Categories
мэдээ нийгэм

Эцэг эхчүүд УИХ-д шаардлага хүргүүлэхээр болжээ

Хүүхэд харах үйлчилгээ зурган илэрцүүд

УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулах шийдвэрийг гаргаад байгаа. Санхүүжилтийг нь энэ оны 12 дугаар сарын 31-ээр зогсоохоор болсон нь эцэг эхчүүдээс маш их шүүмжлэл дагуулах болсон.

Тэгвэл уг асуудлаар өнөөдөр 6353 хүүхдийн эцэг эхийн төлөөлөл, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Дашрамд дуулгахад, хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу 150 сургагч багш, 1800 гаруй хүүхэд харагчийг таван чадамжийн сургалтад хамруулж, сертификат олгосон байна.

Мөн улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж гаргасан. Төслийн хүрээнд улсын хэмжээнд 10328 хүүхэд үйлчилгээнд хамрагдаж байсныг албаныхан хэлж байв.Өөрөөр хэлбэл хүүхэд харах үйлчилгээг зогсоосноор 10328 хүүхэд цэцэрлэггүй үлдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Инновацийн шийдэл бидний амьдралд” шалгаруулалт зарлалаа

“Инновацийн шийдэл бидний амьдралд” зурган илэрцүүд

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий, газраас Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Инновацийн шийдэл-бидний амьдралд” уралдаант шалгаруулалтыг 3 дахь жилдээ зохион явуулах гэж байна.

Бидний өдөр тутмын амьдралд тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх инноваци бүхий техникийн оновчтой шийдлийг олох, энэ үйл ажиллагаандаа патентийн мэдээллийг ашиглахыг дэмжиж, урамшуулах зорилго бүхий тус уралдаанд Монгол Улсын иргэн, байнгын оршин суугч судлаач, зохион бүтээгч, их дээд сургуулийн багш, оюутан, сурагч оролцох эрхтэй юм. Оролцогчид нь дангаараа эсхүл багаараа оролцох боломжтой.

Уралдаант шалгаруулалтыг дээрх байгууллагуудын хамтран боловсруулсан журмын дагуу хоёр үе шаттай зохион явуулна.

Шагнал:

  • I. Эхний шалгаруулалтад тэнцсэн 10 хүртэл оролцогчдод ДОӨБ-ын “Батламж” гэрчилгээ олгоно.
  • II. Эцсийн шалгаруулалтын эхний 3 байрыг эзэлсэн оролцогчдод:

1. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын медаль

2. Мөнгөн шагнал:

  • I дүгээр байр – US$ 1,250
  • II дугаар байр – US$ 750
  • III дугаар байр – US$ 500

3. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын дараах зайны сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрх:

  • DL 301 Patents
  • DL 318 Patent Information Search
  • DL 320 Basics of Patent Drafting

Оролцохыг хүсэгчдийг 11 дүгээр сарын 01-25–ны өдрүүдэд 09-17 цагийн хооронд ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын (Мэдээллийн технологийн үндэсний паркын байрны 4 давхар) 404 тоотод бүртгэх ажээ.

Categories
гадаад мэдээ

Украин энэ жил 27,7 сая тонн үр тариа экспортолжээ

“2016 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 13 сая тонн улаан буудай, 11 сая тонн эрдэнэ шиш, 3,7 сая тонн арвай нийлүүллээ” гэж ГТХ тэмдэглэв. Мөн 1,5 сая тонн буурцаг, 3,3 сая тонн наранцэцгийн тос гаргасан байна.

Украины үр тариа ба тост ургамлыг худалдан авсан гол орнууд нь Египет (12,1 хувь), Хятад (10,2 хувь), Испани (7,4 хувь), Тайланд (зургаан хувь), Индонез (5,7 хувь), Саудын Араб (5,6 хувь), Бангладеш (5,4 хувь) юм. Эдгээр оронд Украины нийлүүлэлтийн 70 хувь ногджээ.

Украины үр тарианы экспорт нь 2016-2017 онд 38 сая тонн хүрэх магадлалтай бөгөөд үүнээс улаанбуудай 14,6 сая тонн, арвай 4,7 сая тонн, эрдэнэ шиш 18 сая тонн, 800 мянган тонн бусад үр тариа байхаар төлөвлөжээ.

