Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Баяртсайхан: ОУВС-гийнхан ирэх нэгдүгээр сард ирж гэрээгээ хийх байх

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүүг нэг хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Энэ талаар тус банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр “Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 14 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Монголбанкнаас өнгөрсөн наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгөв. Инфляц ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байна. Гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байна. Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын үр нөлөө, мөнгөний бодлогын цаашдын төлөв нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлт зэргээс хамаарна. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна” гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-ОУВС-тай уулзсан уу, Засгийн газраас албан ёсоор санал тавьсан уу?

-Намайг Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажилласнаас хойш наймдугаар сард ОУВС-гийн баг манайд ирж танилцсан. Санхүүгийн дарамт, эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг танилцуулсан. Европод Крисмасын баяр болж буйтай холбогдуулан ажлын хэсэг хугацаагаа хойшлуулсан байна. Ирэх оны нэгдүгээр сард ирж гэрээгээ хийх байх гэж бодож байгаа.

-Яагаад заавал 14 хувь болгож бууруулсан юм бэ?

-Мөнгөний бодлогын хүүг хэн нэгэнд таалагдахын тулд бууруулж, нэмэгдүүлдэг юм биш. Бид маш их болгоомжтой хандлаа. Манай эдийн засагт тодорхой биш зүйлс бол маш их байна. ОУВС-тай хийх гэрээ хэрэг дээрээ албан ёсоор хийгдээгүй байна гэж би сая хэллээ. ОУ-ын зах зээлд зэс, алт, нүүрсний үнэ жаахан өсч байна. Гэхдээ дэлхийн эдийн засгийн байдал тодорхойгүй байна. Хэрвээ АНУ бодлогын хүүгээ нэмэгдүүлчихвэл дэлхийн валютууд тийшээ чиглэдэг. Тиймээс бид мөнгөний бодлогоо болгоомжтой зөөлрүүлье гэж бодож байгаа. Бид тал талаасаа ярилцаж байж шийдсэн. Зарим хүмүүс бүр бууруулаад хэрэггүй гэж үзэн 580 сая долларыг гуравдугаар сарын 8-д төлтөл харзнавал яасан юм бэ гэсэн санал гаргаж байсан.

-Мөнгөний бодлогын хүүг ер нь яагаад өөрчлөөд байдаг юм бэ?

-Мөнгөний бодлогын хүүгээрээ олон улс эдийн засгаа тогтвортой барьдаг. Манайхтай ижил нөхцөлд байгаа Казахстан, Беларусь, ОХУ ч ийм зохицуулалт хийдэг. ОХУ барууны ертөнцийн хориг, санкцуудаас болоод хүнд байдалд орж байсан. Ийм нөхцөлд ОХУ мөнгөний хүүгээ нэмэгдүүлж 16 хувь болгож байсан. Эдийн засаг нь сайжрахаар одоо 10 хувь болгочихсон байгаа.

-Долларт яаж нөлөөлөх вэ?

-Бид төгрөгийнхөө ханшийг аль болох тогтвортой болгохыг хүсч байна. Бид наймдугаар сард 4.5 хувиар нэмэгдүүлэхдээ улсынхаа эдийн засгийг бодсон. Монголын валютын нөөц намайг ажлаа авахад нэг тэрбум 200 сая ам.доллартай тэнцэж байсан.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк мөнгөний бодлогын хүүг 14 хувь болгон буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр буюу 14 хувь болгож бууруулжээ. Төв банк өнгөрсөн наймдугаар сард бодлогын хүүгээ 11.5 хувиас 4.5 хувиар нэмж, 15 хувь хүргэсэн юм. Ингэснээр төгрөгийн уналтыг ззогсоож, ам.долларын өсөлтийг тогтворжуулна гэж тайлбарлаж байсан юм. Тэгвэл Мөнгөний бодлогын зөвлөлийн өнөөдрийн хурлаар 14 хувь болгож бууруулсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Мөнгөний бодлогын хүүг зөвхөн Монголбанк бууруулж байгаа зүйл биш дэлхийн улс орнууд ч гэсэн мөнгөний бодлогын хүүгээ бууруулах жишиг барьж байгаа. Тиймээс бид олон талын судалгаа, шинжилгээг үндэслэн бодлогын хүүг бууруулж байгаа гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг доор бичлэгээс үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

