Categories
мэдээ нийгэм

​Үндэсний музей 400 гаруй шинэ үзмэрүүдээ дэлгэнэ

Монголын Үндэсний Музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэнг дөрөв дэх удаагаа үзэгч түмэндээ толилуулж байна. Тус үзэсгэлэнд 2014-2016 онд музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрүүдийг дэглэн үзүүлэх аж.

Үзэсгэлэнд Монголын Үндэсний Музейн судлаачдын явуулсан археологийн малтлагаар илрүүлсэн, хайгуулаар түүвэрлэсэн, бусад байгууллагаас шилжүүлсэн, ард иргэдээс бэлэглэсэн, хандивласан, худалдаж авсан олон тооны сонирхолтой үзмэрүүд багтаж байна.
Тэдгээрээс сонирхуулбал, Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, Монголын хамгийн өндөр хүн асан Д.Рагчаагийн хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх юм байна.
Үзэсгэлэн 2017 оны 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Categories
мэдээ улс-төр

​Улсын аварга малчин Ц.Доржсүрэнгийнд зочлов

УИХ-ын дарга М.Энхболд баруун дөрвөн аймагт хийж буй томилолтоо хоёрдугаар сарын 14-ний үдээс хойш Ховд аймагт үргэлжлүүллээ. Тэрбээр замдаа Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн малчин, “Улсын аварга малчин”-аар шалгараад байгаа Ц.Доржсүрэнгийнд зочлов. Энэ жил Увс аймгаас “Улсын аварга малчин” 5 шалгараад байгаа бөгөөд Өлгий сумын сүүлийн 30 жилийн түүхэнд энэ эрхэм алдар, цолыг хүртэж байгаа малчин нь Ц.Доржсүрэн ажээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд малынхаа тоо толгойг тогтмол өсгөн, ашиг шимийг бүрэн ашигласны зэрэгцээ нутгийнхаа иргэдийг малжуулах, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр амжилт гаргасны учир энэхүү шагналыг хүртжээ.

Аварга малчны хотонд улаан халзтай цагаан өргөө аль хэдийнэ босчээ. Шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр гардуулж, УИХ-ын дарга М.Энхболд Ц.Доржсүрэн болон түүний гэр бүл, нутаг усныханд нь баяр хүргэж үг хэллээ.

УИХ-ын даргыг дагалдан яваа хүмүүсийнхээ хамт оройн 20.30 цагт Ховдод хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд Ард Аюушийн талбайд угтаж, тус аймаг дахь зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Онцгой байдлын алба хаагчид хүндэтгэл үзүүлэв.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Зарим томоохон сумдыг хот болгоно

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх тов гарсан. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ард олноосоо асууж байж шийднэ гэж манай нам хөтөлбөртөө тусгасан. Миний хувьд нэг нам дангаараа буюу олонхиороо шийдэж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ ард түмнээсээ асуугаад цөөн тооны тодорхой асуудлуудаар өөрчлөлт оруулж болно. Тухайлбал Засгийн газрын асуудал байна. Засгийн газрын эрх мэдлийг илүү тодорхой болгох ёстой. Хотын асуудал байна. Суурин соёл иргэншлийн дэлхийн жишгийн дагуу аймгуудын төв, зарим томоохон сумдыг хот болгохоос өөр аргагүй” гэсэн байна.
Мөн тэрбээр “Төрийн албаны тухай хуулийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж өөрчилнө. Төрийн алба босго өндөртэй байхаас гадна төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайн хангах, улс төрөөс ангид, хараат бус байх, улс төрийн сонгуулийн дараа бужигнадаг байдлыг халж, дархлааг нь сайжруулах ёстой. Мэдлэг чадвар, дадлага туршлагаараа шат дараалан дэвших мерит зарчмыг хатуу хуульчилж өгөх нь зөв гэж үзэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар нэмэлт автобусаар үйлчилнэ

XVII жарны тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулна. Тухайлбал, Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Шинийн 1-3 ны өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, хот дотор такси үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси нийт 1204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490, 11326352 дугаарт авна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Засгийн газар юуны өмнө макро эдийн засгийн шинэ загвараа гаргах хэрэгтэй

МХАҮТ-ийн ерөнхийлөгч, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн Б.Лхагважавтай ярилцлаа.


-Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын мөнгө иргэдийн дансанд өчигдрөөс ороод эхэллээ. Таны санаачилж байсан татварын систем хэрэгжсэнд хэр сэтгэл хангалуун байна?

-НӨАТ-ын 20 хувийн буцаан авалтын урамшууллаа өчигдрөөс эхлэн өгөөд эхэллээ. Энэ хоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд нийт 610 мянган иргэн улсаас 32 тэрбум төгрөг буцаан авна. 2016 онд татварын энэ систем явахад тухайн үеийн технологи, инновацийг мэдэхгүй улстөрчид хойрго байдлаар хандаж, иргэд дутуу мэдээ мэдээлэл авах тал гарсан. 2016 онд 203 сая талон хэвлэгдсэний дөнгөж 77 сая талон нь компьютерт шивэгдсэн. Цаана нь 120 орчим сая талон хаягджээ. Үүний цаана иргэд 60 тэрбум төгрөг авах байсан нь улсын орлого болж байгаа юм. Мөн урамшууллын сугалаанд 22 тэрбум төгрөг төсөвлөснөөс ердөө 3.7 тэрбум төгрөг зарцуулагдсан. Үлдсэн 18 тэрбум төгрөг мөн улсын орлого боллоо. Иргэд маань хуулиар олгогдсон эрхээ эдлээрэй. Анх 2005 онд санаачилснаас хойш арав гаруй жилийн дараа НӨАТ-ын урамшууллын системийг нэвтрүүлж чадлаа. Шийдвэр гаргасан улстөрчдөд баярлалаа. Манай Монголын 46 программист залуучууд НӨАТ-ын системийг бий болгож, Монгол Улсын хэмжээнд ашиглах маш том сүлжээг бий болгосон. Хэрвээ гаднаас бэлэн программ авсан бол өндөр үнэтэй худалдаж авах байсан. Манай Монголын төрийн институтэд сүүлийн 25 жилд инноваци технологийн салбарт нэвтэрсэн ганц ололт энэ юм шүү.

-Тантай эдийн засгийн өнгө байдлын тухай ярилцъя. Давосын чуулган дээр 2017 оны эрсдэлийн тайланд Монгол Улс санхүүгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй улс орны хамгийн түрүүнд бичигдсэн. Харин улс төрийн тогтворгүй байдлаараа дээрээсээ хоёрдугаарт бичигдсэн. Манай улсын эдийн засгийн дүр зураг ямар байна вэ?

-Одоо байгаа статистик мэдээгээр ийм л дүн гарна л даа. Ойлгомжтой. Өнөөдрийн хямралын учир шалтгаан дөрвөн жилийн өмнөөс эхлэлтэй. 2012 оны сүүл үед макро эдийн засагт уналтын шинж тэмдэг мэдэгдээд эхэлсэн. 2013 он дөнгөж гараад “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Мөн Монголбанк Засгийн газартайгаа нийлээд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 2.5 их наяд төгрөг хэвлэж зах зээл рүү шууд оруулсан. Томоохон мөнгийг зах зээл рүү оруулахдаа нүүрсний үнийг тав дахин, зэсийн үнэ хоёр дахин унана гэж тооцоолоогүй. Өнгөцхөн тооцоо хийсэн. Зах зээлд мөнгө хэвлэж гаргахыг би тухайн үед шүүмжилж байсан. Ялангуяа төрийн мөнгөний нэг механизмаар эдийн засгийн уналтыг аварч чадахгүй юм гэдгийг хэлж байсан. Үүний оронд урьд нь хэрэглэж байсан бизнес эрхлэгчдэдээ дэм өгөх, зөөлөн бодлогыг хэрэглээч гэдэг асуудлыг тавьж байсан. Ер нь том мөнгө оруулж ирснээр эргээд эдийн засгаа зогсоочихдог гэдгийг тухайн үедээ олж хараагүй. Уг нь 2012 оны дунд үеэс эхлэн бололцоотой бүх улс манайд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байсан. Одоо төлөх гээд байгаа Хөгжлийн банкны 580 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондын зээлийг маш бага хүүтэй өгчихсөн байсан. Үүний дараахь нь “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллар орж ирснийг хараад хөрөнгө оруулагчид “Танайх хөрөнгө оруулалтын таатай нөхцөл байдал үүсгэчихээд хөрөнгө оруулалт татахынхаа оронд яагаад бэлэн мөнгө аваад эхлэв ээ. Бэлэн мөнгө аваад эхэлнэ гэдэг нь хөрөнгө оруулалтыг зогсоох нэг үндэслэл болдог шүү” гэдгийг сануулан хэлж байсан.

-Бонд гаргах, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр эдийн засгийн хүндрэлийг даван гарна гэсэн боловч энэ нь өнөөдөр бодит үр дүнд хүрч чадсангүй?

-Төрийн мөнгөний бодлогоор их хэмжээний мөнгө хэвлэж, тодорхой нэг салбарууд руу өгснөөр үнийн хөөрөгдлийг зогсоочихно гэж гэнэн хандсан. Зах зээлд 2013 онд маш бага хүүтэй мөнгийг нэг хэсэгхэн бизнесмэнүүд авах эрхийг нээж өгсөн. Тэд 2-3 хувийн хүүтэй авч байхад арилжааны банк 19-20 хувийн хүүтэй зээл олгож байлаа. Үүнээс улбаалж цаад утгаараа бизнес татарч, зогсолт явагдсан. Бизнест зогсолт явагдсан нь өөр дүнгээр бас харагдана. 2013 оны арванхоёрдугаар сард манай иргэдийн хадгаламж найман их наядаар гэнэт огцом нэмэгдсэн. Жилд 2-3 их наядаар нэмэгддэг байтал гэнэт дөрөв дахин нэмэгдсэн шалтгаан нь бизнес зогссоныг харуулна. Яагаад гэвэл төгрөгийн ханш 40 хувь унахад зах зээл рүү мөнгөн хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй мөнгөн хадгаламж болгох процесс ажиглагдсан. Мөнгөн хадгаламж үүсгэх, нөгөө талдаа маш бага хүүтэй таван тэрбум ам.доллар цөөн хэдхэн аж ахуйн нэгжид хуваарилагдаад ирэхээр зах зээл макро түвшиндээ саармагжилт явагдсан.

