Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн зах зээлд 330 долларт хүрсэн нүүрсээ бид 50 доллараар зарж байна

Австралийн эргүүдэд сайн чанарын коксжих нүүрсний спот үнэ 320-330 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо. Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн пүрэв гаригт гэхэд 314 ам.долларт хүрч, гангийн Steel Index индекс 4.6 хувиар өссөн мэдээ цацагдсан юм. Австралид болсон хар шуурганаас үүдсэн өсөлт одоогийн байдлаар 330 ам.долларт хүрсэн, цаашид ч өсч мэднэ гэж ажиглагчид дүгнээд эхэлчихэж.

АНУ-ын экспортлогчдын коксжих нүүрсний үнэ ч гэсэн 300 ам.доллар хүртэл өссөн мэдээлэл байна. Дэлхийн зах зээлд 2011 оны хоёрдугаар хагасаас хойш коксжих нүүрсний үнэ ийм түвшинд өсч байсан удаагүй. Өнгөрсөн жилийн сүүлчээр нүүрсний үнэ огцом өссөн ч 300 ам.доллар шүргэж байснаа өнгөрсөн сард эргээд 160 орчим ам.доллар болж буурсан юм. Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний үнэ ердөө ганц сарын дотор хоёр дахин нугарч өсөөд байна гэсэн үг. Энэ удаа Австралиас Ази-Номхон далайн бүсэд нийлүүлдэг 11-12 сая тонн нүүрсний нийлүүлэлт гацаанд орсон нь үнэ ийм түвшинд өсөхөд нөлөөлөөд байна. Австралийн эргийн төмөр зам, дэд бүтцүүд эргэн сэргэхэд сар орчмын хугацаа зарцуулагдана, нийлүүлэлт эргэн сэргэнэ гэдэг утгаараа энэ үнийн өсөлт тийм ч удаан үргэлжлэхгүй. Гэхдээ Австралийн нийлүүлэлт тасалдсан энэ үеийг бусад орны нийлүүлэгчид сайн ашиглаж байна. Байгаль орчны асуудлаас болж уурхайнуудынхаа тоог цөөлөх бодлого баримталж байгаа БНХАУ-ын нүүрсний импорт нэгдүгээр улиралд нэмэгджээ.

2016 оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар нэмэгдэж, 64.71 сая тонн нүүрс импортолсныг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээллээс харж болно.Урд хөршийн Засгийн газар дотоодын хэт олборлолтоо хязгаарлах бодлогоо үргэлжлүүлсээр байгааг дээр дурдсан статистикаас харчихаж болно. Дашрамд дурдахад металлургийн нүүрсний хэрэглээ жилдээ 300 сая тонноор хэмжигддэг аж.

Харин Хятадтай хил залгаа оршдог, үнийн өсөлтөөс хамгийн их ашиг хүртэх боломжтой манай улс энэ боломжийг ашиглаж огтхон ч чадсангүй. Ашиглаж чадахгүй байсаар нүүрсний үнийн богино хугацааны өндөр өсөлтийг алдах нь тодорхой болчихлоо. 2011 оны Австралийн үерийн дараа манай төр засгийн албаны хүмүүс болон төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс “Энэ удаа боломжийг ашиглаж чадсангүй. Үнэ уналттай байх үеийг ашиглаад Таван толгойгоос дэд бүтэц, төмөр замаа тавина, нүүрс баяжуулах үйлдвэр барина, тэгээд дараа үнэ өсөхөд бүх юм бэлэн сууж байх болно” гэж дээр дооргүй ярьж, амлалт үүрэг авч байсан ч харамсалтай нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд юу ч амжуулсангүй. Төмөр зам барьсангүй, нүүрс баяжуулах үйлдвэрээ босгосонгүй, бахь байдгаараа шороон замаар сайн чанарын түүхий нүүрсээ гаргаж ашиг биш алдагдал үүрээд сууж байна. Ийм учраас дэлхийн зах зээлд үнэ яаж ч өссөн бидэнд “наалдах” юм байхгүй.