“Цахим архив” хэлэлцүүлэг боллоо

Гадаад харилцааны төв архивын 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Цахим архив” хэлэлцүүлэг 12 дугаар сарын 16-нд амжилттай болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт Архивын Ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, Батлан хамгаалахын төв архив, Цагдаагийн ерөнхий газрын төв архив, Хил хамгаалах ерөнхий газрын төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Оюуны өмч, улсын бүртгэлийн төв архив, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын мэдээллийн төв, Цаг уур орчны шинжилгээний газрын Байгаль орчин ус цаг уурын мэдээллийн төв, Эрүүгийн хэргийн төв архив, Шүүхийн төрөлжсөн архив болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв архив зэрэг төв, төрөлжсөн, салбар 13 архивын дарга, удирдлагууд цахим архивын мэргэжилтнүүд нийлсэн 40-өөд хүн оролцлоо.

Гадаад харилцааны төв архиваас “Цахим архив-тулгарч буй асуудал” сэдэвт үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, өөрсдийн ажлын туршлагаас хуваалцаж, архивын баримтын тоо бүртгэлийг хялбаршуулах зарим саналыг АЕГ болон бусад мэргэжил нэгт архивууддаа дэвшүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцогсод өөр өөрийн архивын онцлог болон цахим баримт үйлдэх, цахим баримтын хадгалалт хамгаалалт, цахим мэдээллийн сангийн талаар тулгарч буй асуудлын талаар илэн далангүй ярилцаж, цаг үеэ олсон уг хэлэлцүүлгийг цаашдаа улам олон зохион байгуулах шаардлагатай талаар саналаа илэрхийлж байв.

Categories
мэдээ нийгэм

Э.Содномпэлжээд гурван өрөө байрны түлхүүр гардуулав

ШШГЕГ-ын албан хаагчдын 50 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцны нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцов. Энэ үеэр ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин, Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээд гурван өрөө байрны түлхүүр гардуулж, амьдрал нь тэгш дүүрэн байхыг бэлгэдэн тоононд нь алд цэнхэр хадаг зангидаж, спортын өндөр амжилт хүслээ.

Categories
гадаад мэдээ

Онгоцны ослоор 27 хүн амиа алджээ

ОХУ-ын Батлан хамгалах яамны “Ил-18” онгоц Якутын Булунскийн бүс нутагт осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Онгоцонд нийт багийн долоон гишүүн болон 32 зорчигч зорчиж явжээ. Онгоц орон нутгийн цагаар 19.45 цагт Тикси тосгоноос 35 км-ийн цаана осолдсон байна.

Ослын улмаас 27 хүн амиа алдаж, 16 хүн бэртсэн талаар албаныхан мэдээлэв.

Аврагчид ослын газар очиж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц осолдсон гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Зуслан чиглэлийн замын цасыг цэвэрлэлээ

Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээний компани” 2016 оны 12 дугаар сарын 15-19-ны амралтын өдрүүдэд зуслангийн зам болон Дамбын цагдаагийн постоос Гүнт хүртэлх авто зам болон явган хүний зам талбайг цэвэрлэж хальтиргаа гулгаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэн ажиллалаа. Уг ажлын хүрээнд 1 ковш, 77 зам талбайн үйлчлэгч, 753м3 цасыг нийт 82 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Тогоочид мэргэжлийн ур чадвараа сорьж байна

Мэргэжлийн боловсролын “Монгол Ур чадвар 2016” үндэсний тэмцээн /2016.12.17/ тогоочийн төрлөөр үргэлжилж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тогооч нарын холбоо, Монголын Зочлох үйлчилгээний холбоо, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд тогооч бэлтгэдэг 20 сургуулийн төлөөлөл оролцож байна.

Эцсийн шалгаруулалт ирэх оны есдүгээр сард болж, улсаа төлөөлж дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож тогоочийн нэр тодорно.