-Эдийн засаг уналттай байгаа үед бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх ямар бодлого хэрэгтэй байна вэ?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж хэрэгжүүлсэн нь аж ахуйн нэгж, иргэндээ боломж олгосон. Уг хуулийн үр дүнд 33 мянган компани аж ахуйн нэгжийн 34.3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ажил үйлчилгээний орлого ил тод гарсан. Энэ 33 мянган компанид ээжийн зөөлөн бодлого хэрэгтэй байна. Сая энэ нэгдүгээр сард Ерөнхий сайд манай худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүдтэй уулзалт хийхэд бизнес эрхлэгчдээс албан ёсны хоёр санал гарч байсан. Нэгдүгээрт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шатлалыг уян хатан болгох. Гурван тэрбум төгрөгөөс доош татвар ногдох орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар төлдөг. Гэтэл өнөөдрийн инфляци, мөнгөний ханш уналтаас болж тэр үеийн гурван тэрбум төгрөг одоогийн 10 тэрбум төгрөгөөс илүү үнэ цэнэтэй болсон. Инфляциас болж гурван тэрбум төгрөгөөс дээших компани 25 хувь хүртэлх татвар төлөх болдог. Тийм учраас татварын тухай хуульд өөрчлөлт оруулж гурван тэрбум төгрөгийн босгыг 10 тэрбум төгрөг болгоод өгөөч ээ гэдэг саналыг гаргасан. Төрийн мөнгөний бодлогоос болж аж ахуйн нэгжүүд өндөр татвар төлж болохгүй юм. Хоёрдугаарт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар систем бүхэлдээ шинэчлэгдэнэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Гол дөрвөн хуулийн гурван хуульд нь өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахгүй удаад байгаагаас чөлөөт эдийн засгийн зах зээлийг хөгжүүлж чадахгүй байна.

-Өнөөдөр үндэсний компаниудын боломж нөөц хэр байна. Гадны хөрөнгө оруулалт бараг нойл заачихлаа?

-Бизнесийн эрүүл орчин бүрдэхэд татварын системийн өөрчлөлт хэрэгтэй байдаг. Татварын систем нь иргэнд ажил хийх бололцоо олгодог, хувийн өмчийг хамгаалдаг. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын зөв системийг хэрэгжүүлсэн. Аж ахуйн нэгжийн санхүү татварын тайлан, өмч ил болсон нь макро эдийн засгийн үүднээс харах аваас урьд нь бид нийт зах зээлийнхээ 60 хувиас татвар авч чадаагүй ирснийг харуулсан. Манай улсын ДНБ-ийг 28 их наяд гэж үздэг. Гэтэл зөвхөн НӨАТ-ын талон 36 их наяд бүртгэгдсэн. Ялангуяа Давост очсон гадны эдийн засагчийн нүдээр Монголд их сонин үзэгдэл ажиглагдана. Эдийн засаг хэдийгээр нойл руу тэмүүлэлтэй байгаа боловч 2016 оны татварынх нь бүх орлого биелсэн төдийгүй зарим төрлөөрөө бүр давж биелсэн. Татвар орлого нь биелсэн байтал эдийн засаг нь уналттай. Энэ нь макро эдийн засгийн загвараа манай улс бүтэн гаргаагүйн шинж тэмдэг. Гадны хөрөнгө оруулалт зогссон олон шалтгаан бий. Энэ Засгийн газар дэргэдээ Хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөрөнгө оруулагчидтай шууд харилцах бүтцийг шинээр байгуулсан нь урьд нь гаргаж ирсэн алдааг олж харсных байх. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтад анхаарах биш дотоодын компаниуд маань хөрөнгө оруулалт хийх бололцоотой болоод ирсэн. Бид 1990 оноос хойш компанийн өсөн өндийдөг бололцоог олгож ирээгүй учраас татварт хөнгөлөлт олгох зөөлөн бодлого барих нь хямралын үед хэрэгтэй. Би зөөлөн бодлого хэрэгтэй тухай яагаад байн байн хэлээд байна вэ гэвэл өнгөрсөн хугацаанд бонд, томоохон мөнгө зах зээлд гаргаж байсан нь үр дүнд хүрээгүй. Харин хөрөнгө оруулалтыг зогсоож, арилжааны банкийг ивээн тэтгээд дууссан.

-Зээлээр орж ирсэн томоохон мөнгө эдийн засгийг хөөсрүүлснээс биш бодит зах зээл дээрээ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалтад шингээгүй?

-Энэ хямралын гол эх үндэс том мөнгөний буруу менежмэнтээс үүдэлтэй. Бондоор орж ирсэн мөнгөн дээр Монголбанк арилжааны банкуудтайгаа нийлж ажиллаад тэндээсээ арилжааны банк нь ашиг олсноор ердийн зах зээл рүүгээ мөнгө гаргахаа байсан. “Чингис бонд”, “Самурай бонд”, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гурав дээр л ярихад анхнаасаа зах зээлд мөнгийг захиран зарцуулах ямар ч хууль Монголд байгаагүй. Төсвийн гадна, УИХ-ын хяналтаас хүртэл гаргаж байж захиран зарцуулчихаж чадсан. Зарим нэг хүмүүс өөрсдөө авч үр дүнгүй зарцуулж дуусгачихсан мөртлөө та нарын үйлийн үр гэсэн утгатай зүйлийг зурагтаар яриад сууж байгааг хараад би хувьдаа маш их гайхдаг. 2013 оны жишээг ярьж болно. Бондын мөнгө орж ирэхэд Н.Алтанхуяг сайд хуваарилаад л бөөн сүр болцгоосон. Гэтэл захиран зарцуулах эрх зүйн харилцаанд Ерөнхийлөгчийн институт багтаж орж чадаагүй. Ингэнгүүт 2013 оны нэгдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад зөвлөмж гарган ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь журмаа одоог хүртэл гаргахаа мартчихсан хэрнээ Ерөнхийлөгч мөнгөний хуваарилалтад орох эрхээ олж аваад дууссан. Ер нь арилжааны банкийг хэр зэрэг том мөнгөн дээр тоглох бололцоо олгоно, тэр тусам ердийн зах зээл рүү мөнгө гаргахаа больдог. 2013, 2014 оны банкны ашгийг хараад үзээрэй. Жилдээ 200 тэрбум төгрөгийн ашигтай байснаа 2016 онд яагаад нойл заав. 2016 онд тэдний тоглох мөнгө нь байхгүй болчихсон л байхгүй юу.

-Монголбанк мөнгөний бодлогоо зөв барьж чадаж байна уу. Хувийн арилжааны банкуудыг тэтгэсэн, халамжилсан байдал харагддаг?

-Би өөрөө Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн хэдий ч зарим нэг зүйлд шүүмжлэлтэй хандаж бодит байдлыг ярихаас арга байхгүй. Хувийн банкууд зарим нэг алдаагаа хүртэл Төв банкаар төлүүлж ирсэн. Жишээ нь, Төв банк хоёр жилийн өмнө нэг банкнаас 500 сая ам.доллар авсан. Засгийн газрын баталгаа гаргасан. Тухайн үед ханш барихын тулд гэж байгаа ч энэ нь татвар төлөгчдийн халаасыг ухсан хэрэг болсон. Тухайн үед нэг ам доллар 1700 төгрөг байхад 500 сая ам.доллар аваад хоёр жилийн дараа арилжааны банкиндаа буцаагаад өгөхөд нэг ам.долларыг 2100 төгрөгөөр тооцоод үзэхэд ханшийн зөрүүнд хичнээн тэрбум төгрөг гарах вэ. Монголбанк ханшийн зөрүүг өөрийн үйл ажиллагааны алдагдал гэж нэрлээд банкныхаа тухай хуулиар Засгийн газрын алдагдал болгож татвар төлөгчдөөр алдагдлыг үүрүүлсэн. Ийм луйврын шинжтэй механизм явагдаад байгаа нь эдийн засагт сөргөөр тусдаг. Арилжааны банкийг дэмжсэн бодлого байгаагийн цаана эрх ашгийн сонирхол бий. Өнгөрсөн 2010 онд арилжааны банк хүнд байдалд орлоо гээд Засгийн газар шийдвэр гаргаж Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж арилжааны банкинд дам утгаараа аж ахуй эрхлэх гэх мэтийн хэд хэдэн санхүүгийн үйлчилгээ явуулах эрхийг нээж өгсөн. Эдийн засаг боломжийн болсон үед Засгийн газар нээж өгсөн цонхоо эргээд таглаагүй. Арилжааны банкууд энэ цонхыг ашиглан ердийн бизнес рүү орж эхэлцгээсэн. Энэ давуу эрхээрээ компаниудыг худалдан авч одоо “Эрдэнэт” үйлдвэрийг хүртэл худалдаад авчихсан байгаа юм биш үү.

-Засгийн газраас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг энэ нэгдүгээр сард батлан гаргасан. Зургаан зорилт, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Засгийн газрын яамд хөрөнгө оруулагчдад гол төслүүдээ танилцуулсан. Эдийн засгийг сэргээх ямар бодлого баримталж байгаа дүр зураг харагдаж байна?

-Эдийн засгийг гол туйлдуулж байгаа нь том том мөнгөний хөдөлгөөн ямар ч хяналтгүй явж ирсэнд байна. Сонгодог утгаар нь хэлэх юм бол нийтийн санхүү мөнгөний тухай ойлголт манайд огт байдаггүй. Нийтийн мөнгө, нийтийн санхүү, төрийн нийтийн хамааралтай өмч гэсэн гурван асуудлыг шийдэхгүйгээр эдийн засгийн хөгжил урагшаа алхахгүй. Нийтийн санхүүгийн хууль байхгүйгээс болж өндөр дээд түвшний дарга нарын гараар мөнгөний хуваарилалт явагдахаар улс яаж дампуурдгийг харлаа. Төрийн өмчийг хэрхэн үнэгүйдүүлж хувьдаа завшдагийг харж байна. Өнгөрсөн хугацаанд зах зээлд хөрөнгө оруулалт, мөнгө хийгээд шингээгүй нь дарга нар шингээдэггүй, харин аж ахуйн нэгж шингээдэг юм байна гэдгийг эрх баригчид одоо сайн ойлгосон биз ээ.

-Нэг гаргасан шийдвэрээ байнга өөрчилж байдаг нь бизнес эрхлэгчдийг тогтвортой бизнес явуулах боломжгүйд хүргэж байна?

-Улс төрийн шийдвэр гаргаж буй хүмүүсийг цаг хугацааг томхноор хараач ээ гэж хэлмээр байдаг. Өнгөрсөн хугацаанд улстөрчид макро түвшний алдаа маш олон хийж шаварт шигтгэчихээд өөрсдөө дөрвөн жил болоод л явчихдаг. Хамаг шавар шавхайтай нь бизнес эрхлэгчид зууралдаж үлддэг. Дараагийн цэмцгэр нөхөр ирээд өнөө шаварт нь улам шигтгэж өгчихөөд мөн л явчихдаг. Тэгсэн хэрнээ нэг ч улстөрч эдийн засгийн арга хэмжээ авахуулдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Харин бизнесийн салбарт ажиллаж буй бүх хүмүүс эрсдэлийг үүрдэг. Монголын ард түмэн сонголтоо хийж МАН-д бэлгээ өгсөн. Одоо ард түмэндээ хариу бэлэг барь. Боловсон хүчнүүдээ сольж байршуулж дууссан бол одоо ажлаа хий. Зоримог бодлого гаргаж, эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдээ урагш нь ахиул.

