Categories
мэдээ цаг-үе

Жагдалын Лхагва зохиолчийн охин Нарандулам: Аавынхаа “Толгодын цаана ингэ буйлна” эхний ботийг хэвлүүллээ

Ж.Лхагва охин Нарандуламын хамт. 1982 он

Монголын орчин үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, богино өгүүллэгийн мастер, МЗЭ-ийн шагналт зохиолч Жагдалын Лхагвын охин Нарандуламтай хөөрөлдлөө.


-Таны аав Жагдалын Лхагвааг Монголын богино өгүүллэгийн мастер гэдгээр уншигчид сайн мэднэ. Аав тань говийн бор толгодын дундаас өсөж өндийсөн их л өндөр сүмбэр байж дээ?

-Би хүүхэд байхдаа аавыгаа зохиолч, орчуулагч хүн гэдгээс өөрөөр хардаггүй байжээ. Он цаг өнгөрсөн ч улам тод болдог үнэт зүйлсийн нэг бол миний аавын цөөхөн хэдэн богино өгүүллэгүүд нь юм байна. Бас бусдын сэтгэлээс гардаггүй, мартагддаггүй тийм харахад намхан атлаа давахад барагддаггүй өндөр толгод юм даа гэж би одоо бахархаж сууна даа. Аав маань говь нутагтаа хайртай, тэр дундаа өссөн нутаг усаа маш их бичдэг говийн л хүн байсан.

-Хүн бүхэнд ойр дотныхных нь тухай сайхан дурсамж байдаг. Аавынхаа тухай их л олон дурсамж хадгалж яваа даа?

-Мэдээж аав, ээжийнхээ тухай дурсаж бодох шиг сайхан юм хаана байх вэ. Аав маань их л олонтой, нийтэч манайх гэдэг айл байнга л зочинтой, хөл хөдөлгөөн тасрахгүй, нэртэй том зохиолчид, жүжигчид, дарга, цэрэг, гудамжны архичин ч манайд ирдэг л байсан. Хүнийг их бага, дээр доор гэж ялгадаггүй аав ээж хоёрын минь хаана ч байхгүй чанар гайхалтай. Ээж тэр бүгдэд төвөгшөөхгүй хоол цай хийгээд л байж байна. Өдөр болгон л тогоо дүүрэн мах чанаастай. Хүн дайлаастай. Манай галын өрөөний цонх шиг зузаан цан тогтсон цонхтой айл манай байранд лав байгаагүй санагддаг юм. Аав маань сайхан хоол хийнэ, говийнхны унд гэж нэрлэдэг өтгөн хийцтэй цай чанана. Гэхдээ ер нь иддэг юм нь мах, гурил. Хүмүүс намайг аавтайгаа адилхныг гайхна. Аавыг томилолтоор явсан хойгуур “Үнэн” сонин дээр цалинг нь авахаар очтол нягтлан нь “Энэ чинь харин бичиг баримт шаардахааргүй хүүхэд байна” гээд шууд л өгч билээ. Аав М.Горькийн нэрэмжит сургуульд сурч байх үедээ надад Москваг үзүүлж билээ. Москвад очоод цирк, амьтны хүрээлэн үзэж паркт тоглож, Москва голоор усан онгоцоор зугаалж, амталж үзээгүй жимс зайрмагаар дайлсан гээд хүүхэд насны минь мөн ч сайхан олон дурсамж бий дээ. Аав зусланд дандаа гадаа эвхдэг ороо засаад унтана. Ойд явах дуртай, говийн хүн байж жимс түүхдээ маш хурдан түүдэг байлаа. Шороотой гутал, хиртэй цамцанд үнэхээр дургүй. Дургүй нь хүрвэл духаараа хараад л суучихна, олон юм ярихгүй. Их уян зөөлөн сэтгэлтэй өндөр мэдрэмжтэй хүн байсан даа.

Л.Нарандулам ардын уран зохиолч Б.Баастын хамт

-Аав тань бага насныхаа тухай аль хэр их хуучилдаг хүн байв?

-Говийн жирийн малчин айлын хүү. Ижий ааваасаа наймуулаа. Дээрээ ганц эгчтэй, дороо зургаан дүүтэй байж. “Би аргалчин билээ” өгүүллэг бол ерөөсөө л аавын анхны намтар шүү дээ. Анх сургуульд орсон түүх нь тэр. Адуунд өшиглүүлээд мэдрэл нь муудсан гээд сургуульд явуулаагүй гэдэг. Сурагч болоод харин ч сурлага сайтай байсан гэсэн. Дээд ангийнхаа хүүхдийн тоог бодоод өгчихдөг, бие дааж орос хэл сонирхон сурсан гэж ярьдаг байж билээ. Наймдугаар ангид байхдаа Дорноговь аймгийнхаа “Ялалт” сонинд анх шүлгээ хэвлүүлж байсан байгаа юм. Бас хүүхэд байхдаа нойрондоо их босч зүүдэлдэг байж, тэгэхээр нь эмээ нь их л айж сандардаг байсан гэдэг. Эмээтэйгээ их дотно ойр байсан болов уу. Энэ тухай “Эмээгүй зуны эхэн” өгүүллэгт нь гардаг юм. Аливаа юмыг их л хөгжилтэй хөхиүн байдлаар ярина даа. Ер нь гуниг гутрал ярьж байсныг нь би санадаггүй юм.

-Уран бүтээлээ хэдийд голдуу хийхэв?

-Аав ажлаасаа ирээд хоолоо идчихээд өрөөндөө ороод ихэвчлэн унтаад өгнө. Ах эгчийн хүүхдүүд бага, манайхан олуулаа шуугиж өгнө шүү дээ. Тэр их шуугианд юм хийснээс унтсан нь дээр гэж боддог байсан шиг байгаа юм. Харин шөнө сууж ажлаа хийнэ. Сэрээд харахад аавын өрөөний гэрэл асаалттай, юмаа бичээд суугааг харахад сэтгэлд нэг тийм сайхан тайвшрал өгдөг байсан шиг санагддаг. Өнгөрсний нь дараа би яг тийм гэрлийг их үгүйлж шөнө их сэрдэг байж билээ.

-Та аавынхаа ер нь ямар зохиол бүтээлд нь их дуртай байв?

-Аавын хэдэн сайхан богино өгүүллэг үнэндээ тансаг. Олон сайхан зохиол бүтээлүүд байдаг л даа. Гэхдээ би аавын өгүүллэгүүд шиг тийм сайхан зүйрлэлтэй, жижигхэн атлаа томоос том зангилаатай өгүүллэг ховор уншсан. Уншсан ч яг л аавыг минь дуурайсан мэт санагддаг. Би уран зохиолыг мэргэжлийн түвшинд мэдэхгүй л дээ. Гэхдээ миний өссөн орчин надад жаахан мэдрэмж өгсөн байх. “Би аргалчин билээ” их хөөрхөн, мөн “Зүрхний зүүд”, “Эвэр” зэрэг өгүүллэгүүд хүнд их зүйл бодогдуулна. “Анхны хайрын дууль” киног нь үзэх дуртай, “Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй” гээд эхэлдэг “Хайрын зурвас”-ыг уншаад их л дурламтгай хүүхэд байж дээ гэж бодно. “Уулзалт” өгүүллэгийг гавьяат жүжигчин Гомбын Равдан ах шар үс бостол уншдаг нь энгийн хэрнээ маш сайхан. “Уулзалт”, “Дарцаг чамайг үүрд дурсана” гэдэг өгүүллэгүүдээр нь баяжуулж кино болгохсон гэж мөрөөддөг.