Дашрамд дуулгахад, манай улсаас 2015 онд Бразилд зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын тэмцээнд тогоочийн төрөлд манай улсын тамирчид амжилттай оролцож байжээ.

Categories
гадаад мэдээ

Чой Сун Шилийг шүүх хурал өнөөдөр эхэлнэ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг огцруулах хэмжээнд хүрсэн авлигийн хэргийн гол зангилаа гэгдэж буй Чой Сун Шил гэгч эмэгтэйг шүүх хурал өнөөдөр эхэлж буй талаар тус улсын Ионхап агентлаг мэдээлжээ. Сөүл хотын дүүргийн шүүхэд болох шүүх хуралд ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз биеэр оролцох талаар түүний өмгөөлөгч хэлсэн байна. Түүний хамт хэрэгт холбогдсон Пакын хоёр туслах шүүх хуралд ирэх эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж дотоодын томоохон компаниудад дарамт үзүүлж, өөрсдийн тэргүүлдэг ашгийн бус санд мөнгө төвлөрүүлсэн, төрийн нууц задруулсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Ардчилсан нам багц сум мэт байхдаа хүчтэй амжилттай байсан

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа “Blue Sky”-д боллоо. АН-ын даргын сунгаанд таван хүн материалаа бүрдүүлэн нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлсэн билээ. Тухайлбал Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар багтаж байна.

Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нэрсийг зарлаж, үнэмлэхийг танилцуулж, нэр дэвшигчдийн намтарыг уншиж танилцууллаа. Үүний дараа АН-ын дарга З.Энхболд нийт нэр дэвшигчдэд болон намынхаа гишүүд дэмжигчдэд хандан үг хэлсэн юм.

Тэрбээр “АН үргэлж анхдагч нь байсаар ирсэн. Энэ удаа ч гэсэн намын даргаа гишүүдээрээ сонгуульдаг дүрмийг баримталж байна. Намын даргад таван хүн нэрээ дэвшүүлэхээр албан ёсоор дүрмийн дагуу бүртгүүлсэн байна. Энэ дүрэм 180 мянган хүнд нээлттэй байсан. Тэрийг бүрдүүлж чадаагүй хүмүүс сошиалаар янз бүрийн гомдол гаргах хэрэггүй.Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд манай нам 10-15 тэрбум төгрөг 4 жилд зарцуулдаг. Гэхдээ энэ удаад 10 дахин бага зардлаар сонгууль хийсэн. 1996 оны намын даргын сунгаа амжилттай болсон. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгууль амжилтгүй болсон. Энэ удаад 1996 оных шиг амжилттай болоосой гэж хүсч байна. Харин улс төрийн өрсөлдөгч МАН-ынхан манай намын даргын шинэчлэлд их санаа зовж байна.Төрийн эрх барьсан та нарт толгойтой үснээс их ажил байгаа. Манай намын сонгуулиас хол бай. Утаагаа алга болго оо. Та нартай, та наргүй бид болчихно. Нэр дэвшиж байгаа та тавын эв нэгдэлтэй байдал бүх гишүүдийг нягтруулж 2020 оны сонгуульд амжилттай оролцох эсэхийг шийднэ шүү. Та бүхэнд амжилт хүсье. Хэн ч ялагдсан бай ялснаа дэмжээд явах нь шударга ёсны энгийн зарчим шүү” гэв.

Улмаар АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн товч намтрыг танилцуулж, АН-ын дарга З.Энхболд нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа.

Мөн нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөдөлбөр, байр сууриа илэрхийлсэн юм.

Нэр дэвшигч С.Эрдэнэ: -Бид өнөөдөр АН-ын шинэтгэлийн их аянд гарч байна. Надтай хамт өрсөлдөж буй журмын нөхддөө амжилт хүсье. Энэ нөхдийг өөрийнхөө өрсөлдөгч гэж бодохгүй байгаа. Харин миний хамтран зүтгэгч гэж харж байна. Намын даргад өрсөлдөх энэ сунгааг дотоодын өрсөлдөөн хагарал гэж битгий хараасай хэмээн хүсч байна. Энэ бол бидний шинэчлэлийн төлөө оруулж буй хувь нэмэр юм.

