Categories
мэдээ нийгэм

Цэргийн албан хаагч тэсрэх бодистой буруу харьцсанаас гэмтжээ

Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нь сургуулилалтын гар бөмбөгтэй буруу харьцсанаас болж нүд гарандаа хүнд гэмтэл авчээ.

Тус ангийн алба хаагчид нь энэ сарын 14-нд төлөвлөгөөт хичээл сургуулиа хийж байгаад ийм харамсалтай явдал болсон гэдгийг эх сурвалж хэлж байна. Гэмтэл авсан цэргийн алба хаагчийг ар гэрийнхэнд нь мэдэгдэж Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл, дүүргийн ИТХ-аас “Иргэдээ сонсъё” аяныг эхлүүллээ

Нийслэл, дүүргийн ИТХ-аас “Иргэдээ сонсъё” аяныг 2-р сарын 15-аас 3-р сарын 15-ны хооронд зохион байгуулахаар шийдвэрлэж, өнөөдөр Багануур дүүргийн ИТХ-аас 2 дугаар хорооны иргэний танхимд аяныг эхлүүллээ.

Дүүргээс 18 км зайд орших 2-р хороонд ахмад настан олноор оршин сууршисан, дээр нь мал бүхий иргэд ихээр байдаг ба нийт 680 хүн амтай хороо юм. Иргэдийн хувьд орон нутгийн мэдээ мэдээллийг авах боломж хомс бөгөөд цаг үеийн мэдээллээс хол байдаг гэж хэлж болно. Энэ утгаараа алслагдсан 2-р хорооноос “Иргэдээ сонсъё” аяныг эхлүүлж байгаа нь нэг талаараа онцлог юм. Аяны хүрээнд дүүргийн ИТХ-аас баталсан тогтоол шийдвэр, ойрын үед хийх ажлын талаар иргэд сонгогчиддоо танилцуулж, оршин суугаа газрын агаарын бохирдлыг бууруулах, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах тэдний санал бодлыг сонсож цаашдын үйл ажиллагаанд тусгахад аяны зорилго оршиж байгаа юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Багануур дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, 2-р хорооны засаг дарга Ж.Мөнхцэцэг, НХҮХ-ийн дарга Д.Цэрэннадмид болон ИНХ-ын дарга тэргүүлэгчид оролцсон.

Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 2017 оны эхнээс эхлэн төрийн болон томоохон байгууллагуудаар очиж тулгамдаж байгаа асуудал, ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонсох ажил эхэлсэн, БААН-ыг дууссаны дараагаар хороодын иргэдтэй уулзах, санал хүсэлтийг сонсох ажил хийгдэх байсан нь өнөөдрийн ИТХ-аас зохион байгуулж байгаа “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд хамт хийгдэж байгаа нь мөн онцлог болж байгаа юм.

2-р хорооны иргэд үйл ажиллагааны үеэр “Иргэдтэй ойр ажиллаж санал хүсэлтийг сонсож, олон төрлийн мэдээ мэдээллээр ханган ажиллаж байгаа удирдлагуудад талархаж байна” гэсэн юм.

“Иргэдээ сонсъё” аяныг 1-р хороо 2-р сарын 18-ны 18:00 цагт Гүн галуутай цогцолбор сургуулийн урлаг зааланд, 3-р хороо 2-р сарын 23-ны 14 цагт хорооны хурлын танхимд 2-р сарын 24-ны 15:00 цагт 4-р хороо 2-р сарын 24-ны 11:00 цагт 5-р хороо тус тус хурлын танхимдаа хийхээр төлөвлөн иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдана

НББСШУ-ны байнгын хороо өнөөдөр 11:30 цагаасТөрийн ордны “В” танхимд хэвлэлийн хурал хийнэ. Тус байнгын хорооныхон намрын чуулганаар хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнах гэж байгаа нь энэ юм байна.

УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацааны Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, хүүхдээ асарч байгаа эхчүүдийн НДШ-ийг 1.5 жилээр тооцож олгох зэргээр нийгэмд чиглэсэн олон хууль тогтоолыг тус байнгын хороогоор хэлэлцүүлэн бэлтгэж, батлуулсан юм.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Гантулга гишүүн ээ, эхлээд өөрөө малчин болчих. Тэгж байж бусдыг мал малла гэж хэлэх эрхтэй болно

УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга “Залуу малчдыг дэмжих аян” өрнүүлжээ. Монголын морин спорт, залуу уяачдын тэргүүн тэрбээр энэ аяныхаа хүрээнд аймаг бүрээс нэг залуу гэр бүлийг сонгон 50 эм төлөг өгч, малжуулах ажил зохион байгуулж байгаа гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Залуучуудын мал маллаж хөдөө амьдрах сонирхол буурсан. Ихэнх нь хот, төв газрыг барааддаг болсон байна. Үүнээс болоод хотын замын түгжрэл, нүүрсний утаа ихэссэн байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд хотын төвлөрөлтэй тэмцэх биш хөдөөгийн малчдыг дэмжих, залуусыг мал маллах боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй байгаа юм. Нийслэлд ажилгүй байгаа залуусыг хөдөө орон нутагт очиж мал маллахыг уриалах хэрэгтэй ” гэж санаа зовнин ярьсан байна. Түүний бодлоор бол хотод байгаа залуучуудыг 50 төлгөөр хуурч бүгдийг нь хөдөө хөөх юм байх. Үр дүнд нь хотын түгжрэл багасч, утаа униар нь арилж, хөдөө орон нутаг хөгжих юм гэнэ. Өнгөц харахад залууст мал өгч, ажилтай болгох гээд байгаа мэт. Үнэн хэрэгтээ залуусыг хөдөө цөлж, хөгжих, суралцах, мэдлэг мэргэжилтэй болох, орчин цагийн хүн шиг сайхан амьдрах боломжоос нь татгалзуулж байна гэсэн үг.

