Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар 1-4 хэм хүйтэн байна

дулаарч байна зурган илэрцүүд

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0-2 градус хүйтэн байна .

Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар нэгээс дөрвөн градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архи, хоолны хордлогод орсон 1200 дуудлага иржээ

Баярын өдрүүдэд түргэн тусламжийн 103 утсанд архи болон хоолны хордлогод орсон, цусны даралт ихэссэн дуудлага нилээд иржээ. Тухайлбал, шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд энэ төрлийн 1200 дуудлага ирсэн байна. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд ахуйн хүрээнд халуун тогоонд түлэгдсэн гурван хүүхэд хүргэгдэн иржээ. Үүнээс гадна зам тээврийн осолд орсон нэг хүүхэд ГССҮТөвд ирсэн ч эмчилгээгээ даалгүй нас барсан байна. Иймээс иргэд сар шинийн өдрүүдэд архи, идээ ундаагаа тохируулж хэрэглэхийг түргэн тусламжийн эмч нар анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Би бүх гишүүдээсээ сонгогдсон намын даргын хувьд гишүүдийнхээ эрх ашгийг тэргүүнд тавина

Холбоотой Зураг

Ардчилсан намын дарга, УИХын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


АН ФРАКЦГҮЙ НАМ БАЙХ БОЛНО

-АНанх удаа нийт гишүүдээсээ санал авч намын даргаа сонголоо. Танд юуны өмнө баяр хүргэе. Намын даргаар сонгогдоод юунаас ажлаа эхэлж байна вэ?

-Нэн тэргүүнд намын дотоод зохион байгуулалтын асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Намын шинээр бүрдүүлэх Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-ын бүтцүүд, намын төв байртай болох зэргээр санхүү, аж ахуй, дотоод зохион байгуулалтын ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

АН-ын ХЭГ-ын 40 гаруй хүнийг ажлаас нь халлаа. Бэлтгэгдсэн боловсон хүчнийг олноор нь халж өөрчиллөө гэсэн шүүмжлэл дагуулж байх шиг байна?

-Хэн нэгэн хүнийг халж солих бодлого бариагүй. АН-ын ХЭГ-ын ажиллах чадвар, бүтэц зохион байгуулалтын чадавх алдагдсан байсан. Ажиллаж байгаа хүмүүс нь аль нэг фракц бүлэглэлд харьяалагдсан, заавраар нь үйл ажиллагаа явуулдаг байдалд хүрчихсэн байсныг бүтэц зохион байгуулалтынх нь хувьд өөрчлөлт хийж байгаа юм. Тэгээд ажиллах чадвартай, өндөр боловсролтой гишүүдээ сонгон шалгаруулж ажиллуулах арга хэмжээ авч байна. Бид чинь фракциудаасаа салъя, шинэчлэгдье гэж зорьж байгаа. Иймээс намын шинэчлэлийн үйл ажиллагаа явуулахад зөв боловсон хүчнийг тавьж, ажиллахад анхаарсан. Одоо намын анхан болон дунд шатны 500-гаад дарга, сонгуульт албан тушаалтнуудыг намынхаа бүх гишүүдийн сонгуулиар шинэ дүрмийнхээ дагуу сонгох ёстой. Юуны өмнө бүх аймаг, дүүрэгт сонгуулийн салбар хороодыг шинээр байгуулна. Сум хороод дээр хэсгийн хороод байгуулагдахаас эхлээд бэлтгэл ажлууд хийгдэхээр байна.

-АН4-5 дэд даргатай болно гэж байгаа. Үүнийг фракц болгоны тоогоор нэг хүнийг тавих нь гэсэн таамаглал явж байна. Нийслэлийн намын дарга болон есөн дүүрэг, 21 аймгийн намын дарга нарыг ямар шалгуураар хэрхэн сонгох вэ?

-Би намын даргын сонгуульд нэр дэвшихдээ бүх гишүүддээ амлалт өгсөн. Бүх шатны намын удирдах байгууллага түүний дарга нарыг намын бүх гишүүдийн оролцоотой тэдний саналаар сонгоно гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Үүнийхээ дагуу аймаг, дүүрэг бүх шатны сонгуулийг урьдчилсан байдлаар ирэх дөрөвдүгээр сард намын бүх гишүүдээсээ саналыг авч сонгохоор төлөвлөж байгаа. Намын дэд дарга нарыг сонгох цаг нь хараахан болоогүй. Учир нь Үндэсний зөвлөлдөх хороо буюу шинэ нэрээр Үндэсний бодлогын хороо байгуулагдаж байж тус хорооны хуралдаанаар намын дэд дарга, ХЭГ-ын бүтцүүдийг албан ёсоор батлуулах ёстой.

-Одоо байгаа Үндэсний бодлогын хорооны гишүүдээ өөрчилж шинэчилнэ гэж яригдаад байгаа?

-ҮЗХ отгон хуралдаанаа хийж үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоосон. Одоо дүрмэнд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Үндэсний бодлогын хороо буюу нийт 380 хүн сонгогдож орж ирэх юм. Хуучин ҮЗХ 228 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан. Тухайн аймаг орон нутагтаа хэн илүү үнэлэгдэнэ, намын гишүүдийн дунд хэн нэр хүндтэй байна тэр хүн гарч ирнэ. Бүх гишүүдээсээ яагаад сонгох гээд байна вэ гэвэл өмнө нь нам доторх фракциудын тохироо, тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн дүрмийн бус үйл ажиллагааны үндсэн дээр нэрсийг гаргаж ирдэг байлаа. Одоо бол АН-ын саналын эрхтэй мянга мянган гишүүдийн саналаар гишүүдийг сонгоно.

-АН-ын бодлого, үзэл баримтлал, дүрэм шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа гэсэн. Яг ямар өөрчлөлтийг оруулах вэ?

-Ардчилал шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч ардчилсан үзэл үнэт зүйлийн тодорхойлолтууд байдаг. Өнгөрсөн 2000 онд ардчилсан үзэл баримтлалтай таван нам нэгдэхдээ үзэл баримтлал онолынхоо суурийг улам боловсронгуй болгох, үнэт зүйлээ дахин тодорхойлох, үзэл санааныхаа тугийг босгохдоо нэгдсэн нэгдмэл ойлголтод хүрч чадаагүй байдаг. АН ирэх тавдугаар сард хуралдах дараагийн их хурлаараа үзэл баримтлал, үндсэн дүрмийн эцсийн найруулгыг батална. Үнэт зүйлээ шинээр тодорхойлох, үзэл санааныхаа тодорхойлолтыг шинэчлэх зэргээр намынхаа үзэл баримтлалын онолын тулгуур зарчмыг баталгаажуулна.

-АН 1990 оноос хойш 27 жилийн дараа алдаа оноогоо эргээд нэг харах нь гэсэн уур амьсгал саяны VII их хурлаас анзаарагдсан. Нам бодлогын шинэчлэл хийнэ гэж байгаа. Бодлого шинэчлэгдэхийн сацуу АН залуучуудаа түлхүү оруулж ирэх болов уу гэсэн хүлээлт бас байна?

-Шинэчлэлд хоёрхон үндсэн гол зорилгыг тавьж байгаа. Нэгдүгээрт, үзэл санаа онолын тулгуур зарчмаа шинэчлэх юм. Хоёрдугаарт, энэ нам бодлогын нам байх ёстой. Өнөөдөр бодлогын институтийн хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Боловсон хүчин бэлтгэж, төлөвшүүлж бэлдэж гаргаж чаддаг нам байж үндэсний хэмжээний бодлогын хөгжлийг тодорхойлогч улс төрийн тэргүүлэгч хүч болж чадна. Аливаа гишүүдийг дотор нь нас хүйсээр ялгаварлан гадуурхах нь өөрөө намын гол зорилго биш юм. Залуучуудыг даргаар тавихыг залуучуудыг дэмжсэн нам болж байна гэж хараад байх нь бий. Үнэндээ аливаа улс төрийн намд ахмад үе, дунд үе, залуу үе гээд цаг үеийн төлөөлөл болгон хамтын ажиллагаа, залгамж халаа үргэлжлэн байж тэр нам зөв төлөвшинө. Түүнээс биш ахмад үеэ үгүйсгэчихээд дан залуучууд нам байгуулаад явна гэвэл тэрэн шиг худлаа зүйл үгүй юм.

-Ер нь шинэчлэл гэж үе солигдохыг хэлэх үү. Бодлого солигдохыг хэлээд байгаа юм уу, эсвэл хүн солигдохыг хэлээд байгаа юм уу?

-АН анх 1990 онд дан залуучуудын төлөөлөлтэй, цөөхөн хэдэн ахмадтай анхны ардчилсан хувьсгалыг хийж байсан. 27 жилийн дараа эргээд харахад асар олон амжилт болон алдаа хийсэн байна. Алдаа хийсэн гол учир шалтгаан нь бидэнд туршлага байгаагүй. Залгамж үе байгаагүй. Өөрсдийнхөө зөв гэж бодсон болгон руу залуу насны эрч хүчээр яваад орчихдог. Тэр нь онохоосоо илүү алдах нь их. Тэгвэл одоо АН-д туршлага хуримтлуулсан ахмад үе хэдийнэ бий боллоо. Дунд үе бий болж байна. АН-ын залуу үе бол ямар нэгэн алдааг давтах ёсгүй, дунд үеийн хийж бүтээснийг үргэлжлүүлэх ёстой. Ингэж байж нам цаашаа явна. АН-ын гишүүддээ хүрч чаддаг, үнэлэгддэг тэр хүмүүс л гарч ирнэ.

