Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №042 (5609) дугаарт
Зураг дээр зүүн гараас: Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, С.Цэрэн, Д.Хадбаатар нарын хүчит их аваргууд. 1990-ээд он
“Цагаан сарын барилдаан төрийн наадмын дараа эрэмбэлэгддэг, аргагүй чансаатай том барилдаан юм. Бэлгэ дэмбэрэл, ёс жаягаа бодож манай бөхчүүд үнэнчээр барилддаг. Буулт, суулт огтхон ч байхгүй шүү дээ. Хамгийн шударга сайхан барилдааныг үзье гэвэл цагаан сарын бөхөө л харчих” гэж ахмад бөхчүүд хэлдэг нь нь учиртай биз. “Жаран таван оны сар шинийн барилдааны их шөвөгт Бээжин, Баянмөнх, Дамдин аварга бид дөрөв үлдэж, Дамдин аварга Баянмөнхтэй үзэж, Бээжин бид хоёр тунасан. Тухайн үед ид гарч ирж байсан Баянмөнхийг төрийн наадамд тав дараалж түрүүлсэн хашир аварга Дамдин аргалчихсан. Ингээд түрүү үзүүрт Данигай аваргатай үлдэж, би гэдэг хүн түрүүлж байлаа. Цагаан сарын барилдааны он дарааллыг эргээд харж байх нь ээ, Монголын домогт их аваргууд ихэвчлэн түрүүлж байсан. Харин сүүлийн үед залуу бөхчүүд түрүүлдэг болж” гэж 1963 оноос буюу сар шинийн барилдаан албан ёсоор зохиогдож эхэлснээс хойш өнөөг хүртэл тавь гаруй жил сар шинийн барилдааныг тасралтгүй үзэж, эхлээд барилдаж, нас ахисан хойноо хөлийн цэцээр ажиллаж, сүүлдээ үзэгчийн суудлаас харж ирсэн өвгөн арслан Сосорбарам гуай хуучилж байна.
Тэрээр цагаан сарын барилдаантай холбогдуулж өнөөгийн бөхчүүд болоод хуучны бөхчүүдийн ялгааг бас айхтар онож хэлсэн юм. “Монгол бөх сүрхий хөгжиж байна. Өнөөгийн бөхчүүд жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй байдаг болж. Жар, далаад оны үед чинь цагаан сараар 64 бөх барилдуулах гээд тоо нь гүйцдэггүй, эгээтэй л үүдний жижүүр өвгөнийг хүртэл нүцгэлүүлэх нь холгүй юм болдог байв. Гэтэл өнөөдөр 256 бөх зодоглоход цаана нь хичнээн олон залуу хүчтэнүүд тоо гүйцсэн гээд хасагдаж байна. Цагаан сарынхаа барилдаанд айхтар сүрхий бэлдэж, зодоглоцгоодог болжээ. Бидний үед орой 19 цагийн алдад ажлаа дуусгаж аваад цагаан сарын барилдаанд очиж зодоглоно. Шөнө болсон хойно нэг юм дуусч, шөнө гэрээдээ алхана. Такси, унаа тэрэг гэж байсан биш. Хаа байгаа Баянхошууны эцэс, Яармагийн дэнж рүү бүгдээрээ бөхийн далбаа шуудгаа хийсэн цүнхээ үүрчихээд шуугилдаад алхана. Явсаар гэр гэртээ очиход хүүхдүүд хүлээж ядаад унтчихсан, тэднийгээ сэрээж босгоод битүүрдэг сэн, ийм л байлаа шүү дээ” хэмээн энгийн сайхан хууч дэлгэлээ.
Саяхан “Их Монгол” Шаравжамц аваргын 140 жилийн ойд зориулсан цагаан сарын сорилго барилдаан болсон. П.Бүрэнтөгс,Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын энэ цагийн шилдэг арслангууд манлайлсан 224 бөхийн барилдаанд 100 шахам аймаг, цэргийн цолтой бөхчүүд хасагдлаа гэж тайлбарлагч хэлж байна лээ. Ингээд бодохоор Монголын эрчүүд бүгд л барилддаг хүмүүс болсон юм уу даа. Ямар чиг л байсан монгол бөхийн барилдаан үзүүштэй сайхан болж байна. Энэ жилийн цагаан сарын барилдаан хэд хэдэн зүйлээр онцлог болно. Тухайлбал, улсын аварга цолтой гурван бөх зодоглоно. Хэрвээ Өсөхөө аварга барилдвал дөрвөн аварга зодоглох нь. Дээрээс нь өнгөрөгч наадмын 1024 бөхийн барилдаанд шинээр арслан, заан цол хүртсэн бөхчүүд зодоглоно. Мөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авна. Сар шинийн дараа баахан маргаан дагуулахыг үгүйсгэх аргагүй. Битүүний өдрийн барилдаан 14 цагт эхэлдэг. Харин өнөө жил 12 цагаас эхлэх шийдвэр гарсан. Үндсэндээ бөх эртээ дуусах магадлалтай.
