Categories
мэдээ спорт

Д.Отгондалай, Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар гавьяат боллоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн өндөр дээд цол, одон, медалиар шагнах ёслол Төрийн ордонд боллоо.

Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт боскчин Д.Отгондалай, паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Мөн МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, гавьяат багш доктор, профессор Ц.Өнөрбаян Ардын багш цол хүртлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын талаар байр сууриа илэрхийллээ

Шүүх хурал хаалттай хуралдаж, өчигдөр яллагдагч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25, Т.Чимгээд 24 жилийн ялыг тус тус оноосон билээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус шүүх хурлыг яагаад хаалттай явуулсан, нууцын зэрэгт хамаарах материал байсан тухай болон хүний эрх зөрчигдсөн эсэх талаар энэ хэрэгтэй холбоотой материалыг УИХ-ын гишүүдэд гаргаж өгөхийг шаардан Тусгай хяналтын дээд хороонд хандана гэдгээ хэллээ

Тэрээр “Засгийн газрын харьяа агентлаг болох хорин 461-р ангид шүүх хурлыг явууллаа. Энэ нь шүүхийн хараат бус байдал алдагдсан, Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болж байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад шүүх ажиллагаа явуулах газар нь шүүгчид өөрөө сонгосон гэдэг хариултыг өгсөн. Иймээс цаашид энэ ангид шүүх үйл ажиллагаа явуулахгүй байхын төлөө явна” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны талаар УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү тогтоолыг хэлэлцэх шатанд Хөгжлийн банкны өглөг, авлагын балансыг цэгцлэх санал гарсныг илүү тодорхой болгож найруулах шаардлага байгааг гишүүд хөндсөн юм. Түүнчлэн Хөгжлийн банкны шалгалтын 200 хуудас материал нууцын зэрэглэлээс хараахан гаргаагүй байхад чуулганы танхимд цацаж, зарим компанийн талаар буруу мэдээлэл өгснийг гишүүд шүүмжиллээ.

УИХ-ын гишүүдийн ирц:

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

1

Н.АМАРЗАЯА

10:36

39

Д.ОЮУНХОРОЛ

10:15

2

Т.АЮУРСАЙХАН

10:10

40

М.ОЮУНЧИМЭГ

Чөлөөтэй

3

О.БААСАНХҮҮ

09:54

41

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

4

Ё.БААТАРБИЛЭГ

09:53

42

Б.ПҮРЭВДОРЖ

10:43

5

Х.БАДЕЛХАН

09:56

43

Ш.РАДНААСЭД

6

С.БАТБОЛД

Эмнэлгийн чөлөөтэй

44

Я.САНЖМЯТАВ

10:01

7

Ж.БАТЗАНДАН

Чөлөөтэй

45

Д.САРАНГЭРЭЛ

10:42

8

Б.БАТЗОРИГ

10:06

46

Б.САРАНЧИМЭГ

Чөлөөтэй

9

О.БАТНАСАН

10:01

47

Я.СОДБААТАР

10:18

10

Б.БАТТӨМӨР

09:53

48

О.СОДБИЛЭГ

11

Ж.БАТ-ЭРДЭНЭ

49

Г.СОЛТАН

10:27

12

Б.БАТ-ЭРДЭНЭ

09:59

50

Д.СУМЪЯАБАЗАР

10:22

13

М.БИЛЭГТ

51

А.СҮХБАТ

14

Л.БОЛД

09:55

52

Д.ТОГТОХСҮРЭН

09:54

15

Х.БОЛОРЧУЛУУН

10:35

53

Г.ТЭМҮҮЛЭН

Томилолт /орон нутаг/

16

С.БЯМБАЦОГТ

10:07

54

Д.ТЭРБИШДАГВА

10:09

17

Ж.ГАНБААТАР

10:12

55

Ч.УЛААН

10:34

18

Д.ГАНБОЛД

09:58

56

Б.УНДАРМАА

10:32

19

Д.ГАНТУЛГА

57

А.УНДРАА

10:57

20

Ц.ГАРАМЖАВ

10:11

58

Н.УЧРАЛ

10:29

21

Ц.ДАВААСҮРЭН

10:21

59

Д.ХАЯНХЯРВАА

10:15

22

Д.ДАМБА-ОЧИР

10:18

60

Ч.ХҮРЭЛБААТАР

Томилолт /гадаад/

23

Б.ДЭЛГЭРСАЙХАН

Чөлөөтэй

61

Ц.ЦОГЗОЛМАА

10:06

24

Б.ЖАВХЛАН

09:54

62

Д.ЦОГТБААТАР

25

C.ЖАВХЛАН

10:21

63

Н.ЦЭРЭНБАТ

10:07

26

Г.ЗАНДАНШАТАР

09:55

64

С.ЧИНЗОРИГ

10:17

27

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

65

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

09:58

28

Л.МӨНХБААТАР

Эмнэлгийн чөлөөтэй

66

Б.ЭНХ-АМГАЛАН

10:35

29

Ж.МӨНХБАТ

10:10

67

Л.ЭНХ-АМГАЛАН

Томилолт /гадаад/

30

Ц.МӨНХ-ОРГИЛ

09:59

68

Л.ЭЛДЭВ-ОЧИР

09:54

31

Г.МӨНХЦЭЦЭГ

10:13

69

Ж.ЭНХБАЯР

11:02

32

Д.МУРАТ

10:43

70

М.ЭНХБОЛД

10:22

33

З.НАРАНТУЯА

10:36

71

Н.ЭНХБОЛД

10:20

34

Б.НАРАНХҮҮ

72

Л.ЭНХБОЛД

09:57

35

Н.НОМТОЙБАЯР

10:07

73

Ө.ЭНХТҮВШИН

10:57

36

Х.НЯМБААТАР

10:14

74

С.ЭРДЭНЭ

10:40

37

Ц.НЯМДОРЖ

10:41

75

Д.ЭРДЭНЭБАТ

Чөлөөтэй

38

Н.ОЮУНДАРЬ

10:07

76

Ж.ЭРДЭНЭБАТ

Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай албан хаагчид нэгдсэн эмнэлэгтэй боллоо

TURIIN TUSGAIТөрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын Засгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр байгуулагдаж, үйл ажиллагаа эхэлж байна. Тус эмнэлэг нь Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламжийг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламжийг үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулаторит үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн 21, оношлогооны 13 кабинетыг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулж, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааг Монгол Улсын стандарт “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 5095:2013 стандартын дагуу явуулахаар бэлэн болжээ.

