Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түрээсийн орон сууцанд орох зорилтот бүлгийнхнийг эрэмбэлнэ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журам өөрчлөгдсөн талаар Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ. Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 26-р тушаалаар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангаж, бүртгүүлсэн иргэдээс заасан ангилал, квотын дагуу сонгон шалгаруулах ажлыг эрэмбэлж зохион байгуулахаар тусгасан байна.

Журамд төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар шинэчилжээ. Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа гурван сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна. Харин “Буянт-Ухаа 2” хорооллын 68.59 мкв 3 өрөө байранд эрэмбэлэгдэж, хамрагдах иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411.540 төгрөг, гурван сарын барьцаа төлбөрт 1.234.620 төгрөгийг ТОСК-ийн дансанд байршуулах юм байна. Мөн халуун, хүйтэн ус, СӨХ, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлыг ашиглалтаасаа хамаарч түрээслэгч нь өөрөө төлөх юм.

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдаж “Буянт-Ухаа 2” хороололд бүртгүүлсэн иргэдийг дараах байдлаар ангилж, шалгаруулсан байна.

Залуу гэр бүл – 20 хувь буюу 43 айлын орон сууц /155 иргэн бүртгүүлсэн/

Төрийн албан хаагч – 25 хувь буюу 53 айлын орон сууц /372 иргэн бүртгүүлсэн/

Хувийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч – 20 хувь буюу 43 айлын орон сууц /572 иргэн бүртгүүлсэн/

18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл – 5 хувь буюу 11 орон сууц /13 иргэн бүртгүүлсэн/

Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй – 5 хувь буюу 11 айлын орон сууц 16 иргэн /бүртгүүлсэн/

Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад – 15 хувь буюу 32 айлын орон сууц /795 хүн бүртгүүлсэн/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 5 хувь буюу 11 орон сууц /158 иргэн бүртгүүлсэн/

Байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд – 5 хувь буюу 10 орон сууц /10 иргэн бүртгүүлсэн/ гэх мэтчилэнгээр хуваарилсан бөгөөд нийтдээ 214 айл шалгарчээ.

Дээрх иргэдийг өнгөрөгч оны гуравдугаар сарын 18-аас дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл бүртгэсэн байна. Бүртгэлд орсон хэдий ч хуваарилагдаж чадаагүй иргэд журмын дагуу материалаа шинэчлэн, дараагийн бүртгэлд хамрагдах боломжтой юм байна. Харин дараагийн бүртгэлийн эхлэх товыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэнэ гэлээ.

Түрээсийн орон сууцанд орох зорилтот бүлгийнхнийг эрэмбэлэхдээ төрийн албан хаагчдыг төрийн албанд ажилласан жил болон гавъяа шагналын байдлаар нь, залуу гэр бүл, хувийн хэвшил, өрх толгойлсон эцэг эх, 0-10 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн хувьд бага насны хүүхдээр нь, хэрвээ хүүхдийн тоо тэнцсэн бол хамгийн бага насны хүүхдийн тоогоор нь, ахмад настаны хувьд насны тоогоор нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зэрэг алдалтын хэмжээ болон хугацаагаар нь, байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдийг шалтгаан нөхцөл болон хохирлын хэмжээгээр эрэмбэлэхээр болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийг зохион байгуулалттайгаар гэмгүй хүмүүст үүрүүлэх гэж байна

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр “Д.Булганыг оргон зайлуулах ажлыг Х.Хулангаар дамжуулан зохион байгуулах гэж байгаа мэтээр зарим хэвлэл дээр бичсэн байна. Би Б.Булганыг танихгүй. Х.Хуланг УИХ-ын гишүүнээ өгснөөс хойш уулзаагүй” гэсэн тайлбар хийсний зэрэгцээ уг хэргийг зохион байгуулалттайгаар гэмгүй хүмүүст үүрүүлэх гэж байна хэмээв.