Цагаан сарын бөхийн хуучийг хэлж яаж барахав. Домог түүх мэт л яригддаг. Далан найман оны сар шинийн барилдааны зургаагийн даваанд Баянаа аварга залуу заан Цэрэнтогтоход уначихаад гайхаад зогсоод байсан гэдэг. Цэрэнтогтох туг рүү гүйгээд явчихсан. Баянаа аварга зогсоод л байж. Буцаж ирээд тахимаа авах гэтэл сүрхий цочисноо, би нээрээ уначихсан юм уу гэсэн гэдэг. Тухайн үед дандаа давж, өрсөлдөгч бөхөөсөө тахим авч байсан хүчит их аварга анх удаа дор даваанд унаж, гарцаа байхгүй “шок”-нд орно гэдэг тэр. Ийм л хууч өрнөдөг юм. Ингээд сар шинийн барилдааны он дарааллыг эргэж сөхье.
Наян онд Дагвасүрэнгийн Хадбаатар аварга түрүүлж бөхөд хайртай олон түмнээ баярлуулсан удаатай. Тэрээр түрүү үзүүрт Доноровын Долгорсүрэн заантай тунаж үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэн хүч бяраар илүүрхэж түрүүлсэн байдаг. Хадаа аваргын тэрхүү барилдааныг “араажив”-аар бөх сонсож суусан олон өөрсдөө түрүүлсэн мэт баярлаж байсныг хүмүүс дурсдаг юм. Дараа жил нь Мөнхбат аварга зургаа дахиа түрүүлж, Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн байна. Тэр жилийн барилдааны шуугиан нь Говь-Алтайн Нэмэхбаяр гэдэг залуу байжээ. Сүүлд буюу наян зургаан онд улсын цолонд хүрсэн тэрээр Хайдав арслангаар гурав, Долгорсүрэн заанаар дөрөв, Галдандагва начингаар тав давж шуугиулжээ. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начин Булганы Жамцын Борыг, Ёндонгийн Ишгэн Сүхбаатарын Жанцангийн Чулууныг амлаж, Ховдын Баатархүү, Өмнөговийн Багахүү нар тунаж байсан удаатай. Баруун Алтай сумын Адууч даргын хүү, Монгол Улсын гавьяат тамирчин Баатархүү начин Багахүүгээр гурав даваад Мядагийн Мөнгөн арсланг заан цолтой ид байхад нь дөрвийн даваанд өвдөглүүлж бас л дуулиан дэгдээсэн. Сонирхуулахад, Дамдин аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг манлайлан барилдаж байсан Мөнхбат аваргыг амласан байна. Энэ нь Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт арааживаа чагнаж суугаа сонсогч түмэнд бас л нэг ярианы сэдэв болох нь мэдээж. Данигаа аваргын уг шийдвэрийг зарим нь Мөөеөгийнхөө түрүүлэх замыг эртнээс зассан гэдэг бол зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барин тавим хэлдэг юм.
Цэрэнтогтох аваргыг түрүүлэх (1983 он) жил Дэндэвийн Амгаа заан үзүүрлэсэн. Амгаа заан шөвгийн дөрөвт Баянаа аваргыг өвдөглүүлсэн нь олон түмнийг оргилон баярлахад хүргэсэн байна. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Санжжавын Сүхбаатар заан тэр жил залуу бөх байхдаа хоёрын даваанд Өлзийсайханы Эрдэнэ-Очир арсланг, гуравт Дашжамц начинг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоосүрэн зааныг орхиод дунд шөвөгт үлдэж байжээ. Наян дөрөв, наян таван оны сар шинийн барилдаанд Хадаа аварга аанай л дараалан түрүүлжээ. Эхний жил нь өөрийн гол өрсөлдөгч Цэрэнтогтох аваргыг их шөвөгт өвдөглүүлж, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхисон бол дараа жил нь мөн л мөнхийн өрсөлдөгч “онжав” Цэрэнтогтохтойгоо үлдэж түрүүлжээ. Наян таван оны сар шинээр Цэрэн аварга гурвын даваанд Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Сосорбарам арслан мөн л амлаж аваад унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад “Эрдэнэ-Очирыг хоёулаа элбээд ч барсангүй дээ” гэж хэлэн олныг хөгжөөж байжээ.
