Categories
мэдээ нийгэм

Цахилгаан халаагууртай иргэд шөнөдөө 1500 квт.ц хэрэглэнэ гэж тооцоолжээ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг тэглэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ. Уг урамшуулал нь нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилнэ. Ингэхдээ зөвхөн ахуйн хэрэглээний цахилгааны тарифыг тэглэнэ гэдгийг санууллаа.

Энэ хөнгөлөлт бол зөвхөн ахуйн хэрэглээнд, оршин суугаа байраа цахилгаанаар хангахад зориулсан. Түүнээс биш гэр хороололд үйлдвэрлэл явуулдаг газрын тогийг тэглэхгүй. Гэр хороололд үйлдвэрлэл явуулдаг бол ахуйн биш үйлчилгээний зориулалтаар гэрээ хийсэн байдаг. Тиймээс үйлдвэрүүд хамрагдахгүйг тодотголоо.

Гол нь энэ удаад цахилгаан эрчим хүчний дээд хязгаарыг 220В-ын хэрэглэгчид 700 квт.ц, 380В-ын хэрэглэгчид 1500 квт.ц байхаар тогтоосон байна. Энэ нь шөнөөр халаагуур залгаж хоноход хүрэлцэхүйц хангалттай хэмжээ аж.

220В-ын хэрэглэгчид 2.5 квт-ын чадалтай халаагуурыг шөнийн турш залгахад 700 квт.ц-ийн эрчим хүчийг сард хэрэглэнэ. Харин 380В-ын хэрэглэгчид тав орчим квт халаагуур залгах боломжтой. Одоогийн 1500 квт.ц нь дундаж хэрэглээ юм. Цахилгаан халаагууртай иргэд шөнөдөө 1500 квт.ц хэрэглэнэ гэх судалгаа гарчээ. 220В-ын хэрэглэгчдийн хувьд тэдний аюулгүй байдал, цахилгаан шугам сүлжээний дамжуулах чадвартай уялдуулан 700 квт.ц-ийг тогтоож өгсөн аж.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн бүтээл “Үндэсний хуримтлал” шилдэг нийтлэлийн уралдаанд шалгарлаа

Голомт банк нь олон нийтэд хуримтлалын ач тусыг ойлгуулах, сурталчлах зорилгоор хэвлэмэл сонин сэтгүүл болон цахим хуудсын сэтгүүлчдийн дунд “Үндэсний хуримтлал” шилдэг нийтлэлийн уралдааныг зарласан билээ.

Тус уралдаанд Өнөөдөр, Зууны мэдээ, Засгийн газрын мэдээ, Ардчилал, Монголын үнэн, Улстөрийн тойм, Өдрийн сонин зэрэг өдөр тутмын сонин хэвлэл болон www.wikimon.mn; www.zaluu.com; www.mnb.mn зэрэг сайтын нийт 21 сэтгүүлчийн 28 бүтээл ирсэн байна. Уралдааны ялагчаар www.dorgio.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа “Үндэсний баялгийг бүтээсэн нь” нийтлэлээрээ тодорч батламж, 3 сая төгрөгийн шагналыг гардан авлаа. Харин “Өдрийн сонин”-ы эдийн засгийн албаны сэтгүүлч Ц.Баасансүрэн “Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил” нийтлэлээрээ дэд байрт шалгарч 2 сая төгрөг, батламжийн эзэн болсон бол гуравдугаар байрт “Нийслэл guide” сэтгүүлийн ерөнхий редактор Ж.Баярхүү “Хуримтлалаараа үүргэвчтэй аялах уу?” нийтлэлээрээ 1 сая төгрөгийн шагналын эзэн болсон юм.

Ингээд уншигч танд Үндэсний хуримтлал уралдааны 2-р байранд шалгарсан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил” нийтлэлийг хүргэе.


