Categories
мэдээ нийгэм

”Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гаргажээ

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран уриалга гаргажээ. Уг уриалгад:

“Монголчууд бид байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, амьдралын хэв маягтай ард түмэн билээ. Гэвч эртнээс нааш хүндэтгэлийн зан үйлд л хэрэглэж ирсэн хадгийг эрхэмлэх явдал сүүлийн үед алдагдсанаас мод, овоо, гүүр, хашаа зэрэгт хадаг уяж, улмаар энэ нь ой мод, ургамлыг гэмтээх, орчныг бохирдуулах нэг хүчин зүйл болж байна. Иймд иргэд, сүсэгтэн олон та бүхнийг байгалиа хамгаалж уламжлалт бус, хуулиар хориглосон арга хэлбэрээр ёс үйлдэж, аливаа хэлбэрээр эх дэлхийдээ гэм хор учруулахгүй байхыг уриалж байна” гэжээ. Монголчууд шинийн 15-нд багтаан тухайн жилийнхээ засал, номыг хийлгэдэг уламжлалтай. Энэ хугацаанд хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамал гэмтээх үйлдлүүд хамгийн ихээр гардаг байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Лхагва гаригт бүх нийтээр амарна

“Март-8” баяраар зурган илэрцүүд“Март-8” баяраар бүх нийтээрээ амардаг уламжлалтай. Тэгвэл энэ жил эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэхүү өдөр лхагва гаригт тохиож байна.

1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 8-н буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг уламжлал тогтсон билээ.

Харин дэлхийн хүн төрөлхтний хувьд 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон байна. Данийн нийслэлд Копенгагенд болсон хурлаар энэ өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” хэмээн тунхаглан зарласан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нэг дүүрэг, таван аймгийн 17 суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Нийслэлийн нэг дүүрэг, таван аймгийн 17 суманд мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Норовлин сумдад шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон.

Мөн Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос 3 сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг тул өвчлөл тархсан бүс нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“IMAX AWARDS”-н цомын загвар бэлэн болжээ

“2016 оны шилдэг кино шалгаруулах IMAX AWARDS-ыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр зохион байгуулахаар болоод байна. Энэ арга хэмжээнд зориулан нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал цомын загвар зохиох уралдаан зохион байгуулжээ. Нийт арав гаруй бүтээл ирснээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн Инженерийн зураг төслийн төвийн зохион бүтээгч, инженер А.Соджаргалын бүтээл шалгарчээ.

IMAX AWARDS-ын талаар товч мэдээлэл өгөхөд 2016 онд Монгол улсад нийт 47 кино албан ёсоор нээлтээ хийсэн байна. Эдгээр шилдгүүдээс 25 киног шалгаруулан авч, түүнээс шилдэг 16-г шалгаруулахаар тов гарсан. Санал асуулгыг www.urgoo.mn гэсэн сайтаар ороход гарч ирэх пэйжээр дамжуулан 21 хоногийн турш авах аж. Олон нийтийн санал асуулга тун чухал байдаг тул үзэгч та бүхэн идэвхитэй оролцоорой хэмээн IMAX-н хамт олон уриалж байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Инженерийн зураг төслийн төвийн зохион бүтээгч, инженер А.Соджаргал ярихдаа, “Дүрс бичлэгийн дамартай хальс надад маш сонирхолтой санагдаж байсан тул Монгол тулга болгон ашигласан. Ер нь цомын порпорц, хэлбэр, донж, харьцаа зэргийг Оскарын цомын үндсэн харьцаатай нилээд тулгаж, гарган ирсэн.

Энэ цом маань тойргийг тав хуваасан шийдэлтэй байгаа. Дээшээ харагдаж буй хэсэг нь дэвжиж буй багана нь нэг талаар хүний дүрс мэт харагдах ч нөгөөтэйгүүр, киноны таван амин сүнсийг бэлгэдэж байна. Үүнд зохиолч, найруулагч, продюсер, жүжигчид, техникчид орно” гэлээ.

“IMAX AWARDS” ёслолын арга хэмжээ дараах номинацаар шилдгүүдээ шалгаруулах юм байна.

  1. Шилдэг дууны найруулагч
  2. Шилдэг дуу
  3. Шилдэг хөгжим
  4. Шилдэг туслах эмэгтэй дүр
  5. Шилдэг туслах эрэгтэй дүр
  6. Шилдэг зураглаач
  7. Шилдэг зураач
  8. Шилдэг зохиол
  9. Шилдэг найруулагч
  10. Шилдэг эмэгтэй гол дүр
  11. Шилдэг эрэгтэй гол дүр
  12. Шилдэг кино
  13. Шилдэг дизайн
  14. Залуу үед үлгэр дуурайлал үзүүлсэн бүтээл
  15. Монгол өв соёлоо дээдэлсэн бүтээл туурвисан хамт олон
  • Шилдэг нүүр будалт
Categories
мэдээ нийгэм

Бөхөнг өөрийн хүчээр өвчинтэйгөө тэмц гээд орхижээ

Бөхөн өвчин зурган илэрцүүд

Монгол бөхөн мялзан өвчин тусч сүйрлийн аюулд хүрлээ гэж эхэндээ бид нэлээд шуугисан. Харин одоо түүнийг тоох хүн үгүй болж байгаа бололтой. Бид бөхөнгийн өвчлөлийг таслан зогсоож чадалгүй дөрөв дэх сартай золголоо.