Тус эмнэлэг нь бүрэн хүчин чадлаар ажиллахдаа жилд дунджаар 7500-8000 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлээр (дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, эмэгтэйчүүд, хавдар) хэвтүүлэн эмчилж, 2000-2500 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношлогооны 13 кабинет, нэгдсэн лабораториор хоногт дундажаар 300 орчим хүнд, жилд 100000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байна.

TURIIN TUSGAI

TURIIN TUSGAI

Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрэнбат: Бизнес хийж үзээгүй улстөрчид тэднээс их мөнгө оффшорт байршуулсан бол хулгай шүү дээ

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбаттай ярилцлаа.

-Оффшорын тухай хуулийн төсөл олны анхаарлын төвд байна. Нэг хэсэг нь хуулийг гаргах нь зөв гэж байгаа ч нөгөө хэсэг нь эсэргүүцэж байх жишээтэй. Хувийн хэвшлийнхнийг хүртэл энэ хуульдаа хамруулах ёстой гэх мэтчилэн ярьж байна. Та харин юу гэж харж байна вэ?

-Манайхан оффшор гэж яриад байгаа. Энэ чинь татварын таатай бүст байршуулсан мөнгө. Бизнес эрхлэгчид, томоохон сангууд татвар бага төлөх үүднээс бизнесийн үйл ажиллагаа явуулах зарчмаар ашигладаг. Ялангуяа пост коммунист орнууд болон бусад орны төрийн тэргүүнүүд албан тушаалаа ашиглаж олсон мөнгөө нуудаг учраас нэг талдаа муу нэртэй болчихоод байгаа юм. Монголчуудын сүүлийн 26 жилийн ардчиллын ололтоор манай орны эдийн засгийн 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн нуруундаа тээж яваа. Гэтэл хувийн хэвшлийнхний мачийтлаа зүтгэж олсон баялгаар их мөнгийг улстөрчид оффшор бүст байршуулж байгаа бол төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлсан мөнгө болж таарна. Төрийн албан хаагчдын эхнэр хүүхэд, хамаатан садан нь данстай байж болно гэдэг зүйлийг ярьж байна. Данстай байж болно оо. Гэхдээ хууль зөрчихгүй байх ёстой. Гэр бүл, хамаатан саднаараа хууль зөрчин хулгай хийсэн бол хариуцлагаа үүрэх ёстой юм. Учир нь би хувийн хэвшилд олон жил ажилласан. Өнөөдөр тэрний оффшор данснаас тэдэн сая ам.доллар илэрлээ гэж байна. Үнэнийг хэлэхэд тийм хэмжээний мөнгөтэй бизнес эрхлэгч ч бараг Монголд байхгүй шүү. Бид энэ баялаг, татварыг бий болгох гэж олон жил хөдөлмөрлөдөг. Улсынхаа дотоод эдийн засгийн 80 хувийг дангаар нь та бид бүрдүүлж байгаа гэдгийг санах ёстой. Төрийн албан хаагчид үүнээс илүү мөнгөтэй байгаа бол бизнесээ ил болгох шаардлагатай. Монголын бизнес эрхлэгчид улирлын чанартай бизнесээ хийж байна. Жилд дөрвөн удаа ургац авдаг тариаланч лав дуулаагүй. Жилд хоёр удаа тугалж, хургалдаг хоньтой, үхэртэй айл харсангүй. Хэн хэдий хэмжээний ашиг олж байна вэ гэдэг бидний потенциал бий. Энэ оффшорын асуудлыг нэг талд нь гаргахгүй бол ард иргэдийн дунд буруу ойлголт яваад байгаа юм. Зарим нэг нь өөрсдийгөө ариун цагаан болгож харагдуулах гэж ард түмнээ талцуулаад хэрэггүй.

Ардчиллаас хойших 26 жилийн хугацаанд Монголын төрд томорсон бизнес гэж алга. Эрдэнэт, Монгол Росцветмет хүндрэлтэй байдалд орчихлоо. Төрийн өмчийн компаниуд нь алдагдалтай байгаад байхад тийм ашигтай бизнестэй байсан юм бол яагаад хурдан босохгүй байгаа юм бэ. Гэтэл босгох ёстой мөнгө нь өөр газар байгаа юм биш үү. Үүнийг нь хуулийн дагуу оруулж ирэх ёстой. Тэрбумтны жагсаалтад орсон монгол бизнесмэн байгаа бол би баярлана, талархана. Тэр хүн шиг олон хүн байгаасай гэж хүснэ. Нэг ч төгрөгийн татвар төлж үзээгүй байж бизнес эрхлэгчидтэй зэрэгцээд оффшорт мөнгөө хадгалуулж буй улстөрчид байгаа бол хулгай хийсэн мөнгөө буцаагаад авч ирээ.

-Оффшорын хуулийг дэмжиж байгаа юу, та?

