Categories
мэдээ нийгэм

Усанд автсан айлуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүд идэр есийн хүйтнээр усанд автаж, нөхцөл байдал тун хүнд болоод байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан өнөөдөр уг нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Өчигдөр үүрэгт ажлаа хүлээж авсан тэрбээр эхний ажлаа ийнхүү дүүргийнхээ хамгийн хүнд нөхцөлтэй хэсгээс эхэлж байгаа аж. Түүнийг очиход тухайн хэсгийн айлуудын хашаа байшин, гэр орон хөлдөж, хашаан дотор зогсох машины зөвхөн дээвэр хэсэг нь харагдаж байсан юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр булгийн ус хальж, айлуудын дороос ус ундарсныг оршин суугчид нь хэлж байна. Газрын албаны мэдээлж байгаагаар энэ хэсэгт зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг бөгөөд булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан айлууд ийн усанд автжээ. Өнгөрсөн жилүүдэд тухайн айлуудад яаралтай нүүж, булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүссэнийг дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгаланд танилцууллаа.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Цэрэндаваа хэлэхдээ “Шинээр томилогдсон Засаг дарга өнөөдөрдүүргийнхээ хүнд байгаа газар ирж танилцлаа. Иргэд үүнд талархаж байна. Айлууд усанд автсан талаарх дуудлага анх12 дугаар сарын 21-нд ирсэн. Энэ хэсэг бол “7 булагтай” гэдэг нэртэй газар. Булгийн эхэнд айлууд шороо асгаж бууснаас болоод дулаан газраас ус гарч ирэх болсон. Ингээд мөстөж, маш их мөс үүссэнийг та бүхэн харж байна. Онцгой байдлын албанаас техник хэрэгсэл гаргаж, зарим үед 24 цагаар ажилласан. Маш их ус соруулж, мөс ховхолж зайлуулсан ч нөхцөл байдал дээрдээгүй.” гэлээ.

“Урин дулаан цаг ирж, мөс хайлах дөхөж байна. Нөхцөл байдал улам хүндэрнэ гэсэн үг. Тиймээс асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай.” хэмээн 10 дугаар хорооны иргэд ярьж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан иргэдийн санал хүсэлтийг сонсож, газрын алба болон онцгой байдлын хэлтэст зохих чиглэлийг өглөө. Даваа гаргаас эхлэн холбогдох байгууллагууд уг асуудлын талаар шуурхай хэлэлцэж, шийдэлд хүрэхээр боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

2017 оны төсвийн тодотголыг өргөн барина

Өнгөрсөн долоо хоногт багтаан Засгийн газар 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө өргөн барих байсан боловч Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төрийн нарийн бичгийн даргынхаа хамтаар гадаад улсад ажилласан тул амжаагүй юм. Тэгвэл маргааш Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж магадгүй байна.

Мөн УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганы асуудлыг хэлэлцэх юм байна.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд Олон улсын валютын сантай хэлэлцээ хийснээр тус сангаас хэрэгжүүлдэг хөтөлбөрт хамрагдахаар урьдчилан тохиролцсон. Хөтөлбөрт хамрагдах эсэхийг энэ сарын 6-нд Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаас эцэслэн шийднэ.

Урьдчилсан нөхцөлөөр Засгийн газар хэд, хэдэн төрлийн татварыг нэмэх зэрэг үүрэг хүлээгээд байгаа. Энэ бүхнийг шийдүүлэхийн тулд УИХ энэ оны төсвийн хуульд тодотгол хийх шаардлага үүсэж буй.

Categories
мэдээ спорт

Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд азарга түрүүллээ

Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд азарга зурган илэрцүүд

Хаврын төвийн бүсийн хурдан морины уралдаан “Дүнжингарав-2017” үргэлжилж байна. Уралдааны азарга насанд 170 гаруй хурдан шандаст хүлэг хурд хүчээ сорьсноос Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд азарга түрүүллээ. Уг зээрд азарга нь өнгөрсөн жил болсон Хангай бүсийн наадамд мөн түрүүлж байжээ. Аман хүзүүнд уяач н.Эрдэнбулганы уясан бор азарга орж ирлээ.

