-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт хуралдсан юм. Энэ хурлын үеэр Монгол Улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэсэн ч Монгол Улсын засгийн газрын хүсэлтийг хэлэлцэлгүй хойшлуулсан байна. 2017 оны Төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулагчдад таатай бус заалт орсон учраас энэ тогтоолыг эргэж харах талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөсөн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцээд энэ тогтоолыг өөрчлөх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм. Тиймээс ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хойшлуулах шийдвэр гаргажээ.

Энэ талаар эдийн засгийн шинжээч Ч.Эрдэнэдалай “ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн зүгээс манай улсын 2017 оны төсвийн тодотголыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан баталсан УИХ-ын тогтоолоос тодруулах асуудал үүссэн тул энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэлгүй, хойшлуулсан. УИХ-ын тогтоолд туссан бидний хянаж үзэх шаардлагатай асуудал цаашдаа Монгол Улсын макро эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаарх судалгааг засгийн газартай нь хамтран хийнэ гэсэн чиглэл ирсэн талаар надад тайлбарлаад байна” гэлээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлснээр, УИХ-аас төсвийн тодотголыг дагуулан баталсан тогтоолд Монголд үйл ажиллагааг явуулж буй томоохон хөрөнгө оруулагчид зарим төрлийн гүйлгээгээ манай улсын банкуудаар хийх заалтыг тусгаж өгчээ. Уг заалтыг Рио-Тинто группийн зүгээс эсэргүүцэж, ОУВС- д хүсэлт гаргасан бөгөөд хуульчдын баг асуудлыг судлаж байгаа юм.

Сануулахад, Төсвийн тодотголыг дагаж гарсан Оюутолгой зэрэг хөрөнгө оруулагчдын зарим гүйлгээг Монголын банкаар дамжуулах эдийн засагт эерэг үзүүлэлт авчирна гэж тогтоолын төслийг баталсан. Харин “Рио Тинто” ХХК энэ тогтоолыг эргэж харах, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх шаардлагыг ОУВС-нд шахалт үзүүлсэн тухай мэдэгдэж байсан. Тиймээс ч энэ асуудлыг хэлэлцэхээр МАН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдаж, тогтоолын төслийг эргэж харах, өөрчлөх шаардлагагүй гэсэн шийдвэрт хүрчээ.

МАН-ын зүгээс Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, Суудлын автомашины онцгой албан татвар, Хадгаламжийн хүүгийн татвар зэрэг долоон төрлийн татвар нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд дусгаад буй. Харин ОУВС-гийн зүгээс ирсэн эх сурвалжийн мэдээллээр бол “Монгол улсын Засгийн газрыг зардлаа тана гэсэн болохоос татвараа нэмэгдүүл гээгүй”гэсэн байр суурвтай байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

А.ЛХАГВА: Н.Норовбанзад гуайн хоолой хангинаж цангинаад, ярих нь хүртэл дуу шиг санагдаж билээ

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Аюурбуньяагийн Лхагватай уулзаж хөөрөлдлөө.

-Ерээд оны эхээр гарсан таны “Соёолон морьдын тоос” шүлгийн номыг Баянхонгорт байхдаа анх олж үзэж байлаа. Номын тань нэрнээс яриагаа эхлэх үү?

-Яахав, би өөрөө хурдан морь унаж өссөн хүүхэд. Жижигхэн биетэй байсан болохоор би бараг зургадугаар анги төгстлөө хурдан морь унасан. Нас насны морьдоос хамгийн иртэй, хамгийн хурдан нь соёолон морь гэсэн ойлголт бага байхад тогтчихсон байсан юм уу даа. Тэгээд ч хүмүүс наадмаар “Соёолонгийн тоосонд орно” гэж сүйд болдог доо. Тэр мэтээс үүдээд л энэ нэрийг өгсөн хэрэг. “Тэнгэр тэвхэдсэн их улаан гал

Тэр бол соёолон морьдын тоос оо” гэсэн мөр бүхий шүлэг бас надад байсан.

