Урлаг, уран зохиол судлалд өргөн хэрэглэгдэх болсон шизоанализ гэдэг чиглэл нь сэтгэц шинжлэл, анагаах ухаан, постмодернизмын зарим томьёолол, мөн психоанализын судалгаатай нягт холбогдсон ойлголт юм. Нэр томьёоны хувьд хагалах, бутаргах гэсэн утга бүхий грек хэлний үгээс үүсэлтэй бөгөөд нийгмийн амьдралын олон талт харилцаа, зохиомол хэм хэмжээ тэдгээртэй үл зохицохуй хийгээд хувь хүний оршихуйтай холбоотой үүссэн. Хувь уран бүтээлчийн оршихуй нь нийгмийн амьдралтай үл зохицон сөргөлдөх байдлаас үүсдэг шинж чанартай. З.Фрейдийн томьёолсон психоанализын “Эдипийн цогцолбор” хэмээх ойлголт нь зөвхөн гэр бүлийн хүрээнд хүний төлөвшлийг авч үздэг, нийгмийн хүрээ, томоохон асуудал болон амьдралын гүн рүү нэвтэрдэггүй гэсэн шүүмжлэлтэй уялдан шизоанализ үүссэн ажээ. З.Фрейдийн “Эдипийн цогцолбор”-ыг нурааж ухамсаргүйн хэтийдсэн үнэн буюу “Эдипийн бус ухамсаргүй”-г нээх нь шизоанализын зорилго юм. Энэ талаар доктор Д.Галбаатарын “Уран зохиолын нэвтэрхий толь”-д “…Энэ нь психоанализаас нэлээд өөр ойлголт. Анхлан З.Фрейдийн “Эдипийн цогцолбор” онолын томьёоллыг зөвхөн гэр бүлийн хүрээ, бэлгийн харилцаагаар хязгаарлагддаг, нийгмийн дорвитой асуудал, нийгмийн гүн рүү нэвтэрч тайлбарлах чадваргүй гэсэн шүүмжлэлтэй уялдан гарчээ…” (Галбаатар.Д. Уран зохиолын нэвтэрхий толь. УБ. 2012. хуудас 505) гэх буюу “…Ухамсаргүйн хэтийдсэн үнэн буюу “Эдипийн бус ухамсаргүй”-г дан цэврээр нээх зорилго шизоанализын гол үзэл баримтлал байв” (Галбаатар.Д. Уран зохиолын нэвтэрхий толь. УБ. 2012. хуудас 505) гэсэн байна.
Нийгмийн гишүүн хувь хүн ямар нэг талаар дутмагшилд орж түүнтэй уялдсан хүсэл, шуналын хүлээсэнд автана. Энэхүү хүлээсийг гэтлэх арга зам нь урлаг, уран зохиол бөгөөд урлагт л сая хүний жинхэнэ мөн чанар, дарагдсан хүслийн цаадах төрх харагддаг. Ингэснээрээ шизоанализ нь далд ухамсрын тухай ойлголтыг улам бүр гүнзгийрүүлж “псевдоструктур” буюу “хуурмаг бүтэц”-ийг гэтлэн хүний сэтгэцийн шизо хүслээр дамжуулан амьдралын үндсийг үнэнээр нь нээх зорилгод тулжээ. Энэ нь явсаар зохиолчид бол нэг зүйлийн «өвчин»-д нэрвэгдсэн хүмүүс, учир нь, хаа ч байхгүй зүйлийг санаанаасаа ургуулан туурвих нь нэг төрлийн өвчин, мөн хаа ч байхгүй худал гэдгийг нь мэдсээр байж уран зохиолд шимтэн унших нь бас л нэг зүйлийн өвчин гэх үзэл бий болсон. Түүнчлэн тэрхүү «өвчин»-ий шинж байдал нь буюу дотоод түлхэц нь тухайн зохиолчийн уран бүтээлд нь тусан бууж философи-уран сайхны нийлэгжсэн хэлбэрийг бий болгодог. Ж.Делезийн “Солиотой хүн агуу их бүтээл туурвиж чадна” гэх буюу З.Фрейдийн “Зохиолч хүнийг бүрмөсөн сүйрэхээс хамгаалж бас эдгэрүүлэн илаарьшуулах бодот боломж байхгүй” зэрэг томьёололтой холбогджээ. Шизоанализын үүднээс уран зохиолд хандахдаа зохиолчийн сэтгэцийн эмгэгийг нарийн ажиглах, зохион бодохуй ба бодит итгэл үнэмшлийнх нь харьцаанд анхаарал хандуулах хэрэг гарна.
Угтаа шизофрени гэдэг нь нэг төрлийн сэтгэцийн өвчин. Монголчилбол шизо-сарних, задрах, френи-сэтгэц гэсэн грек үг. Манай улсын Эрүүл мэндийн яамны Сэтгэцийн өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2007 онд зөвшөөрөл олгон хэвлүүлсэн “Сэтгэцийн эмгэг судлал”-ын сурах бичигт «Дотоод шалтгаантай, шизофренитэй удам зүйн холбоотой солиорлын шинжээр илэрдэг бүлэг эмгэгийг шизофрени ба шизофрени төст эмгэгүүд гэдэг. Өөрөөр хэлбэл, үүнийг солио гэж нэрлэдэг. Солио. Хүн хүрээлэн байгаа бодит үзэгдэл юмсыг зөв тусгах хийгээд танин мэдэх чадвараа алдаж, тэдгээрийг гажуу буруугаар, хий хоосноор, хувирч өөрчлөгдсөнөөр тусгаж, тэдгээрийн хоорондын харилцаа холбоог саланги, тасархай байдлаар хүлээн авч, тэдгээрийн тухай буруу ойлгож, улмаар өөрийн үйлдлийн зөв бурууг цэгнэх буюу өөрийн биеийг нийгмийн шаардлаганд тохируулан авч явах чадвараа алдахыг солиорох (солио) гэнэ. Өөрөөр хэлбэл, өвчтөнд гажуу тусгал, хий үзэгдэл, дэмийрэл, ухаан баларталт, холбоогүй сэтгэхүй, сэтгэц хөдөлгөөний дошгирол, кататони, сэтгэл хөөрлийн хам шинж, сэтгэл гутралын хам шинж зэрэг шинжүүд үүсэхийг солио гэж нэрлэдэг. Шизофрени ба шизофрени төст эмгэгүүдийг дотор нь:
- Шизофрени
- Шизофренийн хэв шинжит эмгэг
- Байнга дэмийрэх эмгэг
- Түр зуурын ба цочмог солио
- Нөлөөтөн дэмийрэх эмгэг
- Шизоаффектив солио гэж хуваадаг» (Бямбасүрэн.С. Сэтгэцийн эмгэг судлал. УБ.
2013. Сэлэнгэпресс. хуудас 548) хэмээн тодорхойлсон байна.