Айргийн гуравт уяач н.Дамбажавын хээр азарга, дөрөвт мөн н.Дамбажавын зээрд азарга тус, тус хурдалсан бол айргийн тавд “Апу”-гийн Г.Батхүүгийн хүү Б.Ганхүлэгийн хул азарга орлоо.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг Хууль зүйн яамны харьяа байгууллагуудад зарлажээ

ОХУ-д суралцах тэтгэлэг зурган илэрцүүд

Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар 2017-2018 оны хичээлийн жилд бакалавр, магистрантур, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлаж байна.

Бүртгүүлэгчдэд нийтлэг шаардалга тавьж байгаа бөгөөд орос хэлний мэдлэгтэй, 17-25 хүртэл насны, бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан, ял шийтгэлгүй, ял эдэлж байсан бол ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан байх ёстой юм байна.

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ, ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГА

Бакалаврт – 20 суралцагч

1.Цагдаагийн ерөнхий газар – 8

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар – 5
  2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн – 5
  3. Хууль сахиулахын их сургууль – 2

Магистрантурт – 7 суралцагч

Цагдаагийн ерөнхий газар – 3

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар – 2
  2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн – 1
  3. Хууль сахиулахын их сургууль – 1

Адъюнктурт- 3 суралцагч

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар – 1
  2. Хууль сахиулахын их сургууль – 2

ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

  • Орос хэлний мэдлэгтэй;
  • Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх;
  • Ял шийтгэлгүй, ял эдэлж байсан бол ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан;
  • 17-25 хүртэл насны.

БАКАЛАВРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. 1. Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:
  • Захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх үнэлгээтэй ажилласан байх;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.
  1. 2. Иргэдэд тавигдах тусгай шаардлага:
  • Бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг А, В үнэлгээтэй суралцаж төгссөн, эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.4 –аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
  • Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.

МАГИСТРАНТУРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бакалавр, захиалагч байгууллагад мэргэжлээрээ тасаг, хэлтсийн дарга, түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
  • Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

АДЪЮНКУРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Магистр, мэргэжлээрээ захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
  • Зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн;
  • Элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон;
  • Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Боловсролын гэрчилгээ, диплом эх хувиараа болон нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүрэн дунд сургууль төгссөн сурагч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж;
  • Албан хаагчид ажлын газрын тодорхойлолт;
  • Иргэний ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа;
  • Одоо суралцаж буй оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
  • Бүртгэлийн хураамж 40.000 /бэлэн/ төгрөг.

Бүртгүүлэгч нь энэ сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл суралцах чиглэлийн дагуу захиалагч байгууллагад /ЦЕГ-ийн 509 тоот, ХСИС-ийн 625 тоот, ШШГЕГ-ын 204 тоот, ШШҮХ-ийн 404 тоот/ бүртгүүлэх юм байна.

Categories
мэдээ спорт

“Дүнжингарав” наадмын түрүү морьд тодорч эхэллээ

Хаврын тэргүүн сарын шинийн 7-ны билэгт сайн өдөр төвийн бүсийн томоохон морин уралдаан Төв аймгийн Аргалант суманд болж байна.

“Дүнжингарав-2017” наадам өнөөдөр эрлийз морьдын уралдаанаар эхэллээ. Төв аймгийн Баян сумын МУ-ын манлай уяач Х.Цогтсайханы сартай хээр түрүүлж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач МУ-ын манлай Т.Галбадрахын хээр аман хүзүүджээ.

Гуравт Төв аймгийн Лүн сумын уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр айрагдсан бол Архангай аймгийн Их тамир сумын уяач Т.Ганболдын хар бор дөрөвт хурдалж айргийн тавд Булган аймгийн Баяннуур сумын уугуул Аймгийн алдарт уяач Ч.Содномын хар хурдалж хурсан олныг баясгаж тод манлай торгон жолоогоо өргүүлжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргах хүсэлт тавьжээ

Авлигын хэргээр хоригдоод удаагүй байгаа УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж өгөх хүсэлтийг өмгөөлөгч нар нь Нийслэлийн Прокурорын газарт тавьжээ.

