Categories
мэдээ эдийн-засаг

Иргэдийн дундаж цалин буурчээ

Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж цалинг хүн амын орлогын албан татвар төлөлтөд үндэслэн гаргасанаа танилцууллаа.

Нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалин 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 884.3 мянган төгрөгт хүрсэн байна. Энэ дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч өмнөх улирлаас 3700 төгрөгөөр буурчээ.

Албан байгууллага, хувь компаниудын ажилчдыг дотор нь их багаар нь авч үзэхэд 1-9 ажилтантай байгууллагын ажилчдын сарын дундаж цалин нь 624.8 мянган төгрөг, 10-49 ажилтантай байгууллагынх 728.4 мянган төгрөг байна.

Тэгвэл 50-99 ажилтантай байгууллагын дундаж цалин 802.2 мянган төгрөг, 100-199 ажилтантайх нь 932.9 мянган төгрөг, 200 ба түүнээс дээш ажилтантай байгууллагын дундаж цалин нэг сая 208.1 мянган төгрөг байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

Онгоц осолдож, 13 хүн амиа алджээ

Image result for Indonesian air force plane crashes in Papua killing 13, official saysИндонезийн агаарын хүчний “Hercules C-130” онгоц Папуа мужид осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг ослын улмаас 13 хүн амиа алдсан гэнэ.

Онгоц орон нутгийн цагаар 5.35 цагт осолдсон байна. Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц осолдсон хэмээн албаныхан таамаглаж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгджээ. Аврах алба ослын газар очиж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Ослоор онгоцны багийн гурван гишүүн, 10 цэргийн албан хаагч зорчиж явжээ.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Б.Мөнхбаяр зодог тайлжээ

Image result for Буудлагын Б.МӨНХБАЯРМУГТ Б.Мөнхбаяр албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгджээ. Тэрбээр одоогоос арав гаруй жилийн өмнө Герман улсын иргэн болж тус улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болсон билээ.

Түүний хувьд дэлхийн хошой аварга, олимпийн хошой медальт, дэлхийн цомын олон удаагийн аварга, буудлагын спортын бvх л тэмцээнээс медаль хvртэж явсан, Ази болон Европын аварга, Олимпийн медаль хvртсэн анхны монгол бvсгvй болсон амжилтыг үзүүлсэн.

Дашрамд дуулгахад Б.Мөнхбаяр одоогоос гурван жилийн өмнө Монгол улсын иргэншлээ сэргээхийг хүссэн тухай мэдээллүүд гарч байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын даргад нэр дэвшигчдийн үнэмлэхийг маргааш гардуулна

АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл дүрэмд заасны дагуу өчигдөр 16.00 цагт дуусгавар боллоо. АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын экс дарга Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, М.Чимиддорж гэсэн зургаан эрхэм нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлээд байна.

АН VI их хурлын төлөөлөгчид намын даргаа орон даяар бүх гишүүүдээсээ сунгаагаар сонгох шийдвэр гаргасан. Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор Ардчилсан намын даргын сонгуулийн хороог 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа юм.

Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг, дүүрэг, сумын 339 салбар хороог тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа.

Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй. Нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь маргааш гардуулна.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудад өвөлжилт хүнд байна

Image result for Баруун аймгуудад өвөлжилт хүнд байна

Нийт нутгийн 70 орчим хувьд одоогоор цастай, өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Булган, Даян, Увсын Наранбулаг, Баруунтуруун, Малчин, Зүүнговь, Түргэн, Хяргас, Өндөрхангай, Сагил, Зүүнхангай, Ховдын Үенч, Булган, Алтай, Завханы Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Отгон, Их-Уул, Баянхонгорын Баянбулаг, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал, Цагааннуур, Тариалан, Улаан-Уул, Арбулаг, Баянзүрх, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Архангайн Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур, Тариат, Өвөрхангайн Хархорин, Булганы Хангал, Худаг-Өндөр, Сэлэнгийн Хушаат, Зүүнбүрэн, Хүдэр, Ерөө, Бугант, Төв аймгийн Угтаалцайдам, Жаргалант, Эрдэнэ, Цээл, Хэнтийн Дадал, Батноров, Норовлин, Өлзийт, Дорнодын Сэргэлэн, буюу нийт 13 аймгийн 60 суманд өвөлжилт хүндэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал эрс нэмэгджээ