Нэр дэвшигч Э.Эрдэнэбат: -Надтай өрсөлдөж буй дөрвөн нөхдүүд маань энэ намын жаргал зовлонг хамт туулсан хүмүүс. Мөн бүгд энэ ард түмний, АН-ын нүүр царай болсон улсууд. Намын даргын сунгаанд өрсөлдөх үү үгүй юу гэж хувь хүнийхээ зүгээс эргэлзэж байсан. Гэхдээ намайг дэмждэг хүмүүс “Эрдэнэбат аа. Намын даргын сунгаанд оролцох чинь энэ намын нэр хүндийн асуудал шүү” хэмээн хэлсэн. Энэ сонгууль болсны дараа АН-ын даргаар хэн ч гарсан хамаагүй. Хамгийн чухал нь бид эв нэгдэлтэй байх шаардлагатай.

Нэр дэвшигч Лу.Гантөмөр: – УИХ-ын сонгуулийн их ялагдлын дараа манай намын гишүүд нэгийг тунгааж, хоёрыг бодсон байх. АН-ын гишүүд дэмжигчид энэ намыг үнэхээр шинэчлэгдэх шаардлагатай гэж үзэж байгаад би баярлалж байна. АН-ын VI Их хурал хоёр чухал зүйлд хүрсэн. Нэгдүгээрт АН-ын шат шатны дарга нарыг намынхаа гишүүдээс сонгодог байх зарчимийг батласан. Нөгөөдөх нь бол АН-ын шинэтгэлийн хөтөлбөр. Үнэхээр хүний нөөцийн зөв бодлоготой нам, хариуцлага нам болгохын төлөө нэр дэвшиж байна.

Нэр дэвшигч Ж.Батзандан: – АН-ын шинэчлэл эхэлж байна. АН яагаад шинэчлэгдэх ёстой вэ хэмээн олон хүн асууж байна. Яагаад гэвэл Монголыг шинэчлэх шаардлагатай байгаа учраас АН шинэчлэгдэх ёстой юм. Монгол төрд шинэчлэл хэрэгтэй байгаа учраас АН шинэчлэгдэх шаардлагатай байгаа юм. Тийм учраас АН-ын 180 мянга гишүүд өнөөдрөөс эхэлж шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. АН хаалтай нам байх юм уу, нээлттэй нам байх уу гэдгийг бид энэ шинэчлэлээр шийдэх болно.

Нэр дэвшигч Н.Алтанхуяг: -АН-ын шинэчлэл, Монголын шинэчлэлийг эхлүүлэх гэж байгаа “гарын таван хуруун”- даа баяр хүргэе. Тэр гарын таван хурууны жижиг нь би юм шиг байна. Бид тав өмнөх УИХ-ын нэг ангийн хамт олон. С.Эрдэнэ, Л.Гантөмөр бид гурав “Шинэчлэлийн” Засгийн газрын гурав. АН-ын даргын сунгаанд өрсөлдөх шийдвэрээ цаг тулгаж гаргалаа. Энэ сунгаанд өрсөлдөхгүй гэсэн байр суурьтай байсан ч хойшлуулж болохгүй олон ажил гарч ирсэн тул өрсөлдөхөөр шийдлээ.

АН-ын даргад нэр дэвшигчид үг хэлж дуусны дараа намын дарга З.Энхболд үг хэлж, нэр дэвшигчдэд багц сум гардуулан өглөө.

