Categories
энтертаймент-ертөнц

Мисс А.Баярцэцэгийн танилцуулга шилдэг 10-т багтав

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss World-2016” тэмцээний шилдгийг тодруулж, титэм гардуулах ёслол АНУ-ын Вашингтон хотноо ирэх сарын 18-нд болно.

Энэ удаагийн шалгаруулалтад 130 гаруй гоо бүсгүй өрсөлдөж байна.

Тэмцээнд оролцож буй мисс бүсгүйчүүд өөрийн болон эх орныхоо талаар танилцуулсан видео бичлэгийг сошиал сүлжээгээр түгээж буй билээ. Тэгвэл тэмцээний шилдэг 10 танилцуулгад манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй Алтангэрэлийн Баярцэцэгийн танилцуулга багтжээ. Түүний танилцуулгыг “Яг л кино мэт, агшин бүрт нь алга ташилт бэлэглэмээр. Түүний “Miss earth-2015” тэмцээний танилцуулга бичлэг ч мөн түүхийг шингээсэн сүр жавхлант байсан” хэмээжээ.

Дашрамд сонирхуулахад, мисс А.Баярцэцэг “Дэлхийн мисс-2016” тэмцээний хамгийн эхний нэгдсэн номер болох бүжгийн үзүүлбэрт 10 охин тэргүүн эгнээнд бүжиглэх болсны нэгээр шалгараад байна.

Categories
мэдээ нийгэм

2016 онд ХДХВ-ийн халдвараар зургаан хүн нас баржээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 218 тохиолдол бүртггэлтэй байдаг юм байна. Гэхдээ бүртгэлтэй хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн бий гэж тооцоолохоор энэ тоо 457 болж байгаа аж. Насны хувьд 15-49 насныхан байгаа ажээ. Харин ХДХВ/ДОХ-ын халдварын улмаас нас барсан тохиолдол 35 бүртгэгдсэн байна. Албаныхны мэдээлж буйгаар нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээр ДОХ-ын халдварыг 20 насанд нь оношлож, эмчилгээнд хамруулснаар 71 наслах боломжтой гэдгийг баталжээ.

Харин эрт оношилж, эмчилгээнд хамруулж чадаагүй бол 42 насална гэх тооцооллыг гаргасан байна. Гэтэл Монгол Улсын хувьд ДОХ-ын халдвар авсныг илрүүлснээс хойш 20 жил амьдарч буй нэг л хүн байгаа аж. Энэ нь халдвар авсныг илрүүлснээс хойш хамгийн удаан амьдарч байгаа тохиолдол юм. 2016 онд зургаан хүн ДОХ-ын халдвараар хорвоог орхижээ.

ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан “Зарим иргэд ДОХ-ын халдвартай хүн гэхээр муу хувцастай, уруу дорой, өөрсдөөс нь огт өөр хүн байх мэт санадаг. Гэтэл ДОХ-оор хэн ч халдварлах эрсдэлтэй. Тиймээс хамгийн гол нь жил бүр шинжилгээнд хамрагдаж хэвших нь чухал байна” гэсэн юм.

“ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд бэлгийн хавьтлын үед бэлгэвчийг тогтмол хэрэглэх нь 85 хувь хамгаалдаг. Эрүүл мэнддээ анхаарч, зовиур илрэхгүй байсан ч жил бүр ДОХ/ХДХВ болон бусад шинжилгээг өгч хэвших нь эрсдлээс өөрийгөө хамгаалах хамгийн том гарц” гэдгийг эмч нар онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг өвчин гарсантай холбогдуулан амьд мал тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа

Цэцэг өвчин зурган илэрцүүд

Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтэс хонь, ямааны цэцэг өвчний тархалтын талаарх мэдээлэл хийж, амьд мал тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа. “Цэцэг өвчний анхны тохиолдол өнгөрсөн оны нэгдүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд бүртгэгдсэн.

Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 суманд уг өвчин гараад байна. Иймд улсын хэмжээнд Өмнөговь аймгийн Ханхонгор, Төв аймгийн Баян, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Булган аймгийн Могод, Гурван булаг, Архангай аймгийн Хашаат, Өгий нуур суманд цэцэг өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Уг өвчний тархалт зүүн аймгаас баруун аймгууд руу чиглэж байна. Тиймээс голомттой бүс нутгаас Орхон аймаг руу чиглэж буй хөдөлгөөнийг хорихыг Улсын онцгой комисс өгсөн” гэж ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Г.Одсүрэн ярилаа. Мөн амьд малыг тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа. Энэ онд тус аймагт 134.6 мянган толгой мал тоологдсон. Одоогоор малын халдварт өвчин бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын даргад цас арилгагч төхөөрөмжөө танилцуулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр иргэдтэй уулзах ээлжит уулзалтаа Дүнжингарав худалдааны төвийн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хийлээ.

Уулзалтын үеэр иргэд тулгамдаж буй асуудлуудаа хотын захирагчид танилцуулсан бөгөөд энэ үеэр нэгэн иргэн өөрийн зохион бүтээсэн цас арилгах төхөөрөмжөө хотын даргад танилцуулсан юм. Ц.Оргилболд нь уг бүтээлээ анх 2012 онд “Залуу зохион бүтээгч” тэмцээнд танилцуулж хоёрдугаар байрт шалгарч байжээ. Түүнээс хойш төхөөрөмжөө 28 удаа шинэчилсэн, сайжруулсан байна.

Тэрээр төхөөрөмжийнхөө борлуулалтын тал дээр хотын даргаас дэмжлэг хүсч байгаагаа илэрхийллээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: Таны өрхийн орлогын зохистой хэрэглээ ямар түвшинд байх ёстой вэ?

Цуврал (1)

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ зурган илэрцүүд


Цуврал (2)

-ЗАРДЛАА ХЭРХЭН ХӨТЛӨХ ВЭ?-

Гийгүүлэгч СЭРЖЭЭ /Гадаадад амьдарч байгаа монголчуудыг төлөөлнө/

Гадаадад сурч, ажилладаг бидэн шиг хүмүүс насаараа хүний нутагт амьдрахгүй нь лавтай. Хүн бүр их бага хэмжээний орлого олдог. Гол нь тэр мөнгөө хэрхэн үр дүнтэй зөв зүйлд зарцуулах вэ? гэдгээс л тухайн хүний амьдрал ямар байх нь шалтгаалдаг гэж би боддог юм. Ялангуяа үр хүүхэдтэй хүний хувьд тэднийхээ ирээдүйг баталгаажуулна гэдэг маш чухал зүйл.

Миний хувьд нэг ч төгрөг үрдэггүй өдөр, зардалтай өдрөөсөө олон. Иймд хүнсний ногоо худалдан авдаг өдрийнхөө зардлыг жишээ болгоё.

Ажил гэр ойрхон тул өдрийн цайны цагаа ашиглан шинэхэн бөгөөд бөөний үнэтэй хүнсний захаас ногоогоо цуглуулдаг. Долоо хоног бүрийнхээ хоолны менюг урьдчилаад гаргачихдаг болохоор тэр цэсэндээ тааруулаад төмс 1 уут 3000, лууван 2000, сонгино 1500, хайрцаг жимс 10000 вонн гэх мэтээр авч, нийт 21500 вонныг хүнсэндээ зарцуулжээ. Ямар ч тооцоогүй зах орвол зарим ногоог илүү авах, өөр дэмий зүйл худалдан авдаг гэмтэй учраас, яг юу худалдаж авахаа урьдчилан бичих нь хамгийн зөв арга юм. Хүнсний ногоогоо 5 хоногт нэг удаа авдаг болохоор хатаж хаягддаггүй гээд олон сайн талтай.

