Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ

Үндсэн хууль зурган илэрцүүд

Увс аймгийн Засаг даргыг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр болно.

Categories
мэдээ улс-төр

БОАЖ-ын сайдын мэдээллийг сонслоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.30/ хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолуудын биелэлтийн талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын мэдээллийг сонссон юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мэдээлэлдээ байнгын хорооны 2015 оны тавдугаар сарын 06-ны өдрийн “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолын хүрээнд найман заалт бүхий үүрэг даалгаврыг БОАЖЯ-д өгсөн. Байгаль орчны төлөв байдлын тайланг УИХ-аар хэлэлцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Засгийн газар байгаль орчны төлөв байдлын тайланг хоёр жил тутамд нэг удаа УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэх” талаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Цөлжилтийг бууруулах, гадаргын усны хомсдол, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төслийн саналыг боловсруулан хандивлагч орон, олон улсын байгууллагуудад тавьсны үр дүнд тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь”, “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах”, “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежментийг боловсронгуй болгох”, “Монгол-Солонгосын Ногоон хэрэм-2” зэрэг төслүүдийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа талаараа дурдлаа.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн 2016 оны есдүгээр сарын 01-ний өдөр батлуулав. Цаашид уур амьсгалын ногоон сан болоод бусад сангуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гадаргын усны нөөцийг бохирдол, хомсдлоос хамгаалах зорилгоор Усны тухай хуулийн 22.4-т заасны дагуу “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг салбарын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан А-230/127 тоот тушаалаар батлан мөрдүүлж байгааг онцолсон юм.

Түүнчлэн Цаг уур, орчны шинжлгээний газраас Япон улсын цаг уурын нийгэмлэгтэй хамтран Япон улсын байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгжүүлэх “S Зурвасын Допплер Радар Ажиглалтын сүлжээг Монгол Улсад байгуулах” төслийг боловсруулжээ. БОАЖЯ-ны харьяанд “Байгалийн нөөцийн судалгаа, хөгжлийн үндэсний хүрээлэн”-г сэргээн байгуулах үндэслэл, танилцуулга болон Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулаад байна. Тус яам нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг 2016 онд байгуулж, аюултай хог хаягдлын байгууламж байгуулах газрыг сонгон, уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Салбарын сайд мэдээлэлдээ байгалийн нөөц ашигласны төлбөр тухай хуулийн дагуу 2013-2015 онд жилд дунджаар 105.8 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн. Уг хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 15-85, түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван жилд хуулийн хэрэгжилт 40 орчим хувьтай байгааг онцолсон юм.

Үргэлжлүүлэн тус байнгын хорооны 2015 оны долдугаар сарын 09-ний өдрийн “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхыг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээллийг танилцуулав. Уг тогтоолын хүрээнд дөрвөн заалт бүхий үүрэг даалгаврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгсөн аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулгадаа Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих, статусыг тодорхой болгох, нөхөрлөлийн санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд нөхөрлөлийн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна. Тус яамны Төрийн захиргаа удирдлагын газар, орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж буй нөхөрлөл хариуцсан мэргэжилтнүүдээр дамжуулан нийт 1618 нөхөрлөлийг салбар дундын удирдлагаар ханган, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн шинэчилсэн бүртгэлийг Нөхөрлөлүүдийн Үндэсний холбоотой хамтран 2016 оны 4-6 дугаар сард хамтран зохион байгуулж “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүллээ. Энэ ажлын хүрээнд www.nokhorlol.mne.gov.mn вэбсайтыг шинээр хийж ажиллуулж эхэлсэн гэдгийг дурдав.