-“Толгодын цаана ингэ буйлна” гэж аавын чинь өгүүллэгийн нэр Монголын утга зохиол, яруу найргийнхны дуртай эшлэл болсон байдаг. “Атга чулуу”, “Алаг чулуу” номууд нь ч гайхалтай. Аавын чинь уран бүтээлийн өв аль хэр зүйл байна?

-“Толгодын цаана ингэ буйлна” гэдэг бяцхан шар ном бол тэртээ 1972 онд хэвлэгдэж Монголын их уран зохиолд Жагдалын Лхагваа гэдэг зохиолч байдгийг таниулсан ном юм. Нэр нь хүртэл уянгалаг содон байж дээ. Ямар сайндаа л “Жижигхэн уулын цаана эмэгтэй тэмээ орилно” гэж орчуулагдаж байна гэж хошигнож байх вэ. “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг буюу зохиолчдын паян” гээд богинохон дурсамж, ухаарал, хошигнолууд нь одоо дурын сонин хэвлэл дээр, цахим ертөнцөөр дүүрэн, зохиогчийн нэр усгүй яваад байгаад маш их эмзэглэдэг. “Сарны шороо”, “Шөнө ногоо ургадаг”, “Саарал даага” гэх мэт арваад жижиг номыг нь нэгтгэж, мөн номонд хэвлэгдэж амжаагүй хэдэн өгүүллэгийг нь нэгтгэн хэвлэж байгаа. Орчуулгын нилээд ном материал байна. Монголын сэтгүүл зүйд оруулсан хувь нэмэр их. Найруулал, тэмдэглэл, ярилцлага, нийтлэл гээд овоо их юм байгаа .

-Аав, ээж хоёр чинь хэрхэн танилцаж байснаа үр хүүхдүүддээ мэдээж ярьж л байсан байж таараа даа…

-Аав 1966 онд Киевын Политехникийн дээд сургуулийг Дулааны инженер мэргэжлээр төгсөөд Сэлэнгэ аймгийн Дулааны цахилгаан станцад дулааны инженерээр хуваарилагдаж очиход ээж маань Сэлэнгэ аймгийн захиргаанд зааварлагч, мэргэжилтнээр ажиллаж байгаад танилцсан юм билээ. Аав маань ээжийг орос хүүхэн байна л гэж анх бодсон гэсэн. Ээж минь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн хүн. Сэлэнгэ аймагт гал голомтоо асааж 1970 онд хотод шилжиж ирцгээсэн юм.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Эцэг эхээс хэдүүлээ билээ?

-Би нэг ах, нэг эгчтэй айлын бага охин. Ах эгчээсээ нэлээд хол зайтай төрсөн хүн. Ах эгч хоёрынхоо хүүхдүүдийг харахдаа хараад тоглохдоо тоглоод зэрэгцээд өссөн. Аав ээж хоёр танилцахад ах долоон настай, эгч маань гурван настай байж. Би 1976 онд төрсөн л дөө.

-Их уулын нөмөр нөөлөгтэй тэр сайхан хүнээ буцах үед орчлон хорвоо ч хөмөрчих шиг л санагдах нь хэцүү. Найз нөхөд нь ямаршуухан хандаж байв. Догмид зохиолч л лав “Би Лхагваадаа Алтан-Өлгий дэх өөрийн газраа өгсөн” гэж ярих юм билээ?

-Аав сүүлийн үед их өндөр даралттай явдаг байлаа. Талбайн сааданд харвачихаад байхад нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав гуай таарч эмнэлэгт хүргэж өгсөн байдаг юм. Тэр үед бидэнд маш хүнд байсан. Ах эгч мэдээж тусдаа гараад явсан, ээж бид хоёр их л өнчирч хоцорч билээ. 1997 онд би СЭЗДС-ийн оюутан, ээж тэтгэвэрт, хөлөө явганаас гэмтээгээд суугаа болсон байсан даа. Аав уран бүтээл болон үндсэн ажил болох “Үнэн” сонины ажлынхаа хажуугаар хувийн “Мөрч” сонинг эрхлэн гаргадаг байлаа. Аавыг өнгөрсний дараа сэтгүүлч, зохиолч Гүрсэд гуайн тусламжаар нэг хэсэг сониноо эрхлэн гаргаж амьдарч үзсэн. Мэдээж өнөөх тасрахгүй орж гардаг хөл хөс эрс багассан, зарим нэг хүнийг ороод ирээсэй гэж ээж бид хоёр их л харсан даа. Алтан-Өлгий дэх газрыг Б.Догмид ах авч өгсөн нь үнэн байх аа, тийм яриа байдаг юм. Догмид ах аавын минь найз, нутгийнх нь дүү, уран бүтээлийнх нь анд юм. Догмид ах бол миний ухаан орох цагаас манайд байж л байдаг, ээжээр минь цамцаа угаалгаад, шараа тайлуулаад, бусдыг шоолж инээлгээд, халамцахаараа “Хөх торгон дээл”, “Гоолингоо”-гоо дуулаад, аавтай говио ярьж инээж уйлаад манайд л байдаг байсан даа.

-Монголын утга зохиолын “Дөмөн” нэгдлийнхэн гэж нэгэн гарын таван хуруу шиг нөхөд байсан гэдэг дээ. Бавуугийн Лхагвасүрэн, Д.Урианхай, Л.Дашням, Дарма.Батбаяр, танай аав тав байх аа?

