Categories
мэдээ спорт

Аж ахуйн нэгж байгууллагуудын аваргууд тодорлоо

Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран
ажиллах болсон “Их талын дуулиан” ТББ, нийслэлийн 377 жилийн ойд
зориулан “Нийслэлийн аж ахуйн нэгж албан байгууллагууд”-ын АШТ-ийг
амжилттай зохион байгуулж, өчигдөр аваргуудаа тодрууллаа. Анх “Дуулиан
2020” тэмцээнийг ивээн тэтгэгчдийн дунд зохиогддог байсан уг тэмцээн өнөө
жил хүр цараагаа тэлэн хотын аваргын хэмжээнд хүртэл зохиогдсон гэхэд болно.
Нийт 14 багийн 150 гаруй тамирчид 10-р сарын 28, 30-ны өдрүүдэд МХБХ-ны
футзалын ордонд авъяас чадвар, хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаага
уралдуулан байж өрсөлдлөө. Баг тус бүрт футзалын “Пепси” дээд лигт
тоглодог нэг тамирчин багтах боломжтой гэсэн дүрэм нь тэмцээнийг улам
чанаржуулсан. Өнгөрөгч баасан гаригт хэсгийн эхний, өчигдөр хэсгийн шийдвэрлэх
болон медалийн төлөөх сонирхолтой тоглолтууд явагдсан.

Тэмцээний тэргүүн байрт “MBC” компанийн баг шалгарсан
бол тэдэнд ялагдсан “Keisy fine” баг мөнгөн медаль хүртсэн.
“Хүрхрээ” нэгдүгээр лигийн аварга “Гоёо” клубт тоглодог
гурван тоглогч “Keisy fine” багийн бүрэлдэхүүнд байсан ч олон жил
футзал, гудамжны хөлбөмбөгийн тэмцээнд хүч үзэж буй “MBC”-г баралгүй
хожигдсон нь талбайн хөлбөмбөг, футзалын ялгааг бага ч гэсэн харуулсан гэхэд
хэлсдэхгүй. Харин гуравдугаар байрыг “УБ Унаганууд” клубын тоглогч Г.Баярсайханаар
ахлуулсан “Хас банк”-ы нэгдүгээр баг эзэлсэн юм. Тэмцээний
шилдэгүүдийг тодруулахад аваргын төлөөх тоглолтод бэртэлтэй байсан ч оролцож,
багаа алтан медаль хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан С.Лонжидпунцаг шилдэг
хаалгачаар тодорсон. Харин шилдэг довтлогчоор шагналт байранд багтаагүй
“OT & Grand smart” багийн галын шугамыг хариуцан тоглосон
У.Эрдэнэхуяг 12 гоолтойгоор шалгарав. Тэмцээний турш хамгаалалт, довтолгоонд
жигд оролцсон тэгш тоглогчоор “Хас банк-1” багийн Г.Ганзориг
тодорсоноор, шагналт байранд шалгарсан баг тамирчид МХБХ-ны фузалын ордонд
төрийн дууллаа эгшиглүүлж, тэмцээнээ хаасан юм.



Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын ээж Ц.Ганбат: Хүү маань надад хийсэн буруу зүйл байхгүй. Битгий санаа зов гэсэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

– Одооэнэхэдмаань сар бүр байрны зээлээтөлөөдявж байна-

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат цагдан хоригдоод арав гаруй хонож байна. Түүнийг албан тушаалаа ашиглан “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг завшсан хэмээн буруутгаад байгаа билээ. Мөн түүнтэй холбогдох зарим албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгээд буй. Энэ асуудлаар Н.Мөнхбатын ээж Ц.Ганбат манай сонинд хандсан юм. Тэрээр хүүгийнхээ эрүүл мэндийн асуудалд ихэд санаа зовниж байгаа аж.

-Таны хүүг АТГ-аас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган хорьж байгаа. Хүүгээ баривчлагдсаныг хэдийд мэдсэн бэ?

-Өнгөрсөн долдугаар сард миний хүүг ажлаа өгөхөд нь хэрэг үүсгэн шалгаж намайг дуудан батлан даалтад гаргуулж авсан юм. Гадуур байцаана л гэж ойлгосон. Гэтэл энэ сарын 10-ны 18:00 цагийн үед хүү “Ээж ээ намайг баривчилж байна” гэж хэлээд л утас нь тасарчихсан. Би бэр рүүгээ утсаар яриад энэ чинь одоо юу болж байна аа гэхэд харин ийм л юм болчихлоо гэсэн. Эхнэр рүүгээ бас ярьсан юм билээ. Бид ч сандраад ганц нэг өмсөх зузаан цамц, хувцас хунар шүүрч аваад л гэрээсээ гарсан. АТГ-ын гадаа очоод дотор байгаа үгүйг нь ч мэдэж чадахгүй хэдэн цаг зогссон. -Өмгөөлөгчтэй нь уулзсан биз дээ. АТГ-аас цагдан хорих руу шилжүүлэхэд нь үг сольж амжсан уу?

-Бид АТГ дотор байгаа үгүйг нь ч мэдээгүй орой 22 цаг хүргэсэн. Гэтэл аль хэдийнэ аваад явчихсан юм билээ. Өмгөөлөгч нь баривчлагдах үед байсан гэж байгаа юм. Тэрүүхэн хооронд “Сүхбаатар сумын Онгон суманд ажил явдал гарлаа, явлаа” гэж бидэнд хэлсэн. Долоо хоног хөдөө яваад өнгөрсөн долоо хоногийн нэг дэх өдөр л ирсэн. Хүүгээ баригдчихаад байхад бид энэ хооронд өмгөөлөгч байхгүй, ямар ч мэдээлэлгүй, хаана хэнд хандахаа мэдэхгүй, яах учраа олохгүй дэмий л гэртээ ярилцаж суусан. Тэгсэн тав хоногийн хугацаанд гомдол мэдүүлэх ёстой юм байна. Харин бэр маань гүйж яваад Г.Батбаяр өмгөөлөгчтэй уулзаж өргөдлөө бичүүлээд хуулийнхаа хугацаанд гомдлоо багтаагаад өгсөн. Өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй болохоор яахаа мэдэхээ байчихдаг юм байна.

-Хүүгээ хоригдсоноос хойш уулзсан уу?

-Энэ сарын 18-нд уулзах зөвшөөрөл өгсөн. Хоёр хүн ямар оруулах биш. Эхнэр нь л орсон. Ханиад нь эдгээгүй үгдэрчихсэн бололтой ханиалгаад байсан гэсэн. Нэрэлхээд “Би зүгээр ээ, санаа зоволтгүй” гэж хэлж байгаа ч хоолойгоо байн байн засаад ярихад хүндрэлтэй, хэцүү байна лээ гэж бэр маань хэлсэн. Хоригдохынхоо өмнөх долоо хоногт ханиад хүрчихлээ гэж байсан. Эм ч бүрэн уусан юмгүй тэр чийгтэй, хүйтэн, хөндий газар хоригдчихоор чинь ямар л олиг байхав.

-Хүү тань эхнэртэйгээ юунаас болоод хоригдчихлоо гэдэг ч юм уу ер нь юм ярьсан болов уу?