2015 онд нөхөрлөлүүдийн Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж, нөхөрлөлүүдийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах асуудлыг тодорхойлсон. 2017 оны дөрөвдүгээр сард байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 2016 оны 11-р сард БОАЖЯ, Байгаль хамгаалах ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн Үндэсний холбоотой “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа. Уг гэрээ байгуулснаар нөхөрлөлүүдийн холбооны төлөөлөл Сайдын зөвлөлд ажиллах, Үнэлгээний хороонд төлөөлөл оролцуулах, үндэсний хэмжээний сүлжээг байгуулан салбарын хэмжээнд болон олон улсын сургалтад хамрагдах боломжтой болсныг Д.Оюунхорол сайд мэдээлэлдээ онцолсон юм.

Мөн Монгол Улсад хэрэгжиж буй НҮБ-ын хөтөлбөрүүд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Солонгосын “Ногоон хэрэм”, Дэлхийн зөн ОУБ, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна. Дээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын менежмент, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын менежментийг нэвтрүүлэх, харилцан туршлага судлах, сургалтад хамруулах болон ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөрлөлд мэдээлэл, сургалтын төв байгуулах зэрэгт 500 гаруй нөхөрлөл, түүний гишүүдийг хамруулан дэмжлэг үзүүлсэн талаар мэдээлэлдээ дурдав.

Уг мэдээлэлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүдээс асуулт асуух гишүүн байсангүй

Categories
мэдээ нийгэм

Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө

ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Г.К.Жуковын хөшөөнд маргааш цэцэг өргөх ёслол болно. Уг ёслолд ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, Беларусь улсаас Монгол улсад суугаа Элчин сайд С.В.Чепурной, Монгол Улсын Батлан хамгаалахын дээд удирдлага оролцоно. Цэцэг өргөснийхөө дараа ёслолын ажиллагаа Г.К.Жуковын музейд үргэлжлүүлэн явагдана хэмээн ОХУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.

Цэцэг өргөх ёслол 11.00 цагт болно.

Categories
мэдээ нийгэм

40 кг мөнгөн ус хууль бусаар тээвэрлэж явжээ

Холбоотой ЗурагЭнэ сарын 28-нд цагдаагийн байгууллагад “2 машинтай хүмүүс мөнгөн ус зарах гээд байна” гэх мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад Өмнөговь аймгийн харьяат 32 настай Б гэгч нь TOYOTA PRIUS-20 машинд 40 кг мөнгөн ус хууль бусаар тээвэрлэж явсаныг илрүүлсэн байна. Улмаар хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Хуулийн дагуу химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Тоска дуурь тоглогдоно

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Пуччинигийн “Тоска” дуурийг 34 дэх жилдээ тоглож байна.

Гурван бүлэг, гурван үзэгдэлт тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театрт тоглосон тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Харин манай дуурийн тайзнаа “Тоска” 1982 оны нэгдүгээр сарын 9-нд анх тоглогдож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Ч.Жамсранжав ажиллаж байжээ. 1994 онд “Тоска” дуурийг хоёр дахь тавилтаар тоглоход нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдаж, энэ найруулгаараа одоо хэр нь үзэгчдэд хүрч байгаа юм.

Үйл явдлаас дурьдвал, Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдалена эх дагинын хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширно. Римийн эрх чөлөөний төлөө тэмцсэний улмаас шоронд хоригдож байгаад оргож гарсан Чезаре Анжелотти энэ сүмд нуугдсан байжээ. Каварадосси Анжелоттитай уулзаж түүнд туслахад бэлэн байгаагаа хэлнэ. Гэтэл алсад их бууны дуу нүргэлж, хоригдол оргосныг зарлана. Каварадосси, Анжелотти хоёр яаравчлан гарах гэтэл хаалга тогшиж, Тоска орж ирнэ.

Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг ирэх сарын 3-нд буюу ирэх амралтын өдөр 17.00 цагаас УДБЭТ-ын тайзнаас тольдох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргыг томиллоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ээлжит томилгоогоо хийжээ. Энэ удаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргыг томилсон байна. Тус төвийн даргаар Нарантуяа томилжээ. Түүнд ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тамга тэмдгийг нь гардуулан өгсөн байна. Өмнө нь тус төвийн даргаар Ч.Бат-Эрдэнэ ажиллаж байсан юм.

Мөн энэ долоо хоногт Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг томилсон юм.

Categories
энтертаймент-ертөнц

”Элэг нэгтэн” Энэтхэгийн ”IFFI GOA” кино наадамд оролцлоо

“ДОЗ плас” энтертайнментын “Элэг нэгтэн” кино ээлжит кино наадамд оролцоод иржээ. Тус киноны хувьд олон улсын хэд хэдэн кино наадамд оролцож байсныг уншигчид санаж буй биз ээ.

Тэгвэл энэ удаа Энэтхэгт болсон олон улсын кино наадамд оролцсон байна. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул “Энэтхэг улсдаа хамгийн том, нэр хүндтэй “IFFI GOA” 47 дахь олон улсын кино наадамд урилгаар оролцоод ирлээ. Нийт 6000 зочид оролцсон.

Энэхүү арга хэмжээнд оролцоход тусалцаа үзүүлсэн БНЭУ-д суугаа Элчин сайд Г.Ганболд, консул Б.Наранзул, мөн Энэтхэгийн Элчин сайд С.Бабу мөн өөрийн найзууд болох Х.Мандахболор, Хасбагана, болон “Элэг нэгтэн” киноны бүх уран бүтээлчдэдээ талархаж байна” хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Тусгай олимпийн тамирчид 13 алтан медальтай эх орондоо ирлээ

TAMIRCHIDХонг Конг Улсын Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат Зүүн азийн бүсийн тэмцээнээс манай тамирчид 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медальтайгаар эх орондоо иржээ. Энэ сарын 24-29-ны өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээнд БНХАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Монгол гэсэн зургаан орны 300 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Манай улсын баг, тамирчид агаарын теннис, хөнгөн атлетик, боулинг, усан сэлэлт, ширээний теннис гэсэн таван төрөлд оролцжээ. Улмаар 30 медальтайгаар эх орондоо ирээд байна.

Амжилт гаргасан тамирчдыг өнөөдөр УИХ-ын гишүүн асан С.Оюун, Монголын дауны холбооны захирал нарын хүмүүс хүлээн авч уулзаж, талархал илэрхийлэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Ё.Лхагвасүрэн: Цахим гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд мэдээллээ нууцал

-Зургаан жилийн турш садар самуун бичлэг хийж, мөнгө олдог байсан этгээдийг баривчилсан-

Цахим төрлийн гэмт хэрэг үйлдэгчид сүүлийн үед нэлээд нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд анхааруулсаар байгаа. Бага насны хүүхдээс эхлээд өсвөр насныхан, залуус цахим гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтэн болсон тохиолдол цөөнгүй байгаа гэнэ. Мөн сүүлийн үед өсвөр насны охид, эмэгтэйчүүд цахим гэмт хэргийн золиос болж, хохирох нь ихэсчээ. Шинэ төрлийн гэгдэх цахим гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сүүлийн үед ноцтой цахим гэмт хэргүүдийг эрчимтэй илрүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд Баянгол дүүргийн иргэн бусдын хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, дарамталсан хэрэг гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Дээрх хэргийг ярихаас өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар ярья. Энэ хэлтэс интернэт орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус хэлтэст цахим гэмт хэрэгт мэргэшсэн алба хаагчид ажиллаж байгаа. 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 20 холбогдогчтой 18 гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Интернэт ертөнцийг ашиглан бусдын эд хөрөнгийг далайлган авсан долоон хэрэг гарсан. Фишинг буюу хортой код ашиглан бусдын мэдээллийг хууль бусаар олж авсан, ашигласан дөрвөн гэмт хэрэг шалгагдаж байна. Интернэт орчинд мөрийтэй тоглож, үүнийг зохион байгуулж, эрхлэн явуулсан гэх үндэслэлээр нэг иргэнийг шалгаж байгаа. Мөн бусдыг залилан мэхэлсэн гурав, садар самуун сурталчилсан хоёр хэргийг шалгаж байна. Энэ мэтээр цахим гэмт хэрэг үйлдэгчийг илрүүлсээр байна.

Харилцаа холбооны газраас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улсын хүн амын гуравны хоёр нь өдөр бүр интернэт ашиглаж, мэдээлэл авч, түгээж байна гэсэн байна лээ. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй холбоотой хэрэг их байна. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ илүү анхаарал тавих шаардлагатай болж байна. Өмнө нь таны хүүхэд гадуур явж байгаад гэмт хэргийн хохирогч эсвэл холбогдогч болдог байсан бол одоо гэртээ байж байгаад цахим гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох боломжтой болсон. Эцэг, эхчүүд интернэт орчинд таны хүү, охин хэнтэй харилцаж байна, ямар мэдээлэл олон нийтэд түгээж байна гэдгийг үзэх, байнга хяналт тавьж байх шаардлагатай. Болж өгвөл бага, өсвөр насны хүүхдэд фэйсбүүк болон бусад хаягийг нээж өгөхгүй, ашиглуулахгүй байх нь зүйтэй. Мөн насанд хүрсэн хүмүүс ч интернэтийг соёлтой хэрэглэх хэрэгтэй юм. Интернэт соёл гэдгийг хүмүүс буруугаар ойлгоод байдаг. Өөрийнхөө гоё гарсан зургийг фэйсбүүк, твиттертээ оруулсныгаа соёл гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь өнгөц ойлголт юм. Интернэт соёл гэдэг маань наад захын мэдэгдэхүүнтэй болох шаардлагыг хэлж байгаа юм. Фэйсбүүк, твиттерт холбоо сайтууд бий болсон. Тэнд ихэвчлэн насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл тавьсан байдаг. “Энэ мэдээллийг үзнэ үү”, “Та энэ зар сурталчилгаан дээр дараад орно уу” гэх мэт. Ийм мэдээлэл рүү орох нь аюултай. Үүгээр дамжуулаад хортой код буюу фишинг кодоор дамжуулж таны нууц үгийг хуулбарлаад авчихдаг. Үүнээс болоод таны мэдээллийн аюулгүй байдал алдагдаж байна. Саяхан Баянгол дүүрэгт оршин суух 30 настай Г гэгч нь хортой код ашиглан зургаан иргэний хувийн мэдээллийг олж авч, түүгээрээ дамжуулан айлган сүрдүүлж, дарамталсан хэрэг гарсан. Гэмт этгээд нэг иргэнээс сая төгрөг, таван иргэнээс 2400 ам.доллар авч байсныг илрүүлээд, шалгалтын ажил хийгдэж байна. Б гэгч нь гурван иргэний захидал харилцааны байдлыг зөрчих гэмт хэрэг үйлдсэн. ЭЦГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 135.2, 149.2, 209.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тиймээс иргэд өөрийнхөө фэйсбүүк хаягийг нягталж үзэх шаардлага бий болоод байна. Фэйсбүүк найз болсон хүмүүсээс хэдэн хүнтэй нь танил, огт танихгүй хэдэн хүн байна. Танихгүй хүмүүст та болон таны хүүхдүүд өөрийнхөө хувийн мэдээллийг хэрхэн хүргэсэн байна вэ гэдэгт байнга анхаарал хандуулах хэрэгтэй. Хүмүүс өглөө хэдэн цагт хаашаа явж байгаа, ямар хоол идсэн, аль дэлгүүрээр хэсэж, ямар юм авч байгаагаа хүртэл сошиал ертөнцөд оруулж байгаа нь эргээд танд, таны хүүхдэд хортой гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Саяхан Баянгол дүүрэгт садар самуунд уруу татсан бичлэг төлбөртэйгөөр цацдаг эмэгтэйг саатуулсан гэсэн үү?

-Тийм ээ. Бусдыг садар самуунд уруу татсан контент үйлдвэрлэсэн дөрвөн хэрэг шалгагдаж байна. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн “Өндөр цалинтай ажилд өөртөө итгэлтэй залуу охидыг авна” гэх зарын цаана садар самуунд уруу татан, мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байсан хэргийг илрүүлсэн. Зургаан жил орчим үргэлжилсэн энэ үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нэлээн хугацаанд судалсны дүнд илрүүлсэн байгаа. Баянгол дүүргийн III хороонд оршин суух хаягтай 26 настай, эмэгтэй Г гэгчийг шалгаж байна. Г нь 2010 оноос эхлэн ийм төрлийн хэргийг үйлдэж байсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 231.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ хэргийг өмнө нь гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Сэжигтэн Г нь дээрх зарын дагуу ажилд орохоор ирсэн зүс царай, бие хаа сайтай залуу охидыг шалгаруулан авч, АНУ-д байрлах насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудаст өөрийн үүсгэсэн студиэр дамжуулан ажиллах охин тус бүрийг нууц нэр өгөн бүртгэн авч, цахим орчинд вэб камер ашиглан садар самуунд сурталчилсан гаж үйлдэл хийлгэн, төлбөртэйгөөр цацаж ашиг орлого олж байжээ. Тэрбээр гэмт үйлдлээ халхавчлах үүднээс нэг жилээс илүүгүй хугацаагаар байр түрээслэн охид бүсгүйчүүдийг ажиллуулах студийг байгуулдаг байсан нь тогтоогдсон.

-Гэр бүлээрээ түлэгдсэн хүмүүст туслах аян өрнүүлж байна гээд иргэдийн мөнгийг хувьдаа завшсан хэрэг гарсан гэж байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өмнө нь цахим төрлийн залилангийн хэрэг гардаг байсан. Ихэнх нь дэлхийн томоохон брэнд бүтээгдэхүүний нэрийг ашиглан “Та сугалаанд шалгарлаа” гэх мэтээр залилдаг байсан. Тэгвэл сүүлийн үед өөр хэлбэрээр залилж эхэлж байна. Фэйсбүүк орчинд бусдын зовлонгоор ашиг хонжоо хайгчид “2016 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэгэн айлд гал гарсны улмаас гэр бүлийн хүн түлэгджээ. Бяцхан охин түлэгдэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт 1-1,3 сая төлж байгаа тул бусдаас тусламж хүсч байна” гэсэн мэдээлэл цацагдсан. Ийм хандив тусламж хүссэн мэдээлэл гарч, олон хүн уг мэдээллийг бусдад түгээж, зарим сайхан сэтгэлтэй хүн мэдээлэл дээр байх дансанд мөнгө шилжүүлэн сэтгэлийн дэм өгсөн байна. Харамсалтай нь тусламж хүссэн мэдээлэлд дурдагдсан данс нь өөр хүний данс байсныг цагдаагийн алба хаагчид тогтоон шалгаж байгаа. Хэдийгээр нэг айлын гурван хүн түлэгдэн биеийн байдал нь хүнд байдалтай байгаа нь үнэн ч бусдын зовлонгоор ашиг хонжоо хайгчид байхыг үгүйсгэх аргагүй юм. Цагдаагийн алба хаагчид уг асуудлыг судлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Одоогоор ямар зорилгоор өөр хүний данс бичиж олон нийтэд мэдээлэл тараасан бэ гэсэн асуудлыг шалгаж байна. Иргэд бусдад тусламж өгөх гэж байгаа бол өөрийн биеэр очиж, ар гэрийнхэнтэй нь уулзаж байж өгөх нь илүү найдвартай юм.

-Секс сүрдүүлгийн гэмт хэргийн тоо сүүлийн үед буурч байгаа гэсэн үү?

-Энэ төрлийн гэмт хэргийн гаралт өмнөх жилүүдээс хэд дахин буурч байна гэсэн судалгаа гарсан. Гэхдээ секс сүрдүүлгийн гэмт хэрэг бүр гарахгүй байгаа гэсэн үг биш. Өсвөр насны охиддоо эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүд охидын зургийг хууль бусаар олж авч, дараа нь дарамтлах хэрэг гарч байна. Гэмт этгээд “Хэрэв надад мөнгө өгөхгүй бол энэ зургийг нь аав, ээж, хайртай хүнд чинь үзүүлнэ” гэж дарамталсан хэрэг цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа шалгагдсан.

-Цахим гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд юуг анхаарах ёстой вэ. Бусдын дарамт шахалтад орсон тохиолдолд хамгийн түрүүнд яах ёстой вэ?

-Интернэтийн хэрэглээ, хөгжил дэвшил манай улсад маш хурдацтай хөгжиж байгаа. Дэлхий нийтийн жишгээр хүссэн хурдаа авч ашиглаж байна. Хандалт, хэрэглэгчдийн тоо олон улсын стандартын дагуу явж байгаа. Манай улсын хүн амын 70 орчим хувь нь интернэт ашиглаж байгаа. Ийм олон интернэт хэрэглэгч бий болчихсон учир амар хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд байсаар байна. Цахим гэмт хэрэгт өртөхгүй байх ганц боломж бол иргэн та өөрөө. Фэйсбүүктээ байгаа огт танихгүй найзууддаа ямар төрлийн мэдээлэл өгөөд байгаа, хувийн чанартай мэдээлэл хэр олон байгааг харах ёстой. Санал бодлоо солилцож байгаа контент дээр юу бичээд байгааг нь ажиглах ёстой. Хэрэв өөрийнхөө хувийн мэдээллийг хэт их оруулсан бол үүнийг устгах хэрэгтэй. Ингэж байж өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна. Мөн хэн нэгэн таныг дарамталж, мөнгө төгрөг нэхэх, хууль бус үйлдэл хийхийг оролдох юм бол цагдаагийн байгууллагад тэр даруй хандах ёстой. Гэмт хэрэгтнүүдийн тавьсан болзлыг хүлээж авах тусам тэд даварч, илүү их зүйл шаарддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Цагдаагийн байгууллага таны хувийн мэдээлэл олон нийтэд цацагдахаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг хэлмээр байна.

Э.БААТАР

Categories
гадаад мэдээ

Онгоцны сүйрлээс үүдэн Бразилд гурав хоногийн гашуудал зарлажээ

Зорчигч тээврийн нисэх онгоц сүйрсний улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Бразил улсад 3 хоногийн гашуудал зарласныг тус улсын засгийн газар мэдэгдлээ.

Өчигдөр BAE Avro маркийн нисэх онгоц Колумб улсын баруун хойд нутаг дахь Медельин хотын нисэх онгоцны буудлаас холгүй газарт осолдон сүйрсэн байна. Онгоцонд сууж явсан 79 хүнээс 6 хүн амьд гарчээ. Бразилын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Темер мэдэгдэл хийж, ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ.

Нисэх онгоцны буудлын захиргаанаас мэдээлснийг үзвэл, хөдөлгүүрт саатал гарсан тухай нисгэгчид мэдээлж байжээ. Мөн түлш багасч байгаа тухай тэд мэдээлээд, ослын буулт хийхээр төлөвлөж байсан байна.

Бразилын Сан-Паулу хотоос Колумб руу захиалгат нислэг үйлдэж байсан уг онгоцонд Бразилын хөлбөмбөгийн “Шапекоэнсе” багийн тамирчид сууж явсан бөгөөд тэд Өмнөд Америкийн цомын төлөөх шувтаргын тоглолтод Колумбын “Атлетико Насьональ” клубтэй тоглох ёстой байлаа. Түүнчлэн тоглолтыг сурвалжлахаар Бразилын 20 сэтгүүлч уг онгоцоор Колумб руу явж байжээ.