18:00 Ажил тараад охиноо цэцэрлэгээс нь аль болох хурдан авахгүй бол оройжин гомдол мэдүүлдэг юм. Энэ үедээ ээж охин 2 булагнаж өөрсдийнхөө дуртай школадыг авч иднэ. 1200

20:00 7-14 хоногтоо найз хүүхнүүдтэйгээ уулзаж, зовлон жаргал, баяр хөөр, нууцаа хуваалцан суух хамгийн сайхан байдаг. Кофе болон дессертны үнэ 4300.

Энэ өдөр зарцуулсан нийт зардал- 26000. Гэхдээ энэ нь өдөр бүр үрдэг мөнгө биш юм. Тиймээс өдөр бүрийн дэл сул зардлаасаа хэмнэсэн мөнгөө тусад нь цуглуулаад, өөрийнхөө хүссэн зүйлд зарцуулах нь үнэхээр сэтгэл ханамжийг авчирдаг. Эсвэл хуримтлалдаа хийхээр бас л гоё мэдрэмж төрдөг шүү. Та ч бас туршаад үзээрэй. Би чадсан учир та ч гэсэн чадна.

Гийгүүлэгч НОМИН /эдийн засагч/

Сүүлийн 1 жил тогтсон нэг хэмнэлээр амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Өглөө бүр 6.30 гэхэд өдрийн хоолоо бэлтгэж дуусаад, нөхөр болон өөртөө савлан, хүүхдүүддээ өглөөний цайг нь уулгаад албандаа явцгаадаг. Том охиноо сургууль, бага охиноо цэцэрлэгт нь, нөхрийн ажил зам дагуу учир буулгачихаад ажилдаа очдог. Ажил дээр:

10.00: 1 аяга кофе эсвэл ногоон цай уудаг. Үнэ 300 төгрөг

12.30: Бэлтгэж ирсэн өдрийн хоолоо иддэг тул зардал гардаггүй. Хоолоо бэлдэж амжаагүй үедээ 4000 төгрөг л зарцуулдаг.

Эрүүл мэндэд тустай тул өдрийн турш ус уудаг. Ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал тохиолдоогүй бол ажил дээр тэр бүр мөнгөний хэрэгцээ гардаггүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Картандаа байнга яаралтай тохиолдолд хэрэглэх мөнгөтэй явахыг хичээнэ. Такси болон автобусанд мөнгө зарцуулдаггүй. Харин сард бензиний зардалдаа дунджаар 90,000 төгрөг зарцуулдаг бөгөөд ажлын өдөрт хуваавал нэг өдрийн 4000 орчим төгрөг болж байна. Ингээд тооцоход миний нэг өдрийн зардал 4 300- 9000 төгрөг юм.

7 хоног:

-Талх, гурилан бүтээгдэхүүн, ногоогоо бөөний үнээр худалдан авдаг. /Зарим тохиолдолд охинтойгоо талх, гурилан бүтээгдэхүүнээ гэртээ хийнэ/

Сард:

-Зуны улиралд сардаа нэг удаа махаа их хэмжээгээр авдаг. Харин идшээ бэлдсэн үед, 6 сар хүртэл мах худалдан авдаггүй. Саван, шампунь гэх мэт ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, тухайн сарын байр цахилгааны төлбөр, утас, интернэт, кабелийн мөнгө, хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөрийг төлдөг. Бас хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлд шаардлагатай зүйлсийг авч өгдөг.

Улирал:

-Гурил, будаа, гоймон, ургамлын тос, хоол амтлагч болон тухайн улиралд шинэчлэх шаардлагатай хувцас худалдан авдаг.

Жилд:

-Шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ болон гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө зарцуулдаг.Мэдээж амьдралд баяр ёслол хамт олны аялал зугаалга гэх мэт тооцоолоогүй зардал гарах нь цөөнгүй. Гэхдээ гэнэтийн тохиолдолд хэрэглэх хуримтлалынхаа ачаар санхүүгийн хүндрэлд орох нь ховор байдаг.