Энэхүү сэтгэцийн өвчний шинж байдал урлаг, уран зохиолд тусдаг, зарим том уран бүтээлчид жинхэнэ утгаараа шизофренитэй байдаг (зарим уран бүтээлчид галзуугийн эмнэлэгт хэвтэж байсан, хоригдож байсан, нэг насаараа галзуу нэр зүүж явсан баримт олон бий. Г.Б.) зэрэг нь энэхүү урлаг уран зохиол судлалын нэгэн шинэ чиглэл бий болох буюу шизоанализ үүсэх үндсэн нөхцөл болсон. Мөн түүнчлэн урлагийн цаад мөн чанарт нэвтрэх оролдлого улам бүр гүнзгийрч З.Фрейдийн “Эдипийн цогцолбор”-ыг даван гарч “бус ухамсаргүй”-д шилжсэн нь шизоанализын чиглэлийг төгөлдөржүүлж урлаг, уран зохиолын утга чанарыг тайлан тайлбарлах арга болгожээ.
Сод уран бүтээлчдэд сэтгэл зүйн хийгээд сэтгэцийн невроз илрэх, давтагдах нь хэвийн зүйл агаад уран бүтээлээс нь ямар нэгэн гажуу тусгал, холбоогүй сэтгэхүй, хий үзэгдэл, сэтгэл хөөрлийн ба гутралын хам шинж илрэх нь түгээмэл зүй тогтол. Манай уран зохиолд ч ийм үзэгдлүүд бий.
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэгддэг Д.Нацагдоржийн уран бүтээлүүдийг үзэхээр ямар нэгэн шизотой уран бүтээлч байсан нь тод мэдрэгддэг билээ. Харин ямар неврозтой байсан бэ гэдгийг нь уран бүтээлээс нь тодруулан үзэх боломжтой. Түүний сэтгэцийн невроз хамгийн тод илэрсэн бүтээл нь “Харанхуй хад” хэмээх өгүүллэг. “Харанхуй хад” гэдэг нэр нь харанхуй буюу цаг хугацааны шинж байдлыг заасан тэмдэг нэрийг хад гэх жинхэнэ нэртэй холбосон гажуу тусгал. Монгол хүн хад чулууг улаан хад, хар хад, цагаан хад, шар хад гэх мэтээр өнгөөр буюу арсгар барсгар, барзгар, мөлгөр гэх мэтээр гаднах шинжээр нь нэрлэхээс харанхуй болон гэгээтэй гэх мэтээр нэрлэдэггүй учир үүнийг гажуу тусгал гэж үзэх боломжтой.
Уг зохиолд данжаад би бээр «Наймдугаар сарын гучны Бямба гариг, Харанхуй хад, Ина» (Аюурзана.Г. нар. Монголын сонгомол өгүүллэг. УБ. 2005. Мөнхийн үсэг. хуудас 15) гэсэн тэмдэглэл олно. Энэ нь холбоогүй сэтгэхүй гэдэг нь зохиолоос харагдах ба энэхүү холбоосгүй сэтгэхүйд зохиол бүхэлдээ эзлэгдсэн байдаг. Гэвч зохиолд уг холбоосгүй сэтгэхүйг холбоосжуулахаар бэдэрч нэгэн бөглүү газарт буюу Харанхуй хаданд очих аж. Зохиолд дүрслэгдсэн хий үзэгдэл нь нэгэн овоохойд суух чихэнд чийртэй юм уу нөгөө ертөнцийн байж болох хөндий өөр дуут хар хүн, халуун, дулааны улиралд үстэй дээл хөдрөн хэвтэгч дун буурал толгойтой эмгэн хоёр. Тэдгээрийг зохиолч «…Хар хүн дагалдан ороод, зүүн хойно цомцойн суув. Би баруун хойно нь нэг гөрөөсний ширэн дэвсгэр дээр хагас завилан суусны дараа амар мэндийг мэдэлцэв. Мөнхүү хар хүн гуч илүү настай бөгөөд илгэн дээл өмсөж, суран бүс бүсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэнд их л өөр сонсогдоно. Зүүн өмнөд хатавчинд үстэй дээлээр нэг хүн хучаастай хэвтэж буй. Дун буурал толгой цухуйж байна. Хар хүн нурманд шигтгэсэн домботой цайг нэг тэвш тарваганы махны хамт надад өгсөнд цай нь гудамжны шалбааг мэт булингартай, мах нь халшгүй нэхүүн үнэртэй боловч умдаасаж өлссөн минь их тул аргагүй ууж идэв…» (Аюурзана.Г. нар. Монголын сонгомол өгүүллэг. УБ. 2005. Мөнхийн үсэг. хуудас 17) гэж дүрсэлсэн буй.
Д.Нацагдоржийн уг зохиолд тийн одсоор “Харанхуй хад”-нд ирэн Ина охинтой уулзан бүхий үед гэнэт бороо орохуйяа сая сэрмэглэн үзвээс зүүд аж мэтийг дүрсэлсэн буй билээ. Сэтгэцийн өвчтэй хүнд ухаан зүүдчилэн балартах байдал илрэх нь түгээмэл. Зохиолын эцэст энэ бүхэн зүүд аж гэсэн нь Д.Нацагдоржийн зүүдчилэн балартах шинж юм. Энэ тухай анагаах ухааны номонд «Ухаан зүүдчилэн балартах байдал. (Онейроидное состояние) Ухаан балартахын ерөнхий шинжүүд тод илэрнэ. Хоёрдмол баримжаа. (Двойная ориентация) Өвчтөн өөрийгөө заримдаа эмнэлэгт, заримдаа сансарт, заримдаа гэртээ, заримдаа харь гаригт, заримдаа өөр бусад фантаз ертөнцөд оршиж байна хэмээн баримжаална…» (Бямбасүрэн.С. Сэтгэцийн эмгэг судлал. УБ. 2013. Сэлэнгэпресс. хуудас 156) гэсэн байдаг. Зэрэгцүүлэн үзвээс Д.Нацагдорж уг зохиолыг бичиж байх үедээ өөрийгөө “Харанхуй хад” гэх «фантаз ертөнцөд оршиж байна» хэмээн үзсэн нь эргэлзээгүй. Энэ тайлбараар зохиолч Д.Нацагдоржийг эмнэл зүйн утгаар галзуу, солиотой байсан гэж хэлэх гээгүй бөгөөд зарим үед, зарим зохиолоо бичиж байхдаа түүний далд ухамсраас, бүр Эдипийн цогцолборын цаад талаас нь түлхдэг шизофрений тусгалтай уран бүтээлч байжээ гэж үзэх боломжийг “Харанхуй хад” бүтээл нь бидэнд олгож байгааг хэлэх гэсэн болно.
“Харанхуй хад” зохиолын ерөнхий байдлыг үзвэл зохиолч ямар нэгэн зүйлийг эрээд яваа мэт агаад учиргүй ганцаардан гутарсан мэт мэдрэмж төрүүлдэг. Энэхүү ганцаардах нь шизофрений нэгэн шинж, ба шизофрений улмаас амиа егүүтгэхийн нэгэн томоохон шалтгаан нь ганцаардал байдаг. Энэ тухай мөнөөхөн сэтгэцийн эмгэгийн номонд «…Хэрэвзэеэ амиа егүүтгэх оролдлого хийсэн хүнд дараах хүчин зүйлсийн аль нэг илэрч байвал түүнийг амиа хорлох өндөр эрсдэлтэй гэж тооцно.