-З.Энхболд даргын үед ч фракцгүй АН гэж яригдаж байсан. Фракцгүй болж чадахгүй гэдэг нь АН-аас нэгэнт харагдсан. АН цаашид фракц төвтэй нам байх уу. Нэгдсэн бодлого төвтэй нам байх уу?

-АН фракцгүй нам байх болно. Энэ нам гишүүдийн нам байна. Хэсэг бүлэг фракциудын төлөөлөл намын бодлогыг тодорхойлдог биш, намын бодлогыг намын гишүүд нь тодорхойлдог нам болгохын төлөө л ажиллана. Тийм ч утгаараа анхан, дунд шатны намын дарга, түүний удирдах байгууллагын дарга нарыг бүх гишүүдийнхээ оролцоотойгоор зохион байгуулах гэж байна. Ингэж чадсан тохиолдолд жинхэнэ гишүүдийн нам болж чадна. Цаашдаа төрийн болон улс төрийн бүх сонгуульт томилгоот албан тушаалыг шийдэхдээ бүх гишүүдийн санал хураалтаар шийддэг зарчим руу орж байгаа. Ирэх дөрөвдүгээр сарын 6, 7-ны үед 21 аймаг, есөн дүүргийн намын дарга нар, удирдах байгууллагын гишүүдийг сонгох сонгуулийг бүх гишүүдийн дунд зохион байгуулна. Түүний дараа тавдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг мөн бүх гишүүдийн санал хураалтаар тодруулна. Цаашлаад 2020 онд УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг мөн бүх гишүүдийн саналаар тодруулна. Хуучин шиг нэг хэсэг бүлэг хүмүүс шийдээд явдаг зүйл байхгүй болж байна. Бүх гишүүдээр шийдвэрлэдэг зарчим руу ороод ирэхээр аяндаа фракц, бүлэг гэдэг ойлголт байхгүй болно. Яагаад фракц байгаад байсан бэ гэвэл намын удирдах түвшний бодлого, томилгоог шийддэг хэдхэн хэсэгхэн хүмүүст эрх нь байсан учраас амь бөхтэй оршиж байсан. Одоо эрхийг нь намын гишүүддээ шилжүүлчихээр фракц оршин тогтнох нь өөрөө утгагүй болно. Гишүүд эрхээ мэддэг болсон цагт хэн нэгэн бүлэг этгээдэд эрх мэдлээ булаалгах ч үгүй.

-УИХ-ын сонгуулийн нэр дэвшилт намын даргын үзэмжээр явагддаг байдал өөрчлөгдөнө гэсэн үг үү. Сонгуульд нэр дэвших бодолтой хүмүүс намын даргатайгаа эртнээс ажиллах юм уу, намын хороотой ажиллах юм уу гэдэг нь тодорхойгүй явж ирсэн?

-Намын бүх шатанд ажиллах ёстой. Намын удирдах бүрэлдэхүүн, намын хороо, намын гишүүд рүүгээ жигд ажиллаж байж дэмжлэг авна. Гол нь өөрийн нэр дэвших тухайн тойрогтоо ажиллана. Тухайлбал, Архангай аймгийн 1 тойрогт нэр дэвших гэж байгаа хүн тухайн тойрогт хамаарч байгаа сумдын намын байгууллага, гишүүдтэйгээ тулж ажиллах ёстой. Намын дүрмийн гол өөрчлөлт бол намын эв нэгдлийг хангах, гишүүдийн нам байлгах амласан зорилго руугаа явах юм. Ингэж байж нам өөрөө жинхэнэ шударга ардчилсан нээлттэй нам болж чадна.

-Цаашид АН-ын дарга та өөрийн харьяалагддаг “Шонхор” фракцийн эрх ашгийг эн түрүүнд тавихгүй гэдгээ хэлж байна. АН нэгдсэн бодлоготой, эв түнжинтэй нам байж чадах уу гэдгийг дахин асууя?

-Бүх асуудлыг АН-ын 180 мянган гишүүдээр шийдүүлээд ирэхээр ямар нэгэн фракц давуу эрх эдлэх боломжгүй. Надад фракцлаад байх шаардлага байхгүй. Би бүх гишүүдээсээ сонгогдсон намын даргын хувьд гишүүдийнхээ эрх ашгийг юуны түрүүнд тавина. Надад өөрийн үзэмжээр шийдэх олгогдсон эрх хэмжээ байлаа ч би тэр эрх хэмжээг эдлэхгүй.

-Хаяанд тулж ирээд буй Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэрхэн бэлдэж байна. Та ямар хүнийг дэвшүүлэх боломжтой гэж намын даргынхаа хувьд нэрлэж хэлэхээр байна?

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй. Нэр дэвшигчдийг бүх гишүүдийн сонголтоор гаргаж ирнэ. Бүх гишүүдийн санал хураалтаар гарч ирсэн нэр дэвшигч бол илүү хүчтэй, илүү зөв сонголтоор гарч ирнэ. Гишүүдийнхээ сонголтод би нөлөөлөх эрхгүй. Эхнээсээ ямар нэгэн хүн нэрлээд нөлөөлөөд явах юм бол энэ сонгуулийн утга учир алдагдана. АН-ын хувьд сонгуульд бэлдэж зөв хүнээ нэр дэвшүүлэхдээ юуны өмнө бүх гишүүдийнхээ оролцоог хангахад одооноос анхаарч байна. Нөгөө талаасаа нам яаралтай бүтцийн байгууллагуудаа байгуулах, бодлогын зөвлөлөө байгуулах, тэр бүтцээс Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр, зорилтуудаа тодорхойлох зэрэг ажлууд их байна. Улс орны тулгамдаж буй асуудал юу байна, Монголын ард түмэн Ерөнхийлөгч хүнээс юуг хамгийн ихээр хийгээсэй гэж хүсч, хүлээж байна вэ гэдэг дээр нарийн судалгаа хийнэ. Олон түмний хүсэн хүлээж буй зорилт зорилгыг тодорхойлон гаргана. Тэр зүйлийн төлөө ажиллаж чадах, сэтгэж бодох, зүтгэх хүнийг л дэвшүүлнэ дээ.

АН-ЫН БАЙРТАЙ БОЛОХ АЖЛЫГ БИД ХИЙСЭН. ДАРАА НЬ ХУДАЛДАГДСАН СУРАГ ДУУЛДСАН

-АН-ын даргын сунгааны үед болж өнгөрсөн үйл явдалтай холбоотойгоор асуух асуулт байна. Сонгуулийн үеэр таныг мөнгө тараасан тухай намын журмын нөхдөөс чинь мэдээлэл тарааж байсан?

-Ямар нэгэн дүрэм журам зөрчсөн үйлдэл гаргасан байдаг бол тэрийгээ нотлох ёстой. Эзэнтэй байх ёстой. Аливаа зөрчил, гэмт хэрэг гэдэг хохирогчтой байх ёстой, нөхцөл байдал нь нотлогдсон байх ёстой. Надад ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Надад тэгж их тараагаад байх мөнгө ч байхгүй. 20 гаруй жил эрхэлж байсан бизнес аж ахуйн суурь надад бий. Нийгмийн чиглэлийн болон барилгын чиглэлийн хоёр, гурван аж ахуй бий. Би хүнээс гуйхгүй, хүнд илүүрхээд баярхаад байх зүйлгүй. Надад уул уурхай, архи спиртийн бизнес байхгүй. Бизнесийн ашиг орлогоосоо хэр хэмжээндээ улс төрийнхөө үйл ажиллагаанд тав, арван цаас зарцуулаад явдаг болохоос биш улс орон даяар цацаад байх тийм элбэг дэлбэг мөнгө байхгүй. Надад хэн нэгэн олигархи, хэн нэгэн оффшорчинтой холбогдсон нэг ч зүйл байхгүй гэдгийг нүүр бардам хэлж чадна.

-Намын сунгааны үед таныг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд дэмжиж байгаа гэсэн яриа гарсныг та сонссон л байлгүй. Энэ яриа юунаас эхтэй гарав. Та М.Энхболдтой улс төрийн болоод энгийн хувь хүнийхээ хувьд ямар харилцаатай байдаг юм бэ?

-Миний нэр хүндийг унагаах, гутаах, сонгуульд сөрөг оноо өгүүлэх үүднээс янз янз талаас над руу шидсэн чулуу гэж ойлгож байгаа. М.Энхболдтой холбоотой л гэнэ, эсвэл Ц.Элбэгдоржийн л хүн гэнэ, эсвэл янз янзаар хочилж, гүтгэдэг. Угаасаа улс төрд орсон 27 жилийн турш есөн шидээрээ хэлүүлж ирсэн дээ.

-Намын даргын сонгуулийн үед Баянгол дүүргийн Ардчилсан намын үүрээс гэсэн хаягтай нэг бичиг эргэлзээ дагуулсан. Таныг цэрэгт байхдаа хүний амь хөнөөсөн гэдэг ч юм уу олон хэрэгт холбоотой болохыг өгүүлсэн бичиг цахимаар тараагдсан. Энэ бичиг жинхэнэ байсан уу, хуурамч байсан уу. Та өөртэй чинь холбоотой энэ зүйлд эмзэглэсэн үү?