-Таны төрж өссөн Дундговийн Дэрэн сум ямархуу онцлогтой газар орон байна?

-Бөмбөгөр бөмбөгөр толгодтой сайхан тал хээр нутаг шүү дээ. Хурд ихтэй, айраг цагаагаа сайхан хийдэг, найрч наадамч, тэнүүн уужуухан сэтгэлтэй ард түмэнтэй. Их дуучин Намжилын Норовбанзадын нутаг гэхээр ямархан нутаг орон болох нь ойлгомжтой. Манай багш Цэндийн Чимиддорж нутгаа их алдаршуулсан хүн. “Дэрэнгийн хар азарга” гэсэн шүлгийг нь хүн бүхэн мэддэг.

-Хурд ихтэй гэлээ. Танайхаас улсад морио түрүүлүүлж, айрагдуулсан уяач хэр олон байдаг юм бэ?

-Байлгүй л яахав. Дундговиос улсад анх морь айрагдаж түрүүлгэсэн уяач гэвэл манай Дэрэнгийнхэн шүү дээ. 1930-1958 оны хоорондох хориод жилд улсын наадамд Дэрэнгийн уяачид есөн түрүү, таван аман хүзүү, 13 айраг авсан гэлцдэг. Хайнзан, Гармаа, Довуучий нарын лут сайн уяач олон байсан юм билээ.

-Одоо цагт ямар сайн уяачид байна вэ. Таныг хурдан морьд, уяачдын талаар их зүйл бичдэг болохоор онцолж асуугаад байна л даа?

-Ерээд оны дундуур миний нагац ах Гүрбазарын хүү Батчулуун их насны хоёр халзан морио түрүүлгэж, аман хүзүүдүүлэн ховор сайхан амжилт үзүүлж байсан. Төрийн наадмын их насны уралдаанд тийм амжилт ёстой хуруу дарам цөөхөн. Манлай уяач Батчулуун ах маань энэ цагийн цуутай уяачдын нэг. Бямбасүрэн гэж сайхан уяач хүрэн азаргаа хэд хэд айрагдууллаа. Тэднийх бол дөрвөн үеэрээ улсад морь айрагдуулж байгаа гэхчилэн ховор сайхан түүх зөндөө бий. Адууны салхитай тэр л нутаг орон, хүн зоноосоо уран бүтээлийн онгод хийморь авдаг юм даа.

-Та бол Дундговийнхоо тухай их олон ном бичсэн сэтгүүлч. “Миний Дундговийнхон” номын тань бичлэгийг нэрт сэтгүүлч Ш.Цэрэнпил агсан магтан сайшааж байхыг сонсч байлаа. Хөрөг нийтлэлийн хичнээн ном гаргачихаад байна?

-Хорь гаруй ном бий. Аймагтаа сумдын ном хийх салхийг намайг хагалсан гэж болно. Социализмын үед сумын танилцуулга гэж бичгийн цаасыг хоёр нугалчихсан юм байдаг байв даа. Манайх төчнөөн толгой малтай, тийм тийм алдар гавьяатан, ашигт малтмалтай гэсхийгээд л болдог. Тэр хэлбэрийг би Дундговь аймагтаа эвдэж, ном бүтээл болгосон юм. Тэр л нутаг орноо авч яваа жирийн сайхан хүмүүсийн дотоод сэтгэл, мөн чанар, хүн гэдэг амьтан ус нутагтайгаа ямар амин холбоотой байдаг зэргийг гаргахыг хичээсэн хөрөг, нийтлэлтэй ном хийлээ. Энгэртээ алтан гадас одонгүй ч сэтгэлдээ гэгээн сайхан одтой тийм хүмүүсийн тухай өгүүлсэн ном хийхийг зорьсон юм.

-Анх ямар сум орны тухай бичив. Та ч Дундговийнхоо сумдын түүхийг багцалчихсан юм байна л даа?

