Categories
мэдээ цаг-үе

Зүрхний мэс заслаар мэргэшиж буй “Алтан гарт” залуу эмч

Монголын залуучуудын холбооноос “Тэргүүний залуу эмч” шагналыг анх удаагаа бий болгож, энэ оны тэргүүний алтан гарт эмч нарыг энэ сарын 14-ний өдөр тодруулсан. Тэргүүний залуу эмч нарыг сэтгэц, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, зүрх судас, нүүр ам судлал зэрэг нарийн мэргэжлийн 35 номинациар шалгаруулсан юм. Тиймээс энэ удаагийн “Өдрийн зочин” буланд “Алтан гарт залуу эмч”-ээр тодорсон Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн их эмч Д.Батбаатарыг онцолж байна.

Тэрээр эмчийн мэргэжлээр ес дэх жилдээ ажиллаж байна. Д.Батбаатар эмч 2010-2016 оны хооронд 1300 удаагийн зүрх болон судасны мэс засал хийжээ. Тэрээр Архангай аймгийн Өлзийт суманд төрж өссөн. 2001 онд сумынхаа арван жилийн дунд сургуулийг төгсөөд, “Ач” анагаах ухааны их сургуульд элсэн зургаан жил суралцаж, 2007 онд хүний их эмч мэргэжил эзэмшжээ. Ингээд 2008-2010 онд Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт мэс заслын нарийн мэргэжил эзэмшиж, 2010-2011 онд зүрхний мэс засалч эмч болжээ. Д.Батбаатар 12 хүүхэдтэй Дамцаг хэмээх малчин айлын 11 дэх хүү аж. Тэрээр багадаа эмч болж тоглох дуртай, ихэвчлэн хүн эмчилж, өвдсөн хүнд тусламж үзүүлж байна гэж тоглодог байж. Хөгшүүл түүнийг өвчин хүсээд, хачин хүүхэд вэ гэж зэмлэдэг байсан гэнэ. Тэрээр эмч мэргэжлийг сонгосон тухайгаа “Миний аав жирэмсэн болон толгой тархи нь хөдөлсөн, гэмтэж, бэртсэн хүмүүсийг бариад эмчилчихдэг, нутаг орондоо хүндтэй бариач хүн байсан юм. Тиймээс багаасаа аавыгаа хараад, хүн эмчилж эрүүл болгох буянтай сайхан ажил юм байна гэж ойлгоод, эргэлт буцалтгүй энэ мэргэжлийг сонгосон. Одоо бодоход би эмчээс өөр ажил хийж чадахгүй юм шиг, миний л хийх ёстой ажил юм шиг санагддаг” хэмээн ярилаа. Хүний зүрхийг зогсоож байгаад хийдэг мэс засал дэлхий дээр ганцхан байдаг нь зүрхний мэс засал ажээ. Зүрхний мэс засал хийхэд уушги, зүрх хоёрын үйл ажиллагааг зогсоож, багаж залгачихаад, хагалгааны дараа зүрхийг нь буцааж ажиллуулдаг юм байна. Тиймээс хагалгааны дараа тухайн өвчтөний зүрх ажиллахгүй байх, удаан сэргэх зэрэг хүндрэл бэрхшээл гарах тохиолдол бий гэнэ. Д.Батбаатар сүүлийн жилүүдэд хүүхэд, нярайн зүрхний гажгийн мэс заслаар мэргэшиж байгаа бөгөөд энэ чиглэлээр жилд нэг удаа 1-3 сарын хугацаанд Солонгосын Юнсей их сургуульд суралцаж байгаа гэнэ. Манай улсын хувьд төрөлхийн зүрхний гажиг нэлээд нэмэгдэж байгаа учраас тэрээр цаашид Монголд нярайн зүрхний мэс заслын суурийг тавих, энэ чиглэлийг хөгжүүлэх мөрөөдөлтэй гэнэ. Төрөлхийн зүрхний гажиг өвчин юунаас үүсдгийг анагаах ухаан тодруулаагүй ч манай улсын хувьд хоол хүнсний буруу хэрэглээ, агаар, орчны бохирдол, нийгмийн стресс, эцэг эхчүүдийн архи тамхины хэрэглээ, амьдралын буруу хэв маяг зэргээс шалтгаалж буй нь ажиглагдаж байгаа гэж Д.Батбаатар ярилаа. Тэрээр багаасаа л даруухан, хөдөлмөрч, хичээнгүй сурагч байжээ. Түүний эхнэр мөн л эмч мэргэжилтэй, шүдний эмчээр ажилладаг О.Эрдэнэтуяа гэж бүсгүй бий. Д.Батбаатар, О.Эрдэнэтуяа хоёр хоёулаа “Ач” анагаах ухааны их сургуульд суралцаж, төгссөн. Их сургуульд байхаасаа үерхэж, гэр бүл болоод одоо гурван хүүхдийн эцэг, эх болжээ. Д.Батбаатар “Алтан гарт эмч” шагнал авсан талаар сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Шагнал гардуулахад хамгийн эхлээд намайг дуудсан. Хамгийн эхний шагналыг авсан. Энэ шагнал бидэнд цаашид ихийг хийх итгэл хүлээлгэж байгаа гэж ойлгож байна. Мөн залуу хүмүүст ихийг хийх урам зориг, ташуур болсон” гэсэн юм.

Н.Ганчимэг

Categories
мэдээ цаг-үе

Аюурзанын Алтантуяа: Орчин үед оёдолчин болох хүн ховордчихож

Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, мастер оёдолчин, “Ур-Ундрах” компанийн захирал Аюурзанын Алтантуяатай уулзаж ярилцлаа.


-“Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн найрагчийг “Монгол савхи” компанийн захирал Хүнийхүү савхин дээлээр мялаадаг уламжлалтай байсан. Танай компани сүүлийн жилүүдэд энэ уламжлалыг хадгалж түрүү найрагчид үндэсний дээл бэлэглэдэг болсоор хэдэн жил болчихов уу?

-“Болор цом” наадмын тэргүүн найрагчийг дээлээр мялаадаг болсоор 14 жил өнгөрч. Энэ жил 15 дахь дээлээ өгнө. Сүүлийн гурав, дөрвөн жилийн “Болор цом” наадмын дээлийг биечлэн гардуулж өгч чадаагүй. Өвөрхангайд болсон наадамд яруу найрагч Л.Моломжамц түрүүлэхэд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал асан Г.Мөнхцэцэг маань “Ямар сайхан дээл вэ” гээд аваад явж байсан. Ноднин Ц.Эрдэнэбаатарыг түрүүлэхэд би Солонгос улсад эмчилгээтэй явчихсан байсан. “Болор цом”-ын дээлийг оёж дуусаад байж байхад Сүхбаатар аймгийн яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир, яруу найрагч Амартайван нар хараад “Үнэхээр сайхан дээл болж” гэж урмын үгээр мялааж байсан шүү.