-Надад эмзэглэх зүйл байдаггүй. 27 жилийн хугацаанд хэлүүлээгүй муу үг надад байхгүй. Нууж хаагаад айж эмээх зүйл байхгүй. Надад бусдын адил алдаж онож явсан зүйл бий. Тэгэхдээ хүнээс нуугаад байх алдаа, нууц байхгүй. Тэр бичиг санаа зорилготой, зохиомол гүтгэлгүүд явсан учраас газар аваагүй. Худалч хуурамч зүйл хол явдаг ч үгүй. Төрийн арван гурав, дөрвөн сонгуульд оролцохдоо дүүрэг, Нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр, УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод явж байна. Би олон түмнийхээ итгэлийг дааж чадаж байгаа учраас олон нийт итгэл үзүүлж байна гэж боддог. Хэрвээ олон түмний итгэлийг алдсан бол удаа дараа сонгоод байхгүй л байлгүй. Би хэзээ ч тойрог сольдоггүй. Баянголчууддаа би хэлдэг юм. Хэрвээ улс төрөөс тэтгэвэрт гарах цаг болсон гэж үзэх юм бол Баянголоосоо тэтгэвэрт гарна гэж хэлдэг.

-Та АН-ын дарга болсноор Баянгол дүүргийн АН-ын ажлаа хүлээлгэн өгөх үү. Давхар хашиж болдог бил үү. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан нь намын дарга болно гэсэн дүрмээр бол та дүүргийн Засаг дарга С.Одонтуяад дүүргийн намын даргын ажлаа хүлээлгэж өгөх үү?

-Намын хороо хуралдаад өөрсдөө шийдэх байлгүй. АН-ын дарга болсноор дүүргийн намын даргаа өгнө гэсэн дүрэм ч байхгүй, өгөхгүй гэсэн дүрэм ч байхгүй. Би АН-ын даргаар сонгогдоод хэдхэн хонож байна. Дүүргийн намын хороо хуралдаад хэн нь миний ажлыг авах вэ гэдгийг дүүргийн намын хорооны гишүүд маань шийднэ байх.

-АНсая албан ёсны байргүй болчихсон байсан. Хуучин АН-ын төв байрыг хэн гэдэг хүн хэдэн төгрөгөөр хэнд зарчихсан юм бэ. Одоо шинээр төвхнөсөн байгаа “Ардчиллын өргөө” байр чинь түрээслэх журмаар явж байгаа юу?

-Тухайн үеийн НИТХ-д АН-аас гурвуулхнаа байсан Ш.Алтангэрэл, Д.Нямхүү бид гурав хөөцөлдөж байж Нийслэлээс тогтоол гаргуулж Соёлын төв өргөөний хүзүүвч гэж нэрлэж буй байрыг 324 сая төгрөгөөр худалдаж авч байсан. АН-ын байртай болох ажлыг бид хийсэн. Дараа нь худалдагдсан сураг дуулдсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж юунд зарцуулсан тухай одоогоор би мэдэхгүй байна.

-АН-ын байр хэний үед худалдагдсан билээ?

-Намын дарга Н.Алтанхуяг дарга байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь байсан.

-Одоо байгаа байр таны хувийн өмчийн барилга уу?

-АН-ыг өөрийн гэсэн байртай болох хүртэл АН-ын төв байр энд байрлана. “Ардчиллын өргөө” байрны дөрөв, тавдугаар давхарт нийтдээ 1200-гаад м.кв талбайд үйл ажилагаагаа явуулж байна. Одоо байрлаж байгаа байр түрээсийнх. “Шинэ дэвшилт холбоо”-ны өмчлөлд байдаг байр. Мэдээлэл сургалт үйлчилгээний төв болон олон нийттэй харьцдаг хэлтэс газрууд байрлаж ажиллаж байна. Цаашдаа намын байрыг олон мянган гишүүнтэй нам юм чинь шийдээд явах боломжтой.

-АНөнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн эрхийг олонхоороо барьж байхдаа намын дотоод зөрчил тэмцэл олонд ил болтлоо даамжирсан. Ямар учир шалтгаанаар эв нэгдэл муутай, зөрчилтэй явсан юм бэ. Та дотор нь байсан хүний хувьд сайн мэдэрсэн байх?

-Өнгөрснөө шүүмжлээд алдаа оноогоо дөвийлгөөд байх шаардлага байна уу даа. АН өөрөө нэгдмэл цул нэг нам болж чадаагүй нь л үр дүн. 2000 онд таван тэс өөр нам нэгдсэн. Тэр үеийн Монголын ардчилсан нам, Үндэсний ардчилсан нам, Сэргэн мандлын намууд гэхэд төв барууны чиглэлийн үзэл баримтлалтай, Социал демократ нь зүүний чиглэлтэй нам, шашны урсгалын Шашны ардчилсан нам гээд таван өөр нам нэгдэхдээ үзэл санаа, үнэт зүйлийнхээ хувьд нэгдмэл байр сууриа бүрэн тодорхойлж чадаагүй. Нэг угшил дээрээ үүссэн ч фракц буюу бүлэглэлүүдийн бөөгнөрөл бий болсон. Яваандаа намын дотоод эрх мэдлийн төлөөх тэмцэл болж хувирсан. Сая өнгөрсөн хугацаанд засаглаж байхад АН-ын гол алдаа бол намын дотоод эв нэгдэл тааруу байсных. Үүнд дүгнэлт хийж АН-ын суурь шинэчлэлдээ бүлэглэлүүдийн эрхшээлээс салсан, гишүүдийнхээ сонголт үйл ажиллагааг дэмжсэн нам болж хувирах чиглэл рүүгээ эрчимтэй өөрчлөлт хийх гэж байна. Ингэж зоримог шийдэмгий алхмууд хийж буй нь өнгөрсөн хугацаанд гаргаж ирсэн бүх алдаанд цэг тавих өөрчлөлт болно гэж харж байгаа.

-Энэ УИХ-ын танхимд АНарайхийн бүлэг байгуулах хэмжээнд суудал авсан. Цөөнхийнхөө үүргийг хэр сайн гүйцэтгэж чадаж байна вэ?

-Өнгөрсөн долоон сарын хугацаанд УИХ дахь АН-ын бүлэг маш хүчтэй цөөнхийн бүлэг байж чадсан. Наймдугаар сарын 25-нд эхэлсэн ээлжит бус чуулган дээр эрх баригчид амлалтынхаа эсрэг, ард түмнийхээ эсрэг явуулж байсан олон буруу бодлогуудыг олон түмэнд ил болгосон. Ингэснээр арга буюу ихэнхийг нь эргүүлж татуулж чадсан. Өнөөдрийн эрх баригчид 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ барьсан мөрийн хөтөлбөрийнх нь зорилт худлаа байжээ гэдгийн үнэн нүүр царайг ил болгож чадсан. Хэдийгээр АН-ын бүлгийн гишүүд есүүлхнээ ч гэсэн Монголын ард түмний дуу хоолой болж тэдний хяналтыг тавьж хэрэгжүүлж чадсан.

ЯМАР Ч АЖЛЫН АРД ГАРЧ БАЙЖ САНАА МИНЬ АМАРДАГ. ЭНЭ ЧАНАР МААНЬ АЛДАХ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ОЛОН ЭЕРЭГ ҮР ДҮНГ АВЧИРДАГ БОЛОВ УУ

-Та ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлж байв. 1990 оны ардчилсан хувьсгалд та ямар сэжмээр татагдан орж байв. Үүнийг АН-ын дарга болсон энэ цаг үед эргээд нэг дурсая?

-Багануурын зөвлөлтийн барилгын байгууллагын Монгол ажилчдын захиргаанд бригадын даргаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1989 оны намар МУИС-ийн байранд анхны цугларалт дээр Нэргүй доктор, Бошигт гуай зэрэг анхны нөхдүүдийн уулзалтууд дээр оролцож байсан. Ухуулах хуудас гудамж талбайд тарааж, наадаг үйл ажиллагаанаас эхлэн ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд татагдан орсон доо. Тэгээд Залуучуудын Соёлын төвийн үүдэнд болсон анхны жагсаал цуглаанд оролцож байлаа. Дараа нь Дуурийн театрын үүдэнд, МоАХ-ны анхдугаар их хурал гээд бүхий л арга хэмжээнд оролцох болсон. Би тухайн үедээ тэргүүлэх эгнээнд ордоггүй, ар талын ажлууд дээр голчлон ажиллаж, цуглаан болох бэлтгэл ажлыг хангах зэрэг ажлуудад оролцдог байсан. 1992 онд олон нийтэд ил гарч ажилласан анхны сонгуульт ажил бол 1992 оны Ардын Их хурлын депатутын сонгуульд Хайлаастын 12 дугаар тойрогт Хууль зүйн сайд байсан Даш.Ганболдын шадар туслахаар ажилласан. Даш.Ганболд МАХН-ын дарга “буурал” Г.Очирбаттай өрсөлдсөн. Мөн ирц хүрээгүй дахин сонгуульд Хан-Уул дүүрэгт П.Жасрай, Э.Бат-Үүл хоёр өрсөлдөхөд би Э.Бат-Үүлийн шадар туслахаар ажиллаж байсан. Тэгээд УИХ-ын сонгуульд гурван нам нийлсэн АН-ын төв штабын даргаар ажилласан үеэс ил гарч олонд танигдсан. 1992 онд Баянгол дүүргийн намын даргаар томилогдож, 1996 онд дүүргийн Засаг дарга болсноос хойш улс төрийн тойрог дотор байна.

-Та Багануур дүүргийн АН-ын хорооны даргаас эхлээд Баянгол дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, яамны сайд, Нийслэлийн АН-ын дарга, төв АН-ын дарга зэргээр та улс төрийн сонгуульт албан тушаалыг тасралтгүй хашиж ирлээ. Таны улс төрийн карьер хаана хүрээд зогсох бол гэдэг нь сонирхолтой санагдаж байна. Магадгүй Ерөнхийлөгч болсноор зогсох уу?

