УИХ-ын гишүүн, гадаад харилцааны сайд
Ц.Мөнх-Оргил “Өдрийн сонин”-ы 2016.12.20 МЯГМАР гаригийн №294 (5559) дугаарт
цаг үеийн асуудлаар ярилцлага өгсөн юм. Түүний ярилцлагыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Оны эцсээр хувь хүн ч, байгууллага ч ажил, амьдралаа дүгнэж, дараа жилийн ажлаа төлөвлөдөг. Таны удирдаж байгаа ГХЯ-ны хувьд 2016 онд юу амжуулав гэсэн асуултаар ярилцлагаа эхлэх үү?
-Бүхэлдээ салбарын хувьд 2016 он их ажлын жил байлаа. Юуны өмнө Ази, Европын 51 орны төр, засгийн тэргүүн, Европын холбоо болон АСЕАН-ы дээд удирдлагуудын оролцсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг яам амжилттай зохион байгуулсан. Үүнд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн, ТНБД Д.Ганхуяг нар ихээхэн хүчин зүтгэл гаргасан. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр гурван улсын тэргүүнүүд эдийн засгийн коридорын төслийг зарчмын хувьд дэмжиж, 32 томоохон төслийг дэс дараатай хэрэгжүүлэхээр тохирсон.
Миний хувьд ажил авснаас хойш гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын харилцаа, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн асуудалд түлхүү анхаарч ажиллаж байна. Ерөнхий сайд ч ийм үүрэг өгсөн, цаг үе ч үүнийг шаардаж байна.
Энэ хугацаанд гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэж орлоо, Гаалийн тариф, гаалийн татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гарал үүслийн гэрчилгээтэй холбоотой маргааныг цэгцэллээ, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эсэх асуудлаар хамтарсан судалгааны ажлыг эхлүүллээ, Евразийн эдийн засгийн холбоо (ОХУ, Киргиз, Казахстан, Беларусь, Армени)-тай чөлөөт худалдааны хэлэлцээр манай талд ашигтай эсэх асуудлаар судалгааны ажлыг эхлүүллээ, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэж орох асуудлыг УИХ-тай зөвшилцлөө. Мөн БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, АНУ, Германтай харилцаагаа хурдтай хөгжүүлэхэд саад тотгор болоод байсан том, жижиг олон асуудлыг дэс дараатай шийдэж, цаашдын хамтын ажиллагааны суурийг тэгшиллээ. Тухайлбал, Герман, Японы аж ахуйн нэгжүүдэд төлөх ёстой байсан төлбөрүүдийг барагдуулах, АНУ-тай байгуулсан Ил тод байдлын гэрээг амьдруулах, ОХУ-тай Засгийн газар хоорондын комиссын хурлыг амжилттай бөгөөд үр дүнтэй зохион байгууллаа. Энэ бүхэнд Ерөнхий сайд, Шадар сайд хоёр их тус дэмжлэг боллоо. БНХАУ-тай олон чухал гэрээ хэлэлцээр байгуулах, олон жил хөдлөөгүй асуудлуудыг урагшлуулахаар төр, засгийн байгууллагууд эрвийж дэрвийхээрээ ажиллаж, нэлээд зүйлийг тохирч, ажил урагштай явж байлаа. Шадар сайд дэд бүтэц, эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагааны гэрээ байгуулах, Гадаад харилцааны сайд энэ сард Бээжинд айлчилж хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар байсан боловч эдгээр асуудал тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод байна.
-Хятадын тал Далай ламын айлчлалыг эсэргүүцэж, энэ бүх ажил хойшилсон л доо. Одоо байдал ямаршуу байна, ямар нэгэн нааштай өөрчлөлт гарч байна уу?
-Нааштай мэдээнүүд байна. Хэдхэн хоногийн өмнө Монгол, Орос, Хятадын Зам тээврийн сайд нар Москва хотноо Азийн автозамын сүлжээний асуудлаарх гурван талын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ бол олон жил яригдаж, хэлэлцэгдсэн гурван орны авто тээврийн хамтын ажиллагааг чанарын шинэ шатанд гаргах чухал хэлэлцээр юм.
Мөн УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Бээжинд ажлын айлчлал хийж, Хятадын коммунист нам болон Засгийн газрын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийгээд ирлээ. Харилцаагаа хэвийн голдрилд оруулж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн төлөө тал талаасаа чармайлт гарган ажиллаж байна.
Монгол Улс нь “Нэг Хятадын бодлого”-ыг тууштай баримталж, Түвд нь БНХАУ-ын салшгүй нэг хэсэг бөгөөд Түвдийн асуудал нь Хятадын дотоодын асуудал гэсэн байр суурийг баримталж ирсэн. Манай бодлогын энэ зарчим нь 1994 оны Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, 2014 болон 2015 оны хамтарсан мэдэгдлүүд, харилцааны бусад суурь баримт бичигт тусгагдсан. Монголын тал цаашид ч зарчмын энэ байр сууриа тууштай баримтална. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ байр суурийг баталж саяхан БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян-д илгээлт явуулсан.
Гандантэгчэнлин хийдийн урилгаар Дээрхийн гэгээнтэн Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж үл ойлголцол бий болгосонд манай Засгийн газар харамсаж байна.
Хэдийгээр Далай лам Монголд шашны байгууллагын шугамаар айлчилж, шашны үйл ажиллагаа явуулсан ч гэсэн үр дагавар нь шашнаас хальж, улс хоорондын харилцааны асуудал болж байна. Эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй өнөө үед энэ нь бүр ч хүндээр мэдрэгдэж байна.
-Далай лам Монголд хэзээ дахиж ирэх бол? Таамаг байна уу? Гандан, Засгийн газраас урих төлөвлөгөө байна уу?
-Төр, шашны хэрэг тусдаа учраас Засгийн газрын шугамаар өмнө ч Далай ламыг урьж байгаагүй, цаашид ч урихгүй нь ойлгомжтой. Шашны шугамаар ч Далай лам энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Монголд айлчлахгүй гэж ойлгож болно.
-Тэгвэл IX Богдын хойд дүрийг тодруулахад Далай лам оролцохгүй гэсэн үг үү?
-Энэ бол харин цэвэр шашны асуудал учраас та хамба лам Чойжамц гуайгаас, эсвэл Гандантэгчэнлин хийдийн лам нараас асуух хэрэгтэй байх. Ер нь бол Х Богдоо монгол лам хуврагууд аливаа гадныхны нөлөө, оролцоогүйгээр өөрсдөө тодруулах юм байна гэж би ойлгосон. Хамба лам Чойжамц гуай манай яамныханд тэгж тайлбарласан байна лээ. Гэхдээ дахиад хэлье, энэ асуудлыг надаас биш манай шашны зүтгэлтнүүдээс тодруулах хэрэгтэй шүү.
-Далай ламаас өөр сэдвээр ярилцъя. 2017 оны хийх гол гол ажлаа та бодсон байх. Манай уншигчидтай хуваалцаж болох уу?
-Энэ жил эхлүүлсэн олон ажлаа үргэлжлүүлж, зах зухаас нь үр дүнг нь үзмээр байна. Гадаад худалдааны нөхцөлийг бодитойгоор хөнгөвчилж, шинэ зах зээл олох, экспортоо нэмэгдүүлэхэд Монголын аж ахуйн нэгжүүдэд бага ч гэсэн тус болоход манай үйл ажиллагаа чиглэгдэнэ. Монгол Улсыг олон улсын болон бүс нутгийн интеграцчилалд татан оролцуулах, Монголын түүх соёл, өнөөгийн бодит байдлыг гадаадад эерэгээр сурталчлан таниулах ажлыг системтэй хийх, гадаадад ажиллаж амьдарч байгаа 130 мянган иргэндээ монгол төрийн ивээл, халамжийг боломжоороо хүртээхэд манай салбарынхан хичээн зүтгэнэ.
2017 онд гадаад худалдааны нэгдсэн портал байгуулж ажиллуулах, виз болон консулын бусад үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэх, Монголын соёлын болон кино өдөрлөгүүдийг олон улсад зохион байгуулах, гурван талын коридорын төвийг Монголд бий болгож, ажилд нь оруулах, өмнө нь тохирсон, хэрэгжилт нь удаашралтай байгаа олон асуудлыг хэрэгжүүлж эхлэх гээд хийх ажил их байна.
Үүний зэрэгцээ яамны боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах урт хугацааны тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Ажилтнуудынхаа нийгмийн асуудалд ч анхаарахгүй бол хэл устай, чадалтай залуус, охидыг дан ганц яамны нэрээр далайлгаж ажиллуулах бололцоогүй болж байна. Ганцхан жишээ хэлэхэд, араб хэлтэй хоёр ч залууг би ажлаас нь гаргаж, яамандаа авах гээд чадсангүй. Уг нь өөрсдөө сонирхоод байгаа хэрнээ ажил ихтэй, цалин багатай гээд ирэхгүй байгаа юм. Гэтэл манайд ийм хүмүүс гарцаагүй хэрэгтэй байдаг.
-Тэгсэн мөртлөө та зарим Дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгана, орон тоо цомхотгоно гэсэн асуудал УИХ-д оруулаад байдаг. Болж байгаа юм уу?
-Тэгэхээс өөр аргагүй л байдалтай байна. Улс орны төсөв мөнгө, тэр дундаа манай салбарын төсвийн байдал биднийг хэмнэлт гаргах, орон тоогоо царцаах замаар гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн тоог цөөлөх, чанаржуулахыг шаардаж байна. 2016 онд манай төсөв зарлага талдаа 74 тэрбум байсан бол 2017 онд 59 тэрбум болж багассан. Энд мэдээж АСЕМ-ын зардал 2016 онд их байсан ч гэсэн том л таналт. Хамгийн гол нь төгрөгийн ханш их хөдөлсөн учраас валютаар тооцоод үзэхээр бид зардлаа хэмнэхээс өөр арга байхгүй. Тэгээд ч бид мөнгөтэй байсан хэдхэн жилдээ “шинэ баян цээж өвчтэй” гэгчээр их л цамаан загнасан тал бий, үүнийгээ л залруулах гэж байгаа юм.
Бид өнөөдөр гадаадад Сингапураас олон ЭСЯ-тай байна гээд л бод доо. Сингапурын эдийн засаг, гадаад худалдаа, валютын нөөц юу билээ, бид ямар байдалтай байгаа билээ? Сингапур 28 оронд ЭСЯ-тай, бид 32. Консулын газар, олон улсын байгууллагын дэргэд суугаа төлөөлөгчийн газраа оруулаад Сингапур нийт 50 Дипломат төлөөлөгчийн газартай, манайх 46. Өөрөөр хэлбэл, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх цаг болжээ. 2017 оноос манай салбар бүхэлдээ хэмнэлтийн горимд шилжинэ. Тэгээд ч УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тогтоол гаргаж, бидэнд энэ талаар хугацаатай үүрэг өгсөн. Тийм учраас Индонези, Бразил дахь ЭСЯ, Осака, Хайлаар дахь консулын газрыг татан буулгах санал оруулсан.
-Энэ дөрвөн газраа ямар шалгуураар сонгосон бэ? Индонезид суугаа Элчин сайд Ш.Батцэцэг бол энэ шийдвэрийг чинь шүүмжилж, сошиал ертөнцөөр хөөрхөн шуугиулж байна, та харсан л байх. Жишээ нь Индонезийн ЭСЯ-ыг яагаад хаах болов?
Засгийн газар бол ямар ч Дипломат төлөөлөгчийн газрыг нээх, татан буулгах асуудлыг шийдэхгүй, энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Засгийн газар санал л оруулж байгаа юм. Ямар ч оронд ЭСЯ, Консулын газар нээх, хаах бол их нухацтай ярьж, олон хүчин зүйлийг харгалзаж шийдэх ёстой асуудал. Энэ удаа ч гэсэн бид ийм л байдлаар асуудалд хандсан.
Юуны өмнө бид ийм санал УИХ-д оруулснаа түнш орнууддаа тайлбарлаж, ойлгуулах ажлыг одоо хийж байна. Эдийн засаг, төсөв мөнгө хүнд байгаа учраас гарцаагүй ийм байдалд хүрлээ, харилцаагаа хөгжүүлэх өөр суваг эрэлхийлнэ, хүрсэн түвшинг буулгахгүй гэдгээ хэлж, ярьж байна. Түншүүд маань ойлгож хүлээн авч байна.
Олон улсын харилцаанд харилцан адил байх зарчим их чухал байдаг. Монголд ЭСЯ-тай орнуудад бид ямар ч тохиолдолд ЭСЯ-аа байлгахыг эрмэлзэнэ. Манайд ЭСЯ нь байхгүй бол бид тэр оронд ЭСЯ-аа байлгах уу, үгүй юу, эргэж харах л хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, тухайн орнуудад амьдарч байгаа манай иргэдийн тоог ч бодолцож үзсэн. Энэ асуудлаар иргэд санал бодлоо илэрхийлэх нь зүйн хэрэг.
Харин төрийн албан хаагч, тэр тусмаа Элчин сайд хүн Засгийн газрынхаа шийдвэрийг сошиал ертөнцөөр янз янзаар дүгнээд байх нь зохимжгүй. Энэ талаар Ш.Батцэцэг Элчин сайдад манайхан анхааруулсан, “ойлголоо” л гэсэн байна лээ. Ер нь төрийн албан хаагч өөрийнхөө хийж байгаа төрийн ажил, албаны тухай ямар хэмжээнд сошиал ертөнцөөр, яаж “жиргэж” болох юм, нэг зохицуулалт хийх цаг нь болжээ. Тэр тусмаа улс хоорондын харилцаа хариуцдаг гадаад яамныхны хувьд бүр ч чухал.
-Тэгээд нийтдээ та нар хэдэн төгрөгийн хэмнэлт гаргахаар тооцож байгаа юм бэ?
-УИХ-ын шийдвэр гараад, түрээсээ янзлаад байр саваа тушаагаад тавдугаар сард татан буугдахад энэ жилдээ 700-800 мянган ам.доллар, цаашид жилдээ 1.6-1.8 сая ам.доллар хэмнэнэ. Дээр нь бид 2017 онд гадаадад байгаа Дипломат төлөөлөгчийн газруудынхаа орон тоог царцааж, 65-80 орон тооны хэмнэлт гаргаж, жилдээ 2-2.4 сая ам.доллар нэмж хэмнэнэ гэж тооцож байна. Нэг үгээр хэлбэл, тооноос чанарт шилжинэ гэсэн үг. 2017 онд томилогдоно гээд ажил амьдралаа төлөвлөж байсан мэргэжлийн хүмүүст амаргүй л байх, гэхдээ өөр арга байхгүй гэдгийг тэд ойлгож хүлээж авах байх гэж найдаж байна.
-Бишкект ЭСЯ, Шанхайд Консулын газар байгуулах шаардлага байна уу?
Одоо Бишкект суугаа Консулын газрыг ЭСЯ болгож түвшин ахиулна, нэмэлт зардал гарахгүй. Киргизийн тал 2017 онд манайд ЭСЯ-аа байгуулахаар ажиллаж байгаа. Хятадын өмнөд хэсэгт манай Дипломат төлөөлөгчийн газар байхгүй, иргэдэд консулын үйлчилгээг хүргэхээр нээж байна.
-Саяхан Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хурал боллоо. АНУ-ын Мянганы сорилтын хөтөлбөрт Монгол Улс дахин тэнцсэн гэсэн мэдээ бас ирлээ?
-Засгийн газар хоорондын комиссын хуралд Оросын талаас 40 гаруй хүнтэй том бүрэлдэхүүн ирсэн, олон асуудлаар ахиц гарсан, үр дүн нь ирэх оноос мэдэгдэх болов уу.
Юуны өмнө хорио цээр, мал эмнэлгийн салбарт хамтарч ажиллах, боловсрол, соёлын чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн асуудлыг шийдэх гээд ярьж тохирсон зүйл их байна. Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамтарч судалъя, санал зөрөлдвөл хөндлөнгийн дүгнэлт гаргуулж болох тухай ч ярилаа. Одоо энэ тохиролцоонуудыг ажил хэрэг болгох нь чухал байна. Яг энэ өдрүүдэд УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилж, хойд хөршийн парламентын болон эрх баригч намын удирдлагуудтай уулзаж, харилцааны өргөн цар хүрээтэй асуудлаар ярилцлаа. Энэ бүгдийг ажил болгож, Ерөнхий сайдын 2017 оны эхний улиралд ОХУ-д хийхээр төлөвлөж байгаа албан ёсны айлчлалын бэлтгэлийг базаах хэрэгтэй байна.
Мянганы сорилтын корпорацийн ТУЗ хуралдаж, Монгол Улс хоёр дахь компакт гэрээ байгуулах шаардлагыг хангаж байгааг баталсан. 2017 оны намраас гэрээ байгуулагдаж, Улаанбаатар хотын, тэр дундаа гэр хорооллын усан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжинэ.
М.МӨНХ