Ц.Нямдорж гишүүн цааш хэлэхдээ, “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар нь 2006 оноос хойш гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байснаас гадна удаа дараа гэм зэмгүй хүмүүсийг хүн амины хэрэгтэй холбоотой мэтээр гүтгэж байсан нэгэн. Энэ хүн яахаараа өмнө нь таван хүнтэй холбоотой худал мэдээлэл өгч байв. Яахаараа шоронд утастай байгаад бусад руу мессеж бичдэг юм. Шоронд таван жил байсан хэрнээ Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын утсыг олж, 100 гаруй мессеж бичдэг юм. Шүүх хурал яагаад хаалттай болов. Яахаараа улсын яллагч нь телевизээр мэдээлэл хийдэг юм. Өмгөөлөгч нарт яагаад өмгөөлөх бололцоо өгсөнгүй вэ. Өнөөдөр энэ хэрэгт холбогдсон иргэдийн амьдрал сүйрчихлээ. Т.Чимгээгийн нэг хүүхэд авто ослоор нас барчихлаа. Өндөр настай ээж нь над руу ярьж байна. Өдөр шөнөө ялгахаа болилоо гэж. Нөхрийнх нь амьдрал ч сүйрлээ. Энэ хэргийн хамгийн гол зангилаа захиалагч нь. Гэтэл захиалагч байдаггүй. Захиалгаар алсан юм бол ямар шан авсан юм бэ. Миний гол санаа зовж байгаа юм бол 1937 оны онцгой комиссын үеийн арга барил үнэртэж байна. Энэ бол аюул. Хэрэг гарахад байсан ганц гэрчийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш, хохирогч ч биш, хэн ч биш болгоод шүүх хуралд ч оруулсангүй. Цаашдаа захиалагчийг илрүүлнэ гэдэг малгайн дор хичнээн хүнийг тамлахыг бүү мэд” хэмээн ярив.

Уг хэрэг бүдгэрэх болсон шалтгааныг тэрбээр тухайн үед хэргийн газар 70 гаруй хүн орж гарч ул мөр баларсантай холбоотой гэсний зэрэгцээ хэргийг илрүүлэхээр 2003 онд нотлох баримттай мэдээлэл өгвөл 500 сая төгрөгийн урамшуулал өгнө гэсэн Засгийн газрын тогтоол гаргуулаад ажлын хэсэгт нь дэм болох гэсэн боловч бүтээгүй хэмээн тайлбарлав. Түүнчлэн түүний өнөөдрийн мэдээлэл нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг барьсан 2015 оны 8 дугаар сарын 31-нээс өмнөх бүх нотлогдсон баримт. Одоогийн хэрэг нь 60 гаруй хавтаст материал байгаа гэх боловч нэг ч хараагүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дэлхийн банк группын Худалдаа, өрсөлдөх чадварын газрын төслийн удирдагч н.Жигжидмаа, Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберт Эчанди, Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Төр, хувийн хэвшлийн хэлэлцлийн асуудал хариуцсан тэргүүн мэргэжилтэн Стийв Уттервулгэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Дэлхийн банк, Засгийн газартай хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нийслэлийн Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан мэдээлэл солилцлоо. Түүнчлэн төслийн зүгээс хөрөнгө оруулагчдын санал, гомдлыг шийдвэрлэх механизмыг бүрдүүлж холбогдох журмыг боловсруулах, нийслэлийн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэдэг систем дээр үндэслэн хөрөнгө оруулагчдын өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авах, түүнд дүн шинжилгээ хийх, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих IT программыг боловсруулж нийлэлийн хэмжээнд туршин нэвтрүүлэх зэрэг хамтран хийх ажлын талаарх саналуудыг нийслэлийн Засаг даргад хэллээ.

