Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тус тус тохиолдуулан хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга архитектур, инженер, хөнгөн, хүнд үйлдвэрлэл, төр, олон нийт, хувийн хэвшилд ажиллагсад болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нар гардуулан өгөв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор Монголын яруу найрагт өвөрмөц дүрслэл, гүн ухаан, сэтгэлгээний шинэчлэл хийж, тайз дэлгэцийн шилдэг бүтээл туурвин, үндэсний урлагийг хөгжүүлэх үйлсэд гарамгай гавьяа байгуулсныг нь үнэлж Төв аймгийн Өнжүүл сумын уугуул, Монгол Улсын Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Нүүдлийн соёл иргэшлийн амин чухал дархлаа болох мал маллах арга ухаан, үндэсний соёлыг хослуулан уламжилж, байгаль эхээ хайрлан хамгаалах, эрдэнэт мал сүргээ өсгөх болон өлчир омог, хэвшлийг үүсгэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэн малчдын залуу халааг бэлтгэх, нийтийн сайн сайханд хувь нэмэр оруулах үйлсэд онцгой амжилт гарган ажиллаж буйг нь үнэлж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Монгол Улсын гавьяат малчин Гомбоцэрэнгийн Сампил, Монгол Улсын эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй болон уул уурхай, аялал жуулчлал, худалдаа, барилга, мэдээллийн салбарт шинэ технологи, үйлдвэрлэл, санаачилга нэвтрүүлэн хүн ардаа эрүүл хүнсээр хангах, олон ажлын байр бий болгох, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэгт хувийн хэвшлийн оролцоо, манлайллыг үзүүлж, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаа онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Монгол Улсын гавьяат механикжуулагч, Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Лхагвын Чинбат нарыг,
Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Монгол Улсын соёл, урлагийн салбарт бүтэн жарны турш зүтгэж, олон шилдэг бүтээл туурвин сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэх, сурталчлах, ардын авьяастан, залуу уран бүтээлчдийг тодруулах, дэмжих үйлсэд он удаан жил онцгой гавьяа байгуулан ажиллаж ирснийг нь үнэлж Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Данзанваанчигийн Ухнааг,
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Монголчехметалл ХХК-ийн зөвлөх Дамдингийн Амгалан, Солар Повер Интернейшнл ХХК-ийн төслийн удирдагч, МУИС-ийн багш, профессор Намжилын Энэбиш, ШУТИС-ийн дизайнерын багш Өлзий-Утасын Баянтуул, Мөнхийн үсэг ХХК-ийн зөвлөх Тэрбишийн Доржсүрэн, Дархан-Уул аймаг дахь Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн ерөнхий инженер Гомбожавын Туяахүү, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний ХК-ийн ахмад ажилтан Гончоогийн Түвшин нарыг,
Монгол Улсын гавьяат багш цолоор 28 дугаар сургуулийн ахмад багш Бадрахын Даваасүрэн, Техник, технологийн дээд сургуулийн захиргаа, хөгжлийн бодлого хариуцсан захирал Эмээлжигмэдийн Намсрай, МУИС-ийн профессор багш Содномдаржаагийн Отгонжаргал, БСШУСЯ-ны ахмад ажилтан Батын Баднайнямба, 33 дугаар сургуулийн багш Төмөр-Ухнын Дандар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш Жанжаагийн Жадамбаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Дамдинсүрэнгийн Солонго, УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтан Гүржавын Цэдэндагва нарыг,
Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Барилга угсралт, Зураг төслийн Сүлдпроект ХХК-ийн архитектор Цэвээнравдангийн Батбаяр, Барилга архитектур корпорацийн зөвлөх инженер Самдангийн Батдэлгэр, Ховд аймгийн Хаш өргөө ХХК-ийн захирал Аюурзанын Пүрэвдорж нарыг,
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Чоёндоржийн Базарсүрэн, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дамдинбазарын Батсүрэн нарыг,
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Шилдэг өнгө продакшны жүжигчин Гомбын Золбоотыг,
Монгол Улсын гавьяат малчин цолоор Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин Цэрмаагийн Зандарыг,
Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор МИАТ компанийн агаарын хөлгийн дарга, нисгэгч Дамбаравжаагийн Оюунболдыг,