-Та чухам яагаад “Болор цом”-ын эздэд дээл өргөн барьж байхаар болов?

-Ээж маань ерөөл, магтаал хэлдэг, уран зохиолд жигтэйхэн дуртай хүн байсан. Миний зулай дээр гишгэж төрсөн ах бэлэн цэцэн үгтэй, үдэшлэг цэнгүүнд шүлэг уншдаг хүн байлаа. Тиймээс би зохиолчдоо их хүндэтгэж явдаг байсан. Би Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж гуайнхаа “Сэгс цагаан богд”, “Гэргийн зүрхний үг” зэрэг олон сайхан шүлэг найраглалыг цээжээр уншдаг байлаа. Их зохиолч Д.Нацагдорж, билгүүн номч Бямбын Ринчен нар бол монгол үндэснийхээ дээлийг яах аргагүй түүхэнд үлдээсэн улс шүү. Нацагдорж гуайн зураг дээр байдаг дөрвөлжин энгэртэй дээлийг хүүхэд байхдаа хараад “Ийм сайхан дээл хийхсэн” гэж мөрөөддөг байлаа. МУИС-ийн хаалгаар монгол дээлтэй хүн оруулдаггүй тэр он жилүүдэд манай их эрдэмтэн Б.Ринчен гуай үндэсний дээлээ өмсөн монгол дээлээ түүхэнд авч үлдсэнд би маш их баярлаж явдаг.

-Та цомын эздээс гадна олон зохиолчид дээл бэлэглэсэн гэдэг байх аа?

-Би эхээс арван гурван настайдаа өнчирч, аав маань найман хүүхэдтэйгээ үлдсэн. Хар багаасаа л үйл үртсээ өөрөө хийдэг сэн. Дөрвөн өнчин дүүгийнхээ дээлийг хийдэг байлаа. Дөчөөд жил дээл хийж. Доржготов, Ш.Гүрбазар нарын олон зохиолч, найрагчид дээл хийж өгсөөн.

-Дөчөөд жил дээл хийсэн гэхээр овоо судалгаатай болоо биз?

-Дээл гэдэг маань “дэвэл” гэсэн үгээс гаралтай. Дэвжин дээшлэхийн утга агуулгатай. Арвангуравдугаар зууны үед монгол дээл зүүнтэйгээс баруун тийшээ зөрлөг энгэртэй хувцас байсан юм билээ. Дуучин С.Жавхлангийн өмсөж буй дээлийг гэхэд Хүннүгийн үеэс, Чингис хааны үеэс өмсөж ирсэн уламжлалтай. Үндэсний хувцсыг түүхэн талаас нь гурав хувааж үзэж байгаа. Их Монгол Улсын үеэс Манжийн эрхшээлд орох хүртэлх, Манжийн үеэс Богд хаант Монгол Улсын үе, Богд хаантын үе, Ардын хувьсгалаас хойших үе гэж үечилж байна. Монгол хүнийг “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал”-аас салгахын аргагүй болохоор эл дөрвөн хувцсыг иж бүрнээр хийх юм, Монголын ард түмэн маань иж бүрнээр нь эдлээсэй гэж боддог. Манай “Ур-Ундрах” чинь жижигхэн үйлдвэр ч гэсэн нэг гуталчин, хоёр малгайчин ажиллуулж байна. Мөөрөлжин захтай дээлийг өвөг дээдэс маань XIII-XVII зуун хүртэл өмсөж.

-Мөөрөлжин зах гэж бөөрөнхий захыг хэлж байна уу?

-Мэдэхгүй хүмүүс “лам зах” гэж нэрлээд байдаг. Түүхч Бадамхатан гуайн номонд мөөрөлжин гэсэн байгаа юм шүү. Монгол үндэстэн маань харийн дарлалд орох үед үндэсний хувцсыг хүртэл устгах бодлого явуулсан байдаг. Тулган дахь галыг нь хар хэрээний хошуу дүрсээр мануулангуут Өндөр гэгээн Занабазар монгол хатан хүний хувцсыг бүргэдийн хэлбэртэй болгосон байх жишээтэй. Монголчуудыг мал дагасан мал гэж битүү доромжлон нударга хийхэд малын туурайн хэлбэрийг өөрчлөн халхын заяаг хадгалах тавин лангийн ембүүний хийцтэй болгосон байдаг. Ерээд оноос эртний эвэр угалзтай хийц хэлбэрийн дээл хувцсыг монголчууд сэргээн хэрэглэж эхэлсэн. Монгол хээ угалз чинь аргаль янгир, малынхаа эвэр угалзыг дуурайлгаж хийсэн хээ байдаг. Манайх Хүннүгийн булшнаас гарсан эвэр хээтэй дээлийн загварыг шинээр хийж Сөүлд болсон олон улсын хувцасны үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртэж байлаа.

-Та монгол хувцсыг шинэ хэв загварт оруулж, хөгжүүлж яваа хүн шиг санагддаг. Тухайлбал, нэг удаагийн “Болор цом” дээр “Монгол” гэдэг үгийг сувдаар хэлхсэн дээлтэй ирж байсан даа?

-Хувцас гэдэг цаг үеийн түүх. Хубилай хаан монгол хувцсыг монгол үндэстний хувцас гэж 1275 онд хуульчилж байсан байдаг. Мөнх хаан бас хуульчилсан. Даяаршлын эл эринд монгол хувцсаа хуульчлаасай гэж боддог. Дэлхийн хувцсыг дэлгүүрээр дүүрэн оруулж ирчихээд өөрийн үндэсний хувцсаа тоохгүй байх шиг гунигтай юм үгүй. Үндэсний хувцсаа монгол улстөрчид, монгол сэхээтнүүд нь өмсөхгүй бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж мянгантаа хашгичаад нэмэргүй биз дээ. Үндэсний хувцасныхаа товч, шилбэ, энгэр, ханцуй, хээ угалзыг уламжлан орчин цагийн хэв загварт оруулж байгаа нь хөгжил юм. Эмэгтэй хүн бүхэн бэлхүүсээрээ нарийн харагдах дуртай. Тиймээс үзэсгэлэнт сайхан байдалд тохируулж дээлээ хийж байна. Захиалгат хувцасны анги төгссөн маань ч ач тусаа өгч байна.

-Шилдэг загвар өмсөгч шалгаруулах “Гоёл-2016” наадмаас танайх “Үндэсний шилдэг хувцас”-ны тэргүүн байрын шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Монгол бичигтэй цагаан ноолууран дээл, хүрмээр тэргүүн шагналыг авсандаа баяртай байгаа. “Бичиг нь босоо юм чинь хийморь босоо байдаг юм байлгүй” гэсэн үгээс санаа авч энэ загварыг бүтээсэн юм. Анх би “Монгол” гэсэн үгийг дээлэн дээр бичсэн загвараа өмсөн, тайзан дээр шүлэг уншихад Өмнөд Монголоос олон хүн утасдаж баяр хүргэсэн. Өмнөд Монголын радиогийн Журамт хэмээх залуу тусгайлан олон дээл захиалж хийлгэж байсан. Эзэн Богд Чингис хаан минь дэлхийн мянганы суут хүн мөн л юм бол зураг хөргөнд ч, үг зарлигт ч мөргөж залбирч байгаасай гэж хүсэн энэ монгол бичигтэй дээлийг хийсэн юм. Миний охин дизайнер Баасансүрэнгийн маань бүтээл л дээ.

-Чингис хааны юу гэсэн зарлиг үгийг буулган бичсэн бол?

-“Дэлхийн хүмүүс чухам юу бодож байгааг олж мэдэхгүйгээр мэдэхийг хичээгтүн. Хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг даруулан тэргүүлнэ гэж үгүй. Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг эзлэхийг яарагтун” гэсэн бичиг байгаа. “Гоёл” наадмын бичлэгийг зурагтаар үзэхээр тодорхой сайхан харагдана даа.

-Танайх оёдолчдынхоо нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн гэл үү?

-Орчин үед оёдолчин болох хүн ховордчихож. Дээд мэргэжилтэй болох, гадаад хэл сурах, харьд очиж амьдрах эрмэлзэлтэй болчихсон байна. Социализмын үед эмэгтэй, эрэгтэй хувцсыг стандарт, технологийн дагуу хийдэг байлаа. Тиймээс ч ажилчид маань бүгд л миний заавар зөвлөмжөөр оёдлоо хийж байна. Хөдөөнөөс зориод ирсэн, гартаа уртай, нямбай оёдолчдоор багаа бүрдүүлсэн. Хүн хүнийхээ төлөө л чин сэтгэлээр хандаж байхад бүх зүйл сайн сайхан болно. Япон зэрэг өндөр хөгжилтэй улс оронд явж байхад хүмүүс нь ажлын байраа тэгтлээ солиод байдаггүй юм байна лээ. Арваад жил ажилласан хүмүүс маань гэр хороололд амьдарч, найман хувийн зээлд хамрагдаж чадахгүй болохоор өнгөрсөн жилээс Зурагтад нийтийн байр худалдан авч тэндээ ажилчдаа оруулсан. Халуун устай, цахилгаан зуухтай зөвхөн гэрэл, дулааны мөнгөө төлөөд боломжийн л амьдарцгааж байна. Үр хүүхдүүд нь ч сургууль, цэцэрлэгийнхээ ойролцоо амар болсон. Тэтгэвэрт гартлаа энэ байрандаа амьдарцгаана. Үр хүүхэд нь манайд ажиллавал байрыг нь хувьчлаад өгчихнө. Ийм зарчмаар л ажиллаж байна даа.

-Танайх олны танил үйлчлүүлэгчид ихтэй биз?

-Улсын заан Долгорсүрэн зааныхан ах дүүсээрээ манай үйлчлүүлэгчид. Өнгөрсөн наадмаар Дагвадорж аварга маань ирээд явсан. Тайландын улаан, хүрэн даавуугаар сайхан хувцас хийлгэлээ. Өмсчихсөн байгаа нь зурагтаар сайхан л харагдаж байна лээ. Сумьяабазар гишүүн, Сугаррагчаа ах нь ч дээлээ манайхаар л хийлгүүлдэг.

-Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ аль хэр хамтран ажиллаж байна даа?

-“Дархан нэхий” компанийн нэхийгээр торгоор өнгөлөөд сайхан дээл хийж байна. Эдний боловсруулсан хурганы арьсаар хөнгөхөн монгол хувцас хийж байгаа шүү. Бид бие биеэ дэмжихгүй бол улс орон хөгжихгүй. Малчдадаа харин захихад хонио тосон будгаар бүү тэмдэглээч, тэмдэглэсэн ч эвэр, толгойд нь тосон будгаа түрхээч гэмээр байна. Тэр будаг чинь хонины нэхий, сэгсүүргэнээс яаж ч боловсруулсан арилдаггүй юм байна шүү. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Одооны хүмүүс мэдэхгүй юмаа мэдэмхийрч яриад, чадахгүй зүйлээ хийнэ гэж дайраад байдаг болж” гэж нэгэнтээ ярьсан байдаг. Миний хувьд энэ оёдлынхоо салбарт бараг дөчөөд жил ажилласан болохоор мэддэг, чаддаг бүхнээ бусдад хэлж байхыг хүсдэг. Тэр утгаар л малчдадаа нэхийгээ сайхан арчлаад үнэд хүргээч ээ л гэж хэлье.

-Танай бүтээгдэхүүнүүд олон улсын үзэсгэлэнгээс ямар шагнал авч байв?

-БНСУ-ын Сөүл хотод болсон олон улсын болон Зүүн хойд Азийн улсуудын үзэсгэлэнгүүдээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль авчирсан. Монголын уламжлалт хувцсыг дэлхий үнэлж байгаа нь сайхан шүү.

-Та түрүүн төрийн түшээдийг үндэсний хувцсаа хэрэглээч гэж байсан. Ямар хувцас өмсөх нь тухайн хүний эрх биш үү?

-Ирэх 2017 онд би Жижиг, дунд үйлдвэрийн зээл авна. Тэгээд төрийн түшээдэд үнэгүй монгол дээл хийж өгье гэж бодож байгаа. Монгол дээл хувцсаа сайхан өмсөж эдлэг л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайг НҮБ-ын чуулган дээр монгол үндэсний дээлээ өмсөж очоод үг хэлсэнд би үнэхээр их баярласан.