НАРАНТУУЛЫН ТЭРЭГЧНЭЭС ЗУУН АЙЛЫН ПОРТЕРЧИН БОЛСОН ХОРИН ЖИЛ

-Д.Дашцогзол: Сүүлдээ хадгаламжиндаа мөнгө хийхгүй л бол тайвшрахаа больчихдог юм билээ-

Наран туул дээр тэрэг түрээд гүйж явсан залуу мөнгөө хураагаад амины хоёр ч байшин, портер машин, сарын сая гаруй төгрөгийн орлоготой товхийтэл амьдарч байна. Дашцогзол 1997 онд Завханаас Улаанбаатарт шилжиж иржээ. Мэргэжил боловсролгүй хорь хүрч яваа залууд Нарантуул зах дээр тэрэг түрэх ажил л олдож. Өдөрт олсон хэдээсээ өл залгах хоолны мөнгө авч үлдээд бусдыг нь хамаатныхаа хүнд хадгалуулж эхэлжээ. Гэр хол ч унаанд мөнгө зарахгүйн тулд зах руу ирж, буцахдаа алхана. Өдөрт хадгалуулдаг мөнгө нь дээд талдаа хорин мянга, ер нь бол арван мянган төгрөгөөс буухгүй. Тэр үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9800 төгрөг байсан гэхээр овоо мөнгө. Дашцогзолыг Нарантуулынхан Доржоо гэдэг нэрээр нь анддаггүй юм билээ. Тэрэг түрж хураасан мөнгөөрөө барилгын материал увуу цувуугаар авч ахынхаа хашаанд хураасаар байгаад байшинтай болчихож. 6х8-ын харьцаатай тохьтой, дулаахан сууцаа Доржоо өөрөө барьжээ. Орон гэрээ бэлдээд авсан залуу хураасан мөнгөөрөө эксель худалдаж авч таксинд явж эхэлж. Таксинд явж олсон мөнгөө хүү авах давуу талтайг нь бодоод хамаатныхаа хүнд биш банкинд хадгалуулдаг болжээ. Олсон мөнгөнийхөө 80 хувийг хадгална гэж өөртөө амласнаа ярив. “Зарим өдөр бензинийхээ мөнгийг хасаад ганц, хоёрхон мянгыг олно. Юуг нь хадгалах вэ дээ гээд үрчихье гэж бодож байгаагүй. Залуу хүн л юм чинь наргиа цэнгээн, аялал зугаалгад мөнгө үрмээр санагдана. Гэхдээ эхлээд зорилгодоо хүрээдхэе гэж зүтгэсэн. Мөнгөө хадгалаад байхаар сүүлдээ хадгаламжиндаа мөнгө хийхгүй л бол тайвшрахгүй болчихдог юм билээ” гэж байна. Портероор ачаа бараа зөөх нь илүү ашигтайг олж харсан залуу будаг нь ханхалсан шинэ портер худалдаж авчээ. Мэдээж такси барьж хуримтлуулсан мөнгөөрөө. Доржоо одоо ч портероороо ачаа зөөдөг. Зуун айл дээр зогсч ачаа зөөгөөд долоон хоногт 300-350 мянган төгрөг өлхөн олчихдог юм байна. Олсон мөнгөнийхөө 60-70 хувийг хадгаламжиндаа хийдэг гэнэ.