Тэднийг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас байцаан цагдан хорих шийдвэр гаргаж хорих 461-р ангид хорьж байгаа билээ. Өмгөөлөгчдийн баасан гаригт тавьсан дээрх хүсэлтийг маргааш шийдвэрлэн хариу өгөх юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

“Дүнжингарав” уралдаан болдгоороо болно

“Дүнжингарав” уралдаан зурган илэрцүүдХаврын бүсийн хамгийн том уралдааны нэг “Дүнжингарав” хурдан морины уралдаан болохоор болжээ. Уралдаан Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болох аж. Уг нь бол гуравдугаар сарын 3-нд Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар морин уралдааныг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан юм. Гэвч талууд энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа бол давж заалдах боломжтой гэнэ. Харин давж заалдах долоон хоногийн хугацаанд уралдааныг явуулж болно гэнэ.

“ДҮНЖИНГАРАВ 2017” УРАЛДААНЫ ХУВААРЬ: /2017.03.05/

  • 07.00 – Эрлийз дээд нас мордох
  • 09.00 – Азарга мордох
  • 11.30 – Азарга барианд орох
  • 11.40 – Уралдааны нээлт, урлагийн тоглолт
  • 12.10 – Их насны морьд мордох
  • 14.30 – Соёолон насны морьд мордох
  • 17.00 – Цоллох, бай шагнал гардуулах
Categories
мэдээ улс-төр

С.Батболд: Нийслэл хотын хөгжилд улс төржилт, талцал, хуваагдлаас том саад үгүй

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбогдуулан хэт улс төржиж, иргэдийн дунд үймээн үүсгэхгүй байхыг АН-ын удирдлагуудад уриалсан байна.

Тус уриалгад, “Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн зарим тойрогт нэр дэвшигчийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн гэм буруутайд тооцсон. Энэ дагуу Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2017 оны 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт 1, 5, 14 дүгээр тойрогт дахин сонгууль зохион байгуулахаар товлосон байна. Миний бие бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 35 төлөөлөгчийн олонхийн саналаар Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Э.Бат-Амгаланг батламжилсан. Энэ нь Сонгуулийн тухай хуультай нийцэж байгаа болно.

Миний бие дүүргийн Засаг дарга нарыг томилохдоо Нийслэлийн иргэдийн сонголтыг хүндэтгэн, Үндсэн хуульд заасан “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах” зарчмыг баримталж ирсэн. Цаашид иргэдийг хууль бус ажиллагаанд татан оролцуулж, үймээн самуун үүсгэж байгаа Баянзүрх дүүргийн АН-ын удирдлагуудын үйл ажиллагааг таслан зогсоохыг уриалж байна. Бид нэг нийслэлтэй. Нийслэл хотын хөгжилд улс төржилт, талцал, хуваагдлаас том саад үгүй. Иймд Монголын том улс төрийн хүчин болох АН-ын удирдлага хий хоосон улс төржилт, зүй бус үйл ажиллагаагаа зогсоож, нийслэл хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Р.Амаржаргал: Иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг уландаа гишгэлээ

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсонтой холбогдуулан үүсээд байгаа үймээний тухай мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Иргэдийг хүч хэрэглэн тэр дундаа хорт бодис цахилгаан бороохой хэрэглэн нухчин дарж тараасан үйлдлийг анх удаа харж байна. 2016 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн БЗД-ийн ард иргэдийн итгэл дэмжлэг, ардчилсан намын гишүүд дэмжигчдийн сэтгэл зүтгэлийн үр дүнд нийтдээ 41 суудлаас 22-т нь Ардчилсан нам ялалт байгуулж олонх болсон. Гэтэл орон нутгийн сонгуулийг зохион байгуулах эрх бүхий дүүргийн сонгуулийн хороо улс төржсөн шийдвэр гаргаж Ардчилсан намаас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшээд ялалт байгуулчихсан зургаан хүнийг батламжлаагүй. Дээрх Сонгуулийн хорооны шийдвэрийг шат, шатны шүүхээр хууль бус гэж удаа дараа тогтоосоор байтал бусармаг үйл ажиллагаа даамжирсаар МАН-аас сонгогдсон 19 төлөөлөгч дангаараа хуралдсан.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж дүүргийнхээ Засаг даргад нэг нөхрийг дэвшүүлээд түүнийг Нийслэлийн Засаг дарга мэдэн будилж батламжилж байна. Эдгээр хууль бус үйлдлүүдийг тайван замаар эсэргүүцэж байсан Ардчилсан намын гишүүд дэмжигчдийг эрх баригчид хууль хүчний байгууллагуудаар далайлган нухчин дарах гэж оролдож байгаа нь Монгол Улсад сүүлийн 27 жил болж байгаагүй зүйл.

