Categories
мэдээ улс-төр

ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Катарын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд ноён Султан Салмиин Аль-Мансуриг 11 дүгээр сарын 10-нд хүлээн авч уулзаж, Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Катарын харилцаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхийн хамт дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт идэвхжүүлэх, тухайлбал Катараас хөрөнгө оруулалт татах зэргээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцлов.

Элчин сайд Монголд хөрөнгө оруулах асуудлыг катарын тал судалж үзсэн бөгөөд юуны өмнө хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрбээр хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр орны ард түмэн харилцан зорчих боломжтой болох юм гээд Катарт Монголын соёл, уламжлалыг харуулсан үзэсгэлэн сурталчилгаа хийх, цаашилбал, соёлын жил зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал тогтсоныг дурдав.

Монгол Улс Катар Улстай 1998 оны 1 дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосон. Манай хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Катар Улсын Засгийн газраас 2006 онд Монгол Улсын “Мянганы зам” төсөлд зориулж 10 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Мөн Доха хотноо Азийн тоглолтод оролцсон улсын баг, тамирчдад дэмжлэг үзүүлсэн.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ази-Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы Дэд ерөнхийлөгч болжээ

Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад Ази- Номхон далайн орнуудын парламентчдын дээд чуулган болж байгаа билээ. Тус хуралд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улсаа төлөөлөн оролцож, илтгэл танилцуулга хийж байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эдийн засаг ба хүрээлэн буй орчин” сэдвээр илтгэл тавьсан байна.

Түүнчлэн чуулганы өчигдрийн хуралдаанаар улс орнуудаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид дундаас удирдлагуудаа сонгосон юм. Хуралдаанд оролцсон гишүүд Ази-Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы Дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг сонгожээ.

Categories
мэдээ нийгэм

Европын уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулганд Монгол оролцоно

Энэ сарын 28-наас арванхоёрдугаар сарын 01-ний хооронд Лондон хотноо “Mines and Money” чуулган болно. Энэ нь Европын хамгийн том уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулган бөгөөд 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна.

Уг чуулганд Монгол Улс оролцохоор болсон бөгөөд чуулганаар дамжуулж Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах стратеги, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Эрдэнэс Монгол” компани хамтран чуулганы эхний өдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдөр “MINEX EURASIA-2016” хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулна.

Тус чуулганд жил бүр 75 улсаас 2500 орчим зочин, төлөөлөгч оролцдог. Тодруулбал, 900 орчим хөрөнгө оруулалт, санхүүгийн компани болон дэлхийн шилдэг 150 уул уурхайн компанийн төлөөлөгчид чуулж, тулгамдаж буй асуулууд болон цаашдын чиг хандлагын талаар хэлэлцдэг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8% нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнхи буюу 88.4%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5% нь томуу, томуу төст өвчтэй байжээ.

Хүйтэн сэрүүний улирал болж өвчлөл ихсэх, хүмүүсийн хөл хөдөлгөөн, нягтрал нэмэгдэх, хүний биеийн эсэргүүцэл сулрах нь “Амьсгалын замын халдвар” хүнээс хүнд хурдан тархах нөхцөлийг бүрдүүлдэг тул та болон таны гэр бүлийг өвчлөхөөс хамгаалах дараах зөвлөмжийг хүргэж байна.

Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 75.9%нь хүүхдүүд эзэлж, эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7%-р нэмэгдсэн буюу 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал БЗНЭ 43.8%, Багануур ЭМТ-д 41.2%-р тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр байна.

Түүнчлэн иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр өвчнөө хүндрүүлэх хандлага гарч байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

ШУТИС-ийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр гардуулан өгч үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутнууд аа!

Хүндэт зочид, төлөөлөгчид; хатагтай, ноёд оо!

Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 136 дугаар зарлиг гаргаж, Монгол Улсад инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байна.

Монгол Улсын орчин үеийн аж үйлдвэрийн салбарын хөгжил, их бүтээн байгуулалт өрнөж асан цаг үе Аж үйлдвэрийн комбинат, Дулааны цахилгаан станц, Дархан-Эрдэнэтийн үйлдвэрийн цогцолборууд, Шарын гол, Багануур, Таван толгойн уулын үйлдвэрүүд, Үндэсний радио телевиз болон бусад хөнгөн, хүнд үйлдвэрүүд баригдаж эхэлсэн 1950-аад оны сүүл 1960-аад оны эхээр Монгол Улсын Их Сургууль дэргэдээ Инженерийн салбар нээж олон зуун инженер техникийн ажилтан, ажилчдыг сурган бэлтгэж эхэлсэн.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь хөгжлийнхөө үе шат, үүрэг зорилдоо нийцүүлэн Политехникийн Дээд Сургууль, Техникийн Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль болж нэр, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа тухай бүрт өөрчлөн шинэчилж ирсэн бөгөөд дэлхийн жишигт хүрсэн сургалт, судалгаа явуулж, төгсгөсөн мэргэжилтнээ мөн тийм түвшинд хүргэх зорилт тавин амжилттай ажиллаж байгаад төр засаг, түмэн олон талархаж байдаг юм.