- Амиа хорлох бодол
- Сэтгэл гутрах эмгэг
- Архи буюу бусад мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх
- Өмнө нь амиа егүүтгэх оролдлого хийж байсан
- Бие хүний нийгмийн эсрэг эмгэг
- Ажилгүйдэл
- Нийгмээс тусгаарлагдсан байдал
- Эрэгтэй хүний хүйсний хамааралтай байх
- Ганцаардал
- Өв тэгш бус гэр бүлд хүмүүжих буюу амьдрах…» (Бямбасүрэн.С. Сэтгэцийн эмгэг судлал. УБ. 2013. Сэлэнгэпресс. хуудас 290) гэсэн байна. Энэхүү амиа хорлох хүчин зүйлүүдээс зохиолч Д.Нацагдоржид сэтгэл гутрах, архи хэтрүүлэн хэрэглэх, бие хүний нийгмийн эсрэг эмгэг, ажилгүйдэх, нийгмээс тусгаарлагдсан байдал, ганцаардах, өв тэгш бус гэр бүлд амьдрах шинжүүд байсан болох нь түүний намтраас харагддаг агаад тэрээр уран бүтээлдээ тэдгээр шаналлаа бичиж тайтгардаг байсан болов уу. Тэдгээр сэтгэлийн шаналгаат бодол ганцаардлаа зөвхөн “Харанхуй хад”-аар зогсохгүй 1930 оноос хойш бичсэн олон бүтээлдээ дэлгэжээ. Ялангуяа шоронд байхдаа буюу 1932 онд бичсэн “Хан ертөнцийн сар”, “Янаг амрагаа мөрөөдөхүй”, “Ургамал бодисыг мөрөөдөхүй”, “Залуу бие ганихрахуй”, “Эрх чөлөөг хүсэхүй”, “Торон дотор уйтгарлахуй”, “Уйтгар зовлонг санагдуулахуй”, “Ааш зан хувирахуй”, “Орчлонгийн жамыг танихуй”, “Тэргэл сарыг үзэхүй” болон “Нууц янаг” (1930), “Мөрөөдөл” (1931), “Нойрын дунд” (1931), “Дөрвөн цаг” (1935) зэрэг эрүүл мэндийн сэдэвтэй ухуулга уриалгын шүлгүүдээс бусад олон бүтээлүүдээс нь, мөн “Үйлийн гурван толгой” жүжиг зэргээс нь мөнөөхөн ганцаардлын өнгө аяс нэвт харагддаг. Цөөн баримт түшвэл “Ургамал бодисыг мөрөөдөхүй” (1932), шүлэгт:
…Сараалжин цонхыг түшиж
Санаа алдан гиюүрнэ
Сар өдрийг тоолж
Салхи нарыг мөрөөднө… (Удиртгал бичиж редакторласан Д.Цэдэв. Дашдоржийн Нацагдорж. Бүрэн түүвэр. УБ. 1996. хуудас 105) гэх буюу; “Эрх чөлөөг хүсэхүй” (1932) шүлэгт:
…Музейд хоригдсон араатан шиг
Мөрнөөс хагацсан загас шиг
Мөхлөгт учирсан миний бие
Мөнхийн чөлөөг мөрөөднө… (Удиртгал бичиж редакторласан Д.Цэдэв. Дашдоржийн Нацагдорж. Бүрэн түүвэр. УБ. 1996. хуудас 109) гэх; мөн “Мөрөөдөл” шүлэгт:
…Гэгээн наран нэгэнтээ ойртон ирж
Цонхны доторхыг гэрэлтүүлэн эхлэв
Хэдийний амраг чи минь одоо учирч
Миний хэнхдэгт зул барих цаг болов… (Удиртгал бичиж редакторласан Д.Цэдэв. Дашдоржийн Нацагдорж. Бүрэн түүвэр. УБ. 1996. хуудас 74) гэх; “Гэргий хүүхдээсээ хагацахуй” (1936) шүлгийн:
…Нимгэн зөөлөн зүрхэнд минь
Ширүүн хур асгарна
Миний гүн зовлонг
Хэн хэрхэн мэднэ… (Удиртгал бичиж редакторласан Д.Цэдэв.
Дашдоржийн Нацагдорж. Бүрэн түүвэр. УБ. 1996. хуудас 195) гэх зэрэгт ганцаардлын аяс гүнзгий. Эдгээр баримт нь түүнийг амьд ахуйдаа ямар нэгэн байдлаар ганцаардаж явсан буюу дотор сэтгэл далд ухамсартаа тийм мэдрэмжтэй байсныг нь илтгэдэг.Иймэрхүү ганцаардлын хүлээснээс ангижрахыг мөрөөдсөн тэмүүлэл, тачаал зөвхөн Д.Нацагдоржоор зогсохгүй манай олон уран бүтээлчдийн бүтээлүүдэд бий. Тухайлбал, Д.Нацагдоржоос нэлээд хожуу үед амьдарч байсан яруу найрагч Р.Чойном. Д.Нацагдорж, Р.Чойном нар өөр өөр цаг үед төрсөн ч ижилхэн амьдрал туулсан. Хоёул архинд орсон, шоронд орсон, авгай хүүхдээсээ салсан, орох оронгүй гудамжинд, айл хунараар явж үзсэн. Яагаад тийм замаар явсан шалтгаан нь огтхон ч сонин биш агаад гагцхүү тэр зуйгуул амьдралаас зохиолчийн сэтгэхүйд бий болсон төлөвшил, улмаар далд ухамсарт нь нөлөөлсөн зүй тогтол, дарагдсан хүслийн түлхээс, шахагдсан либидогийн неврозод дөхсөн илрэл нь сонирхолтой.
Д.Нацагдоржоос 30 жилийн дараа төрсөн яруу найрагч Р.Чойномын уран бүтээлд өгүүлэн буй ганцаардлын өнгө аяс нэлээд гүн. Тэрээр:
Хамаг бүхэн хаалттай,
Хатуу чанга заалттай
Солгой хөгжим шиг үед
Согтуурах шиг жаргал алга! (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 33) гэх буюу;
Намайг дуудах
Нарийхан хонгор дуу
Ард минь сонстном…
Ард гэтэл хэн ч алга
Урд минь сонстном
Урагш хартал бас алга
Унтах нойронд сонстов
Унтаад сэрэхэд бас алга…
…Гэмшин гэмшээд хожимдож
Гэртээ би харьж чадахгүй шиг
Гагцхүү,
Намайг дуудсаар байна
Нарийхан хонгор дуу… (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 42) гэх мэтээр ганцаардсан, нийгэмтэйгээ үл зохицсон өнгө аяс Р.Чойномын бараг бүх бүтээлээс нь харагддаг. Д.Нацагдоржийн неврозод тулсан сэтгэцийн эмгэг шинж нь гутранги аястай байдаг бол Р.Чойномын неврозод дөхсөн сэтгэцийн шинж нь бие хүний нийгмийн эсрэг эмгэг маягтай байснаараа онцлогтой. Д.Нацагдорж нийгмийн амьдралыг өөрчлөхийг хүссэн боловч түүнийгээ шүүмжлэлгүйгээр уриалах байдлаар илэрхийлж байсан бол Р.Чойном хатуу ширүүнээр шүүмжилж байсан, тиймдээ ч шорон гянданд хоригдож явжээ. Иймээс Д.Нацагдоржоос цөхрөл, Р.Чойномоос өшрөл мэдрэгддэг. Тэдгээрээс нь дурдвал “Харууслын шүлэг”-тээ:
…Өөрөөр би, гэгээ багатай эгэл ард
Өнгө нь тааруу ч, дотор нь цагаан эр хүн
Өчүүхэн ийм амин хувийн олз эрэгчидтэй
Өлгий нэгтэй, найз нөхөд байсандаа ичиж байна… (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 164); гэж бичжээ. Түүнд Д.Нацагдоржтой адил шоронгийн шүлгүүд бий. Тухайлбал:
Хөөрхий энэ шорон
Хөсрий болж дээ, зайлуул
Энд би нэлээд сар жил
Эрх чөлөөгүй тарчилж билээ
Ядарсан цагт гэр болж байсан
Явцуу шорон ч яахав сөнөж!