27 жил тогтчихсон ардчилсан улс төрийн тогтолцоо, соёлд халдсан бусармаг үйл явдал гэж би хувьдаад үзэж байна. Эрх баригчдын хууль зөрчсөн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхаглан баталгаажчихсан иргэдийн сонгох эрх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх, нутгийн өөрөө удирдах ёс зэргийг үнэхээр ноцтой зөрчиж уландаа гишгэж байгааг буруушаахаас өөр арга байхгүй. Энэхүү дарангуйлал, хүчирхийлэл, хууль бус үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Энх-Амгалан: Монгол Улс хариуцлагатай болсон гэдгийг бодитоор харуулж, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Намрын чуулган хаалтаа хийж, гишүүд тойрогтоо ажиллаж байна. Уг чуулганыг үүргээ хэр биелүүлсэн гэж та дүгнэж байгаа вэ?

-Шинэ парламент байгуулагдсанаас хойш чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа болсон байна. Байнгын болон дэд хороод 140 удаа хуралдаж, бие даасан хууль 22, нэмэлт өөрчлөлт орсон хууль 262, зээлийн хэлэлцээр батлах тухай дөрөв, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 31, УИХ-ын 104 тогтоол тус, тус батлан гаргалаа. Мөн эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь хангах зорилгоор эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлан гаргаж өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

-Намрын чуулганаар гол шийдэх асуудал нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц байсан. Гэтэл дорвитой ажил хийсэнгүй. Батлаад байсан богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт юу болж байгаа вэ?

-Сэхээнд орсон хүн шууд хөл дээрээ босоод гүйчихдэггүй биз дээ. Түүнтэй нэгэн адил эдийн засаг хүнд байдалд орсон улс орон, өр зээлэндээ баригдсан, гадны хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, хариуцлага сахилга бат алдагдсан тийм л засаг төрийг МАН хүлээн авсан. Хамгийн түрүүнд төсвийг бүх шатандаа хэмнэх, төсвийн сахилга хариуцлагыг хангаж ажиллахад төрийн бүх шатны байгууллага анхаарал хандуулж байна. Хөгжлийн банкны тухай хуулийг батлан гаргалаа, гадаад өрийг төлөх зам сувгийг эрэлхийлж байна. Ажлын байрыг бодитоор бий болгох үүднээс жижиг дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй 4700 аж ахуйн нэгжийн албан татварыг нэг хувь болголоо, импортоор оруулж ирж байгаа жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, 54 мянган ААН-д үйлдвэрлэлээ өсгөх, ажлын байраа хадгалж үлдэх боломжийг бий болголоо, татвар төлөөгүйн улмаас хаагдсан олон олон бизнес эрхлэгчдийн дансыг нээлээ. Энэ бүхэн эдийн засагт үр дүнгээ өгч байна. Төсөв 9.4 хувиар давж биелэлээ, төсвийн зарлага төлөвлөснөөс 173 тэрбум төгрөгөөр хэмнэгдлээ. Ахиц байна.

Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болчихлоо. Үүнийг дагаад гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ биз дээ?

-Хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэх хандлага харагдаж байгаа. Таван толгойн Баруун цанх нээгдлээ. Өнгөрсөн жилүүдэд тонныг нь 25-32 ам.долларт өгдөг байсан нүүрсийг өнөөдрийн байдлаар 71.5 ам.долларт зарж байна. Энэ бол үр дүн. Бид хэлсэн үгэндээ эзэн болж хариуцлагатай, сахилга баттай, тогтвортой байхыг хөрөнгө оруулагчид хүсч байна.

