Categories
мэдээ нийгэм

Монгол, Британийн дугуй ширээний уулзалт болов

Монгол, Британийн Дугуй ширээний уулзалт 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Энэ удаагийн уулзалтад манай талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, британийн талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дипломат албаны тэргүүн С.Макдоналд тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хоёр орны зөвлөлдөх механизм болох Дугуй ширээний уулзалтын үеэр хоёр тал Монгол, Британийн улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, боловсрол, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ болон олон талт хамтын ажиллагаа, бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар санал солилцов.

Мөн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга С.Макдоналд ГХЯ-ны дипломат ажилтнууд, судлаач, оюутнуудад зориулан дипломат үйл ажиллагааны талаар “Masterclass in Diplomacy” сэдэвт илтгэл тавив.

Categories
мэдээ нийгэм

29 дүгээр сургуулийн багш нарын 47 хувь нь дохионы хэлээр хичээл заах чадваргүй

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29 дүгээр дунд сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Тус сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл болох дохионы хэлээ чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаанд удаа дараа тавьж байсан аж. БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулж тус сургуулийн үйл ажиллагаа болон багш нарын ур чадварын байдлыг шалгасан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон аж. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийг дагуу захирамж гаргаж нийслэлийн Төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан байна.

Энэхүү захирамж гарсантай холбогдуулж нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн хэмжээнд тусгай боловсролын зургаан сургууль үйл ажиллагаа явуулдаг. Олон нийтэд ил болсон нь 29 дүгээр сургууль дээр үүсээд байсан зөрчил болж байна. Үүний цаана нуугдмал байдалтай энэ мэт зөрчил байж болзошгүй учир нийслэлийн Засаг дарга тусгай зургаан сургуулийн хүрээнд шалгалт хийх ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа. Ажлын хэсэг асуудлыг аль болох үнэн бодитоор тодорхойлох, цаашид авах арга хэмжээг үр дүнтэй байлгах үүднээс НЗДТГ-ын төлөөллүүд, хүний эрхийн олон улсын болон дотоодын байгууллагууд, ТББ-ын төлөөллүүдийг оруулсан” хэмээлээ.

Нийслэлийн төрийн өмчийн 29 дүгээр сургууль энэ хичээлийн жилд нийт 66 багштайгаар сургалт, хүмүүжлийн ажил явуулж байгаа аж. Үүнээс 56 нь үндсэн, 10 нь туслах багшаар ажилладаг байна. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтээр тус сургуулийн нийт багш нарын 47.6 хувь нь мэргэжлийн хичээлийг дохионы хэлээр заах ур чадвар хангалтгүй гэж гарчээ хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг Дээд шүүх бүртгэлээ

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг болон намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэжээ.

Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам нь 2015 онд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн бөгөөд 3,000 гаруй гишүүнтэй.

УИХ-ын гишүүн асан Г. Уянга тус намын даргаар 2016 оны дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн ажиллаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нүхтийн аманд гарсан түймрийг цурманд орууллаа

Богд Уулын Нүхтийн аманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан гэсэн мэдээллийг түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өглөө.

Модны хаяанаас эхэлж шатсан түймэр тархаж ой руугаа нилээд орсон байдалтай байгаа юм байна.

Албан хаагчид шуурхай ажиллан түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-д айлчлал хийж байна

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Армийн генерал Сергей Кужугетович Шойгугийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 2017 оны 4 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж, Олон улсын аюулгүй байдлын Москвагийн 6 дугаар бага хуралд оролцож байна.

Айлчлалын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас ОХУ-д сугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Москва хотноо цэргийн сургуулиудад суралцаж байгаа Монголын цэргийн алба хаагчидтай уулзалт хийлээ.

Мөн энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар ажлын уулзалт хийж, Монгол, Оросын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэж, харилцан санал солилцсон юм. Уулзалт яриа амжилттай, халуун дотно болж өнгөрсөн ба ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулсныг хүлээн авч, энэ ондоо айлчлахаа илэрхийллээ.

ОХУ, Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлж, Монголын цэргийн алба хаагчдыг Оросын цэргийн төрөл бүрийн сургуулиудад хөнгөлөлттэй болон тусламжийн журмаар сургадаг бөгөөд хоёр орны хамтарсан “Сэлэнгэ” цэргийн хээрийн сургуулийг хоёр талдаа харилцан хамтран зохион байгуулан явуулдаг уламжлалтай билээ.

Categories
мэдээ нийгэм

Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраав

Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраавХаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна. Тухайлбал, өчигдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд хан уулын Шавартын хоолойн Пинтийн аманд ой хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах аврах 63, 35 дугаар анги, Налайх дүүргийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангиуд ажиллав.

Нийт 68 алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж Пинтийн аманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Түймэрт 5,5 орчим га талбай өртсөн бөгөөд гал гарсан шалтгаан, нөхцлийг тодруулахаар дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэс ажиллаж байгаа юм.

Дүүргийн Онцгой комисс болон Онцгой байдлын хэлтсээс иргэдийг галын аюулгүй байдлаа сайтар хангаж, асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цог, нурмыг бүрэн унтраах, ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байхыг анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зохиогчийн эрхийг хамгаалахад хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Дэлхийн оюуны өмчийн өдөр” тохиож буй энэ өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газраас Оюуны өмчийн хамтын удирдлагын байгууллагууд болох Монголын зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэлчдийн нийгэмлэг /MOSCAP/, Монголын Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв /MCPP/-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн дагуу байгууллагууд “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн хүрээнд хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дуу хөгжмийн бүтээлүүд болон дуу бичлэг бүтээгчид, бичлэгийн эрх эзэмшигчдийг олон нийтэд түгээх, сурталчлах, дэлгэрүүлэх, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хэрэглээний төрөл, орлогыг нэмэгдүүлэх замаар зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хамгаалах, бэхжүүлэх, Нийслэлийн нутаг дэвсгэрт Оюуны Өмчийн ойлголт соёлыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллах юм.

Санамж бичиг зурах үйл ажиллагаанд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар, Монголын Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэн нар оролцов

“Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг анх 2000 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас тунхагласан бөгөөд шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэгтүүд нь бидний амьдралд хэрхэн нөлөөлөх, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжих зорилготой юм. Тус өдрийг Монгол Улс 2003 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Галаарид: Үнийн дүн заасан торгууль шийтгэлийг хуульчлах нь эдийн засгийн цензур хэрэгжиж байна гэсэн үг

Зөрчлийн хуулийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх явцад Ц.Гарамжав гишүүний зарчмын зөрүүтэй саналаар гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгохыг гишүүд дэмжсэн юм. Сошиал орчинд ч хамаатай энэ заалт хэвлэлийг цензурдах, иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байгаа талаар хэвлэлийнхэн шүүмжилж байна. Улстөрчид зүй бус үйлдлээ иргэдэд мэдүүлэхгүйн тулд гүтгэсэн хэмээх хуулийн зүйл заалтаар зэвсэглэж хэвлэлтэй тэмцэх тохиолдол олон. “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд цуглаж, энэ асуудлаар хэлэлцлээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид хэвлэлийнхнийг төлөөлөн, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр ярихдаа:-