-Төрийн түшээдэд үнэгүй дээл хийж өгнө гэхээр авлига болчих юм биш үү?

-Үндэсний хувцсаа хэрэглээч гэсэн санаачилга маань авлигад тооцогдохгүй байлгүй дээ. Хэн нь ч зориод ирсэн би сайхан дээл хийж өгнө өө. Бат-Эрдэнэ аварга маань манайхаар байнга дээлээ хийлгэдэг. Хүмүүс ч “Бат-Эрдэнэ гишүүний ногоон даавуугаар дээл хийлгэе” гэх нь сайхан байдаг юм. “Бүлтэнгийн шаргал” гэсэн алдартай торго ч байна. Гавьяат эмч Бүлтэнгийн дээл хийлгэсэн торго гэхэд ийм нэртэй болсон. Баянсэлэнгийн бор гэсэн өнгө ч бий.

-Хятад торго дэлхийд тун алдартай. Гэхдээ танайх хятадаас өөр торго ч авчирдаг бололтой?

-Хятад торго дэлхий дээр хамгийн чанартай. Торгоны хүр хорхой ганцхан Хятадад байдаг амьтан. Япон, Солонгос нийтлэг сайхан торготой. Эднийхний өөрсдийнх нь хувцасны материалууд манай үндэсний хувцсанд тохиромжтой байдаггүй. 45-60 см-ийн өргөнтэй болохоор залгаас их орох гээд байдаг. Далай ламд мөргөхөөр явахдаа Энэтхэгээс жаахан торго татдаг. Манайх чинь жижигхэн байгууллага учраас чингэлэг чингэлгээр бараа авчрах боломж байхгүй л дээ. Тиймээс маш чанартай торго сонгож авчирдаг. Охин маань англи хэлтэй болохоор Тайланд хамт явж торго авчирна шүү.


Categories
мэдээ цаг-үе

Рембрандт

Дэлхийн уран зургийн түүхэнд өөрийн бүтээлээрээ мөнхөрсөн зураачдын нэг бол Рембрандт. Голландын алтан үеийн томоохон төлөөлөгч гэгддэг түүнийг хүний дотоод сэтгэл зовлон, жаргал, шаналал зэргийг бүтээлээр харуулж чадсан анхны зураач гэдэг. Тиймээс Рембрандтыг уран зургийн түүхэнд хувьсгал хийсэн хэмээн тодорхойлдог юм.

Рембрандт Харменсзон 1606 оны долдугаар сард Голландын Лейден хотод төрсөн аж. Түүний аав нь тээрмийн эзэн Хармена Герритсзона ван Рейн. Арван хүүхэдтэй айлын бага нь Рембрандт байжээ. Эцэг, эх нь нэлээд шүтлэгтэй хүмүүс байсан нь хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлсөн гэдэг. Рембрандтыг их сургуулийн дэргэдэх латин сургуульд оруулсан боловч зураг зурах сонирхолтойг нь анзаараад 13 настайд нь зураач Якоб ван Сваненбюрхд шавь оруулсан гэдэг. Гэвч үүнийг гэрчлэх баримт олдоогүй гэдгийг судлаачид дурддаг. Якоб ван Сваненбюрх нь Рембрандтыг өөрийн гэсэн арга барилтай зураач болоход нөлөөлсөн гэдэг нь эргэлзээтэй гэдэг. Рембрандт Амстердамд очиж Питер Ластмандын шавь байхдаа Италид мэргэжил дээшлүүлжээ. Ингэхдээ түүхэн, туульс болон библийн сэдэвтэй зургаар дагнан нэлээд бүтээл туурвисан. Италиас нутагтаа эргэж очоод зураач найз Ян Ливенстэй хамтран урлангаа нээж элсэлт авч хичээл зааж эхэлсэн юм. Ердөө хэдхэн жилийн дотор нэрд гарсан байна.

“Даная”

Зураач Питер Ластман нь алдарт зураачид хамгийн ихээр нөлөөлсөн уран бүтээлч. Багшийнхаа тод өнгийн будгаар зурдаг, үйл явдлыг нарийвчлан үзүүлдэг онцлогийг Рембрандт өвлөн авчээ.

Амстердамд л олны танил болж хүлээн зөвшөөрөгдөнө гэдгийг ойлгосон тул Голландын нийслэлийг зорьсон. Тун удалгүй зорьсондоо хүрч нэрд гарсан байна. Ирээдүйтэй зураач гэдэг нь мэдэгдсэн тул хүмүүс хүлээн зөвшөөрчээ. Рембрандтаар зураг зуруулах гэсэн хүмүүсийн захиалга тасрахаа больсон. “Доктор Тульпийн анатомийн хичээл” зураг нь түүнийг улам ч алдаршуулсан гэдэг. Хүний гарын дотоод бүтцийг судалж буй эмч нарыг наашаа харан зэрэгцэн сууж буйгаар дүрсэлсэн энэ бүтээл нь хөрөг зурагт хувьсгал хийжээ. Зураг дээр дүрсэлсэн олон хүнийг сэтгэл санаа, бодлоороо нэгдсэн байгааг дүрсэлж чадсан нь энэ бүтээлийн нэг онцлог юм. Үүний сацуу хүн бүрийн онцлогийг харуулсан нь уран бүтээлчийн хувьд нэлээд хөгжсөнийг илэрхийлжээ. Амстердамд нүүж ирсэний дараахь хэдэн жил түүний амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан гэдэг. Рембрандт 1964 онд Саския ван Эйленбрюх хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Эхнэр нь хотын даргын охин байсан тулд залуухан зураач дээдсийн хүрээлэлд орох боломж нээгдсэн байна. Яг энэ үед Рембрандт хэдэн арван хөрөг бүтээсэн нь зургаа зуруулах гэсэн захиалагч нэлээд болсныг гэрчилнэ. Тухайн үед номлогч асан Корнелис Анслогийн хөрөг нэлээд шуугиан тарьсан байна. Ийнхүү авьяас чадвараараа чамгүй хөрөнгөтэй болж байшин худалдан авчээ. Энэ байшин нь өдгөө Рембрандтын гэр музей гэгддэг. Эхнэр нь Рембрандтын гурван хүүхдийг төрүүлсэн боловч бүгд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. 1641 онд Саския ван Эйленбрюх хүү төрүүлж Титус хэмээх нэр хайрлажээ. Харамсалтай нь залуухан бүсгүй төрснийхөө дараахан нас барсан юм. Ийнхүү эхнэр нь 29 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь нэрт зураачид сэтгэл санааны маш том цохилт болсон гэдэг. Яахаа мэдэхгүй болсон Рембрандт зураг зурж сэтгэлээ тайвшруулдаг байжээ. Хүүхдэдээ ч анхаарал халамж тавих чадваргүй байсан тул Гертье Диркс хэмээх бүсгүйг асрагчаар авч удалгүй нэрт зураачийн амраг болсон гэдэг. Гэсэн ч Рембрандтын сэтгэл тайвшралыг олоогүй. Хүүхдийнхээ асрагчийг сольж залуухан бүсгүйг ажиллуулахаар болсон байна. Гэтэл Гертье Диркс нэрт зураачийг гэрлэлтийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хэмээн шүүхэд өгчээ. Шүүхээс бүсгүйг буруутай гэсэн шийдвэр гаргаж таван жил засан хүмүүжүүлэх газар хорих шийдвэр гаргасан байдаг. Бүсгүй тэндээс гараад удаагүй байхдаа нас барсан байна. Энэ бүхэн Рембрандтын уран бүтээлд нөлөөлсөн юм.

Эхнэрийгээ нас бараад удаагүй байхад тэрээр “Шөнийн харуул” хэмээн нэрлэсэн бүтээлээ туурвисан. Шинээр баригдсан байшинг чимэглэх зураг хэрэгтэй болсон тул Амстердамын шадар цэргүүдийг дүрсэлсэн зургийг захиалгаар зуруулжээ. Дөрвөн метр бүхий энэ зураг нь хэмжээний хувьд түүний хамгийн том бүтээлд тооцогддог. Уг бүтээлээ туурвиснаасаа хойш Рембрандт нэг хэсэгтээ хөрөг зурахаа больсон гэдэг. XIX зуунд уран зургийн ертөнцөд импрессионизм, реализм хоёр давамгайлна гэдгийг тэр үед урьдчилан харсан аж. “Шөнийн харуул”-д хүнийг хөдөлгөөнтэйгөөр дүрсэлсэн нь хамгийн том дэвшил болсон. Энэ зураг тухайн үедээ нэлээд шуугиан тарьж уран бүтээлчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлжээ. Гэвч нэг дор олон хүнийг дүрсэлсэн нь хүмүүст огтхон ч таалагдаагүй гэдэг. Тиймээс Рембрандтад захиалга өгөхөө больсон нь түүнийг орлогогүй болоход хүргэжээ. Түүний урланд сурч байсан залуусын тоо ч эрс цөөрсөн байна. Ийнхүү алдарт зураачаас бүгд нүүр буруулсан нь уран зургийн ертөнцөд огт өөр уур амьсгал ноёрхох болсонтой холбоотой. Харин Рембранд бууж өгөөгүй. Тэрээр арын фоныг тод өнгөөр зурж, эрс тэс өнгүүдийг хослуулдаг болжээ.

“Доктор Тульпийн анатомийн хичээл”

1640 оноос хойш алдарт зураачийн амьдрал нэлээд хүнд байсан бөгөөд үүнээс хойших үеийн талаар түүнтэй холбоотой түүхэн баримт бичиг бараг байдаггүй гэнэ. Ямар ч байсан Николас Мас гэдэг шавьтай байсан талаарх баримт үлджээ. Рембрандт уран зургийн хосгүй цуглуулгатай, эртний эдлэлтэй байсан. Тиймээс өрөндөө баригдсан түүнийг шүүхэд өгөхөд ховор цуглуулгыг нь зарж талыг нь дарсан. Эцэс сүүлдээ байшингаа заржээ. Энэ үед хүү Титус нь эмээтэйгээ нийлж ховор зураг, эртний үнэт эдлэлийг нь зарах ажлыг зохион байгуулсан юм. Гэсэн хэдий ч өрөө бүрэн дарж чадаагүй тул нэр хүнд нь нэлээд унажээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд орлогогүй нэлээд хүнд байхдаа тэрээр сор болсон бүтээлүүдээ туурвисан. Будаг нь цавуу шиг наалдамхай, зотон дээрээ урсаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр зурсан нууцыг өнөөдрийг болтол судлаачид тайлж чадаагүй байгаа.

Рембрандтын бүтээлийг хуулбарлан зурах явдал нэг хэсэг нэлээд газар авсан. Тиймээс 1968 онд Амстердамд хуурамчийг нь жинхэнэ бүтээлээс ялгахын тулд “Рембрандт” төслийг хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн эцсийн үр дүнг 2014 онд ном болгон хэвлүүлжээ.

Франциско Гойяа

Голландын нэрт зураачийн талаар ярихдаа “Даная” хэмээх зургийн талаар ярихгүй байхын аргагүй. Эртний Грекийн домгоос сэдэвлэн зурсан уг бүтээлдээ залуухан нүцгэн бүсгүйг дүрсэлсэн байдаг. Эртний Грекийн Аргос хаан Даная хэмээх бүсгүйг үхлийн хэрэгт буруутган хонгилд хорьж нэгэн зарц эмэгтэйг манаачаар нь тавьжээ.

Данаяг орон дээрээ нүцгэн хэвтэж байхад бие дээр нь нарны туяа тусч байгаагаар дүрсэлсэн юм. Зевс бурхан борооны дусал болон Данаягийн хоригдож буй өрөөнд орсон гэдэг. Үүний дараа бүсгүй хүү төрүүлж Перес хэмээн нэрлэсэн гэсэн домог бий Бүсгүйг дүрслэхдээ зөөлөн шаргал өнгийг ашиглаж, сүүдэр гэрлийг нь чадварлагаар хослуулсан нь энэ бүтээлийн нэгэн гайхамшиг, зураачийн авьяасын илэрхийлэл юм. Данаягийн баруун гар нь гэрэл рүү тэмүүлж, зүүн гарынх нь ядам хурууг бөгжтэйгөөр дүрсэлсэн байна. Харин хэвтэж буй орны толгой дээрх сахиусан тэнгэрийг ихэд шаналсан төрхтэйгээр дүрсэлсэн нь бүсгүйн дотоод сэтгэлийг илэрхийлжээ. Энэ бүтээлийн бас нэгэн онцлог нь Зевс бурхныг дүрслээгүй явдал.

Рембрандт амьдралын сүүлийн жилүүдэд гуниг эмгэнэлээр дүүрсэн байсан. Түүний хожим нь хайр сэтгэлтэй болсон бүсгүй нь нас баржээ. Удалгүй түүний хүү Титус болон бэр хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Үүний дараахан алдарт зураач энэ хорвоог орхисон юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол бол дорнын биш өрнийн орон

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ дахин хэлэлцэж эхлээд байна. Дахин гэж тодотгохын учир нь уг хуулийг өмнөх парламентаар баталчихсан байсан юм. Ингээд есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой байв. Гэтэл одоогийн парламент тогтоол үйлдэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг багц хуулиудынх нь хамт хэрэгжих хугацаанаас нь өмнөхөн татчихсан. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Зөрчлийн тухай хуультай дагалдах таван багц хууль гэж бий. Тэр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд юм. Эндээс Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Зөрчлийн тухай хуулиудыг 2017 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр баталчихсан. Үүнээс өмнө дагалдах багц хуулиудыг нь батлах ёстой. Тэгж байж хууль бүрэн утгаараа хүчин төгөлдөр үйлчлэх юм. Харин УИХ одоо таван багц хуулиас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг нь сугалан авч хэлэлцэж эхлээд байна.

Маш удаан хугацаанд хэлэлцэгдэж байгаа энэ хууль зарим төрийн түшээдийн багийг хуулж байна. Ялангуяа УИХ-ын гишүүн А.Сүхбат асар хоцрогдсон үзэл бодолтой хүн болохоо харууллаа. Чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр түүний хэлсэн үг ийм дүгнэлт хийхэд хүргэв. Тэрбээр уржигдар Их хурлын танхимд хариуцлагатайгаар хэлсэн үгэндээ Монголыг барууны биш дорнын орон гэлээ. Улмаар “Өрнийн соёлын хуулбар болсон хууль манайх шиг дорнын соёлтой ард түмэнд огт таарахгүй” гэж байх юм. Үнэндээ бидэнд дорнын гэх түй ч байхгүй. Одоо бидэнд эхнэр болох хүнээ богтолж авдаг тийм зүйл бий бил үү. Монголчууд аль социализмын үеэс л баруунжсан шүү дээ. Даяаршлын ертөнцөд бид барууны өндөр хөгжилтэй орнуудын бүх зүйлийг эдэлж хэрэглэж байна. Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа, эрх ямба эн тэнцүү байна. Хүний эрхийг дээдэлж, хамгаалсан хуультай байна. Өрнийн орнуудын жишгээр соёл, боловсролын салбар маань дэлхийн стандартыг хангаж байна. Зах зээлд бизнесийн чөлөөтэй өрсөлдөх зарчим үйлчилж байна. Ингээд харахаар бид яав ч дорнын орон биш байгаа биз дээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэж байгаа энэ цаг үед дорнын орны соёлын талаар жишээ хэлье л дээ. Бангладеш, Афганистан зэрэг орнуудад эхнэр хүн нөхрийнхөө эзгүйд хаалгаа хэнд ч тайлдаггүй. Ойр дотнынх нь хэн гуай ч байсан цонхныхоо цаанаас “Манай нөхөр 19:00 цагт ажлаасаа ирнэ. Тэр үед зочлоорой” гэдэг. Дорнын зарим оронд гэр бүлийн баталгаа ч гэж байдаггүй. Харин хуримын хувцастай хосуудын зураг гэрлэлтийн гэрчилгээг төлөөлдөг байна. Нэг ёсондоо гэр бүлийн харилцааг зохицуулсан хууль мөрддөггүй гэсэн үг. Тиймээс ёс жаягаа л дагадаг. Эхнэрээ богтолж авдаг байдал одоо ч тэдгээр оронд мөрдөгдсөн хэвээр байгаа. Тухайн гэр бүл болох хүмүүсийн хоёр талын эцэг, эх тэдний хувь тавиланг шийднэ. Удам угсаа, гарал үүсэл зэргийг сайтар судалж байж шууд гэр бүл болгочихдог. Өөрсдөө шийдвэр гаргаж, хайр сэтгэлээ дагаж амьдралаа холбох нь тун ховор. Эмэгтэй хүн мундаг боловсролтой эр нөхөртэй болохыг хүсвэл хадам талдаа инж болгож их хэмжээний мөнгө төлдөг гэж байгаа. Хуримын ёслолын дараа энэ амлалтаа биелүүлээгүй тохиолдолд нөхөр нь зодож жанчих бол хэвийн үзэгдэл ажээ. Тэр байтугай хоёр, гурван эхнэртэй байхыг нь дорнын ёсонд зөвшөөрдөг. Энэ байдал орчин цагт ч үйлчилсээр байгаа юм. Мөн Япон, Солонгос зэрэг орнуудад эхнэр хүн нөхрөө нэрээр дууддаггүй. “Тэрний аав аа, энэний аав аа” гэж хүүхдийнхээ нэрийг онцлоод байх нь тэр. Харин монголчууд хэзээ байтлаасаа ингэдэг байлаа даа. Өнгөн талаас нь харахад эр хүнийг бурхан мэт шүтэн дээдэлж, нэрийг нь ч хэлэхээс цээрлэдэг зэрэг дорнын соёл манайхны зарим эрчүүдэд сайхан санагддаг бололтой. Ер нь Монголын эрчүүдийг зөнд нь хаявал тэрхүү хоцрогдсон бадрын ёс руу явах хүн олон байна. Ямар сайндаа “Эхнэр, илжиг хоёрыг сардаа нэг удаа зодож байх хэрэгтэй” гэсэн яриаг гаргацгааж, тэрэндээ итгэн хөөрцөглөцгөөж байх юм. Тэднээс бүдүүлэг харанхуй руу тэмүүлсэн энэ мэт олон үзэл санаа цухалзаж байна гээч. Үндсэн хуулиа баталж байхдаа хоёр эхнэртэй байхыг дэмжих санал гаргаж байсан гээд бодохоор арга ч үгүй биз дээ. Тэртээх 1991 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийг батлахаар хэлэлцэж байхад Төв аймгаас Ардын их хурлын депутатаар сонгогдсон, малын их эмч мэргэжилтэй М.Гантөмөр гэх хүн ийм санал дэвшүүлж байсан байгаа юм. Түүний энэ саналыг зарим депутат ч дэмжиж байсан гэдэг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол нийгэмд хүлээлт үүсгэж чухал хуулиудын нэг. Учир нь гэр бүл дэх хүчирхийлэл улам хүрээгээ тэлж, хохирогчдын тоо өссөөр байна. Төрийн бус байгууллагуудын нэгтгэн гаргасан судалгаагаар өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алджээ. Мөн хамгийн эрхэм хүн хэмээн итгэж, хайрладаг эцэг, эх, ах, эгчдээ зодуулж, хорвоог орхисон хүүхдүүдийн тоог харахад даанч халагламаар. Манайхан хүүхдээ бага, балчраас нь ганц нэг тонших байдлаар гар хүрч эхэлдэг. Томрох тусам нь алганы амт үзүүлэх давтамж нь ойртдог. Нийгэм даяар аавдаа зодуулж өссөн хүүхдийн аав ерөөсөө буруудаагүй байна. “Хэзээнээс эцэгтээ зодуулсан хүүхдийн барцад нь арилдаг гэдэг дээ” гээд л хүүхдэдээ гар хүрдэг аав нар зөндөө. Тэгвэл аавдаа чөдрөөр ороолгуулаагүй гээд сайн байгаагүй жишээ дурдъя. Эцэг, хүү хоёр аливаа үл ойлголцох асуудлаа шийдэхийн тулд өөд өөдөөсөө харж сууж байгаад санал бодлоо нэгтгэж сайхан зөвшилцөж байсан тохиолдол Монголд бараг байдаггүй. Заавал ийм муу урхагтай ул мөр үлдээдэг. Ямар нэгэн айдастай, түгшүүртэй монгол хүн хэзээ ч өөдөлдөггүй. Тиймээс сүүлийн 800 жил байнга уруудлаа. Одоо дэлхийн 200-гаад улсын сүүл мушгиж явж байна. Хөгжлөөрөө, амьжиргааныхаа түвшнээр, хүчирхийллийн зэргээр бид ийм л арчаагүй байдалтай байна.