-Энэ эрхэм буурлууд бол аавын минь уран бүтээлийн анд нөхөд, мөн гэр бүлийн халуун найз нөхөд байлаа. “Дөмөн” нэгдлийн талаар миний мэдэх юм гэж юу байх вэ. Гэхдээ ийм өөр өөрийн өнгө аястай, Монголын уран зохиолыг нэгэн үеийн өнгө төрхийг тодорхойлсон томоохон зохиолчид байсан гэхээр “Дөмөн” нэгдэл хэр их даацтай нэгдэл байсан нь тодорхой байх аа. Харин гэр бүлийн хүрээнд тэд байнга уулзалдаж, нэг нэгнийдээ ээлжлэн цуглаж уран бүтээлээ ярьж, маргаж мэтгэлцэж, уйлж дуулж нэг нэгэндээ дэм өгч байсан юм аа. Миний хүүхэд нас ийм гайхалтай хүмүүсийн хажууд өнгөрсөнд би бахархаж явдаг. Аав ээжүүд уулзалдаж хүүхдүүд бид наана нь тоглож байдаг сан. Б.Лхагвасүрэн ахын Хасар “Цаг хугацаа хурдан юм аа, Нараа минь. Одоо бид тэдний насан дээр оччихлоо” гэж билээ. Д.Урианхай ахтай бол байнга холбоотой байдаг юм. Учир нь манай худ, ахын хадам аав юм. Б.Лхагвасүрэн ах, Баасан эгч, Л.Дашням ах, Золзаяа эгч, Д.Батбаяр ах, Мөнхтөмөр эгч эд нартай холбоотой байж цагаан сараар очиж золгодог доо. Аав маань тэнгэрийн орныг зориод яг хорин жил өнгөрчээ. Аавд минь тэр үед ширхэг ч цагаан үс байгаагүй. Өөрийгөө ч, бид ч тийм амархан явчихна гэж зүүдлээ ч үгүй байсан даа. Энэ хэдийг харахаар аав минь байсан бол ийм нэгэн сайхан намбатай буурал болсон байх байж дээ гэж өөрийн эрхгүй боддог юм.


-Аав чинь уран бүтээлч найз нөхдийнхөө дунд хүний хайлан болсон хүн байсан гэдэг дээ?

-Аавыгаа дурсах бүрийд миний санаанд олон сайхан хүмүүс дурсагддаг юм. Бага байхад С.Дашдооров ах манайхаар байнга ирнэ. Намайг “Нарны дурмаа” гэж дууддаг байлаа. Хамгийн сүүлд 1997 оны өвөл аавтайгаа соёлын төв өргөөнд “Болор цом” үзэж яваад Дооров ахтай таарсан билээ. Бие нь бас нилээн ядруу байсан. Саяхан хүүтэй нь танилцахад Дооров ах тал цус харвасан бие нь тааруу байхдаа нэг өглөө сонин харж байгаад гэнэт маш муухай орилоод уйлсан гэнэ. Гэрийнхэн нь сандралдаад гүйж очиход сониноос аавын минь эмгэнэл гарсныг харсан байж. Энэ яриаг сонсоод би ч тэсэхгүй уйлж билээ. За тэгээд П.Бадарч гуай, Ц.Доржготов, И. Цэрэнжамц ах гээд л манайд орж гарах хүн их. Шил архи хувааж ууна гэдэг уран бүтээлч хүмүүст байдаг л юм. Эмэгтэй зохиолчдоос С.Оюун эгчийгээ дурсахгүй байх аргагүй ээ. Замын-Үүдэд ажлаар ирэхдээ намайг сурсаар яруу найрагч А.Эрдэнэ-Очирын хамт эргэж ирж билээ. Москвад амьдардаг яруу найрагч Ж.Оюунцэцэг эгч байна. Бас аавтай минь их л дотно байсан . “Үнэн” сонинд аав соёл урлаг хариуцсан редактор байсан тэр үед болж байгаа томхон тоглолт, концерт юу л байна би аавтай явж үздэг байлаа. Б.Лхагвасүрэн ахын “Нарны домог” бүжгэн жүжгийг хэд ч үзэв. Аав маань Л.Түдэв гуайг маш их хүндэлдэг, эмээдэг байсан санагддаг юм.

Д.Намсрай ах байна тэр хоёр М.Горькийн сургуульд байхдаа их л дотно болсон юм. Аавыг өнгөрсний хавар Д.Намсрай ах нилээн халамцуу талбайн урд талын сааданд байдаг том хонхны өмнө аавтай минь цуг авахуулсан зургаа хадчихсан уйлаад сууж байсан гэдгийн. Аав маань Б.Лхагвасүрэн ахын найз, бас Л.Саранхөхөө ахын ч найз байлаа. Энэ тухай Саранхөхөө ах хөгжилтэй юм их ярьдаг юм.

-Зохиолынх нь бүрэн түүврийг гаргаж байгаа гэл үү?

-Тийм ээ, энэ жил аавын минь мэндэлсэний 75 насны ой тохиож байгаа юм. Тэнгэрт халиад 20 жил болжээ. Тийм болохоор үр хүүхэд бидний хувьд заавал хийх ажил юм даа. Яруу найрагч А.Эрдэнэ-Очиртой хамт эмхэтгэн, редакторлож “Толгодын цаана ингэ буйлна” нэртэйгээр уран бүтээлийн нэг боть болгон хэвлүүлж байгаа. Удахгүй уншигчдын хүртээл болно. Мөн “Толгодын цаана ингэ буйлна”, “Яргуйн эрэлчин” нэртэй 22 өгүүллэг орсон хоёр цомог “сонсдог ном” бэлэн болж байгаа. Аавын маань зохиол бүтээлүүд уншигчдын дунд маш их хүлээлттэй байдаг юм байна гэж ойлгосон. Энэ хоёр цомогт нь сэтгэл маш өндөр байгаа. Өгүүлэхүйн урлагийн мастеруудтай зөвлөлдөж тэднээр уншуулж, мэргэжлийн студид бичүүлсэн. Одоо чинь ном бариад суух завтай хүмүүс бага болж. За тэгээд машиндаа ихэнх цагаа өнгөрөөж байгаа хүмүүст хань болох байх, их ухаарал өгөх байх гэж найдаж энэ сонсдог номуудыг хийсэн. Дараагийн ээлжинд хоёр дахь ботийг нь орчуулгуудаар нь хийх юм. Хосе Мартийн “Янагийн өвөр, хүүгийн өлгий”, “Японы яруу найраг”, Р.Фраерман “Зэрлэг нохой Динго” гэх мэт олон орчуулгын бүтээлээс нь дээжлэн гаргана. Аав маань орос, украйн, испани хэлнээс орчуулга хийдэг байлаа. Одоо санахад их л түүртэхгүй орчуулга хийдэг байжээ. Ямар сайндаа “Чишш чимээгүй, Лхагва ах чинь ажлаа хийж байна” гэхэд аавын дүүгийн хүүхэд “Ажил гэнэ шүү, зүгээр л орос ном хуулаад сууж байна шүү дээ” гэж билээ. Гурав дахь ботийг сэтгүүлзүйн чиглэлийн бүтээлүүдээр нь хийнэ. Үүнд харин ажил их орох шинжтэй. Бид архив шүүж байгаа. Ганц хоёр жилийн өмнөх зүйл биш, хорь гучин жилийн өмнөх юмыг шүүнэ гэдэг амаргүй байдаг юм байна. Олон сайхан нийтлэл, ярилцлага байдаг.