-Битгий санаа зов. Ээж, хүү хоёрыг битгий нааш нь авчраарай. Бүх зүйл хуулийн дагуу хийгдсэн. Надад хийсэн буруу зүйл байхгүй. Сонгууль гээд уягдаад байгаа байх. Сонгуулийн дараа шийдэгдэх байх гэсэн байна лээ. Иргэдийн төлөөлөгчдийн хэдэн нөхдийг сонгохын тулд хүний эрх, хүний амийг ч үл хамааран ингэж хойшлуулах хэрэг байгаа ч юм уу. Болдогсон бол энэ хүмүүсийг хурдхан шиг очоод сонгуулиа өгөөд дуусгаач гэж хүсэхсэн. Хүүгээ хоригдсоноос хойш нөхөр бид хоёр бүтэн нойртой хоносонгүй. Бид ч яахав. Энэ алгын чинээ хүүгээ харахаар өрөвдөх юм. Ямар сайндаа ач хүүдээ “Аав нь хөдөө ажлаар явсан” гэж хэлэхэв. Ач хүү маань “Аав хэзээ хөдөөнөөс ирэх вэ” гэж цаг тутамд асуудаг боллоо. Хамгийн гол нь би эх хүн. Эх хүнд үр харам гэж үг бий. Миний хүү удмын харшлын гаралтай астматай. Манай өвөө, ээж, би гээд удмаараа яг ийм харшилтай. Багаасаа л эмчийн хяналтад байж, эмчилгээ сувилгаа их хийлгэдэг байсан. Бронхиалны астма гэсэн оноштой. Ямар сайндаа бүр нялхаас нь хөтөлсөн дэвтрийг нь хүртэл аваад явж байна. Астма хөдлөхөөр амьсгаа давчдаж хоолой үрэвсөж юм залгиж ч болохгүй барьчихаад хүн амьсгалж чадахгүй боогдддог. Манай аав, ээж хоёр эмч хүмүүс учраас багад нь их эмчилгээ хийдэг байсан. Өнөөг хүртэл хоол унд, хөдөлгөөнөө тааруулаад л явдаг. Санасныг бодоход гайгүй. Гэхдээ архаг өвчин учраас даарч хөрөх, ханиад томуу хүрэх, бие нь сульдах, дархлаа муудах үед гараад л ирдэг. Гэнэт астма нь хөдөлбөл яах вэ. Янз бүрийн зүйл тохиолдвол яах уу. Хүмүүс хилс хэргээр хүүг минь шоронд аваачиж хийчихээд хэрвээ үхчихвэл “Уучлаарай” гэж нэг бичиг хийж өгөх үү (хоолой нь зангирч хэсэг дуугаа хураав). Саяхан нэг хүн яг ингээд шоронд өнгөрчихсөн гашуун туршлага байгаа шүү дээ.

-Хамгийн гол нь томоохон бондын мөнгийг зүй зохисгүй ашигласан гэж буруутгаад байгаа шүү дээ?

-“Чингис”, “Самурай” бонд гээд өрөнд орчихлоо гэж байгаа. Энэ нь өр биш зээл. Дэлхийн улс орон болгон зээлээр амьдарч байна. Компани болгонд хувааж өгөөд буцаагаад хүүгээ төлөөд явдаг. Буцааж өгөх компаниуд нь тодорхой. Ганцхан хүн рүү хамаатуулаад байх юм. Өөрсдөө иддэг болохоор л идсэн байх гэж харддаг байх. Ажлаа хэзээ ч хийдүүлдэггүй, идэж уудаггүй хүн тэр чинээгээрээ л сэтгэнэ. Хүнийг өөр шигээ бодож алддаг гэдэг үг байдаг. Муу хүн гэж бодож байтал сайн хүн байдаг. Сайн хүн гээд итгээд байхад араас нь хутгалдаг ч юм уу тэгж ярьдаг. Сайн хүн нь жирийн амьдралд олон байдаг ш дээ.

-Та хүүгийнхээ ажил албаны талаар ямар бодолтой явдаг вэ. Үнэхээр тэр их мөнгийг хувьдаа завшсан байж магадгүй гэж хардах хүн олон байна?

-Бид дундаж давхаргын жирийн л нэг сэхээтэн айл. Миний ээж, аав хоёр хоёулаа эмч. Би эдийн засагч мэргэжилтэй. Аав нь барилгын инженер хүн. Одоо ч барилгын талбай дээр ажиллаж байна. Манайх хүү, охин хоёртой. Хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийн тулд ажил хийж олсон таван цаасаахураан, байр орон сууцаа барьцаанд тавин, хамаг бүхнээ л шавхан байж гадаадад сургуульд явуулсан. Дарга нарын хүүхдүүд чинь гадаадын их дээд сургуульд улсын тэтгэлгээр сурдаг гэж ярьдаг. Харин миний хүү өөрийнхөө мэдлэг чадвараар сургуульд сурч өдий зэрэгтэй яваа. Манай бэр ч гэсэн дөрвөн хүүхэдтэй айлын том нь. Эдийн засагч мэргэжилтэй. Бас л өөрийнхөө чадвараар Англид мэргэжил эзэмшсэн. Хүү маань долдугаар сард ажлаа өгчихөөд Хөдөлмөрийн биржид ажилд орох анкет бөглөсөн байсан. Ажлаа өгчихөөр ар гэр нь орлогогүй болчихож байгаа юм чинь, ингэхээс ч яахав. Бид ийм л амьдралтай улсууд. Хүү маань намд элсээд залуучуудын хэлдгээр дарга нарын цүнх барьж яваад байдаг хүн биш.Орос, англи, герман, итали хэлтэй. Өндөр боловсрол эзэмшсэн хүн.

-Хаана, ямар боловсрол эзэмшсэн бэ?

-Австрид сурсан. Миний хүү Нийслэлийн 33 дугаар сургуулийг төгссөн. Тухайн үед сурагчдын дунд уралдаан зарлаад Соросын сангийн тэтгэлгээр АНУ руу солилцооны хөтөлбөрөөр явуулдаг байлаа шүү дээ. Тэр уралдаанд хүү маань түрүүлж Америкт хагас жил дунд сургуульд сураад ирсэн юм. Яваад ирэхдээ англи хэлдээ яггүй сайжраад ирсэн. Ном байнга уншдаг. Үеийнхэн дундаа сурлагаараа манлайлдаг, хичээл зүтгэлтэй хүүхэд байв. МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсч хоёр жил сурсан. Манайхны боловсролын тогтолцооны зөрүүнээс хамаараад Монголын их, дээд сургуульд хоёр жил сураад гадаадын сургуульд элсэх боломжтой байсан хэрэг. МУИС-ийн хоёрдугаар курсийг төгсөөд Австрийн Венийн Эдийн засгийн их сургуульд өөрөө интернэтээр бүртгүүлээд шалгалтыг нь өгч тэнцээд явсан. Миний хүү Венийн эдийн засгийн их сургуулийг төгсөж чадсан эхний монгол хүн. Сургуулиа төгсөөд тэндээ өндөр цалинтай ажил хийгээд сайхан л амьдарч байлаа. 2009 онд би дуудсаар байгаад хүүгээ аваад ирсэн юм. Одоо бодоход тэр хөгжилтэй оронд хүүгээ ажиллаж байхад нь яах гэж дуудав гэж ч харамсах шиг.

-Яагаад Австрид ажиллуулахыг хүсээгүй юм бэ?

-Хүүгээ эрэгтэй хүүхэд байна, ирж эцэг, эх хоёртоо хань бол, эх орондоо хийж сурсан зүйлээрээ хувь нэмрээ оруулж хөгжүүлэх хэрэгтэй гэсээр байгаад л аваад ирсэн.

-УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын туслахаар хэзээнээс ажилласан юм бэ. Хэрхэн холбогдсон бол. Та энэ хүний талаар хэр их мэдэх вэ?

-Батбаяр гишүүнийг танихгүй. Ноднин л хүүгийнхээ хурим дээр хүмүүсийн хэлдгээр амьдаар нь харсан. Ард түмэн сайн хүн гээд л УИХ-ын гишүүнээр сонгогдсон байлгүй. Бид мэдэхгүй байж ийм, тийм гэж ярилтай биш. Австриас 2009 онд ирээд танилцуулгаа бариад компаниудад анкет бөглөж хэсэг явсан юм. Монголын томоохон гэсэн компани болгон л хүүг маань ажилд авах сонирхолтой байсан. Ингэж явж байгаад л нэг өдөр УИХ-ын гишүүний багт ажилд орсон. Ямар ч залуу хүн цалин хөлс, хөгжих, дэвших боломж харж л ажилд ордог. Гэхдээ мэргэжлээрээ шүү дээ. Намд орж, алив надад албан тушаал энээ тэрээ гэж гүйгээгүй. Мэргэжлээрээ ажиллаж “Чингис” бондыг босгох техникийн ажлын хэсгийг ахалж байсан гэсэн. Техникийн ажилтан гэдэг чинь судалгаа, шинжилгээ хийж, эдийн засгийн үндэслэл зэрэг мэргэжлийн л ажил хийнэ шүү дээ. Дарга нар бол яахав дээ, наагуур нь гарын үсэг зурж, гэрээ хэлэлцээрт тамга дарж явах нь тодорхой. Ингэж л мэргэжлийнхээ ажлыг хийж дэвшиж явсаар байгаад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болсон. Энэ хугацаанд сайн ажиллалаа, Монголын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа гэж төр засаг хүүг маань “Алтангадас” одонгоор шагнасан. Залуу хүний хувьд энэ бол том шагнал шүү дээ. Аав бид хоёр нь насаараа ажиллаад ямар ч одон медаль авч үзсэн биш. Хүүгээрээ бахархдаг. Гэхдээ хүүгийн минь ажил ард түмний нүдэн дээр ил яваад байсан шүү дээ. Тэгэхээр цаана нь ямар нэг улс төрийн хор явж байна уу гэж хардах юм.

-УИХ-ын гишүүний багт ажиллана гэдэг улс төрд орсонтой ялгаагүй биш үү?

-Би хүүдээ байнга хэлдэг.Улс төрд битгий ороорой. Яах гэж мэргэжил эзэмшсэн юм. Мэргэжлийнхээ ажлыг л хий. Монголд юу хэрэгтэй байна. Сайн мэргэжилтэй хүн л хэрэгтэй. Тэрнээс нам дагаж гүйгээд л, нам ярьж мэргэжлийн хүмүүсийг халаад л явдаг зүйл хэрэггүй гэж захидаг. Тийм ч учраас миний хүү мэргэжлийнхээ дагуу л ажиллаж байсан. Гэтэл ажилгүй болгочихоод, хэрэг нээчихээд, гадагшаа явах эрхийг нь хаачихаар энэ хүн чинь амьжиргаагаа яаж залгуулах юм бэ. Ардаа гэр бүлтэй хүн. Залуу хүн. Өөрийгөө аваад явчих мэргэжилтэй хүн чинь ажилд орох хэрэгтэй биз дээ. Гэтэл тэр боломжийг нь хаачих юм. Наад зах нь энэ хүмүүс чинь байрны зээлтэй хүмүүс.

-Таван өрөө тансаг хауст амьдардаг гэж сонсож байсан юм байна…?

-“Чингис” бонд орж ирээд манай эдийн засаг жаахан уужраад моргейжийн зээл хэрэгжиж манай хүүгийнх бусдын л адил байрны зээлд хамрагдсан. 79 метр квадрат байранд орсон. Одоо энэ хэд маань сар бүр байрны зээлээ төлөөд явж байна. Хүүг ажилгүй болсноос хойш бэр ганцаараа байрныхаа мөнгийг төлж байгаа. Ямар хүнд байна гээч. Монголын жирийн л нэг залуу гэр бүл. Бид ч олигтой тусалж дэмждэггүй. Өөрсдийнхөө бор зүрхээр л явж байгаа л хүмүүс. Тэгсэн саяхан бэр маань “Ээж ээ, бид хоёр хадгаламжгүй, хуучны компьютерээс өөр зарж борлуулах юмгүй, гар утаснаас өөр олигтой хөрөнгө ч үгүй юм байна гэдгээ мэдлээ” гэж хэлсэн. Үнэхээр л амьдрахын төлөө ажлаа хийгээд л явж байгаа залуу гэр бүл ш дээ. Хүмүүсийн яриад байгаа шиг таван өрөө тансаг хаусанд амьдардаггүй. Гал тогоо, ванны өрөөгөө нийлүүлээд ч таван өрөө хүрэхгүй орон сууцанд амьдарч байна. Дундаж давхаргын тэг дундуур л амьдралтай айл.

-Хөгжлийн банкны талаар, ер нь ажлынхаа талаар, үзэл баримтлалынхаа тухайд гэр бүлийнхэнтэйгээ хэр санал бодлоо хуваалцдаг байсан бэ?

-Миний хүү хэзээ ч шал шал хийж, шалчиганаж элдэв юманд оролцож явдаг хүн биш. Жинхэнэ зарчимч эр хүн. Хүүтэй минь анх удаа уулзсан хүн ахиад уулзахдаа зан чанарыг нь ихэд хүндэтгэдэг. Өөрөө эдийн засгийн мэргэжилтэй учраас банкныхаа бүх л зүйлд санаа тавьж ажилладаг байсан гэж эхнэр нь хэлдэг. “Уг нь манай улс хөгжихөд их амархан. Даан ч хөгжүүлэх дургүй хүмүүс бас байх юм аа” гэж хаа нэг ам нээж байхыг нь би мэдэх юм. Өөр ажил төрөлтэй холбоотой юм яриад байдаггүй. Манай бэрийн ярьснаар бол анх Хөгжлийн банк солонгос захиралтай байхад хэн ч энэ банкийг мэддэггүй байсан. Гэтэл миний хүү захирал нь болж очоод өдий зэрэгтэй авч яваад ирэхээр хүн болгон анхаарлын төвд ороод ирсэн. Гаднаас тэр том бондыг босгох чинь хүний цэвэр авьяас, харилцаа. Наад зах нь өөрийнх нь орны хэлээр яриад, сэтгэгдэл төрүүлээд ирэхээр өөр шүү дээ. Одоо энэ төрийн өндөрлөгүүд яаж байна. Хараад байхад тийшээ ч явж мөнгө гуйлаа, ийшээ ч явж зээл хүслээ гээд байгаа. Зүгээр ч нэг орчуулагчаар дамжуулаад хүсчихдэг зүйл биш гэдэг нь наад захын бидэнд харагдаж байгаа шүү дээ. Тэр болгон ээж, аав дээрээ ирээд ч байдаггүй. Жилдээ цагаан сараар, наадмаар ч юм уу ганц хоёрхон уулздаг. Манай ах дүү нар хүртэл их зантай, ирдэггүй гэдэг. Юун их зан, улсынхаа төлөө шөнө өдөргүй ажиллаж, тооцоо гаргаж суудаг хүн шүү дээ.