Наян долоон оны сар шинийн барилдаанд Одвогийн Балжинням аварга начин цолтой түрүүлж шуугиан дэгдээсэн удаатай. Өмнө нь буюу жараад оны сүүлээр Өвгөнхүү начин цолтой түрүүлсэнээс хойш сар шинийн барилдаанд начин цолтой бөх түрүүлээгүй байсан юм. Балжаа аварга тэр жил С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л тунасан байдаг. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Цэрэнтогтох аваргыг өвдөглүүлсэн юм. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн байдаг. Дүгэржавын Хишигдорж хэмээх Архангайн өндөр залуу Дүвчин, Мягмар нарын хүчтэй заануудыг гурав, дөрвийн даваанд унагаж олны хараанд өртсөн нь “Батцэнгэлийн динозавр”-уудын нэг Хишигдорж заан билээ. Тэр жил гэдэг шиг байх аа, хорьдугаар зууны манлай онигооч, цэргийн Агвааны Тэгшээ агсан Ундрав Пүрэв заан, С.Цэрэн аварга хоёрыг нэг, хоёрын даваанд тэнгэр харуулчихсан байдаг. Ингээд наян найман оноос Бат-Эрдэнэ аваргын он жилүүд эхэлсэн түүхтэй.
Бат-Эрдэнэ аварга наян найман оны сар шинээр анх түрүүлсэн юм. Мань хүнд одоо л цагаан сараар төд өд түрүүлсэн, рекорд тогтоосон энээ тэрээ нь хамаагүй байх. Их хуралд удаа дараа сонгогдсон нэртэй парламентч, төрийн сайд, том амьтан даа, базарваань. Ерөнхийлөгч л бодогдож байж магад. Түүнээс бол цагийг эзэлсэн хүчит аварга маань цагаан сарын барилдаанд 13 түрүүлж, үлэмж амжилт тогтоосон юм шүү дээ. Харин 13 дахиа түрүүлэхдээ яалт ч үгүй алдаа хийчихсэн. Их хурлын танхимаас ирээд, Өсөхөө, Сумъяабазар нарын идэрхэн аваргуудыг дараалуулж хаяад, бөхийн өргөөнд дүүрэн цугласан олон ундааны саваар нүүлгээгүй юу. Тэр л жаахан дэмий юм болчихсон л доо. Арван гурван түрүүнийхээ анхныхыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул “Алдар” нийгэмлэгийн бөх Бандийн Ганбаатараар хүртэж байсан. Заан цолтой ид байсан аварга гурвын даваанд Өвөрхангайн өндөр Д.Эрдэнэбат зааныг, дөрөвт Баян-Өлгийн Бахыт харцагыг, тавд Д.Мягмар зааныг, зургаад О.Балжинням аваргыг начин цолтойд нь тунаж орхисон байдаг. Д.Мягмар заан тавын даваанд таван бөхөөс ам сонсохдоо Бат-Эрдэнийг амласан. Бөхчүүд болоод олон түмний яриагаар бол тунаанаас гаргаж, ялангуяа Дамдингийн Баяраатай тунахаас нь урьтаж даваа ахиулсан гэх юм билээ. Тэр нь ч үнэн байх. Учир нь өнгөрсөн жилийнх нь цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ дөрвийн даваанд Д.Баярааг амлаж барилдаад унаж байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ аваргын хатуухан учраануудын нэг Баяраа гарьд байсан байгаа юм. Мягмар заан хэрвээ амлаагүй бол Баагий аварга Баяраа гарьдтай яалт ч үгүй л тунах байж. Баяраа гарьд, Ишгэн зааныг тунаж хаян шөвгөрсөн байдаг. Баяраа тэр жилийнхээ наадамд одтой сайхан барилдаж заан цол хүртсэн байна. Наян найман оны барилдаанд хоёр бөх бусдаасаа жаахан онцгой байлаа. Нэг нь гавьяат тамирчин Жамцын Даваажав. Тэрээр Өвөрхангайн С.Дамдинбазар начин, Ч.Гочоосүрэн заан, П.Дагвасүрэн арслан нарыг өвдөглүүлж тавын даваанд Б.Ганбаатар арсланд унасан билээ. Даваажав ч аргагүй ясны бөх дөө. Ид үедээ улсын наадамд цөөхөн зодоглосон. Гадагшаа дотогшоо тэмцээн уралдаан гэж яваагүй бол ядаж л заантай шүү гэх яриа гарч байв. Нөгөө нэг нь Увсын Тэсийн Дэчингийн Жавзанжамьян начин. Арван найм, есөн настай залуу идэрчүүдийн улсын аваргад оролцож мөнгөн медаль хүртээд цагаан сарын барилдаанд Н.Бүрэнзэвсэг, Д.Баатаржав, Д.Амгаа нарын хүчтэй заан, начингуудыг дараалуулан орхиж бага шөвөгт шалгарч байлаа. Мань хүн улсын цолтнуудын аманд гарахаасаа л Амгаа зааныг ноёлдог байж. Сонирхуулахад, ерэн хоёр онд Амгаагаар тав давж начин болсон юм.
Дараа жил нь Б.Бат-Эрдэнэ аварга хоёр дахиа түрүүлж, Х.Баянмөнх аварга үзүүрлэсэн. Их шөвөгт М.Мөнгөн арслан, С.Сүхбаатар заан нар үлдсэн. Баянаа аварга Сүхээ зааныг амлаад, Мөнгөн, Бат-Эрдэнэ хоёр тунасан юм. Мөнгөн арслан ирэн дээрээ байгаа залуу хүчтэнд одоогийн хэллэгээр бааварласан гэдэг шүү. Бат-Эрдэнийг хүчээр түлхэж хананд аваачиж наагаад л, үзэгчдийн суудал руу хэд хэд аваачаад л. Мөнгөн арслан маань арай л харьчихаагүй, омогтой байж дээ. С.Сүхбаатар заан начин цолтойгоо их шөвөгт үлдсэн. Тэрээр ерэн оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Нууц товчооны ойгоор заан болсон билээ. Наян есөн оны сар шинийн барилдааны хоёрын даваанд Ж.Ганболд зааныг, гуравт мөн л нэг нутгийн Г.Намсрайжавтай тунаж, дөрөв, тавд П.Дагвасүрэн, Б.Ганбаатар нарын арслангуудыг орхисон байна. Тэр жил шуугиулсан бөхчүүдийн нэг нь Сэлэнгэ аймгийн арслан Жүрмээгийн Ганзориг. Бие галбир, гараа дэвээ, уран хурц дайчин барилдаан, хэлбэр хийцээрээ А.Сүхбат аваргатай төстэй гэгддэг, бас чиг үймээний л эзэн байлаа даа.
З.Дүвчин, Д.Мягмар нарын хүчтэй заануудыг хоёр, гурвын даваанд өвдөглүүлж Ц.Баярсайхан зааныг начин байхад нь тунаж унаж байсан. Ц.Баярсайхан заан гурвын даваанд Балжаа аваргаар давсан. Үндсэндээ Балжаа аварга заан цолтойдоо түүнийг амлаад унасан юм. Учир нь тухайн сар шинийн барилдааны өмнө үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж Бат-Эрдэнэ түрүүлэн, Балжаа хоёрт орж заан, Баярсайхан гуравт орж начин цол хүртсэн. Балжаа ердөө хоёрхон унаатай байв. Бат-Эрдэнэ, Баярсайхан хоёрт л унасан. Тиймийн учир даагаа нэхэж Баярсайханаа амласан байдаг. Тэр жилээс хойш улсын аваргад амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол өгөөгүй билээ.
Ерэн онд Б.Бат-Эрдэнэ гурав дахиа түрүүлж, Д.Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн. Их шөвөгт Б.Ганбаатар арслан Ө.Тулгаа заан нар үлдсэн юм. Өлзийн Тулгаа зааны “Увсын Хархираагийн сангийн аж ахуйн бөх” хэмээн дуудуулан ид барилдаж байсан он жилүүд нь гарцаа байхгүй ерээд он юм. Тээврийн тэрэгтэйгээ Увсаас битүүний өдөр давхин ирж Спортын төв ордны өмнө зогсоод аяны тоосоо ч гөвж амжилгүй зодоглож байсан жилүүд нь. Тулгаа заанд ард түмэн ямар их хайртай байсан гэж санана. Ерэн оны цагаан морин жилийн сар шинийн барилдаанд идэрхэн заанаа шөвгөрөхөд Монгол даяараа л баярласан даа. Тэрээр Цэдэндамбын Баярсайхан зааныг гурвын даваанд амлаж унагасан байдаг. “Тулгаа ч хатуухан ам авч байна даа. Өнөө жил ч өнгөтэй байгаа юм байна” гэх яриа ихээ эрт чих дэлсэж байсан дуулддаг. Дөрөвт Мядагийн Мөнгөнийг, тавд Хорлоогийн Баянмөнх аваргыг өвдөг шороодуулсан. Өнгөрсөн жилийнх нь барилдаанд түрүү үзүүр булаалдсан Баянаа аварга “Тулгаагаа арай ч намайг туучихгүй байх гэж бодоод авсан чинь буруудлаа” хэмээн амаа барьсан удаатай. Тэрхүү барилдаанд Говь-Алтайн Энхжаргал, Завханы Нармандах, Дармаабазар, Хэнтийн Баяраа, Дорнодын Чимэддорж гээд аймаг, цэргийн дэрсхэн арслангууд туйлж өгсөн байгаа юм. Ухаандаа, хоёрын даваанд Энхжаргал нь С.Хүрэлбаатар зааныг, Чимэддорж нь Ишгэн зааныг, Нармандах нь Баяраа заан (одоогийн гарьд)- ыг, Баяраа нь Агвааны Норов начинг, Дармаабазар нь Гүсэмийн Жалаа начинг өвдөглүүлсэн байх жишээний.
Ерэн нэгэн оноос сар шинийн барилдаанд 256 бөх зодоглож эхэлсэн түүхтэй. Монгол Улс ардчиллын замналаар замнасан он жил үүдийн эхлэл. Нэгдэлчдийн баярт зориулсан гэдэг ч юм уу, эс бөгөөс Монголын радио, телевизийн улсын хорооны нэрэмжит гэх албаны соц үг, ойлголтууд гээгдэж “Билгийн улирлын арвандолдугаар жарны цагаагчин хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан” хэмээн бөхийн тайлбарлагч Шагдарын Чанрав, Агвааны Ганбаатар нар ард түмний сэтгэлд нэг л дотнохон хүргэж эхэлсэн дээ. 256 бөхөөс Б.Бат-Эрдэнэ аварга найм даван манлайлж, Бандийн Ганбаатар арслан үзүүрлэсэн. Их шөвөгт дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын заан С.Сүхбаатар үлдсэн байдаг. Улсын цолгүй хоёр бөх тав давж дунд шөвөгт шалгарсан нь Дуламжавын Мөнх-Эрдэнэ, Гунгаасамбуугийн Бат-Амгалан нар байлаа. Д.Мөнх-Эрдэнэ арслан тэр жилийн цагаан сараар цэргийн арслан цолтой зодоглож гуравт Нэргүйн Түмэннаст начинг, дөрөвт Болдын Жавхлантөгс харцагыг, тавд онжав Ч.Бямбадоржтойгоо тунаж орхисон юм. Мөнх-Эрдэнэ Бямбадорж хоёрын хооронд тухайн цагаас галтай барилдаанууд эхэлсэн түүхтэй. Улсын наадамд ч тэр, цагаан сарын барилдаанд ч тэр мань хоёр олон удаа тунасан. Ихэвчлэн Бямбадорж заан унаад шарандаа уйлдаг байлаа. Ерэн гурван оны наадам байна уу даа, өнөө усан бороотой жил мань хоёр бас л тунаад. Мөнх-Эрдэнэ Бямбадоржийгоо устай хонхор руу палхийтэл нь шидээгүй юу. Заан цолонд зүтгэж байсан Бямбадорж уйлчихсан монгол гутлаа тайлаад хөлийнхөө жийргийг мушгиад сууж байсан түүхтэй.