-Одоогийн нөхцөлд бизнесмэнүүд ямар стратеги баримталбал зохилтой вэ?

-Үнэндээ 2017 оноос маш чанга дэглэм эхэлнэ. НӨАТ-ын бүртгэлээр дамжуулаад аж ахуйн нэгжийн орлого бүртгэгдчихсэн байгаа. Одоо санхүүгийн болон компанийн тайлан албан ёсны зөв болчихвол засаглал нь сайжрах хөрс бүрэлдэнэ. Манай улсад нийт 126 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагийн 60 мянга нь хасах тайлан гаргадаг. Үлдсэн 60 мянган компанийн 50 мянга нь 1-9 хүнтэй хүнтэй жижиг компани. Ердөө 10 гаруй мянган компани нь манай татварын орлогын 95 хувийг бүрдүүлдэг. Нийт нэг сая аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болгодог. Компанийн засаглалаа сайн хөгжүүлсэн компаниуд хямралд ажрахгүй. Тухайлбал, 2016 онд менежмэнт, дотоод хөрөнгө оруулалтаа сайн хийж чадсан компаниудын орлого оны эцсээр 10-15 хувийн нэмэхтэй гарсан. Хямралыг сөрж хөрөнгө оруулалт хийсэн компаниуд энэ үед олз шүүрдэг. Тэртэй тэргүй эрэлт хэзээд л байна.

-Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт төлөв байдал ямар байна. Бизнесмэнүүдэд гэрэл гэгээ харагдаж байна уу?

-Макро түвшинд ч тэр, мөнгөний бодлогод гарч байгаа савлагаанууд манай бизнесмэнүүдийн тамирыг авч байгаа. Энэ удаагийн хямрал сүүлийн дөрвөн жил урт хугацаатайгаар үргэлжилж байна. 2018 оноос эдийн засаг дээшээ өгсөх боломж бий. 2017 он бол тэртэй тэргүй уналтын ёроолын цэгээ тогтворжуулах жил болоод дуусна. Бондын өр зээлийг хэрхэн төлж, мөнгөний ямар бодлого барихаас их зүйл шалтгаална. Хэрэв буруу менежмэнт хийх аваас бизнесмэнүүдэд төлөвлөгөө гаргахад хэцүү болчихно. Бизнес эрхлэгчид 2016 онд гаргасан төлөвлөгөөгөөрөө ажиллаж байтал төгрөгийн ханш 24 хувь унаснаас болж ашиг орлого гэх юм сая бүгд байхгүй болчихлоо. Аль ч жижиг, том компани бай төрийн мөнгөний бодлого, сангийн бодлого, хөрөнгө оруулалтыг харзнадаг болчихсон. Одоо Засгийн газар юуны өмнө макро эдийн засгийн шинэ загвараа гаргах хэрэгтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бодит тоог гарга. Монголбанк мөнгөний ямар бодлого барих вэ гэдгээ гарга. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг яаж шингээх вэ гэдэг загвар дээрээ ажиллах ёстой юм.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Н.Ганбаатар: Аавын ажлаас болж миний бөхийн карьерт дарамт учирсан тохиолдол байхгүй

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын хүчит гарьд Нямдоржийн Ганбаатартай ярилцлаа.


-Таныг Улаанбаатар хотод төрсөн гэдэг. Гэхдээ цолоо дуудуулахдаа аавынхаа нутгаар зарлуулдаг шүү дээ. Ойрдоо уугуул нутагтаа очсон уу?

-Би 1982 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Бөхийн дэвжээн дээр цолоо дуудуулахдаа аавынхаа төрсөн нутгаар зарлуулдаг болохоор зарим хүмүүс намайг Чандмань суманд төрсөн мэтээр андуурдаг. Гэхдээ уг гарал маань энэ сайхан нутагтай салшгүй холбоотой болохоор төрснөөс өөрцгүй л дээ. Алтайн магтаал, аялгууны өлгий Говь-Алтай аймгийн Чандмань сум маань Алтайн нурууны салбар хоёр нурууны хөндийд байдаг сум. Алтайн нурууд үзэсгэлэнтэй байгаль, эрс тэс уур амьсгалтай, ан амьтан, ховор содон ургамал ихтэй газар. Говь-Алтайчууд ааш зан сайтай, сэтгэлийн хаттай, улсууд байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэр ч үнэн үг. Ойрдоо аавынхаа нутгаар очсонгүй. Удахгүй болох сар шинээр л явах байх даа.

-Хүүхэд байхдаа хэр хөдөлгөөнтэй байв. Багын өндөр нуруулаг хүүхэд байсан уу?

-Багадаа тийм ч сахилгагүй хүүхэд байгаагүй. Гэхдээ хүүхэд юм чинь тоглож наадан дэггүй зан гаргаж явсан. Нэгдүгээр хорооллын 80 дугаар дунд сургуульд суралцаж, 1998 онд төгссөн. Миний хүүхэд нас нэгдүгээр хороололд л өнгөрсөн дөө. Ер нь багын өсгөлүүн хүүхэд байсан.

-Оюутан ахуй цагаа эргээд нэг дурсвал?

-Аав, ээж маань Монгол Улсын Их сургуулийн Физикийн ангийг төгссөн. Физикийн шинжлэх ухааны ач холбогдлыг ээж, ааваараа байнга яриулдаг хүүхэд байлаа. Мөн арван жилийн анги удирдсан багш маань физикийн мэргэжилтэй хүн байсан. Тийм учраас их сургуулийн элсэлтийн шалгалтаа физикийн хичээлээр өгч, өндөр оноо авсан юм. 1998 онд МУИС-ийн Физикийн ангид элсэн орсон. Оюутан байхдаа хичээлээ шамдан хийхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил сонирхож байсныг минь Ж.Бандихүү багш маань их ярьдаг. Энэ хүн намайг бөхийн спорт руу хөтөлсөн хүн л дээ. Үнэнийг хэлэхэд би барилдах сонирхол багатай, яагаад ч юм эрдэм номын талдаа илүү сонирхолтой оюутан байж.Ер нь их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний уралдаанд түрүүлж, бусад тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог оюутан байлаа. Тухайн үед модны үртсийг малын тэжээл болгон ашиглах, үйлчлэлийн аргыг оролдсон юм. Энэ ажлынхаа эцсийг үзэлгүй бөхийн дэвжээнд гарсан даа.

-Тэгвэл анх үндэсний бөхийн спортоор хичээллэх болсон тухайгаа яриач. Таны авга ах улсын заан Рэгжийбуугийн Давааням гуай 1980-1990-ээд оны үед ид барилдаж байсан хүчтэнүүдийн нэг. Энэ сайхан бөх удмынхаа тухай тодруулахгүй юу?

-2002 оны хавар их сургуулиа төгсөөд, намар нь багшаар үлдчих санаатай байлаа. Гэтэл авга ах Р.Давааням заан “Хүч” спорт хороонд бөх болгоно” гээд оруулсан. Тэрнээс хойш 15 жил үндэсний бөхөөр барилдаж байна. Манай аавын ээж Янжмаа гэж хүн байсан. Энэ хүний ах дүү нар сүүлийн 40 гаруй жил сумынхаа наадмын түрүүг алдаагүй юм гэдэг. Эдгээр ах, дүү нар дотроос улсад барилдаж анх улсын том цол хүртсэн хүн нь Р.Давааням ах. Харин өвөөгийн талынханд бөх хүн байхгүй ч, эрчүүд нь мундаг тэнхээтэй, бичгийн хүмүүс байсан гэдэг. Р.Давааням гурван сайхан хүүтэй хүн. Том хүү Баасандорж нь дифлентийн чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан. Аймгийн начин цолтой хүн. Дифлент нь одоогийн паралимп шүү дээ. 1930 оноос хойш паралимп болон салсан гэдэг. Дунд хүү Лхагвадорж нь улсын начин цолтой бөх. 2001 оны үед Х.Баянмөнх аварга Говь-Алтайд явж байхдаа Лхагвадоржийн барилдааныг үзээд “Дараагийн аварга бол Лхагвадорж юм байна” хэмээн хэлж байсан. Харамсалтай нь улсын начин цолтойдоо бэртчихсэн. Бага нь Японы сумо бөхийн их аварга Харумафүжи Бямбадорж. Бямбаа маань багын барилдах сонирхолтой жаал байсан. Анх жүдо бөхөөр барилдаж байгаад Япон улс руу явсан. Нутгийнхан маань Бямбадоржийг Говь-Алтай аймгийн “Хоёр дахь аварга” хэмээн хүндэлдэг. Нэг дэх нь мэдээж Говь-Алтай аймгийн Жаргалан сум харьяат, дархан аварга Ш.Батсуурь. Авга ах маань улсын баяр наадмын бэлтгэлд Лхагваа, Бямбаа, Улаанаа бид дөрвийг дагуулж явдаг байлаа. Бөхчүүдийн бэлтгэлийн үеэр бид дөрөв хоорондоо ноцолдож, том цолтой бөхчүүдийн гар, хөлийн үзүүрт зарагддаг байсан юм. Тухайн үед би 14 настай байж. Хамгийн анх 1995 оны улсын баяр наадмаар хүүхдийн барилдаанд барилдаж, бөхийн ногоон дэвжээн дээр хөл тавьж билээ. Аав маань сумын заан цолтой хүн. Авга ах Р.Дашдорж гэдэг хүн 1986 оны Дундговь аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртэж байсан нутаг усандаа нэртэй бөх. Р.Давааням ах маань 1987 оны нэгдүгээр сард болсон Монголын бүх ард түмний VII спартикиадын үндэсний бөхийн барилдаанд аймаг, нийгэмлэгээс шалгарсан шигшмэл 34 бөх тойргийн журмаар барилдахад 30 давж хоёрдугаар байр эзэлж улсын заан болсон. Р.Давааням ах залуугаасаа үндэсний бөхөөр тууштай хичээллэж, өсвөр үеийн улсын аваргаар 1973, 1975 онуудад шалгарч байсан. Улс хувьсгалын 59 жилийн ойгоор дөрвийн даваанд улсын заан Пүрэвийг, тавын даваанд улсын начин Д.Цэрэндашийг, зургаагийн даваанд улсын начин Ё.Ишгэн гуайг давж улсын начин цол хүртэж, долоогийн даваанд Х.Баянмөнх аваргад өвдөг шороодож байсан түүхтэй. Д.Лхагвадорж бид хоёр нас чацуу. Айлын ихэр хүүхэд шиг байнга л цуг явж, бэлтгэл сургуулилт хийдэг байв. Авга ахын маань бага хүү Д.Бямбадорж Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь аварга. Энэ сайхан бөхийн зүтгэлтнүүд, бөх удмаараа бахархаж, биширч явдаг.