Related imageНийслэлийн хэмжээнд ханиад томуугийн дэгдэлттэй байгаа бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал хүүхдийн тасгийн ачаалал 90 хүртэлх хувиар нэмэгдээд байгаа. Амьсгалын замын халдварт өвчний тархалт 7.8 хувьтай, түргэн тусламжийн дуудлагын 40 хувийг эзэлж байгаа энэ үед нийт 466 ор нэмэлтээр гаргажээ.Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан “Тамифлю” эмийг 1000 хайрцаг захиалсан бөгөөд томуугийн вакцин 23 мянган хүн тунг 86 цэцэрлэгийн хүүхдүүдэд хийсэн. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Хүүхдийн санд хүүхдийн өвчлөлтэй холбоотой амьсгал суулгалтын томуугийн эм, тариа захиалж, хүний нөөцийг /резидентуудыг/ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Дашрамд дуулгахад Томуу, томуу төст өвчний арванхоёрдугаар сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89 мянга 587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ.

Иймд эцэг эхчүүдэд бага насны хүүхдээ олон хөлийн газраар авч явахгүй байх, гадуур авч гарахдаа дулаан хувцаслах, аминдэмээр баялаг хоол хүнсээр хангаж, дархлаажуулалт сайн өгч байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх 7 хоногт УИХ-аар оффшорын асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас ирэх долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлаад байна. Үүнд Оффшортой холбогдох хуулийн төсөл багтжээ. Хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд оффшор бүсэд данс нээлтгэх, мөнгө байршуулах зэргийг хориглохоор заасан ажээ.

Ирэх долоо хоногийн УИХ-ын хуралдааны хуваарийг хүргэе.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 20-ны Мягмар гаригт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай. /Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий/.

2.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд: /Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл;
  • Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаархи Сангийн сайдын мэдээлэл;
  • Бусад.

12 дугаар сарын 21-ний Лхагва гаригт:

1.Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд: /Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “В” танхимд: /Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

  • Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2015 оны протоколыг соёрхон батлах тухай /Засгийн газар 2016.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай /Засгийн газар 2016.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Иргэдээс ирүүлсэн өргөдлийн уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учирсан хохирлыг төлүүлэх асуудлыг хэлэлцэх тухай.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 22, 23-ны Пүрэв, Баасан гаригт 10.00 цагаас:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
  • “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас “Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргаашнаас 11 уулзварт дохио харгалзахгүй эргэнэ

Image result for Баруун эргэх уулзварынНийслэлийн зам хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хоёр сарын өмнөөс хамгийн их машин зорчдог дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй баруун эргэдэг болсон билээ. Улаанбаатар хотын Замын цагдаагийн албанаас боловсруулсан энэ журам үр дүнгээ өгч, баруун, зүүн 4-н зам, Гэсэр сүм, Саппорогийн уулзварын ачаалал 10-40 хувиар буурсан гэж НЗДТГ-аас мэдээлсэн юм. Иймээс дахин 11 уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй баруун эргэдэг болох гэж байна. Энэ журам маргааш өдрөөс эхлэн хэрэгжинэ. Баруун эргэх тусгай тэмдэг байршсан уулзаруудыг танилцуулвал,

  • 32-ын тойргийн уулзвар
  • 100 айлын уулзвар
  • Дарь-Эхийн уулзвар
  • Тасганы овооны уулзвар
  • Эх нялхасын уулзвар
  • Төв шуудангийн уулзвар
  • 10 дугаар хорооллын уулзвар
  • 120 мянгатын уулзвар
  • АПУ-ын хойд уулзвар
  • ТЭЦ III арын уулзвар
  • Баруун 4 зам буюу Амарсанаагийн уулзвараар гэрлэн дохио харгалзахгүй баруун эргэдэг болно.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн албаны судалгаагаар уулзвар нэвтрэхдээ машинууд гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ. Мөн тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгана гэсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Хууль тогтоомжийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ


УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл хөтөлбөрт “Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох”-оор заасныг хэрэгжүүлэх үүднээс Хууль тогтоомжийн тухай хуулийг 2015 онд баталсан. Уг хуулийг 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч бэлтгэл ажил хийгдээгүй тул 2017 оны эхний өдрөөс эхлүүлэхээр болсон билээ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 605 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Гэхдээ хуулийг “гууль” болгох, хуулийг гурилдаж баталлаа гэхчилэн элдэв яриа байдаг. Харин Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр УИХ-ын хууль санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх юм байна. Уг хуулийн 4.1.3-т “Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэсэн шаардлага байгаа. Манайхан хууль боловсруулахдаа хүртэл ямар нэгэн ашиг сонирхол агуулж байдаг талаар учир мэдэх хүмүүс нь хэлдэг. Тэр бүү хэл өөрт нь таалагдсан шийдвэр гаргаагүй болон өөрийнх нь эсрэг зүйл ярьсан бол ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандан хууль боловсруулах гээд зүтгэчихдэг тал бий. Харин үүнийг 4.1.3-аар хориглож байгаа аж.

Удахгүй хэрэгжих Хууль тогтоомжийн тухай хуулийн 11.1-т зааснаар хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг өөрийн төсвөөс санхүүжүүлэхээр болжээ. Мөн хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль тогтоох үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зорилгогүйгээр ашгийн бус байгууллага санхүүжүүлж болохоор тусгасан байх юм. Өмнө нь хууль боловсруулан өргөн барихдаа зорилгыг нь чухалчилдаг байсан бол энэ хуулийн хүрээнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн өөрийн санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, батална гэсэн байна. Ингэснээр уг хуулийн үзэл баримтлал хамгийн чухал болж таарч байгаа юм.

Түүнчлэн 21.10-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага, Төсвийн тухай хуульд заасан төсвийн бусад шаардлага, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хангаж байгаа эсэх талаарх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, энэ хуулийн 21.4-т заасан хугацаанд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ” гэжээ.

Хуулийн 30.1.2-т нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх, 30.1.3-т үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих хэмээн заасан юм. Өнгөрөгч парламентын үед хоёрдмол утга бүхий үг хэрэглэн хуулийн төслөө аль нэг тал руу хэлбийлгэх боломжтой байгааг гишүүд хэлдэг байсан. Тэгвэл үүнийг хуулиар хориглож өгч байгаа нь энэ юм байна.

Мөн хуулийн 48.1-т зааснаар “Хуульд тусгайлан зааж эрх олгосноос бусад тохиолдолд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргахыг хориглоно”, 48.2-т “Хуульд нийцээгүй, эсхүл хуулиар олгосон эрхийг хэтрүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг дагаж мөрдөхгүй” байх юм. Хуулиар мөн “Хуульд өөрөөр заагаагүй бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргах эрх хуулиар олгосон этгээд уг эрхээ бусдад шилжүүлэхийг хориглоно” гэжээ.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг Улсын Их Хурал, Засгийн газар жилд нэг удаа тогтмол хэлэлцэж хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болжээ. Мөн хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах, хууль тогтоомжийг системчлэн кодификаци хийх, шинээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэнэ.

Э.ЭНХ


Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 20-ноос хүйтний эрч эрс чангарна

Image result for цасан шуургатайОйрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. Энэ сарын 20-нд буюу ирэх мягмар гаригт баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 21-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын 20-ноос хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар -45-аас -50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Хүйтэн Монгол орны хойд бүсийг илүүтэй чиглэх аж.

Салхи 18, 21-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.