-Дэлгэрцогт сумынхны тухай “Нутгийн хоймор” нэртэй нимгэхэн цэнхэр ном гаргасан юм. Дараа нь өөрийнхөө сумын тухай “Хурд хургасан уяа”, Өндөршил, Баянжаргалын сумдын тухай “Өндөр газар”, “Тост боржигон” гээд номнууд хийсэн. Хамгийн гол нь судар шиг тэр л өвгөд хөгшдийн үг яриаг өөрөөс нь сонсч, бичиж тэмдэглэж авна гэдэг үнэ цэнэтэй юм. Одоо эргээд номоо харж байхад яриа хөөрөө өгч байсан сайхан буурлууд дийлэнх нь тэнгэрийн орноо морилсон байдаг. Ганцхан үг, өгүүлбэр, ганцхан агшин хором ямар үнэ цэнэтэй болохыг тийм үед илүү их ойлгодог.

А.Лхагва багш Цэндийн Чимэддоржийн хамт

-Их дуучин Н.Норовбанзад гуайтай та уулзаж, үг яриаг нь сонсч байв уу?

-Манай Дэрэн сумын ой болох гээд. Тэр ойн номыг нь би бичих болоод. Тэгж л анх их дуучинтай уулзсан юм. Ерэн гурван оны сүүлээр юм уу даа. Их дэлгүүрийн зүүн өмнөхөн гэрт нь очиж, яриа хөөрөөг нь авч байлаа. Хангинаж цангинаад, ярих нь хүртэл дуу шиг санагдаж билээ. Тэрнээс хойш гэрээр нь хааяа орж гардаг байсан. Өнгөрсөн зун Норовоо эгчийн мэндэлсний 85 жилийн ойг өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Тэр үеэр гарсан “Уртын дууны хатан хаан” номын доторх зарим материал, хүмүүсийн дурсамж яриа хөөрөөг тэмдэглэж буулган, тэр номыг бүтээлцэхэд оролцсондоо их баяртай байгаа. “Норовбанзад сан”, СУИС хамтраад энэ төслийг хэрэгжүүлсэн юм. СУИС-ийн захирал Э.Сонинтогос энэ ажилд чин сэтгэлээсээ хандаж, маш сайхан ном бүтээсэн шүү.

-Таны бичсэн

“Норовбанзадыг дуулахад

Ногттой унага жингэнэтэл янцгааж

Ногоон талд цогин цогин дэгддэг

Ноотонд багтахгүй аялгуу

Тэнгэр, газрыг хуурдаад

Тал нутаг цэнхэртдэг” гэдэг мөрүүд ч бас сайхан шүү. Энэ шүлэг хэрхэн бүтэв?

-Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойн тэр жил яагаад ч юм би их онгодтой байсан. Өвөг дээдсийн маань бүтээсэн том үйл хэрэг шинэ сайханд даллан дууддаг шид увдис байдаг байх. Тэр жилийн намар оройхон энэ шүлэг бараг өөрөө ороод ирсэн. Нэг суудал дээр, нэг амьсгаагаар л бичсэн санагдана. Оны төгсгөл рүү “Монгол туургатны яруу найргийн наадам” боллоо. Тэнд уншигдах шүлэгт шалгарч, Соёлын төв өргөөнд анх уншлаа. Хүмүүс нэлээд мэддэг юм билээ. Манай нутгийнхан бол уншуулах дуртай.

-“Засгийн газрын мэдээ”сонины сурвалжлагчаар нэлээд олон жил ажилласныг тань мэдэх юм. Сэтгүүлчийн гараагаа та хаанаас эхэлж байв?