Гэртээ ч ирдэггүй. Ажил, ажил л гэдэг юм. Гэтэл би хажуунаас нь алив ир гээд шаналгаад байхыг хүсдэггүй л дээ. Хамаатан садан нь ойлгохгүй байхад харь элгийн хүмүүс ойлгохгүй байх нь аргагүй ч юм уу.

-Хүүгийн тань найз нөхдийн хүрээлэлд ямархуу хүмүүс байдаг бол. Энэ талаар сонирхож болох уу?

-Хүү маань байнга л ном уншиж, нөүтбүүкнээс салдаггүй. Хаа нэг завсар гарахаараа хүүхэлдэйн кино үзэж харагддаг. Хөгжлийн банкинд орсноосоо хойш ганц ч удаа амраагүй болов уу. Олон хуулийн төсөл, хөтөлбөр бичиж санаачилсныг та бүхэн мэдэж байгаа байх. Товчхондоо, өөрийгөө эх орондоо зориулсан хүн. Тэгж найз нөхөдтэйгөө уулзлаа, уулаа, идлээ гээд байхыг би мэдэхгүй. Хүмүүсийн яриад байгаа шиг надад тийм цалин өг, би тийм бизнес ангиллаар ниснэ, тийм үнэтэй буудалд бууна гэдэг ч хүн биш. Хөгжлийн банкны хууль, дотоод журам, ТУЗ байна. Тэр хүмүүс зохицуулна. Улаанбаатараас Төв аймаг явахдаа ч гэсэн ТУЗ-ийн зөвшөөрлөөр явдаг гэсэн. Тэгээд бэр бид хоёр тэр буруутгаад байгаа томилолтын зардлын үндэслэлийг нь хараад байхад Ерөнхий сайд, эсвэл УИХ-ын дарга гээд дандаа төрийн тэргүүний айлчлалын бүрэлдэхүүн хэсэгт багтсан байгаа юм. Тэгэхээр тэр хүн чинь багаараа явж байж ганцаараа тусдаа буудалд буучихъя гэхгүй биз дээ. Тиймээс тэр төрийн тэргүүнүүд ч гэсэн адилхан буудалд бууж адилхан зардал гаргасан байж таарах нь. Тэгээд ч бүх хүний зардлыг нэгтгээд ганцхан миний хүүг зарцуулсан мэтээр тавьсан байх жишээтэй.

-Таныг хүүгээ хорихоос гаргахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан гэж сонссон. Нааштай хариу байна уу?

-Өнгөрсөн даваа гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөдөл гаргаад Төрийн ордонд очсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтантай нь уулзсан. Намайг та наад өргөдлөө энэ хайрцаг руу хийчих. Энэ хайрцагт хийсэн өргөдөл, гомдлыг Ерөнхийлөгч хүлээж аваад танилцдаг гэсэн. Тэгэхээр нь ордны баруун хаалган дээр байдаг шуудангийн хайрцаг руу хийгээд үлдээсэн. Тэрнээс хойш ямар ч чимээ сураг алга. Мөн Японы Элчин сайдад өргөдөл бичсэн. Яагаад гэхээр миний хүүг “Чингис”, “Самурай” бондтой холбоотойгоор Японы хоёр ч банктай хамтарч мөнгө идсэн гэж буруутгаж шалгаж байгаа юм билээ. Тэр хэдэн тэрбум гэх мөнгөний хэмжээг хараад л бид ухаан алдах шахсан. Өмгөөлөгчид хандахаар “Өө ийм их хэмжээний мөнгөтэй холбоотой хэрэг байна. Би хөлсөндөө энэ үнийн дүнгийн тэдэн хувийг авна” гэдэг. Миний хүү хэрэг ч хийгээгүй байхад яагаад энэ их мөнгийг төлөхөв гээд Японы Элчин сайдын яаманд хандсан. Тэгсэн харин их хурдан шуурхай надад хандаад, Шимизү гуай өөрөө хүлээж авч уулзаад “2014 онд ийм хэрэг мандаад аль хэдийнэ ор үндэсгүй зүйл гэдгийг нь баталсан. Энэ бол жирийн процедураар хийгдсэн ажил” гэсэн. Элчин сайдын бүрэн эрхийнх нь хугацаа дуусч байгаа учраас яваад өгч магадгүй гээд надад туслахынхаа нэрийн хуудсыг хүртэл үлдээсэн. Олон улсын зах зээлд бусад орнуудад ч гэсэн ийм журмаар хэрэгжүүлээд явж байна. Тэгэхэд Монгол Улс яагаад сүйд болоод өлгөж аваад байгааг ойлгохгүй байна.Үнэхээр л асуудал байгаа юм бол тухайн үеийн Засгийн газар, төрийн тэргүүнүүдийг л шалгах хэрэгтэй. Тэрнээс техникийн ажилтныг нь шалгаад юу гарах юм бэ. Бүх ажил аливаа тогтоол шийдвэр, ТУЗ-ийн хурлаар шийдэгдэж байгаа шүү дээ. Гэтэл банкны захирал дуртай үедээ түлхүүр бариад сейф онгойлгоод мөнгө авдаг юм шиг ойлголтыг ард түмэнд өгөх гэж хүчилж байна. Японы талаас хэн нэгнээс байцаалт аваад, асуулга аваад байсан зүйлгүй юм билээ. Тэгэхээр хуурамч хэрэг үүсгэж байгаа нь илэрхий. Японы тал ч гайхаж байна. Миний хүү их зарчимч гэж би хэлсэн. Ардчилсан улс гэж бодож явсан улс нь ардчилсан биш болж таарч байна. 1937, 1939 онд их олон хүнийг хилс хэргээр хороож байсан гэдэг. Зарчмын хувьд тэрнээс ялгаа алга.

-Хүүгээ улстөрчдийн золиос болж байна гэлээ. Ард нь хэн байна вэ. Хэн гэдэг улстөрчдийн өмнөөс ингэж хоригдох дээрээ тулаад байна вэ?

-Ёстой мэдэх юм алга. Олон улсад гүйцэтгэх албаны ажил, төрийн албан хаагч гэдэг улс төрөөс салангид явдаг зүйл. Шинэ үеийнхэн чинь дэлхийтэй өрсөлдөж, сайхан амжилттай ажлаад байхад ажлыг нь хийлгэхгүй юм. Хийж байгаа нэгнийг нь ингээд махны машиндаад байвал дараагийнх нь ээлж ирэхгүй ш дээ. Шинэ үеэ цаазалж хаяад байх юм бол улс орон яаж хөгжих юм бэ. Хохь чинь гээд коммент бичээд суугаад байгаа хүн олон харагдсан. Энэ чинь хүн болгонд хамаатай асуудал.Ямар ч үндэслэлгүй учраас маргааш танай гэрт ч ирж таньд ч хэрэг үүсгэж болох л байхгүй юу. Хоосон зүйлээр хэлмэгдүүлнэ гэдэг хамгийн уршигтай. Тэрнээс ил цагаан хүн зодчихсон бол хамаа алга. Шангаа хүртлээ гэхсэн. Монголчууд өлсөж үзээгүй, зовж үзээгүй гэтэл хэдхэн улстөрчөөс болж дандаа л гадны орноос гуйлгачлаад сууж байна. Энэ залуус чинь ажиллах арга, ажиллагааг нь сурчихаад ирж байна. Ажиллах боломжийг нь нээгээд өгчих. Ийм сайхан боловсон хүчнийг ашиглахын оронд зүрхийг нь мохоогоод хорьж, цагдаад байхаар яах юм бэ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн “Шинь шинь” Хятад уурхайд хүн дарагдаж амиа алдлаа

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Дашбалбар сумын гуравдугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” компанийн далд уурхайд О гэх залуу /25 настай/ “Jiefang” маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэлд дарагдаж амиа алджээ.