Мал маллах, малчин болох тийм сайхан ажил уу гэж захын залуугаас асуугаад үзээрэй. Бүгд д толгой сэгсрэн зугтах байлгүй. Яагаад гэвэл нүүдэлчид, малчдын амьдрал бол хамгийн хүнд бэрх, хатуу хөтүүг дөрвөн цагийн туршид туулдаг юм. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажиллаж сая нэг шөнө болохоор амсхийдэг цаг наргүй ажил. Салхи шуурганаар нялх жаахан үрсээ дааруулан дааруулан нүүдэл хийх, цасан шуурганаар хэдэн хонины араас явж байгаад осгох бол энүүхэнд. Зүсээн гандтал зүтгээд овойж оцойтлоо хөлжиж хөрөнгөжсөн хүн ч цөөн. Одоо бол бүгд л банкны зээлтэй, ноолуур гартал хэдэн төгрөг хүнээс зээлж цагаан сараа тэмдэглэх тухай л бодож суугаа. Ийм ундуй сундуй, өнгөрсөн зуунаараа байгаа амьдрал бол малчдынх. Ачлагын тэмээ нь портер машинаар солигдож, гэрэл чийдэн гэртээ гялалзуулдаг болсон ч байгалийн ая занг аргадан амьдардаг хүнд хүчир хөдөлмөр нь хэвээрээ. Ийм байтал өөрсдөө хотод шигдэн ая тухтай сайхан амьдарчихаад “Хөдөө л амьдрал байна. Хөдөө гарч мал малла. Малчны хөдөлмөр шиг сайхан нь хаана байна. Амьдрал мэдэхгүй байж хөдөөг мууллаа” гэж омогдохыг нь яана.

Хэрэв үнэхээр хөдөө малчин болчихоод санаа амар, стресс бухимдалгүй, ая тухтай, аз жаргалтай амьдарч болдог юм бол Д.Гантулга гишүүн өөрөө эхлээд малчин болчихоод бусдыгаа араасаа дуудаач. Яагаад өөрөө Улаанбаатарт, бүр саарал ордонд тухалж суучихаад залуусыг болохоор малчин бол гэж хөдөө хөөж байна вэ. Энэ бол өөрийнхөө дуртай хотод бусдыг оруулахгүй гэж байгаатай ялгаагүй юм.

Залуус Д.Гантулга гишүүний үгэнд орж, 50 төлгөнд хууртан малчин болуузай. Энэ зуунд нүүдлийн мал аж ахуй устаж үгүй болно гэдэг. Нүүдэлчид эрчимжсэн, суурин, ашиг шим ихтэй фермерийн аж ахуйд зайгаа тавьж өгч байгаа нь бодит үнэн. Хэрэв залуус малчин болж хөдөө гарвал тэр чигтээ хаягдана. Хийж бүтээх залуу халуун нас тань хэдэн хонины захад өнгөрнө. Орчин цагт хүмүүс улам л ая тухтай амьдарч, ингэж амьдрах шийдэл гарц нь нэмэгдсээр атал манай эрхэм гишүүн маань яагаад залуусаа хөдөө хөөгөөд унав. Түүний санаачилсан “Залуу малчдыг дэмжих аян” бол тэр чигтээ буруу юм. Харин ажилгүй залуусыг мэргэжилтэй болгож, мэргэжлийнх нь дагуу ажилд оруулах аян өрнүүлсэн бол хавьгүй дээр байлаа.

“Малчин болох хүн алга. Залуус хотод шигдээд хөдөө явахгүй байна” гэсэн шүүмжлэл бол арай хэтэрхий популист юм. Амьдрал дээр малчид өөрсдөө ийм шийдвэр гаргадаг юм. Тэд хүүхдүүдээ өөр шигээ болгохгүйн тулд их, дээд сургуульд явуулж, хот орон газар бусдын адил тохь тухтай амьдруулахыг хүсдэг. Энэ бол хүүхдээ гэсэн эцэг, эхийн чин хүсэл юм.

Монгол орон газарзүйн хувьд эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай. Жилийн дөрвөн улирлын ялгаа маш их. Зуны улирал нь дулаахан боловч маш хуурай бөгөөд зургаагаас наймдугаар сар хүртэл ердөө гуравхан сар үргэлжилдэг. Хахир хатуу хүйтэн өвөл нь барагдахгүй урт. Цаг агаарын тайланд дурдсанаар аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл бүхэл бүтэн долоон сар үргэлжилдэг. Хавар, намрын хэлбэлзэх хугацаа янз бүр байдаг ч хүйтэн хавсарга, жиндүү жаварлаг өдрүүд зонхилдог. 1989-2014 оны байдлаар Монголд жилд дунджаар 57 удаа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл тохиолдсон бол сүүлийн жилд энэ давтамж нэмэгдсэн байна. 2015 онд л гэхэд аюулт үзэгдэл 76, гамшигт үзэгдэл 17 удаа болж есөн хүн амь насаа алдсан баримт байна.