-Би өөрийнхөө зорилгод хүрэхэд анхаардаг. Түүнээс би хэн болох нь сонин биш. Өнөөдөр миний толгойлж удирдаж байгаа байгууллага маань хэр амжилттай ажиллаж чадах уу, улс төрийн ямар ялалт байгуулж, зорьсон зорилгодоо хүрэх вэ гэдэг нь чухал. Жишээ нь, би Баянгол дүүргийн АН-ын даргаар ажиллах хугацаандаа энэ дүүрэг маань орон нутаг болон УИХ-ын сонгуульд цөөнгүй ялалт байгуулж ирлээ. Дүгнээд харах юм бол улс төрийн зорилго үүргээ боломжийн биелүүлсэн байна. Намайг Нийслэлийн намын дарга байхад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэл анх удаа 55 мянган саналаар илүүрхэж сонгуульд ялалт байгуулсан. Миний удирдаж байсан, гаргаж байсан амжилт үр дүн надад маш чухал. Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллахдаа нийтдээ 40 орчим хууль санаачилснаас 37, 38 хуулийг өргөн барьж батлуулсан. Нийгмийн хамгааллын чиглэл рүү шинэчлэл хийж чадсан. Олон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг босгож чадсан зэрэг ярих юм бол үр дүнтэй олон ажлууд бий. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 14 мянган хүүхэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хөгжлийн үндэсний анхны төвтэй болох ажлыг эхлүүлсэн. 2018 онд ашиглалтад орно. Энэ нь тухайн байгууллагын даргаар ажиллаж байх хугацаанд гарсан ажлын л үр дүн. Би эргээд хийсэн ажлаараа бахархдаг. Энэ миний хувьд зорьсон зорилго минь юм. Ажлын үр дүн чухал болохоос би ямар албан тушаалд хүрэх вэ гэдэг нь сонин биш. АН-ын даргын хувьд мэдээж эхний сорилт болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах зорилтыг тавьж байна. 2020 онд төрийн бүх шатны сонгуульд АН-ыг ялагч байлгахын тулд, монгол төрийн хөгжлийн бодлогыг тодорхойлсон улс төрийн тэргүүлэгч хүчин байх нөхцөлийг хангахад гол зорилгоо тээж байна. Тэгж чадсаны дараа, үр дүн гарсны дараа бол би өөрийгөө хоёрдугаарт, гуравдугаарт ярьж болно.

-Төрийн эрхийг барих чадвартай нам Монгол Улсын хөгжилд оролцох маш том субьектын нэг болдог. Та ийм том эрх мэдэл, үүрэг хариуцлагын гараан дээрээс юуг чухалд тавьж, юунаас эмээх ёстой гэж бодогдож байна вэ?

-Намын гишүүн бүр нь өөрийн эрх мэдлийг мэдэрсэн хариуцлагаа хүлээдэг нам хамгийн хүчтэй нам байдаг. Гишүүн гэдэг үнэ цэнээ мэдэрсэн хүн хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би энэ намд хэрэгтэй ч юм уу үгүй юм уу гэдгээ мэдэрдэггүй, ойлгодоггүй гишүүнтэй нам угаасаа хүч султэй байдаг. Бидний зорьж буй гол зорилго бол нэгдүгээрт, гишүүдийн, бодлогын нам болгох. Хоёрдугаарт зорилтон дээрээ тулгуурлаад монгол төрийн бодлого, үйл ажиллагаа, монгол түмний оролцоон дээр суурилж байх ёстой юм. Иргэн нэг бүрийн оролцоотой нийгэм байгуулахын төлөө ажиллана. Тэгж байж төр улс хүчирхэг байна. Өнөөдөр иргэдийн оролцоо байхгүй, иргэдээсээ тасарчихсан тодорхой хэсэг бүлгийн бодлогын хүрээнд явдаг төрийн тогтолцоотой улс орон цааш хөгжихгүй. Намаа эхлээд гишүүдийн нам болгоё. Хэрвээ АН ингэж төлөвшиж чадах юм бол энэ нам төрийн эрх авахаараа төрийн бүх шатны бодлогыг иргэдийн оролцоотой ардчилсан нийгэм байгуулахын төлөө л ажиллана.

ЗЭЭЛ АВСНААР ҮҮССЭН ХҮНД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АРГАЦААХАА СЭЕРЭГ ҮР ДҮН ӨГНӨ ГЭЖ ХАРАХГҮЙ БАЙНА

-Улс орны анхаарал татсан сэдвийн дор асуулт асууя. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ноцтой хэмжээнд хүрсэн эгзэгтэй нөхцөлд өрийн дарамтыг хэрхэн шийдвэрлэх гарц танд харагдаж байна?

-Бүх зүйлийг боломжгүй талаас нь хараад байх аваас боломжгүй хэвээрээ л байна. Монгол орон хязгааргүй нөөц, боломжтой цөөхөн улсын нэг. Байгалийн асар их баялаг, монгол хүний өөрийн оюуны потенциал, чадавх өрсөлдөх чадвараараа дэлхийд дээгүүр орно. Хувь хүн хөдөлмөрлөөд сэтгээд зүтгэвэл тодорхой амжилтад хүрч болдог. Үүнтэй адилаар ажиллаж хөдөлмөрлөх орчин нөхцөл, сэтгэлгээг бий болгох зайлшгүй хэрэгтэй юм. Гадаад өрийн асуудал сэтгэл зовоох хэмжээнд хүрсэн үү гэвэл хүрсэн. Гэхдээ өнөөдөр дэлхийгээр дүүрэн боломж, мөнгө байгаа. Яагаад тэр боломжоос Монголдоо авчрах хэмжээнд төр барьж байгаа нөхдүүд сэтгэж чадахгүй байгаа юм бэ. Уул уурхайг харсан тулгуурт ганц эдийн засгийн бодлого дээрээ суучихаад өөр зүйлийг сэтгэж боддоггүй төр байгаа цагт яаж улс орон өрнөөс гарах юм бэ. Сүүлийн арав гаруй жил уул уурхай дээрээ түшиглээд хэдэн төгрөг олохоороо халамж нэрээр бэлэн мөнгө тараах нь төрийн явуургагүй алдаатай бодлого байсан гэдгийг харлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад ирэхээр дагаад улс орны эдийн засаг унаж буй нь гадаад зах зээлээс хараат эдийн засагтай улс орон явахгүйг харлаа. Монголд өөр олон боломж байгаа. Яагаад дөрөвхөн жилээр асуудлыг хараад байгаа юм.

-Өнгөрсөн дөрвөн жил АНЗасгийн эрх барьсан хугацаандаа олдсон боломжоос юуг нь хийж чадсан бэ. Аль ч намын, аль Засгийн эрх барьж буй үед гаднаас зээл авахдаа зарцуулалт нь хяналтгүй, төдийлөн үр дүнгүй байгаа тухай шүүмжлэл өнөөдөр яригдаад байгаа биш үү?

-“Чингис бонд”-ын зээлийг нийт 1080 төсөлд олгосон. Эхнээсээ үр дүн харагдаж байна. Жишээлбэл, Монгол Улс өнгөрсөн жилээс эхлэн анх удаа цементийнхээ хэрэгцээг дотоодоосоо хангадаг болсон. Жижиг, дунд үйлдвэрүүд ашиглалтад түрүүчээсээ орж байна. “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларын нийт олгосон зээлийн ихэнх нь тодорхой хугацааны дараа эргэж төлөгдөнө. Төсвөөс төлөгдөх зам харилцаа, эрчим хүчний, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг эс тооцвол жижиг, дунд үйлдвэрүүдийн авсан зээлүүд хариуцах эзэнтэй, хугацаатай төлөгдөнө. Гэтэл “Евро бонд”-ын 580 сая ам.долларын зээл өнөөдөр төлөгдөх үү. 580 сая ам.долларын зээлийг төр өнөөдөр бүтнээр нь төлөх гээд гаднаас мөнгө хайгаад сууж байгаа биз дээ. Энэ хоёрын хооронд өдөр шөнө шиг ялгаа байгаа биз. Уг нь гадаад өр зээл гэдэг бол айгаад байх зүйл биш. Үр ашигтай зээл, зөв бодлого хоёр уялдаж явдаг. Мөнгийг зөв босгож зөв зарцуулаад зөв төлж чадаж байвал үр ашигтай бодлого юм. Зээл болгон муу гэсэн үг биш.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төр эргээд авчихлаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би 49 хувь дээр УИХ-ын чуулганы танхимаас, Хууль зүйн байнгын хороон дээр байр сууриа хангалттай илэрхийлсэн. Одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь дээр шалгалт хийгдэж гадаад, дотоод холбогдох байгууллагуудын байр суурь, дүгнэлт удахгүй албан ёсоор гарна. Асуудал зөв байж уу буруу байж уу гэдэг нь гарна. Би энд ардын баатар болох гээд цээжээ балбаад олон юм яриад байх шаардлага байхгүй. Хууль дүрэмгүй асуудал гэж дэлхийд хаана ч байхгүй. Ер нь хувийн өмчийг нийгэмчилж байгаа асуудал хөгжингүй улс оронд хэзээ ч зөв гэж харагдаггүй.

-Хамгийн сүүлийн мэдээллээр Засгийн газар Олон улсын Валютын сантай хамтран хөтөлбөрт хэрэгжүүлж зээл авахаар боллоо. Чанга хатуу нөхцөлтэй гэх уг зээлд хамрагдсанаар манай улсад ямар нөхцөл байдал бий болох вэ?