-Аймгийн цол хүртэж байсан анхны наадмаа дурсвал?

-2003 онд Говьсүмбэр аймгийн наадамд барилдаж тав даван аймгийн начин цол хүртэж байсан. Дараа жил нь Өмнөговь аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Ингэж л аймгийн наадамд анх удаа барилдаж үндэсний бөхийн цол, чимэг хүртэж явлаа. Тухайн үед аймгийн цол хүртчихээд бөөн баяр хөөр болж байсан даа. Манай хадам аав Өмнөговь аймгийн уугуул. Нутагтаа олон жил бөхийн засуул хийсэн хүн л дээ. Ханийнхаа нутагт зодоглож аймгийн арслан цол хүртсэндээ баяртай байдаг.

-Улсын их баяр наадамд анх зодоглохдоо гурав давж байсан бил үү?

-Тэр цаг үеэ одоо бодоход их сайхан санагддаг. 2002 оны улсын баяр наадмаар анх барилдаад одоогийн улсын харцага Л.Бадарчаар хоёр, улсын начин Хэнтийн В.Батбаяраар гурав даваад, дөрвийн даваанд улсын аварга О.Балжиннямд унаж байлаа. 2005 оны Ардын хувьсгалын 84 жилийн ойн их баяр наадмаар зодоглож тавын даваанд улсын арслан До.Ганхуягт амлуулан барилдаж өвдөг шороодсон. Дараа жилийн наадмын дөрвийн даваанд улсын начин Д.Пүрэвсүрэнд өвдөг шороодож билээ. 2006 онд бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн арслан болсон юм. Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадмын нэгийн даваанд Ганбагана нэртэй залуутай таарсан. Тэр жил миний хувьд бэлтгэл сургуулилт ханачихсан байсан л даа. Хоёрын даваанд одоогийн улсын гарьд Ш.Жаргалсайхантай оноолт таарч барилдаад давсан. Гурвын давааны төгсгөлийн өмнөх дүйцэд босч, аймгийн арслан Б.Золбаяртай таарч давсан юм. Дөрвийн давааны оноолт их эвгүй л дээ. Хэн хэнтэй ч таарч мэдэх даваа. Тэр жилийн наадмын өмнөх жил заан цол хүртсэн Д.Амгаланбаатартай оноолтоор таарч давсан. Тавын даваанд улсын аварга, арслан заан, харцага, начин цолтой бөхчүүд ам бөхөө авч, улсын начин Ду.Батбаяртай тунан барилдаж давсан. Зургаагийн даваанд улсын начин Л.Нямсүрэнтэй тунаж, санаархаж явсан улсын начин цолоо алгасч, харцага цолтны эгнээнд орсон доо. Л.Нямсүрэн бид хоёр “Хүч” нийгэмлэгийн тамирчид. Нэг дор бэлтгэл сургуулилт хийдэг болохоор бие биенийхээ барилдааны арга барилыг сайн мэднэ. Барилдааны цаг дуусаад золгосон барьцнаас би шахаж татаад давсан санагдана. Долоогийн даваанд мөн л тунаж, улсын заан цолтой барилдсан Х.Мөнхбаатарт тахим өгсөн. Тэр жил Х.Мөнхбаатар түрүүлж арслан болж байлаа. Улсын харцага цолны болзол хангачихаад есөн хөлт цагаан тугаа баярын нулимстай тойрон, дэвэх ч сайхан. Дараа жилийн баяр наадмаар үзүүрлэж, Монгол Улсын гарьд хэмээх эрхэм цол хүртсэн. Улсын өндөр цолонд хүрээд мэдээж хэрэг их баярласан л даа.

-Гарьд цол хүртэж байсан наадмаараа одтой сайхан барилдсан шүү. Бэлтгэл сайн байв уу?

-Ер нь өмнө барилдаж байсан бичлэг, бөхчүүдийн барилдааныг ажиглаад байхад бэлтгэл сайн хийсэн хүн л тухайн жилийнхээ наадамд одтой барилддаг юм билээ. Миний хувьд 2006-2008 оны хооронд бэлтгэлээ маш сайн хийсэн. Тийм болохоор 2008 оны улсын баяр наадмаар найм даван үзүүрлэж, цол ахисан байх. Тэр жил наадмаар өөртөө итгэлтэй, урам зоригтой барилдсан. Өмнө нь улсын цол авчихсан учраас барилдааны намба суучихсан байлаа. Бас доор даваануудад ам авах боломжтой болсон. Ингээд зургаагийн даваанд Мөнгөнцоож харцагатай тунан барилдаж давснаар улсын харцага цолоо баталсан. Улсын аварга Д.Сумъяабазарыг долоогийн даваанд хаяж, заан цолны болзол хангачихаад их баярласан. Д.Сумъяабазар аварга бол бие хаатай, гайхалтай аварга шүү дээ. Тэр үед аварга хүнд унасан ч яахав гэхээс өөр юм бодоогүй. Бид хоёр удаан барилдсан ч цаг хугацаа хоромхон зуур л өнгөрөх шиг санагдсан. Харин наймын даваанд улсын арслан Б.Ганбат амлан авсан. Тухайн үед Б.Ганбат арслан, улсын заан цолтой, бас л ид барилдаж байсан даа. Бид хоёр элэг бүс, сэнжигний барьцтай урд урдаасаа тулаад зогсож байтал Б.Ганбат арслан зүүн талын сэнжигний барьцаа халаад тавиулах зуур, би баруун талдаа зайлж гуд татсан. Тэр үед Б.Ганбат арслангийн хий нь таарсан уу, эргэлдээд унасан даа. Сүүлд уулзахад Б.Ганбат арслан “Чамайг тийм мэх хийнэ гэж бодоогүй байсан шүү” хэмээн хуучилж билээ. Миний хувьд тэр мэхийг өмнө бэлдэж байгаагүй л дээ. Тухайн үед мэдрэмжээрээ л хийсэн. Манай ард түмэн наадамд зодоглох эрчүүдээ араас нь сүү өргөж, “Үзүүр, түрүүнд үлдээрэй” хэмээн ерөөдөг. Тэр ч утгаараа улсын их баяр наадмын бөхийн барилдааны үзүүр, түрүүнд үлдэнэ гэдэг нэр хүндтэй сайхан санагддаг.

-Таныг бөх сонирхогчид наадам, цагаан сарын баяраар сайн барилддаг гэж ярьдаг. Бусад заал танхимын барилдаанд төдийлөн ирж барилддаггүйн учир юу вэ?

-2009 оны нэгдүгээр сард хөлөндөө бэртэл авсан. Сүүлийн хоёр жил хөлөндөө эмчилгээ хийлгэж байна. Харин одооноос бэлтгэлээ сэргээж байгаад цагаан сар, дөрвөн уулын хишиг барилдаанууддаа гарч, барилдахыг бодож байна даа. Бэртэл, гэмтэл гэж тамирчин хүний ганц дайсан байна шүү дээ. Цагаан сарын барилдаан их сайхан болдог. Миний хувьд цагаан сарын барилдаанд яагаад ч юм их сайн барилдаж чаддаггүй юм. Нэг удаа л дунд шөвөгт үлдэж байсан байх.

-Таныг хүүхэд байхад ч юм уу, аймгийн цолтой байхад ид барилдаж байсан бөхчүүдийн талаар дурсахгүй юу?

-Манай дээд үеийнхэн үлгэр дуурайл болсон жудагтай сайхан бөхчүүд. Тэр дундаас Р.Давааням ахаасаа их юм сурч мэдсэн дээ. Намайг хүүхэд байхад Пүрэв заан гэж бөх байдаг байлаа. Давааням ах, Пүрэв заан хоёр уулзаж шатар тоглодог, найзууд байсан юм. Уг нь насны хувьд хоорондоо их зөрүүтэй. Пүрэв зааны “Заан юунд инээв” хэмээх ном бий. Тэр номноос уншиж байхад сонин амьдрал туулсан, бахархмаар жинхэнэ эр хүн шиг л хүн байсан юм билээ. Дагвасүрэн арслан жижиг биетэй ч ухаанаар барилдаж өндөр амжилт үзүүлсэн бөх шүү дээ. Тухайн үеийн аваргуудын тухайд бөх сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэх биз.

-Өнөө цагийн бөхчүүдийн арга барил, бэлтгэл сургуулилт мэргэжлийн түвшинд хүрсэн. Энэ тухай таны бодол ямар байна вэ?

-Манай үндэсний бөх бусад бөхийн төрлүүдээс хамгийн шилдэг нь гэж боддог. Хувцас хэрэглэл, мэх, жин харгалздаггүй, жижиг биетэй бөхчүүд том биетэй бөхөө унагаахын тулд хурд авьяас авхаалж гаргана гээд бүх зүйлээрээ онцгой. Том биетэй бөхчүүд учраа бөхөө давахын тулд арал бяраа ашиглан барилддаг. Сүүлийн үеийн бөхчүүд бэлтгэлээ маш сайн хийдэг болсон байна. Орчин үед мэдээлэл маш их хөгжсөн. Тэр чинээгээрээ юмыг таних сэтгэн бодох чадвар өндөр болж. Намайг хүүхэд байхад орой зургаан цагаас л телевиз үздэг байлаа. Бусад үед ном л уншдаг байсан. Өнөө цагт хэн бүхэн, хаанаас ч ухаалаг утсаа ашиглаад интернэтээс хүссэн мэдээллээ авч байна. Иймд өнөө цагийн бөхчүүд хэн хэнийхээ барилдааны арга барил, мэхийг бичлэг болгон хадгалж аваад, үздэг болж.

-Таныг бөхийн холбооны тэргүүний хүү гэдгийг бөх сонирхогчид андахгүй. Тэргүүний хүү байна гэдэг тухайн салбартаа хэцүү юү?

-Зарим хүмүүс аавыг маань янз бүрээр хэлж, гүтгэх нь надад тааламжтай байна гэж байхгүй. Гэхдээ ингэж хэл аманд өртөж, хэлүүлэхийг нь ажлын онцлог л гэж ойлгодог. Миний барилдах ч бас ажил шүү дээ. Тийм учраас аавын эрхэлж байгаа ажил, миний барилдаан хоёрыг ялгаж салгах л хэрэгтэй. Тэр хүний ажил тусдаа ойлголт. Аавын ажлаас болж миний бөхийн карьерт дарамт учирсан тохиолдол байхгүй. Цаашдаа ч гарахгүй биз. Өөр юу ч ярих билээ.