Дөрөв дэх ботийг дурсамж дурдатгалаар бүтээнэ. Аавын минь тухай ямар олон хүн дурсаж бичдэг юм бэ. Миний хараагүй, уншаагүй олон дурсамж байдаг шиг байгаа юм. Тэр бүгдийг олж нэг ном болгоно. Энэ завшааныг ашиглаж аавтай минь холбоотой захидал, дурсамж, зураг хөрөг байдаг бол надтай холбогдож өгөөрэй гэж найз нөхөд, сайн санаат хүмүүст дуулгая. Би дуртайяа хүлээн авч номонд оруулна аа.

-Номын баярыг хэзээ, хаана хийх гэж байна?

-Гуравдугаар сарын 18-нд аавын төрсөн өдөр байдаг юм. 1942 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар мэндэлсэн гэдэг. Номын баяраа гуравдугаар сарын 18-ны үед Монгол Улсын Үндэсний номын санд хийх бодолтой байна даа.

-Та одоо хаана аж төрж байна?

-Би одоогоор Дархан дахь Гаалийн газар гаалийн улсын байцаагч хийдэг. Дарханд ирээд хоёр жил гаруй болжээ. Нөхөр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хоёр бага маань Дарханд сургууль, цэцэрлэгт явдаг. Том охин энэ жил оюутан болох юм. Нөхрийн минь өвөө ардын уран зохиолч Бөхийн Бааст юм. Цагаан сараар зуу насалж байгаа өвөөдөө очиж золгоно доо, бид.


Categories
мэдээ цаг-үе

Дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бор цаас дахин боловсруулах үйлдвэр ажиллаж эхэллээ

Дотоодынхоо бор цаасны хэрэгцээг 100 хувь хангах үйлдвэр бүтээгдэхүүнээ албан ёсоор гаргаад долоо хоног болж байна. “Сайн цаас” ХХК-ийн уг үйлдвэр нь өдөрт 20 тонн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай. Эдний гаргаж байгаа бор цаас нь цаасан хайрцагны үйлдвэрийн гол бүтээгдэхүүн. Картон цаасыг зүсч үзэхээр гурван давхаргаас бүрдсэн байдаг. Гадна тал нь гөлгөрдүү, дээр нь хаяг, шошго бичих зориулалттай байдаг бол голд нь цавуутай болон цавуугүй долгиотсон давхарга бий. Эдний гаргаж байгаа бор цаас нь тэр дундах хэсгийн цаас юм байна.

“Сайн цаас” компани 2014 оны есдүгээр сард байгуулагдсан бөгөөд 2015 оны зургадугаар сард бор цаас үйлдвэрлэж эхэлжээ. Үйлдвэрлэсэн бор цаасныхаа нягт, чанарыг сайжруулах зорилгоор үйлдвэрлэлээ түр зогсоож тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлж үйлдвэрлэлээ өргөтгөжээ. Ингээд жилийн дараа буюу 2016 оны зургадугаар сараас үйл ажиллагаагаа дахин эхлүүлж улмаар өнгөрсөн долоо хоногоос сайн чанарын бор цаас үйлдвэрлэж эхэлсэн нь энэ юм. Хаягдал картон цаас, бор цаас боловсруулах үйлдвэр нь 1000 м/кв талбайтай бөгөөд түүхий эдээ хадгалах агуулахтай. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа хайрцагны дөрвөн үйлдвэр байдаг бөгөөд тэдний хэрэгцээг зуун хувь хангах аж.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, шат дамжлагаа нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлж номны цаас, цагаан цаас зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөснөө тус компанийн гүйцэтгэх захирал Б.Билгүүндарь хэллээ. “Сайн цаас” компани Сонгинохайрхан дүүргийн Сонсголонд байрладаг хаягдал бор цаас болон картон цаас дахин боловсруулах үйлдвэрийнхээ өргөтгөлийг ямар нэгэн гадны хөрөнгө оруулагчийн тусламжаар бус цэвэр өөрсдийн хөрөнгөөр босгосноороо онцлогтой юм байна. Үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 40 хүний ажлын байр бий болох гэнэ.

Хайрцаг үйлдвэрлэдэг манай дотоодын компаниуд маань бор цаасаа Хятадаас оруулж ирдэг байсан бол одоо дотоодоосоо 20 хувийн хямд үнэтэй цаасаар түүхий эдээ бүрдүүлж эхэлж байгаа гэсэн үг. Монгол Улс сард 110 мянган кг цаасан бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирдэг бөгөөд БНХАУ руу хаягдал цаасаа кг-ыг нь 5-50 төгрөгөөр гаргаад буцаагаад нэг тонныг нь 2.3 сая төгрөгөөр худалдаж авдаг гэнэ. Ингэхээр ядаж бор цаасныхаа хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаад байна гэдэг чинь энэ хямралын үед яалт ч үгүй сайн мэдээ болж таарч байна. Үйл ажиллагаа нь жигдрээд улам дэвжээд ирвэл дотооддоо үйлдвэрлэсэн, цаас, дэвтэртэй болно гэсэн өөдрөг зүйл харагдаж байна. Ийм үйлдвэр байгуулагдсаныг дуулаад иргэдийн хувьд “Хаягдал цаас авах уу”, “Ямар цаас авах вэ”, “Кг-ыг нь хэдээр тооцож авах вэ” гэж асууж байгаа гэнэ. Эдний үйлдвэр одоогоор зөвхөн хаягдал картон болон бор цаас хүлээж авч байгаа бөгөөд бөгөөд бохирдлоосоо хамаарч худалдаж авах ханш нь өөр өөр. Нэлээд муудаж, салбарсан хог хаягдалтай картон цаасыг кг-ыг нь 10-20 төгрөгөөр худалдаж авах бол цэвэрхэн картон хайрцгуудыг кг-ыг нь 30-40 төгрөгөөр үнэлж байгаа юм байна. Яваандаа хотод хэд хэдэн газар хаягдал цаас хүлээн авах цэг байгуулах гэнэ.

Манайхан хаягдал картон цаас, бор цаасыг ихэвчлэн шатаадаг. Эсвэл газарт булах маягаар устгалд оруулдаг. Бичгийн цагаан цаас болоод картон цаасыг шатаахад их ялгаатай. Картон цаасыг шатаахад цавуу болон нэмэлт бодистой учир шаталт муутайгаас гадна хурц үнэртэй, утаа тортог их гаргадаг. Газарт булахад ялзрах явцдаа өвчин үүсгэгч нян ялгаруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс хаягдал картон цаасыг устгалд оруулахаас илүүтэй дахин боловсруулах нь байгаль экологид эерэг нөлөөтэй гэдгийг Б.Билгүүндарь захирал яриад “Манай үйлдвэрлэл бол экологид ээлтэй. Хаягдал картон болон бор цаасыг дахин боловсруулахад олон талын хэмнэлт бий болохын зэрэгцээ байгаль орчны доройтлоос сэргийлж, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой” гэлээ. Нэг тонн бор цаас гаргаж авахад 17 ширхэг мод ашигладаг гэнэ. Тэгээд тэр 17 ширхэг модноос цаас гаргаж авахын тулд 26500 литр ус зарцуулдаг юм байна. Ингэхдээ 4100 Квт цахилгаан хэрэглэж агаарт их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг аж.

