Categories
мэдээ улс-төр

Хүний эрхийн Зөвлөлийн 34 дүгээр чуулганд үг хэлэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 34 дүгээр чуулганы 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.

Сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас олон улсын тавцанд болон үндэсний хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн тэрээр ХЭЗ-ийн 34 дүгээр чуулганы Өндөр түвшний хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал ноён Майкл Мөллер, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар ноён Зэйд Раад Аль Хуссейн болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (ЮНКТАД) Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Жоаким Рейтер, Казахстан Улсын Гадаад хэргийн сайд ноён Кайрат Абдрахманов, Албани Улсын Гадаад хэргийн сайд ноён Дитмир Бушати болон Австрали Улсын Олон улсын хөгжил, Номхон далайн бүсийн асуудал эрхэлсэн сайд хатагтай Кончетта Фиерраванти нартай уулзаж, хоёр талын харилцаа болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Албани Улсын Гадаад хэргийн сайд ноён Дитмир Бушати нар “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Албани Улсын Сайд нарын зөвлөл хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор анх байгуулагдсан бөгөөд гишүүнчлэлийн хувьд тус Зөвлөл нь НҮБ-ын 47 гишүүн улс орноос бүрддэг болно. Манай улс 2015 оны 10 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд Зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах болно. Ингэснээр хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Хүний эрхийн зөвлөлийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцон ажиллах боломжтой болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

“Даян” нуураас хууль бусаар их хэмжээний загас агнагсдыг илрүүлжээ

Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн С нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүй агнасан 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас, мөн Заарт харх /ондатар/-ны эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ.

Шалгалтын явцад иргэн “С” хадгалж байсан загаснуудаа Сагсай сумын нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас агнасныг тогтоожээ. Сэжигтэн С-ын хууль бусаар ан агнуур хийж улсад 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.

Монгол хадран загас нь худалдаалах зорилгоор хууль бусаар агнах, гол хатаж ширгэсний улмаас жил тутам ховордож буй юм. Мөн Заарт харх /ондатар/ Монгол орны Улаан номд бүртгэгдсэн, замбараагүй агналт, амьдрах орчныг нь алдагдуулснаас тоо толгой цөөрч, ховордож байгаа хөхтөн амьтны зүйл. Заарт хархны тархац нутгийн 7 орчим хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Иймд газраас санаачлан байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас энэ сард “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Цаашид байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэж мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд С.Баяр итгэмжлэх жуух бичгээ гардуулав

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд С.Баярын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцав. Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд С.Баяр нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Итгэмжлэх жуух бичгээ барьсан Монгол Улсын 13 дахь Элчин сайд болж буй билээ.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Баяр Хатан хаан II Элизабетэд Элчин сайдын яамны дипломат бүрэлдэхүүнийг танилцуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нь өмнө нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдаар тохоон томилогдож байсан бөгөөд Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хйош эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 8-13 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д сэтгүүлч С.Алтанцэцэгийн “Амьтны нялх үрээр зугаагаа гаргадаг зэрлэг цэнгэлээ хэзээ зогсоох вэ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн анхны дугаар хэвлэгдэн уншигчдадаа хүрж байна. Энэ дугаарын эхний нүүрэнд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гурван хүнийг танилцуулж байна. Мөн сар шинийн өмнөхөн Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Үндэсний урлагийн их театрын хормейстр Д.Алтантуултай хийсэн ярилцлагыг онцлон хүргэж байна.

Улс төрийн нүүрнүүдээс сар шинийн баярын өмнө хэн хэн гавьяа шагнал хүртэжу, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авсан тухай уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд сэтгүүлч С.Алтанцэцэгийн “Амьтны нялх үрээр зугаагаа гаргадаг зэрлэг цэнгэлээ хэзээ зогсоох вэ” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүүгийн “Монроуд” компани зам барихдаа бараа материалаа өндөр үнээр авсан гэх зөрчил илэрсэн байна. энэ тухай та Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Түүнчлэн “Өдрийн сурвалжлага”-аас сар шинийн өдрүүдээр нийтийн тээврийн компаниуд иргэдэд хэрхэн үйлчилсэн талаар мэдэх боломжтой. Бид салбартаа тэргүүлэгчдийн нэг “Тэнүүн огоо” компанийг сонгон Өдрийн сурвалжлагаа бэлтгэсэн юм.