Доржоо “Би долоо хоног болгон банкинд очиж мөнгөө хийдэг. Бэлэн мөнгөтэй явахаар хэрэггүй зүйлд үрчих гээд байдаг юм. Гэртээ хадгалах бас дэмий. Увуу цувуугаар авсаар дуусгачихдаг. Дараа нь бодохоор энэ гээд хэлчихээр хэрэгтэй юм аваагүй байдаг. Мөнгөө хадгалаад сурчихаар хүн хэрэггүй зүйл авахаа больчихдог юм билээ. Найзуудаа хараад байхад хүссэн зүйлээ авч мөнгөө үрээд байгаа анзаарагддаг. Хүний хүсэл барагдахгүй шүү дээ. Хүсэл хэрэгцээ хоёроо ялгах нь чухал гэж нэг хүн зурагтаар ярьж байсан. Үнэхээр үнэн үг. Хүмүүс хадгалахаар их цалин авч байгаа биш, юуг нь хадгалах юм гэж ярьдаг. Олсон мөнгө болгоныхоо тодорхой хувийг хадгалаад жил өнгөрөхөд л хадгаламж ямар хэрэгтэйг ойлгоно доо” гэж ярив. Залуу гурван жилийн өмнө Дарь-Эхэд хашаа худалдан авч мансардтай, 9х9-ийн харьцаатай амины сууц барьжээ. Мөн л хуримтлуулсан мөнгөөрөө. “Зуун айл удахгүй газарт орно. Хэзээ хөөгдөх бол гэж түгшиж амьдрах хэцүү. Тэгээд ч миний хашаа биш болохоор өөрийн гэсэн орох оронтой болъё гэж бодсон” гэж байна. Мөнгөө хураагаад аятайхан амьдарсан ийм энгийн түүхээс гадна дэлхийд гэж яригддаг тэрбумтнууд дунд ч хуримтлуулсаныхаа ачаа бизнесээ цэцэглүүлсэн түүх цөөнгүй дуулддаг. Хөрөнгө мөнгө нь Опрагаас 800 сая ам.доллараар илүү Хятадын тэрбумтан Жан Шин гэхэд л ядуу тарчиг амьдралд өссөн гэдэг. Бээжингийн охин мөнгө олохын тулд ээжтэйгээ Хонгконгийг зорьж, таван жил мөнгөө цуглуулсан байдаг. Лондонд явж англи хэлний курст сурах гэж. Ингээд л амжилтанд хүрэх тийзээ олоод авч. IKEA-гийн босс Ингвар Кампрадын бизнес ч хуримтлуулсан мөнгөнөөс эхэлсэн юм билээ. Сурагч байхаасаа харандаа үзүүрлэгч, шүдэнз гэх мэт жижиг сажиг барааг бөөний үнээр авч борлуулдаг байсан хүү хураасан мөнгөн дээрээ ааваасаа багахан мөнгө нэмж зээлээд бизнесээ эхэлж байж. 15 настайдаа.

Манай улсад 820 мянга орчим айл байдгаас 760 мянга нь ямар ч хуримтлалгүй гэсэн статистик бий. Хадгаламжтай монголчуудын 83 хувь нь нэг сая хүрэхгүй төгрөг хуримтлуулсан гэж эдийн засагчид онцолдог. Ганцхан хувь нь л тавин сая төгрөгөөс дээш хуримтлалтай. Бултаараа мөнгө хуримтлуулж сураагүй гэсэн үг. Их, бага хуримтлалтай 60 мянган айлын нэг нь Д.Дашцогзолынх. Уг нь гурван өрх тутмын нэг нь сард 50 мянган төгрөг хадгалуулаад байхад л арван жилийн дараа айл бүр 13 сая төгрөгтэй болох юм билээ. Улсаараа гэж яривал 3.3 их наяд төгрөг эдийн засагт эргэлдэх нь. Хадгаламж ихсэх хэрээр банкууд компаниудад өгөх зээлээ нэмнэ, бизнесийн төслүүд мөнгөөр дутахын зовлонгүй болоод ирэхээр ажлын байр нэмэгдэж, төсөвт цуглах татвар өснө. Ажилгүйн, мөнгөгүйн зовлон ард үлдэж улсаараа аятайхан амьдрах боломж мөнгөө хадгалуулах гэсэн энгийн зүйлээс эхэлдэг. Иргэд нь мөнгөө хуримтлуулаад заншчихсан улсуудыг харахаар хөгжлөөрөө цойлсон орнууд байдаг нь цаанаа ийм учиртай.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
гадаад мэдээ

Финландын Засгийн газар ажилгүй иргэддээ сар бүр 560 евро өгнө

Финландын Засгийн газар энэ оны нэгдүгээр сараас эхлэн ажилгүй иргэддээ сар бүр 560 евро өгч, амьдралд нь туслалцаа үзүүлэхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Ийнхүү Финланд, Европ тив дэх ажилгүй иргэддээ цалин өгсөн анхны улс боллоо.