Ийм цаг ууртай нөхцөлд хөдөө гарч, хөхөртлөө салхинд туугдан амьдрах залуус цөөн байх нь аргагүй юм. Хотын утаа, замын түгжрэлд ажилгүй залуусыг буруутган хөдөө хөөж байхаар, ажлын байрыг нэмэх, эдийн засгаа тэлэх, улс орноо хөгжүүлэх урт хугацааны цогц бодлого хэрэгжүүлээч.

О.ТУЯА

Categories
мэдээ цаг-үе

“Стэнд бай”-гаас өөр дэмжлэг хүсч эдийн засгаа тэлэх боломж байна

Олон улсын валютын сангийнхан ирчихсэн хэлэлцээр ид дундаа байна гэсэн мэдээлэл Сангийн яамыг зүгээс дуулдаж буй. Валютын сангийнхан дөнгөж өчигдөр манай талд нөхцөлүүдээ тавьсан болохоор бэлтгэл хийнэ, ярьж ойлголцоно энэ тэр гэсээр эцсийн шийдвэр ирэх сараас гарч магадгүй бололтой. Валютын сан засагт 13 нөхцөл тавьсан аж. Тэгэхээр доллар орж ирэх наад захын хугацаа дөрөвдүгээр сар болж таарч байна. Ямартай ч дөрвөн жилийн дотор таван тэрбум ам.доллар авах яриа хөөрөө эхэлсэн бололтой. Богино хугацаанд, бараг жил орчим л 450 сая ам.доллар авна гэсэн мэдээлэл давтамжтай цацагдаж байсан ч гэнэт таван тэрбум ам.доллар гэсэн том тоо дуулдаад эхэлчихлээ. ОУВС 1952 оноос гишүүн орнуудын төлбөрийн балансын тэнцлийн хэвийн бус байдлыг арилгах зорилгоор “Богино хугацааны хөтөлбөр” буюу “Стэнд бай”-г хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Анхандаа бүх гишүүн улсдаа хэрэгжүүлдэг байсан ч Солонгос, Япон зэрэг орнууд хөгжлөөрөө цойлж эхэлсэн учраас дундаж орлоготой орнуудад хэрэгжүүлсэн юм. Бага орлоготой орнуудад хэрэгжүүлж эхэлсэн хугацаа нь 2009 он. 12-24 сар, ихдээ гэхэд 36 сараас хэтэрдэггүй учраас богино хугацааны хөтөлбөр гэж онцолдог. Дөрвөн жилийн хугацаанд таван тэрбум ам.доллар гэхээр “Стэнд бай”-гаас арай өөр хувилбар яригдаад эхэлсэн байж мэдэх юм.

Нэг бол хэтрүүлж хэлсэн тоо байхыг үгүйсгэхгүй. Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг доноруудын санхүүжилт дөрвөн жилдээ багтаж орж ирж болно. Улстөрчдийн хэлээд байгаа таван тэрбум ам.долларын яриа хэтрүүлэг, ОУВС-гийн мөнгө доноруудын санхүүжилттэй нийлээд ихдээ 1.5 тэрбум ам.доллар орж ирэх тооцоо бий. Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд валютын санг дэмждэг, үүнээс өөр гарц байхгүй гэсэн хатуу итгэлтэй улстөрчдийн нэг. Тэр өнгөөрөө Сангийн яам, Хөгжлийн банкныхны цаг алдалгүй баталъя гээд байгаа Хөгжлийн банкны хуулийг эсэргүүцэж ийм яриа гаргасан байх талтай. Маргаан дэгдээсэн энэ асуудалд Валютын сан ямар бодол, байр суурьтай яваа нь тодорхой биш, ерөөс бүх мэдээлэл хаалттай хэвээр байна. ОУВС-гийн яг ямар хөтөлбөрийг нь хэрэгжүүлэх талаар засаг ам ангайхгүй байгаа учраас энэ мэт элдэв таамаг хөврүүлэхээс өөр арга одоохондоо алга.

Нөгөө талаас нөхцөл шаардлагуудаа тавиад эхэлчихлээ. Засгийн газраас ч эрх ашигтаа нийцсэн гарц, арга замыг хайх ёстой. Шуудхан хэлэхэд, валютын сангийн өгсөн мөнгөөр эдийн засгаа сэргээнэ гэдэг үлгэр. Компаниуд дажгүй нөхцөлтэй зээл авч, томоохон төслүүд хэрэгжээд явах боломж бүрдэхгүй. Валютын сангийнхан хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд олго гэж дуугарснаас гадна Нэмэгдсэн өртгийн албан татварыг 15 хувьд хүргэ гэсэн тулгалт хийсэн гэх мэдээлэл чих дэлсч байна. Элгээрээ хэвтчихсэн, зээлээ төлж чадахгүй аргаа барж байгаа компаниудад татварын нэмэгдэл гэдэг цаазын тавцангаас ялгаагүй эд. Тэгэхээр эдийн засгаа сэргээх мөнгөө засаг яаж харж байгаа нь яалт ч үгүй анхаарах сэдэв. Найман сарын турш хөшгөө хаасан засаг төлөх өр хаяанд ирсэн ийм цагт хувийн компанийн наймаанд орж, худалдаад авчихсан хувийг нь мөнгө төлж төрд буцааж авна гэсэн яриа үүсгэж хөрөнгө оруулагчдыг гайхшруулж суугаа нь яг нарийндаа цагаа олоогүй тэнэг хандлага.