-Бүх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг Олон улсын Валютын сангийн заавар зөвлөгөөгөөр явуулна гэсэн үг. Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогодуудаа хасч танана. Татвар нэмэгдэнэ гэх мэтээр санхүү эдийн засгийн хатуу горимд шилжинэ дээ. Энэ нь нийгэмд таатай уур амьсгал, таатай нөхцөл үүсгэхгүй л дээ. Ийм байдалд оруулсан улсууд өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой. Анхнаасаа эдийн засгийн бодит нөхцөлийг зөв тооцож улс төрийн зөв бодлого барьж байсан бол өнөөдөр ийм байдалд хүрээ ч бил үү. Хариуцлагагүй нөхдүүд хариуцлагагүй мэдэгдэл гаргаж олон улсын зах зээлд Монгол Улсын эдийн засгийн чадавх, боломжийн талаарх ойлголтыг үндсээр нь буруу сигналыг өгсөн. Олон улсын бусад байгууллагаас санхүүгийн дэмжлэг зээл тусламж авах боломжуудыг өөрсдөө хаасан. Үүссэн хүнд нөхцөл байдлыг аргацаахаас эерэг үр дүн өгнө гэж харахгүй байна. Яг ийм нөхцөлд орсон Украйнаас жишээ татахад гялайж гялтайхаар өөрчлөлт орсон байдал харагдахгүй байна.

Ярилцсан Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Дархадын хотгор, Тайгын заставт амьдрал өрнөж байна (II)

Түрүүч нь №044 (5611) дугаарт


Хилчид алдарт дархадын цагаан адуугаар хилээ манаж яваа нь

Хөвсгөлийн дархадын өлгий нутагт Улаан-уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Баянзүрх сумд хамаарна. Дархадууд ихэвчлэн бөө мөргөлийг шүтдэг бөгөөд олон арван удган зайрантайгаараа нэлээд алдартай. Дархад ястан нь хар дархад, ухаа дархад, шарнууд зэрэг дотроо 32 овогтой гэгддэг ажээ. Дархадын хотгороор аялж байхад хаа нэг айлын зуслангийн хашаа, хороо үзэгдэхээс өөр аниргүй, нэвсийсэн их цастай хөндийд нэг ч амьд амьтны мөр гараагүй бичиггүй цагаан цаас шиг нэлийсэн л их уул, тал толгод харагдана. Эндхийн мал сүрэг нь хүртэл байгаль цаг уурынхаа нөхцөлд ихэд дассан, зориулагдсан мэт байдаг аж. Тухайлбал, дархадын цагаан адуу бүдүүн ястай, өргөн хөлтэй туулах чадвар сайтай, хүч ихтэй, их цасанд ажралгүй зүтгэдэг, уналга эдэлгээ сайн даадаг онцлогтой. Дархад цагаан адуу нь тайгын заставуудын хилчдийн гол уналга болсоор иржээ. Мөн энэ жил аймгийн захиргаа, хилийн цэрэг хамтран “нэг мянгат, нэг агт”хөтөлбөр хэрэгжүүлж, Хөвсгөлийн мянгат малчид хилийн цэрэгтээ нэг, нэг адуу бэлэглэсэн гэж байлаа. Мөн дархад нутагт хоргын улаан монгол гэж жижгэвтэр биетэй, том толгойтой, хүйтнийг тэсвэрлэх, цасанд туулах чадвартай үхэр элбэг.

Улаан-Уул сумын ИТХ-ын дарга Б.Бүрэнчөдөр ярихдаа “Дархадууд нэлээд дайчин, шударга. Хүний сайн талыг хараад тултал магтаж, мууг нь нүдэн дээр ил хэлж, ёгтолж, хошин дуу болгочихдог. Зоригтой шийдэмгий, хүч бяр ихтэй эрчүүд ч олон. Сайн муу алинд нь ч тэмүүлсэн бол эцэст нь хүрч чаддаг хүмүүс. Тиймдээ ч дархадууд урлагийн их өв сантай. Маш олон алдартай дархад дуу бий. Самгалдай дуу энэ жил 30 жилийнхээ ойтой золгож байгаа. Пунцагийн Бадарч гуайн манай нутагт ирээд бичсэн “Дархадын цэнхэр хотгор” гэж алдартай дуу байдаг шүү дээ” хэмээн ярилаа.

Улаан-Уул суманд хилийн 0298 дугаар салбар байх. Энэ заставын дарга, ахмад Э.Ганбаатар гэж мөн л сумын начин цолтой эр байна. Эдний застав цэрэггүй, ахлагч офицеруудтай. Тэд өөрсдөө хилийн манаанд явж хилээ хамгаалдаг гэдгээрээ онцлогтой. Энэ заставын удирдлагууд өөрсдийн нөөц боломжоо ашиглаж, бялдаржуулах төв нээсэн байгаагаас харахад нэлээд спортлог хамт олон болох нь ажиглагдаж байв. Дархадын сумд өвөлдөө битүү цастай байдаг учраас цэцэрлэгийн хүүхдүүдээ болон ус түлээгээ зөөхдөө чарга л голдуу хэрэглэх юм билээ.

Бид эндээс цааш Цагааннуур суманд байх хилийн застав, тайгын цаачны отгийг зорилоо. Энэ замд гэхэд л 300 гаруй гол нууртай. Бид манай орны хамгийн өндөр хүрхрээтэй Арсайн гол болон Гуна голоор давхисаар Цагааннуур суманд ирлээ. Энэ сум Цагааннуур гэх томоохон нуурын эрэг дээр байх аж.

Цагааннуурын заставынхан мөн л ахлагчаас бүрдсэн баг, цэрэггүй застав гэсэн үг. Эндхийн хилчид өвөлдөө дархад цагаан адуугаа эсвэл цаагаа унаад хилийн манаанд гардаг байна. Унаа тэрэг явах боломжгүй тайга, гол нуур ихтэй тул зарим тохиолдолд морин чаргаар, эсвэл явган явах ч үе бий гэнэ. Тухайлбал, биднийг очиход таван цагаан адуу унаад өнгөлөн далдлалтын цагаан хувцсаар жигдэрчихсэн манаандаа гарч байх жишээний. Учир нь хилийн зөрчил илрүүлэхийн тулд өвөлдөө цагаан цаснаас ялгагдахааргүй болж аваад уулын модоор явдаг байна. Харин зундаа модтой ижил ногоон өнгийн өнгөлөн далдлалтын хувцас өмсөөд цуваагаараа чимээ гаргахгүй, хилч нохойгоо дагуулаад явцгаана. Цагаан нуурын заставын “Норд” гэж хилч нохой хилийн цэрэгтэй танигдсан чадварлаг хилч ажээ. Хилийн цэргийнхэн өөрсдөө нохой сургалтын төвтэй бөгөөд нэг нохой нэг л эзэнтэй байна. Эзнийхээ хэлсэн ёсоор үүрэг гүйцэтгэнэ. Эзэн тушаал өгөөгүй байхад ноход өөр хүний үгэнд орж, үйлдэл хийх нь ховор юм байна.

Бид Цагааннуур сумаас гарч зүүн хойд чигт нь уулын замаар явсаар зүүн тайгын цаачны отогт очлоо. Энэ сумын малчид нь ихэвчлэн цаачид, сумын хэмжээнд 200 гаруй цаачин айл байх аж. Цаачин айлууд тав арваараа нутагладаг юм байна. Бид Хил хамгаалахад туслах хүчний гишүүн, цаачин С.Ганбат гуайнд очлоо. Тэднийх 12 метр квадрат хэртэй жижгэвтэр дүнзэн байшинтай, хажуу талд нь дүүгийнх нь мөн тийм байшинтай, харин хүүгийнх нь болон хүргэнийх нь гэсэн хоёр айл хажуухан талд нь урцанд аж төрж байна. Энэ отог ойр зуурын уналгын хэдэн цаагаа авч хоцроод бусад 60 гаруй цаагаа ууланд гаргасан байгаа гэнэ. Эндээ өвөлжчихөөд хавар дөрөвдүгээр сард цааш хаваржаандаа буухдаа цаагаа цуглуулдаг байна. Харин зургадугаар сард дахин цааш нүүж, Буриадын хилийн наахнатай очиж, уулын хярд нутагладаг ажээ. Цаачид бидэнтэй дархад аялгаар ярих хэрнээ, өөр хоорондоо болохоор голдуу цаатан, тува хэлээр харилцчихдаг юм байна. Өмнө нь цаатнууд хөгширсөн ганц нэг цаагаа хүнсэндээ төхөөрөмж хэрэглэх, сүүг нь саах болон ихэвчлэн ан хийж, ангийн махаар л амьдардаг байсан гэнэ. С.Ганбат гуай ярихдаа “Би удам залгасан цаачин хүн. Үр хүүхдүүдээ ч цаачин болгож байна. Бид энэ уул нуруунд цаагаа маллаад хэдэн үеэрээ амьдран суух ёстой. Тэгэхгүй бол энэ сайхан ой тайга минь эзгүйрнэ шүү дээ. Бидэнд тэтгэмж гэж сар бүр 130 мянган төгрөг өгдөг болсон нь их нэмэртэй байна, барагтай бол бид ан хийхээ больсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний амьдралтай танилцаж, ийм шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгаад бид ихэд баярладаг” гэж ярилаа. Хэдий тайга ч гэлээ биднийг очих үед цаг агаар дулаахан байж таарлаа. Цаг агаар хүйтэн, цас ихтэй байх тусам цаа сайн таргалдаг аж. Мөн айлууд цааны гол идэш болох хөвд гэх өвс ихтэй газраа дагаж нүүцгээдэг байна. Цаа ямар ч их цастай байсан өвс тэжээлээ хөлөөрөө малтаад идчихдэг юм байна.