-Ерээд оны эхээр Дундговь аймгийн “Хотол чуулган” сонинд анх ажиллаж, сонины ажлын хэцүү атлаа сайхныг мэдэрсэн. Дараа нь төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, “МОНЦАМЭ” агентлагийн Дундговь аймаг дахь сурвалжлагчаар ажилласан юм. “Ардын эрх” тэр үед Төрийн ордонд байрладаг байв. Б.Лэгдэн, Ц.Балдорж зэрэг аваргууд удирдаж байсан үе. 1994 онд нийслэлд ирж төвхнөсөн. Хотод ирэнгүүт “МОНЦАМЭ” агентлагт сурвалжлагчаар ажилласан. Намайг ирэхэд “МОНЦАМЭ” шатчихсан, бид их сонин орчинд ажилладаг байсан. Манай дотоод мэдээний албаны дарга Л.Цагаандалай Сэлэнгэ явж, хоёр ч вагон мод авчирч, агентлагтаа хандивлаж байсан. Бас л сайхан сэтгэл шүү. Одооны нөхөд бол өөртөө хаус барихыг л бодох байх.

-Уран бүтээлийнхээ мөрийг хөөгөөд чөлөөт уран бүтээлч болов уу?

-Би цагт баригдаж, цалинд хавчигдаж суух дургүй хүн шиг байгаа юм. Сэтгэлийнхээ зоргоор юмаа хийгээд явах нь сайхан байдаг. “Засгийн газрын мэдээ”-д нэлээд хэдэн жил ажилласан. Тэгээд ерөнхийдөө чөлөөт уран бүтээлч болсон. 2003 онд “Leaders” сэтгүүлийг үүсгэн байгуулж, арваад жил гаргалаа. Тэр үед сар тутмын тийм сэтгүүл Монголд байгаагүй. Нисэх онгоцны зорчигчдод хүртэл хүргэдэг байлаа.

-“Монгол зураачид” нэртэй дөрвөн ч цуврал боть гаргачихав уу. Тэрхүү цувралд нийтдээ хичнээн уран бүтээлчийн хөрөг багтав?

-“Монгол зураачид” номынхоо эхнийхийг 2009 онд гаргасан. Нийт дөрвөн цуврал уншигчдын гар дээр очоод байна. 2015 онд гаргасан дөрөв дэх номондоо дан Өмнөд Монголын зураачдын тухай өгүүлсэн юм. Өмнөд Монголын зураачид ямархан чадал чансаатай юм бэ, тэдний үзэл бодол, үүц нөөц, мөн чанар нь хэр юм бэ. Ямар ямар сайхан зураач, уран бүтээлчид тэнд байдаг юм бэ гэдгийг манайхан бас төдий л сайн мэдэхгүй. Тэнд очоод зураач нэг бүртэй уулзаж, урлангаар нь явж, дэлгэрэнгүй сурвалжилсаан. Нэг ботид маань багцаагаар 100 орчим уран бүтээлчийн хөрөг нийтлэл ордог. Өмнөд монгол зураачдын тухай номонд маань арай цөөхөн, жар орчим хүн орсон. Учир нь номоо хөндлөн болон босоо монгол бичгээр хамтатган гаргасан болохоор хэтэрхий зузаан болчих гээд байсан юм.

-Морьтнууд, нүүдэлчид таны шүлэг найргийн тан гол сэдвийн нэг шиг анзаарагддаг. Энэ нь таны төрж өссөн нутаг устай чинь холбоотой юу, хийж бүтээж байгаа ажил үйлстэй холбоотой юу?

-Аль алинтай нь л холбоотой байх. Монголын малчин түмэн гэдэг Монголыг Монгол байлгах тэр л алтан тамгыг атгаж яваа улс гэж би боддог. Малаа маллаж, морио унахаа больчихвол, морио уралдуулахаа больчихвол биднийг монгол гэхэд бас хэцүү. Хэдэн жилийн өмнө “Би энэ ертөнцийн сүүлчийн нүүдэлчин” гэдэг шүлэг бичсэн юм. Тэнд

“Мөнгө төгрөг, алт эрдэнэсийг бус

Мөнх тэнгэр, нутаг усаа л шүтэж амьдардаг

Би мөхвөл энэ ертөнцийн хүн чанар мөхнө

Би мөхвөл энэ ертөнцийн амар амгалан мөхнө” гэсэн бадаг буй. Жинхэнэ сайхан гэдэг Монголын хээр талд л бий.