Монгол Улстаа төдийгүй олон улсад нэр хүндтэй тус их сургууль өнөөдөр манай улсын шинжлэх ухаан, технологийн эрдэм мэдлэг, оюуны чадамжийн хөгжлийн гол тулгуур болж, өнгөрсөн 55 жилийн хугацаанд эх орондоо 140 гаруй мэргэжлээр 70 мянган дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэн гаргаж улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг түүхтэй, бахархам амжилттай, түүхэн гавьяатай их сургууль болсон байна.

Сүүлийн жилүүдэд дээд боловсролын салбарыг хөгжүүлэх чиглэлд өрнүүлсэн олон ажлуудыг Та бүхэн амжилттай хэрэгжүүллээ. Сургалтын кредит систем, их сургуулийн удирдлагын мэдээллийн систем зэргийг анх удаа их сургуулийнхаа үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлсэн төдийгүй бусад их, дээд сургуулиудад хэрэгтэй олон сайн туршлагыг хуримтлуулж чаджээ.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн төгсөгчид болон ажилчид, оюутнуудаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн дээд шагналтан; төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд хэдэн зуугаараа төрөн гарсан бөгөөд эх орныхоо уул уурхай, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, үйлдвэр, барилга зэрэг инженер хүний уураг тархи, уран гар шаардсан салбар бүхэнд ажиллаж, хөтөлж, удирдаж явааг тэмдэглэхэд таатай байна.

Та бүхний энэхүү их гавьяат үйл хэргийг Монголын төр өндрөөр үнэллээ. Энэ одон Та бүхний хийж бүтээсэн их ажлын үнэлгээ, цаашид улам ихийг бүтээх амжилтын уриа болно гэдэгт итгэж байна.

Та бүхэнд дахин халуун баяр хүргэж, амжилт хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын үндэсний ассоциацитай санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын хот байгуулалт, барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, харилцан үр ашигтай тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар санамж бичиг байгуулав.

“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хот байгуулалт, барилгын салбарын хөгжилд хамтын хүчин чармайлтаар хувь нэмрээ оруулахад Санамж бичгийн зорилго нь оршиж байгаа юм. Энэхүү санамж бичигт нийслэлийн Засаг даргын дэргэд дараах 4 чиглэлээр 9 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөл байгуулан ажиллана гэж заасан байна.
  1. Хот төлөвлөлт, архитектурын бодлогын зөвлөл: Хотын стандартыг бий болгох, хот төлөвлөлт, барилгын салбарын хууль эрх зүй, бизнесийн орчныг сайжруулах, газар зохион байгуулалт, түүний менежментийг боловсронгуй болгох, түүнтэй холбоотой холбогдох хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах чиглэлээр хамтран ажиллах, шинээр төлөвлөж буй суурьшлийн бүс, аж үйлдвэрийн парк, тээвэр ложистекийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр
  2. Барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зөвлөл: Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл төсөл, автомашингүй гудамж дэд төсөл, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, орон сууцны нэгдсэн цахим мэдээллийн сан байгуулах
  3. Инженерийн дэд бүтцийн хөгжлийн зөвлөл: Дулаан, цахилгаан, цэвэр усны эх үүсвэр, бохир ус зайлуулах, цэвэрлэх системийн дэвшилтэт технологи, оновчтой шийдлүүдийг судалж, төлөвлөх
  4. Барилгын чанар, аюулгүй байдал, зөвшөөрлийн зөвлөл: Барилгын материалын ханган нийлүүлэлт, чанар, стандарт, хөдөлмөрийн болон техникийн аюулгүй ажиллагааг сайжруулах, барилга, инженерийн шугам сүлжээний зөвшөөрөл лицензийн зохицуулалтыг илүү боловсронгуй хүндрэлгүй болгох чиглэлийн ажлыг хамтран төлөвлөж ажиллана.
Дээрхи зөвлөлүүдийн үйл ажиллагаа нь хамтарсан судалгаа хийх, харилцан мэдээлэл солилцох, талуудын зохион байгуулж арга хэмжээнүүдийг дэмжин ажиллана.
Санамж бичиг нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн дөрвөн жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм. Үр дүнг хүчин төгөлдөр болсноос хойш жил бүр хамтран дүгнэнэ
Categories
мэдээ нийгэм

“Хубилай хаан” одонг өнөөдөр гардуулна

П.Цагаан зурган илэрцүүдМонгол Улсын шинжлэх ухааны
академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг Ерөнхийлөгчийн Тамгын
газрын дарга асан П.Цагаанд гардуулахаар болжээ. Шагнал гардуулах ёслол өнөөдөр
/2016.11.11/ 11:11 минутад Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болох аж.