Манай аяллын багийнхан цаа унаад л хэд алхав уу үгүй юү цаан дээрээс ойчоод байлаа. Цаан дээр мордохдоо хожуул дээр зогсож байгаад юм уу эсвэл урт модоор тулаад их зөөлөн суух ёстой аж. Тэгэхгүй бол цааны нуруу маш эмзэг учир амархан хугарах аюултай. Мөн мордсон хойноо тэнцвэрээ олохын тулд биеэ суллах шаардлагатай. Тэгэхгүй бол цаа их уян хатан биетэй учраас хажуу тийш эргэхдээ могой шиг нахилзаад л, унаж сураагүй бид ойчоод өгөх юм.

Энэ цаачны отогийн зүүн доохно тал руу уруудаад Хар нуур гэж нуур байх. Энэ нуурын эрэг дээр “Содура” киноны зураг авалтыг хийсэн гэх юм билээ. Цагаан нуурын тайгаар мөн л нэвсийсэн их цастай, зуд ихтэй, мал нэлээд ядарч турж эцэж байгаа гэнэ. Мөн энд зун богинохон болдог. Хавар урт учраас ирэх хаврыг хэрхэн давна даа гэцгээсээр малчид зутрангуй л харагдана лээ. Тайгад зургадугаар сард л нэг юм цас хайлж, эргээд наймдугаар сараас эхлээд л цас орчихдог гэнэ. Энэ өвөл мөн л нэлээд эрт цас орж. Арваннэг, арванхоёрдугаар сард 50 хэм хүртэл хүйтрэхэд малчид бичин жил гэдэг нь ийм л хүйтэн өвөл байх нь гэж ихэд сандарсан гэж байлаа. Дархадын хотгорын айлууд болон хилийн заставынхан олон төрлийн жимсний шүүс, жимсний чанамлаар зочдоо их дайлах юм. Тэнд хамгийн элбэг идээ жимс аж. Мөн загасны мах нэлээд байна лээ. Гэхдээ Цагааннуур өмнө нь цагаан загас элбэгтэй байсан ч одоо нэлээд ховордсон байна. Загас агнахыг хориглочихоод байгаа ч хулгайн загасчид буурахгүй байгаа янзтай харагдах юм.

Цагааннуур сумаас гарч бид Ренчинлхүмбэ сумаар ороод, Хорьдолын даваагаар давж давхисаар Хөвсгөл нуурын баруун захаар, нуурын замаар 70 гаруй километр яваад Хатгал тосгонд ирлээ. Хөвсгөл нуурт 99 гол цутгаж, нэг гол эх авна. Мөсөн дээгүүр машинтай явахад мөс дуугараад л толь шиг мөсний цаанаас нуурын чулуу хүртэл харагдаад их л сүртэй. Хөвсгөлийн жолооч нар бол мөсөн зам хараад засмал дээр давхиж байгаа мэт явах. Харин хотоос очсон, мөсөөр явж сураагүй жолооч нар багагүй сандардаг бололтой юм. Нуурын мөс хагараад овойсон байхыг цагаан хил, хагарч ангал үүссэн байхыг нуурын хар хил гэх аж. Хар хилтэй хэсгээр явахад осолтой. Гуравдугаар сарын сүүлээс эхлээд мөсөөр явахыг хориглодог ч нутгийнхан нуур хайлж байхад ус үсчүүлээд л давхиад байдаг гэнэ. Нуурын энд тэнд мөс цоолчихсон нутгийн иргэд загас барьж байна лээ. Мөн гуравдугаар сарын 3-нд мөсний баяр болох гэж байгаа. Энэ баярын үеэр Японы хан хүү айлчилж ирнэ хэмээн Хатгалын жуулчны баазууд зочдоо хүлээж авахдаа бэлдээд түмэн завгүй байв. Мөрөнгийн төвийн айлууд Могойн голынхоо нүүрсийг нэлээд түлдэг болсон учир бараг хотоос дутахааргүй утаатай байна. Харин зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ хямдарчээ. Тухайлбал, намар 10 мянган төгрөгийн үнэтэй байсан лаазалсан цагаан загас 4000 болчихсон байх жишээний, мөн утсан цагаан болон хар загас нэг килограмм нь өмнө нь 20 мянга гэдэг байсан бол одоо 10 мянга гэж байна. Гэхдээ утсан загасыг наймаачид нууцаар зарж байна лээ. Нутгийн иргэд ярихдаа “Манай эндхийн наймаачид их увайгүй ээ. Аялал жуулчлалын үе эхлэхээр зарим бараа, нутгийн брэнд бүтээгдэхүүнээ хэтэрхий өндөр үнээр зараад хүмүүсийг хашраачихдаг юм” гэж байв.

Categories
мэдээ цаг-үе

Н.Гэрэлт-Од дуулж байна

Төгөлдөр хуурын дэргэдээс яаранхан босч хөгжмийн хэмнэлд алхаагаа засч тайз голлон зогсоод,

…Алтан наран хэвийх зүгт

Алтай сайхан нутаг минь бий

Алтай сайхан нутагт минь

Азай буурал ээж минь бий хэмээн “Цэргийн бодол”-ыг дуулах цэрэг хувцастай, нуруулаг бор дуучны дүрийг та бид зурагтаар хааяа нэг хардаг. Энэ бол дуучин Н.Гэрэлт-Од. 1960 оны сүүлээс 1990-ээд он гартал Монголын дууны урлагт өөрийн дуу хоолой, дуулах авьяасаараа гайхагдаж тухайн үедээ нийтийн дууны од хэмээн мандаж, ард түмний хайртай дуучдын нэг явсан эрхэм хүмүүн.

Дуучин Н.Гэрэлт-Одын түүх намтрыг сонирхож ээ суухад энэ хүн Монголын урлагийн яалт ч үгүй нэгэн хэсэг нь байжээ гэдэг нь ойлгогдоно. Хөгжим бүжгийн дунд сургууль, Цэргийн дуу бүжгийн чуулга, Ардын дуу бүжгийн чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлаг гээд Монголын хөгжмийн том том байгууллагаар дамжсан, тэнд дуугаа өргөж, алтан үеийнхэнтэй мөр зэрэгцэн явж гадаад дотоодын тайзнаа Монголын нэрийг гаргасан уран бүтээлч.

Дуучин Насангийн Гэрэлт-Од Төв аймгийн Баян-Өнжүүл сумынх. Хэрвээ өнөөдөр та бидний дунд амьд сэрүүн байсан бол энэ сарын 18-нд 70 насны босгоо алхах байжээ. Тэрээр 1947 оны хоёрдугаар сарын 18-нд мэндэлжээ. Айлын өргөмөл хүү байсан бөгөөд төрсөн нутаг нь Төв аймгийн Угтаалцайдам сум юм байна. Н.Гэрэлт-Одын эгч Ё.Лавдмаа гуай одоо Улаанбаатар хотод амьдран сууна. Тэрээр “Дүүгийн маань ажил явдлаар төрсөн ах дүүс нь ирсэн юм. Угтаалын сангийн аж ахуйн улсууд гэж сонссон. Тэрнээс хойш тэдэнтэй дахин холбогдсонгүй. Гэхдээ Гэрэлт-Одын маань өргөж авсан ээжийнх нь хамаатан байдаг юм, зохиолч Цэвэгмэдийн Нацагдорж гэж. Тэр хүн дүүгийн минь тухай ном бичнэ гэж багынх нь зургуудыг аваад явсан юм. Ном нь хэвлэгдчихвэл их сайхан үйл явдал болох байх” гэлээ. Н.Гэрэлт-Од 1954 онд эгч Ё.Лавдмаатайгаа нийслэлийн тавдугаар дунд сургуульд долдугаар анги хүртлээ хамт сурчээ. Дараа жил нь Н.Гэрэлт-Од дүү нь Төмөр замын хорьдугаар дунд сургуульд суралцаад улмаар Хөгжим бүжгийн дунд сургуульд элссэн байна. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Өлзий-Оршихтой их дотно сайн найзууд байжээ. Арван жилд байхаасаа дуулж хуурдаж, томчуулаас магтаал сонсч ирсэн Н.Гэрэлт-Од хүү Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэн орсноор тэр үеийн Монголын сор хүмүүсийн хараанд өртжээ. Тэдний нэг нь Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад. Б.Зангад гуай шавийнхаа талаар “Гэрэлт-Од маань их цовоо сэргэлэн, нягт нямбай, нуруулаг хөөрхөн хүү байж билээ. 64, 65, 66 оны үе шүү дээ. Ааш зан сайтай гэж жигтэйхэн. Багшийн хэлсэн үгийг маш анхааралтай сонсч хүлээн авдаг сурагч байлаа. Сурагчийн дүрэмт хувцастай өндөр хүү л гүйдэг байсансан. Ийм олон сайхан зан чанар нь дуулах ухааныг өөртөө шингээхэд их тус дөхөм болсон болов уу гэж боддог юм. Манай хүн чинь УАДБЧ-д ажиллаж байгаад ЗХУ-ын Уралын Хөгжмийн дээд сургуулийг найрал дууны чиглэлээр төгсч ирээд Цэргийн дуу бүжгийн чуулгад орсон юм. Дуулах ухаан, дуулахуйн ухааныг биедээ шингээж чадсан, их өвөрмөц хоолойтой сайн хүү байсан юм шүү” хэмээн дурслаа.