-Бөхчүүд улсын баяр наадмын үеэр цол хүртэхээрээ баярлан хөөрч наадмын дэвжээн дээр янз бүрийн үйлдэл үзүүлдэг. Таны барилдааныг харж байхад улсын өндөр цолонд хүрсэн ч сэтгэл хөдлөл гаргадаггүй. Ер нь тайван зантай хүн үү?

-Би эмоцитой. 2008 оны наадмаар улсын гарьд цолны болзол хангачихаад хуруугаа гозолзуулаад гүйдэг шүү дээ (инээв). Улсын гарьд болсныхоо дараа цолны найр хийсэн юм. Ах дүүсээ цайлаад сүртэй л юм боллоо. Дагвасүрэн арслан их шооч хүн л дээ. Найрын үеэр Дагвасүрэн арслан “Найр, наадмыг чинь арай өөр тохиолдолд хийдэг биз дээ. Үсний найр, амраг хосын гэх мэт хүний амьдралд ганцхан тохиох үйл явдалд зориулан хийдэг шиг санагдах юм. Чи яасан гэж найр хийж байгаа юм” хэмээн инээд алдан хэлж билээ. Өөрөө улсад гурван удаа үзүүрлэж, дөрвөн удаа их шөвөгт үлдсэн нэгэн цаг үеийн хүчтэн шүү дээ. Ер нь энэ гар хөлөө өргөж гозолзуулж гүйх зэрэг нь хар арьстнуудаас л орж ирсэн соёл болов уу. Тамирчин хүн элдэв үйлдэл хийнэ гэдэг нэг бодлын өөрийгөө улам хурцалж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь зарим хүмүүст таалагдана, зарим хүмүүст таалагдахгүй шүү дээ.

-Удахгүй монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болох гэж байна. Битүүний өдөр болох барилдаанд та зодоглох уу?

-Цагаан сарын бөхийн барилдаан бол чансаагаараа улсын наадмын дараа ордог төрт ёсны их баяр наадмын барилдаан. Улс, аймгийн цолтой алдартай том бөхчүүд хүрэлцэн ирж барилддагаараа онцлогтой. Ард түмэн маань битүүний өдөр цэнхэр дэлгэцээрээ бөхөө үзэж, маргааш нь аав, ээж, ах дүү нартайгаа золгодог. Ингэж учран уулзахдаа хоорондоо бөхөө ярьж, хэн яаж түрүүлсэн, ямар бөх сайхан мэх хийсэн талаар хөөрөлддөг. Тийм ч учраас энэ сайхан төрт ёсныхоо барилдаанд очиж зодоглоно.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Г.Сурахбаяр: Уул уурхайн хууль гарснаар энэ салбарт бизнес эрхлэгчдэд маш тодорхой эрх зүйн орчин бий болно

Геологи, уул уурхайн салбарыг бүхэлд нь эрх зүйн зохицуулалтаар хангаж чадахуйц шинэ хуультай болох гэж байна. Уул уурхайн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар уул уурхайн эрх зүйн судлаач Г.Сурахбаяртай ярилцсан юм.


-Уул уурхайн салбар толгой хуультай болох гэж байна. Өмнөх хуулиудтай харьцуулбал энэ хуулийн гол концепци юуг өөрчлөхийг хүссэн бэ. Энэ талаар ерөнхий ойлголт өгөхгүй юү?

-Шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь ашигт малтмалын нөөц тогтоохоос эхлээд уурхайг нээх, хаах хүртэл бүхий л уурхайн мөчлөгийн үе шат, техник технологи зэрэг салбарын үйл ажиллагааны үндсэн зохицуулалтыг тусгах юм билээ. Уул уурхайн тухай хуулийн анхдагч тулгуур хууль нь 1988 онд Газрын хэвлийн тухай хууль нэртэйгээр батлагдсан. Нийгэм, цаг үе солигдсон ч энэ хууль үндсэн агуулгаараа өнөөдрийг хүртэл хэвээр яваа. 1994 онд Ашигт малтмалын тухай анхны хууль батлагдаж, 1997 онд шинэчлэгдэн найруулагдсан боловч 2006 онд Ашигт малтмалын тухай хууль дахин шинэчлэгдэн найруулагдаж, 2014 онд томоохон нэмэлт өөрчлөлтүүд орсон.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хийгдсэн судалгаа, үүссэн нөхцөл байдлуудад тулгуурлаж техник технологи, нөхөн сэргээлт, орон нутаг, иргэдийн харилцааг зохицуулах зэрэг нарийн шийдвэрлэх асуудал нэлээдгүй байсан юм байна гэдгийг олж хараад өнөөдрийн Уул уурхайн яам нэн тэргүүнд анхаарал хандуулан шинэ хуулийн төслийг боловсруулах ажилд ханцуй шамлан оржээ гэж харж байна. Цаг үе, нийгмийн захиалгаар өнөөгийн уул уурхайн тухай хууль төрөн гарах гэж байна. Одоогоор Уул уурхайн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг хуулийн анхан шатны төслийг боловсруулах шатандаа явж байна.

-Уул уурхайн тухай хуулийн гол үзэл баримтлалаас мэдээлэл хүргэхгүй юү?

-Уул уурхайн яамны цахим хуудас дээр тавигдсан үзэл баримтлалтай танилцсан. Мөн ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж санаа бодлыг нь сонссон. Ашигт малтмалын тухай хуулиар лицензтэй холбоотой харилцааг түлхүү зохицуулагддаг гэсэн шүүмж байдаг. Уул уурхайн үйлдвэрлэлд өөрийнх нь мөчлөг үе гэж байдаг. Эхний үе шат лицензийн харилцаан дээр тулгуурласан хайгуулын шатны харилцаа байдаг. Уул уурхайн тухай хуулийн үзэл баримтлалтай танилцахад хайгуулын шатнаас эхлээд тухайн уурхайг хаах хүртэлх уул уурхайн үйлдвэрлэлийн үе шатыг бүхэлд нь хамруулж зохицуулах шийдлийг гаргаж тусгасан харагдаж байна. Түүнчлэн төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхээр тусгагдсан байна. Аливаа хайгуул хийсэн хүн тодорхой нөөцөө үнэлэн, техник эдийн засгийн үндэслэлээ (ТЭЗҮ) гаргах гэх мэтээр бизнес талаас нь харж эхлэх үе шат бий. Үүний дараа олборлолтын шат эхэлнэ. Олборлосноо баяжуулах, бүтээгдэхүүн бий болгох гэх мэтээр боловсруулалтын шат үргэлжилсний дараагаар уурхайг хэрхэн зөв хаах тухай шат руу очдог. Өнөөдрийн туршлагаас харахад эхэлж ухах тухай биш, ашиглалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах вэ, уурхайн хаалтыг хэрхэн хийх вэ зэрэг олон улсын туршлагад нийцсэн, уул уурхайн үйлдвэрлэлийн өөрийнх нь техникийн болон мэргэжлийн зүй ёсны шаардлагад нийцсэн хууль нэн хэрэгтэй болсон гэдэг нь харагдсан.

-Хуульд ямар гол өөрчлөлтүүд хийгдэхээр байна?

-Өнөөдөр ТЭЗҮ-ийг боловсруулдаг эрх бүхий хуулийн этгээдийн зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог. Хэдийгээр хот бүтээн байгуулалт талаасаа өнөөгийн зохицуулалт зөв байж болох ч уул уурхайн үйлдвэрлэлийн нарийн техник мэргэжлийн талтайгаа хэр уялдаж байна вэ гэдэг байнга яригдаж байдаг сэдвийн нэг. Уул уурхайн үйлдвэрлэл онцлог тал руугаа ТЭЗҮ-ийн хэв шинжийг хандуулъя гэсэн зарчмын өөрчлөлт хийхээр оролдсон байна лээ. Үүнийг салбарын яам ТЭЗҮ-ийн тусгай зөвшөөрлийг булааж авах гэж байна гэж харахаас илүүтэй үйлдвэрлэлтийнхээ онцлог талаас харсан нь дэвшил болно. Уул уурхайн тухай шинэ хууль бол ирэх 10, 20 жилд Монголын уул уурхай хаана байх вэ гэдэг дүр зургийг зурна. Нэн түрүүнд анхаарч буй уул уурхайн хаалтыг зөв хийх стандартыг нэвтрүүлснээр байгаль орчинг хамгаалах, явцын нөхөн сэргээлт хийхэд чанарын түвшинд дэвшил гарна. Уул уурхайн аж ахуйн нэгжүүд барьцаа хөрөнгө гэхээсээ илүү санхүүгийн баталгаа гаргадаг болох гэж байна. Барьцаа, баталгаа гэдэг ойлголт маань хоёр өөр. Санхүүгийн баталгааны ард энэ уурхайг ашиглаж дуусчихаад энэ уурхайгаа стандарт горимоор нь хааж чадна гэдэг баталгаа оршиж байгаа нь ач холбогдолтой. Уул уурхайн хайгуулын шатыг хэрхэн явуулах, нарийвчилсан техникийн заавар шаардлага зэрэг нь одоогийн мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуульд төдийлөн сууж өгөөгүй. Шинэ хуулиар хайгууль хийх шатлал, цаг хугацаа, техникийн чанарыг үндэс суурьтайгаар тусгана. Уул уурхайн хуульд ил тод байдлын тухай асуудал шигтгэгдээд явна. Энэ нь уурхайн боловсруулах үйлдвэр, баяжуулах үйлдвэрлэлүүд үйл ажиллагааны нарийвчлалаасаа хамаараад тайлангаа зөв гаргах механизм бүрдэнэ. Эдгээр зохицуулалтыг хийх нь зүй ёсны юм.

-Уул уурхайн жинхэнэ эздийг илрүүлж нийтэд ил тод тавих тухай хуулийн төсөлд тусгагдсан байна лээ. Энэ нь ямар үр дүнтэй юм бэ?

