Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 272 дуудлага иржээ

Замын цагдаагийн алба хаагчид энэ сарын 11-12-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг саатуулж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлжээ.

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 272 дуудлага ирсэн байна. Ослын улмаас 15 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн уулзварт Honda Grace маркийн автомашин Toyota Pruis-20 мөргөлдөж, найман хүн гэмтсэн байна. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Honda Starex автомаүин Howo Sinotruk-тэй мөргөлдсөний улмаас хоёр хүн амиа алдаж, 4 хүн гэмтсэн байна.

Categories
мэдээ нийгэм

БОАЖЯ-ны авлигын хэрэгт холбогдсон Д.Даваасамбын хорих хугацааг сунгаж, бусдыг нь батлан даалтад гаргажээ

АТГ зурган илэрцүүдБОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү нарын гурван иргэн авлига өгсөн гэх “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаярыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт саатуулсан.

Тэгвэл П.Бүнчинжав, С.Баярхүү, Ц.Анхбаярыг өчигдөр буюу ням гаригт сулласан бол Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамбын хорих хугацааг 14 хоногийн хугацаагаар сунгажээ.

“Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр 600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл авахын тулд ил хэргийг үйлджээ.

Одоогоор С.Баярхүүд 40 сая төгрөгийн авлига өгсөн гэдэг нь тодорхой болоод байгаа. Харин газрын дарга П.Даваасамба “Оюут цагаан барс” компанийн 600 тонн самрыг хилээр гаргах зөвшөөрөл олгоод 150 сая төгрөг авсан хэрэгт шалгагдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахыг шаардлаа

“Хас”-ын Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр, уул уурхайн эксперт Л.Наранбаатар нар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, арга хэмжээ авахыг шаардлаа. Учир нь ард түмэн хувьцааны ашгаа хүртэж амжаагүй байхад тус уурхайн үр ашигтай олборлож болох нөөц нь найман жилийн дараад дампуурлын ирмэгт хүрэх аюултай байгаа аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 20 хувийг эзэмшигч нь ард түмэн. Тэгвэл 2011 оноос хувьцаа эзэмшигчийн эрхээ эдэлж, мэдээлэл авах, санал өгөх, хувийн өмчөө чөлөөтэй захиран зарцуулах эрх нь хаалттай байсаар иржээ.

Компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт, тайлан балансыг олон нийтэд нээлттэй мэдээлэх үүргээ хэрэгжүүлдэггүй, компанийн үйл ажиллагаа олон нийтэд ил биш байсныг тэд шүүмжлэв.

Түүнээс гадна 1072 хувьцаа эзэмшигчдээс хэдэн хүн энэ мөнгөн хэлбэрээр авсан, хэдэн хүн нь хувьцаа эзэмшиж байна вэ гэдэг мэдээлэл одоо болтол тодорхойгүй байгаа гэдгийг онцоллоо. Тиймээс дээрх гурван төлөөлөгч хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт хандаж алдаа дутагдлаа арилгах, компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардаж, тодорхой акц зохион байгуулахаа мэдэгдлээ.

Уул уурхайн эксперт Л.Наранбаатар, “Эрдэнэс Таван Толгой” ХК нь 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг. 2011 оноос хойш нийт 24,2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг сорчилж олборлон, экспортолсон ч хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг байна. Өр төлбөр нь 822 тэрбум төгрөгт хүрсэн байна. Яг энэ байдлаар үргэлжлүүлэн ажиллавал энэ уурхайн үр ашигтай олборлож болох нөөц нь найман жилийн дараа дампуурахад хүрнэ” гэдгийг онцлоллоо.

Энэ арга хэмжээний хүрээнд хувьцаа эзэмшигч иргэн болон аж ахуй нэгжийг www.ard.mnсайтад цахимаар бүртгүүлж, эрх ашгаа хамгаалахад хамтран ажиллахыг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалт болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна.

Тус чуулга уулзалтын зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Гадаад, дотоодын төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх хаврын бүтээн байгуулалтын ажлаа нийслэлээс ил тод зарлаж, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа танилцуулна.

Хаврын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө бизнесийнхэн чуулж буй уг арга хэмжээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулна

БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Корпорейт зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Зөвлөгөөнд Нийслэл болон аймгуудын БОАЖ-ын газар, Усны сав газар, тусгай хамгаалалттай газруудын удирдлага, ажилтнуудаас бүрдсэн 160 гаруй хүн оролцож байна. Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулдаг уг арга хэмжээ хоёр хоног үргэлжлэх бөгөөд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, ирэх жилүүдийн төлөвлөгөө, зорилт тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм.

БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол зөвлөлгөөний үеэр хэлэхдээ,“21 дүгээр зуун цэнхэр алтны төлөөх эрин юм. Монгол Улсын хэмжээнд усны нэгдсэн тооллогыг явуулахад зүүн бүсийн 200 гол, горхиос 120 нь хатаж ширгэсэн гэсэн судалгаа гарсан. Түүнчлэн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтээ хангалтгүй хийдэг. Зарим тохиолдолд огт хийхгүй хаяад явах тохиолдол бий. Тиймээс үүнийг байгаль орчны гэмт хэрэг гэж үзэн тус аж ахуйн нэгжид эрүүгийн хариуцлага тооцох эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт хамгийн хурдацтай явж буй орнуудын тоонд манай улс багтаж байгаа нь харамсалтай” хэмээн онцлов.

БОАЖЯ-ны 2017 оны зорилт байгаль орчноо хамгаалахаас гадна, Улаанбаатар хот болон Хөвсгөл, Хэнтий аймгуудыг баруун, зүүн, төвийн бүсийн аялал жуулчлалын төв болгох, Буянт-Ухаа цогцолборыг хөгжүүлэхэд чиглэж буй аж. Тодруулбал Хэнтий аймагт БОАЖЯ-ны сайдын дэмжлэгээр “Чингис Брэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус ажлын хүрээнд Чингис хааны өлгий нутагт жуулчдад зориулсан түүхэн аяллыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хэнтий аймаг гадаад, дотоодын жуулчдын хандалтаараа улсдаа дээгүүрт ордог аж. Энэ үеэр “Өнгөрсөн жил 10 мянга гаруй жуулчин Чингис хааны өлгий нутгаар аялсан тооцоог Хэнтий аймгийн БОАЖГ-ын дарга Б.Мөнх-Эрдэнэ танилцуулсан юм.

Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш байгаль орчны салбарын эрх зүйн шинэтгэл, хөгжилд ахиц дэвшил гарч буйг албаныхан тодотгож байна. Тухайлбал Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар “Дэлхийн уур амьсгалын ногоон сан”-гаас буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ. Мөн ойрын хугацаанд “Казиногийн тухай”, “Хог хаягдлын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Агаарын тухай” зэрэг 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж буйг салбарын сайд дуулгалаа.

Зөвлөгөөн маргааш өндөрлөнө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл АН-ын удирдлага хариуцлага хүлээхгүй” гэв

АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурлын эхэнд тус намын долдугаар Их хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр “Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл маань дүрмийн болон үзэл баримтлалын эцсийн хэлэлцүүлгийг хийж, дараагийн Их хуралд танилцуулах үүрэгтэй байгуулагдсан. Дээр нь АН-ын Үндсэн дүрмийн хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй, Дотоодын сонгуулийн хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ийм асуудлуудыг шийдсэн үр дүнтэйгээр АН-ын долдугаар Их хурал өндөрлөлөө.

Мөн дөнгөж сая АН-ын шинэ байрны нээлтийг хийлээ. Ардчиллын өргөө шинэ байранд намын төв байр байрлаж үйл ажиллагаа явуулна. Өчигдөр гарсан 01 тоот тушаалаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон. Ц.Туваан дарга өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын яамны харьяа Нийгмийн халамж, хамгааллын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан туршлагатай, улс төрд олон жил явж байгаа хүн” гэв.

С.Эрдэнэ дарга ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны талаар лавласан сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрх нь Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар ҮЗХ-нд бий. Сая Их хурлаас намын даргад эрх олгосон тогтоол баталсан. Энэ тогтоолд Үндэсний бодлогын хороо шинээр бүрэлдэхүүнээ бүрдүүлэх хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрхийг намын даргад олгох тухай заасан. Энэ тогтоолын дагуу өчигдөр 01 тоот тушаал гаргаж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон” гэв.

Түүнчлэн тус намын гишүүд Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт орох шаардлагатай гэж үзсэн учир Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулж, энэ хэлэлцүүлгийг үргэлжлүүлж явуулахаар тогтсон гэлээ. Тавдугаар сард Үзэл баримтлал, үндсэн дүрмийн эцсийн найруулгыг батлах юм байна.