Украины ХААЯ-ны мэдээгээр аравдугаар сарын 1 гэхэд 52 сая тонн гаруй үр тариа ба шошийн ургамал хураан цайруулад байна. Нийт тариа хураалт 2016 онд 58 сая тонн болох төлөвтэй байгаа нь өмнөх жилийнхээс нь дөрвөн хувиар бага юм.

Categories
мэдээ нийгэм

Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудад гурван сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

Төл мал зурган илэрцүүдАзийн хөгжлийн банк Монгол улсын Засгийн газартай хамтран иргэдэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн удирдлагыг шинээр нэвтрүүлэн, турших гурван сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн малчдын зуд, ой хээрийн түймэр болон байгалийн бусад гамшгийг даван туулах чадавхийг сайжруулах зорилгоор тус төслийн хэрэгжүүлэх юм байна.

2009-2010 онд тохиолдсон зудын үед нийт малын тоо толгойн 25 хувь хорогдсоны уршгаар 97 мянган малчин өрхийн амьжиргаа хүндэрсэн байна. НҮБ-ын тооцоолсноор малчин иргэдийн 41 гаруй хувь 2015-2016 оны зудын нөлөөлөлд өртөж, 1.1 сая тоо толгой мал хорогджээ.

Харин ойн түймрийн улмаас жил бүр ойролцоогоор 60 мянган гектар талбайн ой мод устаж байгаа гэсэн тооцоо гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Мунзуй хочит Г.Нямдорж хил даван оргон зайлахыг завджээ

Мунзуй зурган илэрцүүд

Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглож, түүнийг зохион байгуулсан хэрэгт шалгагдаж байсан “Мунзуй” хочит Г.Нямдоржийн хэргийг өнгөрөгч сард прокурорын байгууллагад шилжүүлжээ. Улмаар прокуророос Г.Нямдоржийг цаашид хорих шаардлагагүй гэж үзэн 10-р сарын 20-нд хорих ангиас суллаж батлан даалтад гаргаад байжээ.

Тэрээр хорих ангиас суллагдсанаасаа найм хоногийн дараа буюу 10-р сарын 28-ны өдөр хилээр оргон зайлахыг завдсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, Г.Нямдорж нь зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилсан тухай эх сурвалж мэдээллээ.

Мунзуй зурган илэрцүүдМунзуй хочит Г.Нямдорж нь одоогоос гурван жилийн өмнө мөрийтэй тоглоом тоглосон гэх хэргээр баривчлагдаж шүүхээс нэг жилийн хорих ял оноож, ялын хугацаагаа жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрүүлжээ. Улмаар өнгөрөгч тавдугаар сард Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн дахин баривчилсан байдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ой гарантай хүү нүүрсний машинд дайруулж, амиа алджээ

Image result for нүүрсний машинд

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Хилчин” хотхонд өнгөрсөн амралтын өдөр нэг настай хүү нүүрсний машины дайруулж, амиа алдсан хэрэг гарчээ. Хэргийн талаар иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Ингээд мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад тус дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 37 настай Ц нь “Porter” маркийн автомашинаар нүүрс буулгаад хөдлөхдөө тус хотхоны …. тоотод суух нэг ой зургаан сартай С-ыг хойд дугуйгаараа дайрч, амь насыг нь хохироосон байжээ.

Хэргийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Дээрхээс гадна санамсар болгоомжгүй байдлаас үүдэж, золгүй байдлаар хоёр иргэн амиа алдсан тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Хонхор” орчимд ачааны вагоноос 30 настай Э гэх эрэгтэй барилгын хавтан зөөж байгаад, улмаар дарагдаж хүнд гэмтсэн байна. Тэрээр эмнэлэгт хүргэгдэн очсон ч гэмтлээ даалгүй амьсгал хураажээ.

Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг дэвсгэр “Могой” гэх газарт мод бэлтгэж байсан 41 настай О гэх эрэгтэй модонд дарагдаж нас барсан золгүй явдал гарчээ. Хэргийг шалгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дагуу өнөөдөр УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдана. МАН-ын бүлгийн хуралдаан 11.00 цагт эхлэх тов байгаа ч хараахан эхлээгүй байна.

Бүлгийн хуралдаанаар 2017 оны төсвийн төсөл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Мөн үдээс хойш Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдах юм байна.