Тэрээр “Шинь шинь” компанийн ажилтан бөгөөд Дашбалбар сумын иргэн юм байна.“Шинь шинь” компани нь холимог металийн Улааны орд газрын ашигладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тус компани химийн хорт бодистой ус байгальд хаясан гэх иргэдийн гомдлын дагуу хуулийн байгууллагад шалгагдаж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Хушаат сум улаан буудайн ургацаар тэргүүлжээ

Сэлэнгэ аймгийн Хушаат сум түүхэндээ анх удаа хамгийн өндөр хэмжээний улаан буудайн ургацыг энэ намар хураан авчээ.Энэ талаар тус сумын сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга Т.Баасандорж хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн Хушаат сум анх 1987 онд “Энх талын САА” сум нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд 1988 онд 23513 тонн үр тариа хураан авч арвин ургацын баяраа нийтээрээ тэмдэглэж байсан бол бол өнөө жил цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд хураалт хийсэн ч гэсэн тус рекордыг 11000 гаруй тонноор давуулан биелүүлж ургацаа бүрэн хурааж ирэх зун болох сумынхаа 30 жилийн ойдоо бэлэг барьсандаа Хушаат сумын нийт ард иргэд тариаланчид баяртай байна” гэлээ.

HUSHAAT

Хушаат сумын тухайд энэ жил 14568 га талбайд үр тариа, 275 га талбайд төмс,161 га-д хүнсний ногоо тариалсан бөгөөд үр тариа 34962 тонн буюу 1 га-гаас 24.7 центнр,төмс 4442 тонн,1860 тонн хүнсний ногоо,борлуулах зорилгоор 3200 тонн хадлан, малын тэжээл 3000 тонныг тус тус хураан авчээ.

Сумын хэмжээнд улаан буудайн тариалалтад 22 аж аухй нэгж байгууллага гурван иргэн, төмс хүнсний ногооны тариалалтад 10 аж ахуй нэгж байгууллага 90 иргэн ажиллаж 16 иргэн борлуулах зорилгоор хадлан бэлтгэх гэрээг сумын удирдлагуудтай хийж, хадлан бэлтгэсэн бөгөөд 291 малчин өрх 76000 малын өвөлжилтөд зориулж 3000 тонн малын тэжээл бэлтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 565 иргэнд хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүллээ

Нийслэлийн 377 жилийн ойн өдрийг тохиолдлуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зургаан хуульч, өмгөөлөгчдийн холбооны есөн хуульч иргэдэд хуулийн зөвөлгөө өгч ажиллав.Тус өдөрлөгийн хүрээнд нийтдээ 565 гаруй иргэн, хуулийн этгээдэд хуульзүйн зөвлөгөө туслалцаа үзүүлжээ.

Иргэд ихэвчлэн иргэний эрхзүйн гэрээний маргаан, гэр бүл салалт, хүүхдийн тэтгэвэр, газрын маргаан, өндөр настны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар зөвөлгөө хүсч хандсан байна.

Categories
гадаад мэдээ

Оросуудын тал хувь нь Дэлхийн 3-р дайн ойрхон байгааг хүлээн зөвшөөрчээ

Хараат бус судалгааны Левада Центр байгууллагын өнгөрсөн долоо хоногт авсан санал асуулгын дүнг өчигдөр буюу Даваа гарагт олон нийтэд танилцуулжээ.

Ингэхэд судалгаанд оролцсон Орос иргэдийн 48 хувь нь Сирид болж байгаа мөргөлдөөн Дэлхийн III дайн болон хувирахад ойрхон байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Өнгөрсөн долдугаар сарын үзүүлэлтээс энэ нь 29 хувиар өссөн дүн юм.

Сирид явуулж байгаа Москвагийн агаарын ажиллагаа олон улсын хэмжээнд Орос улсын нэр хүндийг унагаж байна гэж 32 хувь нь үзсэн байна. Энэ нь арваннэгдүгээр сарын үзүүлэлтээс 16 хувиар өссөн дүн болжээ.

Гэсэн хэдий ч Оросуудын 52 хувь нь Сири дэх агаарын ажиллагааг дэмжиж, 26 хувь нь буруутгасан байна.

Мөн Москва Сирийн ажиллагааг үргэлжүүлэх хэрэгтэй эсэхийг асуухад 49 хувь нь “тийм” гэсэн бол 28 хувь нь “үгүй” гэжээ.

Одоогийн байдлаар Оросууд Алеппо дахь агаарын цохилтоо аравдугаар сарын 18-наас эхлэн 14 хоног зогсоогоод байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Т.Наран: Төрийн компани нь хуулиа зөрчиж, нүүрсний экспортоо унагаад байна

Монгол нүүрс ассоциацийн ерөнхийлөгч Т.Нарантай ярилцлаа.

-Монголчууд нүүрсээ хямдхан өгөөд байгаа юм биш, Австрали ч нүүрсээ уурхайн аман дээрээсээ хямдхан зардаг гэсэн тооцоог нэг эдийн засагч хийсэн байсан. Хэр бодитой тооцоо вэ?

-Нүүрсний үнэ богино хугацаанд асар их өссөн нь үнэн, манайх энэ өсөлтөөс ашиг хүртэж чадахгүй суугаа нь бас бодит үнэн. Нүүрсний үнэ шалдаа буусан байх үед хийсэн гэрээгээр үнээ тооцоод явж таарахгүй л дээ. Тэр үеэс хойш нүүрсний үнэ 2.5 дахин өсчихсөн. Таван толгойн коксжих нүүрс Бугат, цаашлаад Таншань хүрдэг. Тэнд нүүрс ямар үнэтэйг харахад л бүх зүйл тодорхой. Тээвэрлэлт баяжуулалт зэрэг үйл ажиллагааны зардлыг хасахад Таван толгойн нүүрсийг уурхайн аман дээрээс дор хаяж 50 ам.доллараар зарах ёстой гэсэн тооцоог эдийн засагчид аль хэдийнэ хийчихсэн. Сая таны хэлсэн тооцоог харсан, худалдан авагч талын зардлуудыг нэмсэн байна лээ. Зах зээлдээ очсон хойно гардаг зардлуудыг нэмэх үндэс уг нь бол байхгүй. Худалдан авагч тал авсан нүүрсээ агуулахад хадгалахад хэчнээн мөнгө зарах нь бидэнд хамаагүй. Мөн нүүрсний гарцыг доогуур тавьсан харагдсан. Нэг тонн түүхий нүүрсийг угаахаар баяжуулсан нүүрс гардаг. Тэр хувийг нь 80 гаруй гэсэн байсан. Гэтэл нүүрсний салбарынхан Таван толгойн коксжих нүүрсний гарцыг 94-95 хувь гээд тооцдог.

-Австралийн нүүрс ер нь хэчнээн ам.долларт хүрч өсөөд байна вэ?