Мөн “Гадны хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад оруулж ирэхэд тэдэнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид нийслэлтэй хамтран ажиллах нь маш чухал. Улаанбаатар хотод энэ улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдарч, оршин сууж байна. Улс орнуудад хөрөнгө оруулагчдыг татах бодлого байдаг хэдий ч тэднийг урд удаан хугацаанд тогтоох бодлого дутагдаад байна. Танай нийслэлийн авч хэрэгжүүлж байгаа бодлого туршлагаас бид өөрсдийн ажилдаа туршлага болгон ашиглах хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Дэлхийн банкны зүгээс хэрэгжүүлэх гэж буй төслийн хүрээнд нийслэлтэй хамтран ажиллах гэж байгаад баяртай байна. Үндэсний болоод нийслэлийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудлуудыг хөрөнгө оруулагчидгүйгээр шийдвэрлэхэд бэрх. Үүний тулд хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынхан, нийслэл хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Нийслэлд бий болсон туршлага зарим нэг бүтэц, механизмыг та бүхэн ашиглаад энэ ажлыг явуулах боломжтой гэж үзвэл дэмжин ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлье” гэлээ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Төрөө оффшорчдоос цэвэрлэе” жагсаал боллоо

“Ард түмний онц түр зөвлөл” санаачлан өрнүүлж буй “Оффшорын эсрэг нэгдье” тайван жагсаал 12:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд боллоо. Оффшорын эсрэг хөдөлгөөнүүдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн С.Батчулуун дараах мэдэгдлийг хийлээ.

Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн та бүхнийг Монголынхоо хувь заяаныхаа төлөө, энэ цаг үеийг зөв дэнсэлж, зөв үнэлж, үүнээс цааш хийх юм бол хугацаа байхгүй гэдгийг ойлгож ирсэн шилдэг иргэд гэж бид үзэж байна. Бид оффшор данстай улстөрчдийг шалгуулахын тулд өнөөдрөөс эхлэн өдөр бүр Сүхбаатарын талбай дээр ажиллах болно. Төр засгаа итгэлийн нүдээр харахыг хүсч байна. Та бүхнийг Төрийн ордон руу чулуу бариад дайрах гэж уриалахгүй. Тэгвэл бид ялагдана. Үр хүүхдээ бодож, бид ирээдүйд сайхан зүйлийг өвлүүлэх учиртай. Хэрвээ энэ цаг үеийг алдах юм бол бид баялгийн хараал гэж олон жил ярьсан Африкийн байдал руу эргэлтгүй орох болно. Энд ямар нэгэн албан тушаалд очих гэсэн санаархал байхгүй. Үүний ард 27 жилийн итгэл, найдвар, цөхрөл байна. Тэр цөхрөл энд сөхрөх ёсгүй. Та бүхнийг бидэнтэй үргэлж хамт байна гэж найдаж байна. Бид бүх хуулийн цоорхойг харж, алдааг олох болно. Бид шударга хуультай, маргааштай итгэлтэй ард түмэн болохыг төлөө энэ хавар Сүхбаатарын талбайдаа цуглах болно гэсэн юм.

Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд дараах хөдөлгөөнүүд нэгджээ. Үүнд:

  • Оффшорын эсрэг нэгдсэн төв
  • Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо
  • Монголын хүний эрхийг хамгаалах үндэсний эрхийн холбоо
  • “Тусгаар тогтнол, аюулгүй байдал” ТББ
  • “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ
  • Гал Үндэстэн холбоо
  • Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбоо
  • Гамшгийн эсрэг үндэсний төв
  • “Монгол хүн монгол хүндээ туслая” ТББ
  • Монголын их хөгжлийн холбоо
  • “Баян Монголоо, Баянхонгороо, Байгалыг башистуудаас аврая” хөдөлгөөн
  • Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв
  • Нийслэлийн ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо
  • “Ногоон хас” хөдөлгөөн
  • Монголын аавуудын төлөөлөл
  • Монголын эрдэмтдийн гүйцэтгэх зөвлөл
  • Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн
  • Монгол нам бус иргэдийн холбоо
  • Дархан-Уул аймгийн оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн
  • “Ноён уулаа аврая” хөдөлгөөн
  • “Босоо хөх монгол” хөдөлгөөн
  • Хагас нүцгэн жагсаал хийж байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл
  • “Шударга Монгол” хөдөлгөөн зэрэг олон ТББ, хөдөлгөөнүүд нэгджээ.
Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдүүд шүдэнзээр тоглож байгаад гал алджээ