“Чалко”-гийн өр дууссан сайн мэдээ бий. Гэхдээ Цанхийн дөрөвдүгээр давхаргын хамгийн сайн чанарын нүүрсээ маш хямдаар гаргасан хэвээр байгаа юм. Ийм өсөлттэй үед сорчилж авсан сайн чанарын нөөцөө ченжүүдэд зүгээр шахам өгсөөр байна. Нүүрсийг дэлхийн зах зээлийн жишгээр угааж баяжуулж, нэгдсэн стандартаар гаргавал одоо гаргаж байгаа дөрөвдүгээр давхаргын сайн чанарын нүүрс хэд дахин баяжиж, үнэ хүрэх боломжтой. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 330 гарсан энэ үед “Эрдэнэс Таван толгой”-н зүүн Цанхи буцаад нээгдсэн ч 57 орчим, ерөнхийдөө 60 хүрэхгүй доллараар үнээ тохирсон сураг мэдээлэл байгааг онцолъё. “Чалко”-гийн өр дууслаа, одоо дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ зарна гэж удирдлагууд нь албан ёсоор мэдэгдсэн ч одоогоор байдал ийм л байна.

“Coal Mongolia” чуулга уулзалтыг манайхтай хамтран зохион байгуулахаар болсон БНХАУ-ын нүүрсний салбарын мэдээллийн хамгийн том бааз суурьтай “Фенвей” компанийн удирдлага саяхан “Монгол Улс нүүрсний их нөөцтэй ч төмөр зам байхгүй, хил гаалийн зохицуулалт муу учраас байгаа хүчин чадлынхаа тал хувийг ч ашиглаж чадахгүй сул талтай. Бид Монголын нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн түвшинд хүргэх чиглэлд хамтран ажиллахдаа баяртай байна” гэж байв. Энэ бол хятадууд өөрсдөө хүртэл нүүрсээ үнэ хүргэж чадахгүй суугаа монголчуудыг гайхаад эхэлсний наад захын жишээ л дээ.

“BDSEC” компанийн шинжээчийн хийсэн судалгаанаас харахад манай улсад энэ оны нэгдүгээр улиралд нүүрсний үнэ тонн нь 66.52 ам.доллар байж. Дэлхийн зах зээлийн үнээс хамгийн багадаа 40 хувь доогуур гэж тус компанийн шинжээчид онцолсон байна лээ. Үнэнийг хэлэхэд 66.52 ам.доллараас ч бага ханшаар бид нүүрсээ зарж байсан. Үнэ тэнгэрт цойлсон энэ өдрүүдэд ч үүнээс бага тоо хэлж, хэлэлцэж суугаа нь нуух юмгүй гашуун үнэн. 66.52 гэсэн тоог “Энержи ресурс”-ын угааж баяжуулсан нүүрсний өндөр үнэтэй дунджилж гаргасан гэх тайлбарыг “BD¬SEC” компанийн шинжээчид хийсэн байсан. Бусдаас мөнгө гуйж суугаа энэ өдрүүдэд зарж буйгаасаа ахиу мөнгө олох боломж уг нь нүүрсэнд бий. Таван толгой төслөө зөв хөдөлгөвөл энэ жилдээ нүүрснээс овоо доллар босгох боломж бийг эдийн засагчид онцолсоор байна.

Зэсийн хувьд олборлолт ихэссэн гэх мэдээлэл байна. Олон улсын зэсийн судалгааны группийн тайлангаас харахад зэсийн олборлолт 5.3 хувь буюу нэг сая тонноор өсч 20.16 сая тоннд хүрсэн аж. Перу, Канад, Индонези, АНУ, Мексикийн уурхайнуудын үйл ажиллагаа, хайгуул өргөжсөн нь олборлолт ингэж нэмэгдэхэд нөлөөлж. Зэсийн олборлолт ихэссэн учраас үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт одоогоор алга.

Алтны тухайд 1300 дөхөж эхэлсэн нь энэ зах зээл өнгөтэй явааг илтгэж байна. Олон улсны зах дээр алтны үнэ 1295 ам.долларт хүрээд байгаа юм. Энэ бол сүүлийн хагас жилээр харвал хамгийн өндөр үнэ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Золбин нохойн гэдэс шар тос тогтоодоггүйн учир

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Эмээгийн яриа. Жараад оны үед нэгдэлжүүлэхэд ядуу нь эхэлж элсчээ. Дараа нь малтай улсыг хүчээр элсүүлж хөрөнгийг нь хураан тараасан байна. Олон хүүхэдтэй арчаагүй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ноогдож. Гэртээ ч оруулсангүй хаяандаа хөглөрүүлсэн ба хэрэг болохоор нь цуу татаад л тогоогоо ч арчина, бүс ч хийнэ, хөлөө ч орооно. Гадаа норно, илжирнэ, ямаа иднэ. Сүүлд дуулахнаа тэр айл хэзээ ч өөдлөөгүй.