“Стэнд бай” хөтөлбөрийг олон удаа хэрэгжүүлж байгаад эдийн засгаа босгочихсон жишээ Туркээс эхлээд яригддаг. Гэхдээ газрын баялаг ихтэй, хэрэгжих том төслүүд шилээ дарсан манайх шиг улсад өөр гарц боломж бас байгаа. Эдийн засагчид ДНБ -1.6 хувиар агшчихсан, дөрвөн сар дараалаад дефляци болсон, нийт эрэлт хумигдсан, банкны системд зээлийн тасалдлын шинж тэмдэг илэрсэн, бараг бүх салбарын бизнес гацсан энэ үед зогсолт хийхэд хэрэгжүүлдэг “Стэнд бай” тэгтлээ хүсч дурлахаар хувилбар биш гэж байна. Нэгэнт зогсолт хийчихсэн, эдийн засаг хүрч болох доод цэгтээ оччихсон энэ үед эдийн засгаа тэлэх хөтөлбөр авах гарц байгаа юм билээ. Тэг зогсолтоос зөв замаар эдийн засгаа алгуурхан тэлэх хөтөлбөр авахад болохгүй юмгүй. Валютын санд ийм хүсэлт тавих боломж бий. Тодруулж хэлбэл валютын сан уян хатан зээлийн шугамтай. Илүү том хэмжээтэй ирдэг. Нөхцөл нь илүү уян байдаг. Тэгээд ч авч байгаа орныхоо эдийн засагт үзүүлэх нөлөө нь арай дээр. Мексик гэхэд яг ийм шугамаар чамгүй хэдэн тэрбум ам.долларыг валютын сангаас авчихаад явж байгаа.

Энэ шугамыг нээхийн тулд манай улс нэг том болзлыг биелүүлэх ёстой. Засгийн газрын бодлого валютын сангийн зөвлөмж хоёр яг таг нийцсэн байх учиртай. Бодлого дээрээ тохирчихвол аваад ашиглаа л гэдэг. Валютын санг бурхан мэт тахиж, үгийг нь дагаад доллар авахаас аргагүй гэж байгаа энэ үед болохгүй гэх газаргүй. Саяхан баталсан эдийн засгийг сэргээх хөтөлбөртөө валютын сангийн санаа оноог сонсоод багахан өөрчлөлт оруулаад явахад асуудал байхгүй. Та нартай бодлогоо нэгтгэе, уян хатан зээлийн шугамаа л нээчих гээд суух боломж бий гэх гээд байна л даа. Тэгэхгүй гэвэл валютын сан хатуу нөхцөлөө тавина, нэг дагачихвал гарахад хэцүү. Дахиад хэлэхэд зогсолт хийсэн эдийн засагт тэлэх тухай яриа гарахгүй. Хүссэн санхүүжилтээ авч чаддаггүй юмаа гэхэд том төслүүдээ хөдөлгөх гэх мэт сайн мэдээ дуулгах ёстой. Том төслүүдээ хөдөлгөж байж их мөнгө орж ирнэ.


Categories
мэдээ нийгэм

Монголын геологич, хайгуулчдын уулзалт болно

“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ” чуулга уулзалт III сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. “Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан 2009 оноос зохион байгуулж ирсэн чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль хамтран зохион байгуулах аж.

“Монголын Геологи, Хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд:

· Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг

· Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт

· “Хайгуулчин”сэтгүүл

· Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн

· Зураглалын шилдэг баг шалгаруулах

· Хайгуулын шилдэг баг шалгаруулах

· Оюутны эрдэм шинжилгээний бага хурал

· “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн

· “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”үзэсгэлэн

· Мэргэшүүлэх сургалт

· “Цэцээ гүн”спорт, гео-аялал гэсэн арга хэмжээнүүд болох аж.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад дотоодын улстөржилт саад болсон

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар Засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс сүүлийн жилүүдэд жилд 600-700 сая ам.долларын нефть бүтээгдэхүүнийг импортоор авч байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний илүүдэл үүсч, үнэ хямдарсан үеийн үнэ. Дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байсан үед жилд 1-1.2 тэрбум ам.доллар зарцуулж байсан. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны үеэс Газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар ярьж эхэлсэн. Тэр үеэс өнөөдрийг хүртэл бараг 30 жил ярьж байна. 2008 онд Дарханд төрийн өндөр албан тушаалтнууд үйлдвэрийн шав тавьж байлаа. Дараа нь 2016 оны хоёрдугаар сард Шийдлийн Засгийн газрын үед Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бор-Өндөрт бас шав тавьсан. Одоо 2017 онд Мэргэжлийн Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Сайншандад шав тавих талаар ярьж эхэллээ.

-Шав тавиад байгаа мөртлөө өнөөг хэр яагаад ганц ч үйлдвэр баригдаагүй байгаа юм бэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад дотоодын улстөржилт саад болсон. Монголд улстөржилт үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн гэдгийг хэлье. Улстөржсөн ажил бол явцгүй байдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр барих жишээнээс энийг харж брлно. Уг нь жилд 1.5-2 сая тонн газрын тосыг боловсруулах үйлдвэртэй болно гэдэг нэг их том асуудал биш. Энэ ажлыг хийх сэтгэл дутаад байгаад л хамаг учир байгаа юм.

-Дарханд ч гэсэн ийм үйлдвэр байгуулах талаар ярьж байгаад чимээгүй болчихсон биз дээ?