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Үндэсний шигшээ багийн тамирчин Даваасүхийн Отгонцэцэг, Монгол Улсын гарамгай мэргэн Цэвээний Хүдэрчулуун нарыг,
Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, СОТ 3-ын ахмад тээвэрчдийн холбооны тэргүүн Батсүхийн Ганбатыг,
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Соёл-Эрдэм дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч Шийлэгийн Батбаяр, Татварын ерөнхий газрын Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагч Хапайн Хурметхан, Цагаатгалын комиссын ахмад ажилтан, Этүгэн дээд сургуулийн зөвлөх багш Очирын Лхагварэнцэн, Сод Монгол групп ХХК-ийн худалдаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Банзарын Сүхбаатар нарыг,
Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор Эрдэс холдинг ХХК-ийн зөвлөх Мантайн Баянг,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор MNC телевизийн ерөнхий редактор Цэрэндоогийн Мөнхтөр, Монголын Үндэсний бөхийн цоллогч Дашдондогийн Цогзол, Өнөөдрийн тойм сонины эрхлэгч Лхамжавын Цэрэн-Очир, Монголын урлагийн зөвлөлийн хөтөлбөрийн хорооны гишүүн Намсрайн Ганхуяг, МЗХ-ны ахмад ажилтан Содовын Даш, МҮОНРТ-ийн ММ агентлагийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогт, Монголын Шинжлэх Ухаан танин мэдэхүй, Байгаль орчны кино нийгэмлэгийн тэргүүн Дуламжавын Сумхүү нарыг,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Үндэсний Урлагийн их театрын хормейстр, хөгжмийн зохиолч Дашдэндэвийн Алтантуул, Үндэсний Урлагийн их театрын чуулгын ерөнхий бүжиг дэглээч Даваасүрэнгийн Баярбаатар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач Гунгаасүхийн Ганбаатар, Монгол Улсын урлагийн ажилтны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Цирк эстрад нийгэмлэгийн тэргүүн Намсрайжавын Болдбаатар нарыг,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Говь-Алтай аймгийн Халиун сумын эмнэлгийн их эмч Сурахбаярын Лхамжав, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, сэхээн амьдруулах тасгийн хүүхдийн зөвлөх эмч Шонхуузын Энхтөр, Эрүүл мэндийн яамны хор судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Гэгээ мед эмнэлгийн хордлого судлалын зөвлөх эмч Содномын Юндэн, Өмнөговь аймгийн Бүтэнжаргал эмнэлгийн их эмч Дашнямын Бум-Аюуш, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Дашийн Лхагваа, Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, Оби эмнэлгийн их эмч Буджавын Оюунбилэг нарыг,
Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор 1 дүгээр төрөх эмнэлгийн ахмад эх баригч, бага эмч Бямбадашийн Ичинхорлоо, Монос группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар нарыг,
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Шилмэл загвар ХХК-ийн ерөнхий захирал Чимэдцэрэнгийн Оюунцэцэгийг,
Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Түшиг группийн ерөнхийлөгч Гаваагийн Сүхээг,
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Нанзаддоржийн Лүндэндорж, Шинжлэх ухааны академиас ОХУ-ын Саха Якут хотод суугаа төлөөлөгч Будын Баасансүрэн нарыг,
Алтан гадас одонгоор Радио телевизийн сүлжээ Улсын төсөвт үйлдвэрийн газрын ээлжийн ахлах инженер Сандагдоржийн Цог, Улсын Ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Цэвээндоржийн Сайнгэрэл нарыг,
Цэргийн хүндэт медалиар Хилийн 0253-р ангийн зэвсэгт техникийн албаны дарга, хошууч Гомбын Эрдэнийг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Итгэл сэтгэлийн гүүр сангийн тэргүүн Цэвэгдоржийн Сувд-Эрдэнэ, ТЗҮЭГ-ын гадна талбайн үйлчлэгч Сүхийн Сайнбаяр нарыг,
Шударга журам медалиар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, эрхзүйч Гантулгын Ганбаяр нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Хүндэт хатагтай, ноёд оо,
Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс монгол түмнийхээ амар мэндийг айлтган мэндчилье. Ээл ивээлээ хайрласан бичин жил алсарч, буян хишгээ дэлгэх тахиа жил айлчлан ирж байна.