Гэхдээ бөхөн үхсээр буй ч ид үеэ бодоход хорогдох эрчим нь саарсан гэнэ.

Олон улсад энэ байдлаа мэдээлж, тусламж хүсэх гэхэд манай гадаад худалдаанд сөргөөр нөлөөлнө гээд хориглосон хүн ч бий. Өвчин хэлж ирдэггүй, тэгээд ч манай улсад анх удаа гарсан, тэр байтугай зэрлэг амьтан өвчилсөн нь эхний тохиолдол тул дорвитой арга хэмжээ авч чадсангүй.

Дөрвөн сарын хугацаанд нийт 4600 бөхөн үхжээ. Өнгөрсөн онд 10.000 орчим бөхөн тоологдсон гэхээр 46 хувь нь байхгүй болсон гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн устгасан сэг зэмийн тоо. Үүний цаана хэд үхсэн нь тодорхойгүй. “Гуравдугаар сарын 20-ны үед тооллого явуулна” гэж Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Олонбаатар хэлсэн тул тухайн үед тодорхой болох биз.

Олон улсын шинжээчийн зөвлөснөөр сэг зэм устгах цэгүүдийг өнгөрсөн сарын дундуур татан буулгасан юм. Зөвлөхүүд төдийгүй манай эрдэмтэд ч өвчний вирус сэг зэмэнд үлдэж халдвар тараахгүй, тэсвэр муутай тул яаравчлан устгах шаардлагагүй гэж үзсэн. Харин ч зэрлэг амьтан, шувуу идээд цэвэрлэчихнэ гэсэн. Бөхөнгийн тархац нутаг өргөн уудам, 14.000 ам км. Тэр том газар нутгийг самнах нь нэлээд хөдөлмөр шаардсан ажил, тэгээд ч сүүлийн үед сэг зэм таарах нь цөөрч буйгаас ийм шийдвэр гаргажээ. Дулаарч, цас хайлахаар устгалыг үргэлжлүүлэх талаар дахин ярилцах гэнэ.

Дулаарахаар өвчлөл буурна гэдгийг шинжээчид онцолж буй. Гэхдээ мялзангаар тогтохгүй, цусан суулга өвчин дэгдэж, дараагийн аюул ирэх магадлалтайг сэрэмжлүүлж байна. Эко системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж, цөлжилтийг сааруулдаг энэ амьтан ямартай ч дулаартал өөрийн хүчээр өвчинтэй тэмцэх нь ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэд энэ сард солонгос хэлний шалгалт өгнө

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын тов гарчээ. Тодруулбал, энэ сарын 6, 7, 9-ний өдрүүдэд бүртгэх аж. Шалгалтад бүртгүүлэхдээ бүртгэлийн маягт, иргэний үнэмлэх хуулбарын хамт, 3,5×4,5 см хэмжээтэй хоёр хувь цээж зураг, (сүүлийн зургаан сарын дотор авахуулсан байх) шалгалтын хураамж төлсөн баримт гэх материалуудыг авчрах гэнэ. Шалгалтын хураамж 24 ам.доллартай тэнцэх төгрөг байна. Хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд тушаах юм байна. Ингэхдээ зөвхөн бүртгэлийн өдрүүдээр буюу энэ сарын 6, 7, 9-ний өдрүүдэд тушаах ёстой. Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу энэ сарын 06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгох ба бүртгэлийн дараа хураамж буцаан олгохгүй. Шалгалтад 1977 оны гуравдугаар сарын 7-ноос 1999 оны гуравдугаар сарын 6-ны хооронд төрсөн иргэд хамрагдах боломжтой юм.

БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар нь 2017 онд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгэх хүний тоог 8000, шалгаруулж тэнцүүлэх хүний тоог 1500-гаар тогтоосон байна. Иймээс иргэдийн авах ёстой оноо өндөр байх гэнэ. Тийм учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг зөвлөж байгаа аж. Бүртгүүлэгч нь хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх шаардлагатай.

Мөн иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд цагдаагийн тодорхойлолт болон бусад баримт шаардахгүй юм байна. Харин худал мэдүүлснээс үүсэн гарах зардал, хохирлыг иргэн өөрөө хариуцахыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн биржээс анхааруулж байгаа юм.

А.ЗУЛ

Categories
мэдээ спорт

Э.Тэмүүлэн мөнгөн медаль хүртжээ

Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриевийн нэрэмжит 20 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 4-5-нд ОХУ-ын Якутын Саха хотод боллоо.