Тэрбээр “Бидний үйл ажиллагаанд өмнөх дээдсийн түүх соёл, сургаал сургамж хамаатай хэмээн үзэж, та бүхэнд багц сум гардуулах гэж байна. Монголын нууц товцоо, эртний сайхан түүхээ эргэн санаж, цаашдын үйл хэрэгтэй тусгаж явахыг хүсье. Нэр дэвшигчийн тоо дөрөв болоод болохгүй болохоор манай Н.Алтанхуяг дарга гүйсээр байгаад орж ирж л дээ. Намдаа 250 сая төгрөгийн хандив өгөөд тоогоо тав болгох зорилгоор орж иржээ. Н.Алтанхуяг шиг ийм сэтгэлтэй хүмүүсээр манай нам дутаж байсан үе бий. Одоо цаашид битгий дутаасай. АН бол энэ таван багц сум шиг байх даа хүчтэй амжилттай байсан. Багц сум задарснаас хойш амжилтгүй болсон. Яг л нөгөө 800 жилийн өмнөх монголын түүх давтагдах шахсан. Тийм учраас дахин ийм байдалд орохгүйн тулд та бүхэнд багц сум гардуулж байна. Та бүхний сонгуулийн ажилд амжилт хүсье” гэлээ.

Ийнхүү АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсны дараа Их Эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өрөгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хотын зарим бүсэд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ

Агаарын бохирдол ихтэй байгаагаас болоод хүүхдүүд ханиад томуу тусах нь ихэсч эцэг эхийгээ нэлээдгүй сандаргаж байгаа тухай сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга явах болсон билээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсээр Баянхошуу, Толгойт, Зуун айл, МҮОНРТ-н орчим нэрлэгдээд байна. Эдгээр газруудад гамшгийн шар дохио асаахуйц хэмжээнд хүрээд байгааг судалгааны байгууллагууд онцолж байна. Ингээд агаарын бохирдолтой холбоотой мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатар хот орчмын агаарын бохирдол үүсгэж байгаа нэгжүүд болон байгальд ялгаруулж байгаа /ихэнх/ хортой бодисуудыг танилцуулж байна.

1. Цахилгаан Дулааны Станцуудын ихэвчлэн утаа агаарт шууд гаргах ба энэ нь нийт гаргаж байгаа утааны 70%-д хүрдэг. Шууд хүнд үзүүлэх нөлөө бага боловч станцид ажиллагсадын хордлогын түвшин өндөр, гарч байгаа утаа байршилаас нь шалтгаалж Улаанбаатар хот орчимд тунарч үлддэггүй шийдлээр хийгдсэн. Гэвч салхиний чигээс хамаарч зарим үед тунардаг, тоосжилт үүсгэдэг. Хүлэмжийн хийг ихээр нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог. Түлш солих боломжгүй.

2. Гэр хороолол нийт 180,000 гаруй өрх зууханд гал түлж байгаагийн ….. айл энгийн зуухаар галладаг. …… Төслийн буюу бүрэн шатаадаг зууханд гал түлдэг ба нийт эдгээр зуухнуудаас гарч байгаа утаа болон тоосжилт хотын иргэдийн утааны хордлог эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийн 80% болдог. Ихэвчлэн чулуун нүүрс түлшиндээ хэрэглэх ба Хүхэрлэг хий – Нүүрстөрөгчийн дутуу исэл, Carbon monoxide (СО) ихээр гаргадаг. Carbon monoxide (СО) нь өнгөгүй, хийн байдалтай өмхий үнэртэй угаар юм. Чулуун нүүрсний дутуу шаталтаас үүдэлтэй, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл их байнгийн хордлогод оруулдаг.

Хүнд үзүүлэх нөлөө шууд үхэлд хүргэхгүй ч хордлогод оруулдаг ба энэ нь толгой өвдөх , Дотор муухайрах ,Толгой эргэх, Амьсгаа давчдах, Бие сульдах болон залхуу идэвхгүй байдалд оруулж илэрдэг . Цаашлааад сэтгэл зүйд нөлөөлж стресст оруулдаг төдийгүй бага насаныханд хүндээр нөлөөлдөг. Байнгын хордлогын байдалд байсаар эд эсүүдийн амьдрах чадварт муугаар нөлөөлж эд эсүүдийн үхэлд хүргэх төдийгүй хорт хавдар бусад хүнд өвчлөлүүдийн суурь нь болж байна.

3.Хүйтэн нөхцөлд ассан автомашинуудын утаа, Мөн 10 аас дээш насжилттай автомашинууд түлшээ бүрэн шатааж чаддагүй хөдөлгүүрийн хэвийн бус байдлаас үүдэн бензин, дизель түлшүүд болон тослох материалын хамтаар дутуу шаталт үүсгэн агаарт хүнд металлын хольц бүхий /үүнд төмөр, хар тугалга, хроник гм / СО СО2 карбон моноксид , карбон диоксид голчлон ялгардаг ба газрын түвшнээс дээш 1,2 метрт сууж хуримтлагддаг.

Хүнд үзүүлэх нөлөө их, бага насны дээрхи өндөртэй хүүхдүүд өртдөг. Ихэвчлэн хорт хавдарын суурь эд эсүүдийг үүсгэдэг Ихэвчлэн уушигны хорт хавдар хэлбэртэй байх нь бий.

NOx- мононитроген оксид NO ба NO2 хэлбэртэй байх ба астма, бронхит зэргээр хүний уушигийг гэмтээдэг.

г/ Цэвэрлэх байгууламж болон гэр хороололын ил муу усны нүх жорлонгоос гарсан зуны улиралд бохирыг хийн хэлбэрээр агаарт тархах хэлбэр юм. Маш олон тооны хордох бодиуудыг агаарт тараадаг ба ихэнх дотрын өвчнүүд, халдварт өвчнүүдийн суурь болдог.

Иймд агаарын бохирдлыг нэн даруй зогсоох эсвэл бохирдол багатай хот сууринд амьдрах шаардлагатай боловч хотын гэр хорооллын утааг автомашины утааны бохирдолыг даруй байхгүй болгох хүчин чадал, бололцоо байхгүй байна.

Дэлхийн бүх улсууд хүлэмжийн хийг багасгах хүчин чармайлт гаргаж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй улам бүр ихсэх төлөвтэй байна. Манай улсад ч агаарын бохирдол буурах төлөвгүй, харин ч зарим нэг аймгийн төвүүд хүртэл агаарын бохирдолтой болсон байна.

АГААРЫН БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ

Агаарын бохирдолд хотын хүн ам бүгд өртөх ба утаагүй агаараар амьсгалж хотод амьдрах арга одоогийн байдлаар гарч ирээгүй байна. Утааны хорыг хүн бүр авч хохирч байна.

Агаар нь уушигны цулцунгуудаар нэвчиж хялгасан судсуудаар дамжиж, хүчилтөрөгч нь цусны улаан эс – гемоглобинд нэгдэж зөөвөрлөгдөн биеийн эд эсүүдэд хүчилтөрөгчийн О2 атомыг хүргэн өгч буцаагаад СО2-ийг буцаан авах циклд ордог байна.

Утаатай агаар дахь СО болон СО2 – ийн нэгдэл нь амьсгалын замаар дамжин уушгинд очин дээрхи үйлдэлтэй төстэйгээр явагдан улаан эсэд carboxyhemoglobin -карбоксигемоглобин болон биеийн эд эсүүдэд очин гэмтээж хордуулдаг байна.Энэ нь цаашлаад биеийн бүх эд эрхтнүүдэд очин хордлогод оруулах замаар гэмтээдэг байна.

Агаарын бохирдлоос үүсэх өвчлөлүүдийг ДЭМБ болон бусад ОУ-ын Эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан өвчлөлүүдийн жагсаалтад:

Зүрх, судасны өвчлөлүүд /зүрхний үйл ажиллагаа хямрах, шми инфакт харвалт гм/
Уушигны өвчлөлүүд /астма, бронхит, уушигний өвчлөлүүд, хавдарууд/
Хортой болон хоргүй хавдарын өвчлөлүүд
Хүүхдийн өсөлтөд нөлөөлөх өвчлөлүүд
Жирэмсэн эмэгтэйчүүд болон ургын хүчилтөрөгчийн дутмагшил /гипокси/, дутуу төрөлт зэрэг ордог байна.