Тэгвэл өрнөдийн орнуудын хуулиар гэр бүлийн эрхэм харилцааг дээд зэргээр зохицуулсан байдаг. Тухайлбал, шинэ хүнийг мэндлэхээс өмнө хувцас, хэрэгсэл, тоглоом, хүүхдийн өрөө зэрэг түүнд зориулагдсан бүх зүйлийг бэлдсэн байх ёстой. Хүүхдэдээ гар хүрэх нь бүү хэл сонирхсон асуултад нь бүрэн дүүрэн мэдээлэл өгөхөөр хариулдаг байх зэрэг эцэг, эхийн үүргийг хуульчилчихсан. Хэрэв аав, ээж нь хүүхдүүдэд таалагдахгүй ааш, аяг гаргавал шууд тусгай утсанд мэдэгдэж, эрхээ эдэлдэг. Гэр бүлийн гишүүд бүгд тэгш эрхтэй. Энэ бүх боломжийг хуульчилсан болохоор өрнөдийн орнууд хөгжлийн манлайд хүрсэн байдаг юм. Харин бид улам харанхуй, бүдүүлэг рүү явах боллоо.


Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Улаанбаатар хотод өнөөдөр харьцангуй дулаан буюу есөн хэмийн хүйтэн байна. Гэвч энэ сарын 25,26-нд ихэнхи нутгаар цас орж, цасан шуурга шууран цаашид хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Дундговийн нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цөхрөнгөө барсан Улаанбаатарчууд “Утааг яана аа” гэхээс хэтрэхгүй байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нийслэлд үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Үнэгний ав” ажиллагааг явуулжээ. Үүний дүнг өчигдөр танилцуулсан юм. Халаасны хулгайн гэмт хэргийн ихэнх хувь нь нийтийн тээврийн автобусанд гардаг болох нь тогтоогджээ.Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн дугаараас хүлээн авч уншаарай.

Мөн өнөөдрийн дугаарын эхний нүүрт Шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан “Жүр үр”-ийнхэн аз жаргал шингэсэн бялуу хийхийг зорьж байна өдрийн сурвалжлагыг хүргэж байна.

УИХ-ын чуулганы тойм болон Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд ямар байр суурьтай байсан талаарх мэдээллийг мөн хүлээн авч унших боломжтой юм.

Уламжлалт хэлэх эрхийн индэрт ахмадууд маань санал бодлоо илэрхийлжээ.

Өдрийн зочин буландаа оны шилдэг оюутан болсон ШУТИС-ийн оюутан Б.Аръяаг онцоллоо. Түүний шилдэг оюутнаар шалгарсан хөдөлмөр зүтгэлийн замналыг сонирхоорой.

Уламжлалт “Нэг ангийнхан” буланд Политехникийн дээд сургуулийн Эрчим хүчний факультетийн цахилгааны инженерийн ангийг 1984-1989 онд төгссөн 5б ангийнханыг урин оруулжээ. Тэдний сонирхолтой түүхийг эндээс унших боломжтой юм.

Мөн оны спортын онцлох 10 үйл явдал болон дэлхийн хүн булан, амрах агшины сонирхолтой мэдээллүүдийг амралтын энэ дугаартаа нийтэллээ. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлэн “Цахим сонин”-оос хүлээн авч уншаарай. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нотлох баримтыг шинжилж дуусалгүй шүүх хурал завсарлалаа

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж, 22.00 цагт түр завсарлалаа. Өнөөдрийн шүүх хурлаар нотлох баримтыг шинжлэх ажиллагаа явагдсан. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн бүх нотлох баримтыг шинжилж хараахан дуусаагүй байна.

Шүүх хурал хуулиараа 22.00 цагт өндөрлөх ёстой /дээд хязгаар нь/ байдаг тул энэ удаагийн шүүх хурал ийн түр завсарлажээ. Ингээд ирэх даваа гарагийн 10.00 цагт дахин үргэлжлэхээр болсон байна. Уг хурлаар шүүх бүрэлдэхүүн үлдсэн нотлох баримтыг шинжлэхээс гадна шүүмжлэл явуулах юм байна.

Эдгээр өдрүүдэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хийгээд шүүгдэгч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт хуулийн дагуу нууц аж.

Нотлох баримт гэж юу вэ…

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаархуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 79.2. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдоно гэж бий.

Үүний зэрэгцээ 79.3 дахь хэсэгт Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална гэж заасан.

Нотлох баримтыг хэрхэн шинжлэх вэ…

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 261.1.Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэхдээ эхлээд яллах, дараа нь цагаатгах болон бусад баримтыг шинжлэх дарааллыг баримтална.