-Дарханд барих үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ийг Японы олон улсын хамтын ажиллагааны банк өөрийн буцалтгүй зардлын санхүүжилтээр, мөн улсын мэргэжлийн корпорациар хийлгэсэн байдаг. Түүнчлэн 2013 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдэж тайланг нь холбогдох газрууд баталгаажуулсан байдаг. Энэ ажил өнөө хэр зогсоогүй. Төслийн хөрөнгө оруулалтыг дээр дурдсан Японы банк урт хугацаатай, бага хүүтэй экспортын зээлээр санхүүжүүлэхээр болсон.

-Хэрэв тэнд үйлдвэр барьчихвал ямар үр өгөөж гарах вэ. Мөн хүчин чадал нь ямархуу байх бол?

-Японы техник технологитой баригдах энэ үйлдвэрт жилд хоёр сая тонн түүхий тос боловсруулж, 550 мянган тонн авто бензин, нэг сая тонн дизель түлш, 100 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэнэ. Үүгээр зогсохгүй замын битум, шингэн хий зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж ойрын ирээдүйн хэрэгцээг бүрэн хангана гэж тооцсон. Эдийн засгийн үр өгөөжийн тухайд гэвэл, жилд дунджаар 1.6 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээж, улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого оруулах тооцоо гарсан байдаг юм. Одоогоор яригдаж буй төслүүдээс ТЭЗҮ болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй, санхүүжилт нь бэлэн, байгуулах газар нь шийдэгдсэн, дэд бүтэц нь бэлэн төсөл бол Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр л байна даа. Бусад төсөл бол зөвхөн төсөөлөл. ТЭЗҮ болон бусад баримт бичиг ч байхгүй.

-Гэхдээ өмнө нь уг төслийг хэрэгжүүлэх талаар төр засгийн тогтоол, шийдвэр гарч байсан биз дээ. Өнөөг хүртэл саатаад байгаагийн шалтгаан юу вэ?

-Бэлэн болсон ТЭЗҮ-ийн үндсэн дээр Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар УИХ, Засгийн газрын хэдэн удаагийн тогтоол гарсан байдаг. Уг нь ТЭЗҮ-д нь Японы инженерийн компани үйлдвэрийн техник төхөөрөмжийг нийлүүлж, барилгын ажлыг “түлхүүр гардуулах” нөхцөлөөр 2009-2012 онд барих графиктай байсан. Манай улс 2009 онд санхүүгийн хямралаас болж ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдан зээлийн хоригт орсноос болж саатсан гэдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хувьд эрх баригчдын намчирхсан талцал, улс орны эрх ашгийг боддоггүй, хувийн явцуу үзэл, сонирхлын үүднээс хориг, саад тавьж байсны улмаас хэрэгжээгүй.

-Одоо тэгвэл хэрэгжиж чадах уу. Сайншандын үйлдвэрийн талаар л яриад байгаа биз дээ?

-Ийм бэлэн төсөл байсаар байтал 2015 онд Шийдлийн Засгийн газар говийн бүс болон Бор-Өндөр тосгонд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай ямар ч судалгаа тооцоо, үндэслэлгүйгээр хоёр удаа тогтоол гаргасан байдаг. Одоогийн Засгийн газрын хувьд ийм төрлийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх талаар оновчтой шийдэл гаргах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Дорноговь аймгийн Сайншанд суманд газрын тос боловсруулах үйлдвэр барих боломжгүй гэж үзэж байгаа. Өмнөх Засгийн газрын үед 1.5 тэрбум төгрөгийн зардлаар Унгарын “EUROIL” компаниар хийлгэсэн говийн бүсэд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах урьдчилсан судалгаанд Сайншанд, Чойр, Зүүнбаянд ийм үйлдвэр байгуулах асуудлыг авч үзээгүй. Нэг ёсондоо Сайншандад барих боломжгүй гэж үзсэн.

-Яагаад боломжгүй гэж?

-Угаасаа ГТБҮ-ийн байршлыг тогтоодог арга зүйн хоёр үндсэн зарчим байдаг. Сайншанд бол тэдгээр зарчмыг хангахгүй учраас боломжгүй. Нэгдүгээр зарчим бол боловсруулах үйлдвэрийг гагцхүү бензин шатахууны хэрэглээний гол бүс нутагт байгуулдаг нийтлэг зүй тогтолтой байна. Хоёр дахь зарчим бол үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцийн хангалттай сайн нөхцөл бүрдсэн газарт байгуулдаг. Манай улсын бензин шатахууны хэрэглээний 85 орчим хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Төв, Сэлэнгийн бүс нутагт ногддог. Сайншанд бол нэгдүгээрт, эдийн засгийн бүсийн тулгуур төв биш. Хоёрдугаарт, газрын тос боловсруулах үйлдвэрийг ажиллуулахад шаардлагатай дэд бүтцийн нөхцөл бүрэлдээгүй байгаа учраас боломжгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр бол их хэмжээний цахилгаан, цэвэр ус хэрэглэдэг технологийн онцлогтой байдаг. Сайншандад манай орны бензин шатахууны хэрэгцээг хангах хэмжээний хүчин чадалтай үйлдвэрийн цахилгаан, усны хэрэглээг хангах эх үүсвэр, дэд бүтцийн байгууламж байхгүй. Бий болгоно гэвэл их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Манай зарим яамдын албан тушаалтан хүмүүс, аж үйлвэрийн парк байгуулах, Хэрлэн голын үерийн усыг Сайншанд руу хэдэн зуун км урт хоолойгоор татах тухай бүтэлгүй яриа гаргаж ирсэн хийсвэр ойлголтоосоо салах хэрэгтэй.

-Гэхдээ Сайншанд руу хоолой татаж түүхий тосоор хангаж болно гэсэн биз дээ?