Ялыг минь далимдуулаад дарлаж байсан
Яргачин харин хаана яваа бол?! (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 198) гэх мэтээр нийгэмтэйгээ үл зохицож буйгаа илэрхийлсэн, нийгэм болоод нийгмийн гишүүдэд хонзогносон олон бүтээл бий. Яруу найрагч Ц.Гайтавыг үхэхэд Р.Чойном нэгэн шүлэг бичсэн. Уг шүлэг нь:
…Анх төрөхдөө чи охин хүүхдээс томгүй төрж
Амьдрахдаа олон түмнээс илүүгүй явж
Үхэхдээ харин Нацагдоржоос томоор үхлээ
Үлдэх хөшөө чинь ямархан хэмжээтэй бол доо. Гайтав минь! (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 245) гэсэн байдаг бол “Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд” шүлэгтээ:
…Улсын гүйлгээнээс хасагдсан
Улаан мөнгөнүүдийг хайлж
Зургаан жил маргаж байж
Жаран хоёр онд босгосон юм…
Хөшөөний бие дотор талдаа
Хөндий хийгээд гуниг шиг харанхуй
Царцуу зузаан цемент суурь
Цаг үе шиг нь нүсэр хүйтэн… (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 243) гэсэн байдаг. Эдгээрээс Р.Чойномын өшрөл, цөхрөл харагдаж байгаа бөгөөд тухайн үедээ нэр хүндтэй байсан ч цаг үетэйгээ үгүй болох хөнгөн хуурмаг шүлэг бичсэн Ц.Гайтавыг цаагуур нь ёгтлон дорд үзсэн байгаа бол Д.Нацагдоржийг цаг үе нь үгүй хийснийг ийн дурджээ. Д.Нацагдоржийг өөртэйгээ зэрэгцүүлж:
Олон удаа би, тэр хөшөөний дэргэд
Очиж, толгой гудайлган зогссон
Хөөрхийлөх сэтгэлдээ дийлдэж
Хөшөө юм даа гэлгүй шүүрс алдсан… (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 243) гэсэн буй. Яруу найрагч Р.Чойномын уран бүтээлээс тухайн үеийн нийгмийг эсэргүүцэн буруутгах өнгө аяс улмаар нийгмийг удирдаж асан Ю.Цэдэнбал, түүний орос эхнэр мэтийн бурангуй хүмүүсийг шүүмжлэх, хараан зүхэх, хайр найргүй тамлан тарчилгаж үгүй хийх далд хүслээ илэрхийлэх зэрэг неврозод тулсан бие хүний нийгмийн эсрэг сэтгэцийн эмгэг нь илрэн харагддаг юм.
Р.Чойномын дараагийн бас яг ийм эмгэгтэй нэгэн яруу найрагч бол О.Дашбалбар. О.Дашбалбар бол Р.Чойномоос 21 жилийн дараа төрсөн яруу найрагч, улс төрийн зүтгэлтэн. Яруу найрагч О.Дашбалбар эхэн үедээ яруу найргийн замаар замнаж нэлээд шүлгүүд бичсэн боловч улс төрчийн замд орж, их хурлын гишүүн мэтийн хар бор хийх болсноор бие хүний нийгмийн эсрэг сэтгэцийн эмгэг нь даамжирч улмаар уран бүтээлийг нь буртаглах болсон билээ. Түүний эхэн үеийн яруу найргаас гэгээлэг ганцаардал, бадрангуй дэлгэр аяс тод мэдрэгддэг бол сүүл үеийн шүлгүүд нь илүү занал хорсолтой болж ирсэн ба энэ нь нэг талаас цаг үеийн нөлөө, нөгөө талаас түүний сэтгэцийн эмгэг нь хурц хэлбэртээ шилжиж байсныг нотолдог. Түүний яруу найраг 1989 онд хэвлэгдсэн “Гол ус намуухан урсана” түүвэрт үндсэндээ хэлбэржсэн бөгөөд өмнөх түүвэр нь болох “Оддын аялгуу” (1984) номонд цагаан шүлэг, улс төрийн өнгө аяс, Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэдэв, Комсомол, Ленин багш, Орос орон, фашистын герман гээд тухайн үеийн яруу найрагчдад байдаг л шүлгүүд нэлээд бий.
Яруу найрагч О.Дашбалбар:
Надаас чи минь зуун жилээр хожимдож төрнө
Нарт ертөнцөд дахиад ирэхэд чинь би явчихсан байна
Эсхүл чи минь гурван зуун жилийн өмнө ирээд
Эр биеийг минь цөхөртлөө хүлээгээд энэ дэлхийгээс буцчихна
Мянга мянган жилээр би чамтай учрахгүй
Манант өглөөгүүр нар мандахыг харахгүй (Дашбалбар.О. Бурхны мэлмий. УБ. 1991. хуудас 87) хэмээн бичиж байсан бөгөөд иймэрхүү алсын зөнтэй, гэгээрэлд тэмүүлсэн аяс нь түүний яруу найргийн өнгө аяс байснаа улмаар хувирч 1990-ээд оны дунд үеэс бурханд шүтэхийг номлох, нүгэлтнийг буруутгах, сургаалийн шүлгийн шинжтэй болж ирсэн байдаг. Тухайлбал:
Ховор нандин вансэмбэрүү ургах газар нь цөөн атал
Хогийн өвс шарилж л хаа сайгүй сагсайх юм
Үлэмжийн цэцэд мэргэд даанч цөөхөн төрөх атал
Үхэр мэт тэнэгүүд газар сайгүй мөөрч явах юм (Дашбалбар.О. Бурхны мэлмий. УБ. 1991. хуудас 127) гэх мэтээр бичих болсон. Улмаар энэ өнгө аяс нь уран бүтээлийн сүүл үедээ улс төр, иргэний шинжтэй болж, хувьсгалт тэмцэлд уриалах, улс орноо худалдаж байгаа хүмүүсийг шүүмжлэх, хайр найргүй хараан зүхэх, алах, цаазлахаа улайм цайм хэлэх болон өөрчлөгдөж хүний цусыг долоон үеэр нь шинжлэх гэх мэтээр неврозын шинж байдалд орж ялимгүй авьяас нь үгүй болсон билээ. Би талын хөх чоно, бүргэд, би муулах тусам улам өнгө орно, би ганцаардаж байна, би ганцаараа эх оронч гэх мэтийн неврозод дөхсөн сэтгэцийн хямрал нь түүний яриа болгоноос сонстож, улмаар уран бүтээлээс нь илрэх болж, тухайн үеийн үзмэрч Дашцэрэн гэгч зальхай этгээдийг багш хэмээн бурханчлан шүтэх, өөртөө болон тэр багш гэгчдээ ямар нэгэн улаан сахиусны хувилгаан ч билүү цол гуншин өгөх зэргээр эмгэг нь хурцдаж ирсэн байдаг. Тухай, тухайн үеийнхээ нийгмийн амьдралтай холбоотойгоор Д.Нацагдоржийн ганцаардал утаа ч гарахгүй нурамлаж байсан бол Р.Чойномынх уугиж, харин О.Дашбалбарынх дүрэлзэн шатаж байв. Иймэрхүү цаад талдаа сэтгэцийн эмгэг шинжтэй уран бүтээлчид зарим талаар өөрөө ганцаардлаа хүсээд байгаа ч юм шиг харагддаг байна.