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос болж, хүнд бэртэж гэмтэх, түлэгдэх, улмаар амиа алдах тохиолдол гарч байгааг Цагдаагийн газраас анхааруулж байна. Өчигдөр гэхэд гурван настай хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн XI хороонд суух зургаан настай О, найман настай У, Г нар шүдэнзээр тоглож байгаад гал алдаж, улмаар иргэн Х-ийн өвлийн сууцыг шатаасан байна. Азаар хүний амь эрсдээгүй ч галын улмаас байшингийн дээвэр, үүдний амбаар шатсан аж.

Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэ-г хорихоор боллоо

Пак гин хэ зурган илэрцүүдӨмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн дуулиан үргэлжилсээр л байна. Түүнийг суудлаасаа буусны дараа үргэлжлүүлэн найз Чой Сүн Шил-н авлигын хэрэгтэй нь холбон шалгаж байгаа билээ. Тэрбээр цэцийн шийдвэрийн дараахан Хөх ордноосоо нүүж, анх удаагаа өөрийн хүсэлтээр прокуроруудад байцаалт өгсөн юм.

Байцаалт 14 цаг үргэлжилсэн бөгөөд тэрбээр өөрийгөө ямар ч буруугүй гэдгээ дахин дахин илэрхийлсээр байсан юм. Прокурорууд экс тэргүүнийг 13 хэрэгт буруутгаж буй бөгөөд хамгийн багадаа 30-45 жилийн ял төлөвлөж буйгаа зарласан билээ. Сөүлийн шүүхийн байранд болсон Пак Гын Хэгийн хэргийн шүүх хурал есөн цаг үргэлжилсэн юм. Улсын нууцын зэрэгтэй асуудал хэлэлцсэн учир уг шүүх хурал хаалттай болжээ.

Пак Гын Хэг Сөүлийн хорих ангид шилжүүлсэн байна. Тус улсын хуулиар Пак Гын Хэ шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 20 хоног хоригдохоор боллоо. Шүүхийн шийдвэрээс урьтаж хорих ангиуд түүнийг байрлуулах өөрөөгөө хүртэл бэлдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Түүний хоригдох өрөө бусад хоригдлуудынхаас харьцангуй том бөгөөд тусдаа угаалгын өрөөтэй аж. “Харин өрөөнөөс гаднах бүх үйл ажиллагаа бусад хоригдлуудынхтай ижилхэн” хэмээн Хууль зүйн яамнаас мэдээлжээ. Ийнхүү солонгосчууд санасандаа хүрч авлигын дуулиантай нэр холбогдсон Пак Гын Хэг төмөр торны цаана орууллаа. Мөн түүнд авлига өгсөн, туслалцаа үзүүлсэн, хамтран ажилласан, хэргийг нь нууц дарагдуулсан гэх 30 гаруй хүнийг түр саатуулаад байна. Тэдгээрийн дотор хэргийн эзэн Чой Сун Шил болон “Самсунг” компанийн өв залгамжлагч Ли Жэён байгаа юм.

Пак Гын Хэг цагдан хорьсоны дараа түүний дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Тэд цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсний улмаас мөргөлдөөн үүсчээ. Хууль зүйн яам аюулгүй байдлын улмаас Пак Гын Хэг цагдан хорьж буй байрны гадна 2000 цагдааг хамгаалалтад гаргажээ.