-Сайншанд-Тамсагийн ордын хооронд 545 км урт түүхий тос дамжуулах хоолойг 264 сая ам.доллараар барина гэж бичсэн байна. Хоолойны уртын болон хөрөнгө оруулалтын хэмжээ бодитой биш гэж үзэж байгаа. Унгарын “EUROIL” компанийн урьдчилсан судалгааны танилцуулгад Сайншанд-Тамсагийн ордын хоорондох зайг 644 км гэсэн байдаг. Тэгэхээр хоолойны уртын хэмжээ 100-гаад км-ээр зөрүүтэй. Дулаан уур амьсгалтай зарим улсад түүхий тос дамжуулах ил хоолой тавьсан жишгээс үзэхэд нэг км хоолойг хоёр сая ам.долларын зардлаар барьсан тооцоо байдаг. Тийм жишгээр бодвол Сайншанд-Тамсагийн хооронд 645 км урт хоолой тавихад 1.2-1.3 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо гарч магадгүй юм. Дээрээс нь Сайншанд-Тамсагийн хооронд түүхий тосыг болон шингэлэгч бодисыг тээвэрлэхийн тулд хоёр хос хоолойг газрын хөлдөлтийн цэгээс доош буюу хоёр метр болон түүнээс доош гүнд тавих шаардлагатай гэж үзсэн байна. Тэр бүхэн нь хөрөнгө зардлыг нэмэгдүүлэнэ. Хоолойг дагасан бусад дэд бүтцийг бас тооцох хэрэгтэй. Жилд 1.5 сая тонн тос тээвэрлэх, 650 км хоолой тавих хоёрын аль нь эдийн засгийн хувьд ашигтай байх вэ гэдгийг маш сайн тооцох хэрэгтэй.

-Үйлдвэртэй болчихвол дотоодын түүхий тосыг тээвэрлэх зам тээврийн нөхцөл бүрэлдэх үү?

-Түүхий тосыг авто цистернээр тээвэрлэх хувилбар байж болохгүй юм. Яагаад гэвэл нэг тонн түүхий тосны тээврийн зардал нь уг тосны өөрийнх нь үнийн 36 хувьтай тэнцэх тооцоо гардаг. Түүхий тосыг авто тээврээр, төмөр замаар, хоолойгоор тээвэрлэдэг. Тамсагаас түүхий тосыг хоолойгоор тээвэрлэх боломжгүй. Жилд 1.5 сая тонн тос тээвэрлэхийн тулд хоолой тавьдаггүй. Учир нь ашиггүй. Хоолойгоор маш том тээвэр хийдэг.

-Дотоодын тосны нөөц, олборлолт багаас гадна, зам тээврийн нөхцөл бүрдэхгүй бол боловсруулах үйлдвэрийг түүхий тосоор яаж хангах юм бэ?

-Дотоодын түүхий тосны ашиглалтын нөөц харьцангуй цөөн жилийн хэрэгцээг хангах, нөгөө талаар жилд олборлох хэмжээ нь боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд хүрэлцэхгүй учраас газрын тос боловсруулах үйлдвэрт зориулан манай хойт хөршөөс газрын тос импортлох шаардлага зайлшгүй гарах болно. Эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед манай талд ноогдох тосоо экспортод гаргаж, тэр мөнгөөрөө импортоор нефть бүтээгдэхүүн гаргах нь ашигтай байж болох юм. Гэхдээ дээр дурдсан Японтой хамтарч байгуулах үйлдвэр барьчих юм бол Оросын талаас Иркутскийн нефтийн компанийн шугамаар нийлүүлж байх гэрээ бий.

-БНЭУ-ын банкны нэг тэрбум ам.долларын зээлээр Сайншандад ГТБҮ байгуулахаар яригдаж байгаа биз дээ?

-Энэтхэгийн Ерөнхий сайд 2015 онд манай улсад айлчилсан үедээ дэд бүтцийн зориулалтаар Экспорт-импортын банкнаас нэг тэрбум ам.долларын зээл олгох тухай зөвшилцсөн. Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Энэтхэг улсын банкны нэг тэрбум ам.долларын зээлийг газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулах асуудлыг УИХ-д оруулах, төслийн талаар Энэтхэгийн талд танилцуулахыг холбогдох яамдад даалгасан байдаг. Энэ асуудлаар Энэтхэгийн талтай хараахан зөвшилцөж нэгдсэн шийдвэрт хүрээгүй байгаа. Гэтэл Засгийн газрын болон бусад сайтад Энэтхэгийн банкны зээлээр Сайншандад жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэрийг Тамсагийн ордын түүхий тосыг дамжуулах хоолойн хамтаар барих асуудлыг эцэслэн шийдсэн мэтээр мэдээлж байгаа нь буруу.

-Сайншандад барих үйлдвэрийг дагалдаж нефть химийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 30-аад үйлдвэр байгуулна гээд байгаа. Үнэхээр тийм боломж бий юү?