-Австралийн нүүрс Хятадын боомтууд дээр 250 ам.доллар хүрч байна. Өмнө нь шалдаа унах үедээ 70 ам.доллар руу уруудаж байсан. “Эрдэнэс Таван толгой” одоо мөрдөж байгаа гэрээгээ тэр үед хийсэн юм.

-Нүүрсний үнэ цаашдаа тэгтлээ өсөхгүй байх гэх юм. Ер нь манай улсын нүүрсээ нийлүүлдэг хэсгийн ирэх жилүүдийн эрэлт хэр байгаа бол?

-Сая урд хөршид ажлаар яваад ирлээ. Хятадын коксжих нүүрсний гол нийлүүлэгч бол Австрали манайх хоёр. Австрали өндөр үнээр тултал ашиг олж чаддаг ч манайх чаддаггүй. Манай улсын нүүрсээ нийлүүлдэг Хятадын баруун талын нүүрсний эрэлт өсөх нь тодорхой байгаа. Хуучин уурхайнуудынх нь сайн чанарын нүүрсний нөөц барагдсан, төрөөс нь уурхайнуудынхаа ажиллах хоногийг багасгасан гэж ирээд яривал дотоодоосоо олборлодог хэмжээ нь эрс багасч байна. Тэгэхээр нүүрсний үнэ өсөх ирээдүй өндөр.

-Манай улсад нүүрс экспортолдог хэчнээн компани байдаг вэ?

-Нүүрс экспортолдог компаниуд олон. Гэхдээ экспортын нүүрсний 90-95 хувийг экспортолдог зургаан компани л бий. Таван толгойн орд дээр “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, орон нутгийн Таван толгой, Нарийн сухайтын орд дээр “МАК”, “Саусгоби сэндс”, “Өсөх зоос” гэсэн гурван компани байдаг.

-Таван толгойгоос гаргадаг нүүрсний 80 орчим хувийг “Эрдэнэс Таван толгой” экспортолж байна уу?

-Тэр багцааны хувийг гаргаж байгаа. “Эрдэнэс Таван толгой”-н экспортолдог нүүрс сүүлийн жилүүдэд жил бүр өсөлттэй гарч байна л даа. Бусад компанийн тухайд эзлэх хувь нь огцом багассан. Харамсалтай нь “Эрдэнэс Таван толгой”-н нүүрс экспортлох хэмжээ өсч байгаа ч олдог мөнгө нь өсдөггүй зовлон байна. Монголд орж ирдэг валютын хэмжээ өсөхгүй байна гэсэн үг. 2012 онд Монгол Улс нүүрсний экспортоос 2.4 тэрбум ам.доллар олж байсан. Хориод сая тонн нүүрс гаргаад олсон мөнгө. Гэтэл одоо бараг хорин сая тонныг гаргаж байна. Гэтэл 2015 онд 600 гаруй сая ам.доллар л орж ирсэн. Дөрөв дахин бага мөнгө олсон гэсэн үг. 2016 онд ч ялгаагүй, 800 орчим сая ам.доллар л олохоор байгаа. “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, орон нутгийн “Таван толгой” гэсэн компаниуд гурван өөр улсын компани шиг уялдаагүй ажиллаж байна. “Эрдэнэс Таван толгой”-г ажиллаж эхлээгүй байхад нөгөө хоёр нь боломжийн үнээр нүүрсээ борлуулдаг байсан. Гэтэл одоо нүүрсээ дажгүй үнээр борлуулж чадахаа больсон. Хажууд нь олборлолт явуулдаг төрийн өмчтэй компани нүүрсээ маш хямдаар экспортлоод байхаар хэн ч өндөр үнээр нүүрс авахыг хүсэхгүй. “Эрдэнэс Таван толгой”-гоос л нүүрс худалдаж аваад байхаар экспортын ихэнх хувийг эзлэхээс аргагүй л дээ.

-Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээнэ, зөвхөн ашиг олох зорилгоор сорчлон ашиглахыг хориглоно гээд заачихсан. Таван толгойн зүүн Цанхийн хамгийн сайн давхаргын коксжих нүүрсийг сорчлон зарж, арай сул чанарын нүүрснүүдийг хаяж байна гэсэн шүүмжлэл бий. Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой” хууль зөрчиж байна гэсэн үг үү?

-“Эрдэнэс Таван толгой” таны сая хэлсэн заалтыг шууд зөрчиж байгаа. Бас өөр ч заалтыг зөрчиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд нь ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” үүрэгтэй гэсэн заалт бий. Тэгэхээр Ашигт малтмалын хуулийн голлох хоёр заалтыг зөрчиж байна гэсэн үг. Зах зээлийн үнээс доогуур зарж байгааг сая хоёулаа ярилаа. Төрийн компани гэхээр давуу эрхтэй байж болохгүй л дээ. Авто замаар жишээлье. Шороон замаар нүүрс тээвэрлэж болохгүй гээд “Энержи ресурс”-ын уурхайг нь зогсоож байгаад засмал зам тавиулж байсан түүх бий. Гэтэл дараахан тавьсан замыг нь Засгийн газар авчихсан хэрнээ л хажуугаар нь 100 тоннын машинаар тээвэр хийж байх жишээтэй.

-Зам тээврийн сайд өнгөрсөн жил шороон замаар тээвэр хийхгүй гэсэн тушаал гаргасан санагдаж байна. Гэтэл “Эрдэнэс Таван толгой”-гоос засмал зам хүртэл арав гаруй км шороон замаар явсаар байгаа шүү?

-Ийм хандлага нүүрсний салбарт их тод анзаарагддаг. Жишээ яривал өчнөөн юм бий.

-Таван толгойд уг нь нүүрс угаах үйлдвэр бий. Угаагаад зарвал арай ахиу үнэтэй, бас дотооддоо нэмүү өртөг бүтээгээд зүгээр санагдах юм. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Сул тал бий ч эерэг тал нь их. Адаглаад л тээврийн зардал эрс багасна. Хэрэггүй шороо ачихаа болино гэсэн үг. Нүүрсийг угааж баяжуулахаар хэчнээн хүн ажилтай байх вэ, угаах үйлдвэрт хэчнээн компани ханган нийлүүлэлт хийх вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Энэ бүх зардал Монголд л шингэнэ. Одоо бол бид уурхайн аман дээрээс нүүрсээ хямдхан зарж орлого олж байгаа. Бусад бүх зардлаа алдаж байна. “Винсвэй”, “Шанхай” өөрсдөө угаах үйлдвэртэй. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнийн өсөлтөөс хүртэж болох бүх ашиг хилийн гадна гарчихаад байна л даа. Ашигт малтмалын хуульд олборлосон нүүрсийг тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт зах зээлийн үнээр нийлүүлнэ гэсэн утгатай заалт бий. Төрийн компани нь хуулиа зөрчөөд байна л гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчтэй компани учраас ард түмний мөнгө яах нь хамаагүй байлаа гэж бодъё. Хажууд нь ажилладаг бусад компаниа татаж унагаж байгаа нь анхаарахаас аргагүй гол асуудал. Монголын нүүрсний экспортын зах зээлийг тэр чигт унагаж боломгүй байгаа юм.

-“Чалко”-той байгуулсан гэрээний нөхцөлийг эргэж харах талын ажлыг засгаас эхлүүлэх янз байна уу?