Харин мод тайрч цаас гаргаж авахгүйгээр хаягдал картон цаасаа ингэж дахин боловсруулснаар нэг тонн цаас үйлдвэрлэхдээ дээрх хэмнэлтийг бий болгоно гэсэн үг. Нэг тонн картон цаасыг газарт булахад гурван м/кв талбайг эзэлдэг. Тэгэхээр “Сайн цаас” компанийн үйлдвэр хүлээж авсан хаягдал цаасныхаа тонн тутамдаа гурван м/кв бүхий талбай газрыг цэвэр байлгахад ач тусаа өгч байна гэж дүгнэж болно. Нөгөөтэйгүүр модоо хэмнэж байгаа том буян.

Хаягдал цаасыг боловсруулах шат дамжлагыг ерөнхийд нь дүрсэлж хэлбэл хаягдал цаас хүлээж аваад хог хаягдал, бохирдлоос нь салгаад усанд дэвтээж зутан болгоно. Дараа нь түүнийгээ цэвэршүүлээд хоёроос гурван дамжлагаар шүүнэ. Шүүгээд гарсан зутан нь бантангийн гурил маягийн юм болчихоор дахин усаар цэвэршүүлээд индүүднэ. Үүний дараа хатаагч дамжлагаар явуулаад цавууны хэсэгт хүргэнэ. Цавуугаар шүршсэний дараа дахин хатаана. Ингээд бэлэн болсон цаасаа хуйлж орооно. Хоёр талаас нь хэрчиж өөлөөд ингээд дахин боловсруулсан бор цаас бэлэн болж байгаа юм. Захиалагч болон хэрэглэгчдийнхээ хүсэлтээр 100-200 гр-тай цаас гаргаж байгаа гэдгээ тус үйлдвэрийнхэн хэллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирээдүй хойч үед минь эх орон нь гологдож эхэллээ

И.Жаргалсайхан гэх монгол хүүг албадан гаргахыг эсэргүүцэн Шведийн Стокгольм хотод гурван ахлах сургуулийн 1500 сурагч өнгөрсөн долоо хоногт хичээл хаялт зарлан, эсэргүүцлийн жагсаал хийлээ. Тэд “Жагаа үлдэх ёстой” гэсэн лоозон барьж. Чухам юу болсон талаар өгүүлье. Арван нэгэн настайдаа Шведэд очсон И.Жаргалсайхан хүү 18 нас хүртлээ тэндээ амьдарчээ. Түүний эцэг, эх 2006 онд Шведэд очсон бөгөөд 2010 онд хүүгээ Швед рүү татаж авчээ. Тэдний гэр бүлийнхэн визнийхээ хугацааг сунгуулсаар Шведэд өдийг хүрч. Харин энэ удаа оршин суух эрхээ дахин сунгуулахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн ч, татгалзсан хариу авсан байна. Хүүгийн эцэг, эх оршин суух эрхээ хөөцөлдөх зуур И.Жаргалсайхан 18 нас хүрч түүний оршин суух эрх нь эцэг, эхээс нь тусдаа яригдах нөхцөл байдал үүсчээ. Энэ улсад арван найман нас хүрвэл насанд хүрсэнд тооцдог учраас хүүг Шведэд оршин суух эрхийг цагаачлалын алба өгсөнгүй. Ингээд хамт суралцдаг найз нар нь монгол хүүгийн төлөө тэмцэл өрнүүлж эхэлсэн байна.

Энэ хооронд И.Жаргалсайхан Монголд сургуульд сурч байсан үеийнхээ таагүй явдлыг дэлгэсэн нь шуугиан тарих нь тэр. “Монголд сурагчдад хатуу даалгавар өгч, хүүхдүүдийг ядраадаг. Даалгавар хийгээгүй бол шийтгэдэг. Нэг удаа хичээл хийгээгүйгээс болж багш нь төмөр шугамаар гарыг минь цохьсон. Хүүхдүүдэд багш нар ялгавартай ханддаг. Хүн амын 3/1 нь ядууралд өртсөн энэ улс хүүхдүүд сургуульд сурахад ихээхэн хүндрэлтэй байдаг. Багш нар сурагчдадаа ялгаварлаж ханддаг. Мөнгөтэй баян айлын хүүхдэд даалгавраа хийгээгүй байсан ч гайгүй дүн тавьдаг. Монголд дунд сургуульд хүртэл авлига хээл хахууль нүүрлэсэн. Энэ бүхний эцэст шударга бус явдал гэдэг энгийн зүйл юм байна гэж би ойлгосон” гэж цахим хуудастаа бичсэн нь байдлыг хурцатгаж үе тэнгийн найз нөхөд нь түүний эрхийн төлөө тэмцэхэд улам нэмэр болжээ.

Энэ бол Монголд дунд сургуулийн боловсрол эзэмшихэд ямар бэрхшээл байдгийн энгийн л нэг жишээ. Монголын боловсролын салбарын нүүр царай. Цэцэрлэгийн учир мэдэхгүй жаалыг хоолоо идсэнгүй хэмээн зодож байсан багшийн бичлэгийг бид харсан шүү дээ. Хүүхдийн эрхийг хамгийн эхэнд тавьж, багш шугамаар цохих байтугай элдэв доромж үг хэлбэл багшлах эрхээ хасуулж, бүр цаашилбал шоронгийн хаалга татдаг улсад хүүгийн бичсэн нь аймшигтай харгислал шиг санагдах нь мэдээж. Тиймээс ч хүүхдүүд хүртэл сортхийн тэмцэж байна. Тэд найзынхаа төлөө тэмцэж байгаа ч манай боловсролын системийн бурангуйг энэ тэмцэл нь бас шүүмжилж байгаа хэрэг шүү дээ.

Үнэхээр ч Монголын боловсролын салбар дампуу, хүүхэд хар багаасаа л шударга бустай эвлэрэхээс өөр аргагүйд хүргэдэг. И.Жаргалсайханы бичсэнийг манай сошиалчид өлгөж аваад элдвээр л хэлж байна. Зарим нь ийм шударга бус авлига нүүрлэсэн, боловсролын систем нь дампуу газарт ирэхгүй гэж байгаа хүүгийн зөв гэж байхад нэг хэсэг нь хүний газар үлдэхийн тулд эх орноо мууллаа гэлцэв. Үнэн хэрэгтээ И.Жаргалсайхан хүү “Хаан нүцгэн байна” гэж дуугарснаараа л буруутдаггүй юм бол түүнийг бид яагаад буруутгах ёстой юм. Монголын боловсролын өнөөгийн үнэн төрхийг илчилсний төлөө юунд түүнийг эх орноо бодсонгүй гэж цээжээ дэлднэм. Эх орноо шүүмжлээд Монголд хайргүй болчихдог юм биш. Эх орноо магтаад эх оронч болчихдог юм биш. Хүүгийн бичсэн үгэнд худал зүйл нэг ч алга. Бидний өдөр тутамд тохиолддог, сонсдог, мэддэг л зүйлийг бичиж.