Гийгүүлэгч ТОГОО /Олон нийтийг төлөөлнө/

Би ямар нэгэн бизнес эрхэлдэггүй. Олонхийн адил цалингаас цалингийн хооронд, заримдаа ч өрнөөс өрний хооронд амьдарчихдаг талтай. Яваандаа ямар нэгэн бизнес эхлүүлье гэж боддог ч яг санаагаа олоогүй, гарааны мөнгө, яаж эхлэх гээд учраа олоогүй л явна. Гэтэл ийм асуудалтай хүн ганц би биш бололтой. Энэ сэдвээр яриа өрнүүлэхэд олон найз маань толгой сэгсэрдэг юм. Гэхдээ Михайлд нэг бодол бий гэдэг шиг санааны мухарт бодсон зүйл бий. Ер нь аливаа зүйл багаас эхэлдэг. Иймээс би хамгийн түрүүнд өөрийнхөө санхүүг удирдаж чадаж байгаа эсэхээ хянахаар шийдсэн юм. Эдийн засагчдын өгдөг хамгийн эхний зөвлөгөө бол зардлаа тэмдэглэх, юунд хамгийн их мөнгө үрж байгаагаа тооцох байдаг.

Ингээд эрхэм уншигч та яг одоо миний сарын өмнө /2016.10.06/ болон сарын дараа /2016.11.06/ хөтөлсөн нэг өдрийн зардлын тооцоог харьцуулан харна уу.

Би нэг өдрийн зардлаа тэмдэглэж үзээд сард 422,000 төгрөгийн хэмнэлт хийж чадахаа ойлгосон. Жаахан хувийн зохион байгуулалттай байхад л бүх зүйл ОК. Мэдээж эхэндээ эрт босохгүй, хоолоо хийж амжихгүй байх гээд асуудал гарна. Найз нөхдийн төрсөн өдөр, хамт олны зугаалга гээд мөнгө үрэх зүйл бишгүй бий. Гэхдээ дэмий зүйлд мөнгө үрэхээ больсон тул ямар ч байсан эхний ээлжинд өр тавихаа больчихсоноо анзаарч эхэлдэг юм. Хамгийн гол нь эрт унтаж эрт босох нь олон ажил амжуулахад дөхөмтэй. Гэртээ хоолоо хийх нь санхүүд болоод эрүүл мэндэд ч тустай. Өө тийм. Би өөртөө 3 үетэй жижиг хоолны сав, бас 2 литрийн усны сав л авсан. Саяхан манайх машинтай болсон. Удахгүй дахиад нэг өдрийнхөө зардлын тооцоог хийнэ дээ.

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: Эрхэм уншигч та анзаарсан бол санхүүгээ зөв удирдаж чадвал тэр бүр мөнгөний гачаалд орохгүй. Бусдаас хурнийж мөнгө зээлэхгүй. Иймээс та юун түрүүнд нэг өдрийн зардлаа тэмдэглэж үзэхийг зөвлөе. Дараа нь долоо хоног, сараар нь тэмдэглэснээр ямар зүйлд дэмий мөнгө үрж байгаагаа ойлгох болно. Ингээд л та өр тавьдаггүй, харин зээлдэг нэгэн болно шүү дээ. Та яг одоо өнөөдрөөс зардлаа тэмдэглээрэй. Дараа нь үргүй зардлаа багасгаж чадна. Танд амжилт хүсье.


Цуврал (3)

-“ТАНЫ ӨРХИЙН ОРЛОГО ЗАРЛАГЫН ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?-

Өнгөрсөн удаагийн дугаартаа бид та бүхэндээ өөрийн болон гэрийнхээ нэг өдрийн цаашлаад долоо хоног, сарын зардлаа бичиж тэмдэглэхийг зөвлөсөн. Энэ үйлдлийг хийхэд танд нэг дэвтэр, үзэг бал байхад л хангалттай. Гэхдээ маш сайн ой санамжтай байхгүй бол нэгэн эзэгтэйн зардлын тэмдэглэл шиг “Надад 500,000 төгрөг байсан. Нэг кг нарийн боов – 2500 төгрөг, ургамлын тос 3800 төгрөг тэгээд яасан нь мэдэгдэхгүй 493,700 төгрөг гэдэг” шиг л юм болно шүү.

Мэдээж таныг дээрх хошин ярианы эзэн биш гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та зардлаа тэмдэглэж үзсэн бол магадгүй таны өмнө нь огт анзаарч байгаагүй мөнгөний дайснууд тань хаашаа ч бултах аргагүйгээр “баригдчихсан” нь лавтай. Энэхүү нийтлэлийн дараа нүүр номонд уншигчдын бичсэн сэтгэгдлээс хүргэвэл:

“Би санхүүгийн хувьд засарч чадна гэж өөртөө бүрэн дүүрэн итгэлээ. Ер нь хуримтлаал, өнөөдөртөө жаахан “яндан” байгаад байхад болчих юм байна. Ккк хэмээн Teshka Tegshee бичжээ. Харин Enkhmaa Tseesodroltsoo: би зардлаа их эрт бичдэг байсан. Хөтлөөд байхаар их сонин. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт яг график шиг гараад ирдэг. Тэгж байгаад больчихсон юм аа. Та нарыг хараад дахин хөтөлье гэж тууштай бодчихоод л байгаа 🙂 хэмээн бичжээ. Баяр хүргэе та нартаа. Үнэхээр та ч гэсэн ийм дүгнэлт хийж, зардлаа хөтөлж эхлэхээр шийдсэн бол магадгүй яаж бичихээ мэдэхгүй байгаа бол доорх загвараар орлого зардлаа тэмдэглэхийг хүсье. Ингэснээр та юуг тэвчиж, ямар хэмнэлт хийж чадахаа санхүүгийн дайн өрнөх дараах талбараас харж чадна.

Эхний ээлжинд зарлага тань тодорхой боллоо. Одоо та үүнийгээ орлоготойгоо харьцуулаад үз. Орлогын тань талаас илүү хувь нь зөвхөн хоол хүнсэндээ үрэгдчихээд байгаа бол мэдээж үүнийг хэн ч зохистой хэрэглээ гэж хэлэхгүй биз ээ.

Бид доорх зохистой хэрэглээг тогтоохдоо дундаж орлоготой өрхийн санхүүгийн үзүүлэлт дээр тулгуурлаж гаргасан юм. Жишээ нь: Таны “Өрхийн хэрэглээ” бүлгийн зардал орлогынхоо 36%-ийг эзэлж байвал та “Хоол хүнс, ахуйн хэрэглээ, унааны мөнгө” гэх мэт зардлуудаа бууруулах шаардлагатай гэсэн үг юм. Доорх хүснэгтээс ямар зардал таны орлогын хэдэн хувийг эзэлж байвал “Зохистой хэмжээнд” тооцогдохыг ойлгох болно.

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: Бид энэ удаад уншигч танд зардлаа тэмдэглэж сурахад тань мөн орлогын тань хэдэн хувийг ямар төрлийн зардал эзэлбэл зохистой талаарх мэдээллийг хүргэлээ. Дараагийн дугаарт: Орой бүр бүсгүй та ямар хоол хийхээ боддог уу? Тэгвэл энэ тухай зөвхөн ням гаригт л бодоход хичнээн төгрөг хэмнэж чадна гээч…









Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний 20 хувийг ОХУ-аас импортолдог

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.29/ хуралдаан 10.11 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдал, тулгамдсан асуудлын талаархи Эрчим хүчний сайдын мэдээллийг эхэлж сонссохоор болов.

Эрчим хүчний сайд П.Ганхүү танилцуулгадаа Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээ 6865 сая кВт.цаг байдгаас 80 хувийг дотооддын үйлдвэрлэлээс, 20 хувийг ОХУ-аас буюу импортоор хангадаг. Жилийн хэрэглээний дундаж өсөлт 5.1 хувьтай байна. Өнгөрсөн хугацаанд Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Концессын тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг батлагдан хэрэгжиж байгаа. Түүнчлэн 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлагдсан. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод эрчим хүчийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад байгаа. Эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх, энэ салбарт инноваци, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гол зорилтуудыг тавьж байгаагаа дурдсан юм.

Тэрбээр Монгол Улсын төв, баруун, зүүн бүсийн эрчим хүчийг сайжруулахад эн тэргүүнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулав. Тухайлбал, төвийн бүсэд системийн горим тохируулах эх үүсвэр бий болгох Эгийн голын усан цахилгаан станцыг барих, төвийн бүсийн хэрэглээний өсөлтийг хангах, чадлын нөөцийг бий болгох хүрээнд ДЦС-5, ДЦС-3-ыг 250 мВт-аар өргөтгөх, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийн говь Чандагана цахилгаан станц, говийн бүсийн орд газруудыг дотоодоос хангах Таван толгойн цахилгаан станц, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд Улаанбаатар-Мандалговь 330кВ, 270 км төслүүдийг тус тус эхлүүлэх шаардлагатай байгаа аж.

Харин зүүн бүсэд нэн тэргүүнд бүсийн хэрэглээний өсөлтийг хангах Дорнодын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВТ-аар өргөтгөх, цахилгаан хангамжийг сайжруулах, Төвийн бүсийн нэгдсэн системд холбох Багануур-Өндөрхөөн 220 кВ-ын төслийг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр эхлүүлэх, баруун бүсэд хэрэглээний өсөлт, дотоодын эх үүсвэрийг бий болгох, Эрдэнэбүрэн, Тавалтайн усан цахилгаан станцын төслүүдээс эхний ээлжинд эхлүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд онцоллоо.

Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймагт шинээр дулааны цахилгаан станц барих, Сүхбаатар аймгийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төслийг Засгийн газраас БНСУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн эрчим хүч экспортлох бодлогын хүрээнд Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн экспортлох уурхай, цахилгаан станц дамжуулах шугамын төсөл, Азийн хөгжлийн банкны 1.8 сая ам долларын санхүүжилтээр 2017-2019 онуудад Гобитек-Азийн нэгдсэн сүлжээ төслийн нарийвчилсан судлагааг эхлүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаараа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Эрчим хүчний сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Элдэв-Очир, С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжих эсэх, энэ салбарт үүссэн өр авлагын хэмжээ, замбараагүй олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, өвөлжилтийн бэтгэл ажил хэр хангагдсан, аймгуудыг төвлөрсөн дулаан хангамжаар хангах асуудал ямар байгааг илүүтэй сонирхож байлаа

Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын хэмжээнд замбараагүй олгогдсон тусгай зөвшөөлийг цэгцлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 68 тусгай зөвшөөрлийг олгосон ч бүтээн байгуулалт, ажлаа эхлүүлсэн нь цөөн. 1992 онд Азийн хөгжлийн банктай хамтраад 220мВт-ын хүчин чадалтай 2.5 сая ам долларын төсөвтэй Эгийн голын усан цахилгаан станц барих асуудал яригдаж эхэлсэн. Үүнээс хойш 24 жил болж байна. Бидний хувьд байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан судлагааг ОХУ-тай хамтран хийсэн. Үнэлгээний хариунаас төслийн цаашдын ажил хамаарна. Ер нь Эгийн голын усан цахилгаан станцыг баривал Монгол Улс эрчим хүчээ дотооддоо 100 хангаж чаддаг болно.

Харин 10 аймгийн дулааны цахилгаан станц барих асуудлыг бид эрчимжүүлж байгаа. 2018 он гэхэд станцуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ жилийн дулааны шугам, сүлжээний засварын ажил АСЕМ, гадаад дотоодын томоохон арга хэмжээнээс болоод сар гаруйн хугацаагаар хойшилж эхэлсэн. Гэсэн хэдий ч засварын ажлын хугацааг шахаж, үр дүнтэй ажиллуулсан. Цас нэлээд хэмжээгээр орж, хүйтэрсний улмаас дулааны цахилгаан станцуудын гадна талбайд байх нүүрсний нөөц багассан. 20 -иос доошгүй хоногийн нөөцтэй байлгахын тулд яаралтай арга хэмжээ авч ажилласны үр дүнд үйл ажиллагаа жигдэрсэн гэж хариулсан юм.

Салбарын сайдын мэдээллийг сонссоны дараа Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва 2015 онд тус байнгын хорооноос эрчим хүчний салбарын чиглэлээр гаргасан УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа.

Байнгын хорооны тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжив

Үргэлжлүүлэн Төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.5 хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төмөр замын салбарын талаар чиглэл өгөх ажлын хэсгийг 2016 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү ажлын хэсгээс гаргасан тогтоолын төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Уг тогтоолын төсөлд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компаниудад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд зургаан чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг тусгасан байлаа. Тухайлбал, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл онцгой татварын асуудлыг судалж шийдвэрлэх, төмөр замын дэр модыг бетонноор бүрэн солих хүртэлх хугацаанд /10жил/ галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дэр мод үйлдвэрлэхэд зориулсан мод бэлтгэх зөвшөөрөл сэргээх, 2017 онд нэг удаа 10 мянган тоннн вагоны хаягдал хар төмрийг экспортлох чиглэлээр 2005 оны УИХ-ын 46 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах аар тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгасан байна.

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж Л.Энх-Амгалан, С.Чинзориг, Д.Дамба-Очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Гишүүдийн хувьд төмөр замд чиглэл өгөхдөө зөвхөн хоёрхон байгууллагыг онцолсныг өрөөсгөл гэж байсны зэрэгцээ “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшийг онцгой татварын асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийн талаар илүүтэй сонирхож байлаа. Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн хуралдаанаар төмөр замын хэмжээнд тулгамдсан асуудалд нэн яаралтай шийдэх асуудлуудад чиглэл өгөхөөр тохирсон. Тиймээс тогтоолын төсөл хоёр байгууллагаруу чиглэсэн юм. Онцгой албан татвараас чөлөөлөх хууль 2017 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжинэ. Гэхдээ энэ хүртлэх хугацаанд 2016 оны хувьд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьд импортын дизель түлшний асуудалд 36 тэрбумын өр үүссэн байна. Үүнийг шийдэх санхүүгийн боломж тус нийгэмлэгт байхгүй учир тусгайлсан чиглэл оруулсан гэж байлаа. Дараа нь байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжив. Гишүүдийн хувьд тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч найруулгын хувьд засч, сайжруулах асуудал байгааг ажлын хэсгийнхэнд анхаарууллаа.

Хуралдааны төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяа уг орон тооны бус гишүүнд Сангийн яамнаас нэр дэвшүүлсэн төлөөлөгчийг танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Нямандэлэгийн Мандуул нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль, 2003-2007 онд Болгар улс дахь Америкийн их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлага, 2011-2014 онд АНУ-д Брендайз Их сургуулийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн. 2007 оноос өнөөдрийг хүртэл Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчээс асуух асуулт байгаагүй тул түүнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр батлахыг хуралдаанд оролцогсдын 76.6 нь дэмжлээ. Энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Дорнодод хордсон иргэдийн талаар мэдээлэл өгөв