-Гэрээний нөхцөлөө сайжруулах талаар Засгийн газар анхаарч ажиллаж эхэлсэн гэж сонссон. Салбарын яамнаас нүүрсний салбарынхны санаа оноог сонсч байна. Гэрээний нөхцөлөө эргэж харахад “Чалко” нэг их дургүйцэхгүй байх. Авахаа зогсоолоо гэвэл “Чалко” хохирохгүй. Цаг хугацаа алдах хэрээр хүү өсөх эрсдэл бий. Зүүн Цанхийн нүүрсийг “Чалко”-гоос өөр газар нийлүүлэх боломжгүй. Ийм гунигтай ч гэмээр, инээдтэй ч гэмээр байдалд орчихоод байна. “Эрдэнэс Таван толгой” яг ийм болно гэдгийг бид олон жилийн өмнөөс сануулсан. “Эрдэнэс Таван толгой”-г 2011 онд олборлолтоо эхэлж байхад дэд захиралд нь “Нүүрсний үнэ унагаж, дотоод өрсөлдөөн үүсгэв ээ. Орон нутгийн Таван толгой, Энержи ресурс зах зээлийн үнээс нь нэг их доошлуулахгүйгээр нүүрсээ зараад эхэлсэн шүү” гэж сануулж байсан. Иймэрхүү сануулгуудыг тоосонгүй л дээ.

-“Таван толгой”-г ашигтай ажиллуулах ямар гарц байна?

-“Эрдэнэс Таван толгой” 100 хувь төрийн өмчтэй байж болно. Гэдээ менежмэнт нь хувийнх байх ёстой. Менежмэнтийн баг “Эрдэнэс Таван толгой”-г хэр өндөр үр ашигтай ажиллуулж байгаагаас хамаарч ашгаа авдаг болчихвол огт өөр дүр зураг харагдана. Засгийн газарт ч, тухайн компанид ч ашигтай хувилбар. Гадны том компаниудыг ажиглахаар зарчим нь ийм л байдаг.

-Төмөр зам дээр байр сууриа илэрхийлэх үү?

-Зам тээврийн сайдын ярьж байгаагаас харахад Хятадаас мөнгө зээлээд хятадуудаар төмөр зам бариулах юм шиг байна. Гэтэл өмнө нь хувийн компаниуд улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр төмөр зам бариад тодорхой хугацааны дараа мөнгө төгрөг нэхэхгүйгээр төрд хүлээлгэж өгнө гэж байхад үгүй гэсэн. Таван толгойн тендерт шалгарсан консорциум “Чалко”-гийн өрийг авъя, экспортолсон нүүрсний 25-аас доошгүй хувийг гуравдагч зах зээлд гаргая, тодорхой хэмжээний долларыг урьдчилж өгье, 30 сая тонн нүүрс угаах үйлдвэр барья гэж амлахад үгүй л гэсэн. Эцсийн дүндээ Засгийн газар өчнөөн өртэй дээрээ нэмээд зээл авч төмөр зам тавина гэж яриад эхэллээ. Төмөр зам зардлаа нөхөж, Хятадаас зээлсэн мөнгөө төлнө гэдэг эргэлзээтэй. Төмөр замаар ачаагаа тээх нүүрсний компаниуд өндөр ашигтай ажиллаж байж өрөө төлж таарна. Байдал таагүй бол төмөр зам барьсан мөнгөө Хятадад өгөх цаг боллоо, татвараа нэмэхээс аргагүй нь гэж ярихаас өөр зам төрд үлдэхгүй. Ачаа нь компаниуд, иргэдийн нуруун дээр л ирнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн банк “Блүүмбэрг” телевизэд 800 мянган доллар өгчихөөд Монголын хэвлэл мэдээлэлд ганц ч төгрөг зарцуулаагүй гэж үү?

“Өдрийн сонин”-ы 2016.10.24-ний №245 /5510/ дугаараас авч нийтлэв.


Хөгжлийн банкийг тойрсон 1.3 их наяд төгрөгийн асуудал сүүлийн үед дуулиан шуугиан болоод байгаа. Гэхдээ энэ талаар хөндөх гэсэнгүй. Харин тус банкнаас “Блүүмбэрг” телевизтэй зар сурталчилгааны төлбөр гэж 2013 онд 816 мянган ам.долларын гэрээ байгуулснаас үүдээд Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн дүр төрх, үнэ цэнийн талаар онцлохыг хүслээ. Блүүмбэргт 816 мянган ам.доллар өгснийг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр албан ёсоор мэдэгдсэн билээ.

Мөн тэрээр тус банкнаас 2012-2015 онд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад дөрвөн тэрбум орчим төгрөг зарцуулсан байна гэж хэлсэн. Найман зуу гаруй доллар зар сурталчилгааны төлбөр гэж авсан дээрх телевизийн сувгийг муулж баалахыг урьтал болгосонгүй. Харин ч Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд ийм хэмжээний гэрээ байгуулж, өөрийгөө үнэлж чадсанд нь бахархууштай. Тэгвэл хамгийн олон мянган үзэгчтэй, топ телевизүүдэд яагаад ийм хэмжээний гэрээ Хөгжлийн банкнаас байгуулсангүй вэ. Эсвэл хамгийн олон үзэгчтэй телевиз Блүүмбэрг үү гэх асуултууд эндээс зүй ёсоор урган гарч байна. “Maxima media” судалгааны компаниас өнгөрөгч онд телевиз үзэлтийн судалгааны нэгдсэн тайланг гаргасан. Уг компани нь Английн “Кантар медиа”-гийн технологиор Улаанбаатар хотын хэмжээнд судалгааг хийж буй мэргэжлийн газар юм. Ингээд рейтингийн судалгаагаар Монголын топ арван телевизээр “Боловсрол”, “МҮОНТ”, “ТВ-9”, “МN-25”, “NTV”, “UBS”, “TВ-5” зэргийг нэрлэснээ олон нийтэд мэдээлсэн.

Эдгээр телевизүүд нь дунджаар тогтмол 2.6-12.4 хувийн рейтинг хандалттайг тодруулсан. Мөн хамгийн олон үзэгчтэй мэдээллийн хөтөлбөрөөр “МҮОНТ”-ийн “Цагийн хүрд” 27.2, “25 дугаар суваг” телевизийн “25 цаг” 13, “ТВ-9”-ийн “Энэ өдөр” 12.4, “UBS”-ийн “City news” хөтөлбөр 15.2 хувьтай гарчээ. Энэ бол сар бүрийн дундаж үзүүлэлт. Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр тогтмол гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” хэмээх энэ онд гаргасан судалгаагаар үзэгчдийн 46 хувь нь “МҮОНТ”-ийг, 38 хувь нь “Боловсрол”, 28 хувь нь “ТВ-9”, 20 хувь нь “MN-25 дугаар суваг” 19 хувь нь “ТВ-5” телевизүүдийг үздэг гэсэн байна. Уг судалгаанд хамгийн бага үзүүлэлттэй нь буюу хоёр хувьтай нь “VTV”, “TM” телевизүүд нэрлэгджээ. Эдгээр судалгаанд “Блүүмбэрг” сувгийн үзүүлэлт алга.

Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар хоёр хувиас ч доош байх нь. Ер нь судалгааны хэд хэдэн газраас уг телевизийн сувагтай холбоотой судалгаа одоохондоо алга байгаа нь хачирхалтай. Энэ нь тухайн суваг судалгаанд хамрагдах үзүүлэлтийг хангахгүй байна уу, эсвэл өөр зүйл байна уу. Өнөө сэтгүүлчдийн болоод хүмүүсийн дунд тэнүүчилж явдаг “Блүүмбэргийг Монголын цөөн хэдэн эдийн засагч, хөрөнгийн биржийнхэн л үздэг” гэх дэгс яриа байдаг нь ортой ч зүйл шиг. Гэхдээ баталж байгаа юм биш шүү. Ямар чиг л байсан хэвлэл, мэдээллийн судалгааны гол агентлагуудад хамрагдаагүй, хичнээн үзэгчтэй нь тодорхой бус телевизийн сувагт зар сурталчилгааны төлбөр гэж 816 доллар буюу бараг л хоёр тэрбум төгрөг өгчээ. Үүнд Монголын нийт хүн амын дийлэнх олонхи нь үздэг, хамгийн олон үзэгчтэй гэж гайхуулцгаагаад байдаг телевизүүд анализ хийж нэгийг бодох хэрэгтэй.

Хөгжлийн банк үнэхээр л ганцхан телевизийн сувагт найман зуу гаруй доллар өгчихөөд бусад хэвлэл мэдээллийн байгууллагад, ялангуяа Монголын топ хэвлэлүүдэд нэг ч төгрөг өгөөгүй нь үнэн үү. Үүнд шууд эргэлзээ төрж байна. Монголын хэвлэл, мэдээлэлд мөнгө зарсан л байж таарна. Ажлын хэсгийн мэдэгдсэнээр дөрвөн тэрбум орчим төгрөг зарцуулсан гээд байгаа. Тэр мөнгө хаашаа оров. Яг энэ асуудлын гогцооноос зуурч авахад Монголын сэтгүүл зүйн өнөөгийн өнгө төрх тун ч уншигдахаар байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Хөгжлийн банктай очиж уулзан таван төгрөг салгасан нь мэдээж. Хэрвээ редакторууд очиж уулзсан бол ердөө 300-400 мянган төгрөгөөр л тохирно. Үндсэн байгууллагадаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс илүүтэйгээр хувьдаа, 400 мянган төгрөг халаасалчихаад ганц нэг мэдээг нь зурагтаар явуулах, сониноор гаргах нь тэдэнд ашигтай. Ингэж хэлснээр хэвлэл мэдээллийнхнийг доромжилж байгаа юм биш.

Сэтгүүл зүйн өнөөгийн өнгө төрх ердөө л ийм болсон. Энэ бол хатуу ч гэсэн үнэн үг. Хөгжлийн банкныхантай сэтгүүлчид уулзсан бол бүр инээдэмтэй дүр зураг харагдана. Сурвалжлагчид 30-40 мянган төгрөгийн л үнэ ханш хэлнэ. Түүн дээр нэмээд эмэгтэйчүүд нь оройн хоол, эрчүүд нь ганц шил юм л нэхнэ дээ. Өөр ч зүйл яригдахгүй л болов уу. Ингээд мэдээг нь гаргаад өгчихнө. Хөгжлийн банк Монголын хамгийн олон мянган уншигч захиалагчтай “Өдрийн сонин”-той ганц ч төгрөгийн гэрээ хийгээгүй. Харин манай редактор, сурвалжлагчид дээрх маягаар хувьдаа таван төгрөг аваад л өнгөрсөн байлгүй. Монголын сэтгүүл зүй хөгждөггүй, өнөөдрөө аргацааж үлгэн салган яваагийн гол учир шалтгаан энэ юм. Телевиз сониноо боддоггүй, зөвхөн хар амиа хичээж өнөөдрийн таван төгрөгөөс ирээдүйн том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтынхаа сувгийг хэвлэлийнхэн ингэж л хааж боодог. Мөнгөтэй болж, хөрөнгө оруулалт татаж байж эдийн засаг сэргэн тухайн байгууллага цаашид оршин тогтнох бааз суурь нь улам батаждаг жамтай. Орчин үеийн шинэ техник технологиор ажилчдаа хангах, гадагшаа дотогшоо явуулах, сургалтад хамруулах, орон байр өгөх гээд бүхий л зүйл хөрөнгө мөнгөтэй холбоотой. Гэвч дотор нь ажиллаж байгаа хүн зөвхөн өөрийгөө бодоод байгууллагадаа 20 сая төгрөгийн гэрээ хийхээс илүүтэйгээр өөрөө 300 мянган төгрөг авчихаад хорлоод суувал ямар байх вэ. Бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд манай хэвлэл мэдээлэл өнөөдөр ямар ч дархлаагүй болсон. Захын нэг нөхөр сэтгүүлчдийг цуглуулаад таван төгрөг өгөөд нийгмийг яаж ч эргүүлж болох болсон. Энэ бол хамгийн том аюул.

“Блүүмбэрг” телевиз 2012 оны аравдугаар сараас Монголд нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байдаг. Дэлхийн 270 сая айл өрх санхүү эдийн засгийн гол мэдээллээ авдаг хийгээд бизнесийн амжилтын стратеги, тэрбумтнуудын нууц, Ази Номхон далайн санхүү эдийн засгийн төвүүд төдийгүй Европ, Хойд Америкийн зах зээлийн үйл явдлыг шууд дамжуулдгийг бид мэднэ. Дэлхий дахинд бол үнэндээ эдийн засаг бизнесийн том суваг. Харин Монголын нийгэмд тэр бүр нөлөөллөө хүчтэй тогтоож хараахан чадаагүй байгаа жижигхэн телевиз.

Гэтэл орчин цагийн хэвлэлийн менежмэнт гэж ямар байдгийг тухайн телевиз харуулж ердөө ганцхан банктай хоёр тэрбум орчмын зар сурталчилгааны гэрээ байгуулж чадаж байна. Үүнд хэвлэлийнхэн өөрсдөдөө дүн шинжилгээ хийж, сэтгүүлч сурвалжлагчдынхаа хар амиа бодсон өчүүхэн сэтгэлгээг өөрчилж, рекламын гэрээ байгуулж түүнээс ашгаа хүртдэг олон улсын жишгийг дагах цаг болсныг Хөгжлийн банкны 800 мянган доллар гэрчлээд өгөв бололтой.

Р.БАТСҮХ

Categories
мэдээ нийгэм

Хашаа байшинг байраар солих нарийвчилсан журам гаргана

Өнөөдрийн байдлаар Буянт-Ухаад борлогдоогүй түрээсийн 200 орчим байр байгаа аж. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн сарын дундуур Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хотын удирдлагуудад “Буянт-Ухаа-2” хорооллоос борлогдоогүй үлдсэн гурван өрөө орон сууцуудыг гэр хорооллын хашаа, байшингаар солих санал тавьсан юм.

Эдийн засаг хямарсан энэ үед нэгэнт баригдаад ашиглалтад орсон орон сууцыг хашаа, байшингаар солих нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хамгийн зөв хувилбар гэж талууд үзжээ.

Энэ долоо хоногт хуралдах Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны өргөтгөсөн хурлаар хашаа, байшинг байраар солих тухай нарийвчилсан журам гаргахаар болжээ.

Журмаар хашаа байшингийн байршил, хэмжээ, тухайн өрхөд ямар шаардлага тавих зэрэг асуудлыг тодорхой болгох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Намын бүлэг, ажлын хэсэг хуралдана

Image result for Намын бүлэг, ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон тодорхой асуудлуудыг хариуцсан ажлын хэсгийн хуралдаан болно.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

-Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

-“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

-“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;

-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.