-Зөрчлийн тухай хууль эргээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үйл ажиллагаатай холбогдож байна. Ер нь сүүлийн үед хэвлэлд буруу өнцгөөс хандах нь олноор илрэх боллоо. Түүний нэг жишээ нь 29 дүгээр сургуулийн хэрэг явдал гэж үзэж байна. Телевизээр нэвтрүүлэг нь цацагдаагүй байхад Биднийг гүтгэлээ гээд цагдаад гомдол гаргадаг жишиг Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд байгаагүй. Гэтэл “Ийгл” телевизээр 29 дүгээр сургуулийн тухай нэвтрүүлэг гарна гэж урьдчилсан зар хэлбэрийн мэдээлэл фэйсбүүкээр гарахад цагдаад гомдол гаргаад, цагдаа түүнийг нь хүлээж аваад, сэтгүүлчийг дуудаж дарамтлах асуудал гарсан. Энэ нь иргэдийн мэдэх эрх, хэвлэлийн эрхтэй холбоотойгоор хурцаар дуу хоолойгоо гаргахгүй бол болохгүй цаг үе иржээ гэдгийг харуулж байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор томоохон хэвлэлийн эзэд, төрийн бус байгууллагынхан уулзалт хийж байна. Энэ бол хэвлэл мэдээллийнхэн хязгааргүй эрх эдлэх гэсэн хэрэг биш. Иргэд олон нийт аливаа мэдээллийг олж авах, мэдэх Үндсэн хуулиар олгогдсон, Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар баталгаажсан эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон алхмууд ихээр гарах боллоо. Ийм учраас бид дуу хоолойгоо нэгтгэж хүргэе гэж зорьж байна. Өнөөдрөөс эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуу нэгтэйгээр иргэдийн мэдэх эрхийн эсрэг хандсан аливаа үйлдэлтэй тэмцэнэ гэдгээ зарлаж байна. Акцууд хийгдэнэ, шаардлагуудаа тавина. Урьд өмнө нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон ямарваа шийдвэр гаргахдаа мэргэжлийн хүмүүс, хэвлэлийнхнээс санал авдаг байсан. Тэр уламжлал орхигдож байна. Улс төрчид үүнийг хүсэхгүй байна. Монгол орон хэр ардчилсан улс болохыг дэлхий нийтэд харуулж байдаг нэг үнэлгээ хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байдаг.

Энэ эрх чөлөөг хумих оролдлогууд хийгдэж байгаад харамсч байна. Зөвхөн сэтгүүлчдэд зориулсан заалтыг Эрүүгийн хуульд оруулж өгөөч гэсэн санал гаргадаг. Эсвэл хэвлэл мэдээллийнхний торгууль шийтгэлийг нэмж өгөөч гэсэн санал гаргаад явдаг хууль тогтоогчидтой нөхцөлд бид тайван сууж болохгүй. Энэ чинь явж явж хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн асуудал биш. Монгол Улсын иргэд зөв үнэн бодитой мэдээллийг хурдан шуурхай олж авах уу үгүй юу гэдэг асуудал юм. Үүний цаана Монгол Улсын иргэн мэдээлэлтэй байх юм уу эсвэл УИХ-ын гишүүн гэдэг дархан эрхтэй хэдхэн хүн мэдээлэлтэй амьдрах юм уу гэдэг асуудал бий.

1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль дөрвөн зүйл заалттай. Аливаа хэвлэлийн цензурыг бүү тавь гэсэн. Аливаа хэлбэрийн цагдан хяналт байж болохгүй гэсэн үг. Үнийн дүн заасан торгууль шийтгэлийг хуулинд заана гэдэг нь эдийн засгийн цензур хэрэгжиж байна гэсэн үг. Өнөөдөр дагаж мөрдөж байгаа суурь хуулийг зөрчсөн хуулийн заалтыг батлах гээд УИХ ажиллаж байна гэдэг ардчиллаас ухарч байгаа хэрэг. Бид хууль санаачлах эрхгүй нь үнэн. Гэхдээ бид үүнийг ойлгуулах учиртай. Гүтгэлэг гэсэн үгийн цаана хэн нэг шүүмжлүүлсэн улс төрч сэтгүүлчид дургүй байж болно. Хэн нэгэн аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дургүй байж болно. Гэхдээ иргэдийг мэдээлэлтэй байлгахын төлөө цаг наргүй ажиллаж байдаг энэ салбарыг янз бүрийн дарамт шахалт үзүүлэх нь байж болшгүй асуудал. Тийм учраас бид УИХ-ын гишүүдийг анхаарч, алдаагаа хүлээн зөвшөөртөл тэмцэх ёстой.