-Олон улсын жишгээр уул уурхайн компанийн эзэн, хувьцаа эзэмшигч гэдэг бол хариуцлага хүлээж байдаг этгээд байдаг. Нэг талаараа хөрөнгөө оруулж бизнесийн ашгаа хүртэх зорилготой боловч хариуцлага нь хамт дагалдаж явдаг. Барууны оронд хуулийн этгээдийн хариуцлагын тухай асуудал яригддаг. Байгаль орчинд таагүй хандсан гэдэг ч юм уу, хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн бол зөвхөн нэг мэргэжилтэн хариуцлага хүлээгээд өнгөрөх биш хувьцаа эзэмшигч нь давхар хариуцлага хүлээдэг. Ингэхдээ үйл ажиллагаа эрхлэх хугацааг нь тодорхой хугацаанд хасах зэрэг арга хэмжээ авдаг. Шинэ хуульд хариуцлагын механизмыг сайжруулах заалтууд нэлээд тусгагдах болов уу гэсэн хүлээлттэй байна. Нэг талаар эрхийг нь өгөөд бизнес хийх орчныг нь тодорхой болгоё гэж байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаар төр хариуцлага нэхэж, ард түмний өмнөөс хариуцлага хүлээлгэж чаддаг механизм Уул уурхайн тухай хуульд нэлээд чанга байдлаар тусгагдах ёстой. Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчны багц хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль гэх мэт дагалдах олон хуульд нэмэлт өөрчлөлт орохоос аргагүй болно. Хууль батлагдан гарснаар хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэл газрын хэвлийд гадас шаахаасаа эхлээд хаах хүрэх хүртэлх бүх талуудын эрх ашгийг тусгасан цогц ойлголтыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

-“Discover 2016”-д ”Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах” сэдвээр та илтгэл тавьж байсан. Энэ салбарт төрөөс баримтлах бодлогод судалгаатай хүний хувьд хэлэхэд шинэ хуулийн төсөлд дутуу дулимаг тусгагдсан зүйл анзаарагдаж байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор хөрөнгө оруулалтыг татах, сэргээхтэй холбоотой төрийн ажлууд хийгдэж байх шиг байна. Энэ хуулийг батлан гаргаснаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулж бизнес хийж буй хүмүүст маш тодорхой хууль эрх зүйн орчин бий болно. УИХ-аас 2014-2025 онд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын бичиг баримт батлагдсан. УИХ-аас хүлээсэн үүргийнхээ дагуу Засгийн газар энэ салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх томоохон алхмыг хийж байгаагийн илрэл нь энэ хуулийн төсөл юм. Өнөөдөр уул уурхайн салбарын зарим зохицуулалт хэт ерөнхий, журмаар зохицуулагдаж байгаа зүйл их байна. Журам гэдэг бол эргээд хариуцлага хүлээх, ил тод байх асуудлыг бүрхэгдүүлж байдаг. Хуульчлах механизм зөв юм гэдгийг гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ярьж байгаа. Уул уурхайн тухай хуулийн гол зорилго бол аль болох журмаар зохицуулж буй харилцааг хуульчилъя. Хуульчилна гэдэг нь төрийн бодлого ил тод, цэгцтэй болж буйн илрэл юм. Нэгэнт батлаад гаргасан хуулийг өөрчлөх боломжгүй байдаг. Зөвлөгөө болгож яамны ажлын хэсэгт хэлэхэд Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль хоёртойгоо маш сайн уялдуулж хийх ёстой. Малгай хууль болно гэхээсээ илүүтэй эцсийн үр дүндээ уул уурхайн салбарт тулгын гурван чулуу шиг бүх асуудлыг харилцан зохицуулдаг хууль болоосой гэсэн хүсэл байна.

-Өнгөрсөн хугацаанд хариуцлагагүй уул уурхайг харлаа. Хууль эрх зүйн ямар нөхцөлд ажиллаж ирснээс ийм хариуцлагагүй байдалд хүрэв. Бидний гол алдаа юу байсан юм бол?

-Хариуцлагатай уул уурхайг ярихаар өнгөрсөн бүх зүйл хариуцлагагүй байсан хэрэг биш. Ашигт малтмалыг олборлож татвараа төлнө гэдэг хариуцлагатай байгаагийн нэг шинж. Энэ салбарын судалгаатай байгаа хүний хувьд хэлэхэд харамсалтай нь тухайн үйлдвэрлэлийн онцлогт тавигдах мэргэжлийн техникийн шаардлагууд тодорхой хэмжээгээр дутуу дулимаг байсан. Тэрнээс болоод хариуцлагагүй байдал нэмэгдсээр эцсийн үр дүндээ өнөөдрийн байдалтай тулсан. Жишээлбэл, баяжуулах үйлдвэр байгуулахад хэдийгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй ч гэсэн хэн нэг сумын Засаг даргаас Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрлөө авах болдог. Барилга барихад Барилгын тухай хуулийн дагуу барина. Ингээд хэн нэгэн олборлогч этгээдтэй гэрээ байгуулаад баяжуулах үйлдвэр барьдаг гэх систем манайд үйлчилж байгаа. Энэ нь уул уурхайнхаа нарийн хууль эрх зүйн онцлог тусгагдсан зохицуулалтаараа зохицуулагдаж ирээгүйг харуулна. Баяжуулах үйлдвэр гэхэд Газрын тухай, Барилгын тухай хуультай холбоотой ч уул уурхайн мэргэжлийн нарийн шаардлага хангаагүйгээс хариуцлагагүй уул уурхайн асуудал гарч ирж байсан юм байна. Бизнес эрхэлж буй хүний юуг дагаж мөрдөх нь тодорхойгүй явж ирсэн юм байна. Төрийн байгууллагын мэргэжлийн байгуулагуудад тавигдах шаардлага нь тодорхой болох хэрээр хариуцлага тооцох нь тодорхой болно. Уул уурхайн салбар шинэ тутам хурдацтай хөгжсөнтэй холбоотойгоор байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийх тухай асуудал гарч ирсэн. Өмнө нь ийм хэмжээний хайгуулын, уул уурхайн үйлдвэрлэлийн тухай туршлага манайд байхгүй байсан учраас энэ бүгдийг урьдчилж сайн олж хараагүй олон зүйлтэй нүүр тулгарсан. Өнгөрсөн 2000 оноос хойш энэ салбар маш эрчтэй хөгжсөн. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан тухай ярьж байгаа ч аль салбарт яаж буурав гэдгээ нарийн судалж үзэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгаанд дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт буюу цикль нөлөөлдөг ч бид салбартаа бодлогоор тогтоож барьж чаддаггүй нь засаг төр байнга солигддог, хууль эрх зүйн бичиг баримт нь тодорхойгүй явж ирсэнтэй бас холбоотой. Төрийн бодлогоор тусгай зөвшөөрлийн олголтыг нэг хэсэг зогсоосон нь салбарынхаа бодлогогүй явж ирснийг цэгцэлж авъя гэсэн арга боловч гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулахад голлон нөлөөлсөн гэж би хардаг.

-Хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа явуулах гол дарамтын нэг орон нутаг болдог. Орон нутагтай заавал гэрээ байгуулна гэхээр тэд дуртай зүйлээ нэхэж, асуудлыг гацаадаг. Энэ эрх зүйн зохицуулалтыг хуульд тодорхой болгоогүйгээс дарамт болон хувирдаг?

-Дэлхийн аль ч оронд орон нутгийн иргэдтэй харилцан ярилцдаг жишиг байна. Зөвшилцөж ойлголцохын тулд хоёр талаасаа ярилцах хэрэгтэй. Ярилцахдаа тодорхой эрх зүйн орчны хүрээнд ярилцдаг. Ашигт малтмалын тухай хуульд орон нутагт ажиллах ганц хоёр заалт байдаг ч нарийвчилж зохицуулсан заал байдаггүй. Уул уурхайн хууль маань өнгөрсөн алдаа болгоноо цуглуулж ирээдүйн шинэ ололтыг авсан хууль байх болов уу.

Б.ДОЛЗОДМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнгөний гуйланчлал

Монгол Улс түүхэндээ байгаагүйгээр баяжиж үзлээ. 1990 онд бүхий л хэрэглэж буй юмныхаа 70 хувийг хойд хөршөөсөө зээлж амьдарч байсан орон 15 жилийн дараа өөрийгөө бүрэн хангадаг болсон. Үндэсний орлого нь аравхан жилийн дотор 10 дахин өсч ДНБ нь жилд 17 хувийн өсөлттэйгөөр дэлхийн аварга амжилт үзүүлэв. “Азийн дараагийн бар” гэж дэлхийн эдийн засгийн тэргүүлэх мэдээллийн хэрэгслүүд болон судлаачид нэгэн дуугаар баталж байлаа. Ердөө л өчигдөр болсон явдал.

Өнөөдөр юу болчив? Монгол Улс нийтдээ 20 орчим тэрбум долларын гадаад өртэйн дөрөвний нэг нь Засгийн газарт хамаарч буй. Төв банкны Ерөнхийлөгчийн албан ёсоор мэдэгдсэнээр улсын нөөц хасах заасан аж. Богино хугацаанд монгол төгрөгийн ханш бараг хоёр дахин уналаа. 2012 онд Батболдын Засгийн газар Хөгжлийн банкны нэрээр 580 сая доллар зээлснийг эргүүлж төлөх хугацаа энэ оны гуравдугаар сарын төгсгөлөөр тулчихаад байгаа юм байна. Алтанхуягийн Засгийн газар 2013 онд Чингис бонд гэх нэрээр 1.5 тэрбум доллар зээлсний эргүүлж төлөх хугацаа 2018 оны нэгдүгээр сараас эхлэх ба гурав тасалж жилийн дотор эргүүлж төлөх авай. Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга энэ мөнгийг төлөх бололцоогүй гэсэн бол Ерөнхий сайд нь шууд төлж орхино гэж мэдэгдээд байгаа.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг шинжээд энэхүү 580 сая долларыг төлөх санхүүгийн эх үүсвэр өнөөдөртөө байхгүй гэж мэргэжилтнүүд болон санхүүчид нэгэн утгаар хэлж байна. Ингэхээр Ерөнхий сайд ганц сарын дотор хаанаас мөнгө босгоно гэж тооцоолсон байж таарах вэ?

Монголын парламентын спикер нь эрх барьж буй намын даргын албыг давхар хашиж, намаа төдийгүй Засгийн газраа шууд ба шууд бусаар удирдан голлох шийдвэрийг биечлэн гаргадаг нь нууц биш. Чухам үүндээ эрдсэн үү, Орос болон Булангийн орнууд, Кувейт, Саудын Араб зэрэг улсуудаар “ажлын айлчлал” хийж мөнгө гуйжээ. Мэдээж ёс журмын дагуу түүнийг харгалзах албан тушаалтнууд болох парламентын спикерүүд хүлээж авлаа. Хоёр орны хооронд зээл ярих асуудал нь Засгийн газар хооронд яригддаг болохоор Монголын парламентын спикерийн энэхүү гэнэтийн айлчлал ба хачирхалтай гуйлтыг бусад спикерүүд гайхан угтаж. Хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэх болно хэмээн айлчлагч орны голдуу эмэгтэй спикерүүд маш эелдгээр мэдэгдэж байсныг дипломат ёс гэлтэй. Мэдээж эдгээр хүүхнүүдийн хэнд нь ч мөнгөний эрх мэдэл байхгүй.