П.Цагааны шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж олгож буй
энэхүү шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич Д.Рэгдэл
гардуулах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2610 төгрөгтэй тэнцлээ

Монголбанкны өчигдрийн зарласан ханшаар 2453 төгрөг 39 мөнгөтэй тэнцэж байгаа бол өнөөдрийн 09:45 цагийн үед “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2590 төгрөгөөр худалдан авч, 2610 төгрөгөөр арилжиж байв.

Мөн үеийн байдлаар “Ард” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2570 төгрөгөөр худалдан авч, 2610 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд ам.долларыг 2448-2450 төгрөгөөр худалдан авч, 2484-2498 төгрөгийн ханштай байна. Хэдийгээр банкуудын ханш арилжааны төвүүдийнхээс харьцангүй хямд байгаа хэдий ч банкуудад зарах доллар байхгүй байгааг салбарынхан хэлж байна. Өчигдөр өглөөний 11:00 цагийн байдлаар нэг ам.доллар 2490 төгрөгтэй тэнцэж байсан бол оройн 20:00 цаг хүртэл 2600 төгрөг хүртэл өссөн. Ам.долларын ханш нэг өдрийн дотор 110 төгрөгийн өсөлт үзүүлсэн нь манай улсын эдийн засгийн түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 9 хэм хүйтэн

Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна зурган илэрцүүд

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Алтайн өвөр говиор 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 22-27 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын саваар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна

2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 12-нд Алтайн уулсаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр, 14,15-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 13-нд ихэнх нутгаар хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Оюунтуяагийн “Цахим бороохой” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуульд хичээл хаялт болоогүй талаар сургуулиас нь албан ёсоор тодруулсан ярилцлага, мэдээлэл нийтлэгдлээ. Энэ сургууль нь гурван ээлжээр хичээллэж байгаа ч сургалтын чанарт ямар нэг доголдол гараагүй хэвийн ажиллаж байгаа гэлээ. Үргэлжлэлийг нь 11-р нүүрээс уншаарай.

Мөн нэгдүгээр нүүрт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой хийсэн “Энэ төсөвт гялайж, гялтайх ганц ч зүйл алга” ярилцлага орсон байна. Үргэлжлэлийг 2, 6-р нүүрээс уншаарай. Мөн Улсын нэгдсэн төсвийг баталсан талаарх мэдээллийг бүрэн эхээр нь унших боломжтой юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой хийсэн ярилцлагыг мөн уншаарай. Тэрбээр үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж явдаг юм байна.

Гуравдугаар нүүрээс өнөөгийн нийгэмд өсвөр насныханд хамгийн их тохиолдож байгаа цахим гадуурхлын талаар бичсэн нийтлэлч Д.Оюунтуяагийн “Цахим бороохой” нийтлэлийг уншаарай. Таны хүү, охин ч гэсэн анги, сургууль дээрээ асуудалтай байгаа юм биш биз хэмээн сэрэмжлүүлэн бичжээ.

Долдугаар нүүрт Дэлхийн эрүүл мэндийн байгууллаг болон НҮБ-ээс жил бүр зохион байгуулдаг “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр” энэ сарын 13-17-ны өдөр тохиож байгаатай холбогдуулан Архидалттай тэмцэгч, аюулгүй байдлын судлаач Ж.Цогтсугартай хийсэн ярилцлага оржээ. Тэрээр “Манай улсад иргэн согтуугаар машин жолоодож байвал торгодог. Энэ нь их буруу. Үүний оронд жолооны сургалтад дүрмийг заах явцдаа архи, согтууруулах ундаа хэрэглэх нь ямар их хор хөнөөлтэйг сайн ойлгуулчих хэрэгтэй” хэмээн зөвлөгөө өгсөн байна.

12-р нүүрээс Монгол Улсын начин Д.Бадрахтай хийсэн “Хүүхдийн сайн сайхны төлөө л чиглэсэн үйл ажиллагаа хийхийг зорилоо” ярилцлагыг уншаарай. Тэрбээр “Хантайшир” бөхийн дэвжээ болоод, Говь-Алтайн бөхөд хайртай хүн болгон улсын заан Р.Даваанямд баярлахгүй байхын аргагүй. Биеийн бяраас гадна ухааны цараатай хүн байлаа шүү дээ. Тиймдээ ч аймаг тус бүр бөхийн дэвжээ, гал голомтоо бадрааж байхад “Хантайшир” бөхийн дэвжээний тулгын гурван чулууг бат нягт тавьж өгсөн юм” хэмээн дурсан ярьжээ.

13-р нүүрт Гэндэнгийн Дашчирэвтэй хийсэн “Сэгс цагаан Богд уул бол амьдын диваажин болсон түүхт нутаг” ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр “ Эзэн богд Чингис хаан маань Тангудыг дарахаар 1220-иод оны үед Сэгс цагаан Богд уул, Шар хулсны шандаар дайран явсан гэдэг. Тийн явахдаа нэгэн уулыг өөрийн нэрээр нэрлэж, бас нэг уулыг харуулын толгой болгосноор Атас, Чингис хэмээн нэрийдэх болсон гэсэн домог бидний үед уламжлан ирж” хэмээн хуучилжээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