Categories
мэдээ нийгэм

Х.Бадамсүрэн: ОХУ-ын 270 гэрээт ажилтан л ам.доллараар цалинждаг

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан ирэх сарын 04-нд Орхон аймагт “Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулган” зохион байгуулах талаар өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, УУХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон холбогдох албаныхан мэдээлэл хийв.

“Өчигдөр-Өнөөдөр-Маргааш” уриан дор болох энэхүү чуулганыг УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэт үйлдвэр” хамтран зохион байгуулах юм. Чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүд болон салбарын эрдэмтэн судлаачид оролцож, өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт гарсан дэвшил, алдаа дутагдал, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэх юм. Мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн удирдлагууд оролцох аж. Чуулганаар яригдсан гол асуудлуудыг шинээр боловсруулж буй Уул уурхайн тухай хуульд тусгах аж.

Уул уурхайн салбарын Зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймагт 9 дүгээр сард, Баруун бүсийн чуулганыг Ховд аймагт 10 дугаар сард, Говийн бүсийн чуулганыг Өмнөговь аймагт 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн 95 жилийн ойн хүрээнд “China Mining”олон улсын үзэсгэлэнд оролцох, “Дисковер Монголиа-95” хөрөнгө оруулагчдын чуулган болон уурхайчдын ажил, мэргэжлийн тэмцээн зохион байгуулах, түүхэн баримтат кино, гэрэл зургийн цомог бүтээх зэрэг ажлыг хийх юм.

“Эрдэнэт үйлвэр”-ийн өнөөгийн үйл ажиллагаа болон ирээдүйн нөөц, татвар төлөлтийн байдал зэрэг сэдвээр Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Би өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд ажлаа хүлээж авсан. Одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай үйлдвэр хоногт 1.5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн ирээдүйн төлөвлөгөөг 10 жилээр гаргадаг байсныг 15 болгохоор ажиллаж байгаа. 40 жил тогтвортой, тууштай ажиллаж байгаа үйлдвэрийн төлөвлөгөө 10 жилээр гарах нь хэт богино гэж үзсэн.

-Одоо хэдэн жилийн нөөцтэй байна вэ?

-Намайг ажилд авахад 39 жил ажиллах нөөц үлдсэн байсан. Нөөцийг нэмэгдүүлэх эхний шатны судалгаагаар 60 жил олборлолт явуулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Үргэлжлүүлэн судалж байна.

-Засгийн газар хэмнэлтийн горимд ажиллана гэсэн. “Эрдэнэт үйлдвэр” хэрхэн хэмнэлт хийж байна вэ?

-“Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг хувийн орон сууцаа тохижуулсан, албаны автомашинаа шинээр сольсон зэрэг мэдээлэл гарсан байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн захирал LX-570 маркийн автомашин унадаг байсан. Өмнөх захирлын унаж байсан машиныг өөр газарт шилжүүлэх шийдвэр өнгөрсөн оны 11 сарын 20-нд Төрийн өмчийн бодлолго зохицуулалтын газар /ТӨБЗГ/-аас гаргасан юм билээ. Үүнтэй холбоотойгоор намайг ажил авсны дараа өмнөх захирлын машиныг аваад, шинийг өгсөн юм. Би сард гурван сая төгрөгийн цалин авдаг. Үйлдвэрийн мөнгөөр тансагласан асуудал байхгүй.

-ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор таны цалинг 24.5 сая төгрөг гэсэн мэдээлэл өгсөн?

-Тэр хүн ямар үндэслэлээр тийм мэдээлэл хийснийг би мэдэхгүй.

-Үйлдвэрийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монгол зэс” корпораци худалдаж авсны дараа байгуулагдсан ТУЗ Ерөнхий захирал болон нэгдүгээр орлогч тус тусдаа ажлын албатай байх зохицуулалт хийсэн. Үйлдвэр нэгдсэн бодлоготой ажиллах ёстой тул нэгдүгээр орлогчтойгоо ярьж байгаад ажлын албаа нэгтгэсэн. Ажлын албанд долоон зөвлөх ажиллаж байгаа. Энэ хүмүүс надад зөвлөхөөс илүү цех, хэлтэс, албадын ажлын уялдаа холбоог хангах, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй. Зөвлөх 10 сая ам.долларын цалин авдаг тухай мэдээлэл гарсан байна. Тийм биш. Зөвлөх дунджаар 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа. Хуулийн дагуу дотоодын иргэдэд ам.доллараар цалин олгох хориотой. Дээр дурьдсан ОХУ-ын 270 гэрээт ажилтан л ам.доллараар цалинждаг.