Тухайн үед түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүмүүс юу өмсөж, идэж уух, хэнтэй найзалж нөхөрлөх хийгээд хувь хүний асуудалд нь хүртэл дээрээс оролцдог, хянадаг байсан цаг. Дуучин Н.Гэрэлт-Одод гэр бүлийн тал дээр тогтворгүй гэдэг “онош” тавьж аливаа шагнал, урамшууллаас шууд хасдаг байж. Дуучин маань 1994 онд насан өөд болохдоо “Соёлын тэргүүний ажилтан”-ы тэмдэггүй л хорвоогоос буцжээ. Эгч Ё.Лавдмаагийнх нь хүү нь “Гангараа” дууг дуулдаг дуучин Н.Мөнгөншагай юм байна. 1994 он. Цагаан сарын өмнө Н.Гэрэлт-Од эгчийнхээ гэрт нэг хэсэг амьдарчээ. Тэр үед “Би Мөнгөншагай дүүгээ “Улаан сарнай” хамтлагт оруулж дуучин болгоно оо” хэмээн ярьдаг байсан гэнэ. Ингээд хэдхэн хоногийн дараа гэнэт нэгэн өдөр бие нь муудаж Цэргийн госпитальд хүргэгдэж очоод ухаан орохгүй байсаар насан эцэслэсэн байна. Дуучны талаар шар сонинуудад бор дарсанд орсон талаар таагүй мэдээ сэлт нийтлэгддэг байснаас биш уран бүтээл, хувийн амьдралыг нь үнэн зөвөөр гаргаж байсан нь үгүй байжээ.

Дуучин Н.Гэрэлт-Одын хувьд амьдралынх нь сүүлчийн жилүүдэд уран бүтээл болоод гэр бүлийн амьдрал нь дардан байгаагүй ч залуу насны ааг, дуулах авьяасынхаа хүчээр Монголын урлагийн алтан тайзан дээр жинхэнэ од адил гялалзан гялтганаж, олон мянган үзэгчдийн тасралтгүй шаагих бороо адил нижгэнэсэн алга ташилт, баярын ил захидал, цэцгийн баглаан дунд бялхаж явсан он цагууд бий. Асах үедээ ассан шиг асч, дүрэлзэж явсан уран бүтээлч байсан нь Монголын урлагийн арвин сан хөмрөгт хадгалагдаж буй “Цэргийн бодол”, “Алтанхан сортой тариа минь”, “Эхийн тухай дуу”, “Дэгдээд ирдэг салхи”, “Чамайгаа онцолно”, “Эхийн сэтгэл”, “Хаврын уянга”, “Хайргүй гэвэл би яана”, “Ахан дүүгийн ерөөлтэй”, “Арван хавар, арван намар”, “Сайхан хорвоо”, “Эх орон танаа”, “Төрсөн нутгийн бараа”, “Биднийг дуудаж байна”, “Хослон дуулахаар учраа юу даа”, “Сэрүүн саранд” гэсэн олон бүтээлээс нь харагдаж байна. Эгч Ё.Лавдмаа нь дүүгээ бурхан болсны дараа Монголын радиод очоод Н.Гэрэлт-Одын дуулж байсан 20 гаруй дууг хуурцагт бичүүлээд дараа нь CD-нд буулгуулж авчээ.

Тэгтэл дууг нь хуурцгаас CD-нд буулгаж байсан “Могжоохон” студийнхэн “Хүүе энэ дуучин чинь Соёлын тэргүүний ажилтны ч тэмдэггүй юм уу. Шагнал нэхэн олгодог шүү дээ. СТА байтугай цол авах хүн шүү дээ” хэмээн гайхацгааж байжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр дуучин Н.Гэрэлт-Одыг дахин давтагдашгүй хоолойтой дуучин байсан, дуулсан дуу бүхэн нь яагаад монголчуудын сэтгэлд хоногшив гэхээр ямар нэгэн увидас байсан л гэсэн үг хэмээгээд “Цэргийн бодол”-ыг баритон хоолойтой дуучин болгон л дуулахыг хичээдэг. Гэхдээ тэдний хэн нь ч Н.Гэрэлт-Од дуучныг давж дуулаагүй л байна. Дуулж ч чадахгүй байх гэв. Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр “Би хүүхэд байхдаа араажаваар дуучин Н.Гэрэлт-Одын дуулахыг сонсдог байлаа. Их гоё хоолойтой. Хөдөөнийхөн чинь “Гэрэлт-Од, Гэрэлт-Од” гээд л шуугидаг байлаа шүү дээ” гэж ярилаа.

1960, 1970-аад оны үед Улаанбаатар хотод шинэ дуу гарвал радиогоор л нийтэд түгэж олон түмэнд хүрдэг байлаа. Радиогоор “Дуучин Н.Гэрэлт-Од дуулна” гэж ирээд л хит болж байсан дуунуудыг нь эгшиглүүлж хөдөөнийхөн маань дуучныг дотроо төсөөлцгөөж “Урлагийнхан хэзээ бригадаар ирэх бол” гэж битүүхэндээ хүлээдэг байжээ.

…Халуун наран жаргав уу, үгүй юу

Сэрүүн саран ургавай хөөрхий

Халгиун сэтгэл хөвөлзөв үү, үгүй юу

Сэлгүүн дэлхий сэвэлзвэй, хөөрхий…

Сочи хотод болсон олон улсын дууны уралдаанд дуучин Н.Гэрэлт-Од “Сэрүүн саранд” гэх энэ дуугаар түрүүлж байжээ. “Сэрүүн саранд” дууг Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг, Ж.Бадраа нар Сочид очоод зохиож тэр дороо Н.Гэрэлт-Одоор дуулуулсан нь олон улсын наадмаас тэргүүн байрын шагнал авчирсан түүхтэй юм байна.

Н.Гэрэлт-Одын дуунуудыг ерөнхийд нь авч үзвэл жааз хэв маягийг шингээсэн, хөнгөн хэрнээ уянгалаг хэмнэлтэй байдаг. Үүгээр нь түүнийг Монголын жааз хөгжмийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан дуучин гэж үзэх бөгөөд хоолойн цар хүрээ, дуугаралт нь дахин давтагдашгүй гэдэгтэй санал нэгддэг.

Хэдий бие нь энэ орчлонгоос одсон ч дуулсан дуу нь одоо ч цуурайтсаар, дурсагдсаар, эгшиглэсээр яваа дуучдын нэг бол Н.Гэрэлт-Од. Монголын эстрадын урлагийн 70, 80-аад оны шилдэг уран бүтээлчдийг хуруу даран нэрлэхэд түүний нэр зүй ёсоор дурдагдана.

Бэгзийн Явуухулангийн шүлэг Гаадангийн Алтанхуягийн хөгжим “Эхийн тухай дуу” бол Монголын эхийн сэдэвтэй дуунуудын манлай бүтээлүүдийн нэг.

…Анх удаа алхаж байгаа хүүгээ эх нь

Ар өврөөс нь дэмжихийг үзээд

Ай хө зэ хө

Ээжийгээ би зүйрлэнхэн санадаг даа…

Энэ дуу Монголын ард түмэн, сонсогчдын сэтгэл, зүрхэнд Н.Гэрэлт-Одын хоолойгоор л хүрч хоногшсон, мартагдамгүй бүтээл. Дуучны маань олон уран бүтээл алтан сан хөмрөгт хадгалагдаж, үе үехэн зурагт, радиогоор эгшиглэх бүрийдээ хүн бүхний дурсамжийг хөглөж, аав, ижий, амрагаа мөрөөдөн жаргах сэтгэлийн их цэнгэл бас бүдэгхэн гуниг төрүүлдэг билээ.

Н.Гэрэлт-Од дуулж байна. Цэрэг хувцастай, өндөөр бор залуу төгөлдөр хуурын дэргэд, өнөөх л янзаараа, зассан тайзны голд “Цэргийн бодол”-оо дуулж байна. Тэр дуулсаар л байгаа.