Тэгвэл өнөөдөр АН-ын бүлэг хуралдахгүй. Харин тус намын бүлэг өнөөдөр 14:00 цагт Төрийн ордны “Иргэний танхим”-д нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Уг хэлэлцүүлгээр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлал, Мөнгөний бодлого, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөнө

Цахилгаан тооллуур зурган илэрцүүд

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн хурлаар тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргажээ.

Энэхүү хөнгөлөлтийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрх хамрагдан цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2017 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлөх юм. Ингэснээр гэр хорооллын хэрэглэгчид нэг кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол энэ үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болж, иргэдийн халаасанд 5,3 тэрбум төгрөг үлдэнэ гэсэн тооцоог гаргаад байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Ядуу сэтгэлгээтэй төсөв орж ирлээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн АН ялалт байгуулах нь нэгэнт тодорхой болчихож. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгууль хоёрын ялгаа юу байна вэ. Баянгол дүүргийнхэн ардчилалд үнэнч гэдгээ батлан харуулах шиг боллоо. Энэ удаа УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг дүүргийн Засаг даргаар ажиллуулна гээд шууд зарласан нь нөлөөлөв үү?

-Сонгуулийн процессыг эргээд харахад Баянгол дүүрэг өнгөрсөн дөрвөн жилд маш их бүтээн байгуулалт хийсэн нь үр дүнгээ өглөө. Иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдсэн. 2012 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Оросоог бид олонхи болбол Засаг дарга болгоно гэж амлаад нэрийг нь зарлаад оруулж байсан. Энэ удаагийнх хоёр дахь нь. Манай дүүргийн АН 5А хөтөлбөрөө дэвшүүлж орон нутгийн сонгуульд оролцлоо. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалттай гарсан. Баянгол дүүргийн иргэд ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэв гэдгийг маш сайн мэдэж байгаа. Эрүүл мэндийн салбарт огт материаллаг баазгүй байсан бол одоо 150 ортой иргэдэд үйлчлэх эмнэлэг, өдөрт 600-700 хүнд үйлчлэх эмчилгээ үйлчилгээний төв, хүүхдийн эмнэлэггүй байсан бол 150 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо. Хэдхэн хоногийн дараа 150 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орох гэж байна. Улсын хэмжээнд ахмад настны анхны 80 ортой эмнэлэг ашиглалтад орсон гээд эрүүл мэндийн салбарт ахмад, хүүхдэд чиглэсэн эрүүл мэндийн салбарыг өнгөрсөн дөрвөн жилд хөгжүүлж чадсан. Үүнийг дөрөв байтугай жилд хийж чаддаггүй бол бид дөрвөн жилд хийж чадлаа.

Хоёрдугаарт, боловсролын салбарт гэхэд 17 сургууль, цэцэрлэгийг шинээр бий болгосон. Үндсэндээ дээврийн их засварын 80 хувь, орон сууцуудын солих шаардлагатай нийт цахилгаан шатны 90 гаруй хувийг шинэчилсэн. Гэр хорооллыг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгосон, зам, уулзварын ажлууд гээд нэрлээд явбал бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн дөрвөн жилд хангалттай хийгдсэн. Энэ бүх ажлын үр дүн гарч байна. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй шинэчлэлийн баг маань шийдлийн баг болж ажиллана. С.Одонтуяа маань дүүргээ мэднэ. Энэ дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сайн ажилласан. Дараа нь УИХ-ын гишүүн болж бүлгийн дэд даргаар мөн л амжилттай сайн ажиллаж байсныг манайхан мэднэ.

-Гэхдээ өнгөрөгч дөрвөн жилд АН бүтээн байгуулалтын ажил хийсэн ч ард түмэнд бүтээн байгуулалтаас өөр зүйлийг илүүд чухалчилсан үр дүн гарсан л даа. Гэхдээ орон нутгийн сонгууль арай өөр болж байх шиг байна?

-Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр гуравны нэгт АН ялалт байгуулаад байна. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын гаргасан алдаа маш их байсан. Манай нам хийж бүтээсэн ажлаа иргэдэд ойлгуулж чадаагүй. Ямар байсныг нь ямар болгож, бүтээн байгуулалт хийснээр тухайн иргэнд ямар үр дүнтэй байснаа үнэхээр ойлгуулж чадаагүй юм. “Бид юм хийсэн. Бидний хийснийг харж бай” гэдэг бардамналын үүднээс газарт бууж чадалгүй явсан эхний алдаа.