Манай орчин үеийн зохиол дахь ганцаардлын өнгө аяс бүхий невроз нь зөвхөн Д.Нацагдорж, Р.Чойном, О.Дашбалбараар зогсохгүй нэлээд олон уран бүтээлчдэд илэрч байсан учир хам шинж маягтай болж иржээ. Сэтгэцийн эмгэг судлалд “Нэг нь нөгөөтэйгөө эмгэг жамын харилцан холбоотой, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн үүсгэж байгаа хоёр ба түүнээс дээш тооны шинжүүд хослон илрэхийг хам шинж гэнэ…” (Бямбасүрэн.С. Сэтгэцийн эмгэг судлал. УБ. 2013. Сэлэнгэпресс. хуудас 161) гэж тодорхойлсон байдаг. Ийм хам шинж буюу синдром (syndrome) нь нийтлэг тал, ижил төслөг шинжээрээ нэгдсэн хэсэг бүлгийг заадаг агаад сэтгэцийн эмгэг судлалд “Вертерийн хам шинж” гэсэн уран зохиолтой холбоо бүхий нэгэн өвчин бий. Энэ тухай сэтгэцийн эмгэг судлаач доктор С.Бямбасүрэнгийн “Сэтгэцийн эмгэг судлал” (2013) номонд “… Ийнхүү амиа егүүтгэх дүрийг даган дуурайхын нэгэн хувилбар бол “Вертерийн хам шинж” юм. Вертерийн хам шинж. Зохиолч Гете “Залуу Вертерийн зовлон” роман бичжээ. Азгүй дурлалаасаа болж романы гол баатар амиа егүүтгэдэг. Энэ романыг уншсан зарим залуучууд амиа егүүтгэдэг байжээ. Эдгээр амиа егүүтгэгчдийн зарим нь өөрийгөө егүүтгэх мөчид Вертер шиг хувцаслах буюу түүний үхлийг эл романд дүрслэн бичсэн тэрхүү хуудсыг нээлттэй үлдээдэг байжээ…” (Бямбасүрэн.С. Сэтгэцийн эмгэг судлал. УБ. 2013. Сэлэнгэпресс. хуудас 288) гэсэн байна. Уран бүтээлээс нь мөшгөн үзвэл ганцаардлын синдромоороо төслөг олон уран бүтээлчид манай орчин үеийн уран зохиолын түүхэнд байгаа бөгөөд зарим нь нийгэмд танигдан ямар нэгэн зүйлийн төлөө тэмцэж явсан байдаг бол зарим нь уран бүтээлдээ ганцаардлаа дэлгэн чимээгүйхэн оддог байна. Тэдгээрийг нийтэд нь «Ганцаардахуйн шизофренитэй буюу Д.Нацагдоржийн хам шинжтэй» уран бүтээлчид хэмээн томьёолж болох юм. Энэ ангилалд Д.Нацагдорж, Р.Чойном, О.Дашбалбар нараас гадна Н.Нямдорж, М.Цэдэндорж, П.Баярсайхан, Д.Урианхай, Л.Нямаа, Д.Батбаяр, Ч.Галсан, С.Анударь, Б.Галсансүх, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Баттулга, Т.Содномнамжил, Г.Баяр.., гээд олон зохиолч, яруу найрагчдыг оруулан үзэж болно.
Шизоанализийн үүднээс үзвэл тод мэдрэгддэг дараагийн хам шинж нь «Сэтгэл хөөрлийн синдром» юм. Энэхүү сэтгэл хөөрлийн хам шинжийн анхны тодорхой төлөөлөгч нь ХХ зууны нэртэй яруу найрагч Б.Явуухулан байв. Нэг талаас ЗХУ-ыг түшсэн хаа ч байхгүй аз жаргалтай социалист монгол орны иргэн болсон хосгүй хувь заяатай хүмүүс гэсэн нийгмийн зүгээс ирэх хар PR-т үнэмших, нөгөө талаас өөрийгөө хосгүй авьяас билэгтэй яруу найрагч хэмээн хөөрцөглөх хоёр нь давхцаж тэрхүү хөөргөн сэтгэлээ монгол эх орондоо зориулна гэсэн бүдүүн баараг баримжаагаар олон бүтээл туурвисан нь Б.Явуухуланд ихээхэн амжилт авчирсан билээ. Яруу найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” (1959), “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” (1959) зэрэг алдаршсан бүтээлүүдэд нь мөн нам найрамдлын сэдэвтэй, эх орон байгалийн уянгын олон бүтээлүүд нь сэтгэл хөөрлийн шинж төрхтэй. Тэдгээр нь эх орноороо бахархах, түүний эзэн болсон хувь заяандаа баярлах зэрэг шинжүүдээр илэрнэ. Тухайлбал:
…Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх монгол алдаршсаны үе дамжсан домогт,
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би (Хэвлэлд бэлтгэсэн Д.Төрбат. Явуухулан.Б. Хар ус нуурын шагшуурга. МУЗ. 108 боть. ХХХIY. хуудас 250) гэж алдарт “Би хаана төрөө вэ” шүлэг нь төгсдөг бол “Монгол орон бат оршиг” нэртэй томоохон бүтээлийнхээ “Хөх тэнгэрийн орон” гэх нэгдүгээр хэсэгт:
Ай хө,
Монгол-
Дуулахад
Дуунд чимэгтэй
Эх орны минь нэр ээ!
Зэ хө
Монгол-
Сонсоход чихэнд чимэгтэй
Ард түмний минь алдар аа! (Хэвлэлд бэлтгэсэн Д.Төрбат. Явуухулан.Б. Хар ус нуурын шагшуурга. МУЗ-ын дээж 108 боть. ХХХIY. хуудас 266) гэх мэтээр бичсэн байдаг ба иймэрхүү монголоос өөр хөх тэнгэртэй газар орон байхгүй мэт аашилсан хоосон сүржигнэл түүний яруу найрагт элбэг.