-Та Монгол-Оросын парламентын бүлгийн тэргүүн. Хоёр улсын харилцаанд нэмэр болохуйц ямар ажил хийж байгаа вэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын Новосибирск хотод “Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалт-2016” арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын их хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хороонд 20 зүйл бүхий хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт зарим нэг чухал заалтууд бий. Новосибирск бол Ази Европыг холбосон тээвэр ложистик, аж үйлдвэр, соёл, шинжлэх ухааны том төв. Новосибирск Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хот болсон. Тиймээс хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Юун түрүүнд Новосибирск-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болмоор байна. Мөн Тянжинь болон Хятадын бусад нутгаас тээвэрлэгдэж байгаа бараа материалыг Монгол нутгаар дамжуулан Сибирийн нийслэл Новосибирск хүртэл явуулах, Монгол нутгаас тээвэрлэгдэж байгаа малын гаралтай мах, сүү, ноос, ноолуур, арьс ширэн эцсийн бүтээгдэхүүний гаалийн татвар хураамжийг хөнгөвчлөх тал дээр анхаарах гэх мэт зарчмын хувьд өөрчлөлт хийж гадаад худалдааг хөнгөвчлөх талаар яриа хэлцэл болж, эхний алхмууд хийгдсэн. Мөн саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод ажиллаад ирлээ. Бугат хот Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой хот. Бугатын ган төмөрлөгийн үйлдвэрт жилд зургаан сая тонн коксжих нүүрс, 10 сая тонн төмрийн хүдэр шаардлагатай байдаг. Үүнийхээ ихэнхийг Австралиас татаж байна. Уг нь бол хөршөөсөө авах боломж бий. Орос улс мөн мах, махан бүтээгдэхүүнээ Аргентинаас авдаг. Бас л хөрш нь болох манай улс нийлүүлэх боломжтой. Ингээд хараад байвал аялал жуучлал, гадаад худалдаа, олон улсын тээвэр, транзит тээвэр, ложистик, соёлын харилцаа, үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн форум, бүс нутгийн хөгжил гээд эдийн засгийг дэмжих олон салбарт хоёр хөрштэй ажиллах боломж бидэнд байна. Наад зах нь л гэхэд Орос Хятадын хооронд хийгдэж байгаа бараа эргэлт жилд 40 сая тонн. Алсдаа 100 сая тонн болох боломжтой. Гэхдээ Монголын нутгаар дамжих нь маш бага байна. Оросууд бараагаа алс дорнодоор дамжуулж тээвэрлүүлэн авахад 45 хоног, Дундад Азиар дамжуулж тээвэрлэхэд 35 хоног зарцуулж байна. Гэтэл Тянжинь боомтоос Эрээн-Замын-Үүд, Ханги-Мандал чиглэлд тээвэрлэхэд автомашинаар гурав хоногт, Монголын урд хилээс хойд хил хүртэл гурав хоног гээд үндсэндээ долоохон хоногт ОХУ-ын хил дээр хүрнэ. Сибирийн бүс нутагт мөн долоо хоногийн дотор ачаа эзэндээ очно гээд бодоод үз дээ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө аль алинд нь хэмнэлттэй. Үүнийг Монгол Улсын идэвхтэй санаачлагаар ажил болгох ёстой.

ХУ-тай цаашид ямар салбарт түлхүү анхаарал хандуулан хамтран ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Олон салбарт ажиллах боломж бий шүү дээ. Гадаад худалдаа, соёл боловсрол, шинжлэх ухаан, мал эрүүлжүүлэх, ХАА-д шинэ техник технологи нэвтрүүлэх гээд стратегийн түншлэлийн бүхий л салбарт хамтран ажиллах боломж бий. Бид чинь хоёрхон мөнхийн хөрштэй шүү дээ. Ганцхан жишээ хэлэхэд дээр дурдсан олон сая тонн ачаа Монголыг дайран өнгөрлөө гэж бодъё. Наад зах нь бензин тос хийнэ, засвар үйлчилгээ авна, хоол унд хэрэглэнэ, унтаж амарна, замын хураамж төлнө. Үүнийг дагаад хөгжил явагдана. Уул уурхайн зарим бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр, урт хугацаанд тогтвортой байнгын хэрэглэгчдэд нь нийлүүлнэ гээд мөнгө олох боломж бий. Харин бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай. Зарим нэг гол орд зэсийн баяжмалаа түшиглээд эцсийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Нефтийн ордууддаа түшиглээд боловсруулах үйлдвэр барих ёстой. Малаа эрүүлжүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах ёстой. Малын гаралтай болон ХАА-н гаралтай түүхий эдээрээ дэлхийн брэнд болсон эко, ногоон бүтээгдэхүүн хийж дэлхийн зах зээлд нийлүүлэх учиртай. Аялал жуучлалын томоохон бүтээгдэхүүн бий болгож дэлхийн жуулчдын нүдийг хужирлаж, мөнгийг нь заруулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжилд анхаарах цаг болсон.