XVII жарны “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн босгон дээр эх орныхоо сайн нэрийг даян дэлхийд дуурсгаж яваа алдартнууд, хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа Монголын шинэ түүхийг бичилцэж буй хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга архитектур, инженер, хөнгөн хүнд үйлдвэрлэл, төр, олон нийт, хувийн хэвшилд ажиллагсад болон шинжлэх ухаан нийгэм, улс, соёл, спортын зүтгэлтнүүд зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэн -иргэд маань төрийн эрхэм дээд цол, одон, медаль хүртэж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатарын эрхэм дээд алдар цол хүртсэн гурван эхрмийн тухай онцолж хэлье. Гавьяат малчин Гомбоцэрэнгийн Сампил гуай бол манай уламжлалт мал аж ухайн салбарт зүтгэдэг малчин түмнээ мал сүргийнхээ тоо, ашиг шимээр олон жил манлайлж, Монголын нүүдлийн соёл иргэншлийн амин дархлаа болсон Монгол уламжлалт үнэт зүйлсийг хадгалж өвлүүлэх, түгээх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа манай ахмад буурлуудын нэг юм. Бид бүхний сайн мэдэх Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн бол манай нэртэй яруу найрагчаас гадна, Монголын театр урлагийн тайзнаа нийтийн таашаал дэмжлэгийг хүлээсэн даацтай бүтээлүүдээ олон арван жил туурвин соёл урлагийн урын санг улам баяжуулж байгаа дундрашгүй авъяастай, хөдөлмөрч, ахмад уран бүтээлч юм. Таныг цаашид ч олон сайн бүтээл турина гэдэгт би эргэлзэхгүй байна. Монголын хувийн хэвшил, бүтээлч ажил хэрэгч иргэдээ төлөөлүүлж Гавьяат механикжуулагч Лхагвын Чинбат Монгол газар, Монгол малын ашиг шимийг орчин цагийн шинэ технологи, ололтод тулгуурлан Монгол түмэндээ хүртээхийг, тэр дотроо аюулгүй, экологийн цэвэр хүнсний бүтээхдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг зорьж олон жил уйгагүй хөдөлмөр санаачилгаараа бусдыгаа манлайлж байгаа юм. Зорьсоноо биелүүлж улам сайн ажиллахыг хүсье.
Билгийн улирлын өлзийтэй сайхан энэ өдрүүдэд олон иргэн маань өөр өөрсдийн гавьяа зүтгэлээ үнэлүүлж байна. Шагнал хүртсэн иргэддээ, тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе.
Үндэсний дархлааг сэргээн сануулж, бататган бэхжүүлж, өвлөн уламжлуулдаг монгол соёлын цогцолбор болсон цагаан сар цагийн жамаар улиран ирлээ. Цагаан сар бол хотол олон, ахан дүүсээрээ үгийн сайныг дээдлэн хэлэлцэж, үйлийн сайхныг бишрэн бахаддаг цагаан сэтгэлийн баяр билээ.
Зон олны минь буян өлзий дэлгэрч, үр хүүхэд, өвгөд хөгшидийн маань баяр цэнгэл бялхсан сайхан жил гарч байна. Ирж байгаа тахиа жил Та бүхэнд маань өгөөж буянаа хайрлаж, улс орны минь урагшлах зам, бүтээх ирээдүй улам өөдрөг байх болтугай.
Мөнх Тэнгэр Монгол түмнийг минь өнөд ивээг ээ.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.