…Саальчин хонгор бүсгүйд минь

Сэтгэлийн арвин хайр бий

Сэтгэлийн арвин хайранд нь

Саатан хүлээх итгэл бий хэмээн дуулж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын их математикч Шарайн Мянгатын тухай товчхон

Дэлхий дахинд математикийн шинжлэхүй ухаанаар зөвхөн хөгшин европын мэргэд ноёлоод байсан уу гэвэл бас үгүй юм. Монгол гарал угсаатай ч юм уу эсвэл цэвэр монгол язгууртай математикийн олон олон эрдэмтэн мэргэд төрөн гарсны нэг нь Шарайн Мянгат билээ. Монголын шинжлэх ухааны түүхийн түүхийн нэгэн сод хөвүүн болох Мянгатын талаар бид төдийлөн сайн мэдэхгүй. Бас энэ хүний талаар айхтар дорвитой судалгаа төдийлөн хийгдээгүй гэхэд хилсдэхгүй. Мянгатын гарал угсаа нь Манж гүрний үеийн Цахарын найман хошууны нэг болох Шулуун хөвөөт цагаан хошууны Шарайд овгийнх аж. Энэ тухай 1740-өөд оны дунд үед хэвлэгдсэ “Түшмэдийн хэргэм зэргийн бүрэн бичиг” хэмээх сударт “Тэнгэрийн сүслэх яамны таван махбод бодогч, туслагч түшмэлийн пүнлүү авагч, дөрөвдүгээр зэргийн Мянгат гаралтай хүн” хэмээн бичиж үлдээжээ. Энх-Амгалан хааны үед цахарын найман хошуунаас түшмэлийн сургуульд шалгаруулан авч Тэнгэр сүслэх яаманд ажиллуулдаг байж. Мянгат энэхүү сургуулийг төгссөн түшмэл байсан бөгөөд 1724-1750 оны хооронд уг яамны цаг тооны бичгийн таван махбодыг бодогч түшмэл, 1760-1763 онуудад уг яамны эрхэлсэн түшмэл зэрэг албыг хашиж байжээ. Мянгат нь дууны, газарзүй, одон орон, тооны ухааныг судлан бүх л амьдралаа эдгээрт зориулсан агуу их эрдэмтэн юм. Мянгат 14-р зууны буюу европ дахины сэргэн мандлын түүчээ болж явсан эрдэмтэн мэргэдийн ном зохиолыг эх хэлээр нь судлан мэдэж, дорно дахинд тогтсон байгалын ухааны зарим судлалд өөрийн бүтээлүүдээрээ өөрчлөлтүүдийг хийж чадсан нь шинэ түвшинд гарахад томоохон ахиц болжээ. Тэрээр Ньютон, Коперник зэрэг суут эрдэмтдийн бүтээлүүдтэй нарийн нягт танилцан, тригонометрийн талаар судлан амьдралынхаа 30 гаран жилийг зарцуулжээ. Энэхүү нөр их судалгааныхаа үр дүнд “Тойргийг огтолж Пи тоог олох хялбар арга” хэмээх дөрвөн боть бүтээл туурьвисан юм. Тригонометрийн функцын олон гишүүнт болон задардаг шинжийг нээж, коэффициентуудыг нь уг бүтээлдээ харуулжээ. Бас тойрог огтлох тухай 13 томъёог нээж баталсан байна.

Түүний нээлтүүдийг математикийн ухааны түүхийг судалдаг хятадын эрдэмтэн Ли Янь “Мянгатын нээлтүүд нь тоо болон хэлбэрийн хослол бөгөөд Декартын нээсэн хэмжих ухаантай цар хүрээний хувьд эн тэнцүү юм” гэж дүгнэсэн байдаг. Тэгэхээр Мянгатын нээлт нь математикийн шинжлэх ухаан тун чухал зүйл гэдэг нь тодорхой. Мөн Манжийн шилдэг математикчид ч Мянгатын бүтээлүүдийг тун өндөрт үнэлэн “Тэнгэрт очих хялбар арга мөн ажээ” гэж тэмдэглэсэн нь бий. Тэрээр шинжлэх ухаан өндөр түвшинд хүрсэн өрнө дахины байгалийн шинжлэх ухааны дэвшилтэт ойлголтуудыг ази дахинаа нэвтрүүлэх, ном бүтээлийг нь эмхэтгэх томоохон ажлуудыг хийснээрээ түүхэнд үл мартагдах гавъяаг байгуулсан билээ. 1700-аад оны эхэн үед тэрбээр европ дахины байгалын шинжлэх ухааны бүтээлүүдээс эмх дараалалтайгаар эмхэтгэн нэгжгэх ажлыг эхлүүлж, тооны ухааны нэвтэрхий толь болох “Тооны ухааны нарийн хуримтлал” гэх 53 боть номыг 1722 онд дуусгав. Харин дараа жил нь “Зүй тогтлын бүрэн эх сурвалж” гэдэг нэртэй 100 боть бүтээлийнхээ нэгэн хэсэг болгон дээрх бүтээлээ хэвлүүлсэн аж. Эдгээр бүтээлүүдээрээ тэрбээр Монгол хүн дэлхийн ямар ч хүнээс дутахгүй асар их оюуны багтаамжтайг батлан харуулж чадсан юм. Мянгатын гурав дахь томоохон туурьвил нь 1742 онд бичиж дуусгасан одон орон судлалын “Цаг улирлын үзэгдлийг шалгаж бүтээсний дараа найруулсан нь” гэх 10 боть ном юм. Эл бүтээлдээ одон орны судлалын талаар тун дэлгэрэнгүй бичсэн төдийгүй өдгөө ч ач холбогдолоо алдаагүй байна. “Тооны ухаан хуулийн нарийн баримтлал” гэх 1721 онд бичигдсэн бүтээл нь тэртээ арлын Японд хэвлэгдэн гарч, наран улсынхан анх удаагаа пи тоо, одон орны талаархи цэгцтэй ухагдахуун, логарифмын талаар танилцсан нь тэр юм. Даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршсан түүний намтар, бүтээлийг уншиж байхад агуу их хөдөлмөрч, үнэхээрийн ховор төрөх “гавал” толгой байсан нь мэдэгддэг. Мянгат орчин цагийн тооны шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж, гайхамшиг гэж хэлэхээр өөр аргагүй олон тооны ном бүтээл туурьвиж, одон орон, зурхай зэргийг тухайн үедээ ёстой тултал хөгжүүлж, газрын зургийг хүртэл хэмжих нарийн тооцооллыг боловсруулан хэрэглэж байсан нь өнөөгийн шинжлэх ухаантай жишиж болохуйц байгаа нь ямархуу цар хүрээтэй агуу эрдэмтэн байсны томоохон баталгаа юм.

Хожмоо их эрдэмтний хүү болон шавь нар нь багшийнхаа гэрээсийг биелүүлэн, үйл хэргийг үргэлжлүүлж бүтээл туурьвилийг нь нэгтгэн “Тойргийн нийт хэмжээний дөт арга” гэх нэртэй бүтээлийг нь хэвлэн гаргажээ. “Нумын уртаас ерөнхий хөвчийг олох”, “Нумын уртаас сумыг олох”, “Ерөнхий хөвчөөс нумыг уртыг олох” зэрэг томъёонуудыг батлан гаргахдаа тригонометрийн хувиргалтын аргаар бодох явцыг ихэд хялбаршуулах аргыг нээж, анх хэрэглэсэн юм. Энэхүү арга нь европ болон ази дахинд огтхон ч нээгдээгүй, хэрэглээгүй арга байсан билээ. Хөвчийн функцын хязгааргүй алслагдах тоон утгыг бодож, “Их асрахуй” буюу 52 оронтой тоо гаргаж байсныг өдгөөгийн хүчирхэг компьютерын бодсоноос огтхон ч зөрдөггүй. Математик хэсэглэлийн онолд нэн чухал байр суурь эзэлдэг каталон тоог XVIII зууны дунд үед өрнийн математикчид нээсэн хэмээн түүхэнд үлдсэн боловч тэднээс хэдэн зууны өмнө Монголын их Мянгат нээсэн гэдгийг хятад, японы судлаачид баталдаг. “Нум хөвч болбоос хоёул эс адил төрөл буюу. Хэрэв төгсгөлгүй хуваах аваас энэ нь ч бас нийлж болохгүй зүйл биш” гэсэн дүгнэлт нь орчин үеийн дээд математикийн дифференциал, интеграл тооллын онолоос хазайх юмгүй билээ.

Мянгат 50 шахам жил манжийн төрийн гурван хааны үед “Эрдэм ухааны хүрээлэн”-д алба хашиж, хамаг л амьдралаа шинжлэх ухаан, тэр дундаа тоо, байгалын ухаанд зориулсаар далан нэгэн насандаа буюу 1764 онд тэнгэрт хальжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сар болгоноор хүргэн, бэрүүд нь солигдоод

цагаан сар 2017 зурган илэрцүүд

Монгол хүн бүр л билэг дэмбэрэлтэй сайн сайхан болгоноо ярьж хэлэлцэж, ахмад настай азай буурлуудаа хүндлэн дээдэлсэн төрт ёсны баяр өнөө маргаашгүй болох гэж байна.

Жил бүрийн цагаан сараар айл хотол, ураг удмаараа уулзаж золгодог.

Цагаан сараар инээд хөөр хөгжилтэй дурсамж ар араасаа хөвөрнө. Жил бүрийн цагаан сараар нутгийнхаа Батчулуун гуайнд очиж золгоно. Өнгөрсөн жил очиж золготол эхнэр нь “Манай хамаатны залуус, охид ирж золгох юм. Миний эхнэр, нөхөр болох хүн гээд л хүн танилцуулах. Бид ч шинэ хүргэн, бэрдээ хайртай гэж жигтэйхэн. Нэр ус, нутаг орон, аав, ээжийг нь асууж шалгаагаад л явуулна. Гэхдээ царай зүсийг нь бүрэн гүйцэд нүдэлж чадахгүй байсаар явуулчихдаг. Тэгсэн муусайн туучийнууд чинь жил болгон нөхөр, эхнэрээ сольчихоод ирэх юм. Саяхан дүүгийн хүүхэд эхнэртэйгээ хүрээд ирдэг юм байна. Би ч өнгөрсөн жилийн танилцуулсан охин гэж бодоод “Мөнгөнцэцэг ээ миний охин” гээд жигтэйхэн танимхайрч, аав, ээжийнх нь тухай асуулаа. Тэгсэн өнгөрсөн жилийн цагаан сараар ирсэн охин биш болж таараад баларлаа” гээд сууж байв.

Нээрээ л сүүлийн үед залуус “Энэ хүнтэй л насан туршдаа амьдарна, миний хайр” гээд л нэг хүн дагуулаад аав, ээж, хамаатан садныдаа оччихоод төд удалгүй өнөөхөөсөө салчихсан явах нь түгээмэл анзаарагддаг шүү.