Монгол Улсын эдийн засгийн энэхүү хүндрэлийг даван туулахад хөрш Хятад улс ах дүүгийн тусламж үзүүлэхэд бэлнээ илэрхийлсэн төдийгүй дөрвөн тэрбум орчим долларын хөнгөлөлттэй зээл олгох тухай яриа гарч байлаа. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголд Далай лам айлчилсан нь хоёр орны хооронд ан цав үүсгэж, гэрээ хэлэлцээр хийх бүх товоосоо Хятад тодорхойгүй хугацаагаар татгалзан царцаажээ. Нэмэр дээр нь Монголд тэрбум доллар зээлнэ гэж урьд нь амлаж байсан Энэтхэгийг маргаандаа татан оролцуулах гэсэн гэнэн томоогүй оролдлого нь асуудлыг бүр ч хурцатгав. Засгийн газраас Далай ламыг айлчлуулсандаа хүлцэл өчин, дахиж ийм явдал давтагдахгүй гэж амласан боловч Хятадын зүгээс ямар нэг хариу үзүүлээгүй байна.

Хоолой дээр тулчихаад байгаа 580 сая долларын буцаан төлөлтийн асуудлыг нэгмөр зохицуулсан шийдэл гараагүй байгаа боловч янз бүрийн санал, түүний дотор хүүхдийн гэмээр гэнэн санаа эрх баригчдын дунд тэнүүчилсээр. Юун түрүүн Төв банкны ирээдүйд цуглуулах алтыг барьцаалан зээл авах санал хүчтэй яригдах аж. Нэгдүгээрт, алт нь зах зээлд хамгийн тогтворгүй үнийн савлагаатай металл учир тэрхэн зуураа хийгддэг наймаа болохоор удаан хугацааны зээлийн барьцаа болдоггүй. Хоёрдугаарт, Аль ч улс оронд Төв банк ба Засгийн газар нь шал тусдаа инстүүц учир нэгнийх нь барьцаагаар нөгөөд нь зээл олгодоггүй. Засгийн газрын шууд харьяа Хөгжлийн банкны өрийг төлүүлэхийн тулд Төв банкинд зээл олгоно гэж байхгүй. Гуравдугаарт, мөнөөх 580 сая болон 1,5 тэрбум долларын бондын мөнгө босгож байх үед Монгол нь зээлжих баталгааны “В2” ангилалд багтаж байсан бол өдгөө энэ зэрэглэлийг нь олон улсын санхүүгийн байгууллагууд хоёр шатаар буулган “С” зэрэглэл болтол нь доош оруулсан билээ. Энэ бол тухайн оронд зээл олгож болохгүйг анхааруулсан дохиолол юм. Ийм зэрэглэлтэй алив Засгийн газар, банк, аж ахуйн нэгжид хэн нэг нь зээл олговол 20 хувийг нь шууд алдагдал болгон бүртгэдэг журамтай учир зээлдэгч талын хувьд энэ нь тун эрсдэлтэй алхам болох учиртай. Тэгээд ч урьд нь бонд босгож байхад Монголд тавих зээлийн хүүгийн хэмжээ 3-7 хувиар тооцогдож байсан бол эдүгээ зээл оллоо гэхэд 15 хувиас нааш ярихгүй.

ОУВС сүүлийн гуч шахам жилд Монголын Засгийн газартай ажилласан туршлагатай. Харин энэ байгууллагатай ажилласан Монголын Засгийн газрын тоо арвин. Энэ оронд төрийн тогтвортой аппарат гэж байдаггүй, сонгуулиар болон Засгийн газрууд солигдоход төрийн албаны түшмэдээ хуйгаар нь халаад шинээр гарч ирснүүд нь өөрийн хүрээллийг шинээр үүсгэдэг учир төрийн ой санамж гэж огт байдаггүй. 2-4 жилийн циклтэйгээр бүх тохиролцоо, бодлого, чиглэл, ой санамж тас мартагдан бүгдийг нь цоо шинээр эхэлдэг уламжлалтай. Түрүүний ажиллагсдаа халаад зогсохгүй араас нь тооцоо бодон, баримталж байсан улс төрийн бодлого чиглэлийг нь (хэрэв тэрийг нь бодлого гэж үзэх юм бол?) эрүүгийн хэрэг болгон зарладаг. Ийм тогтсон заншилтай болохоор төрийн алба нь хэний ч хувьд түр зуурынх гэдэг нь ойлгомжтой болохоор байгаа дээрээ баяжих, шамшигдуулах, хулгайлах явдал цагаандаа гарсан. Иймээс ч төрийн алба гэдэг мэдлэг мэргэжил, дадлага туршлагаас үл хамааран нийтээр үхэлдэн өрсөлдөх үнэт эрдэнэд тооцогдох болжээ. Хаана ч Төв банк бол маш тогтвортой ажиллах ёстой туйлын эмзэг инстүүц атал өнгөрсөн жил сонгуулиар ялсан намынхан өөрсдөд нь төрийн алба бөөнөөрөө хэрэг болсон шалтгаанаар бүх газар хэлтсийн удирдлагаа тэр дор нь хуйгаар нь сольсон байна. Монгол нь авлигын индексээр дэлхийд дээгүүрт өрсөлдөж буй.

ОУВС болон түүний удирдлага-бодлогын хүрээнд хамаардаг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг нь аль ч улс оронтой харилцахдаа санхүү эдийн засгийн хатуу сахилга батыг шаардаж, үүнийг нь зөвшөөрсөн тохиолдолд тодорхой төслүүдэд урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээл олгодог. Гэхдээ энэ байгууллага өөрөө зээл олгоно гэхээсээ хэнд хичнээн хэмжээний мөнгийг юунд зориулж олгохыг дэлхий дээр байгаа олон улсын санхүүгийн том байгууллагуудад зөвшөөрдөг. ОУВС нь гишүүн орнуудынхаа чадал чансаа, хүн ам, барьцаалах хөрөнгө зэрэгтэй харьцуулан аль оронд хичнээн хэмжээний зээл дээд тал нь олгож болох хязгаар лимитээ тогтсон байдаг. Өнөөгийн түвшинд Монгол Улс маш сайн тохирч чадвал нэг тэрбум доллар зээлээр авч чадах дээд хязгаартай.

Монгол Улсын олон олон Засгийн газрууд ялангуяа 1991-2000 оны хооронд ОУВС-тай хүлээцтэй ажилласны үр дүнд шилжилтийн эхэн үеийн нэн хүнд бэрхшээлийг амжилттай туулан ард нь гарсан билээ. Мөн 2008 оны хямралаар ОУВС-тай стэнд бай хөтөлбөр хэрэгжүүлсэн нь амжилттай өндөрлөсөн. Одоо тэдний төлөөлөгчид Засгийн газар, Төв банктай хэлэлцээ хийхээр ирээд буй. Гэвч хоёр тал хоёр өөр хэлээр яриад буй учир яавч ойлголцохгүй бололтой. Өнөөгийн ертөнцөд санхүү, эдийн засаг, мөнгөний бодлогын нэг л хэл бий. Энэ хэл болох дүрмийг дэлхийн эдийн засгийг атгаж байгаа хөгжингүй орнууд зохиосон, үүнийг нь бусад бүх орон дагадаг. Учир нь тэдэнд мөнгө байгаа учир эрх мэдэл нь ч тэдэнд. Гэтэл Монголын талаас оролцогчид нь урьдын ямар ч туршлага байхгүй, энэ талаар танин мэдэхүйн анхны ойлголтыг авч буй шинэчүүл. ОУВС-тай урьд нь ажиллаж байсан хүмүүс эс бөгөөс сөрөг хүчин нэрээр шоронгийн хаалганы үүдэнд байгаа, эсвэл төрийн ой нь тэднийгээ хэдийнэ таг мартсан. Иймээс одоо ОУВС-тай гэрээ хэлэлцээ хийх гэж байгаа нөхдүүд нь урьдын бүх хэлэлцэгч монголчуудын нэгэн адил өөрснөө зохиосон дүрмээрээ ярих гэж хий оролдоно. Үүнийг л хоёр өөр хэлээр яриад ойлголцохгүй байна гээд буй хэрэг.

Монгол Улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 2003 он хүртэл 450-500 доллар байсан нь олон улсын зүгээс халамж хүртэх зэрэглэлд хамаарч байсан. Энэ үзүүлэлт өдгөө дөрвөн мянган долларт хүрч дунд түвшний доогуур зэрэглэлд очсон тул хандивлагчдын уулзалт гэх мэтийн өглөгийн уут байхгүй гэсэн үг. OEDC буюу Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд хөгжиж буй орнуудад хөнгөлөлттэй зээл олгож, хоёр орны хамтарсан төсөл хэрэгжүүлдэг. Энэ нь мөн өөрийн нөхцөлтэйгөөс гадна гишүүн орнууд тус тусдаа олгодог учир маш их мөнгө бөөнөөр нь олох бололцоогүй. Хамгийн сүүлд Польш улс Монголд 50 сая еврогийн зээл олгохоор болсон нь тэднээс хандаж буй хамгийн дээд хэмжээ юм. Тэгээд ч ийм мөнгийг тухайн төсөлд өгдөг болохоос өр дарахад зориулдаггүй. Хятад нь OEDC-ийн гишүүн биш учир дөрвөн тэрбум долларын зээл өгөх яриа гарсан байх. Гэхдээ өгдөг юм гэхэд энэ нь Хятадын компаниуд ба Монголын Засгийн газрын хамтарсан үйл ажиллагаанд зориулах болохоос бэлнээр нь мөнгө оруулж ирж Монголын Засгийн газарт гардуулах гэж буй хэрэг биш. Мөн Засгийн газрынхны нэг төлөвлөгөөнд Монголын бондыг худалдаж авсан бонд эзэмшигч нартай биечлэн уулзаж зовлонгоо тоочоод зээлийг хойшлуулах арга яригдаж байна. Гэтэл зах зээл рүү чөлөөтэй гараад явчихсан бондод “бонд эзэмшигч” гээд тухайлсан субьект байдаггүй. Анх худалдаж аван “эзэн” нь дамлаад юм уу хямдруулаад цааш цаашаа наймаалцаад явдаг хөвдөг зүйл. Харин авлагаа бол нэхэж л таарна.

Маш их өр зээлтэй орнуудын өрийг зохицуулдаг “Парисын клуб” гэх байгууллага бий. Авлагатай газрууд энд ханддаг. Саяхан энэ клуб Монголын өрийн асуудлаар албан бусаар ярилцсан гэх. Шийдэх бололцоогүй бол тухайн орны дампуурлыг зарлана. Монгол Улс өнөөдөр дампуурлаа зарлуулахад тун ойртчихоод байна. Дампуурсан оронтой хэн ч мөнгө цаасны талаар яриа хэлэлцээ хийхээс татгалзана. Иймээс тулаад байгаа хямралаас монголчууд өөрийн хүчээр л гарахаас өөр аргагүй юм.