Яг энэ И.Жаргалсайхан хүү шиг гадаадад төрсөн, гадаадад өссөн хүүхдүүдэд Монголын боловсрол гологдож байна. Монголын төр, Монголын нийгэм гологдож байна. Ганц энэ хүү биш өчнөөн олон залуус, бүхэл бүтэн нэг үе ийм байдалд байгаа. Монголын сургууль ямар билээ. Хуучин цагт төрийн дайсны хүүхэд гэж түмний өмнө чичилж, бүгд түүнийг ад шоо үздэг, арай сүүлдээ бөөс, хуурстай, бохир заваан гэж өмд хувцсыг нь тайлуулж анги хэсүүлж, бүгдээрээ түүнийг үзэн ядахад хүргэнэ. Хичээлдээ муу, ариун цэвэр нь муу байвал сургуулийн үүдэнд нэр устай нь томоос том гахай зурна. Эсвэл ширээн дээр нь гахай, нохой зураад тавьчихдаг л байсан шүү дээ. Энэ нь өнөөх хүүхдэд насан туршид дагадаг хор хөнөөлтэй. Тэгээд болоогүй ээ, хаа газрын сурлага тааруу хүүхдүүд голдуу багш болчихдог. Өөрөө чичлүүлж зүхүүлж, гахай, нохойгоороо дуудуулж явсан хүн бусдын хүүхдээс өшөө авч байгаа мэт өмнөх үеийнхнийхээ бурангуй үйлдлийг давтана.

Төр нь эрүүл, мэнд боловсролын салбараа хамгийн сүүлд тавьж, улс төр болгож, хамтарч засаг барьсан намынхаа хэр тааруухан нэгэнд бэлэг болгоод өгчихнө. Өнөөх нь эдгээр салбарыг ёстой л баллаж тавина. Багш нар нь цалин бага, мэдлэг бага, хүүхдүүдэд харгис. Дээр нь үндсэн хичээлээ заахгүй хүүхдэд шашин сурталддаг багш нар ч байна. Нэг жаалхүү “Манай түүхийн багш буруу номтон юм байна лээ” гэж ярьж байхыг сонслоо. Учрыг асуутал хичээлээ зааж байгаад болж л өгвөл Ертөнцийн эзэн энэ бүхнийг бүтээсэн гээд яриад эхэлдэг гэж байна лээ. Нэг ёсондоо хүүхдийн тархийг мухар сүсгээр угаагаад сууж байдаг багш хүн байдаг юм байна. Тэр ч бүү хэл боловсролын салбарт ажилладаг мүүний шашинтнуудын талаар манайхан чамгүй сонссон шүү дээ. Эцэг, эх нь багш нарын болохгүй, бүтэхгүй байгааг хэлбэл хүүхдийнх нь дүнд нөлөөлчихнө гээд тэр бүр хэлдэггүй. Хаа нэг хэлсэн нь үнэхээр ч тэгж хохирдог юм чинь. Хүүхдээ бодоод ихэнх нь дуугүй өнгөрдөг. И.Жаргалсайхан хүү шиг олон хүүхдүүд шугамдуулж үзсэн. Багшийн зодуурын амтыг, элдэв доромжлолыг олон хүүхэд, эцэг, эх тэвчээд өнгөрдөг. Сурагчдынхаа нүдэн дээр архи ууж, тэднийг архи авч ир гэж дэлгүүр гүйлгэдэг багш нар ч байна. Байнга элдэв арга саам хэрэглэж мөнгө нэхнэ. Үүнийг бид хаа нэг шүүмжлэхээс хэтрэхгүй эвлэрсээр өнөөдрийг хүрсэн.

Цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном нь аллага хядлага, хүчирхийлэлтэй. Сурах бичиг нь тэр чигээрээ үсгийн алдаатай. Утга, агуулга нь ойлгохын эцэсгүй. Боловсролын яам нь дунд сургуульд хүүхдийн хүмүүжил төлөвшилд хамгийн их нөлөөлдөг уран зохиолын хичээлийг үндсэн хичээлээс хасч, сонгон суралцах хичээлд оруулчихна. Тийм болохоор дээд сургуулийн дипломтой хэрнээ сурах бичгээсээ өөр ном уншиж үзээгүй хүн ажлын талбарт орж ирж байна. Тавдугаар анги хүртэл нь гадаад хэл заахгүй гэсэн атлаа бүгдийг хуучин монгол бичгээр бичихийг хуульчилдаг, хууль боловсруулагчидтай. Монголд ингэж ухралт хийж байх зуур Казахстаны Ерөнхийлөгч бүх хичээлээ англи хэл дээр явуулахыг үүрэгдсэн шүү дээ.

Ийм төртэй, ийм яамтай, ийм сурган хүмүүжүүлэгчтэй салбарыг тийм газар сурч байгаа И.Жаргалсайхан шүүмжлэхгүй яахав дээ. Үр хүүхэдтэй эцэг, эх болгон боломж олдвол гадаадад хүүхдээ сургахыг хичээх болж. Монголын сургууль чанартай бол юу гэж ингэхэв. Нэгэнт гадаадад боловсрол эзэмшсэн бол Монголд суралцахыг юу гэж хүсэх билээ дээ.

Өмнөх сайд нь арай гэж Кембрижийн боловсролын системийг Монголд нутагшуулах гэж мэрийхээр дараагийнх нь гарч ирээд үгүйсгээд байдаг залгамж халаагүй, бодлогогүй төрийг яах билээ. Боловсролын сайд нь хэдэн жилийн өмнө аймгийн Засаг дарга байхдаа яаж хөглөж байсныг манай нийтлэлч өмнө нь бичиж байсан даа. Аймгийн төвөөсөө хориод км-ийн цаана төрийн албан хаагчдын тайллага, тахилга гээчийг хийж, хүмүүсийг хорин кг ноос, зуун мянган төгрөгтэй ирэхийг үүрэгдээд аймгийн төвийн дарга цэрэг, ямбатан тушаалтан бүгдийг ирүүлж өнөөх аваачсан ноосыг нь шатааж тэрэн дээгүүрээ харайлгаж жигтэй юм болсон гэдэг. Энэ зохион байгуулсан хачирхмаар арга хэмжээндээ өөрөө хаан шиг хувцаслаж очоод удирдсан гэх юм билээ. Ийм хүн боловсролын салбар удирдаад бөөгийн зан үйл, мухар сүсэгт итгээд, энэнийхээ хүчинд сайд болсон гэж бодоод сууж байхад энэ салбараас шинжлэх ухаан талын юм гарах уу.