Түүний дараагийн бас ийм неврозтой нэгэн уран бүтээлч бол Д.Пүрэвдорж юм. Д.Пүрэвдорж хэдийгээр Б.Явуухулангаа үзэн яддаг байсан боловч Б.Явуухулангийн монголын яруу найрагт оруулж ирсэн шинэчлэлийн өнгө төрхөөс гажиж чадаагүй билээ. Б.Явуухулангийн уран бүтээлүүд нь уянгалаг зөөлөн мэдрэмжээр дүүрэн байдаг бол Д.Пүрэвдоржийнх хайрцагласан мөр бадагтай, ончтой цэцэлсэн, хатуу өнгө аястай байдгаараа ялгаатай. Өгүүлж буй цаад утга чанарын хувьд ижил бөгөөд социалист монгол орны иргэн хүний хувь заяандаа бахардан хөөрсөн сэтгэл хөөрлийн неврозоор дүүрэн юм. Үнэхээр тэдний шүлэг найрагт өгүүлээд байгаа шиг хосгүй сайхан, хаа ч байхгүй зүйлс монголд л байдаг гэдэг нь худлаа боловч тийн бичих нь тэдэнд сайхан бас тэрхүү сэтгэл хөөрлийн шинж төрхөөсөө ангижирч чаддаггүй байсанд энэ неврозын мөн чанар оршино. Тухайлбал Д.Пүрэвдорж 1972 онд бичсэн “Би монгол улсын иргэн” найраглалдаа:
Би-
Бүх ардын
Их хувьсгалын
Галд ширээсэн
Ган төмөр
Газар тэнгэрээ эзэгнэсэн
Монгол улсын иргэн!… (Пүрэвдорж.Д. Хөх даалимбан тэрлэг. УБ.1984. хуудас 7) гэх мэтээр бичиж байсан бөгөөд Б.Явуухулангийн яруу найрагт оруулж ирсэн хөх, тэнгэр, эзэгнэх зэрэг үгсийг хэрхэн ашигласан нь харагдана. Энэ ангилалд нэгэн үед уран бүтээлээ туурвиж байсан Д.Сэнгээгийн “Хил хамгаалагчид” шүлгийн:
Манай эх орон, биднийг зоргоор баясгагч нутаг
Манай эрх чөлөө, биднийг дураар жаргуулагч амьдрал
Манай их хөдөлмөр, биднийг элбэгээр хангагч хөгжил
Манай агуу тэмцэл, биднийг эрэлхэгээр зоригжуулагч ялалт
Бид өөрсдөө эзэн нь
Би ч гэсэн тэдний нэг…(Сэнгээ.Д.Түүвэр зохиол. УБ. 1965. хуудас 79) гэх зэрэг олон бүтээлүүд, мөн үеийн бас нэгэн хөөрлийн синдромтой яруу найрагч Ц.Гайтавын “Улаанбаатар” шүлгийн:
Уудам Азийн цээжинд
Ардчилалын од болж гялалзсан
Улс монголын нутагт
Хөгжлийн зүрх болж цацарсан
Москва хот ахтай
Мөнгөн Туул эмжээртэй
Мөнхийн жаргал бадраатай
Миний хайрт Улаанбаатар…(Гайтав.Ц. Дамдины Сүхбаатар. МУЗ-ын дээж 108 боть. LXX. Хуудас 285) гэх мэтийн хөөрөл саатлын процессын хөөрөлдөө гацсан үй олон бүтээлүүд хамаарна. Манай орчин үеийн уран зохиолын нэгэн тод өнгө болсон эдгээр уран бүтээлчдийг шизоанализын талаас «Сэтгэл хөөрлийн синдромтой буюу Б.Явуухлангийн хам шинжтэй» хэмээн тодорхойлж болохоор юм. Энэхүү ангилалд Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Д.Сэнгээ, Ц,Гайтаваас гадна Ч.Чимэд, Ч.Лодойдамба, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Д.Нямаа, Т.Галсан, Г.Мэнд-Ооёо, Дан.Нямаа, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Х.Эрдэнэбаатар, Н.Гантулга.., гээд олон уран бүтээлчид хамаарах ба эдгээр уран бүтээлчдийг клиник талаас өвчтэй гээгүй ба сэтгэл зүйн хувьд хөөрлийн процесс давамгай явагддаг, тэр нь далд ухамсартаа нөлөөлсөн зарим үед буюу уран бүтээл туурвихдаа хөөрлийн неврозод ордог гэсэн санааг хэлэх гэсэн болно.
Манай уран зохиолд дараагийн эмгэг шинжтэй илэрдэг нэгэн зүйл нь «Анимагийн хүлээс буюу С.Эрдэнийн хам шинж» юм. Энэ сэтгэцийн хам шинжид хамаарах уран бүтээлчид гэвэл П.Лувсанцэрэн, С.Дашдооров, П.Пүрэвсүрэн, Д.Нямсүрэн, С.Пүрэв, Б.Догмид, Ж.Лхагва, Д.Норов, Гүр.Нямдорж, Д.Намсрай, До.Цэнджав.., гээд ихэвчлэн үргэлжилсэн үгийн төлөөлөгчид хамаарах ба энэ нь уг эмгэг сэтгэцийн шинжийг үндэслэгч С.Эрдэнэ нь өгүүллэгийн төрлөөр туурвиж байсантай холбоотой. Эдгээр уран бүтээлчид дотоод Анимагийнхаа хүлээснээс ер ангижирч чаддаггүй ба эмэгтэй хүнийг ямагт сайхнаар, зөөлнөөр дүрсэлнэ. Ийм дүрүүд гэвэл С.Эрдэнийн “Наран тогоруу”-гийн охин, “Хойт насандаа учирна” романы Цэвэлмаа, П.Лувсанцэрэнгийн “Ус шиг цэнхэр” өгүүллэгийн Дагиймаа, П.Пүрэвсүрэнгийн “Өшөө” өгүүллэгийн Дагиймаа, “Их Тээлийн даваа” туужийн Гарамханд, Гүнсмаа, С.Пүрэвийн “Азын цэнхэр уулс” өгүүллэгийн Гэрэлмаа, “Усны гудамж” романы Өлзиймаа, “Цаг цагийн урсгал” романы Мягмар, “Уулын намар” туужийн Алимаа, Ж.Лхагвагийн “Арван долоотой байхад”-ын Бөөдэй, Д.Норовын “Мөнхийн дуудлага” туужийн Хишгээ, “Сэрэвгэр хадны зэрэглээ” туужийн Замбага, Гүр.Нямдоржийн “Өнчин хүний хоолой”-гийн Санаа, “Бэнсэн үлгэрч”-ийн Алтнаа, До.Цэнджавын “Хөх жавар” туужийн Бадамаа, “Хоёрын даваа” өгүүллэгийн Оюун, “Маргааш л дайн эхэлчих юм 1080 хоног минь” эсээ туужийн цагаан гуталтай бүсгүй.., гээд эмэгтэй хүнийг ямагт сайхнаар, уян зөөлнөөр дүрсэлсэн чамгүй урт жагсаалт гарна.
ХХ зууны дунд үе гэхэд дэлхийн хоёрдугаар дайн дуусаж хаа сайгүй энх цагийн бүтээн байгуулалт эхлэн, дэлхий нийтэд милодрам маягийн уянгын кинонууд олноор гарч, жаз хөгжим, твист бүжиг зэрэг харьцангуй зөөлөн уур амьсгал урлагт зонхилох болсон нь уг шизофреникууд бий болоход нөлөөлсөн байх талтай. Хэдийгээр шизоанализын философи үндсийг тавьсан Ж.Делез (1925-1995), Ф.Гваттари (1930-1992) нар нь “Капитализм ба Шизофрени. Анти-Эдип” нэртэй ном бичиж капитализм ба шизофрени хоёр хоорондоо холбоотой гэж үзсэн боловч социализм түүний хямрал нь шизофреникуудыг төрүүлж байсныг манай уран зохиолын жишээнээс харж болохоор юм. Орчлон ертөнц хүмүүн төрөлхтөн ба олон соёлуудын хэсэг бусаг чанар, хэл ба дискурсүүдийн зөрчил зэрэг постмодернист төлөвийн зуршмал шинж төрх нь шизофрени хэмээх нэрээр илэрхийлэгдэх бие хүний өвөрмөц концепцийг бий болгосон юм. Шизофрени гэдэг нэр томьёог эмнэл зүйн утгаар бус орчин үед нийтлэг шинжтэй болсон харьжилт, ухааны гаж хямралаас үүдэлтэй сэтгэцийн хэв шинжийн утгаар авч үзэх болжээ.