Энэхүү аргаар ядуурлыг бууруулах зорилготой байна. Гэхдээ амьжиргааны түвшин доогуур бүх иргэд дээрх мөнгөн тусламжийг үзүүлэхгүй. Тус улсын “KELA” агентлаг “Санамсаргүйгээр сонгосон 2000 хүнд энэ сарын 1-нээс эхлэн тасралтгүй хоёр жил цалин өгнө. Энэ хугацаанд эдгээр иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарч буйг нарийн судалж, уг туршилтыг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ” гэж мэдээлжээ. Эдгээр иргэд хоёр жилийн хугацаанд сар бүр 560 еврог авахаар болсон байна.

Финланд улс 5.5 сая хүн амтай. Ойролцоогоор 213 мянган хүн ажилгүй хэмээн Сангийн яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн тоо бүртгэл маргааш эхэлнэ

Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан явуулах 2017 оны цэргийн тоо бүртгэл маргааш нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд эхэлнэ.

Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг. Түүнчлэн 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрэгтэйчүүд, мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх хуулийн заалттай байдаг.

Цэргийн бүртгэлд 18-50 насны бүхий л эрчүүд хамрагдах учиртай. Өнгөрсөн онд иргэдийн зүгээс санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүсийг торгуульгүй үлдээх чиглэл өгөгдөөд байгаа аж. Цаашид санаатайгаар бүртгүүлээгүй үлдсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Яг одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Уг хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцоогүй бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү гурван намын төлөөллийг байлцуулж энэ хуулийг хэлэлцье гэсэн санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Учир нь тус байнгын хороонд харьяалагддаг АН-ын бүлгийн Ж.Батзандан, Б.Наранхүү, Д.Эрдэнэбат нарын гишүүд албан ёсоор чөлөө аваад явсан учраас хойшлуулах боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Харин О.Баасанхүү хуралд суухгүй гэдгээ мэдэгдээд гарч явсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураахад олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

Categories
мэдээ спорт

Хүндийг өргөлтийн УАШТ эхэллээ

Жил бүрийн эхний улиралд спортын төрлүүдийн УАШТ зохион байгуулагддаг. Үүний дагуу энэ сард хүндийг өргөлт, бокс, чөлөөт бөх, жүдогийн төрлүүдийн улсын аваргууд тодрох юм байна. Үүний салхийг хагалж хүндийг өргөлтийн УАШТ өнөөдөр эхэллээ.Уг тэмцээн Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжлэх аж.

Тэмцээнд 16 байгууллагын 152 орчим тамирчид хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж байгаа гэнэ. Паралимпийн төрөлд Э.Содномпэлжээ хүрэл медаль хүртэж “Бөртө чоно”-ын эзэн болж, гавьяат тамирчин цол тэмдэгээр энгэрээ мялаасан юм. Мөн ОУХМ М.Анхцэцэг оюутан залуучуудын Азийн аварга болж элэг нэгтнүүдээ баярлуулсан зэрэг хүндийг өргөлтийн тамирчдын хувьд өнгөрсөн жил амжилт бүтээлээр дүүрэн байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөс “Доргоны маскот”-ыг танилцууллаа

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвөөс сар болгоны 3-ны “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэхүү доноруудаа урамшуулах ёслолыг JCI Капитал байгууллагатай хамтран зохион байгууллаа. Мөн 2017 онд цусны донорын эгнээг өргөжүүлэх дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цусны бэлэг тэмдэг болсон дорго хэмээх амьтны маскотыг танилцуулав.