Мөн дөрвөн жил биднийг идсэн, уусан, өр тавьсан, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн гэдэг гүтгэлэг явсан. Худал үгийг 1000 давтвал үнэн болдог гэдэг шиг ард түмнийг үнэхээр тийм байна гэж итгэтэл нь явуулсан. Үүнд нь бид ямар ч сөрөг тайлбар хийгээгүй, гэрэл гэгээтэй талаас нь тайлбарлаж чадаагүй. Болж бүтсэн зүйлсээ тайлбарлаагүй нь бидний хамгийн том алдаа байсан. Энэ нь сонгуулийн дүнд шууд нөлөөлсөн.

Гуравдугаарт, сонгуулийн тогтолцоо буруу байлаа. Өнөөдөр 65 суудалтай байгаа МАН-ынхан нийт сонгогчдын 50 хувийн саналыг авч чадаагүй. Гэтэл АН 35 хувийн санал авсан хэрнээ есхөн суудалтай үлдсэн. Тэр бүү хэл МАХН 11 хувийн санал авчихаад ганцхан суудалтай гээд бод доо.Хувилаад үзэхээр МАХН дор хаяж 10, Ардчилсан нам багаар бодоход
27-28 суудалтай байх байв. Гэвч төлөөллийн зарчим алдагдсан. Маш бага хувийн зөрүүгээр
маш их савладаг тогтолцооны алдаа байлаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхдөө АН том
алдаа гаргасан.

-Өөрсдөө эрх барьж байсан байж өөрсдөдөө л гомдох хэрэгтэй байх…

-Хэт бардсан, эрдсэн.

-Засгийн газар 100 хоногийнхоо үйл ажиллагааны тайлангаа тавьж эхэлж
байна. Иргэдийн зүгээс юу ч хийгээгүй гэж байгаа бол нөгөө хэсэг нь удахгүй хийнэ
гэдэг ч юм уу, тиймэрхүү зүйл яригдаж байна. Харин орон нутгийн сонгуулиар иргэдийн
итгэл АН руу хэлбийж байна гэж ярих боллоо?

-Аль ч улс оронд шинээр байгуулагдсан Засгийн газар 100 хоногийн
тайлангаа тавьж, мэдээлэл өгдөг бичигдээгүй жишиг байдаг. Засгийн газар 100 хоногт
ямар ажил хийсэн биш ямар ажлыг хийхээр эхлүүлэв гэдгээ зарладаг. Харамсалтай нь
эрх баригчид гуравхан сарын өмнө дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрөөсөө 180 градус
буцсан зорилт, хөтөлбөр дэвшүүлснээ зарлахад ард түмнийг цочирдуулсан. Тухайлбал,
татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэчихээд татвар нэмэх арга хэмжээ
авахаар болсноо дуулгасан. Нийгмийн хамгааллын түвшнээс ухарсан алхмуудыг хийсэн.
Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно, оюутны 70 мянган төгрөгийг олгоно гэж байснаасаа
ухарсан. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохын дээр хүүхэд хамгааллын
тухай хуулиудыг хойшлуулсан. Яагаад хүүхдийн эрхийг хамгаалахаасаа ухраад байгаа
юм. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан гээд яриад байвал
олон зүйл бий. Энэ бүгд өнөөдөр эрх баригчдын хувьд залилан мэхлэх замаар төрийн
эрхийг авсан гэдэг ойлголтыг бий болгосон.

Гэтэл сүүлийн үед тэд улс орны эдийн засгийг авахад ийм болчихсон
гэж мэдээгүй. Өрөндөө баригдаад эдийн засаг хямарчихсан байсан юм байна гээд байгаа
ч үнэндээ тийм биш байгаа.

-Эдийн засаг тэгээд тийм сайн сайхан байгаа юм уу?

-Төсвийн алдагдлыг 4.3 их наяд гэж төсөөлж байгаа боловч гүйцэтгэл
нь ердөө гурван хувьтай л байна. Үлдсэн хугацаанд дахиад гурван их наядын алдагдлыг
бий болгож чадах уу гэх мэтчилэн бодит боломжгүй юмыг тэд ярьж байгаа.