Энэ бүхнийг хүсээгүй монгол хүүг элдвээр хэлээд яах юм. Ирээдүй хойч үед маань эх орон нь гологдож эхэлсэн байна шүү дээ. Хүн гэдэг сайн сайханд тэмүүлдэг. Сайхан амьдрахыг л хүсдэг. Тэр хүү сайхан газар амьдарч, сайн сургуульд сурахыг хүсч. Монголын боловсролын салбарын үнэн нүүр царайг илчилж. Монголын төр улс орноо ямар байдалтай байлгаж байгааг л харуулж байна. Шударга бустай эвлэрч эх оронч нэр зүүгээд тэр хүү яах ч билээ. Дампуу боловсролын системтэй атлаа 50, 60, 90 сая хүн амтай улс оронд байдгаас хэд дахин олон их, дээд сургуультай. Боловсролыг хэрхэн бизнес болгосон нь эндээс харагдана. 190 гаруй их, дээд сургууль нь баахан чанаргүй төгсөгчид үйлдвэрлэнэ. Мэргэжлээрээ ажиллаж байгаа нь хуруу дарам цөөн. Иймээс боловсролын системээ тэр чигээр нь өөрчлөх цаг болсон. Финляндад гэхэд сайн сурагч гэсэн ойлголт байдаггүй. Сурагч бүр онцгой, эцэг, эх бүр ижилхэн. Сонгоны анги гэж тэнд байхгүй. Аль нэг чухал хичээл гэж байхгүй. Бүх хичээл чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь бусадтайгаа хамт сурдаг. Багш болгон адилхан. Багш нарыг хэн нэгэнд илүү хандахыг аль нэгэн ангид өөриймсөг хандахыг хориглодог. Тэд сурагчдад эрх, үүргийг нь сайтар ойлгуулж, хүн болохыг эхлээд заадаг. Эрх нь зөрчигдвөл хэнд хандахыг сургадаг. Хүүхдийг гутааж, доромжлохыг хориглодог бөгөөд багш нар нь хөдөлмөрийн гэрээгээ ганц жилээр хийж, жил жилээр сунгадаг. Гэрээгээ сунгахын тулд багш нар алдаа гаргахгүй байхыг хичээнэ.

Манайд нам солигдохоор сургуулийн захирал багш нар нь солигдоно. Ирээдүйн хүүхдүүдийн төлөө ажиллаж чадах боловсролтой, чадалтай хүн гэхээсээ аль намыг дэмждэг, хэний хамаатан бэ гэдгээр үнэлж дүгнэж, ажил олгодог. Засаг солигдохоор сургуулийн захирал бас солигддог. Боловсролын систем нь зөв байх нь улс орон зөв хөгжихийн эхлэл. Хуучин ЗХУ-ын боловсролын системээр л Монгол Улс өнөөдрийг хүртэл явсаар ирлээ. Дэлхийгээс олон алхамаар ард хоцорлоо. Японы дунд сургуулиуд долдугаар ангиас л шалгалт авч эхэлдэг бөгөөд муу сурдаг сурагч гэж бараг байдаггүй. Цэцэрлэг, бага ангид нь тэднийг хүн болоход сургаж байна. Дунд ангид орохдоо тэд хэнээр ч хэлүүлэлтгүй хичээлдээ шамдахын чухлыг ойлгочихсон байдаг. Монголын боловсролын систем дампуу тиймдээ ч 122 орноос 115-д бичигдэж байгаа юм. Өөрөөсөө том цүнх үүрч, насандаа томдсон хариуцлага үүрсэн хэрнээ өдөр шөнөгүй багшийн дарамт, шалгалтаар нүдүүлж, доромжлол, зодуурыг тэвчин өсч буй ирээдүй үеийн олон, олон Жагаа хүү эх орноо голсоор л байх болно шүү.

Categories
мэдээ нийгэм

“Номоо солилцъё” өдөрлөг өнөөдөр болно

Номоо солилцъё зурган илэрцүүдСар бүрийн эхний долоо хоногийн бямба гаригт уламжлал болон зохиогддог ном солилцох өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран зохиох аж. Уг арга хэмжээ 12.00-14.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Батдэлгэр, Д.Уламбаяр хоёрыг суллав

Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсонтой холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн төлөөлөгчид 22 суудал авч ялалт байгуулж, олонх болсон байтал хотын дарга хууль бус шийдвэр гарган Засаг даргыг МАН-аас томилсон.

Энэхүү хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхээр улайран хууль хүчний байгууллагыг ашиглан цагдаа нарыг иргэд рүүгээ хүч хэрэглүүлэн ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэлээ. Ийм бусармаг үйл явдалтай нийслэлийн Ардчилсан нам эвлэрэхгүй, тэмцэнэ гэв. Мөн тэрээр ийм хууль бус шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг дарга Д.Батболд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Н.Эрдэнэболд нар сайн дураараа ажлаа өгөн огцрох ёстой” хэмээн мэдэгдэж байв.

Мэдээлэл хийх үеэрээ Баянзүрх дүүргийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон Л.Батдэлгэр, Д.Уламбаяр нарыг цагдаа нар баривчлан саатуулсан тул суллахыг шаардсан. Тэгвэл тэднийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст түр хугацаагаар саатуулж байгаад суллажээ.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байна

Ойрын өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байна зурган илэрцүүд

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө хүйтэрч 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө хүйтэрч 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө хүйтэрч 0-5 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн,, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө хүйтэрч 4-6 градус хүйтэн байна.

Энэ сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 5,6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 5,6-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үймээн дэгдээсэн иргэдийг “Ганц худаг” руу ачжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжилсан. Энэ тухай мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр албан ёсоор мэдээллэсэн юм. Гэтэл уг шийдвэрийг хууль бус хэмээн эсэргүүцсэн залуус Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгийн газрын байранд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж суулт зарлаад байгаа юм.

Уг нь 2016 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ИТХ-д АН 22 суудал авсан бол МАН-аас нэр дэвшигчид 19 суудал авсан байдаг. Ингээд хуулиараа ИТХ-даа олонх болсон нам засаг даргаа томилох учиртай юм байна. Тиймээс тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн бүрэлдэхүүн шинэээр томилогдсон Засаг даргыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа нь энэ. Нийтдээ

300 гаруйхүнэнэхүү эсэргүүцлийн суултад оролцож байгаа бөгөөд жагсаал өчигдөрийн 15:00 цагийн үед эхэлсэн байгаа юм. Ингээд өнөө өглөө иргэд 08:00 цагт мөн дахин суултаа үргэлжлүүлжээ.

Гэтэл 11:30 цагийн үед Цагдаа нар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гаражийн хаалгыг эвдэн, дотогш нэвтрэн орж, жагсаал хийж буй хүмүүс рүү нулимас асгаруулагч хий цацаж, иргэдийг албадан гаргахыг оролдсон учир иргэд цагдаа нарын хооронд үл ойлгоцол үүссэн байна. Өөрөөр хэлбэл, цагдаа нар иргэд рүү нулимас асгаруулагч хий цацахын хажуугаар иргэднийг цахилгаан бороохойгоор хүртэл бороохойдож, хүч хэрэглэжээ. Ингээд цагдаа нар 20 минутын дотор иргэдийг хүч түрэн гаргахад МАН-ын 20 гаруй төлөөлөгч цагдаагийн хамгаалалтан дор ЗДТГ-ын байр руу орж амжсан байна.