Донорын үйлсийг сурталчлах, олон нийтэд таниулах ажлын хүрээнд 70-аас дээш удаа цус өгсөн доноруудыг “Хүрэл донор”, 100-аас дээш удаа цус өгсөн доноруудыг “Мөнгөн донор”, 150-аас дээш удаа цус өгсөн “Алтан донор”-оор, 10, 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудыг “Бахархал 10”, “Бахархал 20” тэмдгээр алдаршуулдаг аж. Өнөөдрийн энэ үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын анхны эмэгтэй, хоёр дахь “Алтан донор”-г шалгаруулж 1996 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Даваа овогтой Эрдэнэчулуун, 9 дэх “Мөнгөн донор”-оор Нацагдорж овогтой Баянзул,34, 35, 36 дахь “Хүрэл донор”-оор Туяа овогтой Машбилэг, Лувсандорж овогтой Баянтунгалаг, Цэвээндулам овогтой Пүрэвгэрэл нар өргөмжлөгдлөө. Мөн “Бахархал” тэмдгийн эздээр 9 донор тодорлоо.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим хуудсаар бүртгэдэг гэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 35 минутад өнөөдрийн /2017.01.03/ хуралдаанаа эхлүүлж, “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд холбогдох хуулийн үйлчлэлд хамрагдах 38 мянга орчим албан тушаалтан хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлыг мэдүүлэг /ХАСМ/ болон хөрөнгө орлогын мэдүүлгийг /ХОМ/ АТГ цахим систем буюу https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар бүртгэдэг байна. Үүний зэрэгцээ давхар цаасан хэлбэрээр гаргуулан дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа гэв. Албан тушаалтнуудаас гаргаж буй ХАСМ, ХОМ-ийг цахим хэлбэрээр гаргуулан авснаар төрийн албан хаагчид интернэт бүхий орчинд хаанаас ч мэдүүлэг гаргах боломж бүрдэх юм байна. Ингэснээр улсын хэмжээнд нэгдсэн сан бүрдүүлэх, мэдүүлгийн хяналт шалгалтыг хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулах, ХОМ-т олон талын судалгаа, дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтийг мэдээллээр хангах зэрэг ач холбогдолтой.

2012 оноос ХАСМ болон ХОМ-ийг цаасан хэлбэрээр авахаас бүрэн татгалзах зорилт тавьж ирсэн, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хэрэгжих нөхцөл боломж хангалтгүй явж иржээ. Монгол Улсын хувьд цахим болон тоон гарын үсэг хэрэглэх эрх бүхий үндсийг тодорхойлж, тоон гарын үсгийн түлхүүрийн нийтийн дэд бүтцийг бий болгон, үйлчлэх хүрээний хувьд төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, дамжуулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан хэдий ч 2016 онд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг аж ахуйн нэгжид олгожээ. Гэвч хуулийн хэрэгжилт хангалттай биш байгаа аж. Иймд одоогийн үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд мэдүүлэг гаргагч нь ХАСМ, ХОМ-ээ цахим бүртгэлийн программд оруулаад, баталгаажуулсны дараа хэвлэн, хуудас бүрт гарын үсэг зурж, тухайн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгнө. Үүний дараа АТГ-ын даргын 2012 оны 91 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан ХАСМ, ХОМ-ийг хүлээн авсан тухай бүртгэлд бүртгүүлэх буюу цахимаар болон цаасаар давхар хэвлэн өгдөг хэлбэрээр явж байгааг тэрээр танилцуулгадаа дурдсан юм. Өнөөдрийн байдлаар цахим санд 2013-2016 оны хооронд гаргасан 161831 ХАСМ, ХОМ бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр мэдүүлгийг ердөө хэвлэхэд л нийтдээ 90.9 сая төгрөг зарцуулсан талаарх тооцоолол гаргасан байна. АТГ-аас ХАСМ болон хяналтын ажлыг цахимжуулахаар бэлтгэл ханган, дуусах шатандаа явж байгаа гэлээ. АТГ жилд дунджаар 10.000 орчим иргэний ХАСМ-ийг хянаж, хариу хүргүүлдэг бөгөөд 2015 онд 14.4 сая төгрөгийн зардал гаргажээ. Цаашид ХАСМ болон ХОМ-ийг цахим хэлбэрээр бүртгэн, цаасан хэлбэрээр авахаас татгалзах нь төсвийн хөрөнгө хэмнэх, мэдүүлэг гаргагч болон бүртгэгч, хянагчийн цагийг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулгынхаа төгсгөлд онцолсон юм.

Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Н.Оюундарь уг тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудын талаар санал хэллээ. Төрийн албанд томилогдох, албан тушаал хаших хүний ХАСМ-ийг АТГ 14 хоногийн хугацаанд гаргаж өгдөг. Үүнээс үүдэн байгууллагын ажлын гүйцэтгэл хойш татагддаг бол хувь хүн шийдвэр гарах хүртэл цалингүй ажиллах зэрэг хүндрэл үүсдгийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэллээ. Хувийн ашиг сонирхолын зөрчил гэдэг ойлголтыг оновчтой тодорхойлох нь манайх шиг боловсон хүчний хязгаарлагдмал нөөцтэй улсад чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нар онцолж, эрх зүйн тодорхой өөрчлөлт хийх шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар дурдан, тодорхой саналуудыг хэлсэн юм. Түүнчлэн тэрээр өнөөдрийн байдлаар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж буй 40 орчим мянган албан тушаалтан, төрийн албан хаагчдын тоог 50 хувиар бууруулах бүрэн боломжтойг тэмдэглэсэн.

Ийнхүү “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар батлав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Алтайг жинхэлжээ

Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Алтайг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Тэгвэл тус биржийн Төлөөлөн удирдах зөвлөл шинэ оны өмнөхөн хуралдаж, компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Алтайг жинхэлсэн байна. Х.Алтай нь 2011-2014 онд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тав хүртэлх насны хүүхдүүдэд үнэгүй олгох эмийн асуудал шийдэгдээгүй байна

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлсэн. Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх талаар ч Засгийн газрын хуралдаанаар яригдсан юм. Одоогоор 11 төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгох саналыг Эрүүл мэндийн яамнаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүргүүлжээ. Гэсэн ч энэ асуудал хараахан шийдэгдээгүй, яриа хэлэлцээрийн түвшинд байгаа гэнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс уг асуудлыг шийдвэрлэх учиртай. Уг зөвлөлийн гишүүд шинэчлэгдэж, арванхоёрдугаар сард хуралдсан. Уг хурлаар зарчмын хувьд ЭМЯ-ны саналыг дэмжсэн ч ажлын хэсгийнхэн зарим бичиг цаасны ажлыг гүйцэтгэх учиртай гэнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дараагийн хурал энэ сарын сүүлээр болох юм.

Үнэгүй олгох эмийн жагсаалтад хүүхдийн ханиалгыг дарах, бронхи, дархлаа сайжруулах, цэр ховхлох зэрэг эмийг багтаасан байна. Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй олгохоор яригдаж буй хүүхдийн эмийн жагсаалтыг хүргэе.

-5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /АМБУЛАТОРООР ОЛГОХ/-


Эмийн нэр

Тун хэмжээ

Эмийн хэлбэр

Хэмжих нэгж

1

Амоксациллин

250мг №100

уусдаг шахмал

пак

2

Цайрын сульфат

20мг №100

шахмал

уп

3

Төмрийн сульфат

125мг/мл-30мл

ууж хэрэглэх уусмал

фл

4

Шингэн сэлбэх давсны бэлдмэл

20.5гр/1л №100

нунтаг

хайрцаг

5

Сальбутамол

4мг №100

шахмал

пак

6

Сальбутамол

0.1мг/тун 200тун

аэрозоль

фл

7

Мебендазол

100мг №100

шахмал

пак

8

Тетрациклин

1%-5гр

нүдний тосон түрхлэг

тюбик

-5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /СТАЦИОНАРААР ОЛГОХ/-


Эмийн нэр

Тун хэмжээ

Эмийн хэлбэр

Хэмжих нэгж

1

Ампициллин

500мг №50

тарилгын нунтаг

хайрцаг

2

Гентамицин

40мг/мл-2мл №50

тарилгын уусмал

хайрцаг

3

Цефтриаксон

1г №10

тарилгын нунтаг

хайрцаг