-Өөрөө морьтой холбоотой их олон дуу хийсэн байх аа?

-Хийсээн. “Ононгийн хээр”, “Босоо хээр”, “Наранхүүгийн шарга”, “Туулай хээр” гэхчилэн энэ цагийн цуутай хурдан хүлгүүдэд дуун хадаг өргөсөн. Хурдан морь гэдэг монгол хүний сэтгэлийг хөглөж байдаг, хийморьтой амьтан л даа.

-Ингэхэд та яруу найргийн хэдэн ном гаргачихав?

-Гуравхан ном гаргасан шүү дээ. Эхнийх нь “Соёолон морьдын тоос”, “Сарны дарс”, сүүлд “Нүүдэлчний тэнгэр” гэдэг ном гаргасан. Арав арван жилийн зайтай гурван ном гаргасан байна. Хөрөг нийтлэл, баримтат уран зохиолын чиглэлээр бол хорь гаруй ном хийжээ. Ном бүтээх нь сүм бүтээхтэй агаар нэг гэдэг. Ном, сүм хоёулаа хүнийг ариусган цэлмээж, амирлуулан жаргааж, ухаарал, сэхээрэл өгч байдгаараа адилхан.

-Өнгөрөгч баасан гарагт таны “Сэтэрт тал” цэнгүүн МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо доо?

-Миний дууны нэр л дээ. Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат ая данг нь тааруулж, дуучин А.Түмэн-Өлзий олны хүртээл болгосон дуу. Малчин түмэн хайртай малаа сэтэрлэдэг. Сэтэрлэсэн тэр л мал буяндаа гар хүрдэггүй. Эрх зоргоор нь байлгадаг. Харин Монголын их хээр талыг тэнгэр сэтэрлэсэн, тэнгэрийн хөх сэтэртэй юм шүү. Түүнд хамаагүй хүрч болохгүй гэсэн санааг агуулсан бүтээл л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Энэрэл: “Хайр эргэсэн хавар” киногоор амьдралыг бодитоор нь, нэмэлт хачиргүйгээр хүргэхийг зорьсон

“Эцсийн зогсоол Э цэг”, “Гурван найз”, “Хайрын бэлэг” болон та бүхний хүртээл болж байгаа “Хайр эргэсэн хавар” зэрэг кинонд тоглоод буй жүжигчин Т.Энэрэлтэй ярилцлаа.


-“Хайр эргэсэн хавар” олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацаа өнгөрлөө. Таны хувьд Анка хэмээх гол дүрийн бүсгүйн дүрд тоглосон. Энэ дүрийн онцлог нь юу вэ?

-Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Хайр эргэсэн хавар” олон ангит уран сайхны кинонд тоглох санал ирсэн юм. Миний хувьд дуртайяа хүлээн авсан л даа. Харин кино зураг авалт дөрөвдүгээр сараас эхэлсэн. Зураг авалтын хувьд багагүй хугацаанд үргэлжилсэн. Миний дүр олон хүүхэдтэй залуу ээжийн дүр л дээ. Ер нь Монголд олон хүүхэдтэй залуу эхчүүд цөөнгүй байдаг. Тэдгээр бүсгүйчүүдийн үр хүүхдийнхээ төлөө бүхнийг даван туулж байгаа сэтгэлийн тэнхээг харуулсан нь миний дүрийн онцлог. Тухайн дүрийг үзэгчдэдээ ойлгуулахын тулд багагүй ажилласан. Үзэгчид жүжиглэлт сайн байна гэж хэлж байгаа. Мөн зарим хүмүүс Энэрэл амьдрал дээр ч тэр ийм л байдаг, жүжиглээгүй юм биш үү гэх ч хандлага байна лээ. Гэхдээ би өөрийгөө амьдрал дээр тийм чалчаа гэж бодохгүй байна. Миний хувьд цагаан цайлган сэтгэл, зарим үед хүмүүс бүдүүлэг ч гэж ойлгож болохоор бодлогогүй ярьдаг зан, харилцааг дүрдээ шигтгээ болгож өгөхийг хичээсэн. Түүнээс төмсчин, ногоочин, чалчаа нөхөр биш шүү гэж хэлмээр байна (инээв). Ямартай ч урьд урьдын дүрүүдээсээ илүү өөр, онцлог байлгахыг хичээсэн. Үзэгчдэд таалагдаж байгаад маш их баяртай байна.