Тус дүүргийн Засаг даргын тамгын газарт өрнөж буй энэхүү үйл явдлын хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3-р хэлтсийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа ажээ.

Ийм үл ойлголцол болж буйг сошиалаас харсан иргэд олноороо тус дүүргийн тамгын газрын байранд очицгоожээ. Иргэд хэвлэл мэдээллийнхнийг дотогш оруулахыг шаардсан ч хэвлэлийнхнийг ялгаварлан гадуурхаж, МАН-ын харьяат хэвлэлүүдийг нэвтрүүлж байна гэх мэдээлэл ч олон нийтийн цахим сүлжээгээр тарж байна.Ингээд үдээс хойш үймээн дэгдээсэн гэх иргэдийг Ганц худагийн хорих анги руу ачжээ. Одоогийн байдлаар ч иргэд эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлж, цагдаа нар хүч түрэн жагсаалыг таслан зогсоохыг оролдсоор байна. Харин 16:00 цагаас Нийслэлийн Ардчилсан намын удирдлагууд шуурхай хурал зарласан байна.

Үүнээс өмнө Нийслэлийн засаг даргын тамгын газраас хэвлэлийн хурал хийж, учрыг тайлбарлахдаа “Баянзүрх дүүрэг 41 төлөөлөгчтэйгөөс 35 нь хуулийн дагуу сонгуулийн үйл ажиллагаанд оролцож нэр дэвшиж ялалт байгуулсан. Зургаан нэр дэвшигч сонгуулийн хуулийг зөрчсөн гэж байгаа. Энэ үндэслэл Цагдаагийн байгууллагаар шалгагдаж, Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Тиймээс дүүргийн Сонгуулийн хорооноос тогтоол гаргаж дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан. Б.Саруул, А.Түмэн-Насан, М.Мэндбаяр, Ш.Ганчимэг, Д.Уламбаяр нарын нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн нь шүүхээс тогтоогдоход тэд өөрсдөө давж заалдаагүй. Ингээд 2017 оны 10-р сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт дахин сонгуулийг явуулах шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар 35 төлөөлөгч бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнээс 19 нь МАН-аас нэр дэвшин сонгогдсон, 16 нь АН-аас нэр дэвшин сонгогдсон хүмүүс байгаа” гэжээ. Мөн тэд Баянзүрх дүүргийн засаг даргаар дөрвөн жил ажилласан Д.Пүрэвдавааг энэхүү үймээний ажлаа зогсоо гэж хэлмээр байна гэж байлаа. Жагсаал зохион байгуулсан гэх зарим иргэдийг хорьсон гэх мэдээлэл байна.

Н.Ганаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дүнжингарав уралдааныг хориглох шийдвэр гаргалаа

Дүнжингарав уралдаан зурган илэрцүүд“Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ долоо хоногийн ням гариг буюу 3-р сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болохоор товлогдоод байсан билээ. Гэтэл Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг сүлжээ төрийн бус байгууллагуудаас засгийн газрын дээрх тогтоолыг эсэргүүцэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Өнөөдөр 16:00 цагт энэхүү гомдолыг хэлэлцээд, “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах тухай засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Хурдан морины “Дүнжингарав” хаврын уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн 2016 оны 2-р сард Хөдөлмөрийн сайдын тушаал гарч, 11 дүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм.

Н.Ганаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн АН мэдээлэл хийлээ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт үймээн дэгдсэн. Тус дүүргийн Засаг даргын томилгоо хууль бус болсноос үүдсэн гэх уг үймээний улмаас олон хүн гэмтсэн талаар Нийслэлийн Ардчилсан Нам, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус дүүргийн МАН-ын даргын сонгуульт ажилтай Э.Бат-Амгаланг батламжилснаа албан ёсоор мэдээлсэн. Гэвч тус дүүргийн Засаг даргаар ажиллаж буй Х.Пүрэвдаваа болон дүүргийн ИТХ-ын АН-ын гишүүд “Энэ бол хууль бус үйл ажиллагаа” хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлэн нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн юм.

БЗД-ИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА Ш.ГАНЧИМЭГ:

Өнгөрсөн аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн АН 22, МАН 19 суудал авсан. Сонгуулийн хорооны хэсэг нөхдүүд хуулийг илтэд зөрчин АН-аас зургаан хүнийг хассан. Гэхдээ СЕХ, Нийслэлийн сонгуулийн хороо шийдвэр гаргаж Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсныг зарласан.

.Тэр дагуу АН хурлаа хийж иргэдийн хурлын даргаа сонгосон. Ингээд батламжаа хоёр удаа Нийслэлийн Засаг дарга С.Батболдод гардуулан өгсөн. Засаг дарга үүргээ биелүүлээгүй учир бид Нийслэлийн захиргааных эргийн шүүхэд хандсан.

Захиргааны шүүхээс танайд шүүхээр явж буй асуудлууд байгаа юм байна. Тиймээс шийдвэр гартал хэлэлцэхгүй гээд түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд чоно борооноор гэгчээр гуравдугаар сарын 2-нд С.Батболд Э.Бат-Амгаланг томиллоо. Баянзүрх дүүрэгт 330 мянган иргэд байгаагаас 200 мянга гаруй нь сонгууль өгсөн. Ихэнх нь АН-г дэмжиж саналаа өгсөн. Гэтэл үүнийг үгүйсгэж байна. Бидний үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл бүх зүйлийг лацдаж хөөж гаргаж байна. Э.Бат-Амгалан гэж хүн дүүргийн Засаг даргын өрөөг эвдэж ороод хээв нэг инээгээд сууж байна. Ийм хүнийг бид сонгоогүй. Маргаашнаас эхлээд бүх ИТХ-ын төлөөлөл болон хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдыг халж эхэлнэ. Эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийн нэлээдийг хорьсон байна. Заримыг нь зодож гэмтээсэн байна. Тиймээс эдгээр иргэдийг суллахыг шаардаж байна. Мөн тэдгээр хүмүүсээс тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн хүмүүс ч байгаа гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Алтан Овоо, Шилийн богд руу зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн нэг дүүрэг, дөрвөн аймгийн 17 суманд мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдад шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон.

Мөн Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос 3 сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг тул өвчлөл тархсан бүс нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна.

Тэр дундаа сар шинийн баярын дараа монголчуудын хамгийн их зорин очдог Алтан Овоо, Шилийн богд уул руу явах зам Сүхбаатар аймгийн хорио цээрийн дэглэмтэй байгаа дээрх сумдын нутгаар дамжин өнгөрдөг учир ойрын өдрүүдэд Алтан Овоо, Шилийн богд руу зорихгүй байхыг сануулья гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.