Өдгөө Монголын Засгийн газар болон төрийн бусад инстүүцээс нийгэмд өгч буй мэдээлэл нь гол төлөв бүлэглэл хоорондын урьдын өс хонзонг авах, эргэж тооцоо бодох, алдаа дутагдлыг бусдад чихэх, урьд явж байсан бүхий л арга хэмжээг үгүйсгэн довтлох, юу хийхээ мэдэхээ больсон учир голдуу реклам маягийн шоу сенсаци үүсгэх, худал амлах, ажил хэрэгч дүр эсгэх, биенээ матах, хоорондоо сөргөөцөлдөх хэлбэрээр илрэх аж. Энэ орон жилд дор хаяхад 7-8 тэрбум долларын ямар нэг бараа бүтээгдэхүүн гадагш экспортлон зарж байж хүнд байдлаас гарах учиртай юм. Энэ нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын хүчээр л бүтэх зүйл. Гэтэл үүнийгээ ойлгодоггүй бололтой, эрх баригчид нь өөрийн хүчээр их сайндаа 7-8 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортлох боломжийн талаар амтархан ярьж нийгэмдээ сурталчилна. Тэгсэн мөртөө нийгэмчлэх, хурааж авах, шахан зайлуулах, хөөж туух үзэгдэл хавтгайрснаар юун гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх байтугай, дотоодын үйлдвэрлэгчдээ ч айлгаж дарамталсаар.

Өнөөгийн энэхүү эдийн засгийн хүнд хямралын эх үүсвэр нь баяжиж томорсон үеэс эхтэй төдийгүй, чухам түүнээс л болсон. Үүнд энэ орны төрийн эрхийг ээлжлэн баригч голлох хоёр улс төрийн нам аль алин нь буруутай. Гэнэт баяжсан гуйлгачин орон хэсэг хугацааны дараа урьдахаасаа дор байдалд ордог жишээ Венесуэль, Нигерээс авахуулаад энд тэндгүй бий. Энэ хямралын сайн тал нь монголчуудад хатуу сануулга өгч, эдийн засгийн ойлголтод нь асар үнэ цэнэтэй хөрөнгө оруулж буй явдал болой.

Улс төрийн хоёр бүлэглэл аль алин нь олон жилийн турш биенийхээ хийх гэснийг унагасаар өдий хүрлээ. Нөгөө нэг зовлон нь биенээ дийлэх гэхээрээ мөн л улс төрийн хоёр нам дандаа популист шийдвэр уралдан гаргасаар өнөөгийн хямралыг бүтээсэн. Өдгөө нэг бүлэг нь шийдвэр гаргах өндөрлөгийг дангаараа бараг бүтнээр нь авсан энэ үед улс төрийн ямар ч эсэргүүцэлгүйгээр зоримог алхмаар жинхэнээсээ эдийн засгийн эрс шинэчлэл хийх бололцоо үүслээ. Монгол Улс чанараар биш юм гэхэд 10 мянган хүнд ноогдох оюутан, мастер, эрдэмтэн, эмч, багш, эдийн засагч, хуульчийн тоогоор дэлхийд тэргүүлэх эгнээнд ордог. Сүүлийн 30 шахам жилд өрнөдөд боловсрол олсон залуус “улс төрийн шаардлага хангахгүй” учир ажилгүй, эсвэл мэргэжлээсээ гадуур халтуур хийж амьдарч байна. Нэгэнт бэлтгэгдсэн энэхүү далай шиг их боловсон хүчний нөөцийг зөв шалгаруулж зөв ашиглавал бололцоо их байна. Монголчууд өөрөө өөрсдийгөө хямраасан тул өөрсдөө л зоримог хөдөлж байж энэ шавраас гарна. Эдийн засаг ид шидээр биш эрүүл бодлогоор сэргэнэ. Ардчилсан ардчилаагүй намын бодлого, баруун зүүний шийдвэр, шашин шүтлэг, сайхан сэтгэл, өр зүрх, сэтгэлийн хандив, гомдол гаслал, тайвшрал зэрэгтэй эдийн засгийн сэргэлт ямар ч холбоогүй.

Хямралаас гарах, хямралыг зовиур багатай даван туулах, гадаад ертөнцөөс хөрөнгө татах, гадны хөрөнгө оруулалтын итгэлийг эргүүлж олж авахын тулд болдог бол Засгийн газар, парламент дараахь арга хэмжээг зоригтой, тууштай, яаралтай авч өөрийн хүчинд тулгуурлах хэрэгтэй санагдана:

* Одоо үйлчилж байгаа уул уурхай, банк, холбоон дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийг бүрэн хүчингүй болгох

* Одоо үйлчилж байгаа урт нэртэй хуулийг бүрэн хүчингүй болгох

* Одоо үйлчилж байгаа стратегийн ордын тухай хуулийг хүчингүй болгох

* Компанийн хуульд өөрчлөлт оруулж бүх компанийг татварт бүрэн хамруулах

* Хөрөнгийн баталгааны хууль батлах

* Хөрөнгийн биржийг хувьчилж үнэт цаасны гүйлгээ хийх явдлыг чөлөөтэй болгосон хууль батлах

* Гэрээний хууль батлах

* Татварын бүх төрлийн хөнгөлөлтийг үгүй болгож, үүнийг өөр байдлаар урамшуулах хуулийн өөрчлөлт хийх

* Гадаадын хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг Засгийн газар эзэмшдэгийг болиулах

* Үндэсний аюулгүй байдалтай холбоотой биш бол УИХ-аас хөрөнгө оруулалт дахь Засгийн газрын шийдвэрт дэгээ тавихгүй байх

* Нийгэмд учруулсан эд мөнгөний хохирлыг юун түрүүн эргүүлж төлөн хохиролгүй болгох талыг баримталсан хуулийн заалт буй болгох

* Гэнэтийн ашгийн татвар мэтийг УИХ-аас санаачлахгүй байх

* Нинжа болон рэкэт мэтийн хууль бус уул уурхайн үйлдвэрлэлийг Засгийн газар бие даан шийдвэрлэх

* ТББ-ын статус болон үүргийг тодорхой болгосон хууль батлах

* Геологийн хайгуулыг чөлөөтэй болгох

* Улсын мэдэлд байгаа алдагдалтай үйлдвэрүүдийг хувьчлах

* Үнэ чөлөөлөлтийн бодлого явуулах

* Боловсрол болон эрүүл мэндийн салбарын хуульд өөрчлөлт оруулж үүнийг бизнес гэдгийг нь хүлээн зөвшөөрөхийн сацуу нийгмийн ядуу хэсгийг ямар үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулахыг тодорхой болгох

* Нийгмийн салбарын өргөн хувьчлал болон түрээс, мэнэжмэнтийн хувьчлалын бодлогод явуулах

* Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж иргэдийг давхар орлого олох бололцоог нэмэгдүүлэх

* Бүх нийтийг татварын бодлого хамруулах

* Халамжийн бодлогыг өөрчилж халамжид тун шаардлагатай хэсгийг хамруулах

* Жуулчлалыг дэмжиж үүнд саад болж буй иргэний харьяаллын, хилийн, нисэх үйлчилгээний хуульд өөрчлөлт оруулж чөлөөтэй болгох

* Төрийн (Засгийн газрын) болон улсын, олон нийтийн өмчийн статусыг ойлгомжтой ангилж тодорхой болгон өөр өөр татварын орчин бүрдүүлэх

* Газрын, газрын хэвлийн доорх баялаг, бэлчээрийн талаар ойлгомжтой шилжилтийн бодлого гарган татварт хамруулах

* Татваргүй бүс зарлах

* Малын хөлийн татвар, даатгалын системийг бий болгох

2017 оны хоёрдугаар сарын 4

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Баабарын “Их төстэй явдал” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Гурав, дөрөвдүгээр хорооллын гудамжинд амьдрал ид буцалж байна. Тэнд худалдаа наймаа өрнөж, хүнс, гоо сайхан, хувцас хэрэглэл гээд худалдаалж болох бүхнийг борлуулж байна. Энэ тухай уншигч та бүхэн нэгдүгээр нүүрнээс унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяатай хийсэн ярилцлагыг нийтэллээ. Мөн тавдугаар нүүрнээс УИХ-ын Төсвийн байнгын хорооноос хийсэн мэдээллийн дэлгэрэнгүйг уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын “Их төстэй явдал” нийтлэл хэвлэгдлээ.

Траншейнд амьдардаг хүмүүс нийлж архи ууж байгаад нэг нэгнээ хөнөөсөн онц ночтой гэмт хэрэг гарчээ. Энэ талаар долдугаар нүүрнээс унших боломжтой.

Мөн “Эх орон сумаас эхэлнэ”, “Хэлэх эрхийн индэр” зэрэг булангуудаа уншиж сонирхоорой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гэрийн зуухны шинэ стандартыг мөрдөж эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчилж баталсан байна. Батлагдсан стандартын баримт бичгийг мэргэжлийн хяналтын байцаагчдад танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. НМХГ-ын улсын байцаагч нар цаашид агаарын бохирдлын эсрэг хяналт тавин ажиллах үүрэг хүлээсэн учир энэ сургалтыг хийсэн аж.

Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны стандарт энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд бэлэн болоод байгаа аж. Эдгээр стандартууд нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг хангахад чиглэсэн шууд арга хэмжээний нэг юм.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчны яам, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар НМХГ-ын 400 гаруй байцаагч нар агаарын бохирдлын эсрэг хяналт тавих чиг үүрэгтэй болж байна. Улсын байцаагч нар нийслэлд байгаа 152 хороогоо түшиглэж хяналт тавина. Өөрөөр хэлбэл хороон дээр байршиж хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах болно. Хорооны иргэдэд зөвлөмж хүргүүлж, агаарын бохирдлын эсрэг хяналт, шалгалтыг тавьж зөрчил гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчны тухай хууль, Агаарын бохирдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож ажиллана” хэмээлээ.

Нийслэлийн айл өрхүүдийн 65 орчим хувь нь өвлийн улиралд гэр, сууцаа халаах, хоол хүнсээ бэлдэхийн тулд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуух ашигладаг. Эдгээр халаалтын хэрэгсэлд тавигдах шаардлагыг стандартын түвшинд хянаж, тогтворжуулах нь агаарт цацагдах бохирдлын хэмжээг бууруулахад илүү ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Стандартыг Дэлхийн банкны Цэвэр агаар төслөөс санхүүжүүлж батлуулсан. Энэ стандарт нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлснээрээ бидний хэрэглэж заншсан уламжлалт зуухыг худалдан борлуулахыг хориглосон байгаа юм. Харин энэ стандартын дагуу бүрэн шаталттай зуухыг хэрэглэх ёстой. Хүн бүр хэрэглээд зөв галлаад хэвшвэл нийслэлийн агаарын бохирдол 20-30 хувь буурах болно хэмээн Дэлхийн банкны УБЦАТ-ийн зохицуулагч Н.Баяртогтох хэлсэн юм.

Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зууханд тавигдах техникийн шаардлагыг дотоодын зуух үйлдвэрлэгчид болон хэрэглэгч, олон нийтэд танилцуулах арга хэмжээг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.