Танилын яриа. Маартын наймнаар олон хүүхэдтэй айлд эхийн одонгийн мөнгө бөөнөөр нь өгнө. Тэднийх дэлгүүрт байгаа аль үнэтэй бэлэн зүйлс болох нарийн боов, хиам, консерв авчран долоо хоног наргина даа. Тэгээд дараагийн маарт хүртэл хагас өлсгөлөн. Төрийн буянаар нэг хоног цадав.

Зурагтын яриа. Майк Тайсон ядуу хорооллоос гаралтай боловч олон удаа боксын дэлхийн аварга болж нийтдээ 200 гаруй сая доллар олжээ. Асгаж цутган баярхаж хэдэн жил шуугиулсны дараа тэрээр ихээхэн өрөнд оров. Одоо тэрээр өрөө төлөхийн тулд газар газар очин рингэнд зодуулж явна. Их мөнгөнөөс болж зодуулав.

Найзын яриа. Тээр жил би Баянхонгорын ямаа ихтэй нутгаар очсон юм. Ноолуурын үнэ ч овоо, зуншлага ч дажгүй. Аль ч айлд орсон баярхаж сагсалзсан яриа. Айл болгон хоёр машинтай, хүнээсээ олон мотоцикльтой. Ханын хөшгөө алтанбулаг хивсээр орлуулсан төдийгүй мөн хивсийг шалан дээрээ давхарлаж хулдсан, зуухны өмнүүр нь шатаад цоорчихсон. Нэг суман дээр цагдаа, согтуу мотоцикльчин хоёр маргалдаж байна. “Өөрийнхөө унаагаар согтуу явахад яадаг юм. Чи муу хүний хөрөнгө хураана гэв үү. Хэнд ч хэрэггүй болгоод өгье л дөө. Хэдэн ямааны нуруу маажаад л энийг олдог юм” гээд согтуу эр банкаа онгойлгоод шүдэнз зураад хийчихдэг юм байна. Тэр нутгаар ноднин орлоо. Ихэнх нь модоо бариад нинжа болно гээд арилчиж. Ган гачиг хэдэн жил нүүрлэж, цөөн малтай үлдсэн нэг нь чааваас газар царайлчихсан, дайраад гарах хүнийг ганц нэг гоймон, боов үлдээх болов уу гэсэн харцаар угтана. Ямаанаасаа болж ядрав.

Валютын сангийн яриа. 1973 оны нефтийн үнийн огцом өсөлтөөр хамгийн хохирсон улс Нигери боллоо. Баялаг нефтьтэй энэ орон гэнэт буй болсон мөнгөөрөө цалин тэтгэвэр нэмэх, шинэ нийслэл барих, мянганы зам барих зэрэг үнэ өртөг ихтэй олон төсөл зэрэг зэрэг хэрэгжүүлж эхэлжээ. Дутсан мөнгийг нефтиэр барьцаалан санхүүжүүлж байв. Гэвч наяад оны үед нефтийн үнэ эргээд унахад Нигери асар их өртэй болов. Төслүүдээс ганц нь ч хэрэгжиж дууссангүй. Цалин эргэж буурсан, ажлын местийг хөрш орныхон эзэлсэн зэргээс болж гадаад болон дотоод хямрал үүсэж, улмаар угсраагаар төрийн эргэлт болж, зарим газраа иргэний дайн, овог отог хоорондын мөргөлдөөн үүслээ. Судлаачдын үзэж байгаагаар нефтийн үнэ ингэж огцом өсөн гэнэтийн их мөнгөтэй болоогүй бол Нигери жам хөгжлөөрөө дэвшилд хүрэх бололцоотой байжээ. Нигер улс улам харлав.