Энэ оны төсвийн алдагдал 18 хувьтай байна гэж төсөөлж байгаа бол
бид 2016 оны төсвийг 4.3 хувьтай байх болов уу гээд 950 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай
байхаар баталсан. Гэтэл үүнийг 4.3 их наядын алдагдалтай байлгах гэж эрх баригчид
ядарч байна л даа, хөөрхий. “Сайн” хөтөлбөрүүд дээр гарч хөрөнгийг татаж авч ирээд
төсвийн өр болгоод бичиж байна. Тухайлбал, ипотек, “Сайн хашаа”, “Сайн хувьцаа”,
“Сайн оюутан”, “Сайн малчин” гээд “Сайн” нэртэй эдийн засгийг идэвхжүүлж байсан,
Монголбанкнаас гаргаж байсан мөнгийг төсвийн өр болгоод биччихэж байгаа юм. Үүнийг
төсвийн өр мөн үү гээд аваад үзэхээр биш. Төсвөөс гадуур эдийн засгийг эрчимжүүлэх
чиглэлээр авч байсан хөтөлбөрүүд. Гэтэл үүнийг зогсоочихсон. Балаг нь түрүүчээсээ
эхлээд мэдэгдэж байна. Эдийн засгийн эргэлт удааширч, мөнгөний нийлүүлэлт удааширч
байгаа.

Шууд 4.5 хувиар Монголбанкны бодлогын хүүг нэмдэг Төв банктай улс
манайхаас өөр хаана ч байхгүй. Инфляци нь хоёр хувьтай болчихсон байхад бодлогын
хүүгээ нэмж, мөнгөний нийлүүлэлтээ хязгаарладаг улс манайхаас өөр байхгүй. Энэ нь
эдийн засгийн наад захын мэдлэггүй хүмүүсийн хийдэг алхам л даа.

Хоёрдугаарт, Ардын намынхан “АН-ынхан өнгөрсөн дөрвөн жил эдийн засгийн
талаар ямар ч мэдээлэл өгдөггүй байсан. Тийм учраас бид ийм мөрийн хөтөлбөр боловсруулсан”
гэж яриад байгаа. 2012 онд АН засгийн эрхэнд гарахдаа олонхи болж чадаагүй ч
35-уулаа олуулаа болж очсон. Тухайн үед “Шударга ёс” эвсэлтэй Эвслийн Засгийн газар
байгуулсан. 2014 он хүртэл ажиллаж байгаад МАН орж ирснээр их эвсэл болсон. Тэд
2015 онд арга буюу засгаас буцаад гарсан. Учир нь арга барил таараагүй юм. Энэ хугацаанд
эдийн засгийн талаар мэдлэг, мэдээлэлгүй байсан уу гэхээр тэр бүү хэл эдийн засгийн
захиран зарцуулах эрхтэй байсан. 2012-2014 онд Сангийн сайд, мөнгөний авдрын түлхүүрийг
өнөөдрийн МАН-ын гишүүн Ч.Улаан барьж ажилласан. 2014-2015 онд өнөөдрийн Ерөнхий
сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ажиллаж захиран зарцуулах бүх зүйлийг хийж байлаа.
Харин 2015-2016 онд Б.Болор Сангийн сайдаар ажилласан. Ингээд үзэхээр дөрвөн жилийн
гурван жил гаруйд нь өнөөдрийн МАН-ын УИХ-ын хоёр гишүүн Сангийн сайдаар ажиллаж
байсан байгаа биз дээ. Ийм байсан байж яахаараа мэдээлэлгүй байдаг юм. Мөнгөний
бодлогын талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэж худлаа хэлсэн. Монгол Улсын мөнгөний
бодлогыг тодорхойлдог Монголбанкны Тэргүүн дэд захирлаар өнөөдрийн МАН-ын УИХ-ын
гишүүн Б.Жавхлан ажилласан шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын Төсвийн байнгын хорооны
даргаар өнөөдрийн МАН-ын УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ажиллаж байсан юм.