-Он гарсаар Эрдэнэт үйлдвэр хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ. Ашигтай ажиллаж байгаа юу?

-Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын төсөвт 188 тэрбум төгрөг төвлөрүүлж, 84 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Татвараа хуулийн дагуу хагацаандаа төлж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо тавдугаар сарын 1-нд жагсаал хийхээ мэдэгдлээ

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр МҮЭ-ийн холбооноос Сүхбаатарын талбай болон бүх аймгуудын төв талбайд 12-16 цагийн хооронд тайван жагсаал хийхээр болсноо мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хэвлэлийн хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид, мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод, Нийслэл, Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны удирдлагууд оролцлоо.

Энэхүү тайван жагсаалын үеэр МҮЭ-ийн холбоо гурван зүйл шаардлагыг иргэд, хөдөлмөрчдийнхөө өмнөөс илэрхийлэх юм байна.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг УИХ, Засгийн газраас шаардах

Энэ сарын 28-ны өдөр ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эцсийн шийдвэр гарна. МҮЭ-ийн холбоо өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзах үеэр саналаа албан ёсоор уламжилсан байна. Энэ хуралд ОУВС-гийн суурин төлөөлөгч МҮЭ-ийн холбооны саналыг албан ёсоор тавихаа илэрхийлжээ. Эцсийн шийдвэр хэрхэн гарахаас МҮЭ-ийн холбооны шаардлага тодорхой болох аж. Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчиж долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болж УИХ-аар батлуулсан. Энэ долоон төрлийн татвар дунд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн хүндрэлээс гарахад чиглэгдсэн татвар байгааг МҮЭ-ийн холбоо хүлээн зөвшөөрч байгаа ч улс орны эдийн засаг унасан үед иргэдийн амьдралыг улам дордуулах татвар байгаа учир ийнхүү эсэргүүцэж байгаа юм.

Өнгөрсөн 2016 онд УИХ, Орон нутгийн сонгуулиар сонгогч, иргэдэд амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардах юм. Сонгуулийн үр дүнд төрийн эрх барих эрхийг авсан МАН иргэдийн амьдралыг сайжруулна, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлнэ гэж амласан. Засгийн газар байгуулагдсаныхаа дараа татвар нэмэгдүүлэхгүй, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө хэлэлцээрийн хүрээнд тохиролцоонд хүрч шийдвэрлэнэ гэсэн гэрээний заалтаа хоёр сарын дараа зөрчиж ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

МҮЭ-ийн холбоо дээрх асуудлуудаар УИХ, Засгийн газарт 6 удаа албан ёсоор шаардлага мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг дахин эхлүүлье. Улсын 3 талт үндэсний хороог яаралтай хуралдуулах санал тавьсан. Гэвч өнөөг хүртэл МҮЭ-ийн холбоонд Үндэсний хороог хуралдуулах талаар ямар нэгэн хариу ирээгүй байна. Тиймээс Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдрөөр ийнхүү улс орон даяар тайван жагсаал хийхээр болжээ.

МҮЭ-ийн холбооноос зохион байгуулах уг жагсаал нь аливаа нэгэн улс төрийн хүчин болон удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байгаагаа МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар илэрхийллээ.

Энэхүү жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглуулахгүй гэдгийг ч албан ёсоор хэлжээ.

Тайван жагсаалд ҮЭ-ийн гишүүд, иргэд хөдөлмөрчид, ахмадууд, залуучуудыг өргөнөөр оролцож өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөхийг МҮЭ-ийн холбооноос энэ үеэр уриаллаа.