-Зарим сонин, сайтад тийм зүйл бичигдсэн байсан. Манайд яригдаж байгаа 1.5-2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий нэг жижигхэн үйлдвэрээс 30-аад нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулагдах хэмжээний түүхий эд гарахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гадаадын нэг л үйлдвэр нь 10-15 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байдаг. Тийм олон тооны том үйлдвэрүүдтэй, нийлбэр дүнгээрээ хэдэн зуун сая тонн газрын тос боловсруулдаг нефть химийн үйлдвэрлэлтэй улс орнуудад л дээр дурдсан хэдэн арван нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд байгуулах боломжтой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Оюунгэрэл: Хууль батлагчид контент үйлдвэрлэдэг хэвлэлийн салбар, комент бичдэг сошиал сүлжээ хоёрыг ялгаад ойлгодог болоосой

Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээгээр хүнийг гүтгэх явдал ихэслээ. Хуулийн хатуу хариуцлага хүлээлгэ” гэж хэлээд зогсохгүй сэтгүүлчдийг худалдагдсан гэлээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-“Сүүлийн үед манай улсын нийгэмд хүний нэр төрийг гутаах, доромжлох, гүтгэх олон нийтийн хэвлэл мэдээллийг ашиглах, ялангуяа цахим хжэлбэрийг маш өргөнөөр ашиглаж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид маань мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд холбогдсон, захиалгаар иймэрхүү үйлдлийг их хийдэг боллоо. Манай нийгэмд сайн хүн гэж байхаа болилоо. Ах зах, ёс гэж мэдэхээ байлаа. Ямар нэг хүнийг хүндэтгэж, үлгэрлэхгүй боллоо. Ажил хийсэн ч тэр хүн гүтгэгдэж доромжлогдож байдаг, хийгээгүй байсан ч мөн адил гүтгэгдэж, доромжлогддог хүнлэг бус асуудал хавтгайрсан. Ёс суртахуунгүй асуудал газар авлаа. Заримдаа хэт харгис хэрцгий, бүдүүлэг, танхай шинж чанартай ийм зүйлүүд орж ирж байна. Сүүлийн үед энэ нь хүний сэтгэл санааны эрхийг дэндүү хохироож байна” гэж Ц.Гарамжав гишүүн ярьсныг хүмүүс мэдэж байгаа.

Нэгдүгээрт, хууль санаачлагчид болон хууль батлагчдад хэлэхэд контент үйлдвэрлэгч коммент бичигч хоёр ялгаатай гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.

Хоёрдугаарт, өөрсдийн хийсэн, ярьсан буруу зөрүү үйлдлийн бүх буруугаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сэтгүүлчид рүү нялзаадаг байдлаа зогсоож өөрсдөө ёс зүйтэй байгаасай гэж бодож байна.

Гуравдугаарт, манай нийгэмд маш олон сайн хүн байгаа. Харин тэрийг олж харах нүд эрх мэдэлтнүүдэд алга байна уу гэж харж байна.

Дөрөвдүгээрт, ажил хийж байгаа олон мянган хүн байгаа. Тэд хийснийхээ төлөө магтуулах гэхээсээ илүүтэй хийсэн ажилдаа урамшаад амьдрал ахуйгаа аваад явж байгаа. Харин ам ажил нь зөрдөг, зөвхөн амаараа ажил хийдэг хүмүүсийн талаар шүүмжилж бичих нь хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн үндсэн үүрэг гэдгийг сануулмаар байна.

-Улстөрчид юм л болбол сэтгүүлчдийн амыг таглана гэдэг болжээ. Бидний эрхэд дэндүү халдаад байгаа юм биш үү. Сэтгүүлчид эрхээ хамгаалж чадаж байна уу?

-Загасчны морь усгүй гэдэгтэй адил сэтгүүлчид өөрсдийн асуудалтай холбоотой зүйлүүд дээр нэгдэж дуугарч, хамтарч ажиллаж чадахгүй байна гэж харж байна. Бараг л сонгууль бүрийн өмнө ямар нэг хууль, дүрэм, журам гаргаж хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдийн амыг үдэх гэсэн, айлгах гэсэн үйлдлүүд гардаг нь хэвийн үзэгдэл шахуу л болсон. Энэ удаад ч гэсэн удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбоотой өөрсдөдөө ашигтай хэвлэл мэдээлэлд халтай хуулийн заалт оруулж ирж бүр ухралт хийж Эрүүгийн хуулиар шийтгэдэг болох талаар санал гаргаж байгаа нь харамсалтай. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд сэтгүүлчдийг барьж хорьдог заалтыг байхгүй болгож эрүүгийн гэм хэрэг биш зөрчилд тооцож тусгаж өгсөн байдаг. Гэтэл одоо эрүүгийн хуулиар шийтгэдэг болгох талаар санал гаргаж байгаа нь үнэхээр ардчилсан чөлөөт нийгэмд амьдарч байгаа бидэнд ухралт болж байна гэж үзэж байна. Хууль гарах гэхээр улстөржүүлж сонгуультай хамаатуулж байна гэж зарим хүмүүс их эмзэг хүлээж авч байх шиг байна лээ. Тэгвэл энэ удаагийн Эрүүгийн хуульд зөвхөн сонгуульд зориулж оруулсан 14.8 гэсэн зүйл заалтаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эрүүгийн хуулиар шийтгэдэг болохоор оруулж ирсэн байгаа.

Мөн Зөрчлийн тухай хуулийн төслийн 6.21-д гүтгэх асуудлыг зөрчилд тооцож хуулийн төсөлд оруулж ирсэн. Хүний нэр хүнд, алдар төрийг гутаан доромжилсон мэдээллийг олон нийтэд дэлгэсэн, эсвэл хэвлэл мэдээллийг хэрэгсэл олон нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар оруулж ирсэн байгаа.

Тэгэхээр сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд эрүүгийн хуулиар ч шийтгүүлж, зөрчлийн хуулиар ч шийтгүүлдэг болохоор болж байна гэсэн үг.