-Оффшорын хууль гээд нэршил нь буруу яваад байна л даа. Уг нь төрийн албан хаагч юм уу төрийн өндөр албан тушаалтан гадаадын татваргүй бүст данс нээх юм уу, эзэмшихийг хориглоно гэж ярих ёстой юм. Зарим гишүүд эмчилгээнд явах, сургуульд явахаас эхлээд данс нээх асуудлыг ярьж байна. Данс нээж болно. Харин татваргүй бүст төрийн албан хаагч, төрийн өндөр тушаалтан данс эзэмшихийг хориглосон нь зөв. Бид авч болох зүйлийг л авлаа. Яагаад хөгжихгүй байгаа юм бэ. Оффшорт данстай хүмүүсийн мөнгөн дүн дундаж аймгийн төсөвтэй тэнцчих гээд байна шүү дээ. Ийм зүйл байж болохгүй. Монголын залуус урагшилж, нийгэм хөгжиж байна. Хөгжлийн шинэ гараан дээр ирчихсэн бид энэ мэт алдаануудаа засч аваад цаашаа явах ёстой.

-Засгийн газар Таван толгойтой хэлэлцээрийн ширээний ард суух сураг байна…

-Мэдээлэл алга байна. Таван толгойг бид Оюу толгой шиг моодноос гартал нь ярилаа. Оюу толгойн төгс жишээ байна. Явж явж хэдхэн хүн буруу шийдээд юунд хүрдгийг бид харсан. Таван толгой тэр замаар явж болохгүй. Монголчууд хожих ёстой. Хэн нэг нь монголчуудаас илүү гарах гэж яваад бүгд унадгийг харцгаалаа. Аль нэг Таван толгойн талбай эзэмшигч нь нэгнийхээ дээр гарах гэж байлдсаар байгаад улсаараа ялагдлаа. Одоо харин улсаараа хожих талаар ярих шаардлагатай. Тус тусдаа компаниуд санал тавиад байгаа юм бол тус бүрт нь саналыг нь авч үзээд чадавхийг нь хараад боломжтой юу үгүй юу гэдгийг нь нээлттэй зарлаад яв л даа.

-Таван толгойн 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Та юм дуулав уу?

-Тоон мэдээлэл алга. Нэг талаас энэ маш бага мөнгө. Нөгөө талд нь ямар тохироон дээр энэ дүнг хэлж байгаа юм гэдгийг мэдэхгүй байна.

-Төрийн өмчит компаниуд алдагдалтай явж ирснийг дурдлаа. Төрийн өмчит компаниудын алдагдал хэрээс хэтэрлээ гэж байна. Хувийн хэвшлийнхэн мачийтлаа зүтгэж байж хэдэн төгрөгийн ашиг олдог. Төрийн өмчит компаниуд яагаад үргэлж алдагдалтай ажиллаад байдаг юм бэ?

-Ойлголтын зөрүү гарч байгаа юм л даа. Төр заавал энэ бизнесийг авч явах ёстой юм уу, үгүй юм уу. Заримыг нь хувийн хэвшилд шилжүүлэх зоригтой өөрчлөлт дутаад байна. Яагаад заавал энэ компанийг байлгах ёстой юм гэхээр өмнө нь ингээд яваад ирчихсэн юм. Өөрчлөлт хийгээд яахав, улс төрийн нөхцөл байдал хүнд байна, олон хүн ажилгүй болно гэдэг зүйл ярьдаг. Нэг талаас бид зарчмын өөрчлөлтүүдээ хийж чадахгүй байгаа тул ийм зүйл оршин тогтносоор байгаа гэж боддог. Хувийн хэвшлийнхэн өр төлбөртэй бол харилцагчид нь ирээд чангалаад байдаг. Төрийнх яагаад болохгүй байгаа юм гэдэг дээр өөрчлөлт хийх ёстой. Тэр утгаараа Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар гэж байгуулсан гэж ойлгоод байгаа. Энэ компани байх ёстой, энэ нь байх ёсгүй гээд зарчмын шийдлээ гаргаад явах байх. Эдийн засгийн хүндрэлтэй үед бид алдаа, оноогоо цэгнээд шинэчлэл хийх боломжоо дайчлах хэрэгтэй. Стратегийн ордуудаа яах юм, ажлын байр бий болгох уу гэдгээ шийдээд явах ёстой. Түүнээс биш ёолкны мод шиг төр бүгдийг нь өөр дээрээ аваад явах нь буруу.

-Ноднин төсөв батлахдаа энэ онд төрийн өмчит компаниудын хувьчлалаас 160 тэрбум төгрөг төсөвлөнө гэсэн ч хувьчлал явагдсангүй. Компаниуд алдагдалтай ажиллаж байгаа үед хувьчлал явуулбал үнэ цэнэгүй юм биш үү?

-Хувьчлал чинь хариуцлага юм. Хариуцлага алдаад байгаа учраас төр энэ хариуцлагыг хүлээж чадахгүй гээд энэ чиглэлийг нь ашиглаад хувийн хэвшлийнхэн бага зардлаар хийж чадна гэж үзээд хариуцлага, эрх үүргийг нь шилжүүлж байна гэж үзэж байгаа. Түүнээс биш ашиг олох үүднээс хувьчлах гээд байгаа юм биш. Хэт үнэгүйдүүлэх гэж байна гэсэн болгоомжлол байгаа нь үнэн. Аль компани, аль салбар дээр гэдгээ тусгайлан ярих хэрэгтэй. Нийтээр нь ярьж болохгүй. Төрийн банкийг хэдий хэмжээний мөнгөөр хувьчлаад, хэдэн жилийн хугацаатай ямар нөхцөлөөр ажиллах юм гэдэг мэдээлэл алга. “Монгол шуудан”-г ямар үнэлгээгээр яаж хувьчлаад, цааш нь явуулах вэ гэдэг мэдээлэл байхгүй байна. Зарчмаа ярих ёстой. Тухайлсан зүйл дээр нь тусгайлсан баг гарч үнэлгээг тогтоох ёстой байх.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар яриа гараад байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ. Шинэ Үндсэн хууль батлагдаад 25 жил болсон ч алдаа, оноотой зүйл бий гэх юм?

-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий. Миний хувьд 2008-2012 оны хооронд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Одоогийн Үндсэн хуульд аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хэм хэмжээг органик гэж хэлдэг хуулиар халдсан гэж үздэг. Учир нь Төрийн албаны тухай хуулиар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг сулруулсан. Үүнээс болоод сүүлийн үед аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхи суларсан гэдэг судалгаа гарсан. Яагаад гэсэн чинь тухайн бүс нутагт ажилладаг төрийн албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулиар намаас түдгэлзүүлчихээр улс төрийн нам сонгуульд ордог тул нэр дэвших боломжгүй болдог. Үүний тод жишээ нь зарим сумдын ИТХ-ынхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдол хүртэл гарсан. Бидний өнөөдрийг хүртэл дагаж, мөрдөж ирсэн Үндсэн хууль маань бусад хуулийн хүрээнд ингэж хүчгүйдэж байгаа юм.

Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж орон нутгийн засаг захиргааныхаа нэгжийн өөрчлөлтийг хийх ёстой гэж үздэг. Бүс нутгуудад цус ойртолт бий болчихлоо. Энэ бүгдийг ч гэсэн харж үзэх ёстой. Мөн засаглалын эрх мэдэл байгаа ч гэсэн тухайн үеийн эрх мэдэлтнүүд шинэ нийгмийн ёс зүй, төрийн албан хаагчийн хэм хэмжээг зөрчсөнөөс болж хуулийг өөрсдөдөө ашигтайгаар мушгиж тайлбарлаж, хэрэгжүүлснээс болж алдаа завхрал гарч байгаа нь үнэн.

-Өнөөдөр МАН УИХ-д 65-уулаа болчихсон үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэр зөв юм бол. Хамгийн оновчтой цаг хугацаа Их хуралд олон намын төлөөлөл багтсан өмнөх парламент байсан гэж ярих хүн олон байдаг л даа?

-Хуулийнхаа хүрээнд л явах ёстой. Үндсэн хуулийн шинэчлэлийг хийх үү, яах уу гэдэг зүйл яригдаж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдын хэлж байснаар гурван удаагийн Их хурал дээр тухайн парламент бүрээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өргөн барьж байсан. Тэр бүх зүйлсээ цэгцэлье гэж байсан л даа.

Дэлхий нийт глобалчлал, даяарчлал гэж их ярьж байгаа ч мухардалд орж байна. Дэлхийн томоохон гүрнүүд Үндсэн хуулиа өөрчлөх үү, үгүй юу гэдэг дээрээ маргаантай явна. Англичууд гэхэд Европын холбооноос гаръя гэж байхад италичууд Үндсэн хуулиа өөрчлөхгүй гээд Засгийн газар нь огцорч байх жишээтэй. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэтчилэн олон зүйлээс тодорхой харагдаж байгаа юм. Бидний хүсч хүлээж байсан гадаад, дотоод хүчин зүйлс өөрчлөгдөж байна. Харин бид цаашдаа яах ёстой вэ гэдгээ дэлхий нийтийн өөрчлөлттэй уялдуулаад хийчихвэл дээр юм болов уу гэж хувь гишүүнийхээ байр суурийг хэлье.


Categories
мэдээ цаг-үе

Өвөл шиг өвөл дандаа болоосой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Өвөл гэхээр Улаанбаатарт л утаа майндаа баригдаад “уушги зүрх минь яана даа” гэх харуусал төрөөд байгаагаас биш монгол нутгийн өвөл дэндүү сайхан улирал шүү дээ. Өдийд миний нутаг Заг-Байдрагийн голын ай дагуу бөмбийсөн цагаан өвөл айлчлаад, Хар ус, Халиутын рашаан, Оготнотой булгийн харз булгуудаас савсах уур мананг эс тооцвол бүхий л хорвоо ажин түжин оргиод диваажингийн орон ийм байдаг уу гэмээр янзтай сайхан байгаа даа. Дөрөө зурам найгасан шаргалхан өвст талд бодын хар туруу цас орсон байхад л “Малын амны цастай, жаргаж байна аа хө” гэж налайсан өвгөд мод толгойгоо нэрэн, өвлийн илчгүй цагаан нарыг ширтэн бөмбөл цагаан хоньдоо гилэнхэн, дэрсэн толгой тоож үл шүүрдэх оноотой тарган унаа хүрнээ хөтөлсөн шиг аажуу тайвуухан нуруугаа үүрэн алхаж яваа нь харагдана. Бага дөтийн Ихэр, Бөндий, Хүрэн хавцгайн ээвэр дулаан энгэр өвөлжөөнд хэд гурваараа айлсан буусан гэрүүд холоос харахад хуруувчин чинээхэн үзэгдэж, аргал хөрзөнгийн цагаахан суунаг утаа үдийн тэнгэрийг сүвлэн өөдөө хөөрөх нь уранхан нэгэн бүсгүй учиг утсаа татан шаглан ямархан нэгэн хээ угалз мэтгэн байна уу гэлтэй байгаа.

Их дөт, Жаргалант хөндий, Баян хөндий хаа л бол хаа өвлийн идшээ базаасан айлууд өвсний сортой, цасны зөөлөнд адуу малаа гилчихээд, хааяа нэг гарч дурандсан шигээ алсаас л харуулдахаас биш хавар, зуных шиг хариулаад байхгүй нь даанч сайхан. Дэлгэсэн ширний халим тонших алаг шаазгай шаг шаг шагшрахад амны ус хайлуулахаар мөс хормойлон орох гэрийн эзэгтэй “Сайн хэлээ наашаа, саар хэлээ цаашаа” гэж дом болгон шившихэд хангай дэлхий ханайж, жавартай өвлийн жаргалтай аялгуу дуурсаж, цаг хугацаа бүүр зогсчихсон мэт санагдана. Алсын уулсын орой мөнгөн дуулга шиг гялалзсан амар жаргалт өвөл хөдөө нутагт налайхад төв суурин газрын өчүүхэн бужигнаант амьдралаас зугтаж ертөнцийн буйд хязгаарт насыг элээмээр бодогдоно. Төв Азийн Монголд минь амьдрал шиг амьдралыг таниулж, өвөл шиг өвлийг мэдрүүлдэг зүйл бол хүйтэн гуай билээ. Азарган нэхий дээлийн урт нударгыг буулган адуундаа мордоод давхихад уяан дээр бөн бөн чичирч, амгай хэмлэн байсан хүлгийн шандас тэнийж, унасан эзний хийморь сэргэн уурга алдам жаврыг сөрөн удмын золбоог бадраана. Дөрөөн доогуур урсан өнгөрөх газар дэлхий нүдний өмнө жирэлзэж, аргал хомоолхон боловч үл харагдах атал талын тавиуныг ширтэн алсын барааг тольдоход адуу малын зүс ч аяндаа тодроод ирнэ. Морин туурайн төвөргөөн хөлдүү газрыг бөмбөрдөж, үнэгэн лоовуузын соронд цан хүүрэг татахад дэлхийн дайдыг эрхшээсэн тэнгэрлиг өвгөдийн сүнс тэндээс харж байгаа даа гэж ямархан ч аавын хүү цантсан сормууст нүдээр тэнгэрийн цээлийг ширтэнэ.

Өвөл өө гэж. Яг л ийм үед дархад шүлэгч Баттөрийн Мягмаржав андын бичсэнчлэн

“Сургүй мөнгөн хазаар

Хүлгийн толгой хайрчих гээд

Дүрж болохгүй

Өвөл шиг өвөл

Шагайн чинээ бөгж

Хуруу хайрчих гээд

Зүүж болохгүй

Өвөл шиг өвөл

Элдэв бусын чамирхлыг нууж

Энгийн байхын сайхныг нээсэн

Өвөл шиг өвөл

Хээр хоноход галын дэргэд

Хэнхдэг цонож нуруу жиндээд

Хэцэд асдаг янгирын сүрэг

Хэвтэр ханьсан хот бараадаад

Хурдан бууны гохон дээр

Хуруу дөхвөл наалдчих гээд

Амьтан хүнгүй хулхи нь буусан

Антай мантай

Өвөл шиг өвөл өө

Эвхээд мартсан нэхий дээл

Эрсийн биеэр элдүүр орж

Сор нь гүйцсэн лоовуузны дороос

Согоо охидын хацар улайгаад

Өвөл шиг өвөл дандаа болоосой

Өвгөд шиг өвгөд дандаа байгаасай” гэмээр дэндүү сайхан. Согоо охидын хацрыг ягааруулсан тунгалаг өвлийн жаварт хайр хүрнэ. Салхи ч үгүй нам гүмд цантсан өвсөн толгойг дагуулан наран сөрөг харахад солонгын өнгөөр туяарна. Өвлийн солонго хараад баймаар сайхан.

Сумын төвөөс багийн төв, багийн төвөөс айл айлын өвөлжөөг зорьсон түм түмэн морин жим зурайж, аймгийн төвийг зорьсон их зам л цасан цагаан хөндийг хөндлөн гулд татсан тариан шангийн мөр шиг тодоос тодхон зурайна. Их цасан тал юу ч бичээгүй цагаан цаас шиг цавцайж, малын хөлөөр шийрлэсэн хэсэг нь малчин түмний хувь заяаны бичиг шиг дурайна. Хүйтэн жаврын бийрээр бичигдсэн цасан талын хуудас болсон бэлчээр бол малчин хүний хувь заяаны зурхай яахын аргагүй мөөн. Өвлийг бодохуй өөрийгөө аргадуулах гэж туньсан өр зүрхний хавар шиг л төсөөлөгдөнө. Өвөл бол хавар охины ээж нь юм. Идэр ес эхэлж, хүйтний эрч чангарахад тарга сайтай мал тааваар сайхан идээшилж, харин зуны сарыг зургаа юм шиг зугаалж, намрын сарыг найм юм шиг наргин хээрийн соргог бэлчээрт малаа оторлуулаагүй залхуу хойрго малчны хотыг харлуулахаар цасан шуургаар заналхийлж, мөсөн бургидсаар яс янгинатал шавхуурдана. Аз муутай амьтаст аж төрлийн гүн ухааныг заадаг үлэмж мэргэн багш бол өвөл мөн билээ л. Цас мөсөө гайхуулсан Норвеги, Швейцарийн өвөл хэчнээн сайхан ч миний нутгийн өвлийн гоо сайхныг гүйцээ л гэж үү, хорвоо минь. Цагаан баавгай доншуучилсан туйлын орон сайхан чиг оноотой тарган мориндоо дөрөөлөн орчлонгийн жамыг тэсэж гарсан миний өвгөдийн нутагтай дүйцэх нь байдаг л бил үү, бөмбөрцөгхөн минь.

Малчин монголчуудын амьдралд өвөл хэдийгээр гоо сайхны хэмжүүр мөн байж болох боловч аж төрлийн гашуун сургамж хайрладгаараа байгалийн хатуу шалгуурт зүй ёсоор тооцогдоно. Тунгалаг гэгээн төрхтэй уянгалаг сайхан өвөл маань үнэг шиг сүүлээ шарвахад л малын буянд шүтэж ирсэн бидний зүрхэнд сүүдэр унана. Ерээд оны эхээр болсон зуд одоо ч миний сэтгэлээс гардаггүй. Өлсөж өлдсөн үхрүүд минь уулын нэг тарж, долоо хоногтоо нэг бөөгнүүлэхээр мордоход унаа морь улдаж эцээд үйлээ үзэхийн дээдийг үзсэн сэн. Олон хоног хээр хөдөө явсаар цасанд нүд гялбан өвдөж, айлын буурин дээрээс олсон эмэгтэй хүний трикогоор нүдний саравч хийж явснаа яривал мушийх хүн л олдохоос үнэмших хүн цөөхөн биз. Тэр их зуднаар түлэх түлшгүй болсон айл авдар саваа эвдэн шатаагаад, эцэст амиа аргацаахын тулд унь ханаа түлж байсныг зурагтаар үзсэн хүн олон л байх. “Дайны хажуугаар дажин” гэгчээр үхсэн үхэр, адууны сүүл огтолж, шир хуулах хулгайчид олширч байлаа. Айлын амьд бухны сүүл огтолсон, тэмээг амьдаар нь өвчсөн зүй бусын гаж явдал ч гарч байсан нь хүн хэмээх хоёр хөлт, хохимой толгойтны ямар муухай шунаг шунахайг гэрчлэх баримт болон үлджээ. Сүүлээ тасдуулсан хар халзан бух хавар нь хүн амьтны бараа харж чадахгүй уулын таг барин дутаагаад байсан юм даг. Өлсөж турсан мал модны холтос, нэгнийхээ үс ноосыг хүртэл зулгаана. Далан хэдэн онд болсон аюулт зуднаар хонь, ямаад хулгана огтоно барьж идсэн төдийгүй их цастайд мал бараадаж буусан болжморыг хүртэл түүж идэж байсан яриа ч байдаг. Ер нь зудны адуу мал дэл сүүлээ зулгаалцах бол энүүхэнд.

Цас зудтай жил хоног хугацаа ч урагш ахиж өгдөггүй. Арайхийж нэг ес өнгөрүүт л дараагийн ес эхлэх бүхэл бүтэн зуун жил өнгөрөх мэт удаан. Тамын зовлонд л хүн гээч амьтан хоног хугацааг тийн хүсэн хүлээдэг үү гэлтэй. 1999-2000 оны зуд арай л дэндүү удаан сунжрах шиг болсон. Есдүгээр сарын 16-ны өглөө Заг сумын төвд л гэхэд тав зургаан айлын гэрийн багана хугалан, гэр дарж орсон их цас хавар тавдугаар сар гарчихаад байхад л арилж өгөхгүй мөн ч их удаж билээ. Монголын энэ хахир хатуу өвлийг жилийн тэн хагас гэж тооцвол овоо урт хугацаа болно шүү.

Гэвч, энэ л урт хүйтэн өвлийн эцэст монгол нутагт минь урин дулаан хавар айлчилж, удалгүй цэнгэлт зунтай золгодог нь амьдралын нэг баяр бахдал болдог билээ. Тэр л цагт хүн, малын зоо тэнийж өвлийн сайхныг ч, өвлийн хэцүү бэрхийг ч ор тас умартан цэнгэлийн манлайг эдэлнэ. Маргааш ес эхлэх энэ л цагт өвөл шиг өвөл эх оронд минь дандаа л ирж байгаасай гэсэн гэгээн совин билгээр энэ тэмдэглэлээ өндөрлөе.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч зарим хүнд цэргийн дээд цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргажөнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол олголоо. Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Дуламсүрэнгийн Даваад дэслэгч генерал, ТЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Буянхүүгийн Доньжчимбууд бригадын генерал, ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн орлогч хурандаа Хожгорын Лхагвасүрэнд бригадын генерал, ХХЕГ-ын Захиргаа, удирдлага эрхэлсэн орлогч хурандаа Жамсрангийн Бямбасүрэнд бригадын генерал, ШШГЕГ-ын дарга хурандаа Цэвэгмэдийн Амгаланбаярт бригадын генерал цол тус тус олголоо.

Categories
мэдээ цаг-үе

Идэр есийн хүйтэнд автомашинаа арчлах нь

Энэ долоо хоногоос эхлэн хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна. Улмаар идэр есийн хүйтэн айсуй. Өвлийн улиралд дулаан зогсоолын олдоц муу байдаг. Үүнээс үүдэн өвөл гадаа хонуулсан автомашин хөлдөж, асахгүй байх нь элбэг. Мөн өглөө машинаа халаах гэж удаан нормалдах буюу асаалттай байлгах нь бензин зарцуулалтыг ердийн үеэс хоёроос гурван литрээр нэмэгдүүлдэг аж. Иймд таны өөрийн хийж чадах зүйлсээс авахуулаад засварын газарт хандан хийлгэх өвлийн бүх техник үйлчилгээг бичихийг зорилоо.