Яруу найрагч Д.Нямсүрэн бас эмэгтэй хүнийг байгалийн нэгэн хэсэг, хосгүй бүтээл хэмээн дүрсэлдэг ба түүнийг мөнх бусыг үзүүлсэн хойно нь энэ сэдэвт хамаарах “Миний шүлгийн хүүхнүүд” нэртэй бүтэн түүвэр гарсан байдаг. Д.Нямсүрэнгийн “Есөн намрын бүсгүй”, “Хүүхнүүдийн минь унасан”, “Гурван бүсгүй”, “Дэндүү уяхан хөлийг ойроос би харсан юм”, “Хонгорзул”.., гээд олон шүлгүүдэд нь эмэгтэй хүнийг ямагт сайхнаар, уянаар урласан байдаг билээ. Ганцхан жишээ дурдвал “Хонгорзул” шүлэгтээ:
Хонгорзул гэж-
Тэнгэрлэг биеийг
Тэнгэр бурхан заяасан
Үхэх-төрөхийн хоорондох
Үзэсгэлэн-
Үүл өвс хоёрын
Дундах тэнгэр.
Үйлийн үртэй
Хүний сэтгэлийг
Өдөр нь эсгэж
Шөнө нь оёсон
Үйлийн хайч шиг
Бүсгүй… (Нямсүрэн.Д. Ирж буй цаг. УБ. 2010. хуудас 180) гэх мэтээр дүрсэлдэг. Эдгээр нь цөм эмэгтэй хүнийг сайхнаар үзэх мэдрэмж ба далд ухамсарт нь байх Анима нь дотроос нь түлхээд ийн бичихэд хүргэдэг уран бүтээлчид юм.
Манай уран зохиолын дараагийн бас нэгэн давтагдашгүй өвөрмөц сэтгэцийн эмгэг маягтай хам шинж нь «Садомазохизмын невроз буюу Б.Лхагвасүрэнгийн хам шинж» билээ. Социалист нийгмийн хямрал нь манай урлаг утга зохиолд ч мөн хямрал авчирсан бөгөөд сэтгэл хөөрлийн синдромын хямрал нь дараагийн үе болох Б.Лхагвасүрэнгийн үед орж ирэхдээ бахархах үзэл, нийгмийн үзэл санааг талархан дэмжих хандлага нь үзэн ядалт, байж ядсан тэчьяадалаар солигдсон юм. Өөрөөр хэлбэл, манай садомазохист маягын шизофреникуудын дүрслэлийн ур маяг нь «Анти-Явуухулан» шинжтэй болсон байна. Үдшийн цагаар амрагаа мөрөөдөн буй бүсгүйг л гэхэд Явуухулан: Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана (Г.Аюурзана нар. Монголын сонгомол яруу найраг. УБ. 2008. хуудас 117) гэж дүрсэлж байсан бол Б.Лхагвасүрэн:
Хөтлөлцөнхөн хатрахад гар нь хөлөрч байсан Санжмаа
Хөх уулсаа тэмтчин намайг тээж хариад
Тоонон сарны гэрэлтэй арсалданхан тормойж
Торгон дэрээ сэмэртэл мөрөөдөн тарчлахаар хатрав… (Лхагвасүрэн.Б. Уянгын тойрог. Тэргүүн дэвтэр. УБ. хуудас 22) гэж бичих болжээ. Б.Явуухулан зөөлөн уярал, намуун догдлолыг ягуухнаар гэрэлтэх саран, мөнгөн хазаарын бүдэг чимээгээр нээж байсан бол Б.Лхагвасүрэнгийн үед арсалдан тормойх, мөрөөдөн тарчлах гэх мэтээр ихээхэн хатуу дүрслэлээр нээх болжээ. Ер нь яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлийн энэ өвөрмөц онцлог нь манай уран зохиолд урд хожид байгаагүй бөгөөд түүний монголын яруу найрагт авчирсан цусыг сүүтэй холилдуулан садруулах, хагачих, өшигчих, хэмхчих, шидэлцэх, цөмлөх, тарчлах, зангирах, цусаа буцалгах, эсээ шатаах, цуулах, савирах, аргах.., гэх мэтийн үй олон хатуу ширүүн, зарим талдаа сөрөг ч гэмээр утга илтгэх үгсийг оновчтой байранд гүтгэн тохоож дүрсэлдэг шинж төрхийг түүний үеийн ихэнх яруу найрагчид аргагүйн эрхэнд дагасан билээ. Тиймээс ч энэ үеийг Б.Лхагвасүрэнгийн үе хэмээн нэрлэхээс өөр аргагүй юм. Түүний болон түүний үеийнхний энэ мэт дүрслэлийн онцлогийг нэрт эрдэмтэн судлаач Л.Хүрэлбаатар “…Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрогт” /1982/ орсон шүлгийн уран дүрслэлийн арга маягийг ийнхүү дорно дахины уламжлалт яруу найргийн онолын чимгийн зарчмаар задлан үзэхэд үгийн дүрслэх харьцааг шинээр нээж уран сэтгэмжийн дүр дүрслэлийг гүнзгийрүүлсэн зарим ололт байвч, гол төлөв үлгэрлэх, дүрслэх, гүтгэхийн гурав дөрвөн чимэг, үүнээс амьтайг амьгүйд гүтгэсэн, амьгүйг амьтайд гүтгэсэн, бясалгаж гүтгэсэн, үндсэндээ гүтгэхийн хүрээний л нэгэн чимэг олонтаа давтагдаж байгаа нь ажиглагдсан. Иймээс ч ихэнх дүрслэл нь ямар нэгэн юм үзэгдлийг “өшигчсөн”, “хэмхчсэн”, “шидэлцсэн”, “хүү татсан”, цовхочсон”, “дэвхэцсэн”, “сүвлэсэн”, “хүлхсэн”, эсвэл “эцээсэн”, “хөөсөн”, “сульдаасан”, “тээсэн”, “тээглэсэн”, “дамнасан” хэдхэн үйл хөдлөлийн дүрслэх хүрээнд эргэлдэж, ингэснээр заримдаа өөрөө өөрийгөө давтсан, өөрийг нь өрөөл бусад дуурайн давтсан шинжтэй дутагдал үргэлжлэхэд хүргэсэн байна. Үүнийг маш жижиг дүрслэлийн нэгэн жишээгээр харьцуулан үзье.