Тун удахгүй Данийн тал Чой Сун Шилийн охин Чун Юү-раг хүлээлгэн өгнө. Тэрбээр ирсэн даруйдаа мэдүүлэг өгөх юм. Чой Сун Шил авлига авсан мөнгөөрөө охиноо гадаадад сургасан бол “Самсунг”-ийн өв залгамжлагч түүнд нэг тэрбум воны үнэтэй хурдны морь бэлэглэсэн учир тэрбээр асуудалд ороод буй билээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Техник технологийн олимпиад боллоо

Нийслэлийн Техник технологийн олимпиад 23 дахь жилдээ Баянгол дүүргийн лаборатори Ганзам XX сургууль дээр зохион байгуулагдлаа. 1994 онд МУ-ын гавьяат багш М.Цэрэнхандын санаачилгаар тус олимпиад анх зохион байгуулагдсан бөгөөд энэ жилээс Монгол Улсын гавьяат багш М.Цэрэнханд, Н.Лхагва, Н.Бавуудорж, Н.Батбаяр нарын нэрэмжит болжээ. Уг олимпиадад дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, сурагч дөрвөн төрлөөр оролцож байна.

Техник технологийн олимпиадад оролцож байгаа сурагчид нисэх онгоц, усан онгоц, стенд робот болон автомашины загварыг өөрсдөө зохион бүтээж, уралдуулдаг бөгөөд хувцасны загвар дизайны төрөлд ч олон хүүхэд бүтээлээрээ оролцсон юм.

НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ ““Монгол хүн” аяны хүрээнд бүтээлч, шинийг сэтгэгч, хөдөлмөрч Монгол хүүхэд бэлтгэхэд энэхүү олимпиад чухал ач холбогдолтой учраас НИТХ-аас дэмжиж, цаашид өргөн хүрээнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулна” гэлээ.

Загвар бүрийг хүүхдүүд өөрсдөө урлаж, инженерчилдэг учраас хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлж, техникт дур сонирхолтой болгодог, зохион бүтээх чадварыг дээшлүүлдэг, гарын ур, сэтгэлгээний мэдрэмж, үйлдлийн технологи эзэмшүүлдэг, аливаа хийж буй үйлд хянамгай, бүтээлч, чөлөөтэй сэтгүүлдэг, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлдөг, багаар ажиллах чадвартай болгодог зэрэг давуу тал олгодгоороо онцлог гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Алтан чагнуур-2017”-гийн эзэд тодорлоо

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг долоо дахь жилдээ зохион байгууллаа. Уг шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшин өрсөлдсөн юм. Ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж болон бусад албаны хүмүүс, эмч нарын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ “Энэ жилийн Алтан чагнуурын эзэд дунд шинээр эмчилгээ оношлогооны арга технологи нэвтрүүлсэн эмч нар олон байна. Тухайлбал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн их эмч, мэс заслын төрөлд нэр дэвшиж буй …, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх удаа хийсэн УНТЭ-ийн дотрын их эмч, цусны төвийн эрхлэгч Н.Оюундэлгэр, мөн Баянхонгор, Баян-Өлгий зэрэг аймгуудын эмч нар нэр дэвшиж байна. Насны хувьд хамгийн залуу эмч 36-тай, эмч мэргэжлээрээ 11 жил ажилласан бол ахмад нь 60 настай эмч байна. Жил ирэх бүр уг шагналын үнэ цэнэ улам өсч, мэргэжилдээ хайртай, дуртай эмч нар олон болж байгаад талархаж байна. Монголын нийт 47 мянга гаруй эмч эмнэлгийн ажилчид, тэдний ар гэрийхэнд дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.

Энэ жилийн “Алтан чагнуур”-ын эзэд болсон эмч нарыг танилцуулж байна.

Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн нүүр амны согог заслын тасгийн их эмч, нүүр амны согон заслын багш Л.Өнөржаргал

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны их эмч Б.Уранцэцэг

ХӨСҮТ-ийн шинэ болон сэргэж буй халдварын тасгийн эрхлэгч Ж.Улаан

Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Л.Аважигмэд

Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, мэс заслын эмч Г.Сахьябазар

Баянзүрх эмнэлэг ХХК-ний насанд хүрэгсдийн өвчин судлалын их эмч Ш.Дэлгэрмаа

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Ч.Жавзан

ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн нөхөн үржихүйн поликлиникийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Пагма

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн чанар цусны сонор сэрэмжийн албаны дарга, лабораторын их эмч Т.Алимаа

УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шижлүүлэн суулгах төвийн эрхлэгч их эмч Н.Оюундэлгэр нар “Алтан чагнуур”-ын эзэн боллоо.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Монголд айлчилна

Ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн уулзалтад оролцохоор манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер айлчлах гэж байна.

Ноён Роберт Глассер 1959 онд төрсөн. Австрали иргэн.

Австралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

Тэрээр Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, 2007 оноос Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

Р.Глассер 2016 оны 1 дүгээр сараас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгчөөр ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд зориулж үг хэлнэ.

Мөн Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр буюу 04 дүгээр сарын 05-нд Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж “Хамтран ажиллах мэдэгдэлд” гарын үсэг зурах бол 04 дүгээр сарын 06-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нартай уулзах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Хөрөнгө мөнгө, өр зээлийн хямралтай байгаа манай улсын хувьд маш чухал үйл явдал боллоо

Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бараалхах үеэрээ Япон Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдсэн. Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа нараас тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

– УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Японы Засгийн газраас 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн нь хөрөнгө мөнгө, өр зээлийн хямралтай байгаа манай улсын хувьд маш чухал үйл явдал боллоо.

Бидний өмнө нь авч байсан зээлүүд 5-10 хувийн хүүтэй байсан. Харин Японоос олгох зээл нь өмнөх зээлүүдээс арав дахин бага хүүтэй гэдэг нь зээлийн өрийн дарамтаас гарахад улс орны хөгжилд чухал ач холбогдолтой шийдвэр болж байна.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж буй асуудлаар олон нийт янз бүрийн санал бодол илэрхийлж байгаа. Бидэнд үүнээс өөр арга зам байхгүй. Энэ бол түүхэн боломж, алтан боломж. Өнгөрсөн жил Шриланк улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүний арван хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт, зээл авсан. Одоо энэ улс хямралаас гарч байна.

Манай улсад одоо олгогдох бүтэн багц нь 5.5 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ. Үүний хоёр тэрбум гаруй ам.доллар нь Хятадын своп, үүнийг энэ хөтөлбөрийн хүрээнд сунгаж байгаа. Дээр нь Японы Засгийн газраас олгох 850 сая ам.долларын зээл, Мөн БНСУ-ын 500 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, мөн Азийн хөгжлийн банкны 900 гаруй сая ам.долларын гээд ийм их мөнгийг ОУВС бидэнд босгож өгч байна. Үүнд АНУ оролцож, дэмжиж өгч байна. Ингэснээр энэ их мөнгийг хямралаас гарахад ашиглана, төсвийн алдагдлаа нөхөх ёстой, гэхдээ хамгийн гол нь үрэн таран хийж болохгүй гэсэн шаардлага тавьж байна.

Энэ бүх бага хүүтэй төсөл, хөтөлбөрийн зээлүүд орж ирснээр эдийн засагт үр дүн өгнө. ОУВС-гийн хөтөлбөр алтан боломж гэдэг нь зээл, хүүгийн хувьд, дагаад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хувьд, олон улсын нэр хүндийн хувьд маш чухал. Монгол Улс нэр хүндээ алдсан, худлаа хэлдэг болсон, хөрөнгө оруулагчдад төсөл, хөтөлбөрөөр дандаа худлаа хэлсэн, энэ бүхнийг батлан даалтад гаргаж байна гэж хэлж болно.