Мөн уламжлалт “Өд бэх”, “Нэг ангийнхан” булангуудаа амтархан уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Согтуурсан үедээ тагтнаас унаж амь насаа алджээ

ГССҮТ зурган илэрцүүдНийслэл хотын хэмжээнд энэ сарын 1-ны өдрийн 05:00 цагаас энэ сарын 2-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1784 мэдээлэл шалгагдсан байна. Үүнээс гэмт хэргийн 52, зөрчлийн 1070, согтуугийн 376, зам тээврийн ослын 286, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 25 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа гэв. Тухайлбал, “ГССҮТөвийн түлэнхийн тасагт хөлөндөө гэмтэлтэй хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 28-нд ирсэн байна. Уг дуудлагийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 20 хороонд суух эрэгтэй 57 настай Э нь Шар хоолойн мод үржүүлгийн хашааны гадна энэ сарын 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ цасан дээр унтаж байгаад хоёр хөлөө хөлдөөснийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа гэнэ.

Мөн Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах ..-р байрны .. давхарын цонхноос хүн унаж нас барсан байна” гэсэн дуудлага ирүүлжээ. Дуудлагийн дагуу энэ сарын 1-нд шалгахад тус хороонд оршин суух эрэгтэй 34 настай Ө нь согтуурсан үедээ том өрөөнийхөө тагтнаас зүүгдэж байгаад унаж нас барсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэв

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо өнөөдөр /2017.03.02/ намынхандаа мэдэгджээ.

Эх сурвалжаас авсан мэдээллээр “Хонхны дуу” клубыг үүсгэн байгуулагчдын сар шинийн золголт өнөөдөр болсон аж. Энэ үеэр тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ.

Мөн Ардчилсан намынхан өчигдөр сар шинийн золголт хийсэн байна. Уг золголтын үеэр ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө Э.Бат-Үүл намынхандаа мэдэгдсэн юм байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нам дотроо хүчтэй лидерт тооцогддог.

Тэрбээр 2012-2016 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллахдаа бүтээн байгуулалтын олон ажлыг гардан гүйцэтгэсэн, мөн эхлүүлсэн байдаг. Дээрх дөрвөн жилд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нүүрээ угаасан мэт цэмцийж, орчин үеийн хотын төрхийг олсон нь Э.Бат-Үүл дарга, түүний багийнхны хийсэн ажлын үр дүн гэж үзэх нь бий.

Тиймээс Ардчилсан намын гишүүд түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх итгэл хүлээлгэвэл тус нам хүчтэй лидерийг энэ удаагийн сонгуульд сойх бололтой.

Categories
мэдээ улс-төр

Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжиллаа.

Хуулиараа дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай.

Өнөөдөр хотын дарга тус дүүргийн Засаг даргын батламжид гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Менингитийн халдварын сэжигтэй тохиолдлоор ой гарантай хүүхэд нас баржээ

Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 1-ний өдөр Менингитийн халдварын сэжигтэй тохиолдол Улаанбаатар хотод илэрчээ. Тодруулбал, Улаанбаатар хотын СХД-ийн харьяат 1.6 настай, эмэгтэй. 39 хүртэл халуурсан, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгаж, нүдний склер шигүү цус харвалттай үүссэн, хэвлий, өгзөг, гуя, духанд цусархаг, үхжсэн тууралт бүх биеэр гарсан гэх оноштойгоор энэ сарын 1-ний өдрийн 16:15 цагт ХӨСҮТ-д ханджээ. Өвчтөн тухайн өдрийн 17:45 цагт нас барсан байна. Ойрын хавьтал 25 хүнд цепрофлоксацинаар хими сэргийлэлт хийж, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч хянаж байгаа аж. Тандалт судалгаа, шинжилгээг үргэлжлүүлж лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ бямба гаригт номоо солилцъё өдөрлөгтэй

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулсаар байгаа билээ.

Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг тус өдөрлөг энэ сарын 4-ны Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно.