Categories
мэдээ цаг-үе

Бичил уурхайчид сум, суурин газруудад мөнгөний шууд нийлүүлэлт хийж орон нутгийн хөгжилд нэмэр болдог

Бичил уурхайчид нөхөн сэргээлт хийж, мод тарих аян зохион байгуулдаг болжээ.

“Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн энэ сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт боллоо. Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд баруун таван аймгийн 160 гаруй төлөөлөгч оролцсон юм. Аймаг, сумдын Засаг дарга нар, байгаль орчин хариуцсан мэргэжилтнүүд голдуу ирсэн байлаа. Бичил уурхайг хууль, журмын хүрээнд зохион байгуулалтад оруулж, албажуулснаар бичил уурхайн салбарын орон нутгийн болон Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр, ач холбогдлыг дээшлүүлэх боломжийн талаар оролцогч талуудыг мэдээллээр хангах, хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн зөвлөгөөний зорилго оршиж байгааг зохион байгуулагчид нь дурдаж байлаа.

Ховд аймгийн хувьд гар аргаар алт олборлогч иргэд, малчдын тоо сүүлийн жилүүдэд өсч байгаа юм байна. Түүнийг дагаад байгаль орчинг сүйтгэх, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох, хувиараа алт олборлож байсан иргэд тусгай хамгаалалттай газар нутаг руу халддаг хууль бус үйлдлүүд гарч байгааг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх зөвлөгөөний нээлтийн үеэр хэлэв. Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн ахлах эксперт Т.Энхцэцэг Швейцарийн хөгжлийн агентлаг Монголд хэрхэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн талаарх түүхийг сонирхуулсан юм. Уг агентлаг нь 2000 оны үеэс ган, зудад нэрвэгдсэн малчдад туслах, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж эхэлсэн юм байна. Ерөнхийдөө хүнсний аюулгүй байдал, мэргэжилтэй боловсон хүчин, иргэдийн оролцоотой сайн засаглал, бичил уурхай гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг аж. Монголд албан бусаар 100 гаруй мянган “нинжа” буюу бичил уурхай эрхлэгчид байдаг гэсэн тоо бий. Тэдний 60 гаруй мянга нь Тогтвортой бичил уурхай төслийн үр шимийг хүртэж байгаа аж. Тэдний 10 хувь нь буюу зургаан мянга нь л хууль ёсны дагуу ажилладаг юм байна. Энэ төслийн хүрээнд бичил уурхайд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад дэмжлэг үзүүлэх, бичил уурхайн олон улсын мэдлэгийн төв байгуулахад анхаарч ажиллаж байна.

Нэгэн үе “нинжа” гэж хоч өгсөн нийгмийн бүлэг хэсгийг олон нийтээрээ буруушааж хууль бус этгээдүүд гэж нүд үзүүрлэдэг байсан. Харин тэднийг хуулийн хүрээнд зохион байгуулаад стандартын дагуу ажиллуулж, хүний эрхийг хангуулах тал дээр анхаарал хандуулаад эхэлтэл өмнөх байдал ор мөргүй алга болж байгаа юм байна. Энэ салбарт олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр төрөөс бичил уурхайчдад үзүүлэх үйлчилгээ сайжирч, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах болжээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөл сайжирч, осол аваарын тоо буурсан бөгөөд эрдэнэсийн санд тушаасан алтны хэмжээ ч нэмэгджээ. Мөн бичил уурхайчид уул уурхайн компаниудтай ч сайн харилцаатай болж, хамтран ажилладаг болсон гэх сайн мэдээнүүдийг энэ үеэр илтгэгчид дурдаж байв.

Бичил уурхайчид 2013 онд Монголбанкинд 3.2 тонн алт тушааж байсан бол 2015 онд 5.9 тонныг тушаажээ. Ашигт малтмал ашигласны төлбөрт өнгөрсөн онд 10.1 тэрбум төгрөг өгчээ. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бичил уурхайчдын тоо 2013 онд 3500 байсан бол өнгөрсөн онд 15.4 мянга болж нэмэгдсэн байна. Энэ бүхнээс харахад манай улсад бичил уурхай зөв зам руу орж байгаа гэж харж болно.

Баруун аймгуудад бичил уурхай төдийлөн хөгжөөгүй учир энэ удаагийн зөвлөгөөнийг ерөнхийд нь дүгнэвэл “Хэрвээ танай аймагт бичил уурхай бий болбол ийм ийм зүйлүүд дээрээ анхаараарай. Тийм тийм хууль тогтоомж байдаг. Анхнаас нь ийм байдлаар аваад явчихвал зүйтэй шүү” гэсэн зөвлөгөө өгч, туршлагаасаа ярьсан арга хэмжээ болсон. Баруун аймгууд, тэрэн дундаа Баян-Өлгий аймгаас ирсэн төлөөлөгчдийн хувьд энэ тухай зөвлөгөө, туршлага сонссон нь бичил уурхайн “Цагаан толгой”-н ном уншсан хэмжээний анхан шатны мэдлэг өгсөн хэрэг байлаа. Учир нь тус аймагт нинжа гэх ойлголт бараг үгүй. Тийм ч болохоор илтгэгчдийн тавьсан мэдээ мэдээллийг төлөөлөгчид нь нэгд нэгэнгүй тэмдэглэн авч байгаагаас нь харж болохоор байв.

Бичил уурхайчдын хувьд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 9.7 тонн алтыг Монголбанкинд тушаагаад байгаа нь хямралын үед улсынхаа санд хөмрөгийг баяжуулахад эерэг нөлөө үзүүлж байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Үүнээс үүдээд аймгуудад алт худалдан авах “Нэг цонх”-ны үйлчилгээ бий болгох шаардлага тулгарч байгаа аж. Бичил уурхайчдын хувьд хөлс хүчээ зориулан байж гаргаж ирсэн алт, ашигт малтмалаа зах зээл дээр хэдэн төгрөгийн үнэ ханштай байгааг төдийлөн мэддэггүй бөгөөд сум, суурин газарт тэднийг хүлээж байдаг ченжүүдийн хэлсэн үнээр борлуулчихдаг юм байна. Хэрвээ аймаг, сумдад алт хүлээн авах албаны газар байвал бичил уурхайчид өөрийн биеэр очиж тушаах бодолтой байдаг аж. Зарим хүмүүс нинжа гэхээр бичил уурхайнуудын эргэн тойронд том жийп машинтай, хуруу гараараа дүүрэн алтан бөгж зүүсэн, баахан хамгаалагч дагуулсан алтны ченжүүдээр төсөөлөөд байдаг. Тэд бол бичил уурхайчид биш шүү гэдгийг энэ үеэр бичил уурхай эрхлэгч иргэд хэлж байлаа. Энд тэнд архины шил хөглөрч, хог овоорсон, ухсан нүхээр дүүрэн газруудад нинжанууд байдаг гэдэг ойлголт хэдийнэ алга болсон гэнэ. Тэднийг одоо нинжа гэх нэрнээсээ салж нөхөн сэргээлт хийдэг өөрсдийн гэсэн арга аргачлалтай болж, байгальтай харьцах хандлага нь өөрчлөгдсөн эко хүмүүс болсон гэж байлаа.

Бичил уурхайчид олсон алтаа өдөр өдөрт нь ч юм уу байнгын давтамжтайгаар газар дээр нь борлуулаад олсон мөнгөөрөө хоол хүнс, ахуйн хэрэглээ, машин теникийнхээ тос, шатахууныг ойролцоохь сум, тосгон, суурин газраас худалдан авдаг. Тэдний энэ мөнгөөр шууд гүйлгээ хийдэг энэ үйлдэл нь эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлнэ. Алтны уурхайтай, алтны илэрцтэй ойролцоо газруудын сум, суурингийн дэлгүүр, хоршоо, цайны газар, шатахуун түгээгүүр, үсчингүүдийг бичил уурхайчид л олсон мөнгөөрөө тэтгэж хөл дээр нь босгож, хөрөнгө оруулалт хийж байгааг зөвлөгөөний үеэр ярьж байлаа. Аливаа нэг суманд алтны том компани олборлолт хийхээр болбол ажилчдынхаа 00-ын цааснаас эхлүүлээд машин техникийн тос тослох материал, шатахуун зэргээ Улаанбаатараас хангалт хийгээд бөөнөөр нь авчихдаг учир тухайн сумын цайны газар, дэлгүүр, шатахуун түгээгүүрийн газарт өчүүхэн ч ашиг орлого оруулдаггүй юм байна. Тийм болохоор иймэрхүү уул уурхай хөгжсөн сум суурин газрын үйлчилгээ эрхлэгчид бичил уурхайг хөгжүүлэх нь орон нутагт нь шууд хөрөнгө оруулалт болж, эдийн засагт нь эерэгээр шингэдэг гэж байлаа.

Зөвлөгөөний үеэр Баянхонгор, Төв аймгийн бичил уурхай эрхлэгчид өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцсан юм. Бичил уурхай эрхлэгчид буюу нинжа гэхээр л хүмүүс харь гаригаас хүмүүс ирээд эх нутгийг нь ухаж төнхөөд алтыг нь ухаад архидаж, согтуураад байгаа мэтээр өрөөсгөл төсөөлдөг. Гэтэл бичил уурхайгаар амь зуулгаа арав гаруй жил залгуулж хотод үр хүүхдээ их дээд сургуульд сургаж байгаа хүмүүс олон байдаг аж. Бичил уурхайд гэр бүлээрээ ажиллаж байгаа өрхүүдийн дунд оюутангүй айл гэж бараг байдаггүй юм байна. Бичил уурхай эрхлэгч иргэдийн дундаж нас 46 гэсэн судалгаа гарчээ. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хувьд 50 хувь нь гэрт, 41 хувь нь хашаа, байшинд, долоон хувь нь орон сууцанд, хоёр хувь нь түрээсийн байр саванд амьдардаг юм байна. Ер нь энэ чиглэлээр амьжиргаагаа залгуулдаг иргэдийн дунд овойж оцойтлоо баяжсан хүн байдаггүй аж. Энд тэнд атгын чинээ алт олжээ. Лут баяжжээ. Тэр аймгийн тийм суманд их хэмжээний алт гарч байна гэсэн дам яриа үе үе гарч, хүмүүс хэсэг бүлгээрээ, гэр бүлээрээ тийш нь яваад оччихдог. Гэтэл ингэж баталгаагүй мэдээлэл, сэтгэл хөөрлөөр алтанд явах нь маш олон эрсдэл дагуулдгийг Баянхонгор аймгийн Политекникийн коллежийн захирал Ш.Чимгээ сануулж байлаа.

Үргэлжлэл бий.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Төгрөг онхолдохыг Монголбанк ажиглахуй

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Төв банкны дэд Ерөнхийлөгч гээд нэг дажгүй залуу (нэт дээр зураг нь байна билээ) байна. Америк долларын ханш өсөлтийн учрыг нүдэнд харагдаж гарт баригдтал сайхан тайлбарлажээ. Монгол Улс ханшийн чөлөөт дэглэмтэй, энэ нь хуульд тусгагдсан гэнэ. Төв банк ханшийн тогтвортой байдлыг хангахад анхаардаг гэнэ. Эрэлт нийлүүлэлтээс хамаарч эдийн засгийн суурь бүрэлдэхийг бодит ханш гэдэг юм байна. Монголбанк яс тооцоолж байгаад бодит ханшийг тогтоосон аж. Монгол нь америк доллараар нэг их тооцоо хийгээд байдаггүй атал яагаад ингээд байгаа юм бол оо гээд Найман шарга дээр очоод шалгасан чинь тэд л энэ бузар үйлдлийг хийгээд байсан аж. Тэд валют арилжаанд жоохоон хувь эзэлдэг мөртөө ийм муухай юм хийсэн байгаа юм даа. Үүнийг дэд Ерөнхийлөгч хууль бус ажиллагаа гэж шууд нэрлэсэн байна. Арилжааны банкнаас америк долларын зээл аваад одоо шатаж байгаа зээлдэгчдийг банктайгаа эрсдэл хүлээхгүй гэсэн нэмэлт гэрээ хийгээгүй учраас хохь нь гэжээ.Бодлогын хүүг том дүнгээр нэмсэн учир их сайхан үр дүн өгч байгаа гэж байна. Энэ болгоныг Монголбанк бодоод л ажиглаад л тооцоолоод л байгаа юм байна. Дэд Ерөнхийлөгчийн хэлснээр нэг л их боддог тоцоолдог “Монголбанк” гээд өөрт нь хамаагүй нэгэн субьект байдаг бололтой, харин хаяг, дүр төрх, яаж боддог зэргийг нь нуугаад хэлсэнгүй.

Уг нь тун энгийн үнэн бол монгол төгрөгийг араас нь баталгаажуулах хөрвөх валют, эсвэл баталгаажсан үйлдвэрлэл, алт зэрэг үнэт металл, үнэт чулуу, урлагийн үнэт бүтээл гээд дэлхийн зах зээлд баталгаажсан чөлөөтэй хөрвөдөг зүйл Төв банкинд байхгүй хэрэг юм. Заавал америк доллар гээд байх юмгүй, юань, иен, канад ч болно австрали хонгконг ч хамаагүй доллар, евро, стирлингийн фүнт гээд чөлөөтэй хөрвөдөг бол ямар ч валют болно. Аль нь ч байхгүй учраас аймаар мундаг бодоод л ажиглаад суудаг Монголбанк яах ч юм билээ. Буруугаа хэзээ ч хүлээдэггүй монгол зангаараа америк доллар гаарлаа л гэх. Иен, юань, тайвань доллар тэгээд “гаарахгүй” байгаа юм уу? Монгол төгрөгтэй харьцуулахад орос рубль ч гаарч л байгаа бус уу? Ер нь тэд гаараагүй төгрөг унаад байгаа юм биш үү? Америк доллар гээд онцлон чичлэх юмгүй, бүх гадаад орны валют гаарч барьсан ч юм байхгүй мөрөөрөө байрандаа байгаагаар барахгүй монгол төгрөг яаж онхолдож байгааг огт анзаараагүй сууж байгаа.

Монгол Улс ханшийн чөлөөт дэглэмтэй гэх, Найман шарга валют арилжаанд жоохоон хувь эзэлдэг гэх – тэгээд мань Монголбанк бодоод бодоод, ажиглаад ажиглаад тэр муу жоохоонд чадуулчихаж байгаа нь хэний буруу вэ? Ханшийн чөлөөт дэглэмтэй юм бол бодож олсон бодит ханшаараа америк долларыг борлуул гэж арилжааны банкуудыг шахдаг нь яаж байгаа юм бол? Банк арилжаа хийж ашиг олдог болохоор “бодит ханш”- аас илүү үнээр зарахыг хичээнэ – тэгэхээр яахав, цагдаа аваачиж хянуулах уу? Жоохоон Найман шаргаас бүр жоохоон гадаадын элчин сайдын яамдын визний хураамжийг монгол төгрөгөөр үйлд гэж зарлигддаг нь америк долларын гааралтын эсрэг тэмцэл үү? Ингэж болдог юм бол Хойд Солонгосоос Ким Ир Сэний цээж зурагтай визний “хатуу валют” ихээр орж ирэхнээ дээ? Бас Оросоос, Вьетнамаас, Лаосоос, Болгараас… “Америк долларын хадгаламж их байгаа учраас хүүг нь тэглэе” гэсэн хөдөлгөөн улам хүчээ авч байна. Бодвол Монголбанк хэмээх субьект бодож олсон бололтой. Тэглэхээ байг гэхэд хүүг нь тэг рүү ойртуулахаар ярилцаж буй. Юмыг өргөнөөр сэтгэдэг лут мэдлэгтнүүд болохоор хүү бууруулах бодлогыг ганц америк доллар төдийгүй хятад юань, евро зэргээр өргөтгөх саналтай. Тэгэнгүүтээ хадгаламжийн америк доллараа банкнаас аваад гэртээ гудсан дороо нуучихна гэсэн өөрийнх нь далд санааг бусад хадгаламж эзэмшигчид бодоогүй гэж бодож байгаа юм байх даа? Бүгдээрээ зэрэг зэрэг банкнаас валютаа татахаар банк нэг дор төлж чадахгүй дампуурах бус уу? Гэх мэт, гэх мэт…

Валютын нөөцгүй болж, “ноён” гэж цоллогдох өөдгүй муу америк доллар их гаарч байгаа нь Ардчилсан намаас болсон учир дэлхий даяар энэ намыг шившиглэн орох газаргүй болгож, түүхэнд мөнхөд хараар бичигдэхээр болгож дөнгөлөө. За энэ ч яахав, нэг талаас түүхэн аугаа амжилт. Одоо тэгээд яах вэ? Хятадууд 2-4 тэрбум америк доллар өгнө гэсэн цууг өөрснөө тараалаа. Тэгвэл сайн л даа. Ардчилсан намын гэмт хэргийн шинжтэй өөдгүй муухай баабаа үйлдлийг хятадууд хариуцахнээ дээ? Тэгээд л ах дүүгийн гараа сунгаад л, тээ? Яахаараа хятадуудыг тийм тэнэг, мулгуу, гэнэн гэж бодоод байгаа юм бол? ОУВС 1,5 тэрбум доллар өгөх талаар цуурлаа. Болбол хоёуланг нь зэрэг хусчих санаатай мэдээллийн хэрэгслээр захиалгатай баахан суртал нэвтрүүлэг явуулав. Тэнгэр бурхнаас гаралтай, хошногон дээрээ гарал үүслийг нь цэнхрээр бичиж тамгалсан монголчууд юм хойно аль алийг нь зальдчиж дөнгөнө гэж бодоод буй бололтой.

Төсөөлье: Ихэнх оршин суугчид нь хот руу нүүгээд, цөөн айл үлдэн хаягдсан захын нэг ядарсан сумын төвд нэг арчаагүй эр амьдардаг байжээ гэж бодъё. Эхнэр нь хэдэн хүүхдээ аваад салаад холоо явчихсан. Мань ядарсан эр хүн болгоноос мөнгө гуйсаар ойр орчмынхон нь бүр залхчихсан. Тэрээр ганц үйтэн хуаран дээлтэй ч таарсан болгонтойгоо барилдсаар байгаад салмайлгачихсан. Ганц морьтой боловч хэрээ мэдэхгүй ойр хавийн уралдаан болгонд оролцсоор байгаад бахардуулаад үхүүлчихсэн. Бийгээс гэртэй ч арчлахгүй байсаар цас бороонд идэгдээд хүн танихын аргагүй оромж овоохой болчихсон. Хааяа хот хүрээнээс жуулчин, айлчин, төлөөлөгч, дарга ирэхээр албатай юм шиг очиж уулзан мөнгө гуйна. Мөнгөөрөө яах гэж байгаагаа харин ч нэг сайхан бурна даа. Юун түрүүн эх орныхоо нэрийг гаргах гэж байгаа гэж эхэлнэ. Эх орныхоо нэрийг гаргаж яах ч гээд байгаа юм? Зээлэх мөнгөөрөө орчин үеийн үйлдвэр бариад цөлжсөн говьд цөөхөн үлдсэн ургамлаас хорт хавдар бүрэн эмчлэх эм гаргаад хүн тоолж барахгүй олон тэгтэй америк доллараар дэлхий даяар зарж борлуулах юм байх. Өнөөх ургамал нь бараг л үхсэн хүнийг босгож ирэх шидтэй ба жорыг нь эцэг өвгөд нь ам дамжуулан хойч үедээ нууцлан хэлж үлдээсэн аж. Уг нь эмээ гаргаад авчихвал шууд л Нобелийн шагнал авчихмаар боловч даанч одоохондоо хэдхэн америк доллар дутаад байгаа гэх. Гуйж байгаа зээлэх мөнгөө олон дахин нугалж эргүүлж төлөх гэнэ. Хэдийгээр тэрээр үнэхээр дөнгөж долоон жилийн боловсролтой боловч нэг хэсэг баяжих үедээ худалдаад авчихсан хувийн сургуулийн дипломоо мөнгө зээлэх баталгаа болгон духан дээрээ нааж харуулна. Уг нь тэр нэг хэсэг овоо мөнгөжсөн намтартай. Хэдэн жилийн өмнө эцгээс уламжилж ирсэн хөөргийг зараад хэсэг хугацаанд мөн ч өвчигнөсөн дөө. Урчихсан дээл, үхүүлчихсэн морио тэр цагт үнэ хаялцан байж авсан юм. Сум нь тоггүй атал хотоос асар том дэлгэцтэй нимгэн зурагт хүртэл зөөж авчирсан. Муугаа мэдэхгүй архинд дуртай гэж яана. Нэг хэсэг архи голж дагнан коньяк, виски, грэй гүүс гудардаг байлаа. Одоо тэндээс үлдсэн баахан хоосон шилийг зарах гэж гүйх ч авах эзэн олддоггүй. Тааралдсан хүн болгоноос мөнгө гуйж явдаг түүнд зээлэх хүн олдох уу?

Энхбаярын үед ганцхан тэрбум америк долларын Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй байсан манай ард түмэн цатгалдаж үхэх гэж байгаагаа ам уралдан зурагтаар хөөрөлддөг байсан бол эдүгээ 12 тэрбум долларын ДНБ-тэй мөртөө турж үхэх гэж байгаагаа гайхан савж унацгаана. Ингэхээр айлаас эрэхээр авдраа ухвал нэлээд нөөц байгаа бололтой. Их хэмжээний хадгаламж зүсээ хувирган америк доллар болсон нь үнэн ч байж магадгүй. Нэлээд мөнгө “офшоорт”. Офшоортой хүнийг цаазална, америк долларын хадгаламжтай бол хүүг нь тэглэнэ гэж мангасдаж байхаар эвтэй аргаар цуглуулчиж болмоор. Төрийн асар их алдагдалтай үйлдвэрүүдийг зөвхөн эх орны мов монгол төгрөгөөр үнэ дуудан зарвал болох мэт. Гудсанд нуусан америк долларыг нь төгрөг болгох өөр олон арга байна. Хот суурингийн, ялангуяа Улаанбаатарын сул газруудыг үнэ хаялцуулаач. Заавал Их хурлын их мангаруудаас асуулгүй Засгийн газар, хотын захиргаа үүнийг бие даан шийдчиж болдгийг Бат-Үүл яруу тодоор харуулсан шүү дээ. Хямарлаа л гэх, гэтэл ямар их америк доллар гудсан дор байдгийг харлаа. Тэгээд ч үнэ дуудахаар хаа хаанаа шударга. Нийгмийн салбарын хувьчлал гэж бөөн мөнгө. Үнэ дуудахаа больё гэхэд менежмэнтээр өгчихөд л төрийн ачаалал эрс багасаж, нэмэр дээр нь хариуцлага үйлчилгээ нь сайжраад л явчихна. Заавал төр эмчилж, төр ном заахаар болдог, хувийнхан болохоор өвчтөнөө үхүүлээд л, хүүхдийг тэнэг болгоод байдаг хэрэг үү? Дээр өгүүлсэн ядарсан сумын ядарсан эр шиг төр баяжсан үедээ ямар их хэрэгтэй хэрэггүй тоног төхөөрөмж, машин сав авсан гээ. Эргүүлээд зараач, Гобсэк шиг илжиртэл нь хадгалж юугаа хийнээ! 50 сая хүнд үйлчилж хүрэх олон MRI –гаа хямдруулаад ядуу оронд зараач. Засгийн газар хэд хэдэн сайдаараа дамжуулан “Монголд болж буй эдийн засгийн хямралыг бид анхааралтай ажиглаж сууна” гэж албан ёсоор мэдээлсэн. Тэнэг юм шиг мэлийтэл ажиглаж алхайтал сууж байхаар ажиллаач. Тархиараа бардаггүй юм гэхэд ядахнаа булчингаараа.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дуудна гэж баахан хошгорууллаа. Мөнгөө оруулж ирэх гэж байгаа цаадуул чинь тарвага биш хүн юм болохоор шийрлэчихсэн цахиур буу шагайгаад хэвтэж байгаа монголчуудаас айгаад нүхнээсээ гарч ирэхгүй шүү дээ. 1988 онд Америкийн сансар судлалынхан Монголын нутагт 10 тэрбум баррелийн багтаамжтай хөндий байгааг илрүүлсэн. Ийм хөндий устай, нефтьтэй, байгалийн хийтэй эсвэл хоосон байж болдог гэнэ. Чухам юутайг нь өрөм тавьж хайгуул хийж мэддэг юм байна л даа. Дархан цаазтай гээд Их нуурын хотгор, Их говийн дархан газрын хөндийд хайгуул огт хийгээгүй. Дараагийн судалгаагаар Их нуурын хотгорт хоолойгоор зөөхүйц их нефть байж болох таамаглал хятадууд дэвшүүлээд Монголын төрөөс зөвшөөрөл аван хайгуул хийж эхэлжээ. Гэтэл увсынхан хүн амаа хятадтай эрлийзчихэж магадгүй гээд хөөгөөд гаргачихсан. Өөрсдийнхөө хөрөнгөөр хайгуул хийж байгаа улсыг аймагт, суманд, багт, иргэнд юу өгөх гэж байгаагаа хэлэхгүй байна гэсэн гомдол. Увсынхны ихэнх нь нүүгээд төвийн нутгаар суурьшчихсан болохоор нутаг жалгынхаа үзэсгэлэнт сайхан байгалийг сахин үлдсэн, Улаанбаатарын нэг байшингийн ганц орцонд багтахуйц “нутгийн эх орончид” төрийн шийдвэрийг эсэргүүцэн будаа болгож буй нь энэ. Хайгуулчид буцахдаа хий зардлын хоёр сая шахам америк доллараа олон улсын шүүхээр дамжуулан нэхнэ гэж заналхийлсэн. Мэдээж тэд дэлхийгээр нэг зарлана. Харин Монголын Засгийн газар үргэлж эх оронч охид хөвүүдийнхээ талд баттай байдаг болохоор чимээгүй өнгөрөв. Сингапур манайд мөнгө зээлэх сураг гарч байна, Саудын Арабтай зээлийн талаар ярилцаж байгаа, Канад, Австралийн хөрөнгө оруулагчид ирнэ гэж ам алдсан, япончууд Таван толгойд үйлдвэр барина гэж гуйгаад салдаггүй гэх маягийн юм яриад сууж байгаа манай Засгийн газрынханд итгэх хүн олдох уу?

Засгийн газар чаддагаараа албан тушаал л зарж суух шив дээ. Авлигаа ориг монгол төгрөгөөр авч бай л даа, тэгвэл цаадуул чинь гудаснаасаа америк доллараа гаргаж ирж Найман шарга дээр жинхэнэ монгол төгрөг болгоод очно, энэ хооронд валютын нөөц нэмэгдэнэ шүү дээ. Албан тушаал наймаалах бизнесийг Энхбаяр анхлан санаачилж хэрэгжүүлсэн ч тэр нь одоогийн Засгийн газартай харьцуулахад хавьгүй цэгцтэй, ойлгомжтой байж. Юу гэхээр тэр үед албан тушаал худалдах нэг цонхны үйлчилгээ үзүүлдэг ганцхан том их дэлгүүр байсан юм. Одоо болохоор өнөө их дэлгүүрийг нь албан газрын тоогоор задлан учиргүй олон ТҮЦ болгоод цонх болгоноос наймаалцдаг болжээ. Төөрдөг байшин шиг аль цонхонд ямар албан тушаал зарж байгаа нь ч мэдэгдэхгүй. Худалдагч нь ч найдваргүй, нэгэнтэй нь тохиороод америк доллараа өгчихөөд байхад цаанаас нь бүр том худалдагч гарч ирж наймааг буцаах мөртөө төлсөн мөнгийг эргүүлж өгөхгүй, шинээр нэхнэ гээ. Шударга бус байна ш дээ!

Categories
мэдээ нийгэм

15 минутанд амттай өглөөний цай бэлдэх 10 жор

Өглөө яаран босч, ажилдаа хожигдохгүйн тулд хам хум гүйн гардаг. Сайхан зассан өглөөний цайны ширээ бол зүгээр л мөрөөдөл. Яагаад гэвэл тийм тансаг сайхан ширээ засахад их цаг зарцуулна. Тиймээс өглөөний унд бэлдэж зогсохын унтаж байсан нь илүү дээр гэж үзэх нь бий. Гэхдээ мөрөөдлийн өглөөний цайг 15 – хан минутанд бэлтгэх жор байна.
Ажлынхаа өрөөнд очоод ямар нэг зүйл идье гэж бодохын оронд гэртээ амттай цайгаа бэлдчихвэл эрүүл мэндэд ч тустай, тэр өдрийн эрч хүчээ ч авах боломжтой юм шүү дээ.
Гадил болон нэрсний бин
Орц:
Гурил – 3/4 аяга гурил /талаас арай дээгүүр гурил/
Сүү – 1 аяга
Өндөг – 1 ширхэг
Исгэгч – 1 цайны халбага
Цөцгий -1 цайны халбага
Элсэн чихэр – 1 цайны халбага
Давс
Хачирлах жимс
Зөгийн бал эсвэл сироп
Хийх арга:
Гурил дээрээ элсэн чихэр, исгэгч болон давсаа хийгээд холиод тавина. Өндөгөө сайтар хутгаад сүү нэмэн дахин хутгана. Одоо хамгийн түрүүнд бэлдсэн гурил дээрээ хийнэ. Мөн цөцгийгөө хайлуулаад нэмнэ. Одоо хайруулын тавгаа тослоод бингээ шарна. 2-3 минут хоёр талыг нь жигд болгоно. Бэлэн болсон бингээ дуртай жимстэйгээ холиод идээрэй
Хүнсний ногоотой фриттата
Орц:
Өндөг – 6 ш
Амтат чинжүү – 3 ш
Улаан сонгино – 1 ш
Брокколи – 200 гр
Ногоон шош /урт/ – 200 гр
Нимбэг – ¼
Оливын тос – 50 мл
Сармис – 2 хумс
Цөцгий – 50 гр
Давс
Хар перец
Амтлагч
Хийх арга: Өндгөө давс, бусад амтлагчтай холино. Брокколийн цэцэгтэй хэсгийг сонгоно. Чинжүүгээ цэвэрлээд нарийн хэрчинэ. Сонгиныг нимгэн хагас цагариг хэлбэртэй хэрчинэ. Сармисаа нухаж, нимбэгийн шүүс, оливын тостой холино. Хэрчсэн сонгиноо цөцгийн тосонд зөөлөртөл хуураад, брокколи нэмж ахин 1 минут хуурна. Дээр нь чинжүү, ногоон шош нэмээд мөн 1 минут хуурна. Түрүүчийн сармисаа нэмж хийгээд 30 секундын дараа өндгөө асгаж өгнө. Өндөг бэхжиж эхэлмэгц, урьдчилж халаасан шарах шүүгээнд хийж 180 хэмд 7-10 минут шарна. Давс, перец, яншуй цацаад таваглана
Орц:
Йогурт – 2 аяга
Элсэн чихрийн пудр – 1 хоолны халбага
Нухсан бүйлс – 2 цайны халбага
Гранола – 1 аяга
Шинэ жимс, жимсгэнэ – 1 аяга
Хийх арга: Иогурт дээр элсэн чихэр болон бүйлсээ нухаж хийгээд 2 халбагыг нь өөр саванд хийнэ. Үүн дээрээ 2 халбага гранола, 2 халбага жимсээ
тарааж тавина. Энэ үйлдлээ 2 давтан хийж, давхарга үүсгэнэ. Дээр нь бүйлс, гааны шинэхэн навч тавьж өгч болно. Хөргөгчинд хөргөөд гаргаж иднэ.
Бяслаг, тахианы махтай амтат кекс
Орц:
Тахианы цээж мах – 2
Үрсэн бяслаг – 1 аяга
Гурил – тал аяга
Сүү – тал аяга
Өндөг – 2 ш
Цөцгий – 4 хоолны халбага
Амтлагч, яншуй
Хийх арга: Тахианы цээж махаа чанаад дөрвөлжин болгож хэрчинэ. Бяслаг, өндөг, сүү, цөцгий болон амтлагчуудаа сайтар хольж хутгаад яншуй болон гурилаа нэмнэ. Одоо хэрчсэн махаа хийгээд аягандаа хувааж хийх бөгөөд 180 хэмтэй шарах шүүгээнд 15 минут шарж болгоно.

Гадил, зөгийн балтай бин

Орц:
Аарц – 200 гр
Өндөг – 1 ш
Гадил – 1 ш
Гурил – 3 хоолны халбага
Ванилин
Ургамлын тос – 3 хоолны халбага
Элсэн чихэр – 2 хоолны халбага
Давс
Зөгийн бал
Хийх арга: Аарц, гадил, өндөг, элсэн чихрээ миксердээд 1 хоолны халбага гурил нэмж сайтар хутгах бөгөөд гурилаа энэ маягаа бага багаар нэмж зөөлөн зуурмаг болгоно. Хайруулын тавганд тосоо хийж халаагаад зуурмагаа хийж 2 талаар нь шарна. Нэг талыг нь 2-3 минут шарахад болно. Халуун бин дээрээ зөгийн бал болон бананаар чимэглээд идэхэд бэлэн боллоо.
Тахианы мах, ногоотой лаваш

Орц:
Нимгэн лаваш – 4 ш
Лууван – 1 ш /дунд зэрэг/
Шинэ өргөст хэмх – 2 ш
Тахианы ясгүй мах
Давс, перец
Нунтаг чинжүү /халуун биш/ – тал цайны халбага
Амтат чинжүү – 1 ш
Салат – 100 гр
Цөцгий, эсвэл өөр сүмс
Хийх арга: Луувангаа үрнэ. Өргөст хэмхийг нарийн хэрчинэ. Тахианы махыг дөрвөлжин хэрчинэ. Хайруулын тавагт дунд зэргийн гал дээр 1 хоолны халбага ургамлын тос халааж, тахианы махаа хийгээд болтол нь хуурна. Тавган дээр гаргаж, халуун хэвээр нь байлгана. Энэ хайруулын тавагтаа нарийн хэрчсэн амтат чинжүү хийж, давслаад зөөлөртөл хуурна. Лаваш дээрээ цөцгий түрхэж, салат болон бусад орцоо хийхдээ захад нь 2 см зай сул үлдээнэ. Ингээд доод захыг нь дээш нугална. Дараа нь шанзтай лавашаа ороомог болгон орооно.
Нэрстэй пицца

Орц:
Пиццаны бэлэн гурил
Зөөлөн бяслаг – 120 гр /Almette г.м./
Корица – 1 цайны халбага
Нэрсний чанамал – 1/3 аяга
Шинэ нэрс – 1 аяга
Хийх арга: Бяслаг болон корицагаа холино. Пиццаны бэлэн гурил дээрээ бэлдсэн зуурмагаа жигд түрхэнэ. Мөн нэрсний чанамалаа түрхэж, жимсээ жигд тавина. Ингээд 210 С шарах шүүгээд 15 минут шараад бэлэн болно.

Гахайн утсан мах, бяслаг хавчуулсан халуун талх

Орц:
Талх
Гахайн утсан мах
Бяслаг Базилик навч – 4 ш
Нунтаг чинжүү
Хийх арга: Зүсэм талхан дээр зүсэм гахайн утсан мах, базилик 2 навч тавиад нунтаг чинжүү цацаж, зүсэм бяслаг, базилик 2 навч, зүсэм талх давхарлаж тавина. Хэрэв сэндвич хийгч байдаг бол шаргалттал шарна. Байхгүй бол тосгүй хайруулын тавагт хийж хутгуураар хөнгөн дараад, хоёр талаас нь сайн шарж өгнө.
Богино долгионы зууханд хийх шоколадтай кекс

Орц:
Гурил – 4 хоолны халбага
Элсэн чихэр – 4 хоолны халбага
Нунтаг какао – 3 хоолны халбага
Хөөлгөгч – ¼ цайны халбага
Чимх давс
Өндөг – 1 ш
Сүү – 3 хоолны халбага
Цөцгийн тос – 1 хоолны халбага
Зөөлөн ирис – 2-3 ш
Хийх арга: 300 мл – ын хэмжээтэй саванд орцуудаа бүгдийг нь хийж сайтар хольж хутгана. Бэлэн болсон зуурмагаа аяганд хувааж хийгээд богино долгионы зууханд хийж 700 ВТ – аар 1 минут жигнэнэ. Дараа нь ирисээ дээр нь тавиад дахин зуухандаа хийгээд 1 минутын дараа бэлэн болсон байна.

Бинтэй маргарита пицца

Орц:
Бин – 1 ш
Мозарелла бяслаг
Нимгэн хэрчсэн улаан лооль – 1 ш
Базилик навч
Сармис – 3 хумс
Оливын тос – 1,5 хоолны халбага
Бальзам цуу – 1,5 хоолны халбага
Хийх арга: Оливын тосонд сармисаа нухаж хийгээд гамбираа тосолно. 180 хэмд халаасан шарах шүүгээнд 5 минут шараад гаргана. Одоо мозарелла бяслагаа нимгэн хэрчээд дээр нь тавих бөгөөд давс, перецээр амтална. Ахин 7 минут шарна. Бальзам цуу болон базиликаа пицца дээгүүр жигд цацаад бэлэн боллоо .
Categories
мэдээ нийгэм

Хоккейн талбайн нээлт болно

Хоккейн талбайн нээлт болно зурган илэрцүүд09.00 цагт ЭМЯ-нд “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг, уулзалт болно.

09.00 цагт Пума империал зочид буудалд Азийн сан, Сант Марал сантай хамтран жил бүр явуулдаг “Бизнэс эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааны дүнг танилцуулна.

09.00 цагт Туушин зочид буудалд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” хөтөлбөрийн тзөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн анхдугаар хурал болно.

10.00 цагт УИХ-ын гишүүн асан С.Оюун Хонконгийн Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат тэмцээнд оролцож, 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн тамирчдыг Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуульд хүлээн авч уулзана.

10.30 цагт Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан 243 дугаар цэцэрлэг нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авна. Хаяг: ХУД, 16-р хороо, Нисэх явах замын хойд талд. Утас: 88085801, 88013435

11.30 цагт БСШУСЯ-нд Оюутны сургалтын зээл олгох бэлтгэл ажлын хүрээнд арилжааны банкуудтай гэрээ байгуулах арга хэмжээ болно.

12.00 цагт Монголбанканд банкны сектор, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээллүүдийг танилцуулна.

12.00 цагт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах, 6 дугаар сургуулийн гадна талбайд байгуулсан хоккейн талбайн нээлт болно.

14.00 цагт Ус сувгийн удирдах газарт “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн” сэдэвт үзүүлэх сургалт болно.

14.30 цагт Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа АШУҮИС-ийн соёлын төвд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ нийгэм

Өглөөний дасгал хийж эрүүл мэнддээ хөрөнгө оруулцгаая

Өглөөний дасгал хийж эрүүл мэнддээ хөрөнгө оруулцгаая
Өглөө босч сэтгэл хангалуун, бүх бие амарсан сэрэхэд танд юу саад болж байна вэ? Зүгээр л та хэдхэн минутыг өглөөний дасгалд л зориулахад хангалттай. Үүнийг сонсоод дийлэнх эмэгтэйчүүд маань төрөл бүрийн шалтаг дотроо бодон, өглөө ч ямар ч хүч, сонирхол байдаггүй, цаг ч мөн бага байдаг гэж боддог. Тэгвэл доорх зөвлөмжийг та уншаад нэг үзээрэй.

1.”Өглөө ямар ч хүч тэнхээ байдаггүй бас сэтгэл санаа тогтворгүй байдаг”. Өглөөний дасгал бол бие организмыг энэргиэр дүүргэх, сэтгэл санаа сэргээж өгөх,мөн тааварлаж мэдэхгүй энэ ачаалалттай өдрүүдэд бэлэн байлгах гэж л байдаг шүү дээ. Бага зэрэг хөдөлж эхлэхэд л та дасгал хийхэд бэлэн болно.

2.”Дасгал хийх цаг байдаггүй”. Харин танд ямар ч зорилгогүй зөөлөн буйдан дээр хэвтэх, гэр дотроо холхих, зурагтаар нэвтрүүлэг үзэх цаг олдоод байдаг. 5-7 минутын өглөөний дасгал хийх цаг харин олдохгүй байна гэж үү? Ихэнх тохиолдолд энэ зүйлд цаг бага байдагийн нотолгоо бол залхууралттай холбоотой юм. Гэвч өөр зүйлүүд бас байдаг л даа. Энэ н” мэдээж өглөөнөөс бүүр орой хүртэл маш их ажилтай болон гэрийн ажил гэх мэт. Гэхдээ энэ бол бүүр маш ховор. Тийм биз?

3.”Өглөөний дасгалууд биенд муу”. Ямар ч биенд ачаалал өгөх нь сайн болон муу талтай. Бүх зүйл та хэр зөв хийж байгаагаас шалтгаална.

Танд маш амархан бөгөөд энгийн арга зааж өгье:

1. Та өөрийн бие организмыг маш тайван байлгах хэрэгтэй бөгөөд яаралгүйгээр босон нүүр гараа угаах. Үүнд 10-15 минут зарцуулагдах болно.

2. Өглөөний дасгалыг хөнгөхөн бие халаалтаас эхлэх ёстой ба цусны эргэлтийг сайжруулна.

3. Та өглөөний дасгалыг хийснээр яг ямар үр дүнд хүрэхээ бодох: үүнд та сэргэхийн тулд эсвэл өөрийн жингийн асуудал болон сунгалтийн дасгал маягаар хийж болно.

-Сэрэх.

-Гүйцэт сэрэх.

-Бие халаалт 2-3 мин.

-Үндсэн дасгалууд ойролцоогоор 3 мин.


Бие халаалтийн дасгалууд:

1. Толгойн дасгал. Толгойг дээш доош болон баруун зүүн тийш эргүүлнэ.

2. Гарны дасгал. Гарын бугуйг цагийн зүүний дагуу болон эсрэг эргүүлнэ.

3. Тохойн дасгал. Тохойг гарын бугуйтай адил эргүүлэх дасгал.

4. Мөрний дасгал. 2 гараа зэрэг дээрээс доош эргүүлэх.

5. Цээжээрээ урагш хойш болон таазыг сайн хөдөлгөх.

6. Хөлийг урагш хойш болгох дасгал.

7. Өвдөгийг нуглах дасгал.

Энэ бүүхэн бие халаалтын ерөнхий дасгалын хувилбарууд.

Үндсэн дасгалуудын хувилбарууд:

1. Тэгш зогсонгоо гараа урагш нугалан цээжээрээ өвдгөнд хүрч гараа шал хүртэл сунгах.

2. Суунгаа урагш цээжээрээ өвдгөнд хүрэх хүртлээ нуруугаа сунгах.

3. Гэдсэн дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугалаад биеийнхаа урд хэсгийг өргөөд гараараа хөлнөөсөө барина. Энэ байрлалыг Завь гэдэг. Энэ байрлалаараа хэдэн секунд нааш цааш хөдлө.

4. Нуруун дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугал. Далаа газраас салгалгүй 2 тохойгоороо 2 талынхаа газарт ээлж ээлжээр хүр.

Мөн та өөрөө дасгал зохиож хийж боломжтой бөгөөд 8-10 удаагийн давталттай хийгэрэй. Та өөрийн биед тус авчрах бөгөөд сэтгэл санааг өөдрөг байлгах хэрэгтэйг мартуузай.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

Ulaanbaatar snow зурган илэрцүүд

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ. Өнөөдөр нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

2016 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 17-22 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабарын “Санжаа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй хийсэн “Үнэ цэнэтэй мөртлөө амаргүй ажилтай хэвлэл мэдээллийн салбарынхан татварын хөнгөлөлтөд хамрагдах ёстой” ярилцлага хэвлэгдлээ. Тухайлбал, “…Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэг айхавтар заалт орсон. Хүүхдэдээ эсвэл эмэгтэй хүнд тоглоом шоглоомоор ч юм уу ямар нэгэн нөлөөлөл үзүүлэх гэж оролдох юм бол түүнийг нь гэмт хэрэг гэж тооцно гэсэн заалт явж байгаа”гэлээ.Үргэлжлэлийг 4-р нүүрээс уншаарай. Дараах линк рүү орж бүртгүүлснээр дэлгэрэнгүйг унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Санжаа” нийтлэл хэвлэгдлээ. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлж цахим сониноос унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Улс төрийн тавдугаар нүүрээс Хан-Уул дүүргийн АН-ын VIII үүрийн дарга Ё.Цацралтуяа:”Ганц, хоёр хүний санаа олон мянган гишүүнийг төлөөлсөн дүрэм болж чадахгүй” ярилцлагыг уншаарай. Удахгүй Ардчилсан намын их хурал болох гэж байгаатай холбогдуулан шат шатны хурлын явц ямар байгаа талаар ярилцжээ. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлж цахим сониноос унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

11-р нүүрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкмантай хийсэн ярилцлагыг уншаарай.

12-р нүүрээс Д.Нямсамбуу:”Буддизмд далдын хүч гэж байдаггүй” илтгэлийг сонирхоорой.

13-р нүүрээс Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой хийсэн ”Монгол хүний багш бол таван хошуу мал нь юм” ярилцлагыг уншаарай.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ боллоо

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ оны арваннэгдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Берлин хотноо болж өндөрлөлөө. Хоёр жил тутамд болдог уг хэлэлцээнд монголын талаас Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид, германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (ХЭЗХАХЯ)-ны Азийн газрын дарга хатагтай Гизела Хаммершмидт тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Төлөөлөгчдийг Холбооны ЭЗХАХЯ-ны парламентын Төрийн нарийн бичгийн дарга ноён Ханс Иоахим Фухтел Бундестагийн ордонд хүлээн авч уулзав.

Хэлэлцээний үеэр санал зөрүүтэй асуудал гараагүй бөгөөд германы тал нийт 46,85 сая еврог 2017-2018 онд монголын талд зээл, тусламжийн хэлбэрээр олгохоор болсон. Энэ нь 1991 оноос өнөөг хүртэлх хугацаанд хамгийн өндөр хэмжээний амлалт болж байгаа бөгөөд 46,85 сая еврогийн 28,95 сая евро нь урт хугацааны хөнгөлөлттэй зээл, 17,9 сая евро нь буцалтгүй тусламж юм.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Categories
мэдээ нийгэм

Арван хоёрдугаар сарын сүүлийн арван хоногт эрс хүйтрэхийг анхаарууллаа

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан байна. Энэ үеэр 12 дугаар сарын сүүлийн 10 хоногт огцом хүйтэрч, 2017 оны нэг, хоёрдугаар сар болон хаврын саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх, хаваржилт хүндэрч болзошгүй талаар цаг уурын байгууллагаас урьдчилсан прогноз гаргаснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Ингээд ирэх сарын цаг агуурын төлөвийг танилцуулж байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Бaруун аймгуудын нутаг. Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 24-29 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад хэсгээр 18-23 градус хүйтэн байх ба Увс, Завханы хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 28-323 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгийн нутаг, Увс, Ховдын баруун, Завханы зүүн, Баяхонгорын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хагаст цас орж цасан шуурга шуурна. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр Алтайн уулсаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Төвийн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байх ба Өвөрхангайн ихэнх нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Мөн гураврдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 42-47 градус өдөртөө 29-34 градус хүйтэн, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Өвөрхангайн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, зөвхөн Өвөрхангайн ихэнх нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын сүүлчээр ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14м/с, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 15-17 м/с хүрч ширүүснэ.

Зүүн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтий, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 14-16 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м\с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь 12-17 градус хүйтэн буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд хугацаанд хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Энэ сард Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн баруун хил орчмын нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн зарим газраар цас орж шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 14-16 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүрч ширүүсч болзошгүй.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгийн хойд хагас болон Алтайн цаад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байна.

Одоогийн байдлаар нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас Завхан, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,01-0,25 г/см3, Увсын Зүүнхангай, Завхан, Ховдын Алтай, Завханы Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Цагааннуур, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Жаргалант, Галт, Түнэл, Рашаант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Архангайн Хайрхан, Өлзийт, Цэцэрлэг, Булганы Тэшиг, Булган, Сэлэнгэ, Бугат, Орхон, Сайхан, Дашинчилэн, Могод, Гурванбулаг, Рашаант, Орхоны Эрдэнэт, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Орхон, Баянгол, Мандал, Баруунбүрэн, Дархан-Уулын Шарынгол, Дархан,Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Зуунмод, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Улаанбаатар, Хэнтийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Баян-Овоо, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өндөрхаан, Дорнодын Чойбалсан, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн, Булган, Халхгол сумдад 11-20 см, тал газраа 30-40 см, хунгарлаж шуурсан газартаа 50-60 см, нягт нь 0,10-0,24 г/см3, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Сагил, Түргэн, Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Завханы Баянтэс, Баянхайрхан, Асгат, Тэс, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Тариалан, Архангайн Жаргалант, Булганы Баян-Агт, Сайхан, Хангал, Сэлэнгийн Түшиг, Орхонтуул, Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Хэнтийн Батноров, Норовлин, Дадал, Дорнодын Баян-Уул, Сэргэлэнд 21-42 см зузаан цастай буюу нягт нь 0,06-0,35 г/см3 байна.

11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаар нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарсан бөгөөд сарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна. Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй сум, орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхаарна уу. Эх сурвалж: tsag-agaar.mn

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн С.Чинзориг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Марк Долфмэнийг өнөөдөр /2016.11.29/хүлээн авч уулзаж, тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Марк Долфмэн Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газар нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулж дотоодын нийт бүтээгдэхүүний 2,0 хувьд хүргэх зорилтоо биелүүлэхийн тулд тодорхой шалгууруудыг өөрчлөх ёстой гэж үзэж байгаагаа онцолсон юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг хэлсэн үгэндээ, Монгол Улсын тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх шаардлага байгаа хэдий ч нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, Нийгмийн даатгалын сангийн менежментийг сайжруулахад анхаарахын зэрэгцээ, байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх асуудлыг тэтгэврийн шинэчлэлтэй холбох шаардлагатай байгааг онцлов.

Түүнчлэн тэрбээр Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Дэлхийн банкинд санал тавьсны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр дахь шатны төслийн талаар асууж, тодруулсан юм. Ноён Марк Долфмэн түүнд хэрэгжих боломжтой төсөл санаачилсанд талархал илэрхийлээд, уг төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк 25 сая ам.доллараар санхүүжүүлэхээр болсныг дуулгав. УИХ-ын гишүүн С.Чинзориг төслийн үр дүнг сайжруулахын тулд залуусын хөдөлмөр эрхлэх санаачлагыг дэмжих, бизнесээ эхлэхэд туслах, гарааны зээлээс гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг лизингээр олгох, ажлын байрны түрээс, бараа бүтээгдэхүүний борлуулалтад бодитой дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг хүслээ.