Өмнөх дөрвөн жилийн сүүлийн гурван жилийн төсвийг боловсруулах ажлын
хэсгийг өнөөдрийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн ахалсан. Ингээд яриад байхаар өнгөрсөн
дөрвөн жил АН биш МАН Монгол Улсын эдийн засгийг барьж байсан юм биш үү. Хэрэв хямраасан
гэж үзэж байгаа бол МАН-ынхан зориудаар хямраачихсан юм биш үү гэдэг хардлага төрөхөөр
нөхцөл байдал үүсч байгаа биз дээ. Одоо “Бид төсвийн талаар ямар ч төсөөлөлгүй байсан”
гэж худлаа ярихаа л больчих. Төсвийн талаарх мэдээлэл бүү хэл захиран зарцуулж байсан
хүмүүс чинь, МАН-ынхан. Яаж ингэж ярьж чадаж байна аа гээд өөрийн эрхгүй гайхаж
байна.

-Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Бүлэг байр сууриа нэгтгэв
үү. Ямархуу төсөв орж ирлээ гэж дүгнэж байгаа бол?

-2017 оны төсөв дээр ажиллаж байна. Төсөв оруулж ирж байгаа хүмүүс
нь төсвийн аргачлалаа мэдэхгүй байна л даа. Ний нуугүй хэлэхэд төсөв боловсруулахдаа
асуудлаа яаж шийдэх вэ гэдгээ тооцоод судалсан зүйл алга. Ирэх оны төсвийг 2.6 их
наядын алдагдалтай байхаар оруулж ирсэн байна лээ. Үүний сацуу намын удирдлагууд
нь Хятад руу явж урт хугацааны хөнгөлөлттэй зээл олж ирэх асуудал яриад явах юм.
Хэвлэлээс авсан мэдээллээс дөрвөн тэрбум ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байна
гэсэн мэдээлэл авсан. Бид одоо бусдаас гуйдгаа больчихвол яасан юм. Яагаад эдийн
засгийн реформыг зоригтой хийхгүй байна аа. Нэг тулгуурт эдийн засгийн бодлогоо
яагаад олон тулгуурт эдийн засагтай болохгүй байгаа юм бэ. Манай улс чинь дааж давшгүй
ачаатай орон биш. Монголын хэрэглээ бага. Яагаад экспортыг нэмэгдүүлэх чиглэлд үйлдвэрлэлээ
хөгжүүлж болдоггүй юм. Тэгсэн хэрнээ дандаа л гаднаас бэлэн мөнгө гуйна. Ийм байдлаар
улс орон хөгжихгүй. Үүнийг би эдийн засгийн хөгжил гэж харахгүй байгаа. Тийм болохоор
2017 оны ядуу сэтгэлгээтэй төсөв орж ирлээ гэж хараад байна. Яахав ээ, өнөө маргаашаа
аргацаасан төсөв байсан. Маргааш (өнөөдөр) АН-ын бүлэг хуралдаж төсвийн тал дээр
байр сууриа нэгтгэнэ.

Манайхан үндсэндээ мөнгөний бодлогоо тавиад туучихсан. Монголбанкны
ерөнхийлөгч нь 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй банк хүлээж авчихаад хасах байсан
гэж худлаа зарласан. Түүнээс нь болж ам.долларын ханш өсч, монгол төгрөгийн ханш
400 төгрөгөөр уначихлаа. Энэ чинь юу болоод байна аа. Оны эцэст 500 хүрэх нь байна.

-Тийм л юм бол ингэж хариуцлагагүй мэдэгдэл хийгээд байгаа Төв банкны
ерөнхийлөгчийг яах ёстой юм?

-Энэ нь хэт амиа бодсон хүний арчаагүй үйлдэл. Н.Баяртсайханы анхны
мэдэгдлээс харахад Монголбанкны ерөнхийлөгчийн ажлыг хийж чадахгүй гэдэг нь мэдэгдсэн.
Тийм чадваргүй, эдийн засгийн мэдлэггүй хүн. Банкир хүн огт биш. Зүгээр л санхүүч,
нябо байж магадгүй. Шулуухан хэлэхэд Н.Золжаргалын хаана ч хүрэхгүй.

-6.1 их наядын төсвийн алдагдлыг бонд босгож, зээл авч нөхөхөөс өөр
аргагүй гээд байгаа?

-Одоо боль л доо. Алийн болгон ингэж ядуу сэтгэх юм бэ. Зэсийн үнэ
нэмэгдэх хандлагатай байна. Зэсийн үйлдвэр барихад анхаараачээ. Эцсийн бүтээгдэхүүн
болго л доо. Таван толгойгоо хөдөлгөөд өгөхгүй юм. Хятадуудаас мөнгө гуйхынхаа оронд
нүүрсний үнээ нэмэгдүүлэх талаар хэлэлцээр хиймээр юм даа. Хүнээс хоосон мөнгө гуйж
байхаар манай нүүрсийг зах зээлийн үнээр аваад өгөөч, бид экспортоо нэмэгдүүлье,
та нар импортоо нэмээч гээд яагаад гуйж болдоггүй юм. Хэзээ төлөх нь тодорхойгүй
хоосон мөнгө гуйж байснаас хамаагүй дээр. Энэ чинь бодит, ажил хэрэгч санал байхгүй
юу. 2015 оны байдлаар Оюу толгойн экспортолсон нийт бүтээгдэхүүний үнэ 20 орчим
тэрбум ам.доллартай тэнцэж байсан. Гэтэл манай ДНБ-ий хэмжээ 20 орчим тэрбум ам.доллар
байгаа. Гэтэл тэр мөнгөний тавхан хувьтай тэнцэх хэмжээний татвар төлсөн байна шүү
дээ. Яагаад тэд ингэж Монголыг шулах ёстой юм. Ядаж тэр мөнгө нь яагаад Монголын
банкаар дамжиж болдоггүй юм бэ. Өнөө “шударга” Н.Багабанди чинь тэнд ТУЗ-ийн дарга
ч бил үү, гишүүн нь ч бил үү болчихоод сууж байна. Тэнд юу болж байгааг зоригтой
мэдээлчих хэн ч алга.

Монголд асар их мөнгө байгаа. Тэр мөнгөө яагаад төсөвтөө татаж хэрэглэхийг
бодохгүй байгаа юм. 16 дэд сайд хэнд хэрэгтэй юм. Тэднийг тансаглуулж байхаар Хүүхэд
харах үйлчилгээний хуулиа хэрэгжүүлээд явахгүй яав аа. Зургаан мянган хүүхэд цэцэрлэггүй,
1000 гаруй хүн ажлын байргүй болчихлоо. Нохойд спираль тавина гэж балайрч таван
тэрбум төгрөг ярьж байхаар дөрвөн тэрбум төгрөгөөр Хүүхэд хамгааллын тухай хуулиа
хэрэгжүүлсэн бол илүү үр дүнтэй байх байлаа. Эдний хувьд эдийн засгаа сэргээе, улс
орноо хөгжүүлье гэсэн ямар ч бодлогогүй явна. Ерөнхий сайдынх нь эдийн засгийн онцгой
хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд амлаад байсан зүйл хаашаа алга болчихов.

-М.Энхболд дарга Хятад руу, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд Японд айлчлаад
ирсэн. Үр дүнг нь юу гэж харж байна вэ. М.Энхболд дарга 20 жилийн хугацаатай, хоёр
хувийн бага хүүтэй зээлийн асуудал яриад ирсэн гэх юм?

-Ж.Эрдэнэбат ажлын айлчлалын хүрээнд Японы Ерөнхий сайдтай уулзсан,
ярьсан, ирсэн. Дорвитой өөрчлөлт гараагүй. УИХ-ын дарга М.Энхболдын айлчлал албан
ёсны айлчлал биш. Намын буюу улс төрийн айлчлал байсан. Намын даргын хүрээнд айлчилсан
бол намынхаа л ажлыг ярих ёстой. Гэтэл улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх
хэмжээний бодлогын асуудлыг гаргаж тавих эрх тэр хүнд байсан уу. УИХ дээр энэ асуудлаа
яриагүй. Жилийн хэдэн хувийн хүүтэй байх нь хамаагүй ээ. Үндэсний аюулгүй байдалд
нөлөөлөх хэмжээний мөнгөний бодлогын асуудал ярих эрхийг тэр хүнд хэн ч олгоогүй.
УИХ-ын дарга бол Их хурлын хуралдааныг зохион байгуулах эрх бүхий хүн болохоос давуу
эрх байхгүй. 76 гишүүний л нэг. Эрх барьж байгаа намын дарга байж болох ч ҮАБЗ,
УИХ-ын шийдвэргүйгээр тэр хүнд Хятадад очиж санал тавьж байгаа юм.