ӨДӨР ТУТАМ АВТОМАШИНАА ГАДАА ХОНУУЛДАГ ЖОЛООЧ НАР “5W”-ТЭЙ ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ

Юуны өмнө хүйтний улиралд автомашин хэвийн асах эхний шаардлага нь хөдөлгүүрийн тос байдаг аж. Хөдөлгүүрийн тосыг ерөнхийд нь минерал, хагас синтетик, бүтэн синтетик хэмээн гурав ангилах бөгөөд өвлийн нөхцөлд хагас болон бүтэн синтетик тоснууд ашиглах нь зөв хэмээн мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Энгийн хэрэглээнд, өдөр тутам автомашинаа гадаа хонуулдаг жолооч нар “5W”-тэй бүтэн эсвэл хагас синтетик тос ашиглахад тохиромжтой юм. Өвлийн тосыг W (англиар Winter-өвөл) үсгээр тэмдэглэгдэнэ.Ангилал дахь тоо өсөх тутам тосон дахь зуурамтгай чанар ихэсдэг байна. Мөн хөргөлтийн шингэнээ зайлшгүй солиулах хэрэгтэй. Манай орны нөхцөлд 40 хэмийн хүйтэнд хөлддөггүй шингэн хийхэд болно. Хугацаанд нь солиогүйгээс шингэний тослох чадвар муудаж зэврэлт үүсэж усны насос муудах, нагар тогтож хөдөлгүүрт байх ёстой хэмжээнээс хэт их халалт үүсэж сальник резин жийргэвчүүд нь муудах, термостат гацах гэсэн гэмтэл гарах ба өвлийн нөхцөлд температур багатай хөргөлтийн шингэн нь царцаж салон руу халуунаар үлээхгүй болох, шингэн хөлдөж хөдөлгүүрийн блок, радиатор болон бусад эд ангиудыг гэмтээх эрсдэлтэй байдаг. Иймд хөргөлтийн шингэнийг 1-2 жилд заавал солих шаардлагатай юм. Харин хүч дамжуулах эд ангийн тос буюу кропны тос нь өвөл, зуных гэж байхгүй учраас тосыг бохирдсон үед солиулаарай.

БЭЭРСЭН АККУМУЛЯТОРОО ГЭРТЭЭ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ

Автомашин асахгүй байх үндсэн хоёр шалтгаан байдаг байна. Нэгдүгээрт, хэт хүйтэнд аккумуляторын ачаалах чадвар муудаж, хангалттай хэмжээнд ажиллахгүй байх. Хоёрдугаарт, свеча буюу хөдөлгүүрт тог хаягч муудсан болон ашиглалтын хугацаа дууссан байх магадлалтай. Гэхдээ голдуу аккумулятор суусан байх магадлал хамгийн өндөр байдаг билээ. Их хүйтэнд аккумулятор бээрэхээс сэргийлж гадуур нь дулаалга хийх боломжтой. Хэдийгээр автомашины сэлбэг, хэрэгслийн дэлгүүрт зориулалтын дулаалга байдаг ч үнэ өртөг ихтэй. Иймд жолооч та аккумулятортоо тохирсон эсгий дулаалга хийх нь илүү хялбар, зардал багатай биз ээ. Ихэнх жолооч нар орой машинаа гадаа тавих үедээ аккумуляторыг нь салган авч гэртээ хонуулдаг. Хүйтэнд бээрсэн аккумуляторыг шууд авч дулаан газарт хонуулах нь эдэлгээг богиносгож, чанарт нь нөлөөлдөг хэмээн авто инженерүүд зөвлөж байна. Өглөө автомашинаа асаахаас өмнө бээрсэн аккумулятороо бага зэрэг халаах хэрэгтэй. Ингэхийн тулд холын гэрлээ анивчуулах, хөгжмөө асаах шаардлагатай. Ингэснээр аккумуляторт бага зэрэг ачаалал үүсэж, халдаг байна. Дээрх үйлдлийг хийсний дараа автомашинаа асаагаарай. Хэрэв асахгүй бол албадан асаагч буюу зөөврийн тог үүсгэгчээр холбон асаах боломжтой. Энэхүү албадан асаагч нь авто сэлбэгийн дэлгүүрүүдэд 120-260 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг юм байна. Энэхүү төхөөрөмж нь халаасанд багтах жижигхэн хэмжээтэй бөгөөд 220 вольтоос цэнэг аваад 12 вольтийн тогтмол гүйдлийг 10 минутын турш бүрэн гаргах чадалтай юм байна. Ийм болохоор хөлдүү машиныг албадан асаах боломжтой ажээ.

МАШИНАА ХАЛААХГҮЙ ХӨДЛӨХӨД 600 КМ ЗАМ ТУУЛСАНТАЙ ДҮЙЦЭХҮЙЦ ЭЛЭГДДЭГ

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хүмүүс өвлийн улиралд автомашинаа халаах талаар ихээхэн санаа зовдог. Ялангуяа шинэ жолооч нар машинаа хэрхэн халаах талаар мэдлэг хомс байдаг. Гадаа хоносон машиныг өглөө асаахдаа огцом хаазлахгүй нормалдуулж байгаад моторынхоо усны зүүг эхний зураас хүртэл халаагаад хөдлөх ёстой гэнэ. Хэрвээ шууд асаагаад хөдлөх юм бол тос, масло нь эд анги дотроо гүйж амжилгүй элэгдэл үүсгэдэг байна. Өвөл гадаа машинаа нэг хонуулаад шууд асаагаад явбал зургаан зуун км зам туулсантай дүйцэхүйц элэгдэл үүсдэг ажээ. Мөн халаагүй автомашины доторх паарыг шууд ажиллуулах нь халуун үлээдэг төхөөрөмж гэмтэхийг сануулъя.

Машинаа өглөө хурдан асаахын тулд мотор халаадаг системүүд болон хучлага, бүтээлгийг зөв хэрэглэж занших нь чухал юм байна. Төрөл бүрийн моторын халаагуур худалдаанд байгаа ч эдгээрийг буруу хэрэглэвэл галын аюултай гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Шинэ жолооч нарт мэдээлэл хүргэх үүднээс хучлага, бусад халаагуурын төхөөрөмж хаагуур ямар үнээр зарагддаг талаар автомашины хэрэгсэл борлуулдаг төвүүдээр орж сонирхлоо. Суудлын бүрээс оёдог бүхий л газрууд машины бүтээлэг, хучлага оёдог юм байна. Гэхдээ материалын чанар, үнэ ханш нь өөр өөр байна.

