Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд сонгуулийн үеэр хүн гүтгэвэл сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг 10-100 сая төгрөгөөр торгох Ц.Гарамжав гишүүний оруулсан санал Хууль зүйн байнгын хороогоор дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлах гэж байгааг ХМХ-үүд нэгдэн эсэргүүцэж буй билээ. Үүний дүнд Ц.Гарамжав гишүүн энэхүү саналаа татаж авч буйгаа илэрхийлсэн юм. Энэ талаар өнөөдөр “Өдрийн сонин”-ы байранд ХМХ-ийн удирдлагууд цуглан хэлэлцүүлэг дахин өрнүүллээ. Энэ үеэр “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал Зөрчлийн хуулийн бусдыг гүтгэх, доромжлох хуулийн заалтын талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Тэрээр “Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Энэ нь Үндсэн хуулийн 10-р зүйлээр баталгаажсан. Нэгдүгээрх нь Монгол Улсын соёрхон баталж, нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцууд дотоодын хуулиас илүү үйлчилнэ. Дараагийнх нь Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ гэж байгаа. Эдгээр гэрээ конвенцийг хүлээгээд авна гэдэг нь Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээчихэж байгаа юм. Тиймээс хүлээсэн үүргийнхээ дагуу бүх өөрсдийнхөө хууль тогтоомжийг эргэж хараад иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах ёстой. Энэхүү эрхэнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээллийг хүлээн авах, түгээх, мэдээллийг олж авах эрхүүд багтдаг. Дээрээс нь үзэл бодлоо илэрхийлэх арга хэрэгсэл нь сэтгүүл зүй байдаг.
Тэгэхээр сэтгүүлчдийн олон нийтийг мэдээллээр хангах, тэдний эрх ашигт нийцсэн үнэн мэдээллийг түгээх боломжийг нь эрхзүйн хүрээндээ тодруулж өгөх шаардлагатай. Энэ гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг яагаад олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ, бусад Олон улсын байгууллагууд Эрүүгийн хуулиас халах зөвлөмжийг гаргадаг вэ гэхээр гүтгэлэг гэдэг нь худлаа мэдээлэл гэсэн үг. Тиймээс сэтгүүлчид хүнийг гүтгэж болохгүй, худлаа мэдээлэл өгч болохгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь бол нийгэмд нэр нөлөө бүхий хүмүүс өөрөөр хэлбэл улстөрчид, эрх баригчид өөрсдийнхөө зорилгод урвуулан ашиглаад үнэн мэдээллийг боогдуулах, цензурийн хэрэгсэл болгож ашигладаг учраас үүнийг Эрүүгийн хуулиар битгий зүйлчлээч ээ, үзэл бодлоо илэрхийлсэн гэж ямар нэг шийтгэл, ялангуяа баривчлах, хорих шийтгэл битгий өгөөчээ гэсэн зөвлөмжүүдийг өгдөг юм.
Үүний цаана юу байдаг вэ гэхээр, энэ Зөрчлийн тухай хууль байснаар намайг гүтгэсэн гэж гомдол мэдүүлж байгаа хүн тэр мэдээллийг бичсэн сэтгүүлч хоёрын хооронд ямар харилцаа үүсээд байна гэхээр сэтгүүлч бол өөрийнхөө мэдээллийг үнэн гэж нотолно. Гэтэл үүнийг хэн нотлох вэ гэхээр тодорхой хэмжээнд ажиллагаа хийж, шалгаж байж энэ мэдээлэл үнэхээр худлаа байсан юм байна гэдгийг нотолно. Шүүх дээр яваад очсон үед үнэн бол хамгийн сайн нотолгоо болдог гэж Олон улсын эрхзүйчид үзэж байгаа. Гэтэл Зөрчлийн тухай хуулинд нэг хүнийг гүтгэсэн байна гэхэд тэр хуулийг сахиулах эрх бүхий албан тушаалтан гэж байхгүй. Тэгэхээр ямар нэгэн төрийн албан тушаалтан гаргаж тэр өндөр торгуулийг төлүүлэх гээд байна. Хоёр дахь зүйл нь бол улстөрийн хүчин зүйлийн хувьд аюултай гэж үзэж болно. Нөгөө талаас нь авч үзвэл энэ нь эдийн засгийн цензур байгаа. Яагаад гэхээр 100 сая төгрөг гэдэг бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бол маш их мөнгө. Ялангуяа орон нутгийн радио, телевизийн хувьд нэг сая төгрөг ч хүнд тусна.