-Энэхүү киногоороо үзэгчдэд юуг ойлгуулж, ухааруулахыг хүссэн юм бол?

-“Хайр эргэсэн хавар” кино маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон. Кино маань нийт 25 ангитай. Одоо таван анги гарах дутуу байгаа болов уу. Киноны хувьд нас насны эмэгтэйчүүдийн төлөөллийг харуулсан гэдгээрээ онцлог. Түүнчлэн эмэгтэйчүүд бие биедээ тус дэм болж, асуудлыг хатан ухаанаар хэрхэн даван туулж чаддаг тухай болоод тэдний нөхөрлөлийн тухай үзүүлдэг. Бусад кинотой харьцуулахад амьдралд төдийлөн тохиолддоггүй хурц, хурц үйл явдал гэхээсээ илүү энгийн амьдралыг бодитоор нь нэмэлт хачиргүйгээр хүргэхийг зорьсон. Манай киноны гол зорилго нь зөвхөн үнэн амьдралыг харуулах гэдгийг үзэгчид маань сайн ойлгоосой. Ямартай ч “Хайр эргэсэн хавар” кино маань үзэгчдэд хүрээд багагүй хугацаа өнгөрч, үзэгчдээс ч тэр сайхан сэтгэгдлүүд хөвөрсөөр байгаад тун сэтгэл хангалуун байна даа.

-Орчуулгын киноны жүжигчин Д.Батцэцэг болон жүжигчин Р.Анхням нар мөн гол дүрийн бүсгүйчүүдийн дүрд тоглож байгаа. Таны хувьд эдгээр бүсгүйчүүдтэй хамтран тоглоход ямар байв?

-Би энэ кинонд маш мундаг хоёр жүжигчинтэй хамтран тоглосон гэж бодож байгаа. Д.Батцэцэг эгчийг орчуулгын олон сайхан кинонуудаас гадна дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлээр нь үзэгчид маань маш сайн мэдэх байх. Мөн Р.Анхням эгч бол Монголд төдийгүй гадны кино урлагт хөл тавьсан, туршлагатай сайн жүжигчин. Энэ хоёр маань мэргэжлийн болоод эмэгтэй хүнийхээ хувьд үлгэр дуурайл болсон үнэхээр сайхан бүсгүйчүүд.

Би өмнө нь Д.Батцэцэг эгчтэй кинон дээр хамтран ажиллаж байсан. Харин Р.Анхням эгчтэй анх удаа хамтарч уран бүтээл дээр ажиллалаа. Тэд чадварлаг, сайхан эмэгтэйчүүд хэрнээ маш энгийн. Яагаад ч юм, бид гурав маш олон зүйл дээр адилхан үзэл бодолтой, сонирхол нэгтэй юм билээ. Гурвуулаа урт ээмэг зүүж чаддаггүй, хэт чамин ээмэг зүүлтэд дургүй нь хүртэл адилхан. Бас бие биетэйгээ их амар ойлголцчихдог. Одоо хэдийгээр киноны зураг авалт дуусчихсан хэдий ч кинон дээр гардаг шиг л бие бие рүүгээ ярьж, халамжилж ойр дотно байгаа. Цаашид ч эгч дүүсийн энэ харилцаа тасарна гэж бодохгүй байна. Саяхан манай хоёр Д.Батцэцэг эгчийн зуслан руу явж, салхинд гарсан. Харамсалтай нь хүү маань жаахан учраас би явж чадаагүй.