-Манай улс бол ардчилсан орон. Гэтэл хэвлэлийн эрх чөлөөнд улстөрчид дураараа халддаг явдал байнга гарах юм. Гадны улс орнуудын жишгээс сонирхуулахгүй юу?

-Ардчилсан нийгмийн тулгуур гурван зарчмын хамгийн чухал нь хүний эрх байдаг. Тэр дундаа, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх. Хэвлэл мэдээллийг хараат бус байх естой гэж хамгийн их ярьдаг хүмүүс бол улстөрчид.

Гэтэл хамгийн ихээр хараандаа байлгаж хараатаар хөдөлгөж байгаа нь нь мөн л улстөрчид. Улстөрчид өөр өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж, хэвлэлийн зах зээлийг бараг л бүхэлд нь шахуу хараандаа байлгаж өөрсдийн хүссэнээрээ дуугаргаж байна. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг хойно улстөрч эзэнтэй хэвлэл эзнийхээ хүслээр л дуугарахаас өөр аргагүй байдалд орсон.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ үг хэлснийхээ төлөө хариуцлага хүлээдэг салбар Монголын нийгэмд сэтгүүл зүй л байна. Та нар минь буруу ойлгоод байх шиг байна. Би хүн гүтгэхийг, хүний нэр төр гутаахыг огт дэмждэггүй. Яг үнэндээ сэтгүүл зүй, сэтгүүлчид хүнийг гүтгэдэггүй юм. Манай улстөрчид бие биеэ гүтгэдэг, хар бараан материал тараадаг, үндсэлэл нь үүнд л байдаг юм шүү. Үүнийг сэтгүүл зүй рүү шингээх гээд хэрэггүй. Өнөөдөр Монголын сэтгүүл зүй гүтгэж байгаа, хүний нэр төрд халдаж байгаа хүмүүстэйгээ өөрсдөө тэмцье гээд Ёс зүйн зөвлөлөө байгуулчихсан гэж ярьсан байна лээ. Би энэ хүнтэй санал нэг байгаа. Муу л юм бол хойд талын хар овоохой гэдэг шиг буруу бүх муухай зүйлээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид рүү нялзааж хэвлэлийн салбарын үнэ цэнэ, энд ажиллаж амьдарч байгаа мянга мянган сэтгүүлчийн нэр төрд халдахаа харин багасгаачээ гэж улстөрчдөөс хүсмээр байна. Бид олон улсын жишгээр өөрсдийн салбартаа зохицуулалт хийдэг Ёс зүйн зөвлөлтэй болоод хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Хуулиар далайлгаж хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг айлгахаасаа илүүтэйгээр өөрсдийн зохицуулалтаараа шийддэг болж байгаа Ёс зүйн зөвлөлийнх нь эрх зүйн орчинг шийдээд өгвөл харин хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, нэр төрдөө халдуулаад байгаа эрхэм түшээдэд, энгийн иргэдэд хүртэл хэрэгтэй зүйл болох байх гэж бодож байна. Саяхан Германы канцлер Ангела Меркель “Төрийг цэвэршүүлэхэд сошиал ертөнц асар том үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс сошиал ертөнцийн мэдээ мэдээллийг улам дэлгэрүүлэх, нийтэд ил болгоход төрөөс онцгойлон анхаарах болно. Сошиал ертөнцийг улстөрчид ад үзэж, элдвээр хаах боохыг санаархаж байна. Энэ оролдлогыг таслан зогсоож, төрөөс бүх талаар дэмжих болно. Сошиал ертөнцийн мэдээллийн хүчээр төрөө бид цэвэршүүлж байна гэж хэлсэн байна лээ. Гэтэл манай улсад эсрэгээрээ сошиал орчинг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчидтэй нь давхар хумихаар хуулийн төсөл оруулж ирж байгаа нь хяналтадаа авах, хааж боох оролдлого юм.

Сошиал орчинд нүүрээ нуусан, нэрээ нуусан, хуурамч хуудсаар дамжуулан хүнийг гүтгэх, доромжлох, буруу зүйлд уруу татах зэрэг муу зүйлүүд байгааг бүгд мэдэж байгаа. Харин нэр нүүрээ ил гаргаад үзэл болдоо илэрхийлж байгаа хүмүүс, төрд данстай, албан ёсоор хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийг хуулиар далайлгаж эрүүгийн хариуцлага, торгууль шийтгэл ногдуулахыг л эсэргүүцэж байгаа юм. Торгож, цагдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээсээ өмнө эхлээд сошиал орчинд соён гэрээрүүлэх, эзэн бие нь мэдэгдэхгүй хуурамч хуудаснуудтай тэмцвэл илүү үр дүнтэй байх л гэж бодож байна.


Categories
мэдээ нийгэм

Дүүргийн үйлдвэрлэгчид “БОГЦТОЙ ХУДАЛДАА” зохион байгуулж байна

Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор төв”-өөс зохион байгуулж байгаа” Богцтой худалдаа 2017” үзэсгэлэн худалдаанд нийт 25 үйлдвэрлэгч идэвхтэй оролцож байна. Төлөвлөгөөний дагуу одоогоор долоон байгууллагад үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан, худалдан борлуулжээ. Уг худалдаа нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл зохион байгуулагдана гэж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орно

ихэнх нутгаар цас орно зурган илэрцүүд

Хоёрдугаар сарын 18-нд буюу маргааш нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орно.

Салхи 18-нд ихэнх нутгаар, 19-20-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 13-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 19-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.