Дэлхийн банкны яриа. Болив нь манай гаригийн хамгийн баялагтай орны нэг юм. Гэвч энэ оронд жилд дунджаар нэг болдог төрийн эргэлтээр гарч ирдэг Засгийн газрууд болон завсар зайнд нь ч сонгуулиар буй болдог Засгийн газруудын аль нь ч энэхүү асар их баялгийг зөв ашиглаж чадсангүй. Аль ч Засгийн газар энэ оронд нэгэнт тогтон буй болсон авлигын сүлжээний өргөтгөгч, үргэлжлүүлэгч, өөрөө нэг хэсэг нь болж байлаа. Байгалийн асар их баялаг авлигад явахаас гадна эдийн засгийн ямар ч ач холбогдол үгүй мөртөө сүр дуулиан болсон дэд бүтцэд зарцуулагдана. Дэд бүтэц барих нь өөрөө авлигыг гааруулах механизм болжээ. Энд дэлхийн хамгийн өндөрт баригдсан төмөр зам, хурдны автозам Андын нурууны оргилоор сүлжинэ. Боловсролдоо хэзээ ч анхаарч байгаагүй энэ орны хүний хөгжлийн индекс дэлхийн хамгийн бага үзүүлэлттэй. Бичиг үсэг үл мэдэх явдал 50 хувь, дундаж наслалт 49, нэг хүртэл хүүхдийн үхэл 70 промиль гэх мэт. Хүнд ноогдох ДНБ маш бага. Саяхи сонгуулиар гарч ирсэн үйлдвэрчний зүтгэлтэн-Ерөнхийлөгч энэ бүхний бурууг гадаадын хөрөнгө оруулагчдад тохож тэднийг хөөж эхэллээ. Дотоодын хямралаа гадагш нь чиглүүлэхийн тулд Чааваас, Кастро нартай нийлэн АНУ-ын эсрэг фронтод нэгдэв. Болив улс бүр болив.

ОРТ телевизийн яриа. Нефтийн үнийн өсөлтөөр буй болсон мөнгөөр нийгмийн олон арга хэмжээ авсны дотор ахмад настнуудад эмийг нь үнэ төлбөргүй нийлүүлэх болсон билээ. Энэхүү гэнэтийн их мөнгөний үлэмж хэсэг нь түгээлтийн тогтцоор ороод алга болжээ. Энэ мөнгийг ашигладаг зохион байгуулалттай бүлэгт олон томчууд оролцсон байна. Эх орны бүтээгдэхүүнээр нийлүүлэх байтал гадаадаас хуурамч эм оруулж ирж түүнийхээ үнийг олон дахин өсгөн баримтжуулжээ. Тэртэй тэргүй ахмад настнуудын ихэнхид үнэгүй эм очсонгүй. Нийтдээ 56 тэрбум рубль завшсан уг бүлгийн толгойлогч 14 этгээдийг сая баривчиллаа. Засгийн нэрээр завшив.

УИХ дахь яриа. Монгол Улс түүхэндээ тохиолдож байгаагүй их баялгийн өмнө ирлээ. Байгалийн баялгийн үнийн өсөлтөөс болж ДНБ 30 хувиар ихсэв. Оны эцэст төсвийн илүүдэл хоёр тэрбум төгрөг болов. Гишүүд дараа оны төсөв хэлэлцэхдээ дуудлага худалдаанд орсон наймаачид шиг загнана. Хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө гэж нэг хэсэг нь дайрна, нөгөө хэсэг нь ширээн дээрээ 20 мянга гэсэн бичиг гарган тавьжээ. Баянхонгороос угшилтай нэгэн шинэ баян 100 мянгаар дуудаж байж ард түмнээ харж үзэгчдийн түрүү магнай боллоо. Маргааш нь сайд мяндагтай бас нэг панзчин настай болон ажилгүй байгаа хүмүүст үүнээс их мөнгө зүгээр тогтмол өгч байх санал зурагтаар дэвшүүлээд өөрийн салбарын ахмадууд болох малчин тариачин, махчин, талхчин явсан улсад өгнө гэж зүтгэлээ. Бүх баг сумыг мянганы зам, бумны өндөр хүчдэл, саяны технологиор бүрэн хангах байтугай илүү гаргах гэнэ. Монголд нийгмийн тэтгэмж халамжийн 70 хувь нь зохих эзэндээ хүрэхгүй байгаа дүн гадаадын судалгаагаар илэрчээ. Ингэхээр мөнгө тараах тутам түгээгчид илүү ашиг өгдөг гэдгийг эдгээр хулгайч, луйварчин, мэхчин, авлигачид сайн мэдэж байгаа. Нэг талаас ард түмнээ харж үзэх уралдаан, нөгөө талаас үнэн мөн чанар нь биенээсээ илүү гарч луйвар хийх өрсөлдөөн. Анх 10 саяар эхэлсэн УИХ-ын гишүүдийн тойрогтоо тараах мөнгө энэ жил 250 сая болж байна. Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтаар захиран зарцуулах мэдэл УИХ-д биш зөвхөн Засгийн газарт л бий. Гэвч мөнгө үзээд нүд нь улайчихсан тэдэнд хууль мууль ч яамай хэвтэнэ. Компьютер дээр ядахнаа хөзөр ч тоглож барахгүй нэгэн мудак хойтон жил зэсийн үнэ 12 мянган доллар болохыг интернэтээр орж Лондонгийн биржийн мэдээнээс харсан хэмээн сагсалзана. Яндаж болшгүй далай шиг ямар их хоол вэ хэмээн гахай өгүүлнэ. Энэ марзаганал эмгэнэл болох хүртлээ үргэлжлэх болно. Шинэ баян цээжний өвчтэй болж хүний мөнгөөр хүүдгэнэв.

Түүхээр батлагдсан яриа. Баялгийг зарцуулахад ухаан хэрэгтэй. Тэнэг хүнд баялаг гай болдог. Идлээ, цадлаа, баалаа, мартлаа, өлслөө, турлаа, үхлээ. Хөдөлмөрөөр буй болсон баялаг л ухаалаг зарцуулагддаг. Гуйлгачин өдөрт олсон юмаа ууттай нь тогоо руугаа хөнтөрдөг. Сармагчин нүдний шил олоод бөгсөндөө барьж үздэг. Муу нохойн гэдсэнд шар тос зохидоггүй.

2006.11.19

Categories
мэдээ нийгэм

Баабарын “Хүний эрхээр хэд хоног цатгалан явах вэ!?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн 2-р нүүрт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд байх ёстой” ярилцлага нийтлэгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн Зөрчлийн тухай хуулийн талаар тодруулга авчээ.

Тэрбээр “Зөрчлийн хууль нийгмийн дэг журмыг сахиулж, хамгаалах гэж байгаа юм. Нэг хүний эрх нөгөө хүний эрх чөлөөгөөр хязгаарлагддаг. Тэр хүний нус, цэр, хогоо хаяж, бөөлж, орилж хашгичиж байгаа нь нөгөө хүний эрүүл, аюулгүй орчинд, амар тайван байх эрхийг хөндөөд байгаа юм. Иймээс хамгаалагдаж байгаа дэг журмыг бид зайлшгүй хамгаалах ёстой. Та Робинзон Крузо шиг эзгүй арал дээр ганцаараа амьдраагүй бол нийгэм гэдэг хамт олны дотор амьдарч байгаа бол бусдын эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах нь таны үүрэг байхгүй юу” хэмээн ярьжээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Манайх шиг цөөн хүн амтай, нэгдмэл улсын хувьд нэг танхимтай байх нь зөв” тодруулга 4-р нүүрт нийтлэгдлээ.

Зөрчлийн хуулиар шийтгэгдэн торгуулиа төлөөгүй тохиолдолд 7-30 хоног баривчлах тухай болон бусад заалтуудын талаар 5-р нүүрээс тодруулан уншаарай.

Дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээгийн “Яг түүн шиг” шоунд хэрхэн оролцож байгаа талаар болон түүний бүтээгээд байгаа дүрүүдийн талаарх сонирхолтой ярилцлагыг өнөөдрийн дугаарын 12-р нүүрээс унших боломжтой юм.

Хурц арслан Ц.Бадамсэрээжид “Бөх хүн давчихаад баярлаж болно, уначихаад гутарч болно. Гэхдээ түүнийгээ бөхийн дэвжээндээ ил гаргахгүй тэвчих хэрэгтэй” хэмээх бөхийн ёс жудгийн талаарх сонирхолтой ярилцлагыг 13-р нүүрээс дэлгэрүүлэн уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг цахимаар уншихыг хүсвэл дараах линкэд бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгост гурван сарын визээр очсон эмэгтэйчүүд хулгай хийгээд баригджээ

Өмнөд Солонгосын Тэгү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэр дээр санаатайгаар хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн монгол эмэгтэйчүүдийг баривчилжээ.

Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн мэдээллээр “Монгол улсын иргэн 42 настай эмэгтэй Б, 47 настай эмэгтэй А нар нь Солонгос улсад аялал жуулчлалын ангиллын гурван сарын хугацаатай визтэй ирцгээсэн.

Тэдний гурван сарын визний хугацаа дуусч, эх орондоо буцахаар цаг нь болоход Тэгү хотын худалдаа үйлчилгээний гудамжаар сэлгүүцэж, барааны болон хүнсний дэлгүүрүүдээс санаатайгаар, бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлджээ. Хяналтын камеруудын тусламжтайгаар монгол эмэгтэйчүүдийг баривчилжээ. Тэд 10-н удаагийн үйлдлээр хоёр сая вон буюу дөрвөн сая орчим төгрөгийн эд зүйлс хулгайлсныг илрүүлжээ.

Тэдэнд эдүгээ эрүүгийн хэрэг үүсгэн, түр саатуулан шалгаж байгаа юм байна. Тэд мэдүүлэхдээ эдгээр зүйлсийг гэртээ очоод хэрэглэх гэж байсан гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгост барилгын нурангид дарагдсан залуус эмнэлэгт эмчлүүлж байна

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Кангнам дүүрэг дэхь нэгэн барилга дээр ажиллаж байсан Монгол улсын иргэн А, Б нар өнгөрсөн Бямба гаригт барилгын нурангид дарагдсан тухай мэдээлэл тархсан билээ.

Уг ослын талаар Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Монгол улсын иргэн А, Б нар нь осол гардаг өдөр Кангнам дүүрэг дэхь таван давхар барилгыг нураах ажлыг хийж байсан. Тухайн барилга нь доошоо гурван давхар, дээшээ таван давхар ба осол гарах үед бага оврын эксковатор нь нэгдүгээр давхрын ханыг нурааж байсан бол Монгол залуус нураалтаас үүсэх тоосыг багасгах зорилгоор хана руу ус цацаж байжээ.

Гэвч нэгдүгээр давхрын шал ачааллаа даалгүй доош нурсаны улмаас Монгол залуусын дээр барилгын нуринга унаж, тэдний биеийн 50% нь нурингад дарагдсан. Тэднийг осол гарсанаас хойш тус бүр 1 цаг 30 минут, 3 цаг 30 минутийн дараа аварч ойролцоох эмнэлэгт хүргэсэн ба тэд эдүгээ холбогдох шинжилгээг хийлгэж, эмчлүүлж байгаа. Осол гарах үед барилгын нураалт 60%-ийн гүйцэтгэлтэй байсан ба ослын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажлаа эхэлсэн” гэж бичсэн байгаа юм байна.

Мөн Монгол залуус хэрхэн, ямар шугамаар барилгын салбарын ажилд оролцож байсныг ч мөн шалгах ажээ

Categories
гадаад мэдээ

Хятадад шувууны томуугийн H7N9 вирусээр хүн өвчилжээ

Хятадын зүүн хойд Зилинь мужид энэ шувууны томуугийн H7N9 вирусээр хүн өвдсөн эхний тохиолдол бүртгэгдэв гэж Синьхуа мэдээллээ.

Уг вирусээр Тунхуа хотын 34 настай эрэгтэй өвчилсөн бөгөөд одоо биеийн байдал нь хүнд, эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр шувууны томуу гэдэг нь онцын шинж тэмдэггүйгээр өвчилдөг шувууны вирусийн хурц халдварт өвчин юм. Энэ өвчний вирус нь өөр өөр төрөл дамжин өвчлүүлэх чадвартай гэнэ.

Хятадад вирусийн H7N9 өвчинөөр хамгийн анх хүн өвчилсөн тохиолдол 2013 онд бүртгэгдсэн байдаг. Өнгөрсөн өвөл энэ өвчнөөр Хятадад нийт 458 хүн халдвар авснаас 160 нь энэ өвчинөөр өвчилсөн байжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаатай холбоотой гомдлыг 126 дугаарын утсаар авч эхэллээ

Иргэд цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 126 дугаарын утсанд өгөх боломжтой болжээ. Энэхүү утсыг Цагдаагийн байгууллагаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нээжээ.

Тус утас нь 24 цагаар ажиллах бөгөөд иргэд цагдаагийн байгууллага, үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг өгч болох аж.

Өөрөөр хэлбэл, иргэд гомдол, мэдээллээ өөрийн биеэр, цахимаар өгөхөөс гадна 126 дугаарын утсаар хандан өгөх боломж нээгджээ.

Иргэн та цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүй, авлига, хээл хахууль, хүнд суртал, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хувь нэмрээ оруулах боломжтой гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол, ОХУ-ын бизнес форум маргааш болно

Монгол, ОХУ-ын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох зорилго бүхий “Азийн хаалга 2017” олон улсын үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-д нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнг МҮХАҮТ, ОХУ-ын Бизнес Контакт компани хамтран 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд ОХУ-ын Киров, Ангарск, Якутск, Эрхүү зэрэг 10 том хотын автомашин, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үнэт эдлэл үйлдвэрлэдэг 36 аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөл оролцож байна. Мөн Монголоос Төрийн банк, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Гурван сор” болон БНХАУ, Пакистаны тус бүр нэг аж ахуйн нэгж оролцож байгаа юм.

Монгол Улс ОХУ-тай олон жилийн найрамдалт харилцаатай. 2014 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчиж эхэлснээр аж амьдрал, соёлын хамтын ажиллагаа ч өргөн хүрээнд хөгжиж эхэлсэн гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Монгол Улсын шатахуун, тос тослох материалын 90 хувийг ОХУ дангаараа бүрдүүлдэг. Энэ нь ОХУ Монголын хувьд худалдаа, эдийн засгийн хамгийн том хөрш гэдгийг харуулж байна. Гэхдээ хоёр орны компаниуд дөнгөж хөгжлийн эхний шатандаа явж байна. Тиймээс өмнөх нийгмийн үед тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үүднээс компаниудын харилцааг бэхжүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлыг маргааш болох хоёр орны бизнес форумын үеэр ярилцах болно” гэлээ.

ОХУ-тай улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дурьдсан. Сүүлийн жилүүдэд Монгол, ОХУ-ын гадаад худалдаа огцом буурч байгаа юм. Тухайлбал, 2013 онд гадаад худалдааны эргэлт нэг тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 725 тэрбум болж буурсан байна. Энэ нь хоёр орны бизнес эрхлэгчдэд тулгамддаг томоохон асуудал буюу гаалийн болон бусад татварын хэмжээнээс шалтгаалж байгаа юм. Засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэхээр тодорхой санал, санаачлага гарган ажиллаж байна хэмээсэн юм.

Харин Бизнес контакт компанийн Ерөнхий захирал Сидоров Александр Алексеевич хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өөдрөгөөр харж байгаагаа онцолсон юм. Тэрбээр, “Монгол болон ОХУ-ын эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас гадаад худалдаа буурч байгаа нь үнэн. Гэхдээ энэ байдал удахгүй өөрчлөгдөнө. Үүнд хэд хэдэн чухал зүйл нөлөөлж буй юм. Тухайлбал, хоёр орны иргэд харилцан визгүй зорчиж байна. Алтанбулаг, Хиагт боомт 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа. Үүнтэй зэрэгцээд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнасан Эдийн засгийн коридор байгуулах ажил өрнөж байна. Энэ бүхний хүчинд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжих нь дамжиггүй” гэв.

Түүнчлэн “Үзэсгэлэнгийн хүрээнд мргааш буюу энэ сарын 26-нд Монгол, ОХУ-ын бизнес форум болно. Энэ үеэр хоёр орны эдийн засгийн харилцаанд тулгамдаад буй гол асуудлуудыг хөндөн ярилцах болно. Үүнд хоёр орны гаалийн болон бусад төрлийн татварыг буулгах асуудал ч багтаж байгаа” хэмээв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Eagle” телевизээр гарсан мэдээлэл бусдын нэр төр, ажиллаж амьдрах эрхийг зөрчиж байна гэв

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, удирдлагууд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэж, буруу ташаа мэдээлэл цацаж буй хүмүүсийг шалгаж өгөх шаардлагыг хүргүүллээ. Энэ талаар тус сургуулийг төлөөлж буй өмгөөлөгч Г.Батбаяр “Цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй байхад хүүхдүүдийг зоддог, хүчинддэг, багш нар хоорондоо ажлын байранд бэлгийн харилцаанд ордог гэсэн гүтгэсэн мэдээлэл гаргаж, ард иргэдийг төөрөгдүүлж байна гэсэн гомдол гаргасан.