Их шөвөгт үлдсэн улсын цолгүй нөгөө нэг бөх нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Гунгаасамбуугийн Бат-Амгалан. Тэрээр гурвын даваанд Сэлэнгийн Ж.Ганзоригтой тунаж, дөрөвт аварга О.Балжиннямыг, тавд Дамдингийн Баярааг өвдөглүүлсэн байна. Бас л хатуу учраанууд. Ж.Ганзориг тухайн үед хэрхэн шуугиулдаг байв, за тэгээд Балжаа аваргын төрийн наадамд түрүүлдэг жил, Баяраа гарьд ч ид байсан үе. Ийм л ланжгарууд Бат-Амгалан начин залуу бөх байхдаа цувуулж хаясан байгаа юм. Тухайн үеийн “Спортын мэдээ” зэрэг сонинуудад Г.БатАмгалан, Д.Жавзанжамьян нарын тухай их гардаг байв. Цаашаа хол явна гээд л. Харамсалтай нь, тэр хоёр начнаар л тогтсон доо. Дараа жил нь Б.Бат-Эрдэнэ аварга тав дахиа түрүүлж, О.Балжинням аварга үзүүрлэсэн. Их шөвөгт Баянаа аварга, Баяраа гарьд нар үлдсэн байна. Тухайн барилдаанд том, жижиг хоёр бөх цойлчихсон байдаг. Том нь Жигмэдийн Оргилболд начин. Жижиг нь Агваансамдангийн Сүхбат аварга. Ж.Оргилболд начин залуу бөх зодоглож Пунцагийн Сүхбат гарьдыг заан цолтой ид байхад нь хоёрын даваанд, Булганы Равдангийн Лхагвасүрэн начинг гуравт, Дуламжавын Мөнх-Эрдэнээр тунаж дөрөв, Говь-Алтайн Содномын Эрхэмбаяр начингаар тав давж их шөвгийн наймд Дамдингийн Баяраатай тунаад унасан байна. Өндөр нам хоёр залуу үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж тэр жилийн яриа хөөрөөний эзэн болжээ. Оргилболд том Сүхбат хоёрын барилдаан их удаан үргэлжилсэн гэдэг. Дараагийн даваа нь эхэлчихээд байхад давалцаагүй байжээ. Гол нь Оргио байж байгаа нь өөрөө содон. Унасан ч, давсан ч инээж байдаг гарьд маань хоёр метр хол гаран өндөр товарищид яах аргагүй унаж тахимаа өгчихөөд инээж нэг, ярвайж нэг үзсэн сураг бий. Төрийн наадамд дөнгөж үзүүрлэчихсэн арслан, аварга цол л нүдэнд нь харагдаж байсан Пунцагийн Сүхбат заан (одоогийн гарьд)-ыг Оргилболд үнэндээ тамласан байгаа юм. Ёстой уйлах ч биш, инээх ч биш болгосон гэдэг. Даян аварга Агваансамдангийн Сүхбат мөн л залуу бөх зодоглож нэгийн даваанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, аймгийн арслан Бямбын Шаравдоржийг, хоёрт улсын заан Ж.Ганболдыг, гурав, дөрөв, тавд Тэрбишийн Нармандах, Лүндэгийн Бадарч, Гэлэгийн Намсрайжав нарын хүчтэй харцагуудыг дараалуулан орхижээ. Биеэр жижиг хэрнээ уран дайчин барилдаантай, шөрмөстэй залуу эхний даваанаас олны анхаарлыг татсан байна. Улсын цолонд хамгийн ойрхон бөх гэгддэг Шаравдорж арслангийн баруун хөлийг нь авч ард нь гараад хаяжээ. Ганболд заан, Нармандах, Бадарч нарын өндөр биетэй хүчтэнүүдийг ч хөлд нь ганцхан сууж бужигнуулаад л тэнгэр харуулчихаад байж. Тавын даваанд Намсрайжав харцагыг тийм жижиг биетэй хэрнээ нохой мордоод хаячихсан гэдэг. Үзэгч, сонсогч олон шавайгаа ханатал баярласан нь мэдээж. А.Сүхбат аварга Намсрайжавыг нохой мордож унагахдаа хөлөө эвгүй гишгэн доголчихсон байна. Ингээд түүнийг зургаагийн даваанд Баянаа аварга амласан гэдэг.
Үргэлжлэл бий