Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг бие даасан байдлаар өргөн барьсантай холбогдуулж Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэнгээс асуудлыг тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах саналыг СЕХ-ноос гаргасан гэж ойлгож болох уу?
-Сонгуулийн төв байгууллагын тухай хуулинд сонгуультай холбоотой саналыг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж УИХ-д хүргүүлнэ гэсэн заалттай. Мөн УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ хүрээнд Н.Энхболд нарын гишүүд хамтарч одоогийн хуулийн төслийг өргөн барьсан. Тиймээс хуулийн төсөлтэй холбогдуулж Сонгуулийн Ерөнхий хороо саналаа хүргүүлсэн юм.
-Уг хуулийн төсөлд зохион байгуулалтын чанартай хэд хэдэн өөрчлөлт туссан гэсэн тайлбарыг зарим гишүүдээс өгч байсан. Ямар өөрчлөлт туссан гэсэн үг вэ?
-Хуулинд зарчмын чанартай томоохон өөрчлөлт ороогүй. Том өөрчлөлт гэвэл нэгдсэн хуулиасаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, бие даасан хууль болгож байгаагаараа онцлогтой.
Түүнчлэн нэгдсэн хуулинд орхигдуулсан зүйл заалт цөөнгүй байсан. Тодруулбал, сонгууль өгөх эрх бүхий иргэдийг орхигдуулсан тал бий. Энэ заалтыг хуулийн төсөлд нэмж оруулсан. Батлан хамгаалах яамны шугамаар алба хаагчдыг бүртгэхээр хуульчилсан бол хилийн цэргийнхнийг бүртгэх эсэх нь тодорхойгүй байсан.
-Бие даагч гишүүн С.Жавхлан парламентад суудалгүй намд элсээд тухайн нам нь парламентад суудалтай нам болж улмаар Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох уу?
-Болохгүй гэдгийг Улсын Дээд шүүх тайлбарласан.
-Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг хуулиндаа оруулаагүйгээс нэлээн дуулиан тарьж байсан. Одоогийн энэ хуульд таваас доошгүй сарын өмнө хуулинд өөрчлөлт оруулж болохгүй хэмээн тусгаж байгаа нь олон улсын жишигт нийцэж байна уу?
-2016 оны УИХ-ын сонгуулийг ажигласан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын эцсийн тайлан СЕХ-нд ирсэн. Сонгууль товлон зарласнаас хойш сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь буруу юм. Ийм учраас үүнийгээ засч хуучин хэвэнд нь оруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн.Тэр зөвлөмжийн дагуу сонгууль товлон зарласнаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт оруулсан.
-Сонгуулийг хэзээ товлож байна вэ?
-Хэзээ товлох нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдвал сонгуулиа товлоно.