261.2.Яллах баримтыг нотлох үүргийг улсын яллагч, шүүгдэгчийн байдлыг хөнгөрүүлэх, цагаатгах баримтыг нотлох үүргийг өмгөөлөгч, шүүгдэгч тус тус хүлээнэ.

261.3. Шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэхэд оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.

Тэгвэл шүүмжлэл явуулах ажиллагаа гэж юу вэ…

Энэ нь шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож, хэлэлцүүлэг явуулах ажиллагаа аж. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 280.1-т зааснаар Шүүх хуралдааны шүүмжлэл дууссаны дараа эцсийн үг хэлэхийг хуралдаан даргалагч шүүгдэгчид мэдэгдэх ба ийнхүү үг хэлж байхад шүүгдэгчид асуулт тавьж болохгүй аж.

Мөн шүүгдэгчийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй юм байна. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлгийг дахин эхлүүлж, улмаар шүүх нотлох баримтыг хангалттай гэж үзвэл шүүгдэгчдийг яллах эсэх тогтоолыг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бөртэ чоно”-ын эзэд тодорлоо

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол өнөөдөр болж, 2016 оны спортын салбарын шилдгүүдийг шалгарууллаа. Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Д.Отгондалай, шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар Д.Сумъяа, шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Х.Эрдэнэт-Од нар тус тус шалгарсан байна. Дээрх гурван номинациас гадна шилдэг баг, шилдэг залуу тамирчныг тодруулах санал асуулгыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, тус холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар шалгаруулдаг юм.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

“Бөртэ чоно” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Д.ОТГОНДАЛАЙ /бокс/ “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Олимпийн эрхийн тэмцээний аварга.

ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Д.СУМЪЯА /жүдо/ “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Азийн аварга, “Мастерс” тэмцээний аварга, Дэлхийн чансааг тэргүүлэгч.

ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:

  • Х.ЭРДЭНЭТ-ОД /жүдо/

ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Э.СОДНОМПИЛЖЭЭ /пара пауэрлифтинг/ Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт.
  • Б.УУГАНХҮҮ /пара жүдо/ Рио-2016 паралимпийн наадмын хүрэл медальт

ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Д.ОТГОНЦЭЦЭГ /чөлөөт бөх/ ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга
  • М.АНХЦЭЦЭГ /хүндийг өргөлт/ “Рио-2016” олимпийн наадмын 8-р байрын шагналт, Ази тивийн аварга, Залуучуудын дэлхийн аварга

ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:

  • Ч.БАЗАРСҮРЭН /пара жүдо/
  • Д.БАТСҮРЭН /бокс/

ОНЫ ШИЛДЭГ БАГ:

  • 3х3 Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг /Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт/

ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН:

  • Б.ТЭГШБАЯР /налуу замын дугуй/ Өсвөр үеийн дэлхийн аварга

ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ХОЛБОО:

  • Монголын жүдо бөхийн холбоо

ОНЫ ШИЛДЭГ ХОЛБОО:

  • Монголын шатрын холбоо
  • Монголын боксын холбоо

ОНЫ ШИЛДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ:

  • Х.Баттулга /Монголын жүдо бөхийн холбоо/

ОНЫ ШИЛДЭГ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА:

  • Г.Ерөөлбат /Монголын гимнастикийн холбоо/

Categories
мэдээ улс-төр

С.Жавхлан: Эхнэрүүд чинь дээл оёдоггүй юм бол “Нарантуул” дээрээс худалдаж аваарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр С.Жавхлан гишүүн дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.Тэрээр “Хуулийн дарамт түмэн олонд хангалттай байгаа. Дахиад дарамтлах хэрэггүй. Гадаа 1200 ТҮЦ-ийг ачаад бөөн юм болж байна. Самарч байна. Хөхөө өвлийн хүйтэнд ТҮЦ-гүй болсон иргэд уйлж байна. Хуулийн төсөл дээр гадаад үг их ордог. Та бүхнийг хараад байхад ч гадаад үг их хэлэх юм. Тиймээс гадаад үг хэрэглэхгүй байх тал дээр анхаараач. Амнаас гарсан зүйл чинь үндэсний дархлаа болдог юм шүү. Үндэсний үйлдвэрлэл амнаас гарч байгаа нэг монгол үгнээс эхэлнэ. Тиймээс та бүхэн дараагийн хурал дээр монгол дээлээ өмсмөөр байна. Та өөрөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй юм бол мянган удаа эдийн засаг хямарсан гэж хэлээд ч хэрэггүй. Та бүхний эхнэр оёод өгдөггүй юм бол “Нарантуул” зах дээрээс цалингаараа дээл худалдаж аваарай. Дотор чинь монгол байгаа юм бол гаднаа Монголыг бий болгооч ээ. Дээл өмсөхөд юу нь болохгүй байгаа юм. Би хоёр дахь удаагаа сануулж байна шүү” гэв.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн зохиолч Ю.Санжаагончиг, Ш.Энхбаяр нарт шагнал гардуулав

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдоржийн нэрэмжит шагналыг Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ Ж.Дашдондог, МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ю.Санжаагончиг, МЗЭ-ийн шагналт Ш.Энхбаяр нарт гардуулав.

Монголын орчин үеийн хүүхдийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Содномдорж нь багачуудын дуулах дуртай “Жигмэд Тогмид хоёр” дууны шүлэг, “Норовын намтар” бэсрэг хошин найраглал, “Тахир тав, махир хоёр” бэсрэг найраглал, “Навсайдамба ба түүний нөхөд” зэрэг хүүхдүүдийн унших дуртай бүтээлийг туурвисан нэрт хүүхдийн зохиолч юм.

Тиймээс нэрт зохиолчийн дурсгалыг алдаршуулах, хүндэтгэх үүднээс “Монголын хүүхдийн зохиолчдын холбоо” түүний нэрэмжит шагнал бий болгон шилдэг бүтээл туурвисан зохиолчдод уламжлал болгон олгохоор болсон байна. Энэхүү шагналыг гурван жилд нэг удаа олгох юм.

Дашрамд дурдахад, “Монголын хүүхдийн зохиолчдын холбоо”-ны тэргүүн хүүхдийн зохиолч, театр судлаач, дэд профессор Н.Энхтайван нь хүүхдийн зохиолыг дагнан туурвиж, бүтээл нь гадаад, дотоодод танигдсан зохиолчдод олгох “Д.Содномдоржийн шагнал”-ыг анхлан санаачилж түүний дүртэй тэмдэг, үнэмлэхийг бий болгожээ.