Энэ гомдлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажлын хэсэг гарсан. Арван хүний бүрэлдэхүүнтэй энэ ажлын хэсэгт энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан. Ажлын хэсэг энэ хэрэгтэй холбоотойгоор ажиллаж байхад зарим нэг этгээд сургуулиар дураараа орж гарч, ярьж чадахгүй, үг сонсож чадахгүй, хэл ярианы хөгжил муутай, дохио зангаа сайн мэдэхгүй хүүхдүүдээс яриа авч, ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр орчуулуулан тарааж байгаа нь хуульд нийцэхгүй байна” гэлээ.

Мөн тэрбээр цааш нь “Ийгл” телевизээр гарсан мэдээлэл бусдын нэр төр, ажиллаж амьдрах эрхийг зөрчиж байна. Хохирогч, гэмт этгээдийг нь цагдаагийн байгууллага олж чадахгүй байхад яагаад зарим этгээд олчихоод нуугаад байгаа юм бэ. Үл мэдэгдэх хохирогч гаргаж ирээд бусад хүмүүсийг тайван байдлыг алдагдуулж байна. Нялх хүүхэдтэй багшийг нөхөр нь ажил дээрээ зүй бус зүйл хийсэн гээд зодож байна, эмэгтэй багш нар ажил дээрээ ухаан алдаж унаж байна. Хүний эрхийг ингэж зөрчиж болохгүй гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болд ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркельтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол, Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд ХБНГУ-д ажиллаж байна. Тэрээр дэлхийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох Ханноверийн аж үйлдвэрийн яармагийн нээлтэд урилгаар оролцлоо. Дал дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн яармагийг ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркель нээж үг хэлэв.

Яармагт 70 орны 6500 гаруй компани оролцож байгаа бөгөөд “Аж үйлдвэр 4.0” буюу орчин үеийн үйлдвэрлэлийн шинэ эрин гэсэн сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн ололтод суурилсан бараа бүтээгдэхүүнүүдээ толилуулж бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Чухам энэ чиг хандлагыг улсдаа хөгжүүлэх зорилгоор Монголд шинжлэх, ухаан технологийн хөгжлийн цахиурын хөндий байгуулах талаар гишүүн Л.Болдын тэргүүлдэг “Шинэ Монголын төлөө Санаачилга” ажиллаж байгаа юм.

Ханноверийн яармагийг зохион байгуулах хорооны удирдлагууд түүнтэй уулзах үеэрээ уг санаачилгыг олон улсын нэр хүндтэй бизнесийн байгууллагууд хэрхэн дэмжиж хамтран ажиллах боломжтой талаар зөвлөлдлөө.

Мөн энэ үеэр Ханновер хотод УИХ-ын гишүүн Л.Болд, ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркельтэй уулзсан байна. Хатагтай А.Меркель арав гаруй жил дэлхийн хүчирхэг гүрнийг удирдахдаа Монгол Улсад хоёр удаа айлчилж байсан бөгөөд тэдгээр айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Үүний зэрэгцээ эдийн засгийн хөгжлийг хурдасгах том төслүүдийг хамтран хэрэгжүүлэх яриа хэлэлцээг ажил хэрэг болгоход анхаарлаа хандуулахыг Л.Болд Канцлераас хүссэн байна.

Холбооны канцлерын хувьд Монгол Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн төлөө байна гээд Герман, Монгол, цаашлаад Европын холбоо, Монгол Улсын харилцааг хөгжүүлэхэд оруулж буй Л.Болд гишүүний хувь нэмэрт талархдгаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болд яармагийн үеэр Польшийн Ерөнхий сайд Беата Шидло, Европын холбооны сангийн сайд Гюнт Оттингер нарын нөлөө бүхий эрхмүүдтэй уузалт хийсэн аж. Уулзалтын үеэр ноён Оттингер эрхэм гишүүн Л.Болдыг Европын Холбоонд албан ёсоор айлчлахыг урьжээ.