Тав дахь удаагаа зохион байгуулагдсан эл тэмцээнд 13 орны 166 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Тэмцээний хоёр дахь өдөр 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болж, “Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн 66 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний даваанд Ираны Жафар Нуриг 9:8-аар, дараа нь Якутын Артур Константиновыг 12:5-аар, хагас шигшээд Кемеровогийн Кирилл Корнеевийг цэвэр ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Дагестаны Разамбек Жамаловт оноогоор ялагдал хүлээв.

Тэмцээний аваргуудыг 50, мөнгө 30, хүрэл медальтанг 15 мянган рублиар шагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

Ардын экспертүүд Ерөнхийлөгчид дүн тавихаар хуралдаж байна

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг “Чингис” зочид буудлын хурлын танхимд болж байна. Монголын медиа корпорациас зохион байгуулж буй уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд оролцож Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд дүн тавихаар цуглажээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ямар санаачилга гаргав, ямар үр дүнд хүрэв, Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд ямар хэмжээнд үнэлэгдэж байна гэдэгт дүн тавих юм. Ийнхүү сэдэвчилж байгаа нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал нь өргөн хүрээтэй, найман жил буюу хамрах хугацаа урт байгаатай холбоотой.

Зөвлөлдөх санал асуулгын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсож, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэх, тайлан тавьсан албан тушаалтан болон эсрэг санаа бодол бүхий нийгмийн бүлэглэлүүдээс асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлтээ гаргах юм. Мөн энэхүү үнэлэлт, дүгнэлт өгөх явцыг хараат бус, хөндлөнгийн МЕС судалгааны төв хянах бөгөөд дүнг нэгтгэн гаргах ажлыг тэд хариуцах юм. Тиймээс өнөөдөр болж буй Зөвлөлдөх хэлэлцүүлэг, санал асуулгад оролцогчид нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажилд хараат бусаар бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой ажээ.

Нөгөөтэйгүүр, дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж, сонгуулийн идэвх жилээс жилд суларч буй зэрэг хүндрэлүүдийн зөв шийдэл нь иргэдийн оролцоо, тэдний санаа бодол, үнэлгээ болж байна. Тухайлбал, дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршиж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэлэлцэхэд түлхүү ашиглаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Сэтгүүлч М.Батдорж” сангаас сэтгүүл зүйн оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

“Сэтгүүлч М.Батдорж сан” ТББ болон “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ хамтран жил бүр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг уламжлалтай. Энэхүү уралдааныг 2017 онд дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Эссэ бичлэгийн уралдаанд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа 2 болон 3 дугаар дамжааны оюутнууд оролцох боломжтой юм. Энэ жил “Цахим орчин дахь бидний араншин” сэдвээр уралдааныг зарласан бөгөөд 2017 оны гуравдугаар сарын 06-наас дөрөвдүгээр сарын 10 өдөр хүртэлх batdorj_found@yahoo.com хаягаар хүлээн авах юм байна. Уралдааны тэргүүн байр шалгарсан оюутанд нэг жилийн сурагалтын тэтгэлгийг тус сангаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр олгох ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 95950204 болон 91118403 утсаар лавлах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Баянгол эрүүл мэндийн жишиг дүүрэг болно

Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбоотойгоор шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоногт нэг удаа хийхээр болсон. Энэ удаагийн “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцож, 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар өнгөрсөн 100 хоногт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургуульд хамрагдах идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд дүүргийн 77, 95, 242 дугаар цэцэрлэгт өргөтгөл, шинэ барилгын ажлыг эхлүүлэн, дуусгахад анхааран ажилласан байна. Түүнчлэн дүүргийн ахмад настны нөхөн сэргээх болон хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг бүрэн засварлан дуусгаж, харааны бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлжээ. Дүүргийн хүүхэд залуучууд руу чиглэсэн хэд хэдэн томоохон ажлыг амжилттай эхлүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Мөн эмнэлгийн салбарт олон шинэ санаа, санаачлагыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Үүнээс гадна “Архигүй Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж дүүргийн хэмжээнд архинаас хамааралтай иргэдийн тоог бууруулах, архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах тал дээр анхааран ажиллаж байгаагаа дурьдаж байлаа.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Баянгол дүүрэг “Эрүүл дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх хамгийн том зорилго дэвшүүлсэн байгаа. Манай дүүрэг эрүүл мэндийн жишиг дүүрэг болно. Бид ахмад настанд зориулсан нөхөн сэргээх эмнэлэг болон хүүхдийн 100 ортой эмнэлгийн барилгыг амжилттай дуусгаад нээлтээ хийхэд бэлэн болсон. Сүүлийн 25 жил огт хийгдээгүй хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцны барилгын ажлыг дүүрэгтээ хийж дуусгаад байна. Мөн гэр бүл ёслолын ордонг барьж дуусгаад байна. Бид хөрөнгө оруулалтаас гадна дүүргийнхээ гэр бүлүүд, бага, дунд насны хүүхдүүд рүү чиглэсэн олон арга хэмжээ, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.