-Удахгүй Таван толгойн гэрээ шинэчлэгдэх байх. Цаашид хэрхэн хөдөлгөх хувилбарын талаар МАН-ынхан бүлэг дээрээ ярьсан уу?

-Үгүй. Таван толгой хэвийн ажиллаж байгаа шүү дээ. Баруун цанх ашиглалтад орсон. Үнэ нь өсч 71.5 ам.доллар болсон. Өмнө нь хэзээ ийм үнээр зарж байсан юм бэ. Засгийн газар богино хугацаанд боломжоороо л зүтгэж байна шүү дээ.

-Нүүрсний үнэ өсч байгааг ашиглаад эдийн засгаа богино хугацаанд сэргээх боломжтой биз дээ?

-Ганцхан Таван толгой ч биш, эдийн засагт үр ашигтай бусад төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Дотоодын нөөц бололцоогоо бүрэн дайчилж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, малын гаралтай түүхий эд, ХАА-н гаралтай бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлээ хангаад экспортыг чиг баримжаатай үйлдвэрлэл үйлчилгээг бодлогоор дэмжих ёстой. Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улс хариуцлагатай болсон гэдгийг бодитоор харуулж, хөрөнгө оруулалт татах учиртай. Монголчууд бид хамтдаа л зүтгэж байж хямралаас гарна. Өөр хэн ч бидний өмнөөс ажил хийхгүй.

-Та жижиг, дунд үйлдвэрийнхнийг дэмжиж ажилладаг. Тэднийг дэмжих хамгийн бодитой дэмжлэг нь хөрш улсуудад үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байдаг. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Багтаамжтай том зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдээ гаргах, шинэ түнш, шинэ хамтрагч, шинэ техник технологи, шинэ инноваци, шинэ хэрэглэгчээ олоход нь туслах зорилгоор БНХАУ, ОХУ-ын олон хотод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, “Монголын өдрүүд” эдийн засгийн чуулга уулзалт, соёл урлагийн арга хэмжээг манай хамт олон хийж ирсэн. Одоо ч хийж байгаа. Хүнээс баярлалаа гэдэг үг сонсох сайхан шүү дээ. Монголчууд маань хичээвэл хийж чадахгүй зүйл гэж байхгүй л дээ. Манай үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хоёр хөрш их сонирхдог. Чанартай загвар дизайн сайтай, экологийн цэвэр монгол брэнд үнэ хүрнэ.

-Та өмнө нь Ази Европыг холбосон мэдээллийн технологийн төв байгуулах талаар ярьж байсан. Энэ ажил юу болсон бэ. Үүнийг дагаад дэлхийн томоохон компаниуд манайд салбараа нээнэ гэж байсан. Тэр ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Ази Европыг холбосон өндөр хурдны дахин дамжуулах “Дата” төв барих асуудал манай намын мөрийн хөтөлбөрт ч байгаа, төслийг Ерөнхий сайдад миний бие өргөн барьснаас хойш ажил амжилттай үргэлжлэн явагдаж байна. Монгол Улсад үр ашигтай томоохон төслүүдийг бид хамтдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэг цонхоор, нэгдмэл зорилго, нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран хийх нь орчин үед хамгийн үр дүнтэй арга мөн. Майкрософт ,Т Интел гэх мэт компаниудын суурин төлөөлөгчийн газар орж ирсэн. Удахгүй Гүүгл орж ирэх байх. Монгол бол олон улсын транзит урсгалын хувьд хамгийн аюулгүй, хамгийн боломжийн, хамгийн үр ашигтай орон байх боломж бий.