-Та жүжигчний гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би хамгийн анх Соёл урлагийн их сургуулийн Ганхүү багшийн охиныхоо дурсгалд зориулан хийсэн “Амилсан хайр” кинонд тоглож байлаа. Гуравдугаар курстээ тоглож байсан санагдаж байна. Харин их сургуулиа төгсөөд ангиараа Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажилласан даа. Тус театрт ажиллаж байх үедээ буюу 2011 онд “Гэгээн Муза” авсан. “Гэгээн Муза” авснаас хойш кино саналууд маш их ирсэн шүү. Тухайн үед МҮОНРТ-ийн хамт олны туурвисан “Амьдрал чиний төлөө” гэх кинонд тоглож байлаа. Энэ нь миний тоглосон хамгийн анхны олон ангит кино байсан юм.

-Та одоог хүртэл “Монгол туургатан” театртаа ажиллаж байгаа юу?

-Тийм. Гэхдээ одоохондоо жирэмсний амралттай байгаа. Дээр хэлсэнчлэн манай оюутан ангийн 80 гаруй хувь нь тус театртаа ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна. Ангиараа нэг дор ажиллана гэдэг бас сайхан тохиол гэж боддог юм. Анх ангийнхантайгаа “Бүгдээрээ Төв аймгийг байлдан дагуулцгаая” гээд л очиж билээ. Түүнээс хойш долоон жил тасралтгүй ажиллацгааж байна даа.

Манай оюутан ангийн багшийг Хишигзаяа гэдэг. Биднийг оюутан байх үед СУИС цус сэлбэж, шинэ залуу боловсон хүчин ажиллуулж эхэлж байсан. Тиймдээ ч манай багш сургуулийнхаа хамгийн залуу нь байсан. Гэсэн ч маш олон шинэ программуудыг бидэн дээр туршиж, тэр нь маш үр дүнтэй болсон гэж боддог доо.

-Сүүлийн үед кино саналууд хэр их ирж байгаа вэ. Ер нь ямар кино санал ирээсэй гэж бодож байна?

-Жүжигчид эсрэг эсвэл түүхэн дүр гэх нь элбэг байдаг л даа. Миний хувьд сэтгэлзүйн тоглолт ихтэй, намайг сорьсон уран бүтээлд тоглох юмсан гэж их хүсдэг. Одоогоор кино санал ирээгүй байгаа.

-Та “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Дашдаваагийн ач шүү дээ. Өвөө шигээ жүжигчин болох нь таны хүсэл байв уу?

-Би арван жилээ нэг ч сайн гэсэн үнэлгээгүй онц төгсч байлаа. Тийм учраас эмч эсвэл нарийн мэргэжил сонгоно гэсэн бодолтой л байсан юм. Харин аавын маань ах, дүү нар намайг жүжигчин болооч гэж их зөвлөдөг байлаа. Жүжигчин болно гэхээр аав, ээж хоёр тийм ч таатай хүлээж авдаггүй байсан л даа. Гэхдээ ямартай ч үзээд алдъя гэж бодоод СУИС-д бүртгүүлчихсэн юм. Мөн түүнээс өмнө яг 18 насныхаа төрсөн өдрөөр СУИС-ийн босгоор алхаж, жүжигчний сургалтад сууж байлаа. Тэр сургалт намайг жүжигчин гэх мэргэжил рүү эргэлт буцалтгүй татсан. Басхүү тухайн үед хамт байсан хүүхдүүдээсээ арай илүү байсан нь бүр ч урам өгч билээ. Ингээд СУИС-д ч тэнцэж жүжигчин гэх эрхэм мэргэжлээр суралцаж эхэлсэн дээ.