Гурав дахь зүйл нь 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсан. Тэр хуулиар бол цензурийн бүх хэлбэрийг хориглоно. Цензур тогтоох байгууллагыг байгуулахгүй гэж заачихсан байгаа. Тэр хуулийг Зөрчлийн хууль зөрчөөд байна. Хэн нэгэн гүтгэсэн зөрчсөнийг шалгана гэдэг нь хэвлэл мэдээллийн агуулгад нь хяналт нь тавина гэсэн үг. Хоёр дахь зүйл нь энэ хуулиар редакц өөрийн нийтлэл, нэвтрүүлгийн төлөө хариуцлага хүлээдэг. Гэтэл Зөрчлийн хуулинд хувь хүнийг торгох гээд байгаа. Хувь хүн гэдэг нь сэтгүүлч шүү дээ. Тэгэхээр сэтгүүлчийн цалин хөлс өнөөдөр ямар байгаа билээ, хэдэн жил төлөх үү гээд авч үзвэл аль ч талаасаа бодсон энэ нь улстөрийн хийгээд Засгийн газрын эдийн засгийн цензурийн хэлбэртэй байгаа учир ардчилал байгуулж байгаа, хүний эрхийг дээдэлж байгаа орны хувьд бол зохимжгүй хууль юм.
Олон улсын эрхзүйн зохицуулалт байдаг. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшихгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавихгүй болж байгаа нөхцөлд зөвхөн эрх чөлөөг нь баталгаажуулсан хуулийг нь баталж өгдөг. Хоёрдугаарт иргэдийнхээ мэдэх эрхийг баталгаажуулсан хуулийг баталдаг. Тэр нь бол манайд 2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдлын тухай хууль байгаа. Гурав дахь нь бүх цензурыг хориглосон хуультай байх ёстой. Тэр хууль тогтоомж нь 1998 оны баталсан манай хууль юм.
Хэвлэл мэдээллийн хамгийн үнэт зүйл бол хараат бус байдал байдаг. Тэр хараат бус байдлаа хангахын тулд ХМХ-үүд нэгдэж байгаад шүүхээс өмнө асуудлаа шийдвэрлэдэг хэвлэлийн зөвлөлийг байгуулдаг. Өнөөдөр манайд энэ зөвлөл байгуулагдаад нэлээн амжилттай ажиллаж байна. Гэхдээ энэ нь ХМХ-ээс хариуцлагыг мулталж байгаа гэсэн ойлголт биш. Иргэний болон улстөрийн эрхийн олон улсын фактын 19-р зүйлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь баталгаажуулахаас гадна ямар тохиолдолд хязгаарлалт хийж өгөх вэ гэдгийг заасан байгаа. Гэхдээ хязгаарлалтыг зөвхөн хуулиар хийдэг. Зайлшгүй гэдгээ нотолсон байх ёстой. Энэ хязгаарлалт бол хүрээ нь өргөн байж болохгүй, хэм хэмжээндээ байх ёстой. Тэгэхээр энэ хүрээнд садар самуун, мансууруулах бодис зэрэг зүйлийг сурталчлахгүй байх, хүүхдүүдээ эрсдлээс хамгаалах. Ерөнхийдөө үндэсний аюулгүй байдлын үүднээс, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх үүднээс нийгмийн дэг журам, эрүүл мэндийг хамгаалах үндэслэлээр хязгаарлалт хийж болно гэдгийг тогтоосон байгаа.
Тэгэхээр ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүлзүйн үндэс нь редакц дотроо байдаг. Өөрөө өөрийгөө удирддаг, зохицуулдаг, хяналт тавьдаг тогтолцооны үед төрийн үүрэг гэдэг иргэдийнхээ үнэн мэдээлэлтэй байх эрхийг нь баталгаажуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тодорхойлж өгөхөд л оролцож байгаа юм” гэв.
–Та түрүүнд Сонгуулийн хуулинд сэтгүүлчдэд хамаатай аймшигтай заалтууд орсон талаар ярьсан. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
-Сонгуулийн хуулийг 2016 оны сонгуулийн үеэр анх удаа ашиглалаа. Сонгуулийн хуулийг нарийн уншаад үзэх хэрэгтэй. Гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйлүүдийг бид Эрүүгийн хуулиасаа халчихсан шүү гэж хэлээд байгаа. Гэтэл Эрүүгийн хуульдаа байж л байна. Тэр нь юу гэхээр сонгуулийн үеэр гүтгэлэг, доромжлол, худлаа мэдээлэл тараасан бол дээд тал нь нэг жил шоронд хоригдох ял хэвээрээ л байгаа. Сонгуулийн хуулинд болохоор ийм худлаа мэдээлэл тараасан байвал тухайн ХМХ-ийн үйл ажиллагааг нь зогсооно, тусгай зөвшөөрлийг нь санал хураах өдөр болтол түдгэлзүүлнэ, 6 сараар үйл ажиллагааг нь зогсооно гэсэн заалт байгаагаас гадна хэвлэл мэдээллийн ажилтныг торгох заалт байж байгаа. Тэгэхээр сүүлийн үед гарч байгаа бүх хуулиуд тодорхой хэмжээгээр сэтгүүлзүйн үйл ажиллагааг хязгаарлах, хумих чиг хандлагатай байгаад сэтгэл зовж явдаг. Эцсийн эцэст энэ бол микрофон, үзгээ барьчихаад явж байгаа хэдэн сэтгүүлчийн эрх бол биш. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол ардчиллын тулгуур зарчим. Энэ бол иргэдийн эрх. Тиймээс Үндсэн хуулинд заасан иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэлтэй байх, мэдээллийг хүлээн авах эрхүүдийг нь манай үндэсний хууль тогтоомжууд баталж өгөх ёстой юм.