Улстөрч хүний хувьд Хятадад улс төрийн айлчлал хийж байхад Ерөнхий
сайд Японд айлчилсан. Уг айлчлалууд яагаад давхацсан гэхээр Хятадын айлчлалыг саармагжуулах,
олны анхаарлыг сарниулах зорилгоор Ерөнхий сайд нь Японд айлчилсан гэж харж байгаа.
Ерөнхий сайдын айлчлал ямар ч үр дүнгүй байлаа. М.Энхболдын айлчлалаас өмнө Хятадаас
ийм хэмжээний мөнгө авах нь гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнийг саармагжуулах
гэж явсан. Олж ирсэн мөнгөө хууль ёсны юм шиг харагдуулах гэж ийм бодлого явуулсан.
Урт хугацаатай, бага хүүтэй хүн сонсоход жигтэйхэн сайхан юм шиг хэрнээ нэг улсаас
хэт их хэмжээний зээл авах гэж байна. ҮАБЗ, Их хурал, Байнгын хороон дээр ярих ёстой
байсан юм.

-Орон нутгийн сонгууль болоод дууслаа. АН-ын шинэчлэл хаашаа явах
бол гэдэг хүлээлт дахин эхлэх байх?

-АН шинэчлэлийн эхний алхмуудаа зөв хийж байна гэж харж байгаа. Хэн
нэгэн хүнийг нөгөөгөөр сольж намын дарга болгох нь шинэчлэл биш. Өнөөдрийг хүртэл
18 нам эвсэл нэгдэж АН-ыг бий болгосон байдаг. Энэ олон намыг эгнээндээ нэгтгэж,
ардчиллын үнэт зүйлийг өөртөө тээж 26 жил явсан нам түүхэн үүргээ амжилттай хэрэгжүүлж
чадсан гэж харж байна. Өнөөдрийн цикльд АН шинэчлэгдэх шаардлагатай. АН үзэл баримтлал,
онолын түвшинд шинэчлэл хийх ёстой. Түүндээ тулгуурласан Үндсэн дүрмийн шинэчлэлийг
хийх цаг болсон. Дараа нь бүтцийнхээ шинэчлэлийг хийх ёстой. Ийм гурван шинэчлэл
хийгдэж байж манай нам жинхэнэ утгаараа олон түмний талархлыг хүлээнэ. Үзэл баримтлал,
онолын өөр өрсөлдүүлэх төсөл байгаа бол гаргаж ирээд тавь. Олны дэмжлэг авсан төслийг
хэлэлцээд батлаад явах хэрэгтэй. Зарим нэг хүмүүс “шинэчлэл, шинэчлэл” гээд цээжээ
дэлдээд л явж байна. “Яг яаж шинэчлэх гээд байгаа юм бэ” гэхээр хариулж чаддаггүй.
Юу шинэчлэх гэж байгаагаа ч мэддэггүй. Зүгээр л шинэчлэх ёстой гээд орилоод байж
хэн ч чадна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Д.Мэндбаяр ОУ-ын кино наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртжээ

Мэндбаяр зурган илэрцүүдОросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмыг “Ээж” хэмээх Монголын уран сайхны киногоор нээжээ. Мөн “Ээж” уран сайхны кино тус наадмын шилдгүүдийн нэг болжээ. Тодруулбал “Мөнгөн Акбузат” кино наадмын Шилдэг эмэгтэй дүрийн шүүгчийн тусгай шагналыг “Ээж” киноны уран бүтээлч хүртжээ. Кино гол дүрийг МУАЖ Д.Мэндбаяр бүтээсэн бөгөөд шагналыг киноны зохиолч МУСТА Б.Мөнхтуяа очиж гардан авсан байна.

Мэндбаяр ээж зурган илэрцүүдМөн АНУ-ын Лос Анжелес хотод болж буй “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-д Монгол улсаас “Итгэл”, “Ээж” кинонууд сонгогдон оролцлоо.

Мэндбаяр ээж зурган илэрцүүд

Мэндбаяр ээж зурган илэрцүүд

Мэндбаяр ээж зурган илэрцүүд