Хүмүүс миний өвөөг яалт ч үгүй “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээр нь андахгүй байх. Мөн түүнээс гадна өөрөө зохиолыг нь бичиж, найруулан гол дүрд нь тоглосон “Сахиуст цэрэг” гэх сайхан уран бүтээл нь бий.

-Гэр бүлд тань танаас өөр энэ мэргэжлийг эзэмшсэн хүн бий юү?

-Яг жүжигчин хүн бол байхгүй. Харин үеэл маань Хөгжим бүжгийн коллежид концертмейстрээр ажилладаг. Би өвөөгийнхөө тухай төдийлөн сайн мэддэггүй юм. Учир нь аавыг минь гурван настай байхад өвөө дөнгөж 30 гаруйхан насандаа бурхан болчихсон юм билээ. Тэгэхээр аавынхаа том ахын яриагаар, эсвэл гэрт үлдсэн хэдэн зургаар, өвөөгийн тухай бичсэн сонины хэдхэн хайчилбараар л өвөөгөө төсөөлдөг. Харин би жүжигчин болоод том, том уран бүтээлчидтэй уулзаж, ярилцаж байх үед өвөөгийн минь жүжиглэх арга ажиллагаа нь бусад хүмүүсийнхээс өөр гэж тэд хэлж байсан. Сонсоод байхад надтай адил төстэй зүйлүүд их байсан шүү. Ямар ч хүн тухайн дүрээ маш сайн бэлдэж, давтаж байж сайжирч, гартаа оруулдаг бол өвөө минь дотроо бодож тунгааж яваад эцсийн мөчид сайн жүжиглэлтээ гаргадаг байсан гэдэг. Тэгэхээр аливааг дотроо их бодож тунгааж, бясалгадаг, төлөвлөдөг хүн байж дээ гэж боддог юм. Миний хувьд ч гэсэн яг иймэрхүү аргачлалаар ажиллах дуртай. Гэхдээ мэдээж өвөөгийнхөө энд хүрэх болоогүй шүү дээ.

-Таны гэр бүлийн хүнийг мөн урлагийн хүн гэж сонссон. Гэр бүлээ танилцуулаач?

-Тийм шүү. Миний ханийг О.Итгэл гэдэг. 2009 онд анх танилцаж байлаа. Анх их сайн найзууд байсан. Харин их сургуулиа төгсөөд гэр бүл болцгоосон доо. Одоогоор Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байгаа. Урлагийн хүмүүс учраас бие биенээ ойлгож, нэг нэгнээ их дэмждэг. Мөн нэг жилийн өмнө бид хөөрхөн хүүтэй болсон. Хүүгээ төрснөөс хойш хэд, хэдэн уран бүтээлд тоглосон байна. Ингэхэд ар гэрийн ажил багагүй цалгарддаг юм билээ. Харин одоо бол сайн ээж, гэрийн эзэгтэй байх үүргээ гүйцэтгэж байна даа.

-Гэр бүлийнхээ хүнтэй хамт дуучин Э.Чинбаярын клипэнд тоглосон байсан. Ер нь хамтдаа уран бүтээлд тоглоод өгөөч гэх санал хэр их ирдэг бол?

-Дуучин Э.Чинбаяр бид хэд бол сайн найзууд. Тиймдээ ч бид хоёрын зүгээс найздаа нэг клип хийж өгнө гэж амласан байсан юм. Амлалтаа биелүүлж, зохиолыг нь өөрсдөө бичээд найзынхаа “Хайр амталсан өдрүүд” гэх дуунд клип хийсэн. Хүмүүст хүрсэн сайхан уран бүтээл болсонд нь баяртай байна. Мөн Болорцом, А.Хишигдалай нарын “Хайрын далавч” гээд дууны клипэнд тоглосон байгаа. Зохиолоо мөн л өөрсдөө бичсэн. Ер нь хосуудын амьдралд тохиолддог зүйлсийг клипэндээ тусгахыг хичээсэн гэж болно. Багахан маргаанаас л болж том асуудал үүсдэг шүү гэдгийг л хөндсөн дөө.