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зөв боломж” ХХК-ийн ажилтнууд Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордон 23 хүн эмчлүүлж, ЭМЯ-наас мэргэжлийн эмч нарын баг томилон явуулсан талаар мэдээлсэн. Тэгвэл тус аймагт ажиллаад ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр Эрүүл мэндийн яаманд нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭТГ-ын дарга Я.Буянжаргал, ТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, Эрүүл мэндийн яамны Хор судлалын ерөнхий мэргэжилтэн С.Юндэн, УНТЭ-ийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн их эмч Ц.Ганбат нар оролцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг Дорнод аймагт 3 хоног ажиллаад ирлээ. Бид яаралтай арга хэмжээ авч, эрүүл мэндийн салбарын зөвлөх эмч, хор судлалын мэргэжилтнүүдээ явуулсны дүнд тодорхой цаг хугацаанд эрт илрүүлж, оношилж, бусад иргэдийг үзлэгт хамруулж чадсан гэж ойлгож байгаа. Олон жилийн өмнө Багануур дүүрэгт ийм хордлогын асуудалтай тулгарч байсан. Цаашид Эрүүл мэндийн яамнаас арга хэмжээ авч, яаралтай тохиолдол үүсэхэд туслах багийг бэлэн байлгах, тухайн газарт эмчлэх, оношлох багаж төхөөрөмж байрлуулах асуудлаар Улсын онцгой комисст асуудал тавьсан байгаа талаар хэллээ.

Одоогоор 17 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Техникийн спиртийн холимог, метилийн спиртийн хольцтой шингэний хордлогод орсон. 17 хүний тав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад нь ерөнхий эмчилгээ хийлгэж байгаа юм. Монгол Улсын стандарт заагдсан хордлого тайлах ерөнхий эмчилгээ, спиртийн хордлого тайлах, цус цэвэршүүлэх зэрэг давхардсан тоогоор 14 удаа энэ төрлийн эмчилгээ хийсэн. Хордсон иргэдийн биеийн байдал тогтвортой, сайжрах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ 725 иргэний мэдүүлгийг хянажээ

Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 386 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 725 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 230 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 216 нь зөрчилгүй байсан бол 7-г нь буцааж, 7-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 495 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.

Монголбанкны Хэвлэлийн албаны ахлах төлөөлөгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Оргил, нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Өнөгэрэл, Хүүхдийн төв сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Г.Аззаяа нарын зэрэг 216 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд, тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 7 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 7 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төв, Хөвсгөл, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах тухай

Улсын Их Хурлаас анх 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 49 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй өөрчлөлтийг хавсралтад дурдсан танилцуулгаас үзнэ үү.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсрууллаа.

Хуулийн төсөлтэй танилцан саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Ц.Батчимэгт ирүүлнэ үү. Холбоо барих утас: 321443; И-мэйл хаяг: munkherdene.d@ulaanbaatar.mn

“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Categories
мэдээ нийгэм

Төрийн банк 243 ажилтнаа халахаа мэдэгджээ

Төв байрандаа 64 захиралтай Төрийн банкнаас нийт 243 ажилтнаа халахаар мэдэгдэл өгчээ. Эдгээр ажилтнууд өөрсдийгөө үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс “ажлаа хийж татвараа төлж явсан бид эдийн засгийн хямралын золиос болж байна” хэмээн МАН-ын дарга М.Энхболдод хандан ил захидал хүргүүлж байгаа аж. Уг захидалд “М.Энхболд дарга хэлэхдээ, МАН-ын бодлогын гадна нэг ч иргэн үлдэхгүй гэсэн гэсэн байгаа нь бодит амьдралд Төрийн банкны ажилтнуудад хэрхэн нөлөөлж байгааг анхаарч үндэслэлгүйгээр халагдсан 243 ажилтанд хууль эрх зүйн туслалцаа үзүүлнэ үү” гэсэн байна.

Тус банкны захирал Д.Баярсайхан байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, “Төрийн банкны төв байранд 64 захирал ажилладаг” гэж байсан билээ.