НИЙТ ХҮН АМЫН ДУНД АГААРЫН БОХИРДОЛД ХАМГИЙН ИХЭЭР ХОРДОХ БҮЛЭГТ

1-рт Жирэмсэн эмэгтэйчүүд, хүчилтөрөгчийн нэмэлт хангамж байнга шаардагддаг, иймд дээрхи шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийг хэрэглэх хордлого тайлах болон хүчилтөрөгчийн хангмж сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэж хэвших нь эхэд өөрт нь төдийгүй нярайн биед хэрэгтэй. Нярайн хүчилтөрөгчийн хомсдолоос үүсэх бүхий л хүндрэлүүдийг тээх явцад нь багасгах арилгах шаардлагатай байгаа юм. Эх хүчилтөрөгчийн хангамж сайн авбал тээх явц болон урагт сайнаар нөлөөлдөг.

2-рт Нярай болон бүх насны хүүхдүүд. Өсөлтийн явцад хүчилтөрөгчийн хангамж нэн хэрэгтэй. Бага насны хүүхдийг автозамын хажуугаар хөтлөж болон тэргэнд суулган авч явахгүй байх, Тэвэрч авч явах хэрэгтэй ба хүчилтөрөгчийн хангамж сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэх, өөрт нь таарсан идэвхитэй эсвэл спортын хөдөлгөөнийг хийлгэж хэвшүүлэх хэрэгтэй байна.

3-рт Өндөр настнууд, зүрх судасны өвчлөлтэй бусад өвчтэй иргэд болон хөдөлмөриийн нөхцлөөс шалтгаалах иргэд /зам талбайн цэвэрлэгчид цагдаагийн албан хаагчид, ил болон далд уурхайн ажилчид гм/ хүмүүст хордлого тайлах- антиоксидант үйлчилгээ авах болон хүчилтөрөгчийн хангамж сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай байгаа юм.

Иймээс бүх насны хүмүүс Антиоксидант буюу хоргүйжүүлэх үйлчилгээг байнга авч байх, хүчилтөрөгчийн хангамжаа сайжруулж байх хэрэгтэй.

АГААРЫН БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ АРГУУД

Бүх насны хүмүүсийг агаарын бохирдлын хордлого болон гарч болзошгүй хүндрэлүүдээс зайлсхийх арга замуудыг хэлье.

1-рт Долоо хоногт хамгийн багадаа 1-2 удаа цэвэр агаарт гарч өөрт тохирсон идэвхитэй хөдөлгөөн хийх болон алхаж явж хүчилтөрөгчийн хангамжаа сайжруулах.

2-рт Агаарын бохирдлоос үүсч байгаа хордлогыг байнга тайлах антиоксидант үйлчилгээтэй бүтээгдэхүүн, хүнс, хүнсний нэмэлт тэжээл хэрэглэх.

3-рт Хүчилтөрөгчийн хангамж сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэж байх. Үүнд хүчилтөрөгчийн коктейль, шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тохиромжтой.

4-рт Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дагуу эмийн бус эмчилгээ сувилгаа хийх өөрийн санаачилгаар идэвхитэй хөдөлгөөнийг хийж хэвших зэрэг нь хүчилтөрөгчийн хангамж сайжруулахад ач холбогдол өгдөг байна.

Агаарын Дотоод бохирдолд өрөө тасалгаан дахь агаар сэлгэлтийг гадаа салхитай утаагүй үеүдийг ашиглан байнга сэлгэлт хийх, тасалгааны агаар сэлгэлт хийлгүй 72 цаг болоход химийн хортой нийлмэлүүд үүсдэг нь бага насны хүүхдүүд болон өндөр настай хүмүүст их мэдрэг , биеийн дархлаанд муу нөлөөтэй байдаг. Агаар цэвэршүүлэгч хэрэглэх, агаар чийгшлийн хэмжиж таслгааны агаарыг чийгшүүлж байх хэрэгтэй байна.

Амьдарч байгаа тасалгаанд тамхи татахгүй байх, их хэмжээгээр агаар бохирдуулах зүйл хийгүй байх /жиш: үйлдвэрлэлийн зүйл явуулахгүй гал түлэхдээ дугуй хаймар зэрэг тортогих хэмжээгээр гаргадаг зүйл шатаахгүй байх/ зэрэг орно.

Хүний Их эмч Клиникийн профессор Б.Нарантуяа