Хэрвээ та машиндаа хучлага худалдан авах гэж байгаа бол тухайн газрынхаа хучлагын материалыг анхаарч үнэхээр стандартад нийцсэн эсэхийг батлах хяналтын газрын гэрчилгээг үзэх хэрэгтэй шүү. Ер нь сентфонон материал дулаанаа сайн хадгалдаг бөгөөд хамгийн дотор талын материал нь торон байвал машиныг зурж сэвтүүлэхгүй сайн талтай гэнэ. Үнийн хувьд бүтэн хучлага 160-320 мянган төгрөг байдаг юм байна.

Халаагуур, бусад төхөөрөмжийн хувьд мэдээж зориулалтын Европын орнуудын төхөөрөмж сонговол танд илүү баталгаа олдоно. Арай боловсронгуй нь автомашиныг цагаар халаадаг дохиолол хамгаалалтын систем юм. Энэ систем нь цагийн тохиргоо хийж гэрээсээ удирдаж асаах, цагийн давтамжтайгаар тохируулан шөнийн турш машинаа дулаан байлгаж болох гэнэ. Мөн хөдөлгүүрийн халуун, хүйтнийг гар удирдлагаас харж хянах боломжтойгоос гадна хулгайгаас хамгаалах боломжтойгоороо давуу талтай аж.

МАШИНАА ХӨЛДӨӨХГҮЙН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ

Дулаан гарааш битгий хэл ил зогсоол ч олдохоо больсон энэ цагт машинаа гадаа тавихаар бол яндангаа ямар нэгэн зүйлээр бөглөх хэрэгтэй гэдгийг хашир жолооч нар ярьж байна. Учир нь яндаг бөглөснөөр мотор дахь дулаан агаарыг хадгалж, хөдөлгүүрт хүйтэн агаар орохоос бүрэн сэргийлдэг гэнэ. Мөн ус, ундаа гэх мэт шингэн зүйлээ автомашиндаа хонуулахгүй байх хэрэгтэй. Шингэн нь таны автомашины салон дахь агаарын температурыг -5-7 хэмийн хүйтнээр нэмэгдүүлдэг байна. Хэрэв таны машин дизель хөдөлгүүртэй бол машинаа асаахаасаа өмнө халаагчийг нь 2-3 удаа ажиллуулаарай. Үүний дараа “стартер”-аа дарна. Асаах оролдлого хийхдээ хаазан дээрээ хэд хэдэн удаа гишгээрэй. Ингэснээр таны хөдөлгүүрт түлш бүрэн ирж, асалт хурдсах болно.Ингээд ч асахгүй байвал дахин оролдох хэрэггүй, засварын газар хандах нь зүйтэй юм байна. Дизель хөдөлгүүртэй машин асахгүй байх бас нэг шалтгаан бол түлш царцах явдал юм. Ийм нөхцөлд ихэнх жолооч нар илүүдэл түлшээ бага зэрэг халааж, банк руугаа хийдэг. Мөн зориулалтын түлш халаагч байдаг байна. Юутай ч хэт хүйтэнд автомашинаа асаахаасаа өмнө түлш царцсан үгүйг шалгахад гэмгүй.

Харин таны машин бензин хөдөлгүүртэй бол халаагчгүй байдгийг анхаараарай. Бусдаар бол дээрх зарчмаар асаах хэрэгтэй. Гол анхаарах зүйл нь асаах оролдлого хийх үедээ хаазан дээр хэт их гишгэхгүй байхыг сануулъя. Учир нь хөдөлгүүрийн шаталтын хэсэгт бензин их хэмжээгээр орсноос тог хаягч нордог. Улмаар таны автомашины хөдөлгүүр баяжих буюу шаталт эс үүсэх болно. Ийм нөхцөлд свеча буюу тог хаягчаа гарган авч туршлагатай жолоочоор хөдөлгүүр лүүгээ галаар үлээлгэж, илүүдэл бензинийг шатаагаарай. Энэ үйлдлийг хийхдээ анхаарал болгоомжтой байх нь чухал шүү.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн хөөмийн холбоог байгуулжээ

ХБНГУ-д олон жил амьдарч Монголынхоо язгуур урлаг хөөмийг дэлхий дахинд сурталчилсан “Hosoo & Transmongolia” хамтлагийн ахлагч Д.Хосбаяр Дэлхийн хөөмийн холбоог саяхан байгуулжээ. Тэрээр Монгол, Халимаг, Буриад, Тува, Өвөрмонгол зэрэг монгол туургатны дунд хөөмийн урлагийг хөгжүүлэн дэлгэрүүлэх их үйлсийг ийнхүү эхлүүлээд байгаа юм. Энэ ажлынхаа эхлэл болгож Монгол, Халимаг, Өвөрмонголын хөөмийчдийн хамтарсан тоглолтыг ирэх 2017 онд зохион байгуулахаар зорьж байгаа гэнэ. Дэлхийн хөөмийн холбоо цаашид ЮНЕСКО-д бүртгэгдсэн энэхүү биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлах, судлах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд нэгдүгээр сард хөнгөлөлттэй зорчихгүй

Оюутнуудын автобусаар хөнгөлөлттэй зорчих эрх нэгдүгээр сард үйлчлэхгүй гэдгийг албаныхан санууллаа. Учир нь их, дээд сургуулийн өвлийн амралт таарч байгаа тул нэгдүгээр сарын 1-нээс 31-ний хооронд “Цахим төлбөрийн карт”-ын хөнгөлөлттэй зорчих эрх орохгүй аж. Харин хоёрдугаар сарын 1-нээс хөнгөлөлттэй зорчих эрх нь идэвхжиж нийтийн тээврээр зорчих юм байна.

Дашрамд дуулгахад, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, зөвхөн хичээл сургуульд явахдаа хөнгөлөлтөө эдлэх эрхтэй байдаг билээ.

Энэ нь хагас, бүтэн сайн болон бүх нийтийн амралтын өдрүүд, оюутны өвлийн амралтын хугацаанд үйлчилдэггүй аж.