Мөн “Шонхор фракцийн хүн намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо” гэсэн асуултанд С.Эрдэнэ хариулахдаа “Ц.Туваан бид хоёрт Шонхор гэсэн нэг овог байхгүй. Би өнөөдрийн АН-ын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай залуу хүн. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг Шонхор гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй. Ер нь монголчууд бүгдээрээ Шонхор овогтой. Хүннү гүрний эхнээс өгсүүлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан. Одоо ч Монголын бахархалт шувуу шонхор хэвээр байна” гэлээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдвал та хариуцлага хүлээх үү?” гэсэн асуултанд дараах хариултыг өглөө.

Намын үндсэн дүрмийн хүрээнд тухай тухайн салбартаа сонгуулийн хариуцлагыг хүлээхээр тусгагдсан. Энэ дүрмээр явна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялахыг эрмэлзэнэ. Гэхдээ хэрвээ ялагдвал намын удирдлагууд хариуцлага хүлээхгүй” гэж АН-ын шинэ дарга хариуллаа.

Зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг хэрхэн тодруулах тухайд “АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хоёр үе шаттайгаар тодруулна” гэлээ. Эхлээд АН-ын бүх гишүүдийн дунд тавдугаар сарын 2-нд санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр хүний нэрийг тодруулах юм байна. Дараа нь Их хурлаараа хэлэлцүүлж, нууц санал хураалтаар шийдэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Жил ирэх тусам сонгуульд оролцогчдын тоо өсч байна гэв

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. СЕХ-ноос 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг гаргажээ. Сонгуулийн санал авах өдрийг авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно гэсний дагуу нэгдүгээр сарын 27-ны өдөр зургаадугаар сарын 26-ны өдөр орон даяар явуулахаар товлогдсон.

Сонгуулийн хамгийн анхны бэлтгэл ажил болох сонгуулийн хэсэг, хороод байгуулах үйл ажиллагаа энэ сарын 26-наас өмнө зарлагдах юм байна. Тавдугаар сард нэр дэвших ажиллагаа явагдаж зургаадугаар сард сурталчилгааны ажил нь албан ёсоор эхлэх аж. Сонгууль болсны дараа 7, 8, 9, 10-р сард сонгуулийн зардлын тайланд аудитын ажил хийгдэх юм байна.

Жил бүр сонгуульд оролцогчдын тоо өсч байгаа бөгөөд энэ жил 2 сая 52 хүн бүртгэгдээд байгаа гэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрийг нэг тойрог гэж санал хураалт явагдах учир хаана ч санал өгсөн ижилхэн учир царцааны нүүдэлтэй холбоотой асуудал гарахгүй юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам шинэ байранд орлоо

Ардчилсан нам өнөөдөр шинэ байранд нүүж орлоо. АН-ын шинэ дарга С.Эрдэнэ өөрийн эзэмшлийн “Шонхор тауэр”-ын нэрийг “Ардчиллын өргөө” болгон өөрчилж, намынхнаа орууллаа. Шинэ байрны нээлтийн арга хэмжээнд АН-ын удирдлагууд болон гишүүд дэмжигчид нь оролцов. Тус намын дарга С.Эрдэнэ нээлтийн үеэр хэлэхдээ “Ардчилсан намын шинэчлэлийн ажил үе шаттайгаар явж байна. Бид VII их хурлаа амжилттай зохион байгууллаа. Намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлж чадлаа. Мөн өнөөдөр шинэ байранд буурь сэлгэж байна. Энэ байраар маань намын гишүүд дэмжигчид өдөр бүр орж гарч, санал бодлоо уралдуулна гэдэгт итгэж байна” гэв. Ирэх хавраас шинэ байр барих ажилдаа орно гэдгийг ч энэ үеэр онцолсон. Ардчилсан намын хуучин ашиглаж байсан байрыг намын Сургалт, сурталчилгааны байр болгохоор шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөжээ

Манай улсад улаанбурхан, салхинцэцэг, томуугийн өвчлөл нэмэгдээд байгаа учраас Эрүүл мэнд, спортын яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашаас хүйтний эрч чангарна

Маргааш баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, нөгөөдөр ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах юм байна. Улмаар 16-нд нутгийн зарим газраар,17-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орох аж. Салхи 14,15 ихэнх нутгаар, 16,17-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.