Би саяхан Вашингтон хотноо ажиллаж байхдаа ОУВС-гийн удирдлагууд, Ази, Номхон далайн газрын захирал нарын зэрэг албаны хүмүүстэй уулзаж ярилцсан. Энэ үеэрээ ОУВС-гийнхантай уулзахдаа онцлон нэг хүсэлт тавьсан. УИХ-ын дарга ч мэдэгдсэн. Энэ бол Монголын нийт ард түмний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа оффшор дансны талаарх асуудал. Үүнийг бид өөрсдөө бие дааж олж чадахгүй гэж ярьдаг. Тиймээс ОУВС-гийн Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албуудтай хамтран ажиллаж, энэ мөнгийг олж илрүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хамтарч ажиллах хүсэлт тавьсныг ОУВС дэмжиж, хамтарч ажиллахаар болсон. Энэ бол манай улсын хувьд маш чухал мэдээ гэлээ.

Б.Нямаа: Зээл нь эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг дэмжихэд чиглэгдэнэ

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа:


-ОУВС-гийн “Extended Fund Facility” хөтөлбөрийн хүрээнд нийт 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа. Энэхүү санхүүжилтийн томоохон хэсгийг УИХ-ын даргын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газраас олгохоор шийдвэрлэсэн нэн хөнгөлөлттэй зээл эзэлж байгаа юм. Энэ нь Монгол Улсын хуулийн дагуу үзэхэд нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд багтаж байгаа, хугацаа нь 20 жилээс дээш, нэгээс доогуур хүүтэй байхаар төлөвлөж байна. Хоёр талын ажлын хэсгийн түвшинд зээлийн тоо хэмжээг эцэслэж тохирох ёстой. Ажлын хэсэг тун удахгүй Монголд ирнэ.

Мэдээж Япон Улсаас олгож байгаа энэхүү хөнгөлөлттэй зээл нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг дэмжихэд чиглэгдэнэ. Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэхээр тооцож байгаа үр дүнд хүрэхэд энэ зээл маш их хэрэгтэй байгаа.

Засгийн газар энэхүү зээлийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Монгол Улсын ирээдүйн өрийн болзошгүй дарамтаас сэргийлэхэд зарцуулна. Хөтөлбөрийн эцэст тодорхой хэмжээний эдийн засгийн үр дагаврууд гарна гэж тооцоолж байна. Одоогийн бидний тооцоолж буйгаар эдийн засгийн өсөлт 6-8 хувийн тогтвортой өсөлттэй байна, валютын нөөц дөрөв орчим тэрбум төгрөгийн хэмжээнд хүрнэ, мөн инфляци дундаж түвшинд буюу зургаан хувь орчимд хэлбэлзэнэ гэсэн тооцоололтой байна. Түүнчлэн макро эдийн засгийн тэнцвэр маш сайн хангагдана. Үүний дүнд урт хугацааны өсөлт бий болж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа бүх макро эдийн засгийн тогтворгүй байдал арилна гэж тооцоолж байгаа.

Мэдээж гадаадын хөрөнгө оруулагчид, мөн дотоодын хөрөнгө оруулагчдын эргэлзэж байсан хамгийн том тодорхой бус байдал нь Монгол Улсад валютын нөөц хангалттай байгаа эсэх, эдийн засгийн өсөлт, цаашлаад макро эдийн засаг тогтвортой байх уу, үгүй юу гэсэн эргэлзээнүүд байсан. Эдгээр эргэлзээг хаахад энэ зээл маш чухал нөлөө үзүүлнэ. Энэхүү санхүүжилтийг Япон Улсаас өгөхдөө тодорхой хэмжээний төсөл, хөтөлбөрүүдэд нэр зааж өгөөгүй. Зөвхөн эдийн засгийн шилжилтийг санхүүжүүлэхэд зориулан өгч байгаа юм.

Санхүүжилтийг хоёр гурван хэсгээр хувааж авахаар урьдчилсан байдлаар ярилцаж байна. ОУВС-гийн хөтөлбөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр орж батлагдсаны дараа энэхүү зээлийн хэлэлцээрийг хоёр талдаа соёрхон батлах болно гэлээ.