“Шүүдэр өшигчин өөдөөс ганхаж айсуй
Шүхэрт гуайн ганц охин” /Б.Лхагвасүрэн, “Унага гундах намар”, 1977/
“Цэцгэнд буусан үдшийн хар шүүдрийг
Цэнхэр тэнгэрт үүлэн болтол өшигчин хатрав”
/Б.Лхагвасүрэн. “Онон мөрний хөвөөнд хатарсан ёохор буюу Санжмаа”, 1978/
“Би
Ар шандын ухаа толгодыг өшигчин ууртай төрлөө”
/Б.Доржпалам, “Би”, 1982/
“Хэрсүү бодолд олон бараан адуу
Харанхуйг өшигчиж хатирна”
/Ц.Чимэддорж, “Бараан адуу”, 1983/
“Цангасан адууны тоосыг
Бүүвэйн дуутай нийтгэн
Нарны чагтага томж
Газрын үндэс бүхэнд уяж байна”
/Б.Лхагвасүрэн, “Говийн худгийн асгар дээр бичсэн шүлэг”, 1979/
“Илчит наранд ногоон сөлөөр чагтага томж
Хонь малаа гэх элбэг сэтгэлээ нийтгэн
Хойтон хавар хүртэл малчны хотонд аргамжина”
/Ц.Чимэддорж, “Нарны аргамжаа”, 1983/
Ийм маягаар Б.Доржпаламын “Морьтой хүн” /1987/ түүвэрт орсон олон шүлэгт “элдсэн”, “хөөсөн”, “эцээсэн”, “цуцаасан”, “булаацалдсан” үйл хөдлөлийн дүрслэл, Ц.Чимэддоржийн “Морь буусан шагай” /1987/ түүвэрт орсон олон шүлэгт “эмтчих”, “сандчих”, “цөмчих”, “дугтчих”, “тэмтчих”, “бүдчих”, “сэгсчих”, “тонгочих”, “дэвхцэх”, “дайвах”, “үргээх”, ээдрэх”, “алдуурах”, “зодолдох”, “тэврэлдэх”, “үнсэлцэх”, “золголдох” гэсэн үйл хөдлөлийн хүрээнд ихэнх дүрслэл давтагдсан нь урнаар сэтгэх дүрслэхийн олон боломжийг хааж, дүрслэлийн хэвшмэл явцуу загварчлалд ороход хүргэсэн байна” (Хүрэлбаатар.Л. Дуун утгын яруу зохист. УБ.2005. хуудас 257-259) гэж бичсэн байдаг. Эндээс үзвэл Б.Лхагвасүрэнгийн үеийнхэн түүний дүрслэлийн ур маягийн шокноос гарч чаддаггүй байсан ба манай яруу найрагт юм үзэгдлийг үзүүр дээр нь аваачиж эрсдүүлэн, харгисаар дүрслэн шийдэх өнгө аяс тодорсон бөгөөд ийм уран бүтээлчид нь өөрийгөө өвтгөн тарчилгаж дураа хангах мазохист, эсвэл бусдыг тарчилган дур хүслээ ханган чадах садист мөн чанарын неврозод дөхсөн сэтгэцийн эмгэг шинж төрхтэй болон төлөвшсөн юм. Ийм жагсаалтад Б.Лхагвасүрэнгээс гадна З.Дорж, Ц.Чимэддорж, Б.Доржпалам, Ч.Мягмарсүрэн, Д.Энхболд нарын үеийнх нь уран бүтээлчид өмнөх үеийнх нь зохиолч Д.Намдаг болон дараа үеийнх нь яруу найрагч Ц.Хулангийн:
“Би яг л тэр намар шиг, намрын гандсан цэцэг шиг
Бидэртсээр холыг зорих гол мөрдийн урсгал шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ буцаж яваа шувууд шиг
Би чиний л гарт элэгдэх сонгодог нэгэн бүтээл шиг” гэх мөрүүд болон Г.Мөнхцэцэгийн:
“Уулга алдуулж бороо асгаран
Ухаангүй саналаа гэж хурмаст шивнэдэг
Уйдна даа чи надаас уйдна гэж
Улаан зээрд гол голоон тасартал хөөсөрдөг” гэх мөрүүд, мөн “элгэн дээр минь дэвс л дээ, би инээгээд л босоод ирнэ, урд насандаа хорхой явсан юм чинь дээ” гэх дүрслэлүүд ч энэхүү садомазохизмын неврозод хамаарах боломжтой юм.
Энэ бүх тайлбарууд нь дурдсан уран бүтээлчдийн онгод мэдрэмж, ухамсар хийгээд далд ухамсар, далд ухамсарт нь орших дарагдсан хүслийн түлхээс, шахагдсан либидогийн цочмог илрэлүүдтэй холбоотой агаад урлаг уран зохиолыг үзэх иррационалист буюу анти позитивист чиглэлд илүүтэй хамаарах юм. Энэ тухай манай нэрт шүүмжлэгч С.Энхбаяр “…Ийм ч учраас эхний чиглэлийг оюунлиг чиглэл /рациональ/ харин удаах чиглэлийг /иррациональ/ чиглэл гэж нэрлэжээ. Жишээ нь: аливаа хүн яруу найргийг ухаанаараа бичдэггүй, тэр хүн их мэдлэгтэй учраас шүлэг бичиж байгаа хэрэг огт биш, энэ бол тэр хүний яруу найргийн авьяасын үр дүн, харин авьяас гэдэг нь ухамсар оюун ухаан биш, байгалийн өгөгдөхүүн гэж иррационалистууд үздэг” (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ.2011. хуудас 21-22) гэх буюу “…Энэ нь мөн л оюун ухаанаас шалтгаалж буй хэрэг огт биш, харин сэтгэл санаа хэмээх иррациональ зүйлийн үр дүн. Урлаг үүнтэй ижил. А.С.Пушкин намрын улиралд их дуртай, энэ цагт маш үр бүтээлтэй ажилладаг байсан бөгөөд ихэнх алдарт бүтээлүүдээ намар бичсэн түүхтэй. /”Болдинская осень”/ Джузеппе Тартини нэг удаа хийл хөгжмөөр гайхамшигтай аялгуу тоглож байгаа шулам зүүдэлжээ. Сэрэнгүүтээ тэрээр “Шулмын чичирхий дуу” хэмээх алдарт хийлийн сонетаа бичжээ” (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ.2011. хуудас 22) гээд “…Эрүүл саруул оюун ухаанд огт багтамгүй иймэрхүү жишээ үй түм байдаг. Жишээ нь: Шиллер зохиолоо бичихдээ ширээнийхээ нүдэнд муудсан алим заавал хийдэг байсан бол Бальзак заавал санваартан хувцастай ажилладаг байжээ” (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ.2011. хуудас 21-22) гэх мэтээр тайлбарласан байдаг. Иймээс уран бүтээлчдийн далд ухамсрын тухай шизоанализын үүднээс ийн үзэж болох ба уран бүтээлчдийг галзуу, солиотой гэхээс илүү “Эдипийн цогцолбор”-оос цааших далд ухамсарт нь мөн Эдипийн бус ухамсаргүйд нь ямар нэгэн шизофрений өгөгдөл бүхий эмгэг сэтгэц байх боломжтой гэх үүднээс л тайлан тайлбарлаж байгаа болно.
Эцэст нь шизоанализын үүднээс ийн үзвэл манай орчин үеийн уран зохиолд дараах дөрвөн төрлийн неврозын хам шинж байна. Үүнд:
- Ганцаардахуйн шизофрени буюу Д.Нацагдоржийн хам шинж
- Сэтгэл хөөрлийн синдром буюу Б.Явуухулангийн хам шинж
- Анимагийн хүлээс буюу С.Эрдэнийн хам шинж
- Садомазохизмын невроз буюу Б.Лхагвасүрэнгийн хам шинж зэрэг болно.
Уран зохиол судлаач шүүмжлэгч Г.БАТСУУРЬ
2017-04-17